Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үерт автсан 11 блок барилгын 23.8 мянган тонн усыг бүрэн соруулжээ DNN.mn

Улаанбаатарт үргэлжлэн орсон борооны улмаас Сэлбэ голын зүүн тал, Баянзүрх дүүрэгт 61 блок барилгын B1 давхар 101,313 шоо метр буюу 101.3 мянган тонн усанд автаж, дүүрсэн байна. Тэгвэл өнгөрсөн шөнийн 22:00 цагийн байдлаар 11 блок  барилгын 23.8 мянган тонн усыг бүрэн соруулж дууссан байна. Одоо тус байруудад ариутгал хийнэ. 

Түүнчлэн 50 барилгын 77.5 мянган тонн усны 60 хувь буюу 46.5 мянган тонн усыг соруулаад байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Түрүү бөхийг 10.000, үзүүрлэсэн бөхийг 5000 ам.доллараар шагнана DNN.mn

 Тулгар төрийн 2232, Их монгол улс байгуулагдсаны 817, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд 10.000 ам.доллар, үзүүрлэсэн бөхөд 5.000 ам.доллар тус бүр гардуулан өгөх болсноо “Азуре Коал Монгол Майнинг” ХХК-ны захирал С.Мөнхбат МҮБХ-нд өнөөдөр албан ёсоор мэдэгджээ.

Уг шагналыг долоодугаар сарын 13-ны 11.30 цагт гардуулах юм байна. Харин “Бридж” групп уламжлал ёсоор долоогийн даваанд тунан барилдаж, шинээр улсын заан цол хүртсэн бөхөд “ЗААН ЖИМНИ” авто машиныг шагнал болгон гардуулна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Баяр наадмын өдрүүдэд томоохон зах, худалдааны төв, дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарь DNN.mn

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд томоохон зах, худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарь.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Оохнойн Батсайхан: Баатарлаг түүхтэй монгол үндэстний нэг эд эс болохоо ямагт санаж, сайхан наадаарай DNN.mn

Монгол Улсын төрийн соёрхолт, түүхийн шинжлэх ухааны доктор Оохнойн Батсайхантай ярилцлаа.


-Хоёулаа энэ удаад түүх гэхээсээ илүү монголчуудын бахархал, өв соёл, омогшлын талаар ярилцъя. Яагаад гэвэл удахгүй “Монгол Улсын төрийн далбааны өдөр” тохионо. Монголчуудын бахархах зүйл гэж юу байх ёстой вэ?

– Үндэсний баяр тохиох гэж байна. Энэ өдрүүдэд монгол хүн бүр Монголын сайхан онгон дагшин байгальдаа өсөн бойжиж, дэлхийн талыг эзэлж явсан эзэн Чингис хааныхаа түүчээлсэн баатарлаг түүхийн улбаа, Ардчилсан Монголыг бүтээгч болохын хувьд бахархах учиртай. Бид монгол үндэстэн өөрийн олон мянган жилийн турш өвлөж ирсэн уламжлал, түүх, хэл, соёлтой, үүгээрээ бусад үндэстнээс ялгардаг онцлогтой. Эл бүх өвөрмөц онцлог болсон үндэсний амин шалгуураа өнгөлж, үр ач нартаа өвлүүлж, таниулах, бид нэг монгол үндэстэн гэдгээрээ бахархах өдөр юм.

-Бахархахын тулд мэдээж эв нэгдэлтэй, үзэл санаатай байх ёстой байх. Үндсэрхэг үзэл гэж юуг хэлээд байна. Бид яг юун дээр нэгдэж үндсэрхэг байх ёстой вэ?

