Categories
мэдээ эдийн-засаг

Төгрөгийн хадгаламж 1.6 их наяд төгрөгөөр нэмэгдэв DNN.mn

Төгрөгийн хадгаламж энэ оны 8 дугаар сарын эцэст 14.5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 6.7 (0.05 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 1.6 (12.5 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ.

Төгрөгийн хадгаламжийн 12.8 (88.6 хувь) их наяд төгрөг нь иргэдийн, 1.6 (11.4 хувь) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.

Валютын хадгаламж 5.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 230.6 (4.7 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 599 .4 (13.1 хувь) тэрбум төгрөгөөр өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цас орж, цасан шуурга шуурна DNN.mn

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, 25, 26-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Шөнөдөө Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр   -3…+2 градус, Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Халх голын хөндийгөөр +7…+12 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эхээр +4…+9 градус, Увс нуурын болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр +7…+12 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +15…+20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар +20…+25 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруунаас  секундэд 5-10 метр. Шөнөдөө +3…+5 градус, өдөртөө +14…+16 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +14…+16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо  орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 0…+2 градус, өдөртөө +12…+14 градус дулаан байна.

 

Categories
мэдээ цаг-үе

​ЧАТБОТ-оос Өдрийн сонинтой холбоотой мэдээлэл аваарай DNN.mn

Өдрийн сонины ӨДРИЙН СОНИН фэйсбүүк хуудасны ЧАТБОТ танд үйлчилж байна.

“ӨДРИЙН СОНИН” пэйжийн Message товчин дээр дарж GET STARTED-ыг идэвхижүүлж чатботод холбогдоход “Цахим сонин”, “Хэвлэмэл сонин”, “Сайт” гэсэн гурван цэс гарч ирнэ. Та сонины үйлчилгээнүүдтэй холбоотой өөрийн хайж буй мэдээллээ эндээс аваарай.

24 цагийн автомат хариулагчтай холбогдож, Өдрийн сонинтой холбоотой мэдээллийг цэсээр болон чатботын тусламжтайгаар харилцан яриа өрнүүлэн цаг алдалгүй авах юм.“Цахим сонин” захиалгын цэсээс цахим Өдрийн сонины захиалга, цахим сонины сар, улирал, жилийн үнийн тарифийг харж, хэрэв шаардлагатай бол админтай холбогдох боломжтой.

Харин “Хэвлэмэл сонин” цэсээс “Захиалах” товчийг дарснаар Өдрийн сонины захиалга хариуцсан ажилтнуудтай холбогдоно. Хэрэв зар өгөхөөр бол “Зар өгөх” товчийг дарж тусгай дугаарт залгагдана. “Редакцитай холбогдох” товчин дээр дарснаар Өдрийн сонины эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга болон албадын дарга нартай шууд холбогдох юм.

Чатботны “Сайт” цэсээс admin.dnn.mn сайт болон Өдрийн сонины бусад сошиал холбоосыг харж болно.

Өдрийн сонинд зар өгөх, сурталчилгаа байршуулах, сонины хэвлэмэл болон цахим захиалгын мэдээлэл авах болон бусад асуудлаар хандахыг хүсвэл дээр дурдсанаар ЧАТБОТ буюу автомат хариулагчтай холбогдоход л хангалттай.

ЧАТБОТ таны цаг завыг хэмнэх болно.

Categories
мэдээ цаг-үе

Булган боомтоор гурван улс дамнасан тээвэр хийж эхэллээ DNN.mn

Монгол Улс, БНХАУ болон ОХУ-ын Засгийн газар хоорондын “Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто зам” буюу БНХАУ-ын Шиньжиан Уйгарын Өөртөө Засах Орны Үрэмч хотоос эхэлсэн гурван улсын туршилтын тээвэрлэлт өчигдөр буюу 2023 оны есдүгээр сарын 23-нд Ховд аймгийн Булган боомтоор амжилтай нэвтэрлээ.

Тус чиглэлд гурван улсын нийт есөн тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэлээ.

