Categories
мэдээ улс-төр

Д.Өнөрболор: Их долоогийн уулзалтын эргэн тойронд DNN.mn

Тэртээ 1945 онд 140 шахам мянган хүнээ атомын бөмбөгт алдсан Японы Хирошима хотод АНУ, Англи, Франц зэрэг цөмийн зэвсэгтэй улс орнууд багтдаг Их долоогийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 19-21 –ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.

Хирошимагийн Энх тайван, дурсгалын музейд дэлхийн хамгийн чинээлэг, эрх хүчтэй улс орнуудын төрийн тэргүүн нар аймшигт цаг үеийн сэтгэл сэрдхийлгэсэн зураг, бодит баримтыг нүдээр үзэхээс чуулга уулзалтын ажиллагаа эхэлсэн юм.
Цөмийн зэвсэг хэрэглэхгүй байх, үл дэлгэрүүлэх, даян дэлхийд энх тайван, амар амгалан байдал тогтоохын төлөө тэд цэцэг өргөж, цөмийн зэвсэгт хэлмэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэсэн билээ. Цөмийн зэвсэгтэй улс орнуудын удирдагч нар цөмийн аюулын түүхэн бодит баримт, материалыг нүдээрээ харахын утга учир их биз ээ.
Чуулга уулзалтад Их долоогийн удирдагч нараас гадна цөмийн зэвсэгтэй Энэтхэг болон Индонез, Бразил, Вьетнам, Австрали, БНСУ, Күкийн арал, Коморын төрийн тэргүүн нар урилгаар оролцов. Global South-ийн орнуудын төлөөлөл юм. 77-ын бүлэг ч гэдэг. Украйны үйл явдлаас хойш эрчим хүч, хоол хүнс, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хамгийн их нэрвэгдэж буй, цар тахлын нөлөөлөл хүнд туссан улс орнууд бий. Эдгээр орнууд дунд хэт нэг талыг барилгүй төвийг сахидаг улс ч бий. Энэ бүхэн Global South-ийн орнуудын нэгдэл нягтралыг бий болгож, ДНБ –ий хэмжээгээрээ Английг гүйцэж, дэлхийд 5-д бичигдэх болсон Энэтхэг улс манлайлан өнгөрсөн 1-р сард онлайнаар 120 гаруй улс орны тэргүүн нар оролцсон “Global South-ийн орнуудын дуу хоолой” саммит зохион байгуулсан билээ. Эдгээр орнуудыг партнер гэж үзэж харилцаа хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх нь Их долоогийн хувьд өнөө цагт маш чухал, тулгамдсан асуудал бөгөөд даргалагч улс болох Японы Ерөнхий сайд Кишида “Никкей” сонинд өгсөн ярилцлагадаа “Олон улсын хууль дүрэм буурай байр сууринд байгаа улс орнуудад ч хамаатай, тэдний тусын тулд ч байдаг. Хуулийн засаглалыг чанд сахиж, олон улсын дэг журмыг баримтлах нь Азид ч Африкт ч хамаатай” гэж онцолжээ.
Украйны Ерөнхийлөгч В.Зеленский чуулга уулзалтын сүүлийн өдөр оролцлоо. Тэрээр цахимаар оролцох ёстой байсан ч өөрийн хүсэлтээр биеэр оролцох болжээ.Тэрээр мөн дээрх музейд зочилж “нэг талаараа тухайн үеийн Хирошиматай манай эх орон адилхан байна, одоо Хирошима энх амгалан, тайван, сэтгэл татагдам сайхан хот болжээ, бид ч мөн улс орноо дахин сэргээн байгуулах болно” гэж ярьжээ. Зэр зэвсэг, хөрөнгө санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгааг, мөн цөмийн зэвсэг хэрэглэхгүй байхыг уриалж буй бололтой байна.
Цөмийн зэвсэгтэй АНУ, Англи, Францын төрийн тэргүүнүүд зэрэгцэж зогсоод G-7-ийн дээд хэмжээний уулзалтаас “ Хирошимагийн тунхаглал” хамтарсан мэдэгдэл гаргалаа. Цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийг алсын хараа болгож, аюулгүй байдалд хохирол учруулахгүй хэлбэрээр бодит, хариуцлагатай зөвшилцөл бүхий үйл ажиллагаанд нэгдэнэ гэдгээ илэрхийлсэн байна. Цөмийн зэвсгийн ямар ч хэрэглээг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн онцолж,цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээ (NPT) –г баримтлах болно гэжээ.
Цөмийн бөмбөгдөлтөд өртсөн цор ганц улс болох Японд G-7 саммит болж байгаагийн хувьд цөмийн аюул занал, сүрдүүлэг ялангуяа БНАСАУ, БНХАУ –ын цөмийн зэвсгийн тунгалаг шилэн бус нөхцөл байдлыг буруушааж, цөмийн зэвсгийг хориглох, дэлгэрүүлэхгүй байхад чиглэсэн үйл ажиллагааг улам бүр идэвхижүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.
Манай дэлхийд 2022 оны байдлаар цөмийн цэнэгт хошуу 13 мянга орчим байна. АНУ 5425, ОХУ 5975, Англи 225, Франц 290, БНАСАУ 40,Израйль 90, Пакистан 165, Энэтхэг 160, БНХАУ 350 орчим цөмийн цэнэгт хошуу хадгалж байна.
Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгон зарлаад 30 гаруй жил өнгөрчээ. Биднийг тойроод 6000 орчим цөмийн цэнэгт хошуу байна. Орос-Украйны дайны эгзэгтэй цаг үед ОХУ нь Беларусийн нутаг дэвсгэр дээр цөмийн төхөөрөмж суурилуулж, АНУ-ОХУ-ын хооронд байгуулагдсан “Шинэ эхлэл” гэрээнээс энэ оны 2-р сард түр гарч байгаагаа зарлаад байгаа билээ.Энэ гэрээгээр орос, америкийн талууд цөмийн цэнэгт хошуугаа тус бүр 1550 хүртэл бууруулан барьж байх, 2026 он хүртэл хүчин төгөлдөр байхаар туссан байдаг. БНХАУ 2035 он гэхэд одоогийнхоос 4 дахин их буюу орос, америкийн нэгэн адил 1550-д хүргэнэ гэсэн америкчуудын судалгаа бий.
Хирошимагийн тунхаглалд “Цөмийн зэвсэггүй дэлхий ертөнц” бий болгохын тулд цөмийн зэвсгийн тоог бууруулах, ил тод нөхцөл байдлыг хангах, цөмийн зэвсэг хэрэглэхгүй байх, цэрэг дайны зориулалтаар плутон үйлдвэрлэлийг хориглох, дэлхийн удирдагчид Хирошима, Нагасакид ирж цөмийн эсрэг дуу хоолойд нэгдэх, түүхийн баримттай танилцахын чухлыг тэмдэглэсэн байна.