– Үндсэрхэг үзэл бол бусдыг гадуурхах үзэл юм. Үндэсний үзэл гэвэл Монголоо хэмээсэн үзэл болно. Тиймээс монголчууд Монголоо хэмээсэн үндэсний үзэлтэй байх учиртай. Юун дээр нэгдэх вэ гэвэл таны хийж байгаа алхам бүр Монголоо муухай харагдуулахгүй байх хэрэгтэй байна. Үг хэлсэн ч, үйлдэл хийсэн ч зөв байх, бусдадаа үлгэр дуурайл болохоор, үр ач нартаа бахархан дуурайх тийм үе төрөх аваас монгол хүн монгол хүндээ чоно биш нөхөр болж чадна. Улмаар монгол хүн өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй, монгол эх орондоо эзэн байх болно шүү дээ. Чухам үүний тулд ой санамж болсон үндэсний түүх байдаг. Тиймээс Монголынхоо түүх, соёлыг хүүхэд бүрд багаас нь таниулж мэдүүлэх явдал тэргүүн зэргийн үүрэг болно. Сургуулийн сурах бичгээр дамжуулан түүх, соёлыг нь таниулахаас гадна оршин буй гэр орон, өргөө, хот, суурин эргэн тойрон монгол түүх, соёлоор үнэртэж байвал сайнсан. Учир нь бидний үндэсний дархлаа сул байгаа учраас эл бүхнийг давтан хэлж буй хэрэг. Хэрэв та монгол бол, монголын түүх соёлыг сонирхдог, судалдаг хүндэлдэг бол эл өдрүүдэд наадмын талбай очиж, монгол бөхийн цол дуудахыг сонсож, эд хаваа гайхуулсан хүчит монгол бөхчүүдийн уран барилдааныг заавал сонирхоорой. Бас Морин уралдааны талбай очиж, янцгаах хурдан хүлгүүдийн дуу, гийнгоолох хүүхдийн хоолойг сонсож нэг үзээрэй. Эрчит нум сум харваачдыг нэг үзэхэд гэмгүй. Мэдээж монголын хээр талд хөл нүцгэн гүйж, сүү тараг ууж, морины нуруун дээр өсч өндийсэн хэн бүхэнд эл бүхэн гайхалтай сонирхолтой сэтгэлийн таашал өгөх болно. Харин хот хүрээнд өссөн хүүхэд багачууд маань монгол эл соёлоосоо хөндий байсан болохоор тэр бүр мэдэхгүй байх тал бий. Тиймээс заавал хүүхдүүдээ дагуулж, бөхийн барилдаан, морины уралдаан, нум сум харваачдын наадамыг сонирхуулаарай. Малчин удамтай монголчууд эрт цагаас эрийн гурван наадам хийж ирсэн уламжлалын талаар ярьж өгөөрэй. Эртний сурвалж бичигт “Монголчууд харвах, намнах хавтай бөлгөө”. “Монголчууд морин уралдах хавтай бөлгөө”. “Монголчууд бөх барилдах хавтай бөлгөө”. “Монголчууд эмнэг сургах хавтай бөлгөө” хэмээн бахархан тэмдэглэж ирсэн байдаг. Эзэн Чингис хааны үед хавтай мэргэн харваачид байсан тухай, Чингис хааны чулууны бичигт 335 алд буюу 536 метр харвасан баатар эрийн тухай өгүүлсэн байдаг. Энэхүү 1225 оны үеийн түүхэн үйл явдлыг өгүүлсэн Чингисийн чулууны бичиг эдүгээ ОХУ-ын Эрмитажид бий. Түүний хуулбарыг Чингис хаан музейгээс үзэж болно.

-Бид түүх, өв соёл, үндэсний урлаг гээд асар их бахархах зүйлтэй. Яг юугаар нь омогших ёстой юм бол?

