Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Нүүдэлчин” фестиваль энэ сарын 18-20-ны өдрүүдэд болно DNN.mn

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг энэ сарын 18-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Тайж хайрхан”-ны өвөрт зохион байгуулах гэж байна.

Тус фестиваль засгийн газрын 2022 оны “2023-2024 оныг Монголд зочлох жил болгон зарлах тухай” 264 дүгээр тогтоолын хүрээнд Соёлын яамнаас санаачилсан зохион байгуулах аж. Мөн салбар дундын уялдааг ханган Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа “Монгол үндэсний нэрийн брэнд” олон улсын наадмыг бий болгох зорилтын дагуу хэрэгжих юм байна.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан Монголын уламжлалт спорт, наадам, наадгайг хөгжүүлэх, үндэсний баг, тамирчдаа дэмжих, гадаад, дотоодын баг, тамирчдыг урьж оролцуулах тогтолцоог хөгжүүлж, спортын зарим төрлийг олон улсад түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор салбар дундын уялдааг ханган ажиллаж байна.

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн ач холбогдол,

  • Соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах түүнийг өвлөн уламжлуулагч, өв тээгчийг алдаршуулах, олон нийтэд сурталчлан түгээн дэлгэрүүлэх,
  • Аймаг, орон нутаг, ястан, угсаатны онцлогтой уялдан өвлөгдөн уламжилж ирсэн үндэсний уламжлалт спортын төрөл, тоглоом наадгайг гадаад дотоодын аялал жуулчдад сурталчлах,
  • Шинээр сэргэн таниулж буй үндэсний уламжлалт өв төрлүүдийг олон нийтэд таниулахад оршино.

Тус арга хэмжээний үеэр,

  • Улс, аймгийн алдар цолтой хүчит 64 бөхийн барилдаан,
  • “Хуйрнан шуугигч” хүүхдийн барилдаан,
  • Үндэсний сурын харваа,
  • Буриад сурын харваа,
  • Урианхай сурын харваа,
  • Шагайн харваа,
  • Ширээний шагай,
  • Үндэсний морьт сурын харваа,
  • Уран уургач, бугуйлч, эмнэг булгиулах,
  • Морин дээрх барилдаан,
  • Тулам булаалдах зэрэг уламжлалт спортын төрлүүдээр үзүүлэх тоглолт Спортын хүрээ отогт болно.
Categories
мэдээ нийгэм

Хүчтэй шуурганы улмаас ЕБС-ийн хичээлийн байр, спорт заалны дээвэр нуржээ DNN.mn

Архангай аймгийн Хашаат сумын Жаргалант багийн Дэлийн-Өвөр гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 167 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 5 км/-т наймдугаар сарын 13-ны 22:55 цагийн орчим хүчтэй аадар бороо орж, 27 м/с хүчтэй шороон шуурга шуурчээ.

Шуурганы улмаас ЕБС-ийн хичээлийн байр, спорт заалны дээвэр нурсан, дээврийн төмөр салхинд хийссэн, хоёр гэр нурж дахин ашиглах боломжгүй болсон тухай мэдээллийг наймдугаар сарын 14-ний 13:45 цагт хүлээн авсан байна.

Мэдээллийн дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан иргэд 12:15 цагт очиж нөхцөл байдалтай танилцаж хохирлыг тогтоож ажилласан тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Б.Янжинцэцэг: Хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт зүрх өвдөх шалтгаан болж байна DNN.mn

“Ялгуун мэдрэмж” эмнэлгийн ерөнхий эмч, АУ-ны магистр, тэргүүлэх эмч Б.Янжинцэцэгтэй ярилцлаа.


 

-Сүүлийн үед зүрх судасны өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Гол хүчин зүйлийг юу гэж харж байгаа вэ?

-Зүрхний өвчлөл үүсэх маш олон төрлийн хүчин зүйл байдаг. Амьдралын буруу хэв маяг, муу зуршил нэн тэргүүнд нөлөөлнө.

Сүүлийн үед энэ төрлийн өвчлөл илүү залуужиж байгаа. Хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт, архи, тамхины хэрэглээ. Архи их хэрэглэдэг хүмүүсийн зүрх нь маш томорсон байдаг.

Хэвийн хэмжээндээ сунаж, агшиж үүргээ гүйцэтгэж байх ёстой эрхтэн нь шаар шиг томорчихоор энгийн үеийнх шигээ ажиллаж чадахаа больчихно гэсэн үг. Мөн зүрхний томролын өөр нэг шалтгаан бол жингийн илүүдэл. Хөдөлгөөн муу байх нь зүрхний ачаалал даах чадварыг бууруулж байдаг. Ингээд жаахан хөдлөхөөр амьсгаа давчдах, зүрх дэлсэх эмгэгүүд гарч эхэлнэ.

