Categories
мэдээ эдийн-засаг

ЭМД-ын сангаас 290.2 сая төгрөг зарцуулсныг нөхөн төлүүлжээ DNN.mn

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Тэгвэл 2023.01.01-05.09 өдрүүдэд 572 даатгуулагч-иргэнд ЭМД-ын сангаас 290.2 сая төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болгожээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйл: Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад гэж заасан байдаг аж.

Categories
мэдээ нийгэм

Жолоочийн үнэмлэхээс регистрийн дугаар, төрсөн газрын мэдээллийг хасна DNN.mn

Европын холбооны гишүүн орнууд болох Чех, Унгар, Бельги зэрэг улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн үндэсний жолоочийн үнэмлэх бусад улсын болон Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцын шалгуурыг бүрэн хангаагүй гэдэг үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа аж.

Энэ нь гадаадын улс орнуудад сууж буй монгол иргэдийн эрх ашгийг хөндөж буй учир энэ талын судалгаа, шинжилгээг хийж өгөх хүсэлтийг иргэдээс удаа дараа тавьж, ГХЯ-нд хүсэлт ирүүлсэн юм. Үүний дагуу ХЗДХЯ, ГХЯ, ЭМЯ, ЗТХЯ, ЦЕГ зэрэг байгууллагын хамтарсан ажлын хэсэг гарч, Монгол Улсын жолооны үнэмлэхийн загварыг Венийн конвенцод нийцүүлэх талаар судалж, шинэчилсэн үнэмлэхийн төслийг танилцуулаад байна.

Хувь хүний нууцыг хамгаалах тухай хууль хэрэгжиж буйтай холбоотойгоор Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэдийн регистрийн дугаарыг кодолжээ. Үүнтэй уялдуулан жолоочийн үнэмлэхээс регистрийн дугаар, төрсөн газрын мэдээллийг хассан байна.

Шинэчлэн боловсруулсан жолооны үнэмлэхийн загвар нь одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй үнэмлэхээс хэмжээ, өнгөний хувьд ялгаагүй, доторх мэдээллийг бага хэмжээгээр өөрчилсөн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Философийн хүрээлэнгийн захирал Б.Пүрэвсүрэн: Гадны орнуудад алдаа гаргасан хүмүүстэй үл харьцах зарчим баримталдаг. Манайд нийгмийн шүүлтүүр буруу ажиллаж, тэднийг дэмждэг DNN.mn

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор Б.Пүрэвсүрэнтэй нийгмийн шүүлтүүрийн талаар ярилцлаа.


-Нийгмийн шүүлтүүр гадны хөгжсөн улс оронд эрүүл, ёс зүйтэй үйлчилдгийг бид хардаг. БНСУ гэхэд нэр алдартай, төрийн өндөр албан тушаалтан байлаа гэхэд ёс зүй, шударга ёсны асуудал хөндөгдөхөд нийгэм нь эрүүлээр шүүгээд хариуцлага хүлээлгэдэг. Тэгвэл өнөөдөр манай улсын нийгэмд ийм шүүлтүүр хэрэгтэй гэж бид харцгаадаг. Ер нь нийгмийн шүүлтүүр гэдэгт бид юуг ойлгох ёстой юм бэ?

-Нийгмийн шүүлтүүр гэдгийг философийн үүднээс харахад оюун санааны болон ёс суртахууны цэвэр тунгалаг байдал гэдгийг илүү өргөнөөр ярьж таарна. Ер нь хүн төрөлхтний түүхэнд ч тэр нийгмийн амьдралыг, оюун санааны амьдралыг философийн үүднээс авч үзэхдээ шүүн шинжлэхүй буюу критика гэдгийг түгээмэл хэрэглэсээр ирсэн. Үүнийг тунгаан бодохуй ч гэж хэлж болно. Нөгөө талаас шүүлтүүр буюу филтер гэдэг талаас нь авч үзвэл тунгаах, цэвэрлэх, ариусгах гэсэн үүднээс ярьж болно.

Үүнийг жишээ болгоод тодорхой яривал Германы сонгодог философич Иммануэл Кант “Би юу хийх ёстой вэ, би юуг танин мэдэж болох вэ, би юунд найдаж болох вэ” гэж асуусан байдаг. Кантын энэ сонгодог асуултыг нэгтгэвэл “Төр засаг юу хийх ёстойгоо мэдэж байгаа гэдэгт ард түмэн найдаж байгаа болов уу гэсэн асуулт урган гардаг. Өөрөөр хэлбэл, нийгмийг ариун тунгалаг байлгах үйл функцийг төр хийж гүйцэтгэж чадаж байна уу гэсэн асуулт болгож болох юм. Яахав итгэл найдвар гэдэг үеийн үед байсаар ирсэн. Одоо ч байх хэрэгтэй. Харин итгэл найдвар хий хоосон байж болохгүй. Тиймээс нийгмийн шүүлтүүрийн ариун тунгалаг байдалд иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг ойлгох ёстой.

Учир нь монголчуудын хувьд “Чи хийчих юм чинь би яахав дээ” гэх мэт үгс, зарим зүйр үгний буруу хэрэглээ, утга шилжилтүүд ч өнөө цагт байж болох талтай. Жишээ нь, бурууд нүд аниад өнгөрөөд байдаг тал бидэнд байх шиг байна. “Чадаж байгаа юманд аргагүй шүү дээ, яадаг юм тэгж л байг”. “Дээдсүүд нь идэж ууж байхад би яагаад болохгүй гэж” гэх янз бүрийн хандлагууд түгээмэл гаргаад байгаа нь харагдаад байна. “Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө” гэдэг ч юм уу, хэн нэгэн хүн юмыг шүүмжлэх, ярих болохоор энэ дандаа л түрүүлж дуугарч байдаг гэж тэр хүнийг илүү тусгаарлах, ялгаварлах хандлага манай нийгэмд нэлээд байна. Ийм байгаа тохиолдолд хүн өөрөө амьдарч буй орон зайдаа зөв явах боломжийг хязгаарладаг гэж хэлж болно.

-Сошиалаар жишээ авъя л даа. Тэнд жинхэнэ хатуу шүүлтүүр явж байгаа юм уу гэж харагддаг. Хэн нэгэн хүнийг ажил, амьдралтай нь шүүж, үгүй хийх ч тохиолдол бий. Бас сошиал дээр төр засгийн ажил явагддаг, тэндэх уур амьсгалаас шалтгаалж төрийн шийдвэр гарах тохиолдлыг бид хардаг. Нийгмийн шүүлтүүр буруу талаараа хэрэгжээд байна уу?

-Нийгмийн сүлжээний төрөл хэлбэрүүдийг би түгээмэл ашигладаг хүний нэг л дээ. Түүн дээр голдуу анализ хийдэг. Түүнээс харвал нийгмийн тодорхой бүлэг, харьцангуй сайнаар яривал идэвхтэй хэсэг нь тэнд санаа бодлоо илэрхийлж байгаа нь харагддаг. Гэвч ихэнх нь өөр өөр, хувийн зорилготой, бас зарим нь нам бүлэглэлийн зорилготой хүмүүс үзэл бодлоо илэрхийлдэг. Тэд нийгмийг ариусгах шүүх үйл хэрэгт тодорхой хувь нэмэр оруулж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ нийгмийн сүлжээгээр явагдаж буй хэлэлцүүлэгт үндэслэж төр засгийн шийдвэр гаргадаг байж хэзээ ч болохгүй.

