Categories
мэдээ нийгэм цаг-үе

Маргаашнаас төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Ойрын хоногуудад баруун аймгуудын ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай, ихэнх нутгаар хуурайшил ихтэй байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

16-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +11…+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +22…+27 градус, бусад нутгаар шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +16…+21 градус дулаан байна. 18-нд нутгийн баруун хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Гэр, гэртээ мод тарьцгаая DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВ…………..


Гадаадынхан манайд жуулчлахдаа мод тарих болж байна. Тэд улаан халцгай Монголыг хараад сэтгэл нь өвдөхд өө ямар ч байсан мод тарьж таарна хэмээн манайхан үзэв бололтой. Гэхдээ тэд мод тарьсны хөлс авахгүй. Харин ч өөрсдийнхөө мөнгөөр модны үрсэлгээ авч тарих ажээ. “Үгүй ээ, та минь ээ” гэгчээр гадны хүмүүсээр өөрсдийнх нь мөнг өөр мод тариулна гэж хөөрц өглөж байхаар монголчууд өөрсдөө мод тарьж болдоггүй Гэр, гэртээ мод тарьцгаая юм уу. “Монголчууд модыг малынхаа төл шиг боддог. Тэднийг өөрсдөө ургаад явчих ухааны юм санан, арчилгаа хийдэггүй” хэмээн манай нэрт нийтлэлч Б.Цэнддоо хэлдэг. Энэ төөрөгдлийг хүчээр арилгаж, тарьсан л бол ургуулдаг болгож сургах хэрэгтэй байна. Улаанбаатар хотыг хэдэн зуун мянган яндантай гэж ирээд л утааны тухай ярих тоолондоо дарга нар маань хэлж байдаг. Тэгвэл яндантай болгон хашаандаа мод тарих хэрэгтэй байна. Гэрээ паартай байшин болгож чадахгүйгээс хойш утаа үйлдвэрлэн, хотыг утаж байгаадаа хариуцлага хүлээх ёс суртахуунтай болцгооё. Үүнд маш бага зардал орно. Зөвхөн сэтгэл хэрэгтэй. Тарих модыг нь төсвөөс өгөөд хашааных нь гадаа хүргэчих хэрэгтэй. Яаж тарих, яаж арчлахыг нь зааж өгөхөд л болно. Харин ургуулаагүй өрхтэй хатуу хариуцлага тооцох хэрэгтэй байна. Төр засгаас усны мөнгөний тодорхой хувьд л хөнгөлөлт үзүүлэхэд болох мэт санагдана. Ингэсэн байхад манай хот ногоон болно. Юм чаддагг үй чаддаггүй гэхэд тарьсан ганц модоо өдөрт нэг услаад байхаа мэдэхгүй байвал арай дэндэнэ. Дээр нь үүнийгээ хөөрөлхөж, гадныхнаар мод тариулна гээд сууж байх ч гэж дээ. Гадныхнаар мод тариулж байхаар гэр, гэртээ мод тарьцгаая.

Ж.САНДАГДОРЖ

Categories
мэдээ улс-төр

Ирэх долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд DNN.mn

Улсын Их Хурлын чуулганы 2023 оны дөрөвдүгээр сарын 20, 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг танилцуулж байна.

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

· Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нарын 7 гишүүн 2023.03.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2023.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудал

· Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны тайлан, санал, дүгнэлтийг танилцуулах

· Ерөнхий сайдын мэдээлэл: Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмж, чанар, стандартыг сайжруулах талаар

10.00

“Их хуралдай”

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өргөтгөсөн худалдаагаар хонины гулууз махыг килограммыг нь 8300 төгрөгөөр худалдана DNN.mn

Нөөцийн махны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2023 оны дөрөвдүгээр сарын 15-16-ны өдрүүд буюу энэ амралтын өдрүүдэд нийслэлийн 9 дүүргийн 35 байршил махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна.

Өргөтгөсөн худалдаагаар хонины гулууз махыг килограммыг нь 8300 төгрөгөөр худалдана.

Categories
мэдээ улс-төр

“Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл”-д иргэдээс санал авч эхэлжээ DNN.mn

Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 54 дүгээр тогтоолоор хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт-тэнцлийг хангах хүрээнд төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнийг төлөөлөх Улсын Их Хурлын гишүүний тоог шинэчлэн тодорхойлох, Улсын Их Хурлын сонгуулийн дэвшилтэт тогтолцооны зарчмыг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулах асуудлыг судлан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан.