-Бусад эмгэгээс шалтгаалж өвдөх тохиолдол бий юү?

-Хамгийн энгийн жишээ гэхэд жингийн илүүдэлтэй олон жил явсан хүний цусан дахь сахарийн хэмжээ өндөр байдаг. Цусан дахь сахарын хэмжээ ихэссэнээр судсаар гүйх цусны урсгал удааширч зүрхний булчингийн агшилт, хэвийн ажиллагаа алдагдана. Жишээлбэл, дан ус, сахартай ус хоёрыг урсгахад сахартай нь илүү удаан байдагтай адил. Ингээд цусан хангамж багасахаар хүмүүсийн захын мэдрэхүй нь алдагдаж эхэлдэг. Үүнээс болоод зүрх өвдөж байгаагаа тэр бүр мэдрэхгүйгээс болж өвчин нь улам даамжирч аюултай нөхцөлд хүргэдэг. Үүнээс гадна хатгалгаа туссан хүний уушгины аль нэг цулцан ажиллахгүй болоход дагаад зүрхэнд очих хүчилтөрөгчийн хэмжээ багассанаар зүрхэнд өвдөлт мэдрэгддэг. Гэхдээ өвчлөл, өвдөлт хоёр өөр ойлголт. Зарим хүмүүс хоол их идэхээр зүрх өвдлөө гэдэг. Энэ нь ходоод хэт дүүрснээс зүрхийг доороос нь шахаж ачаалал үүсгэж өвдөлт мэдрэгддэг. Тиймээс бага багаар өдөрт дөрвөн удаа хооллох нь зүйтэй.

-Ковидын дараагаас зүрх хаагдах үзэгдэл нэмэгдэх болсон. Үүнийг вакцины дам нөлөө гэж тайлбарлах хүмүүс ч цөөнгүй байна. Энэ талаар та ямар байр суурьтай байдаг вэ?

-Вакцин нэг үгээр хөнгөн хэлбэрээр ковидоор өвчлүүлээд дараагийн удаа энэ төрлийн вирус биед нэвтрэхэд дарангуйлах дархлааны системийг бэлдэж байна гэсэн үг л дээ. Мэргэжлийн үүднээс хэлэхэд шууд вакцины нөлөөлөл гэж хэлэхээс илүү ковид өөрөө хүнд хөнгөнөөсөө үл хамаараад цусыг маш ихээр бүлэгнүүлдэг. Хэдийгээр зүгээр болсон ч цусны өтгөрөлт, бүлгэнэлийг тоолгүй орхиж болохгүй. Энэ нь аажимдаа гэнэтийн нас баралтын шалтгаан болдог. Бүлэгнэсэн цус нь зүрхний нарийн хялгасан судсыг бөглөөд зүрх цусан хангамжгүй болохыг зүрхний шигдээс гэдэг.

Өөр нэг шалтгаан нь ковидын дараа зүрхний хэм алдалт маш их болсон. Зүрх энгийн үед байдгаас хэт олон, эсвэл хэт удаан цохилохыг хэм алдалт гэдэг. Зарим үед энэ нь аюултай түвшинд хүрснээс нас барах тохиолдол бий. Зүрхний хэм удамших тохиолдол ч байна. Аавынх нь зүрхний хэм удаан байхад охинд удамших нь хэвийн үзэгдэлд тооцогдоно. Зүрхний өвчин нь 100 хувь биш ч тодорхой хэмжээнд удамших магадлалтай.

-Эмнэлгийн байгууллагаар ихэвчлэн хэд орчим насны хүмүүс үйлчлүүлж байна вэ?

-40-с дээш насныхан үйлчлүүлж байна. Энэ нь зүрх судасны өвчнийг залуус өөрсдөдөө хамаатуулж ойлгодоггүй. Үүнийг насжилттай холбоотой өвчин гэж боддог. Гэвч эсрэгээрээ залуус энэ өвчинд маш өртөмтгий болж байна. Хүйсийн хувьд эмэгтэйчүүд эрт оношлогдох, эмчлэгдэх нь элбэг. Ихэнхдээ жирэмслэлтээс үүдэлтэй эрт илрүүлэгт хамрагдах зайлшгүй шаардлагатай. Эрчүүд ихэнхдээ эцсийн шатанд орсны дараа эмнэлэгт ханддаг.

