Categories
мэдээ нийгэм

“Намрын ногоон өдрүүд” Төв цэнгэлдэх хүрээлэнд болно DNN.mn

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2023” нэгдсэн үзэсгэлэнг энэ сарын 20-26-ны өдрүүдэд “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д 18 дахь жилдээ зохион байгуулна.

Энэ үйл ажиллагаанд нийслэл, орон нутгийн 500 гаруй аж ахуйн нэгж оролцож, хүнс, газар тариалан, хөнгөн болон ЖДҮ эрхлэгчдийн 3000 орчим нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх юм.

ХХААХҮ-ийн салбарт төр, хувийн хэвшлийн хамтыг ажиллагааг сайжруулах, тухайн жилийн ажил үйлсээ дүгнэн хэлэлцэх, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зорилгоор жил бүр “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулдаг

уламжлалтай.

​Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх санаачилга гаргасан билээ. Үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-ын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг баталсан. Тогтоолын хэрэгжилтийг хангах, дотоодын боловсруулах үйлдвэрийг дэмжин хөгжүүлэх нь салбарын хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэл болоод байгааг ХХААХҮЯ мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, Улиастайгаас гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ DNN.mn

Завхан аймгийн Яруу суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарчээ.

Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд “Онцгой комиссын шуурхай хуралдаан боллоо. Яруу сумын харьяат иргэн хэд хоногийн өмнө нохой зууж ирсэн тарвагыг өвчөөд, гэр бүлээрээ чанаж идсэн байна.

Тухайн иргэн халуурч, булчирхай нь цочсон тул өрхийн эмнэлэгт хандсан. Өрхийн эмнэлгээс шуурхай арга хэмжээ авч, Эрүүл мэндийн газарт мэдээлэл өгөөд шинжилгээ хийхэд тарваган тахлын үзүүлэлтүүд өндөр байгаа юм.

Клиник шинж тэмдгээрээ тарваган тахал байх магадлал өндөр байна. Хамгийн түрүүнд нэгдүгээр хавьтлыг тогтоохоор ажиллаж байна. Нэгдүгээр хавьтлын хувьд олон хүн хамарсан. Аймгийн төвд ирээд овооны тахилгад оролцсон байх магадлалтай” гэдгийг хэллээ.

Завхан аймгийн Засаг даргын захирамжаар өчигдөр буюу есдүгээр сарын 19-нөөс эхлэн Улиастай сумаас гарах, Яруу сумаас гарах, орох хөдөлгөөнийг зургаан хоногийн хугацаатай хязгаарлахаар шийдвэрлэжээ.

Categories
гадаад мэдээ

Цэргийн шинжээчид дайны явцыг тайлбарлав DNN.mn

Израилийн цэргийн шинжээч Йигал Левин “DW News Show” нэвтрүүлэгт оролцон Украины дайны нөхцөл байдлын талаар тайлбар хийж, ОХУ, Украины армийн байлдааны талбар дахь давуу болон сул талын талаар ярилцлага өгсөн байна.

Йигал Левин “Оросын “Луугийн шүд” гэх бетонон пирамидууд нь үнэндээ асуудал биш байсан. Учир нь дайны түүхэнд байгаагүй олон тоогоор их талбайг минажүүлсэн бэхлэлтийн нүүрэн шугам буюу дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Оросын хамгаалалтын эхний шугам” гэж нэрлэж байсан хэсгийг украинчууд хэрхэн давах бол гэдэгт гол асуудал байсан. Энэ шугамыг даван туулж, Украины зэвсэгт хүчин одоо Токмак руу хөдөлж байна. Тэд Оросын хамгаалалтын гол шугамын ард гарч тулалдаан өрнүүлж байна. Хамгийн гол нь агаарт ноёрхож чадаагүй, бас цөөн тооны цэрэг зэвсэгтэй байгаа нөхцөлд урьд өмнө хэн ч хийж байгаагүй довтолгоог украинчууд амжилттай хийж байна. Тийм ээ, украинчууд дайнд шинэ стандарт тогтоож байна. Украин тулгарсан асуудлуудыг газар дээр нь дор бүр нь цаг алдалгүй шийдэж, тулалдааны талбарт урагшилсаар байна. “Суровикины шугам” гэх Оросын бэхлэлтийн гол шугамыг давсан Украины армийн хүч суларч ухрах шинжийг би харахгүй байна. Гэхдээ Оросын бүх бэхлэлтийг давна гэдэг ямар ч арми байсан тийм ч хурдан хийчих ажил биш.