Төр засгийн шийдвэр гэдэг бодлогод, шинжлэх ухаанд суурилсан, маш их рациональ буюу оюунлаг, практик иш үндэс бүхий амьдралаас урган гарах нийтлэг зохицуулалт бүхий шийдвэр байх ёстой шүү дээ.

Гэтэл нэг сайдын хэлсэн үгнээс юм уу, түүний шүүмжилсэн шүүмжлэлд үндэслээд төр засаг гаргасан шийдвэрээ эргэж хардаг. Эсвэл зөвхөн төр засгийн шийдвэр гал унтраах маягтай явдаг шинж төлөв сүүлийн үед ажиглагдаж байгаа. Угтаа төр засгийн шийдвэр тухайн намын ч шийдвэр, Засгийн газрын ч шийдвэр төдийгүй ирээдүйг харсан стратегийн шинжтэй, нийгмийн харилцааг бүхэлд нь зохицуулсан, дэг журамд нь оруулсан шийдвэрүүд байх ёстой. Түүнээс биш өнөө маргаашийг аргацаасан байж болохгүй. Тиймээс нийгмийн шүүлтүүрт наад зах нь гурван янзын шүүлтүүр байх ёстой гэж би хэлмээр байна.

-Тодруулахгүй юу?

-Нэгд, шинжлэх ухааны шүүлтүүр байх ёстой. Хоёрт, ёс зүйн шүүлтүүр. Гуравт, оюун санааны шүүлтүүр байх ёстой. Их сэтгэгч Кантын хэлснээр цэвэр оюун ухааны шүүлтүүр буюу тунгаан бодохуйн шүүлтүүр. Философийн хэлээр эпистемологи буюу шинжлэх ухааны танин мэдэхүйн онолын шүүлтүүр гэж хэлж болно. Хоёр дахь нь ёс зүйн шүүлтүүр гэж хэлсэн. Кантынхаар практик оюун ухааныг шүүн шинжлэхүй байх ёстой. Практик шүүлтүүр гэдгийн цаана ёс зүй, эрх зүй, төрийн бодлогын шүүлтүүр байна гэсэн үг.

-Амьдралд ойрхноор тайлбарлабал?

-Тухайлбал, шинжлэх ухааны шүүлтүүр гэдэг аливаа төрийн бодлого, шийдвэр шинжлэх ухааны суурь судалгаа болон хавсарга судалгааны үр дүн, бодлогын зөвлөмж дээр суурилж шийдвэр нь гарах юм бол нийгмийг зохицуулах үйл хэрэгт шүүмжлэл багатай, үр дүнтэй, оновчтой, эргэлзээгүй, урт настай шийдвэр гарна гэсэн үг.

-Тэгж чадаж байна уу. Төр засаг шинжлэх ухааны салбарын та бүхнийг хэр их ашиглаж байна вэ?

-Ойрын үед Боловсролын ерөнхий хуулийн тухай хэлэлцүүлэг нэлээд яригдаж байна. Гэтэл энэ бол наад зах нь боловсрол судлал, боловсролын философийн судалгааны үр дүн, дэлхийн чиг хандлага, өөрийн орны өвөрмөц онцлог энэ бүгдийг харгалзан үзсэний үндсэн дээр энэ хууль гарах байх гэж найдаж байна. Энд шинжлэх ухаанаас гадна практик шүүлтүүр байх ёстой. Гэтэл манайх гадны тийм улсад ийм байдаг, одоо тэгэх ёстой гэсэн ерөнхий шүүлтүүрээр буюу заримдаа хувь хүний шүүлтүүрээр гэмээр асуудалд хандах явдал түгээмэл ажиглагдаж байгаа. Нэг ёсондоо зарим нь практик шүүлтүүргүй байна гэсэн үг. Хүмүүс практик гэхээр хуучин үг хэллэг ашиглаад байна, Марсксист философийн зүйл яриад байна гэж ойлгож магадгүй. Үүний цаана эрх зүй, ёс суртахуун, төрийн шүүлтүүр гэсэн утгаар энэ үгийг хэрэглэж байна.

Гурав дахь шалгуур бол оюун санааны шүүлтүүр. Үүнийг зарим талаараа эргэцүүлэх шүүлтүүр, үнэлэмжийн шүүлтүүр ч гэж хэлж болно. Энэ бол сайн муу, сайхан муухайн талаарх шүүлтүүр байх боломжтой.

-Эхний асуулт руугаа эргээд оръё. Япон, Солонгос зэрэг орны иргэд, нийгэм нь маш өндөр ёс суртахуунтай, ёс зүйтэй учраас шударга бус зүйлийн эсрэг эрүүлээр тэмцдэг, нийгмийн зөв шүүлтүүр ажиллаж байна. Ингэж чадсанаар тэнд хөгжил цэцэглэлт явагдаж байна гэж үзэх гээд байна л даа?

-Хөгжил гэдэг бол дандаа дээшээ цойлсон, дандаа гайхамшгийг бүтээсэн зүйл биш юм. Нийгмийн хөгжил гэдэг явж, явж алдаа онооны л нийлбэр байдаг. Алдахгүйгээр урагшилсан хувь хүн, улс орон ч гэж байхгүй. Тийм учраас аль алинд нь алдахаас онох нь илүү байж тэр хөгжил урагшилж байдаг гэж энгийнээр хэлж болно.

Шүүлтүүр гэдгийн цаана хүнийг хүн ёсных нь үүднээс ялгаварлан гадуурхах, тусгаарлах хандлага байж болохгүй юм. Ер нь сайнтай муутайгаа сав дүүрнэ гэж Монголын философи бий. Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь гэдэг өөрөөр хэлбэл хорвоогийн үзэгдэл, үйл явц алаг цоог л байдаг гэсэн санаа.

Харин нийгмийн шүүлтүүр гэдэгт та бид хоёр илүү оюун санааны цэвэр тунгалаг байдал, нийгмийн ариусал, нийгмээ зөв оношлох функцүүд рүү илүү төвлөрөх нь зүйтэй болов уу. Түүнээс хэн нэгэн хувь хүнийг хүний өөрийнх нь эрхэм чанарыг үл харгалзаад тусгаарлах үйл явц байж болохгүй. Хүн болгон өөрийн гэсэн эрхэм чанар, орон зайтай. Өөрийн гэсэн эрхтэй. Шүүж байгаа нь энэ гээд л жишээ нь хүнийг төрийн албанаас үндэслэлгүйгээр чөлөөлөөд байх нь хэр зөв бэ. Танай сонины саяхны дугаар дээр нийтлэгдсэн байсан. Маш олон хүн өөрийн саналаар төрийн албанаас чөлөөлөгдсөн байна гэсэн мэдээлэл олж харлаа. Энэ бол практик шүүлтүүр ажиллаж байна гэсэн үг. Гэтэл энэ шүүлтүүр өөрөө буруу шүүвэл яах вэ. Жишээ нь, тэр олон хүн ажлаас чөлөөлөгдөж байгаагийн цаана төрийн албанд он удаан жилийн туршлагатай, мэдлэгтэй, ажилдаа сэтгэлтэй хүмүүс чөлөөлөгдөж байвал яах вэ. Энэ бол бодит жишээ. Шүүж байгаа нь энэ гээд усанд байгаа хамаг эрдэс баялгаа шүүчихвэл тэр ус мөн үү, чандмань эрдэнэ байж чадах уу гэдэг ойлголттой агаар нэг. Тэгэхээр хүн гэдэг эрдэнийг, хүний нөөц гэдэг баялгийг хэтэрхий зүй бус арга технологиор шүүлтүүрдэх вий гэдэг болгоомжлол үүсч таарна.