Мөн Улсын Их Хурал 2022 оны 34 дүгээр тогтоолоороо Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах зорилгоор олон нийтийн саналыг судлах сэдвийн хүрээг тогтоож үүндээ хүний эрхийн талаарх Үндсэн хуулийн хамгаалалтыг бэхжүүлэх, ард түмнийг төлөөлөх парламентын чадавх, хариуцлагыг нэмэгдүүлэх, хот, хөдөөгийн хөгжлийг дэмжих зэрэг асуудлыг багтаасан байдаг.

Улсын Их Хурлаас 2023 оны 1, 2 дугаар сард зохион байгуулсан “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын дүнг үндэслэн гаргасан Зөвлөмжид иргэдийг төлөөлөх парламентын чадавхыг нэмэгдүүлж төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх талаар, Монгол Улсын Их Хурлын сонгуулийг явуулахдаа мажоритар болон пропорциональ аргыг хослуулах нь зүйтэй талаар тус тус дэмжсэн дүн гарчээ.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай болон Хууль тогтоомжийн тухай хуулийн шаардлагад нийцүүлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг боловсрууллаа. Энэ төсөлд Улсын Их Хурлын 2022 оны 34, 54 дүгээр тогтоол, “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжийг баримтлан хүний эрхийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, иргэний эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаатай хангах, сонгуулийн холимог тогтолцоог тусгах, иргэдийг төлөөлөх парламентын чадавхыг нэмэгдүүлэх, хөдөөгийн сэргэлтийг дэмжих, хэт төвлөрлийг сааруулж, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн өөрчлөлтийг тусгалаа.

Татаж авах:

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл: Татаж авах

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл (энгийн): Татаж авах

Та бүхэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй танилцан санал, зөвлөмжөө Монгол Улсын Засгийн газарт info@cabinet.gov.mn хаягаар ирүүлэх, эсвэл 51-263054 дугаарын утсанд залган саналаа ирүүлээрэй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭЕШ зургадугаар сарын 15-нд эхэлнэ DNN.mn

Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-өөс 2023 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалт(ЭЕШ)-ын хуваарийг танилцууллаа.

ЭЕШ зургадугаар сарын 15-нд Улаанбаатарын цагаар 10:00 цагт Түүхийн хичээлийн шалгалтаар эхэлнэ. Тухайн өдөр Англи хэлний шалгалт мөн зохион байгуулагдах юм.

Энэ жил улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн арванхоёрдугаар анги төгсөгчид болох 34,117 шалгуулагч байна.

Мөн өмнөх оны төгсөгчид нэмж бүртгүүлснээр нийт 40 мянга орчим шалгуулагч энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өгөх урьдчилсан тооцоолол бий.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ​“Дугуйтай гудамж” өдөрлөг болно DNN.mn

“Дугуйтай гудамж” төслийн хүрээнд өнөөдөр /2023.04.15/ унадаг дугуйн хэрэглээг сурталчилсан анхны өдөрлөг Сүхбаатарын талбайд болно.

Уг өдөрлөгт дугуйтай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, клуб, баг тамирчид, сонирхогчид болон бусад байгууллагуудыг оролцуулах зорилготой аж.

Өдөрлөгөөр:

  • Дугуйн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ
  • Банкнуудын ногоон зээлийн танилцуулга
  • Дугуйн түрээсийн үйлчилгээ
  • Дугуй сонирхогчдын чөлөөт худалдаа, солилцоо
  • Бүх насны хүүхдийн дугуйн уралдаан
  • Ахмадын зөвлөлөөс анхан шатны дугуйн сургалт, зөвлөгөө
  • Дугуйн түүх хөгжлийг харуулсан үзэсгэлэнг дэлгэх аж.
Categories
мэдээ спорт цаг-үе

М.Лхагвагэрэл Ази тивийн аварга боллоо DNN.mn

Казахстаны нийслэл Астана хотод үргэлжилж буй чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр монголын шигшээ багийн тамирчин М.Лхагвагэрэл алтан медаль хүртлээ.

Эрэгтэйчүүдийн 125 кг жинд М.Лхагвагэрэл Хятад, Ираны бөхчүүдийг ялж финалд шалгарсан бөгөөд алтан медалийн төлөө Казахстаны Юсүп Батырмурзаевыг ялж анх удаа тивдээ аваргалав. Монголын чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг 2015 оноос хойш найман жилийн дараа алтан медаль авлаа. Мөн 61 кг жинд Түмэнбилэгийн Түвшинтулга Узбекистаны тамирчныг ялж, 74 кг жинд Олонбаярын Сүлдхүү Өмнөд Солонгосын тамирчныг ялж, Ганбаатарын Ганхуяг Узбекистаны тамирчныг ялж хүрэл медаль хүртсэн.

