Categories
мэдээ нийгэм

Энэ онд нийтийн тээврийн 737 автобус худалдан авна DNN.mn

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн өчигдөр болсон хуралд нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, бодлого чиглэл тэдгээрийн хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг хариуцсан төслийн нэгж танилцуулжээ.

2022-2024 онд нийтийн тээвэрт 80% парк шинэчлэлт хийж 1,215 автобус шинээр оруулж ирэхээс 2022 онд цахилгаан 36, давхар 10, дизель 284, сургуулийн хүүхдийн 75 автобусаар тус тус нэмэгдүүлсэн байна.

2023 онд 737 автобус худалдан авахаар төлөвлөж, 2024 онд 73 цахилгаан автобус оруулж ирснээр парк шинэчлэлийн ажил бүрэн дуусна. Замын хөдөлгөөний удирдлага зохион байгуулалтын чиглэлээр Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран цахим гэрчилгээний ажлыг хийж гүйцэтгэснээр, 600 мянган автомашиныг бүрэн хянах бүртгэлийн систем бий болно.

Энэ жилээс эхлэн олон төрлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд BRT төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барьж, ирэх оноос хэрэгжүүлж эхлэх бөгөөд дүүжин тээврийн хоёрдугаар шугамыг 2024 онд багтаан ашиглалтад оруулах юм.

Мөн шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Сэлбэ сэргэлт төслийг 2023-2025 онд Барилга, хот байгуулалтын яамтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Сэлбэ, Дунд голын ай сав газрыг далангаар бэхжүүлж, голын урсцыг нэмэгдүүлэхээс гадна төсөл хэрэгжсэнээр хотын авто замын хөдөлгөөнийг сайжруулж, гол замын ачааллыг бууруулах зэрэг олон давуу талтай талаар танилцууллаа

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотод мөрдөгддөг 38 стандарт DNN.mn

Иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах нөхцөлийг хангах хүрээнд Хотын стандартыг боловсруулан, эхний хэсгийн есөн бүлгийн 38 стандартыг батлан, өнгөрсөн оны аравдугаар сараас мөрдөж эхэлсэн билээ.

Хотод ямар стандарт мөрдөгддөг талаарх нээлттэй мэдээлэлтэй иргэд өөрсдөө танилцаж, аливаа тохижилт, бүтээн байгуулалтын ажилд хяналт, шаардлагыг тавих бүрэн боломжтой гэдгийг бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл тэдгээр нээлттэй мэдээллийн танилцуулгуудыг хүргэж байна.

Та өөрт шаардлагатай мэдээллээ хайх бол ХАЙХ… хэсэг дээр түлхүүр үгээ бичнэ үү.

Өнгөрсөн сард эдгээр стандартууд дээр нэмэгдэн “Дуу чимээний бохирдол”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй дэд бүтэц” зэрэг 14 стандартыг нэмж баталсан билээ. Тэдгээрийн танилцуулгыг удахгүй Хотын стандарт, хяналтын газраас нийтэд нээлттэй болгох аж.

Categories
мэдээ нийгэм

БГД-ийн 23-р хороонд 64 настай эмэгтэй түймэрт өртөж нас баржээ DNN.mn

Нийслэлийн БГД-ийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 25 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.13-ны өдрийн 21:17 цагт хүлээн авчээ. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10-р ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан ч тус гал түймэрт иргэн Б /64 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсан тул тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Categories
мэдээ цаг-үе

Түгжрэл бууруулахын тулд нэг чиглэлд нэг автомашинаар зорчих зөвлөмж хүргүүлжээ DNN.mn

Түгжрэлийг бууруулахад иргэн, аж ахуйн нэгж, яам, агентлаг, төрийн өмчит аж ахуйн нэгжийн оролцоог хангах зорилгоор Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос ЗӨВЛӨМЖ гаргалаа.

Худалдаа аж үйлдвэрийн танхим, нийслэлийн дүүргүүд тамгын газраараа дамжуулан өнөөдрийн байдлаар 3500 аж ахуйн нэгж, компани руу зөвлөмжөө явуулснаас 3200 орчимд нь хүрч, бэлтгэл зохион байгуулалтад оржээ.

Нийслэл Улаанбаатар хотын төвийн дүүргүүд авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн автомашингүй гудамж, явган болон унадаг дугуйн замыг нэмэгдүүлэх зэрэг төсөл, арга хэмжээг харьяа нутаг дэвсгэртээ өөрийн хөрөнгө, нөөц боломжид тулгуурлан хэрэгжүүлэх, иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай хамтран ажиллах зэрэг санаачилгууд уг зөвлөмжид тусжээ. Тухайлбал:

  • Долоо хоногийн нэг өдөр зайнаас болон цахимаар ажиллах боломжоор хангах
  • Ажилтны албан тушаалыг бууруулахгүйгээр гэрт ойр харьяа газарт шилжүүлэн томилох
  • “Цаг товлож, цахимаар уулзъя”арга хэмжээг зохион байгуулж хэвших
  • “Нэг чиглэлээс нэг автомашинаар” буюу машин хуваалцах үйлчилгээг нэвтрүүлэх
  • Нийтийн тээврийн үйлчилгээг дэмжих зорилгоор унааны хөнгөлөлтийг картаар олгох зэрэг зөвлөмжийг баталсан байна.

Categories
мэдээ цаг-үе

УБЦТС: Өнөөдөр засвар хийх хуваарь DNN.mn

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 14-ний баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчдийг засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

О.Баасанхүү: Улсын дээд шүүхээс Лу.Гантөмөр даргад тамгын хяналтын дугаарыг ойрын хугацаанд олгоно DNN.mn

АН-ын Нарийн бичгийн дарга О.Баасанхүүгээс цаг үеийн холбогдолтой зарим зүйлийг тодрууллаа.


-Лу.Гантөмөр дарга шүүхэд нэрээ бүртгүүлж гэрчилгээгээ авсан. Одоо тамгаа авах ямар боломж байна?

-Тамга гэдгийг модон юм уу эсвэл хуванцар ч гэдэг юм уу харагдах байдлаас нь олон нийт ойлгоод байх шиг байна. Гол учир нь тамганы дотор байгаа хяналтын дугаарт агуулагддаг. Хуулиар тухайн намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх итгээд тэрхүү хяналтын дугаарыг эзэмшдэг. Улсын дээд шүүхээс Лу.Гантөмөр даргад хяналтын дугаарыг ойрын хугацаанд олгоно гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, өмнө нь байсан хяналтын дугаарыг өөрчлөөд шинэ дугаар авах гэж байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий газар энэ асуудлыг шийднэ шүү дээ. Тиймээс төрийн байгууллагад материалаа өгчихсөн учраас хүлээж байна. Ер нь маш ойрын хугацаанд гэж найдаж байна. Удаах шаардлага, шалтгаан байхгүй.

-Өнгөрсөн хугацаанд тамгатай холбоотойгоор үүсээд байсан асуудлуудыг яаж шийдвэрлэв?

-Тухайн үед намын даргаа томилж амжаагүй байсан. Тиймээс намын өмнөх дарга болох С.Эрдэнэ гэж хүн тамганы хяналтын дугаарыг эзэмшиж байсан.

Энэ утгаараа хяналтын дугаарыг өөрчлөөд шинэ дугаар авсан. Энэ дугаарыг С.Эрдэнэ дарга эзэмшиж авч явах боломжгүй гэдгийг Дээд шүүх нэгэнт тогтоосон шүү дээ. Тиймээс гэрчилгээнд өөрчлөлт орсон. Иймд шинээр сонгогдсон намын дарга хяналтын шинэ дугаар хийлгэж эзэмшээд явах бүрэн боломжтой.

-С.Эрдэнэ даргатай ойлголцсон уу. Ойлголцох ажлыг хийж байна уу?

-Аливаа зүйл дүрэм журам, хуулийн хүрээнд явна шүү дээ. Намын Их хурал, Үндэсний бодлогын хороо хуралдаад намын даргаар Лу.Гантөмөр даргыг сонгосон. Ингээд Улсын дээд шүүхэд Лу.Гантөмөр гэж хүн Ардчилсан намын даргаар бүртгэгдсэн. Тиймээс өнөөдөр хууль дүрмийнхээ дагуу манай намын ажил явж байна. Намд гавьяа байгуулсан маш олон хүн бий. Гэхдээ би гавьяа байгуулсан гээд өмчлөөд яваад байж болохгүй. Нам гэдэг бол дүрэм журам, олонхоороо шийддэг, явдаг. Тэр журмаараа явах ёстой гэж бодож байна. Ер нь мөнхийн намын дарга гэж байж болохгүй.

-Сонгуулийн хууль хэлэлцэгдэж байна. Та тус хуульд ямар дүгнэлттэй байгаа вэ?

-Сонгуулийг зардлыг багасгая гэж байгаа нь зөв. Жишээлбэл, зузаан цаасан дээр хэвлэсэн сэтгүүл, плакатыг тойргийн айлуудаар тараадаг. Тэрийг болиулж байгаа юм байна гэж ойлгосон. Энэ нь зөв. Нэр дэвшигчийн уулзалтад ирсэн сонгогчид тэрхүү тараах материалыг өөрсдөө авсан нь дээр. Сонгогчид өөрийнхөө дэмжиж байгаа хүний материалыг л авна шүү дээ. Өмнө нь тухайн тойрогт нэр дэвшиж байгаа бүх нэр дэвшигчийн материал овоорчихдог байсан.