-Яг үүнийг л сошиал орчин руу хөрвүүлбэл өнөөдрийн бидний төрх ажиглагдаад байна уу даа. Угтаа бол бид хэрсүү үндэстэн байх ёстой биз?

-Аль ч улс үндэстний хүн хэрсүү байхыг хичээдэг. Монгол хүн гэхээр бусдаас илүү ухаалаг, хэрсүү гэсэн концепци өрөөсгөл. Хүн угаасаа нэг л төрлийн биологийн амьтан. Амь бол амьтай зүйлийн гол шинж гэж ярьдаг. Аристотелийн томьёолсноор хүн ч гэсэн нийгмийн амьтан. Тийм болохоор монголчууд өөрсдөө илүү ухаалаг, бодол суурьтай, алсын хараатай байгаа гэсэн санаагаар хэрсүү байх тухай хөндөж байгаа байх.

Бид үнэндээ гадны соёл, мэдээ мэдээлэлд шүүлтүүр багатай хандаж байгаа нь үнэн. Элдэв соёлын давлагаанд, шашны урсгалд шүүлтүүр багатай хандаж байгаа. Энэ нь яваандаа улс үндэстний нэгдмэл үнэт зүйлтэй байна гэсэн алсын хараанд тийм ч нийцтэй зүйл биш. Тиймээс юмыг заавал томоос эхэлнэ гэхээс илүү жижгээс эхлээсэй гэж боддог. Та гадны жишээг дурдаж байна. Азийн орнуудад янз, янз л байдаг. Гол нь манайд ёс суртахууны алдаа дутагдал гаргасан тохиолдолд тэр хүн нь өөрөө ажил албан тушаалаас чөлөөлөгдөх соёлтой болох хэрэгтэй. Одоо бол би буруугүй гээд өөрийнхөө буруугүйг нотлохын төлөө явж байна шүү дээ.

Хоёрт, тийм алдаа дутагдал гаргасан хүнийг “За яахав дээ, эр хүн нэг алдаа л биз, эрэг нэг нураа л биз” гэх мэтээр дандаа зөвтгөлийн философи үйлчилж байдаг. Энэ л өөрөө нийгмийн шүүлтүүр ажиллахгүй байхын нэг үндэс. Энэ нь цаагуураа шударга ёс буюу зүй ёс хэрэгжихгүй байна гэсэн үг.

Тэр хүн үнэхээр алдаа дутагдал гарсан тохиолдолд заавал хамтарч ажиллах, тэр хүнийг өрөвдөх, “Би ер нь хүний унасан талд нь байх дуртай” гэж ярьдаг хүмүүс бий. Үүнийгээ нэг их чухал аргументыг олоод гаргаад ирчихсэн юм шиг ярьж сурталчилдагаа монголчууд одоо болих хэрэгтэй. Ёс зүйн сахилга хариуцлага өндөртэй орнуудад тийм алдаа дутагдал гаргасан хүмүүстэй эхнээсээ чимээгүй, үл харьцах зарчмыг баримтлаад эхэлчихдэг. Тэр хүнтэй харьцаад л, “дайныг санхүүжүүлнэ” гэдэг шиг тухайн хүнийг дэмжээд байна гэдэг та өөрөө шударга бус байдалтай эвлэрээд байна, түүнийг бүр хөхиүлэн дэмжээд байна гэдэгтэй агаар нэг юм.

-Оюун санааны шүүлтүүр гэдэгт та сайн муу, сайхан муухайн тухай хөндсөн. Ингээд харахаар өнөөдрийн нийгэмд муу, муухай гэж ер нь юу юм бэ. Түүнийг яаж тогтоох вэ. Магадгүй үүнийг мэдэхгүй байгаа хүмүүст хэн хэлж ойлгуулж сэхээрүүлэх ёстой юм бэ?

-Сайн муу философийн ойлголт бол ёс зүйн үндсэн ойлголт юм. Ёс зүй ерөөсөө явж явж сайн гэж юу вэ, муу гэж юу гэдгийг л судалдаг. Түүнийг л ёс зүйн шинжлэх ухаан гэж байгаа. Үүнийг нэг жишээгээр тайлбарлая л даа. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл яригдаж байна. Ёс зүй гэдэг бол нэгд шинжлэх ухааных нь нэр. Ёс суртахуун гэдэг нийгмийн харилцааны сайн мууг илэрхийлж байгаа зүйл. Тийм учраас ёс зүйн зарчим, хэм хэмжээ нийгмийн хөгжлийнхөө явцад эрх зүй болон хувирдаг болохоос биш ёс суртахууны харилцааг шууд хуульчилж болохгүй. Ингэвэл энэ нь өөрөө ёс суртахууны хэм хэмжээ биш болно.

Сайн муу гэдэг үнэлэмжийн шалгууртай байдаг. Үнэлэмж гэдэг нийгэмд тогтсон, зонхилох хэм хэмжээнээс хамаарч байдаг зүйл. Үүнийг соёл судлалын хэлээр зонхилох соёл гэж байгаа юм. Түүнд нийцэж оршин тогтнож байгаа бусад хэлбэрүүдийг дэд соёл, бүр түүнд үл нийцэж байвал сөрөг соёл гэж нэрлэнэ. Тиймээс муу, муухай, гаж гэж байгаа зүйл бол сөрөг соёлын хэлбэрт харьяалагдана.

Үнэлэмжийн шалгуур өөрөө харьцангуй бөгөөд тухайн орон зай, хүрээ, бүлэг, үндэстэн угсаатныхаа хүрээнд тодорхойлогдож байдаг. Түүнээс биш нийгмийн шалгуураар дэлхий даяараа сайн муу гэж хэлэх юм бол ховор. Гэхдээ аливаа зүйлд түгээмэл шинж гэж байна. Мэдээж хүн алах муу, дайн буруу юу буруу. Сайн муу хүн гэж хэн байх вэ гэвэл тодорхой хэмжээгээр боловсролтой л холбоотой. Ер нь улс орны хөгжил бол хүнийхээ хөгжлөөс л шууд хамаарна. Хүний хөгжил бол боловсролын чанар хүртээмжээс хамааралтай. Боловсрол сайн муу байх нь боловсролын зорилго зөв буруу байхаас эхэлнэ. Мөн түүний хэрэгжилт хэр байхаас ч хамаарна.