Хэрэв өөрийн үндэсний түүх, өв соёл, урлагаа бахархах зүйл гэж мэдэж байгаа бол түүнийгээ л дээдлэх учиртай шүү дээ. Түүх, соёлоо таньж мэдэхгүйн улмаас гадны соёлд автах явдал өмнө их байсан одоо ч үргэлжилсээр байна. Харин одоо үүнийгээ шүүмжилж ярьцгаадаг болсон нь зөв гарц олохын эхлэл гэж бодно. Нэрт эрдэмтэн сайд А.Амар “Чингис хаан Ази Европ хоёр тивийн ард түмний харилцааг бий болгосон” хэмээн бахархан бичиж, Америкийн эрдэмтэд 13-14 зуунд дэлхий монгол хэлээр ярьж, өрнө дорнын хооронд өнөөгийн технологийн сүлжээ шиг холбоо тогтоож чадсан хэмээн бичсэнийг үзвэл бидний бахархах баатарлаг түүх мөн. Тиймээс дэлхийн олон оронд Эзэн Чингис хааны үеийн Монголын түүхийг судалсаар, дэлхийн түүхэнд Чингис хаан нэрээ тамгалсан нь бидний бахархал билээ. Харин тэрхүү баатарлаг түүх, хаадынхаа тухай үнэн магад кино, уран зохиол дутагдсаар байна. Тийм болохоор мянган мянган жил туулж ирсэн нүүдэлчин монголчуудын соёл, ёс, зан заншил, хүн хүнээ эрхэмлэх ёсон, байгаль эхээ дээдлэх ухаан, шударга, хүнлэг ёсны мөн чанарыг яахин уламжлуулж чадах билээ. Түүхийн нугачаан дунд эрх чөлөө, тусгаар тогтнолоо 1911 онд сэргээн мандуулж, улсын цолоо Монгол хэмээн нэрийдэж, Чингис хааныхаа байгуулсан Монгол Улсынхаа гал голомтыг дахин бадрааж, бурханы шашны тэргүүн Богд Жавзундамба хутагтаа улсын эзэн хаанаар өргөмжилсөн билээ. Тэрхүү төрийн ёслолд оролцсон алтан ургийн ноёд, лам нар, ар, өвөр монгол, буриад, халимаг монголчууд магнай тэнийтэл баярлан, баярын нулимс унагаж байсан нь орчин үеийн Монголын эхлэл болсон билээ. Тэр үед Монголд байсан Норвегийн аялагч Оскар Мамен “Монголчууд бахархлыг нь төрүүлж, ирээдүйн мөрөөдлийн утга учир нь болсон гайхамшигтай өнгөрсөн үетэй ард түмэн юм”, “монголчууд түүхээ чамгүй сайн мэддэг ард түмэн бөгөөд түшмэд болон бас бус хүмүүс эх түүхээ эртний гар бичмэлээс уншихын зэрэгцээ түүхэн үлгэр домгоо эцгээс хүүд уламжлан дамжуулдаг билээ”. “Өнөөг хүртэл монголчууд 12-13 дугаар зууны үеийн аугаа их хүнийхээ тугийн дор амьдарч ирсэн хэв маягаа тууштайгаар хадгалж, энэхүү гайхамшигт эзэнт гүрнийг цогцлоогчийнхоо олон хууль цаазыг хүндэтгэсээр иржээ” хэмээн ХХ зууны эхэн үед амьдарч байсан монголчуудын талаар чухам үнэнийг товч бөгөөд тодорхой тэмдэглэсэн байна.

Тэрбээр ХХ зууны эхэн үеийн монголчуудын тухай “энэ нутгийн ард түмэн бол нэгэн цагт агуу их цэргийн сүр хүчин дор дэлхийн талыг эзэлж явсан хүмүүсийн үр удам билээ” хэмээн тэмдэглэж, “Халх бол эртний Монголын эзэнт гүрний төв бөгөөд монголчууд энд байсан эртний нийслэл Хархориноос өргөн уудам эзэнт гүрнийг удирдаж байв”, “Энд монголчуудын нэрлэж заншсанаар Бурханы хот буюу одоогийн нийслэл Өргөө хот байрлах бөгөөд саяхан нэрийг нь Улаанбаатар болгон өөрчилсөн юм. Энэ л хотоос Монголын сүүлчийн эзэн хаан Зөвлөлт засаг эрх мэдлийг нь хураах хүртэл улс орноо удирдаж байв” хэмээн Богд хааны тухай бичсэн буй.

-Монгол хүн эртнээс нэг нэгнээ дээдэлж ирсэн тухай баримт сэлт их байдаг. Одоо хаана ч явсан нэгнээ муулдаг, гутаан доромжилдог боллоо. Бид хаана нэгнээ хүндлэх сэтгэлээ гээчихэв?

