Монгол Улсын зөвлөх инженер Д.Дамбатай ярилцлаа.
-Эрчим хүчний сайд агаарын бохирдлыг бууруулах шинэ хувилбар хэмээн кокс нүүрсийг БНХАУ-аас импортлон нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд хэрэглүүлнэ гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдлээ. Үүнийг тойрсон олон нийтийн, мэргэжлийн хүмүүсийн байр суурь янз бүр байна. Үрэлгэн зардалтай, эрсдэлтэй хувилбар гэж ихэнх нь үзэж байна. Нүүрсний салбарын эрдэмтний хувьд таны байр суурийг сонсмоор байна?
-Кокс гэвэл нэг өөр, коксжих гэвэл бас өөр. Нүүрсийг дутуу шатаагаад гаргасан нүүрсийг кокс гэдэг. Тэр коксыг хийхийн тулд нэлээд ажиллагаатай. Шууд аваачаад галд шатаачихгүй. Кокс хийдэг үйлдвэр байгуулагдах ёстой. Манайх утаанаас салах гэж олон жил ярилаа. Мөн ч олон зүйл туршиж үзлээ, үр дүн байхгүй. Анхнаасаа кокс, химийн үйлдвэр барих ёстой байсан юм. Тэгсэн бол өдийд утаанаас салчихсан байх ёстой. Ер нь утаагүй түлш гэж байхгүй. Илч гаргадаг юм болгон утаа гаргана. Их үү, бага уу, хортой юу, хоргүй юу гэдэг л асуудал.
Нөгөө талаар бид нүүрсээр баян улс. Тэр дундаа коксжсон нүүрсээр баян. Бидний ярьдаг Өмнөговийн Таван толгойн орд бол маш сайн чанарын коксждог нүүрстэй. Түүнээс гадна хагас коксждог нүүрс гэж бий. Наад зах нь Дорноговийн Баянжаргаланд байдаг Элдэвийн уурхай хагас коксждог нүүрстэй. Товчхон ойлгоё гэвэл кокс бол нүүрсийг дутуу шатаасан гэсэн үг. Утааг нь урд нь шатаагаад арилгачихсан учраас утаагүй түлшинд орж явдаг. Эрчим хүчний сайдын яриа тийм л нүүрс хийх санаа л болов уу гэж ойлгож байна. Яахав, олон түмнийг шуугиулж анхаарал татах гэж ярив уу даа гэж харсан.
-Нүүрсээр баялаг орон гаднаас экспортолж авдаг нь ямар учиртай юм бэ?
-Хятадаас кокс нүүрс худалдаж аваад хэрэглэнэ гэдэг мэдэхгүй. Нэлээд бүдүүн тоймын асуудал. Өчнөөн олон коксждог, хагас коксждог уурхайнуудтай байж хүнээс кокс нүүрс худалдаж авна гэдэг бол арчаагүй айлын жишээ. Өөрсдөө үүнийгээ хийх ёстой.
-Хугацаа, зардал мөнгө орох эд үү?
-Хөрөнгө зарна, хугацаа орно. Аль 10 жилийн өмнөөс бид зуух пийшин оролдож эхэлсэн биз дээ. Түүний оронд коксын үйлдвэрийн сууриа тавьчихсан байсан бол өдийд кокс хийдэг болчихсон л байхгүй юу.
Гэхдээ коксыг энгийн хэрэглээнд нэвтрүүлбэл илчлэг өндөртэй учраас гэрийн зуух дийлэх үү, угаарын хий өндөртэй юм биш үү?
-Дутуу шатаагаад кокс гаргана гэдэг ямар нэгэн утаа гаргадгийг нь байхгүй болгоно гэсэн үг. Түүний тулд шатааж байж л байхгүй болгоно. Гэхдээ хот дотор үйлдвэр байгуулахгүй. Хорыг нь арилгадаг төхөөрөмжтэй зууханд хийж шатаана.
