“Улаанбаатарын үдэш 2023” баяр наадмын үдшийн шоу тоглолт болж байна.
Month: July 2023
Улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын цолтой 100 бөх, аймгийн цолтой 206, сумын цолтой болон залуу бөх 206 уран мэхээ уралдуулан барилдаж байна. Бөхийн барилдааны хоёрын даваанд улсын цолтой 30 бөх өвдөг шороодлоо.
Улсын цолтой бөхчүүдээс хоёрын даваанд,
- Улсын заан Д.Амгаланбаатар аймгийн харцага Г.Гантулгад,
- Улсын заан Ц.Одбаяр аймгийн харцага Т.Түвшинтулгад,
- Улсын харцага Ш.Уламбаяр аймгийн харцага О.Үйтүмэнд,
- Улсын харцага А.Цацабшир аймгийн заан Н.Намнан-Эрдэнэд,
- Улсын харцага Г.Алтангэрэл аймгийн заан Э.Дарханбатад,
- Улсын харцага Ж.Амартүвшин аймгийн заан Д.Пүрэвдоржид,
- Улсын начин И.Ёндонсамбуу аймгийн заан Ч.Хасчулууд,
- Улсын начин Л.Цэрэнтогтох аймгийн арслан Н.Баяржаргалд,
- Улсын начин Б.Суманчулуун аймгийн арслан С.Майнбаярт,
- Улсын начин Н.Мустафа аймгийн арслан Г.Ганхуягт,
- Улсын начин С.Батсуурь аймгийн арчлан Х.Очирхуягт,
- Улсын начин Б.Амарзаяа аймгийн арслан Д.Ням-Очирт,
- Улсын Ж.Чулуунбат аймгийн арслан Д.Эрдэнэтулгад,
- Улсын начин А.Алтанхуяг аймгийн арслан П.Батхуягт,
- Улсын начин Ш.Шинэбаяр аймгийн арслан Л.Энхтүвшинд,
- Улсын начин Б.Батжаргал аймгийн арслан Э.Батсуурьт,
- Улсын начин Д.Энхбаяр аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэд,
- Улсын начин Б.Баатарцол аймгийн арслан У.Батгэрэлд,
- Улсын начин Б.Хишигбаатар аймгийн арслан Н.Намнансүрэнд,
- Улсын начин Д.Тамир цэргийн арслан Г.Жамбалдоржид,
- Улсын начин Ж.Дагва-Очир аймгийн арслан Ч.Эрдэнэсайханд,
- Улсын начин Ш.Дарханбат аймгийн арслан Б.Батдоржид,
- Улсын начин Б.Даваа-Очир аймгийн арслан Д.Алтанцоожид,
- Улсын начин Ж.Ням-Эрдэнэ аймгийн арслан Ц.Цогт-Эрдэнэд,
- Улсын начин Н.Баярбаатар аймгийн арслан Т.Сайханжаргалд,
- Улсын начин Ө.Батзул аймгийн арслан Н.Дашдаваад,
- Улсын начин Б.Мижидсүрэн аймгийн арслан Я.Бумбаярт,
- Улсын начин Б.Лхагвадорж аймгийн арслан Б.Бат-Оршихд,
- Улсын начин Х.Оргилболд аймгийн арслан Д.Тогтохжаргалд,
- Улсын начин Б.Сосорбарам аймгийн арслан Л.Батсайханд тус тус өвдөг шороодлоо
Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадам сурын харваагаар үргэлжилж байна.
Энэ жил Үндэсний сурын харваанд 540 харваач оролцож, цэц мэргэнээ сорьж байгаа юм. Тодруулбал
- Эрэгтэй 360
- Эмэгтэй 180 харваач оролцож буй.
Халх сурын харвааны онцлог нь:
Харвааны байг “ханан” ба “хасаа” харваа гэж хоёр ангилах бөгөөд ханан харваанд гурван метр өргөн, 40 сантиметр өндөр хэц татаад, түүний дотор талд сум орвол оносонд тооцно.