Хоёрдугаарт, ухуулагч нэртэй ухуулагч биш хүмүүс ажилладаг байсан. Тэрийг болиулж байгаа гэж ойлгосон. Угтаа бол ухуулагчид ухуулга хийж байгаа нэр дэвшигчийнхээ талаар чин сэтгэлээсээ сурталчлах ёстой. Гэтэл аав ээжийнхээ ятгалаг, шахалтаар ихэвчлэн оюутнууд ухуулагч хийдэг. Гэртээ зүгээр сууж байхаар ухуулга тараасан болоод цалин авъя гээд халуун наранд хатаж үхтлээ явдаг. Айлын хаалганд нь өлгөчихдөг. Хогийн саванд нь хийчихдэг. Энэ мэтээр баахан үргүй зардал гардаг. Үүнийг болиулах нь зөв.

-Жагсаалттай холбоо МАН-ын саналыг та хэрхэн дүгнэж байна?

-48:28-аараа хийгээд сурчихсан нь дээр шүү дээ. Улаанбаатарын төлөөллийг багасгаж болохгүй. Учир нь хүн амын 50 хувь нь Улаанбаатарт амьдарч байна. МАН-ын танилцуулж байгаа 38:38-ийг дэмжихгүй байгаа. Ямар ч судалгаа байхгүй. Хэдэн хулгайч нарыгаа урдуураа оруулахын тулд тоогоо нэмж байна. Жагсаалтыг улс даяар эрэмбэлүүлэх хэрэгтэй. Жагсаалтаар нэр дэвших гишүүдийн тоог 28 гэж бодъё. Жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн хүн 100 хувь гарна. 28-т бичигдсэн хүн 100 хувь гарахгүй гэж хэлж болохгүй. Ард түмэн нэгдүгээрт бичигдсэн хүнийг дугуйлмаар байна уу, 28-т бичигдсэн хүнийг дугуйлмаар байна уу гэдгийг өөрсдөө шийдэг л дээ.

Г.ОТГОНЧИМЭГ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал асан Д.Хаянхярваа: Тэр үед чухамдаа юу болсныг, бодит үнэнийг нийгэмд ойлгуулах боломж надад олдоогүй дээ DNN.mn

Сангийн сайд, УИХ-ын гишүүн, сүүлд “Эрдэнэс Монгол” компанийн захирлаар ажилласан Дамдины Хаянхярваатай ярилцлаа. Тэр бол маш идэвхтэй, нийгмийн сүлжээнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг нэгэн билээ.


-Та улс төрд их идэвхтэй явсан хүн. УИХ-ын гишүүнээр гурван ч удаа сонгогдож, Монгол төрийн гол яамны сайд, “бүдүүн” Бүлгийн даргаар томилогдож явсан. Мөн 100 гаруй жилийн түүхтэй МАН-ын намын даргад ч өрсөлдөж явсан гэхчилэнгээр тод явсан. Одоо ер нь таны ажил, амьдралын хэмнэл ямар байна. Таны нэг өдөр хэрхэн өрнөж байна?
-Юуны өмнө “Албан ёсны ярилцлага авъя” хэмээн тууштай хандсан танай сонины хамт олонд баярлалаа. Би улстөрчийн болоод төрийн хүний хувьд бус иргэн хүний хувьд өөрийн байр сууриа илэрхийлье гэж таны саналыг хүлээж авсан шүү гэдгээ ярианы эхэнд тодотгон хэлье.
Энэ хүнээс ярилцлага авах хэрэг байна уу даа гэж бодох хүмүүс байгаа байх. Энэ авлигачин нөхөр юу ярих юм бэ гэх нь ч байгаа. Тэгж л ойлгогдохоор зүйлийг нийгэмд хаясандаа. “Гүжирийн өмнө хүчгүй” гэж үг бий. Тэр үед чухамдаа юу болсныг, бодит үнэнийг нийгэмд ойлгуулах боломж надад олдоогүй дээ. Одоо элдэв тайлбар хийгээд яахав дээ.
Миний өнөөдрийн амьдралын хэмнэл, ажлын тухай асууж байгаа тань сонирхолтой байна. Нээрэн юу хийж суугаа билээ гэж зог тусхийж байна (инээв). Би 2020 оны сонгуулийн дараа “Эрдэнэс Монгол”-д жил гаруй хугацаанд ажиллалаа. Жил орчим ажиллаж байтал яаж мултарсныг олон түмэн мэдэж байгаа. Түүнээс хойш тэтгэвэрт сууж байна. Одоо бол айхавтар онцын хийсэн ажилгүй. Нийгмийн сүлжээнд, сошиал ухсан шиг. Хааяа твиттер, фэйсбүүкт өөрийнхөө сонирхлын дагуу авсан ганц нэг фото зургуудаа постолно. Сүүлийн үед төр засгийн ажил төрөл, нийгмийн амьдралтай холбоотой шүүмжлэлтэй санагдсан ганц нэг санаа оноогоо бичсэн шиг цаг өнгөрөөж байна гэх үү дээ.
Ихэнх тохиолдолд гэртээ байна. Бага хүүгийн маань хүү гэж жаахан нөхөр бий. Манай эхнэр бид хоёр тэр нөхрийг хардаг ажилтай. Тэр маань одоохондоо зугаатай байна. Удаан олуулаа болоод ирэхээр ядраах шинжтэй юм байна шүү. Жаахан хүүхэд харна гэдэг чинь амар ажил биш юм байна шүү. Хааяадаа хөдөө гадаагуур тэнэнэ. Ийм л байдалтай амьдарч явна даа. Эргээд харахад би төрийн албанд нийтдээ 35 жил ажилласан байна. Ер нь бидний үеийнхэн адил даа. Өглөө босоод усанд орж, үс толгойгоо янзалж сахал үсээ авчихаад, зангиа цамцаа өмсөөд ажил руугаа явдаг. Ийм хэмнэлээр 35 жил явсан хүн энэ хэмнэлээсээ салахад амар биш байдаг юм байна. Ний нуугүй хэлэхэд, анхандаа жаахан хэцүү л байсан. Өглөө босч дадсан цагтаа босно. Үс толгойгоо янзалчихна. Тэгээд хаачихаа мэдэхгүй, юу хийх билээ гэдэг асуудал үүснэ (инээв). Одоо энэндээ дасч байна. Ер нь өглөө цаг нартай босдог хэмнэлээ бол өөрчилж чадахгүй юм билээ. Босоод хийдэг бүх зүйл дадал болсон байна.
-Та намынхантайгаа холбоотой байгаа юу. Сүүлд хэзээ намынхаа байраар оров?
-Намын дүрэм өөрчлөгдсөн гээд намайг намаас хассан. Энэ их хүнд жилүүдэд энэ намын төлөө хоёргүй сэтгэлээр явсан хүн. Тэнгэрт гартал магтаж сайшаагаад байсан журмын нөхөд маань “Таныг дүрэмд заасан асуудлаар манай намын гишүүн байх ёс зүй байхгүй учраас намаас хаслаа” гээд хэлчихээгүйд нь жаахан тиймэрхүү л байсан. Нэг л өдөр намаас хаслаа гэсэн мэдээ яваад л байна лээ. Намаас хасагдсан учраас намын байраар ороод байх сонирхолгүй болчихсон. Мэдээж нам дотор байгаа найз нөхөд, танил хүмүүс бий. Тэдэнтэйгээ хааяа уулзаж, утас шөрмөсөөр ярина. Олон жил намынхаа төлөө явсан болохоор журмын нөхдөдөө намынхаа л зовлонг ярих юм. Манай нам ингэмээр байх юм. Залуучууд ийм юман дээр алдаад байх шиг байна. Та нар залуучуудад ингэж хэлж зөвлөж болдоггүй юм уу гэхчилэнгээр нөхдөдөө санал бодлоо хэлнэ бас ярилцана.
Би бол хасагдсан гэдэгтэйгээ эвлэрсэн дээ. Зохих цагтаа ажилладгаа ажилласан. Одоо энэ намд ямар нэгэн байдлаар хэрэггүй болжээ гэж үзэж байгаа тохиолдолд заавал нам руу зүтгээд намын байраар орж тэнд юм яриад байх дэмий биз дээ. Харин найз нөхөдтэйгөө санал бодлоо хуваалцаж байх нь надад амар.
