Categories
мэдээ онцлох-нийтлэл

“Өдрийн сонин”-ы “Фото агшин” буланд гэрэл зургаа нийтлүүлээрэй DNN.mn

Монголын хамгийн олон уншигч, захиалагчтай Өдрийн сонины арын нүүрний “Фото агшин” буланд уншигч та бүхэн гэр бүл, найз нөхөд, хамт олон, арван жил, аялал, амралт зугаалга, амьдралын дурсамжтай, хөгтэй түүхэн, агшнуудыг буулгасан ховор нандин гэрэл зургуудаа нийтлүүлж ойр дотны хүмүүстээ бэлэг болгон барих боломжийг та бүхэнд олгож байна.

Мөн хайртай хүмүүсийнхээ төрсөн өдрийг тохиолдуулж Өдрийн сонинд зургийг нь нийтлүүлэх нь санаанд оромгүй, мартагдашгүй бэлэг болох нь дамжиггүй.

Та доорх гар утсаар холбоо барьж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Гэрэл зураг хүлээн авах мэйл: tsetsegjargal1978@gmail.com Утас: 88039559

Өдрийн сонины Арын нүүрний “Фото агшин” буланд уншигч, захиалагчдаас ирүүлж нийтлүүлээд буй гэрэл зургуудыг танилцуулж байна.

 


Categories
мэдээ онцлох-нийтлэл

“Молор хонгор” галын морьд өнгөтэй байна DNN.mn

-Д.ГАНБААТАРЫН ДАРХАН ТҮМЭН ЭХ ХҮРЭН ХАЛЗАН МОРЬ ЭНЭ УЯАНД ТЭНЦЖЭЭ –


Уяан дээрээ дүүхэлзэх наран хонгор соёолонгийн хавирга шинийн хоёрны сар шиг хэрзийжээ. Сэлэм шиг хурц хөлөөрөө газар цавчиж цангинатал янцгаах ажнайг гуч эргэм насны шар залуу эмээллэж эрхийн чинээ жаахан хүүг мордуулаад тавилаа. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, аймгийн алдарт уяач Энхтайваны Энхбаяраар ахлуулсан “Молор хонгор” галын уяачид наадамд уралдах морьдоо бариад байгаа нь энэ. Эднийх Сэргэлэн сумын урдхан талд гурван гэр бариад буужээ. Морьдоо энэ зургадугаар сарын 2-ны их дүйчин өдрөөр бариад, хараахан ёсолж амжаагүй байхад нь явж очлоо.

“Молор хонгор” галын ахлах, аймгийн алдарт уяач Э.Энхбаяр унаач хүүхдүүд болоод туслах уяачдынхаа ойр зуурын хэрэгцээтэй зүйлсийг аймгийн төвөөс авчраад удаагүй байна гэнэ. Түүнтэй мэнд мэдэж таван үг солих зуурт багачууд шаагилдаад орж ирэв. Дээрээс хойш гал дээр пургилсан шөл гүйцэд болов бололтой, жаахнууд гал тойроод л аягаа бариад сууцгаав. Үдийн хоолоо идэж байгаа нь энэ ажээ.

Тэд цайны цагаараа морьдынхоо идэш тэжээлийн талаар хоорондоо зөвлөлдөж, аль мориндоо ямар ажил хийх тухай болоод бас бус зүйлийг зөвлөлдөнө. Аяга шөлөө шоржигнотол сороод, аяга цай залгилсан тэд өдрийн ажилдаа ханцуй шамлаад орлоо.

Өнгөрсөн жилийн аймгийн наадмын өнгөнд давхисан морьдын цөм нь энд цуглажээ. Төв аймгийн 99 жилийн ойд аман хүзүүдсэн хүрэн морио хүлгүүдийнхээ хамгийн дээд талд нь сойсон байв. Энхбаяр уяач хүрэн морь руугаа үе үе анхааралтай харах нь ямар ажил хийх талаараа тархиа гашилгаж байгаа бололтой. Удахгүй тохиох наадмаар хүрэн морио хурдлуулахаар ихэд чармайж байгаа нь илт. Өнгөрсөн жил аймгийн наадамдаа айрагдсан соёолон нь ч эзэндээ итгэл төрүүлж байгаа бололтой.

Э.Энхбаяр уяач сүүлийн хорь гаруй жил энд галд гарч байгаа гэнэ. Энэ жил Сэргэлэн сумын урд дэнжид ногоо эрт цухуйжээ. Бага зэрэг сэрүүн салхитай байгааг эс тооцвол морины ажилд хамгийн таатай цаг агаар тохиож байгаа гэнэ.

Э.Энхбаярын өвөө нь Монгол Улсын анхны манлай уяачдын нэг Д.Даш. Хүүхэд ахуйдаа яг л энэ уяанд өвөөгийнхөө энгэрт зүүгдэж өссөн тэрбээр өвлөсөн эрдмээ залуу уяачдад хуваалцаж адууны сүүл боож явсаар төдийгөөс өдийтэй золгожээ. Тод манлай уяач Ц.Хэнмэдэх, П.Онон гээд 1990-ээд оны үеийн цуутай уяачид бүгд л энэ дэнжид чуулдаг байсан талаар Э.Энхбаяр хуучилж байна. Тэр үеийн домогт хурдан хүлгүүдийн цөм нь яг энэ дэнжид уягдаж төрийн наадамдаа тоосоо өргөдөг байж. Д.Ганбаатарын дархан түмэн эх хүрэн халзан морь л гэхэд энэ уяанд тэнцсэн унага гэнэ. Энэ хөндийд идээшсэн хүрэн халзан унага хожим төрийн наадамд гурав түрүүлж нэг айрагдсан түүхтэй.

Энэ арвин түүхтэй дэнжид сойгдсон хүлгүүд өнөө хэр нь төрийн наадамдаа хурдалж, түмэн олноо цэнгүүлсээр байна.

Өнгөрсөн жил л гэхэд энэ уяанаас мордсон хүрэн морь Төв аймгийнхаа 99 жилийн ойн их баяр наадмаар аман хүзүүдсэн гэнэ. Түүнчлэн соёолон насны ангилалд ч хул нь айрагджээ. Энэ жилийн тухайд уяа эвлэг морь хөнгөн сайхан байгаа талаар уяачид хэлж байна. Сүүлийн арван жилийн хугацаанд ийм дэлгэр зун Сэргэлэнгийн урд дэнжид тохиогоогүй гэнэ. “Молор хонгор” галынхан хэд хоногийн өмнө морьдынхоо өнгийг шинжихээр урагшаа Авдрын уулын тийш овооны наадамд оролцож хоёр ч айраг амсаад ирж. Энэ уралдаанаар морьдоо шинжиж хийх ажлуудаа тодорхойлж, төлөвлөгөө гаргаж аймгийнхаа зуун жилийн ойд тун чамбай бэлтгэж байна. Зургадугаар сарын 20-д гараад эрлийз давхилаа хийж ажлынхаа явцыг шинжих гэнэ. Улмаар бага, дунд сунгаагаараа ажлаа тааруулаад Хүй долоон худгийн дэнжийг зорих гэнэ.