-Зүрх судасны өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Аль болох идэвхтэй амьдар. Биеийн жингийн индексээ зохистой хэмжээнд барь. Өөрийн өндрөөсөө 100 см хассантай тэнцүү жинд байлгаарай. Долоо хоногт 5-аас доошгүй удаа 30 минутаас багагүй дасгал хөдөлгөөн хийгээрэй гэж зөвлөмөөр байна. Хүмүүсийн сайн гэсэн эмийг хэрэглэх бус мэргэжлийн эмчид хандах, 25с дээш насныхан жилдээ нэг удаа зүрхний ЭХО, цахилгаан бичлэгийг хийлгэх хэрэгтэй.

П.ТЭРГЭЛСАРАН

У.АНХЦЭЦЭГ

Categories
нийгэм цаг-үе

​CNN телевизийн олон улсын бизнесийн сэтгүүлч Richard Quest Монгол Улсад ирлээ DNN.mn

CNN телевизийн олон улсын бизнесийн сэтгүүлч, Quest Means Business нэвтрүүлгийн хөтлөгч Richard Quest Монгол Улсад хүрэлцэн ирлээ.

Richard Quest нь 1985 оноос эхлэн ВВС телевизэд ажиллаж эхэлсэн бөгөөд 1989 оноос эхлэн Хойд Америк хариуцсан сэтгүүлчээр ажиллаж байсан туршлагатай бөгөөд CNN телевизийн нүүр царай болсон хөтлөгч, сэтгүүлч юм.

May be an image of 2 people, television, newsroom and text

Тэрбээр Монгол Улсад ажиллах хугацаандаа шинэ бүтээн байгуулалтуудтай танилцахаас гадна, эдийн засгийн орчин нөхцөл, гадаадын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжуудын талаар мэдээ, сурвалжилга, нэвтрүүлэг бэлдэх юм.
Categories
мэдээ улс-төр

Энэ намрын улс төрийн халуун цэг: МАН-ын генсек Д.Амарбаясгалан намтайгаа дайн зарлах уу DNN.mn

Хаврын улс төрөө хааж амжилгүй “морь, бөх, сур”-аа байлж сонгуулийн оршлоо амжилттай хийгээд ирсэн улстөрчдийн намрын халуун өдрүүд албан ёсоор эхэллээ. Нээлттэй сэдэв нэлээдийг үлдээж “тавьж хоносон хоол” элбэгтэй МАН-ын улс төр энэ намар жинхэнэ буцлах төлөвтэй. Наадмын хуушуур, нутгийн ойн ард ирэх намрынхаа улс төрийн прогноз, төлөвлөлтийг хийгээд ирсэн тэд өнгөрсөн долоо хоногт намрынхаа улстөржилтийн туузыг үндсэндээ хайчилчихсан.

Нийслэлийн Засаг даргыг огцруулах шаардлага бол МАН-ын дотоод зодооны эхлэл болов уу. Сүүлийн найман жил ордны бүү хэл гудамжны улс төрөөс ангид байсан Ардчилсан нам энэ намрын улс төрийн салхийг хагалж буй нь жам ёсны үзэгдэл мэт боловч цаанаа учиртай дуулдана. Шууд хэлбэл 80 гаруй жилийн түүхтэй Говь-Алтай аймгийн 100 жилийн ойг урьдчилан тэмдэглэсэн баярын өдрүүдээр сонгууль хүртэлх улс төрийн акц, жагсаал, цуглааны товууд гарсан сурагтай. Говь-Алтай аймгийг 1940 онд үүсгэн байгуулсан байхад 100 жилийн ойг нь бярдаж хийсэн Д.Амарбаясгалан сайдыг тойрч энэ асуудлууд яригдсан байх магадлал өндөр.

Тэд найман жилийн дараа Алтай аймаг, 20-иод жилийн дараа Говь-Алтай аймгийн 100 жилийн ойг мөн тэмдэглэж таарах нь. Анхны 100 жилээ тэмдэглээд ирсэн АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, гишүүн П.Батцацрал хоёр ийнхүү улстөржилтийн халуун цэгт явж орлоо. Хоёул Д.Амарбаясгалантай нэг нутгийнх бөгөөд П.Батцацрал нь ижил төрлийн бизнес эрхэлдэг гэх мэдээлэл бий. Тийм ч учраас НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Эрдэнэсүх, АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, П.Батцацрал нар АН-ын үйл ажиллагааг сэрээв үү, Ардын намын улс төрийг эхлүүлэв үү гэдэг асуултыг албан ёсоор тавьж болно. АН-ынхан Ардын намын дарангуйллын эсрэг, ард түмний эрх чөлөөний төлөө 30 жил тэмцэж ирчихээд арай ч үер усны гашуун зовлон, үхэл хагацлын хар сүүдрээр оноо цуглуулах гэж жагсаал хиймгүй учир ингэж хардаж байна.

