Японы хүүхдийн нэрт зохиолч Мацутани Миёокогийн хамт
ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…
-БИ ХҮҮХДИЙН СУУТ ЧАНАРЫГ ГАРГАХ ГЭЖ ЗОХИОЛОО БИЧДЭГ. ХҮҮХДИЙН ЗОХИОЛ БОЛ СЭТГЭЛГЭЭНИЙ ӨНДӨР ТҮВШИНД, ГҮН УХААНТАЙ БИЧИГДСЭН БАЙХ ЁСТОЙ-
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Жамбын Дашдондогтой уулзаж ярилцлаа.
-Сүүлийн үед ямар бүтээл туурвиж байна. Яриагаа эндээс эхлэх үү?
-Дэлхийн хүүхдийн гурван боть номон дээр ажиллаж байна. Эхний ботид нь дэлхийн хүүхдийн яруу найргийн бүтээлээс 60 орны 240 зохиолч багтсан. Хоёр дахь ботид нь мөн 60-аад орны 100 гаруй зохиолчийн хүүрнэл зохиол орсон байгаа. Энэ хоёр ботио дуусгаад хэвлэлд шилжүүлчихсэн. “Сэлэнгэ пресс” хэвлэлийн газар надад саналыг тавьсан юм. Гурав дугаар ботийг нь дараа жил өгнө.
-Та өөрийн уран бүтээлээс гадна гадаадын зохиолчдын 1000 гаруй бүтээлийг орчуулсан. Энэ хоёр ботидоо нэмж орчуулга хийсэн үү. Эдгээр бүтээлүүдийнхээ ач холбогдлыг юу гэж хэлэх бол?
-Хамгийн гол нь улс орнуудын шилдэг зохиолчдын бүтээлийг олж авч оруулсан. Яаж олж авсан юм бэ гэхээр, 1991 онд Германы Мюнхений олон улсын хүүхдийн номын сан гэдэг байгууллагад нэг сар суусан. Тэр үедээ дэлхийн улс орон болгоны шилдэг зохиолчдын нэрсийг гаргаж өгөөч гэж тэднээс хүссэн. Надад нэг жагсаалт гаргаж өгсөн юм. Тэр жагсаалтын дагуу материал цуглуулж эхэлсэн дээ. Оросын “Детский Литература” сэтгүүл. Би бараг 35 жил захиалсан. Дугаар болгоныг нэг оронд зориулж гаргадаг. Тэнд нь зохиолыг нь, зохиолчийн зураг, зохиолынх нь тухай нийтэлдэг. Мөн оросуудын гаргаж байсан дэлхийн хүүхдийн зохиолын хоёр том боть. Өөрөөр хэлбэл надад маш их материал байсан юм. Эдгээрийг яаж Монголын хүүхд үүдэд хүргэх вэ гэж бодоод л явдаг байсан. Учраа олохг үй байсан юм. Хүүхдийн уран зохиолын гурван боть гарсны дараа ер нь дэлхийн хүүхдийн уран зохиолын ном гаргая гэсэн яриа гараад. Тэгэхээр нь би юун сайн юм надад нэг ийм материалууд байгаа гээд үзүүлсэн. Энд эрх нь нийтийнх болсон бүтээлүүд голлож орсон. Мөн орчин үеийн улс орны шилдэг зохиолчдын бүтээлүүдийг орчуулж оруулахдаа зохиолчдоос өөрсдөөс нь зөвшөөрлийг авч оруулсан. Зохиолоор нь дамжуулан тухайн орны хүмүүстэй, зан заншилтай нь танилцдаг. Монголын хүүхдүүдийг орон орны ёс заншил, ахуй, хүүхдүүдтэй нь танилцаасай гэж бодож хийсэн дээ, энэ ажлыг. Тэгвэл энэ ботиудаар дамжин Монголын хүүхдүүд дэлхийн жараад орны хүүхдүүдтэй танилцах нь ээ. Оросууд хүүхдийн уран зохиолын хоёр ботийг гаргахдаа нэлээд том редакцийн зөвлөл ажилласан байдаг. Та ганцаараа шахам энэ том ажлыг амжуулж байна. Энэ ажлынхаа хажуугаар таныг саяхан Солонгос улсад зочлоод ирсэн сураг байсан.
-Ямар хэргээр явсан бэ?
-Солонгосын “Даум” сангаас дэлхийн шилдэг хүүхдийн зохиолуудаар “Оли боли онлайн пикчер боокс” хэмээх цуврал гаргаж эхэлсэн байна. Оли боли гэдэг нь бол өөрсдөө зохиосон, манайхаар бол ардын үлгэрийн баатрын нэрийг солонгос үлгэрээс авчихсан гэж байна лээ. Зурагт ном бол дэлхий даяар урлагийн нэг төрөл болоод хөгжчихсөн. Энийг л цахим хэлбэрт оруулж дэлхийн шилдэг номуудаар цуврал хийж байгаа юм байна. Өнгөрсөн жилээс эхэлсэн бөгөөд эхний номуудынхаа нээлтийг сая хийлээ. Бүтээл нь орсон зохиолчдын бүх зардлыг нь дааж урьж ёслолдоо оролцуулсан. Одоогоор 10 гаруй орны зохиолчдын бүтээлээр энэ цувралаа хийгээд байгаа. Тухайн орнуудын Элчин сайдууд болон ЮНЕСКО-гоос төлөөлөгчид оролцсон том арга хэмжээ боллоо. Миний үүрэг ердөө гуравхан минут үг хэлэх байлаа.
-Таны бүтээл Болонид болдог олон улсын хүүхдийн номын яармагийн шилдэг 21 номын жагсаалтад орж байсан. Энэ удаа ямар бүтээл тань энэ цахим номын цувралын эхний арваад зохиолд багтав. Манайхаас өөр зохиолчдын бүтээл орох болов уу?
-Энэ бол маш сонирхолтой хэлбэр. “Энимешн ном” гээд байгаа юм аа. Зураг нь хөдөлдөг, хөгжим дэвсэр болдог. Баатрууд нь ярьдаг, амьтад нь дуугардаг, жүжигчид маш чадварлагаар текстийг нь уншиж байна. Миний “Долоон бөхтэй тэмээ”, “Сүүлчийн алмас” хоёр ном сонгогдож орсон. Тэр сайтыг нь л мэдвэл хүүхдүүд гэртээ суугаад уншиж болох болжээ. Би Монголынхоо зохиолчдын бүтээлүүдийг оруулъя гэж бодсон. Нийт зохиолчдодоо мэдэгдээд байгаа л даа.
-Одоогоор хэн хэн бүтээлээ бэлтгэж байгаа бол?
-Д.Батжаргал лав явна. О.Сундуй, Д.Гармаа нар бэлтгэж байгаа. Гэхдээ энэ бол очсон даруй хэвлэчихдэг газар биш. Редакцийн комисстой. Түүгээр баталбал хэвлэгддэг. Бид л мэдэхгүй болохоос тэд манай хүүхдийн зохиолуудыг дэлгүүрүүдээс аваад явчихдаг. Манай зохиолчдын ихэнх ном тэнд оччихсон байна лээ.
-Таныг “Монголын бага Андерсон” гэж Өвөр Монголын нэртэй судлаач нэгэнтээ нэрлэсэн нь бий. Дэлхийн тэр том хүнтэй адилтгах түвшинд хүрэхэд юу нөлөөлсөн гэж боддог вэ?
-17 настай байхад анхны номыг маань улсын хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлсэн. Би өөрөө хүүхэд байлаа. Булган аймгийн арван жилийн дунд сургуулийн сурагч. Тэгэхэд улсын хэвлэл номыг нь гаргана гэдэг агрономич болох гэж байсан хүүхдийг чинь дээш нь хөөргөөд явчихаж байгаа юм.
-Та агрономич болох гэж байсан юм уу. Ер нь багадаа ямар мөрөө- дөлтэй хүүхэд байв?
-Би эхлээд багш болох гэж байсан. Манай багш Ц.Дашням гэж энэ Д.Сэнгээ гуайн дүү шүү дээ. Багш маань цээжээр шүлэг уншина, уран яруу ярина. Тухайн үедээ манай аймагт том соён гэгээрүүлэгч оччихсон байсан. Тэгээд л Дашням багш шигээ багш болно гээд явж байтал нэг удаа эмнэлэгт хэвтлээ. Нэг муу хамрын шуухинаа хүрээд. Тэгсэн чинь цээжин дээгүүр нэг мөнгөн юм гүйгээд л миний өвчнийг мэдээд байх шиг. Тэгэхээр нь өө эмч болъё гээд л эмчийн юм цуглуулаад бэлдээд байлаа. Тэгж байгаад хөдөө амраад гараад ирсэн чинь манай нутагт хөдөлмөрийн баатар, хоньчин З.Очир гэж байлаа. Тэгтэл түүн дээр гадаадын хүмүүс, сэтгүүлчид, бүр Цэдэнбал дарга ч очиж уулзаад байх шиг. Энэ ер нь ямар юм вэ, би ерөөсөө хоньчин болно гэж бодлоо. Хонь байхгүй цаастай хүнд чинь ямар юмаараа хоньчин болох вэ дээ. Сургууль цуглачихаад хичээлээ тараад явж байсан чинь жигтэйхэн гоё бүсгүй ар дээрээ суулгачихсан улаан мотоцикльтой хүн хажуугаар давхиад өнгөрлөө. есдүгээр ангид л байсан байх. Бүсгүйнх нь улаан алчуур салхинд дэрвээд л сайхан харагдлаа. Ямар хүн ийм юм хийдэг юм бэ гэсэн чинь агрономич гэнэ. Өө тэгвэл би агрономич болъё гээд л шийдчихлээ. Гэтэл манай сургууль дээр Содномдорж гэдэг хүүхдийн зохиолч ирээд уулзалт хийж байна гэнэ. Орсон чинь тэр хүн шүлгээ уншаад л, хөгжим дарж дуулаад бүр хөглүүлж өгч байх юм. Манай ангийн гоё гоё охидыг авч бүжиглээд л. Бид айгаад бүжиглэж чадахгүй байхад. Энэ ямар айхавтар зоригтой хүн бэ, ямар ид шидтэй юм гээд л бодож байтал, манай багш энэ хүүхэд шүлэг бичдэг гээд намайг танилцууллаа. Би тэр хүнд хэдэн шүлэг уншсан чинь тэдгээрийг маань аваад явсан юм. Гэтэл Улаанбаатарт очоод ном болгоод гаргачихаж. Танай банк руу шагнал шилжүүлсэн гэнэ. Хүүхдэд ямар мөнгө өгөх биш, манай аав яваад аваад ирлээ. Тэр үед 400 төгрөг гэдэг чинь их мөнгө шүү дээ. Бараг аавын цалингаас ч их байсан юм уу даа. Бөөн баяр болоод л. Тэгээд л нөгөө агрономич гэдгээ болиод ерөөсөө хүүхдийн зохиолч болъё гэж шийдсэн дээ.
-Их сургуулийн монгол хэл уран зохиолын ангид манай нэртэй зохиолч, яруу найрагчид болох Ш.Сүрэнжав, Д.Цэдэв, Т.Юмсүрэн нартай хамт сурч байсан гэж дуулсан?
-Тийм ээ. Хөвсгөлийн машины тэвшин дээр суугаад ирсэн чинь нүүр гэж дан тоос, яг л энгэсэг тавьсан мэт. Тэгээд их сургуулийг эрээд яваад л байлаа. Би уг нь кинон дээрээс харсан л даа. Нэг хүнээс асуулаа “Их сурууль хаана байна“ гэтэл “Хөөе дээшээ хараач” гэлээ. Нээрээн тэгсэн чинь доошоо хараад дээд оройг нь харалгүй яваад байж. Их сургуулийн дэргэд нь зогсож байж билээ. Үүрч ирсэн шуудайгаа үүдэнд нь тавьж байгаад орлоо. Монгол хэл утга зохиолын ангид орно гэсэн чинь авахгүй гэнэ. Тооны ангид л ор гэлээ. Ядаад би номоо гаргачихсан хүн байна гэж даналзсан чинь “Чиний ном гэж юу байдаг юм, бас худалч золиг байх нь ээ” гээд хөөгөөд гаргачихлаа. Хэвлэх үйлдвэр рүү очоод миний ном байна уу гэтэл байна гэнэ. Тэр болтол номоо үзээгүй л яваад байгаа хэрэг шүү дээ. Номоо авчираад үзүүлсэн чинь “Их эр юм хөөе, энийг тэр утга зохиолын ангид нь авъя” гээд авчихлаа. “Аргатай хүү” ном үндсэндээ их сургуульд элсэх гэрчилгээ болсон үүрэгтэй.
Бүтээлүүд маань гол төлөв орос хэл дээр гарсан даа. Яг нарийн мэдэхгүй байна. Арваад орны хэлнээ орчуулагдсан байх. Би одоо заримыг нь олж авч чадаагүй л байна. Заримыг нь ч хүмүүс гадаад яваад авчирч өгдөг. Ш.Ванчаарай зохиолч Украинд явж байхдаа номын дэлгүүрт нь “Аав ээж би” гэсэн ном байхаар нь аваа надад хэдийг өгсөн. П.Пүрэвсүрэн зохиолч Москвад явж байсан чинь Туркмэнд хэвлэчихсэн байна гээд аваад ирж байх жишээтэй.
-Хүүхдийн шүлгийг тан шиг ийм хөгжимлөг бичдэг хүн бараг байхгүй байх. Бас таныг шүлгээ хэмнэлтэй сайхан уншиж байхыг сонссон. Томчуудад зориулсан шүлэг бичиж байсан уу?
-За яахав дээ. Залуу хүнд хайр дурлал таарна. Хайр дурлалын 50 дэвтэр шүлэг надад байна л даа. Дандаа хайр дурлалын шүлгүүд. Тэрийг би нэг ч хэвлүүлээгүй юм. Энэ дэвтрүүдээ хүүдээ өгчихсөн. Уншиж сонирхвол сонирх. Сонирхохгүй бол хожим нэг хэвлүүлнэ биз ээ, аав нь одоо хүүхдийн зохиолоороо л явъя гэсэн дээ.
-Уран бүтээлийн энэ урт замд нийт хичнээн бүтээлтэй болоод байна?
-Саяхан нэг жагсаалт гаргаадахсан чинь хэвлүүлсэн ном 73 байна. Гэхдээ хүүхдийн зохиол чинь нэгдүгээрт нимгэхэн, хоёрдугаарт дахин хэвлэгдсэн байна. “Аав, ээж би” гэхэд л дөрвөн удаа хэвлэгдсэн. Эдгээрээ тооцоод үзэхэд 73 байна. Би энэ жагсаалтдаа сэтгүүлчийн болон том хүний номуудаа оруулдаггүй юм.
-Таны бүтээлүүд багагүй олон орны хэлнээ орчуулагдсан байх шүү. “Морьтой үлгэрүүд” чинь араб, малайз зэрэг арваад хэлнээ орчуулагдсан санагдана?
-Гол төлөв орос хэл дээр гарсан даа. Яг нарийн мэдэхгүй байна. Арваад орны хэлнээ орчуулагдсан байх. Би одоо заримыг нь олж авч чадаагүй л байна. Заримыг нь ч хүмүүс гадаад яваад авчирч өгдөг. Ш.Ванчаарай зохиолч Украинд явж байхдаа номын дэлгүүрт нь “Аав ээж би” гэсэн ном байхаар нь аваад надад хэдийг өгсөн. П.Пүрэвсүрэн зохиолч Москвад явж байсан чинь Туркмэнд хэвлэчихсэн байна гээд аваад ирж байх жишээтэй.
-Таны үг аяыг нь зохиосон “Хурга хурга чи яагаад хундан цагаан болсон юм бэ” гэсэн дуу бий. Энэ дуу олон улсын шагнал авч байсан. Ямар нэртэй билээ?
-”Таван зүс” нэртэй л дээ. 1978 онд Олон улсын хүүхдийн дууны гран при авсан. Мөн “Алтан унага”, Дэлхийн урлаг соёлын академийн ерөнхийл өгчийн гарамгай яруу найрагчийн алтан медаль, Олон улсын хүүхдийн утга зохиолын зөвлөлийн “Асахэ” буюу номын уншилтанд олгодог шагналтай.
-Хүүхэд бол хүний орчлонгийн гэрэл гэсэн үг ч бий. Хүүхдийн ерт өнцөд орж, тэдний сэтгэхүйд хүрч зохиол бичих утга зохиолын хамгийн хүнд төрөл гэдэг?
-”Хүүхдүүд бол суут хүмүүс” гэсэн үгэнд дуртай. Их сонин шүү дээ. Биеэсээ том толгойтой хүн зурчихаад “Толгойд бодол багтахгүй байхад том зурахаас яахав” л гэнэ. Хоёр чихээ том жижиг зурчихаад “Үглээ сонсохоор жижигсээд, үлгэр сонсохоор томроод” гэнэ. Долоон нас хүртлээ суут хүмүүс байгаад бидэн шиг энгийн хүсүүс болдог. Өөрөөр хэлбэл, би хүүхдийн энэхүү суут чанарыг гаргах гэж зохиолоо бичдэг. Хүүхдийн зохиол бол сэтгэлгээний өндөр түвшинд, гүн ухаантай бичигдсэн байх ёстой гэж боддог.
-Жан Перро гэдэг судлаач “Андерсений маягаар бичсэн монгол үлгэрүүд” гэж ямар бүтээлийг тань үнэлсэн юм бэ. Манай ямар ч судлаач ингэж үнэлээгүй санагдана?
-Миний “Морьтой үлгэрүүд” гэж дотроо есөн хэсэгтэй бүтээл бий. Энэ ном маань бараг арваад хэлнээ орчуулагдсан. Монголчуудын үхрийн махыг үнхэлцэгт нь багтаадаг шиг хүүхдэд зориулсан бүтээл маш товч тодорхой, бас их гүн санаатай байх ёстой. Миний “Гэр” чинь анх есөн хуудас байсан. Гэр бүлийнхээ хүнд уншуулсан чинь арай л сунжруу байна гэсэн. Тэгээд хассаар ердөө нэг хуудас зохиол болсон.
-Гадаад дотоодын хүмүүсээс захидал их ирдэг үү?
-Миний “Чулуун домог” хэмээх амьтны тухай үлгэрүүдийг хүүхдүүд их уншсан. Уншаад уйллаа гээд зөндөө захидал ирүүлдэг. Хүүхдийн сэтгэл их сайхан шүү дээ. Америкийн тэргүүн хатагтай Лора Бушаас захиа ирсэн. Тэрээр “Таны агуу их нинжин сэтгэлийг хүндэтгэж байна” гэсэн. Энэ надад ямар ч том шагналаас илүү сайхан санагддаг юм.
О.МӨНХНАРАН