Categories
мэдээ цаг-үе

Ховд аймагт 1600 орчим тооны мал цасанд боогдсоныг зам гарган, нүүлгэн шилжүүлжээ DNN.mn

Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн “Хонгорын хөтөл” гэдэг газар малчин Д-ийнх малтайгаа цасанд боогдсон тухай дуудлагыг өчигдөр 12:15 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Манхан сумын мэргэжлийн ангийнхан 60 км замыг туулан 14:30 цагт очиход тус сумын харьяат малчин Д-ийнх 100 адуу, 1500 бог малтайгаа цасанд боогдсон байсан тул Ботгон багийн “Хонгорын хөтөл” гэдэг газраас “Ганц мод” гэдэг газрын чиглэлд 25 км-т зам гарган, нүүлгэн шилжүүлэх ажиллагааг дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 00:40 цаг хүртэл зохион байгуулсан гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Элэгний В вирусний эсрэг эмийн 90 хоногийн хэрэглээг нэг дор авах боломжтой болжээ DNN.mn

Элэгний В вирусний эсрэг эмийн 90 хоногийн хэрэглээг нэг дор авах боломж бүрджээ.

ЭМДҮЗ-ийн 2022 оны 11 дүгээр тогтоолд Элэгний В вирусний эсрэг ерөнхий нэршлийн 2, худалдааны нэршлийн 4 төрлийн эмийг багтаасан. Өмнө нь даатгуулагч-иргэн эдгээр эмийг сар бүр 30 ширхгийг ЭМД-ын сангийн 50 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авдаг байсан бол одоо 90 хоногийн хэрэглээгээ нэг дор бичүүлэн авах боломжтой болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Д.Мөнх-Эрдэнэ прокурор болон шүүгчээс татгалзсан тул шүүх хурал түр завсарлалаа DNN.mn

Иргэн Д.Мөнх-Эрдэнэ прокурор болон шүүгчээс татгалзсан тул шүүх хурлыг 12:30 цаг хүртэл түр завсарлууллаа. Татгалзах саналыг Ерөнхий шүүгчид танилцуулж шийдвэрлэнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цахим визийг 99 орны иргэдэд олгоно DNN.mn

Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд Гадаадын иргэн харьяатын газар (ГИХГ) цахим виз олгох улс орнуудын жагсаалтыг шинэчлэн, 99 орны иргэдэд цахим виз олгохоор боллоо.

ГИХГ дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн үйлчилгээний төлбөр төлөх дансыг мөн шинэчлээд байна.

ГИХГ-ын дарга Н.Ууганбаярын мэдээлснээр, цар тахлаас өмнөх жилүүдэд Монгол Улсад жилд дунджаар гадаадын 230 мянга гаруй иргэн аялал жуулчлалаар, 200 мянга орчим иргэн түр оршин суухаар ирдэг гэсэн тооцоо бий.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар Монгол Улсын хүн амын гурван хувьтай тэнцүү хэмжээний буюу гадаадын 100 мянга орчим хүн Монгол Улсад оршин суух боломжтой. Өнөөдрийн байдлаар манай улсад гадаадын 16 мянга орчим иргэн оршин сууж байна. Үүнээс 1600 гаруй нь хөрөнгө оруулах зорилгоор оршин сууж байгаа юм.

Гадаадын иргэн Монгол Улсын виз мэдүүлэхээс эхлээд оршин суух зөвшөөрөл авах хүртлээ ГИХГ-т өөрийн биеэр 5-6 удаа очдог байсан бол одоо хуулийн өөрчлөлт, цахимжуулалтын дүнд хүндрэл чирэгдлийг багасгажээ.

Categories
мэдээ нийгэм

Ц.Чимэддондог: Д.Мөнх-Эрдэнэ, цэнхэр үст Цэрэн, No war хөдөлгөөнийхөн одоогоор шүгэл үлээгч гэх тодорхойлолтод хамаарахгүй DNN.mn

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн ёс зүйн хорооны дэд дарга, Монголын эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн үүсгэн байгуулагч, сургагч багш Ц.Чимэддондогтой ярилцлаа.

ШҮГЭЛ ҮЛЭЭХ, ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ ГЭЖ ХЭНИЙГ, ЮУГ ТОДОРХОЙЛОХ ВЭ?

-“Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төсөл” хэлэлцэгдэх гэж байна. Энэ хуулийн төслийг боловсруулах үндэслэл нь юу байв?

-Манай улсад буй нөхцөл байдал тогтолцооны шинжтэй шударга бус үйлдлийг хэн нэгэн шүгэлдэгч шударгаар мэдээлэх боломж хомс. Туйлын хүнд нөхцөлд, айдас дарамт шахалттай, мэдээллийг хүргүүлсэн ч мэдээллийн дагуу шалгаж шийдвэрлэх, үүнийг зохицуулсан эрхзүйн орчин туйлын хангалтгүй байгаа. Энэхүү ажлыг үр дүнтэй болгохын тулд энэ хуулийн төсөл зайлшгүй хэрэгтэй.

-Шүгэл үлээнэ гэдэг ойлголтыг хэрхэн тодорхойлсон бэ?

