Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хойд нутгийн хавар DNN.mn

Өдөржин улаан шороон дунд талбай боловсруулсан тракторчин үдэш харуй бүрий болохуйд мотороо унтраан амс хийв ээ. Нүргэлсэн их дуу тасарч нам гүм болохуйд моторын тос шүүгч жингэнэн дуугарсаар өргөгч элдэв тоног төхөөрөмж нь таг чаг хийхээс өөр чимээ үгүй болон чих амарна. Чийг ханхлан боловсруулсан талбай том хээлтэй хар үнээ нэлхийтэл хэвтэх шиг алсран бараантаж тэртээ талын замаар албин цагаан гэрэл тэнүүчилнэ. Хэн нэг нь хаанаас ч юм ирж байгаа биз ээ. Өдөржин ажилласан тариаланч эр халаасан усаар нүүр гар, толгой цээжээ цэмбийтэл угаан, эвхээд тавьчихсан хувцсаа солин өмсөж талбайн захад барьсан гэрт тухаллаа. Гэрийн эзэгтэй түүнд цай аягалан, хөрчихнө хэмээн зузаан хувцасанд бандайтал боон тавьсан халуун хоолоо задлав. Хуршмал үнэртэй үхрийн хугархай хавирга, чанасан төмстөй шөл гарган таваглалаа. Хоёул дув дуугуй сууцгаан хооллох аж. Өлссөн нөхрийнх нь хоолоо шор хийтэл сорох, огтолсон махаа амтархан тамшаалахаас өөр чимээ үгүй. Доод голын бургасанд нойрмог ангир хааяа нэг нургилан дуугарна. Харин саяны боловсруулсан талбай дээр хур шувуудын үдшийн бүжиг эхлэж, зогсоо зайгүй тор тор тор хийн хоолойгоо татан шаагилдаж эхэллээ. Нарны зайн цав цагаан гэрэл онгорхой үүдээр зурваслан тусаж түрүүнээс хойш л эзнээ эргүүлдэн тоглох гэж өдөж байсан банхар шүлсээ савируулан харуулдан хэвтэнэ. Эзний гар цочмог хөдлөх тоолонд банхрын толгой мөн дагаж цочин, хэзээ ясаа шидэх юм бол гэж цөхрөлтгүй харуулдах аж. Өдөржин их дуу чимээнд явсан нөхрөө чих амраг хэмээн юү ч үл дуугаран гал зуух хавьцаа бөртөлзөх эхнэр нь босож тал шанага нэрмэл шар тостой халааж аягалан өглөө. Нөхөр дув дуугуй доошоо тонгойн бүлээсгэсэн архи шимэн тахир гаансандаа тамхи нэрэн татаж утаан хөшиг дунд сууна. Хойд нутгийн хавар тариалалтын цаг тулжээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барилаа DNN.mn

Парламентад суудалтай улс төрийн гурван төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөө УИХ-ын даргад өргөн барилаа.

Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд “Уг хуулийн төсөлд Засгийн газраас санал авсан. Бүх улс төрийн намын саналыг мөн тусгасан юм. Үр дүн бодитой гарна. Парламентын гишүүдийн 50 хувь нь пропорционал системээр сонгогддог болно. Өөрөөр хэлбэл 50 хувь нь Монгол Улсын нэг тойргоос сонгогдох юм. Үр дүнд нь бодлогын мэтгэлцээн өрнүүлдэг, бодлого ярьдаг, сонгодог парламентын жишиг рүү орно.

Гадаадад байгаа 200 мянга орчим иргэдийн санал бодитоор тусах боломжтой болсон. Түүнчлэн эмэгтэйчүүдийн оролцоог хангах талаар хуулийн төсөлд тусгасан. 50 хувийн пропорционал тогтолцооны тал нь эмэгтэйчүүд байна. Шийдвэр гаргалтад эмэгтэйчүүдийн оролцоо өсөх юм.

Хамгийн чухал зүйл сонгуулийн зардал байдаг. Энэ талаарх заалт хуулийн төсөлд орсон. Хаврын чуулганаар уг хууль батлагдвал эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнолын тухайд том дэвшил гарна” гэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Ганхөлөг: Өнөөдөр бид өөрсдийгөө хамгаалахын тулд Д.Монголхүүг хамгаалах ёстой DNN.mn

Иргэн Д.Монголхүү, Д.Мөнх-Эрдэнэ нарыг цагдан хорьсныг эсэргүүцэн Ардчилсан намын залуус “Эрх чөлөө” сэдвээр нээлттэй микрофон ажиллуулав. “Нээлттэй микрофон”-ыг өчигдөр 11:40 цагийн үед Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд ажиллуулсан юм. Гэвч энэ үеэр цагдаа нар ирж, жагсаал цуглаан хийх зөвшөөрөл аваагүй, бүртгүүлээгүй гэх шалтгаанаар микрофон, чанга яригч, индэр зэрэг эд зүйлсийг нь оруулахгүй гэв. Ингээд үзэл бодлоо илэрхийлэхээр ирсэн иргэд, цагдаа нарын дунд маргаан үүсэв. Иргэн Э.Одбаяр “Бид жагсаал цуглаан хийгээгүй. Зүгээр үзэл бодлоо илэрхийлэхээр ирсэн. Цагдаа нар өөрсдөө ирж иргэдийг турхиран, зүй бус авирлаж, эцэс сүүлд нь барьж хорьдог. Жагсаал цуглааны тухай хуульд зөвшөөрөл авах тухай гэж үг байхгүй. Бүртгүүлэх гэж л бий. Бид жагсаал хийгээгүй. Тиймээс бүртгүүлэх шаардлагагүй” гэв. Эхлээд арав хүрэхтэй үгүйтэй хүн цугласан байсан бол тэдэн дээр үг, үзэл бодлоо илэрхийлэхээр иргэд нэмэгдэж ирсээр байв. Энэ хооронд цагдаа, иргэдийн хоорондох маргаан үргэлжилсээр байлаа. Уриа, лоозон бүхий зүйл барьсан иргэд нэмэгдэж ирсээр “Нээлттэй микрофон”-ы үйл ажиллагааг 12:00 цагт эхлүүлэв. Яг энэ үеэр тэдний хажуугаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нар явж таарав. Цугласан иргэдээс Э.Одбаяр “Адьшаа гишүүнээ намын чинь гишүүд үзэл бодлоо илэрхийлснээр хоригдож байна. Та энэ талаар байр сууриа илэрхийлээч. УИХ-д сууж байгаа намын төлөөллийн хувьд таны үг хэрэгтэй байна. Энэ улс чинь дээвэргүй шорон боллоо” гэхэд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Хүмүүсийг барьж хорьж байгаа энэ үйл явдал зөв зүйтэй үйл явдал биш гэж бодож байна. Өнөөдөр хууль шүүхийн өмнө хүн бүр эрх тэгш байх зарчим алдагдаж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг хорьж цагдаж байгаа явдалд шүүмжлэлтэй хандаж, цаашдаа иймэрхүү үйл явдал гаргуулахгүй байх талаар Ардчилсан нам онцгой анхаарч ажиллах шаардлагатай гэсэн бодолтой байна” гэв.