Гурван улсын тээвэр нь БНХАУ-ын Шиньжианы Үрэмч хотоос эхэлж, Монгол Улсын баруун бүс буюу Ховд аймгийн Булган боомт,  Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор дамжин өнгөрч ОХУ-ын Новосибирск хот хүртэл тээвэрлэлт гүйцэтгэнэ.

Монгол Улсаас “Монгол тээвэр нэгдэл транзит ХХК, Монложистик ХХК, Монтир транс ХХК-иудын тус бүр  тээвэрлэлтийг гүйцэтгэж байна гэж ЗТХЯ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн, худалдаа болж байна DNN.mn

“Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2023” нэгдсэн арга хэмжээ 18 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Тус арга хэмжээний нээлтийн үеэр өчигдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун “Газар тариалангийн салбарт шийдвэрлэвэл зохих олон асуудлууд байгааг онцгойлон анхаарч 2023 оныг “Тариалангийн сэргэлтийн жил” болгон албан ёсоор зарлаж хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл олгох, элит үр, техникийн шинэчлэл хийх, бордоо худалдан авахад дэмжлэг үзүүлэх зэрэг олон чухал ажлыг зохион байгуулсан тухай болон тариаланчид, үйлдвэрлэл эрхлэгчдийн хичээл зүтгэлийн үр дүнд ургац арвин жил болж байгаа”-г онцлон тэмдэглэсэн.

Мөн өнгөрсөн онтой харьцуулахад үр тариа, хүнсний ногооны ургац 20 хувь, малын тэжээл 40.0 хувь, жимс, жимсгэнэ 25 хувиар өсөхөөр урьдчилсан баланс гарсныг дурдлаа.

Энэ жилийн “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн, худалдаанд нийслэл болон орон нутгийн хүнс, газар тариалан, хөнгөн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч 500 аж ахуйн нэгж 3000 гаруй бүтээгдэхүүнээрээ оролцож байна.

Үзэсгэлэн, худалдаа есдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д зохион байгуулагдаж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Алтанцэцэг: Хууль журам нь тодорхой биш учраас донорын асуудал дээр ёс суртахуунгүй үйлдэл бий болсон DNN.mn

Хувь хүний хөгжлийн институтийн захирал М.Алтанцэцэгтэй ярилцлаа.

-Ёс суртахуун, ёс зүйн хэм хэмжээг нийгэмд юу гэж үзэх ёстой вэ?

-Монголчуудын бусад улс үндэстнээс ялгарах гол онцлог бол нүүдэлчин ахуй. Нүүдэлчин сэтгэлгээ, нүүдэлчин амьдрал, ахуйгаар ёс зүй, ёс суртахууныг залгамжлаад явж ирсэн. Жишээ нь, өрх гэрт аав нь ямар байр суурьтай байх, ээж нь, үр хүүхэд нь ямар байх ёстой вэ гэдгийг ахуй амьдралаараа зохицуулагдаж ирсэн гэж үздэг. Мэдээж нүүдэлчин ахуйн давуу тал ч бий, сул тал ч бий. Өнөөдөр орчин үеийн амьдрал ийм боллоо, стресс бухимдал, сошиал ертөнц гээд асуудал хөндөгдөөд байгаагийн цаана нэг асуудал бий. Тэр нь бид нүүдэлчин гэхээр яг нүүдэлчин биш, суурин соёлоор амьдраад байна уу гэхээр бас бүрэн биш. Нэг ёсондоо шилжилтийн үед явж байгаа юм. Энэ нь эргээд бид ямар ёс зүйн кодыг баримтлах вэ, аль эсвэл ямар ёс суртахуунтай амьдрах вэ гэдэг баримжааллыг алдагдуулчихсан.

Хувь хүний хөгжлийн чиглэлээр 10 гаруй жил сургалт хийж хүмүүст зөвлөгөө өгч явахад баримжаалал байхгүй болчихсон нь тодорхой харагддаг. Үнэт зүйлийн баримжаалал, эсвэл ёс зүйн баримжаалалгүйгээр хүн бүр дур зоргоороо аашилдаг, өөрийнхөө зөв гэсэн болгоныг хийгээд яваад байгаа нь анзаарагддаг.