-Шулуухан хэлбэл социализмын он жилүүдэд монгол үндэстнийг мөхөөсөн байна. Ой санамж болсон түүхээс нь холдуулж, үндэсний бичиг үсгийг нь сольж, алтан ургийн ноёд, номт мэргэн лам нарыг нь үйл олноор нь хүйс тэмтэрч, үндэсний соёл, урлаг, бүхнийг нь үгүй хийсэнээс ийм болжээ. Ардчиллын он жилүүдэд монгол уламжлал, соёл тэргүүтнээ нэн тэргүүнд тавих учиртай байтал бид тэгэж чадсангүй. Өсвөр үе, хүүхэд багачууддаа монгол үндэсний уламжлал, бидний амин шалгуур болсон өвөрмөц онцлог эх түүх, хэл, соёлоо өвлүүлэх нь онц чухал байна. Даяаршиж буй дэлхийд бусад үндэстнүүд лүгээ зэрэгцэн оршихын гол утга үүнд оршино. Эс тэгвээс үндэстэн уусаж хайлах болно. Иймээс үндэсний баяр наадамдаа бүгд очиж, өөрийгөө монгол гэдгийг мэдэрцгээвэл сайнсан.

-Эргээд нэгнээ хүндлэх, хайрлах, эв зүйтэй байх ёс зүйг яаж олж авах вэ?

-Эхлээд хүний ертөнцөд нийцэх хүн болох хэрэгтэй байна. Улмаар үр хүүхдээ ёс зүйтэй монгол хүн болгох давхар үүрэг бид бүхэнд байгаа. Энэ бол мөхлийн ирмэгт буй үндэстнээ аврах боломж хэмээн харж, ухамсартайгаар эл асуудалд хандах шаардлагатай гэж бодно. Нэг үндэстний хувьд эрхэмлэн дээдлэх үнэт зүйлс нэгтэй болбол түүнийг тойрч хүрээлж, бие биеэ хүндлэх, дэмжих болно гэж бодож байна.

-Та түүхийн ухааны хүн улсын наадам дөхөж байгаа энэ үед түүхэнд дурсагдах баяр наадам хэзээ болж байв?

-1990 оны цагаан морин жилийн наадам. Төв цэнгэлдэх хүрээлэнд суусан олон бүгд босч, цагаан эсгий дэвссэн дардан замаар Монгол дээл агссан Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат гуай алхан орж ирэх тэр агшинд өчүүхэн миний сэтгэл огшиж, нүдэнд минь баяр бахархлын нулимс хурж билээ. Тэр жилийн наадам олон монголчуудын сэтгэлийг огшоосон гэж бодож байна.

-Үндэсний баяр наадамын үүслийн тухайд ярьж өгөөч?

Баяр наадмын тухай нилээд тодорхой бичсэн хэд хэдэн сурвалж бий. 1862 оны Долоон хошуу наадмын тухай Хүрээнд сууж байсан Оросын консулын газрын орчуулагч, жилийн дараа ерөнхий консулаар томилогдсон Я.Шишмарев “Монголын Үндэсний баяр” хэмээх өгүүлэл бичиж, “Северная пчела” сэтгүүлд нийтлүүлсэн байдаг. 1862 оны долдугаар сарын сүүлчээр эхэлсэн Богдод бат оршил өргөх Долоон хошуу наадам найман өдөр үргэлжилж, 1032 бөх барилдаж, Их нас, хязаалан, шүдлэн насны морьдын уралдаан Бөхөг Түргэний голын хөндийд болсон тухай дэлгэрэнгүй бичсэн бий.