-Тэгвэл өнөөдрийн нийгэмд монгол хүн ямар байх ёстой болж байна вэ?

-Ямар ч орны ард иргэд тухайн улс орныхоо Үндсэн хуулийн эрхэм зорилгод ямар нийгмийг бүтээнэ гэж заасан байна, тэр нийгмийнхээ төлөө ажилладаг, амьдардаг, зүтгэдэг хүн байх ёстой. Манай Үндсэн хуульд хүмүүнлэг, ардчилсан, энэрэнгүй иргэний нийгмийг байгуулна гэж заасан байгаа биз. Тэгвэл монгол хүн ёс суртахуунтай, мэргэжил боловсролтой, бүтээлч, өөрчлөлтөд дасан зохицох чадвартай, эх оронч хариуцлагатай л иргэн байх ёстой юм.

Categories
мэдээ нийгэм

Замын цагдаа нар скүүтэр ашиглаж эхэлжээ DNN.mn

Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөний ачаалал, эрчим их үед иргэдэд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг богино хугацаанд хүргэхээр өнөөдрөөс /2023.05.10/ цахилгаан скүүтэрийг ашиглаж эхэлжээ.

Тээврийн цагдаагийн албанаас “Бүсийн эргүүлд явах үед замын түгжрэлээс хамааран 25-30 минутын дараа зөрчил гарсан газарт очдог. Харин цахилгаан скүүтэр ашигласнаар 5-10 минутад хурдан шуурхай очих боломжтой боллоо. Ингэснээр урин дулаан цагт түгжирч, цаг алдалгүй иргэдийн асуудлыг хурдан шуурхай шийдэх боломжтой болж байна” гэв.

Одоогоор Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид цахилгаан скүүтэрээр эргүүлд гарч байгаа бөгөөд нийт 10 цахилгаан скүүтэр байгаа аж.

Замын хөдөлгөөний ачаалалтай үед зам тээврийн осол гарахад иргэдэд түргэн шуурхай хүрч ажиллах, түгжрэлийг бууруулах зорилгоор ашиглаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ойрын 2 хоногт ихэнх нутгаар дулаахан байна DNN.mn

Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар дулаахан байна

2023 оны 05 дугаар сарын 13-наас 05 дугаар сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

<span></span>Энэ сарын 13, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. 

Салхи 13-нд нутгийн зарим газраар, 14-нд ихэнх нутгаар, 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +11…+16 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +20…+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +25…+30 градус, бусад нутгаар шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +17…+22 градус дулаан байна. 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-наас ихэнх нутгаар сэрүүснэ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Уламбаяр: Ардчилсан нам бодлогын, санхүүжилт нь ил тод болох нь хамгийн чухал шинэчлэл юм DNN.mn

Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дарга, АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Уламбаяртай ярилцлаа.


-Ардчилсан нам эмхэндээ орлоо. Одоо энэ намд ямар шинэчлэл хийвэл зүйтэй гэж харж байна вэ?

-Манай нам сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд зарим гишүүд, дэмжигчдэд ойлгомжгүй явж ирсэн нь үнэн. Гол шалтгаан нь Үндсэн дүрмээ дагаж мөрдөөгүйгээс болсон. Тиймээс бид үүнээс тодорхой хэмжээний сургамж авч цаашдын үйл ажиллагаандаа шингээх нь зүйтэй.

Ер нь Ардчилсан нам анхнаасаа хүн төвтэй нам байсан. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд шинэ үзэл санааны салхийг авч ирсэн нам шүү дээ. Тиймээс ч ардчилал, хүний эрхийн гол хамгаалагч, дархлаа хэмээн Ардчилсан нам цоллогддог. Энэ бүхнээр би юу хэлэх гээд байна гэхээр бидний явах зам мөр тодорхой. Өөрөөр хэлбэл, үнэт зүйл, үзэл баримтлал маань тодорхой хэмээн танд хариулъя. Харин бид энэ суурь дээрээ тулгуурлаж цаг үетэйгээ нийцэж шинэчлэгдэх хэрэгтэй. Өнөөгийн яригдаж байгаа нам бодлогын, мөн шилэн болох, намын санхүүжилтээ ил тод болгох нь манай намд төдийгүй улс төрийн бүх намд чухал байна. Энэ мэтээр намын хөгжил, шинэчлэлттэй холбоотой тогтолцооны олон асуудлыг ярьж болно. Гэхдээ энд ганцхан зүйлийг онцолж хэлмээр байна. Ардчилсан намыг бүдгэрүүлсэн, орон зайг нь хумьсан долоон жилийн хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийн байдал хэрхэн өөрчлөгдөв гэдгийг олон нийт бодох хэрэгтэй. Үнийн өсөлт, иргэдийн амьжиргаа, цалин тэтгэвэр, төгрөгийн ханш, хүний эрх чөлөө ямар хэмжээнд очив гэдгийг бодоосой хэмээн хүсч байна.

-Та Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч хүн. Тиймээс өнөөдрийн эрх баригчдын үйл ажиллагаанд ямар дүгнэлттэй байгаа талаар дэлгэрүүлж яриулмаар байна?

-Эрх баригчдын өнөөгийн байдлыг ард иргэд биеэрээ мэдэрч байгаа учраас улсын хэмжээний бодлого, шийдвэрийг энд нурших нь илүүц болов уу. Нөгөө талаас би дээрх асуултын хариултад дурдлаа шүү дээ.

Харин дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийн хувьд, дүүргийн аж байдалд хамгийн ойр байгаагийн хувьд дүүргээрээ жишээ авч ярья. Баянзүрх дүүрэгт МАН олонх болж, засаглаж байна. Иргэдийн хувьд МАН-ын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй байгаа. Учир нь намын бодлого, мөрийн хөтөлбөр нь хангалтгүй байна. Бодит хөрсөн дээр буусан ажил нэгээхэн ч байхгүй хэмээх шүүмжлэл их байдаг. Тиймээс Баянзүрх дүүргийн Засаг дарга үүрэгт ажлаа гүйцэтгэж чадахгүй байна хэмээн үзэж дүүргийн АН-ын бүлгээс Засаг даргыг огцруулахаар хэлэлцүүлсэн. Гэвч МАН олонхоороо хүч түрж авч үлдсэн. Баянзүрх дүүрэгт ч тэр Монгол Улсын хэмжээнд ч тэр МАН-ын мөрийн хөтөлбөр туйлын хангалтгүй байгааг та бид бүгдээрээ мэдэрч, харж байна. Нэг тоо баримтаар жишээ авч ярья. Баянзүрх дүүргийн төсөв 2020 онд 30 тэрбум байсан бол өнөөдөр 220 тэрбум болж өссөн. Өөрөөр хэлбэл, дүүргийн иргэдийн нийгмийн асуудал, ая тухтай байдлыг хангах боломж энэ хэрээр их байна гэсэн үг. Гэтэл төсөв тав дахин нэмэгдчихээд байхад иргэдийн нийгмийн асуудал, дүүргийн асуудал огт өөрчлөгдсөнгүй. Харин ч дордсоор байна. Үүний илрэл нь дүүрэгт шаардлагатай бүтээн байгуулалт огт хийгдэхгүй байна хэмээх иргэдийн шүүмжлэл.