Гол нь амьдрал дээр манай төр засгийн удирдлагууд, мөнгө шийддэг хүмүүс уурхайчдаасаа асуухгүй юм байна шүү дээ. Уул уурхайн салбарын өчнөөн олон инженер, мэргэжлийн хүмүүс байхад ерөөсөө асуудаггүй. Хаагуур яаж хийгээд байдаг юм, нэг мэдэхэд л дээгүүрээ улстөрчид нэг юм хийгээд л, тэр нь мөнгө угаалт болоод л явдаг болчихож. Ерөөсөө үр дүнтэй, шинжлэх ухааны үндэстэй ажил байхгүй болсон байна.
Жишээ нь, би хоёр жилийн өмнө уул уурхайн салбарын 100 жилийн ойд зориулаад орон нутгийн нүүрсний уурхайнуудын түүхээр баримтат кино хийсэн хүн. Ингэж явахдаа Өвөрхангай аймгийн Баянтээгийн нүүрсний уурхайд очсон. Тэндхийн нүүрс хагас коксждог нүүрс. Уурхайн нөхөд нүүрсээрээ кокс хийдэг цех байгуулчихсан байсан. Ингээд цехдээ кокс хийгээд түүгээрээ шахмал түлш хийж байсан шүү. Аль эрт уурхайчид амьдрал дээр хийчихсэн эд. Яагаад түүнийг өлгөж аваад, тэнд мөнгө өгөөд хүчин чадлыг нь нэмэгдүүлээд хийчихэж болдоггүй юм.
Улстөрчдөд ашиггүй болохоор дэмждэггүй юм. Манай улс орны өнөөгийн улс төрийн нөхцөл байдал ийм заваан болчихсон. Сураг сонсвол тэрийг анх зохион байгуулж ном дүрмээр нь хийсэн хүн нь Улаанбаатарт шахмал түлшний үйлдвэрийг анх байгуулсан инженер залуу юм билээ. Тэр залуугаар шахмал түлш хийлгээд амжилттай боллоо гэнгүүт жийчихсэн байхгүй юу. Учир нь тэр инженер улстөрчдийн хүн биш. Жинхэнэ мэргэжлийн инженер хүн номын дагуу хийсэн. Ажлаас нь чөлөөлчихөөр нутагтаа очоод коксоор шахмал түлш хийж эхэлсэн юм билээ.
-Танил технологи гэдэг шиг л сонсогдоод явчихлаа. Олон салбарт ийм зүйл ажиглагддаг болчихсон. Шахмал түлшний үйлдвэрлэл тэр чигээрээ бизнес юм биш үү?
-Би Баянтээгийн уурхайн шахмал түлшний цех рүү нь орж үзсэн. Одоо манай нийслэлчүүд хэрэглэдэг шахмал түлшний барьцалдуулагч бодис гээд Хятадаас оруулж ирээд байгаа нь хортой. Түүнээс болж олон хүн үхсэнийг харж байгаа биз дээ.
Гэтэл тэр инженер нөхөр барьцалдуулагчийг нь улаан буудайгаар хийж байсан. Улаанбуудай бол их цавуулаг. Нунтаглаж тээрэмдээд барьцалдуулагч болгож байгааг нүдээрээ харсан. Улаанбуудай яавч хортой юм биш. Химийн бодис биш, органик гаралтай. Яагаад түүнийг хөгжүүлж, дэлгэрүүлж, дэмжихгүй байна вэ гэдэгт асуудал байна.
Ах нь одоогоос 40 жилийн өмнө энэ шахмал түлшийг хийж явлаа. Дундговийн Цагаан-Овоогийн нүүрсний уурхайд инженер байхдаа шахмал түлш хийж үзэж байлаа. Бидэнд тухайн үед шахдаг төхөөрөмж нь байгаагүй. Нэг ёсондоо хөрөнгө мөнгө нь байгаагүй гэсэн үг. Ер нь энд тэнд мэргэжлийн хүмүүс олон шинэ санаа ажил эхлүүлдэг, хөрөнгөгүй болоод л зогсдог юм шүү дээ. Бид тэр үед үхрийн баасыг нунтаг нүүрстэй хольж зуурч байгаад хөлөөр гишгэдэг төмөр хэвээр хэвлэдэг байв. Үхрийн баастай холино гэдэг нь ямар нэгэн байдлаар барьцалдуулж байгаа арга нь. Утаа нь хоргүй. Аргалаас цэнхэр утаа гардаг. Тэнд монголчууд үхээгүй.
