Categories
мэдээ нийгэм

174 жилийн дэлхийн цаг уурын түүхэн дэх хамгийн дулаан наймдугаар сар байв DNN.mn

2023 оны наймдугаар сар дэлхийн хуурай газар, далайн гадаргын дундаж температур 20-р зууны дунджаас 1.25 градусаар илүү байсан нь 174 жилийн дэлхийн цаг уурын түүхэн дэх хамгийн дулаан наймдугаар сар болсон байна.

Харин Монгол Улсын хувьд өнгөрсөн наймдугаар сарын агаарын дундаж температур өмнөх жилээс 1.9 градусаар, олон жилийн дунджаас 1.1 градусаар тус тус дулаан байсан ба 1940 оноос хойш тохиож байгаа 7 дахь дулаан сар болж өнгөрлөө.

Орон зайн тархалтаар авч үзэхэд, нутгийн 63.6 хувь нь дунджаас 1.0-2.9 градусаар дулаан, 36.4 хувь нь дунджийн орчим байжээ.

Categories
мэдээ спорт

“Ханжоу 2022” Азийн наадам эхлэхэд гурав хоног үлдлээ DNN.mn

“Ханжоу 2022” Азийн наадам эхлэхэд гурав хоног үлдлээ. Азийн наадмыг хамгийн олон зохион байгуулсан улс бол Тайланд Улс юм. Тус улсын нийслэл Бангкок хотод 1966 оны тивийн олимпыг анх зохион явуулсан. Дөрвөн жилийн дараа Өмнөд Солонгосын Сөүлд болох байсан ч цуцлагдаж, Тайланд Улс тивийн наадмыг дахин хүлээн авсан билээ.

Харин 1978 онд Сингапур Улс эрх авсан ч санхүүгийн асуудлаас болоод татгалзахад Тайланд Улсын Бангкок хотод гурав дахь удаагаа болж байв. Хамгийн сүүлд 1998 онд дахин Бангкок хотод болоход анх удаа 42 орны 10 мянган тамирчин оролцсон юм.

Хятад Улс Азийн наадмыг гурав дахь удаа зохион байгуулж байна. Урд хөршид анх 1990 онд Бээжинд тивийн шилдгүүд чуулсан бол үүнээс 20 жилийн дараа 2010 онд Гуанжоуд болсон түүхтэй.

Categories
мэдээ эдийн-засаг

Газрын тосны үнэ баррель нь 95 ам.долларт хүрчээ DNN.mn

Газрын тосны эрэлт 2030 он гэхэд өдрийн 110 сая баррель хүрч өснө гэж “Saudi Aramco” компани тооцоолжээ.

Брент төрлийн газрын тосны үнэ өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш анх удаа баррель нь 95 ам.доллар хүрчээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд 1604 хүн төрийн албаны ерөнхий шалгалт өгч байна DNN.mn

Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхэллээ.

2023 оны гуравдугаар улирлын шалгалтын бүртгэл наймдугаар сарын 16-наас эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотод 1604 иргэн шалгалт өгөхөөр бүртүүлсэн юм.

Шалгалтын эхэнд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд “Улсын хэмжээнд 3200 орчим хүн шалгалт өгч байна. Манай улсын нийт хүн амын 65 хувийг 35-аас доош насны залуучууд эзэлдэг. Иймд залуучуудын ашиг сонирхолд нийцсэн, шаардлагыг хангасан төрийн алба байх ёстой. Өнөөдрийн шалгалтад нарийн мэргэжлээр сурч төгссөн залуус ихээр орж буйг онцлон хэлмээр байна. Төрийн албаны шалгалт цахимжсанаар хөндлөнгийн нөлөөгүйгээр ил тод нээлттэй явагдах боломж бүрдсэн. 1993 оноос эхэлсэн төрийн албаны шинэчлэл одоог хүртэл үргэлжилж байна” гэлээ.

Мөн Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн гишүүн, Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Батбямба “Төрийн албаны зөвлөлийн зүгээс иргэдэд чирэгдэлгүй байдлаар шалгалтын агуулга, зохион байгуулалтыг хийх бодлого баримталж байгаа. Энэ хүрээнд шалгалтын тестийг нэгтгэж ном болгон хэвлэн гаргасан. Мөн цахим хэлбэрээр бэлдэх бололцоог олгосон. Ерөнхий шалгалтын хариу шууд гардаг. Шалтгалтад тэнцсэн иргэд төрийн албаны нөөцөд бүртгэгддэг. Албан байгууллагууд шинээр ажилтан шалгаруулж авах хүсэлтийг Төрийн албаны зөвлөлд гаргадаг. Энэ хүсэлтийн дагуу төрийн албаны тусгай шалгалтын зар товлогддог” гэв.