Харин 86 кг жинд Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ Японы тамирчинд ялагдаж тэмцээнээ дуусгасан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Мөнхбат: Манай улс ойролцоогоор 300-400 орчим нэр төрлийн уламжлалт тантай DNN.mn

Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн үйлдвэрчний хорооны дарга, ахлах зэргийн эмч Н.Мөнхбаттай тан болон түүнийг хэрхэн хэрэглэх талаар ярилцлаа.


-Уламжлалт эмчилгээний салшгүй нэг хэсэг нь ургамлын тан. Монголчууд хичнээн нэр төрлийн тан хэрэглэж байна вэ?

-Уламжлалт анагаах ухаан 5000 гаруй жилийн түүхтэй. Эрт үеэс өнөөг хүртэл хөгжиж ирсэн. Уламжлалт анагаах ухааны нэг засал болох монгол төөнө ЮНЕСКО-д бүртгэгдсэн байдаг. Монгол төөнө нь монголчуудын уламжлалт аргаар хийгдсэн, гурван төрлийн эмийн түүхий эдийг самбай даавуунд боож шар тосоор хүний биеийн өвчнөөс нь хамаараад тодорхой цэгүүдэд хийдэг нэг төрлийн засал юм. Ингэснээр дархлаа сэргээж, хий даран, тамир тэнхээ сайжруулах зэрэг олон төрлийн ач холбогдолтой засал эмчилгээ юм. Уламжлалт анагаах ухаанд өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчлэх гол зарчим бол эмийн эмчилгээ, засал эмчилгээ, идээ ундаа, явдал мөр зэргийг хослуулан хэрэглэх юм. Тэр тусмаа уламжлалт анагаах ухааны эмч нар оношлогоог хийхдээ судас барьж, таван цэцэг (хэл, нүд, уруул, хамар, чих)-ийг нь үзэж, гурван хирийг (шээс, өтгөн, хөлс) шинжилдэг учраас Европын анагаах ухаанаас ялгаатай. Мөн уламжлалт анагаах ухаанд хүний биеийг хий, шар, бадган гэсэн гурван махбодид хуваан үздэг. Хий махбодьтой хүн туранхай, өндөр, хурдан шаламгай, яриасаг онцлогтой. Хий ихтэй хүмүүс нойргүйдэх хандлагатай байдаг. Тиймдээ ч нойргүйдсэн үед шим сайтай хоол идэхийг зөвлөдөг. Хийцтэй цай, хуйхалсан хонины толгой идэж болно. Хийгээр нойргүйдсэн үед хий дардаг идээ ундааг элбэг хэрэглэх нь чухал. Шар махбодид хурц зан араншинтай, эрүүл чийрэг бие бялдартай хүн хамаардаг.

Бадган махбодид тайван, амгалан, нойрондоо сайн, махлаг, намхан төрлийн хүмүүс багтана. Гэхдээ ганц хий, шар, бадган махбодьтой хүн гэж байдаггүй. Хавсарсан байдлаар ч байж болдог. Эдгээр гурван бие махбодь хэр их арвидаж, хорогдож, хямралдсанаас хамаараад хүн өвчилж байдаг. Тэгэхээр уламжлалт анагаах ухаанд олон шалтгаан нөхцөлөөс үүссэн өвчин эмгэгийг уламжлалт тан, засал, идээ ундаа, явдал мөрөөр засаж өгдөг. Ингэснээр өвчнөөс сэргийлэх, даамжруулахгүй эдгээхэд гол ач холбогдолтой.

-Танг хэрхэн хэрэглэх вэ. Танай хүрээлэнгийн дэргэдэх эмнэлгийн хувьд хичнээн нэр төрлийн тан бэлтгэн гаргаж байна?

-Уламжлалт эм нь тан, талх, үрлэн эмийн хэлбэртэй байдаг. Эм засал буюу танг аль өвчний үед хэрхэн хэрэглэх талаар заасан байдаг. Манай эмнэлгийн хувьд 130 гаруй нэр төрлийн судлагдсан уламжлалт эм бий. Эдгээрээс эмийн үйлдвэрт 108 төрлийг үйлдвэрлэж байна. Улсын болон хувийн чанартай эмнэлэг, сургуулиуд хувьдаа эмнэлэг, эмийн үйлдвэрүүдтэй байдаг. Тухайн эмнэлгүүд нь судлагдсан эмийн хэрэглээтэй. Монгол Улсын хувьд ойролцоогоор 300-400 орчим нэр төрлийн уламжлалт тантай.

-Монголчууд “ковид-19” өвчний үед танг түлхүү хэрэглэж байсан. Тэгэхээр европ эм болон танг хавсарсан байдлаар ууж болох уу?