Оросын арми ч бас суралцаж, сурч байна. Тийм ээ, Украин улс энэ байлдаанд дроныг анх ашиглаж байсан бол Орос үүнийг маш хурдан хуулбарлаж, одоо бас ашиглаж байна. Гэхдээ байг илрүүлэхээс эхлээд устгах хүртэл энэ нь бүхэл бүтэн “гинжин урвал” шаарддаг ажил бөгөөд оросууд үүнд Украиныхаас илүү урт хугацаа зарцуулж байна. Дахин хэлэхэд, Украин улс их буу пуужингийн батерейны эсрэг дайнд өөрөөр хэлбэл дайсны зэвсгийг устгахдаа илүү сайн байгааг бид харж байна. Үүнийг эдгээр зэвсгийг устгасан бодит статистик мэдээллээс та бид харж болно. Оросын устагдсан 5-6 их буу тутамд нэг украин их буу оногдож байна. Энэ өгөгдөл Украин илүү хурдан илрүүлж, илүү хурдан цохиж байгааг харуулж байна.

Сонгодог утгаар дайн бол байнга эмх замбараагүй байдал бий болгодог зүйл бөгөөд командын үүрэг бол энэхүү эмх замбараагүй байдлыг цэгцлэн нэг чигт чиглүүлэн амжилт гаргах явдал. Дрон, робот гэх мэт олон улсын конвенцид байдаггүй шинэ зүйлс энэ замбараагүй байдлыг улам замбараагүй болгож байна. Харин энэ бүх замбараагүй байдлыг замбараатай болгох тал дээр Оросын удирдлага үнэхээр тааруухан байгаа бөгөөд харин Украины удирдлага дайны энэ эмх замбараагүй байдалд илүү үр дүнтэй ажиллаж чадаж байна гэдгийг онцлох ёстой” гэж ярьжээ.

Америкийн Дайны судлалын хүрээлэн(ISW)-гийн шинжээчид Украины арми энэ жил дахин 30-45 хоног цаг агаарын таатай нөхцөлд довтлох боломжтой байгаа бөгөөд үүний дараа Украины зэвсэгт хүчний давшилт “Намрын борооны улмаас тасарч магадгүй” гэсэн байна. Тэгвэл Мюнхен дэх Бундесверийн их сургуулийн олон улсын улс төрийн профессор, Германы цэргийн шинжээч Карло Масала “DW”-д энэ явдлыг илүү тодруулан тайлбарласан ярилцлага өгчээ. Тэрбээр “Украины сөрөг довтолгоон энэ дайнд дүн шинжилгээ хийж байгаа хэний ч гайхаш төрүүлэхгүй тийм асуудалтай тулгарсан. Орост хүчирхэг хамгаалалтын шугам барих хангалттай хугацаа байсан тул Украины Зэвсэгт хүчин хурдан амжилт гаргахгүй, довтолгоон удаан бас хэт их “өвдөлт”-тэй, илүү цус урсгах нь эхнээсээ тодорхой байсан. Иймээс Украины арми сөрөг довтолгоонд бахдам амжилт гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрөх нь бодит үнэнд нийцнэ. Учир нь Украины Зэвсэгт хүчин хамгаалалтын хоёрдугаар шугамыг нэвтлэн, довтолгооныхоо үйл ажиллагааны талбарыг улам өргөжүүлж байна. Оросын хамгаалалтын гурав дахь шугам, хүчирхэг бэхлэлтүүд Токмакийн эргэн тойронд баригдсан боловч Токмакаас цааш ийм бэхлэлт байхгүй байгаа юм. Иймд ирэх долоо хоног, саруудад Украины сөрөг довтолгоон илүү амжилттай болох магадлал өндөр. Үүнийг амар зүйл гэж үзэх ёсгүй, гэхдээ энэ нь боломжтой зүйл юм.