Харин УИХ-ын гишүүн Н.Ганибал “Манай намын бүлэг энэ асуудал дээр шаардлага тавиад ойлголцолд хүрчихсэн. Бусдыг 30 хоногоор баривчилдаг, шүүхийн ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр дахин энэ хугацааг сунгадаг асуудалд бүлэг дээр ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа.

Энэ асуудал болохоос өмнө бид Д.Монголхүүтэй уулзсан. Үүн дээр бүлгүүд нэгдсэн байр суурьтай байгаа. Хүний эрхийн асуудал дээр олон зөрчил гарч байгааг бүгд мэдэж байгаа” гэв.

Хэлэлцүүлэгт оролцсон иргэд ийнхүү ярьж байлаа.


Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн Н.Болдбаатар: Өчигдөр (уржигдар) Ардчилсан залуучуудын холбооны зүгээс энэ асуудлаар өдөр бүр “Нээлттэй микрофон” үйл ажиллагааг эхлүүлэхээр С.Зоригийн хөшөөний дэргэд мэдээлэл хийж албан ёсоор эхлүүлсэн. Та бүхэн бүгд мэдэж байгаа. Өчигдөр (уржигдар) Монголхүүг хорьчихлоо. Өнөөдөр (өчигдөр) Мөнх-Эрдэнийн шүүх хурал болж байна. Тиймээс Хэлмэгдэсдийн хөшөөн дээр Ардчилсан залуучуудын холбоо “Нээлттэй микрофон” ажлуулж, хүн болгон үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлээсэй гэж хүсч байна. Бид хоёр хүнээ хамгаалж, хоёр заалт бүхий шаардлагыг өгөөд, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Ардчилсан залуучуудын холбооноос ил захидал хүргүүлж байгаа. Мөн парламентад АН-ын буюу сөрөг хүчний дуу хоолойгоо илэрхийлэхгүй байгаа 11 гишүүнд шаардлага хүргүүлнэ. Дээр нь өнөөдөр энд ирсэн хүмүүс өөрсдөө үг үзэл бодлоо илэрхийлнэ. Бид өдөр бүр энэ нээлттэй микрофоныг ажиллуулна. Өнөөдөр хэдэн тэрбум, их наядаар нь идсэн хулгайч, луйварчид шоронд ороогүй. Гэртээ л байгаа шүү дээ. Аюурсайхан шоронд орсон уу, гэртээ байгаа биз дээ. Гэтэл Монголхүү гэх залуу үг, үзэл бодлоо илэрхийлсний төлөө яагаад баригдаж хоригдож байгаа юм бэ. Дайны эсрэг үзэл бодлоо илэрхийлсэн залууст яагаад ял өгч явуулж байгаа юм бэ. Төрийн хулгайн талаар мэдээлсэн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид яагаад ял өгч явуулж байгаа юм бэ гэдэг асуудлаар “Эрх чөлөө” гэх сэдвээр нээлттэй микрофоныг энд эхлүүлж байна. Харамсалтай нь цагдаа нар 2-3 хүн ирж үг үзэл бодлоо илэрхийлж, сэтгүүлчдэд мэдээлэл, ярилцлага өгчихөөд, шаардлагаа хүргүүлээд болох байсан зүйлийг болохгүй, энд хийлгэхгүй, та нар С.Зоригийн хөшөөн дээр очиж хий гэсэн учраас асуудал үүслээ.

Ардчилсан залуучуудын холбооны дэд тэргүүн Л.Ганхөлөг: Эрх баригчид маш их айдастай байна. Иргэд өөрсдөдөө тулгарсан нэг асуудлын талаар бухимдлаа илэрхийлэхэд л эрх баригчдын хулгайн хэрэг баригдсан аятай шар үс нь босч, тэр хүний амыг барихыг хичээдэг. Ийм аймшгийн нийгмийг бүрдүүлж эхэлж байна. Ямар ч хамаагүй хулгай ярихад л тэр хулгайг нь эрх баригчид хийчихсэн байдаг. Айсан хүнд аргал хөдөлнө гэгчээр ямар ч хамаагүй хулгай ярихаар өөрийнх нь хулгайг ярьж байна гээд үг хэлсэн, сошиал орчинд пост бичсэн, лайв хийсэн болгоныг шоронд хорьж амыг нь барьдаг. Энэ хуулиа баталчихсан. Түүнийгээ хүнлэг энэрэнгүй ял өгч байгаа юм шиг ярьдаг. Хилс хэргээр эрүүгийн ял өгчихөөд дүүргээсээ гарахгүй, хөл хорьдог ял нь их хөнгөн, энэрэнгүй, хүнлэг зөөлөн ял юмаа гэдэг. Гэтэл энэ чинь Эрүүгийн хэргийн ял шийтгэл шүү. Улмаар өчигдөр (уржигдар) Монголхүү дээр энэ жишээ илэрлээ. Эрүүл мэндийн шалтгаанаар Гэмтлийн эмнэлэг рүү явсныг далимдуулж, нээнтэглэн явах ёсгүй газар руу явсан гэдгээр ял өгөөд, хорьчихлоо.

Та бүхэн анзаараарай. Өнгөрсөн баасан гаригт Шадар сайд С.Амарсайханы гомдлоор Дэнс.мн сайтын эрхлэгч Т.Шинэбаярыг шүүх хурал болсон. Өчигдөр (уржигдар) даваа гаригт дарааллаад Д.Монголхүүг шоронд хорьсон. Өнөөдөр (өчигдөр) мягмар гариг. Д.Мөнх-Эрдэнийг шүүх хурал болж байна. Маргааш, нөгөөдөр, тэрний цаад өдөр эд иргэдээ хорьж дуусчихаад, цагдаагийнхаа бага цолтноос хорьж эхэлнэ.


Тийм донтой, тийм айдастай байна. Маргааш таныг хорино. Мөнхжин уйлж байгаа биз дээ. Ийм зүйл болох гээд байна шүү гээд “No double standart” хөдөлгөөний залуус гараад хэлсэн. Гэтэл та нар Хятадаас санхүүжсэн гэж Засгийн газартайгаа хамтран харлуулж, ял өгсөн. Тэдний нэг нь би. Нөгөөдүүл нь Чинбаа, Одбаяр, Билгүүн, Бямбагэрэл нар. Бүгд тэр гаваа зүүх гээд хүлээж байна. Цахим үндэстэн биш цахим гаваа зүүлгэх гээд хууль баталсан. Бид 20 хоногийн дараа цахим гаваа зүүнэ. Үгээ хэлнэ ээ, та нараас айхгүй ээ. Та нар дарангуйлал тогтоож чадахгүй ээ. Бидэнд фэйсбүүк сошиал байгаа. Харин иргэдэд нэг зүйл анхааруулж хэлэхэд, Н.Учралын сошиалд хязгаарлалт тавих гэж байгаа энэ хуулийг эцсээ хүртэл эсэргүүцэх хэрэгтэй шүү. Сошиалаа алдах л юм бол бид дарангуйлалд нэвт орно шүү. Үүнийг иргэн бүр анхаараарай. Өнөөдөр бид өөрсдийгөө хамгаалахын тулд Монголхүүг хамгаалах ёстой. Мөнхжинг хамгаалах ёстой, Мөнх-Эрдэнийг хамгаалах ёстой, Шинээг хамгаалах ёстой. Өөр ял авсан залуучууд, иргэдийг бүгдийг нь хамгаалах ёстой. Эд шийдвэр тушаалаа өгчихөөд, сүүлд нь гэм зэмгүй цагдаа нарыг шоронд хийж байсан түүх 2008 оны долдугаар сарын 1-ний жишээн дээр гарсан. Одоо түүнээс илүү аймшиг иргэдийг хүлээж байгаа. Бага насны хүүхдийн хүчирхийллээр далдалж, бидний эрхийг боох гэж байна. Сошиалаа алдах юм бол бид эрх чөлөөгөө алдана. Өөрсдөө бичлэг хийгээд гүтгэдэг шүү. Монголхүүг суллах ёстой.

Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн тэргүүн Д.Цогтбаатар: Монголын ард түмэн, Ардчилсан намын гишүүд, иргэний хөдөлгөөнийхөн, төрийн бус байгууллагуудад хандаж хэлмээр байна. Түүх сөхвөл 1921-1940-өөд он хүртэл маш олон хүнийг залхаан цээрлүүлэх, цуст яргалал хийсэн. Энэ бол бодитой хэлмэгдүүлэлт. Дараа нь 1950-1980-аад оны үед мөн шинэ үеийн сэхээтнүүдээ хэлмэгдүүлж, шоронд хийж цөлсөн. Энэ байдал орчин цагт давтагдах гэж байна. Одоо шинэ үеийн сэхээтэн залуусаа хэлмэгдүүлж эхэллээ. Жишээбэл, Монголхүү, Мөнх-Эрдэнэ, Мөнхжин, Чинбат. Сүүлийн үед эх оронч иргэдээ хэлмэгдүүлдэг болсон. Сэтгүүлч Мөнхбаяр, яруу найрагч Ц.Хулан, Баасан ламын эхнэр хүүхдүүдийг бүгдийг шоронд хийсэн. Бүгдийг нь урвагч гэж үзсэн. Улс эх орныхоо сайн сайхны төлөө үг хэлсэн болгоныг хорьж байна. Энэ үйлдлээ таслан зогсоохгүй яагаад үргэлжлүүлээд байгаа юм бэ. УИХ-д байгаа Ан-ын 11 гишүүн үүн дээр яагаад дугарахгүй байна вэ. Яагаад тэдэнтэйгээ нэг талд гарчихаад хуйвалдаанд оролцоод байна вэ. Үүний эсрэг арга хэмжээ хэзээ авах вэ.


Нээлттэй микрофоны үеэр “No double standart” хөдөлгөөний гишүүн Э.Одбаяртай ярилцлаа.


-Иргэн Д.Монголхүүг хорих үндэслэл юу байв?

-Ковидын үеэр “Цахим үндэстэн” гэж шоу болсон шүү дээ. Тэр шоугаа хийхдээ аж ахуйн нэгж, иргэдийн хөлийг хорьж байгаад double standart маягаар тэр үйл ажиллагааг явуулсан. Үүнийг нь бид эсэргүүцээд, Төв талбайд “No double standart” хөдөлгөөнийг эхлүүлээд гараад ирсэн. Үүндээ хариуцлага тооц гээд шат шатны хуулийн байгууллагад хандсан. Энэ үйл явдлаар далимдуулж, бидэнд эрүүгийн хэрэг үүсгээд эхэлсэн. “No double standart” жагсаал өдөр бүр талбай дээр тасралтгүй явсан. Тус жагсаалын үеэр бид хар уутаар хүний макет хийж, ковидын үеэр нас барсан хүний тоогоор тавьсан. Ковидын үеэр нас барсан хүүхдийн тоогоор гутал талбайд оруулж тавихаар бэлтгэсэн байсан. Тэр үед эмнэлгийн ачаалал хэтэрчихсэн. Хүүхдүүдийн хичээл сургуулийг хорьсон. Цэцэрлэг, сургуульд явж үзээгүй бүхэл бүтэн цонх үе гарч ирсэн. Битгий тэгээч ээ, утгагүй хөл хориогоо зогсоогооч, double standart-аа болиулаач. Өөрсдөө шоу цэнгээн хийчихээд иргэдийгээ болохоор хөл хорионд байлгахаа болиоч ээ. Битгий иргэдийгээ хязгаарлаач ээ гэдэг шаардлагыг л тавьсан. Ингээд гутал оруулах явцад Монголхүүд хүч хэрэглэн 6-7 цагдаа гутлыг нь оруулахгүй гэж хорьсон. Уг нь тэр цагдаа нар өөрсдөө Монголхүүг зодож гэмтээсэн. Түүнээс хойш Монголхүүгийн давсаг, түрүү булчирхай өвддөг болсон. Эгмийг нь гэмтээж хадуулсан. Ийм л үйл явц болсон шүү дээ. Гэтэл Монголхүүд цагдаа зодсон хэргийг тохсон. Түүний дараахан фэйсбүүк дэлхий даяар сервер нь унаад, ажиллахгүй зогссон. Яг тэр өдрийг тааруулж, баривчилгаа явуулсан. Шөнө Монголхүүг гэрийх нь үүднээс хүчээр баривчлаад, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст аваачсан.

-Та нар мэдээллийг яаж авсан юм бэ?

-Бид “Club house”-аас мэдээлэл авсан. Тэгээд арав гаруй хүн цуглаад, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү очсон. Гэтэл Монголхүүг Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн B1 давхрын гражийн хаалгаар авч зугтаагаад, Цагдан хорих 461 дүгээр анги руу аваад явсан. Тэгээд бид ч таамаглаад, тийш яваад очтол Монголхүүг прокурорын зөвшөөрөлгүй хорьсон байсан. Тогтоолоо үзүүл, эсвэл наад хүнээ сулла гэдэг шаардлагыг бид тавьсан юм. Тэгтэл 461 дүгээр хорих ангиас Монголхүүг сулласан. Бид хүнээ аваад явах гэж байтал өөрсдийгөө цагдаа хэмээн танилцуулсан энгийн хувцастай арав гаруй хүн биднийг явуулахгүй гэсэн.

-Тэр нь хүн оргуулсан хэрэг болсон байх аа?

-Шоронгоос хүн оргуулсан гээд Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд биднийг орон даяар гүтгэсэн шүү дээ. Ингээд бидэнд Эрүүгийн хуулийн 23.1 буюу хууль сахиулагчийг эсэргүүцсэн хэргээр арав орчим хүнийг яллагдагчаар татаад, гурвыг нь шоронд хорьсон. Тэгээд би өлсгөлөн зарласан. Монголхүүг үндэслэлгүй хорьсон байна гээд сулласан. Гэтэл Хуульзүйн сайд Х.Нямбаатар тэргүүтэй хүмүүс ярьж байгаад буцаад хориулсан. Ингээд Монголхүүг 30 орчим хоног хорьсон. Би нэг сар орчим өлсгөлөн зарлаж, гарч ирээд Монголхүүг сулла гээд тухайн үед хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр шаардаж байлаа. Энэ хэрэг явсаар байгаад шүүхээс буцаагдаад байж байтал “No war” хөдөлгөөнийг эхлүүлтэл буцаагаад шинээр мөрдөн байцаалт явуулж, дахин мэдүүлэг авсан. Дахин зохиомол хэрэг үүсгэн, шүүхийн шийдвэр гаргуулсан. Цагдаа нараар дахиж яг адилхан мэдүүлэг өгүүлээд, дахин шүүхээр оруулж бидэнд ял оноосон.