-Тантай ярилцаж байгаагийнх Монголын нийгмийн өнөөгийн байдал болоод өнөөдөр “трэнд” болчихоод байгаа улстөрчдийн талаар асууж яриулах нь зүйн хэрэг. Тиймээс улстөрчдөөс эхэлье. Өнөөдөр улс төрийн гол тоглогч болоод байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрт та ямар дүгнэлттэй байна?
-Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ахлуулсан Засгийн газрын зүгээс яриад байгаа авлига хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимтэй эхлүүлснийг маш зөв гэж бодож, хувь хүнийхээ хувьд дэмжиж байгаа. За миний дэмжлэг ч гэж юу байхав дээ. Авлигал хээл хахууль бол манай нийгэм дэх хамгийн бугшсан асуудлуудын нэг гэдгийг монголчууд нийгмээрээ хүлээн зөвшөөрч байна шүү дээ.
Олон жил болсон энэ алдаа завхралыг засаж залруулна гэдэг амар биш. Амаргүй энэ зүйл рүү зориглож орно гэдэг нь хэн бүхэн ч хийгээд байх ажил биш. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хувьд, залуу хүн ийм юм руу Засгийн газартайгаа орж, Монголд болохгүй бүтэхгүй байгаа том асуудлыг цэгцлэх гээд явж байгааг аль ч талаас нь дэмжиж байгаа. Хэн ч байсан хууль шүүхийн өмнө тэгш байх зарчим үйлчлээд эхэлбэл монголчуудад тустай шүү.
-Эдийн засгийн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг та Сангийн сайд, эдийн засагч байсан хүний хувьд хэрхэн дүгнэж байна. Оновчтой байж чадаж байна уу. Хаана алдаж, юун дээр онож байна?
-Өнөөдөр улс орны улс төр, эдийн засгийн нөхцөл байдал амаргүй л байх шиг байна. Харин сүүлийн үед нүүрсний экспорт сэргээд, Оюу толгойн гүний уурхайн ажил эхэлж эдийн засагт сэргэлт бий болох хандлага ажиглагдаж байх шиг байна. Байгалийн баялгийг биржээр дамжуулан зарж байгаа нь, мухар ч гэсэн хоёр ч төмөр замтай болсон зэрэг нь эдийн засагт эерэг дохио өгч эхэлж байна. Төмөр замтай холбоотой асуудал хөгжилд том садаа болсон хэвээр л байна шүү дээ. Төмөр замын талаар төрийн маш тодорхой шийдвэр үгүйлэгдэж байна. Энэ бол хувь миний харж байгаа өнцөг шүү.
Би бол байгууллага, хамт олон, нам, улс төрд байгаа хүн биш, тэтгэврийн хөгшин гэдгээ сануулчихад илүүдэхгүй байх аа. Наад захын жишээ бараа бүтээгдэхүүний үнэ хяналтаас гарчихлаа. Ямар ч зохицуулалт хийж чадахгүй байна. Би зах зээлийн нийгэмд үнийн зохицуулалт хий гэж хэлж чадахгүй. Тэгэх ч ёсгүй. Харин жолоодлогогүй нэмэгдээд байгаа үнийн хөөргөдлийг яах ёстой талаар засаг төр анхаарах ёстой.
Жишээлбэл, эм, хүнсний бүтээгдэхүүний үнэ иргэдийг туйлдуулж байна даа. Энэ юу гэсэн үг вэ гэвэл эдийн засаг, нийгэм рүү чиглэсэн Засгийн газрын бодлого ойлгомжгүй байдал руу орчихоод байгаагийн тод жишээ биш үү. Зах дээр очоод хэн дуртай нь юмныхаа үнийг нэмдэг. Ер нь том зургаар нь үзвэл бодлогын алдаа л даа.
Манай улсын эдийн засаг уул уурхайгаас дэндүү хамааралтай. Гэтэл хайгуулын лиценз олголтыг зогсоочихсон. Одоо үндсэндээ зөвшөөрөлтэй ажиллаж байгаа хэдэн уурхайгаа тал талаас нь хэмлээд байгаа болохоос биш нэмэлт хайгуул хийгээд, бодитой гаргаад ирсэн дараагийн шатны уул уурхайн орд газар алга. Хайгуулд ямар их хөрөнгө мөнгө, ямар их цаг хугацаа ордог билээ. Энэ чиглэлд төр тодорхой арга хэмжээ авахгүй бол оройтлоо.
Өөр нэг том алдаа нь, Монголын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж байгаа томоохон компаниуд, хувийн хэвшлийнхнийгээ дандаа харлуулах ажлыг төр өөрөө оройлон гүйцэтгэдэг болоод удлаа шүү. Өмчийн эздийг үр хүүхдийг нь олигархи, тэр л илүү баяжсан, шуналтай сувдаг гэх мэтээр дайрч сошиалаар троллддог гаж хандлага газар авсан.
Энэ бол маш буруу бодлого. Яагаад Монголын нийгэмд нийгмээ чирээд аваад явах чадавхтай 10, 20 компани байж болдоггүй юм бэ. Гэтэл бодит амьдрал дээр тэр компаниуд улсын төсөвт хичнээн төгрөгийн татвар төлчихөөд байна. Тэр татвараар нь юу хийх хэмжээний мөнгө юм бэ. Хичнээн хүнийг ажлын байртай болгочихоод байгаа юм бэ.
Тэрхүү ажилчдын ард хичнээн өрх амьжиргаагаа залгуулж байна. Цаашдаа тэд юу бүтээх гэж байгаа юм бэ гэдгийг зөв талаас нь харж ард түмэнд таниулах ажил хийгдэхгүй байна шүү дээ. Хий хоосон улс төржилт, талцал хуваагдал л гай болж байна даа.
Хөгжлийн банкны нээлттэй сонсголыг сонслоо. Анхны сонсгол гэхэд үнэхээр сайн болсон. Гэтэл томоохон компаниудыг зээлээ аваад өрөө дараад юу ч хийгээгүй юм шигээр ярьж байна лээ. Энэ нь хэд, хэдэн компани дээр ажиглагдсан. Гэтэл нөгөө компаниудынх нь тайлбарыг сонсоход хөрөнгө арай өөр.
Амьдрал нь хүнд байгаа ард түмэн үүнийг буруу талаас нь ойлгоод бөөн нерв болж байна. Өөрөөр хэлбэл, баялаг бүтээсэн, хөдөлмөрлөж хөрөнгө цуглуулсан хүмүүст ерөөсөө дургүй болоод байна шүү дээ. Энэ бол ажил хийж байгаа хүмүүст дургүй байна гэсэн үг.
Миний эзэмшлийн газар доор хичнээн баялаг байгаад би хөрөнгө босгож эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй бол “Миний өмч” гэж мянга цээжээ дэлдээд яах юм бэ. Яаж ч чадахгүй шүү дээ. Хэн нэгэнтэй хамтарч хөрөнгө босгож байж ажил явна. Хүний хөдөлмөр, нэмүү өртөг шингээж байж тэр чинь баялаг болно. Энэ мэтчилэнгээр нийгэмд байгаа алдаа завхралуудаа засч, хувийн хэвшлийнхэндээ дарамт шахалтгүй ажиллах боломжийг өгөх хэрэгтэй. Баялаг бүтээгчдэд төрөөс хандах хандлагаа жинхэнэ орвонгоор өөрчлөх цаг болсон. Төрийн нэртэй хувьчилж болох бүх өмчийг нэн яаралтай хувьчлах хэрэгтэй. Тэр цагт энэ их хулгай луйвар алга болно.