Их долоогийн удирдагчид хиймэл оюун ухааны хэрэглээ, аюулгүй байдал, зохиогчийн эрхийн асуудал, худал мэдээллээс хэрхэн сэргийлэх арга хэмжээний талаар санал солилцож Их -7 ийн орнуудын баримтлах бодлогыг нэгтгэх дээр санал нэгдлээ. Тиймээс мэдээллээ хуваалцах, мэдээлэл цуглуулах “ Хирошимагийн процесс” үйл ажиллагаа явуулах юм. Асар хурдацтай хүчээ авч байгаа хиймэл оюун ухаан AI –ы олон улсын дүрэм журам бий болгохыг зорьж байна. Хиймэл оюун ухааныг багтаасан шинэ дижитал технологийн тухайд олон улсын дүрэм бий болгох асуудал зайлшгүй хөндөгдөхийг ийнхүү үгүйсгэсэнгүй. Энэ ондоо багтааж мэдээллээ боловсруулж илтгэх юм байна.
Чуулга уулзалтаар эдийн засгийн аюулгүй байдлын талаар нарийвчилж хэлэлцжээ.Ялангуяа Хятадын бодлогыг онцгойлон авч үзсэн байна. Хятадын эдийн засгийн өсөлтийг аюул хэмээн харж байна. Худалдаагаар дамжуулан эдийн засаг нь Хятадаас салшгүй хамааралтай болсон орнуудтай Бээжин сөргөлдөж байгааг дурьджээ. Худалдааны хориг арга хэмжээ авахаасаа цэрвэхгүй болсон. Тухайлбал АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах системийг суурилуулсан Өмнөд Солонгос, ковидын эх үүсвэр уг голомтын талаар санал зөрөлдсөн Австралийн чулуун нүүрсний экспортод өндөр татвар ноогдуулж,
Балтийн орнууд Тайваньд де-факто элчин сайдын яамаа байгуулахыг зөвшөөрсний дараа Литвийн экспортод хориг тавьсан нь Европын холбооны дургүйцлийг төрүүлээд байгаа ажээ. Иймд Их-7 “эдийн засгийн эмзэг байдлыг зэвсэг болгон ашиглаж” буй БНХАУ-ын эдийн засгийн өсөлт нь “түгшүүр төрүүлж байгааг ” онцолсон байна.
Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак “Хятад улс дэлхийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтэд “манай эриний хамгийн том сорилт” болоод зогсохгүй “дотоод болон гадаад бодлого нь улам бүр авторитар шинжтэй болж байна” хэмээн мэдэгдсэн байна. Хамтарсан мэдэгдэлд “Эдийн засгийн албадлагын талаарх зохицуулалтын платформ” гэж нэрлэсэн санаачилгыг дэвшүүлж, санаачилгад нэгдсэн гишүүдийг тогтмол хуралдуулж, мэдээлэл солилцож, “эдийн засгийн албадлага” хэрэглэхээс өмнө сэрэмжүүлэх үйл ажиллагаа явуулах ажээ.
Мөн чуулга уулзалтанд оролцогсод илүү уян хатан нийлүүлэлтийн сүлжээ бий болгох, онц чухал технологиудыг хамгаалах зэрэг арга хэмжээ авна гэдгээ онцоллоо. Түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар багасгах арга хэмжээ авна гэдгээ зарлалаа. Хагас дамжуулагчийн түүхий эд болох газрын ховор элемент зэрэг стратегийн ач холбогдолтой түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх тал дээр онцгой анхаарах юм байна. Мөн цар тахлын сургамжаар дэлхий даяар вакцин нийлүүлэлтийн шинэ бүтцийн талаар хамтарсан мэдэгдэлд дурьдсан байна. Хүйсийн тэгш байдал, хүний эрхийн зөрчилд анхаарлаа хандуулжээ. Тайваны хойгийн энх тайван, аюулгүй байдал нь “олон улсын хамтын нийгэмлэгийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтэд зайлшгүй чухал” гэж хамтарсан мэдэгдэлд дурьджээ.
Украинд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлэхээ зарлалаа. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден Украинд үзүүлэх 375 сая долларын цэргийн тусламжийн багцыг чуулга уулзалтад танилцуулсан байна. Энэ нь дайн эхэлснээс хойш Украинд амлаад байсан 37 тэрбум ам.долларын тусламжийн хамгийн сүүлийн хэсэг юм. Ж.Байден Хирошимад хэвлэлийн бага хурал дээр “Украины өөрийгөө хамгаалах чадвар нь энэ дайныг бүрмөсөн, дипломат аргаар зогсооход чухал ач холбогдолтой” хэмээн мэдэгдлээ.АНУ байлдааны сөнөөгч онгоц F-16-г Европын орнууд Украйнд нийлүүлэхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлэв.Тун удахгүй европын аль нэг оронд F-16 –аар нисэх украйн нисэгчдийг америкчууд бэлтгэх, давтан бэлтгэх сургалтаа эхлэх нь. Япон 100 орчим цэргийн хэрэгцээний авто машин Украйнд нийлүүлэх юм. В.Зеленский чуулга уулзалтад оролцох далимаар Их-7-ийн удирдагч нартай ганцаарчлан уулзаж, тусламж дэмжлэг хүсч аль болох олон улс орноор дэмжүүлэх гадаад харилцааны тэсрэлт хийлээ. Мөн Моди тэргүүтэй Global South –ийн орнуудын төлөөлөлтэй ч ганцаарчилж уулзаж амжжээ. Бразилийн Ерөнхийлөгчтэй уулзаагүй байна.Энэ бүхэн чуулга уулзалтын хамтарсан баримт бичигт ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг нэг шатаар ахиулж эрчимжүүлэхээр тусгаж буйтай хамааралгүй гэж хэлэх аргагүй юм. Энэтхэг ОХУ-аас нефть, эрчим хүч, Вьетнам зэвсгийн 80% орчмыг ОХУ-аас нийлүүлдэг.
G-7 дээд хэмжээний энэ удаагийн Чуулга уулзалтын үр дүнгээс харахад “Цөмийн зэвсэггүй дэлхий ертөнц” бодлогод манай улс урьдын явуулж байсан санаачилгатай үйл ажиллагаагаа идэвхижүүлэх шаардлагатай байна.
Манай Улсад G-7-ийн удирдагчдын нэг, Францын Ерөнхийлөгч Э.Макрон Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн дээд хэмжээний айлчлал хийж, хоёр орны хамтын ажиллагааг хэд хэдэн чиглэлд хөгжүүлэхээр санал нэгдлээ. Мөн хөгжиж байгаа орнуудтай буюу Global South-ын орнуудын нэгдэл нягтралд манай улс идэвхитэй хамтарч ажиллах, хуулийн засаглалд суурилсан олон улсын дэг журмыг бэхжүүлэхэд оролцоогоо хангах, дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс үүдэж түүхий нүүрсний экспортыг үе шаттайгаар бууруулах их гүрнүүдийн бодлогод бэлтгэлтэй байх, учрах эрсдлийг бууруулахад анхаарч ажиллах шаардлагатай байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ DNN.mn

Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу хоёрдугаар улирлын төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ.