Энэ уяанд найман настай балчраас ная шахсан буурал нийлсэн арав гаруй хүн цуглаад байна. Эдэн дунд хий эргэсэн нь нэг ч алга. Бүгд л дор бүрнээ тус тусын үүрэгтэй. Ная шахсан Цогоо гуай туслахтайгаа чөдөр зангидаж байхад гадаа найман настай Бат-Ирээдүй хүү морьдын нэмнээг уяа руу зөөнө. Өөр нэг балчир хажууд нь эмээл тэврээд дагаж байна. Тэр балчруудын амнаас гарах үг бүр наадамтай л холбоотой. Наадмаар тэр морь тэгнэ, энэ азарга ингэнэ гэхчлэн удахгүй болох наадмыг өөр өөрийн өнгөөрөө дүгнэж бяцхан мэтгээн үүсгэнэ.

Тэдний ажлын завсраар бяцхан хүү н.Бат-Ирээдүйтэй цөөн хором хөөрөлдлөө.


-Энэ жил хэдэн насны морь унах вэ?

-Зургаан насны морь унана.

-Аль насны морийг нь унах илүү дуртай вэ?

-Бүх насны л морь унаж байсан. Их насны морь унах илүү дуртай. Хамгийн хол газар уралддаг болохоор тэр.

-Даага унахад гоё биш үү?

-Зарим даага цуцаад явдаггүй юм аа. Нялх амьтныг чинь гуядаад байж болохгүй, хайрлаад байдаг юм. Хамаагүй явуулбал бахардаад уначихна.

-Наадмаа хүлээж байна уу?

-Наадмаа хүлээгээд нойр ч хүрэхгүй юм. Шөнө уралдаж байна гэж зүүдэлнэ. Наадмын урьд шөнө тохомоо дэрлээд хэвтэж байх хамгийн гоё. Уяа нь таарсан морьдын хөл хөнгөрөөд ямар гоё гээч. Айрагдаад ирвэл хамгийн сайхан.

-Өнгөрсөн жил ямар амжилттай уралдав?

-Говь-Алтайн наадамд уралдаад аман хүзүүдсэн. Үзүүр дээрээ жаахан шахуулаад урдаа алдчихсан. Энэ жил шахуулахгүй уралдана аа. Би хурдны морь гурван жил унаж байна. Аймгийн наадамд арай түрүүлж чадаагүй. Энэ жил түрүүлэх байх аа”. Бид ийн ярилцлаа.

“Молор хонгор” галын ахмад уяачид морины галд ирсэн хүүхэд ажил сураад буцдаг талаар хэлж байна. Морь уях ажлын ард хүүхэд хүмүүжүүлэх, хүн төлөвшүүлэх их ухаан явж байдгийг энэ насаараа адууны сүүл боож буй ахмад Цогоо гуай ярьж байна. Морины ажлын дэргэд өссөн хүүхэд амьтныг хайрлах сэтгэлтэй болж төлөвшихөөс гадна ажил хөдөлмөрт ч гавшгай суралцдаг ажээ.

Э.Энхбаяр уяачийн өвөө Д.Даш гуайн “Молор хонгор” азарга 1982-1987 оны хооронд улсын наадамд зургаан удаа айрагдаж байсан гэнэ. Даш гуай ч гол төлөв хонгор адуу хурдлуулдаг нэгэн байж. Түүний суут хонгор азарганы төл өдгөө ч улс бүсийн наадамд хурдалсаар байгааг ач хүү нь хэлж байлаа. Энэ жилийн тухайд “Молор хонгор” галын хүрэн морь төрийн наадам тоосоо өргөх бололтой. Өнгөрсөн жил аймгийнхаа наадамд аман хүзүүдсэн энэ хүлгийг Ардын хувьсгалын 102 жилийн ойн их баяр наадмын цээжинд уралдах морьдын нэгээр нэрлэж байна. Дархан түмэн эх хүрэн халзан морь тэнцсэн энэ хөндийгөөс энэ цагт хурдалж буй хүрэн морь төрийн наадамд торгон жолоо өргүүлж залуухан уяач Э.Энхбаяр цэнгэлдэх хүрээлэнд манлай уяач өвөөгийнхөө нэрийг дуурсгах цаг тийм ч хол биш биз ээ.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ онцлох-нийтлэл

Б.Бат-Эрдэнэ аваргыг ид байхад “Чиний тухай кино хийе” гэхэд зөвшөөрөөгүй DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС… 


Кино зураглаач З.Сүхбаатартай ярилцлаа. Тэрбээр “Монгол кино үйлдвэр”-т 1960 онд дагалдан оператороор орсон түүхтэй. Монголын түүхийг кино хальсанд буулгах түүний их ажлын жилүүд эндээс эхэлсэн. Тэрбээр улсын наадмыг 15-20 жилийн турш кино хальсанд буулгасан хүн. 150 баримтат кино, 300 гаруй кино мэдээ, сюжет бэлтгэсэн гэнэ шүү. Наадмын үеийн кино зураглаачийн хөдөлмөрийн талаар түүнээс эхлээд сонирхсон юм.


-Кино хальс нарийн. Мэдрэмж шаарддаг. Наадмын үеэр гэртээ байна гэж үгүй. Наадмаар ажиллах их гоё. Лагерьт байлаа гэхэд өглөө тусгай машин очиж авна. Орой ажил тарахад хүргэж өгнө. Сайхан байсан. Одоо хүүхдүүд маань “Наадам үзэх үү” гэхээр нь “Юу ярьж байгаа юм. Насаараа наадам үзлээ, юуг нь үзэх юм” гэдэг. Кино бас нэг их үзэх сонирхолгүй. Киноны сургуульд сурч байхад өглөө зургаан цагаас орой найман цаг хүртэл кино үзнэ. Лаборатори 24 цагаар ажилладаг. Өлсөж цангахаа ч анзаарахгүй ноцолддог байж. Одоо бол наадмаар телевиз хараад сууна. Бөхчүүдийг андахгүй. Б.Бат-Эрдэнэ аваргыг ид мундаг байхад “Чиний тухай кино хийе” гэхэд хийлгээгүй. Б.Бат-Эрдэнэ их шүтлэгтэй. Цэцэглэж байхад нь кино хийсэн бол сайхан залуу нас нь үлдэхгүй юу. Х.Баянмөнх, Ж.Мөнхбат аваргын тухай “Аваргын дэвжээнд” кино хийж байлаа. Наадмын үеэр 3000-аад метр цэвэр плёнк өгнө. Харагдсанаа аваад байж болохгүй. Секундэд 24 кадр явна. Плёнк аваад нарийн тооцоотой зарна шүү. Хэтрүүлж хэрэглэвэл өрөнд орно. Нэг кино мэдээнд 2000-аад метр хальсны зөвшөөрөлтэй. Угаахад тусгай ажилчинтай, Монгол кино үйлдвэр 500 ажилчинтай, мундаг ажиллаж байсан. Жилд таваас зургаан кино хийнэ. Баримтат кино тоймгүй олон хийнэ. Кино камер үүрчихээд, фото аппараттай явахад хэцүү. 27-28 орноор явсан. Зураг үлдээгүй хэмээн хуучиллаа.

-Та олон наадмаас бичлэг хийжээ. Социализмын үеийн наадам, одоогийн наадам өөр үү?