-“Ковид-19” өвчний үед МАНА-4, НОРОВ-7 танд Монгол даяараа уулаа. Эдгээр нь найрлагын хувьд ялгаатай хоёр төрлийн тан юм. Хоёуланг нь буцалгаж хэрэглэдэг. МАНА-4 танг ууж байгаа тохиолдолд НОРОВ-7-г заавал хавсарч уух шаардлагагүй. Ихэнх тангууд цаасан ууттай байдаг. Түүнийг нь задлаад 150-200мл аяга усанд хийгээд л зөөлөн гал дээр 15 минут буцалгаад бүлээнээр нь уучихна. Түүнчлэн энэ эмнүүдээ хөлөглөж ууж болно. Хөлөглөнө гэдэг нь хүчийг нь нэмнэ гэсэн үг. Жишээлбэл, гурван шимтийн яс буюу борви, тойг, далны шөлөнд буцалгаж ууж болдог. Ингэснээр тангийн хүч нь нэмэгдэж илүү дархлаа сэргээх ач холбогдолтой болдог. Уламжлалт анагаах ухаанд эм уух ёс, цаг байдаг. Хийн эмийг ихэвчлэн өглөө юмуу оройгоор ууна. Шарын эмийг өдөр ууна. Мөн европ эмтэй хоршуулж ч ууж болдог. Хоорондоо харшилдах зүйл бараг л байдаггүй. Харин ургамлын харшилтай болон эм, тангийн найрлагад орсон түүхий эдийн харшилтай бол эмийн гаж нөлөө үзүүлж болно.

-Цус шингэлэх тан байдаг уу. Ер нь цусыг хэрхэн шингэлдэг вэ?

-Европ анагаах ухаан төдийгүй уламжлалт анагаах ухаанд ч гэсэн цусыг шингэлэх тухай их ярьдаг. Аспирин, Зилт75мг болон бусад нэр төрлийн эмнүүд цус шингэлдэггүй тухай УГТЭ-ийн зүрх судасны тасгийн эмч нар хэлсэн байдаг. Харин цус бүлгэнэх үйл ажиллагаанаас сэргийлдэг. Цус өтгөрч бүлэгнэснээр өөрийн хэмжээ диаметртэй судсыг очиж бөглөснөөр цус харвалт үүсгэх эрсдлийг бүрдүүлдэг. Тиймээс цус шингэлэх гол зүйл нь зүгээр л цэвэр буюу эрүүл хүчилтөрөгчийн хэрэгцээг сайжруулах юм. Эрүүл хүчилтөрөгчийн хэрэгцээг сайжруулснаар цус шингэрнэ. Дээр дурдсан эмүүдийг ууснаараа цусаа шингэлж байна гэж бодож болохгүй. Цэвэр агаарт гарах эсвэл коктейль уух, шингэн хүчилтөрөгч хэрэглэх зэргээр хүчилтөрөгчөө нөхөхгүй бол Улаанбаатарын утаанд эрүүл хүчилтөрөгч авах ямар ч боломжгүй шүү дээ. Нөгөөтэйгүүр эрүүл шинэ цус үүсгэх давуу тал нь цусны донор болох. Үүний ач холбогдол нь нэг удаад 400-600 мл цус өгдөг. Ингэснээр биед байгаа цусны эзлэхүүн багасна. Нэг талаараа эрүүл аргаар эрүүл цус төлжүүлэх юм. Мэдээж хүн бүр цусны донор болох боломжтой. Цус сэлбэлт судлалын төвд очиж үзүүлснээр та донор болох боломжтой үгүйг эмч нарын үзлэгийн явцад хэлээд өгнө. Үүнээс гадна маш олон төрлийн өвчний үед хийдэг засал эмчилгээ бол хануур засал. Ханш нээсэн үеэс бид энэ төрлийн заслыг илүү зөвлөдөг. Хануур засал хийх үедээ цус ялгах танг заавал уулгадаг. Энэ нь муу сайн цусыг ялгана. Эмчилгээний хувьд ач холбогдолтой, судалгаатай зүйл. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дэд захирал Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэрэндагва энэ чиглэлээр анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байдаг. Ингэхдээ хануур нь ямар ач холбогдолтой талаар илүү дэлгэрэнгүй судалсан, нотлогдсон арга гэдгийг гаргаж ирсэн юм. Энэ аргыг хэрэглэхдээ холын болон ойрын бэлтгэлийг ханган зориулалтын зүүгээр зөв хийснээр маш олон өвчнөөс урьдчилан сэргийлж чадна. Хануур заслыг 16-гаас доош насны хүүхдүүд, 75-аас дээш насны иргэдэд хийдэггүй. Харин зайлшгүй тохиолдлоор зарим нэг хүнд хийнэ.

