Categories
нийгэм

Явган болон дугуйн замын нийт 25 байршилд засвар, өргөтгөл хийнэ DNN.mn

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа явган болон дугуйн замын засвар, өргөтгөлийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Энэ онд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн явган хүний болон дугуйн замын нийт 25 байршилд 19,629 ам метр талбайг засварлах, өргөтгөхөөр төлөвлөн ажиллаж байгаа. Үүнээс 12 байршлын 5220 ам метр талбайн ажил бүрэн дууссан, 10 байршлын 10,904 ам метр талбайн ажлыг эхлүүлээд байна. Үлдсэн гурван байршлын ажил удахгүй эхэлнэ.

Явган хүний замыг засварлах, өргөтгөхдөө сургуулийн орчин, гол магистрал замууд дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налууг гаргаж байгаа. Гэр хорооллын бүсэд хийх 16 цэцэрлэгт хүрээлэнгийн 12-ынх нь ажил эхлээд байна.

Улаанбаатар хотын төвлөрсөн дулааны болон бусад инженерийн шугам сүлжээний засварын ажлын шаардлагаар ухсан зам, талбайг нөхөн сэргээж, холбогдох стандарт, тавигдах шаардлагыг хангуулж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Инженерийн шугам сүлжээний засвар, үйлчилгээ, бүтээн байгуулалтын ажил эхэлсэнтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад авто зам, талбай, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц, гарц гаргах болон нөхөн сэргээх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгож, гүйцэтгэлд нь хяналт тавих үүрэг бүхий Ажлын хэсгийг шинээр байгуулсан. Авто зам, замын байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц гарц гаргах хүсэлтийг Нийслэлийн Замын хөгжлийн газарт хүлээн авч, хэлэлцэх ажлын жагсаалтын дагуу хуралд хэлэлцүүлж байна. Авто зам, замын байгууламж сэтлэх, сүвлэх 58 асуудал, орц гарц гаргах 68, нийт 126 асуудлыг хэлэлцлээ. Үүнээс сэтлэх сүвлэх 31, орц гарцын 13 зөвшөөрлийг олгохоор болсон.

Авто замын нөхөн сэргээлтэд Нийслэлийн Замын хөгжлийн газар хяналт тавьж, явган зам, тохижилт, ногоон байгууламж доогуур хийсэн шугамын ажлын нөхөн сэргээлтийг УБЗАА хяналт тавин ажиллаж байна” гэлээ.

УБЗАА-ны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн “Хүн төвтэй гудамжийг бий болгох ажил 2022 оноос эхэлсэн. Энэ жилийн хувьд бид сургууль орчмын байршилд анхаарлаа хандуулж байна. Тухайлбал, нийслэлийн ерөнхий боловсролын 23-р сургуулийн зам нь дан шороогоороо, ус их тогтдог, зарим хэсэгтээ 50 см орчим өргөнтэй тул хоёр хүн зэрэгцэн явах боломжгүй байсан. Одоо бол хамгийн нарийн хэсэгтээ 1.5 метр өргөн болсон байна. Түүнчлэн замын гэрэлтүүлгийн шонгууд нь голлосон байсныг сургуулийнх нь хашаа руу зөөж чөлөөлсөн. Ер нь явган болон дугуйн замын засвар, өргөтгөлийн эдгээр ажлыг долоодугаар сарын дундуур дуусгахаар төлөвлөж байна. Түүнчлэн засвар, өргөтгөл хийхдээ хотын стандартын дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налууг хийж байгаа юм” гэв.

Categories
онцлох-нийтлэл улс-төр

П.Анужин: Малчдын НДШ-ийн 50 хувийг төр дааснаар ирээдүйн баталгаагаа бий болгох боломж бүрдэнэ DNN.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай багц хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Анужин “Нийгмийн даатгал огт төлдөггүй атлаа халамжийн тэтгэвэр буюу 288 мянган төгрөгийн халамжийн тэтгэвэр авч байгаа 195 мянган малчин байна. Өөрөөр хэлбэл 13 их наяд төгрөгийг халамжийн тэтгэвэрт зарцуулж байгаа юм. Иймд хуулиар 50 хувийг төр дааж, 50 хувийг малчид өөрсдөө төлснөөр тэтгэвэр авах боломж бүрдэж, ирээдүйн баталгаагаа бий болгох боломж юм. Нөгөө талдаа нийгмийн даатгалын сан мөнгөжиж байгаа. Хаана хаанаа хариуцлага бий болж байгаа л асуудал. Нийт малчдын 20 хувь нь нийгмийн даатгал төлж байгаа.