Өөрсдийнхөө төлөө “Ажлаа хий” гэх зэргийн жагсаалыг бодоод олчихдог, хийгээд үзчихсэн МАН-аас энэ зэргийн санаа гарч мэдэх учир тэр зүгээс шидсэн чулуу ч байж мэднэ.

Олны яриа ортой гэлцдэг. Говь-Алтай аймгийн 100 жилийн ойн үеэр нийслэлийн Засаг даргыг эхлээд, дараа нь Засгийн газрыг түлхэн унагах яриа болсон гэцгээж байгаа энэ үед амтай юм шиг тэмцэл эхэллээ. МАН-ынхан юу гэж сонгуулийн өмнөх жил дотоод зөрчлөө нийгэмд дэлгэж хотоороо, засаг төрөөрөө, намынхаа даргаар оролдох билээ гэсэн асуултыг асууж мэднэ. Гэхдээ тэдэнд гарцаагүй ужгирсан асуудлууд олон бий. МАН-ынхан хаврынхаа улстөржилтөөс хойш тавьж нээлттэй үлдээсэн хамгийн том сэдэв бол Г.Занданшатар даргын хамар дор бий. Тодруулбал, нүүрсний сонсгол.

Хөгжлийн банкны сонсгол хэмээх “Төрийн ордонд болсон шүүх хурал” яалаа. Хууль, шударга ёсыг завхруулсан гэх этгээдүүд шүүхээс ял авахаасаа өмнө Төрийн ордонд дуудагдан очоод улайтал байцаагдаж, нийгэмдээ яллуулж орох, байх газаргүй болтлоо буллид өртсөн. Тэгвэл нүүрсний сонсгол үүнээс ч халуун, бүр халуун болно. Гол асуудал нь МАН-ын хийгээд Засгийн газрын гал тогоог барьж буй Д.Амарбаясгалан дарга руу сонсголын сөрөг үр дагавар шууд эргэж, нэр төрийг нь сэвтээсэн шиг сэвтээнэ гэдгийг өнгөрсөн хавраас хойш хангалттай ярьж, бичицгээж байгаа.

Хэвлэл, мэдээллийн байгууллагуудын бичиж, мэдээлж байснаар Д.Амарбаясгалан түүний зөвлөх Ц.Чулуунзагд нарын хамаарал бүхий 10 гаруй хүн энэ асуудалд шууд татагдан орно гэж байгаа. Нүүрс тээврийн асуудлаас эхлээд Таван толгойн баруун, зүүн Цанхийн голд байрлах Бор тээгийн ордыг түшиглэн “Админерал” ХХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр барьсан гэх шууд хамаарлын баримтыг хэвлэлүүд цохон тэмдэглэсээр буй.

30 жилийн хугацаанд Бор тээгийн нүүрсний ордыг ашиглахаар бүх бичиг баримтаа бүрдүүлж ажлаа эхлүүлэхэд бэлэн болоод байгаа гэдгийг бичиж, мэдээлцгээсэн.

Өнгөрсөн хавар Eguur.mn сайтын мэдээлснээр “Д.Амарбаясгалантай ойр шадар ажиллаж байсан, өдгөө МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагдын төрсөн дүү Ц.Ламжав нь нүүрс баяжуулах үйлдвэр барьж буйн дээр өнгөрсөн хугацаанд ЭТТ ХК-иас нүүрс тээвэрлэсэн, худалдсан байх магадлалтай байгаа юм. “Админерал” ХХК-ийн түүхийг 2018 оны дөрөвдүгээр сараас бичнэ. Анх Ц.Ламжавын урилгаар БНХАУ-ын эрдэмтэн ЭТТ ХК-ийн уурхайд зочилсон байна. Улмаар уурхайн үнслэг ихтэй нүүрсийг баяжуулах үйлдвэр барих асуудлыг хөндөж, ХБНГУ-ын технологийг нэвтрүүлэхээр тохиролцжээ. Энэ хүрээнд, “Админерал” ХХК нь 2021.07.02-ны өдөр Монгол талаас “Моновант” ХХК, БНХАУ талаас “Quzhou Longyuan Trading” Co.,Ltd, Хонг Конг талаас “Хонконг Руйшен Глобал Групп” ХХК-иуд хөрөнгө оруулснаар байгуулагдсан байна. “Моновант” ХХК-ийн эцсийн өмчлөгч нь Ц.Ламжав юм. “Админерал” ХХК нь 2021 оны гуравдугаар сард ЭТТ-н уурхайн гурав, дөрөвдүгээр давхаргын коксжих, кондицийн бус болон найм, есдүгээр давхаргын хагас коксжих нүүрсийг худалдан авч, дээжийн нүүрсийг тээвэрлэх, хил гаалиар нэвтрүүлэх зөвшөөрлөө авсан байна. Үйлдвэр барихын сацуу гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд нь ЭТТ ХК-иас 47 мянган тонн нүүрс авчээ” гэх мэтчилэн бичигдэж байлаа.