-Тан гаж нөлөө үзүүлдэг үү?

-Бүх өвчин эмгэгт зориулсан тан байдаг. Хавдартай хүнд уулгадаг эрдэнийн үрэл ч гэж бий. Гэхдээ эмч үзэж онош тогтоогоод тан ууж болох болохгүйг хэлж өгдөг. Эмчийн заавраар уух нь хамгийн зөв. Өвчний явцаа мэдэхгүй эм авч ууснаар эмийн зохисгүй хэрэглээ болдгийн адил тогтоосон тунгаар уугаагүй тохиолдолд тан ч гаж нөлөө үзүүлж болно.

-Таны хувьд уламжлалт анагаах ухааны чиглэлээр хэдэн жил ажиллаж байгаа вэ?

-Би Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг 2010 онд төгссөн. Одоогоор Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн эмнэлэгт 13 дахь жилдээ ажиллаж байна. Энэхүү мэргэжлийг сонгож ажилласандаа туйлын баяртай байдаг. Бид өвөг дээдсийнхээ хэрэглэж ирсэн зүйлийг уламжлан өнөөг хүртэл хэрэглэж дадаад явж байна. Уламжлалт болон Европын анагаах ухаан зөрчилдөх асуудал өмнө нь байсан ч хоорондоо нэгдэж эмчилгээгээ хийвэл илүү хөгжиж, сайжирна. Уламжлалт анагаах ухааны чиглэлээр орон нутагт олон тасгууд ажиллаж байгаа. Эдгээр нь тухайн эмнэлгийн бусад нэгжтэй нягт хамтарч ажилладаг. Ингэж ажилласнаар хүмүүст илүү их тус хүргэнэ. Мөн үйлчлүүлэгчдийн амьдралын чанарыг сайжруулж өгөх юм. Уламжлалт болон Европын анагаах ухааны гол агуулга нь иргэний амьдралын чанарыг сайжруулах байдаг.

-Уламжлалт болон Европын анагаах ухааны тасаг нэгжүүд хамтарч ажилласнаар ямар ач холбогдолтой вэ. Жишээ яривал…?

– Бид нэг том зорилготой хоёр том салбарын төлөөлөл юм. Уламжлалт анагаах ухаан төдийгүй Европ анагаах ухаан нь цаг үргэлж нягт хамтарч ажиллах ёстой юм. Жишээ нь, Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд уламжлалт анагаах, нөхөн сэргээхийн тасаг гэж бий. Тухайн эмнэлгийн бусад тасгууд нягт хамтарч ажилладаг төдийгүй хэдэн жилийн өмнө мэс заслын тасагтайгаа хамтраад түгжрэлийг эмчилж байсан тухай бидэнд хэлж байсан юм. Мэс заслын тасгаас эхлээд түгжрэлийг уламжлал анагаах ухааны аргаар эмчлэхийг санал тавьсан. Тэгээд уламжлалт анагаах ухааны аргаар тухайн үйлчлүүлэгчийн биеийг эмчилж, хагалгаа хийлгэх шаардлагагүй болсон. Нэг хүн ч гэсэн нэг илүү зүсэлт хийлгэхээс аврагдаж байна гэсэн үг л дээ. Тэгэхээр ийм нягт холбоотой байж амжилт дагуулна. Энэ нь бусад орон нутгийн БОЭТ болон нэгдсэн эмнэлгүүдэд шинж жишиг тогтоож өгч байгаа хэрэг л дээ.

-Эмэгтэйчүүдийн өвчний үед улалмжлалт аргаар хэрхэн эмчилдэг вэ?

-Жирэмслэхгүй байгаа эмэгтэйг уламжлалт анагаах ухаанаар зүү, тан эмчилгээ болон бусад засал эмчилгээ хийгээд үр дүн их гардаг. Мөн жирэмсэн эхчүүд тонус өгөөд зулбах эрсдэлтэй байдаг. Зарим үед эрт хожуу үеийн хордлого ч өгнө. Үүнийг ч гэсэн бичил зүү (чихний зүү) эмчилгээний нэгэн аргаар хордлогоос нь сэргийлдэг. Заавал хордлого тайлах эмчилгээ хийлгэх шаардлагагүй.

-Танай эмийн үйлдвэрт тан хийхэд хичнээн төрлийн түүхий эд ашигладаг вэ. Түүхий эдээ хаанаас бэлддэг вэ?