Нөгөө талдаа малчид бол өв соёл тээгчид. Таван малаа сааж тараг сүүгээ боловсруулан идээ цагаа хийж, арьс ширээрээ хазаар ногтоо зангидан морь малаа уяж сойж, уралдуулж, нэхий арьсаа боловсруулж дээл хувцсаа хийж өмсөж хэрэглэж ирсэн өв уламжлал тээгчид. Иймд төр бодлогоор зайлшгүй дэмжих хэрэгтэй. Хариуд нь малчид мал махаа сайжруулж, тооноос чанарт шилжих хэрэгтэй байгаа юм.

Монгол Улс 2044 он гэхэд бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжинэ” хэмээв.

Categories
улс-төр

Эрхүү мужид ноос ноолуурын хамтарсан үйлдвэр, аж үйлдвэрийн парк байгуулах, түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэх талаар санал нэгдэв DNN.mn

Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.06.22) Эрхүү мужийн Амбан захирагч И.И.Кобзевтой уулзлаа.

Уулзалтын эхэнд ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч И.И.Кобзев, УИХ-ын даргад Эрхүү мужид хүрэлцэн ирсэнд талархаад, өнгөрсөн жилүүдэд онцгой байдал, эрүүл мэнд, соёл урлаг, боловсрол, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллаж ирсэндээ сэтгэл хангалуун байдгаа илэрхийллээ. Тэрбээр, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр саналаа илэрхийлсэн бөгөөд хүнс, уул уурхай, аялал жуулчлал, ноос ноолуур, түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэх талаар хамтран ажиллах саналаа танилцуулсан.

УИХ-ын дарга Г.Занданшатар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко болон Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нартай хэлэлцээ хийн, “Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын хамтын ажиллагааны комиссын үйл ажиллагааны зохицуулалтын тухай” баримт бичигт гарын үсэг зурж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны комиссыг байгуулсан тухай дурдлаа. Мөн ОХУ-ын “Роснефть” ХН-ийн Ерөнхий гүйцэтгэх захирал И.В.Сечинтэй ажлын уулзалт хийсэн хэмээгээд, Монгол, Оросын сайн хөршийн, уламжлалт найрсаг харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж байгааг онцлон тэмдэглэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар, “Энэ оны 03 дугаар сард ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагчийн Монгол Улсад хийсэн айлчлалын дараа Улаан-Үдэ хотод бүсийн болон хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааны дэд комиссын хурал болсон. Энэ хурлын үеэр бүс нутгуудын хэмжээнд хамтарч ажиллах боломжит чиглэлүүдийн талаар хэлэлцсэн. Манай улс болон Эрхүү мужийн харилцаа, хамтын ажиллагаа уламжлалт, найрсаг, эртний түүхэн замналтай. Олон жилийн турш Монгол Улс нь Эрхүү мужийн стратегийн түнш байсан ба бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх худалдааны түншүүдийн тоонд ордог” хэмээлээ.

Талууд худалдаа, эдийн засгийн харилцааг цаашид эрчимжүүлэх талаар санал солилцов. Тухайлбал, Эрхүү мужид ноос ноолуурын хамтарсан үйлдвэр, аж үйлдвэрийн парк байгуулах, түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэх асуудалд санал нэгдэв.  Мөн дээрх саналуудыг бодит ажил хэрэг болгох алхамыг ирэх 08 дугаар сард Улаабаатар хотод зохион байгуулагдах Засгийн газрын ээлжит уулзалтын үеэр хийхээр тохиролцов.

Уулзалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, Б.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газрын ерөнхий консул Ж.Энхжаргал, Эрхүү мужийн  Хууль тогтоох хурлын дарга А.В.Ведерников болон албаны хүмүүс оролцлоо.

Уулзалтын дараа УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид Эрхүү муж дахь аугаа эх орны дайны ахмад дайчдын дурсгалыг хүндэтгэн билэгдсэн “Мөнхийн гал”-д цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

Мөн Эрхүү мужийн хүүхдийн улсын төв эмнэлэг болон Байгалийн улсын их сургуулиар зочлон, үйл ажиллагаатай нь танилцлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
нийгэм цаг-үе

Өчигдөр ихэнх нутгаар 30 хэм давж халжээ DNN.mn

Өчигдөр ихэнх нутгаар +30 градус давж халсан байна.

Тодруулбал, Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын өчигдрийн 14 цагийн ажиглалтын мэдээгээр найман аймгийн 36 сумдаар +34 градусаас дээш халжээ.

Улаанбаатар хотод +31.7 градустай байсан бол Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд 38.3 градус хүртэл халсан байна.