Мэдээж Украины зэвсэгт хүчин энэ жил Азовын тэнгисийн эрэгт хүрч чадахгүй гэдэгт би итгэлтэй байна. Иймээс дайн цааш үргэлжлэх нь ойлгомжтой. Украины дараагийн довтолгоо ирэх оны хавар болох бөгөөд энэ үед Украин аль хэдийнэ “F-16” сөнөөгчтэй болчих бөгөөд энэ нь агаарт ноёрхох том давуу тал болно, учир нь одоо Украины хамгийн сул тал бол Оросын агаарын давуу тал буюу фронтод байрлах механикжсан бригадууд нь агаарын хамгаалалтгүй байгаа явдал. Иймээс ирэх жил дайн үргэлжилж, Украины зэвсэгт хүчний давшилтын амжилтыг бид дахин харах болно.

Баруунд “Украины ядаргаа” гэх ойлголт бий болсон. Миний бодлоор энэ нь хоёр хүчин зүйлээс үүдэлтэй. Нэгдүгээрт, Барууны нийгэм Киевийг бүслэлтэд байх үед Украины дайныг илүү сонирхож байсан. Учир нь оросууд Украины нийслэлийг эзэлсэн бол НАТО-гийн хилд шууд тулах байсан бөгөөд оросууд цаашид юу хийх бол гэсэн асуудал нийтийг хамарч байв. Одоо олон хүний хувьд энэ нь зүүн зүгт болж буй дайн болж хувираад байна. Өөрөөр хэлбэл ойрын ирээдүйд орос цэргүүд Балтийн орнууд эсвэл Польшийн хилийг давах эрсдэл бага болчихсон. Хоёрдугаарт, Баруун Европ сүүлийн 70 жилийн хугацаанд томоохон дайн хийгээгүй учир хурдан амжилтад хүрнэ гэж хүлээж байсан. Энэ бол ардчилсан нийгмийн өөрийн онцлог юм. Учир нь улстөрчид ялалт ойртож байна гэж ярих юм бол ардчилсан нийгэм тэр аяараа Украинд томоохон тусламж үзүүлэхийг дэмжинэ. Гэтэл одоо хурдан амжилт гарахгүй, дайн үргэлжилсээр байгаа тул хүмүүс одоо энэ дайн үргэлжлэх ёстой юу гэж бодож эхлэв. Уг нь барууны орнуудын Засгийн газрууд Украинд болж буй үйл явдлын ач холбогдлыг өөрсдийн аюулгүй байдалтай холбон илүү өргөн хүрээнд байнга тайлбарлаж байх ёстой байсан. Гэтэл Украины Зэвсэгт хүчин тодорхой нэг тосгоны нэг км газар нутгийг хэрхэн эргүүлэн авсан, ямар зэвсгийн систем ашигладаг, довтолгоон хэр үр дүнтэй байгаа зэрэг дэл сул асуудалтай зууралдаж байна. Өөрөөр хэлбэл тэд дэлхийн улс төрийн зорилгоо тайлбарлах чадвар дутагдаж байна. Барууны Засгийн газрууд уг нь “Европ яагаад Украиныг дайнд ялахад нь дэмжлэг үзүүлэх сонирхолтой байна вэ гэвэл Орос Украиныг ялчихвал Европын аюулгүй байдал хэдэн арван жилээр дордох болно гэдгийг хүмүүст ойлгуулах ёстой юм. Баруун Европын орнуудын ихэнх улстөрчид Украиныг дэмжих тухай өдөр тутмын хэлэлцүүлгийг ийм дүр зурагтай огт холбодоггүй. Украинд дорвитой дэмжлэг үзүүлэх нь яагаад улс төрийн ач холбогдолтой байдгийг тайлбарлахгүй байж олон нийтийг дайнд ядарч байна гэж буруутгах аргагүй гэдгийг би тэдэнд онцлон анхааруулах байна. Харин барууны олон шинжээч Украиныг НАТО-д элсүүлэх нь ирээдүйд аюулгүй байдлын цорын ганц баталгаа болно гэж үздэгтэй би бүрэн санал нийлж байна. Би Украины аюулгүй байдлын баталгааны асуудал дээр маш их ажилласан. Гэхдээ тэр үед Украины НАТО-д элсэх асуудал байгаагүй юм. Харин одоо бол би ч, миний хамтран ажиллагсад ч, Украинчууд ч хүлээн зөвшөөрч байгаа, Оросын хүслийг таслан зогсоох өөр ийм сайн шийдлийг олж харахгүй байна. НАТО-д гишүүнээр элсэх нь Украинд аюулгүй байдлын баталгаа өгөх цорын ганц арга зам бөгөөд Украины ард түмэн, эрх баригчдын итгэл үнэмшилтэй ч бүрэн нийцэх бөгөөд энэ нь Москвагийн нөлөөнд хангалттай саад учруулах хүчин зүйл болно. Украин НАТО-д байх ёстой гэдэгтэй би бүрэн санал нийлж байна. Гэхдээ Украин хэзээ НАТО-гийн гишүүн болохыг би хэлж чадахгүй. Миний бодлоор гол нь энэ дайн дуусч, талуудын хооронд байлдааны гал зогсоход Украин шууд НАТО-гийн гишүүн болно гэж үзэж байна” гэж хэлсэн байна.