Монголхүүд анх хоёр хэрэг дээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байтал оргосон гэдэг нь үндэслэлгүй учраас тогтоогдохгүй болоод, хэрэгсэхгүй болсон. Оргоогүй юм чинь тогтоогдохгүй. Түүний оргосон хэрэг тэр үедээ тогтоогдохгүй хэрэгсэхгүй болчихоор бид хүн оргуулаагүй гэдэг нь ойлгомжтой болчихож байгаа биз дээ. Тэгээд шүүхээс буцаагдсан. Оргосон гээд байгаа хүн өөрөө хэрэг нь хэрэгсэхгүй болчихсон байхад оргосон гээд байдаг нь ямар учиртай юм бэ гээд байхад тэр хэргийг хаагаагүй явуулсаар байсан. “No war” хөдөлгөөн анх өрнөж эхлэхэд зөрчлийн баахан хэрэг үүсгээд, хоёр хэргээр биднийг яллачихсан. Одоо бид Дээд шүүхэд хандаад явж байгаа.

-2022 оны сүүлчээр иргэн Д.Монголхүүд бас нэг ял оноосон байх аа?

-Оны өмнө Монголхүүд ямар ял оноосон гэхээр Төв талбайд хүүхдийн гутал оруулах гэж байхдаа 6-7 цагдаад хүч хэрэглэн, эсэргүүцсэн гээд Эрүүгийн хуулийн 23.1 буюу хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэх шал өөр хэргээр ялласан. Нэг жилээр зорчих эрхийг хязгаарлах ял оноогоод, хагас жил орчим ялаа эдлээд байж байхад нь янз бүрийн шалтаг тоочсоор байгаад үлдсэн зургаан сарыг нь хорихоор шоронд хийчихлээ. Одоо Монголхүүд давж заалдах эрх байгаа.

-Тэгэхээр цагдан хорих 461 дүгээр ангид хоригдсон байгаа гэсэн үг үү?

-Тийм. Давж заалдах шатны шүүх хурал болтол 461 дүгээр ангид хоригдсон байх. Хэрвээ бүр хорих ялаар солилоо гэхэд цаашаа хорих руу шилжүүлнэ. 461 дүгээр анги чинь зөвхөн дамжин өнгөрүүлэх шүү дээ.

-Д.Монголхүүг эргэж очиж болох уу?

-Одоо харин тэр боломж нь юу байна асууж сурах гээд, дээрээс нь өмгөөлөгч болон ар гэрийнхэнтэй нь холбоо тогтоох гээд байж байна. Өчигдөр мэдээлэл аваад л биднийг төлөөлж, “No war” хөдөлгөөний гишүүн Билгүүн шүүх хурал дээр нь очсон. Нөхцөл байдлыг биеэр харчихаад ирсэн. Тэндэх нөхцөл байдлыг нэг өгүүлбэрт багтаагаад хэлэхэд Монголоогийн цахим гавны цэнэг дууссан. Түүний гэмтсэн эгэм нь байнга үзүүлэх, хадаасаа авахуулах гээд олон асуудал үүссэн. Тэгээд өөрөө гэмтлийн эмнэлэг явах зөвшөөрлөө аваад, явж байхдаа өөр маршрутаар явсан, өөр зорилготойгоор өөр чиглэлээр явсан гэж ял тулгаад, хорьчихож байгаа юм. Яг энэ Монголхүүд тохиолдсон асуудал бидэнд ч тохиолдох магадлалтай. Яагаад гэвэл Дээд шүүх дээр ялагдаад, ял авлаа гэхэд 1-1.2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял өгнө. Тэгээд бидэнд ямар нэгэн байдлаар шалтаг гаргаад л хорих ял болгоно. Яг Монголоотой адилхан кейс үүсээд байна гэлээ.

Өчигдөр үдээс хойш “No double standart” хөдөлгөөний гишүүн Э.Одбаяртай эргэн холбогдоход, иргэн Д.Монголхүүгийн ар гэр, өмгөөлөгчтэй холбогдсон. Түүнийг очиж эргэсэн тухай дуулгасан юм. Өөрийнх нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болон өмгөөлөгчөөс өөр хүн түүнийг эргэх эрхгүй ажээ. Угтаа бол долоо хоногт хоёр удаа эргэх эрхтэй ч түүнд шүүхээс зөвшөөрсний дагуу 14 хоногт нэг удаа эргэх болсон гэнэ. Иймээс иргэн Д.Монголхүүгийн ар гэрийнхэн, өмгөөлөгч нь өнөөдөр хэвлэлийн хурал хийхээр болжээ.

Ардчилсан намын дэргэдэх “Ардчилсан залуусын холбоо”-ноос Ерөнхийлөгчид хүргүүлж буй ил захидалд “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танаа, Монгол Улсад сүүлийн жилүүдэд хүний эрхийн зөрчил ихсэж, үндэсний авулгүй байдал, тусгаар тогтнолд заналхийлэх байдалд хүрч байгаа тул Төрийн Тэргүүн танд хандан энэхүү захидлыг илгээж байна. АН-ын үнэт зүйл бол монгол хүний эрх, эрх чөлөө юм. Бид иргэнийхээ эрх чөлөөг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдал ардчилсан төрийн дархлаа гэж бүрэн итгэдэг. Гэвч сүүлийн жилүүдэд Монгол Улсад үзэл бодлоо илэрхийлсэн мянга мянган залуус, хэвлэл мэдээллийн ажилтнууд, тайван замаар жагсаал хийсэн иргэдийг Эрүүгийн хуулиар айлган сүрдүүлэх бодлого барих болсон нь хүний үндсэн эрх, эрх чөлөөнд шууд заналхийлж байна. Онцолбол, “No double standart” тайван жагсаалд оролцож, үг үзэл бодлоо илэрхийлсэн Д.Монголхүүг нэг жил зорчих эрхийг хязгаарлан яллаж, мөн шоронд хорьсон. “Ажлаа хий” тайван жагсаалыг цагдаагийн байгууллагаас хүч хэрэглэн, зохион байгууллалттайгаар тарааж, тайван жагсаж байсан 50 гаруй залуусыг барьж хорьсон. Мөн “No war” дайныг эсэргүүцсэн таван залууг 12-15 сараар зорчих эрхийг нь хязгаарлан яллалаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд хүний эрх, эрх чөлөөг төр хамгаална гэж хуульчилсан байдаг. Иргэний үндсэн эрхийг сахин хамгаалах явдалд төрийн байгууллага хэрхэн ажиллахаас хамааралтай. Гэвч төр засаг хууль сахиулах байгууллагыг далдуур ашиглан, иргэдээ айлган сүрдүүлж, дарамталж хорьж саатуулж яллаж цагдаж цагдаажсан шоронжсон төр рүү улам бүр явсаар байна. Олон улсын шинжээчдийн байгууллагын ардчиллын тайлан 2023 “Экономист Интеллиженс Юнит” байгууллагын судалгаагаар ардчиллын индекс сүүлийн таван жил буурч, Монгол Улсад ардчилал үнэ цэнээ алдаж байна гэж дүгнэсэн байна. Дэлхий дахины геополитикийн өнөөгийн орчинд улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал төр засгаас ардчиллын үнэт зүйлийг хамгаалах асуудалд хэрхэн хандахаас хамаарч байгааг та биднээр хэлүүлэлтгүй мэдэх билээ. Иймд ардчилсан Монгол Улсын тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга таныг хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж буй үйл ажиллагаанд анхаарлаа хандуулж, өөрийн эрх мэдлийн хүрээнд арга хэмжээ авахыг хүсч, энэхүү ил захидлыг илгээж байна. дэлхийн улс төрийн намуудын хүчтэй нэгдэл болох олон улсын ардчиллын холбооны бүрэн эрхэт гишүүний хувьд АН ардчиллын үнэт зүйлийг хамгаалж, нийгэм дэхь шударга бус ёс зүйгүй үйлдлийн эсрэг тэмцэл өрнөсөөр ирсэн. Цаашид олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллага, ард иргэдтэйгээ хамт тууштай тэмцэх болно” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Гэр шатаж, нэг иргэн амиа алджээ DNN.mn

Өнгөрсөн 24 цагт ахуйн болон ой хээрийн 11 түймрийн тохиолдол бүртгэгдэж, нэг хүний амь нас хохирчээ.