Categories
мэдээ цаг-үе

Боловсролын зээлийн сангийн зээлээр гадаадад суралцах 50 оюутан DNN.mn

Дэлхийн шилдэг 50 сургуульд элсэн суралцах урилга авсан 100 оюутан “Суралцах чадварын ерөнхий үнэлгээ”-ний тестийг өнөөдөр 12:00-13:30 цагийн хооронд өглөө.

Мөн тестийн үнэлгээний дүн гарч, Боловсролын зээлийн сангийн зээлээр гадаадад суралцах 50 оюутныг сонгон шалгарууллаа.

Энэ талаар БҮТ-ийн захирал Л.Ганбат “Материал уншсан дарааллаар сурагчдын эрэмбэ автоматаар өөрчлөгдөж, эхний 50 байранд жагссан хүүхдүүдийн зураг мэдээлэлтэйгээ гарч ирнэ.

Эдгээр сурагч дэлхийн топ сургуулиудад бакалаврын түвшинд суралцахдаа БЗС-гийн хөтөлбөрт хамрагдах боломжтой боллоо.

Нэр бүхий 50 шалгуулагч зохих процессын дагуу БШУЯ-нд хандаж гэрээгээ байгуулах дараагийнхаа үйл ажиллагаанд орох ёстой. Бүгдэд нь амжилт хүсье” хэмээн ярилаа.

Тухайлбал суурь оноо болон суралцах түвшний ерөнхий оноогоор “Orkhon Empathy” сургуулийн 12 дугаар ангийн сурагч У.Эрдэнэтуул тэргүүлж, БЗС-гийн зээлээр суралцах боломжтой болов.

Categories
нийгэм онцлох-нийтлэл

Нөхөр нь эхнэртээ, эхнэр нь хүүхдэдээ уураа гаргадаг. Хүүхэд нь…? DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС….


Босс ажил дээрээ бухимдуухан байвал “Эхнэртэйгээ муудалцсан юм болов уу” хэмээн таамагладаг. Эсрэгээрээ нөхөр нь ажил төрлийн бухимдлаа эхнэртээ гаргах нь бий. Үүнээс ч ноцтой дүгнэлтийг судлаачид хийсэн байна лээ. Хүчирхийлэлд өртдөг эмэгтэй бухимдлаа хүүхдэдээ гаргадаг гэнэ. Нөхөртөө зодуулдаг, дарамтлуулдаг уураа хүүхдээсээ өөр хэнд гаргах вэ. Гэр бүлийн дайн хүсэх юм биш. Энэ бүх уур бухимдал хуримтлагдаад хүүхдэд ирдэг гэхээр хамгийн аймаар. Бага балчир хүүхдүүд өөрийгөө хамгаалах чадваргүй, сул дорой. Тэдний бяцхан бие, хөгжиж гүйцээгүй сэтгэхүйд энэ бүхэн хар толбо болж үлдэнэ. Загнуулж шийтгүүлж зодуулж байдаг хүүхэд өөртөө итгэлгүй болдог аж. Хүүхэд хэнд уураа гаргах болж байна. Нөхөртэйгөө муудалцсаны дараа сэтгэл санаа муу байх үед хүүхэд элдэв ааш гаргаад, үгэнд орохгүй бол ээж нар тэвчихэд хэцүү л дээ. Ийм үед яаж тэсэх талаар сэтгэл зүйчид олон зөвлөгөө өгдөг. Зүгээр л бүхнийг орхиод, хүүхдээ хөтлөөд салхинд алхах хэрэгтэй гэнэ. Ядаж л салхивчны дор зогсоод, гүнзгий амьсгаа ав. Хүүхэд рүүгээ бухимдаж, хашгирч, гар далайхын оронд түүний бяцхан биеийг энгэртээ нааж тэвэр. Эсвэл гараа хүйтэн усаар угааж болно. Ингэхдээ энэ ус хамаг муу муухай бүхнийг хаман авч байна гэж төсөөлөх хэрэгтэй. Угаалга цэвэрлэгээ хийсний дараа дотор уужирдаг бол гэрээ зад цэвэрлэж болно. Гэхдээ цэвэрлэгээ хийхэд бухимдал төрдөг бол дэлгүүр хэссэн ч болно шүү дээ.

Categories
мэдээ

Ж.Одгарьд: Гандантэгчэнлин хийдийн асуудлаар ярилцлага өгсөн хүүхэд нийгэмд гадуурхагдаж байна DNN.mn

МБШТөв-Гандантэгчэнлин хийдээс нийгэмд үүсээд буй нөхцөл байдлын талаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж байна.

Сүм, хийдэд ламхай нар бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэх мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг мэдээлээд буй. Уг асуудлын талаар Гандантэгчэнлин хийдээс олон нийтэд мэдээлэл өгч байна.

