Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүүтэй ярилцлаа.
-“Хавдрын тулгамдсан асуудал” зөвлөгөөн энэ өдрүүдэд үргэлжилж байна. Зөвлөгөөнөөр ямар асуудал хөндөж байна вэ?
-Бид шинэ технологи оруулахаар оролдож байна. Энэ маань зөв байна уу, хийж байгаа эмчилгээ маань дангаараа ямар үр дүнтэй байна, хавсарч хийвэл үр дүн гардаг юм гэх мэтчилэн туршлагаасаа хуваалцаж байна.
Мэс засалчид л гэхэд мэс заслын эмээ дангаар нь ярихаа больсон. Мэс заслаа хийхийн хажуугаар ийм хоол хүнс хэрэглэж, тийм асаргаа хийж, ийм хяналт явуулахад амьдрах хугацаа нь ийм байна гэх мэтээр хийж байгаа ажил дээрээ дүгнэлт хийж, хийсэн судалгаануудаа харьцуулж байна. Зөвлөгөөнд Япон, ОХУ, Швейцарь зэрэг улсын эмч нар ирж оролцлоо.
-Тэд ямар туршлага хуваалцаж байх юм.
-Олон улсаас ирсэн зочид Монгол Улсын эмч, мэргэжилтнүүд, эмнэлгийн тусламж үйлчилгээнд үнэлгээ өгөхөөс гадна Монголын эмч, мэргэжилтнүүд тэднээс суралцах боломж нээгдлээ. Өөрөөр хэлбэл, олон улсын эмч, мэргэжилтнүүдийн хийж байгаа хагалгааны үеийн үйл явцыг цахимаар шууд дамжуулж эмч, мэргэжилтнүүддээ харилцан туршлага судлах боломж нөхцөлийг бүрдүүллээ. Түүнчлэн элэг, цөс, нойр булчирхайн хавдрын чиглэлээр орчин үед ямар эм, эмчилгээ, мэс засал, эмнэлгийн ямар шинэ арга барил нэвтрүүлж байгааг судлах, суралцах боломж бүрдэж байна. Тэд төрөл бүрийн л туршлага хэлж байна. Тайваниас ирсэн элэгний эмчийн ярьж байгаагаар хүмүүсээ хооронд нь өндөр эрсдэлтэй, бага эрсдэлтэй гээд хуваадаг гэнэ. Хавдрын хэмжээ нь ийм байгаад биеийн байдал нь ийм байвал эхлээд химийн эмчилгээ хийнэ.
Хими эмчилгээ хийхдээ энэ эмчилгээг дангаар нь хийвэл үр дүн нь ялгаагүй байна. Жишээ нь бай эмчилгээг дархлаа эмчилгээтэй хавсраад хийсний дараа хагалж болохгүй байсан хагалгаа амжилттай болох боломжтой талаар ярьж байна. Чухал нь мэс засал хийх биш. Тухайн мэс засал хийсний дараа хүний биеийн байдал сайжирсан ч тодорхой хугацааны дараа хавдар дахих магадлалтай байдаг. Хавдар дахиулахгүйн тулд мэс засал хийхийн өмнө хими туяа юм уу, дархлаа эмчилгээгээ хийгээд аль нь ямар хүндээ үр дүнтэйг тодорхойлсон судалгаа харуулж байгаа юм. Үүний дараа тайрч болохгүй байсан хавдрууд хэмжээгээрээ жижгэрдэг юм уу, нэг бол тайрч авсны дараа дахин хавдар үүсэх магадлал нь багасч байгаа юм. Хавдар гэдэг тусламж үйлчилгээ өөрөө нэг чиглэлийн тусламж үйлчилгээ биш олон мэргэжилтэн хамтдаа оролцож шийдвэрээ гаргадаг. Энэ шийдвэрийн дагуу явдаг тусламж үйлчилгээ. Нэг хүний асуудлыг нэг хүн шийддэггүй. Олон хүн сууж нэг хүний асуудлыг зөвлөж шийддэг. Зөвхөн эмийн эмчилгээ хийгээд байхаас гадна шийдвэр гаргалтдаа бид юуг анхаарах ёстой вэ. Шийдвэр гаргалтыг ганцаараа хийхэд юу анхаарах вэ гэх мэтчилэн туршлага харж байна.