Асуудал иймдээ тулсан учир нүүрсний асуудалд холбогдсон хүн бүр энэ намрын хамгийн халуун сэдэв “Нүүрсний сонсгол”-оос үнхэлцгээ хагартал айж байгаа. Нүүрсний хулгайн 40 их наядын гэх асуудал сөхөгдсөн цагаас эхлэн “Нүүрсний хулгайг манай Засгийн газар шүгэл үлээж илчилсэн” хэмээн ярьж, энэ талаарх мэдээллүүдийг олон нийтэд өгч байсан Засгийн газрын гол хүн, МАН-ын хамгийн нөлөө бүхий эрх мэдэлтэн Д.Амарбаясгалан өөрөө энэ хэрэгт татагдан орсон нь асуудлыг улам ээдрээтэй болгочихоод байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачлан эхлүүлсэн “Авлигатай тэмцэх таван Ш ажиллагаа” өөрийнх нь эсрэг чиглэж ч магадгүй нөхцөл байдалд хүрч байх шиг. Нэг ёсондоо энэ намар нүүрсний сонсгол болох аваас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга олон түмний өмнө нүүрстэй ямар ч холбоогүй гэдгээ нотлох томоохон сорилтод дуудагдана. Нотолж чадахгүй бол улс төрийн карьер нь дуусна. Хэрвээ нүүрсний сонсгол болохгүй бол Монгол Улсын Засгийн газрын буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувь заяа буруу хойшоо хазайж түүний улс төрийн замналд томоохон гарз учирч болзошгүй болоод байна.

Говь-Алтайн гаралтай Ардчилсан намынхны тэмцлийн дараагийн хурц хэлбэр нь “Засгийн газар огцор” байх вий. Энэ намрын тэмцлийн салхийг Говь-Алтай нутгаас хагалах болсны цаад учиг ингэж уншигдаж байна. Одоо гагцхүү Ерөнхий сайд болоод УИХ-ын даргын зориг мэднэ. “Тавьж хоносон хоолоо барж идэх”-ийг нь ард түмэн анхааралтай ажиглаж байгаа.

З.Ядам

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Их түгжрэл эхэллээ, хот бэлэн үү? DNN.mn

Хичээлийн шинэ жилийг угтсан хөдөлгөөн Улаанбаатарт хэдийнэ эхэлжээ. Ажлын өдрүүд гэлтгүй амралтын өдрүүдэд ч яг л сургууль, цэцэрлэг хичээллэдэг үетэй адилхан замын хөдөлгөөн ачаалалтай байна.

Шинэ хичээлийн жилийг угтаж хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгсэл, хувцас хунар нэг дор худалдаалж байгаа газар сурагласан эцэг эхчүүд олон байна. Нарантуул, Хархорин, Бөмбөгөр зэрэг томоохон худалдааны төвүүдэд аль хэдийнэ хөл хөдөлгөөн ихэсчээ. Хархорин худалдааны төвийн хичээлийн хэрэгслийн тасгуудаар үйлчлүүлэгч тасрахгүй байна. Ялангуяа бага анги, тэр дундаа нэгдүгээр ангийн хүүхдийн хичээлийн хэрэгсэл худалдан авч буй аав ээжүүд олон байна. Дүрэмт хувцасны тасгууд ч үйлчлүүлэгч олонтой харагдана. Мөн л бага ангийн хүүхдүүдээ дагуулсан эцэг эхчүүд дүрэмт хувцсыг нь өмсгөж үзэн худалдан авч байна.

“Хархорин”-ыг бодоход “Нарантуул” худалдааны төв талбай томтой учраас хүмүүс шахцалдаж харагдахгүй ч бас л хөл хөдөлгөөн ихэсчээ. “Наймдугаар сар гараад л хүмүүс ихэсчихлээ. Ер нь энэ зун хөл хөдөлгөөн тасарсангүй. Мэдээж орон нутгийн иргэд хүүхдийн хичээлийн хэрэгсэл, хувцас бэлдэж яваа нь олон байна. 20-д гараад ирэхээр бүр ч нэмэгдэнэ. Хүн зөрөх зайгүй л болчихдог шүү дээ” хэмээн хүүхдийн хувцасны тасгийн худалдагч бүсгүй ярилаа. Үнэхээр л энэ зуны хувьд нийслэлийн хөл хөдөлгөөн тасарсангүй.