-Тангийн найрлагад орох түүхий эд нь маш олон төрөл байдаг. Дотоодын болон гадаадын нийлүүлэлтээс бүрдүүлнэ. Манай эмийн үйлдвэрт үйлдвэрлэж байгаа эмээс хамгийн их найрлагатай нь буюу Агар-35 нь эмийн болон амьтны гаралтай 35 түүхий эдээс бүрддэг. Аймгуудаас энэ ургамал хаана ихээр ургадаг талаарх судалгааг хийдэг. Ургамал бүрийн иш, үндэс, үр болгон тэр өвчинд сайн гээд судлагдсан байдаг учраас тан бэлдэх зүйлдээ тохируулж ургамлаа түүдэг. Харин гадаад түүхий эдээ БНХАУ-аас авчирдаг. Манай хүрээлэнгийн эмийн үйлдвэрт одоогоор 17 ажилтан ажиллаж байна.

-Уламжлалт аргаар харшил эмчилж болох уу?

-Харшлын үед тан, зүү эмчилгээ, хануур заслыг ч хийдэг. Харшлаас гадна чихрийн шижин өвчин төдийгүй бүхий л өвчин эмгэгийн үед ч хануур заслыг хийнэ. Харшилд тийм тан сайн гээд хэлж болохгүй. Эхлээд эмчдээ үзүүлж онош тогтоож л ямар тан уухаа шийднэ.

-Хаврын улиралд хүн их ядардаг. Тэгвэл энэ үед ямар хоол унд хэрэглэвэл зохистой вэ. Зөвлөгөө өгнө үү?

-Орчин үед идээ ундаагаар дамжуулан өвчнөөс урьдчилан сэргийлдэг болсон. Хүн бүр л хоолны дэглэм барих ёстой гэдэг талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээмэл ярьдаг. Өвөг дээдэс маань эрт үеэс эхлэн хоол ундаа цаг үетэйгээ хослуулж хэрэглэдэг байсан. Зуны дэлгэр цагт цагаан идээ, хаврын улиралд илүү шим сайтай хоол хэрэглэх, өвөл нь мах, махан бүтээгдэхүүнээ голчлон хэрэглэж дулааны энергиэ нөхдөг. Мөн таван хошуу малын махаа аль улиралд идвэл илүү тохиромжтой вэ гэдгийг эртнээс л судалж ирсэн байдаг. Одоо ч хэрэгжүүлсээр явна. Өнөө цагт хоол ундны хэрэглээ илүү боловсронгуй болж, бэлэн бүтээгдэхүүн, даршилсан, шарсан хуурсан бүтээгдэхүүн их гарч, уламжлалт хэв маягаар хооллохоо больчихож. Ингэж хооллож ирэхээрээ л өвчин эмгэг тусах магадлал ихэсдэг. Хоолоо зохицуулж хэрэглэх уламжлалт аргыг л илүү анхаарч, цааш нь өвлүүлэх учиртай.

Хаврын улиралд шар идээ буюу бяслаг, ээзгий, шар тосыг хэрэглэх хэрэгтэй. Эрдэмтэд шар тосыг дархлаа сэргээдэг учир голчлон хэрэглэхийг зөвлөдөг. Бид цөсний чулуутай хүнд шар тос хэрэглэхийг зөвлөдөггүй. Хурц учраас цөсний чулууг нь хөдөлгөдөг. Тиймээс эхлээд хүнээ оношлох, дараа нь ямар бүтээгдэхүүн, ямар эм тан хэрэглэхийг хэлж өгдөг

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Сайнбаяр: Зэсийн үнэ 11 мянган ам.доллар болбол экспортын орлого 700 орчим сая ам.долларт хүрэх боломжтой DNN.mn


Нийгмийн ухааны доктор, эдийн засагч Б.Сайнбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Эдийн засаг эрчимжих үе ирж байна. Та эдийн засагч хүний хувьд энэ жилийн эдийн засгийн өсөлтийг яаж төсөөлж байна вэ?

