Categories
эдийн-засаг

Өвөлжилтийн бэлтгэл 30 хувьтай байна DNN.mn

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө удирдан явуулав. Хурлын эхэнд нийслэлийн 2022-2023 оны өвөлжилтийн дүн, 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа танилцууллаа.

Өнгөрсөн өвлийн хувьд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1106 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж, гүйцэтгэл 94 хувьтай байжээ. Хотын хэмжээнд 20 мянга гаруй аж ахуйн нэгж, 283 мянга орчим өрхийг дулаанаар хангасан байна. Мөн 455 мянга гаруй хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангасан. Төвлөрсөн дулаан хангамжийн суурилагдсан хүчин чадал 2318 Гкал/ц боловч 31.8 хувийн хэтрэлттэй байгаа юм. Өвөлжилтийн хугацаанд дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол дундах насжилтын хугацаа дууссан шугам сүлжээнд нийт 12 гэмтэл гарч, цаг тухайд нь засварлажээ.

Ирэх өвлийн бэлтгэл хангах хүрээнд 658 төсөл, арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлж байгаа бөгөөд хэрэгжилт 30 хувьтай байна. Тодруулбал, улс, нийслэл, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 19 байршилд дулааны 28.1 км шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх, шинээр татах ажлууд хийж байна. Энэ нь сүүлийн жилүүдэд хийж байгаагүй томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил болж байгаа юм.

Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ орон сууцны хороолол доторх 1223.2 км инженерийн шугам сүлжээний ашиглалтыг хариуцан ажилладаг. Нийт шугам сүлжээний 60 хувь нь насжилт өндөртэй, ашиглалтын хугацаа дууссан бөгөөд 2023 оны зуны засвараар найман байршилд 3.6 км хос шугам сүлжээ болон бусад засварын ажлыг гүйцэтгэж байна. Өдгөө засварын ажил 34 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.

Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн хүрээнд угсармал 1077 блок орон сууцыг дулаалахаар төлөвлөсөн. Эхний ээлжид 375 блок барилгад есдүгээр сард багтаан дулаан хэмжих хэрэгсэл суурилуулахаар ажиллаж байна. Хөрөнгө оруулагч талаас оршин суугчид дулаалгын төлбөрийн тодорхой хувийг гаргах, тухайн орон сууц нь газар хөдлөлтөд тэсвэртэй байдлын дүгнэлттэй байх зэрэг үндсэн шаардлага тавьж байгааг хэлж байлаа.

Хотын хэмжээнд 8287 цахилгаан шат байгаагаас нийтийн зориулалттай орон сууцанд ашиглаж байгаа 800 шатны ашиглалтын хугацаа дуусаж байна. Үүнээс ашиглалтын шаардлага хангахгүй, мэргэжлийн байгууллагын дүгнэлттэй 13- цахилгаан шатыг солих шаардлагатай байгаа юм. Түүнчлэн өнгөрсөн жил 160 мянга орчим өрхийг 523 мянга гаруй тонн сайжруулсан түлшээр хангасан. Энэ жил мөн тооны өрхийг 527 мянга орчим тонн түлшээр хангахаар төлөвлөж, 40 мянган орчим тонн түлш нөөцөлжээ.

Зөвлөлийн гишүүд өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангаж, нэн шаардлагатай бүтээн байгуулалтын ажлын үлдэгдэл санхүүжилт, дулаан холболтын ажлуудаа яаралтай хийх хэрэгтэйг онцолж байв

Categories
нийгэм онцлох-нийтлэл

Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг зургадугаар сарын 25-н гэхэд бэлэн болгох үүрэг өгчээ DNN.mn

Шадар сайд С.Амарсайханы удирдлага дор үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо.

Хуралд зохион байгуулах хорооны гишүүд, салбар хороодын дарга, Нарийн бичгийн дарга нар оролцож, холбогдох асуудлуудаар мэдээлэл хийн, саналаа нэгтгэсэн юм.

Баяр наадмын комиссын өнөөдрийн хуралдаанаар бэлтгэл ажлыг хангах асуудлаар Үндэсний бөхийн салбар хороо 50 хувь, хурдан морины салбар хороо 45 хувь, сурын салбар хороо 50 хувь, урлаг, соёлын арга хэмжээний салбар хороо 50 хувь, тохижилт, засвар, худалдаа, үйлчилгээний салбар хороо 50 хувь, хэв журмын салбар хороо 87 хувь, төрийн ёслолын үйлчилгээний салбар хороо 50 хувь, шагайн харвайн салбар хороо 30 хувь, хэвлэл мэдээллийн салбар хороод ажлаа тайлагнав.

Бэлтгэл ажил мөн баяр наадмын санхүүжилт, бусад чиглэлээр мэдээлэл өглөө.

Наадмаар үйл ажиллагаа явуулах худалдаа үйлчилгээний зохион байгуулалт, нийтийн хоолны чанар стандарт эрүүл, аюулгүй байдалд хяналт тавихад онцгой анхаарч ажиллах, үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн тоглолтын хяналтын хийх хугацааг тодорхой болгон зохион байгуулах, баяр наадмын хөтөлбөрийг зургаадугаар сарын 25-ны өдөр гэхэд бэлэн болгохыг Шадар сайд С.Амарсайхан салбар хороодын дарга нарт үүрэг чиглэл өгөв.

Ирэх долоо хоногт Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг зэрэг наадам зохион байгуулагдах газруудаар явж бэлтгэл ажилтай танилцаж, тулгамдсан асуудал байвал газар дээр нь шийдвэрлэнэ гэдгээ онцоллоо.

Categories
улс-төр

Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2023.06.23) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгээс боловсруулж, Нийгмийн бодлогын байнгын хороо хэлэлцэн дэмжсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар үргэлжлүүлэн санал хураалаа. Нийт 30 гаруй санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Боловсролын ерөнхий хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа. Хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн (2023.06.22) нэгдсэн хуралдаанаар эхлүүлж, Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссан юм. Хуулийн төслийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар үргэлжлүүлэн санал хураалаа.

Хуулийн төслийн 22.8-д “Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлтээр бага боловсролыг гэрээр эзэмшүүлж болох бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална.” гэсний “холбогдох журам” чухам юу байх тухай тодорхой заах шаардлагатайг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр хэллээ. Эцсийн хэлэлцүүлэгт энэ журмыг тодорхой нэрлэж оруулж ирэхийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чиглэл болголоо.

Зарчмын зөрүүтэй саналуудыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүллээ.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэж, хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэвэрт гарч буй даатгуулагчийн нөхцөлийг хэвээр үлдээх, хөдөлмөрийн хортой, халуун нөхцөл болон газрын дор ажиллаж байгаа даатгуулагчийн тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэхгүй байх, 2018 оноос дараалсан зургаа болон долоон жилийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр бодуулсан тэтгэвэр авагчийн тэтгэврийг хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан нэг удаа шинэчлэн тогтоох, “Тэтгэврийн тогтолцоо” гэсэн бүлгийг “Тэтгэврийн төрөл” болгон өөрчлөх санал гаргасан байна.

Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцуулгадаа, Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг хуулийн төсөл “Тэтгэврийн талаар төрөөс баримтлах бодлого”-той нийцэж байгаа эсэх, улсын төсөв, нийгмийн даатгалын сангийн ачааллыг хэр нэмэгдүүлэх, хамтын тэтгэврийг 20 хувиар нэмэгдүүлэхэд шаардагдах санхүүжилт, хамт амьдарсан хугацааны шалгуурыг дээшлүүлэх, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр хариуцсанаар улсын төсөвт үүсэх ачаалал, уурын зуухны галч нарын ажиллах нөхцөлийн талаар асуулт асууж, хариулт авсныг дурдлаа. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай болон Монгол Улсын Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг буцаах зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Харин Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаах тухай түүний гаргасан зарчмын зөрүүтэй саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нас барсан тэтгэвэр авагчийн 10 ба түүнээс дээш жил хамтран амьдарсан нөхөр, эсхүл эхнэрийн тэтгэврийг 20 хувиар нэмэгдүүлж олгоно гэсний 10 жил гэсэн шалгуурыг нэмэгдүүлэх зарчмын зөрүүтэй саналыг гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй ажээ.

Нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, С.Ганбаатар, Х.Ганхуяг нар үг хэлж, тэтгэврийг дараалсан долоон жилийн цалингийн орлогоос бодож буйг таван жил болгох, даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр алдсаны эхний таван өдрийн тэтгэмжийг ажил олгогч өгөх, хамтын тэтгэврийн буюу гэр бүлийн хоёр хүний нэг өөд болоход үлдэж байгаа хүний тэтгэврийн хэмжээг 20 хувиар нэмэгдүүлэх зохицуулалт хэзээнээс хэрэгжих, тэтгэврийн нөөц санг Ирээдүйн өв сан болон улсын төсвөөс бүрдүүлэхээр заасан нь хуульд нийцэж буй эсэх талаар асууж, Ажлын хэсгийн гишүүдээс хариулт авлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс төлөхөөр заасныг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн юм.

Улсын Их Хурлын гишүүдийн асуулт, саналтай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар байр сууриа илэрхийлж, тэтгэвэр бодох итгэлцүүрийг зөв тогтоох, мөнхүү хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалд шилжих санхүүгийн эх үүсвэрийг оновчтой тооцох, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн менежментийг сайжруулах шаардлагатайг онцолсон юм.

Хэлэлцэж буй асуудлаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа.

Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр 2018 оноос дараалсан зургаа болон долоон жилийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр бодуулсан тэтгэвэр авагчийн тэтгэврийг хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан нэг удаа шинэчлэн тогтоох тухай зохицуулалт нь хуульд бус уг хуулийг дагаж мөрдөх журамд оруулах процессийн асуудал гэж үзэж буйгаа илэрхийлэв. Энэ бол Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийн гаргасан санал бөгөөд Байнгын хорооны хуралдааны үеэр олонхийн дэмжлэг аваагүй юм. Чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудлаар санал хураахад Нийгмийн бодлогын байнгын хорооны санал буюу Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийн саналыг дэмжихгүй гэсэн санал дэмжигдэв.

Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, хамтын тэтгэврийн хугацааны шалгуурыг 10 жил байхаар төсөлд тусгасныг 20 жил болгох санал гаргасан нь олонхын санал аваагүй юм. Уг саналаар санал хураах үед тэрбээр, нэг гэр бүлийн хоёр хүний нэг нь өөд болоход нөгөө хүний тэтгэврийг 20 хувиар нэмэх зохицуулалтад 10-аас доошгүй жил хамт амьдарсан байх гэсэн шалгуур үзүүлэлт зааж өгч буй нь бага гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. 20-оос доошгүй жил болгох нь монгол гэр бүлийн тогтвортой хамтын амьдралыг дэмжихэд чухал болохыг дурдав. Уг асуудлаар санал хураахад Байнгын хорооны санал дэмжигдэлгүй унаж, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригийн дэвшүүлсэн зарчмын зөрүүтэй саналыг дэмжсэн юм.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилын гаргасан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Ийнхүү санал хураалт дууссанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Үүний дараа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат танилцуулсан юм. Тэрбээр танилцуулгадаа Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэн тухай дурдаад, Ажлын хэсгээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй ес, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбоотой нэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх Улсын Их Хурлын гишүүн гараагүй тул зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Ингэснээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг явууллаа. Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцууллаа. Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгээс Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй 17, найруулгын нэг, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбоотой зарчмын зөрүүтэй гурван санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Дээрх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураах үед төслийн 14.9-д, даатгуулагчид тусламж үйлчилгээ үзүүлэх сэргээн засах төв болон сувиллыг сонгох, гэрээ байгуулах, санхүүжүүлэх, тусламж үйлчилгээний чанарт хяналт тавих журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар заасныг дэмжихгүй тухай үндэслэлээ Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр илэрхийллээ. Тэрбээр уг заалт дахь журмыг сайд биш хамтын удирдлагатай Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа дурдав. Түүний саналыг үндэслэн төслийн 14.9 дэх заалтыг гүйцээн боловсруулах чиглэлийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өглөө.

Зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Мөн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Хуулийн төслүүдийн талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат танилцуулав. Тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийг зүйл бүрээр, Ажлын хэсгээс гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн талаар дурдаад, 2022 онд батлагдсан Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай нийцүүлж нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн үйл ажиллагааг эрхлэх этгээдэд олгох тусгай зөвшөөрлийг олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг нарийвчлан зохицуулах, төрийн үйлчилгээг цахимжуулах зорилтын хүрээнд нэмэлт тэтгэврийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаа болон хөтөлбөр бүртгэхтэй холбоотой баримт бичгийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэх зэрэг санал дүгнэлтийг Нийгмийн бодлогын байнгын хорооноос танилцуулж байна гэлээ.

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгээс Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй 42, найруулгын нэг, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбоотой зарчмын зөрүүтэй нэг санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут Байнгын хорооны хуралдааны үеэр ажил олгогчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн гишүүнчлэлтэй ажилтан, гишүүд өөр байгууллагад шилжсэн тохиолдолд тэтгэврийг шилжүүлэх хууль, эрх зүйн зохицуулалтын талаар болон ажил олгогчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт хамрагдсан ажилтны сард төлөх шимтгэлийн доод хязгаарыг тогтоосон нь сайн дурын даатгалын зарчимтай нийцэж байгаа эсэх асуудлыг хөндсөн байна. Байнгын хорооны санал дүгнэлтийг сонссоны уг асуудлыг Улсын Их Хурлын чуулганы дараагийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов.

Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар санал хурааж баталсан Улсын Их Хурлын тогтоолууд болон батлагдсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уншиж сонсгов. Засгийн газраас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолуудыг өнөөдрийн санал хураалтаар баталлаа.

Мөн өмнө нь эцсийн хэлэлцүүлгийг явуулж баталсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн найруулгыг сонсгов. Түүнчлэн, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагалдаж гарсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Харилцаа холбооны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд, “Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” болон “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг уншиж сонсголоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
гадаад

Оросын дипломатч Австралийн засгийн газрын хориглосон газарт эсэргүүцэл илэрхийлсэн нь маргаан дэгдээв DNN.mn

ОХУ-ын элчин сайдын яам шинэ байраа барихаар төлөвлөсөн газрын эрхийг Австралийн засгийн газар үндэсний аюулгүй байдлын үндэслэлээр саяхан цуцалсан юм.

Уг газар нь тус улсын парламентын байраас 400 метр зайд байрладаг тул тагнуулын ажиллагаа явуулах эрсдэлтэй гэж үзээд 2008 онд олгосон түрээсээр эзэмших эрхийг цуцалжээ.

Оросын тал шийдвэрийг Австралийн дээд шүүхэд давж заалдахаа мэдэгдээд байгаа.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков уг шийдвэрийг “Өрнөдийн орнуудад ажиглагддаг Оросын эсрэг хэт үзлийн нэг жишээ” гэж шүүмжилж байв.

Пүрэв гарагт Оросын нэг дипломатч эрх нь цуцлагдсан барилгын газар дээр тамхилж байгааг харуулсан гэрэл зураг Австралийн хэвлэлүүдээр цацагджээ.

Тэрбээр ийм аргаар эсэргүүцэл илэрхийлж байгаа бололтой. Дипломатчийн халдашгүй статустай тул цагдаа нар түүнийг газраас албадан явуулах боломжгүй байгаа гэнэ.

Баасан гарагт Австралийн ерөнхий сайд Энтони Албаниз дипломатчийн эсэргүүцэлд санаа зовохгүй байгаагаа мэдэгджээ.

“Орос улс сүүлийн үед хууль дүрэм сахих талаар их тааруу байгаа. Украинд түрэмгийлэл үйлдсэн Орос улс олон улсын эрх зүйн хэм хэмжээг байнга, увайгүй зөрчиж байгаа тул бид тэднээс зөв үйлдэл гарна гэж найдахгүй байна” гэж Албаниз хэлсэн байна.

 

Categories
нийгэм цаг-үе

Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага хэвийн байна DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 20-ны байдлаар зуншлага нийт нутгийн 50 орчим хувьд хэвийн, 40 орчим хувьд дунд, 10 орчим хувьд муу үнэлгээ гарчээ.

Categories
story-news

“Өдрийн сонин”-ы “Фото агшин” буланд гэрэл зургаа нийтлүүлээрэй

“Өдрийн сонин”-ы “Фото агшин” буланд гэрэл зургаа нийтлүүлээрэй

Categories
туслах-ангилал цаг-үе

“Өдрийн сонин”-ы “Фото агшин” буланд гэрэл зургаа нийтлүүлээрэй DNN.mn

Монголын хамгийн олон уншигч, захиалагчтай Өдрийн сонины арын нүүрний “Фото агшин” буланд уншигч та бүхэн гэр бүл, найз нөхөд, хамт олон, арван жил, аялал, амралт зугаалга, амьдралын дурсамжтай, хөгтэй түүхэн, агшнуудыг буулгасан ховор нандин гэрэл зургуудаа нийтлүүлж ойр дотны хүмүүстээ бэлэг болгон барих боломжийг та бүхэнд олгож байна.

Мөн хайртай хүмүүсийнхээ төрсөн өдрийг тохиолдуулж Өдрийн сонинд зургийг нь нийтлүүлэх нь санаанд оромгүй, мартагдашгүй бэлэг болох нь дамжиггүй.

 

Та доорх гар утсаар холбоо барьж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Гэрэл зураг хүлээн авах мэйл:  tsetsen_ub@yahoo.com Утас: 99726006

Өдрийн сонины Арын нүүрний “Фото агшин” буланд уншигч, захиалагчдаас ирүүлж нийтлүүлээд буй гэрэл зургуудыг танилцуулж байна.

 


Categories
story-news

Хүүхдийн паркийн алсыг харагчийн төмөр… Стандарт, аюулгүй байдал! 

Хүүхдийн паркийн алсыг харагчийн төмөр… Стандарт, аюулгүй байдал!

Categories
нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод 150 оюутан цагдаа ажиллаж эхэллээ DNN.mn

Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан билээ. Үүнтэй холбогдуулан гадаад, дотоодын жуулчдад аюулгүй зорчих нөхцөл бүрдүүлэх зорилгоор НИТХ, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын оюутны холбоотой хамтран “Оюутан цагдаа” арга хэмжээг эхлүүллээ. Өдгөө ес дэх жилдээ зохиогдож буй энэхүү арга хэмжээ нь зургаадугаар сарын 21-нээс наймдугаар сарын 21 хүртэл үргэлжилнэ.Арга хэмжээнд их, дээд 21 сургуулийн 150 оюутан шалгарсан юм. Оюутан цагдаа нар жуулчид ихээр төвлөрөн зорчдог газруудад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлнэ. Мөн тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөх, аялал жуулчлалын үйл ажиллагаатай холбоотой газар, үйлчилгээний цэг, байршлын талаарх шаардлагатай мэдээллийг шуурхай хүргэх үүрэг хүлээнэ. Оюутан цагдаа нар өдөрт дөрвөн цагаар буюу 10:00-14:00, 14:00-18:00 цагийн хооронд хоёр ээлжээр эргүүлд гарах бөгөөд ажлын нэг цагийн хөлс нь өмнөх жилүүдээс өсөж таван мянган төгрөг болсон байна. Энэ жил төвийн бүсэд ажил үүргээ гүйцэтгэж буй оюутан цагдаа нарыг унадаг дугуй, скүүтэр, олон улсын хэлтэй орчуулгын төхөөрөмжөөр ханган ажиллаж буйгаараа онцлог.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө:

-Энэ жил Улаанбаатарт Зүүн Азийн залуучуудын спортын наадам, Үндэсний их баяр наадам, “Даншиг наадам – Хүрээ цам” шашин, соёлын наадам, “Нүүдэлчин Монгол” соёлын биет бус өвийн их наадам, Жюү-Жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг олон арга хэмжээ болно. Эдгээр арга хэмжээ, аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан Монголыг зорин ирэх жуулчдын тоо эрс нэмэгдэж буй энэ үед тэдэнд түүх соёл, нийслэл хотоо сурталчлахын зэрэгцээ гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг нь ханган ажиллахаар сонгогдсон оюутан цагдаа нартаа амжилт хүсье хэмээсэн юм.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Дэд бөгөөд НХЖХГ-ын дарга Б.Оюутболд “Энэ жилийн хувьд нэг өдөрт дунджаар 2400 орчим гадаадын иргэн манай улсыг зорин ирж байна. Цаашдаа энэ тоо өсөж 3000 гаруй болох төлөвтэй. Үүнтэй холбогдуулан бид оюутан цагдаа нарын аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийн талаарх мэдээ мэдээллийг шуурхай шийдвэрлэх, үүрэг гүйцэтгэлд нь мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч, нягт хамтарч ажиллана” гэлээ.

Categories
эдийн-засаг

Монголбанк: Бодлогын хүүг 13 хувь хэвээр үлдээв DNN.mn

Монголбанкнаас Мөнгөний бодлогын хорооны хурлын шийдвэрийг өнөөдөр танилцууллаа. Хурлаар бодлогын хүүг 13 хувь хэвээр үлдээх шийдвэр гаргасан юм. Энэ талаархи Мөнгөний бодлогын хорооны мэдэгдлийг хүргэж байна.

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2023 оны 5 дугаар сарын 31 болон 6 дугаар сарын 23-ны ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.

Жилийн инфляц энэ оны 5 дугаар сард улсын хэмжээнд 11.3 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 10.8 хувьтай гарав. Нийлүүлэлтийн шалтгаанаас үүдэлтэй мах, махан бүтээгдэхүүний үнэ сүүлийн саруудад хүлээлтээс өндөр өссөн болон импортын барааны үнэ буурах хурд хүлээлтээс удаан байна. Эдгээр хүчин зүйлсийн нөлөөгөөр инфляцын төсөөлөл өмнөхөөс нэмэгдсэн хэдий ч цаашид үргэлжлэн саарах хандлага хэвээр байна. Гэхдээ төсвийн тодотголтой холбоотойгоор ирэх улирлуудад төсвийн зардал, тэр дундаа цалин, тэтгэвэр тэтгэмж хүлээлтээс өндөр өсөхөөр байна.Эдийн засгийн өсөлт 2023 оны эхний улиралд хүлээлтээс өндөр гарахад уул уурхай болон түүнээс хамааралтай тээвэр, худалдааны салбаруудын идэвхжил нэмэгдсэн нь голлон нөлөөллөө. Эдгээр салбарын өсөлт цаашид сайжрах хүлээлттэй байгаа хэдий ч цаг агаарын таагүй нөхцөл байдлаас шалтгаалан ХАА, түүнийг дагасан бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурах, өрхийн хэрэглээ буурч, дотоод эрэлт агшсанаар үйлчилгээний салбарын өсөлт удааширч уул уурхайн бус салбарын идэвхжил буурах хүлээлттэй байна.

Улмаар хөдөлмөр харьцангуй ихээр шингээдэг эдгээр салбаруудын өсөлт удаашрах нь хөдөлмөрийн зах зээл, цаашлаад өрхийн хэрэглээний төлөвийг муутгах эрсдэлтэй байна.

Гадаад эрэлтийн төлөв сайжирч, манай улсын экспортын гол нэрийн барааны үнийн төсөөлөл өмнөхөөс нэмэгдэв. Дэлхий дахинд нийлүүлэлтийн доголдол намжиж, газрын тосны үнэ буурсан нь улс орнуудад инфляцын түвшин саарах, эдийн засгийн идэвхжил сэргэхэд эергээр нөлөөллөө. Гэхдээ улс орнуудын хооронд үүсээд буй геополитикийн асуудал, АНУ, Европ зэрэг томоохон эдийн засагтай улсуудын банк, санхүүгийн зах зээлд үүсээд буй хүндрэл цаашид даамжрах эрсдэл зэрэг нь гадаад орчны тодорхой бус байдлын гол эх сурвалж болж, дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй байна.

Гадаад эрсдэл, тодорхой бус байдал өндөр хэвээр, төсвийн зардал нэмэгдэхээр байгаа нь өнөөгийн нөхцөлд Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр нь инфляцыг зорилтот түвшний орчимд тогтворжуулах, эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангах, төгрөгийн өгөөжийг хадгалахад эергээр нөлөөлнө.

Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт болон инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмуудыг авч хэрэгжүүлнэ. Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр 7 хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.