Categories
мэдээ нийгэм

Хоригдол эрхээ эдэлж, ар гэрийнхэнтэйгээ уртын уулзалт хийхэд нэгбүрчлэн хянах боломжгүй гэв DNN.mnm

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Говьсүмбэр аймаг дахь жирийн дэглэмтэй 425 дугаар ангид ял эдэлж байсан М эргэлтийн байранд эхнэрээ хөнөөж, дараа нь өөрийгөө боомилсон онц ноцтой хэрэг энэ сарын 22-23-нд шилжих шөнө гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Хүмүүжигч М нь малын хулгайн хэргээр тус хорих ангид ял эдэлж байжээ. Уг хэрэг гэр бүлийн маргааны улмаас үүссэн байх магадлалтай гэдгийг хуулийн байгууллага урьдчилан тогтоогоод байгаа аж. Түүнийг ял эдэлж байх хугацаанд эхнэр нь хэд хэдэн удаа уртын эргэлтээр ирж байжээ.

Хорих ангид хоёр хүний амь нас эрсэдсэн асуудалд олон нийт ихээхэн анхаарал хандуулж байгаа юм. Энэ тухай ШШГЕГ-аас тайлбар хийхдээ “Удаан хугацааны уулзалтын хувьд гэр бүлийн гишүүдтэйгээ 72 цаг хүртэлх хугацаанд хамт байгаа нь нэг талдаа тухайн хүмүүжигчийн эрхийг хангах, нөгөө талдаа иргэний буюу гэр бүлийн гишүүдийн эрхийг хангах, хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа бөгөөд тухайн тохиолдолд удаан хугацааны эргэлтийн байранд харуул хамгаалалтын биечилсэн болон телекамерын хяналтыг тогтмол тавьдаг ч хүмүүжигч болон тэдний ар гэрийнхний уулзалт хийж буй тусгайлсан өрөөнд телекамер суурилуулах, мөн биечилсэн хяналтыг байнга тавих боломжгүй юм. Учир нь “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”-ийн 4.1.12 болон 9.1 дүгээр зүйлд хүний эмзэг мэдээлэл гэдэгт ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх хүний эмзэг мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарна гэж заасан байдаг” гэсэн байр суурийг илэрхийлэв.

Монгол Улсын хорих байгууллагад бусад улс оронд байдаггүй, хүний эрхийг хангасан хоёр зохицуулалт байдаг аж. Энэ бол шагналын хоног болон хоногийн уулзалт. Хоногийн уулзалт гэдэг уртын эргэлт гэсэн үг юм. Уртын эргэлт гэдэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 213 дугаар зүйлийн 213.2-т хорих ангийн дарга түр хугацааны уулзалтын үргэлжлэх хугацаа гурван цаг хүртэл, удаан хугацааны уулзалтын үргэлжлэх хугацаа 72 цаг хүртэл байхаар тогтоох бөгөөд холбогдох зардлыг хоригдол, эсхүл удаан хугацааны уулзалт хүссэн этгээд хариуцна гэж заасан байдаг.

Хорих ангийн дэргэд эргэлт уулзалтын тусгай байрыг гэрийн зориулалттайгаар бэлтгэсэн байх бөгөөд тэнд хүмүүжигчид ар гэрийнхэнтэйгээ 72 цаг хүртэл хугацаанд уулздаг гэсэн үг. Нэг ёсондоо тэнд амьдрал өрнөдөг. Ар гэрийнхэн нь хоол хүнс, хүмүүжигчид шаардлагатай эд зүйлс бэлтгэж ирнэ. Гэр болгон тохижуулсан байранд хоол ундаа бэлтгэж яг л гэртээ байгаа юм шиг амьдрал өрнүүлэх эрхийг олгодог юм байна. Энэ нь хоригдлын сэтгэл зүйг өргөх, нийгэмшүүлэх, ар гэрийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх зэргээр хүний эрхийг хангахыг зорьдог юм байна. Уртын эргэлтээр уулзаж буй хоригдол, түүний ар гэрийн харилцаанд хорих байгууллагын зүгээс нэгбүрчлэн хяналт тавих нь зохимжгүй гэж үздэг аж. Тиймээс эргэлтийн байрны заал талбайд хяналтын камер, харуул хамгаалалт ажилладаг бол гэр болон тохижуулсан өрөөг хянах боломжгүй ажээ.

Хэрэгтэн уг хэргийг урьдаас төлөвлөсөн байж болзошгүй гэж албаныхан үзэж буй бололтой. Талийгаач эмэгтэй нөхөртэйгөө гурав хоногийн хугацаанд уулзана гэж зөвшөөрөл авчээ. Гэвч хэрэг эргэлтийн эхний хоногт гарсан байна. Уулзалтын үеэр бусдын анхаарал татахуйц маргаан дуу чимээ өрнөөгүй гэдгийг хорих ангийнхан цагдаад мэдүүлж байгаа гэнэ. Хүмүүжигч эр эхнэрээ дэрээр дарж, хөнөөсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа бололтой. Нэг ёсондоо хорих ангийн харуул хамгаалалтын анхаарлыг татахгүйгээр хэргийг урьдаас төлөвлөсөн байсан гэх мэдээлэл яригдаж байгаа аж. Уг хэрэг гэр бүлийн маргаан, хардалтын улмаас үүссэн байх магадлалтайг эх сурвалж хэлж буй. Хохирогч эмэгтэй өмнө нь амьдрал зохиож байсан бөгөөд бага насны хоёр хүүхэдтэй байжээ. Гэвч нөхрөөсөө салаад багагүй хугацаа өнгөрсөн. Харин өөрийнх нь аминд хүрсэн М-тэй гэр бүлээ батлуулснаа хэлээгүй гэдгийг ар гэрийнхэн нь мэдээлж байна.

Хуулийнхан энэ тухай тайлбарлахдаа “Энэ ноцтой хэрэгт нийгэм ч буруутай. Тэр гэмт хэрэгтэн бол нийгмийн л нэг гишүүн. Эцэг эхээсээ гэмт хэрэгтэн болж төрөөгүй нь лавтай. Нийгмийн дунд өсч бойжиж төлөвшихдөө гэмт хэрэг үйлдсэн. Ийм хүмүүст ял шийтгэл оноохдоо нийгмээс таслахгүй, ар гэрийн амьд харилцааг нь алдуулахгүй гэсэндээ хүний эрхийг дээдэлж хуулиар зохицуулж өгсөн байдаг. Гэвч тэр эрхээ эдлэх явцдаа дахин ноцтой гэмт хэрэг үйлдэнэ гэдэг бид ийм л нийгэм бүтээж байгаа гэсэн үг. Нийгмийн сэтгэл зүйд анхаарах шаардлагатай болсны илэрхийлэл” гэж тайлбарлах нэгэн ч байгаа юм.

Говьсүмбэр аймгийн Цагдаагийн газар шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.


Categories
мэдээ нийгэм

Зүрхний хэм алдалтын мэс заслын 13-18 сая төгрөгийг даатгалаас төлнө DNN.mn

Зүрхний хэм алдагдлын тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор зүрхний хэм алдагдлыг тусламж, үйлчилгээний эмийн эмчилгээг 622 мянган төгрөг, мэс заслыг 13.3 – 18.3 сая төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.

Энэ оны эхний 4 сарын байдлаар зүрхний хэм алдагдлын тусламж, үйлчилгээ авсан 829 тохиолдолд ЭМД-ын сангаас 1.9 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭЕШ-ын суудлын хуваариа өнөөдрөөс хэвлэн авах боломжтой боллоо DNN.mn

2023 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалт(ЭЕШ)-д хамрагдахаар бүртгүүлсэн иргэд суудлын хуваариа өнөөдрөөс эхлэн хэвлэж авах боломжтой боллоо.

Шалгуулагчдын шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын дугаарын мэдээлэл бүхий “Суудлын хуваарь” хуудсыг Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-ийн www.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-д өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан нэвтэрч, хэвлэн авах юм.

ЭЕШ зургаадугаар сарын 15-нд Улаанбаатарын цагаар 10:00 цагт Түүхийн хичээлийн шалгалтаар эхэлнэ. Тухайн өдөр Англи хэлний шалгалт мөн зохион байгуулагдана.

Энэ жил улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн арванхоёрдугаар анги төгсөгчид болох 34,117 шалгуулагч байгаа юм.

Үүний

  • 54 хувь буюу 18,334 нь орон нутагт
  • 46 хувь буюу 15,783 нь нь Улаанбаатар хотод арванхоёрдугаар ангийг суралцан төгсөж байна.

Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ: Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт хийнэ DNN.mn

Улаанбурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. Агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж, найтаах төдийд маш амархан халдварлана.

Энэ өвчнөөр бага насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх, эндэх эрсдэл өндөр байдаг.

Халдварт өвчин дотроос халдварлах чадавхиараа хамгийн өндөрт ордог өвчний нэг бөгөөд халдварлалтын индекс нь 96-98 хувь юм. Улаанбурханаар өвдсөн таван хүн тутмын нэг нь хүндрэх эрсдэлтэй.

Уушгины хатгалгаа, тархины үрэвслээр хүндэрч болзошгүй бөгөөд улмаар үхэлд хүргэх аюултай.

Улаанбурхан, улаанууд өвчнөөс сэргийлэхийн тулд тавдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 10 сартайгаас 8 насны хүүхдийг сум, ӨЭМТ, сургууль, цэцэрлэгээр нэмэлт дархлаажуулалтад хамруулна.

Энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтад өмнө нь товлолын дагуу УГУ (улаанбурхан, гахай хавдар, улаанууд) вакцин хийлгэсэн, хийлгээгүйг үл харгалзан 10 сартайгаас 8 насны бүх хүүхэд хамрагдана.

Харин сүүлийн нэг сарын дотор УГУ болон бусад вакциныг тариулсан бол түр хойшлуулна.

Categories
мэдээ нийгэм

Усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгджээ DNN.mn

Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Туул, зүүн хажуугийн Онон, Хангай нурууны араас усжих Сэлэнгэ мөрөн Орхон голын адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 20-40 см, Ерөө гол Ерөө сум орчимд үерийн түвшинг 5 см орчим даван үерлэж байна.

Маргааш буюу 2023 оны тавдугаар сарын 26-ны өдөр Эг гол Хантай баг орчимд усны түвшин 15 см, Сэлэнгэ мөрөн Тосонцэнгэл сум орчимд 10 см нэмэгдэх хандлагатай байна.

Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар жолоо барьж, явган зорчигчийг мөргөөд зугтсан эмэгтэйг олжээ DNN.mn

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, явган зорчигчийг мөргөөд зугтсан этгээдийг цагдаагийн байгууллагын алба хаагчид илрүүлсэн байна.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид тавдугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгээд буцах үедээ зам тээврийн осолд өртөж, биедээ гэмтэл авч, босож чадахгүй байсан 20-25 орчим насны эмэгтэйд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ.

Алба хаагчид явган зорчигчийг мөргөөд зугтсан тээврийн хэрэгслийг эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулсан аж.

Улмаар 30 настай, эмэгтэй “Д” гэгч согтуугаар жолоо барьж, зам тээврийн осол гаргасныг тогтоожээ. Түүнд шалгалтын ажиллагаа явуулж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.


Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ц.Алдар: Хотоо харлуулсан малчид шар махтайгаа хатаж байна DNN.mn

Хэнтий аймгийн Баянхутаг сум өнгөрсөн онд 450 орчим мянган мал тоолуулжээ. Өнгөрсөн өдрүүдэд тохиосон цасан шуурганаас 30 орчим мянга нь хорогдсон байна. 700 орчим өрхтэй Баянхутаг сумын нэг өрх багадаа 40-50 бог малаа цасанд даруулжээ. Дөрвөөс таван өрхийн 200-300 адуу ганц шөнийн шуурганаар үрэгдсэн гэх мэдээллийг Баянхутаг сумын Засаг дарга Б.Амгаланбат хэлж байна. Малчин Ц.Алдартай холбогдож газар дээрх нөхцөл байдлыг тодрууллаа.


-Баянхутаг сум дахь нөхцөл байдал одоо ямар байна вэ?

-Ойрын хэдэн жилд үзэгдээгүй гамшиг тохиолоо. Шуурганд бог, бодоо алдаагүй айл өрх гэж алга. Сум даяараа л хор хохирол амслаа. Олон жилийн хөлс хөдөлмөр маань ганцхан шөнийн дотор л үрэгдчихлээ.Дотор харанхуйлаад дуу ч гарахад хэцүү юм. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу туйлын хүнд өдрүүд л үргэлжилж байна даа, энд. Одоо бол гамшиг арилсан.

-Ер нь танай суманд хаваржилт ямар болов. Мал хэрхэн онд оров?

-Онцгой хүйтэн өвөл боллоо. Арваннэгдүгээр сараас л хүйтний эрч эрс чангарсан. Идэх өвс ховор ядруухан онд орсон хэдэн малыг маань цасан шуурга ганцхан шөнийн дотор л аваад явчихлаа. Хэдэн жилийн өмнө бол манай суманд халиурсан өвс ургадаг, хадлан хаддаг байсан юм. Сүүлийн 10-аад жил хадлан хадахаар өвс гарсангүй. Энэ нь малчид малаа зах замбараагүй өсгөх болсонтой холбоотой гэж харж байна. Мянгат болно гэж л хөөрцөглөөд малаа тал дүүрэн өсгөчихнө. Бэлчээрийн даац хэтрээд тэр олон мал нь эхнээсээ үрэгдээд эхэллээ. Үүнд төрөөс тодорхой хэмжээний зохицуулалт хэрэгтэй гэж хардаг юм. Мянгат малчин, аварга малчин гэх мэтийн шагналуудаа үүлдэрлэг байдал, чанар харж өгөх хэрэгтэй. Олон малтай л бол мундаг малчин гэх хоцрогдсон ойлголт л ийм зүйлд хүргэж байна. Ерөнхийдөө хөдөөд мал нь, хотод хүн нь багталцахаа больжээ.

-Сая Баянхутагт гамшигт үзэгдэл болжээ. Тухайн өдөр нөхцөл байдал ямар байв. Цасан шуурга хэдий хугацаанд үргэлжлэв?

-Өглөө 09:00 цагийн үед л хүчтэй салхи боссон юм. Төд удалгүй цасаар шуурч эхэлсэн. Юу юугүй харанхуйлаад л малын хашаагаа ч эргэх боломжгүй болсон доо. Таван алхмын газар л харагдахгүй. Хүчтэй салхинд уруудчих гээд баримжаа алдагдаад тун хэцүү байсан. Бид тэр хүчтэй шуурганы үеэр бог малаа л амжиж хашаалсан. Адуугаа хурааж амжаагүй. Ингээд л хэдэн богтойгоо л зууралдсан. Өдий олон жил малын араас явахдаа ийм хүчтэй цасан шуурга анх удаа л үзлээ. Мал ядруу хаврын цагт тэр шүү. Ийм шуурганд мал үнэхээр тэсдэггүй юм байна. Өглөө болоход хашсан бог малаас маань 300 гаруй нь хорогдсоныг хараад нүдэндээ ч итгэсэнгүй. Олон жилийн тууштай хөдөлмөр шүү дээ. Яг одоогоор бол манай голоор л нэг сэг, зэм байна даа. Хашаатай адуу нь хотоороо хорогдсон жишээ ч энд байна. Үүнд нь хурдан удмын адуу ч олон байлаа. Малчин ард шар махтайгаа хатаж байна. Манай Баянхутаг чинь хурдан адууны арвин баялаг түүхтэй газар шүү дээ.

-Та уруудсан адуугаа олж чадав уу?

-Сүүлийн хэд хоног эрэлд хатлаа. Энд тэнд жалга, шуудуунд азарга, азаргаараа үхчихсэн байна л гэх юм. Манай хэд хэдэн адууны сэг олдсон. Үлдсэн хэдийг нь хайж л байна. Олдох болов уу л гэж найдаж эрэлд хатаж байна даа.

-Аймаг, сумын удирдлагууд газар дээрх нөхцөл байдалтай танилцав уу?

-Яг одоогоор ирээгүй байна. Бараг айл бүр бог, бодын хорогдол амссан. Эхнээсээ танилцаад явж байгаа болов уу. Манай багийн дарга л ирж мэдээлэл аваад цааш нь дамжуулсан. Эхнээсээ нөхцөл байдалтай танилцаад явж байгаа гэх мэдээлэл бий. Манай хавийн малчид одоогоор бог малын сэг зэмээ зайлуулж, суваг шуудуу руу хаях ажил хийж байна.

-Та цаашид яах төлөвлөгөөтэй байна вэ?

-Яахаа мэдэхгүй юм. Бид ч өөрсдийхөө төлөө л мал малладаг улс хэндээ ялархах билээ. Гэхдээ мал сүрэг улсын баялаг. Байгалийн давагдашгүй хүчин зүйлд нэрвэгдсэн малчдаа харж үзэх болов уу л гэж битүүхэн горьдож байна. Хот нь харлаж, сэг зэмдээ дарагдсан малчид галзуурах дээрээ л тулж байна. Амьдралын баталгаа нь буянт мал сүрэг шүү дээ. Төрийн зүгээс ганц л зүйл хүсэхэд өнөө жил тэжээл үнэтэй байлаа. Малчид бүгд зээл аваад малын тэжээл авчихсан. Бүгд л зээлтэй. Ийм эгзэгтэй үед мал нь үй олноороо үрэгдчихлээ. Ийм гамшгийн нөхцөл байдлыг харгалзаж зээлийн нөхцөлийг уян хатан болгох хэрэгтэй байна. Зээлээ төлөх чадваргүй малчид аавынд морилох дээрээ л тулж байх шиг. Салбар яам, аймаг орон нутгийн удирдлагууд маань харгалзаж үзэх байх аа. Бидний амьжиргааны эх үүсвэр бол эрдэнэт мал сүрэг. Ноолуураа самнаад л таван төгрөгтэй болж амьжиргаагаа залгуулдаг улс бол малчид шүү дээ. Цаашид бид тооноос илүү чанарт анхаарах хэрэгтэй нь энэ үйл явдлаас харагдлаа. Зах замбараагүй мал өсөхөөр малын мах, дайвар бүтээгдэхүүн ч үнэгүйдэж гүйцлээ. Үүлдэрлэг байдалд анхаарч, чанарын төлөө ажиллах цаг болжээ. Ганц Баянхутагт ч биш, хаа сайгүй л нөхцөл байдал амар биш байгаа нь мэдээнээс харагддаг. Бид л гэхэд энэ хавар төл хүлээж авч бараг чадсангүй. Хүйтэнд гараад л хорогдож байна.

Categories
мэдээ спорт

​Монголын 3х3 шигшээ багууд Европыг зорилоо DNN.mn

Монголын 3х3 шигшээ багууд Европыг зорилоо.

Манай шигшээ баг 5/30-6/4-ны өдрүүдэд Австри улсын Вена хотноо FIBA 3×3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөнө.
Дэлхийн аваргаас өмнө манай шигшээ багууд Сербид хамтарсан бэлтгэл хийлгэхээр 3х3 холбооноос төлөвлөсний дагуу өнөөдөр хүлгийн жолоо заллаа.
Монголын шигшээ багууддаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нь амжилт хүсье ээ!
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Батчулуун: Боксоор хичээллээд хуураа орхих дөхсөн DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…


Морин хуурын чуулгын уран сайхны удирдагч, ардын жүжигчин Цэндийн Батчулуунтай уулзаж ярилцлаа.


-Та амьдралдаа хэдэн хуур сольсон бол. Хүмүүст их сонин байх?

-Гурван хуур сольсон байдаг юм. Хөгжимчин хүний гол зэмсэг сайн хөгжим гэдэг нь тодорхой. 1969 онд есдүгээр ангиа төгсөөд хуучнаар ЗХУын харьяанд байсан Узбекстанд Монгол Зөвлөлтийн залуучуудын гуравдугаар их наадамд оролцоор болсон. Тэгэхэд хөгжмийн нэрт мастер Бууран гуай 1000 төгрөгөөр хуур хийж өгсөн.

-Тухайн үеийн 1000 төгрөг гэдэг их мөнгө шүү?

-Тэгэлгүй яахав. Аав маань барилгын эдийн засагч, ээж оёдолчин. Тэр хоёр тухайн үед хүүдээ том хөрөнгө оруулалт хийсэн байгаа юм. 1967 онд морин хуур ширэн цартай болсон. Дараа нь ширэн цартай морин хуурыг Зөвлөлтийн хөгжмийн том мэргэжилтэн модон цар, хөглөгөөтэй болгосон. 1981 онд намайг сургуулиа төгсч Улсын ардын дуу бүжгийн чуулгад морин хуурчаар ороход Бууран гуай “Морин хуур чинь одоо чамд хуучдана” гээд дахин нэг хуур хийж өгсөн юм. Энэ хуураар би 1989 он хүртэл есөн жил хуурдсан. 1989 онд 100 морин хуурч цугласан наадмын өмнө гурав дахь хуураа хийлгэсэн. Тэгэхээр морин хууртай хувь заяагаа холбосноос хойш 40 гаруй жилийн хугацаанд гурван хуур сольжээ.

-Багадаа хуурч болно гэж боддог байв уу. Морин хуур хөгжимтэй хувь заяагаа холбосон тухайгаа ярихгүй юу?

-Манайх барилгачдын орон сууцанд аж төрдөг байв. Манай байранд нэрт жүжигчин С.Гэндэн гуай (“Үер” киноны Болд өвгөн), хөгжмийн зохиолч Ё.Сүхбаатар, тухайн үед их нэрд гарч байсан Ардын дуу бүжгийн чуулгын хөөмийч, Дэлхийн залуучууд оюутны анхдугаар наадмаас анхны алтан медалийг эх орондоо авчирч байсан Чимэддорж зэрэг хүмүүс байдаг байв.

-Таныг чинь бокс, чөлөөт, үндэсний бөхөөр багадаа хичээллэдэг байсан гэж сонссон юм байна?

-1964 онд Ардын хувьсгалын 43 жилийн ойгоор уран гимнастикийн тамирчин байж 45 хоног хичээллэн наадмын үзүүлбэрт оролцож байлаа. Энэ үед Баатархүү гэж манай дээд ангийн хүүхэд Хөгжим бүжгийн дунд сургууль гэж маш гоё сургууль байдаг гэж хэлсэн. Тэгээд л орчихсон.

-Анхны багш ямар хүн байв?

-”ХХ зууны шилдэг морин хуурч” Г.Жамьян багш. Тэрхүү авьяас билэгт хүнтэй таарсан минь хувь заяа юм даа.

-Чөлөөт бөх, боксоор хичээллэж байсан тухайгаа ярихгүй юу?

-Хүүхэд байхад янз янзын юм оролдоно. Хөгжим бүжгийн сургуульд биеийн тамирын багш гэж байхгүй байж байгаад 1967 онд Далхаагийн Ганболд гэж боксын олон улсын шүүгч, спортын мастер хүн ирлээ.

-Биеийн тамирын багшаар уу?

-Тийм ээ. Ингээд Хөгжим бүжгийн сургууль дээр боксоор хичээллэх хүүхдүүдийн дугуйлан нээгдэж, тухайн үедээ нэр алдартай байсан Алтанхуяг, Олзод, Батхуяг зэрэг боксын шилдэг тамирчид ирж манай сургуулийн спорт зааланд бэлтгэл хийдэг байсан. Би ч хамт бэлтгэл хийж 1969 онд Майн 80 жилийн баярт гуравдугаар байрт шалгарч байлаа.

-Хэдэн кг-ын жинд вэ?

-51 кг.

-Гуравдугаар байр эзэлнэ гэдэг бас шаггүй байж ээ?

-Үгүй яахав дээ. Тухайн үедээ гайгүй тоглочихдог байсан хэрэг л дээ.

-Цаашаагаа урамшаад боксоороо яаж дагначихаагүй юм бэ?

-Морин хуураасаа хөндийрчих шахсан юм байлгүй. Нэг өдөр Хөгжим бүжгийн сургуулийн багш Дарьзав гэж хүн Г.Жамьян багшид “Энэ Батчулуун гэдэг нөхөр чинь морин хуур тоглуулах биш, нохой хуцуулдаг болж” гэж хэлсэн байгаа юм. Тухайн үед Г.Жамьян багш дуурийн театрт хөгжимчнөөр оччихсон байсан. Энэ хоёр жилийн хугацаанд би боксын рингэн дээр ханхалзаж хуураа орхихоо алдахгүй юу.

-Чөлөөт, үндэсний бөхөөр хичээллэхдээ ямар амжилт үзүүлэв?

-Би чинь чөлөөтөөр ч тэр, үндсээр ч тэр барилдаад дөрөвдүгээр байраас дээш гарч үзээгүй. Хоршоолол нийгэмлэгийн чөлөөт бөхийн идэрчүүдийн улсын аваргад оролцоод дөрөвдүгээр байрт шалгарч байсан. Хөгжим бүжгийн сургуулийнхаа үндэсний бөхийн аваргад орж барилдаад шөвгийн дөрөвт үлдээд унасан. Харин шатар бол сайн тоглоно. Тавдугаар зэрэгтэй. Шатрын спортын мастер Пүрэвжав гэж багшийн шавь байлаа.

-Б.Бат-Эрдэнэ аваргатай дотно нөхөрлөдөг, хуурыг нь хөглөж өгдөг гэж сонссон?

-Энд нэг сонирхолтой түүх сөхөхөд 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор Б.Бат-Эрдэнэ аварга их шөвгийн дөрөвт үлдээд том П.Сүхбатад уначихдаг юм. Өмнө нь улсад гурав дараалан, Монголын нууц товчооны их ойг оролцуулаад дөрөв дараалан түрүүлчихсэн. Жинхэнэ босоо байсан үе. Ингээд аваргыг шөвгийн дөрөвт уначихсаны дараа гэрээр нь очлоо. Тийм юм чинь ёстой эвгүй юм билээ. Аваргад “Одтой сайхан барилдсанд баяр хүргэе” гээд хэлчихэж болдоггүй. Ямар “Залуу бөхөд сайхан уналаа. Одоо яая гэх вэ” гэлтэй нь биш. Аварга тоймтой үг дуугарахгүй. “Та айраг уу” л гэх. Аваргад юугаар тусалж, сэтгэлийг нь зөөллөж болох вэ гэдгээ бодсон. Надад чадах л юм хуурыг нь хөглөх. Ингээд дараа жил нь буюу 1992 оноос 2002 он хүртэлх хугацаанд аваргын хуурыг наадмын өмнө хөглөж өгч, аварга тухайн жилийн наадмуудад өнгөтэй сайхан барилдан дандаа түрүү авч байлаа. Гэхдээ хуурын сайхан аялгуугаар тэр хүний сэтгэл хөглөгдөж байсан болохоос биш хуурдуулаад түрүүлээд байсан гэвэл үнэмшилгүй хэрэг болно.

-Бид хоёр бөхийн тухай, спортын тухай багагүй ярилаа. Эргээд үндсэн яриандаа оръё. Манай чуулга хөгжмийн зэмсгээр хэр баялаг вэ?

-Хуучин бол хөгжмийн үйлдвэр гэж байлаа. Одоо тийм үйлдвэр байхгүй ч гэсэн морин хуураас бусад хөгжим болох лимбэ, бүрээ, бишгүүр зэргийг Монголдоо хийж байгаа.

-Гадаадаас хөгжим авдаг уу?

-Авна. Хөгжим хийдэг модыг нь хүртэл авна. Жинхэнэ сайн хөгжмүүдээ ихэвчлэн өөрийнхөө хөгжмийн мастеруудаар хийлгэдэг. Гадаадад бол маш чухал модоор хийсэн ховор хөгжмийн зэмсгээ харуул манаагаар мануулдаг юм билээ. Тэгэхээр хөгжим гэдэг маш үнэтэй. Их нарийн байгаа биз.

-Морин хуурын чуулгаа дэлхийн орнуудад удирдахад өөрөөрөө, эх орон, түүх соёлоороо бахархах сэтгэгдэл ямагт төрдөг байх?

-Тэгэлгүй яах вэ. Сэтгэл ихэд хөдөлнө, омогшино. Омогшихын зэрэгцээ бас атаархал төрнө.

-Юунд тэр вэ?

-Нуулгүй үнэнийг хэлэхэд, морин хуур юм уу, сонгодог хөгжим тоглуулах мэргэжлийн танхим манайд одоогоор алга. Бид дэлхийн олон орны тайзан дээр тоглож байлаа. Тийм өндөр зэрэглэлийн тайзан дээр гарахад шал өөр. Ширүүн ч алхаж болдоггүй. Хөгжимчдийн хөгжимдөө хандах хандлага хүртэл өөр болчихдог. Жаахан хөдөлбөл бүх юм дуугарчих гээд. Шумуул нисэхэд мэдрэгдмээр. Ийм үед чуулгаа удирдаад тоглуулж байхад ямар аз жаргалтай байдаг гэж санана.

-Олон орны тайзан дээр тоглож байсан. Барьц алдаж байсан тохиолдол бий юу?

-Байлгүй яахав. Японд Кюүшюү Шанхайн оркестрыг жинсэн өмд, пүүзэн гутал өмсчихсөн дохисон минь санаанаас гардаггүй. Том том цохиур хөгжмүүд өмнөөс данайгаад. Дээр нь энгийн хувцастайг хэлэх үү. Эхлээд нэг дохитол “Титаник” онгоц яаж сүрлэг дуугардаг билээ. Түүн шиг нүргэлээд явчихдаг юм. Би бараг хэсэг хугацаанд ухаан алдсан байх. Үнэхээр барьц алдаж мэргэжлийн том хүмүүсээс уучлалт гуйж байлаа. Харин маргааш нь тоглуулахад дээл хувцсаа өмсөөд өөр болчихсон. Ямар сайндаа манай Н.Жанцанноров “Чи чинь хоёр зүрхтэй юм уу. Өчигдөр нэг хачин юм байсан. Өнөөдөр шал өөр байна” гэж байхав дээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Маск” продакшны жүжигчин Г.Чулуунцэцэг “Алдарт эхийн одон” хүртлээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүүхдийн баярыг угтан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд өнөөдрөөс эхлэн алдарт эхчүүдэд одон гардууллаа.

“Маск” продакшны жүжигчин Г.Чулуунцэцэг өнөөдөр алдарт эхийн хоёрдугаар одон авчээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:
  • Нийслэлийн 9 дүүргийн 4,696 ээж, үүнээс I зэргийн одонг 297, II зэргийн одонг 4,399,
  • 21 аймгийн 5,979 ээж, үүнээс I зэргийн одонг 471, II зэргийн одонг 5,508,
  • Гадаадын улс орнуудад оршин суугаа 110 ээж, үүнээс I зэргийн одонг 5, II зэргийн одонг 105 ээж хүртэж байна.