-Таны хэлдгээр эдийн засаг энэ оноос урьд өмнөхөөсөө илүү эрчимжих хандлага ажиглагдаж байна. Тойргуудын төсөл, хөрөнгө оруулалтыг царцааж, томоохон төсөл хөтөлбөртөө анхаарсан Засгийн газрын бодлого үүнд том нөлөөтэй гэж үзэж байгаа. Тиймээс энэ жилийн эдийн засаг эрчимтэй агаад эрүүлээр өсөх бололцоотой. Нөгөөтэйгүүр эрх баригчид энэ онд улсын эдийн засгийн өсөлтийн тухайд “Оюутолгой”-н гүний уурхайн олборлолтод гол найдлага тавьж байна. Уг уурхайн гүний олборлолт эхэлсэн. Тэр утгаараа “Оюу толгой” дэлхийн хэмжээнд зэсийн гурав дахь том төсөл болж, хөрөнгө оруулагчид, Монгол Улсын Засгийн газарт ирж буй татварын болон бусад орлого нэмэгдэнэ гэсэн үг. Тус компанийн гүний уурхайн олборлолт ийнхүү эхэлснээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт дунд хугацаанд буюу 2023-2024 онуудад хурдасч зургаа орчим хувьд хүрэх төлөвтэй байгаа. Монгол Улсын гадаад валют гаргагчийн урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B” буюу тогтвортой хэвээр үлдээсэн. Худалдааны тасалдал, Украины дайны улмаас үүссэн нөлөө багасч, Монгол Улсын экспортын гол түүхий эд Хятадад эрэлттэй хэвээр байгаа тул дотоодын нийт бүтээгдэхүүн 2023 онд 6.3, 2024 онд 6.8 хувь хүртэл нэмэгдэнэ гэж төсөөлж байна. Энэ дан ганц миний төсөөлөл биш. Олон улсын эдийн засгийн томоохон судалгааны байгууллагуудын төсөөлөл.

-Тэгэхээр юутай ч энэ онд эдийн засгийн сэргэлт бодитой харагдана гэсэн үг үү?

-Ямар ч байсан эдийн засгийн агшилт явагдах боломжгүй. Төр, засгаас хэрэгжүүлж буй авлигатай тэмцэх болон хулгайтайгаа тэмцэх бодлогын нөлөөллөөр эдийн засаг улам бодитой өсөх нөхцөл бүрдэж байна. Нөгөөтэйгүүр сая хэллээ, “Оюу толгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилж, хил дамнасан дэд бүтэц сайжирснаар улс орны эдийн засагт илүү их үр өгөөж авчрах тул манай улс байгалийн баялгаа үр дүнтэй ашиглах боломжтой, ийм цаг үе ирээд байна. Мөн Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд БНХАУ-ын хилийн хязгаарлалтын үед түүхий эдээс хамааралтай Монголын эдийн засаг 2023 онд хилийн гарц хэвийн болж, экспорт сэргэснээр зургаан хувь хүрч өсөх боломжтой гэж мэдэгдээд байгаа шүү дээ. Энэ бол маш том боломж гарч ирж байна гэсэн үг. Үүнийг бид тууштай, зөв ашиглах шаардлагатай. Нэг үгээр хэлбэл, энэ 2023 онд Монголын эдийн засгийн өсөлт туулай шиг хурдтай байна гэж таамаглаж болох юм.

-Инфляцийн түвшин яг одоогийн байдлаар хэд байна вэ. Цаашид буурах боломж бий юу. Таны хэлснээр эдийн засгийн өсөлт ажиглагдаж байгаа бол энэ түвшин буурна гэж ойлгож болох уу?

-Яг өнөөгийн байдлаар инфляцийн түвшин улсын хэмжээнд 12.3 хувьтай байна уу даа. Харин эдийн засгийн голлох төв болсон Улаанбаатар хотод 12 хувьтай л байх шиг байна. Энэ үзүүлэлт өмнөх оноос 1-2 хувиар буурсан гэсэн үг. Цаашид буурсаар л байх дүр зураг ажигллагдаж байгаа. Юутай ч оны сүүл гэхэд нэг оронтой тоонд хүрэх нь тодорхой болоод байна. Өөрөөр хэлбэл, энэ онд манай улсад инфляцийн түвшин алгуур буурах хандлагатай гэсэн үг. Муу мэдээ дуулгахад дэлхийн эдийн засгийн хямралын шалтгаан инфляцийн өндөр өсөлт хэвээр байхаар байна. Харин дотоодын хувьд энэ онд ам.доллараар төлөх зээл, бондын төлбөр өндөр байгаа нь эдийн засгийн ашиггүй нөхцөл байдлыг бүрдүүлэх хүчин зүйлс болоод байгаа юм.

-Инфляци буурлаа л гэнэ, эдийн засаг өсөлттэй гарлаа л гэх юм. Яг ард түмний амьдралд мэдрэгдэж байгаа зүйл юу байна вэ. Үнийн өсөлтөд одоо юу нөлөөлөөд байна вэ?

-Эрчим хүч, ялангуяа нефтийн бүтээгдэхүүний үнэ, хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ, мөн олон улсын тээвэр ложистикийн хүндрэлээс улбаатай үнийн өсөлт нь хэрэглээний үнийн өсөлтөд нөлөөлж байгаа гол эрсдэлүүд юм. Засгийн газар, төв банкнаас макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах төсөв, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлснээр 2023 онд инфляци дунд хугацааны зорилтот түвшин болох найман хувь орчимд хүрэх төсөөлөлтэй. Гэвч бидний дүгнэж байгаагаар инфляцийн түвшинд огцом буурах хандлага алга байна. Товчхондоо, гадаадаас буюу импортын бараа, бүтээгдэхүүнээр дамжих нөлөө 54-55 хувь байх тул инфляцийг бууруулахад тийм ч амар байхгүй нь ойлгомжтой.