Нөгөө талаар ёс зүй, ёс суртахуун хоёр хоорондоо ялгаатай. Ёс суртахуун бол хүний этик, хүнд төрөлхөөсөө өгөгдсөн зүйл. Ёс зүй гэвэл би бусдын эрх ашгийг яаж хүндэтгэх вэ, өөрийгөө нийгэмд яаж аятайхан авч явах вэ, би хэн нэгэнд саад, буруу үлгэр дууриал болохгүйгээр яаж амьдрах вэ гэх мэт болно. Бид Швед, Швейцарийн хөгжлийг хараад гайхдаг. Гэтэл тэр улс орнуудын өөрийн гэсэн соёлын, ёс суртахууны өндөр баримжаалал нь хэдэн зуун жилээр хөгжөөд тогтчихсон. Харин өнөөдөр манайд өөр шүү дээ. Тиймээс өнөөдөр судалгаа, нотолгоотой эрдэмтэн докторууд дуу хоолойгоо нэгтгэж, монгол хүний онцлогт тохирсон үнэт зүйлийн баримжааллыг гаргаж ирэх ёстой болов уу гэж хардаг.

-Нүүдэлчин амьдралын хэв маяг ёс суртахуунт нийгэм бүтээхэд нөлөөлдөг гэж байна. Гэхдээ яалт ч үгүй өнөөдөр суртахууны ноцтой кейсүүд ил болдог. Хүүхдээ зоддог, хөнөөдөг, нийгмийн сэтгэл зүйг цочроосон ёс зүйгүй, ёс суртахуунгүй үйлдлүүд гардаг. Эсвэл ямар ч нийгэмд байх ёстой үзэгдэл юм уу?

-Нүүдэлчин амьдралын хэв маяг өөрөө шуугиан, сураг ажигаар мэдээллээ цуглуулдаг байсан. Өвөлжөөндөө буутал нэг морьтой хүн давхиж ирээд саахалт айлын талаарх сонин хачин мэдээлэл дамжуулдаг. Өнөөдөр сошиалаар ч тэр, тэр тэгсэн байна гэж шуугиад л хоёр тал болон үзэлцдэг болж. Нэг талаасаа харахад магадгүй өмнөх үетэй харьцуулахад зүй зохисгүй үйлдэл хийдэг нь харагдаад байгаа. Нөгөө талаас авч үзэхэд хүний сэтгэл зүй сайн сайхан, гоё, бүтэмжтэй зүйлийг дэлгэрүүлдэггүй. Харин эсрэгээр нь сонин содон, гаж, муу муухай үйлдлийг маш хүчтэй хүлээж авдаг. Магадгүй 10 гоё зүйлийн хажууд ганц сөрөг зүйл байхад түүнийг л түгээдэг. Олон нийтийн сүлжээн дээр гэхэд муу муухай, харлуулсан бараан мэдээлэл маш хүчтэй, хурдан түгдэг.

Ёс суртахуун ёс зүйг төлөвшүүлэхэд үнэт зүйл маш чухал. Хувь хүний үнэт зүйл гэж байна. Миний гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, хүсэл мөрөөдөл, ажлыг хэлж болно. Нийгмийн үнэт зүйл гэж бий. Энэ бол улс орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөө, сайн сайхны төлөөх сэтгэл бол үнэт зүйл гэж ойлгож болно. Яахав хувь хүмүүсийн үнэт зүйл бий. Харин нийгмээрээ тогтсон үнэт зүйл байхгүй байгаа нь эргээд ёс зүйтэй байх, ёс зүйн хэм хэмжээгээ баримтлах боломжгүй болгочихоод байгаа юм. Ёс зүйг тогтоохын тулд ядаж баримжаалах үнэт зүйлтэй байх ёстой шүү дээ. Жишээ нь, хүмүүс гэртээ маш тухтай сайхан амьдардаг. Гэтэл гэрээсээ гараад л орчин тойрны тохижилт, аюулгүй байдал, нийтийн тээвэр гээд энэ бүхэн нийгмийн тав тухтай орчныг бүрдүүлж чаддаггүй. Бид гэртээ хичнээн сайхан амьдраад нэмэргүй. Энэ нь нийгмийн үнэт зүйлс, түүн дээр тулгуурласан ёс зүйн баримжаа нь байхгүй байгааг харуулдаг.

-Саяхан гэхэд донорын асуудал босч ирж байна л даа. Гэмт үйлдэл байгаа эсэхийг хуулийн байгууллага тусдаа шалгана. Харин тэр дунд ёс суртахууны асуудал хөндөгдсөн үү. Гарын үсгээр баталгаажуулснаас бусад эд, эрхтнийг авчихсан явдал яалт ч үгүй увайгүй, ёс суртахуунгүй үйлдэл гэж зарим нь үзэж байна. Сэтгэл судлалын мэргэжлийн хүнд энэ талаар ямар бодол төрж байв?

-Надад хэд, хэдэн зүйл харагдсан. Нэгд, нийгэм тогтвортой хөгжихөд дундаж давхаргын үүрэг асар их байдаг. Ёс зүй, ёс суртахуун, соёл болж тогтож хөгжихөд нийгэмд дундаж давхарга асар өндөр үүрэг гүйцэтгэдэг. Аливаа улс орны дундаж давхаргын эзэлж байгаа хувь 60-70 хувьд хүрч байж тогтвортой хөгжил явагдаж байна гэж үздэг юм билээ. Гэтэл манайд энэ баримжаа маш тодорхойгүй. 2020 оны сонгуулийн үеэр нэг нэр дэвшигч дундаж давхарга 69 хувьтай гэсэн судалгааг танилцуулж байсан. Лавлаад асуухад санал асуулгаар гаргасан тооцоолол гэх юм билээ. Гэхдээ үнэндээ манайд дундаж давхаргын эзлэх хувь 30 хүрэхтэй үгүйтэй л байгаа. Харин дээд доод давхаргын ялгаа зааг тэнгэр газар шиг болоод ирэхээр ёс суртахуун гэдэг зүйл ярих боломжгүй. Хүний ёс, хүнлэг ёс, хүний мөс, хүн чанар гээд ярьж чадахгүй. Донорын асуудал магадгүй том асуудал.

-Донороос авсан эд, эрхтнийг зуу, зуун саяар үнэлдэг. Донор болсон хүндээ 3.5 сая төгрөг өгөх гэж увайгүй загнаж болох хэрэг үү?

-Ёс суртахуун байгаа газарт хууль хэрэггүй гэдэг үг байдаг. Гэхдээ нийгэм өөрөө капиталжих тусам хууль нь нарийн байх шаардлагатай болдог. Сэтгэл зүй талаас аваад үзэхэд эрхтнээ өгсөн ч бай, авсан ч бай аль аль талд хэцүү. Хүний эрхтэн гэдэг бараа материал биш. Маш нарийн, төвөгтэй асуудал учраас түүнийг хууль дүрмээр л тодорхой болгох хэрэгтэй.

Үхсэн хүн үг хэлэх биш гэдэг. Тэр хүнийг өөд болсны дараа эрхтнийг нь амьд хүмүүс зохицуулж байна. Хэрэв өөрөө амьд байсан бол яах вэ. Ерөөсөө л үүний цаана ёс зүй, ёс суртахууны асуудал гарч ирнэ. Дээрээс нь хайртай хүмүүсийнхээ эд эрхтнийг өгчихсөн ар гэрийнхний хувьд үр хүүхэд маань хэдэн хүнд амьдрал бэлэглэлээ гэж баярлаж бахархах учиртай. Нөгөө талаас эрүүл болсон хүмүүс сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Үүний л аль алиныг хангах зүйл нь хууль эрх зүйн тодорхой зохицуулалт юм.

Жишээ нь, Гэр бүлийн хууль бий. Нөхөр нь орхиод явчихсан, хүүхэдтэйгээ үлдсэн эмэгтэйчүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг. Хуулийг нь судлаад үзэхээр хүүхдэд өгдөг тэтгэмж нь амьжиргааны доод түвшний 50 хувьтай тэнцүүг авдаг. Тэр хүн компанийн эзэн, эсвэл 500 мянган төгрөгийн цалинтай ч иргэн байж болно. Гэтэл хүүхдийн тэтгэмжид яг адилхан мөнгө тогтооно гэчихсэн нь шударга биш. Өмнө нь орлогын 30 хувь гэдэг байсныг буцаагаад улам дордуулчихсан юм билээ. Ядаж ийм асуудлыг хууль тогтоогчид, улстөрчид ямар өнцөгөөс яаж хардаг вэ гэдэг нь хүртэл өөрсдийгөө ямар ёс зүй, ёс суртахуунтай вэ гэдгийг харуулж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Дашням: Намайг хотод ирэхэд хамгийн гоё барилга Урт цагаан байлаа DNN.mn

Монгол уламжлал академийн тэргүүн Л.Дашнямтай ярилцлаа.

-Та анх хэдэн онд Улаанбаатар хотод орж ирж байв. Таныг анх хотод орж ирэхэд Улаанбаатар ямар өнгө төрхтэй хот байсан бэ?

-Би анх 1960 онд Улаанбаатар хотод ирсэн. Одоо 62 жил болж байна. Нэгэн жарныг өнгөрөөд явж байна. Улаанбаатар том хот болж байгааг нүдээрээ харж, дунд нь амьдарч явна. Намайг анх ирэхэд Улаанбаатар хот ийм байгаагүй л дээ. Төвөөс Толгойт ороход хөндий, хоосон талаар л явдаг байлаа. Автобус удаж удаж явна. Арай гэж автобусанд суухаар яваад барагдахгүй хол газар санагдана.

Ингээд хот байгуулагдаад ирэхээр газар орон зай нь ч багасдаг юм шиг. Танил болчихоор ч тэгдэг юм уу, хол санагдахаа больсон. Манайх анх ирээд олон газар нүүсэн. Айл айлын хашаа дамжаад л. Энд тэнд их очно. Хамгийн удаан байсан нь Зайсанд юм. Одоогийн өндөр өндөр барилгууд байгаа хэсэг дандаа гэр хороолол, айлын хашаа л байсан. Сүүлдээ Дархан цаазат уул гэж биднийг хөөгөөд, ууланд нэг ч хүн буулгахгүй гэж хөөгөөд зовж л байлаа. Гэтэл одоо шигүү барилгатай болчихлоо.

-Таныг хотод ирснээс хойш бүтээн байгуулалтууд их явагдсан уу?

-Намайг ирснээс хойш Их дэлгүүр, 120 мянгат, 220 мянгат, 19 дүгээр хороолол гээд бүтээн байгуулалт өрнөсөн. Сүүлд Толгойтын хөндий байрууд баригдсан. Ингээд л хотын төрхтэй болж эхэлсэн. Бид чинь энүүхэн Төмөр замаас л хотын төв орно гэж ярьдаг байлаа шүү дээ.

-Хотын төв гэхээр аль хэсгийг хэлдэг байв?

-Сүхбаатарын талбайг л хэлээд байгаа юм. Тэр хэсгээс л хот гэж үздэг. Хот явах уу гэж бие биенээсээ асууна.

-Тэр үед Төмөр зам орчим гэр хороолол байсан хэрэг үү?

-Төмөр замд вагон тээр урдуур хүнгэнэтэл дуугараад явдаг байсан чинь одоо яг хот дундуур явж байна шүү дээ. Туул дагасан энэ их барилгууд байгаагүй. Энэ хойд энгэрүүдэд нэлийсэн хашаа хороо, айлууд байгаагүй. Байшин барилгын хувьд иймэрхүү л байсан даа.

-Тэр үед хөдөөнөөс хотод ирэхэд гайхаж балмагдах, хотын соёл гээд онцлоод цочирдох зүйл байв уу?

-Хөдөөний хүн хотод ирэхэд эхэндээ балмагдана. Жишээлбэл, хүн утсаар ярья гэж дуудуулахад харилцуурыг нь буцаагаад тавьчихаж л байлаа шүү дээ. Би Архангайн хүн. Архангайн бүх гол зүүн зүг рүү урсана. Туул гол баруун зүг рүү урсдаг. Тэгээд голын дээд доод гээд ярихаар зөрнө. Зүг заалгасан хүмүүс төөрнө. Хаашаа юм бэ дээ л гэнэ. Гол нь тийшээ урсдаг гэж би мэдэхгүй шүү дээ. Улаанбаатар Архангайг бодвол нам дор юм байна лээ. Анх ирээд хоёр сар шахам толгой өвдсөн. Цаг агаарын өөрчлөлт, нам дор байршлаас болоод тэгдэг юм уу.

-Тэр үеийн барилгууд одоогийнхоос намхан байсан шүү дээ. Хийц хэлбэр нь хэр байв?

-Одоогийн Занабазарын музей тэр үед их дэлгүүр байлаа. Тэр үеийн ганц том дэлгүүр нь Их дэлгүүр. Шатных нь дээр нэг их том тольтой. Тэр бүү хэл би доороос өгсөж яваад толинд тусах өөрийнхөө дүрсийг хараад таньдаг хүн ирж явна даа гэж бодож байсан ч удаатай (инээв). Доороос ирж яваад толинд өөрийгөө харчихаад том толинд харж үзээгүй хүн чинь нэг л таньдаг хүн тэндээс ирж явах шиг. Ойртоод очтол би өөрөө байсан. Тийм зүйл их болно доо.

-1960 онд хотод орж ирсэн гэхээр та тэр үед хэдэн настай байв?

-Би аравдугаар ангийн хүүхэд байсан.

-1966 оны их үерийг нүдээр харсан уу?

-Яг тэр үеэр би хойно оюутан байсан. Зуны амралтаа хойно өнгөрөөж байсан учраас нүдээр харж чадаагүй. Айхавтар аюул болж гэж дуулаад, сэтгэл зовж л суусан. Тэр явдал намайг ирээгүй жилүүдэд л болсон шүү.

-Тэр үед хүмүүсийн хамгийн их очдог газрууд юу байв?

-Тэр үед цирк зүүн хүрээний тэнд байсан. Одоогийн циркийн барилгыг бүр сүүлд барьсан, Румений тусламжаар. 220 мянгатын тэнд Сүүн зах гээд нэг их том задгай талбайтай газар байсан.

Тэнд бид хөлбөмбөг тоглодог байлаа. Усчны гудамж гэж одоогийн Их дэлгүүрээс баруун хойш уртаа гудамж байсан. Гандангийн эх хүртэл үргэлжилнэ. Гандангийн хойно ч хүрдэг байсан. Төгсгөл хэсэг нь бүр сүүлд газарт орсон доо. Шар дэлгүүр гэж хүн бүр мэддэг дэлгүүр байлаа. Одоогийн 25 дугаар телевизийн өөдөөс харсан буланд л байсан, одоо байна уу.

-Тухайн үед хүмүүсийн хамгийн мэддэг байсан газар ямар газрууд вэ?

-Шар дэлгүүр, Их дэлгүүр, Сүхбаатарын талбай, сүүлд Их дэлгүүр биднийг аравдугаар анги төгсөж байхад баригдсан. Улаанбаатар зочид буудал баригдсан. Хятадууд барьсан. 19 дүгээр хороолол, 120 мянгатыг оросууд барьсан. Тэгж л хотжиж эхэлсэн.

-“Ард” кино театр таныг ирэхэд байсан уу?

-Одоогийн барилга биш Хөрөнгийн бирж байгаа барилгад байсан. Ард кино театр, Нэгдүгээр арван жил, Багшийн сургууль одоогийн байгаа нь. Дээр үед тэнд Засгийн газрын ордон байсан юм билээ. Эдгээрийг олзны япончууд барьсан юм. Хотын захиргаа байгаа барилгад Алтай зочид буудал гэж байсан.

-“Аман хуур” кинонд гардаг бүтээн байгуулалт тэр үед өрнөж байв уу?

-“Аман хуур”-т гардаг хашаа байшин нураадаг зургийг Долоон буудалд авсан. Сүүлд л хашаа нурааж байгаа маягаар авсан л кино.

-Тухайн үед хүмүүсийн сонирхлыг татдаг барилга байв уу?

-Хамгийн гоё барилга Урт цагаан байлаа шүү дээ. Анхны хамгийн урт барилга, их гоё дизайнтай. Намхан хийгдсэн. Одоо тэгээд тухайн үеийн барилгуудыг тэнд энд байсан л гэж ярихаас байх юм алга. Улаанбаатарын музей байрлаж байна уу, Бөхийн өргөөний тэнд нэг байшин үлдсэн байх. Ахмадын ордон гээд байсан, байхгүй болсон. Одоо бөгтийсөн хүн зогсож байгаа хөшөө хэсэгт Улсын филармони байлаа. Тэнд “Цогт тайж” киноны зургийг авсан. Хоёдугаар давхраас ээж нь ном барьж буудаг шүү дээ. Тэр барилгууд одоо байхгүй болсон. Гадаадынхан тийм түүхэн барилгаа үлдээгээд, хамгаалаад явдаг юм билээ. Эсвэл тэр барилга нь байгууламжуудын хэвлийд бүтнээрээ орчихдог. Бүр хуучин барилгаа нөмөрт оруулаад дээр барилга барьчихдаг. Гэх маягаар үлдээдэг юм байна лээ. Манайх заавал нураагаад л оронд нь нэг юм барьдаг.

-Манайх хотожсон л гээд байгаа. Энд тэнд төлөвлөлтгүй бөөгнөрүүлэх нь хотжилт мөн үү?

-Энэ бол хотжилт биш. Астана хотын ерөнхий архитектор миний таньдаг хүн байдаг юм. Серик Руслан Беков гэж Казакстаны гавьяат архитектор хүн бий. Тэр хүн Казакстаны нийслэлийг байгуулсан ерөнхий архитектор. “Астанаг байгуулахад өчнөөн алдааг бид хийсэн. Танай Улаанбаатар түүнээс алдаатай хот. Ер нь эрүүл хот гэж хэлэхэд хэцүү. Үүнийг эрүүл болгох боломж ч байхгүй. Хотоо нүүлгээд, зарим хэсгийг нь гаргаад, зарим хэсгийг нь нураагаад, шинээр барих л зам байна. Одоо Улаанбаатарыг шинэчлэхээс нэгэнт өнгөрсөн байна” гэж хэлсэн. Тэр том хотын ерөнхий архитекторын нүдээр харахад ийм л байна. 1990 оноос хойш хотын төлөвлөлт гэж байхгүй болсон. Тэрнээс өмнө юу барихаа мэдэж байсан. Анхнаасаа Улаанбаатарын төлөвлөлт 1.5 сая хүнтэй болчихно гэж төлөвлөөгүй. Ийм их машинтай болно гэж бодоогүй. Хүн амаа 2.5 хувь өсөлттэй. Түүнээсээ тодорхой хувь нь Улаанбаатарт амьдарна. Аймгуудын өсөлт ч тийм их гэж төлөвлөөгүй. Тухайн үед аймгуудаас хот руу шилжихэд тийм амар байгаагүй. Одоо хүн хаана амьдрах нь чөлөөтэй болчихоор 1990 оноос хүн ам хот руугаа л овоорчихлоо. Дээрээс нь газар эзэмшилт хувьд өгдөг болсноор хотын төлөвлөлт гэж байхгүй болсон доо. Хотын төлөвлөлт гэж байсан боловч хэмжээг нь төлөвлөөгүй учраас сүүлдээ төлөвлөлт биш болчихсон л доо.

-Та олон хотоор явж үзсэн байх. Манайх шиг голын ай сав дотроо барилга байгууламж бариад байх юм уу?