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн Хайлааст хорооллын 26 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.04-ний өдрийн 19:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн Б /49 настай, эрэгтэй/ өртөж нас барсан.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Монгол Улсад 107.877 жуулчин иржээ DNN.mn

2023 оны дөрөвдүгээр сарын 4-ний байдлаар Монгол Улсад 107,877 жуулчин иржээ.

Энэ нь эхний улирлын зорилтоо давуулан биелүүлсэн үзүүлэлт болсныг Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас мэдээллээ. Манай улс 2023 онд нэг сая жуулчин авах зорилт тавиад буй.

Жуулчдыг зорин ирж буй улсаар нь харвал

  • ОХУ-аас 62,000 (57.4%)
  • БНХАУ-аас 19,663 (18.2%)
  • БНСУ-аас 7,966 (7.3%) гэх мэт.

Нийт ирсэн жуулчны 80.7 хувь нь визгүй орноос, 3.1 хувь нь түр чөлөөлсөн орноос ирсэн бол 21.5 хувь нь визтэй орноос иржээ.

зураг

Categories
мэдээ улс-төр

Ж.Батсуурь: Орон нутгаас алдагдсан “Андын илч” уурхайн 49 хувийг 2015 онд буцаан авчрах үйл явцад оролцсоноос өөрөөр надтай холбох зүйл юу ч байхгүй DNN.mn

УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Юуны өмнө тантай холбогдоод буй цаг үеийн асуудлаас яриагаа эхэлье. Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг “Андын илч” компанийн уурхайд хэсэг бүлэг хүмүүс хүч түрэн халдсан гэх явдлыг хууль хүчний байгууллагууд шалгаж байна. Таны хувьд тухайн орон нутгаас сонгогдсон төрийн түшээ. Тэр утгаараа энэхүү асуудлыг анхаарч үзэв үү. Яг юу болоод байна вэ?

-Надтай холбоотой асуудал ч юу байх вэ. Миний нэрийг гүтгэж, харлуулах үйл ажиллагаа гэж хэлбэл илүү тохиромжтой болов уу. Өнгөрсөн долоо хоногоос энэ асуудалд миний нэрийг холбож, гүтгэсэн. Харин энэ долоо хоногоос дахиад улам эрчтэй ч гэх үү, илүү олон сувгаар зохион байгуулалттай гүтгэж байгаа учраас тайлбар, бодит байдлыг хэлье гэж бодлоо. Нэг өглөө л босоод ирсэн чинь зарим хэвлэлээр миний нэр холбогдсон сенсацитай мэдээлэл түгчихсэн байсан. Тухайлбал, нэг хэвлэл дээр “Хятад иргэд зэвсэглэсэн этгээдүүдийг хөлслөн уурхай дээрэмдсэн хэргийн ард УИХ-ын гишүүн Ж.Батсуурь байж ээ” гэх ор үндэслэлгүй зүйлд намайг гүтгэсэн мэдээллийг гаргуулсан байна лээ. Бүр ор үндэслэлгүй худал зүйл шүү дээ. Хэргийн эзэд энэ мэдээллээ улмаар санхүүжүүлж, олон нийтэд илүү өргөн хүрээгээр цацах ажлыг зохион байгуулалттай хийсэн гэж би хардаж байгаа. Энэ мэдээлэл гарсан өдөр нь би тойрог руугаа холбогдсон. Үнэхээр зэвсэглэсэн этгээдүүд ийм хууль бус үйлдэл хийв үү гэж орон нутгийн Цагдаагийн байгууллагаас тодруулсан. Тэдний зүгээс тийм зүйл огт болоогүй гэдгийг хэлсэн. Хэвлэлд ч хэлсэн байсан.

-“Андын илч” гэж ер нь ямар компани юм бэ. Та энэ компанийн талаарх мэдээллийг өгөөч. Яагаад энэ компанийн нэр нийгэмд ингэж хүчтэй гарч ирээд байгаа юм?

-Миний нэрийг холбогдуулан гүтгэж байгаа учраас мөн манай аймагт үйл ажиллагаа явуулдаг компани учраас тодорхой хэмжээгээр судалж үзсэн. Энэ компанийг анх буюу 1996 оны үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын VII багийн иргэн, инженер Ж.Доржсүрэн гэх хүн анх үүсгэн байгуулсан юм байна лээ. Тодруулбал, нэг ковштой, эксковатортойгоор энэ уурхайг нээж байсан түүхтэй. Улмаар тухайн үеийн байдлаас болоод энэ хүний үүсгэн байгуулсан уурхайг Хилийн цэргийн байгууллага булааж гэх үү, ямар нэгэн байдлаар авсан байдаг.

Тиймээс анх үүсгэн байгуулсан Ж.Доржсүрэн гэх хүн уурхайгаа буцааж авахын тулд 20 гаруй жил шүүх, цагдаагаар явсан гэсэн. Миний хувьд Сүхбаатар аймгийн Засаг даргаар 2008-2016 онд ажиллаж байсан. Намайг ажил авахад Сүхбаатар аймгийн нийт газар нутгийн 70 гаруй хувьд лиценз олгогдчихсон байсан. Би ажлаа өгөхдөө үүнийг 17 хувь болгож бууруулж ажилласан гэдгийг онцлон хэлье. Тэр утгаараа Засаг даргаар ажиллаж байхдаа энэхүү уурхайн асуудлыг судалж үзэж байсан. Уурхай Хилийн цэргийн 0119 дүгээр ангийн эзэмшилд байхдаа гадаадын хөрөнгө оруулалттай компанид 51 хувийг нь зарсан байсан. Үүнийг яаж зарсныг би мэдэхгүй. Үлдсэн 49 хувийг олон жил хөөцөлдөж байж, 2015 онд миний бие Сүхбаатар аймгийн ИТХ-д бүртгүүлэн авч өгч байсан. Улмаар 2016 оны долдугаар сард Засаг даргын албаа нэр төртэйгөөр хүлээлгэн өгсөн. Ерөөсөө ийм л түүхтэй. Миний хувьд ямар нэгэн уул, уурхайн асуудалд огт холбоо, хамааралгүй явдаг. Гэтэл нэг л өглөө миний нэрийг холбосон ор үндэслэлгүй ийм мэдээлэл гадуур цацагдсаныг хараад их цочирдсон шүү.