Монголын нэрт түүхч, олноо Магсар хурц хэмээн алдаршсан Н.Магсаржавын 1934 онд бичсэн “Долоон хошуу наадам” хэмээх зохиол бол үндэсний баяр наадмын тухай чухал сурвалж болно. Магсар хурц бээр бичихдээ, Богд Жавзундамба хутагтад бат оршил өргөж, “аймаг шавь таван газрын их бат оршил өргөсөн баярын ёсоор бөх барилдуулах, бай нэхий харвуулах, хурдан морь уралдуулах гурван зүйл наадам” үйлдсэн тухай өгүүлээд 1088 бөх барилддаг, бас Хүй голын баруун этгээд Магнаг толгойн энгэрт наадмын байгууллагыг байгуулж, Богдыг тугдамд нь дундын, үүдний хэмээх шар, хөх, торгон бүрээс бүхий монгол өргөө гэр гурвыг төв дунд угсран байгуулж, шар бөсийн хүрээ татна хэмээн бичсэн байна. Анхандаа Морины наадамд их морь, соёолон, хязаалан гурван насны морь уралддаг байжээ. Хожим VIII Богд наадамд дуртай болж, азарга, шүдлэн, жороо морь, даага нэмж уралддаг болсон тухай бичсэн байна.

ХХ зууны эхэн үеийн монгол наадмын тухай Норвегийн аялагч Оскар Мамен бээр “Дэлхийн хаана ч монгол бөхийн барилдааны үзүүлбэр үзэгчдийг суудал дээр нь өндөлзүүлнэ гэдэгт би итгэлтэй байдаг” хэмээн бичээд Морины уралдаан, бөхийн барилдаан, нум сум харвах гээд монгол наадмын гайхамшигийг магтан дуулсан байдаг. Тухайлбал, “Монгол спортын бүхий л наадам нарийн дэг журамтай зохион байгуулалт төгс болдог. Бүх зүйл цагийн зүү шиг жигдхэн өрнөнө. Олон зууны турш уламжилж, улс үндэстний зүрх сэтгэлд шингэсэн, нэн эртний бөгөөд төгс төгөлдөр хууль байгаа нь дамжиггүй юм” гээд “Шүүгчид өвөр зуураа хэрэлдэн маргах нь огтхон ч үгүй бөгөөд олон тооны өрсөлдөгчдийн зүгээс нэгээхэн боловч эсэргүүцэл үл гарна. Энэ талаар барууны орнууд монголчуудаас суралцах зүйл арвин буй” хэмээн бичсэн нь өнөөгийн бидэнд нэгийг бодогдуулна.

-Эцэст нь асуухад монгол хүн монгол хүн гэдэг итгэл үнэмшилээ яаж бадраах вэ. Түүнийг хэрхэн суулгах вэ?

-Монголчууд маань өөрсдийн түүх, соёл, өв уламжлалаа таньж мэдэхийн тулд гуйж дайваагүй Монголын түүхийн сурвалж, ном зохиолыг унших хэрэгтэй байх. Уншихгүй хүний толгой өөр хүнээр удирдуулах нь гарцаагүй. Тиймээс өөрийн, монголоо хэмээсэн итгэл үнэмшилтэй болохын тулд аливаад өөрийн үзэл бодол, ойлголтоор хандаж, бие даан шийдвэр гаргадаг болох явдал чухал хэмээн бодно. Дээр өгүүлсэн Оскар Мамен “Халх нүүдэлчид аядуу зөөлөн боловч үргэлж дуу хөөр болсон, шашин шүтлэгтээ үнэнч, түүхээ мартдаггүй, ямагт гэрэлт ирээдүйд тэмүүлсэн ард түмэн байсан юм. Ийм үндэстний сүлд хийморь хэзээ ч доройтох ёсгүй билээ”хэмээн монголчуудаа үнэлж, захисан сэтгэлийн халуун дулаан үгсээ тэмдэглэж үлдээсэн нь өнөөгийн монголчуудад хандсан захиас хэмээн бодно. Өвөг дээдэс, өрлөг түүхэндээ үнэнч байж, баатарлаг түүхтэй монгол үндэстний нэг эд эс болохоо ямагт санаж, сайхан наадаарай.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдоно DNN.mn

2023-07-10, Даваа гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 23

Аргын тооллын: 2023-07-10, Даваа гараг

Наран ургах шингэх: 05:03-20:51

Үс засуулбал: Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн. Харин гахай, луу жилтнээ цээрлэвэл зохилтой