Хасаа харваанд 30 сур өрж харвах агаад бөмбөг мэт бөөрөнхий хэлбэртэй, уран гоёмсог, хөндий суран сүлжмэлийг “сур” хэмээн нэрийднэ. Сураа давхарлан тавьсныг “домбо” гэх бөгөөд 12 домбо өрөөд хоёр талд тус бүр гурван хасаа хөндлөн тавьсныг “хүзүү” хэмээн нэрлэнэ. Голын хоёр домбо нь улаан байх ба хасааны урд талд хязгаар болгон татсан зураасыг “зурхай” гэдэг.
Зурхайн хоёр талд тавьсан гурав гурван сурыг азарга гэнэ. Хасаа харваанд эрчүүд 75 метр газраас 40 сум, эмэгтэйчүүд 60 метр газраас 20 сум тавьж харвадаг.
Долдугаар сарын 8-н буюу бямба гаригийн 06:00 цагаас 9-ний өдрийн 06:00 цагийн хооронд нийслэл Улаанбаатар хотоос орсон гарсан тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг НЗДТГ-аас өглөө. Тодруулбал
- Хөшигтийн хөндийгөөр 5,301 тээврийн хэрэгсэл орж, 5,424 тээврийн хэрэгсэл гарчээ.
- Налайх дүүргийн орох ажиллахгүй байгаа ба 12,396 тээврийн хэрэгсэл гарсан.
- Хоолтоор 4,517 тээврийн хэрэгсэл орж, 5,239 тээврийн хэрэгсэл гарсан.
- Түргэнээр 640 тээврийн хэрэгсэл орж, 6,050 тээврийн хэрэгсэл гарсан.
- Эмээлтээр орох ажиллахгүй, 16,452 тээврийн хэрэгсэл гарсан байна.
Нийт 10,458 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу орж, 45,561 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарсныг мэдээллээ.
Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаантай холбоотой шүүмжлэл олон нийтийн сүлжээнд өрнөсөн.
Түрүүлж явсан үрээг морь бариач хааж, давхисаар аман хүзүүд орууллаа гэх маргаанд Хурдан морины салбар хорооноос тайлбар хийж, шийдвэрээ танилцууллаа.
Хурдан морины салбар хорооны орлогч дарга Б.Ганбаатар “Манай салбар хороо хуралдаж, шүдлэнгийн уралдааны шийдвэрийг гаргалаа. Бид барианд орж ирж буй морьдын бичлэгийг нягталж үзээд асуудлыг шийдсэн. Үүнийг хоёр уяач хоёулаа хүлээн зөвшөөрсөн.
Амдаж давхисан маягтай харагдсан учраас морь бариачийн буруу байна. Санаатай үйлдэл биш гэж өөрөө хэлж байсан. Гэхдээ шарга морийг тосож аваад барианд оруулж байгаа мэтээр нийтэд харагдсан. Ингээд зөв талаар нь хар үрээ орсон.
Шарга үрээний эзэн З.Мэндсайхан татгалзсан өргөдлөө өгсөн. Өөрөөр хэлбэл түрүүлсэн шүдлэнгээсээ уяачийн хувьд татгалзаж байна гэдэг өргөдлөө ирүүлсэн.
Түүнчлэн морь барьсан хүнд хариуцлага тооцож байгаа. Зурхайд гишгэсэн хойно нь морио барьж айраг, түрүүг нь ил тод шалгаруулах ёстой. Иймд аман хүзүүд орсон шүдлэнг түрүүлсэн гэж шийдвэрлэлээ” хэмээн мэдээлэв.
Үндэсний их баяр наадмын азарга насны хурдан морьд барианы зурхай руу орж ирлээ.
Энэ жил 123 азарга тоосоо өргөхөөр бүртгүүлснээс 45 нь хасагджээ.
Үндэсний их баяр наадмын азарганы уралдаанд Увс аймгийн Зүүнговь сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Б.Норовсамбуугийн хээр азарга түрүүллээ.
Үүний араас аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Монгол Улсын тод манлай уяач Д.Даяндэмидийн азарга хурдлав.
Айргийн гурав: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Т.Ууганбаярын уулс хүрэн
Айргийн дөрөв: Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Х.Аминхишигийн хүрэн халзан
Айргийн тав: Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уяач Ц.Буянбаатарын хүрэн халзан тус тус орлоо.