-Хавдрын нөхцөл байдал ямар байна вэ?
-2021 онд жилд 6000 гаруй иргэн хавдраар өвчилж байсан бол 2022 онд 6882 иргэн хавдраар өвчилсөн дүн мэдээтэй байна. Энэ тоо цаашид 7000 давах магадлалтай байна. Өвчлөлийн тоо нэмэгдэж байна. Өвчлөлийн хэрээр нас баралт нэмэгдсэн эсэхийг аваад үзэхэд багассан байна. 2021 онтой 2022 оны дүн мэдээг харьцуулахад 200 гаруй тохиолдлоор буурсан. Хавдрын тоо өсөхөд Монгол Улсын Засгийн газраас эрт илрүүлэг үзлэг оношилгоонд орон даяар бүх иргэнийг хамруулах ажил зохион байгуулж байгаа нь нөлөөлсөн. Хэдийгээр хавдраар өвдсөн ч гэсэн таваас дээш жил амьдарч байгаа иргэдийн тоо жил бүр хоёр хувиар нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. Гэсэн хэдий ч хожуу шатанд илэрч байгаа тохиолдлын тоо буурахгүй байна. Хавдар дотроо ходоодны хорт хавдрын тохиолдол нэмэгдсэн.
-Хавдрын эмчилгээнд шинээр ямар зүйл нэвтрүүлээд байна вэ?
-Шинжлэх ухаан цаг тутам хөгжиж байна. Шинээр нэвтрүүлэх зүйл олон байна л даа. Санхүүгийн асуудалтай холбоотойгоор тэр бүрийг нэвтрүүлж чадахгүй юм. Манайх нэвтэрсэн эмчилгээний араас хөөж яваа улс. Жишээ нь бидний яриад байгаа дархлаа эмчилгээ 1998 онд нэвтэрсэн. Одоо л бид дархлаа эмчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Дархлаа эмчилгээг нэвтрүүлж чадвал хожуу үеийн хавдрууд болон элэгний хавдарт хийж чадахгүй байсан эмийн эмчилгээг хийх боломжтой болно.
Мөн 2019 онд Австри улсын Засгийн газрын тусламжтайгаар туяа эмчилгээний шугаман хурдасгуур аппаратыг манай улсад анх оруулж ирж байсан. Шугаман хурдасгуур хоёр аппаратын тусламжтайгаар орчин үеийн туяа эмчилгээний шинэ цаг үе рүү шилжсэн байдаг. Улмаар гурван хэмжээст конформал туяа эмчилгээ хийж байв. Туяа эмчилгээний чанарыг улам сайжруулж шинэ технологиор нэмж баяжуулаад тухайн аппарат дээр IMRT, VMAT технологийг нэвтрүүлсэн. Ингэснээр өвчтөнийхөө цагийг хэмнэхээс гадна туяа эмчилгээний тунг оновчтой хүргэх ач холбогдолтой болж байгаа юм.
Уг төхөөрөмжийн тусламжтайгаар асар өндөр энергитэй цацрагийг гаргаж, хүний биеийг нэвтлэн дамжуулах байдлаар цацрагийн эмчилгээг хийх боломж бүрдсэн. Цацраг нь хавдрын бай дээр очиж тусах ёстой. Энэ туссан цацраг маань эсийн түвшинд үйлчлээд хавдрын эд эсийг устгаж үгүй болгодог. Гэхдээ цацраг хүний биеийг нэвтлэх замдаа таарсан эд эс бүхнийг гэмтээдэг байсан. Өөрөөр хэлбэл, хавдар эсхүл эрүүл эрхтэн үү гэдгийг ялгах боломж байгаагүй.
Шинэ нэвтрүүлсэн технологиор хавдрыг бүрэн устгаж эмчлэхдээ туяаны хор нөлөөгүй байх боломжийг олгож байгаа. VMAT эмчилгээний хувьд туяаны цацрагийг илүү гаргахгүй эмчилгээ хийх боломжтой. Эдгээрийг нэвтрүүлснээр туяа эмчилгээний дараагийн дэвшилтийг авчирч байна. Илүү үр дүнтэй, аюулгүй болж байна гэсэн үг. Бид ийм шинэ технологийг нэвтрүүлээд байна. Үүний цаана дэмжсэн санхүүжилт нь бэлэн байх ёстой. Энэ тусламж үйлчилгээг иргэдэд хүргэхэд үүнийг даатгал даахгүй л шинэ технологи нэвтрүүлээд ямар ч үр дүнгүй. Гол анхаарал зүйл нь санхүүжилт.