Барилдлага: Рашааны барилдлагатай өдөр

-Билгийн тооллын 23, шарагчин могой өдөр, дэлгэрүүлэгч-26 одтой, шороо суудалтай, 5 шар мэнгэтэй, рашааны барилдлагатай өдөр. Овоо тахих, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:03-20:51.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, үхэр, могой, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай жилтнээ сөрөг муу.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин газар хагалах, хурим хийх, нохой авах, арилжаа наймаа хийх, суурь тавих, үхэгсдийн үйл, угаалга, залбирах талбих, өс дарах, мод таслах, газар малтах, нүүдэл хийх, эм найруулах, ус хааж бөглөх, бэрийн үйл, заргалдах, ан гөрөө хийх, худаг малтах, мал худалдах, эхэлж ном сонсох, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, мал гаргах, өмнө зүгт явахад муу.
Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +14…+16 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +6…+11 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +15…+20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +21…+26 градус, бусад нутгаар +11…+16 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +19…+24 градус, говийн бүс нутгийн нутгийн өмнөд хэсгээр +29…+34 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Улсын наадамд зодоглох бөхчүүдийн бүртгэл өнөөдөр дуусна DNN.mn

Тулгар төрийн 2232, Их монгол улс байгуулагдсаны 817, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 512 бөх зодоглох бөгөөд барилдах бөхчүүдийг 2023 оны долоодугаар сарын 07-09-ний өдрүүдэд 10:00–19:00 цагийн хооронд МБӨ-нд бүртгэнэ.

Барилдах бөхчүүд цолны үнэмлэх, иргэний үнэмлэх, цээж зурагтайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
Хүүхдийн барилдаанд барилдах 16 хүртэлх насны бөхчүүдийг долоодугаар сарын 08-09-ний өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд Монголын хүүхдийн ордонд бүртгэнэ.

Бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх /гадаад паспорт байж болно/, 2 хувь цээж зурагтай өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Categories
мэдээ цаг-үе

Хөвсгөл, Орхон аймгийн чиглэлд зорчих иргэд Ширээ нурууны гүүрээр зорчино DNN.mn

Дархан-Эрдэнэтийн чиглэлийн хатуу хучилттай авто замын зорчих хэсэгт Хараа голын ус давсан тул хөдөлгөөнийг хаасан.

Харин Ширээ нурууны гүүрээр хөдөлгөөн хэвийн үргэлжилж, суудлын тэрэг, нийтийн тээвэр саадгүй нэвтэрч байгаа ч том оврын тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй байгаа юм.

Иймд Хөвсгөл, Орхон, Булган аймгийн чиглэлд зорчих иргэд дээрх маршрутаар зорчихыг анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Categories
мэдээ нийгэм

Натур орчмын 12 орон сууцны 659 хэрэглэгчийн цахилгааныг өчигдөр холбожээ DNN.mn

Нийслэлийн онцгой комисс өнгөрсөн шөнө хуралдаж дүүргүүдийн үертэй холбоотой ажлын явцын талаар танилцууллаа.

Сүхбаатар дүүргийн хоёр байрны усыг соруулж лагийг цэвэрлэжээ. Одоо ариутгал хийж, цахилгааныг өгөхөд бэлэн байгаа юм. Тус дүүрэгт нийт 19.8 тонн ус соруулсан бөгөөд бүх байранд ус соруулах үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Өнөөдөр байрнуудын усыг соруулж дуусгахаар төлөвлөжээ.

Баянзүрх дүүрэг 36 байрнаас наймынх нь усыг бүрэн соруулсан. Усыг нь соруулаад байхад усны түвшин буурахгүй байрууд байгаа нь хөрсний ус гарч байгаатай холбоотойг хэлжээ.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Дагдан “Натур орчмын 12 орон сууцны 659 хэрэглэгчийг цахилгааныг өчигдөр холбосон. Аль болох наадмаас өмнө бүх хэрэглэгчийг цахилгаанд холбохоор ажиллаж байна. Гол нь ус шавхагдахгүй байгааг” ярив.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “Сэлбэ голын усны түвшин 1.5 метрээр багассан. Голын хэвлий дотор хууль бусаар, зөвшөөрөлгүй буусан айлуудын хашаа, байшин үерт өртөж байгаа. Иймээс сэрэмжлүүлэг мэдээллийг чанга яригчаар зарлаж, зарим айлд холбогдох албан тушаалтнууд очиж мэдээлэл хүргэсэн.

Үерийн дараа голын эрэг дагуух айлуудыг нүүлгэн шилжүүлэх, зөвшөөрөлтэй ч үер орсон газруудад газрыг нь орных нь газраар солих, зөвшөөрөлгүй бол албадан нүүлгэхээс өөр аргагүй. Цаашдаа гэр хороолол, төвийн хорооллыг ариутгах ажил үргэлжилнэ. Нүүлгэн шилжүүлсэн айлууд эргэн гэртээ очсон. Үерийн хохирлыг тогтоохоор ажиллаж байна” гэв.

Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Б.Цэрэн “Туул голын усны түвшин нэмэгдэж, аюултай түвшинд хүрсэн. Соёмботой хөшөөний орчмын 28 айлын 151 хүнийг нүүлгэн шилжүүллээ. Туул голын эрэг дагуу үзлэг хийхэд үерийн далангийн бэхжилт сайн, эрсдэл үүсээгүй.

Хоёр байранд хөрсний усны нэвчилтээс болж зоорийн давхар усаар дүүрсэн тул усыг соруулж дууссан. Яармагийн хэсэгт үерийн хэмжээнд хүрээгүй, 2-3 айлын хашаанд бага зэргийн ус орлоо. Нисэхийн есдүгээр хороонд гурван айл үерт өртөж, зургаан хүн голын дунд гацсан байсныг аврах багийнхан гаргасан.

Зайсангийн 22 дугаар хороо, 12 дугаар хороонд үерийн нөхцөл үүсэж, хүндрэхийг урьдчилж тооцоолсон. ОБЕГ-аас дөрвөн аврах баг, нэг нисдэг тэрэгтэй ирж, холбогдох албаныхан хамтран 181 хүнийг аварч, 35 хүнийг 10 дугаар сургуульд байрлууллаа. Ус татарсан” хэмээн мэдээлэв.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Categories
мэдээ нийгэм

Үндэсний их баяр наадмын Буриад сурын харваа боллоо DNN.mn

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Буриад сурын харваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбайд өчигдөр болжээ.

Тус тэмцээнд эмэгтэй 74, эрэгтэй 147 харваач нийт 221 харваач цэц мэргээ сорин харвасан байна.

Эрэгтэйчүүдийн төрөлд:

  • Тэргүүн байрт Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, Дорнод аймгийн Үндэсний сурын холбоо, Хасбуу сурын холбоо, Заан Өндөр ХХК, Степп Голд ХХК-ны харваач, Буриад сурын Спортын мастер, Олон улсын хэмжээний мастер Баттөмөрийн Мөнхбамбар – 60 оноогоор эзэлж Буриад сурын Улсын мэргэн цолын болзол хангалаа
  • Хоёрдугаар байрт Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, Орхон аймаг Хангарьд спорт хороо, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн харваач, Буриад сурын улсын мэргэн, Спортын мастер Нямсүрэнгийн Өлзийхутаг – 58 оноо, 7 ластигаар эзлэв.
  • Гуравдугаар байрт Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, Улаанбаатар хот, Мондэ багийн харваач Батсүхийн Батхуяг – 58 оноо, 3 ластигаар эзэлж, Буриад сурын спортын мастер цолын болзол биелүүллээ.
  • Дөрөвдүгээр байрт Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул, Жаргалант сумын харьяат, Ховд аймгийн ЗДТГ, Гүрт Богд ХХК, Шинч Мэргэд багийн харваач Цэвээндоржийн Батзориг – 57 оноо, 5 ластигаар эзэлж Буриад сурын спортын мастер цолын болзол хангалаа.
  • Тавдугаар байрт Хэнтий аймгийн Дадал сумын харьяат Буриад сурын Олон улсын хэмжээний мастер Гүмжавын Эрдэнэчулуун 56 оноо, 9 ластигаар  шалгарчээ.