-Хятад иргэд зэвсэгт этгээдүүдийг хөлслөн уурхай дээрэмдсэн. Үүнийг зохион байгуулсан хүнийг таныг гээд байгаа. Та тэр уурхай руу хүн явуулсан юм уу?

-Тухайн мэдээллүүдэд сэтгэл сэртхийлгэм ноцтой асуудалтай миний нэрийг холбосон тул үнэн мөнийг тогтоолгож, нэр төрөө сэргээлгэхээр гүтгэлэг тараасан БНХАУ-ын иргэн Wu Xia-г шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдлоо өгсөн. Өчигдөр түүний ярианд дурдагдсан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдлүүдийн баримтыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өглөө. Нэр нь гараад байгаа энэ хятад эмэгтэй нь 2018 онд тус уурхайн ТУЗ-ийн даргаар томилогдсон юм билээ. Үүнээс хойш 2021 онд шинэ ТУЗ байгуулагдсан гэсэн. Ингээд хоёр ТУЗ-ийн хооронд зөрчилдөөн үүссэн юм байх. 2018 оны ТУЗ-ийн дарга монгол нэртэй хятад эмэгтэйн нөхөр Цогоо гээд хүнд гаруудтай нийлдэг хүн гэдгийг хүмүүс ярьж байна лээ. Мөн Туяагийнх нь дор ажилладаг Энхбаяр гээд шоронд сууж байсан бас нэг хүнд гар гэсэн. Иймэрхүү хэсэг бүлэг нөхдүүдтэй очтол сүүлд байгуулагдсан ТУЗ-ийнхан бас хэсэг нөхдүүдийг авчраад хоорондоо нэлээд маргасан гэж байна лээ. Эдгээр хүмүүс нь баригдчихсан, одоо шалгагдаж байгаа юм билээ. Тэгэхээр үүнд би ямар ч холбогдолгүй. Яагаад үүнд миний нэрийг холбосныг, яагаад намайг ингэж улаан цайм ор үндэслэлгүй зүйлд гүтгээд байгааг удахгүй хууль хяналтын байгууллага үнэн зөвийг тогтоох байх аа.

-Сүхбаатар аймгийн өнөөгийн удирдлагууд гаднынхантай нийлж Монголын ард түмний баялгийг улсад бус амин хувьдаа ашигтай байдлаар ажиллуулсан гэх мэдээлэл явж байна. Энэ ер нь бодит уу?

-Энэ асуудалд Ж.Батсуурь гэх нэр холбогдож гадуур цацагдаад байгаа учраас анхаарч авч үзлээ. Ер нь улстөрчдийн хамгийн үнэт капитал бол нэр төр. Тэр утгаараа анхаарч олон нийтэд бодит, зөв мэдээллийг өгөхөөс гадна, өөрийн нэр төрөө худал гүтгэлгээс болоод сэвтээхгүйг зорилоо. Миний хувьд энэхүү асуудалд нэр дурдагдах шалтгаан, үндэслэл огт байхгүй гэдгийг дахин хэлье. Таны асуусан шиг үйл явдал болсон эсэхийг би хэлж мэдэхгүй юм. Намайг гүтгээд байгаа улсуудаас асуусан зөв байх. Яагаад миний нэрийг энэ асуудалд холбогдуулан зарлаад байгаа вэ гэж. Тэгэхэд тэдний зүгээс нэг л зүйлийг хэлдэг. Тэр нь бид хүн андуурсан байна гэдэг. Тэгэхээр иймэрхүү зохион байгуулалттай гүтгэлгийн ажлуудаа зогсоо. Түрүүн хэлсэн шүү дээ. Миний хувьд энэ уурхайн алдагдсан 49 хувийг олон жил хөөцөлдөж байж орон нутагт нь буцаах ажлыг хийж дуусгаснаар ажлаа нэр төртэйгөөр хүлээлгэн өгсөн. Харин дараагийн орон нутгийн удирдлагууд 2018 онд ИТХ-ын шийдвэр гаргаад дээрх уурхайг аймгийн өмчид авсан байдаг юм билээ. Ингэж өмчилснийхөө дараа тус уурхайн ТУЗ-ийг байгуулсан байх.

-“Андын илч” компанийн ТУЗ-ийн шинэ даргатай таныг холбоотой. Тэр дундаа таны сонгуулийн мөнгийг босгох ажлыг хийж байсан гэх мэдээлэл явж байна. Энэ үнэн үү. Үнэхээр та энэ уурхайгаас сонгуулийн мөнгөө босгож байсан уу?

-Миний хамгийн эгдүүцлийг хүргээд байгаа асуудал энэ. Би тэр 51 хувийг эзэмшигч Хятадын талыг ч танихгүй, мэдэхгүй. Юуны өмнө энэ асуудал хууль хяналтын байгууллагуудаар шалгагдаж байгаа. Энэ шалгалтаар бүх зүйл тодорхой гараад ирнэ. Өөрөөр хэлбэл миний нэр ямар ч холбогдолгүй гэдэг нь бодитой гараад ирнэ гэсэн үг. Тэр 51 хувийн хятад эзэд нь өмнө нь ямар ТУЗ-ийн даргыг томилж байсан, дараа нь хэнийг дарга болгосон гэдгийг би огт мэдэхгүй.

-Энэ уурхайн удирдлагуудын зүгээс яагаад таныг асуудлын ард нь байна гэж нэр зааж хэлээд байгаа юм бэ. Тэдний зорилгыг та юу гэж харж байна вэ?

-Миний хувьд уг уурхайн өмнөх гүйцэтгэх захирал гэх хятад эмэгтэйг цагдаад өгчихсөн байгаа. Би энэ уурхайн асуудлаар ямар нэгэн хүнтэй уулзаж, томилгооны тохироо ч гэдэг юм уу, хэн нэгний эрх ашгийн төлөө явж байсан удаа огт байхгүй. Энэ асуудал чинь тэгж яривал намайг ажлаа өгснөөс хойш хоёр ч Засаг даргын нүүр үзэж байгаа юм билээ. Тэгэхээр намайг хамаатуулж яриад байгааг би хувьдаа андуурал явагдсан болов уу гэж ойлгож байгаа. Түүнээс биш ямар ч ор үндэслэлгүй асуудалд миний нэр холбогдох учир байхгүй шүү дээ. Нөгөөтэйгүүр энэ уурхайн 51 хувь Хилийн цэрэгт байхдаа гадаадын хөрөнгө оруулалт руу шилжчихсэн гэдэг. Улмаар 51 хувийн эзэд нь монгол нэртэй хятад захирлаа өөр нэг Хятад захирлаар сольсон юм шиг байна лээ. Ингээд солигдсон хоёр захирлын тэмцэл, маргаан л явагдаад байгаа болов уу. Энэ асуудлыг сүртэй болгож, улстөрч миний нэрийг холбогдуулж байгаад харамсаж байна.

-“Андын илч” компанийн гүйцэтгэх захирал асан Туяа гэх эмэгтэй таны талаар ноцтой зүйл ярьж байсан. Таныг аймгийн Засаг даргаар ажиллаж байх үед орлогчоор ажиллаж байсан Лутбаяр гэх хүний нэр дээр уурхай байж. Энэ уурхайг хятадуудад өгөх асуудлыг таныг ярьсан гэж хэлж байна лээ. Энэ үнэн үү. Ийм зүйл үнэхээр болсон уу?