-Өнгөрсөн оны сүүлээр Монголбанк бодлогын хүүгээ нэмсэн. Цаашид нэмэх үү, эсвэл буурах уу?

-Юутай ч миний харж байгаагаар энэ онд одоогийн түвшин буюу 13 хувьд хэвээр хадгалагдах төсөөлөлтэй байна. Гэхдээ ирэх сараас 1-2 нэгж хувиар буурч магадгүй гэсэн тооцооллыг зарим эдийн засагчид хэлж байна лээ. Гэхдээ түвшин бол хэвээрээ байна гэсэн хувь эдийн засагчийн тооцоолол байна. Ер нь бол зах зээлд эргэлдэх мөнгөний хэмжээ бага байхад хүү өсгөх нь хадгаламж бонд, зээл гэх мэт санхүүгийн хэрэгслүүдийн өртгийг нэмэгдүүлдэг. Өнгөрсөн жил Монголбанк инфляцийг хязгаарлахын тулд бодлогын хүүгээ таван удаа нэмэгдүүлж, 13 хувьд хүргэсэн. Гэсэн ч бодит хүү сөрөг хэвээр байгаа учир бодлогын хүүг нэмэх төлөвтэй байна. Бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт болон импортын шалтгаанаар өссөн инфляцитай мөнгөний бодлогын хүүг өсгөж тэмцэх нь эдийн засгийн өсөлтийг бууруулах сөрөг нөлөөтэй. Тиймээс тогтвортой байлгах нь өнөөгийн эдийн засгийн өсөлтөд сайнаар нөлөөлнө.

-Ам.долларын ханш анх огцом өссөн шалтгаан юу вэ?

-Хамгийн товчхондоо гэвэл өнгөрсөн 2022 онд алтны үнэ ерөнхийдөө харьцангуй доогуур байсан нь ам.долларын ханш чангарч, төв банкууд мөнгө, зээлийн хатуу бодлого явуулсантай холбоотой гэж хэлье. Монгол Улсын валютын нөөц өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 2013 оноос хойш хамгийн доод түвшинд буюу 1.5 тэрбум ам.долларын алдагдалтай байсан. Засгийн газраас экспортод гарч буй нүүрсийг ил тод болгох, төлбөр нь орж ирэхгүй байгаа нүүрсний тээврийг хязгаарласнаар валютын нөөц 2.8 тэрбум ам.доллар болон багахан хувиар нэмэгдэж, төгрөгийн ханш өнгөрсөн оны эхнээс 18 хувиар суларсан. Цаашид сулрах хандлагатай. Тиймээс зөв менежмент хийх нь чухал.

-Тэгвэл бид яаж ам.долларын ханшийг тогтвортой барих вэ. Мэдээж экспортоо сайжруулах байх л даа…?

-Энэ оны төсвийн төсөлд экспорт 11.4 тэрбум, импорт есөн тэрбум ам.долларт хүрч, гадаад худалдаа 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарах төсөөлөлтэй байгааг тусгасан. Монгол Улсын экспортын гол түүхий эд зэс, нүүрс, алтны үнэ сайн байхаар байна. Улсын экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн үнэ өсч буй нь таатай мэдээ юм. Зэсийн үнийг 2023 оны улсын төсөвт 8400 ам.доллараар төлөвлөсөн бол өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр 9000 гаруй ам.долларт хүрч, цаашдаа 11 мянга орчим ам.долларт хүрэх таамаг бий. Хэрэв энэ таамаглал биеллээ олбол экспортын орлого 700 орчим сая ам.долларт хүрэх боломжтой. Юутай ч энэ онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд нөлөөлдөг гол борлуулалт болох нүүрс, алтны үнэ нэн таатай байх нь. Мөн манай улс нүүрсээ төмөр замаар тээвэрлэж эхэлсэн нь экспорт нэмэгдэх шалтгаан болсон. Өнгөрсөн онд 31.7 сая тонн нүүрс экспортолсон. Дөрөвдүгээр сард төсөвт тодотгол хийх үед 18 сая тонныг экспортлоно гэж төлөвлөж байсан ч ийнхүү нэмэгдсэн нь төмөр зам ашиглалтад орсонтой шууд холбоотой.

Э.МӨНХТҮВ