Ж.Одгарьд “Үндсэн хуульд заасны дагуу шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй тохиолдолд хэн нэгнийг буруутай мэтээр ярьж болохгүй.

Нэр бүхий сайтад нийтлэгдсэн мэдээллийн дагуу шалгуулах хүсэлтээ цагдаагийн байгууллагад хүргүүлсэн. Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна.

Шүүхээс гэм буруутай нь тогтоогдоогүй байхад олон нийтийн сүлжээгээр буруутгах нь хэрээс хэтэрлээ.

Нэр бүхий улс төрчид ч энэ талаар ярьж байгаа нь зохисгүй.

Нийгэмд үүссэн нөхцөл байдалд цочирдож байна. Энэ асуудлыг ярихад ч эвгүй. Лам хуврагууд, хийдийг олон нийтээрээ гутаасанд харамсаж байна. Үнэн зөвийг хуулийн байгууллага шийдэх болно. Шүүхээр буруутай нь тогтоогдоогүй байхад нэрийг зарлаж байгаад харамсаж байна. Бид хүүхдийн эрхийн төлөө ажиллана” гэв.

“Нийгэмд үүссэн нөхцөл байдал урд өмнө нь Гандантэгчинлэн хийдэд гарч байгаагүй. Гандантэгчинлэн хийд дотооддоо холбогдох газруудтай хамтран уг нөхцөл байдлын талаар хариу арга хэмжээ авч байна”.

“Ярилцлага хийж, тодорхой хүүхдүүдийн нэрийг олон нийтэд зарласан нь хүүхдийн эрхэд халдсан харамсалтай явдал болсон. Ярилцлага өгсөн хүүхдүүд нийгэмд гадуурхагдаж байна. Монголд болон Энэтхэгт сурч байгаа хүүхдүүдийг гутаан доромжилж байгаа асуудал гарч байна. Хүүхдийн эрхийг хамгаалахад хамтарч ажиллаасай гэж хүсэж байна. Энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлүүлэхийг зорих ёстой” хэмээн ярилаа

Categories
нийгэм цаг-үе

Улаанбаатарт хөрсний болон хүнд металлын бохирдол 80 орчим хувьтай байна DNN.mn

Улаанбаатар хотын хөрсний бохирдлын индексийг олон улсын аргачлалаар тодорхойлох судалгаагаар хөрсний болон хүнд металлын бохирдол 80 орчим хувьтай гарсан байна.

Хөрсний бохирдлын дийлэнхийг хүнд металл буюу хүнцэл, кадми, хром, хар тугалгын бохирдол эзэлж байна.

Categories
мэдээ цаг-үе

Хөргөгчны шингэн дэлбэрсний улмаас хоёр иргэн нас барж, нэг иргэний биеийн байдал хүнд байна DNN.mn

Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо “Далай ээж” захад гал гарч байна гэсэн дуудлага 12:33 цагт НОБГ-т ирсэн. ​Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиж, “Миний сүлжээ” дэлгүүрийн зүүн хойд талын В1 давхарт агааржуулалтын системийн доор хөргөгчний пирон шатаж байсныг унтраалаа.

Гал түймэрт 3 ажилтан түлэгдсэн байсныг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн бөгөөд хоёр иргэн нь нас барж, нэг иргэний биеийн байдал хүнд байна

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар​

Categories
нийгэм цаг-үе

Ард Санхүүгийн Нэгдэл Дэлхийн Эдийн Засгийн Форумын Шинэ Аваргууд нийгэмлэгийн гишүүн байгууллагаар элслээ DNN.mn

​Дэлхийн Эдийн Засгийн Форумын “New Champions” буюу Шинэ Аваргууд нийгэмлэгийн гишүүн байгууллагаар Ард Санхүүгийн Нэгдэл ХК уригдсанаар уг нийгэмлэгт элссэн анхны Монгол компани боллоо.

“New Champions” нийгэмлэг нь дээд түвшний олон талт харилцаа, хамтын ажиллагааны платформ бөгөөд нийгэмлэгийн гишүүн байгууллага болсноор Ард Санхүүгийн Нэгдлийн нийт ажиллагсад тус платформоор дамжуулан мэдлэгээ тэлэх боломж нээгдэж байна. Үүний хүрээнд компанийн үйл ажиллагаа олон улсад улам хүрээгээ тэлж, удирдах түвшний ажиллагсад Дэлхийн Эдийн Засгийн Форумаас зохион байгуулагддаг томоохон арга хэмжээнүүдэд урилгаар оролцож, Монгол Улсын эдийн засаг болон Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн үйл ажиллагааг таниулан сурталчлах юм.