-Ер нь үйл явдал нь адилхан шүү дээ. Их насны морь, наадмын нээлт хаалт бүгд л адилхан. Хамгийн гол нь морины гарааг нисдэг тэргээр авдаг байлаа. Тэгэхэд хурдан морийг нисдэг тэргээр дагах зардал өгдөг байсан даа. Монгол кино үйлдвэрээс нэг оператор, телевизээс нэг оператор, гэрэл зурагчин нэг гээд тоотой хэдэн хүнд үнэмлэх өгдөг. Моринд явдаг байсан. Жил жилийн наадмаар кино зурганд явчихаагүй бол наадмын зурганд ерөнхий оператороор ажиллаж байсан л даа.

-Агшин хором алдвал хэцүү байх даа. Яаж бүхнийг амжуулах вэ тусгай арга техник байв уу?

-Арга техник байхгүй. Тэр үед одоогийнхтой адилгүй, аппарат гацна. Аппаратаа үүрээд, плёнкоо халаасандаа хийчихнэ. Гацсаныгаа дор нь сольж хийнэ шүү дээ. Бүх юм бэлэн явна. Аппарат 7-8 кг. Түүнийгээ бариад гүйчихнэ шүү дээ. Хөлс мөлс урсах хамаагүй ээ. Цуг явсан хамаатны фоточин “Хамар нь сарталзаад дайраад ордог” гээд намайг шоолоод байсан. Үйл явдлаас хоцорч болохгүй учраас дайрч орохоос өөр арга байдаггүй. Бүх юм механик, намдаад байвал гараа өргөж байгаад л таамгаараа авна. 1984 онд Кубад чуулганд Ж.Батмөнх дарга явсан. Ямар ч улсад эхлээд сэтгүүлч, сурвалжлагчид онгоцноос буудаг. Онгоцноос буусан чинь хүнгүй байсан. Нэг харсан Фидель Кастро байж байна. Тэгэнгүүт НАХЯ-ныхан намайг шууд өргөж аваачаад, өөр газар тавьчихаж байгаа юм. Германд сүйдэлнэ. Өшиглөнө. Гуя руу “аваад” хаяна. Өвдөхөд ялархах юм байхгүй, улангассан юм шиг дайрна шүү дээ. Арав хорь, гуч дөчин хүн буцалж байна. Айлчлалын зурагт гар барьж байгаа зураг, эсвэл цэцэг нь байхгүй байж болохгүй. Ю.Цэдэнбал даргатай явахад Хотын намын хороо, Соёлын яаманд зургаа үзүүлнэ. Тийм зураг алга байна. Сайхан болж гэх мэт дүгнэлтийг Филатово гуай л хэлнэ. Дарга юм хэлэхгүй.

-Шагнал урамшуулал авч байсан уу?

-Д.Бямбасүрэнгийн үед Засгийн газрын жуух авсан юм. Соёлын тэргүүний ажилтанг залуудаа авсан. Кино үйлдвэрийн 60 жилийн ойгоор Алтангадас авсан юм.

-Улаанбаатарт болсон үерийн үеэр та бас зураг авсан уу?

-1966 оны үерийн дараахан төгсч ирсэн. 100 айлд зуун гэр бариад, үерт нэрвэгдэж, гэр оронгүй болсон хүмүүст өгч байсан. Тэр үеийн зургийг бол авч байсан.

-Ингэхэд аав, ээж тань малчин хүмүүс байв уу?

-1939 онд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг Зүүн бүслүүр гэдэг газарт малчны гэрт төрсөн хүн. Аав маань Зандан гэдэг хүн байсан.

-Багадаа юу сонирхдог хүүхэд байв?

-Багадаа малд явдаг. Сургуульд бүжгийн дугуйланд явна. Фото зураг сонирхдог. Ес, аравдугаар ангид байхдаа “Зорький” аппараттай болсон. Фотогийн дугуйланд явдаг. Байшин сав, найзуудынхаа зургийг аваад шөнөжин угаагаад зарим нь ч өөдтэй зарим нь өөдгүй юм гарна.

-Яаж яваад кино зураглаач болчихов?

-Эцэг, эх өөд болооч эгчтэйгээ амьдардаг байлаа. 1959 онд их сургуулийн бэлтгэл ангид орсон. Оюутнууд хөдөө ажилд дайчлагддаг. Эгч маань бие нь муудаад ажил хийх аргагүй болсон. Тэжээх хүн байхгүй. Их сургуулийнхандаа үнэнээ хэлээд сургуулиас гарсан даа. Кино үйлдвэрт гоё зураг авдаг хүн ажилладаг гэж хүнээс дуулсан. Нутгийн хүнээ сураглаж байгаад очсон. “Би фото зураг авах дуртай. Дагалдан оператороор ажилд ороход эхлээд фотогоор шалгалт өгдөг юм байна. Ажилд оруулж өгөөч” гэж гуйлаа. Тэгээд шалгалт өгч намайг дагалдан оператороор авсан юм. Дүйнхэр гэдэг хүний шавь болов. Операторууд зурганд явахаар дагалдан оператор хөлийг нь бариад, аппаратыг нь бариад, плёнкыг нь цэнэглээд, гүйнэ. Овоо юм сурч байгаа юм л даа. Төрийн соёрхолт кино найруулагч Д.Жигжидтэй зурганд явна. Зураг авахыг нь л хараад байдаг. Өөрөө авах эрх байхгүй. Аппаратыг нь цэнэглэнэ, плёнкыг нь бэлтгэнэ, хамаг юмыг нь хийнэ. Тэгээд л зураг авч дуусахаар бүх юмаа хамж аваад явдаг байлаа. Д.Жигжид гуай “Улаанбаатарт байгаа миний аавд” уран сайхны киноны зураг авахад дагалдан туслах оператороор намайг томилсон юм. 1961 оны хавраас эхлээд тэр кинонд явж байхад манай уран сайхны удирдагч Э.Оюун гуай байлаа. Долоо, найман туслах байсан юм. “Та нар операторуудын хөл гарыг нь үүрээд л явах юм. Эд нар та нарт ном заадаг уу. Яаж зураг авахыг зааж өгдөг үү” гэсэн. “Өгдөг” гэсэн. “Та нарыг шалгана” гэнэ. Тэгээд кино, мэдээ сурвалжлага хоёр гурван газар авахуулсан юм. Зургуудаа бүгд Э.Оюун гуайд үзүүлсэн. Би киноны зураг авалтаар Хужиртын Улаан цутгаланд явж байсан юм. Намайг Д.Жигжид гуай дуудлаа. “Чамайг Москва хотын киноны дээд сургуульд явуулах болсон байна. Маргааш Хужиртаас онгоцоор Улаанбаатар явуулна” гээд 40 литр айраг, хонь аваад намайг гаргаж өгсөн. Шалтгалтад гайгүй дүн авсан шиг байгаа юм. Тэгээд л Э.Оюун гуайн хүчинд Москвад Бүх холбоотын кино урлагийн дээд сургуульд явсан. Тэгээд 1966 онд төгсч ирсэн. Намайг хоёрдугаар курст сурч байх жил Ю. Цэдэнбал дарга Москвад албан ёсны айлчлалаар очсон юм. Найруулагч маань Ю.Цэдэнбал даргын Москвад айлчилсан сэдвээр кино мэдээ хийх болсон. Оператороор би явлаа. Горькийн институтаас задгай тэрэг өгөөд, зургийн дарга гаргаад, курсын ажилдаа гарсан. Тэр үеэс л баримтат кинонд сонирхолтой болсон юм. Эндээс Ю.Цэдэнбал даргыг кино оператор Цэнджав гэж хүн дагаж явсан. Би тэндээс курсын ажил гээд Киноны сургуулиас ирэхгүй юу. Даргатай явж байгаа юм гэхээр намайг оруулчихдаг. Тэр үйл явдлын зургийг бүгдийг авсан. Их зоригтой, хамаагүй дайрч довтлоод л, ном дүрмийг нь мэдэхгүй. Үйл явдлыг л алдахгүй авах сонирхолтой. Онгоцны буудлаас буугаад гар барихад нь алдчихвал яаж кино болох вэ.

-Тэр үед Ю.Цэдэнбал дарга та нарт хандаж юм хэлсэн үү?

-Тийм юм байгаагүй. Найруулагч хажууд дагаж явна. Энийг нь авна шүү. Тэрийг л авахгүй бол кино байхгүй болно шүү гээд үглээд явуулна. Найруулагчийг дотогш нь оруулахгүй. Зургаа аваад курсийн ажлаа хийсэн. Курсийн ажил ч сайн болсон. Дэлхийн оюутан залуучуудын наадам Берлинд 1973 онд болсон. Төгсч ирээд түүнд явсан. Түүнээс хойш Ю.Цэдэнбал даргын итгэмжлэгдсэн кино оператор болсон юм. Даргыг хаана явна, дагаж явна. Герман, Румын, Болгарт айлчлалаар явахад нь дагаж яваад гурван бүлэг 30 минутын кино хийдэг байсан.

-Сансарт монгол хүн нисэхэд дагаж зураг авсан гэв үү?

-1978 онд намайг дууддаг юм байна. Төв хорооны үзэл суртлын хэлтсийн эрхлэгч биднийг дуудаад, “За Сүхбаатар аа. Монгол хүн сансарт нисэх талаар ярилцаад байгаа юм. Хүнээ сонгох юм байна. Энэ бүх үйл явдлын зургийг авахуулахаар чамайг томилж байна. Маш нууц. Хүн амьтанд хэлж болохгүй. Гэр бүлийнхээ хүнд ч хэлж болохгүй. Энэ зурганд л ажиллана шүү” гэсэн. Сансарт нисэхээр анх хориод хүн сонгосон байлаа. Зургийг нь аваад эхнээс нь эцсийг нь хүртэл дагасан даа. 1978-1981 он хүртэл ажилласан. Найруулагч нь Монголд байна. Гомбо гээд Золжаргалын аав, найруулагч, би оператор нь байсан. Тэгээд л ер нь 1979 он гэхэд Москвад амьдардаг, Оддын хотхонд очсон. Би тэр үед баримтат кинонд нэлээд явдаг. Москвагийн баримтат киноны студид танил ихтэй. Манайхан “Олон хүн явахаар зардал их орох гээд байна. Чи тэндээсээ дууны оператор, гэрэлтүүлэгч, зургийн дарга бэлтгэ” гэсэн. Эндээс цалинжуулаад, тийм хүмүүс тэндээсээ авсан. Өглөө зургийн дарга орос авгай ирээд, биднийг аваад, Оддын хотхонд очно. Оддын хотхонд НАХЯ-ны хөгшин хурандаа хүлээж авна. Бүх зураг дуусахаар хоол идүүлээд, дэлгүүр оруулаад буцаана. Маргааш нь тэдийд ирнэ гээд зургийн дарга ярьчихна. Ингэж бүх киног нь хийсэн. 1980 он гэхэд А вариант, Б вариант гээд Гүррагчаагийн тухай гурван бүлэг, Ганзоригийн тухай гурван бүлэг кино хийсэн байсан. Яг нислэгийн үеэр гаргана гэж бэлтгэсэн. Хэн нь ч нисч болно шүү дээ. Байконуурт очлоо. Сансараас эх дэлхийдээ буухад нь нэмэлт оператор явуулсан. Мандухайг хийсэн Балжиннямыг Байконуурт явуулсан.

-Охин тань бас таны мэргэжлийг өвлөсөн юм уу?

-Охин маань гэрэл зурагчин. Хүргэн маань яг манай сургуулийг 1984 онд төгссөн шүү дээ.

-Улаанбаатарын тухай кино хийгээд байраар шагнуулсан гэсэн?

-“Олондоо алдартай” гэж Улаанбаатарын тухай кино хийлээ. Захиалгат кино болохоор Хотын дарга киногоо үзээд “Үнэхээр сайн авсан байна. Операторын ажил ярих юм байхгүй. Чамайг байраар шагнана” гэсэн. Хамаатныхаа нэг өрөө байранд амьдардаг байлаа. Би хөдөө гадаа их явна. Манай гэр бүлийн хүн Найрамдлын районы намын хороонд Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга байсан. Эхнэр рүү маань утасдаж гэнэ. “Сүхбаатарын гэр бүлийн хүн мөн үү. Байр нь хуваарилагдаад сар болж байна. Байраа авахгүй юм байх даа” гэж. Тэгсэн надад дөрвөн өрөө байр өгсөн байхгүй юу. Нэг бол гадаад, нэг бол хөдөө явчихдаг байсан даа.

-Хамгийн зовж авсан зураг юу байна?

-Майн нэгнээр зураг авч байгаад таван метрийн өндөртэй кранаас шидүүлсэн юм.

-Яаж байгаад тэр вэ?

-Кино кран гэж байсан. Намайг туслахтай цуг сэгсэрчихсэн. 5 метрээс. Ухаан алдаад, Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн. Гурав хоногийн дараа “Одоо дажгүй” гэсэн. Хорь, гучин жилийн дараа хөл муудаж, гэмтэл мэдэгддэг юм билээ.

 

 

Б.ЯНЖМАА

М.УНДРАЛ

Categories
мэдээ цаг-үе

Ойрын хоногуудад ихэнх нутгаар 30 хэм давж халахыг анхааруулж байна DNN.mn

Ойрын хоногуудад ихэнх нутгаар 30 градус давж халах тул наршилтаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

11,12-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 13-нд  баруун аймгуудын ихэнх нутаг,  төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 11,12-нд Алтайн салбар уулсаар, 13,14-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +19…+24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +20…+25 градус, өдөртөө +32…+37 градус, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө +14…+19 градус, өдөртөө +28…+33 градус, бусад нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +24…+29 градус дулаан байна. 13,14-нд нутгийн баруун хойд хэсгээр сэрүүснэ.

Categories
эдийн-засаг

Дизель түлшний үнэ сүүлийн хоёр сард 200-300 төгрөгөөр буурчээ DNN.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар сүүлийн хоёр сард дизель түлшний үнэ литр тутамд 200-300 төгрөгөөр буурсан гэв.

АМГТГ-аас мэдээлснээр дөрөвдүгээр сарын байдлаар 96881 тонн дизель түлшний үлдэгдэлтэй байжээ. Энэ нь 2022 оныхоос 40 орчим мянган тонноор илүү байна.

Гэвч үнэ өмнөх оноос 118 хувиар өсөж, улсын дундаж 4006 төгрөг байна. Өнгөрсөн онд дундаж нэг литр дизель түлшний үнэ 3369 төгрөг байжээ.

Categories
гадаад

Air India компани Сибирийн жижиг хотод хоёр хоног саатуулсан зорчигчдоосоо уучлал гуйжээ DNN.mn

Энэтхэгийн үндэсний агаарын тээвэрлэгч Air India компанийн Дели хотоос АНУ-ын Сан-Франциско хотын чиглэлд ниссэн онгоц техникийн доголдлын улмаас Мягмар гарагт ОХУ-ын Магадан хотод газардсан юм.

Магадан бол Охотскийн тэнгисийн эрэгт оршдог алс дорнодын жижиг хот.

Ослын буулт хийсэн Boeing 777 нисэх онгоцонд 216 зорчигч, бүхээгийн 16 ажилтан явж байжээ.

Зорчигчид Магадан хотын нэгэн сургуулийн спортын зааланд хүнд хэцүү нөхцөлд хоёр хоносон тухай гэрчүүд мэдээлсэн байна. Тэднийг дэвсэх гудас, нөмрөх хөнжлөөр хангаж, цай, талх, будаанаас өөр хоол өгөөгүй гэнэ.

Categories
улс-төр цаг-үе

С.Одонтуяа: Угаартаж нас барсан иргэдийн талаар албан ёсны байгууллага мэдээлэхгүй байна DNN.mn

УИХ-ынДэд дарга С.Одонтуяа түлшнээс болж угаартаж нас барсан, хордсон иргэдийн асуудал мөн улсынхаа нэр хүндийг гутааж эмэгтэй хүнд хүндэтгэлгүй хандсан хэргийн тухай мэдээлэл өглөө.

Тэрээр “Тавдугаар сарын 31-ны шөнө 25 хүн угаартаж, найман хүн нас барсан мэдээлэл хэвлэл мэдээллээр явсан. Энэ мэдээллийг бид “Өдрийн сонин”-д ярилцлага өгсөн НЭМҮТ-ийн н.Номинтуул мэргэжилтний ярилцлагаас авсан. Хачирхалтай нь ийм хэрэг гарчхаад байхад иргэд албан ёсны байгууллагаас мэдээлэл авах боломж алга. УИХ-ын дэд даргын хувьд мэдээлэл авах гээд чадахгүй байна. Нас барсан найман хүнээс 3 нь хүүхэд байна.Он гарсаар 1739 хүн угаартаж, 37 хүн нас барсан гэх мэдээлэл байна. МАН-ын намаас нэг ч хүн үг дугарахгүй байна.

Хоёрдугаарт Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг даргын орлогч н.Мөнхбат гэх этгээдийн үйлдсэн бузар хэрэг бол олон улсад Монголын нэр хүндийг гутаасан. Энэ хүмүүс Монголын соёлыг сурталчлахаар Жэжүд очсон ч хүчингийн хэрэг хийдгээ сурталчлах гэж очсон юм уу. Иймд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, хувийн зүгээс тэмцэх болно” гэв.

Categories
нийгэм

Баянхонгор аймгийн Баянлиг, Баянцагаан, Баацагаан сумдад “Өсвөрийн парламент”-ын салбарыг байгууллаа DNN.mn

Монгол Улсын Их Хурал болон түүний Тамгын газрын 2019-2024 оны Стратеги төлөвлөгөөнд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төв байгуулах зорилт тусгагдсан. Уг зорилтын хүрээнд энэ оны нэгдүгээр сард Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нартай Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, Хууль тогтоомж сурталчлах төвүүдийг байгуулсан юм. Тус төв нь Улсын Их Хурлаас батлан гаргасан хууль тогтоомж, орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан шийдвэр, мөн Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд таниулан сурталчлах, “Парламентын боловсрол” хөтөлбөрийг орон нутгийн хүүхэд залууст таниулах, тэдгээрийн оролцоог хангахад хамтран ажилладаг.

Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын баталсан удирдамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд энэ сарын 06-08-ны өдрүүдэд Баянлиг, Баянговь, Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан, Баацагаан сумдад ажиллалаа.

Ажлын хэсгийн гишүүд Улсын Их Хурлын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаа, Хууль тогтоомж сурталчлах төв,  “D.Parliament”, www.edu.parliament.mn, www.bhr.mn сошл платформыг сурталчлах, аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн мэдээллийг танилцуулав.

Мөн Баянлиг, Баянцагаан, Баацагаан сумдын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын хүсэлтээр “Өсвөрийн парламент”-ын салбарыг байгуулж, цаашид парламентын боловсрол олгох ажлыг сум орон нутагтаа тогтмол зохион байгуулахаар болжээ.

Categories
нийгэм цаг-үе

Нийслэлд ойн цэвэрлэгээг 190 га талбайд хийнэ DNN.mn

Нийслэлийн ойн санд ойн цэвэрлэгээг 190 га талбайд хийж, 4200 метр/куб мод бэлтгэнэ.

Энэ хүрээнд түймэр, хортон шавжинд нэрвэгдсэн унанга модыг цэвэрлэн ойн төлөв байдлыг дээшлүүлж, модны чанарыг муудахаас өмнө авч хэрэглэх саналыг Нийслэлийн байгаль орчны газраас гаргав.

Цэвэрлэгээг нийслэлд Майхан толгойн ам, Ухнын ам, Хандгайтын ам, Шар хоолойн ам, Их хуандайн амд хийхээр төлөвлөжээ.

Categories
нийгэм онцлох-нийтлэл

Ч.Мөнхбаяр: АН-ын цуглаанд оролцлоо гэж 10 жилийн ял өгөөгүй л юм бол эх орноосоо урваж гадны байгууллагын гар хөл болж яваагүй DNN.mn

421-р ангид хоригдож байгаа, хүний эрхийг хамгаалагч Ч.Мөнхбаяртай ярилцлаа.


-Таныг яг яасан гээд ямар хэргээр буруутгаж шоронд хорьж байгаа гэж үзэж байгаа вэ?

-Би Монгол Улсын нийгмийн сөрөг үзэгдлүүдийн эсрэг, тулгамдсан хурц асуудлуудыг шийдвэрлүүлэхийн төлөө 1990 оноос өдий хүртэл тэмцэж ирсэн. Үндэсний аюулгүй байдлын төлөө л тэмцэж ирсэн. Мөн олон жилийн турш өмнөд монголчууд буюу Хятад улс дахь цөөнх монголчуудын хүний эрхийг хамгаалах гэж үзэл бодлоо хэлж байв.

2020 оны зун Хятад улс монгол бичиг, монголчуудын соёл, шашныг урьд урьдаас илүү хавчиж, хяхаж эхэлсэн. Үүний эсрэг тэмцлийг миний бие Монгол Улсад уриалж, зохион байгуулалцсан. 2020 оны намар Монгол Улсад болсон, Өмнөд Монгол дахь харгислалыг эсэргүүцсэн зургаан жагсаалыг зохион байгуулалцсан. Хятадын Гадаад яамны сайд Ван И тэр үед Монголд айлчлахад хоёр өдрийн эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулалцсан. Бид тэгэхэд Хятадын сайдыг Төрийн ордонд, Сүхбаатарын талбайд оруулахгүй гэсэн зорилго тавьсан, санасандаа хүрсэн. Ер нь дэлхийн монгол туургатны хүний эрхийн төлөө тэмцэж ирсэн дээ

-“200 сая төгрөгийг Энэтхэгийн тагнуулаас авч байхад нь үйлдэл дээр нь барилаа” гэх зэрэг мэдээллүүд тухайн үед сайтууд дээр гарч байсан даа?

-Мэдээж, тийм юм огт болоогүй. Намайг барихдаа л хэвлэл мэдээлэлтэй хамт явж байсан шиг билээ. Ийм нууц ажиллагаа гэж баймааргүй л юм. Нэгжлэг хийж байхад манай гэрийн гаднаас сайт лайв хийж байлаа шүү дээ. Маргааш нь л тагнуулынхны “нууц” гээд байгаа мэдээллүүд, зургууд сайтууд дээр гараад ирсэн. Ингэж төрийн байгууллага “нууцаа” өөрсдөө задалж, олон нийтэд ил болгосон.

Намайг захиалгатайгаар гүтгэж бичсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг шалгуулахаар зохих байгууллагад хандсан боловч, хэрэг шийдэгдээгүй байхад шалгахгүй гэсэн. Хэрэг шүүхээр шийдэгдээд удсан ч шалгахгүй л байгаа.

2022.2.17-нд ТЕГ намайг гудамжинд явж байхад хүч хэрэглэн баривчилж, “Улсын нууцтай холбоотой бичиг баримтууд иргэн Ч.Мөнхбаярын гэрт байгаа гэх үндэслэл бий учир нэгжинэ” гэх утгатай бичиг үзүүлсэн. Манай гэрээс хууль бус зүйл олоогүй. Тэгээд “тайлбар авна” гэж хуурч, ТЕГ дээр аваачиж, удтал хүлээлгэж байгаад, шүүхгүйгээр 48 цаг баривчлах бичиг авчирч үзүүлсэн. Маргааш нь шүүхийн шийдвэрээр нэг сар цагдан хорих болсныг мэдэгдсэн. Түүнээс хойш өдий хүртэл би тасралтгүйгээр хоригдож байна.

Мөрдөн байцаагч ор үндэсгүй зохиомол, худал хуурмаг зүйлс дээр үндэслэж, “Ч.Мөнхбаяр 13 гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон” гэж, яллуулах “Санал”-даа бичсэн. Тэр л, 13 үйлдлийн тухай худал үгсийг гурван шатны шүүх ямар ч үг үсгийн зөрүүгүй хэвлэж, шийдвэрийнхээ үндэслэл болгож байсан. Энэ 13 үйлдэл гэдэгт 12 нь гадаадын иргэнтэй хийсэн жирийн яриа, үлдсэн нэг нь би зохион байгуулаагүй, АН 2021.10.1-нд зохион байгуулсан цуглаан багтсан.Гэхдээ гурван шатны шүүх бүгд ТЕГ-ын “нотлох баримтуудад” эргэлзэж байгаагаа илэрхийлсэн.

-Шүүхүүд “нотлох баримт эргэлзээтэй” гэчихээд, ялласан гэж үү?

-Харин тийм. 2022.4.1-нд болсон анхан шатны шүүх хурал “шүүгдэгч тагнуулын байгууллагын тухай мэдэж байсан эсэх нь эргэлзээтэй, ТЕГ-ын нотлох баримтууд нь хуулийн шаардлага хангаж байгаа эсэх нь эргэлзээтэй, шүүгдэгчийн гэм буруугийн сэдэл, хэлбэрийг тогтоогоогүй” гэж дүгнэсэн.Тэр үед хэргийг буцаадаг хуультай байсан. Одоогийнх шиг хэргийг буцаадаггүй хуультай байсан бол би цагаадаад суллагдчих байлаа. Хэргийг буцаадаг байлаа гээд заавал буцаах ямар ч шаардлагагүй байсан л даа. Прокурор нэмэлт мөрдөн байцаалт хийхгүй гэж давж заалдсаныг шүүх ёсоор болгосон. Ингээд миний хэргийн материал хэв хэвээрээ байхад, ноднингийн наадмын өмнө ахиад анхан шатны шүүхээр орсон. Суллагдах нь баталгаатай гэж бодон баясаж суутал, өмнөх дүгнэлтүүдээ үгүйсгээгүй байж, намайг яллачихсан. Ийм утга учиргүй юм гэж байх уу. Дараагийн хоёр шатны шүүх хурал ч агаар нэгэн байлаа.

Давж заалдах шатны шүүх дээр шүүгчид миний гэм бурууд эргэлзсэн асуултуудыг прокурорт тавихад, прокурор “мэдэхгүй” гэж хариулж байсан төдийгүй, бүр миний гэм буруугүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. “Гадаадын иргэнээс Монгол Улсын иргэн тусламж хүсэх нь гэмт хэрэг юм уу?” гэж миний тухай асуухад прокурор “Тэр бол Монгол Улсын иргэн хүний эрх” гэсэн шүү дээ. Хүний эрх юм бол яагаад мөрдөж мөшгөөд, гүтгээд, яллачихав аа.

Давж заалдах хурлаар миний гол гэмт үйлдэл гэгдэх “БНХАУ-ын эсрэг цуглаан”-ыг “тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн. Тэр нь 2021.10.1-ний АН зохион байгуулсан цуглаан. Харин тэр цуглаанд оролцсон нь тогтоогдсон гэж байгаа юм даа. АН-ын цуглаанд оролцлоо гээд 10 жилээр яллагдах ёстой юу. АН БНХАУ-ын эсрэг цуглаан зохион байгуулаагүй, тэр “Одоо боллоо” гэдэг цуглаан нь улс орны дотоод нөхцөл байдалтай холбоотой байсан. Тэр шүүх хурлаар “шүүгдэгч гадаадын тагнуулын байгууллагыг мэдээгүй байж болох ч, мэдэрсэн”, “ноцтой гэмт үйлдэл хийгээгүй байж болох ч, ирээдүйд хийх боломжтой” гэх зэрэг гаж дүгнэлтүүд хийгдсэн. Тэгвэл хуульд “мэдэрсэн” тухай, ирээдүйд хийх хэргийн төлөө урьдчилан яллах тухай заагаагүй шүү дээ!Оруэллийн “1984” роман дээр гардаг “Бодол санааны гэмт хэрэг” гээч нь Монголд, намайг шүүсэн явц дээр биеллээ олчихоод байна.

ТЕГ-ын гол “нотлох баримт” гээч нь хуурамчаар үйлдэгдсэнийг Дээд шүүх “хувирган өөрчилсөн бичиг байх магадлалтай” гэх үгээр хүлээн зөвшөөрсөн. Бусад “нотлох баримт” гээчийн үнэн зөв эсэхийг тогтоогоогүй, тогтоох ч үгүй гэдгээ “үнэн зөв эсэхийг нь ТЕГ л хариуцна” гэсэн утгатай үгсээр мэдэгдсэн. Гадаадын иргэний тагнуул эсэхийг бас л тогтоогоогүй, тогтоохгүй гэсэн. Ийм дүгнэлтүүд гаргачихсан, миний гэм бурууг тогтоогоогүй нөхцөлд намайг цагаатгах л ёстой байсан. Дээд шүүх “бид ТЕГ-ын үгийг л дагана” гэх утгыг илэрхийлсэн. Тэгэх аваас, шүүх байхын хэрэг юусан билээ, ТЕГ л ял оноочих нь шулуун биз дээ. Гурван шатны шүүх хурал гурвуулаа намайг “БНХАУ-ын эсрэг үйл ажиллагаа явуулсан” гэж буруутгасан. Монгол Улсын хуулиуд БНХАУ-ын эсрэг үйл ажиллагаа явуулсан бол шийтгэх тухай ямар ч үндэслэл үгүй. Би ч БНХАУ-ын эсрэг үйл ажиллагаа явуулаагүй. БНХАУ дахь уугуул монголчуудын үндэсний соёл, хүний эрхийн төлөө л олон жил тэмцэж ирсэн. Шүүх хурлууд дээр “Хятадын эсрэг гэмт хэрэг хийсэн” гээд л өчнөөн дахин давтаж хэлж, намайг загнаад байдаг байлаа. Хятадын шүүх дээр, Хятадын хуулиар шүүгдэж байгаа юм шиг л санагддаг байсан. Энэ бол үнэхээр өнөөгийн манай нийгмийн шившиг, гутамшиг! “Хятадын хилийг хаалгасан”, “Хятад-Монголын найрамдалд харшилсан”, юу юу гэдэг байсан гээ…

Гурван шатны шүүх гурвуулаа л намайг цагаатгахад хангалттай дүгнэлт гаргачихсан гэхэд болно. Шүүгч нар далд цагаатгал хийчихсэн. Тэр дүгнэлтүүдийг хуулиар амилуулчихад л би цагаадчих юм.

-Танд өөрийн буруугүйг нотлох ямар баримт нотолгоо байна вэ?

-Намайг хэлмэгдүүлэхийн тулд хуурамч бичиг баримтууд үйлдсэнийг өмгөөлөгчид тал бүрээс нь нотолсон. ТЕГ-ын дарга асан Д.Гэрэл ч үүнийг гэрчилсэн. Гурван шатны шүүх энэ “нотлох баримтуудад” эргэлзсэн. Шүүхээс намайг цагаатгахад хангалттай дүгнэлтийг 2022.4.1-нд гаргаж байсан. Миний “гэмт үйлдлүүд” гээч нь жирийн ярианууд, мөн АН-ын зохион байгуулсан цуглаан. Худал зохиож бичсэн үгсээр л намайг буруутгасан. Худал гэдэг нь ярианы тэмдэглэлүүдээр нотлогддог. Эрүүгийн хуулийн 19.4.1-р зүйлтэй миний үйлдлүүд огт тохирохгүй байгаа. Намайг буруутгах ямар ч баримт нотолгоо байхгүй.

Гадаадын иргэнтэй харьцсан миний бүх харилцааг үг үсэг гээлгүй баримтжуулсан. Энэ бүхэнд гадаадын тагнуулын байгууллага нэг ч удаа дурдагдаагүй, яригдаагүй. “Гадаадын тагнуул, үүрэг өгөх, авах, биелүүлэх” гэсэн үгс, ойлголт огт байгаагүй.

Гадаадын иргэнтэй танилцлаа гээд миний үйл ажиллагаанд өөрчлөлт гараагүй. Би олон жилийн турш, хүний эрхийн тэмцлийн хуваарийн дагуу л, хийж ирсэн юмаа л хийсэн.

Гэрчүүд миний буруугүйг гэрчилсэн. Гадаадын иргэн бол тагнуул биш, тагнуулын үйл ажиллагаа явуулдаггүй гэсэн агуулга буруутгагч талын бичиг баримт, үг ярианд дахин дахин дурдагдсан. Тэрхүү гадаадын иргэн Ч.Мөнхбаяртай уулзсан учраас л гэнэт тагнуул болоод хувирчихсан гэсэн мунхаг санааг буруутгагч тал ичгүүр сонжуургүйгээр олон удаа илэрхийлсэн. Миний гадаадын иргэнтэй танилцах, харилцах явцыг төрийн байгууллага бүхэлд нь зохион байгуулсан гэх бүрэн үндэслэл бий.

Төрийн байгууллага намайг хэлмэгдүүлэхийн тулд миний эсрэг гүтгэж гүжирдэх, бусдыг гэмт хэрэгт холбогдуулахыг зохион байгуулах, зохиомол хэрэг үүсгэх, хуурамч бичиг баримт үйлдэх, худал гэрчлүүлэх, худал мэдээлэл тараах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдах, эс сэрэмжлүүлэх зэрэг олон гэмт хэрэг үйлдсэн.

Энэ бүхэн нь олон нотлох баримтаар нотлогддог. Хавтаст хэрэг гэхэд л бүхэлдээ миний буруугүйг нотлох баримт. Үүнийг хардаггүй хүмүүс төрийн байгууллагуудад ажиллаж байна. Би өөрийн буруугүйг нотолсон олон хуудас гомдлыг бичиж, Дээд шүүх рүү илгээсэн. Тэр гомдлыг уншсан эрүүл ухаантай хэн ч миний буруугүйг 100 хувь ойлгоно.

-Таны дараа цөөнгүй тэмцэгч хоригдсон, яллагдсан даа?

-Намайг баривчилснаар идэвхтнүүдийг хэлмэгдүүлэх явдал эхэлж, олон идэвхтэн гүтгэгдэн хоригдсон. Намайг хатуу яллан туршилт хийхэд намайг олон хүн, байгууллага өмгөөлж, багагүй эсэргүүцэл, шуугиан дэгдсэн тул бусад идэвхтний асуудалд болгоомжтой хандаж, хилсдүүлэлтийг зарим хэмжээгээр илчилж, хорихгүй ял өгөх, харьцангуй бага хорих ял өгөх зэргээр арай зөөлөн хандаж байгаа. Би ингэж бамбай болсон.

Намайг нэгэнт 10 жилээр яллачихсан болохоор буруудах, нөхөн төлбөр өгөхөөс зайлсхийж, намайг үргэлжлүүлэн хэлмэгдүүлсээр байна.

-Олон нийт таны яллагдсан, хоригдсон явдалд яаж хандаж байна?

-Миний өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нар 10 гаруй хэвлэлийн хурал хийж, хэвлэл мэдээлэлд цөөнгүй удаа ярилцлага өгч, сошиал сүлжээнд олон пост хийхдээ намайг хэлмэгдүүлсэн үнэнийг нийгэмд ил болгосон. Тэр ил болгосон мэдээллүүдийг үзээд, судлаад дотоод гадаадын хүний эрхийн болон нийгмийн чиглэлтэй олон зүтгэлтэн, ТББ-ууд намайг хэлмэгдсэн гэж дүгнэсэн. НҮБ хүний эрхийг хамгаалагчдыг хилсдүүлж буй явдлыг анхаарахыг Монголын төрд зөвлөсөн. Намайг суллахыг Японы парламентын хэсэг гишүүн шаардсан. 20 гаруй орны 100 гаруй хүний эрхийн бүлэг, хүний эрхийн 10 нэрт зүтгэлтэн хамтран шаардсан. Японы хүний эрхийг хамгаалагчид болон парламентын гишүүд хамтран, намайг Нобелийн Энх тайвны шагналд дэвшүүлсэн. Норвеги дахь Нобелийн хороо “шаардлага хангаж байна” гэж үзээд, намайг нэр дэвшигчээр бүртгэж авснаа албан ёсоор мэдэгдсэн. Гадаадад болохоор Нобелийн шагналд нэр дэвшүүлээд байдаг, дотоодод болохоор 10 жилийн ял өгөөд байдаг үнэлгээний ялгааг их гайхаж байна.

Сошиал сүлжээнд бичих, талбайд акц хийх, шүүх хурал дээр очих, хэвлэл мэдээлэлд нийтлэх, ТББ-ууд шаардлага илгээх, хоригдож байхдаа бичсэн номыг минь гаргах гээд намайг суллуулахын төлөө олон төрлийн дэмжлэг үзүүлсэн нөхөд, ойр дотны хүмүүс, дэмжигчдэдээ энэ дашрамд талархал илэрхийлж, хүндэтгэн ёсолъё. Монгол Улс хүний эрхийг ноцтой зөрчдөг орон гэж дэлхий нийтэд ойлгогдох нь сөрөг үр дагавар ихтэй гэж ойлгож байна.

-Таны өмгөөлөгчдийн эрхийг хассан гэсэн, энэ асуудал юу болж байна?

-Улсын нууц гэх нэрийн дор бузар хэлмэгдүүлэлт хийж байгаа үнэнийг илчилсний төлөө өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нарыг маань бас хэлмэгдүүлж байгаа. Өмгөөлөгчдийнхөө эрхийг хамгаалах ёстой Өмгөөлөгчдийн холбоо өмгөөлөгчдөө хилсдүүлж, энэ хоёрын маань эрхийг хассан. Бас намайг хэлмэгдүүлсэн хүмүүс өмгөөлөгчдийг маань хэлмэгдүүлэхээр хууль хүчний байгууллагуудад гомдол мэдүүлсний дүнд, тус бүрийг 1 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Эдгээрийн эсрэг тэд маань давж заалдаж байгаа.

Хуулийг уландаа гишгэчихсэн хэлмэгдүүлэгчдийн бузар булайг улсын нууц гэвэл хууль дүрэм, улс орныг гутаан доромжилсон хэрэг. Хэлмэгдүүлэгчдэд хэмжээ хэрэгтэй.

-Хоригдож байгаа нь танд хэрхэн нөлөөлж байна?

-Би хоригдонгуутаа бие муудлаа гэж зарлаагүй. Ар гэрээ зовоогоод яахав гээд өдий хүртэл сайн байна, сайхан байна гэж худал ярьж тайвшруулж ирлээ. Сүүлдээ энэ нь утгагүй санагдах боллоо. Үнэнийг хэлмээр бодогдох боллоо. Шоронд сайхан байна гэж юу байхав.

Миний үлдсэн амьдралын эрч хүчтэй байх 10 жил торны цаана, хүнд хортой нөхцөлд өнгөрч, эрүүл мэндгүй болсон хүн гарч ирэх юм уу, шоронд нас барах ч магадлалтай байна.

Би хоригдсоноос хойш үрэвсэлт өвчнөөс болж, шөнө олон удаа бие засдаг болсон, нойргүйдэлттэй, бас бусад зовиур муу нойртой хоноход нөлөөлдөг, гэтэл 22-06 цагаас бусад үед унтахыг зөвшөөрдөггүй. Тийм учраас туйлдахын эцэст хүрч, нойрмоглол ядрал дунд хөвж дэн дун байдаг, явах, зогсоход гуйвж дайвдаг, унах гээд байдаг. Хэвийн даралттай байсан миний даралтын дээд үзүүлэлт 190 хүртэл өсч, 90 хүртэл бууж, харвалтаас сэргийлэх эмчилгээ хийлгэсэн. Өвчин зовиураа тоочоод байвал урт яриа болно. Эрүүл мэндийн байдлаас болж, амь насанд аюул занал учирч байгаа.

Баривчлагдах үедээ би ийм хүн байгаагүй. Би хоригдохоос өмнө тэмцэл хийж явахдаа, автобусаар холоос ирэх, буцах, талбай дээр жагсах гээд ес арван цаг огт суулгүй, юу ч идэж уулгүй, бие ч засалгүй, өдөржин зогсчихдог байсан. Даралт өгсөх буурах гэж мэддэггүй байлаа. Саяхан эмнэлэгт рентген зураг авахуулахад хэдхэн секунд хөдөлгөөнгүй зогс гэхэд л хөдөлгөөнгүй зогсч чадахгүй гуйвж дайваад, тэнцвэл алдаад аппарат хэрэгслийг нь дайрч унагачих гээд байсан. Суухад ч гуйвж дайвна гэж байдаг л юм билээ. Ийм л болоод байна.

-Та эрүүл мэндийн шалтгаанаар хоригдож болохоо больчихсон юм биш үү?

-Амьсгаа хураахынх нь өмнө л эрүүл мэндийн шалтгаанаар суллавал сулладаг юм билээ. Суллахгүй бол шорондоо амьсгал хураана.

-Өнөөгийн нийгмийн байдлын талаар та юу хэлэх вэ?

-Авлигатай хийх тэмцлийг дэмжиж байна. Улс төрийн хэлмэгдүүлэлтийг таслан зогсоох хэрэгтэй. Хэлмэгдүүлэлт бол тоглоом биш, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг. Ард түмнээ хэлмэгдүүлэлтээс сэрэмжлүүлэхийн тулд би ярилцлага өгч байгаа юм шүү. Эрх чөлөө гэдэг хязгааргүй үнэ цэнэтэй зүйл. Эрх чөлөөг олвол алдаж болохгүй, алдвал нүд ирмэх зуур мөхнө. Харийн махны машинд няцлуулж дуусна. Хэн нэгэн өөрөө эрх чөлөөг хүсдэггүй юм аа гэхэд хайртай хүмүүсээ бодох хэрэгтэй.

Соёлын хувьсгалын тухай ном бичсэн, ахмад буурал өмнөд монгол хүнийг саяхан хятадын цагдаа нар Монгол Улсад орж ирээд л бариад аваад явлаа. Манай нийгэм өнөөгийн янзаараа байвал удахгүй Хятадын цагдаа нар орж ирээд Монгол Улсын иргэнийг бариад аваад явдаг болно, Соёлын хувьсгал хэрэгжинэ.

Хэлмэгдүүлэлт эхэлсэн, их хэлмэгдүүлэлт болж өргөжих магадлал их шүү гэдгийг ард түмэндээ дахин анхааруулж, сэрэмжлүүлье. Жижгэрсээр байгаа эрх чөлөөгөө битгий алдаарай, хайрлаарай, хамгаалаарай.

Д.ТӨМӨРӨӨ