Categories
мэдээ нийгэм цаг-үе

Баян-Өлгий аймагт хийлдэг тоглоом хийссэний улмаас 12 хүүхэд гэмтжээ DNN.mn

2023 оны тавдугаар сарын 27-ний өдрийн 15:00 цагт Баян-өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт төв талбайд хийлдэг гулгуур салхинд хийсч, тоглож байсан 15 хүүхдээс 12 хүүхэд гэмтэж, гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Дээрх гэмтлийн улмаас хоёр хүүхэд хүнд ухаангүй сэхээний тасагт байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ҮЙЛ ЯВДАЛ: ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЮУ БОЛОХ ВЭ DNN.mn

Манай сонин “Энэ долоо хоногт юу болох вэ” буланг шинээр нээсэн билээ. Энэ долоо хоногт зохион байгуулагдах улс төр, эдийн засаг, боловсрол, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг, спорт, урлагийн тоглолтуудын талаар тоймлон хүргэе.


Улс төр

• Өнөөдөр төсвийн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

• УИХ дахь МАН болон АН-ын бүлгүүд маргааш хуралдана.

• Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг маргааш хуралдана. Энэ үеэр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

• УИХ-ын нэгдсэн чуулган маргааш хуралдана. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулна.

• Лхагва гаригт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлэг, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.

• Лхагва гаригт Чуулганы нэгдсэн хуралдаан болно. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэнэ.

Эдийн засаг

• Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороо хуралдана. Энэ удаагийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг өрнүүлэх юм байна.

Шүүх хурал

• Хөгжлийн банкны шүүх хурал өнөөдөр 31 дэх өдрөө үргэлжилнэ. Шүүх хурлаар 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг хэлэлцэж байгаа юм.

Эрдэм шинжилгээний хурал, хэвлэлийн бага хурал, хэлэлцүүлэг

• “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр 11:00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрны 104 тоот танхимд болно. Хэвлэлийн бага хурлаар “Хөгжлийн банк”-ны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааны явцын талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Г.Болормаа танилцуулна. “Нүүрс”-ний гэх тодотголтой эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, авлигын хэргүүд шүүхэд шилжиж ирсэн эсэх талаар Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа мэдээлнэ. Хэвлэлийн бага хуралд нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн олон нийттэй харилцах мэргэжилтнүүд оролцох аж.

• Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэл болон өргөн баригдаад буй сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдсан зохицуулалтын талаар иргэний нийгэм, сэтгүүлчид, залуучуудын ойлголтыг нэгтгэж, эмэгтэйчүүд болон нийгмийн бусад бүлгийн төлөөллийг нэмэгдүүлэхэд ач холбогдол бүхий зохицуулалтыг сайжруулах санал зөвлөмж, нөлөөллийн акц төлөвлөх “Улс төрийн намын шинэчлэлийг урагшлуулахад иргэдийн оролцоо” цуврал хэлэлцүүлгийг Бодлогод залуусын хяналт ТББ Хууль зүйн үндэсний хүрээлэнд тавдугаар сарын 31-нд 14:30-18:00 цагийн хооронд зохион байгуулна.

• Дэлхийн Хүрээлэн буй орчны өдрийг тохиолдуулан “Хүрээлэн буй орчны инженерчлэл” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн VI бага хурлыг МУИС-ийн Номын сангийн 502 тоот Хурлын танхимд зургадугаар сарын 2-нд зохион байгуулна. Хуралд их дээд сургуулиудад хүрээлэн буй орчны инженерчлэл, хими, химийн инженерчлэл, механик инженерчлэл, уул уурхайн инженерчлэл, материалын технологи, цаг уур, ус судлал, хүрээлэн буй орчин судлал, ойн аж ахуй, үйлдвэрийн экологи зэрэг хүрээлэн буй орчинтой холбоотой инженер технологи, шинжлэх ухааны чиглэлүүдээр бакалаврын түвшинд суралцаж буй оюутнууд оролцох аж.

Уран бүтээлийн үзэсгэлэн

• Уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Бат-Оргилын M’∫ бие даасан үзэсгэлэн Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд тавдугаар сарын 29-нөөс зургадугаар сарын 6-ны өдөр хүртэл дэлгэгдэнэ.

• “ART week 2023 Ulaanbaatar” орчин үеийн дүрслэх урлагийн “Art fair 2023” үзэсгэлэн тавдугаар сарын 29-31-нд 10:00-20:00 цаг хүртэл Хан-Уул дүүргийн Номин Юнайтед барилгын урд, ХХААХҮЯ-ны Судалгаа шинжилгээний төвийн зааланд зохион байгуулагдана.

• Монголын уран зургийн галерей болон Индиана их сургуулийн Херрон Урлаг Дизайны сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын уран бүтээлч Стефан Петранекийн “Цаг хугацаа, орон зайгаар Антропосиний эрин үед холбогдох нь” уран бүтээлийн үзэсгэлэн куратор, урлаг судлаач Ц.Уранчимэгийн дэглэлтээр өнөөдрөөс зургадугаар сарын 11-ний өдөр хүртэл Монголын уран зургийн галерейд дэлгэгдэж байгаа аж.

• “Улаанбаатар” Олон улсын медиа урлагийн наадмын Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей дэх үзэсгэлэнг өнөөдөр толилуулна.

• “Улаан гэр” галерейд “Улаанбаатар” Олон улсын медиа урлагийн наадмын үзэсгэлэн өнөөдрөөс зургадугаар сарын 2-ныг дуустал толилуулагдана.

• Уран бүтээлч Д.Ариунболдын “АНИРГҮЙ” контемпорари барималын бие даасан үзэсгэлэн зургадугаар сарын 10-ны өдрийг дуустал Монголын урчуудын эвлэлийн Б урлангийн дэргэдэх Бий контемпорари арт галерейд 11:00-18:00 цагт дэлгэгдэнэ.

• Монголын Урчуудын эвлэлийн гишүүн, зураач Н.Гүнчинсүрэнгийн “Европын тэмдэглэл-2” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн өнөөдрөөс зургадугаар сарын 6-ны өдөр хүртэл Монгол Арт галерейд дэлгэгдэнэ.

Жүжиг

• Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг Улсын Драмын эрдмийн театрт тавдугаар сарын 30-аас зургадугаар сарын 2-нд 19:00, 3, 4-нд 18:00 цагаас тус тус тоглогдоно.

• “Дэлхийн мод” синтез мюзикл Бөмбөрцөг театрт тавдугаар сарын 29-31-нд 19:00, зургадугаар сарын 1-нд 11:00, 15:00, 19:00, 2-нд 19:00, 3, 4-нд 11:00, 15:00, 19:00, 5, 6, 7, 8, 9-нд 19:00, 10, 11-нд 11:00, 15:00, 19:00 цагт тус тус тоглогдоно.

• “Bee” театраас Эх үрсийн баярыг тохиолдуулан “Шидэт алчуур” адал явдалт хүүхдийн жүжгийг “Bee” театрт маргааш 12:00, 15:00, тавдугаар сарын 31-нд 12:00, 15:00, зургадугаар сарын 1-нд 12:00, 15:00 цагт тус тус тоглоно.

• “A film”-ээс Эх үрсийн баярыг тохиолдуулан “Шидэт чулууны эрэлд” адал явдалт хүүхдийн жүжгийг МҮЭСТО-нд маргааш 14:00, 16:00, тавдугаар сарын 31-нд 14:00, 16:00, зургадугаар сарын 1-нд 11:00, 15:00, 17:00 цагт тус тус зохион байгуулна.

• “Favway” уран бүтээлийн нэгдэл “Mada­gascar Шидэт орны нууцаар” хүүхдийн жүжгийг Ulaanbaatar Palace-т тавдугаар сарын 31-нд 11:00, 14:00, зургадугаар сарын 1-нд 11:00, 16:00 цагт тус тус тоглоно.

• Эх үрсийн баярт зориулсан “Булцгар” хүүхдийн жүжиг White Rock Center-т зургадугаар сарын 1-нд 10:00, 12:00, 15:00, 17:00, 19:00 цагт тус тус тоглогдоно.

• “Gremix тоглоомын төвд алдагдсан нь” хүүхдийн жүжигчилсэн тоглолт Crocus event hall-д зургадугаар сарын 1-нд 11:00, 14:00, 17:00 цагт зохион байгуулагдана.

• “Pro” театрын ээлжит уран бүтээл болох Английн хүүхдийн зохиолч Дональд Биссет-ийн “Мартагдсан төрсөн өдөр” үлгэрээс сэдэвлэсэн “The magic box” хүүхдийн жүжиг зургадугаар сарын 1-нд 14:00, 16:00, зургадугаар сарын 2-нд 12:00 цагт РЦНК бага танхимд тоглогдоно.

• “Үзэсгэлэнгоо ба Жонон” хүүхдийн жүжиг Zaisan hill event hall-д зургадугаар сарын 1-нд 11:00, 13:00, 15:00, 3, 4-нд 15:00 цагт тус тус тоглогдоно.

• “Lanz sound” студи “Ноён талхны үсчний газар” хүүхэлдэйн киног албан ёсны эрхтэйгээр “Ноён талхны үсчний газар” хүүхдийн жүжиг болгон UG palace Event Hall-д зургадугаар сарын 1, 2-нд 12:00, 14:00, 16:00 цагуудад тус тус тоглоно.

• “Орфей” театрын “Шөнө дундын бүжиг” драмын жүжиг Улаанбаатар зочид буудлын их танхимд зургадугаар сарын 2-11-нд 20:00 цагт тоглогдоно.

• “Dream day” театр Английн зохиолч Льюис Кэрроллын “Алиса гайхамшгийн оронд” бүтээлээс сэдэвлэн адал явдалт “Алиса” хүүхдийн жүжгийг Монголын хүүхдийн ордонд тавдугаар сарын 31-нд 11:00, 13:00, 15:00, зургадугаар сарын 1, 2, 3, 4-нд 11:00, 13:00, 15:00 цагт тус тус тоглоно.

Балет

• Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын түүхт 60 жилийн ойд зориулан “Хурмастын дагина” үндэсний сонгодог балетыг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт зургадугаар сарын 3, 4-нд 17:00 цагт тоглоно.

Дуурь

• Л.Мөрдоржийн “Хөхөө намжил” дуурь Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт зургадугаар сарын 10, 11-нд 17:00 цагт тоглогдоно.

Тоглолт

• “Nomadic Legend” ардын урлаг, өв соёлын тоглолт “Ган зам палас”-т тавдугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд 18:00 цагт тус тус тоглогдоно.

• Монгол Улсын урлагийн гавьяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяагийн “Saraa live concert” тоглолт маргааш 19:00 цагт Ханбогд сумын соёлын төвд, тавдугаар сарын 31, зургадугаар сарын 1-нд 19:00 цагт тус тус зохион байгуулагдана.

• “Hun Totem” үндэсний урлагийн тоглолт “Хүн театр”-т зургадугаар сарын 1-11-нд 15:00 цагт тус тус тоглогдоно.

• Эх үрсийн баярын өдөрт зориулсан нийтийн дуучдын нэгдсэн “Ээж танаа” тоглолт зургадугаар сарын 1-нд МҮЭСТО-нд 19:00 цагт болно.

• Эх үрсийн баярт зориулсан МУСТА Т.Дэлгэрмөрөнгийн “Ээждээ дуулах дуу” хүндэтгэлийн тоглолт Төмөр замын чуулга “Ган зам палас”т зургадугаар сарын 1, 2-нд 15:00, 20:00 цагуудад тус тус тоглогдоно.

• “Зуны зугаа” шоу тоглолт хоёр дахь жилдээ зургадугаар сарын 3-нд 19:00-2:00 цагийн хооронд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

• Эх үрсийн баярт зориулагдсан “Одонгоо зүү, ээж ээ” баярын тоглолт Ulaanbaatar Palace-т зургадугаар сарын 1-нд 19:00 цагт зохион байгуулагдана.

• Монгол Улсын ардын жүжигчин Б.Батсүхийн “Ээжтэй орчлондоо хаан заяатай амьдраарай” тоглолт Ulaanbaatar Palace-т зургадугаар сарын 2-нд 19:00 цагт “Z’Terra Zaisan Hill Complex”-т болно.

• Монгол хөөмий болон дэлхийн ба Монголын сонгодог бүтээлийн дээжээс хамтарсан бүтээлүүдийн “Nomad classic” тоглолт зургадугаар сарын 4-нд 19:00 цагт болно.

• “Хурд” хамтлагийн түүхт 30 жилийн ойн тоглолт зургадугаар сарын 10-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд 15:00 цагт болно.

Спорт

• Монгол бөхийн өргөөнд зургадугаар сарын 3, 4-ний өдрүүдэд бөхийн дэвжээд хоорондын барилдааны шийдвэрлэх тойргийн барилдаанууд явагдана.

• “GAN” спорт зааланд сагсан бөмбөгийн зуны лигийн тоглолтууд энэ долоо хоногийн өдөр бүр зохион байгуулагдана.

• Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд дээд лигийн тоглолтууд бямба, ням гаригуудад болно.

Нийгэм

• Экстрим, энтертайнмэнт, экспо гурвыг хослуулах “POWER EXPO & FEST” наадам зургадугаар сарын 1-4-нд 9:00 цагт Улаанбаатар хотын хамгийн том асфальтан талбайтай Авто худалдааны цогцолбор төвд зохион байгуулагдана.

• “Лантуун дохио ТББ”-аас хүүхдэд чихэр биш дурсамж бүтээх, үзэл санаа, урлагийн мэдрэмж олгох зорилготой “Чихрээс үнэтэй дурсамж” арга хэмжээг дөрөв дэх жилдээ “Ид шидийн орон-1” болон 2 төвд зургадугаар сарын 1-ны өдөр 12:00-18:30 цагт зохион байгуулна.

• Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг олон улсын гүйлт буюу Улаанбаатар Марафон ба авто машингүй өдөр зургадугаар сарын 3-ны 9:00 цагт зохион байгуулагдана.

• Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн болох ICT EXPO-2023 “Mind­golia” уриан дор зургадугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд 15:00-17:00 цагт 16 дахь жилдээ зохион байгуулагдана.

Ц.УЯНГА

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сонгуулийн сурталчилгааг гадаадын хэвлэл мэдээллээр явуулахыг хориглох хэрэгтэй DNN.mn

Ирэх сонгуулийн чимээ хэдийнэ хаалга тогшиж, том жижиг намууд, бие даагч, горилогчид энд тэндгүй ил, далд пи-араа эхлүүлжээ. Сонгуулийн хамгийн чухал хэсэг бол сурталчилгаа байдаг. Сурталчилгааг хэрхэн хийхээс л тухайн нам, эвсэл, нэр дэвшигчдийн хувь заяа шийдэгддэг. Нэг ёсондоо сонгуульд хэн ялахыг сурталчилгаа л шийднэ. Монгол Улсын өнгөрсөн 30 жилийн сонгуулийн үр дүнг харахад хэн илүү, давж сурталчилгаа хийсэн нь ялалт байгуулж ирснийг бэлхэнээ харчихаж болно.

Ерөөс сонгуулийн сурталчилгаа гэдэг тухайн улсынхаа хувь заяаг шийддэг том хүчин зүйл болчихсон. Гол нь сурталчилгаа ямар байх вэ, хэр эрүүл байна вэ, хуулиа яаж мөрдөж байна, бодлогоо барьж байна уу, эцсийн зорилго болох улс орон, ард түмний хөгжлийн төлөө байж чаддаг уу гэдэг л асуудал.

Үнэндээ монгол төрийн сонгуулийн хувь заяаг сошиал сүлжээ шийдсээр ирлээ. Монголчууд ямар намаар, ямар хүнээр удирдуулахыг сошиалчид л мэддэг болсон байна. Сүүлийн хэд хэдэн сонгууль ч үүнийг батална.

Сошиал гэдэгт твиттер, фэйсбүүк гэсэн хоёр төрлийн платформыг нэрлэж болно. Энэ нь АНУ-д төвтэй, хувийн компанийн мэдлийн сүлжээ. Энэ сүлжээнд хэн олон тролл ажиллуулна, тэр зорилгоо биелүүлнэ, сонгуульд ялна. Тиймээс нам, эвслүүд, нэр дэвшигчид, горилогчид сонгуулийн мөрийн хөтөлбөр, үр дүн гэхээс урьтаж өөрийг нь хамгаалдаг, өрсөлдөгчдийг нь намнадаг сошиал багийг бүрдүүлж, сонгуулиас сонгуулийн хооронд тэднийгээ амьд байлгах гэж улайрдаг болчихсон нь нууц биш.

Гадны улсын энэ сошиал платформ монголчууд бидэнд захирагддаггүй юм. Азийн нэгэн жижиг улсын ард түмний хувь заяа хаашаа эргэх нь тэдэнд огт падлийгүй. Сонгуульд нь хэн ялах, тэр нь сайн, муу хэн байх нь ер хамаагүй. Зөвхөн мөнгө төлсөн хэнд ч хамаагүй үйлчилдэг ашгийн төлөөх л сүлжээ. Тийм ч учраас твиттер, фэйсбүүкт хэн их мөнгө хаяж захиалга өгсөн нь монгол төрийн сонгуульд ялалт байгуулж, монголчуудын хувь заяаг шийдэх эрхтэй болдог. Ийм жишиг манай улсад тогтоод хэд, хэдэн сонгуулийг ардаа үдэж байна.

“Мета” компани энэ оны хоёрдугаар сард нийгмийн асуудал, сонгууль, улс төртэй холбоотой зар сурталчилгааныхаа тайланг ил болгоход Монгол Улсаас өнгөрсөн жилд хамгийн их мөнгө төлсөн улстөрч 28 мянган ам.доллар төлсөн байлаа. Бусад нь түүнээс доош хэр чадлаараа л доллар төлцгөөсөн байв. Энэ мөнгөний дүн нь сонгуульгүй жилийн дүн л гээд бодчих. Харин бот, тролл хаягууд ажиллуулж сурталчилгаагаа хийдэг армитай болчихсон нэр дэвшигчдийн сошиал сурталчилгаандаа зарцуулсан хөрөнгө нь аварга том тоо харагддаг. Ингэж ажиллахаа намчид, сонгуулийн тролл багууд маш сайн мэддэг. Нэг ёсондоо тэд монголчуудыг сошиалаар удирддаг арга барил, тактиктай болчихсон гэсэн үг.

Монгол Улсад 2.4 сая цахим хаяг байдаг тухай статистик судалгааг Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээлсэн. Үүнээс нэг сая хаяг нь хуурамч гэсэн. Тэд бол нэг ёсондоо бидний хэлж заншсан эзэн биегүй бот, троллууд. Бүр нарийн задалж харвал 400.000 сошиал хаяг хилийн чанадад, гадаадын улс оронд байрлалтай байдаг талаар мэдээллийн технологийн нэлээд өндөр мэдээлэлтэй хүмүүс ярьдаг. Энэ бол маш ноцтой явдал юм. Нийгмээрээ, улсаараа сошиалд донтчихсон, нэг сенсаци гарахад л даган хуйлардаг, гол агуулгаа умартдаг, хуурамч мэдээлэлд гүнээ итгэдэг гэнэн монголчуудын хувь заяаг хэрхэн, хаашаа чиглүүлэх зохиол харь улсын ашгийн төлөөх сүлжээнд аль эрт бичигдчихсэн, тэр зохиолынх нь дагуу явж байдаг болж таарч байгаа юм.

Ерөөсөө сонгуулиас сонгуулийн хооронд ажиллаад гаршчихсан, зорилгоо гүйцэлдүүлээд сурчихсан тролл армийнханд монголчууд нунж дорой, ядуу хоосон, чухал, чухал бишийг ялгаж чаддаггүй, юунд ч хамаагүй ханардаг байх нь ашигтай. Ийм байлгахыг ч хүсдэг. Тийм ч учраас сонгуулийн сурталчилгааг сошиалаар явуулж, монголчуудын саналыг шууд удирддаг болсон. Энэ явдал манайд байтугай ардчилал, эрх чөлөөний орон гэгддэг АНУ-ын сонгуулиар ч хөндөгддөг. АНУ-ын Ерөнхийлөгчийн 2016 оны сонгуульд ОХУ нөлөөлсөн талаарх дуулиан дэлхий дахинаа дэгдэж байсныг уншигчид санаж буй.

“Мета”-д захиалга өгнө гэдэг мөнгө өгч байгаа гэсэн үг. Хэн тэдэнд мөнгө төлнө, тэр хүн сошиал платформ дээр ноёлно. Бот, тролл хаягууд нь, багууд нь ажиллана. Өрсөлдөгч нам эвсэл, нэр дэвшигчдийг харлуулна, цахим хаягуудыг нь хакердаж өөрийн болгоно. Өөрийн хүмүүсийнхээ талаар бүхий л муу муухай мэдээлэл, сэтгэгдэл, постыг устгана. Ерөөсөө сошиалаар дамжуулж Монголын нийгмийг удирдана. Улстөрчид энэ хар технологит ихээхэн гаршсаныг сүүлийн хэдэн сонгууль харуулж байгаа. Сошиалаар сонгуулиа явуулж ирсний гор, үр дагавар өнөөдрийн манай нийгмийн өнгө төрх. Фэйсбүүк, твиттерийн эзэн биегүй бот хаягуудын худал хуурамч мэдээлэлд итгэж, ханарч хуйларч, буруу хүмүүсийг сонгосны хариуд улсаа тоносон хулгайчдаар төр дүүрлээ. Цаашлаад бидний тусгаар тогтнол Үндэсний аюулгүй байдалд ч халтай байж мэдэхээр болж эхэлж байна. Цахимаар давлагаалсаар байгаад аль нэг улсад дагаар орох шийдэлд хүрэхийг ч үгүйсгэх аргагүй байдалд хүрч мэдэх нь.

Энэ бүхэн сошиал сүлжээний хуурамч мэдээлэлд итгэж, түүнийг хэт дураар нь тавьсны, мөн хэрсүү байгаагүй бидний л буруу. Тиймээс бид хязгаарлах юмандаа хязгаарлаж чаддаг өөрийн толгойтой хүмүүс шүү гэдгээ харуулмаар байгаа юм. Ямар тэр чигт нь хааж байгаа биш зөвхөн сонгуулийн сурталчилгааны 14 хоногт л цахим хязгаарлалт чухал байна.

Тиймээс Сонгуулийн хуульд гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр буюу твиттер фэйсбүүк, инстаграм зэрэг цахим платформоор сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглох заалт оруулъя. Сонгуулийн сурталчилгаа, нэр дэвшигчтэй холбоотой мэдээ, мэдээллийг дээрх платформоор явуулахыг хориглосон, явуулсан тохиолдолд тухайн хаягийг нь шууд хааж өндөр торгууль тавих, өрсөлдөгчөө харлуулсан байвал нэр дэвшигчийн эрхийг нь хязгаарлах, сэтгэгдэл оруулахыг сурталчилгаа эхлэхээр нийтэд нь хаах зэрэг зохицуулалтыг хуульд оруулах хэрэгтэй.

Ирэх сонгуулиас эхлээд улс төрийн нам, эвслүүд, нэр дэвшигчид сурталчилгаа, мэдээ мэдээллээ зөвхөн телевиз радио, сонин, мэдээллийн вэб сайтад л тавьдаг зохицуулалтыг Сонгуулийн тухай хуульд шинээр оруулж өгөхийг монголчуудын эрх ашиг шаардаж байна. Бид ядахдаа төрөө байгуулахдаа гадны хэвлэл мэдээллээр заалгаж тэдний хүссэн төр засгийг нь байгуулж өгмөөргүй байна.


Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Мөнхбат: Засгийн газар нь хувийн өмч рүү халдаад байх юм бол Монгол Улсад хөрөнгө оруулалт орж ирэхгүй DNN.mn

“MN partners” хуулийн фирмийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ц.Мөнхбаттай ярилцлаа.


-МАН Засгийн эрх барьснаас хойш төрийн өмчит компани болон хувийн хэвшил дээр Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч томилдог болоод удаж байна. Хууль зүйн талаасаа энэ нь хэр зөв шийдэл вэ. Эдийн засагчид бол нэлээн хохирол дагуулж байгаа гэж үздэг?

-Засгийн газраас Бүрэн эрхт төлөөлөгч томилж байгаа асуудал нь нэгдүгээрт, ямар хуулийн зохицуулалтаар явж байгаа вэ гэдгийг ярих ёстой. Бүрэн эрхт төлөөлөгч томилдог Засгийн газарт эрх олгох тухай хууль нь 1991 онд батлагдсан. Тухайн үеийн нөхцөл байдал ямар байсан бэ гэхээр 1990-1992 он бол шилжилтийн үе. Өөрөөр хэлбэл, ардчилсан Үндсэн хууль батлагдахын өмнө буюу 1990-1992 онд Монгол Улсад хувийн өмч бий болж байсан. Үйлдвэрүүдийг тодорхой хэмжээнд хувьчилж байсан гэсэн үг. Тухайн үед төр зохицуулалтын механизмгүй байсан учраас улсын өмчит үйлдвэрийн газруудад Засгийн газраас Бүрэн эрхт төлөөлөгч томилох замаар хувьчлалаас урьтаж хулгай зэлгий гарахаас сэргийлэх зорилгоор түр хугацаагаар дээрх хуулийг баталсан байдаг.

Харин ардчилсан Үндсэн хуулиар хууль шүүхийн өмнө бүгд эрх тэгш байна гэж заасан. Хувийн өмчийг хүлээн зөвшөөрсөн. Хувийн өмчид халдахгүй байх, Төр өмчийг онцгой нөхцөлд дайчлах зохицуулалтыг Үндсэн хуулиар баталсан.

Ингэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай гээд 1992 оны нэгдүгээр сарын 16-нд батлагдсан журмын тухай хуулиар “Монгол Улсын Үндсэн хуультай зөрчилдсөн бүх хуулийг хүчингүй болгоод 1992 оны Үндсэн хуульд нийцүүлж батална” гээд эрх зүйн шинэтгэлийг 1996 онд дуусгах шийдвэр гаргасан. Бүх хуулиа шинэчилсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл Бүгд найрамдах Монгол Ард Улсын есөн хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Тэр хүчин төгөлдөр үйлчилж есөн хуулийн нэг нь Засгийн газарт эрх олгох тухай хууль юм. Энэ хуулийн хамгийн ноцтой нэг заалт нь 1-р зүйлд заасан “Бүгд найрамдах Монгол Ард Улсын нийтлэг хуулийг хэрэглэхгүй” гэсэн зохицуулалт байгаа юм.

Энэ зохицуулалт нь ямар сөрөг үр дагавар бий болгож байна вэ гэвэл гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй байх, цаашлаад дотоодын хөрөнгө оруулагч, 1992 оны Үндсэн хуулиар хууль шүүхийн өмнө төр ч, иргэн ч тэгш байдаг энэ зарчмыг алдагдуулсан зохицуулалт нь үйлчилсэн хэвээр байгаа. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульдаа харш дагаж мөрдөх журмын тухай хуулиа хүчингүй болгоно гээд хуулиараа баталчихсан хуулийг өнөөдрийг хүртэл 30 жил хүчингүй болгоогүй. Уг нь хавсралт хуулиар хүчингүй болгосон хууль шүү дээ.

УИХ, Засгийн газар энэ хуулийг хувийн өмч рүү халдах тохиолдолд хэрэглээд байгаа нь туйлын харамсалтай. Гэтэл 1992 оны Үндсэн хуулиар Монгол Улсын ард түмний олж авсан хамгийн том ололт бол хууль шүүхийн өмнө бүгдээрээ эрх тэгш байх, хувийн өмч рүү хэн ч халддаггүй, хувийн өмчийг хуулиар хамгаалах тухай тусгаж өгсөн. Харамсалтай нь, Үндсэн хуулиар хориглосон зохицуулалтаар, олон улсын гэрээ конвенцио зөрчин удаа дараа хувийн өмч рүү халдаж, хөрөнгийг нь дайчлан авч байгаа нь Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, Үндсэн хуулиа зөрчиж байгаагийн зэрэгцээ Монгол Улсын төр олон улсын гэрээ конвенциор хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй байгаа хэрэг юм.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт Монгол Улсад орж ирэхгүй, унаад байгаагийн шалтгаан нь хуулийн засаглал тогтоогүй байна л гэсэн үг. Яагаад гэвэл хөрөнгө оруулагч хохирлоо гэхэд хөндөгдсөн эрхээ сэргээлгэх хуулийн засаглал нь тодорхой байх ёстой. Гэтэл энэхүү зохицуулалт нь тодорхой биш байгаагийн илрэл болов уу. Ялангуяа эдийн засгийн эрх чөлөөний индексээр өнөөдөр дэлхийд Сингапур, Скандиновын орнууд, Балтийн улс орнууд, Латви, Литва тэргүүлж байна. Энэ улс орнуудын эдийн засгийн эрх чөлөөг юугаар хэмждэг вэ гэвэл нэг дэх үзүүлэлт нь хуулийн засаглал юм. Сайн хуулийн засаглалтай, хөрөнгө оруулалтын орчныг дэмждэг байхаас гадна хөрөнгө оруулагч хохирох юм бол хохирлоо шүүх дээр нөхөн төлүүлдэг шийдвэр гаргуулдаг боломжтой тогтолцоог бүрдүүлсэн байх юм бол эдийн засгийн эрх чөлөөтэй оронд тооцно.

Монгол Улс эдийн засгийн эрх чөлөөтэй оронд ордоггүй. Эдийн засгийн индексээр Монгол Улс хагас эрх чөлөөтэй улс оронд явж байгаа. Эдийн засгийн хагас эрх чөлөөтэйн зэрэгцээ хуулийн засаглал тогтоогүй улс оронд хөрөнгө оруулах нь эрсдэлтэйд тооцогддог. Тийм учраас Засгийн газарт эрх олгох тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлэн яаралтай шинэчилж, төр үүргээ биелүүлэх ёстой.

-Монгол Улс ардчилсан Үндсэн хуулиа батлаад 30 гаруй жил болоход энэхүү Засгийн газарт эрх олгох тухай хуулийг шинэчлэх оролдлого өнөөдрийг хүртэл хийгдээгүй болж таарч байна уу?

-УИХ-ын дарга Г.Занданшатар 2023.04.20-ны өдрийн чуулганы хуралдааны үеэр ”Эрдэнэт” үйлдвэр дээр 2019 онд онцгой дэглэм тогтооход ямар арга хэмжээ авсан бэ гэдгээ протколоор тайлбарласан. Онцгой дэглэм тогтоодог үйл явцыг хувийн өмчид дахин хэрэглэхгүй шүү гэсэн. Гэтэл хувийн өмчид халдчихсан, хэрэглэчихсэн. Хэзээ нэгэн цагт энэ хууль хүчин төгөлдөр бус болно. Тэр цагт эс үйлдэл гаргаж байгаа, өөрийнхөө хийх ёстой ажлыг хийхгүй байгаа чиг үүргийг гүйцэтгэж байгаа хүмүүс дээр хариуцлага тооцож л таарна шүү дээ. Яагаад гэвэл 1992 оны Үндсэн хуулийг баталсны дараа дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлээр “1996 он гэхэд хүчингүй болно шүү” гээд зааж өгсөөр байтал энэ хуулийг хүчин төгөлдөр бусад тооцохгүй байна гэдэг нь харамсалтай үйл явдал.

Үндсэн хуульд зөрчилдсөн хууль хүчингүй болно гэсэн хавсралт хуулиар энэ хуулийг хүчингүй болсонд тооцно. Ардчилсан зарчмыг үндсээ болгосон төр энэ хуулийг хэрэглэхгүй явсаар ирсэн. Гэвч энэ зарчмыг мэдэхгүй, захиргааны сэтгэлгээтэй удирдлага, Засгийн газар энэ хуулийг анхлан хэрэглэсэн, хэрэглэж байна.

-Санаатай өөрчлөхгүй яваад байна уу. Эсвэл эсвэл өөр шалтгаан байгаа юм болов уу?

-Би бол санаатай гэж харахгүй байна. Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч томилж байгаа үйлдлийг 2019 онд хэрэглэсэн. Дахиад 2022 онд хэрэглэсэн нь өөрөө ойлгомжгүй байгаа. Яагаад гэвэл эрх зүйн онолын талаас нь авч үзвэл аливаа хууль дараа нь батлагдсан хуультайгаа хоорондоо зөрчилдөх юм бол дараа нь батлагдсан хуулийг дагаж мөрддөг. Аливаа хуулийн ерөнхий болон нарийвчилсан зохицуулалттай хууль зөрчилдөх юм бол нарийвчилсан зохицуулалттай хуулийг дагаж мөрддөг. Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ конвенци дотоодын хууль тогтоомжтой зөрчилдөх юм бол Олон улсын гэрээ конвенцийг дагаж мөрддөг. Үндсэн хуультай харшилсан хууль байх юм бол Үндсэн хуулиа дагаж мөрддөг ийм эрх зүйт төртэй улс. Гэтэл ийм эрх зүйт төртэй улс орон шинжлэх ухаан мэдлэг боловсролыг үл тоон нийтлэг хуулийг хэрэглэхгүй гэдэг байдлаар явах юм бол бид хүн төрөлхтний түүхэнд гаргаж байгаа ололт амжилтаас ухарч байгаа хэрэг. Эргээд бид 1990, 1960-аад он руугаа орж байна шүү дээ. 1960-аад он руу ямар хэлмэгдүүлэлт явж байсныг мэднэ. Тэрэнтэй адилхан энэ зохицуулалт ядаж Үндсэн хуулийнхаа хуулийн өмнө бүгд эрх тэгш байна гэдэг зарчим ч хангахгүй, ардчилсан ёсны зарчим ч хангахгүй. Хувийн өмчийг хамгаалах Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд байгаа төр нь иргэнийхээ эдийн засаг, хууль зүйн эрх чөлөөний баталгааг нь хангадаг зохицуулалттай нийцээгүй зохицуулалтыг энэ хууль өөрөө агуулаад байгаа. Тийм учраас маш ноцтой үр дагавартай. Нөгөө талаасаа энэ хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай. Хэзээ нэгэн цагт өөрчилнө, хэн өөрчлөх вэ л гэдэг асуудал.

Энэ УИХ хийхгүй бол дараагийн УИХ энэ хуулийг хүчингүй болгож, энэнтэй холбоотой асуудлыг дахин сөхөн гаргаж ирж тавих болов уу л гэж би найдаж байгаа. Жирийн иргэн ч хараад ойлгохоор л хуулийн заалт.

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ хуулийг, мөн бусад найман хуулийг хүчингүй болгох шаардлагатай гэдгийг ойлгож харсан байна лээ. Жирийн иргэн Засгийн газарт эрх олгох тухай хуулийг Үндсэн хууль зөрчиж байна гээд Үндсэн хуулийн цэцэд хандах гэхээр Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулиараа 1992 оноос өмнө батлагдсан хуулийг хянахгүй гэдэг заалттай. Нэр бүхий иргэд Цэцэд гомдол гаргаад 1992 оноос өмнө батлагдсан хуулийг хянахгүй гэдэг заалтыг нь Үндсэн хуулиар УИХ 2020 онд хүчингүй болгосон. УИХ дунд суудлын хуралдааны шийдвэрийг хүлээж аваагүй. Уг нь Цэц их суудлын хуралдаанаа зарлан хуралдуулж, энэ асуудлаа шийдэх ёстой. Гэтэл Цэц хэзээ их суудлын хуралдаанаа хуралдуулах нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа. Тийм учраас хэзээ нэгэн цагт энэ хуулийн заалт хүчингүй болоод жирийн иргэд бид Цэцэд 1992 оны Үндсэн хуулиас өмнө батлагдсан хуулиуд Үндсэн хууль зөрчсөн гэдэг агуулгаар гомдол гаргах боломжоор хангагдах болов уу гэж найдаж байна.

Одоо бол бүхэлдээ эс үйлдэхүй дээр оршиж байна. Бүгд энэ хуулийг хүчин төгөлдөр бусад тооцох ёстой гэдгээ УИХ-ын даргаас эхлээд ойлгож ухамсарлаж байгаа хэрнээ гэхдээ яагаад хийхгүй байна вэ гэдэг нь эс үйлдэл болж таарна.

-УИХ хуулиа Үндсэн хуульдаа нийцүүлж дээрх хуулийг батлаагүйгээс хувийн хэвшлүүд хохирч өмч хөрөнгөө булаалгаж байна. Энэ асуудлаар хувийн хэвшил шүүхэд гомдол гаргавал аль талдаа шийдэгдэх магадлал өндөр вэ?

-Шүүхийг яаж шийдэхийг би таамаглах боломжгүй. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Өмгөөллийн тухай хуулиар ч тэр иймэрхүү байдлаар шийднэ гэдгийг таамаглах боломжгүй. Гэхдээ нэг зүйлийг бодох ёстой. Тэр нь төр гэж юу вэ. Төрийн эрх мэдлийг хуваарилна гэж яг ямар зарчим байдаг юм. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх. Ялангуяа шүүх эрх мэдэл гэж юу юм гэхээр хүмүүсийн хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлдэг. Гэхдээ шүүх батлагдсан хуулийг хэрэглэдэг. Эрх зүйт төр байгаа тохиолдолд хуулийн дээр эрх чөлөө, шударга ёс оршин тогтнодог. Эрх чөлөө тэгш байдал шударга ёсны зарчим хангагдаагүй хууль өөрөө шударга бус хууль. Шударга бус хууль бол хууль биш юм аа гэдэг хэлц үг байдаг. Тийм учраас энэ агуулгаар харахад энэ шүүлтүүрээрээ Үндсэн хуультай нийцээгүй хууль хэрэглэхгүй байх зарчимтай. Хөрөнгөө булаалгасан, хувийн өмчөө дайчлуулсан хүмүүс шүүхэд хандлаа гэхэд шүүх хэрвээ Засгийн газарт эрх олгох тухай хууль нь Үндсэн хууль зөрчсөн юм аа гэхэд саналаа гаргах эрхтэй. Өнгөрсөн хугацаанд энэ асуудлаар саналаа гаргасан эсэхийг мэдэхгүй байна. Хуульч хүнийхээ хувьд би энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан байгаа.

-Хаа байсан БНМАУ-ын хуулиар Бүрэн эрхт төлөөлөгч томилоод явахаар хэмжээгүй эрх мэдлийг Бүрэн эрхт төлөөлөгчид олгож, хувьцаа эзэмшигчидтэй өмч дээр хууль зөрчөөд байна гэдэг асуудлыг олон нийт тавьдаг?

-Тийм ээ, хэмжээгүй эрх бий болж байна уу л гэж харж байгаа. Энийг би хэлээгүй, Г.Занданшатар дарга хэлсэн. Тийм учраас УИХ олж харсан болов уу. Тендерийн хууль, Худалдан авах ажиллагааны тухай хууль болон бусад хууль хэрэглэгдэхгүй байх нөхцөл бүрдчихнэ, нэгдүгээр зүйлд зааснаар. УИХ-д энийг хязгаарлах боломж байгаа. Агуулгаар харахад бусад хууль тогтоомжийг хэрэглэхгүй байгаа тохиолдолд ямар нэг алдаа дутагдал гарахыг үгүйсгэхгүй. Магадлал бол байгаа гэдгийг сая УИХ нь олоод харчихлаа л гэж харж байна.

-Засгийн газрын хувьд Бүрэн эрхт төлөөлөгч томилж байгаагаа жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор гэж зөвтгөдөг. Хэр бодитой зөвтгөл вэ?

-Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор хувийн компани дээр Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилсныг зөвтгөх боломжгүй. Яагаад гэвэл Монгол Улс Компанийн тухай хуультай. Компанийн тухай хуулиар хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалдаг тогтолцоотой. Энэ нь шүүхээрээ явдаг тогтолцоотой. Тэгэхээр хүн хөндөгдсөн эрхээ сэргээн эдлэх шүүх засаглалын асуудал шүү дээ. Үүнд гүйцэтгэх засаглал орох боломжгүй. Нөгөө талаасаа гүйцэтгэх засаглал орох нь ч буруу. Цааш, цаашдаа буруу жишиг тогтчихно. Нөгөө талаасаа Засгийн газар нь хувийн өмч рүү халдаад байх юм бол Монгол Улсад хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Тийм учраас дээрх үйлдэл нь дотоодын хөрөнгө оруулагч болон гадаадын хөрөнгө оруулагч нар зугтаах, айх сэдлийг л өгч байна. Жишээ татъя, уул уурхайн лиценз аваад үйл ажиллагаа явуулж байтал Засгийн газраас Бүрэн эрхт төлөөлөгч томилдог. Ингээд миний хөрөнгө царцдаг. Хөрөнгө оруулалтаа нөхөж чадахгүй нөхцөл байдал үүсэх нь эрсдэл. Тийм учраас би хэрвээ хөрөнгө оруулагч бол энэ улсад хөрөнгө оруулалт хийх юм уу, яг адилхан уул уурхайн эдийн засагтай улс оронд хэрвээ хувийн өмч рүү Засаг ороод ирвэл түүнийг нь хамгаалдаг хуулийн тогтолцоотой, шүүхдээд шударга ёс тогтдог орон хоёрын алинд нь хөрөнгө оруулалт хийх юм бэ гэдэг сонголтыг хийнэ. Рациональ сэтгэлгээгээрээ бодох юм бол хуулийн засаглалтай оронд л хөрөнгө оруулалт хийнэ.

Эдийн засагч талаасаа, хөрөнгийн үр өгөөж, эрсдэлийг харвал хуулийн засаглалтай орон руу л гарч таарна. Хөрөнгө оруулалтын шинжилгээ хийхийн тулд гадаад болон дотоод орчны шинжилгээ хийдэг. Дотоод орчны шинжилгээгээр дотоод нөхцөл байдлыг тодорхойлдог. Гадаад орчны шинжилгээгээр тухайн улс орны тогтвортой байдал, эдийн засгийн үр өгөөж, эдийн засгийн тогтолцоо, тогтвортой байдал, нийгмийн тогтвортой байдал, технологийн хөгжил, технологийн эрсдэлийг харж, хөрөнгө оруулалт хийхэд технологийн ямар боломж байна. Хуулийн ямар тогтолцоо байгаа юм, хуулийн ямар эрсдэл байгаа юм. Тухайн улсын байгаль орчны болон хүн ам зүйн ямар орчин байгаа юм гэдэгт анализ хийж байж, хөрөнгө оруулах эсэхээ шийддэг. Хэрвээ хууль нь тогтворгүй, хуулийн засаглал нь хангалттай бус, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх тогтолцоо нь удаан байх юм бол хөрөнгө оруулахад эрсдэл өндөртэй. Улс төрийн тогтворгүй орчин байх юм бол хөрөнгө оруулах эрсдэл өндөртэй. Яагаад гэвэл хөрөнгө оруулалт гэдэг богино хугацааны асуудал биш. Монголд ялангуяа дарга нартай нь хөрөнгө оруулалт хийе гээд хэлцэл хийтэл солигддог. Дахиад л хэлцэл хийх болдог. Улс төр нь өөрчлөгдөхөөр бодлого өөрчлөгддөг. Бодлого өөрчлөгдөхөөр бодлого тогтворгүй болдог. Энэ агуулгаараа гадаадын шууд хөрөнгө оруулалт хийх эрх зүйн орчин өнөөдөр ч тэр улс төрийн орчин хангалтгүй байгаа.

Хуулийн засаглалаас гадна Засгийн газарт эрх олгох тухай нийтлэг хуулийн хэм хэмжээг хэрэглэхгүй гэдэг заалтууд эрх зүйн орчин бүрдүүлж байгаа. Нөгөө талаараа улс төрийн орчин ч бүрдүүлж байгаа. Энэ бүх зүйл гадаадын хөрөнгө оруулалт татах орчин юм. Бид яаж улс төрийн орчноо тогтворжуулах гээд байгаа юм, бид яаж хууль эрх зүйн орчноо бэхжүүлэх гээд байгаа юм. Наад зах нь шүүх засаглал руугаа хүн бүр харааж үл хүндэтгэж байгаа нөхцөлд хараат бусаар шийдвэр гаргах чадвар хэр байх юм. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалтын орчин гэдэг нь зөвхөн хуулийн орчноос гадна улс төрийн орчин, бүх орчин нөлөөлж байгаа. Ганцхан Гадаадын хөрөнгө ороуулалтын тухай хууль биш, иргэний шүүхээр шийдвэрлүүлж байгаа процессын хуулиуд ч багтана. Гадны хөрөнгө оруулагч нарт эрсдэл үүсгээд байгаа Засгийн газрын эрх олгох тухай хууль байна, Төрийн хянан шалгалтын тухай хууль байна. Энэ бүхэн эрх зүйн нэгдмэл орчныг бүрдүүлж байгаа учраас гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа, би тэгж харж байгаа.

Монголд гадаадын хөрөнгө оруулалт хэзээ хамгийн өндөр байсан бэ гэхээр 2012 онд 400 орчим хувь өссөн. 2016 он гэхэд хасах руу орж, гадаадын хөрөнгө оруулагч нар зугтаагаад гараад явсан. Энэ юуг илтгээд байна вэ гэхээр гадаадын хөрөнгө оруулалтын орчин ухарсан зохицуулалтуудаар явж байна. Монгол Улсад өнөөдөр олон улсын хуулийн фирм байна уу, байхгүй. Яагаад Монголд хөрөнгө оруулагч тогтохгүй гарч яваад байна вэ гэвэл Монголд эрх зүйн орчин буюу үйлчилгээ үзүүлэх орчин байхгүйтэй холбоотой. Ялангуяа буруу жишиг тогтоогоод ирэхээр хөрөнгө оруулагч кейс хардаг. Танай улс орон хувийн өмч рүү дайчлан ордог тохиолдол байна уу, тэрийг шүүх яаж шийдсэн юм бэ гэж асууна. Ингэж шийдсэн юм аа гэвэл хөрөнгө оруулалт орж ирэх үү гэдэг наад захын асуулт. Миний хөрөнгө оруулалтыг хэзээ нэгэн цагт төр нь дайчлаад авах уу, үгүй юу гэдэгт хариултын чадвар байна уу гэдэг чухал асуудал юм. Яг энэ асуудал дээр хувь хуульчийнхаа хувьд гадаадын хөрөнгө оруулагч нарт ээлгүй орчин тогтолцоогоо яаралтай өөрчлөх шаардлагатай л гэж харж байгаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Дашнямтай, улаагчин гахай өдөр DNN.mn

Аргын тооллын тавдугаар сарын 29, Сумъяа гариг. Билгийн тооллын 9, харцага одтой, улаагчин гахай өдөр. Өдрийн наран 5:00 цагт мандан, 20:39 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Дашням өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Хэвлэлийн удирдлага нь сэтгүүлчээ золигт гаргасан асуудал Монголын сэтгүүл зүйд муу жишээ боллоо” гэв DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт МАК ХХК-ийн
Бодлогын зөвлөлийн
дарга Б.Нямтайшир “Улстөрчид
төрийн
өмчид ойр
байгаа учраас
авлига, албан
тушаалын хэрэг
гарч байгаа юм” хэмээн ярьсныг II нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Нийслэлийн
прокурорын газрын
Хэрэг бүртгэх, мөрдөн
байцаах ажиллагаанд
хяналт тавих хоёрдугаар
хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа “Нүүрсний гэх
тодотголтой
таван хэргийг
шүүхэд
шилжүүлэх
саналтай
ирүүлснийг
прокурор
хянаж байна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Хэвлэлийн удирдлага нь сэтгүүлчээ
золигт гаргасан асуудал Монголын
сэтгүүл зүйд муу жишээ боллоо” гэв.

ТОМИЛОЛТ: Шивээхүрэн-Сэхэ боомтын
төмөр замын бүтээн
байгуулалтын ажлыг эхлүүллээ.

Сэтгэлзүйч Б.Өнөбилгүүн “Хардалт
гэдэг нь хэт төсөөлөн бодох
сэтгэл зүйн өвчний нэг хэлбэр” гэлээ.

АИХ-ын депутат Б.Сандуйжав “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажилд
МАН гаршиж, АН ичингүйрч, ХҮН
цайрчихсан байна” хэмээн ярилаа.

Доктор Ариэль Ахэрн “Нийгмийн
нөлөөллийн үнэлгээг нөлөөлөлд өртөж
байгаа хүмүүсийн оролцоотой хийх нь
үр дүнтэй” хэмээснийг ” Энэ тухай” нүүрээс уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар түрүүллээ DNN.mn

Монгол улсын гавьяат тамирчин, улсын өсөх идэр начин А.Баатархүүгийн нэрэмжит Аймаг, цэргийн цолтой болон залуу 240 бөхийн барилдаанд Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Шивээ Овоо” ХК, “Тэс сүмбэр” ХХК, “Алтанбулаг Уул” ХХК, “Чойрын Богд” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Энхтөрийн Мөнхбаатар түрүүлж, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат, “Говийн хүчтэн” дэвжээний бөх, аймгийн заан Болдбаатарын Баянсүх үзүүрлэв.
Дөрөвт Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Дорнын өртөө” ХХК, “ДГА АЗЗА” ХХК, “Ашид Билгүүн” ХХК, “Хутагтын Хүчтэн” дэвжээний бөх, аймгийн арслан М.Бямбадорж, Ховд аймгийн Мөст сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Мөст цэвэрлэг булаг” ХХК, “Ховд” дэвжээний бөх, аймгийн арслан Ц.Төмөрцоож нар шалгарлаа.
Наймд аймгийн арслан Ш.Мөнх-Од, П.Өсөхбаатар, Б.Төмөрбаатар, аймгийн заан Е.Көптилек нар үлдэв.
Өнөөдөр Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 102 жилийн ой, “Оюут Групп” үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаантай.

Categories
мэдээ нийгэм

“Соёлын сэргэлт 2023” аян нийслэлийн дүүргүүдэд хэрэгжиж эхэллээ DNN.mn

Соёлын сэргэлт-2023” аян нийслэлд эхэллээ

Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Соёлын орднууд хамтран “Соёлын сэргэлт 2023” аяныг нийслэлд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд нийслэлийн хамгийн их хүн амтай Баянзүрх дүүрэгтэнэ баямба гарагт тус аян нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн засаг даргын орлогч З.Төмөртөөмөө, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга С.Дэлгэрмаа, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш нар оролцсон юм.

Аяны хүрээнд иргэдэд зориулсан соён гэгээрлийн лекц, илтгэл, соёлын ажилтнуудыг чадавхжуулах сургалт, Улаанбаатар хотын музейн үзэсгэлэн, “Соёмбо” чуулгын тоглолтыг дүүргийн иргэд, олон нийтэд зориулан зохион байгууллаа. Мөн “Good soil” хөгжмийн дэлгүүрийн “basic club” нээлттэй дуулах микрофон ажиллуулж иргэд тус клубын хөгжимчин дуучин залуустай хамтран дуулж чөлөөт цагаа өнгөрүүллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиадын шилдгүүд шагналаа гардав DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монголд зочлох жилийн хүрээнд Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиадыг энэ сарын 22-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж, шилдгүүдэд шагналыг гардууллаа.

Тус олимпиадын нэгдсэн дүн мэдээ өчигдөр гарч, оролцогч орны ахлагч нар санал нэгтэйгээр баталсан юм. Энэ удаагийн олимпиадад 27 багийн 195 сурагч онолын болон туршилтын бодлогоор өрсөлдсөн юм. 23 дахь удаагийн олимпиадын үр дүнгээр
Тусгай байрын болзол хангасан 34 сурагч
Хүрэл медалийн болзол хангасан 23 сурагч
Мөнгөн медалийн болзол хангасан 17 сурагч
Алтан медалийн болзол хангасан 33 сурагч тодорч зохион байгуулагчдаас шагналаа гардав.

Олимпиадын уламжлалын дагуу онолын болон туршилтын бодлогын ялагчийг тодруулдаг. Мөн энэ олимпиадын үнэмлэхгүй аваргыг нэрлэдэг байна.

Онолын бодлогын ялагчаар БНХАУ-ын сурагч Ланг Ченг Чао
Туршилтын бодлогын ялагчаар ОХУ-ын сурагч Игор Потапов
Үнэмлэхүй аваргаар БНХАУ-ын сурагч Ланг Ченг Чао шалгарсан юм.
Азийн Физикийн олимпиадаас Хятад, Оросын багийн бүх сурагч алтан медаль хүртсэн бол хамгийн өндөр буюу 33.5 оноог мөн Хятадын сурагч авсан байна. Зохион байгуулагч орон Монголын багаас 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн хүрэл медаль хүртлээ. Манай улсын тухайд 14 жилийн дараа дахин хүрэл медаль хүртэж байгаа юм.
Олимпиадын хаалтын ажиллагааны үеэр 24 дэх удаагийн олимпиадыг зохион байгуулах орноор Малайз улсыг нэрлэж шилжин явах тугийг хүлээлгэж өглөө.
Categories
мэдээ нийгэм

“Уусан бол бүү жолоод” шөнийн хяналт шалгалтыг 7 хоног бүр зохион байгуулж байна DNN.mn

Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Уусан бол бүү жолоод” шөнийн хяналт шалгалтыг долоо хоног бүр зохион байгуулж байгаа бөгөөд 2023 оны тавдугаар сарын 26-ны шөнө нийслэлийн 4 дүүрэг, 15 аймгийн нутаг дэвсгэрт зохион байгууллаа.

Хоногийн хугацаанд болон хяналт шалгалтын арга хэмжээний хүрээнд:

– Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 305 зөрчил,

– Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 121 зөрчил;

– Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдсан 11 хүн;

– Гэмт хэргийн шинжтэй 12 үйлдлийг илрүүлж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллалаа.

Иймд иргэн та Цагдаагийн байгууллагаас анхааруулж буй зөвлөмж мэдээллийг мөрдөж, тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохдоо:

– “Замын хөдөлгөөний дүрэм”-ийг баримтлах, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх;

– Биеэ авч явах чадваргүй найз нөхдөө харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх;

– Жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнд жолоогоо шилжүүлэх, автомашиныхаа түлхүүрийг өгөхгүй байх;

– Үнэ бүхий зүйлсийг автомашиндаа хадгалах, орхихгүй байхад анхаарна уу!

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА