ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…
Өнөөдөр өглөө сонссон хамгийн сайхан үг энэ байлаа. Хэдийгээр надад зориулагдсан үг биш боловч ингэж хэлсэн залууд чин сэтгэлээсээ баярлаж, өдөржингөө сэтгэл тэнэгэр явав. Учир юу гэвээс өглөө эрт автобусны буудал дээр ийм явдал болов. Унаа хүлээн жиндэн зогсох хүмүүсийн дунд саяхан төрсөн болов уу гэмээр өлгийтэй хүүхэд тэвэрсэн эмэгтэй зогсож харагдлаа. Ажил, сургууль цуглах цаг давхацсан учир зам түгжрэл ихтэй, машины урсгал зайгүй хөвөрнө. Гэтэл нэг машины жолооч автобусны буудал тийш зориуд эргэн ирж зогсоод өнөө хүүхэд тэвэрсэн бүсгүйг дуудав. “Хүргээд өгье. Наашаа ирээд суучих” гэсэн үгэнд тэнд зогсоо хүмүүс дор бүртээ бүсгүйн өмнөөс баярласан харагдсан. Нэг нь бүсгүйг машин руу дөхүүлж, нөгөө нь гүйж очин хаалгыг нь нээж суулгаж өгөв. Үүнийг харсан хүмүүс бүгд л жолоочид талархаж байгаа нь илт. Жолоочийн гэргий саяхан төрсөн гэмээр толгойгоо цагаан алчуураар боосон харагдсан. Хэдийгээр унаа ирэхгүй бухимдаж, даарч зогссон ч сэтгэл нэг л баяртай болоод явчихсан. Дулаахан ч болчих шиг.
Аз жаргалтай, сэтгэл тэнэгэр явахад тийм ч их өртөг шаарддаггүй бололтой. Хүмүүс бид бие биедээ жаахан ч гэсэн сэтгэл гаргахад л бусдад халуун дулаан илч, баяр хөөр бэлэглэж байдаг юм байна гэдгийг тэрхүү бяцхан үйл явдал бэлхнээ батлаад өгөв.
Хорвоод ирээд хэдхэн хонож байгаа тэрхүү нялх үрийг өөрийн мэт санаж, сэтгэл төвдөхгүй хүргэж өгөхөөр зогссон жолооч залуугийн ажил үйлс нь бүтэмжтэй байг ээ. Хэдийгээр машины дугаарыг тогтоож амжаагүй ч түүнийг энд зарлах нь илүүц биз ээ. Жолооч залуу ч үүнийг ач санаж, бусдад гайхуулах гэж хийгээгүй нь тодорхой юм.