-Тоног төхөөрөмжийн хүртээмж ямар байна вэ. Зайлшгүй мэс ажилбарт орох хүн хэдэн сар хүлээдэг тохиолдол бий шүү дээ.
-Ямар мэс ажилбарт орохоос шалтгаална. Манайд элэг, ходоодны хавдар тэргүүлдэг. Элэг ходоодны мэс заслын эмчилгээ л урт дараалалтай байдаг. Бусад хавдрууд харьцангуй гайгүй. Бид мэс заслын хүлээлтийг хоёр долоо хоногийн дотор барих зорилготой ажиллаж байна. Зөвхөн элэгний мэс ажилбарт л ингэж барьж чадахгүй байна.
-Та дархлаа эмчилгээг нэвтрүүлэх талаараа онцолж байсан. Энэ талаараа тодруулахгүй юу?
-Монгол Улсад энэ жилээс дархлаа эмчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр Монгол хүнд дархлаа эмчилгээ нэвтрэх боломжтой болно. Дархлаа эмчилгээ гэдэг нь хүний биеийн дархлаа эсүүдийг идэвхжүүлж, тэр эсүүдээр дамжуулан хавдрыг устгах шинэ эмчилгээний технологи гэж ойлгож болно. Энэ эмчилгээ өндөр үнэтэй байсан учраас бид хэрэглэж чаддаггүй байсан юм. Одоо оруулж ирэхээр Эрүүл мэндийн яам олон улсын Швейцарийн компанитай гэрээ байгуулж ажиллаж байгаа. Энэ нь амжилттай болбол Монголд хавдрын эмчилгээнд орж байгаа хүмүүст хэрэглэгдэх боломж бүрдэн, амьдрах хугацаа уртсах боломжтой болох юм.
-Монголчууд эмчилгээний аялал жуулчлалд их мөнгө зарцуулдаг. Энэ их урсгалыг дотоодод үлдээх боломж байна уу?
-Хавдар бол олон эрхтний өвчлөл. Манайд нойр булчирхай, ходоод, элэг, умайн хүзүү, бүдүүн гэдэсний хавдар зонхилон тохиолддог. Эдгээр хавдрын асуудлуудыг бид тодорхой хэмжээнд шийдэж байна. Гэхдээ бүрэн төгс шийдвэрлэж чадаж байна уу гэвэл үгүй. Тоног төхөөрөмж болон тухайн мэргэжлээр мэргэшсэн мэргэжилтэн дутагдалтай байна. Шинэ технологийг тухай бүрд нь оруулж чадахгүй байгаатай холбоотойгоор орхигдсон тусламж үйлчилгээ бий. Гэхдээ ХСҮТ хавдрын тусламж үйлчилгээг цогцоор нь хийх зорилго тавиад ажиллаж байна. Улмаар манайд хийгддэггүй байсан туяа эмчилгээ болон бусад эмчилгээг нэвтрүүлэхийг зорьж байгаа. Түүний нэг нь тархины хавдрын мэс засал юм. Мөн бөөр шээсний замын хавдар болон цусны хавдрын эмчилгээг хийдэг болсон. Түүнчлэн бай эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх дээр гол бодлогоо барьж байна.
-Дотоодод эмчлүүлэх, гадаадад эмчлүүлэх зардал хоорондоо ялгаатай байдаг шиг санагддаг.
-Манайд элэг шилжүүлэн суулгах хагалгааны өртгийг 100 хувь Эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг. Харин гадны улсад энэ төрлийн эмчилгээ нь хамгийн багадаа 33 мянган ам.долларын өртөгтэй. Тиймээс Нэгдүгээр эмнэлэг болон ХСҮТ-д элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийдэг болсноор олон хүний санхүүгийн асуудлыг хөнгөвчилж байгаа юм. Эх орондоо, ямар нэг төлбөр төлөхгүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаа нь монгол хүнд маш том боломж. Энэ том боломжийг бүх чиглэл дээр бий болгох хэрэгтэй.