Categories
story-news

story 3

story 3

Categories
story-news

story 2

story 3

Categories
story-news

story 1

story 1

Categories
онцлох-нийтлэл улс-төр

Б.Батзориг: ҮХӨ ямар үр дүнд хүрэхийг улстөрчид, намууд л шийднэ DNN.mn

Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Батзоригтой ярилцлаа.


-УИХ-ын 126 гишүүнтэй байхаар Үндсэн хуулиа өөрчиллөө. Энэ удаагийн ҮХӨ-өөс ямар үр дүн хүлээж болох вэ?

-ҮХӨ-ийг дэмжиж байсан судлаачид, улстөрчид 1992 он батлагдаж байсан үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөн гэцгээдэг. Өндөр хөгжилтэй орнуудын үндсэн хууль нь дайн тулаантай өөр тогтолцоотой үед батлагдаж хэдэн зуун жил үйлчилсээр ирсэн байдаг. Гэтэл бид сүүлийн хориод жилд тав дахь удаагаа өөрчилсөн. Цаашид хэдэн удаа өөрчлөгдөх юм, бүү мэд. Үндсэндээ Үндсэн хууль маань Үндсэн хууль шинжээ алдаад энгийн хуультай адил болж байх шиг байна. Оруулж байсан өөрчлөлтүүдээс харахад эрх мэдлийн тулаанаа Үндсэн хуулиараа зохицуулах оролдлого хийж байна. Ямар үр дүн хүлээхийг Үндсэн хууль бус улстөрчид, намууд л шийднэ.

-Сонгуулийн холимог тогтолцоог сая ҮХӨ-өөр сонгочихлоо. Энэ тогтолцооны эерэг ба сөрөг талыг яаж харж байна вэ?

-Хамгийн сөрөг тал нь Үндсэн хуулийг дуртай үедээ өөрчилдөг жишиг тогтчихлоо. Үндсэн хуулиудын зүйл заалтын уялдаа холбоо алдагдсан. Үндсэн хууль өөрийн гэсэн цогц бүтэцтэй. Саяын орсон өөрчлөлттэй холбоотой дагаж өөрчлөгдөх заалтууд дараа жилээс бөөн асуудал дагуулах биз. Тэгэхээр Үндсэн хуулийн хямрал “сонгодог” түвшинд очно. Гэхдээ манайд асуудлыг тогтолцоо биш, хүн шийдсээр байгаа болохоор зөв хүн байвал зөв, буруу хүн байвал буруу л зүйл бий болсон. Эерэг тал нь эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс УИХ-д сонгогдох магадлал нэмэгдэнэ. Нийгмийн хамгаалал, хүүхэд хамгаалал гээд нааштай асуудал гарах боломжтой. Гэхдээ бүх зүйл уялдаатай, цогц тогтолцоо шүү дээ. Цадаж ханадаггүй бирд улстөрч, бизнесийн бүлэглэлтэй, гадаадын хөрөнгө оруулагч нарыг битгий хэл тодорхой түвшинд хүрсэн бизнес эрхлэгчдийгээ шат шатанд нь хуваан авч сордог шимэгчид орших таатай эрх зүйн орчин байсаар байвал нэмэргүй. Бид нийгмээ эрүү, иргэн, захиргаа, хөдөлмөр, Үндсэн хууль гэсэн огтлолцох магадлал багатай системээр зохицуулах гэж оролдоод байна. Монгол гэдэг машин бүтээхэд дугуй, мотор, хөдлөх анги хийдэг хүмүүс нь өөр өөрийнхөөрөө зүтгээд байвал машин угсрах хүмүүс юу ч бүтээж чадахгүй.

-Ер нь ҮХӨ-өөр цаашид Монголын улс төрд юу болох вэ?

-Эрх баригчид нэг зүйлийг л хэлсээр байгаа, “одоогийнх шиг хулгайч гишүүдийг бий болгохгүй” гэж. Ингэж ярьж байгаа нь маш том, бүүр том ахиц. Гэхдээ эх орноо тонодог, ард түмнийхээ боломжийг хулгайлдаг ийм хүмүүс гарахгүй байх тогтолцооны өчүүхэн хэсэг нь л хууль тогтоох, сонгуулийн тогтолцоо. Мундаг хүмүүс том зургаар нь харж байгаа байх. Гэхдээ жижиг намуудыг хөөргөдсөн тогтолцоог Үндсэн хуулийн нэмэлтээр хийчихсэн, асуудал тарьж эхэлнэ дээ. Эртхэн нам байгуулна, дараа нь зарна гэдэг бизнес 2020 оноос эхэлсэн. Тэгэхээр жижиг намууд нь ашгийн төлөө болж хувирна. Цөөхөн гишүүнтэй болохоор нэг хүн дээр очих эрх мэдэл өндөр байна гэж германы судлаачид үзсэн бололтой. Гэхдээ монгол хүн биесээ яаж ч хөнөөж алалцаж байсан, ашиг сонирхол нэгдвэл цул болж чаддаг. Тэгэхээр сайн юм уу муу зүйлд санаа нэгдвэл олон цөөний ялгаа гарахгүй л болов уу. УИХ-ын гишүүдээ хичнээн нэмээд, сонгуулийн тогтолцоогоо өөрчилсөн ч гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг барьдаг, дайрч дарамталдаг хүний тоо л нэмэгдэх байх. Үндсэн хуулиа хамгаалдаг цэц нь нохойд барьдаг мод байсаар л байна.

-Одоо ҮХӨ-ийн араас сонгуулийн хууль, улс төрийн намуудын хууль орж ирнэ. Эдгээр хууль цогцоороо хэрэгжсэнээр тогтолцооны гажуудал арилна гээд байгаа шүү дээ. Олон намын тогтолцоотой, төлөөллийн парламент жинхэнэ утгаараа бүрэлдэж чадах уу?

-Тогтолцооны гажуудал гэдэг нь улс төрийн, сонгуулийн тогтолцоо биш. Монгол Улс гэдэг, монгол хүн, монгол орчин өөрөө бүтэн тогтолцоо. Бас хоёр хөрш, дэлхий нийтийн тогтолцоонд Монгол Улс өөрөө хатуу уягдсан. Бид асуудал үүсэнгүүт өөрөөсөө бусад ямар нэгэн шалтгаан олох айхавтар чадвартай болчихож. Хамгийн супер нь хууль руугаа чихээд өөрсдөдөө тааруулаад өөрчилдөг болчихоод байна. Иргэд, олон нийт, хөрөнгө оруулагч, бизнесүүд яах нь огт хамаагүй. Төр өөрийгөө хуулиар бүрэн хуяглах, хамгаалах, хүчирхэгжүүлэх алхамууд олон жил хийгдлээ. Хуулиудаа, тогтолцоогоо энэ хэлснээс эсрэгээрээ хийж чадвар, сэтгэлгээ бий болгомоор л байна даа. Бие даасан байр суурьтай судлаач нараа гадуурхах, үл тоох, намд харьяалуулах оролдлогуудаа болихгүй бол хол явахгүй, гадаадынхны заавраар л явсаар байх болов уу даа. Монгол төрийн залгамж холбоо, хөгжлийн дата мэдээлэл бидэнд байгаа юу. Эсвэл гадаадынханд байгаа юу гэдийг бодох хэрэгтэй. Үгүй ядаж бид 30 жил ямар үнэт зүйлтэй монгол хүн бүтээчихсэн юм бэ гэдэг судалгаа байхгүй л байна. Гадаадынхан судалчихсан байж магадгүй. Мурихгүй биз, тогтвортой байж чадах уу гэж асуудаг байх жишээтэй.

-ҮХӨ нийгэм, эдийн засгийн хөгжилд яаж нөлөөлөх вэ?

-Улсын төсөвт дарамт орж ирнэ. Сонгуулиас эхлээд зардал нэмэгдэнэ. Дөрвөн жилийн хугацаанд улсын төсөв дээр жил болгон дарамтууд ирэх байх. Нийгэм, эдийн засаг учиргүй сайжирчих нь юу л бол. Тэгээд дахиад Үндсэн хуульдаа буруугаа тохоод өөрчлөх байх даа.

-Хулгайч, авлигачид төрийг тонон дээрэмдэж байгаа нь Хөгжлийн банк, нүүрсний хулгай, Боловсролын сангийн зээл зэргээс харагдаж байна. Тийм болохоор ард түмэн парламентыг авлигачдын үүр уурхай гэдэг утгаар харж гишүүдийн тоог нэмэхийг хүчтэй эсэргүүцээд байх шиг. Парламентын гишүүдэд ямар цензур тавих ёстой вэ. Ямар нэгэн байдлаар хууль зөрчиж сонгуульд ялбал эргүүлэн татдаг байхаар хуульчлах уу?

-Харин эсрэгээрээ намын нэг лидер асуудалд орчихвол намаас нь нэг гишүүнээ татуулаад оронд нь оруулчихвал яах бол. Сонгох, сонгогдох эрх ямар ч хүнд нээлттэй. Гишүүдэд цензур тавих нь зохисгүй. Амархан шалтгаар гишүүнээ эргэж татаад байдаг болчихвол УИХ-ын дархлаа суларна. Тийм болохоор намууд хулгайч нараа сонгуульд өрсөлдүүлэхгүй байх хэрэгтэй. Нам цэвэр, ил тод болох ёстой.

-Санхүүжилтийг нь шилэн болгох асуудал биз дээ?

-Тэгэлгүй яахав. Улс төрийн намуудын санхүүжилт ил болчихвол хамгийн том амжилт шүү. Харин ил болгохгүй бол хүлээлгэх хариуцлага тодорхойгүй. Нам татан буугдах ёстой.

-ҮХӨ-өөр жендерийн асуудалд том дэвшил гарч, шударга өрсөлдөөний үүд нээгдэнэ гэж Ерөнхий сайд хэлсэн. Энэ тал дээр таны байр суурийг сонирхъё?

-Эмэгтэй гишүүд нэмэгдэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд УИХ-д сонгогдох боломж нэмэгдэнэ. Яагаад бизнест, иргэний нийгмийн идэвхтэнүүд эмэгтэйчүүд давамгай харин улс төрд бага байна вэ. Хүчирхэг эмэгтэйчүүд хэн нэгэн хүний дохио зангаагаар ажиллах уу. Үгээр ажиллаад, сандал бөглөөд суух хүмүүсээ л эрж хайх болов уу. Үнэхээр чадалтай, хүчирхэг эмэгтэйчүүд олноороо улс төрд орвол том дэвшил.

-Тэгээд яг яах ёстой юм бэ?

-Монгол Улсын Үндсэн хуульд “улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэж дэлхий нийтэд зарлан тунхагласан амлалтадаа хүрдэг тогтолцоог бий болгомоор байна.

Categories
нийгэм цаг-үе

ҮЙЛ ЯВДАЛ: ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЮУ БОЛОХ ВЭ DNN.mn

Манай сонин “Энэ долоо хоногт юу болох вэ” буланг шинээр нээсэн билээ. Энэ долоо хоногт зохион байгуулагдах улс төр, эдийн засаг, боловсрол, спорт, урлагийн үйл явдлуудын талаар тоймлон хүргэе.


Улс төр

• Даваа гаригт: УИХ дахь намын бүлгүүд 10 цагаас хуралдана.

• Нийгмийн бодлогын байнгын болон Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болно. Хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсэг хуралдана. Харин Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаагаас 2022.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газраас 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдана.

• Мягмар гаригт: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдана.

• Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Тус хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын дөрвөн гишүүн 2023.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар 2023.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

• Лхагва гаригт: Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана. Төсвийн байнгын хороо хуралдана.

• Пүрэв гаригт: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдана. Хуралдаанаар Дээд боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. УИХ-ын чуулгантай. Чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.06.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг хийнэ.

• Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын дөрвөн гишүүн 2023.04.05-ны, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар 2023.04.05-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.

• Баасан гаригт: УИХ-ын чуулгантай. Чуулганаар Ерөнхий сайдын мэдээлэлийг сонсоно. Хүн амыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах ажлын явц, үр дүнгийн талаар мэдээллийг сонсоно.

Шүүх хурал

• Хөгжлийн банкны шүүх хурал өнөөдөр 40 дэх өдрөө үргэлжилнэ. Шүүх хурлаар 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг хэлэлцэж байгаа юм.

Лекц, форум

• Шинжлэх ухааны академийн “Эрдэмтдийн үг-56” шинжлэх ухаан, танин мэдэхүйн цуврал лекцийг ҮБХИС-ийн зөвлөх профессор, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн гэрээт судлаач, эрдэм шинжилгээний ажилтан, Цэргийн шинжлэх ухааны доктор, профессор А.Хүү-Ухна энэ сарын 14-нд 15:00 цагт ШУА-ийн төв байрны Их чуулганы танхимд тавина.

Уран бүтээлийн үзэсгэлэн

• Монголын урчуудын эвлэлийн гишүүн Б.Энхчулууны “Өтний нүх” анхны бие даасан үзэсгэлэн өнөөдрөөс энэ сарын 18-ны өдөр хүртэл Монголын урчуудын эвлэлийн Арт галерейд дэлгэгдэнэ.

• Индианагийн их сургуулийн дэд профессор, гэрэл зураг, видео, уран баримлын хэлбэрийг ашиглан орчин үеийн урлагийн чиглэлээр бүтээлээ туурвидаг уран бүтээлч Стефан Петранекийн “Цаг хугацаа, орон зайгаар антропосоний эрин үед холбогдох нь” үзэсгэлэн өнөөдрөөс энэ сарын 18-н хүртэл Монголын уран зургийн галерейд дэлгэгдэнэ.

Жүжиг

• Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг Улсын Драмын эрдмийн театрт маргааш 19:00, энэ сарын 14-ний өдөр 19:00 цагт тус тус тоглогдоно.

• “Орфей” театрын “Шөнө дундын бүжиг” драмын жүжиг Улаанбаатар зочид буудлын их танхимд өнөөдрөөс энэ сарын 14-ний өдөр хүртэл 20:00 цагт тоглогдоно.

Балет

•Дэлхийн сонгодог А.Аданы “Жизель” балет Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт энэ сарын 17, 18-ны өдрүүдэд 17:00 цагт тоглогдоно.

Загварын шоу

• “Minerva Goddis” хувцасны монгол брэндийн анхны бие даасан загварын шоу энэ сарын 17-нд Улаанбаатар зочид буудлын их танхимд 20:00 цагт зохион байгуулагдана.

Тоглолт

• “Nomadic Legend” ардын урлаг, өв соёлын тоглолт “Ган зам палас”-т өнөөдрөөс энэ сарын 18-ны өдрүүдэд 18:00 цагт тус тус тоглогдоно.

• Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Н.Туяагийн “Grazie a voi” бие даасан сонгодог попера тоглолт энэ сарын 14-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт 19:00 цагт болно.

• “Hun Totem” үндэсний урлагийн тоглолт “Хүн театр”-т энэ сарын 11-18-нд 15:00 цагт тус тус тоглогдоно.

• Улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн “Bets Overture” концерт энэ сарын 15-нд 19:00 цагт тоглогдоно.

• Монгол Улсын консерваторийн оркестр, ардын урлагийн уран бүтээлчид, амьд хөгжмийн хамтлаг, продюсер, DJ нар, хөгжим бүтээгчдийн бүрэлдэхүүнтэй ногоон зүлэг дээрх задгай хөгжмийн наадам “Sky Resort” цанын баазад энэ сарын 17-нд 14:00 цагаас зохион байгуулагдана.

• Увс аймгийн үйлдвэр эрхлэгчид, UBC brand-ийн үзэсгэлэн худалдаа болон “Ойрад” театрын Икэлийн чуулга болон нийт уран бүтээлчдийн “Ойрад Икэлийн эгшиглэн” тоглолт энэ сарын 17-нд Улаанбаатар Паласт 18:00 цагт болно.

Нийгэм

• “UB LIFE” сайт болон “Fat Cat Jazz Club Ulaanbaatar” хамтран зохион байгуулдаг ээлжит “Poetry Night” эвент энэ удаа зуныг угтан “Зуны борооны тунгалаг ширхэгт” нэрээр зарлагдаж өнөөдөр “Fat Cat Jazz Club Ulaanbaatar”-т 19:00 цагт болно.

• Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой санхүүгийн долоо хоног 2023 (ТоС долоо хоног)” олон улсын манлайллын хөтөлбөр, өндөр түвшний бодлогын хэлэлцүүлэг бүхий цуврал арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС Холбоо), Санхүү, тогтвортой байдлын институт (IFS), Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК) болон бусад түнш дэмжигч байгууллагуудтай хамтран энэ сарын 13-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

• “Ибиза” мюзик фестиваль Монгол шигтгээнд энэ сарын 16-нд 18:00 цагт зохион байгуулагдана.

• Интермед эмнэлэг, Эрүүл мэндийн яам болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хамтарсан “Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар илрүүлэх тандалт” семинар энэ сарын 17-нд Интермед эмнэлэгт 17:00 цагт болно.

Categories
онцлох-нийтлэл эдийн-засаг

Жолооч Ч.Эрдэнэбат: Төрийн байгууллагуудын хүнд суртал үнийн өсөлт, машин тэрэгний хомсдолыг бий болгож байна DNN.mn

Замын-Үүдийн ачаа тээврийн асуудлаар “Борхойн тал” авто тээвэрчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ч.Эрдэнэбаттай ярилцлаа.


-Танай нутгаар зуншлага хэр байна вэ?

-Зуншлага муу. Цагаанаараа эргэсэн, аймшигтай байна.

-Өнгөрсөн долоо хоногт манай сонинд Б.Пүрэвдорж гишүүн ярилцлага өгөхдөө ачаа тээврийн үнийн талаар ярьсан юм. Одоо ачаа тээврийн үнэ ханш ямар байгаа вэ?

-Ачаа тээврийн үнэ өсөөгүй. Хамгийн гол нь орж, гарах зохицуулалтуудаа төрийн байгууллагууд хийж чадахгүй байна. Би яг одоо очерт зогсож байна. Одоогоор миний нүдэнд харагдаж байгаа 1000-гаад машин байна.

-Өдөрт хэдэн машин гарч байгаа вэ?

-200 машин гарч байна.

-Хэд орж байгаа вэ?

-Бас л 200 орж ирж байгаа байх.

-Яагаад тийм олон машины дараалал үүсчихсэн юм бэ?

-Гааль, шалган, авто тээвэр, замын цагдаа гээд төрийн байгууллагууд нь бүгд тус тусдаа бүх машиныг хянаж шалгадаг, явуулдаггүй. Дээрээс нь Хятад талдаа бас хүнд сурталтай. Хоёр улс хоёр талдаа маш хүнд суртал гаргаад, машинууд нь явж өгөхгүй, ачаа бараа гацаад байгаа юм. Түүнээс зүгээр л урсгалаараа явчихвал ямар ч очер дараалал үүсэхгүй шүү дээ. Одоогоор ямар ч байсан 10 гаруй км үргэлжилсэн ачаа тээврийн машины очер байна. Өглөөнөөс хойш зогсоход ер урагшилсангүй.

-Замын-Үүдээс Эрээн рүү гарахад ямар үнэтэй байгаа вэ?

-Эрээн рүү гарахад үнэгүй шүү дээ. Ямар ачаа байхав дээ. Ямар ч ачаа байхгүй. Экспортоо наадуул чинь бүгдийг нь гаргахгүй байгаа шүү дээ.

-Орж ирэх үнэ ханш нь хэдтэй байна. Замын-Үүдээс Улаанбаатар хот хүртэл?

-Орохдоо Улаанбаатар руу дөрвөн сая төгрөгөөр л явж байгаа.

-УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хэлээд байгаа үнийн өсөлт тэгэхээр худлаа болж таарав уу?

-Үнийн өсөлт хаана гараад байна гэхээр стандарт дээр л гараад байгаа. Авто тээврийн үндэсний төв нь аль дээр үеийн социализмийн үеийн стандартаа бариад тэгэхээр жижигхэн жижигхэн машин явж байгаа. Жишээ нь, нэг ачаад явах юмыг хоёр хувааж ачуулж байна. Одоо бүр 12 метртэй машин явуулна гээд солиотой юм яриад байгаа. Хятадууд нь тэгтэл 19, 20 метртэй машин явж байхад манайх жижгэсгэнэ гэдэг галзуу солиотой юм ярьж байдаг. Адилхан жин тонноо стандартаа бариад явмаар байгаа юм. Үүнтэй бид маш олон жил тэмцэж, хэлсээр л байгаа. Бидний явах дээд хурд 80 км/цаг. Ачаа тээврийн машины стандарт тусдаа. Монгол Улс өөрөө машин тэрэг үйлдвэрлэдэггүй. Тэгсэн мөртлөө Хятадаас орж ирсэн Хятадын стандартын машинаа орос стандартаар явуулна гэж авлига аваад гацаагаад байгаа байхгүй юу.

-Дөрвөн сая төгрөгөөр ачаа тээвэр зөөхөд ашиг гардаг уу. Техникийн элэгдэл хорогдол, эвдрэл гэмтэл гарвал яах вэ?

-Ашиг гарахгүй шүү дээ. Зүгээр л хоолны мөнгөө л олж байгаа. Ямар ч ашиг байхгүй. Одоо ингээд очер дараалал үүсээд эхлэхээр нөгөө ачааны чинь үнэ өсч эхэлж байгаа юм. Яагаад гэхээр юм ховордохоор машин олдохоо байчихна. Тэгээд очер маш их болж байна. 2-3 хоногийн өмнөөс үнэ өсөөд эхэлчихсэн. Урдаа машин олдохоо байчихсан. Наашаа бас буцаж гарахгүй. Өнөөдөр л гэхэд 2000-гаар ачиж байсан арматур,

цемент 3500 болчихсон. Яг нугарчихаж байгаа юм. Зах зээлийн эрэлт хэрэгцээ байхгүй юу. Зүгээр зарчмаар нь явуулахгүй төр дундуур нь орж ирээд л дампууруулчихлаа.

-Төр яаж оролцож байгаа вэ?

-Төрийн бүх байгууллага нь хянана, шалгана, торгоно, стандартад нийцэхгүй байна гэдэг. Тэгээд шалган дээр нь нэг ч машин байхгүй. Очер нь ерөөсөө урагшлахгүй тал өдөр болж байна. Хил гааль руугаа машинаа оруулахгүй. Өөрсдийнхөө танил талыг урдуураа оруулаад л биднийг болохоор ингээд л зогсоочихно. Төрийн энэ хүнд суртал, танил талаараа аргалдаг заваан зүйлийг арилгах хэрэгтэй. Тэгж байж юмны үнэ ханш унана, суларна. Албаар зохиомол машины хомсдол үүсгээд байна шүү дээ. Тээврийн хэрэгслийн зохиомол хомсдол үүсгэхээр тэртээ тэргүй үнэ өсөх нь тодорхой шүү дээ. Урд машин байхгүй юм чинь ачаа бараагаа авахын тулд машин хайна биз дээ. Үүнийг болиулаад Хятад руу чихээд өгөх хэрэгтэй. Хятадаас хэр машин гарч байна, тэр тоогоор нь чихээд өгөх хэрэгтэй. Хоёрдугаарт, манай гадаад харилцааныхан Хятадын талтай машинуудаа аваач ээ, хурдан гаргаач ээ гэдэг тал дээр сайн ярих хэрэгтэй. Тэгэхгүйгээр урд талаасаа болохоор наашаа гарч байгаа машинуудыг бас хязгаарладаг. Урд талд Хятадын гаалийн бичгийг бүрдүүлчихээд, гарах гэж 3-4 хоног болж байна. Энэ болгон чинь зардал шүү дээ. Тэр хүмүүсийн буудал, хоол унд, машиндаа тос бензин үрж байна. Нэг хоногт зөвхөн тээврийн хэрэгсэлдээ 50 юань төлдөг. Тэгэхээр буудал хоол ундтайгаа нийлээд нэг хүнд хоногийн 200 юань чөлөөтэй алга болж байгаа. Өдрийн 100 мянган төгрөгний өртөгтэйгөөр Хятадад монгол тэрэг зогсож байна шүү дээ.

-Цаашаа гараад ачаагаа ачихад удах уу?

-Ачаагаа маш хурдан аччихдаг. Гэтэл наашаа гаалийн бүсээр гарах гэхээр хятадууд гаргахгүй. Хятадууд цаад талд монголчуудыг аль болох олон хонуулж мөнгө авах гээд байна шүү дээ. Ингээд албаар зогсоодог. Албаны хүмүүс биднийг гацааж зогсоохоос илүү тэдэнтэй ярилцаад, хурдан шуурхай оруулж гаргадаг болгомоор байгаа юм. Манайд барилгын эрчимтэй хугацаа чинь гуравхан сар шүү дээ. Яг л коронагийн үеийн байдал руугаа одоо буцаад орж байна. Хэд хоногийн өмнөөс эхлээд.

-Гарах орох машины хязгаар тогтоогоод байсан тэр хэвээрээ л байгаа юу. Нэмэгдсэн үү?

-Нэмэгдээгүй ээ. Өдөрт 200 машинаа арайчүү л оруулж, гаргаж байна. Гаалийн, хилийн цэргийн, авто тээврийн, төмөр замын хүнд суртал бүгд нөлөөлөөд энэ үнийн өсөлт, машин тэрэгний хомсдолыг бий болгож байна. Дандаа төрийн байгууллагуудтай холбоотой л үнийн өсөлт явагдаж байгаа. Ажлаа шуурхай хийгээд, зохион байгуулалтыг шуурхай гүйцэтгээд, хурдан нэвтрүүлээд өгөх юм бол үнэ өсөхгүй шүү дээ. Зах зээлийн үнэ нь буцаад л доошоо уначихна. Урагшаа Эрээн рүү машинуудаа бүгдийг нь чихээд өгөх юм бол нэг өдрийн дотор бүх ханш уначихдаг. Бариад хязгаарлаад байх тусам коронагийн үе шиг өсч эхэлж байна. Аргагүй шүү дээ. Машин олдохгүй болохоор өсөхөөс өөр аргагүй. Одоо энд 10 гаруй км цуваа үргэлжилж байхад нугарч өсөх нь аргагүй л дээ.

Categories
онцлох-нийтлэл улс-төр

УИХ-ын дөрвөн гишүүн “Нүүрсний сонсгол хийе” гээд гарын үсэг цуглуулж эхэлжээ DNN.mn

Хэвлэлүүд, экспертүүд “Улс төр аадрын өмнөх шиг ажин түжин байна. Энэ нэг л биш шүү” гэцгээх болсон. Нээрэнгээсээ тийм байгаа ажээ. Далдуур дайн биш гэхэд дажинтай байна. Боловсролын зээлийн сан гээд бараг хоёр сар нийгмийн сүлжээгээр хэлэлцлээ. Гэтэл сангийн асуудлыг дэвэргэж нүүрсний хулгайг нуух үйл ажиллагаа явж байсан бололтой. Тусгай санг эрх мэдэл, албан тушаал, мэдээлэлд ойр байдлаараа түрүү барьж ашигласан нь гэмт үйлдэл мөн. Хөгжлийн банк шиг цаасан дээр мөртэй үлдсэн учраас төлөх ёстойгоо төлж л таарна. Харин нүүрсний хулгай бол нууцаар үйлдэгддэг. Хууль хяналтынхан ажиллаж байж илэрч, тогтоогдох хэрэг юм. Тэгээд мөнгөн дүн нь тоймгүй их, ойд багтамгүй өндөр. Бас энэ хулгайд улстөрчид, улс төрийн хамааралтай олон хүн холбогдсон. Нийтээрээ мэднэ. Тийм шалтгаантай, холбоотой хэсэг хүн өнгөрсөн долоо хоногийн сүүлээр уулзаад “Зээлийн сангаар сэвэх хүмүүс дууслаа. Тэгэхээр нүүрс асах нь дээ, яах вэ” гэлцсэн нь “гэрэл цохиулжээ”, янз нь. Хаа сайгүй ярьж байна.

Үнэхээр ч сүүлийн үед тусгай сангууд, Үндсэн хууль тойрч яриад нүүрсний хулгайг бүрмөсөн мартжээ, бид. Улстөрчид ч ярихаа больсон. Уул нь нүүрсний хулгайг барьж аваад тонгорсон улстөрч ирэх сонгуулиар баараггүй. Нүүрсний хулгайтай ноцолддоггүй юм гэхэд хамгаалдаггүй, харин эсэргүүцдэг байх нь одоогийн улстөрчдийн шударга ёсны шалгуур болсон.

Хууль хяналтынхан ч энэ хулгайтай холбоотой сэдэл өгсөн, сэжиг авахуулсан хүмүүсийг шалгаад л байх шиг байна. Харин олон нийт нүүрсний хулгай ид яригдсан байсан хагас жилийн өмнөх баахан “хулгайч” хаачив гээд эрж сурах байдалтай болж эхэллээ. Том улстөрчид, том бизнесмэнүүдийн нэр ус гараад л байсан. Таг болсон. Тэдэнтэй төр эвлэрэв үү, аль эсхүл хууль хяналтынхан хаацайлаад байна уу. Хулгайчаа хайхын хажуугаар эвлэрсэн, хаацайлсан хүмүүсийг бас эрж байна.

Түүнээс гадна нүүрсний хулгайн хамгийн гол үйл ажиллагаа УИХ дээр гацчихаад байна. Тэр нь нээлттэй сонсгол юм. Нээлттэй сонсголоор нүүрсний хулгай “нээлттэй” болно. Товчхон хэлэхэд, ийм л үр дүнтэй. Нүүрсний хулгайг хэн хийдэг вэ. Хэн зохион байгуулж, хэн оролцоод, хэн гүйцэтгэдэг вэ. Ер нь ямар схемээр яаж хулгайлдаг вэ. Ингэж хулгайлаад хэр хэмжээний ашиг олдог вэ. Түүнчлэн оффтейк гэрээг нууцаас гаргаад нэмэр болсон уу. Асуулт ингээд л үргэлжилнэ. Нээлттэй сонсгол нь энэ бүгдэд олон нийтийн өмнө нээлттэй хариулт авч, мэдээлэл өгөх үүднээс жилийн өмнө Нүүрсний асуудалд хяналт тавих үүрэгтэй. Үүнийг УИХ-ын Түр хороо хэрэгжүүлэх ёстой байлаа. Түр хороог УИХ-аас байгуулсан. Зургаан сарын хугацаатай. Тэр нь 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд дуусаад, дахин сунгасан. Сунгасан нь өнгөрсөн долоо хоногт дууслаа. Түр хорооны талаар хэн ч ярьсангүй, хөндсөнгүй өнгөрөв.

Түр хороо Нүүрсний асуудлаарх нээлттэй сонсголыг зохион байгуулах ёстой юм. Хийсэнгүй. Хийх ч үгүй бололтой. Уул нь Түр хороог ахалдаг УИХ-ын гишүүн Г.Ганболд өнгөрсөн хавар нээлттэй сонсголыг товлосны дараахан “Дөрөвдүгээр сарын эхээр нүүрсний асуудлаар нээлттэй сонсголыг зохион байгуулна. Урьдчилан төлөвлөснөөр 80 орчим иргэнийг гэрчээр дуудаж оролцуулна. Сонсголыг 2-3 хоногт зохион байгуулахаар төлөвлөж байна. Оффтейк гэрээнээс болж улс орон, нийтийн эрх ашиг хохирсон уу гэдгийг эхэлж ярина. Ямар хэмжээний нүүрс хил, гаалиар алдагдсан юм гэдгийг өөрсдийн нотлох баримт, шинжээч, хянан шалгагчдын цуглуулсан материалд тулгуурлан ярина. Төмөр замын тээвэр дээр авлигал, хээл хахуулийн схем яаж явагддаг зэргийг тодруулж төрийн болон хувийн хэвшлийн холбогдох албаныхнаас асууна” гэж байсан. Гэвч сонсгол болохоос долоо хоногийн өмнө “АТГ-ын хүсэлтээр хойшлууллаа” гээд алга болсон.

оос нээлттэй сонсголыг хийх хүсэл зориг байхгүй нь илт харагдах болсон. Бусад нь тэгж харсан бололтой. Үндсэн хуулийг өөрчилж, түүнийг дагалдах хуульд суулгахтай зэрэгцээд УИХ дотор нүүрсний хулгай яригдаж эхэлсэн байна. Нэр бүхий дөрвөн гишүүн “Нүүрсний асуудлаарх нээлттэй сонсголыг хийх нь зүйтэй. Үүн дээр санаачилга гаргая” хэмээн тохирчээ. Тэгэхдээ “Ганболд бол хөдлөхгүй нь. Тэр нь тодорхой боллоо. Энэ Баясгалан бяртай байна аа. Сонсголыг нам барьж байна. Гэсэн дахин санаачилна. Гарын үсгээ зурна” гэж ярьжээ. Гэхдээ тэд нээлттэй сонсголыг шаардаж, гарын үсгээ зурсан гишүүдийн тоог олон болтол өөрсдийгөө нууцлахыг хүсэж буй юм байна. Учир нь нээлттэй сонсгол нь нүүрсний хулгайтай холбоотой хүмүүсийн эрх ашгийг шууд хөндөнө. Гэтэл тэр хүмүүс нь нөлөөтэй, мөнгөтэй учир хэдүүлхнээ тулахад хэцүү хэмээн болгоомжилж байгаа ажээ.

Categories
гадаад

Үндсэн хуулийг үндсээр нь өөрчлөх “Зэр, зэвсэг минь баяртай!” DNN.mn

Манж гүрэнд хар ламын дүрээр явуулсан технологийн тагнуулуудын олж ирсэн өрх гэрийн зориулалттай утас ээрэх, торго, даавуу нэхэх модон суурь машинуудыг олноор нь хооронд нь угсарч тусгай том байранд байрлуулан, бүгдийг нь усан тээрмээр ажиллуулж эхэлснээр мануфактур гэх бөөний үйлдвэрлэл бий болж англичууд жинхэнэ баялаг бүтээгчид болж орхив. Нэхмэлийн суурь машинуудыг усан тээрмээр хөдөлгөж байсан тул удалгүй голын эрэг дагуух газрын түрээсний үнэ тэнгэрт хадав. Ийнхүү цаг үеийнхээ шаардлагаар уурын хөдөлгүүр бий боллоо. Уурын хөдөлгүүртэй болсноор Хүнд үйлдвэрүүд байгуулах боломжтой болов. Улмаар 1780 оноос Аж үйлдвэрийн I хувьсгал эхэлж оюуны өмчид тулгуурласан техникийн дэвшил буюу бөөний үйлдвэрлэл бий болж үйлдвэрийн эзэд хэмээх шинэ хүчтэй анги гарч ирэн хаад, ноёдын үеийг халжээ.Гэхдээ үйлдвэрийн эзэд ч хоорондоо хаад, ноёд шиг юу яах нь бий. Тухайлбал, төмөр замаар тодорсон баячууд Англид анхны автомашин гарахад урд нь туг барьсан явган хүн заавал явуулж байх хуулийг төр, засгаар гаргуулж байв.

Хүнд үйлдвэрүүд бий болсноор хятадуудын Нийтийн Тооллын I зуунд анх бүтээсэн дарийг улам сайжруулан янз бүрийн буу бөөнөөр нь үйлдвэрлэх боломж бүрдэв. Ангийн бууг анчид л худалдаж авна. Харин байлдааны бууг татвар төлөгчдийн мөнгөөр улс бөөнөөр нь худалдаж авна. Үйлдвэрийн эзэнд аль нь ашигтай вэ?! Ингэхийн тулд баараггүй шалтгаан байх хэрэгтэй. Бэлэн шалтгаан нь үйлдвэрийн хямд түүхий эд, ажиллах хүч олох явдал. Ийнхүү “Тариаланчдад ганц нэгээр нь трактор зарж байснаас улсад танк бөөндөх нь хамаагүй ашигтай” гэсэн зарчмаар үйлдвэрийн эзэд улстөрчид тэднээс бүрдэх төр, засгийн гишүүдийг санхүүжүүлэн дураараа шийдвэр гаргуулдаг болж үр дүнд нь дэлхийн I, II, III дайн дэгдэв.

ЗХУ-ын үед бий болсон “Хүйтэн дайн” албан ёсны залгамжлагч нь болох ОХУ-ын үед “халуун” шатандаа шилжиж дэлхийн III дайн төгсөх тал руугаа чиглэж эхлэв. Мөс хайлж нэн шинэ худалдааны дөт зам болж буй Хойд туйлд хүн ам гэж байхгүй учир ОХУ болон НАТО-гийн цэрэг энд халз тулснаар дэлхийн III дайн жинхэнэ ёсоороо “биежих” байх. Мэдээж аль тал ялах нь тодорхой учир Хойд туйлд байгаа Оросын генералууд бүх зэвсгээ бөөнд нь тэрбум еврогоор барууныханд зарж “түнтийн”, өөрсдөө буугаад өгчихгүй бол шүү дээ. Харин хятадууд “тэнэг” биш болохоор сүрийг үзүүлж, үзүүлж эцэст нь зүгээр л буугаад өгчих байх. Учир нь арми нь байлдааны ямар ч туршлагагүй бас зэвсэг нь Оросын буюу барууны зэвсгийн маруухан дуураймлын “copy, paste”.Харин Хойд Солонгос, Иран хоёрын өнөөгийн удирдлага жинхэнэ “будаа болох” биз ээ.Иймээс “хүйтэн”, “халуун” шат дамжин урт удаан хугацаанд үргэлжилж буй дэлхийн III дайн дуусах үед зөрчил, хямралын нэг гол шалтгааныг үлдээхгүйн тулд нэг үндэстэн бүхий улсууд бий болно. Бас өнөөгийнх шиг 193 улсаас тавхан нь илүү эрхтэй бус шинэ, хуучин бүх улс бүгд тэгш эрхтэй болж олонхын саналаар асуудлаа шийддэг болно. Бусдаасаа илүү эрхтэй таван улс урьд нь нэг тал болон байлдаж байсан бол одоо бүр хоорондоо үзэлцэж байна.

Энэ бүхэн 190 үндэстнээс бүрдэх хойд хөрш, 298 өөр хэлээр ярьж буй урд хөрш бутран тусгаар улсууд болж Монгол Улс эдгээр тусгаар улсуудад Баруун Берлин, Өмнөд Солонгосын үүрэг гүйцэтгэн хөгжлийн зөв замд нь чиглүүлэгч болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Монгол Улс Өмнөд Монгол, Буриад Монголтойгоо нэгдэн холбооны улс болох учир хууль тогтоох доод танхимаас гадна эдгээр хууль холбооны улсуудын эрх ашигт нийцэж буй эсэхийг хянах үүрэгтэй дээд танхим бүрдүүлэх шаардлагаар бидний дөнгөж сая өөрчилсөн Үндсэн хууль найман жил болохгүй нэг мөсөн өөрчлөгдөнө. Энэ ч бас юу ч биш.

Байлдааны зэвсэг үйлдвэрлэн улсад бөөндөх нь маш том ашиг өгдөг ч үйлдвэрлэсэн зэвсгийг хадгалаад байх нь зэвсгийн үйлдвэрийн эздийг алдагдалд оруулан ажлын байр хумигддаг учир иргэдэд ч гай тарьдаг. Иймээс ямар нэгэн дайсан илрүүлэн олж, үйлдвэрлэсэн зэвсгээ “устгалд” оруулах шаардлага үүсдэг. Тухайлбал, өнөөдөр Украины дайнд эргэлт авчирсан өндөр ончтой тийрэлтэт пуужин харвагч “M142 HIMARS” гэхэд аль өнгөрсөн зууны 80-д оны технологи. Эдний орыг XXI зууны технологи болох хиймэл оюун ухаан бүхий нисгэгчгүй онгоц, хүнгүй пуужин харвагч, танк, их буу, дрон бас дайсан руу шууд дайрах автомат буу, гар бөмбөгөөр зэвсэглэсэн роботууд орлон гарч ирэх гэж байна. Өөрөөр хэлбэл, цэрэг үхдэггүй дайн хийх боломж бүрдэнэ. Мэдээж эдгээр шинэ зэвсгийг үйлдвэрлэхэд олон зуун сая ажлын байр бий болж улсынх нь эдийн засаг суга өснө. Харин өнөөдөр ардчилалтай“ үзэж тарж, үсэрч наалдаж” буй дарангуйллын дэглэмийн голомт болох ОХУ, БНХАУ, Иран, Хойд Солонгос зөв замдаа орчихоор энэ шинэ зэвсгийг тэгээд яах болж байна. Айн?!

Эдгээр шинэ зэвсэг “хамгийн залуу” Исламын шашныг дарангуйллын зэвсэг болгон ашиглаж буй Арабын болон Африк, Азийн улсууд руу чиглэх нь мэдээж. Үүнийг ч ойлгож эхэлсэн арабууд шашин хоорондын дайсагналаа хойш тавьж нэгдэж эхлээд буй нь нууц биш. Харин үр дүн нь юу болж дуусах нь бол харин тодорхой.

Зэвсгийн үйлдвэрлэл нь үнэндээ маш их зардал, хүн хүч, нарийн мэргэжил, цаг хугацаа шаардсан нүсэр ажил. Харин “Хиймэл оюуны ухааны” гэгдэх Аж үйлдвэрийн IV хувьсгалаар “IT”-гийн компаниуд зэвсгийн үйлдвэрээс хэт бага зардлаар, маш богино хугацаанд, хамаагүй их орлого олдог болоод байна. Хамгийн гол нь энгийн иргэд хувьцаа эзэмшигч нь буюу хамтрагч эзэд болчихоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, зэвсгийн үйлдвэрлэл нь байлдаан хийж, хүн үхэхийг шаарддаг бол “IT” компаниуд иргэдийг юу яасан дайнд оруулж үхүүлэх, харин ч эсрэгээрээ бүтээгдэхүүнээ ашиглах чадвартайгаар урт удаан наслахыг шаарддаг болж байна.

Учир нь “Хиймэл оюун ухаан” цалин хөлс, халамж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал шаардахгүйгээр бага зардлаар маш их хэмжээний баялаг бүтээх боломжтой. Энэ нь “IT” компаниуд маш бага үнээр хувьцаагаа зарж энгийн иргэдэд их орлого олох боломж олгон өөрсдийн бүтээгдэхүүнийг ашиглах зах зээлийг тасралтгүй нэмэгдүүлэх болно гэсэн үг юм.

“Хиймэл оюун ухаан” бас төрийн гэлтгүй бүх орон тоог цомхотгож зардлыг нь эрс багасгана. Мөн мөнгө бас ханшийг аль ч төр, засгаас огт хамааралгүй болгоно. Ерөөс төрийн зохицуулалттай “зэрэмдэг” Чөлөөт зах зээл гэж байх ёсгүй. Төрөөс ямар нэгэн зохицуулалт хийж буй зах зээл бол капитализм бус зүгээр л социализм. Социализм оршин буйн баталгаа нь хүнд суртал, авлига. Иймээс Аж үйлдвэрийн IV хувьсгал дэлхий нийтийн цахим мөнгийг гүйлгээнд оруулан төрөөс хамааралгүй болгож жинхэнэ Чөлөөт зах зээлийг тунхаглана. Ийнхүү жирийн иргэд нийгэмд хэрэгтэй өөрийн дуртай зүйлийг хийж цалин, тэтгэвэр, халамж, орон сууц, боловсрол, эрүүл мэндийнхээ асуудлыг өөрийн эзэмшиж буй хувьцаануудын ашгаар бүрэн шийддэг болно гэсэн үг. Төр, засаг ч нийгмийн хөгжилд саад болж буй татварыг халж иргэдтэйгээ адил хувьцааны ашгаар үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг болно. Өөрөөр хэлбэл, бүх хүн баялаг бүтээгчид болж нийгэм чанартай иргэдтэй болно. Учир нь зэвсгийн бизнес маш олон “улныхан” үйлдвэрлэж, дайнд эд нар л голлон өртдөг. Харин Аж үйлдвэрийн IV хувьсгалын ач тусаар иргэд “бөгс, бэлхүүс, мөр” мэтийг алгасч бүгд шууд “хүзүүнийхэн” болно. Өөрөр хэлбэл “Хиймэл оюун ухаан”-ы ач тусаар улс төрчид “шахагдан” төр, засаг иргэдтэйгээ шууд утгаараа “залгагдана”.

Энэ бүхэн хүн төрөлхтөн “Зэр, зэвсэг минь баяртай!” гэж хэлэхэд тун ч ойртчихоод байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл дэлхий нийтийн нийгмийн тогтолцоонд маш том өөрчлөлт гарна. Иймээс найман жил бололгүй өөрчилсөн Үндсэн хууль маань тун ч удалгүй бүр үндсээрээ өөрчлөгдөнө. Учир нь Аж үйлдвэрийн IV хувьсгалын үр дүнд АҮ-ийн I-III хувьсгалаар бий болж бүрэн “төгөлдөржсөн” зэвсгийн үйлдвэрийн эздийн үеийг халах нийтийн өмчийн ноёрхол тогтож эхлээд байна. Дэлхийн I, II дайн эцэстээ дайнд ялсан, ялагдсан талууд хоёулаа ялагдан шууд колончлол түүх болж үлдсэн. Харин шууд бус колончлол өнөөдөр ч байсаар л байна. Жишээ нь хойд хөршөөс Монгол улсын хөгжлийг боомилж буй элдэв янзын дарамт, шахалтууд. Иймээс дэлхийн III дайны дараашууд колончлолтой адил шууд бус колончлол ч түүх болж үлдэнэ.

Цаг цагаараа, цахилдаг хөхөөрөө байдаггүй буюу “Зэр, зэвсэг баяртай!

Г.АМАРСАНАА

Categories
нийгэм цаг-үе

Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 32-37 хэм хүрч халжээ DNN.mn

Өнгөрсөн долоо хоногт нийт нутгаар халж Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +32…+37 хэм хүрчээ.

Долоо хоногийн хамгийн халуун өдөр буюу зургадугаар сарын 9-нд Баянхонгор аймгийн Шинэжинстэд +36.7 хэм байсныг Цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Харин Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +20…+26 хэм, Дорнод-Дарьгангын тал нутаг, Хэрлэн, Тэрэлж, Онон, Халх голын хөндийгөөр +13…+19 хэм, бусад нутгаар +27…+32 хэм хүрч, халжээ.

Өнөөдөр ихэнх нутгаар 30 хэм давж халах тул наршилтаас сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

зураг
Categories
мэдээ онцлох-нийтлэл

Ш.Ариунжаргал: Нитгэлийг хамахаас илүүтэй махаа буцлангуут шөлийг нь асгах үйлдлийг 2-3 удаа давтаж хэвшвэл эрүүл мэндэд тустай DNN.mn

-Артерийн даралт ихэсдэг, нойр булчирхай, үе мөч, элэг, цөс, бөөр өвддөг хүмүүст хонины мах зохимжгүй-


Хэрх, тулай зэрэг өвчтэй хүмүүст хонины мах зохимжгүй, мөн мах чанахдаа нитгэл буюу хөөстэй шөлийг асгах нь эрүүл мэндэд нэн тустай талаар уламжлалтын анагаах ухааны “Наран М” клиникийн тэргүүлэх зэргийн эмч Ш.Ариунжаргал зөвлөж байна.


-Монгол малын иддэг 80 төрлийн ургамлын 30 гаруй нь хүний биед ашиг тустай гэдгийг судлаачид тогтоосон. Монголчууд мах идэж эдгэж, махаа идэж л хүн болсоор ирсэн ч сүүлийн жилүүдэд махнаас болж өвдөөд байгаагийн шалтгаан юу вэ?

-Монголчууд махыг ингэж их иддэггүй байсан юм. Одоо өдөрт гурван удаа махан хоол иддэг болчихсон. Махыг өвлийн улиралд өдөрт нэгээс хоёр удаа иддэг, зуны улиралд цагаан идээгээр гэдсээ цайлгаад явчихдаг байсан. Энэ уламжлал алдагдсан. Хоёрдугаарт, сүүлийн үеийн махны чанар муудсан. Бэлчээрийн гэхээсээ илүү янз бүрийн тариа, вакцин, антибиотик хэрэглэдэг болчихсон, малд. Антибиотик тарьсны дараа 14 хоногийн дараа, вакцинаас 21-30 хоногийн дараа мах, сүүг нь хүнсэнд хэрэглэх ёстой байтал өнөөдөр малаа тарилаа, маргааш нь нядлаад хүнсэнд явуулчихдаг. Худалдаанд ирсэн малын махнаас янз бүрийн идээ бээр, ээдэрсэн цагаан юм гарлаа гээд байдаг чинь мэргэжлийн хүн, мал эмнэлгийн эмчийн тарих ёстой тариаг малчид өөрсдөө дур мэдэж малдаа тарьдагтай холбоотой. Гэтэл тариаг арьсан дор, арьсан дотор, судас, булчинд хийх, арьсны дор хэдэн мм, см-т хийх вэ гэдэг чинь тус бүрдээ маш нарийн. Мал чинь яг л хүнтэй адилхан шүү дээ. Тийм тариануудыг мэргэжлийн бус хүмүүс хийгээд байгаа учраас малын мах хордоод байгаа юм. Монголчуудын нийтлэг хэрэглэдэг “Ивомек” гэдэг тариа хавдар үүсгэдэг гэдгийг дэлхийн анагаах ухаан баталчихсан шүү дээ. Уг нь вакцин юм билээ. Гэтэл манайхан мал нь өвдвөл “Ивомек”, тарга тэвээрэг нь алдагдвал “Ивомек” тарьдаг. Эм тарианы ийм замбараагүй хэрэглээнээс малын эрүүл мэнд алдагдсан. Малын эрүүл мэнд алдагдсанаас хүний эрүүл мэндэд онцгой, ноцтой аюул учраад байна. Энэ бол бодитой.

-“Хонины мах битгий ид, үхрийн мах л ид” гэх болжээ. Энэ ямар учиртай юм?

-Үхрийн мах тэгш чанартай.

-Тэгш чанар ий?

-Халуун ч биш, хүйтэн ч биш тэгш чанартай гэсэн үг. Хонины мах халуун, хурц чанартай. Тослог ихтэй мах. Хүмүүс анзаарвал хонины мах их иддэг хүмүүсийн шээс илүү үнэртэй байдаг. Та бүхэн ч өөрсдөө ажиглаад үзээрэй. Үхрийн мах тогтмол хэрэглэдэг хүмүүс хонины мах идэж чадахаа больчихдог. Хонины махыг идэж болно. Монголчууд аль болох тарган, нас бие гүйцсэн хонины мах идээд байдаг. Ингэж болохгүй. Аль болох хурга, төлөгний мах ид. Гадныхан хурганы мах сонгож хэрэглээд байдаг нь учиртай. Хонины нас нэмэгдэхийн хэрээр маханд нь холестрин хуримтлагдаад байдаг. Хонины мах хэдий чинээ тарган, хэдий чинээ насжилттай байна, идэхэд амттай ч хүний биед шим болохоосоо өөх тос, холестериний хэмжээг нэмээд байх магадлал өндөртэй.

-Тэгвэл ямар өвчин, зовиуртай хүмүүс хонины махны хэрэглээгээ багасгах буюу идэхгүй байвал зохилтой вэ?

-Хонины мах хүүхдүүдэд зүгээр. Хүүхдүүд бадганы, өсч яваа организм учир идсэн ууснаа маш сайн шингээж чаддаг. Хүүхдийн хоол боловсруулах эрхтэн систем хэвийн ажиллаж байгаа, нөгөөтэйгүүр энзимийн хувьд хоол боловсруулдаг ферментийг сайн ялгаруулдаг. Хонины махыг хөгшин хүн, хүүхдийн хоол гэдэг ч сүүлийн үед хөгшчүүл хонины мах идэхэд зохимжгүй болоод байна.

-Яагаад?

-Артерийн даралт ихэсдэг, нойр булчирхай, элэг, цөс, бөөр өвддөг хүмүүст хонины мах зохимжгүй. Зөвхөн тулай ч биш, хэрх, хэрхлэг гээд үе мөчний өвчин гэхэд 300 гаруй янз байдаг юм. Ихэнхэд нь хонины мах 100 хувь тохирохгүй. Яагаад вэ гэхээр хонины мах бөөр, элгээр шимэгддэг. Хүмүүс ходоодонд хоол боловсордог гэдэг ч эцсийн эцэст хоолыг шингээдэг гол эрхтэн чинь бөөр, элэг. Хонины мах бөөр, элгэнд илүү их ачаалал өгөөд байдаг юм болов уу даа гэж олон жилийн туршлагаасаа анзаарч байна. Үлдэгдэл азот ихтэй мах байхгүй юу. Тиймээс идэр насныхан, үе мөчний өвчтэй хүмүүс, элэг, бөөрний үрэвсэлтэй, нойр булчирхайн өвчтэй хүмүүст хонины мах зохимжгүй.

-Ямар хүмүүст хонины мах тустай вэ?

-Халуун, хурц, хүнд, тослог шинж чанартай мах тул цус багатай, даралт багатай, хөл гар нь хөрдөг хүмүүст зохино. Хүүхдүүдэд зохино. Жаахан хүүхдүүдэд хонины махаар хоол хийгээд өгчихөд зүгээр.

-Мах чанахад гардаг нитгэлийг сайн, муу гэж талцдаг боллоо. Нитгэлийг авч хаях ёстой, мах чанаж буй эхний 1-2 шөлийг шууд асга ч гэх юм?

-Хонины мах пурин гэж уургийн агууламж өндөртэй. Тэр уураг нь ялангуяа нитгэлд их байдаг. Пурин элгэнд задарч чадахаа болихоороо юм уу эсвэл бөөрөөр шээс болж ялгарч чадахгүй болохоор шээсний хүчил ихсээд тулайтаад байдаг. Тулай өвчин сэдрээд байдаг. Тийм учраас үхэр, хонь, тахиа ч бай ямар ч мал, амьтны махыг чанаж буй шөлний нитгэлийг хамж аваад, эхний шөлийг нь асгачихад зүгээр. Гадны гоё гоё хоол хийдэг газрууд шөлөө 2-3 удаа зайлж, буцалгаж байж хоолоо хийдэг. Манайхан их сайндаа л нитгэлийг нь хамаад байдаг. Хүнд өвчтэй хүмүүс эхлээд хоол хийх махаа сайн угаах ёстой, дараа нь шөлөө буцлангуут нь асга. Энэ үйлдлээ 2-3 удаа давтана гэсэн үг. Ингэж хэвшвэл эрүүл мэндэд тустай.

Д.САРУУЛ