-Бүтээгдэхүүнээ экспортод гаргая гэвч бидэнд ложистик алга. Баахан мухар төмөр замтай боллоо. Үүний шалтгааныг та юу гэж харж байна?

-У.Хүрэлсүх ерөнхий сайдаар ахлуулсан Засгийн газар, Г.Занданшатар даргатай УИХ-ын үед бид хамгийн чухал шийдвэрүүдийг гаргахдаа алдаа гаргасан. Үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ямар алдаа гаргасан гэхээр бид Таван толгой-Гашуунсухайт чиглэлд экспортын зориулалттай нарийн царигийн төмөр зам тавих байсан. Эхлээд энэ замаа дуусгах байтал үүнийгээ хаяад хөндлөн төмөр зам тавих шийдвэр гаргасан гээд яривал юм юм л байна даа. Аль замыг түрүүлж барих нь зөв бэ гээд тухайн үед энэ асуудлаар нэлээдгүй байр сууриа илэрхийлсэн. Нэлээн ч үзэлцсэн. Харамсалтай нь бид амжилт олж чадаагүй.
Өнөөдөр мухар, хоорондоо холбогдох цэг нь зөрчихсөн, холболтын ажилд дахиад ч 200-300 сая ам.долларын санхүүжилт хэрэгтэй гэж яриад сууж байгаа нь УИХ, Засгийн газрын түвшинд гаргасан шийдвэрийн алдаа. Үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Хоёрдугаарт, Ханги-Мандалын төмөр зам. Мөн л өргөн цариг тавьсан. Бодвол холбоно гээд дахиад зардал гарах байх. Хувийн хэвшлийнхэн яаж ажилладгийг энд харуулсан гэж би боддог. Харамсалтай нь өргөн царигаар барих төрийн шийдвэртэй.
Гуравдугаарт, “Эрдэнэс Монгол”-д би ажиллаж байхдаа Гашуунсухайт-Шивээхүрэнд нарийн царигийн экспортын зориулалттай 47 км замыг тавья гэсэн Хятадын талын саналыг ажил болгож чадаагүй. Зураг төслийг нь МАК-ийнхан хийчихсэн байсан. “Эрдэнэс Монгол” 51 хувийг нь эзэмшинэ. Хятадын тал хөрөнгөө гаргаад улирал харгалзахгүй гурван сарын дотор тавья гэж байна. Тэнд AGV буюу жолоочгүй тээврийг туршъя гэсэн. Контейнер тээвэр зам тавья гэж байна. Агаарын дүүжин тээврийг хийе гэж байна гэсэн саналуудыг Засгийн газрын холбогдох яаманд хүргүүлж байсан. Эндээс би бас зэмлэл хүртсэн. Тухайн үеийн ХЭГ-ын дарга намайг “Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөр аюултай зүйл ярилаа” гэж ирээд л зэмлэсэн. Ингээд энэ чиглэлд шийдвэр гаргаагүй. Хөөт, Хөшөөтийн чиглэлийн төмөр зам мөн адил хувь тавилан хүлээж байх шиг байна.
Манай улсын эдийн засгийг тэтгэгч гол бүтээгдэхүүнийг авч байгаа Хятад улс хилийн цаана бүх дэд бүтцээ аваад ирчихээд байна. Монголчуудад үүд хаалгаа дэлгэчихээд байна шүү дээ. Нарийн царигаар манай экспортын бараа бүтээгдэхүүнийг авъя, хамт хөгжье гээд байхад манай улс энэ боломжийг ашиглаж чадахгүй байгааг хэний алдаа гэхэв дээ. Арай ард түмэн буруутай гэхгүй байлгүй дээ.
Одоо бид бодитой шийдвэр гаргах цаг болсон. Шивээхүрэнд ч болов нарийн царигийн төмөр замыг тавих шийдвэрийг Засгийн газар, УИХ-ын түвшинд гаргах хэрэгтэй. Бичигтийн боомтын чиглэлд мөн гаргах хэрэгтэй. Яах гэж давхар зардал гаргаад байгаа юм бэ. Экспортын чиглэлээр нарийн царигийн төмөр зам тавихад юу нь болохгүй байгаа юм бэ. Ачиж буулгах, дугуй солих гэхчилэнгээр хоёр ажил хийх ямар шаардлага байна.
Тэгэхэд хятадууд Австралиас нүүрс импортлох эрхийг бүх аж ахуйн нэгжүүддээ олгож байна. Тэднийх ямар хямдхан тээвэртэй билээ. Хятад усан боомттой учраас нүүрсээ маш их хэмжээгээр нь далайгаар тээвэрлээд аваад ирнэ. Тэр үед бидний нүүрсний үнэ өртөг яах билээ. Энэ талд ер нь нэг дорвитой алхам хийгээсэй билээ гэж хардаг.
-Эдийн засгийн хоёр дахь том салбарыг аялал жуулчлал гэж үзэж буй. 2023 оныг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан. Энэ бодлого өнөөдөр бодитоор хэрэгжих боломжтой юу?
-Утаагүй үйлдвэрлэл гэж дэлхий нийтэд нэрлэж ирсэн аялал жуулчлалыг маш их ярьж байгаа боловч яг бодитоор юу хийх вэ гэдгээ ерөөсөө бид гаргаж чадахгүй байна.
Наад зах нь аялал жуулчлалыг бүх чиглэлд хөгжүүлэх хамгийн боломжтой цэг бол Хөвсгөл нуур. Очоод үз. Тэнд стандартад нийцсэн хичнээн кемп байна. Хуруу дарам цөөхөн хэдхэн кемп байгаа. Дэд бүтэц байхгүй. Ядах нь аа тэнд цэвэр, бохир усны асуудал, зам харгуйг шийдэх, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаа хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлээр дэмжих хэрэгтэй. Энэ чиглэлд маш тодорхой шийдвэр гаргаж бодитой хийх ажил үгүйлэгдэж байна.
Засгийн газрыг харахад сүүлийн жилүүдэд сайн пиар хийж байна. Хэтрээд байгаа пиарууд ч байна. Тухайн үед У.Хүрэлсүх , Л.Оюун-Эрдэнэ нарыг Ерөнхий сайд болж байхад би “Бага ярь. Их хий. Та нарын пиар ихдээд ард иргэдэд хүлээлт үүсгээд байна. Тэр чинь ажил хэрэг болохгүй байна. Харин хийчихээд хийчихлээ гэдгээ дараа нь тайлбарла” гэсэн үгийг чуулганы танхимд хэлж байсан. Одоо ч гэсэн хийж хэрэгжүүлэх ажилд хэрэгтэй гэж энэ үгийг хэлж байна.
-Шинэ залуу үе гарч ирлээ. Залуучууддаа зайгаа тавьж өгч байна, зайгаа тавьж өг гэсэн пиар их явлаа. Шинэ залуу үеийн цөөнгүй гишүүн парламент, Засгийн газарт ажиллаж байна. Энэ хэрээр өнөөдөр чадамжийн асуудал яригдаж байна. Та ер нь үе солигдох асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?
-Шинэ залуу үе гарч ирлээ гээд тэднийг би үгүйсгээд, буруутгаад байх юм алга. Ер нь бусад улс орны туршлагыг харахад ажил, амьдралын туршлагатай хүмүүстэйгээ хамтраад ажилладаг. Сонгуулийн үеэр “Манай нам ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээс юм” гэж бид ярих дуртай. Тэгвэл өнөөдөр тэр алтан хэлхээс алдарчихаад байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, ахмад үеийнхнийгээ босгоны цаана гаргачихаад байна.
Яахав дунд үе байгаа байх. Ихэнх нь залуучууд байна. Ингэхээр ажлын туршлагатай хэлж ярьдаг хүмүүс цөөрөөд байна. Энэ юунд нөлөөлж байна гэхээр өнөөдөр намын даргаасаа ч юм уу, Ерөнхий сайдаасаа дээд талд нь дарга гээд сууж байгаа эрхмээсээ хүн бүхэн айдаг болчихсон. Энэ нууц биш. Хүний л амьдрал болсон хойно чимхвэл тосч гоожно ус ч гоожно. Юм юм л гоожно. Ийм л айдастай болчихсон байгаа нь алдаа гарах эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байна. Туулсан амьдрал, элээсэн оймс гээд хүнд амьдралаас олж сурсан асар их өв байдгийг залуу дарга нар бодож байхад илүүдэхгүй дээ.
-Өнөөгийн парламент Засгийн газарт тавих хяналтаа хэрэгжүүлж чадаж байгаа эсэхэд та ямар дүгнэлттэй байна?
-Шуудхан хэлэхэд, парламент Засгийн газарт хяналтаа тавих чадамжгүй болчихсон байна гэж би харж байна. Бүлгийн даргын ажлыг өгч байхдаа Д.Тогтохсүрэн даргад “Та олон жил аймаг орон нутгийг удирдсан учраас энэ ажлыг төвөггүй хийнэ. Би итгэж байгаа. Би баримталж ирсэн ганцхан л зарчмаа танд хэлье. УИХ-ын ажил тусдаа. Засгийн газрын ажил тусдаа. УИХ Засгийн газартаа шаардлагаа тавьж болохгүй бүтэхгүй юмыг нь дарж ажиллах ёстой юм шүү. Үүнийг л би хийх гэж ноцолдсон. Энэ бүхэн минь төдийлөн үр дүнд хүрч чадсангүй дээ. Та үүн дээр хичээж ажиллаарай. Ингэж ажиллавал Монголын төрд хэрэгтэй юм” гэж хэлж байсан. Д.Тогтохсүрэн дарга одоо санаж байгаа байх.
Өнөөдөр чухамдаа тэр нь бүтэж байгаа юу, үгүй юу гэдгийг би дотор нь байхгүй учраас тэр хүний, тэр бүлгийн ажлыг дүгнэж цэгнэж хэлж мэдэхгүй байна.
2019 онд Үндсэн хуулийн нэмэлт , өөрчлөлтийг баталж байх үеийн нэг зүйлийг би маш тод санаж байна. Өмнөх парламентад байсан гишүүд санаж байгаа байлгүй дээ.
Бид хүчтэй Ерөнхий сайдтай засаглалыг бий болгоё гэдэг санал тавиад явсан. Ингээд бүх эрх мэдлийг Ерөнхий сайдад төвлөрүүлэх эхлэл тавигдсан. Ялангуяа Ц.Мөнх-Оргил гишүүн тэр үед “Ер нь ерөнхий сайдад асар их эрх мэдлийг өгөхөд ямар ч газар дарангуйлал үүсэх өндөр магадлал байдаг. Тэгэхээр бид ядаж зарим нэг эрх мэдлээ УИХ-д хадгалж үлдэх ёстой” гэсэн тодорхой байр суурийг хэлж байсан.