Эмэгтэйчүүдийн төрөлд:

  • Тэргүүн байрт Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, Баяндун сумын харьяат, Баяндун сумын Эрүүл мэндийн төв, Дорнод аймгийн Харваачдын холбооны харваач, Буриад сурын Улсын мэргэн, Спортын мастер Чагнаадоржийн Гандаваа – 55 оноо, 1 ластигаар эзлэж, Буриад сурын Хошой мэргэн цолын болзол хангалаа.
  • Дэд байрт Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, Сэргэлэн сумын харьяат, “Заан Өндөр” ХХК, Сэргэлэн сумын Соёлын төв, Дорнод аймгийн Харваачдын холбооны харваач Төмөрбатаагийн Баттуяа – 54 оноо, 4 ластигаар эзэлж, Буриад сурын Спортын дэд мастер цолын болзол биелүүллээ.
  • Гуравдугаар байрт Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, Дорнод аймгийн Харваачдын холбоо, “Баргудай мэргэн” багийн харваач, Буриад сурын Спортын мастер, Аймгийн мэргэн Батсүхийн Ганчимэг – 53 оноо, 3 ластигаар эзэллээ.
  • Дөрөвдүгээр байрт Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, Улаанбаатар хотын Багануур дүүргийн харьяат, Багануур дүүргийн Харваачдын холбооны харваач, Буриад сурын Спортыг мастер Мөнхболдын Мөнхцэцэг – 52 оноо, 5 ластигаар эзэллээ
  • Тавдугаар байрт  Өвөрхангай аймгийн Богд сумын уугуул, Эрчим хүчний зохицуулах хорооны харваач, Буриад сурын Спортын дэд мастер Дондогцэрэний Цэцэгмаа – 51 оноо, 4 ластигаар тус байр эзэлсэн байна

Буриад сурын Спортын мастер цолын болзлыг:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, Улаанбаатар хот, Мондэ багийн харваач Батсүхийн Батхуяг – 58 оноо, 3 ласти

2. Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул, Жаргалант сумын харьяат, Ховд аймгийн ЗДТГ, Гүрт Богд ХХК, Шинч Мэргэд багийн харваач Цэвээндоржийн Батзориг – 57 оноо, 5 ласти

Буриад сурын Спортын дэд мастер цолын болзлыг

  1. Өвөрхангай аймгийн уугуул, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн тамирчин, Өвөрхангай аймгийн “Их өв” багийн харваач Цэрэндондовын Эрдэнэбулган 54 оноо, 6 ласти
  2. Хэнтий аймгийн Бэрх тосгоны уугуул, Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, Дорнод аймгийн Харваачдын холбоо, “Баргудай мэргэн” багийн харваач Бадарчийн Лхагвадорж 54 оноо, 3 ласти
  3. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, Цагаан-Овоо сумын Ерөнхий боловсролын сургууль, Дорнод аймгийн харваачдын холбоо, Хасбуу сурын холбоо, Заан Өндөр ХХК, Степп Голд ХХК-ийн харваач Баянмөнхийн Батжаргал 55 оноо, 7 ласти
  4. Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, Дорнод аймгийн Харваачдын холбоо, Хүйхэрэй мэргэн сурын холбооны харваач Ганболдын Энхтулга 56 оноо, 3 ласти
  5. Ховд аймгийн Дуут сумын харьяат, Ховд аймгийн Гүрт Богд ХХК, Шинч мэргэд багийн харваач Бямбадоржийн Түвшинзориг 54 оноо, 3 ласти
  6. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, Цагаан-Овоо сумын Ерөнхий боловсролын сургууль, Дорнод аймгийн харваачдын холбоо, Хасбуу сурын холбоо, Заан Өндөр ХХК, Степп Голд ХХК-ийн харваач Жадамбын Оюунгэрэл 54 оноо, 4 ласти
  7. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, Сэргэлэн сумын харьяат, “Заан Өндөр” ХХК, Сэргэлэн сумын Соёлын төв, Дорнод аймгийн Харваачдын холбооны харваач Төмөрбатаагийн Баттуяа  54 оноо, 4 ластигаар хүртчээ.