-Би дахиад хэлье. Миний хувьд 2008-2016 онд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Энэ хугацаанд надад болон надтай хамаарал бүхий хүмүүст ямар нэгэн уурхай огт байгаагүй. Тэр яригдаад байгаа Лутбаярт ч уурхай огт байхгүй. Лутбаяр гэх нөхөр ч миний орлогч хийж байгаагүй. Энэ хүн намайг ажил авахаас өмнө буюу 2004-2008 онд орлогч хийж байсан юм билээ. Би 2008 онд Засаг даргын албыг хүлээн авч хамгийн анхны захирамжаараа энэ Лутбаярыг чөлөөлж, орлогчоороо Хосбаярыг авсан байдаг. Хосбаяр бид хоёр найман жил хамт ажилласан түүхтэй. Тэгэхээр намайг Засаг дарга хийж байх үед Лутбаяр гэх хүн уурхайтай байсан, түүний ард намайг байсан гэдэг мэдээлэл бол ор үндэслэлгүй худлаа гэдэг нь үүнээс тодорхой болж байгаа биз. Энэ асуудлыг буруугаар тайлбарлаж, бодит үнэнээс зөрсөн мэдээллийг өгөөд байгаа тэр хятад эмэгтэй угтаа 2018 юм уу 2019 оны асуудлыг яриад байгаа болов уу.

-Энэ компанийн анхны ТУЗ 2018 онд байгуулагдсан гэлээ. Тэгвэл дараагийн ТУЗ-тай таныг холбож яриад байгаа шүү дээ. Тэгэхээр та өнөөгийн ТУЗ-тай холбоотой гэж үү?

-Одоогийн ТУЗ нь 2021 оны гуравдугаар сард байгуулагдсан юм билээ. Нэгдүгээрт, энэ ТУЗ ч бай өмнөх ТУЗ ч бай ялгаагүй, надтай холбоотой нэг ширхэг ч хүн эдгээр ТУЗ-уудад байхгүй. ТУЗ нь яаж байгуулагдсаныг ч би мэдэхгүй. Хоёрдугаарт, 2021 онд байгуулсан ТУЗ гэхээр тухайн жил чинь ковидтой байсан үе. Тэгэхээр огт ажиллаагүй, ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй гэсэн тайлбар өгдөг. Миний хувьд орон нутгаас алдагдсан “Андын илч” уурхайн 49 хувийг 2015 онд орон нутагт нь буцаан авчрах үйл явцад оролцсоноос өөр өдгөө хүртэл ямар ч холбоогүй.

Өөрөөр хэлбэл, тэр үеэс хойш одоог хүртэл ямар нэгэн хүнтэй уулзаагүй, ямар нэгэн гэмт бүлэглэлийг зохион байгуулаагүй, ямар нэгэн дарга, цэргийг томилох ажиллагаанд оролцоогүй. Өөртөө болоод бусдад ашигтай байдлаар шийдвэр гаргуулах гэж яваагүй. Хэн нэгэнтэй зочид буудалд нууц уулзалтууд хийгээгүй гэдгээ бардам хэлье. Хэрэв тэр үеэс хойш ямар нэгэн байдлаар хэн нэгтэй уулзаж, энэ уурхайн асуудлаар холбогдсон нэг ширхэг сэжим гарч ирдэг л юм бол би хувьдаа гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэхэд бэлэн байна гэдгээ хэлсэн шүү дээ. Гэвч надад миний явж ирсэн амьдралын түүхэнд тийм үйл явдал огт болоогүй гэдгийг хариуцлагатай хэлье.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Богд ууланд газар эзэмших нь гэмт хэрэг биш DNN.mn

Харахын заяа байхаас хазахын заяа үгүй гэдэг хуучны яриа байдаг сан. Хичнээн хүсэл байвч барьж, хүрч, эдэлж чадахгүй, зөвхөн нүдээ баясгаж л өөрийгөө хуурдаг гэсэн агуулга болохыг хүн бүр мэднэ. Тэгвэл Богд уулыг харахаар яг ийм зүйр үг санаанд бууж байна. Байсхийгээд л “Богд ууланд тэр, тэр сайд, дарга байхдаа газар эзэмших гэрчилгээ олгожээ” гэж шүлсээ үсчүүлэн зүхэх масс их байх юм. Байгалийн цогцолбор бүхий энэ сайхан газрыг эзэмшиж, ашиглахгүй юм бол харж баяслаа гээд юу нэмэгдэх вэ дээ. Тэгээд ч Богд уулыг хэндээ хадгалах гэсэн юм бэ.

Манайханд социализмаас хойш явж ирсэн нэг хэвшмэл ойлголт байдаг. Тэр нь дархан цаазтай газар гэхээр л хүн хар ойртож болохгүй, тусдаа байх ёстой юм шиг, хашаалчихдаг. Манай улс нутаг дэвсгэрийнхээ 14 сая га газрыг яг ийм байдлаар олны хөлөөс тусгаарлачихсан. Тийм болохоор аймаг, сумд дандаа хувхай цагаан, зэлүүд талд байрлачихсан байдаг шүү дээ. Монголын 330 сумаас хуруу дарам цөөхөн хэд нь л байгалийн үзэсгэлэн цогцолсон газарт төвхнөсөн байх жишээний. Тухайлбал, Хэнтийн Дадал, Биндэр, Булганы Хутагт-Өндөр, Тэшиг зэрэг сумд бол ярих юм байхгүй сайхан нутаг. Дээрээс нь Хөвгөлийн ганц нэгхэн сум л нэмэгдэнэ. Бусад сумд нь үзэж, харах ч юмгүй шороо манарсан байдаг нь худлаа биш.

Монголчууд бид өөрсдийгөө уул, ус, ургамал, ан амьтан хосолсон хосгүй сайхан үзэсгэлэнт байгалтай гэж дэлхий дахинд зарладаг хэрнээ тэрийгээ ашиглаж чаддаггүй. Байгалийнхаа энэ сайхан цогцолбор газрууддаа нүдээ хужирлаж, сэтгэлээ хуурч байхаар тэр тансаг орчныг биеэрээ мэдэрч, дотор нь орж амьдаръя л даа.

Тийм болохоор Богд уулынхаа ам бүрт хотхон бий болгоё. Тойруулаад хот байгуулж яагаад болохгүй гэж. Галт тэрэг, метро, дугуй, мотоцикль, явган хүн, хурдны зам гээд дэд бүтцээ цогцоор шийдэж дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишгээр амьдарч яагаад болохгүй гэж. Олон орон байгалийн чамин тансаг тогтоц дээрээ түшиглэн хотуудаа босгосон л байдаг шүү дээ. Бидний сайн мэдэх Австрали, Швейцарь байна. Үнэхээр очсон хүн бүр аз жаргал мэдэрдэг диваажингийн орнууд гэж шагшдаг. Тэгвэл яг тэдэнтэй адилхан манайд ч бас диваажин болсон энэ сайхан газар нутгаа эдлэх ёстой байтал хүмүүсээ ойртуулдаггүй. Очсон нэгэн рүүгээ шороо цацан үхэлддэг. Тэгэхээр одоо хэдүүлээ социализмын үеийн хуучинсаг сэтгэлгээнээсээ салцгаая. Ардчилсан чөлөөт, зах зээлийн нийгэмд шилжээд 30 жил боллоо. Шинэ мянганд амьдарч байж алийн болгон хуучинсаг арга барилаар аливаад хандах гэсэн юм бэ. Тиймээс Богд ууландаа хотхон төлөвлөж байгуулъя. Тэгээд ч Богд ууланд газар эзэмших нь гэмт хэрэг огтоос биш юм шүү

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

  • Шинжлэх ухааны салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай,
  • Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт,
  • Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл,
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг, ил тод байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээ,
  • Төрийн албан хаагчийн тоог үндэсний нийт ажиллах хүчний тоотой уялдуулан тооцох асуудлын талаар,
  • Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлыг дуусгаж ашиглалтад оруулахад шаардлагатай үлдэгдэл санхүүжилтийн талаар зэрэг 20 гаруй асуудлаар хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ашиглалтын хугацаа дуусаж, эрсдэл үүссэн 1000 орчим лифт байна DNN.mn

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас “Өргөх байгууламжийн чанар, аюулгүй байдал, стандарт зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнд БХБЯ, ХНХЯ, УБЗАА, Стандарт, хэмжил зүйн газар, Хотын стандарт, хяналтын газар болон өргөх байгууламжийн тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага, ашиглагч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр өргөх байгууламжийн талаар хэрэгжүүлж буй бодлого, хяналтын тогтолцоо, хөдөлмөрийн аюулгүй байдал, стандарт, осол аваараас урьдчилан сэргийлэх чиглэлээр илтгэл тавьж, хэлэлцлээ.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 8600 гаруй цахилгаан шат байгаагаас нийтийн орон сууцны зориулалттай 5360 лифт бүртгэлтэй байна. Үүнээс 139 нь ашиглалтын шаардлага хангахгүй, 800 гаруй нь ашиглалтын хугацаа дууссан буюу эрсдэлтэй нөхцөлд байна гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргасан байдаг. Нийслэлд өргөх байгууламжийн тусгай зөвшөөрөл бүхий 180 гаруй байгууллага байдаг ч 40-50 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Өргөх байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудыг хөдөлмөр, техникийн аюулгүй байдал, чанар стандартыг мөрдүүлэх зорилгоор сургалт, зөвлөгөөн зохион байгуулж байна. Зарим лифтний эзэмшигч, ашиглагч байгууллага нь тодорхойгүй, засвар, техник үйлчилгээг хариуцдаг тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагатай гэрээ хийгээгүй, мэргэжлийн ажилчин байхгүйн улмаас иргэдийн аюулгүй зорчих байдал алдагдаж, энэ асуудлаар гомдол тасардаггүй. Тиймээс НЗДТГ, УБЗАА-наас 1000 орчим лифтийг шинэчлэх чиглэлээр олон улсын байгууллагуудтай хэлэлцээр хийж байгаа” гэв.

УБЗАА үйл ажиллагаагаа иргэдэд ил тод, нээлттэй, хурдан шуурхай хүргэх зорилгоор цахим шилжилт хийж буй. Тодруулбал, хот, нийтийн аж ахуй, инженер хангамж, СӨХ, конторын чиглэлээр үйлчилгээ эрхэлдэг төрийн болон хувийн 2000 гаруй байгууллага, 18000 орчим албан хаагчийн өдөр тутмын үйл ажиллагааг UB Engineering системээр дамжуулан цахимжуулж байна.

Энэ талаар УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Балдандорж “2023 онд Улаанбаатар хотын нэгдсэн удирдлагын системийн хөгжүүлэлтийн хүрээнд цахилгаан шатны систем, СӨХ, конторын систем зэрэг 10 орчим дэд системийг нэвтрүүлнэ. Үүний дагуу ашиглалтад байгаа лифтнүүдийг QR системээр бүртгэх юм. Ийнхүү бүртгэлжүүлснээр иргэд тухайн QR кодоор нэвтрэн, ашиглах гэж буй лифтнийхээ мэдээллийг авахын зэрэгцээ СӨХ, конторынхоо мэдээллийг ч давхар авах боломжтой болно” хэмээсэн юм.

Улаанбаатар лифт ОНӨТҮГ-ын хувьд 160 гаруй цахилгаан шат хариуцан ажилладаг бөгөөд эдгээрийн 20-30 хувийнх нь ашиглалтын хугацаа дуусжээ. Тодруулбал, 1980-аад оны эхээр ашиглалтад орсон хуучны угсармал есөн давхар барилгуудын лифт ашиглалтын шаардлага хангахааргүй болсон аж. Гэвч эдгээр лифтний үйл ажиллагааг бүрэн зогсоовол иргэд, оршин суугчид зорчих боломжгүй болох учраас сар бүр техникийн үйлчилгээ, жил бүр техникийн магадлалыг хийдэг байна.

Улаанбаатар лифт ОНӨТҮГ-ын дарга Д.Ган-Эрдэнэ “Улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийтийн зориулалттай орон сууцны лифтийг суулгах, шинэчлэх явцад манай байгууллага захиалагчийн хяналт тавьж ажилладаг. Мөн жил бүр лифтчин бэлтгэх сургалт явуулдаг бөгөөд сүүлийн хоёр жилд 50 гаруй ажилтан бэлтгэсэн. Энэ чиглэлээр ажилтан бэлтгэдэг маш олон байгууллага бий. Гэхдээ энэ чиглэлийн нэгдсэн сургалтын төвтэй болох ёстой.

Улаанбаатар хотод байгаа 8600 гаруй лифтнээс ашиглалтын хугацаа дуусаж, эрсдэл үүссэн 1000 орчим лифт байна. Жил ирэх тусам энэ тоо нэмэгдэнэ гэсэн үг. Гэтэл тэр бүхнийг төр шинэчилбэл төсөвт хүндрэлтэй. Харин хуульд “Нийтийн эзэмшлийн барилгын цахилгаан шатыг төр нэг удаа шинэчилнэ” гэж заасан байдаг. Уг хуулийг үндэслээд иргэд, аж ахуйн нэгжүүд “Төр л шинэчлэх ёстой” гэсэн байр суурьтай явсаар ирсэн. Тиймээс хуулиа өөрчлөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, лифтийг эзэмшигч, ашиглагч байгууллага, эсхүл тухайн барилгыг барьж буй компаниуд лифтээ даатгуулах, нэгдсэн сантай болох зэрэг олон улсын туршлагуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй болов уу” хэмээн саналаа илэрхийлж байлаа.

Нийслэлд ирж буй лифттэй холбоотой гомдол мэдээллийн дийлэнх нь хуучны, угсармал 9-12 давхар байрнуудынх байдаг. Тэдгээрийг засварлах боломжгүй, сэлбэг хэрэгслийг дахин үйлдвэрлэхээ больсон зэрэг шалтгаанаас болж зайлшгүй шинэчлэх шаардлага үүсдэг аж. Цахилгаан шатны 20-25 жилийн эдэлгээтэй байдаг бол ашиглалтын шаардлага хангахгүй болсон 139 лифтний 90 орчим хувийг 30-аас дээш жил ашигласан аж

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь DNN.mn

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 5-ны лхагва гарагт цахилгаан, шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Засвар хийх хугацаанд цахилгаан хязгаарлах бөгөөд энэ үед хэрэглээгээ түр зохицуулахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК иргэдээс хүслээ.