-Энэ хуульд шүгэл үлээх гэдэг ойлголтоо тодорхойлсон. Гэхдээ шүгэл үлээгч гэж хэн бэ гэдгээ тодорхойлоогүй. Хүн бүр шүгэл үлээх боломжтой мэтээр ойлгуулж байгаа. Бид эхлээд үйл явцын эзэн шүгэл үлээгчийг зөв оновчтой тодорхойлохгүй бол энэ хууль цаашид үр дүнтэй хэрэгжих нөхцөл нь бүрдэхгүй байгаа юм. Үүнийг бүрдүүлэхийн тулд АТГ, ХЗДХЯ-тай хамтран боловсруулсан. Боловсруулах болсон үндэслэл нь юу вэ гэвэл манай улс 2005 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн авлигын эсрэг конвенцид нэгдэн, баталсан. Баталсан мөртлөө энэ конвенцын дагуу шүгэл үлээгчийг хамгаалах эрхзүйн орчин бүрдүүлэх үүргээ хүлээлгүй 18 жил болчихлоо. Шүгэл үлээгчийг хамгаалах байр сууриа холбогдох баримт бичгүүддээ ойрхон ойрхон тусгасаар ирсэн. Жишээ нь, 2016 оны Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгасан. Мөн “Алсын хараа-2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2020-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, УИХ-ын 2021 оны арванхоёрдугаар тогтоолын хавсралтад тусгасан. Эдгээрт шүгэл үлээгчийг хамгаалъя гэдэг үзэл баримтлалыг заасаар ирсэн. Үүний дагуу ерөнхийдөө энэ төсөл хийгдэж байна гэж ойлгогдож байгаа

-Шүгэл үлээх гэдэг ойлголтоо эхлээд хүмүүс зөв ойлгох хэрэгтэй байх аа?

-Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийн 4.1.1-т “Шүгэл үлээх гэж нийтийн ашиг сонирхлыг хохироосон, хохироож болзошгүй нөхцөл байдал үйлдлийн талаар эрх бүхий байгууллагад мэдээлэл өгөх, өргөдөл гомдол гаргах, тайлбар өгөхийг ойлгоно” гэжээ. Энэ тодорхойлолтыг харвал зөвхөн үйлдэл бус эрх бүхий байгууллагад хандах нөхцөлийг нь тусгасан. Нөхцөл гэдэг чинь хамгийн аюултай. Ямар ч нөхцөл байж болно шүү дээ. Ийм нөхцөлд байсан байж болзошгүй гэх… Батлагдаагүй ирээдүйд болох үйл явдал дээр тулгуурлан мэдээлэл өгвөл хүнийг хэлмэгдүүлэх нөхцөл үүснэ. Тэгэхээр сонгодог шүгэл үлээлт гэдэг үйл явдлыг мэдээлэх, болсон зүйлийг, процессыг мэдээлнэ. Тэр процессыг мэдээлэхийн тулд тухайн хүн өөрөө тэр үйл явдалд оролцсон, дунд нь байсан, үйл явдлыг харсан, процессыг дүрсэлж хэн хэн оролцсон, хэн хэн байсан, хэдэн төгрөг өгсөн, авсан тухай мэдээлэх хүнийг шүгэл үлээгч гэдэг.

-Шүгэл үлээгч гэж хэнийг хэлэх вэ?

-АТГ-ын сайт дээр бичсэн зүйлийг жишээ татъя. Сагсанбөмбөгийн тэмцээн болж байлаа гэхэд хоёр багийн хоорондын тэмцэлдээн дунд ямар нэгэн зөрчил илрүүлж, шүүгч нь хөндлөнгөөс шүгэл үлээж тухайн хэргийг шударгаар шийдвэрлэхийг шүгэл үлээх гэнэ гэж бичсэн. Энэ нь шүүгчийг шүгэл үлээгч гэж үзнэ хэмээн оруулж, тайлбарласан байна лээ. Эхний ойлголт тухайн үйл явцад ямар нэгэн байдлаар оролцогч байх гэдэг нь талбайн гаднаас шүгэл үлээхгүй гэж ойлгогдож байгаа тул энэ тодорхойлолт зөв. Шүүгч хэн бэ гэдэг нь асуудалтай. Зүйрлэвэл шүгэл үлээгч гэдэг нь шүүгч биш. Тухайн үйл явцыг гардан гүйцэтгэж байгаа буюу тэмцээнд оролцож байгаа хоёр багийн арван тамирчны аль нэг нь шүгэл үлээгч. Тэр хүн юуг мэдэж байгаа вэ гэвэл дасгалжуулагчийнхаа хожигдлын шалтгаан болсон буруу стратегийн тухай мэдэж байж болно. Өөрөө тэр үйл явдалд гар бие оролцож байгаа болохоор мэдэж таарна. Тэр тактикийг өөрчлөөд багтаа хожил авчрахыг хүсч байгаа боловч өөрийнх нь эрх мэдэл хүрдэггүй. Хожмоор байдаг эрх мэдэл нь дутдаг. Үр дүн гаргамаар байдаг. Тэгээд тухайн хүн манай дасгалжуулагч ийм стратеги, тактик бидэнд зааж өгсөн. Үүнийг улмаас бид ийм хохирол амсч байна гэдгээ бодит баримтад тулгуурлан хэлж байгаа хүн л шүгэл үлээгч юм.

МАНАЙ ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН СОНГОДОГ ЖИШЭЭ БОЛ Г.ДОРЖЗОДОВ

-Манайд шүгэл үлээгчийн жишээ болгоод нэрлэх хүн бий юу?

-Манай сонгодог жишээ бол Г.Доржзодов. Г.Доржзодов тухайн схемийг өөрөө зуралцсан. Өөрөө тэр үйл явдал дээр байсан. Тэгээд үүгээрээ шүгэл үлээсэн. Хэрвээ Г.Доржзодовоос өөр тухайн процесст оролцоогүй хүн шүгэл үлээсэн бол энэ хэргийг шударгаар шийдвэрлэх боломж хомс. Тэгэхээр энгийнээр хэлэх юм бол шүгэл үлээгч гэдэг нь хамтран хулгай хийчихээд хань хамсаатнаа илчилж байгаа хүнийг л хэлж байгаа юм.

-“Хар машины Г.Ган-Очир” гэдэг шүү дээ. Тэр хүн шүгэл үлээгч мөн үү?

-Хар машины механизмын үйлдэл тогтоогдоогүй шүү дээ. Тэр эргэлзээтэй. Хар машиныг үйлдвэрлэхэд, тэр программыг зохиоход оролцсон хүн, хар машиныг үйлдвэрлэсэн үйлдвэрийн программ хангамжийн төсөл дээр ажилласан инженерийг шүгэл үлээгч гэнэ. Түүнээс биш Ган-Очир сагсанбөмбөгийн багийн тоглогч биш талбайн гадна талд сууж байгаа үзэгч л юм.

-Д.Мөнх-Эрдэнийг иргэд шүгэл үлээгч гэдэг шүү дээ. Тэр хүн энэ ойлголтод багтах уу?

-Мөнх-Эрдэнэ байна уу, цэнхэр үст Цэрэн нь байна уу эдгээр хүмүүс одоогоор маш оновчтой тодорхойлолтод хамаарахгүй. Тэд бол биш байх нь. Шүгэл үлээгч нь тухайн процесс дотор өөрөө оролцсон хүнийг хэлнэ. Жишээ нь, төрийн байгууллага дотор шүгэл үлээгч гэж хэнийг хэлдэг вэ гэвэл Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн сүлжээ байгууллагын тодорхойлолтод бичсэнээр “Төрийн байгууллагын дунд шатны албан тушаалтнууд төрийн байгууллагын шүгэл үлээгчийн сонгодог жишээ байдаг”. Яагаад гэвэл тэд бүх болж буй үйл явдлыг хардаг. Өөрсдийнх нь гар дээгүүр тогтоол шийдвэр, банкны дансны хуулга, гэрээ контракт бүх зүйлийг өөрсдөө үзээд, мэдээд танилцчихсан байгаа. Бараг өөрсдөө тэр гэрээний тогтоолыг, хамтын ажиллагааны гэрээний эрх үүрэг юу байдаг юм бүгдийг эрх мэдэлтэй албан тушаалтныхаа үүрэг даалгавраар бэлтгэж өгч байгаа. Дээрх эрх мэдэлтэн нь зүйл заалтыг чиглүүлж өгч байна шүү дээ. Үүнийг шударга бус байна гэдгийг харна. Тэгээд өөрчлөх гэхээр эрх мэдэл нь хүрдэггүй. Тэгсэн мөртлөө түүнийг өөрчлөхийг хүссэн сэтгэл байдаг. Үүнийг өөрчилбөл ирээдүй сайн сайхан болно гэсэн итгэл байдаг. Ийм л хүнийг шүгэл үлээгч гэж байгаа юм.

ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН ЭРХЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ЗАСЧ, САЙЖРУУЛАХ ЗААЛТУУД

-Энэ хуулийг та судалж үзсэн байх өөрчлөх, сайжруулах зүйлүүд бий юу?

-Манайх хувийн сектор гэж зүйлийг одоохондоо энэ хуульд огт тусгаагүй. “Хувийн секторын этгээд дотроос нийтийн ашиг сонирхолд аюул занал учруулахуйц авлига хууль бус үйлдэл, залилан, үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг өгөх, тухайн мэдээллийн дагуу үр дүнтэй арга хэмжээ авна гэж итгэн хувь хүн, хуулийн этгээдэд хандан илчлэх” гэж тодорхойлсон. Энэ заалт дээр хоёр зүйл байгаа. Нэгдүгээрт, үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл гэж байна. Хоёрдугаарт, тухайн мэдээллийн мөрөөр арга хэмжээ аваад, энэ нь сайн үр дагавар авчирна гэж итгэж байгаа тэрхүү итгэл дээр суурилдаг. Гэтэл манайх тэр итгэлээс илүү мөнгөн урамшуулал, тэдэн хувийг өгнө гэж заасан. Тэгэхээр хүн болгон мөнгөний сэдэл дээрээс нөхцөл байдлыг өөр өөрөөрөө тодорхойлно. Нийтийн ашиг сонирхлын үүднээс бус ялих шалихгүй зүйл дээр өөрөө зохиомлоор хэрэг үүсгэн ярих гэх мэт зүйлүүд болох магадлалтай гэж харагдаад байгаа. Тэгэхээр үйл ажиллагаатай холбоотой гэдэг дээр анхаарал хандуулмаар байна. Нүүрсний хулгай гээд яриад байна. Процесс өрнөсөн байгууллагууд нь дандаа хувийнх. Гэтэл далд оролцсон нөлөөлөгч нь дандаа төрийн өндөр албан тушаалтнууд байгаа биз дээ. Тэгэхээр яавч хувийн секторыг хасч болохгүй. Дээр нь төсвийн хөрөнгө оруулалтаар шийддэг том өндөр дүнтэй тендерүүд дандаа хувийн байгууллагуудаар дамждаг. Энэ чинь ард түмний татварын мөнгө шүү дээ. Мөн татварын асуудлуудыг хасна гээд Татварын байгууллагынхан сандралдаад байгаа сураг дуулдсан. Энэ салбарыг хасч яагаад ч болохгүй. Татварын асуудлын хүрээнд энэ хуульд оруулахгүй гэж дуугарч байгаа хүн байвал нотой хүн шүү. Үүнийг сэтгүүлчид анхаарч, эрэн сурвалжлах хэрэгтэй. Энэ хуулийн үйлчлэлд татвар хамаарахгүй гэсэн албан бичиг хүртэл явсан.

-Хууль ямар хүрээнд үйлчлэх бол?

-Төслөөс хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлэх шаардлагатай гэж харагдаж байгаа. Хуулийн төсөлд зааснаар “Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан төрийн нууцыг хамгаалах ажилтан, танилцах эрх бүхий этгээдийн танилцсан төрийн нууцад хамаарах мэдээлэлд энэ хууль үйлчлэхгүй” гэж байгаа. Процесс ямар нэгэн алба, салбар дотор болно. Тэгэхээр яг тэр үйл явц өрнөсөн алба дотор нь тухайн албаны дарга нь байгууллагынхаа нууцын жагсаалтыг өөрөө гаргаж байгаа шүү дээ. Энэ нууцад нь орчихсон бол шүгэл үлээж болохгүй болчихож байгаа юм. Шүгэлдэгчийн үлээж байгаа үйл явц, процесс далд өрнөнө. Энийг эрх мэдэл бүхий хүн далдлахыг эрмэлздэг. Эрх мэдэл бүхий хүн нь тухайн байгууллагын дарга нь. Дарга нь нууцаа өөрөө бий болгож байна. Үүнийг хуулийн үйлчлэх хүрээнд оруулахгүй болохоор амьдралд хэрэгжих боломжгүй болчихоод байгаа юм. Авлигын эсрэг НҮБ-ын конвенц гэж бий. Тус конвенцид шүгэл үлээгчийг явцуу хүрээнд тодорхойлохоос зайлсхийж дараах байдлаар зохицуулж өгсөн. Төр хувийн байгууллагыг нэг түвшинд аваад үзсэн. Дээр нь олон нийтийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагынхан байж болно. Мөн гэрч хохирогч, шинжээч байж болно. Эдгээр нь тэр процесс дотор оролцсон байвал илүү үр дүнтэй. Сэтгүүлзүйн түвшинд оролцоогүй мөртлөө мэдээлэл олж авсан бол нууц эх сурвалж гэдэг. Оролцсон мөртлөө ил гарч ирээд, олон нийтэд мэдээлээд байгаа Г.Доржзодовыг шүгэл үлээгч гээд байгаа юм. Шүгэл үлээгчийн өгсөн мэдээллийг шалгах шаардлагагүй. Нууц эх сурвалжийн өгсөн мэдээллийг заавал шалгах, нягтлах хэрэгтэй. Тэр мэдээлэл худал байж болно.

-Бусад хуультай зөрчилдөж байгаа зүйлүүд бий юу?

-Хэд хэдэн хуулийн заалттай зөрчилдөөд байгаа. Бусад хуульд заасан нууц мэдээлэгчийн мэдээлэл өгөх хууль эрхзүйн боломжийг бүр дордуулсан заалтууд ороод ирсэн. Шүгэл үлээгч нь өөрийнхөө эрх бүхий байгууллага эсвэл мэдээллийн шуурхай удирдлагын төвд хүргүүлнэ гэж заасан. Тэрхүү эрх бүхий байгууллага нь УПЕГ, АТГ, ХЭҮК, ЦЕГ, Татварын ерөнхий газар, ШӨХТГ байна гэж заасан. Үүнд шүгэл үлээгчийг хамгаалах үүрэг хүлээсэн байгууллага аль нь болох нь тодорхойгүй. Энэ хууль угтаа шүгэл үлээгчийг хамгаалах зорилготой. Гэтэл эдгээр байгууллагын аль нь шүгэл үлээгчийг хамгаалах тусгайлсан үүрэг хүлээсэн нь тодорхойгүй. Эдгээр байгууллага бүгд адил эрх хэмжээтэй байх юм уу, эсвэл шүгэл үлээхтэй холбоотой ямар үе шатанд аль байгууллага оролцох эсэх нь тодорхойгүй. Жишээ нь, Авлигын эсрэг хуульд “Энэ хуульд заасан мэдээлэх үүргийг хэрэгжүүлэхэд төр, байгууллага, хувь хүний нууцын тухай хуульд тогтоосон хязгаарлалт хамаарахгүй” гэж заасан. Энэ заалттай Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төсөлд орсон заалт зөрчилдөөд байгаа. Авлигын эсрэг хуульд Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төсөл хүчингүй болгох гээд байна. Мөн “Нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээж байгаа тохиолдолд нууцын тухай хязгаарлалт хамаарахгүй” гээд Авлигын эсрэг хуульд заасан. Гэтэл үүнийг бас зөрчсөн.

-Шүгэл үлээгч гэхээр сэтгүүлчид нэгдүгээр эгнээнд байдаг шүү дээ. Энэ хууль сэтгүүлчдэд хамаарах уу?

-Ажлын хэсгийн хуралдаан дээр хэтэрхий сэтгүүлзүйн үүднээс энэ хуулийн төслийг тайлбарламааргүй байна гээд байна лээ. Гэтэл энэ хууль яагаад сэтгүүлзүй, эрэн сурвалжлах сэтгүүлзүйтэй холбогдоод байгаа вэ гэхээр Европын холбооноос шүгэл үлээгчийг хамгаалах удирдамжийг 2019 онд баталсан. Холбооны удирдамжид зааснаар шүгэл үлээх үндсэн гурван суваг бий. Нэгдүгээрт, 50-иас дээш ажилчинтай байгууллага дотооддоо шүгэл үлээнэ. Хоёрдугаарт, зохицуулах буюу эрх бүхий байгууллага үлээнэ. Манай хуульд зааснаар АТГ, Мөрдөн байцаах газар, Прокурор, ЦЕГ зэрэг хэн нь мэдэгдэхгүй олон байгууллага ороод ирсэн. Гуравдугаарт, хуульч өмгөөлөгч эсвэл эрэн сурвалжлах сэтгүүлчээр дамжуулж үлээнэ гэж заасан. Яагаад эрэн сурвалжлах сэтгүүлчээр дамжуулж үлээнэ гээд байгаа вэ гэхээр олон нийтэд мэдээллээ шууд хүргэнэ. Олон нийтийн хамгаалалтад шууд орно. Олон улсын туршлагаас харахад шүгэл үлээгч заавал эрх бүхий байгууллагад хандах албагүй. Хамгийн тохиромжтой нь гуравдагч этгээд буюу хуульч өмгөөлөгч эсвэл сэтгүүлчдэд хандах боломжтой гэсэн байдаг. Энэ нь мэдээллийг явцуу байдлаар хулгайлахаас зайлсхийсэн зүйл л дээ.

-Зохицуулах эрх бүхий байгууллага гэж яг аль байгууллагыг хэлээд байна вэ?

-Манай хуульд хэн нь мэдэгдэхгүй баахан олон хуулийн эрх бүхий байгууллагын нэр дурдсан байгаа. Үүний сайн жишээ гэвэл БНСУ-д шинэ байгууллага байгуулсан. Авлигын эсрэг иргэний эрхийн комисс гэх. Энэ байгууллага нь Азийн сайн жишээ болж байна. Шүгэл үлээгчийг хамгаалах ажлыг энэ байгууллага дангаараа хариуцдаг. Бусад байгууллагатай уялдаа холбоотой ажиллах нь шүгэл үлээгчийг хамгаалах үндсэн зүйл болж байгаа юм. Энэхүү хуульд мөн техникийн зарим асуудалд хайнга хандсан зүйлүүд байгаа. Жишээ нь, Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийн 9.5-д шүгэл үлээгч нийтийн ашиг сонирхлын үүднээс шүгэл үлээсэн болон шүгэл үлээсний дараа энэ хуулийн 6.1.6-д заасан хуульзүйн болон сэтгэлзүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авч болно гэж заасан. Гэтэл 6.1.6 гэсэн заалт энэ төсөл дээр одоо хүртэл байхгүй. Байхгүй хуулийн заалт дээр зохицуулах тусгай заалт оруулж ирж байна гэдэг техникийн хувьд хайхрамжгүй хандсан нь ганцхан жишээгээр харагдаж байна.

ЯМАР МЭДЭЭЛЛИЙН ТАЛААР ШҮГЭЛ ҮЛЭЭЖ БОЛОХ ВЭ?

-Төрийн нууцыг мэдээж хамгаалах л хэрэгтэй байх даа?

-Улсын нууц, үндэсний аюулгүй байдалтай холбоотой, төрийн амин чухал ашиг сонирхолтой холбоотой нууцыг нууцлахаас өөр аргагүй. Өнөөдөр манайд зөвхөн Засгийн газрын тогтоолоор төрийн нууцад хамааруулсан мэдээллийн тоо 570 орчим байна. Энэ нь жил ирэх тусам нэмэгдээд байгаа.

-Ерөнхийд нь базаад үзэхэд энэ хуулийн төсөл ямар болсон бэ?

-Манайдаа анхных болж байгаа нь сайшаалтай. Процессын дунд байгаа оновчтой эх сурвалжаас нь анхдагч мэдээллийг олж авах хамгийн чухал хууль мөн үү гэвэл мөн. Энэ бүх салбарт хамаатай. Том утгаар нь харвал хэвлэлийн эрх чөлөө, мэдээллийн эрх чөлөө, эрэн сурвалжлах сэтгүүлзүй гээд бүх зүйлтэй хамаарна. Ингээд бодохоор дам утгаараа авлигыг илчлэх, тэгш бус байдлыг халах сонгодог утгаараа ардчиллын зарчимд хувь нэмэр оруулах маш үнэ цэнэтэй хууль юм. Энэ хуулийг эрт хэлэлцээд явах тусмаа сайн. Үндсэн агуулгууд нь ерөнхийдөө тусчихсан. Сайжруулах, нэмэх зүйлүүд бий. Тиймээс маш олон талын оролцоотой, дан ялангуяа хэвлэлийн салбарынхныг бусад салбарыг ч тэгш оролцуулж, санал бодлыг тусгах шаардлагатай.

Categories
булангууд мэдээ цаг-үе шинжлэх-ухаан-технологи

NASA 2024 онд сар руу нисэх багийн бүрэлдэхүүнийг танилцууллаа DNN.mn

АНУ-ын үндэсний сансар судлалын байгууллага NASA өчигдөр гурван америк, нэг канад сансрын нисгэгчийг танилцуулсан нь ирэх онд сар руу нисэх хүмүүс байлаа.

Хагас зууны дараа АНУ дэлхийн дагуул дээр дахин хүмүүс буулгах зорилготой Artemis хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.

АНУ-ын иргэн Рэйд Уайзмэн, Виктор Гловер, Кристина Кок нар өмнө нь тойрог замд ажиллаж байсан туршлагатай бол Канадын иргэн Жереми Хансен анх удаа сансарт нисэх гэж байна.

44 настай цахилгааны инженер Кок саран дээр хөл тавих анхны эмэгтэй болох юм.

“Дэлхийн хамгийн том, хамгийн хүчирхэг пуужин тэднийг сансарт нисгэх болно. Бид саран дээр буцаж очсоныхоо дараа Ангараг руу ниснэ” гэж Хьюстон хот дахь Жонсоны Сансрын Төвд болсон танилцуулах арга хэмжээний үеэр NASA-гийн захирал Билл Нэлсон хэлжээ.

Artemis II багийн ахлагч, 47 настай Уайзмэн нь АНУ-ын тэнгисийн зэвсэгт хүчний сөнөөгч онгоцны нисгэгч юм.

46 настай Гловер бас сөнөөгч онгоцны нисгэгч бөгөөд тойрог замд ажилласан анхны Африк гаралтай Америк хүн болж байсан бол одоо мөн саранд хүрсэн анхдагч болох гэж байна.

47 настай Хансен нь Канадын зэвсэгт хүчний сөнөөгч онгоцны нисгэгч ажээ. Кок, Хансен нар Artemis II багийн мэргэжилтнээр ажиллах юм байна.

Artemis I аяллыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зохион байгуулсан бөгөөд нисгэгчгүй Orion хөлөг сарны орчимд 25 хоног ажиллаад буцаж ирсэн юм.

Харин энэ удаа Artemis II аяллаар сансрын нисгэгчдийг мөн сарны орчимд хүргэх ч гадарга дээр нь буулгахгүй. 10 хоногийн аяллын үеэр NASA-гийн SLS (Space Launch System) пуужин болон Orion хөлөгт хүн амьдрах боломжийг турших зорилготой.

Үүний дараа Artemis III нислэгийг 2025 онд үйлдэхдээ сансрын нисгэгчдийг сарны гадарга дээр буулгахаар төлөвлөжээ.

Энэ нислэгээр саран дээр байнгын станц байгуулах ажлыг эхлүүлж, улмаар 2040 онд Ангараг гараг руу дамжин нисэхээр төлөвлөсөн байна.

Өмнө нь саран дээр нийт 12 хүн хөл тавьж байсан нь бүгд цагаан арьстан эрчүүд байжээ.

Эх сурвалж: AFP

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн хэмжээнд нохойт эргүүл үүрэг гүйцэтгэж эхэллээ DNN.mn

НЦУГ-аас жил бүрийн 04 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд нийслэлийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх зорилгоор “Нохойт эргүүл” үүрэг гүйцэтгэдэг билээ.

Албаны эрэлч нохойтой алба хаагчид томоохон зах, худалдааны төв, олон нийтийн хөдөлгөөн ихтэй газар, гэр хороолол орчимд үүрэг гүйцэтгэснээр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн хэргийг түргэн шуурхай илрүүлэх ач холбогдолтой юм.

Сонирхуулахад цагдаа, дотоодын цэргийн албаны #эрэлч_нохдын хувьд 6 сараас 6 жил хүртэл үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

УЕПГ: Өнгөрсөн долоо хоногт 322 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв DNN.mn

Прокурорын байгууллага 2023 оны 3 дугаар сарын 06-аас 10-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 327 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 899 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 203 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 696 нь хянагдаж байна.

Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 7 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой, 2 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах талаар байгаа бол 318 нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.

Дээрх хугацаанд Нийслэлийн Дүнжингарав, Мишээл төвүүдэд ажиллаж байгаа “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд нийт 17 иргэний өргөдөл гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, 23 иргэнд прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч ажиллав.

Эх сурвалж: УЕПГ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Цэрэнпунцаг: УИХ-ын тогтоолоор цаашид төрийн өмчийн компани байгуулахыг хориглосон DNN.mn

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцагтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ам.долларын ханшийг барих чиглэлд Эдийн засгийн байнгын хороо холбогдох байгууллагуудад (Засгийн газар, Монголбанк) ямар санал, зөвлөмж өгч байна вэ?

-Ам.долларын ханш чангарч төгрөгийн ханш сулардаг гол шалтгааныг бүгд л мэдэж байгаа шүү дээ. Бидний экспортоос олох валютын орлого импортын зарлагаас бага байна. Экспортын орлого сайн нэмэгдэхгүй байгаатай л холбоотой.

-Гэхдээ манай улсын төлбөрийн тэнцэл эерэг гарсан шүү дээ?

-Тийм ээ. Улирлын мэдээллээр эерэг гарсан. Гэхдээ ганцхан улирлын мэдээллээр төлбөрийн тэнцэл сайн гарлаа гээд олон жил ужгирсан асуудал шийдэгдчихгүй. Төлбөрийн тэнцэл улирлаар бус хэдэн жилээр эерэг гарч, экспорт импортоосоо удаан хугацаанд давж ужгирсан энэ тогтолцоо арилна. Өнөөдрийн түвшнээсээ хоёр, гурав дахин нэмэгдэж байж нөхцөл байдал сайжирна. Гэхдээ сүүлийн үед ханш тодорхой хэмжээнд буурч байгааг та бүхэн харж байгаа байх. Нүүрсний экспорт сайн байгаа. Дээрээс нь хил гааль нээгдсэн. Тээвэр ложистикийн гацааг арилгах чиглэлд Засгийн газар тодорхой арга хэмжээ авч ажилласны үр дүнд хил гаалиар бараа бүтээгдэхүүн саадгүй гарч байна. Мөн Хятадын ковидын хөл хорио тавигдсан зэрэг эерэг нөхцөлүүд гарч ирж байна. Хятадын эдийн засаг идэвхжиж, өсөлт сайтай байвал манай улсын экспортод гаргадаг бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэнэ.

Түүнчлэн УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсан. Хуулийн хүрээнд гарч байгаа эерэг үр дүн олон нийтэд ил байгаа. Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Хуйвалдааны маягаар явдаг байсан ил, далд зүйлүүд тодорхой болж ирлээ. Цаашдаа ирээдүй гэрэл гэгээтэй байна гэж харж байна.

-Ам.долларын ханш яг хэзээ буух юм бэ?

-Урт хугацаандаа төлбөрийн тэнцэл эерэг үзүүлэлттэй байх ёстой.

Мөн төсөв алдагдал багатай байх ёстой. Цаашид төсөв алдагдал багатай, төлбөрийн тэнцэл нааштай үзүүлэлтийг удаан хугацаанд хадгалбал ам.долларын ханш сулардаг. Валютын ханшны дарамт байхгүй болно. Энэ бол удаан хугацаандаа засагдах эмчилгээ. Түүнээс нэг улирлын дотор сайжирч, асуудал шийдэгдэнэ гэж байхгүй. Бид цаашид гаднаас авдаг хэрэглээгээ бууруулж өөрсдөө үйлдвэрлэх боломжтой. Өрсөлдөөнд үндэслэсэн зарчмаар дэлхийд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнийг гаргах ёстой. Мөн экспортын бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулж, солонгоруулах хэрэгтэй байна. Олон төрлийн үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг экспортолдог болох хэрэгтэй. Энэ чиглэлээрх бодлогуудыг удаан хугацаанд хэрэгжүүлснээр валютын ханш чангардаг үзэгдлийг шийднэ.

Манай улсын экспортын бүтээгдэхүүний 90 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Нэг салбараас хамаардаг хамаарлыг багасгаж, бусад экспортын бүтээгдэхүүнийг яаж илүү гаргах вэ гэдэгт төрийн бодлого чиглэх ёстой.

-Тэгвэл энэ чиглэлд яг ямар ажил хийж байна вэ?

-Нэлээд хууль баталж байна. Экспортын бус бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлт үзүүлнэ. Энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийвэл ингэнэ, гадаад хөрөнгө оруулалт орж ирвэл төрөөс ингэж дэмжинэ гэдэг зохицуулалт дээр ажиллаж байна.

Хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг баталсан. Энэ хуулиар төрийн оролцоо их байгаа салбаруудыг аль болох багасгах, хувийн хэвшлийг дэмжих, бололцоог хамтарч бүрдүүлсэн.

Төрийн оролцоог багасгах, эдийн засаг дахь төрийн өсөн нэмэгдэх байдлыг хаах чиглэлээрх УИХ-ын тогтоолыг саяхан баталсан. Тус тогтоолоор цаашид төрийн өмчийн компани байгуулахыг хориглосон. Тодорхой нөхцөлд төрийн өмчит компани байгуулах бол УИХ-аар заавал хэлэлцүүлж байх, цаашид төр бизнес хийхийг хязгаарлах бодлогыг уг тогтоолоор гаргасан. Тиймээс энэ хүрээнд олон ажил хийх ёстой.

-Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд АМНАТ-ийн хууль чөдөр болж байгаа талаар хувийн хэвшлийнхэн ярьдаг. АМНАТ-ийг бууруулах бололцоотой юу?

-Татварын орчин болон төлж байгаа татварын хэмжээг бусад орнуудтай харьцуулахад манай улс тийм ч өндөрт ордоггүй.

Ер нь ашигт малтмал бол ард түмний буюу төрийн өмч. Бид төрийн оролцоог багасгах зорилготой байгаа. Энд хувийн хэвшлийнхэн түлхүү ажиллах ёстой. Гэхдээ хувийн хэвшлийнхэн татвар төлөх ёстой. Татварын хэмжээ бага байна уу, их байна уу гэдгийг нэг хоёр үзүүлэлтийг хараад хэлэх биш олон талаас нь бодох хэрэгтэй. Бусад бизнест өгч байгаа дэмжлэг ямар байна. Татварын дарамт ямар хэмжээнд байна вэ гэдгийг сайн бодож тооцож ярихгүй бол АМНАТ их байна, багасгах ёстой гэвэл буруу. Манай эдийн засгийн гол салбар бол уул уурхай. Ийм том салбараас авах татвараа багасгачихвал яах билээ гэдгээ бодох хэрэгтэй. Чиглэлийн салбар буюу эрүүл мэнд, боловсролын салбартаа хөрөнгө оруулах ёстой. Тэтгэврээ өгөх ёстой. Төрийн ажил албыг залгуулж байгаа төрийн албан хаагчдадаа цалинг нь өгөх ёстой. Энэ бүрийг бид татвараасаа суутгаж өгнө шүү дээ. Тиймээс татварыг сэтгэл хөдлөлөөр юм уу, хэсэг бүлэг татвар төлөгчдийн гаргасан саналыг авч хэлэлцэнэ гэж болохгүй. Энд Сангийн яам нухацтай ажиллах ёстой. Сангийн яам орлого, зарлага ямар байгааг харах ёстой. Бидний зарж байгаа зарлага олж байгаа орлогоосоо дандаа илүү гарч байгаа. Төсвийн алдагдал гэдэг чинь энэ шүү дээ. Бид үүнийгээ гадны зээл тусламжаар нөхдөг. Өөрөөр хэлбэл, Засгийн газар зээл авч байж төсвийнхөө алдагдлыг нөхдөг. Төсөв алдагдалтай байгаагаас болж төгрөгийн ханш сулардаг. Алдагдалтай төсвийг алдагдалгүй болгох арга нь нэг бол татвараа нэмнэ. Үгүй бол зардлаа багасгана. Хэрвээ татвараа нэмэхгүй бол татвар төлдөг бааз сууриа томсгох хэрэгтэй. Жишээлбэл, 100 мянган аж ахуйн нэгж татвар төлдөг байсан бол үүнийг 150-200 мянга болгосноор татвар нэмэхгүйгээр орлогоо нэмэгдүүлэх боломжтой.

Мэдээж бизнесийнхэн ашиг, орлогоо бодоод татвар бага төлөхийг л хүснэ. Харин төр татвараар ард түмэнд үйлчилгээгээ үзүүлдэг гэдгийг сайн бодох ёстой.

-Өнгөрөгч долоо хоногийн чуулганаар УИХ-ын хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Нэг танхимд хамт суугаа журмын нөхдийнхөө бүрэн эрхийг түдгэлзүүлэхэд хүнд байв уу?

-Мэдээж хэрэг хүнд байна шүү дээ. Нэг танхимд гурван жил хамт суугаад ажлаа хийж яваа нөхдийнхөө бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргана гэдэг бол хувь хүний хувьд амар асуудал биш. Гэхдээ энэ бол улс төрийн асуудал. Нийгэм шударга ёсыг шаардаж байна. Гишүүн хүн хэрэг хийчихээд УИХ-ын гишүүний бүрэн эрх гээд ард нь нуугдаж суудаг гэсэн ойлголттой байдаг юм шиг байна лээ. Сонгогчид энэ өнцгөөс харж байгаа учраас бүлэг улс төрийн тийм шийдвэр гаргахад нөлөөлсөн байх гэж бодож байна. Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Бүлэг дээр ярьж шийдсэн. Хууль хүчний байгууллагын үйл ажиллагаанд нь саад учруулахгүй байх, мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоог нь хангахын тулд гишүүдийн эрхийг түдгэлзүүлсэн. Шалгуулаад хэрэг төвөгт холбоогүй нь тогтоогдвол бүрэн эрх нь буцаж сэргээгдэнэ.

-Энэ хаврын чуулганаар ҮХНӨ-ийг хийх үү?

-Улсын Их хурал дээр ч, Засаг дээр ч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулъя гэж албан ёсоор яригдаагүй. Албан ёсны мэдээлэл алга. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийгдэнэ гэсэн хэвлэл мэдээллийнхний болон ам дамжсан яриа явж байгаа.

-Таны хувьд ҮХНӨ хийх, хийхгүй байхын аль талд нь байна вэ?

-Ард түмнээсээ асууж байж хийвэл зохимжтой гэж бодож байна.

-Энэ хаврын чуулганаар анхаарах нэг зүйл бол Сонгуулийн тухай хууль. Та энэхүү хуульд ямар саналтай байна?

-Засгийн газраас өргөн барьсан төсөл явж байгаа юм билээ. Манайх бол ардчилсан орон. Сонгогчид ардчилсан сонгуулийг найман удаа өглөө. Нам бодлогын нам болоод бодлогоо танилцуулж, намын гишүүд нь тэрхүү бодлогоо яаж хэрэгжүүлэх вэ гэдэгт өөрсдийн бодол санаагаа шигтгэж түүнийгээ сонгогчдодоо хүргэх, хандивлагч нараасаа сонгуулийн зардлаа босгож, тэр нь ил тод явдаг байх хэрэгтэй. Харин сонгогчид хэрэгжүүлэх бодлогыг нь харж дэмждэг байх нь зүйтэй.

-Сонгуулийн хуулийг ярихаар санхүүжилтийн асуудал хөнддөг. Мөн олон нийтийн зүгээс сонгуульд нэр дэвшигчийн гаргах зардал өндөр байгааг шүүмжилдэг. Таны хувьд энэ чиглэлд ямар дүгнэлттэй байдаг вэ. Мөн нууц биш бол 2020 оны сонгуульд та хэр хэмжээний мөнгө зарав?

-Сонгуулийн зардал ил тод байх ёстой. Аль тойрогт өрсөлдөж байна гэдгээс шалтгаалж янз бүр байх болов уу. Жишээлбэл, миний хувьд сонгогчдынхоо тооноос хамаарч сонгуульд ажиллаж байгаа хүмүүсийг цалинжуулах зардал чирэгдэл гээд овоо юм гарсан.

-Нэг нэр дэвшигч дунджаар нэг тэрбум төгрөгийн зардал гаргадаг гэсэн тооцоо байдаг юм билээ. Энэ нь мөнгөтэй хүн л нэр дэвших босго болчихдог юм бишүү?

-Мөнгөтэй хүмүүс нэр дэвшиж байна уу, мөнгөгүй хүн нэр дэвшиж байна уу гэдгийг та харж л байгаа биз дээ. Нэр дэвших хүсэлтэй хүмүүс нь дэвшиж сурталчилгаагаа хийгээд зарим нь сонгогддог шүү дээ. Чухам яажшуухан зардлаа санхүүжүүлдэг юм бэ. Хандив цуглуулдаг байх. Хандиваар нэлээн юм цугладаг байх. Зарим бололцоотой хүмүүс нь бололцоогоороо өөрийн халааснаасаа гаргаад явж байгаа.

Цаашид сонгуулийн зардлыг ил тод болгох ёстой. Сонгуулийн зардлыг хаанаас гаргах вэ зэрэг асуудал хуульд туссан юм билээ. Татвар төлөгчдийн мөнгөөр сонгууль хийхийг би хувьдаа дэмждэггүй. Сонгуульд оролцож байгаа улстөрчдөдөө зарим нь санхүүгийн хувьд боломжтой, зарим нь боломжгүй байдаг. Татвар төлөгчдийн мөнгөөр сонгуулийг санхүүжүүлнэ гэж байгаа нь үүнийг тэгшитгэх үүднээс ингэж зохицуулж байгаа болов уу. Мэдээж сонгуулийн зардал ил тод байх нь үнэхээр хэрэгтэй. Харин зөв аргаар ил тод болгох хэрэгтэй. Бид АТГ-т хөрөнгө оруулгын мэдүүлгээ гаргаж өгдөг. Энэ нь ил тод байдлыг хангаж байна уу, үгүй юу. Ард түмний, сонгогчдын хүсч байгаа мэдээлэл болж чадаж байна уу, үгүй юу гэдгийг мэдэхгүй байна. Энэ чиглэлд хуулиа чангатгавал үр дүн гарах уу, үгүй юу. Хуулийн хэрэгжилт нь муу байдаг юм уу мэдэхгүй байна.

Categories
мэдээ цаг-үе

Д.Мөнх-Эрдэнэд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр болно DNN.mn

Иргэн Д.Мөнх-Эрдэнэд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2023.04.04/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд 10 цагт болно.

Тодруулбал, өнгөрсөн 3-р сарын 10-ны өдөр товлогдоод байсан шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Б.Ганбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нарын өмгөөлөгчид шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байдаг.

Ташрамд сануулахад, Нийслэлийн прокурорын газраас Д.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг юм.