Энэ удаагийн шалгалтад орохоор нийслэлийн хэмжээнд 1587 хүн бүртгүүлсэн. Гурван өдөр үргэлжлэх ерөнхий шалгалтыг өдөрт 4 ээлжээр, нэг удаад 133 иргэн шалгалт өгөх байдлаар зохион байгуулж байнаЯармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт эхэлсэн шалгалтын эхэнд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг “Төрийн албаны үйл ажиллагааны чанар, төрийн албанд ажиллагсдын үр дүн сургалтын байгууллагын чанараас шууд хамаардаг. Өмнөх жилүүдийн судалгааны дүнгээс харахад АШУҮИС, МУИС, Санхүү эдийн засгийн их сургуулийн төгсөгчид шалгалтад 51 хувьтай тэнцэж байсан. Цаашид ЕБС-ийн төгсөгчдийн боловсролын чанарыг уялдуулахаар судалж байна. Энэ жилийн тухайд улсын хэмжээнд 3816 иргэн төрийн албан хаагчийн ерөнхий шалгалтад орохоор бүртгүүлсэн. Шалгалт өгч буй бүх хүнд амжилт хүсье” гэлээ.

Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар болсон. Улмаар 2023 онд төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу 4 удаа зохион байгуулах юм.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Хурд” хамтлаг 30 жилийн ойгоо “Эрүүл ойн төлөө” уриан доор тэмдэглэнэ DNN.mn

Монголын рок попын томоохон төлөөлөл Хурд хамтлаг нь 1993 онд байгуулагдаж өдгөө 30 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байна. Нийт 7 гишүүнтэй ба төрсөн ах дүү нар гэдгийг та бүхэн маань мэдэх биз ээ.

  • Дамбын Ганбаяр-МУУГЗ хамтлагийн ахлагч
  • Дамбын Отгонбаяр МУГЖ хамтлагийн продюсер, Voice Mongolia coach
  • Дамбын Төмөрцог МУГЖ хамтлагийн дуучин
  • Дамбын Отгонбаатар- хамтлагийн бөмбөрчин, Уухай хамтлаг продюсер
  • Дамбын Мөнхбат- хамтлагийн гитарчин
  • Наранбаатар Намсрайжав- хамтлагийн гитарчин
  • Төмөрчөдөрийн Наранбаатар – хамтлагийн гитарчин

Хурд хамтлаг 30 жил тасралтгүй бүтээн туурвиж, нийт

  • 33 удаагийн бүрэн хэмжээний тоглолт
  • 117 видео клип
  • 18 CD
  • 1 алтан пянз, 2 пянз
  • 249 дуу бүтээж, Дэлхий даяарх Монгол туургатан олон сая сая үзэгчдэд уран бүтээлээ хүргэсэн.

Дэлхийн 60 гаруй сая Буриад, Халимаг, Тува, Өвөр Монгол, бусад орны Хятад, Казак үндэстэн болон Монгол туургатан маань Хурд хамтлагийн дууг сонсож, бүх цаг үед хамт байж ирсэн билээ.

Хурд 30 жил түүхт ойдоо зориулан Эх орон, Монгол ард түмэн, Эх болсон зургаан зүйл, Хамаг амьтан, Байгаль дэлхийгээ баясган Монголын байгалийн үзэсгэлэнт 30 газрыг сонгон бүх цаг үеийн шилдэг 30 дуугаа акустик хэлбэрээр дуулж, тоглон, 4 улирал дамнан дүрсжүүлж, тоглон, Бурхан Халдунаас эхлэн Хөвсгөл Цагаан нуур, Хорьдол сарьдгийн нуруу, Хэнтий Хар зүрхний хөх нуур, Дорнод Мэнэнгийн тал, Халх гол, Алтай таван богд, Отгон тэнгэр хайрхан гээд Монгол орноо бүтэн тойрч байгаль дэлхийдээ ая дуугаа өргөн сонсогч та бүхэндээ хүргэхэд бэлэн болжээ.

Хурд 30 контент нь дуу дүрсний чанарын өндөр түвшинд хийгдэж, дэлхийн нийтэд Монгол орны өв соёл, эх орноо суртачилах зорилготой ба монголчууд болон шинэ залуу үеийнхэнд байгаль эх орноо хайрлах, үнэ цэнийг ойлгуулах, Монголын үзэсгэлэнт байгалийг суртачилан таниулах зорилготой юм. Мөн аялал жуулчлалын чухал ач холбогдолтой контент болсон юм.

Хурд хамтлаг 30 жилийн хүрээнд Рио Тинто Монгол компанитай стратегийн түвшинд хамтран хорхойд идэгдэн устаж буй 1.5 тэрбум модыг энэ жилдээ багтаан аврахаар хамтран ажиллаж байгаа юм. 30 жилийн ойгоо “Эрүүл ойн төлөө” уриан доор тэмдэглэнэ.

Categories
мэдээ нийгэм

Хорих 425 дугаар ангийн эргэлтийн байранд хүмүүжигч эр эхнэрээ хутгалж хөнөөгөөд өөрийгөө боомилжээ DNN.mn

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Говьсүмбэр аймаг дахь жирийн дэглэмтэй 425 дугаар ангийн хоригдол эргэлтээр ирсэн эхнэрээ хөнөөж, өөрийгөө ч хорлосон онц ноцтой хэрэг өчигдөр гарчээ. Аймгийн Цагдаагийн газарт дуудлага мэдээлэл өчигдөр 09:50 цагт ирсэн байна. Цагдаа нар хэргийн газарт очиход 30 гаруй насны эмэгтэй хутгалуулж, мөн ийм насны эрэгтэй боомилсон байдалтай нас барсан байжээ.

Уг хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Өнөөдөр буюу тавдугаар сарын 23-ны өдрийн 09:00 цагийн орчимд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хашаанд хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн учир прокурорын зөвшөөрөлтэй мэдээлэл өгнө” гэв.

Энэ талаар Говьсүмбэр аймгийн цагдаагийн газрын ажилтантай холбогдож тодрууллаа.


-Хэргийн талаар тодруулахгүй юу?

-Ийм хэрэг гарсан нь үнэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 425 дугаар хорих ангийн эргэлт уулзалтын байранд эргэлтээр ирсэн эмэгтэй, түүний нөхөр болох ял эдэлж байсан эрэгтэй нас барсан дуудлага өчигдөр 09:50 цагт ирсэн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

-Ийм ноцтой хэрэг юунаас болж гарав. Урьдчилсан байдлаар тогтоогдсон уу?

-Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй.

-Тэгвэл энэ хэрэгт хэн нэгнийг холбогдуулж шалгаж байгаа юу, цагдан хорьсон уу?

-Хэн нэгнийг холбогдуулж, цагдан хорьсон асуудал байхгүй гэв.

Хэргийн талаар орон нутгийн нэрээ нууцалсан нэгэн иргэнээс тодруулж, дараах мэдээллийг авлаа.


-Танай аймгийн Хорих ангийн байранд хоёр хүн нас барсан ноцтой хэрэг гарсан байна. Дэлгэрүүлж ярьж өгөхгүй юу?

-Хэрэг 425 дугаар хорих ангийн эргэлтийн байранд болсон юм байна. Хүн нас барсныг өглөө /өчигдөр/ хорих ангийн харуул хамгаалалтынхан мэдсэн юм билээ. Нөхөр нь эргэлтээр ирсэн эхнэрээ хутгалж хөнөөгөөд, өөрөө дараа нь боомилж амиа хорлосон юм байна. Харуул хамгаалалтынхан ороход тэр хүмүүс аль хэдийнэ нас барчихсан байсан учраас Шүүх шинжилгээний газарт хүргэсэн. Тэд 30 гаруй насны залуухан хүмүүс байж.

-Хорих ангийн хяналттай байранд эхнэрээ хөнөөнө гэдэг ямар ноцтой юм бэ. Шалтгаан нөхцөл юу байсан юм бол?

-24 цагийн харуул хамгаалалттай газарт архи согтууруулах ундаа нэвтрүүлэхгүй. Тиймээс архидан согтуурч нэгнийгээ алсан гэж үзэх боломжгүй. Мэдээж гэр бүлийн маргаан л байсан болов уу.

-24 цагийн харуул хамгаалалтынхан ийм ноцтой хэргийг мэдээгүй байжээ?

-Тийм л бололтой. Хэрэг бол шөнө нэг, хоёр цагийн үед гарсан бололтой. Өглөө ажил эхэлсний дараа харуул хамгаалалтын хүмүүс эргэлтийн байранд орж юу болсныг мэдсэн. Нэг ёсондоо харуул хамгаалалт муу байсан гэсэн үг. Мэдээж хүний амь хөнөөж байхад амь тавьж чарлаж орилж таарна. Түүнийг мэдээгүй, бүхэл бүтэн хоёр хүний амь хорих ангийн хамгаалалттай байранд хохирно гэдэг ноцтой явдал.

-Хэрэгтэн ямар хэргээр ял эдэлж байсан юм бол?

-Хэрэгтэн Говьсүмбэр аймгийн харьяат юм байна. Чухам ямар хэргээр суусан нь тодорхойгүй байна. Хорих 425 дугаар анги бол жирийн дэглэмтэй хорих анги. 300-400 хоригдол хүлээн авах чадалтай. Ер нь чангаас жирийн дэглэм рүү шилжээд, наранд гарахад ойртсон хүмүүс л голдуу байдаг гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хилээр 310 кг байгалийн чулууг гаргахыг завджээ DNN.mn

Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр 310 кг байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг илрүүллээ.

Тодруулбал, энэ сарын 18-ны өдөр иргэн Д.Б 140 кг байгалийн чулуу, жолооч Б.Б 170,6 кг байгалийн чулууг автомашинаа нуувч болгон ашиглаж улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар тус тус илрүүлсэн юм.

Замын-Үүд дэх гаалийн газар он гарснаас хойш байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 48 үйлдлийг илрүүлжээ.

Иймд гаалийн байгууллагаас иргэдийг гэмт хэрэгт холбогдох аливаа эрсдэлээс өөрсдийгөө хамгаалахыг анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Засгийн газар хуралдаж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар соёлын салбарын ажилчдын цалин хөлсийг энэ онд багтаан нэмэгдүүлэх болсон талаар шийдвэр гарсан. Мөн Соёлын тухай хуулийн дагуу Орон нутагт ажиллаж буй соёлын салбарын ажилтан, албан хаагчдад таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай дүйх хэмжээний мөнгөн тэтгэмж олгох журмыг Засгийн газрын хуралдаанаар баталсан. Энэ хүрээнд 2023 оны батлагдсан төсвийн хүрээний дагуу зохицуулалт хийх, цаашид жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасан билээ.

Өнөөдрийн хуралдаанаар төсөвт тодотгол хийх асуудлыг хөндөж магадгүй байна. Учир нь өнгөрөгч даваа гаригт МАН-ын бүлгийн хурлаар Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар оролцож, цалин тэтгэвэртэй холбоотой танилцуулгыг хийсэн байна.

Өнөөдрийн хурлаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлнэ.

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

ӨНӨӨДӨР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД:

  • Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт болсон цаг агаарын аюулт үзэгдлийн талаар,
  • “Эмээлт эко аж үйлдвэрийн паркын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
  • “МИАТ ТӨХК-ийн орон нутгийн чиглэлд нислэг үйлдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Насан туршийн суралцахуйг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
  • “Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын мэргэжлийн өөрийн өртгийг үндэслэн тогтоосон нэг сурагчид ногдох хувьсах зардал, аргачлал батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 33 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийт нутгийн 10 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр бэлчээрийн ургамлын ургалтын байдлыг танилцуулъя. 2023 оны тавдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 10 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна.

Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Сүхбаатарын ихэнх, Увс, Ховд, Хөвсгөл, Төв, Дорноговийн зарим сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй.

Орхоны нийт, Увс, Булган, Сэлэнгийн ихэнх, Ховд, Говь-Алтай, Завхан, Архангай, Хөвсгөл, Төв, Өмнөговь, Сүхбаатарын зарим, Дорноговь, Хэнтийн ганц нэг сумдын нутгаар дунд, Дархан-Уул, Дорнодын нийт, Хэнтийн ихэнх, Увс, Хөвсгөл, Сэлэнгэ, Төвийн зарим, Булган, Өмнөговь, Сүхбаатарын зарим сумдын нутгаар хэвийн байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Францын Ерөнхийлөгч Макроны айлчлал эдийн засаг бодитой хөгжихийн дохио боллоо DNN.mn

Бүгд найрамдах Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад албан ёсны айлчлал хийгээд буцлаа. “Их долоо”-гийн орнуудын нэг, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, НАТО-г үүсгэн байгуулагч, хүний эрх, эрх чөлөөг дээдлэгч хүчирхэг орны төрийн тэргүүний айлчлал гэдэг гуравдагч хөршийн мөнхийн хэрэгцээ шаардлагатай манай улсын хувьд тунчиг тааламжтай үйл явдал юм. Өмнө нь Монгол Улсад дэлхийн топууд айлчилж л байсан. НҮБ-ын тэргүүн, АНУ-ын ерөнхийлөгч, Германы канцлер, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч, Японы ерөнхий сайд гээд уртаас урт цуваа гарна. Харин энэ удаагийн Францын тэргүүний айлчлал бол ковидын цар тахал, Орос Украины дайны нөлөөгөөр уруу дорой байгаа манай нийгэм, эдийн засагт итгэл найдвар төрүүлсэн, гэрэл гэгээ оруулсан явдал боллоо.

Ковидын цар тахлаар гурван жил шахам хил хаагдаж, дотоодын эдийн засгийн цусны эргэлт царцанги байдалд орсон. Цар тахал арай нэг гайгүй болмогц дайн эхэлснээр эдийн засгийн хямрал үргэлжилсээр байна. Инфляци дийлдэхээ больж, ард түмэн өдөр хоногийг л өнгөрөөх хэмжээний орлоготой байсан энэ үед арай ойроор нь бид Япон, Өмнөд Солонгосыг царайчлангуй хардаг байлаа. Гэтэл хаа холын Францын тэргүүн гялалзтал айлчилж, газарт унаад байсан урам зоригийг тэнгэрт гаргаж өглөө. Монголчууд мөнхөд хоёр хөршийнхөө аясыг дагах ёсгүй гэдгийг, ганцаардмал хөөрхийлөлтэй хувь заяатай биш юм гэдгийг ч санууллаа.

Айлчлалын үеэр харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг харилцан ашигтай хамтран хэрэгжүүлэх болон олон улсын харилцаанд тулгамдсан нийтлэг зарим асуудлаар ярилцаж, хоёр улсын Ерөнхийлөгч нар хамтарсан тунхаг гаргасан. Хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх зарим төсөл хөтөлбөрийг онцолъё.

Онцолбол, “Эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хүрээнд “Бадрах Энержи” ХХК-ийн Зөөвч-Овоо төслийн хөрөнгө оруулалт болон хувьцаа эзэмшигчдийн гэрээний төслөөр яриа хэлэлцээг эрчимжүүлж, ирэх намар байгуулах чиглэлээр ажиллана. Мөн сэргээгдэх эрчим хүчний салбарт Францын хөрөнгө оруулалтыг дэмжих, нэмэгдүүлэх, эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, цэвэр эрчим хүчинд шилжих чиглэлээр ажиллана” гэжээ. Хамгийн чухал, үндсэн гэмээр хамтрах төсөл хөтөлбөр бол энэ юм.

Монгол Улс ураны батлагдсан нөөцөөрөө дэлхийд тавд ордог бол Франц улс ураны хэрэглээ, атомын цахилгаан станцын тоогоороо тэргүүлдэг. Нэг талд нь ураны нөөц, нөгөө талд нь асар их хэрэгцээ байгаа цагт аль алиныхаа эрх ашигт нийцсэн томхон төсөл хэрэгжүүлэхэд л гуравдагч хөршийн хамгаалалт, эдийн засгийн шинэ эргэлт, орлогын шинэ эх үүсвэрүүд гээд тун таатай нөхцөлүүд манайд бүрдэх нь тодорхой. Харин бид бусдын хатгаасаар ураны эсрэг жагсаж, алдарт “гурван толгойтой тугал”-ын үлгэрээ яриад эхлэмгүй байна. Үнэхээр ураны шар нунтагаас хордоод гурван толгойтой тугал гараад байгаа юм бол тэндхийн хүүхдүүд ч гэсэн яагаад гурван толгойтой төрдөггүй юм бол.

Энэ бол бусдыг төөрөгдүүлэх гэсэн худал цуу яриа юм. Юу ч нягталж шалгадаггүй, аман эх сурвалжид итгэдэг манайхны зан араншинд тохируулсан пиар билээ. Энэ чигийн нэг эрдэмтэн “Ураны шар нунтаг чинь энэ шүү дээ” гээд цүнхнээсээ шилэнд хийсэн шар юм гаргаж үзүүлээд аймхай нэгний зүрхийг авах дөхсөн гэдэг. Гэтэл дэлхийд мөрдөж байгаа технологийн дагуу л ажиллаад, ашиглаад байх юм бол атомын станц, ураны олборлолт нь хор хөнөөлгүй гэдэг нь олон оронд батлагдаад л явж байна. Францад уран олборлож байсан газраа шугуй шиг шигүү мод тарьж, баялаг загастай нуур байгуулчихаад, түүнээс нь хүн, амьтангүй ундаалж байдаг нь үлгэр биш, хий хоосон пиар ч биш бодит байдал нь. Байдал ийм байхад монголчууд бид гурван толгойт тугалны үлгэрээр хичнээн ч жил айлгав даа. Өнөөдрийн байдлаар дэлхийн 31 оронд 420 цөмийн эрчим хүчний реактор ажиллаж байгаа. Шинээр 60 гаруй реактор баригдаж буй бол цаашдаа 160 орчим атомын цахилгаан станц баригдах төлөв гарсан байна.

Хөөрүү хийсгэлэн зантай монголчууд өнөөдөр арай нэг хэрсүү суух нь уу дээ гэж ажиглагдаж байна. Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны зээл, төрөл бүрийн сангуудын зарцуулалт гээд ард түмний боломжийг хулгайлсан хэргүүдтэй тэмцэж эхэллээ. Дотоодын ийм шударга ёсны тэмцэл, гадны өндөр дээд хэмжээний айлчлалууд зэрэг нь нийгэм цэвэрших, шударга ёс тогтох, эдийн засаг сэргэх, улс орон хөгжих эхлэл, үндэс суурь нь юм. Дотоодын луйвар, эх оронч бус хандлага л энэ улс орныг сүүлийн 30 жил сөхрүүлж гүйцсэн байна. Улс орноо улс шиг хөгжүүлэхийн тулд монголчууд бид өөрсдийгөө, сэтгэхгүйгээ өөрчилмөөр байгаа юм. Адаглаад л төрд ажилд орвол эх орноо тонон дээрэмдэж баяждаг гэсэн бодлоо өөрчлөх хэрэгтэй. Хоёрхон хөрштэй, энэ хоёрынхоо аясаар амьдрах ёстой гэсэн гутранги бодлоосоо ч салах хэрэгтэй юм байна. Өөрсдөө бид хүн шиг байж, улс орноо өөдтэйхөн авч явбал дэлхий биднийг тоох юм байна гэдгийг сүүлийн үеийн үйл явдлууд баталж байна. Дөнгөж өчигдөрхөн Монголд айлчлаад буцсан Францын Ерөнхийлөгч Макроны айлчлал л гэхэд Монголын эдийн засаг бодитой хөгжихийн дохио боллоо.

Г.Гэндэн
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Жаргалан: Бидэнд ардчилсан хувьсгалын хоёр дахь давлагаа хэрэгтэй байна DNN.mn

-Монголын хэдэн үеийн мөрөөдөл, итгэлийг МАН үгүй хийлээ –

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Жаргалантай ярилцлаа.


-Ардчилсан нам багагүй талцал тэмцэл, багагүй хугацааны дараа эв цавандаа орлоо. Нэг тамга тэмдэг, нэг туган дор ойлголцож нэгдсэн энэ үед АН-д яг ямар шинэчлэлийг хийвэл зохилтой гэж та харж байна?

-Өнгөрөгч гурван жилийн хугацаанд Ардчилсан нам нэлээн асуудалтай байсан нь үнэн. Гэхдээ би үүнийг зөвхөн АН-ын асуудал гэж харахгүй байгаа. Монгол Улсын ардчиллын ухралтын нэг хэлбэр гэж харж байна. АНбол Монголын ардчиллын тулгуур багана. Сүүлийн жилүүдэд Монголд ардчилал бодитоор хумигдлаа, бүх индексээр ухарсан үзүүлэлттэй байна. Энэ бүх макро хүчин зүйлүүд АНдээр илэрсэн. АНнээлттэй учраас дотоод зөрчил нь ил байдаг. Харин өнгөрсөн хугацаанд болсон үйл явдал бол дан ганц АН-ын дотоод зөрчлөөс шалтгаалаагүй. Үүнд дээр хэлсэнчлэн макро үзүүлэлтүүд, мөн эрх баригчид нөлөөтэй гэж бодож байна.

Жишээлбэл, нэг намын тамгыг хувилж хоёр талд олгосон. Энэ бол эрх баригчдын нөлөө орсны нэг илрэл юм. Үүнээс гадна том дүр зургаараа ардчиллын ухралттай холбоотой. Монгол Улс төв Азийн цээжин дэх ардчиллын баянбүрд хэмээгдэж ирсэн. Гэтэл сүүлийн жилүүдэд тэр байдал үгүй боллоо. Энэ бол бодитой шүү. Хоёр жилийн өмнө надад тулгарсан кейсийг ярья. Ардчиллын хөгжилтэй холбоотой олон улсын хуралд илтгэл тавих санал надад тухайн үед ирсэн. Би дотроо Монгол бол төв Азийн цээжин дэх ардчилсан улс учраас эерэг туршлагаа хуваалцаач хэмээн санал тавьж байгаа болов уу гэж бодоод ямар сэдвээр илтгэл тавих талаар лавлатал “Ардчиллын ухралтын талаар яриач” гэсэн. Олон улсад ингэж дүгнэж байна шүү дээ.

Ер нь ардчиллаас ухрах байдал ганц Монгол Улсад ажиглагдаагүй. Дэлхий нийтэд ажиглагдаж байгаа зүйл. АНУхүртэл олон сорилттой тулгарч байна. АНУ-ын ардчилал бат бөх суурьтай учраас бүрэлдэхүүн хэсгүүд нь тэрхүү сорилтуудтай тэмцэж, засч залруулаад явж байна. Европын холбооны зарим улсууд ч ийм асуудалтай тулгарч байна. Саяхан Туркт сонгууль боллоо. 20 жил эрх барьсан Рэжэп Тайип Эрдоган эхний шатаа давсангүй. Тайландад мөн парламентын сонгууль болсон. Сөрөг хүчний ардчиллын төлөөх намууд нь парламентаа бүрдүүлэхээр боллоо. Өөрөөр хэлбэл, ардчиллын бүрэлдэхүүн эд эсүүд нь тогтолцоогоо засахаар тэмцэж гарч ирж чадаж байна. Ардчилсан нам ч ялгаагүй энэ тэмцлийг хийж байгаа. Бид амаргүй он жилүүдийг туулсан ч босоод ирлээ. Намын даргынхаа туг дор нэгдээд асуудлаа шийдээд явж байна. Энэ утгаараа АНхүчтэй институц мөн. Учир нь тэр олон сорилт, саад бэрхшээлүүд дундаас босоод гараад ирлээ. Энэ бол ардчиллаа хамгаалж байгаа зүй тогтлын нэг хэсэг.

Энэ утгаараа Монголын ардчиллын ирээдүйг, тэр дундаа АН-ын ирээдүйг өөдрөгөөр төсөөлж байна.

-АН-ын хагаралд эрх баригчид яагаад нөлөөлсөн гэж. Сөрөг хүчингүй болчихвол нэг намын дарангуйлал тогтоно, Монгол ардчилалгүй болно гэдгийг эрх баригчид мэдэж байгаа бололтой, яриад л байдаг шүү дээ?

-Өнөөгийн эрх баригчид Монголын ардчилалд итгэж байгаа эсэхийг эрх баригчдаас өөрсдөөс нь асуух хэрэгтэй. Асар олон жилийн түүхтэй, маш их нөөцтэй бүтэцтэй өрсөлдөхийн тулд ардчиллын төлөөх хүчнүүд тун хэцүү замыг туулсан нь үнэн. Энэ хугацаанд эрх баригчид сөрөг хүчнээ нугачин дарах олон алхам хийсэн. Үүнийг бодитоор харах хэрэгтэй. Эрх баригчид зөвхөн Ардчилсан намын дотоод асуудалд оролцохоос гадна хэвлэлийн эрх чөлөөг хумьж байна. Иргэдэд үзэл бодол, үг хэлснийх нь төлөө ял тулгаж шоронд хийж байна. Эрх чөлөөний индексүүд унаж байна.Үүний шалтгааныг бид өдөр тутам эрх баригчдаас асуух хэрэгтэй.

2023 оны нэгдүгээр сарын 29-нд бид намын даргаа сонгосон. Ингээд намын даргаа Улсын Дээд шүүхэд бүртгүүлж гэрчилгээ, тамгаа аваад бүх бүрэлдэхүүн бий болоод үндсэн ажилдаа ороод явж байна. Гэтэл хэвлэлээр “АН-д янз бүрийн фракц бий болж гэнэ, дахиад маргаан гарсан гэнэ” гэхчилэн сөрөг мэдээлэл гарсан хэвээр. Энийг нь хараад би твиттерт “АН-ыг арай гэж босч байхад яагаад дахиад “боргоод” унав аа” гэж жиргэтэл нэг хүн “АН-д иргэд хайртай, өндөр хүлээлттэй байдаг учраас илүү сайн байгаасай гэдэг утгаар ингэж байгаа юм” гэсэн утгатай хариу бичсэн байсан. Нээрээ л их хүлээлт иргэдийн дунд байдаг учраас АН-ын аливаа асуудлыг нийтээрээ шүүдэг болов уу.

-Ардчиллын бат суурь нь юу байдаг вэ. Нэг нам буюу АН-тай холбох нь зөв үү?

-Ардчилсан нийгэм оршин тогтнохын тулд хүчтэй иргэний нийгэмтэй байж, хүний үндсэн эрх хангагдаж хамгаалагдаж байх ёстой. Иргэн бүр дуугарах боломжтой байх ёстой. Мөн улс төрийн өрсөлдөөнд сонгогчид чөлөөт,шударга сонгуулиар эрх баригчдад дүн тавих ёстой. Хоёроос дээш улс төрийн нам өрсөлдөж байж иргэдэд алдаа дутагдал гаргасан эрх баригчдыг хариуцлага тооцох боломжийг олгодог. 1990 оны ардчиллын үйл явц дунд Зүүн Европын улс орнуудаас ч юм уу, ЗХУ-ын зарим улс орнуудаас бидний ялгаатай зүйл нь тухайн үеийн коммунист намыг татан буулгаагүй. Ардчилсан тогтолцоонд шилжээд 30 жил болж байгаа хэдий ч 100 жилийн түүхтэй эрх баригч намтай улс шүү дээ, бид. Тэр нам нь бахархалтайгаар саяхан 100 жилийн ойгоо тэмдэглэлээ. Маш олон жилийн түүхтэй, хүний болоод материаллаг их нөөцтэй тэрхүү бүтэцтэй өрсөлдөхийн тулд ардчиллын төлөөх хүчнүүд хүнд хэцүү замыг тууллаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, анхнаасаа өрсөлдөөн тэгш бус байсан. АН олон намын нэгдэл учраас зөрчилтэй байдаг гэдэг л дээ. Гэхдээ АН олон намын нэгдэл болохоос өөр сонголт байгаагүй. Учир нь бидний өрсөлдөгч биежсэн бүтэцтэй байсан. 10, 20 нам ижил тэгш гараанаас гарсан бол улс төрийн өрсөлдөөн нь эрүүлжих байсан байж магадгүй.

Гэтэл бид 33 жил ижил тэгш бус өрсөлдөөнд өнөөг хүртэл явж байна. Монголын ардчилалд ард түмэн хайртай учраас бас ч гэж АН хоёр удаа Засгийн газар байгуулсан. Тэр хугацаанд бодлогын реформыг хийж чадсан. Тухайлбал, 1996-2006 оны Ардчилсан холбоо эвслийн Засгийн газар, 2012-2016 онд Шинэчлэлийн Засгийн газрын хийсэн ажлыг бид мэднэ. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд Ардчилсан нам дандаа эвслийн Засгийн газартай буюу өөрсдөө бүрэн дүүрэн бодлогоо хэрэгжүүлэх боломжгүй нөхцөлд ажиллаж ирсэн. Энэ утгаараа яалт ч үгүй улс төрийн өрсөлдөөний орчинд АН Монголын ардчиллын нүүр царай болохоос өөр аргагүйд хүрч байна шүү дээ.

Яалт ч үгүй энэ тогтолцоондоо шахагдсаар байгаад ардчиллын төлөөх хүчнүүд нэгдэж АН гэж байгуулсан. Монголын ардчилал ямар байх вэ, ямар засаглалтай байх вэ, эдийн засгийн болоод хүний эрхийг дээдэлж хөгжих үү, эдийн засгаа хөгжүүлэх үү гэдэг Монголын ирээдүй ардчилалтай холбоотой. Энэ утгаараа дахиад том эвсэл гарахыг үгүйсгэхгүй. Учир нь бидний үндсэн өрсөлдөгчид хэвээрээ байгаа.

-Тэгш бус гараанаас гарсан ч нөгөө талаас эрх баригчид өнөөг хүртэл сонгууль бүрээр өөрсдөдөө зориулж хуулиа өөрчилсөөр ирсэн. Ер нь улс төрийн намуудад тэгш өрсөлдөөн, тогтвортой байдлыг бий болгохын тулд яах ёстой вэ?

-Өнгөрсөн хугацаанд найман удаа сонгууль хийхдээ бараг сонгууль бүрийн өмнө Сонгуулийн хуулиа ямар нэгэн хэлбэрээр өөрчилж ирсэн. Ингэж тоглоомын дүрмээ байнга өөрчлөөд байхаар байр суурь нь бэхэжсэн хатуу бүтэцтэй МАН-аас бусад намуудад хүнд тусдаг. Энэ нь ардчиллын төлөөх намуудын төлөвшилд сөргөөр нөлөөлсөн.

Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах нь эрх баригчдад одоо хангалтгүй болсон байна. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд гурав дахь удаагаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байна. Энэ удаагийн өөрчлөлтөөр холимог тогтолцоотой болъё, гишүүдийн 50 хувийг нь жагсаалтаар оруулах төсөл оруулж ирлээ. 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байх үед 65 суудалтай эрх баригч нам “Засгийн газрын эрхийг нэмэгдүүлэхгүй бол бид шүдгүй арслан болчихлоо” хэмээн ярьж байсан. Тогтолцооны өөрчлөлтийг хийх ёстой гээд улс төрийн намууд ойлголцож дэмжиж, өөрчилсөн. Гэтэл 2022 онд Үндсэн хуулийн Цэцээр “могой бариулж” давхар дээлийг оруулж ирсэн. 100 жилийн ойгоо тэмдэглэсэн, 62 суудалтай өнөөх айхавтар институци “76 даргатай боллоо” хэмээн өнөөдөр ярьж байна. Тийм айхавтар бодлоготой, тийм айхавтар төлөвшилтэй институци юм бол яахаараа өөрсдийнх нь санал болгосон гишүүд дарга болчихоод дураараа авирлаж байгаа юм бэ. Яагаад бүх л хулгай зэлгийд холбогдоод байгаа юм. Ингээд харвал асуудал Үндсэн хуульд бус эрх баригчдад байгаа юм.

Монгол Улсад тогтолцооны реформ хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Шүүх засаглал, Үндсэн хуулийн Цэц, парламентын засаглалаа бэхжүүлэх зэрэг өргөн цар хүрээтэй реформыг АН-ынхан дэмжинэ. ҮХНӨ-ийн анхны төсөл дээр эрх баригчид Цэцтэй холбоотой зэрэг дөрвөн өөрчлөлт оруулж ирсэн ч түүнээсээ ухарч гишүүдийн тоог нэмэхтэй холбоотой ганцхан өгүүлбэр оруулж ирлээ.

2019 оны ҮХНӨ эрх баригчдад эергээр нөлөөлсөн. Тодруулбал, эрх баригчид ч тогтолцоогоо эрүүлжүүлж өөрчлөх сонирхолтой байгаа юм байна, шинэ залуу залуус гарч ирж намынхаа удирдлагыг хүртэл солилоо гэж сайшааж байсан. Гэтэл өнөөдөр үндсэн асуудлаа харалгүй урьдын адил бүх буруугаа тогтолцоо руу чихэж байна. Бараа, бүтээгдэхүүний үнэ хэд дахин өслөө, эдийн засаг уначихлаа. Ханшаа алдлаа. Ажилгүйдэл, ядуурал ямар хэмжээнд очив. Энэ бүгд эрх баригчдын гаргасан шийдвэр, авч байгаа арга хэмжээний урхагтай холбоотой байтал өмнөх шигээ л тогтолцоо яриад байна. Угтаа тогтолцооны гажуудлын үндсэн бүрэлдэхүүн хэсэг нь өөрсдөө. 2019 оны ҮХНӨ-ийн хүрээнд олон хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байсан ч хийгээгүй. Өөрөөр хэлбэл, УИХ ажлаа хийхгүй байгаагаас 2019 оны ҮХНӨ-ийн үр дүнг бүрэн гүйцэд хараагүй.

АН улсаа бодоод тогтолцооны реформоо хийх нь чухал гэсэн байр сууриндаа хэвээрээ байгаа. Гэхдээ сонгууль угтуулсан, сэдвийг өөр тийш нь залсан, гуравдагч хүчин зүйлээс бурууг хайсан эрх баригчид Сонгуулийн хуулийг байнга өөрчилдөг шигээ сонгууль бүрээр Үндсэн хуульд гар хүрдэг болчих вий гэж эмээж байна. Хэн ч гарч ирсэн Үндсэн хуулиа өөрчилдөг болчихвол Монголын өнөөгийн тогтолцоог юу ч үгүй чирч унагана. Өнгөрсөн 33 жилийн хугацаанд Монголын ардчилал амь бөх оршсон шалтгаан нь 1992 оны хүний үндсэн эрхийг хамгаалсан Үндсэн хууль.

-Хоёрдугаарт?

-Эрх баригчдын санал болгосон 50:50 тогтолцоо, 152 гишүүнтэй байх нь эрх баригчдад буцаад хариуцлага тооцоход бэрх болохоор байна. Сонгуулийн мөн чанар бол хариуцлага тооцох. Гэтэл МАН 2016-2020 онд эрх барьж байх үедээ “АН улс орныг дампуурууллаа. Өр ширэнд орууллаа. Бид эмхэнд нь оруулж байна” гэсэн түүх бүтээчихсэн явж байсан. Гэтэл өнөөдөр Монгол Улсын өр хоёр дахин нэмэгдчихсэн байна. 2015 онд шинээр төрсөн хүүхэд 15 сая төгрөгийн өртэй болж байна гэсэн сонгуулийн ПиАр явсан. Гэтэл энэ тоо өнөөдөр 33 сая болчихсон байна. Тиймээс МАН-ынхан асуудлаа огт шийдэхгүй байна. Харин ч улам л гүнзгий нүх рүү оруулаад байна. 10 жилийн өмнө эрх барьж байсан нам руу бүх буруугаа чихэлтэй нь биш гээд одоо тогтолцоо руу чихэж байна.

-Тэгвэл өнөөдөр Монголын улс төрд ямар хэлэлцүүлэг өрнөөсэй гэж бодож байна вэ?

-Энэ улс орон хөгжмөөр байна. Залуучууд мөрөөдөлтэй баймаар байна. Таван жилийн дараа өнөөгийн асуудал эмхэрч амьдрал сайхан болно гэдэгт итгэлтэй баймаар байна. Эх орондоо амьдрах хүсэлтэй баймаар байна. Шинээр бизнес эхлүүлмээр байна. Амьжиргаагаа сайжруулах итгэл хэрэгтэй байна. МАН-ынхан Монголын хэдэн үеийн итгэл, мөрөөдлийг үгүй хийлээ. Сүүлийн долоон жил гадаад эдийн засаг сайн байлаа. Түүхий эдийн үнэ ч өндөр байлаа. Харамсалтай нь энэ бүх эерэг үзүүлэлт Монголын нийгмийг сайжруулахад ямар ч нэмэр болсонгүй. Үүнд МАН буруутай ч бид амиа хоохойлоод хаямааргүй байна. Бид нэг эх оронтой. Тиймээс 10, 20 жилийн дараа бид хаашаа явах вэ, яаж хөгжих вэ гэдэгт улс төрийн сэдвийг чиглүүлж бодит хэлэлцүүлэг өрнүүлмээр байна. Эрх баригчдаас ч үүнийг хүсмээр байна. Бид дандаа тэмцэл хийж болохгүй шүү дээ. Залуу Ерөнхий сайдтай болсонд бахархаж байлаа. Гэтэл хоосон тэмцэл хийгээд байна. Засгийн газар нь шүгэл үлээдэггүй юм. Засгийн газар эдийн засгаа өсгөх, томоохон бүтээн байгуулалт хэрэгжүүлэх зэргээр бодит ажил хийх ёстой шүү дээ. Бүгдээрээ урагшаа харж улс орноо хөгжүүлмээр байна. АН-ын нэг үеийнхэн ийм хэлэлцүүлэгт ороход, үүнд ур ухаанаа уралдуулахад бэлэн байна. Заавал хэн нэгэнтэйгээ тэмцэх бус, үүрэг хариуцлагаа мэдэрмээр байна. Манай үеийнхэн бол их азтай үе. Гадаад зах зээл нээлттэй болсон үед өсч бойжиж, боловсрол эзэмшсэн. Энэ утгаараа биднийг маш том үүрэг хариуцлага хүлээж байгаа. Тиймээс амиа аргацаасан бус урагшаа харсан улс төрийг хаа хаанаа хиймээр байна.

-Тэгэхээр та бид хоёрын яриа буцаад эхний асуулт руугаа чиглэх нь. Эрх баригчдын энэ бүх үнэн мөнийг нь улалзтал хэлдэг, ойлгуулдаг хүчтэй амьд сөрөг хүчин хэрэгтэй байна. Ийм сөрөг хүчин байхын тулд АН-д ямар шинэчлэл хэрэгтэй вэ. Тэгш бус гараанаас гарсан хэмээн өнгөрснийг яриад шалтаглаад суумааргүй байна шүү дээ?

-Тийм тийм, өнгөрснөөр шалтаглаж болохгүй. 1990 онд ардчиллын төлөөх намууд шинэ байсан. Учир нь тэр үеийн ах эгч нар Монголын ирээдүйг шинээр төсөөлж эрх чөлөөт нийгмийг бүтээхийн тулд өөрсдийн бүх хүчин чадлыг дайчилсан. Тэгвэл одоо бидэнд тухайн үеийн ардчилсан хувьсгалын хоёр дахь давлагаа хэрэгтэй байна. Тухайн үед хийж чадаагүйг дуусгах, ирэх 30 жилийн Монголын ирээдүй ямар байх, бүс нутагтаа хаана байх вэ гэдгийг гаргаж ирэх ардчилсан хувьсгалын хоёр дахь давлагааг бид бүтээх ёстой. Үүний тулд ухаан бодлоо уралдуулж байна. Нам дотор олон хэлэлцүүлэг өрнөж байна. Олон баримт бичиг дээр ажиллаж байна. АН үүнийг сонгуулийн өмнө хийж сонгогчдодоо танилцуулах боломжтой. Хүчтэй үзэл санаатай, хүчтэй байр суурь, итгэл үнэмшилтэй, улс орны асуудлыг макро түвшинд харж чаддаг хүний нөөц АН-д байдаг учраас бид хүчтэй байдаг юм. Тиймдээ л сүүлийн хэдэн жилийн дараалсан ялагдал, энэ их зөрчлийн дунд нугарсангүй. Бидэнд ийм хүний нөөц, эрмэлзэл, итгэл үнэмшил байгаа учраас АН-ын ирээдүй гэрэлтэй байна. Бид сорилтуудыг даван туулж чадаж байна. Итгэл үнэмшилдээ үнэнч байж чадаж байна. Тамга тэмдэггүй, дотооддоо асуудалтай байсан ч хөгжилд чиглэсэн яриаг дотооддоо өрнүүлж чадсан. Энэ утгаараа АН бол амьд нам. Өнгөрсөн хугацааны сорилтуудад цаг, хүч зарсан ч нэг талаар ардчиллын төлөөх үзэл санаа, итгэл үнэмшилтэй хүмүүс илүү нягтарч, нэгнийгээ таньж мэдсэн. Иймд АН илүү хүчтэй болж босч ирнэ.

АН өөрсдийн итгэл үнэмшлийг хадгалж ямагт ард түмний талд зогсох ёстой. Энэ бол ардчилсан хувьсгалын дараачийн давлагааны том хүчин зүйл. АН ард түмнийхээ талд зогсож ирсэн учраас энэ их сорилтын дундуур явлаа. Хөгжлийнхөө дараачийн шатанд зогсож чадаж байна гэдэг бол том итгэл үнэмшил.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна DNN.mn

Аргын тооллын тавдугаар сарын 24, Буд гариг. Билгийн тооллын 5, найралт эх одтой, хар морь өдөр. Өдрийн наран 5:4 цагт мандан, 20:34 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гаригийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.