-Ер нь хотуудыг голын дагуу барьдаг. Яагаад гэвэл усан хангамжийн асуудлаа шийдэж байгаа юм. Голынхоо дагуу барихдаа хэдэн метрийн зайтай байх вэ, тэр бүгд нь стандарт нормын дагуу төлөвлөлттэй. Хотын дундуур урсаж буй голоороо тээврийн хэрэгсэл болгочихдог. Бүр том сайхан суваг болчихсон. Жижиг зав, усан онгоц явж байхаар төлөвлөдөг. Тодорхой хэсэгт нь цөөрөмлөөд усан сан байгуулна.

Усан сангаасаа тодорхой хэмжээний ус тогтмол явдаг болгочихсон байдаг. Тэр нь ус зайлуулах хоолой гэх мэт дэд бүтцүүдийн ажил давхар хийгдчихсэн, үер усны аюул гэж байхгүй. тээврийн нэг хэрэгсэл болгож ашиглана. Зугаа цэнгэлийн талбай болгодог. Манайх бол Туул, Сэлбэ, Дунд голоо усан сан болгоод тээврийн хэрэгсэл зорчдог, зугаа цэнгэлийн төв болгох бүрэн боломжтой. Жил болгон хур тунадас хичнээн их орж байна. Үүнийг бид ерөөсөө ашиглаж чаддаггүй. Урсгаад л алдчихдаг.

С.ОТГОНБАЯР

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр тахиа өдөр DNN.mn

2023.9.24, НЯМ ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 10

НАМРЫН ДУНД ЦАГААГЧИН ТАХИА САР
НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТАХИА ӨДӨР

  • Аргын тооллын: 2023.9.24, Ням гариг
  • Наран ургах шингэх: 06.41-18.48
  • Үс засуулбал: Эрч хүч ихэснэ
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.
Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна DNN.mn

2023 оны 09 дүгээр сарын 24-нөөс 09 дүгээр сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

      24-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-нд Алтайн уулархаг нутгаар, 25-нд нутгийн зарим газраар, 26, 27-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна. 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн баруун хагаст, 26-наас ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +14…+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +7…+12 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Шилжилт хөдөлгөөн хот суурин газрын эрсдэлийг нэмэгдүүлэх хүчин зүйл болжээ DNN.mn

Хувьсан өөрчлөгдөж буй энэ цагт Онцгой байдлын байгууллагын алба хаагчид тасралтгүй суралцах шаардлагатай тулгардаг. Тиймээс ОБЕГ-ын даргын тушаалаар гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян сургалтыг нээж үг хэлэхдээ, эрсдэлийг урьдчилан харж, мэдээлэлд суурилсан төлөвлөлт хийх, шийдвэр гаргах үйл явц бидний ажлын зайлшгүй нэг барих бодлого, чиг хандлага болсоор байна. Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааг төлөвлөх, болзошгүй эрсдэлийг тодорхойлох арга зүй, хянах чадвараас гадна цэргийн хэргийн болоод гадаад хэлний мэдлэг, харилцааны чадвараа ч байнга хөгжүүлж ажиллахыг онцолсон юм.

Уур амьсгалын өөрчлөлт, хотжилтын улмаас манай улсад төдийгүй дэлхийн олон улс оронд гамшгийн давтамж, эрчим, нийгэм эдийн засагт учруулах хохирлын хэмжээ нэмэгдсээр байна. Уур амьсгал дулаарах гэсэн ойлголт “уур амьсгал буцлах” гэсэн нэр томьёогоор хүртэл солигдон яригдаж эхэлжээ. Түүнчлэн зудын гамшгийн улмаас амьжиргаагаа алдсан малчин иргэд хот суурин газарт шилжин суурьшиж байгаа нь эргээд хот суурин газарт гамшгийн эрсдэлийг нэмэгдүүлэх нэгэн хүчин зүйл болж байгааг ч сургалтын үеэр ярилцсан байна.

Энэ удаагийн сургалтад өөрийн орон нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийн үнэлгэээнд тулгуурлан эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чухал үүрэг бүхий алба хаагчид хамрагдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.