Үүнээс гадна хоёр жилийн өмнө Баянзүрх дүүргийн 28 хороог 43 болгох шийдвэр гаргасан. Гэтэл өнөөдрийг хүртэл хороодын өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа эхлээгүй байна. Харин хороодын засаг дарга, үүрэг гүйцэтгэгчдийг нь аль хэдийнэ томилчихсон, төсвөөс санхүүжүүлээд сууж байх жишээний. Хороодын дарга нэртэй хэдэн хүнийг татвар төлөгчдийн мөнгөөр хоолтой нь залгуулах гэж тийм шийдвэр гаргав уу, эсвэл иргэдэд нийгмийн үйлчилгээг хүртээмжтэй болгох гэж тийн шийдэв үү. Хэрвээ зорилго нь иргэдийн талд байсан бол ард түмний нэн тулгамдсан асуудал болох эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг цаг алдалгүй эхлүүлэх ёстой биз дээ. Гэтэл тэр нь хаана байна вэ. Энэ бол дүүргийн ч гэдэг юм уу, эсвэл аар шаархан жижиг асуудал биш. МАН-ын хандлагыг үүнээс л дүгнэх боломжтой учраас ярьж байгаа юм.

-Энэ цаг үед Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт олон нийтийн анхаарлын төвд байна. Та ҮХНӨ-д ямар байр суурьтай байна?

-Саяхан Үндэсний бодлогын хороо хуралдаж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар намын даргад зөвлөмж хүргүүлсэн. Манай намын зүгээс холимог тогтолцоог дэмжиж байгаа. Учир нь мажоритар тогтолцоо бол иргэдийн саналыг их орхигдуулдаг л даа. Жишээ хэлбэл, 2020 оны сонгуулиар иргэдийн 40 гаруй хувийн дэмжлэгийг авсан Ардчилсан нам өнөөдөр УИХ-д 11 суудалтай байна. Дүүрэг, аймгийн түвшинд ч ялгаагүй байдалтай байна.

-УИХ-ын гишүүдийн тоо 152 байх ҮХНӨ-ийн заалтад та ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь зөв гэж харж байна. Гэхдээ 152 байх эсэхэд шинжлэх ухааны үндэстэй тооцоолол, судалгаа хэрэгтэй. 1992 оны Үндсэн хууль батлагдаж байхад Монгол Улс хоёр сая 200 мянган иргэнтэй байсан. Өнөөдөр Монгол Улсын хүн амын тоо 3 сая 400 мянга гаруй болчихлоо. Тиймээс нэгдүгээрт хүн амынхаа энэ өсөлттэй уях хэрэгтэй. Хоёрдугаарт, шийдвэр гаргах түвшинд 76 гишүүний тоо хэрхэн нөлөөлж байгааг анхаарч харах нь зүйтэй. Жишээлбэл, өнөөдөр 30 гаруйхан гишүүн сууж байгаад хууль баталж байна. Тухайн хуулийг хэлэлцүүлэх үү, эсвэл гацаах уу гэдгийг байнгын хорооны зургаан гишүүн шийдэж байна. Тиймээс УИХ-ын гишүүн гадна, дотны ямар нэгэн нөлөөлөлд автах вий гэсэн болгоомжлол бодитоор үүссэн. Ямар нэгэн бизнес эрхлэгч, хэн нэгэн хүн эсвэл бүлэглэл УИХ-ын тодорхой хэдэн гишүүнд нөлөөлөхгүй байх хамгаалалтыг УИХ-ын гишүүдийн тоог нэмэх замаар хийх нь зөв. Нөгөө талаас парламентын чадавх, УИХ-аар батлагдаж байгаа хуулийн чанарт гишүүдийн тоо их нөлөөлж байна. Өнөөдөр нэг гишүүн гурван байнгын хороонд харьяалагдаж байна. Зарим байнгын хороод нь нэг өдөр хуралдаж байна. Өөр өөр салбарын хууль хэлэлцэж байна. Гишүүд супер хүчтэй биш шүү дээ. Тодорхой нэг мэргэжлээр л мэргэшсэн байгаа. Гэтэл өөр өөр салбарын тэр олон хуульд яаж нухацтай хандах вэ. Тиймээс гишүүдийн тоог нэмэх нь туйлын зөв.

-Эцэст нь асуухад, та саяхан Баянзүрх дүүргийн намын даргаар томилогдсон. Томилогдсон процессынхоо талаар ярихгүй юу?

-Баянзүрх дүүрэг 2020 оны орон нутгийн сонгуульд ялагдал хүлээсэн. Тиймээс намын дүрмийн дагуу намын удирдлага ажлаа хүлээлгэж өгөх заалттай. Намын дүрмийн дагуу дунд шатны намын аливаа шийдвэр гаргах эрх бүхий байгууллага нь дүүргийн намын хороо байдаг. Дүүргийн намын хорооны олонх нь хуралдаж дүрмийн дагуу намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүннү моллын урд талын авто замын нэгдүгээр эгнээг хааж, засварлана DNN.mn

Наадамчдын гудамжны Хүннү молл орчимд авто замын урд талын нэгдүгээр эгнээг хааж засварын ажил гүйцэтгэнэ.

Замыг тавдугаар сарын 13-ны 00:00 цагаас түр хаана.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цахилгаан хязгаарлах газрууд DNN.mn

Өнөөдөр буюу тавдугаар сарын 12-ны баасан гарагт цахилгаан, шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.

Засвар хийх хугацаанд цахилгаан хязгаарлах бөгөөд энэ үед хэрэглээгээ түр зохицуулахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК иргэдээс хүслээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Зэгиймаа: Эхлээд дээд боловсролын хуулиа анхаараач. Тэгээд их сургуулийн амин сүнс болсон шинжлэх ухаанаа дэмжээч ээ DNN.mn

Монгол Улсын Эрдмийн их сургуулийн захирал, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор(Sc.D), профессор Ч.Зэгиймаатай ярилцлаа.


-УИХ-аар Боловсролын багц хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Хэд хэдэн парламент дамнасан уг хуулийн алдаа, оноог та хэрхэн харж байна вэ?