Өнөөдрийн манай шахмал түлшийг 1990 хэдэн оны үеэр Бээжинд хийж хэрэглэж байсан. Манайд бол нэлээд олон жил янз бүрийн юм туршиж байж саяхнаас л шахмал түлш хийж эхэлсэн. Яахав, утаа 25 хувиар багассан гэж би тооцоолдог юм. Гэхдээ барьцалдуулдаг бодисыг бодох ёстой. Тэр л хортой байгаад хүмүүс угаартаад байх шиг байна. Төр засаг үүнийг хортой юм байна гээд ойлгочихоод өөр барьцалдуулагч, өөр ноу-хау хайхын оронд хүний хийчихсэн юмыг шууд оруулж ирж хэрэглэе гэж байна. Энэ бол нэлээд залхуу бөгөөд үрэлгэн бодлого.
-Манайх өөрсдөө шахмал түлшийг аюулгүй хийчихэж чадах юм байна гэж ойлголоо. Харин түүнийг хэрэглээнд оруулах сонирхол алга. Агаарын бохирдлыг бууруулах нэрээр хичнээн хөрөнгө зарлагадаж, хэдэн арван энгийн иргэд амиа алдав. Өнөөдөр ч тогтсон бодлого, зөв шийдэл алга. Салбарын сайд нь “Арга ядсан арга” гэж тайлбарлахдаа тулж болох уу?
-Салбарыг мэргэжлийн хүн удирдахгүй юм даа. Миний мэдэхийн сүүлийн 20 жил манай яамны сайд 10-аад хүн солигдсоноос нэг нь л мэргэжлийн хүн байлаа. Бусад нь улстөрчид. Ингээд л салбарын хөгжил явахгүй байгаа юм. Мэргэжлийн бус хүнийг доогуур нь байдаг цүнх баригчид их уруу татдаг, толгойг нь эргүүлдэг, шийдвэрт нь нөлөөлдөг юм. Мэргэжлийн бус учраас шийдвэр дээрээ тууштай зогсож чаддаггүй, гуйвж дайвдаг. Улс төрийн, хувийн ашиг сонирхол орж ирээд тэр хүнийг хэн ч биш болгодог. Мэргэжлийн хүн бол өөр. Боловсон хүчний асуудал маш их чухал байдаг юм байна.
Өнөөдөр нэг хүн сошиалд бичсэн байна лээ. Бид урьд нь ухаантай хүмүүс хажуудаа байлгахыг хичээдэг байсан. Өнөөдөр жаахан ч гэсэн хүний мөс чанартай хүн байлгамаар байна гэж. Тэгэхээр бидэнд тийм зүйл үгүйлэгдээд байна гэдэг нь та бид хоёрын ярианаас харагдаж байна шүү дээ. Хүний мөс чанар байхгүй, ашиг хонжоо, хувийн эрх ашгийг улс орны эрх ашгаас дээгүүрт тавьдаг болчихсон цаг.
-Ёс зүйгүй болчихсон гэдэг…?
-Тэгсэн. Тийм хүмүүс нь сайн явдаг. Ёс зүйгээ барьдаг мань мэтийг “Энэ олон юм яриад унана” гээд түлхчихдэг болчихсон. Би уул уурхайн салбарын төлөө сүүлийн 20 жил донгодсон хүн. Одоо намайг шууд түлхдэг. Тэр байтугай манай хүүхдийг ажилд авахгүй байна. “Аав нь аюултай, юм яриад унана” гээд. Хэлмэгдүүлэлтийн үеэс ялгаагүй болчихсон нийгэм юм биш үү.
-Кокс нүүрс түлбэл эрсдэл байна уу гэдэгт хариулт сонсчих уу даа?
-Коксыг түлж болно. Маш сайн илчлэгтэй, утаа багатай эд. Түүнийг гаргаж авахын тулд үйлдвэрлэл л хэрэгтэй. Үйлдвэрлэл нь манайд алга. Урдаас кокс оруулж ирээд яах юм бэ. Бид өөрсдөө нүүрстэй байж хийж чадахгүй, хүнээс худалдаж авна гэж боломжгүй. Чи бод доо, хоёр айл байлаа гэхэд нэг нь бууз хийгээд байдаг. Нөгөө нь лапшанаас өөр юм хийж чаддаггүй. Гурил, мах нь байдаг. Буузыг гурил, мах хоёроор л хийдэг биз дээ. Боломжтой байж яагаад гурил махаа ашиглаад хажуу айл шигээ амттай бууз хийж чадахгүй байгаа юм. Тэднийхээс бууз худалдаж аваад байна гэдэг тэнэг хэрэг. Үүн шиг бидэнд кокс хийдэг нүүрс нь байна. Яагаад хийчихэж болдоггүй юм. Заавал Хятадад хийж болдог, тэндээс худалдаж авна гэдэг л ойлгомжгүй зүйл.
-Кокс нүүрс худалдаж авахад 177.5 тэрбум төгрөг зарцуулна гэж байгаа. Дотооддоо үйлдвэр баривал хэр хөрөнгө зарцуулах бол?
-Нэлээд өртөгтэй байх. Гэхдээ 177.5 тэрбумаар ч нэлээд юм хийчихнэ. Ер нь өөрт байгаа потенциалаа ашиглаж чадахгүй, нэг л их мөнгөтэй улс шиг гаднаас юм худалдаж аваад байдаг баян орон манайх биш. Нэг хүний дундаж орлого хэд билээ. ДНБ-ий нэг хүнд ногдох зардлаар улс орны амьжиргааны түвшнийг тогтоодог. Манайх дөрөв таван мянган доллараас хэтэрдэггүй. Гэтэл БНХАУ гэхэд 10 гаруй мянган доллар болчихсон шүү. Өндөр хөгжилтэй Сингапур зэрэг зарим орнуудад 50, 60 мянган доллар байдаг юм билээ. Бид ийм баян орон биш мөртлөө байгаа зүйлээ гаднаас худалдаж авна гэдэг бэлэнчлэх сэтгэлгээ юм уу даа. Өөрсдөө хийх хэрэгтэй. Хийхийн төлөө зүтгэж, чаддаг мэддэг инженерүүдээ ашиглаач гэж хэлмээр байна.
Дархан, Эрдэнэт хавьцаа коксын үйлдвэр байгуулна гэж нэг шуугиад байхгүй болсон. Уг нь тэр үед л хийх ёстой байсан юм. Ер нь ингээд харахад манай улстөрчид, том дарга нар сэтгэлийн хөөрлөөр асуудалд ханддаг. Тэр маш аюултай. Аливаа ажлыг, аливаа нэг төслийг явуулахын тулд хамгийн түрүүнд судалгаа хэрэгтэй. Ингэвэл яах вэ, аль нь дээр вэ гээд мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсдог байх хэрэгтэй. Түүн дээр нь үндэслээд судалгаа хийдэг байгууллагатай байх. Тэгж байж сая гольдролдоо орно. Сэтгэлийн хөөрлөөр ханддаг улстөрчдийн савлагаа байна шүү дээ. Би олон хурал номд сууж олон даргыг ярьж байхыг харж байлаа. Нэг л их сэтгэлийн хөөрлөөр ярьцгаадаг. Аж үйлдвэр хөгжүүлнэ гээд л яриад байгаа. Яг үнэндээ аж үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд иж бүрэн юм байдаг. Түүнийг хөгжүүлээгүй цагт хичнээн мянган сайхан юм яриад явахгүй. Одоо манай Засгийн газар “Шинэчилнэ” гээд яриад л байна. Яг яаж гэдэг дээр очихоор хийдэг арга барил биш л байдаг. Мэргэжлийн хүн байхгүй, мэргэжлийн хүн тавихгүй, мэргэжлийн хүний үгийг сонсохгүй. Тэгээд яаж хийх вэ. Улстөрчид хийгээд сайхан болчихдог байсансан бол өдийд Монгол маш сайн хөгжсөн байх ёстой. Гэтэл энэ биш юм байна гэдгийг ойлгож баймаар юм. Агаарын бохирдлыг бууруулна гэж хэдэн жил хэр их хөрөнгө зарав. Судалгаагүй юм хийдгийн илрэл энэ байгаа юм.