Алтан овооны тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслол 2023 оны наймдугаар сарын 5-ны өдөр буюу XVII жарны Үзэсгэлэн болгогч хэмээх харагчин туулай жилийн зуны адаг Шарагчин хонь сарын хөхөгчин хонь өдөр Алтан овооны Тахилгат овоонд боллоо.
Тахилгын ёслолын өмнөх орой лам хуврагууд Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрд тахилгын ном хурав.
Овооны тэнгэрийг тайх ёслол эхлэх үед “Ганжуур” их хөлгөн судар, Найман тахилыг тусгайлан залж, лам нар Лмчодов, Жигжид, Очирваань, Юлтий зэрэг ном хурлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирэв.
Дараа нь хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Дорнын элч сүлд, Сүхбаатар аймгийн далбаа, Их эзэн Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, гэдгийг тодотгов.
Эртний их шүтээн, Алтан овоондоо бишрэл, хүндэтгэлээ үзүүлж, өвөг дээдсээс уламжлагдан ирсэн өв соёлоо дээдэлж буй нь түүх, ёс заншилаа эрхэмлэн хадгалж, үр хойчдоо өвлүүлэн үлдээж, үнэт зүйлээ бэхжүүлж байгаа хэрэг гэдгийг хэлэв.
Мөн “Гол мөрөн, нуур цөөрөм, булаг шанд, рашаан усаа хамгаалж, ундны усны эхийг сэргээх, хөрс шороо, ой мод, ургамал, амьтнаа хамгаалахад иргэд, ялангуяа залуучууд идэвхтэй оролцож байгаад Төрийн тэргүүн баяртай байна.
Хатаж ширгээд байсан Ганга нуураа сэргээсэн нь үүний нэг тод жишээ” гэлээ.
Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа туульч Алтан овооны магтаал хайлав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир Алтан овооны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь аймгийн музейд хадгалуулахаар хүлээлгэн өглөө.
Дараа нь лам хуврагууд Буман цагаан судар, Алтан овооны сан, Дэвжид сэржим, Жанлав цогзол ном уншив.
Монгол Улсын Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул, Аймгийн мэргэн харваач Б.Бат-Эрдэнэд хүлээлгэн өгч, тус аймгийн Дарьганга сумын малчин Б.Батаагийн адуун сүргээс сонгосон морийг тэнгэрийн хүлэг болгон сэтэрлэв.
Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Дорнын элч сүлд, Сүхбаатар аймгийн далбаа, Чингис хааны хөрөг болон Төрийн долоон эрдэнийг буцааж залснаар Алтан овооны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол өндөрлөв.
Монголчууд, тэр дундаа Дарьгангачууд Алтан овоогоо үе дамжин дээдлэн шүтэж ирсэн. Анх Богд хааны зарлигаар 1913 оны намрын дунд сарын гал бичин өдрийн луу цагт Алтан овоог тахисан түүхтэй юм.