-Боловсролын хууль бол маш цомхон байх ёстой. Өөрөөр хэлбэл, цогцоор нь сайн харж хийх нь чухал. Энэ бол бидний барьж явах зарчим. Тэр утгаараа Боловсролын ерөнхий хуулийг багцалъя гэсэн санаа нь сайн. Гэхдээ энэ хууль өөрөө цогц байж чадаж байна уу гэвэл эргэлзээтэй. Ажлын хэсгүүд нь тусдаа гарсан. Өргөн барихдаа долоо, найман хууль оруулж ирсэн. Дээрээ гараад зарим хууль нь бусадтайгаа салж, нийлсэн. Тэр хооронд ажлын хэсэг ямар их өөрчлөгдөв өө. Байнгын хороон дээр байгуулагдсан ажлын хэсгийн заримд нь миний бие орж ажиллаж байсан. Бид Боловсролын яаман дээр байгуулагдсан ажлын хэсэгт саналаа хүргүүлж байсан боловч тусгагдаагүй. Жишээлбэл, судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хууль тусдаа өргөн баригдахад миний бие ажиллаж байлаа. Тэгэхэд энэ асуудлыг их, дээд сургуультай нийлүүлнэ гэснээ салгачихсан. Тэгснээ буцаагаад нийлүүлчихсэн. Тэгснээ ажлын хэсгээ хэд сольж явсан. Дээд боловсролын тухай хуульд хүртэл бас их халаа, солио явлаа. Энэ маягаар хуулийн процесст ажлын хэсэг нь жигд, яг анхнаасаа орсон баг нь явж ирээгүй. Дотор нь ажиллаж байсан хүний хувьд харахад ер нь хууль их хариуцлагагүй явдаг юм байна. Судалгааны сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн ажлын хэсэг долоон удаа хуралдахад тавынх нь ирц бүрдэхгүй байх жишээний. Дараагаар нь УИХ-ын гишүүд асуудлаа ойлгохгүй, мэдлэг нь алга.

Уг нь Монгол Улсын хэлний тухай хууль гэж гаргах ёстой байсан юм. Миний бие тухайн үед 15 эрдэмтэн ахлаад хоёр жил гаруй уг хууль дээр ажилласан. Ингэхдээ хууль санаачлагчид “Шинжлэх ухаанаа дагаад явах уу. Эсвэл аль нэг улстөрчийн захиалгаар явах уу” гэдэг асуудлыг тавьж байв. Шинжлэх ухаанаа дагана гэхэд нь хоёр жил гаруй хугацаанд ажилласан. Ингээд яг өргөн баригдах үед гэнэт өөрсдөө дураараа өөрчилчихсөн. Ямар ч хамааралгүй гурван ардын багш авч ороод батлуулсан. Энэ хууль гарснаас болж их буруу, байхгүй ойлголтууд гарч ирсэн нь нийгмийг бухимдуулж байгаа. Жишээлбэл, Боловсролын хуулийг өргөн баримагц эхний өдөр англи хэлний асуудал үүссэн дээ. Англи хэлний лобби бүлэг байгуулагдаж, нэгдүгээр ангиас нь заах ёстой гэсэн мэдээллийн дараа нийгэм шуугьсан.

Тэр даруйд салбарын сайд нь гуравдугаар ангиас заах ёстой гэж мэдэгдмэгц ард түмэн талцаад эхэлсэн. Уг нь Ерөнхийлөгчийн дэргэд Монгол Улсын Хэлний бодлогын зөвлөл гэж бүхэл бүтэн байгууллага бий. Тэд энэ шуугианыг зохицуулах ёстой. Гэтэл ард түмэн дороо бужигнаад байхад тэнд таг чиг шүү. Яагаад гэвэл тэнд гадаад хэлний бодлого байхгүй. Монгол Улсын гадаад хэлний бодлого, Боловсролын салбарын гадаад хэлний бодлого гэж бий л дээ. Боловсролын салбарын гадаад хэлний бодлогод давамгай үүрэгтэй нь Боловсролын яам. Тэнд хариуцсан албан тушаалтан байх ёстой. Хууль орж ирэхэд тэндээс зөвлөгөө аваад, шинжлэх ухааны үндэстэй гардаг байх ёстой. Гэтэл өнөөдөр ийм зүйл алга. Хуульд хариуцлагагүй ханддаг явдал одоог хүртэл үргэлжилсээр байгаа нь Монголын эмгэнэл.

-Ер нь манайхан гадаад хэлийг багаас нь заах асуудлыг эсэргүүцэх нь их юм. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Манайхан гадаад хэлийг монгол хэлтэйгээ дайсагнуулдаг. Аль ч хэл нэг нэгэндээ дэмжиж туслалцаа үзүүлдэг юм. Түүнээс хоорондоо байлддаг хоёр зүйл биш. Тэгэхээр одоо гадаад хэлний мэдлэгтэй, сайн сурсан хүмүүс бол монгол хэлний олж хараагүй, монгол хэлний хөгжлийн зүй тогтлыг гаргаж ирж байгаа шүү дээ. Ер нь монгол хэл шинжлэлийн шинэ салбар эхлэхэд гадаад хэлнийхэн л оруулж ирсэн. Монгол хэлээ сайн сураад, найруулчихдаг байхад гадаад хэлээр ялгаагүй сайн найруулж чаддаг болно. Тиймээс нэг хэл нь нөгөөдөө тусалж байдаг нь ийм учиртай. Тэрнээс хооронд нь дайсагнуулж, сөргөлдүүлдэг хандлага манайд гарч ирэх юм. Гадаад хэлийг дэмжсэнийгээ дайсны тагнуул болгоод л. Зөвхөн монгол хэлийг дэмжиж байгаа нь монгол хүн ч гэнэ үү. Харин гадаад хэлийг дэмжиж байгаа нь монгол хүн биш болчихгүй шүү дээ. Аливаа шинэ зүйлийг нэвтрүүлэхэд шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн мэддэг хүмүүсийнх нь зохицуулалт байхгүйтэй холбоотой ийм маргаан гараад байгаа хэрэг. Анхнаасаа иймэрхүү маягийн будилаан шуугиан үүсгээд байвал энэ хууль явахгүй шүү дээ. Ер нь ЕБС-иудад гадаад хэлийг сонголтоороо сурах эрхийг нь нээгээд өгчих хэрэгтэй. Чөлөөтэй менежментээр зохицуулж болно.

-Та сая Судалгааны сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийг Боловсролын багц хуульд тусгах шаардлагатай гэлээ. Том зургаараа ийм сургуулийн цар хүрээ, ач холбогдол нь улсын хөгжилд нөлөөлж чадах уу?

-Хэрэв ийм хуультай байвал Монгол Улс яг жинхэнэ оюуны чадамжаа үнэлж гаргаж ирэх гэж байна хэмээн учир мэддэг хүмүүс бахархах байсан байх. Хамгийн гол нь ийм чухал хуулиа бужигнуулаад байгаагаас төрийн залгамж чанар, аливаад хандах хандлага ямар байдаг нь тод харагдаж байна. Дээд боловсролын тухай хуульд их, дээд сургуулиуд, коллежууд багтаж байгаа. Өнөөдрийн Монголын оршин тогтнох, ирээдүйд хэрхэн хөгжихөд монгол тархийг яаж бий болгох вэ. Энэ улс орныг монголчууд л авч явна. Бид өөрсдөө ямар замаар явах вэ гэдгээ гаргана. Үүнийг хэн гаргах вэ, Монгол хаашаа явах юм, хэдийд ямар түвшинд хүрэх юм бэ.