Ялангуяа есдүгээр сарын 1-н ойртох тусам зах худалдааны төвүүд рүү чиглэсэн замын ачаалал өнөөдрийнхөөс эрс нэмэгдэнэ. Тиймээс хичээлийн шинэ жилийг угтаж замын хөдөлгөөний ачааллыг бууруулах тал дээр ямар зохион байгуулалт хийж байгаа бол гэх асуултыг нийслэлчүүд нэгэндээ тавьж буй.


Есдүгээр сарын1-нд ЕБС, цэцэрлэг, 3-нд их дээд сургуулиуд нээлтээ хийнэ


Замын хөдөлгөөний ачаалал есдүгээр сарын 1-нд оргил цэгтээ хүрдэг.

Тиймээс боловсролын байгууллагууд хичээлийн шинэ жилийн нээлтийг замын ачааллыг бууруулж, ямар зохион байгуулалт хийж байгаа талаар БШУЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Боловсролын ерөнхий хуулиар ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэг есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийн нээлт хийхээр хуульчилсан байдаг. Тиймээс хуулийн дагуу есдүгээр сарын 1-ндээ нээлтээ хийнэ” гэлээ. Харин их дээд сургуулиудын хувьд хичээлийн шинэ жил есдүгээр сарын 3-ны өдөр болох гэнэ. Замын хөдөлгөөний ачаалалтай холбогдуулж төвийн сургуулиуд болох МУБИС, МУИС, ШУТИС, АШУҮИС зэрэг сургуулиудын хичээлийн цагт өөрчлөлт оруулсныг БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир онцлов. Зарим их дээд сургуулийн хичээл ч эхэлж байгаа аж. Харин МСҮТ-үүдийн хувьд есдүгээр сарын 1-нд хичээлийн нээлтээ хийх бөгөөд ингэхдээ ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нээлтийн цагийг зөрүүлэх төлөвлөгөөтэй байгааг албаны хүн дуулгав.

Замын ачаалал өнгөрсөн жилүүдийн мөн үеэс нэмэгдсэн гэлээ

Сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлтийн хувьд өмнөх жилүүдэд ч ийм маягаар зохицуулалт хийгдэж ирсэн. Гэвч замын хөдөлгөөний ачаалал онцгой гойд буурч байсангүй. Есдүгээр сарын 1-нд нийслэлчүүд бараг тэг зогсолт зарлах нь холгүй түгжирцгээдэг. Тэр айхавтар түгжрэлийн эхлэл өнөөдөр ч тавигдчихсан байгааг зам дээрээс

бид харж байна.

Замын хөдөлгөөн хариуцсан албаныхан энэ тал дээр хэрхэн анхаарч байгаа талаар тодрууллаа. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг “Хичээлийн шинэ жилтэй холбогдуулаад долоо хоногт нэг удаа дугаарын хязгаарлалт хийж байгаад өөрчлөлт оруулах тооцоололтой байна. Гэхдээ одоогоор эцэслэгдээгүй тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Дугаарын хязгаарлалтыг өөрчилж, наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын дунд хүртэл тодорхой зохицуулалт оруулахаар урьчилсан байдлаар төлөвлөж байгаа” гэж мэдээлсэн. Харин өнөөдөр хичээл сургуулийн бэлтгэл хийхтэй холбоотойгоор үүссэн замын хөдөлгөөнд ямар нэгэн зохицуулалт, шийдвэр гараагүй гэсэн үг.

Энэ тухай замын хөдөлгөөний удирдлагын төвтэй холбогдлоо. Албаны хүмүүс ихэвчлэн амралтын байдалтай байгаа гэнэ. Хотын замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн эсэх талаар тодруулахад “Оргил үетэй харьцуулахад арай бага байна. Гэхдээ өмнөх жилүүдийн мөн үетэй харьцуулахад ачаалал нэмэгдсэн байдалтай байна. Ирэх долоо хоногоос хичээлийн шинэ жилтэй холбоотой зохицуулалтууд эхлэх болов уу. Одоогоор гарсан шийдвэр, зохицуулалт байхгүй” хэмээн тус төвийн мэргэжилтэн ярилаа.

Замын бүтээн байгуулалт нийслэл хотод 13 байршилд авто зам, замын байгууламжуудыг өргөтгөн, шинэчлэх ажил хийгдэж эхэлжээ. Энэ тухай НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс “Авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд 13 байршилд, Улаанбаатар хотын хэвтээ чиглэлд зургаан эгнээ замыг ирэх оны зургадугаар сард ашиглалтад оруулна. Энэ жил шороо, далан овоолгын ажлыг 70 хувьтай хийж дуусгах ёстой. Хучилтын ажлыг ирэх онд хийж дуусгахаар төлөвлөж байна. 13 байршилд авто зам, замын байгууламжийг өргөтгөн, шинэчилснээр замын сүлжээ 17.8 хувиар нэмэгдэнэ” гэлээ. Энэ мэдээллээр бол энэ хичээлийн жилд гол замуудын ачааллыг бууруулсан шинэ бүтээн байгуулалт тун хангалтгүй харагдаж байна. Гэмтлийн эмнэлгийг Содон хороололтой холбох зургаан эгнээтэй авто зам баригдаж буй. Энэ замыг ашиглалтад оруулснаар Энхтайваны өргөн чөлөөний замын ачааллыг 50 хувь бууруулна гэж тооцоолж байгаа ч ирэх оны зургадугаар сард ашиглалтад орох товтой гэнэ. Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд өдөрт 990 орчим автобус үйлчилгээнд явдаг байсныг 1200 болгон нэмэгдүүлнэ. Нийтийн тээврээр өдөрт 500 мянга орчим иргэн зорчиж байгаа бөгөөд үүнийг 700 мянга болгохоор төлөвлөсөн. Энэ хүрээнд шинээр нийтийн тээврийн чиглэл нэмж, мөн богино эргэлтийг бий болгохоос гадна автобусуудыг бүрэн шинэчилж байгаа гэж Хотын захиргаа мэдээлж байна.

Хэдий тийм ч бодит байдал дээр замын хөдөлгөөнд өөрчлөлт орсон шинэ зохицуулалт алга. Үүнийг Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөн ч баталж байна. Харин ч эсрэгээрээ өмнөх жилүүдээс илүү ачаалалтай байгаа гэдэг нь ноцтой тайлбар юм. Авто замын түгжрэл, зохион байгуулалт хариуцсан албадын өнөөдрийн дүр зураг, төлөвлөгөөгөөр бол хичээлийн шинэ жил эхлэх хүртэл нийслэлийн авто замын ачаалал эрс нэмэгдэж, есдүгээр сарын 1-нд тэг зогсолт ч зарлаж мэдэх бололтой.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Threads” платформын хэрэглээ эрс буурчээ DNN.mn

Өнгөрсөн долдугаар сарын 5-нд анх зах зээлд гарснаасаа хойш хэдхэн цагийн дотор 5 сая хэрэглэгчтэй болж, долоо хоног хүрэхгүй хугацаанд 100 сая хэрэглэгч элсүүлж хуучнаар “Твиттер” одоо “Х” гэгдэх болсон сошиал платформын зах зээлийг булааж байсан “Мета” компанийн “Threads” платформын хэрэглээ эрс буурав. Энэ сарын 7-ны байдлаар “Threads” платформын өдөр тутмын идэвхтэй хэрэглэгчийн тоо 576,000 болсон нь оргил үеийн 2.3 саяас 79 орчим хувиар унасан үзүүлэлт болжээ.

Энэхүү судалгааг дижитал тандалтын “Similarweb” компани гаргасан байна. Фэйсбүүкийг эзэмшигч Мета компани Твиттерийн энэхүү тогтворгүй, ороо бусгаа цаг үеийг ашиглан текст суурьтай сошиал платформын зах зээлийг булаахыг оролдсон нь ийнхүү бэрхшээлтэй тулгарч байна гэж “The Guardian” мэдээлжээ.

Г.АМАРСАНАА

Categories
нийгэм цаг-үе

Улаанбаатарт үерийн эрсдэлтэй 86 байршил байна DNN.mn

Улаанбаатар хотын үерийн эрсдэл болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх судалгааг Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв гадаадад төгссөн монгол эрдэмтэдтэй хамтран боловсруулжээ.

Улаанбаатар хотод голын, шар усны болон уруйн үер гэсэн гурван төрлийн үерийн эрсдэл бий. Тодруулбал, найман байршилд голын үер, гурван байршилд шар усны, 75 байршилд уруйн үер болох эрсдэлтэй. Дээрх 75 байршлаас хүн ам төвлөрсөн, эрсдэл өндөртэй нь 20 байршил байгаа бөгөөд эдгээрт ус зайлуулах далан суваг байгуулах шаардлагатай.Уруйн үер болдог Дарь-Эх л гэхэд найман амнаас бүрддэг бөгөөд өмнө нь 34 метрийн өргөнтэй уулын жалга байсан. Гуу жалгыг хогоор дүүргэж айлууд бууж, газаргүйн улмаас жижиг хэмжээний үерийн далан байгуулсан нь ачааллаа дийлэхгүйд хүрч тус үер буужээ.