Би үүгээр Ерөнхий сайдыг дарангуйлагч болчихлоо гэж хэлэх гээд байгаа юм биш. Мэдээж Л.Оюун-Эрдэнэ сайдын хийх гээд байгаа ажил амаргүй гэдгийг би ярианы эхэнд хэлсэн. Чиглэл нь зөв. Маш зөв ажлуудыг хийж байгаа. Ганцхан энэ хүнд аль ч талаас нь буруу, зөвийг хэлж зөвлөж чиглүүлэх хүн хүч жаахан хэрэгтэй юм болов уу даа. Магадгүй энэ парламент, энэ Засгийн газар дотор Л.Оюун-Эрдэнэ сайдын хийж байгаа ажил, хэлж байгаа үгэнд алдаа оноо байна гэж үзвэл хоорондоо жиг жуг хийх биш нүүрэн дээр нь зоригтой үг хэлдэг хүмүүс дутагдаад байна гэж хэлэх гээд байна.
Төр засгийн шугамаар шат шатанд нь ажиллаж байсан хүмүүсийг сонсох асуудал энэ Засгийн газар, залуу дарга нарт учир дутагдалтай байна.
Шийдвэр гаргах түвшинд ажиллаж байхдаа би чадалтай хүмүүстэй ажиллах дуртай байсан. Чадвартай хүмүүстэй ажиллахад алсыг харсан шийдвэр гаргаж чаддаг юм. Асуудлаа мэддэг чадалтай хүмүүс өөрийнхөө мэддэг зүйлд итгэл үнэмшилтэй байдаг. Тиймээс зөвлөж байгаа хүндээ зоригтой хэлдэг. Харин тэр үгийг нь хүлээж авах чадамжтай байж гэмээнэ залуучууд улам илүү хол явна. Түүнээс “Би бүгдийг мэднэ, чи ингэ” гэж шууд өөрийнхөө үзэл бодлыг тулгах зарчмаар явбал хол явах нь юу л бол.
-Зөвлөж байгаа нэртэй, “Таны зөв” гэж тал засч сөнөөх шахдаг хүмүүс их байх шиг?
-Ер нь сүүлд ийм болчихоод байна. Таны хэлсэн үг нийгэмд мандуулж байна. Таны саяны шийдвэр нийгмийг доргиож байна гэсэн “алга ташигчид” олшроод байна. Энэ юунаас харагдаж байна гэхээр нийгмийн сүлжээ сошиалаас харагдаж байна. Яг амьдрал дээр бодит сошиалын тэр давлагаа хоосон хөөсрөл байгаа юм. Сошиалыг хөөсрүүлээд байгаа хүмүүс бол өнөөх троллууд.
Сошиалд идэвхтэй байдаг хүмүүсийн тоо их биш. Коммент бичдэг хэсэг бүлэг троллуудын арми байна. Хэний ч арми юм.Тийм армиуд хүмүүсийн оюун санаа тархийг угааж байгаа зүйл харагдаад байна. Тэр бүхэнд нь ард түмний дийлэнх масс итгээд, Засгийн газар юм хийхгүй байна гэвэл хийхгүй байна гэж хошуураад. Лаг байна гэвэл лаг байна гэж хий хошуураад байна. Түүн дээр нь голлож Засаг пиараа явуулах гээд оролдоод байх шиг байна. Сошиал дахь хандалт маш савлагаатай байна. Тэгэхээр пиарыг маш оновчтой хийж өөрсдийнхөө бодит амьдрал, ажлыг зөв үнэлж байж ажлаа явуулах нь хамгийн чухал гэж харж байна.
-Танаас төрийн албан хаагчдын талаар асууя. Төрийн албыг чанаржуулах шийдвэр гаргаад байна уу, эсвэл бас л холион бантан хутгаад байна уу?
-Төрд ажиллаж байгаа хүмүүсийн нурууг нь үнэхээр авлаа. Одоо төрийн албанд үнэнч шударга чадалтай хүн ажиллах ямар ч боломжгүй.
болсон. Би бол багаасаа төрийн албанд доод шатнаас нь эхлээд дээд шат хүртэл нь өөрийнхөө хичээл зүтгэлээр явсан хүн учраас төрийн албаныхныг маш их хайрладаг. Өнөөдөр төрийн албаныхныг нурууг автал нь “балбаж” байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд. Бид 2016 онд ялсан. Өөрийн намын хүнээ тавина гээд баахан “бантан” болгосон.
Дараа нь У.Хүрэлсүх дарга гарч ирсэн. Баахан л өөрчлөлт болсон. Дараа нь дахиад л Л.Оюун-Эрдэнэ сайд болсон. Баахан л өөрчлөлт болсон. Яам тамгын газрынхныг сонсохоор чөлөө завгүй бүтцийн өөрчлөлт гээд байх юм. Одоо Д.Амарбаясгалан дарга дахиад 6000 хүнийг хална, солино гэж байна. Ийм аймаар айдсын дотор хэн төрийн албанд ажиллаж чадах юм бэ. Бүх ажлыг гардан гүйцэтгэдэг, хэвийн түвшинд авч явах ёстой дунд, доод шатны албан хаагчид нэгдүгээрт хуулийн хүрээнд ажиллаж чадахгүй болчихоод байна. Хоёрдугаарт, шийдвэр гаргаж чадахгүй болчихоод байна. Гуравдугаарт, тэр ажилдаа байх үгүйгээ мэдэхгүй байгаа хүн яаж тэнд ажиллах хүсэлтэй байх юм бэ. Яаж ийгээд амиа аргацаад хэдэн төгрөгийнхөө цалинг аваад сууж байх сонирхолтой байна биз дээ.
Сүүлийн үед хараад байхад төрийн албаа чичилж дайрч попордог зүйл газар сайгүй бий болчихлоо. Чи ажиллаж чадахгүй байна. Чи зайлаарай гэдэг байнгын заналхийлэл, зүхэлт дор төрийн албаныхан ажиллаж байна. Хэзээ байтлаа төрийн албан хаагч хүн доод шатны төрийн албан хаагчидтайгаа тэгж харилцдаг байсан юм бэ. Болж байвал болж байна гээд, болохгүй байвал болохгүй байна гэдэг. Алдаа оноо байвал түүнийг нь хэлдэг. Засч залруулдаг байх ёстой болохоос нэг алдаа гармагц нь зайл гээд чичлээд байдаг.
Мэдээж хөөж явуулах алдаа гэж байна. Ер нь төрийн албанд ч бай өөр албанд ч бай ажил хийж байгаа ямар ч хүн алдаа гаргалгүй явчихдаг юм гэж хаана ч байхгүй. Хүний амьдралд ч ийм зүйл байдаггүй юм. Эцэст нь дүгнэж хэлэхэд төрийн албыг бүү хэл нийгмийн амьдралыг цогцоор нь томоор харж байгаа төрийн бодлого байхгүй болчихоод байна.
-Тэгвэл энэ асуудлуудыг шийдэхийн тулд ямар арга хэмжээ хэрэгжүүлэх хэрэгтэй гэж та харж байна?
-Төрийн алба, яам тамгын газрын бүтцийг Үндсэн хуульд тусгана гэж ярьдаг байсан. Төрийн алба, бүтэц ийм байхад болох юм гэдгийг нэлээн ул үндэстэй судалгаан дээр тулгуурлаж зурах ёстой юм. Өөрөөр хэлбэл, тэдэн яамтай байна, тэдэн агентлаг байна гэдгийг маш нарийн зурмаар байна.
Жишээ нь, энэ жил МХЕГ-ыг татан буулгачихлаа. Нэлээд олон жилийн өмнө яамдад байж байгаад болохгүй байна гэж бөөн хэл ам болж МХЕГ-ыг байгуулсан. Мэргэжлийн хяналт нь овоо зүгшрээд ирмэгц дахиад тараагаад хаячихлаа. Давхар харьяалалтай зүйлүүд олон бий шүү дээ. Ингээд наанадаж энэ нийгмийг нуруун дээрээ авч яваа хувийн хэвшлийнхэнд яам яамнаас баахан шалгалт очих нь. Мөн маш олон хяналт шалгалт, зөвшөөрөл олгох ажил байна. Авлига, хүнд суртлыг бий болгож байгаа давхардсан олон хяналт шалгалт, зөвшөөрлүүдийн тоог нь цөөлье гэж яриад байгаа ч бодитоор хэрэгжиж чадаж байна уу үгүй юу.
Сонгууль болгоны дараа хийдэг халаа сэлгээгээ болих хэрэгтэй.
-Нөгөө талаас төр цомхон байх ёстой гэдэг. Үүнд та ямар байр суурьтай байдаг вэ?
-Төр цомхон байх ёстой гэдэгт би санал нэг байдаг. Төрийг данхар болгосон нь улс төрийн намууд өөрсдөө шүү дээ. Тэр дундаа сүүлийн найман жил манай нам нэлээд нэмэх шиг болсон. Үүний өмнө Ардчилсан нам байсан. Түүний өмнө хамтарсан байсан. Бүгд л нэмсээр ирсэн шүү дээ. Ер нь төрийн албыг ийм данхар болгосон нь төрийн эрхэнд байснаараа Ардын нам, Ардчилсан нам хоёрын хамтран бүтээсэн том алдаа.
Буцаагаад түүнийгээ яаж цэгцлэх вэ гэдэг нь өөрөө асуудал болчихоод байна. Түрүүн хэллээ шүү дээ. Энэ хүнд үед зургаан мянган хүнийг гудамжинд гаргаад хаячихаар цаана нь хичнээн хүн амьжиргаагаа залгуулах орлогогүй болох вэ. Манай улсын өрхийн гишүүдийн дунджийг дөрвөөр бодвол ойролцоогоор 26 мянган хүн амьжиргаагаа залгуулах орлогогүй болж байна. Бүхэл бүтэн ийм нэг арми бий болгож байна. Мэдээж энэ алдааг засах ёстой яаж гэдгийг залуусын ухаан мэдэх хэрэг. Би ингэнэ тэгнэ гэж мэдэмхийрэх юм алга.
-Тэгвэл бүхэл бүтэн нэг ийм арми бий болгохгүй нь тулд, төрийн албанд ажиллаж байгаад гарч байгаа хүмүүсийг яах вэ?
-Дээхэн үед л дээ. Ардчилал, зах зээл эхэлж байхад Дэлхийн банкнаас төрийн албан хаагчдын тоог цомхотгохдоо ажлаас гарч байгаа хүмүүст тодорхой хэмжээний мөнгөн дэмжлэг үзүүлж байсан. Нэг ёсондоо бизнесийн эхлэл болгох мөнгийг өгөөд төрийн албанаас гаргаж байсан.