Тэгвэл гадны улсуудад хөгжлийн замын зураглал байдаг. Харин манайд алга. Нэг сайн тал гэвэл Засгийн газар алсыг харсан хөгжлийн бодлогууд гаргаад байгаа нь зөв. Гэхдээ тэдгээр нь шинжлэх ухааны үндэслэлтэй хийгдэж чадаагүй. Бидний хөгжлийн замыг тодорхой гаргаагүй гэсэн үг. Тиймээс одоо үүнийгээ дахин засч залруулж хийх ёстой. Бидний очих цэгт явах зам нь тодорхойгүй байгаа үед доошоо бүх зүйл будилаантай байна. Эхлээд үүнийгээ засъя. Тэгвэл хэн засдаг вэ. Гадны өндөр үнэтэй экспертүүд авчрах уу. Тэр хүн монгол ахуйг гадарлах уу. Сүүлийн үед гадаадын том, том дипломтой хүмүүс ирлээ л гэж байна. Тэд Монголын амьдралыг мэдэх үү. Эцсийн дүнд монгол боловсрол, монгол тархи гарч ирэх хэрэгтэй байна. Тэгэхээр дэлхийн түвшний судалгааны их сургуулиуд байх ёстой. Тэд зөвхөн улс орны төдийгүй бүс нутаг, дэлхийн хөгжлийн таамаглал, үндэслэлийг тогтоодог байгууллага. Үүнийг хөгжүүлэхийн тулд онцгой анхаарах цаг болсон.

-Боловсролын салбарыг хөгжүүлж, мөнгө олдог салбар болгохын тулд төрийн зүгээс ямар бодлого баримтлах ёстой юм бэ?

-Хамгийн том асуудал бол татвараас нь чөлөөлөхөөс эхэлнэ. Өөрөөр хэлбэл, боловсролын байгууллагуудыг татвараар дэмжих, санхүүгийн дэмжлэг үзүүлэх заалтууд хуульд тусгагдаагүй. Тэгэхээр энэ хуулиуд ямар ч амин сүнсгүй. Дэлхийн чиг хандлагыг харахад тухайн байгууллагын үйл ажиллагаа явуулахад саад тотгор үзүүлж байгаа зүйлийг хөнгөлөхийн тулд хууль оршин тогтнодог. Гэтэл энэ том хөшүүрэг байхгүй хууль баталчих юм бол ямар ч хэрэггүй. Боловсролын багц хуулийг үнэхээр батлах гэж байгаа юм бол олон жил хүлээлттэй байсан гэдгээр шахаж болохгүй. Харин жинхэнэ шинжлэх ухааны үндэслэлтэй, чанартай, Монголын боловсролыг хөгжүүлж, өөрчилнө гэсэн чиг хандлагатай гаргаж ирэх ёстой.

Ер нь аль ч салбарыг хөгжүүлэхэд тогтолцоотой шууд холбоотой. Шинжлэх ухааны үндэслэлтэй зөв бодлого гараад, тэрийг хэрэгжүүлдэг арга зам нь тодорхой болсон үед мөнгө аяндаа урсаад ороод ирнэ. Гэтэл цоорхой шүүр шиг байгаа үед хичнээн мөнгө оруулаад ямар ч нэмэргүй. Жишээлбэл, Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь хөдөө аж ахуй юм уу, уул уурхай юу гэдэгтээ тогтох ёстой. “Алсын хараа 2050” хөгжлийн бодлогод найман эрхэм зорилго тавьсан байна лээ. Ийм олон толгой хаашаа ч явж чадахгүй. Тэгэхээр монгол хүн баян тансаг сайхан орны иргэн болохын тулд юу хийх ёстойг өрөх хэрэгтэй. Ингэхдээ монгол хүнээ голд нь тавиад тойруулаад зорилтоо зооход яалт ч үгүй боловсролын салбар гараад ирнэ. Хичнээн сургууль, боловсон хүчин бэлтгэх вэ, хаана яаж байрлах вэ, санхүүжилтийг нь яаж шийдэх вэ гээд төлөвлөөд гаргаад ирэхэд болох л асуудал. Гэтэл өнөөдөр хувь, хувьсгал гээд талцаад байх юм. Наанадаж төрийн төлөвлөсөн бодлого байгаагүйгээс Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн боловсон хүчний асуудал үүссэн байж таарна даа. Энэ гажгаа засч сайжруулах гарц гаргалгаа зөндөө бий. Үүнийг ажлын хэсэгт орсон хүмүүс зохицуулах бүрэн боломжтой. Дээд боловсрол дээр бас маргаан явж л байна. АНУ-ын хөгжлийнх нь гол үндэс нь АНУ-ын их сургуулийн хөгжил гэж үздэг. АНУ-ын их сургууль, шинжлэх ухаан нь хөгжөөд ирсэн учраас улсаа дэлхийд тэргүүлэх эдийн засагтай орон болгочихсон юм. 1965 онд Калифорни муж хөгжихийн тулд дээд боловсролын байгууллагаа гурав хуваасан байдаг. Эхний арван сургуулиа зөвхөн шинжлэх ухаанчаар улс орноо хэрхэн яаж хөгжих замыг гаргаад өг гэсэн. Дараагийн хэсэгт нь та нар бидэнд дээд боловсролтой боловсон хүчнээ бэлтгээд өг. Гурав дахь хэсэгт нь коллеждоо ажиллах хүчнийг бэлтгээд өг гэсэн. Ингээд байгууллагаа гурав хуваасан. Калифорнийг хөгжүүлсэн, яг тэр загвараар АНУ-ыг хөгжүүлчихсэн юм. Тиймээс АНУ-ын энэ загвар бол алтан загвар гэж дэлхийгээр түгсэн. Ганцхан Монгол Улс л энэ олон их, дээд сургуулиа хувааж өгөхгүй байна.

-Энэ нь юутай холбоотой гэж харж байна вэ?

-Сургуулиудын зорилго нь өөр, өөр байгаа. Тухайлбал, судалгааны их сургууль улсын хөгжлийн загварыг тодорхойлоход чухал үүрэгтэй. Тэдэнд“Яг Монгол орныг хөгжүүлэх хөгжлийн чиг хандлагыг та нар гаргаж өг” гээд Засгийн газар нь толгойлоод захиалгаа өгдөг байх ёстой. Гэтэл үүнийг хэн нэгэн эрх мэдэлтэн өөрийнхөө байгууллага дээрээ төсөв мөнгийг нь аваад нурааж, самраад байна. Тэгэхээр олон зуун жил туршигдаад ирсэн, мэдлэгийг үйлдвэрлэдэг судалгааны сургуулиудыг хөгжүүлээгүй орон хөгждөггүй юм. Энэ утгаараа бид их сургуулиа анхаараач ээ гээд байгаа юм. Өнөөдөр ЕБС-ийн хуулиасаа илүү энэ чиглэлд онцгой ач холбогдол өгөх ёстой. Боловсролын салбарын төдийгүй Монгол Улсын толгойг бий болгох гэж байгаа тэр байгууллага энэ багц хууль дотор явж байна. Үүнийг босгочих юм бол дараа, дараачийн шатных нь их сургууль, дээд сургууль, коллеж, ЕБС, цэцэрлэг, ясли гээд энэ салбар бүхэлдээ жигдэрчих юм. Тэгэхгүй дороо л бужигнаад байхаар үр дүн олохгүй байна. Эхлээд дээд боловсролын хуульдаа анхаараач ээ. Их сургуулийн амин сүнс болсон шинжлэх ухаанаа дэмжээч ээ.