Өнөөдрийн шалгалтын нээлтэд ЖАЙКА байгууллагын төлөөлөл ирж оролцсон юм. Тус байгууллагын Засаглалын газрын дэд дарга Ямамото Минако “Манай байгууллага 1993 оноос буюу Монгол Улсын төрийн алба шинэчлэгдэж эхэлсэн цагаас дэмжлэг үзүүлж ирсэн. Төрийн албаны шалгалтыг өндөр түвшинд зохион байгуулдаг нь харагдаж байна. Япон улс одоог хүртэл цаасаар шалгалт авдаг бол Монголд улс орон даяар нэгэн зэрэг цахимаар авч буй нь дэвшилттэй санагдлаа. Монголыг залуучуудын эх орон гэдэг. Шалгалт өгч буй эдгээр залуус эх орныхоо хөгжлийн төлөө хичээн зүтгэнэ гэдэгт итгэлтэй байна” гэж хэлсэн юм.

Төрийн албаны тухай хуульд зааснаар шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулагдсан. Энэ онд төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу 4 удаа зохион байгуулахаар тогтсон. Гуравдугаар улирлын шалгалтыг нийслэлийн нутгийн захиргааны Яармаг дахь цогцолборт зохион байгуулж байгаа бөгөөд гурван хоног үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Автомашины хөдөлгөөнийг хязгаарлах гудамж, замууд DNN.mn

Автомашингүй өдрөөр Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж), Сөүлийн гудамж, Партизаны гудамж, Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар, Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Бага тойруу, Бээжингийн гудамж, Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх автомашины хөдөлгөөнийг хязгаарлана.

Мөн Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпын гудамж, Гэндэнгийн гудамж, Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудын автомашины хөдөлгөөнийг есдүгээр сарын 23-ны 07:00-18:00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлах юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөө шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ DNN.mn

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:

Өнөө шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хөрсөн дээр цочир хүйтрэлт үргэлжлэх тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг анхааруулж байна.

2023 оны 09 дүгээр сарын 21-нээс 09 дүгээр сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

21-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд ихэнх нутгаар, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 23-нд нутгийн зарим газраар, 24-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +10…+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +18…+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +21…+26 градус, бусад нутгаар шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +15…+20 градус дулаан байна. 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Categories
мэдээ эдийн-засаг

“Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан”-г тусгай сангаас хасна DNN.mn

Засгийн газрын хуралдааг боллоо.

Хуралдаанаар “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцээд холбогдох журмыг шинэчлэн баталлаа.

Монгол Улсад 2001 онд уг санг байгуулсан байна. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд тус сангийн хөрөнгийг төрийн бодлогын хүрээнд харилцаа холбооны зайлшгүй шаардлагатай үйлчилгээг алслагдсан орон нутагт болон үйлчилгээ хүрээгүй хүн амд бодит үнээр хүргэх, шинээр сүлжээ байгуулах, харилцаа холбооны орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, өргөтгөх, шинэчлэхэд зарцуулахаар заасан байдаг байна. Үүнийг боловсронгуй болгох хүрээнд холбогдох өөрчлөлтийг орууллаа.

“Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан”-гийн үйл ажиллагааг одоогийн хууль, эрх зүйн орчны дагуу энэ зарчмаар үргэлжлүүлэх нь эдийн засгийн хувьд ихээхэн алдагдалтай, үр ашиггүй хөрөнгө оруулалт болох, дэд бүтэц байгуулсан цэгт тогтмол хүн ам суурьшдаггүйгээс хаягдмал байдалд хүргэх эрсдэлтэй тулгарчээ. Бодит нөхцөл байдалд нийцүүлж Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан”-г тусгай сангаас хасах, тус сангаас хөрөнгө зарцуулах үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах, хувийн хэвшлийн оролцоог дэмжиж, зохион байгуулалтыг өөрчлөх, менежментийг сайжруулах шаардлагатай гэж үзсэн Цахим хөгжил, харилцаа холбооны яамны саналыг дэмжлээ.

Categories
мэдээ нийгэм

Ирэх оны нэгдүгээр сар хүртэл 704 автобусыг шинээр оруулж ирэхээр төлөвлөжээ DNN.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцсон билээ.

Энэ үеэр нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Б.Жавхлантбаатар “Нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр парк шинэчлэл хийж буй. Тодруулбал, 2020 оноос хойш цахилгаан 79 автобус, “Евро 5” дизель хөдөлгүүрт их багтаамжийн 284 автобус, хоёр давхар, цахилгаан эх үүсвэрээр ажилладаг 10 автобус, хүүхдийн 75 автобус, дунд багтаамжийн хоёр автобус, нийт 450 автобусаар парк шинэчлэл хийгээд байгаа юм. Харин 2023-2024 онд их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600, цахилгаан хөдөлгүүртэй 160, дунд багтаамжийн 50 автобус, нийт 810 тээврийн хэрэгслээр парк шинэчлэл хийхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд 2023 оны есдүгээр сараас 2024 оны нэгдүгээр сар хүртэл нийт 704 автобус оруулж ирэхээр төлөвлөж байна” гэлээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

ЗГ:Тендерт оролцох эрх хязгаарлах “хар жагсаалт”-ын бүртгэл хөтлөлтийг эрчимжүүлнэ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны есдүгээр сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


Дархан-Уул аймагт 9, Сэлэнгэ аймагт 7, Архангай аймагт 7 томоохон төсөл, хөтөлбөрийг ирэх онд хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ есдүгээр сард орон нутагт томилолтоор ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 10 аймагт ажиллаад байна. Энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн холбогдох шийдвэрүүдийг гаргаж буй. Өнөөдрийн хуралдаанаар 2023 оны есдүгээр сарын 14-19-ний өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай аймаг, газар тариалангийн бүс нутагт Ерөнхий сайд ажиллаж орон нутагт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр болон ургац хураалтын явцтай танилцаж, иргэдтэй уулзаж санал, хүсэлтийг нь сонссон талаар хэлэлцлээ.

Ерөнхий сайд орон нутагт ажиллахдаа иргэдийн өөрсдийнх нь эрэмбэлсэн томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийг ирэх оны төсөвт тусгуулахаар болсон. Энэ хүрээнд Дархан-Уул аймагт 9, Сэлэнгэ аймагт 7, Архангай аймагт 7 томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Эдгээр аймгийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр саналыг нь авч эрэмбэлсэн, аймаг тус бүрд 2024 онд хэрэгжүүлэх боломжтой бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөрийг Монгол Улсын ирэх оны төсөвт тусгаж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхланд, “Шүүр” ажиллагааны хүрээнд төрийн болон улс төрийн албан тушаалын томилгооны байдалд шалгалт хийж Засгийн газарт танилцуулахыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандоржид, Хөтөл “Цемент шохой” ТӨХК-ийн үйл ажиллагаа, үүргийн хэрэгжилт болон хүний нөөцийн байдалд шалгалт хийж, үр дүнг Засгийн газарт танилцуулахыг ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нарт, Дарханы арьс ширний цогцолборт үүссэн нөхцөл байдал болон төсөлд хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжийг хохиролгүй болгох асуудлыг судлан Засгийн газарт танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхланд, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын үйл ажиллагаа, барилга байгууламж, дэд бүтцийн өргөтгөл, шинэчлэлийг эрчимжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга нарт, орон нутагт иргэдтэй хийсэн уулзалтаар төсвийн төлөвлөлтийн системд бүртгэгдээгүй шинээр орж ирсэн хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийг Сангийн яаманд тухай бүр албажуулан хүргүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд тус тус даалгалаа.

Тендерт оролцох эрх хязгаарлах “хар жагсаалт”-ын бүртгэл хөтлөлтийг эрчимжүүлнэ

Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл хөтлөх ажиллагааны явцыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай болон бусад хууль, тогтоомжийг зөрчсөн 107 компанийг 2023 онд “хар жасгаалт”-д оруулахаар хяналт шалгалт хийж байна. Мөн гүйцэтгэгчээс гадна захиалагч талын хариуцлагыг нэмэгдүүлэх, тендерт шалгарч ажлаа сайн гүйцэтгэсэн компаниудыг “цагаан жасгаалт”-д оруулдаг болох шаардлага байгаа зэргийг хэлэлцээд тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл хөтлөлтийг эрчимжүүлэхийг Сангийн сайд Б.Жавхланд даалгав. Мөн худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасан, илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн аж ахуйн нэгжийн мэдээллийг холбогдох нотлох баримт, мэдээллийн хамт худалдан авах ажиллагааны улсын байцаагч нарт хүргүүлэхийг захиалагч нарт даалгалаа.

Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч удирдамж гаргаж 60 хүртэл хоногийн хугацаанд хяналт шалгалтыг хийх ба Захиргааны ерөнхий хуульд нийцүүлж нотлох баримт бүрдүүлэх, эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийг тодорхойлж, сонсох ажиллагаанд оролцуулах, хуульд заасан нөхцөл үүссэн тохиолдолд дүгнэлт гаргадаг. Иргэн, хуулийн этгээд дүгнэлттэй холбоотойгоор Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчид гомдол гаргах, цаашлаад Захиргааны хэргийн шүүхэд хандах эрхтэй ба гомдол гараагүй тохиолдолд Сангийн сайдад саналаа хүргүүлж, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулна.

Энэ хүрээнд 2019 онд 16, 2020 онд 15, 2021 онд 16, 2022 онд найм, 2023 онд 11 компанийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэж худалдан авах ажиллагааны систем /www.tender.gov.mn/ болон Сангийн яамны /www.mof.gov.mn/ цахим хуудсаар олон нийтэд мэдээлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Архи, согтууруулах ундааны хэрэглээ өмнөх оноос 12.5 хувиар буурчээ DNN.mn

Монгол Улсад архи согтууруулах ундааны хэрэглээ буурсан үзүүлэлт гарчээ. Согтууруулах ундааны борлуулалт 2023 оны эхний найман сарын байдлаар хоёр сая литрээр /дөрвөн сая шил/ буюу өмнөх онтой харьцуулахад 12.5 хувиар буурсан байна.

Мөн 25 хүртэлх градустай согтууруулах ундааны хэрэглээ өсөж, өндөр градустай согтууруулах ундааны хэрэглээ эрс багассан байна.  Үүнээс гадна согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчил 15.8 хувиар буурсан байна.