 

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Бямба гаригт автомашингүй өдөр болно DNN.mn

Энэ амралтын өдөр буюу есдүгээр сарын 23-ны бямба гарагт автомашингүй өдөр болно. Автомашингүй өдөр 07:00-18:00 цагийн хооронд болох юм.

Автомашингүй өдрөөр Жанжин Д.Сүхбаатарын талбай Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж Сөүлийн гудамж, Партизаны гудамж, Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар, Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Бага тойруу, Бээжингийн гудамж, Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар, Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпийн гудамж, Гэндэнгийн гудамж, Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудын авто машины хөдөлгөөнийг хязгаарлана.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Засгийн газар багш нартай зөвшилцөлд хүрэхгүй бол ажил хаяна гэв DNN.mn

Багш нар ажил хаялт зарлахаар болсон гэх мэдээллийг тодрууллаа. Энэ талаар Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Д.Мөнхбаатараас тодруулахад “Энэ үйл ажиллагааг манай холбооноос зохион байгуулж байгаа. Гэхдээ бид шууд ажил хаялт хийхгүй. Эхний ээлжинд Засгийн газартай уулзахаар хүсэлт өгсөн. Түүгээр зөвшилцөлд хүрэх байх гэж найдаж байна. Хэрэв Засгийн газар бидний асуудлыг хүлээж авч зөвшилцөлд хүрэхгүй бол ирэх сарын 5-ны өдөр буюу Багш нарын баярын өдрөөр орон даяар багш нар ажил хаялт зарлахаар төлөвлөж байна. Тиймээс Засгийн газар багш нарын асуудалд нааштай хариу өгөх байх гэж найдаж байна” гэв.

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо Засгийн газарт зөвшилцөх хүсэлт гаргаад байгаа аж. Хэрэв багш нарын цалинг нэмэхгүй бол ажил хаях юм байна.

Categories
story-news

Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё

Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё

Categories
мэдээ нийгэм

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ DNN.mn

Нүүрсний гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягт нарын 11 хүнд холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2023.09.20/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжлэнэ. Тус шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг есдүгээр сарын 11-нд эхэлсэн ч яллагдагч Б.Ганхуяг бүх шүүгч нараас татгалзсанаар тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм.

Эл хэргийг Авлигатай тэмцэх газар шалгаад УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарыг албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, бусдад давуу байдал үүсгэсэн, мөнгө угаасан гэж үзэн, яллагдагчаар татсан.

Харин Т.Аюурсайхан “Гүтгэж байна” гэдэг байр суурь илэрхийлээд байгаа бол Б.Ганхуягийн хувьд ч “Чирдэг жорлонгийн хэрэгт буруутгаж байна. Хэрэв намайг Т.Аюурсайхантай хальт нөхөрлөсний төлөө нүүрсний хэрэгт буруутгаж буй бол УИХ-ын 76 гишүүн энд бүгд ирэх ёстой.  Бид энд нүүрсний хэрэгт гүтгэгдээд тэд тэнд төртэй, засагтай, тамгатай үлдэж таарахгүй” гэж мэдэгдсэн.

Шүүхээс Б.Ганхуягийн шүүгчээс татгалзах хүсэлтийг хүлээн авсангүй. Иймд хурлыг н.Халиун шүүгч үргэлжлүүлэн явуулахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Д.Отгонжаргал алтан медалийн төлөө шалгарлаа DNN.mn

Чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ 2023 оны есдүгээр сарын 16-24-нд Сербийн Белград хотноо болж байна.
“Белград-2023” тэмцээнд 50 кг-д ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Долгоржавын Отгонжаргал хагас шигшээ барилдаанд олимп, дэлхийн дөрвөн медальт АНУ-ын Сара Хилдебрандтыг 7:5 оноогоор ялж, ДАШТ-ий аваргын төлөө Японы алдарт бөх Юи Сүсакитай өрсөлдөхөөр шалгарлаа.
Ийнхүү Монгол Улсын баг нийт баг тамирчдаас “Парис-2024” олимпын хоёр дахь эрхийг хүртээд байна.
Д.Отгонжаргал одоогоос яг нэг жилийн өмнө Белградын дэвжээнд хагас шигшээд Хилдебрандтыг 6:2 оноогоор ялж байсан юм.
Харин энэ оны долоодугаар сард Дэлхийн чансаа олгох Будапештийн тэмцээнд дахин таарахад 0:10 оноогоор Хилдебрандт ялсан байдаг.
Categories
улс-төр цаг-үе

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдөр:

– Монгол Улсын 2024 оны төсвийн төслийн талаар (танилцуулга),

– Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг сайжруулах, дуусаагүй барилга байгууламжийг ашиглалтад оруулах талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар,

– Төрийн албаны сэргэлтийн хүрээнд бодлогын түвшинд хэрэгжүүлэх ажлын талаар,

– Монгол Улсын Ерөнхий сайдын Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай аймагт ажилласан дүн,

– “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 22 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Categories
нийгэм цаг-үе

Тариалангийн талбайг улсын төсвийн есөн тэрбум төгрөгөөр хашаажуулна DNN.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Сангийн сайд Б.Жавхлан нар энэ сарын 17-нд тариалангийн бүс нутаг Сэлэнгэ аймагт ажилласан юм.

Энэ үеэр тариалан эрхлэгчид талбайд мал оруулахгүй, хамгаалах, тариалангийн талбайг хашаажуулахад төр дэмжлэг үзүүлэх, хууль, журмын хэрэгжилтийг хангуулах, төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах тал дээр анхааран ажиллах хүсэлтийг тавьжээ.

Тухайлбал хувийн тариалан эрхлэгч, “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат “Тариалангийн талбайг мал аж ахуйгаас тусгаарлахгүй бол болохгүй. Хашаа бол эхний алхам. Бетон, төмөр, торон хашаа байхад эвдээд ордог тариалангийн бүсийг бэлчээрийн мал аж ахуйгаас тусгаарлах ёстой”-г хэлэв.

Харин ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун “2018, 2019 онд тариалангийн талбайг хашаажуулах ажилд төр төсвөөс дэмжлэг үзүүлсэн. Хэдийгээр хувийн тариалан байгаа ч газар нь төрийнх. Төр газраа дагтаршуулах, элэгдэлд оруулахаас хамгаална. Энэ жил газар тариалангийн талбайг хашаажуулах, хамгаалах ажилд есөн тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгасан. Энэ асуудлыг шийднэ гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нар Сэлэнгийн хурал дээр хэлсэн” хэмээн мэдэгдсэн байна.

ХХААХҮЯ-наас мэдээлснээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тариалангийн талбайн нөхцөл байдалтай танилцан хашаажуулах, ойн зурвас байгуулах тариаланчдын саналыг дэмжихээ илэрхийлжээ.