-Манай улс Шинжлэх ухааны академитай биш бил үү?

-Шинжлэх ухаан гэхээр ямар нэгэн академи болж хувирдаг. Тэндээ дорвитой хөгжсөн шинжлэх ухаан ч байдаггүй. Их сургууль нь ч их сургуулийнхаа утгаар ажиллахгүй байна. Шинжлэх ухааны мэдлэг бий болохгүйгээс иргэд хоцрогдоод байна. Чанар биш тоо ярьдаг болчихлоо. Өнөөдөр ҮХНӨ-ийг хийж, УИХ-ын гишүүдийн тоог өөрчлөх асуудал орж ирэхэд нийгэм талцаж, маргалдаад байна шүү дээ. Хамгийн гол нь ямар тогтолцоо, тэр нь яаж ажиллах вэ гэдгээ Монгол Улс өөрийнхөө онцлогт тохируулах ёстой. Гэтэл манайх эх, зах нь олдохгүй хууль үйлдвэрлээд байдаг, хөгждөггүй ээ. АНУ-д гэхэд ийм олон том, том хууль байхгүй. Акт маягаар зохицуулдаг.

-Боловсролын салбарыг хөгжүүлэх гарц шийдэл?

-Хамгйн гол нь дэлхийн жишгийн дагуу хөгжих ёстой. Олон төрөл ангилал болох ёстой. Бодлого нь зөв байх юм бол хөгжил ирнэ. Эхлээд саадгүй, гадаадын зах зээлд өөрийн олсон мэдлэгээ борлуулаад, гадны оюутнууд манай ирээд хөгжөөд явчихаж болж байна. Хөгжлийг дэмжсэн эрх зүйн орчин үгүйлэгдэж байгааг дахин хэлмээр байна. Ойрын жишээ гэвэл манай урд хөрш байна. Социалист орон хэрнээ хувийн хэвшлийн их, дээд сургуулиудаа дэмжих хууль гаргалаа. Энэ хуулиараа хувийн их, дээд сургуулиудад төрийн байгууллагууд байр саваа үнэгүй ашиглуул. Хувийн их, дээд сургуулиудад байшин сав барья гэвэл газрыг нь үнэгүй өг гэж байна. Банкууд бараг хүүгүй шахам зээл өгч оюутнуудаа дэмжиж байнгаа. Тэгэхээр манай ардчилсан орон юун хувийн хэвшлийн манатай байдаг. Юм л болбол хувь, хувьсгал гэж ялгадаг. Монголын л боловсролд хүндэтгэлтэй хандах ёстой.

Яг үнэндээ өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дандаа улстөрчид ярилцлага өгөөд байдаг. Тэд зөвхөн сэтгэлийн хөөрлөөр, зарим нь ард түмэнд таалагдах гэж худлаа попордог. Энэ бол чөлөөт хэвлэл мэдээллийн орон зай дутагдаж байгаагийн тод жишээ. Чөлөөт хэвлэл мэдээллийг хэрхэн, яаж хөгжүүлэх талаар манай сургууль дээр удахгүй докторын хамгаалалт болох гэж байна. Үүнд бид маш их анхаарал тавьж байгаа. Өнөө цагт мэргэжлийн судлаачдын дуу хоолой үгүйлэгдэж байна. Ардчилсан улс оронд “Өдрийн сонин” шиг судлаачид, ард түмнийг төртэй холбодог гүүр болсон чөлөөт хэвлэлийг дэмжихгүйгээр улс орон хөгжиж чадахгүй. Аливаа асуудал шинжлэх ухаанчаар ханддаг судлаачдын байр суурийг ард түмэн, төр засагт хүргэдэг танай сонинд үнэхээр талархаж байна. Иймээс өнөөдөр шинжлэх ухааны үнэн үг бусад хэвлэлүүдэд гарахгүй байгаа нь худлаа биш. Энэ бол гамшиг. Ардчилсан оронд төрийн үүрэг бага, иргэдийн эрх нэмэгддэг. Үүнийг удирдан чиглүүлэхэд чөлөөт хэвлэлийн үүрэг оролцоо асар өндөр. Тиймээс чөлөөт хэвлэлийг төрийн бодлогоор дэмжихгүй бол энэ улс орон чинь явахгүй ээ.

-Соёлын яамнаас хэрэгжүүлж байгаа “Хос бичигтэн” хөтөлбөрийн талаар таны байр суурийг сонсъё?

-Дэлхийд хос бичиг гэж байхгүй. Хос хэл гэж бий. Хоёр хэлийг төгс эзэмшиж байгаа бол хос хэл гэнэ. Харин хос бичиг гэж нэг үгийг хоёр янзаар тэмдэглэдэг орон дэлхийд байхгүй. Манай улс 2025 оноос уйгаржин хос бичгээр бичнэ гэсэн хууль баталчихсан. Ийм дампуу зүйлийг ярих арга алга.

Монгол хэлийг сайн сурахын тулд жинхэнэ цэгцтэй, орчин цагийн тэмдэглэж байгаа бичиг үсэгтэй нь сурах хэрэгтэй. Харамсалтай нь дөнгөж монгол хэлээ сурах гээд ядаж байгаа хүүхдүүдэд эртний хэлийг эртний бичигтэй нь оруулж ирж байна. Энэ бол өнөөдөр гадаад хэл, монгол хэлийг төгс сурахад нь хорлож байгаа асуудал юм. Дээрээс нь одоо монгол хэл, бичиг гэж үг шалгалтад оруулаад ирмэгц уйгаржин болгочихдог. Ингээд түм, буман хүүхэд монгол хэлнийхээ шалгалтад унаад байна. Үүнээс болж хүүхдүүд монгол хэлэндээ дургүй болох, үгүйсгэхэд хүрдэг. Цаашилбал гадаад хэл сурах сонирхолыг нь алж байна. Тэгэхээр одоо үүнийгээ боль.

Тэр хуулийг хэрэгжүүлэх гээд шахахаар явахгүй. Гэтэл амьдралд хэрэгждэггүй ийм хуультай адилхан Боловсролын багц хуулийг битгий хийгээсэй. Тиймээс мэргэжлийн хүмүүсээр сайн хэлэлцүүлэх ёстой.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр морь өдөр DNN.mn

Аргын тооллын тавдугаар
сарын 12, сугар гариг. Билгийн
тооллын 22, тооно одтой,
цагаан морь өдөр. Өдрийн
наран 5:18 цагт мандан, 20:19
цагт жаргана. Тухайн өдөр
нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг
сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу
нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж,
биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ
ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ
хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр
гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл
авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр,
байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх,
хэрүүл тэмцэл хийхэд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай,
морь, бич, тахиа болой. Хол газар яваар
одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал
эд, эдлэл, идээ, ундаа олно.