Баруун салааны уулын уруу нь Дарь-Эхээс бага тул уруйн үер боллоо гэхэд машин, байшин урсгах хэмжээний хүчтэй орж ирэхгүй. Харин хамрах хүрээ 100-200 метр өргөн буюу 50 см ус бүрхэх судалгаа гарчээ. Иймээс Баруун салаанд нэг секундэд 290 шоо метр үерийн ус зайлуулах далан суваг байгуулах шаардлагатай. Мөн хотын төвд ус тогтдог 32,140 га газар байгааг Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн зөвлөлүүдийн нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр хэлж байлаа.Нийслэлийн хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд буусан 3000 орчим айл бий гэх судалгаа байдаг. Тэгвэл Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн хийсэн судалгаагаар голоос 50 метр хүртэлх зайд буюу чөлөөлөх шаардлагатай 13,500 орчим нэгж талбар байгаа юм.

“Престиж инженеринг” болон “Хайдродизайн прожект” ХХК хамтран 70 орчим инженер, зөвлөх мэргэжилтний бүрэлдэхүүнтэйгээр Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг боловсруулсан. Тэдний хийсэн судалгаагаар эхний ээлжид 8406 нэгж талбарыг яаралтай чөлөөлөх болон инженерийн байгууламжийн 60 хувь нь хуучирсан байгаа тул шинэчлэх шаардлагатай гэжээ. Иймээс эхний ээлжид үерээс хамгаалах байгууламжийн өнөөгийн байдал, мөн үерийн эрсдэлийн үнэлгээг дахин хийх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор ирэх жил энэ жилээс хоёр дахин их бороо орох магадлалтай гэсэн. Иймээс эрсдэлээ урьдчилан тооцоолж, шаардлагатай арга хэмжээг авах хэрэгтэй. Улаанбаатар хотод ус хуримтлуулах сан шаардлагатай байна. Үүнд тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулахаас өөр аргагүй” гэлээ.

Дэлхийн хотуудын хувьд шалтгаанд суурилсан буюу асуудлаас урьдчилан сэргийлэх бодлого баримталдаг. Харин манай улсын хувьд үүссэн асуудлыг шийдэх буюу асуудлыг намжаах, гал унтраах бодлого баримталж ирсэн гэдгийг эрдэмтэд тодотгож байв. Энэ үеэр ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал А.Дашцэрэн шийдвэр гаргах түшинд эрдэмтэн, судлаачдын саналыг сонсож, судалгааны үр дүнг тусгаж байх нь чухлыг онцоллоо. Тэрбээр Улаанбаатар хотын халиа, түүнээс үүсэх сөрөг нөлөөний талаар мэдээлэл өгсөн. Хотын хэмжээнд дөрвөн байршилд 6-7 том халиа жил бүр үүсдэг бөгөөд 200 орчим өрх халианд автдаг байна. Иймээс нарийвчилсан судалгаа хийх, үүний дараа шийдлийг тодорхойлох, мөн халиа үүсээд байгаа газрыг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулбал үр дүнтэй гэдгийг хэлж байлаа. Хотын дарга дээрх саналыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
нийгэм цаг-үе

Төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

Малчид, иргэд, аялагчидын анхааралд:

15-ны өдөр, 15-16-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-ны өдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2023 оны 08 дугаар сарын 16-наас 08 дугаар сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 17-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 16-нд ихэнх нутгаар, 17, 18-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +13…+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16…+21 градус, өдөртөө +27…+32 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +11…+16 градус, өдөртөө +22…+27 градус, бусад нутгаар шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +18…+23 градус дулаан байна.

Categories
цаг-үе эдийн-засаг

Төлбөрийн тэнцэл 474.9 сая ам.долларын ашигтай гарчээ DNN.mn

Манай улсын төлбөрийн тэнцэл өнгөрсөн оны эхний хагас жилд 1.1 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан бол энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 474.9 сая ам.долларын ашигтай гарчээ. Энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.5 тэрбум орчим ам.доллароор өсөөд буй. Мөн 2023 оны эхний зургаан сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.5 тэрбум ам.доллароор өсөж, 11.8 тэрбум ам.долларт хүрээд байна. Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өсөхөд экспорт голлон нөлөөлжээ. Тодруулбал, экспорт 2.2 тэрбум ам.доллар, импорт 325 сая ам.доллароор өсжээ.

Эхний зургаан сарын байдлаар гадаад худалдааны тэнцлийн ашиг өнгөрсөн оны мөн үеэс 1.4 тэрбум ам.доллароор өсөж, 2.8 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна.