Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

С.Баттулга: Бид 60 жилийнхээ түүхэнд нэг шинэ алхам, шинэ зүйл хийхийг зорьсон, түүнийхээ захад хүрсэн байх гэж бодож байна DNN.mn

Монгол Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын ерөнхий найруулагч С.Баттулгатай ярилцлаа.


-Ерөнхий найруулагчаар ажиллаад удаагүй байна. Саяхан Ж.Вердийн “Макбет” дуурийг найруулж үзэгчдэд хүргэсэн шүү дээ. “Макбет” дуурийн талаар та ярихгүй юу?

-Нэгдүгээр сард Дуурь бүжгийн эрдмийн театрт ерөнхий найруулагчаар томилогдсоноосоо хойш Ж.Вердийн “Макбет” дуурь дээр ажиллаж, өнгөрсөн сарын 29, 30-ны өдрүүдэд нээлтээ хийлээ. Дуурийн театр маань энэ жил 60 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа. Энэ хүрээнд томоохон дуурийг үзэгч олондоо хүргэе гэж манай хамт олон зориг гарган Ж.Вердийн “Макбет” дуурийг сонгон ажилласан. Театр гэдэг бол хамтын бүтээл байдаг учраас энэ бол манай хамт олны бүтээл. Ямар ч байсан энэхүү дуурийнхаа ард нь гарлаа. Сайн мууг үзэгч олон, сонгодог урлаг сонирхогчид маань шүүх байх. Бид 60 жилийнхээ түүхэнд нэг шинэ алхам, шинэ зүйл хийхийг зорьсон, түүнийхээ захад хүрсэн байх гэж бодож байна даа.

-Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын 60 жилийн ой өнгөрсөн оны намрын нээлтээр эхэлсэн. Энэ жил ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа вэ?

-Тийм ээ. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын 60 жилийн ойтой, гоцлол дууны ангийн 70 жилийн ой давхцаж таарсан. 60 жилийн ойн хүрээнд олон ажлууд хийгдэж байна. Түүнчлэн энэ зургадугаар сарын эхээр “Хурмастын дагина” шинэ балетыг үзэгч түмэн олондоо хүргэнэ. Монгол Улсын ардын жүжигчин А.Энхтайван гуайн хөгжим “Хурмастын дагина” балетыг 60 жилийн ойн хүрээнд үзэгч түмний хүртээл болгохоор ажиллаж байна. 60 жилийн ойдоо зориулан зорьж хийсэн хамгийн том ажил бол “Макбет” дуурь маань байлаа. Дуурийн театрын бүх ажилчид оролцсон, сэтгэл зүрхээ шингээн ажилласан бүтээл болсон. 60 жилийн ой тэмдэглэх хүрээнд энэ намар гадна, дотоодын уран бүтээлчидтэй хамтарсан фестиваль, гала концерт хийхээр ажиллаж байна. Хөгжмийн театр гэдэг юугаараа онцлог гэдгийг харуулахаар хичээж ажиллаж байгаа. Дуулах, хөгжимдөх бол хамгийн эхний даалгавар. Тайзан дээр дуулахаас гадна жүжиг тоглож буй учраас дүр бүтээх ёстой.

Макбет дүрийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, СТА шинэ залуу дуучин Л.Бүүвэйбаатар, нэлээн туршлагатай олон жил театрт дуулсан СТА Э.Бумхүү хоёр залуу уран бүтээлчид бүтээлээ. Өөр өөрийн дүрийн онцлогууд их харагдаж байсан. Миний хувьд их бахархууштай байгаа зүйл нь дуучид маань дуулахын сацуу дүр бүтээх гэж маш их хичээлээ. Энэ нь ч хүмүүст хүрч эхнээсээ “Дүрийн гаргалгаа их сайхан байлаа” гэж хэлж байна. Мэдээж В.Шекспирийн “Макбет” зохиол бол маш их алдартай олон хүнд хүрсэн байдаг бол Ж.Вердийн хөгжим туурвиж дуурийн бүтээл болгосон “Макбет” ямар байдаг вэ гэсэн ялгааг бид харуулахыг зорьсон юм. Ж.Вердийн “Макбет”, В.Шекспирийн “Макбет” хоёр өөр юм гэдгийг хөгжим сонирхогчид маань ойлгосон байх. Хөгжим дээр тулгуурлаж хөгжмийн хэлээр дүрийг хэрхэн тодотгож болдог вэ гэдгийг манай Л.Бүүвэйбаатар, Э.Бумхүү, Монгол Улсын гавьяат жүжигчин Ш.Наранчимэг, Б.Энхнаран гайхалтай харууллаа. Монгол Улсын гавьяат жүжигчин Ш.Наранчимэг, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Энхнаран гэх гайхалтай сопрано хоолойтой хоёр дуучин маань хатагтай Макбетын дүрийг дүр болгож чадсан гэж би харж байгаа. Дуулах бол нэг хэрэг, хөгжим дээр тулгуурлан, суурилж дүр бүтээнэ гэдэг ямар байдгийг харуулсан. Бид дүр бүтээж байна гээд хөгжмөөсөө салаад явчихаж болохгүй. Тэгэхээр хөгжим ямар утга агуулга илэрхийлж буй, ямар интонаци, тональность дуугарч байгаа, яагаад заавал тэнд харматик өнгөнүүд буй, ямар учраас Ж.Верди ингэж бичсэн гэдгийг заавал гаргаж, түүнд тулгуурлаж байж дүрийг гаргана. В.Шекспирийн драмын жүжгийн зохиолын дүрээр үүнд гаргавал хөгжмийн хэл үгүй болно. Тийм учраас хөгжим дээр суурилсан дүр ямар байдаг гэдгийг манай уран бүтээлчид гаргаж чадлаа. Тэр тусмаа гол дүрд дуулсан дөрвөн дуучин үнэхээр сайн гаргасан гэж бодож байна. Тус дуурь дээр ажилласан найруулагчийн зүгээс харахад Макдуф гэх томоохон дүрийг Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Батжаргал гайхалтай гаргалаа гэж харж байгаа. Бидэнд мэдээж алдаа оноо байсан байх, шинэ уран бүтээл учраас байлгүй л яах вэ. Шинэчлэлт хийх гэж хичээж ажиллаж, техник технологийн хувьд өргөн ашиглаж инноваци шингэсэн бүтээл хийх гэж оролдлоо. Энэ маань театрт анхдагч байсан учраас алдаа оноо байсныг үгүйсгэхгүй. Юутай ч бид зорьсон зорилтдоо өндөр хувьтайгаар хүрч чадсан гэж бодож байгаа.

-Та анх урлагийн салбарт хэрхэн орох болсон бэ. Багаасаа урлагт дуртай хүүхэд байв уу?

-Би анх одоогийн Бадмаараг ахлах сургуулийг Соёлын коллеж байх үед дуу хөгжмийн багшийн ангид элсэж орж байсан. Багадаа урлагт маш сонирхолтой, дуу хуурт дуртай хүүхэд байлаа. Соёлын коллежид ороод хөгжмийн боловсролыг анх эзэмшиж байлаа. Үнэхээр сургалт сайтай байсан, одоо ч тийм байх. Тэр үед манай элсэлтэд 80 гаруй хүүхэд орсон ч хагас жилийн дараа 34-үүлхэнээ л үлдсэн. Үүнээс дахин нэг жилийн дараа гэхэд үнэхээр суръя, хийж бүтээе гэсэн 22 хүүхэд үлдсэн. Сургууль маань маш сайн сургалттай байсан, их зүйлийг сурч авсан. СУИС-ийг Монгол Улсын ардын багш, хүндэт профессор О.Ичинхорлоо багшийн удирдлага дор 2008 онд дуурийн дуучин мэргэжлээр төгссөн. Ингээд Дуурь бүжгийн эрдмийн театртаа найрал дуучнаар 10 жил ажиллаж, ОХУ-ын Москвад Театрын урлагийн их сургуульд (ГИТИС) хөгжмийн театрын найруулагчаар суралцаж төгсөж өнгөрсөн жил ирсэн. Өнгөрсөн жил дөрөвдүгээр сарын 30-нд дипломын ажил болгож Р.Леонковалло “Паяцы” дуурийг найруулан нээж байлаа. Яг жилийн ой дээрээ дахин дуурь нээсэн нь их ховор аз завшаан юм. Тухайн үед “Паяцы” дуурийг сонгодог урлаг сонирхдог хүмүүс ирж үзээд их өндөр үнэлгээ өгч явсан. Түүнээс хойш хичээх ёстой юм байна гэж бодож явна даа.

-Та Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулагч гуайн шавь шүү дээ. Багшийнхаа тухай ярихгүй юу?

-Тийм. Анх ОХУ-д найруулагчаар суралцах үүд замыг нээж өгсөн хүн бол Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган дуурийн театрыг их олон жил нуруун дээрээ үүрч явсан гайхалтай агуу багш минь юм. Би багшийнхаа хамгийн отгон сүүлийн шавь нь. Багш минь миний цаашаа хаа хүрэх, юу хийх зэргийг зааж өгч сургасан ачтай буянтай хүн. Багш бид хоёр нэг нутгийнх.

-“Хурмастын дагина” балетаас гадна дэлхийн болон Монголын ямар сонгодог дуурь, балетын тоглолтыг үзэгч олондоо хүргэхээр төлөвлөж байгаа вэ?

-Улсын дуурь бүжгийн эрдмийн театр нь 58 дуурь, 58 балетаар урын сангаа баяжуулж ирсэн түүхтэй. “Макбет” дуурь нь 59 дэх дуурь болж 60 жилийн ойн дээр мэндэлсэн. “Хурмастын дагина” балет 59 дэх балет болж зургадугаар сарын эхээр үзэгч түмэн олны хүртээл болно. Ирэх намар мөн нэгэн балетыг үзэгчдийнхээ хүртээл болгохоор бэлдэн ажиллаж байна. Тухайн үед нь балетын нэр нь зарлагдана. Ер нь цааш цаашдаа Дуурь бүжгийн эрдмийн театр маань дэлхийн алдартай сонгодог дуурь, балетуудыг үзэгч түмнийхээ хүртээл болгоно гэж зорихоос гадна үндэсний дуурь, сонгодог бүтээлүүдээ дэлхийн түвшинд хүргэж хилийн чанадад тоглох зорилт тавин ажиллаж байна. Томоохон бүтээлүүдийг шинээр бүтээж, захиалгаар хийх ажлууд яригдаж байгаа. Дэлхийн тайзан дээр дуучид аль хэдийнэ гарч алдар цуугаа мандуулж буйг бүгд л харж байгаа байх. “Макбет” дуурийг тавихад дуулах дуучин манайд байхгүй, манайд ахадсан зүйл гэж их олон хүн ярьж байсан. Өнөөдөр тэр хүмүүс харж байгаа байх. Манайх ямар ч бүтээлд уран бүтээлч талаасаа бэлэн, бэлэн болсон гэдгийг харууллаа гэж хувь хүнийхээ зүгээс бодож байна. Дэлхийн хэмжээний уран бүтээлчид театрт байдаг. Театр гэдгийг зөвхөн байшин барилга гэж битгий хараарай гэж миний хэлэх дуртай үг байдаг. Театр бол уран бүтээлчид дээр суурилдаг уран бүтээлчийн байгууллага. Тийм учраас уран бүтээлч чанартай байж тухайн театрын чанар хамт яригдаж байдаг. Түүнээс уран бүтээлчгүйгээр зүгээр л эртний түүх дурсгалын үнэт өв болсон барилга л болж үлдэнэ. Тиймээс театр гэдэг нэр бол уран бүтээлч хүмүүс дээр суурилдаг гэдгийг үзэгч олон маань ойлгож аваасай гэж хүсдэг.

-Та Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган гуайгаас гадна өөр ямар алдартай найруулагчидтай хамтран ажиллаж байсан бэ?

-Би Ё.Цэрэндолгор найруулагчийг “Риголетто” дуурийг дахин сэргээж найруулж байх үед нь найрал дуучнаар хамтран ажиллаж байсан. Г.Эрдэнэбаатар найруулагчтай олон жил хамтран ажилласан. ОХУ-д Георгий Исаакян маш алдартай, өнөө цагт дуурийн урлагт од болон гялалзаж буй хүний удирдлага дор таван жил суралцсан. Багш минь өөр нүдээр дуурийн урлагийг харах, өнөө цагт яаж холбох, юу нь зөв юу нь буруу гээд бүх л номын дууг сонсгож, заасан хүн.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Д.Цэрэнтогтох аваргын гэргий О.Отгон: Монгол бөхийн дархан аварга болно гэдгийг нь байтугай бөх гэдгийг нь ч мэдэлгүй цэргийн хүүтэй л анх танилцаж байлаа DNN.mn

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Далай даян даяар дуурсагдах дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтохын гэргий О.Отгонтой ярилцлаа.


-Аварга та хоёр хэдэн онд танилцаж байв. Тэрхүү дурсамжаа хуваалцахгүй юу?

-Манай хүн “Алдар” нийгэмлэгийн цэрэг байлаа. Тэр үед нийгэмлэгээ сурталчлах ажил гэж болдог байсан. Тэр ажлаараа явж байхад нь Өвөрхангайд танилцаж байлаа. Хөгшин маань тэгэхэд хөлөө гэмтээчихээд эмнэлэгт ирж байсан юм. Би Өвөрхангайн эмнэлгийн сувилагч байсан. Тэгээд л танилцаж байлаа даа. Танилцсаныхаа хойтон жил нь өвгөн маань цэргээс халагдаад л, тэгээд бид хоёр нэг гэртээ орж байлаа. хань маань 22-той, би 20-той байжээ. Манай хүн цэрэгтээ улирч “Алдар” нийгэмлэгтээ үлдээд, бид хоёр хотод Таван шард айлын хажуугийн нэг өрөөнд орж байлаа. Ингэж орох оронтой болоход өвгөний маань нутгийн Хасдорж гэж хүн тус дэм болж байсан. Манай хүн эхлээд Зүүнбаянд хуваарилагдсаныг аав нь очиж чөлөөгөөр аваад Хасдорж гэж хүнтэй уулзаад “Алдар” нийгэмлэгт оруулсан юм билээ.

Бид хоёр танилцаж найз болсны тэр зун начин болсон. Би чинь ер нь бөх мэддэггүй мангар амьтан явлаа шүү дээ. Тэр наадамд барилдаж байхад нь аймгийн наадам цуг үзэж байсан өвгөний хоёр найз нь “Хоёр давлаа, гурав давлаа, начин болчихлоо” гээд л надад хэлээд байсан юм. Сүүлд гэртээ ирчихээд улсууд хүлээн авагч чагнаад байхаар нь чагнаж байсан чинь зургаа давж чимэгтэй начин цол авлаа гэж байсан. Одоогийнхоор бол харцага цол юм даа, тийм ээ. Тэгээд 1977 онд заан цол авсныхаа дараа гурван жил төрийн наадамдаа зодоглож чадаагүй юм.

-1978 онд улсын наадамд анх түрүүлсэн. Тэр тухай дурсахгүй юу?

-Манай хүний бөх болох замыг зааж өгсөн хүн нь өөрийн нь ах Галсан гэж хүн бий. Одоо нас сүүдэр 80 шүргэж яваа хүн.

Өвгөн Өвөрхангайн Хайрхандулаан суманд наймдугаар анги төгсөөд Алтанбулагийн техникумд хуваарилагдсан юм билээ. Үүний урьд жил нь өвгөний маань ижийгийн төрсөн ахын хүүхэд яваад нас барчихсан байж таараад тийш нь явуулаагүй. Тэгээд сургуульгүй дэмий байхаар гээд Баянхонгорын техникумд оруулсан юм билээ. Энэ цагаас л бөх болох замнал нь эхэлж ээж нь монгол гутлыг нь өөрөө оёж өгөөд, зодог шуудаг хүнээр хийлгээд ах нь хагас бүтэн сайн өдрөөр аймгийн төвд заалны барилдаан болоход дагуулж очиж барилдуулдаг байсан. Өвгөн өөрөө барилдах тийм ч дуртай биш байсан байх. Харин ах нь өөрөө барилддаг хүн байсан болоод ч тэр үү барилдах авьяастай гэдгийг нь харчихсан байж.

-Баянхонгорын Нямжанцан гэж начингийн тухай аварга их ярьдаг байсан?

-Тэр хүнээс зодог шуудгаа авсан ч бил үү, хийлгэсэн ч гэдэг бил үү, тэгж л ярьдаг юм. Харин монгол гутлыг нь ээж нь хийж өгсөн байдаг. Ээжийнх нь оёсон гутал одоо ч манайд бий. Өвгөнийхөө эдэлж хэрэглэж байсан бүх зүйлийг нь хадгалаад л байдаг юм. Тэр их хөнгөхөн гутал. Өвгөнөөс өөр хүн өмсөж чаддаггүй. Найзууд нь хааяа гуйхаараа “Амаа аваад давхидаг морь шиг гутал, чамд л гоё байх” гэж цаашлуулж байдаг сан.

-Ингэхэд Цэрэнтогтох аварга начин болсноосоо хойш хэд хэдэн наадам өнжсөн гэж та түрүүнд хэлсэн. Ямар учир байсан юм бол?

-1972 онд начин аваад таван жилийн дараа 1977 онд заан цолонд хүрсэн. Энэ хооронд өвгөнийг гурван жил барилдуулаагүй юм шүү дээ. Энэ хооронд өөртэй нь хамт цолонд хүрч байсан Хадаа нь гэхэд улсын арслан болоод төрийн наадамд түрүүлчихсэн байсан үе. Өвгөн маань начин цол хүртсэнээ өөрөө ярьдаг юм. Улсын наадамд огт зодоглож үзээгүй, ёстой стадионд ч орж үзээгүй цэргийн хүүхэд байхдаа зургаа давсан гэдэг сэн. Яг наадам дөхөөд ирэхээр л гадагш нь тэмцээнд явуулчихдаг. Тэр үед чинь дээрээс ирсэн тушаалд үгүй гэж хэлэх арга байхгүй. Бодоод байхад бодлого л байсан юм билээ л дээ. Ярих юм бол их л бодлого байсан даа. Би тэр болгоныг нь ярьдаггүй юм.

1977 онд Чөлөөт бөхөө хаяад, 1978 онд улсын арслан, 1979 онд наадам болоогүй байхад аварга болчихсон шүү дээ. Гурван өдөр арав, арван бөхтэй нийлээд 30 бөхтэй барилдаж нэг ч уналгүй түрүүлээд аварга цол авсан. Тэгээд үнэмлэхийг нь авчихсан. Одоо надад үнэмлэх нь байдаггүй шүү дээ. Бөхийн холбооноос асуухад олж болно оо гэж байсан.


-1980 онд даян аварга, 1981 онд дархан аварга болсон, тийм ээ?

-1980 онд даян аварга цол аваад, дараа жил нь Баянаа аваргад уначихсан юм. Тэр наадмын дараа манай өвгөн нэг айхтар осолд орж сүйд болоод бүтэн жил барилдаж чадаагүй. Барилдах нь бүү хэл унтаж ч чаддаггүй орилж хашхираад мөн ч айхтар байж билээ. Аймгийн арслан Тогоо, Улсын начин Дэмбэрэлсамбуу, яруу найрагч Ламжавын Лувсандорж нартай хамт явж байгаад бензин нь дуусаад машинаа түрээд явж байсныг араас нь том машин ирж мөргөөд тэр хүмүүс нь газар дээрээ нас барсан юм билээ. Яг тэр үед өвгөн машиных нь урд гарчихсан байж таарсан гэдэг. Энэ осол бас л ээдрээтэй санагддаг. Тухайлбал, шүүх хурал нь болоход өвгөнийг оролцуулаагүй.

-Хань нь төрийн наадамд түрүүлээд есөн хөлт цагаан тугаа тойрч байх тэр агшинд гэргийд нь юу бодогдож байдаг юм бол?

-Манай өвгөн чинь тийм ч хөөрүү, дэврүүн хүн биш шүү дээ. Наадмын өглөө гараад л гүйчихэж байсан юм. Би маргааш нь гурилтай шөл, цай барьж очиж, тэрийг идээд л түрүүлчихэж байсан. Дамдин аварга, Баянмөнх аварга, Мөнхбат аварга гээд гурван дархан аваргыг хаяж түрүүлж байлаа.

-Ю.Цэдэнбал дарга “Хүү минь чи хаанаас гараад ирэв ээ” гээд дуу алдсан гэдэг. Үнэхээр тэр үед монгол бөхөд эргэлт авчирсан л даа?

-1979 оны спартакиадад 30 давж түрүүлэхдээ Хад аваргатай 28 дугаар тойрогт хоёулаа нэг ч унаагүй таарсан. Тэр барилдааныг би дэргэдээс нь үзэж байлаа. Ёстой хүн бүр амьсгаа даран харж байсан даа. Ингээд Хадыг давчихаад дараа нь хоёр хүнтэй барилдаад аварга цолны болзол хангаж байгаа юм. Ханийгаа монгол бөхийн оргил дээд цолонд хүрч байхад нь баярлаж байлаа. Тэр үед бол начин болох үеийг нь бодвол би бөх мэддэг болчихсон байлгүй яахав. Манай гэрт багтахгүй зочид ирээд л хүний хөлд дарагдаад сайхан байж билээ. Ханийг маань улсын арслан цол хүртсэний дараа өвөл Брежнев даргын бэлгийн байр гэгддэг гурав, дөрөвдүгээр хорооллын байр ашиглалтад ороход хамгийн анхны байрнаас өгч байсан. Ингэж хань минь шинэ байраа улсын аварга гэдэг цолоор мялааж байлаа. Өөрөө их хөдөлмөрч хүн байсан л даа, манай өвгөн. Өглөө босоод л гүйгээд явчихдаг. Гэртээ сууж байхдаа хүүхдүүдээ их эрхлүүлдэг, хүүхдэд их зөөлөн хүн байсан. Тэгээд л дандаа сунгалтын дасгал хийгээд л зүгээр ердөө суудаггүй байсан.

-Аварга та хоёр нэг нутгийн хүмүүс. Аварга бол Өвөрхангайн Нарийнтээлийнх гэдгийг ард түмэн бүгд мэднэ. Таны ижий аав аль сумын хүн бэ. Мөн та хадам ижий аавыгаа хэр сайн мэдэх вэ?

-Миний ижий аав хоёр Өвөрхангай аймгийн Тарагт сумын малчин хүмүүс байсан. Аавыг маань Ориг, ээжийг Өөдөс гэдэг байлаа. Манай өвгөний аав Дашдорж их том биетэй хүн байсан. Айлын таван хүүгийн дөрөв дэх нь гэсэн. Тэднийхэн бүгдээрээ л их биерхүү шилбэ Дэндэв, хөл Дашдорж гэж авгайлдаг том биетэй, бяртай хүмүүс байсан юм билээ. Бид хоёр анхны хүүхдээ гарсны дараа ээж аав дээр нь очиж байсан. Ээжтэй нь сүүлд хамт амьдарч, өнгөрөхөөс нь өмнө өргөж асарч явсан. Ээж нь 1993 онд хариугүй наадам болохын даваан дээр өнгөрсөн юм.

-Таны ханийг Монголын ард түмэн алдарт бөх гэдэг талаас нь харж хүндэтгэж, бахархдаг байсан. Та харин эр хүнийх нь хувьд ханийгаа юу гэж хэлэх бол?

-Гүндүүгүй, олон таван үггүй хүн байсан юм шүү дээ. Гэр орны ажил, мах шөл эвдэх ажилд их нямбай ханддаг. Хачин сайхан хоол хийдэг. Үглэнэ, уурлаж уцаарлана гэж байхгүй. Хүн агсам тавиад байхад л дуугүй инээгээд сууж байдаг.

-Гэр бүлийн найзууд гэвэл олон хүн байна биз?

-Өө, байлгүй яахав. Ишигэн заан, Баянхонгорын Гандолгорын Батсүх начин, Архангайн Гүсэмийн Жалаа начин, Булганы шар Лхагвасүрэн начин гээд л дурдаад байвал олон найзууд бий. Энэ сайхан бөхчүүдийн гэргий нартай одоо ч нөхөрлөдөг.

-Аваргын Далай ламтай хамт авахуулсан зураг байдаг даа. Тэр их гоё зураг?

-Тэр чинь 1990-ээд оны эхээр Далай ламыг Монголд айлчилж, Хархоринд очиход нь хамт авахуулсан зураг юм. Далай ламыг ирэхэд нь газар газрын мөргөлчид цуглачихсан, мөргөх гээд хүлээж байсан юм. Гэтэл сум орон нутгийн удирдлагууд нь сүсэгтэн олныг Далай ламд мөргүүлэхгүй гээд Эрдэнэзуугийн хашаагаар ч оруулахгүй хорьж байсан. Тэгэхэд нь өвгөн үг хэлээд, цагдаагийн даргатай нь бараг муудалцах шахам юм болж “Энэ олон мөргөлчид юу гэж Далай ламд хор учруулах вэ дээ, та нар наашаа орж ирээд сууцгаагаарай” гэж цагаан хоолойгоор зарлаж байсан юм. Нөгөө мөргөлчид орж ирээд хийдийн өмнө эгнэж суугаад, Далай лам гарч ирж адис хайрлаж байсан сайхан авшиг ерөөлтэй агшин.

-Отгон эгч ээ, таныг би Монголын онцгой сайхан ижий, ховор хувь заяаны эзэн гэж боддог. Та бол Монголын домог болсон их аваргатай ханилж, гурван сайхан үрийг нь төрүүлж, баяр гуниг, жаргал зовлонг нь хуваалцаж амьдарсан хайрт хань нь…?

-Их баярлалаа, тэгэлгүй яахав. Монгол бөхийн оргил тэргүүн болсон дархан аварга хүний гэргий болно гэдэг чинь бүсгүй хүн бүрд оногдоод байдаг заяа биш байх л гэж боддог юм. Өвгөнийгөө Дархан аварга болох нь байтугай бөх гэдгийг нь ч мэдээгүй байхдаа ханилсан болохоор их сайхан санагддаг.

Миний хувьд үнэхээр л цэргийн залуутай л сэтгэл нийлж ханилсан. Бүх сайн сайхан алдрыг нь хамтдаа хүртсэн. Арай л эрт биднийгээ орхичихлоо доо гэж харуусдаг юм. Хань маань 64-тэй л бурхан болсон. Одоо байвал 72 л хүрч байх хүн. Гэнэт л явсан даа. Амьдрал гэдэг сонин байдаг юм билээ. Бид хоёр Өвөрхангайн эмнэлэгт анх танилцаж амьдралаа зохиож байсан бол тэр эмнэлэгт би ханийгаа алдаж, хагацсан. Ханиасаа хойш бөх үзэх нь бүү хэл наадам гээд бодоход л надад асар хэцүү санагддаг байсан. Би бүтэн найман жил бөх үзэж чадаагүй. Цаг хугацаа гэдэг бүхнийг анагаадаг л юм байна. Найман жилийн дараа одоо л нэг амьсгаа авахтайгаа болоод байна даа, эгч нь.

Манай өвгөн ер нь бөхийн эрэмбэ, жудаг гэдгийг чин шударгаар сахидаг жудагтай бөх байсан. Барилдаж байсан хүнээ ер бэртээж, гэмтээж байгаагүй болов уу. Их хөнгөн шингэн, хурдтай барилдаантай болохоор барилдаж байсан хүмүүс нь яахаа мэдэхгүй ойчиж байсан болохоос биш бэртэж байсан хүн байхгүй байх гэж боддог юм. Ханьтайгаа холбоотой дурсамж гэвэл мөн ч их байна даа.

Цагаан сараар би их бачимддаг байлаа шүү дээ. Сар шинээр өмсөх дээлийг нь шөнө сууж оёод л, битүүний өдөр ажлаасаа чөлөө авч ирээд, ямар ч байсан өвгөндөө хоол хийж өгөөд явуулдаг, орой барилдаад ирэхэд нь тавгаа засаад, мах шөлөө цэгцлээд бүх юм л бэлэн болчихсон сууж байдаг байлаа. Манай хүн ноосны үйлдвэрийн бөх байсан. Бавуусүрэн гэж дарга нь байсан. Цагаан сарын барилдаанд түрүүлсний дараа шагнал болгож гэх үү, дарга нь машинаа өгдөг байлаа.

Ингэхэд Цагаан сарын барилдаанд санасандаа хүртэл барилдаж чадаагүй юм. Олон түрүүлэх байсан гэж боддог. Интернациональ тэмцээн гэж болдог байлаа шүү дээ. Тэр тэмцээнд оролцуулах гээд Цагаан сарын барилдаанд барилдуулдаггүй байсан юм.

-Аваргыг “Ээрмэлийн үйлдвэрийн бөх” гээд л зарладаг сан…?

-Тийм ээ, ноосны үйлдвэрийг нь хэлж байгаа юм. Сүүлд Ээрмэлийн үйлдвэр болсон. Улсын наадамд үзүүрлэсэн байхад л ажлаас нь муу барилдлаа гээд Дорнодын ч юм уу, Хөвсгөлийн ноосны үйлдвэрийн ой руу хөөгөөд явуулчихдаг байж билээ. Заавал түрүүлэх л ёстой юм шиг л хүлээдэг байсан даа. Нэг инээдтэй дурсамж хэлье.

1979 онд аварга цол хүртэхэд нь Өвөрхангайн гаралтай хүмүүс нийлээд “Аваргадаа нэг юм авч өгье” гээд нууцаар хэлэлцэж байгаа юм. Тэр үед чинь нутгархах үзэл гаргасан гээд толгойгоо авахуулах шахдаг байсан байхгүй юу. Гончигсүрэн даргынд бид хоёрыг дуудаад, нуугдан барин очиж байсан юм. Хүмүүс ээлж зөрүүгээр цуварч ирж цуглаад манай хүнд Оросын хуучин том телевизор авч өгч байгаа гэдгээ хэлж байлаа. Өнгөтэй ч юм шиг, өнгөгүй ч юм шиг гардаг авдар шиг том дөрвөн хөлтэй телевизийг өгөөд, гэхдээ яг тэр өдөр нь биш маргааш нь манайд хүргүүлж авчирч билээ. Ийм л эгэл жирийн амьдралаар олныхоо дунд сайхан ханийнхаа буянд явж ирж дээ.

Ингээд төгсгөлд нь хэлэхэд, Монгол Улсын аваргуудын нэрэмжит уламжлалт барилдааныг энэ жил ханийн минь нэрэмжит болгож буйд манай гэр бүлийн зүгээс баяртай байна.


Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Н.Энхболд: Өмчлөгч нь татвараас чөлөөлүүлэх хоёр орон сууцаа өөрсдөө сонгох боломжтой DNN.mn

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдтой Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн талаар ярилцлаа.


-Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд 2021, 2022 онд тус тус өөрчлөлт орсон. Нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага, үндэслэл нь юу байв. Ямар гол өөрчлөлтүүд орсон бэ?

-Таны хэлсэнчлэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд 2021, 2022 онд өөрчлөлт орсон. Үүнээс өмнө нь ч бас хэд хэдэн удаа өөрчлөлт орж байсан. Харин энэ удаа татварын хувь хэмжээтэй холбоотой, мөн татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой зарчмын өөрчлөлтүүд орсон гэхэд болно.Тодруулбал, 2021 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай хамт батлагдахдаа үл хөдлөх эд хөрөнгийн татварын хувь хэмжээ 0.6-1 хувь байсныг 0.6-2 хувь болгон өөрчилсөн. Яг тухайн үл хөдлөх эд хөрөнгөд ногдох тодорхой хувь хэмжээг бүсчлэлээс нь хамааран нутгийн өөрөө удирдах байгууллага буюу ИТХ тогтооно гэж заасан. Мөн аймаг, суман дахь орон сууцыг тоо харгалзахгүйгээр чөлөөлж, Улаанбаатар хотод хоёр хүртэлх орон сууцыг тус татвараас чөлөөлдөг байхаар өөрчилсөн.

-Тэгэхээр зөвхөн Улаанбаатар хотод л тоо заасан гэсэн үг үү?

-Тийм, зөвхөн Улаанбаатарт л тоо заасан. Түүнчлэн шинээр “нийслэл хотын тусгай бүсэд бүртгэгдсэн барилга байгууламж”-ийг үл хөдлөх эд хөрөнгийн татвараас чөлөөлөх тухай заалт нэмснээс гадна Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулж баталсантай холбоотойгоор үйлдвэрлэл, технологийн паркийн нутаг дэвсгэр дэх үл хөдлөх эд хөрөнгийн татварыг эхний таван жилд бүрэн чөлөөлж, дараагийн таван жилд 50 хувиар хөнгөлөлт үзүүлдэг болж өөрчлөгдсөн.

-Орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн татвараас бүрэн чөлөөлдөг байсан хуулийн зохицуулалтад өөрчлөлт оруулснаар улсын төсөвт болон нийгэмд ямар өөрчлөлт, үр дагавартай гэж судалж, төлөвлөсөн бэ?

-Өмнө нь орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг аливаа хязгаарлалтгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлдөг байсан. Энэ байдлыг Улаанбаатар хотын хэмжээнд тооны хязгаарлалт тавьж өөрчлөн, харин орон нутагт хэвээр үлдээсэн.

Тооны хязгаарлалт гэдэг бол Улаанбаатар хотод нэг өмчлөгчийн хоёр хүртэлх орон сууцыг уг татвараас чөлөөлж байгаа гэсэн үг. Харин хоёроос илүү орон сууц өмчлөгч иргэн, хуулийн этгээд нь хоёроос давсан тооны орон сууцандаа албан татвар төлөхөөр болсон нь цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой гэж хэлж болно. Анх 2000 онд энэ хууль батлагдах үеийн нөхцөл байдал өдгөө багагүй өөрчлөгдөж, нийгмийн байдал харьцангуй сайжирсан тул хоёроос дээш тооны орон сууц өмчилж буй өмчлөгч энэ төрлийн татварыг төлөх боломжтой, төлөх нь зүйтэй гэж үзсэн.

Энэ өөрчлөлтийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхлэхтэй зэрэгцээд Монгол Улсын төсвийн тухай хуульд энэ төрлийн татвараас улсын төсөвт орох орлогыг 25.2 хувь буюу 31.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэдэг тооцоо гарсныг дурдсан байсан. Энэ нь төсөвт тодорхой хэмжээнд нөлөөлөхүйц үр дүн гэж харж байгаа.

-Иргэдийн дунд монгол гэрийг энэ хуулийн үйлчлэлд хамааруулж, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг төлөхөөр болж байгаа гэсэн яриа гарсан. Түүнчлэн орон сууц хамтран өмчлөгчдийн хувьд зохицуулалтууд нь ойлгомжгүй байгаатай холбоотой багагүй шүүмж өрнөсөн. Энэ талаар?

-Орон сууцны тухай хуульд хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг “орон сууц” гэж тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл, энэ тодорхойлолтын дагуу “монгол гэр” ч бас орон сууц гэж тооцогдохоор ойлгогдож болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд “үл хөдлөх хөрөнгө гэдгийг Иргэний хуулийн дагуу тодорхойлно” гэж заасан байдаг. Тиймээс монгол гэр нь Иргэний хуульд заасан үл хөдлөх эд хөрөнгийн тодорхойлолтод хамаарахгүй тул энэ татвар ч мөн хамааралгүй гэж үзэж болно. Харин хамтран өмчлөгчтэй холбоотой асуудлыг эрх бүхий байгууллага хуульд нийцүүлэн нарийвчилсан журам гаргаж зохицуулсан байгаа.

-Анх орон сууцыг тоо заахгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийн татвараас чөлөөлдөг байсан үеийн нийгмийн нөхцөл байдал болон төрөөс энэ талаар баримтлах бодлого өөрчлөгдөж байгаа гэж үзэж болох уу?

-Тухайн үед ч, одоо ч монголчууд бид нүүдэлчин амьдралын хэв маягаас суурьшмал буюу хот суурин амьдралын хэв маягт шилжих явц өрнөж байгаа. Энэ үүднээс суурин, хот газруудад хүн суурьшин амьдрах зориулалттай, дулаан болон бохирын шугамд холбогдсон орон сууцны барилгууд олноор бий болохыг бодлогоор дэмжих хэрэгтэй. Тиймээс ч анх 2000 онд үл хөдлөх эд хөрөнгийн татварын тухай хуулийг батлах үед “орон сууц”-ны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь чөлөөлөхөөр болж байсан.

2000 оны хууль батлагдах үед Засгийн газраас тус хуулийн төсөлд “өмчлөгч өөрөө тус орон сууцандаа амьдардаг байх, талбайн хэмжээгээр нь ангилах” зэргээр нэлээд өндөр шалгуураар тус татвараас чөлөөлдөг байхаар тусгасан. Гэсэн хэдий ч Монгол Улсад орон сууцны барилгажилт чухал ач холбогдолтой байсан учраас “өөрөө амьдарч байгаа эсэх, тус орон сууцыг түрээслээд аливаа байдлаар ашиг олж байгаа эсэх, иргэн эсвэл хуулийн этгээдийн өмчлөлийнх үү” гэх зэргээр огт ялгаварлахгүйгээр бүх орон сууцыг татвараас чөлөөлөх саналыг оруулж, УИХ-аас дэмжиж баталсан байдаг.

Өнөөдөр ч хуулийн анхны энэ үзэл баримтлал өөрчлөгдөөгүй хэвээр байгаа. 2021 онд хийсэн өөрчлөлтөөр зөвхөн Улаанбаатар хотод л тооны хязгаарлалт тавьсан.Өөрөөр хэлбэл орон сууцны талбайн хэмжээ, өөрөө амьдардаг эсэх, бусдад ашиглуулж, ашиг олдог эсэх зэрэг хүчин зүйлийг үл харгалзан, Улаанбаатар хотод хоёр орон сууц, бусад аймагт бүх орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн татвараас чөлөөлөхөөр байгаа.

-Улаанбаатар хотод татвараас чөлөөлөгдөх хоёр орон сууцыг өмчлөгч өөрсдөө тодорхойлох уу, татварын байгууллагаас тогтоох уу?

-Орон сууц өмчлөгч иргэн, хуулийн этгээд нь өөрсдөө татвараас чөлөөлүүлэх хоёр орон сууцаа сонгох боломжтой. Өөрөөр хэлбэл хамгийн өндөр үнэлгээтэй хоёр орон сууцаа чөлөөлүүлж болно. Тэр нь өмчлөгчийн өөрийнх нь сонголт гэсэн үг.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай DNN.mn


2023.5.7, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 17

ХАВРЫН АДАГ УЛААН ЛУУ САР
ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ҮХЭР ӨДӨР

  • Аргын тооллын: 2023.5.7, Ням гараг
  • Наран ургах шингэх: 05.25-20.12
  • Үс засуулбал: Өнгө зүс доройтно
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +16…+18 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -4…-9 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор +7…+12 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар +3…+8 градус дулаан, бусад нутгаар -2…+3 градус дулаан, өдөртөө Алтайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор +2…+7 градус, Их Нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг, голын хөндийгөөр +7…+12 градус, Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +16…+21 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -2…-4 градус, өдөртөө +16…+18 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -4…-6 градус, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

Categories
мэдээ утга-зоxиол

Үндэсний бичиг үсгийн баяр маргааш болно DNN.mn

Эх хэл, бичиг соёлоо эрхэмлэн дээдлэх үзэл санааг олон нийтэд төлөвшүүлж, үндэсний бичгийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор ”Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг жил бүрийн тавдугаар сарын эхний ням гарагт тэмдэглэсээр 20 дахь жилтэйгээ золгож байна.

Үндэсний бичиг үсгийн баярын 20 жилийн ойн баярын ёслол энэ сарын 7-нд буюу маргааш 11:20 цагт Монгол Улсын Үндэсний номын сангийн гадна талбайд болно. Үндэсний бичиг үсгийн баярт АШУҮИС, Занабазар арт фестиваль хамтран ажиллаж байна. Эх хэл, бичиг соёлоо эрхэмлэн дээдлэгч иргэдээ баярт хүрэлцэн ирэхийг урьжээ. Ёслолыг МҮОНТ шууд дамжуулах аж.

Categories
мэдээ нийгэм

“Ямааны аж ахуй, сүү үйлдвэрлэл” сэдэвт хэлэлцүүлэг болно DNN.mn

“Ямааны аж ахуй, сүү үйлдвэрлэл” сэдэвт хэлэлцүүлэг болно.

Уг хэлэлцүүлгийг тавдугаар сарын 30-нд 14:00-16:00 цагт цахимаар зохион байгуулна. Тус арга хэмжээнд Ази тивийн сүүний түншлэлийн гишүүн улс орнууд оролцох юм байна.

Дэлхийн сүүний өдрийг угтан Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр, Олон улсын сүүний холбоо, Энэтхэг улсын Ямаа судлалын төв хүрээлэн, Бангладеш улсын Мал аж ахуйн үйлчилгээний газар, Индонез улсын Үндэсний судалгаа шинжилгээ, инновацын агентлаг, Хятад улсын Мал аж ахуйн ассоциац, Израил улсын Сүүний сургуультай хамтран тус хэлэлцүүлгийг зохион байгуулж буй аж.

Монгол, Энэтхэг, Хятад, Бангладеш, Индонез улсын ямааны аж ахуй, сүү үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, баримталж байгаа бодлого, арга хэмжээ, тулгамдсан асуудал, хөгжлийн боломж, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ. Өмнө нь сарлагийн сүү, ингэний сүү үйлдвэрлэл сэдвээр бүсийн цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.

Хэлэлцүүлэг Монгол орчуулгатай явагдах бөгөөд та бүхэн оролцохыг хүсвэл ЭНД дарж, хөтөлбөртэй танилцана уу хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийт шүүгчийн хуралдаан энэ сарын 8-нд болно DNN.mn

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг 2023 оны 5 дугаар сарын 8-ны өдөр товлолоо.

Хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн зарим заалтыг албан ёсоор тайлбарлах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалтыг албан ёсоор тайлбарлах тухай “хууль тайлбарлах хэрэгцээ, шаардлага, тайлбарын цар хүрээ, арга зүйг тодорхойлсон” Захиргааны хэргийн танхимын саналыг хэлэлцэж, зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5 дахь заалтын хэрэглээний судалгаа, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн ХЭГ/904 дүгээр “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд санал авах тухай” албан бичгийн дагуу Улсын дээд шүүхийн шүүгчдээс гаргасан саналыг танилцуулна.

Ард түмний олонхын засаглал намын хаяг болон е-майл хаягийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай, Монголын Либерал Ардчилсан намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлүүдийг тус тус хэлэлцэнэ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Монголын шилдэг уран зургууд” тусгай үзэсгэлэнг Орхон аймагт дэлгэнэ DNN.mn

Монголын Уран Зургийн галерейгаас Монголын түүх, соёлын хосгүй үнэт дурсгал уран зургийн бүтээлүүдээс бүрдсэн “Монголын шилдэг уран зургууд” тусгай үзэсгэлэнг Орхон аймагт зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгийн нээлт тавдугаар сарын 10-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын “Уурхайчин” соёлын ордонд болно. Үзэсгэлэнг тавдугаар сарын 10-15-нд Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрт дэлгэх юм байна. Үзэсгэлэнд:

  • Ардын зураач Ү. Ядамсүрэнгийн “Өвгөн уурч”
  • Ардын зураач Г.Одонгийн “Ажлын дараа”
  • Хөдөлмөрийн Баатар, Ардын Зураач, Төрийн Соёрхолт Н.Цүлтэмийн “Талын айл”
  • Ардын зураач, Төрийн хошой шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн О.Цэвэгжавын “Эмнэг сургагч”
  • Д.Амгалан “Жаахан шаргын нутаг”,
  • Ё.Өлзийхутаг “Эх нутгийн эзэд” зэрэг Монголын дүрслэх урлагийн 30 орчим сор бүтээлээс дэлгэх юм.

Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун “Чингис хааны ёс суртахуун ба Монголын үнэт зүйл” сэдэвт лекц уншиж, алдарт “Дэлхий” хамтлаг бүрэн хэмжээний концертоо тоглоно.

Орхон аймагт зохион байгуулах Соёлын сэргэлт-2023 аяны үеэр тусгай үзэсгэлэнгээс гадна соёл, олон нийтийн хөтөлбөр, урлаг, соён гэгээрлийн лекц, чадавхижуулах сургалтууд зохион байгуулах аж. Соёл урлагийн үйлчилгээг хөдөө орон нутагт хүртээмжтэй түгээх, соёлын өвийг сурталчлах, ард иргэдийг урлагаар дамжуулан соён гэгээрүүлэх зорилгоор энэхүү тусгай үзэсгэлэн зохион байгуулах гэж байна.

Categories
мэдээ нийгэм

Иргэд барилга барихыг эсэргүүцэв DNN.mn

БЗД-ийн 1 дүгээр хорооны иргэд РЦНК-ийн баруун талд байрлах ойролцоогоор 20Х40 метр талбайд мод устгаж, 16 давхар барилга барих гэж буй тухай гомдол гаргасны дагуу БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ болон Салбарын хяналтын газар, Ойн газар, Нийслэлийн БОАЖГ, БЗД-ийн ЗДТГ-ын холбогдох газрын дарга, мэргэжилтнүүд газар дээр нь ажиллаж байна.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нөхцөл байдалтай танилцсаны дагуу Нийслэлийн БОАЖГ, БЗД-ийн Тамгын газарт овоолсон шороог тэгшилж, хог хаягдлыг цэвэрлэх, Ойн газарт БЗД-ийн иргэдтэй хамтран мод тарих ажлыг эхлүүлэх, Усны газарт Сэлбэ голын ай савыг хамгаалах, Усны тухай хуулийг мөрдүүлж ажиллах хугацаатай албан даалгавар өглөө.

Ирэх долоо хоногт гүйцэтгэлийн хяналт шалгалт хийхийг БОАЖЯ-ны Салбарын хяналтын газарт үүрэг өгөв.

2022 онд тус хороонд БОАЖ-ын сайд иргэдийн гомдлын дагуу ажилласан ба Сэлбэ голын ай савыг хөндөж, ногоон байгууламж сүйтгэж барилгын ажил эхлүүлэх гэж байсан газрыг цуцалж байсан юм.