Одоо давлагаалж байгаа нэг юм бол, ерөөсөө ужиг болсон олон ахмад хүмүүсийг төрөөс зайлуул. Ерөөсөө л зайгаа тавьж өг. Тэтгэвэртээ гар гээд байна. Тэд хэдэн хувийг эзлээд байгаа юм бэ. Тэнд ажиллаж байгаа нэг ахмад ажилчныг гаргаад нэг л хүнийг цомхотгоно шүү дээ. Тэр хүн ямар гай болоод байгаа юм бэ гэдгийг өнөөдөр нийгэм зөв талаас нь харж чадаж байна уу гэвэл би чадахгүй байна гэж харж байна. Ерөөсөө тэр ахмадын хичээл зүтгэл, хөдөлмөр нь нийгэмд ямар ч хамаагүй болчихоод байна. Тэр хүн хөгшин учраас гай болоод байна зайлах ёстой мэтээр тэр хүн рүү шүлсээ үсчүүлж байна.
Тэр хүнийг аль болох хулгайч луйварчин авлигачин гэдэг талаас нь харлуулах гэж ноцолддог боллоо. Ингэхээр Монголын төрд ажиллаж байсан цэвэр хүн байхгүй болчихож байгаа биз дээ. Бүгдээрээ хулгайч болчихоод байна. Ингээд төрд хулгайчид гардаг гэсэн ойлголт, хандлага бий болох гээд байна шүү дээ. Энэ хэрээр иргэдийн төрийг үнэлэх үнэлэмж, итгэх итгэл суларч байна. Энэ бол цаагуураа их урхагтай зүйл шүү дээ. Энэ чиглэлд зарим зулаас арай л эрээ цээргүй болж байна даа .
-Дараагийн сэдэв Үндсэн хууль. Үндсэн хуульд энэ хавар нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхэд та ямар байр суурьтай байна. Өөрчлөх нөхцөл шалтгааныг юу гэж харж байна?
-Шуудхан хэлэхэд, болоогүй. Суурь нөхцөл нь бүрдээгүй. Учир нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль гэж бий. Тэр хуулиар Үндсэн хуульд гар хүрэх хугацааг найман жил гэж заасан.
Одоо л бүгдээрээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулъя, болохгүй байна гэдэг жишиг тогтчихвол бид Үндсэн хуульгүй болчих вий гэх болгоомжлол байна. Үндсэн хууль судалдаг хүмүүс өнөөгийн Үндсэн хуулийн суурь зарчмыг тал талаас нь харж дүгнэдэг байх. Би хувь хүнийхээ хувьд одоогийн хэрэгжиж байгаа Үндсэн хуулийг муу биш гэж боддог. Тиймээс энэ хавар Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар ярьж байгаа бол цаг хугацааны хувьд амжихгүй гэж харж байна. Оруулаад ч нэмэргүй.
Ер нь Үндсэн хуульд оруулах гээд байгаа гол өөрчлөлт нь гишүүдийн тоог нэмье. Сонгуулийн тогтолцоогоо холимог болгож үндсэн хуульдаа тусгаж авъя гэсэн хоёр зүйлийг голлож яриад байгаа шүү дээ. Нэмээд Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох. Гэхдээ сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах шийдвэрээ Сонгуулийн тухай хуулиар гаргачихлаа. Тиймээс цаана нь гишүүдийн тоог нэмэх тухай асуудал л үлдэж байна.
-Та парламентад 12 жил суусан хүний хувьд гишүүдийн тоог нэмэх тухайд ямар байр суурьтай байдаг вэ?
-Манай улсын хүн амын тоо нэмэгдсэн. Тиймээс түүнтэй уялдуулж нэмэх ёстой хэмээн томоохон судлаачид, улстөрчид бичсэн байдаг юм билээ. Тоондоо биш шүү дээ. 76 гишүүн цөөдөж, лоббид автаж шийдвэр гаргаад байна гэж ойлгож байгаа бол энэ худлаа ойлголт. Гишүүн хүн хэлэлцэж байгаа асуудал дээр өөрийн байр суурь, улс орны эрх ашгийн төлөө хандаад сурчихвал бид хэзээ ч алдаатай шийдвэр гаргахгүй. Тиймээс хамгийн гол нь УИХ-ын гишүүн хүн шийдвэр гаргахдаа улс орны эрх ашгийг нэн тэргүүнд тавьж шийдвэр гаргаад сурчихвал болно. 76-ааг 120 болголоо. Шинээр нэлээд гишүүн орж ирнэ. Нэг хууль батлахад олон түмэнд таниулах шаардлагатай болно. Нэг хууль батлахын тулд 100 хүн яръя. 50 гишүүн асууя. 100 хүн саналаа хэлье. Тэр дотор яг оновчтой шийдвэр гарах уу үгүй юу.
Та бүхэн баталж байгаа хуулийг ажиглаад үзээрэй. 76 гишүүн үнэтэй цэнтэй санал хэлээд тэр хуульд тусгагдаж суурь зарчим зөв болж гарч байна уу үгүй юу. Хуулийг хаана боловсруулсан. Ямар үндэстэй хэрхэн зөв боловсруулсан. Яавал тэрхүү хууль зөв байх вэ гэдгийг мэддэг хүн ахалж байж сайн хууль гардаг. Түүнээс биш 76 гишүүн тал талаасаа саналаа хэлээд тэр хуулийн суурь зарчим өөрчлөгдөж байсныг би мэдэхгүй л дээ. Би амьдралд ажиглагдсан харагдсан зүйлийг парламентад 12 жил суусан, тэтгэврийн хүний хувьд ярьж байна.
-Танаас асуух асуулт олон байгаа ч энэ хүрээд ярилцлагаа жаргаая. Эцэст нь холбогдсон хэргийн тань талаар асуулгүй өнгөрч болохгүй. Яагаад ийм хэрэгт орооцолдчихов оо?
-Би ард түмнээс нуугаад сүйд болоод байх юм алга. Нэгэнт шүүх шийдээд авлигачин гэж “цоллоход” би “тийм ээ” гэхээс өөр үг хэлж чадаагүй.
Ихэнх тохиолдолд би өөрийгөө хохь нь гэдэг юм. Ний нуугүй хэлэхэд, би ажил хийх л гэж зүтгэсэн. Шивээ-Овоо дээр 300 МВт-ын цахилгаан станц барина гээд төсөл төлөвлөгөө ТЭЗҮ-г нь хийсэн. Тусгай зөвшөөрлүүдийг нь авсан. Түүнтэйгээ уялдуулж “Эрдэнэс Монгол” дээр 51 хувийн оролцоотой төмөр зам, 2000 чингэлэгтэй чингэлэг тээврийг хийе, 10 сая тонн эрчим хүчний нүүрс экспортолъё гэсэн ажлуудыг хийх гэж л зүтгэж байсан үндсэндээ тохиролцсон.
Энэ мэтчилэнгээр ажил хийхээр төсөл төлөвлөгөө хэрэгжүүлээд явж байсан. Тэгсэн манай намын нэг нөхөр “Миний нэг оффшор компани байгаа хамтарч оролцмоор байна. Энэ төслийг хамт хэрэгжүүлье” гэсэн саналыг надад тавьсан. Тэгье энэ төсөл урагшилж байвал хамаа алга. Зардал мөнгөө гаргаад явахад болно гэж хэлсэн.
Ингээд хамтран ажиллах болоод тодорхой хөрөнгө гаргах асуудал тохироод зээлийн гэрээ хийхээр ярилцаад мөнгө төгрөгөө гаргаад явж байснаа авлига өгсөн гээд АТГ-т өгсөн л дөө.
Чухамдаа тэр хүн юу хийх гээд би хааж боож мөнгө төгрөг нэхсэн бэ гээд бодоод үзэхээр инээдтэй нь ямар ч тийм юм байхгүй, төлөвлөсөн ажил явж л байсан. Анхандаа бүр хясан боогдуулсан гэж мэдүүлсэн байсан. Би аргаа бараад байцаагчдаа тэр хүнтэй нүүрэлдье. Яг чухам юу хийлгэх гээд юуг нь би хяхан боогдуулсан юм бэ гэж хүртэл асуусан. Ямар ч тийм юм байхгүй шүү дээ. Ээ хүний жудаг гэж… Үнэн хогийн юм даа гэж л бодоод үлдсэн. Бас нэгэнт алдсан хүн чинь өөрийгөө зөвтгөх юм бодно оо инээдтэй байна уу? Би нэгэнт авлигачин гэх нэртэй болсон учир элдвийн юм бодно оо, бас. Би төрөөс болоод төрийн компаниас мөнгө авч төрд хохирол учруулаагүй гэж өөрийгөө тайвшруулна аа. Харин оффшорын мөнгө оруулж ирсэн гэж энэ тэр инээдмийн юм боддог л юм билээ. Хүн гэж хөгийн амьтан юм даа, Хишгээ минь.
Гаргаж байсан мөнгө хөрөнгөн дээрээ гэрээ хийнэ гээд тэдний тал гарын үсгээ зураагүй байсныг нь мэдээгүй байсан миний алдаа. Тэр нөхөр “Би авлига өгсөн” гэж хэлсэн юм билээ. Ер нь тэрэнтэй, тэрэнгүй намайг сошиалаар аль хэдийнээ яллачихсан юм шүү дээ.
Миний гэм буруутай эсэхийг тогтоогоогүй, тэгэх нь битгий хэл би авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгч дуусаагүй байхад миний хувийн оффис, манай гэр хоёрт нэгжлэг хийж надад байсан мөнгийг тавьж байгаад сошиалын бүх хэрэгслээр цацсан. Тэгэх, тэгэхдээ Д.Хаянхярваа гэж нөхөр авлига авч байгаад яг үйлдэл дээрээ баригдсан мэтээр олон нийтийн сүлжээ, хэвлэлээр баахан сэвсэн. Яг ийм нөхцөлд орчин цагт баталгаатай “Нөгөө хэцүү нэртэй газар руу” гэсэн үг биз дээ. Тиймээс надад тэр газар руу орох уу, авлигачин болох уу гэсэн сонголт байсан. Яаж ч бодсон тийшээ орсон ч авлигачин болно. Гарсан ч авлигачин шүү дээ. Надад нэг л юм бодогдсон. Амьдралынхаа төгсгөлд алдартан, авлигачин хоёрын очих цэг адилхан болсон хойно гэж л шийдсэн асуудал л даа.
-Өөрийн тань мөнгө байсан юм уу?
-Тийм ээ. Өөрийн мөнгө байсан юм. Авлигынх гээд сэвээд байсан тэр мөнгийг дараа нь надад тоо ёсоор нь буцаагаад хүлээлгэж өгсөн.
Нарийн ширийн юм яривал ярина. Гэхдээ нэгэнт болоод өнгөрсөн асуудал. Өнгөрсөн хойно гоншигнож элдэв юм яриад яахав дээ.
-Ярилцсанд баярлалаа

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Амралтын өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршлууд DNN.mn

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр буюу дөрөвдүгээр сарын 15, 16-нд болох гэж байна.

Өргөтгөсөн худалдааг есөн дүүргийн 35 байршилд зохион байгуулна.

Хонины нөөцийн махыг гулуузаар нь худалдахад нэг килограммыг 8,300 төгрөгөөр борлуулна. Энэ нь бусад зах, худалдааны төвүүдээс 20-25 хувиар хямд үнэ юм байна.

Дээрх үйл ажиллагаанд татварын байгууллага, мал эмнэлгийн газар, Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн ЗДТГ хяналт тавьж ажиллана.

“Бэлтгэсэн нөөцийн махны 65 хувь нь хонь, 35 хувь нь үхрийн, таван хувь нь ямааны мах байгаа” хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэнд хэлж байв.

БАЙРШИЛ:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг

Зураг

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Х.Цэвэлмаа: 1072 хувьцааны ногдол ашгаар нүүрс угаах үйлдвэр барихад иргэдийн хувьцаа жилд хэдэн хувиар өсөх юм DNN.mn

МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал доктор, профессор Х.Цэвэлмаатай ярилцлаа.


-Эрдэнэс Таван толгойн 1072 хувьцааны ногдол ашиг болгон тараах мөнгөөр нүүрс угаах үйлдвэр байгуулъя гэж БЭТ санал гаргажээ. Энэ ер нь зөв үү?

-Таван толгойн ордын тодорхой хувийг Монгол Улсын иргэд эзэмшиж байгаа. Өөрөөр хэлбэл, 1072 хувьцаа гэдэг бол тухайн өрхийн орлого, хуримтлал болох юм. Энэ хуримтлалыг хэ рвээ нүүрс угаах үйлдвэрт шилжүүлэх гэж байгаа бол тэрийг хэдэн хувиар өсгөх вэ гэдэг амлалтыг Засгийн газар давхар авах хэрэгтэй болно. Гэтэл нүүрс угаах үйлдвэр чинь шууд авсан орлогыг нь жил тутам өсгөж өгнө гэж амлаж чадахгүй. Учир нь үйлдвэр байгуулахад эхний хэдэн жил өндөр зардалтай явна. Ард түмэн өөрийнхөө хувьцаанаас ногдож байгаа хувийг нүүрс угаах үйлдвэрт тав, зургаан жил өсгөхгүйгээр өгөх үү гэдэг асуудал үүснэ. Иймд энэ ажлыг эхлүүлэхээсээ өмнө юуны түрүүнд ард иргэдээс асуухаас өөр аргагүй. Тэрнээс шууд Засгийн газар иргэдэд ногдол ашиг хуваарилна гэчихээд өөрсдөө эргүүлээд татан төвлөрүүлэх нь эдийн засгийн хувьд боломжгүй шийдвэр гэж харж байна. Дахиад нүүрс угаах үйлдвэрийг хэн байгуулах гэж байгаа вэ гэдгээс хамаарч энэ асуудал гарч ирнэ. Хэрвээ нүүрс угаах үйлдвэрийг төр өөрөө байгуулах юм бол ард иргэд тийм ч таатай хандахгүй. Яагаад гэвэл төрийн өмчийн компаниуд өнөөдрийг хүртэл ашигтай ажилласан нь хэд билээ гэж асуухад хүмүүс бол ер нь толгой сэгсэрнэ. Хоёрдугаарт, төрийн өмчийн компанийн засаглал ямар байгаа билээ дээ. Ийм засаглалтай тохиолдолд үйлдвэр байгууллаа гэхэд энэ мөнгө нь төрийн өмчит компанийн техник, эдийн засгийн үзүүлэлтийн урьдчилсан санхүүжилтийн хэдэн хувийг хангах мөнгө вэ. Хэрвээ тодорхой хэсгийг гэж үзэж багаа бол ийм шийдвэр гаргаад хэрэггүй. ТЭЗҮ-ийн хэдэн хувийг хангаж байгаа вэ гэдгээс хамаарч байж шийдвэрээ гаргавал зүгээр юм. Гуравдугаарт, нүүрс угаах үйлдвэр дандаа зардалтай гарч байгаа тохиолдолд ашиг орлого яригдахгүй. Тэгэхээр хүмүүс дуртай байх уу.

-Нүүрс угаах үйлдвэрийг хувийн хэвшилд хариуцуулбал илүү ашигтай ажиллуулж чадах байх даа?

-Хэрэв иргэдийн 1072 хувьцааны ногдол ашгаар нүүрс угаах үйлдвэр байгуулна гэвэл хувийн хэвшилтэйгээ мөн л зөвшилцөж таарна. ТЭЗҮ-ийн тодорхой хувь нь 1072 хувьцаанаас бүрдсэн гэж үзэхэд дахиад л иргэдээс асуух хэрэгтэй болно. Ингэж асуухгүйгээр нүүрс угаах үйлдвэрт оруулна гэдэг бол оновчтой хөгжлийн гарц биш л дээ. Өөр нэг талаас нь харъя. 1072 хувьцааны хуримтлагдсан ногдол ашиг баялгийн санд орлоо гэхэд энэ сан өөрөө тогтвортой түвшинд хүрсэн бил үү. Тогтвортой түвшинд хүрснийхээ дараа иргэдийн ногдол ашгийг өсгөхөөр нүүрс угаах үйлдвэрт тодорхой хэмжээний санхүүжилт хийж болох болов уу гэж харж байна л даа. Гэтэл баялгийн сангийн эрх зүйн орчин тодорхой болоогүй байгаа нөхцөлд шууд хуваарилалт хийнэ гэж ярихаар энэ нь дутуу дулимаг шийдвэр гэж харагдаад байна л даа.

Яг энэ үйлдвэрийг босгоод санхүүжүүлээд цаашид тогтвортой ажиллах шийдвэрийг ул үндэстэй гаргавал яасан юм бэ. Дараагийн том асуудал нь төрийн өмчит компаниудын санхүүгийн менежментийн асуудал зах зээлийн тогтолцооны зарчмаар ажиллахгүй байгаа юм. Хамгийн энгийнээр харахад нэг тэрбум төгрөгийг хөрөнгө оруулсан бол гурван жилийн дараа 1.3 тэрбум төгрөг болсон байна гэвэл энэ нь хүмүүст тодорхой харагдана. Гэтэл хэдэн төгрөг оруулаад хэд болгох гэж байгаа вэ, хэдий хугацааны дараа яаж өсөх вэ гэдгийг төрийн өмчит компаниуд өнөөдрийг хүртэл жишээ гаргаж байгаа нь ховор байгаа юм. Ер нь олон талаас авч үзвэл энэ шийдвэр тулхтай, олон талаас авч үзсэн ч хөгжлийн бодлогын шийдэл гарц гэж харагдахгүй л байна.

-1072 хувьцааны ногдол ашиг гэдэг бол иргэдийн хөрөнгө. Гэтэл өнгөрсөн хугацаанд тасалдсан. Хэрэв энэ мөнгө цаг тухайдаа иргэдэд очиж байсан бол эдийн засгийн эргэлтэд орох байсан. Ядаж л банкинд хадгалуулж байвал өсөх байлаа шүү дээ?

-Санал нэг байна. Ер нь аль ч талаас нь харсан олон байгууллага өнөөдөр иргэдийн санхүүгийн боловсролын асуудлыг хөндөн ярьж байна. Гэтэл Засийн газар өөрөө санхүүгийн ямар боловсролтой байна вэ. Төрийн өмчийн байгууллага, Засгийн газарт санхүүгийн талаас нь шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлдэг, зөвлөгөө өгдөг асуудал үнэхээр сул байна. Ямартай ч зах зээлийн зарчмаар шийдвэрүүд нь төдийлөн сайн явагдахгүй байна.

Иргэдийн 1072 хувьцааны хуримтлуулсан хөрөнгө энэ байна гээд шилэн дансаар харуулах хэрэгтэй л дээ. Нүүрс угаах үйлдвэрийг таван жилийн хугацаанд баригдах хооронд бидэнд энэ мөнгийг тодорхой хэмжээгээр өсгөж өгнө гэсэн хэлцэл хийх ёстой. Магадгүй зарим хүмүүс хөрөнгийн зах зээлд орох гэж байгаа бол хүлээн зөвшөөрч болох байх. Энэ тохиолдолд нэг талаас шууд шийдвэр гаргах юм бол ардчилсан зах зээлийн тогтолцоотой манай нийгэмд сайн шийдвэр болохгүй гэж харагдаад байна.

-Ер нь нүүрс угаах үйлдвэр Монгол Улсад зайлшгүй хэрэгтэй. Эдийн засагт үр өгөөжөө өгөх энэ үйлдвэрийг байгуулахад хөрөнгө оруулалтыг шийдэх өөр ямар гарц байна вэ?

-Үнэхээр энэ үйлдвэрийг хувийн хэвшил сонирхож байна уу, Монгол Улсын хөгжил цэцэглэлт, цаашид бүтээмж, орлого гээд эдийн засгийн олон үзүүлэлтийг хангах талаас аваад явах уу гэдэг шийдэл, зөвшилцөл бол номер нэг асуудал юм. Өмчлөл, хяналт нь тус тусдаа болохоор хувийн хэвшлийн засаглал үнэхээр соёл болоод тогтчихсон. 1072 хувьцааны санхүүжилтийг аваад үйлдвэрийн ТЭЗҮ-ийн тодорхой хувийг аваад явна гэвэл ийм хувилбар байж болно. Хувийн хэвшил өөрөө санхүүжилтийн дутуу гарч ирвэл тэрийг оруулах сонирхолтой бол аваад явна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг бас татаж чадвал боломжтой. Өнөөдөр нүүрсний том, том компаниуд хувийн хэвшилд байна. Ингэж чадвал хувийн хэвшлийн бизнесийн өргөжилт, тэлэлт болно гэсэн үг.

-Монголбанкны ерөнхийлөгч сая хэвлэлийнхэнтэй уулзахдаа Хятадтай хийсэн своп хэлэлцээрийн таван их наяд төгрөг байгаа гэж хэлсэн. Энэ нь ямар учиртай хэлэлцээр юм бол?

-Ер нь нэг тогтмол ханшаар хэлэлцээр хийгээд тодорхой хугацааны дараа тэр мөнгөн дүнг төлнө гэсэн утга. Таван их наяд төгрөгийн хэлэлцээр нь юунд авсан бэ гэдэг асуудал гарч ирнэ л дээ. Энэ нь нүүрс, зэсийн салбарт уу. Эсвэл Монголбанк гадаад валютын хэлэлцээрийн нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд авсан своп хэлэлцээр үү гэдгээс хамаарч өөр, өөр байх юм.

-Монгол төгрөгөөр авбал манай талд ашигтай байх нь ээ?

-Ханшийн зөрүүний асуудал гарч ирэхгүй. Тогтмол үнийн дүн өөр бусад хэлбэлзэл орж ирэхэд нөлөөлөхгүй гэсэн үг. Бидний дийлэнх своп хэлэлцээрүүд гадаад валютаар хийгдэж байгаа учраас эдийн засаг их савлагаатай байгаа үед ханшийн зөрүүгээр алдаж байдаг юм. Тиймээс төгрөгөөр тооцож явах нь бидэнд ашигтай.

-Сүүлийн өдрүүдэд долларын ханш 20 төгрөгөөр бууж байх шиг байна. Энэ нь юутай холбоотой вэ. Түр зуурын үзэгдэл үү. Эсвэл цаашид буурсаар байх болов уу?

-Олон хүчин зүйлийн нөлөөтэй. Нэгдүгээрт, инфляц талаас харахад эрэлт нийлүүлэлтийн давхар нөлөөтэй. Нийлүүлэлт талаас нь авч үзвэл бизнесийн зээлийн өсөлт буурчихсан. Ихэнх бизнесүүд үйлдвэрлэлийнхээ түүхий эдийг гаднаас авах гээд зээлийн эрэлт нэмэгддэг. Гадаад валютын эрэлт дагаад нэмэгдэнэ. Дотоод бизнесийн зээл буурчихаар гадаад валютын эрэлт буурна. Энэ тохиолдолд төгрөгийн доллартай харьцах ханш суларсан байж болох талтай. Монголбанк өөрөө хатуу мөнгөний бодлого явуулж байгаа, мөн бодлогын хүү өсгөсөн. Банк хоорондын зээлийн хүү өндөр түвшинд байна. Ийм байгаа тохиолдолд арилжааны банкууд төв банкнаас доллар худалдаж авах, эргээд худалдах үйл явцын үр дүнд зээлийн эрэлт нь буурч магадгүй. Хэрэглэгчдийн хувьд аваад үзэхэд өнөөдөр инфляцийн өндөр түвшнээс болоод хүмүүсийн хувьд нефть, махнаас бусад бараа бүтээгдэхүүний үнэ өндөр өсөлттэй байна. Энэ хэмжээгээр хүмүүс импортын бараа бүтээгдэхүүний хэрэглээ татарч байгаа. Иймд гадаад валютын эрэлт хэрэгцээ бага болж байгаа болов уу.

-Ер нь долларын ханш буурсаар 2000 төгрөг рүү орох боломжтой юу?

-Манай эдийн засгийн өсөлт, хөдөлмөрийн бүтээмж инфляц гээд олон хүчин зүйл эдийн засгийг тогтворжуулахад нөлөө үзүүлдэг. Бид эдийн засгийн хөгжлийг идэвхжүүлэх хүчин зүйлээ хараад байна л даа. Зөвхөн экспорт, импортоо л харж байна. Бас иргэдэд мэдээлэхгүй зүйл их байна. Үндсэндээ технологийн манлайлагчид байх юм бол бусад нь дагалдаад, инноваци бүх салбарт шингэх боломжтой. Өөр нэг санаа гэвэл тодорхой хэмжээгээр төгрөгийнхөө худалдан авах чадварыг дээшлүүлэхийн тулд өрсөлдөөнд саад болоод байгаа зүйлийг харах хэрэгтэй. Зарим талаар хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх гэж байгаа гээд Засгийн газар өөрөө саад болоод байна. Жишээлбэл, Газар тариалангийн корпораци. Хөдөө аж ахуйн салбарыг өнөөдөр төрийн өмчид байлгах нь зах зээлийн тогтолцооны арга мөн үү. Хамгийн их муугаараа хэлүүлдэг, хамгийн их орлого бүтээх, ажлын байрыг хангах салбарт санхүүжилт өгөх байгууллага нь төрийн өмчит байна. Үүний үр дагавар нь урт хугацаандаа хөгжилд нэмэр болж, төгрөгийн ханшийг тогтвортой барина гэдэг нь бүрхэг харагдаад байна л даа. Ер нь төгрөгийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй.

-Төгрөгийн худалдан авах чадвар хэдийд, яавал дээшлэх вэ?

-Дотоодынхоо бараа бүтээгдэхүүнийг иргэд нь илүү итгэл үнэшилтэйгээр худалдан авч, тэр бараа бүтээгдэхүүний үнэ нь өрхийн зардалд өндөр хувь эзлэхгүй байхад бидний амьжиргааны түвшин сайжирна. Ингэснээр инфляцийн түвшин тогтворжиж, төгрөгийн худалдан авах чадвар дээшилнэ. Эдийн засгийн ухаанд бид орлого үнийн харьцаа, худалдан авах чадварын өсөлт, нэг хүнд ногдох бодит орлого гэдгийг яриад байна л даа. Зах зээлд өнөөдөр өрхийн бодит орлого хэдэн хувиар өсч байгаа вэ гэдэг зах зээлийн ойлголтыг үндсэндээ төдийлөн сайн мэдээлэхгүй байна. Үнэхээр зах зээлд салбарын болон өрхийн бодит орлогын өсөлтийг ярьдаг бол өрхүүд тухайн бараа бүтээгдэхүүнд өөрийнхөө өрхийн зарлагыг хэрхэн хуваарилах вэ гэдэг шийдвэр гаргалтыг илүү дээшлүүлэх боломжтой. Зөвхөн бараа бүтээгдэхүүнд орлогоо хуваарилах гэдэг дээр нэмээд олсон орлогоосоо хуримтлуулах гэдэг санаа байснаар эдийн засаг тэнцвэр дээрээ тогтвортой байх, цаашлаад өсөх хандлага явагдана. Бодит байдал дээр хүн амын дийлэнх нь үл хөдлөх хөрөнгө худалдаж аваад зээлийн барьцаанд, сургалтын төлбөр төлөөд хадгаламжаа барьцаанд, хэрэглээний зээл аваад цалингаа барьцаалж байна. Дээр нь зээл авч болох бүх эх үүсвэрүүдийг ашиглаад ирэхээр өрх, бизнес, Засгийн газар гээд аль аль нь зах зээлийн тэлэлтэд орж байгаа юм. Ийм нөхцөлд бид төгрөгөө тогтвортой байлгах юм. Тэгэхээр төгрөгийн доллартой харьцах харьцаа буурч байгаад 2000-д хүрэх болов уу гэдэг төсөөллийг дэвшүүлэх нь өнөө үед хүнд байна л даа.

-Манай улсын эдийн засгийн онцлогт тохируулж дэлхийгээс мөнгө босгох ямар боломжууд байна вэ?

-Улс орны өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн тулд капиталын гадагшлах болон дотогшлох урсгалаар эдийн засгийн хөдөлгөөнийг идэвхжүүлж байх хэрэгтэй. Энэ нь манайд сул байгаа юм. Магадгүй өнгөрсөн 20 жилийн хөгжлийн туршлагаас харахад нэг салбар ажиллалаа гэхэд тэр доторх зарим шат дамжлага нь тасалдаад байхгүй болчихсон. Жишээлбэл, ноолуурын салбар байна. Яагаад энэ салбарт өнөөдөр өртөг нэмэгдэж чаддаггүй, бас гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын урсгал сул байна вэ гэдгийг харах ёстой. Энэ салбарт ээрмэл, сүлжмэл хоёр шат дамжлага сүүлийн 30 жилийн хугацаанд байхгүй болсон. Өнөөдөр нэхмэлийн үйлдвэрүүд ажиллаад байна. Ноолуурыг малчдаас худалдаж авдаг дундын зуучлагчид ажиллаад байна. Гэтэл энэ салбар бүтэн шат дамжлагаараа нөхөгдөөд, нэмэгдсэн өртөгийг нь тооцох гэхээр хоёр салбар нь байдаггүй. Тийм болохоор энэ салбарт өртөг нэмж чадахгүй. Наад зах нь угаасан ноолуур гаргадаг байж байгаад самнасан ноолуураа гаргадаг болох гэтэл сая Засгийн газар шийдвэр гаргаад больчихлоо. Тэгэхээр бид дотооддоо өртөг нэмэх хамгийн наад захын экспортынхоо салбарыг дэмжихгүй байгаа юм биш үү. Ер нь Монгол Улс гадаад зах зээлд гарах, өөр зах зээлд нэвтрэх замыг засах ёстой. Гэтэл бид салбараа хөгжүүлэхдээ хооронд нь холбоотой авч үзэж, урт, дунд хугацаандаа ямар өгөөжтэй, салбарт нь юу нь хамгийн их зардалтай байгааг харахгүй байна. Ингэж харж чадвал тодорхой хэмжээгээр явах гээд байдаг. Харин хувийн хэвшил харж чадаад байна. Хамгийн гол нь хөгжлийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлж байгаа харилцан чиг үүрэг бүхий яамдуудын уялдаа холбоо одоо хүртэл сул хэвээр байна

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Хар бар өдөр DNN.mn

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 14, Сугар гариг. Билгийн тооллын 24, булаагч одтой одтой, хар бар өдөр. Өдрийн наран 6:06 цагт мандан, 19:39 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.