Хурдан хүлгүүд 22 километр замыг туулсан юм.
Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойд зориулсан “Үндэсний их баяр наадам Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж байна.
Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ. Энэ жил 512 хүчит бөх хурд хүч, уран мэхээ уралдуулна.
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд түрүүлсэн хүчтэнд 10.000 ам.доллар, үзүүрлэсэн бөхөд 5.000 ам.доллар тус тус гардуулах болсноо “Азуре Коал Монгол Майнинг” ХХК-ийн захирал С.Мөнхбат МҮБХ-нд өчигдөр буюу долдугаар сарын 9-ний албан ёсоор мэдэгдлээ.
Үзүүр, түрүүний шагналыг долдугаар сарын 13-ны 11:30 цагт гардуулах юм.
“Монголын эдийн засгийн форум-2023” арга хэмжээний үеэр болсон “Хотын хөгжил” хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын “СССС нэгдүгээр авто зам инженеринг групп” ХХК-тай хийсэн суурь хэлцлийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг БНХАУ-д айлчлах үеэр хамтын ажиллагааны суурь хэлцлийг хийсэн. Энэ хүрээнд Тойрог хурдны зам, Улаанбаатарын метро төслийг эхлүүлэх, Туул голын даланг сайжруулах, нийгмийн бүтээн байгуулалт болох эмнэлэг, сургууль барихаар тусгаад байна.
4.3 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийх суурь хэлцлийг байгуулсан. Энэ бол Эдийн засгийн чуулганы нэгэн чухал тоон үзүүлэлт. Үүнийг хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд зарцуулна. Дараагийн Хотын дарга хэн байхаас үл хамаарч тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдэх ёстой. Тэр боломж, нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ажиллаж байна. Хот санхүүгийн хувьд хүчирхэг байх ёстой.
“СССС нэгдүгээр авто зам инженеринг групп” ХХК нь дэлхийд эхний гуравт, Азидаа тэргүүлдэг дэд бүтэц, бүтээн байгуулалтын компани. Тус компанитай Улаанбаатар хотын төлөвлөлтийг хамтарч хийхээр ярилцаж байгаа. Энэ хүрээнд БХБЯ, ЗТХЯ, ЭХЯ-тай хамтран ажиллаж байна.
Улаанбаатар хотод нэг талдаа гурван эгнээ, нийт зургаан эгнээ Тойрог хурдны зам байх ёстой. Эхний байдлаар 12 уулзварын огтлолцлыг төлөвлөсөн. Мөн Улаанбаатар хотод метро хэрэгтэй. Метро байгуулах ажил хэлэлцээний шатандаа яваа. Түүнчлэн Туул гол дагуух хөгжүүлэлт буюу даланг хүчитгэх, иргэдийн ая тухтай орчинг бүрдүүлэх байгууламж хийхээр болсон. Мөн олон улсын стандартын 10 эмнэлэг, 20 сургууль байгуулахаар төлөвлөж байна хэмээлээ.
Хэлцлийн хүрээнд Улаанбаатар хотод хийхээр төлөвлөсөн мега төслүүдийг эхлүүлэх, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломж бүрдэх юм.
Монголын морин спорт уяачдын холбооноос баталсан “Хурдан морины уралдааны дүрэм”-д уралдаанд түрүүлж айрагдсан морьдын сэрвээний өндрийг дахин хяналтын хэмжилт хийж, дүрэмд заасан насны ангиллын хэмжээнээс давсан нь тогтоогдвол уралдаанаас хасаж, дараагийн морийг хэмжиж, байр эзлүүлэхээр тусгасан.
Энэхүү журмын дагуу гаргасан холбооны саналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам дэмжиж, дахин хэмжих асуудлыг хурдан морины салбар хороонд оруулсан. Гэвч Үндэсний их баяр наадмаар хурдан морьдын хязаалангийн уралдаанд айрагдаж, түрүүлсэн морьдыг дахин хяналтын хэмжилт хийх явцад маргаан гарснаас үүдэн уралдсан морьдыг дахин хэмжиж, хасахгүй байх шийдвэрийг Хурдан морины салбар хороо гаргажээ.