Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Элийрэгч буюу Ц.Уянга: Би сошиал орчин бодит амьдрал биш гэдгийг харуулахыг хичээдэг DNN.mn

Твиттерийн жиргээч Элийрэгч буюу Ц.Уянгатай ярилцлаа.


-Монголд хэзээ ирэв. Хувийн шалтгаанаар ирсэн үү?

-Тэгсэн. Хувийн шалтгаанаар ирээд гурван долоо хоног болж байна. Энд байх компанийнхаа зарим ажлыг цэгцлэх хэрэгтэй болоод ирлээ. Зарим хөрөнгөө зарж борлуулахгүй бол монголын эдийн засаг царцанги байдалд орчихсон. Ковидын өмнөөс л уналттай байгаад эхэлсэн. Тэссээр байгаад л ковидоор бүр зогсонги байдалд ороод, түүнээс хойш сэргэхийг хүлээсэн ч сэргэсэнгүй. Үйл ажиллагаагаа нэлээд цомхотгоод, зарж борлуулах зүйлээ зараад, зарим хөрөнгө оруулагчийн мөнгийг гаргаж өгөхгүй бол Монгол дахь үйл ажиллагаа маань санхүүгийн хувьд хүнд байдалтай л байна.

-Хэр хугацааны дараа ирж байгаа нь энэ вэ?

-Би байнга л ирэн очин байдаг. Ковидоор гацаад ирж чадахгүй жаахан удсан байх. Гадагшаа төслийн судалгааны ажлаар яваад, төсөл ч дууссан, үйл ажиллагаа ч царцсан. Тэр хооронд хүүхдийн сургууль соёл гээд тэндээ завгүй болоод, гурван жил гарангийн дараа л ирж байна даа. Явахаасаа өмнө бас л хэрүүл тэмцэлтэй байж байгаад явсан шүү дээ. Тэр асуудлаа шийдчихээд явсан. Хэдийгээр эх орондоо байхгүй ч цахим эрин зуунд мэдээллийг шуурхай авч, хамт байгаа юм шиг л амьдарч байна. Тэгэхээр ямар нэгэн зүйлээс хоцрохгүй дунд нь байгаа юм шиг л явж байна даа.

-Таныг байхгүй хугацаанд өөрчлөгдсөн зүйл байна уу?

-Би хөндлөнгөөс ажиглаад байгаа юм биш. Бүгд л мэдэж байгаа. Улстөр ч тэр, нийгэм эдийн засаг ч тэр жилээс жилд дордож байна. Бүх талаар огцом дордсон. Ялангуяа нийгмийн сэтгэлзүй тогтворгүй, итгэлгүй болчихсон байгаа үе л дээ. Ийм үед зөвхөн бухимдлаа л илэрхийлнэ үү гэхээс явж байгаа бодлогын хүрээнд, нийгэмд хэрэгжиж байгаа үйл ажиллагаа, төсөл, улстөрийн шийдвэрийн хүрээнд ч гэдэг юмуу эсвэл эдийн засгийн нөхцөл байдлын хүрээнд ч юмуу тийм маргаан биш өнөө маргаашаа аргацаасан л хэрүүл хийдэг боллоо. Өмнө нь харьцангуй наадах чинь буруу, энэ нь зөв гэх мэтээр маргаан явдаг байсан бол одоо хэлэх ч үггүй л болоод л байна. Нийгмээрээ царцчихлаа. Ялангуяа ажил амьдралын гараагаа дөнгөж эхэлж байгаа залууст ямар ч гэрэл гэгээ алга. Тиймээс чадвартай боловсон хүчин, мэдлэгтэй, мэдээлэлтэй тодорхой хэмжээнд мэргэжлийн капитал үүсгэсэн байсан жаахан хэсэг хүний нөөцийн хүрээ нь гадагшаа урсаад дууслаа л даа. Тэгээд үлдсэн хэд нь энэ асуудлыг шийдье, энэ цаг үеийг даваад, тэр төслийг хэрэгжүүлэхийг нь дэмжье гэдэг зүйл нь байхгүй болохоор өөр хоорондоо маргаантай хэрүүлтэй л амьдраад байна уу даа. Засаг барьж байгаа хүмүүстээ гомдолтой иймэрхүү л байдалтай байгаа юм байна. Хамгийн харамсаж байгаа зүйл нь юу вэ гэхээр засаг барьж байгаа хүмүүс нөхцөл байдлыг нээлттэй зөв мэдээллээр хангаад, хамтдаа даван туулах биш шүүмжилснийг нухчин дардаг.

Бодит байдлыг нуун дарагдуулдаг эсвэл хэт аминчилдаг, хэт айдас үүсгэж ойлгомжгүй цуврал кино аятай зүйл болгоод, ард иргэдийг төөрөгдүүлээд байна л даа.Хууль нь өөрөө хууль байж чадахаа байгаад хуулийн хүч нь өөрөө албан тушаалтнуудын гарт орчихсон байгаа нь хамгийн гунигтай санагдаж байна. Байгаа хууль нь сайн муу нь хамаагүй хуулийнхаа хүрээнд ажиллаж амьдрах, үйл ажиллагаагаа явуулах, үг үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй байгаад л гунигтай байна.

-Та олон нийтийн сүлжээнд идэвхтэй шүүмжилдэг. Тан руу дайралт, дарамт, шахалт ирж байна уу?

-Би нутаг дэвсгэрийн гадна талд байсан учраас харьцангуй гайгүй. Энд байгаа хүмүүс үгээ хэлээд, үзэл бодлоо илэрхийлээд хардах, мэдэх эрхийнхээ хүрээнд эрх чөлөөгөө эдлэх гэхээр ямар нэгэн байдлаар хашраагаад, нийгэмд мессэж өгөөд байна шүү дээ. Бидний өөдөөс өрвөлзөх юм бол шоронд л хийнэ шүү, хорино шүү гэсэн байдал нь иргэдийн эр зоригийг мохоох байдлаар явж байгаа юм байна. Би ирээд арай сар болоогүй байна л даа. Гэхдээ намайг байхгүй хооронд үүсгэсэн, хараандаа авсан юмуу мэдэхгүй. Үгээ хэлсэн, үзэл бодлоо илэрхийлсэн

залуусыг залхаан цээрлүүлэх ажиллагааг явуулаад байгаа нь хэнд ч ойлгомжтой л байна. Хамгийн инээдтэй нь холбогдох хэргийн шинж чанар нь болоод гэмт хэрэгт холбогдуулж байгаа байдал нь тохирсон ялтай байх ёстой. Ямар нэгэн байдлаар тэр хүн танхайраагүй, хүн гэмтээгээгүй, хууль сахиулагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй л байх. Гэтэл түүнээс нь үүдэн шоронд хориод байдаг ийм зохицуулалт гэж юу байдаг юм бэ. Тэр тусмаа ардчилсан улсад. Манайх болж өгвөл хорих ялаас татгалзах ёстой. Гэмт хэргийн нөхцөл байдалд нь хүмүүсийг дасан зохицуулахгүй байх, гэмт хэрэгт холбогдуулаад хорих ял өгөөд, шорон гяндангаар явуулчих юм бол цаашдын ажил амьдрал нь гэмт хэрэгтэйгээ холбогдоод эрүүжсэн ертөнц бий болно шүү дээ. Анх удаа гэмт хэрэг хийсэн, зөрчил гаргасан бол тодорхой хэмжээнд нийгэмшүүлэх боломжийг нь олгож байх хэрэгтэй. Хувь хүний хийсэн алдаан дээр дөрөөлж амьдралыг нь устгах, ажил төрөл, амжиргааны эх үүсвэрээс нь салгах өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд заасан амьд явах, ажил төрөл хийх, сурч боловсрох зэрэг үндсэн эрхээс нь салгах кранжсан дарангуйлалтай улс байж боломгүй юм. Хэрэв нэг хийсэн хэргээ олон дахин давтсан тохиолдолд тийм зүйл байж болно. Өмнө нь ямар нэгэн сануулах арга хэмжээ авсан байх. Дараа нь хөл хориод, дараа нь хорих ял болгодог ч юмуу шаталсан байдлаар ял шийтгэлийг өгдөг болмоор байгаа юм. Гэтэл өнөөгийн шүүхийн процесс хамгийн гол нь хэн рүү чиглэж байна гэхээр эрх баригчдын эсрэг зоригтой бодитойгоор үзэл бодлоо илэрхийлсэн залуус руу чиглээд байна. Энэ улсуудад зориудад арга хэмжээ аваад, тэр хүмүүсээр дамжуулж нийгэмд сануулга өгөх гэсэн зориудын арга хэмжээ гэж харагдаж байгаа юм. Тэгэхээр үүний эсрэг заавал тэмцэх ёстой. Над мэтийн хүмүүс ийм зүйлийг хараад чимээгүй байж чадах ч үгүй. Ямар нэгэн байдлаар эсэргүүцэж тэмцсээр л байх болно. Цор цор гээд явах нь ойлгомжтой. Нэг Монголхүүг хорьж болно. Арван Монголхүүг хорино. Тэгээд зогсоно гэж бодож байна уу. Үгүй. Тийм зүйл байдаггүй юм. Нэг нэгээр нь барьж хориод чимээгүй болгоно гэвэл санасных нь гарз. Тэгэх тусам нь зуугаараа, мянгаараа сөрж босож байж бид тодорхой тулгуур хэдхэн эрхээ баталгаажуулж авч үлдэх зорилго тавьж байгаа юм. Түүнээс би Монголхүү гэж хүнийг амьдралдаа хараагүй. Ямар нэгэн байдлаар холбогдож үзээгүй. Яахав сошиал дээр тавьж байгаа постууд, эсэргүүцлүүд нь бие биенээ дэмжиж байгаа нь тодорхой хэмжээнд мэдэгдэж, цахим харилцаагаар л явж байгаа болохоос би тэр хүнтэй ямар нэгэн байдлаар танил биш. Үзэл бодлын хүрээнд танил болцгоосон, цахим орчинд мэддэг л хүн юм.

-Таны эрх баригчдыг эсэргүүцэх гол зүйл нь юу байв?

-Энэ засаг барьж байгаа хүмүүс өөрсдөө яаж гарч ирлээ дээ. 1980-1990-ээд оны шинэ залуу үе. Шударга тав, яасан ийсэн гээд л. Ялгамжтай байдлыг үгүй хийнэ. Бүгдийг нь үндсээр нь өөрчилнө. Арчина, хядна, яллана л гэсээр гарч ирсэн. Гарч ирэхдээ өөрсдөө талбай дээр зуу зуугаар нь гэр барьж, өчнөөн мөнгө төгрөгөөр тайз засаж, микрофон, чанга яригч, уриа лоозонгийнхоо мөнгийг бүгдийг нь төсвийн мөнгөнөөс гаргасан. Гэтэл өнөөдөр А4-ийн цаас бариад үзэл бодлоо илэрхийлсэн залууст тийм хангамж байсан уу. Өөрсдөө төрийн эрхэнд тэгж хууль бусаар гарч ирсэн хүмүүс буцаад өөрсөд шиг нь шаардлага тавьсан залуусыг хорьж цагдаж байна. Энэ чинь double standart. Тэдгээр залуус ийм ялгамжтай байдлыг үгүй хийхийг зорьсон шүү дээ.

-Таны үзэл бодлын талаар нэлээд ярилцлаа. Одоо жаахан өөр зүйл рүү чиглэх үү. Та фэйсбүүк твиттерт бусад шиг гоё ганган биш хааш яаш хамаагүй зургаа хийдэг нь хүмүүсийн шүүмжлэлд бас өртөөд байдаг шүү дээ?

-Би өсвөр насны охинтой. Тэр минь инстиграмм, фэйсбүүк, сошиал орчинд амьдарч байгаа. Бүгд л гоё ганган сайхан зургаа нийтэлдэг. Хүн бүр тийм байх албагүй. Хүн гоё ганган сайхан байх үе байна. Залхуурсан хааш яаш үе байна. Өвдөж хавдсан ямар ч царайтай байж болно. Заавал гоё бай, хөөрхөн бай, туранхай бай, дэгжин бай л гэж сошиал орчин сургаж байна. Түүний эсрэг би арзайж сэгсийх, өвдөж зовох, гуниж гутрах ямар ч үе байж болно гэж хүмүүст харуулахыг хичээдэг. Биднийг өсвөр үеийн өч төчнөөн хүүхдүүд харж байгаа. Сошиал бодит амьдрал биш гэж л харуулахыг хичээдэг юм. Эхэндээ ч хүмүүс хүлээж авч чадахгүй элдэв янзын юм бичдэг л байсан. Одоо бол дассан.

-Та хамгийн сүүлд явахаасаа өмнө Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг нураалгахгүй гэж тэмцэж байсан шүү дээ. Одоо аль хэдийн өөр барилга бариад Монголын топ-100 шилдэг архитектуртай барилгаар шалгарсан. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Үүн дээр би үнэндээ ярих юм алга. Энэ хэн гээч ямар архитекторчийн зургаар баригдсан барилга юм. Ичихгүй Туркийн Станбулын дэлгүүрийн зургаар барьчихсан барилга шүү дээ. Гадна талд нь нэг хоёр зүйл илүү наахаар өөр харагдана гэж бодоод байгаа юмуу. Эргүү тэнэг хүмүүсийг хуураад байгаа юмуу. Дөнгөж засаг солигдоод юу гээд байлаа. Эдийн засаг нь элгээрээ хэвтсэн улс орныг хүлээж авлаа гээд Л.Оюун-Эрдэнэ өөрөө амаараа хэлээд зогсож байсан биз дээ. Тэгвэл элгээрээ хэвтэж байсан юм бол тэр 96 тэрбумаар хэнд ч хэрэггүй ийм цемент цутгаж яах гээд байсан юм. Зөвхөн санхүүгийн хувьд шүү энэ. Хэрэглээний хувьд одоо бидэнд эдийн засгийн ямар үр өгөөж, эргэлт авчирч байгаа юм. Улсад хэдэн төгрөгийн орлого оруулж байна. Хэзээ оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөөд, хэзээнээс цэвэр ашигтай ажиллаж эхлэх юм бэ. Оюун санааны хувьд, хуучин барилга нь үнэт зүйл байсан юмуу, одоо шинээр баригдсан нь үнэт зүйл юмуу. Бид зөвхөн түүн дээр л тэмцсэн шүү дээ. Бид хотжихдоо оюун ухааны, соёлын өвүүдийг бий болгосон. Энэ чинь Филармони, Соёлын төв, Драмын театр, Дуурийн театр гээд ансамблиараа байгаа барилга. Гэтэл нэгийг нь цох дутаагаад нураагаад хаячихаж байгаа юм. Тэгвэл түүнийгээ соёл урлаг хүртэхгүй байгаа бусад газраа барихгүй яасан юм бэ. Яармаг, Толгойд, Бэлх Сэлхийн шинэ бүстээ барихгүй. Тэгсэн бол тийшээ хүмүүсийн урсгал нэмэгдэж, соёлын үрийг утгаар нь тарина биз дээ. Энэ бол цэвэр хулгай, дээрэм. Эрх ашиг сонирхол байхгүй юу. Үүний цаана юу байгааг бид мэдэхгүй. Мэдэх боломж бололцоо ч байхгүй. Түүнийг нь шүүе, үзье, харъя, мэдээлэл авъя гэхээр иргэдэд тийм боломж олгодог ч үгүй. 96 тэрбум төгрөгөөр барилаа гэсэн нэрийдлээр 20-иор нь бариад, үлдсэнийг нь идсэн ч юмуу, эсвэл газрыг нь хувааж аваад наашаа цаашаа болгосон ч юмуу, мэдэгдэхгүй байж байгаад ирээдүйд хувийн өмч л болчихсон байдаг шүү дээ. Нэг тийм хуйвалдааны заваан юм байгаа. Үүнээс л сэргийлэх гэж бид тэмцсэн. Даанч бидний хүч дутсан.

-Та хэдий хугацаагаар ирсэн бэ. Хэзээ буцах уу?

-Ажил төрлөө амжуулаад аль болох богинохон хугацаанд байна л гэж бодож байгаа. Эндэх үйл ажиллагаа зогсчихсон учраас судалгааныхаа ажлыг шилжүүлчихсэн. Монголд эдийн засгийн хувьд зогсонги байдалд орсон ч бусад газарт үл хөдлөх хөрөнгө оруулалтын судалгаануудаа явуулж л байгаа. Бид энэ чиглэлээрээ мэргэшээд олон жил болчихсон учраас үүгээрээ амьдарч байна. Төсөөлснөөс жаахан удлаа гэхэд хоёр сар л болох байх.

-Сүүлийн асуултыг танд үлдээе…

-Юм чинь яаж ч муудсан сайн тал руугаа явдаг байх ёстой. Сайн засаг, мундаг засаг гээд явна гэж байхгүй. Үргэлж л бид хэрэлдэнэ. Тэр болгоныг хорьж цагдаад дарамтлаад байна ч гэж байхгүй. Яагаад гэвэл язгуур эрх ашгаа бүгд нэхнэ. Хүн болгон өөр өөр юм ярина, нэхнэ, хэрэлдэнэ. Тэр болгоныг зохицуулдаг засаг ч гэж байхгүй. Тулгуур үндсэн бодлого, язгуур эрх ашиг, үндсэн тогтолцооны зүйлүүдийг бүрдүүлэхэд нийгмийн хандлага маш чухал. Нийгэм өөрөө үүнийг гажуудуулахгүй гол жанжин шугамаа барих ёстой. Тэгтэл нийгэм өөрөө үүнийг даръя гэдэг болчихсон байгаа нь харамсалтай. Энэ бол хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй асуудал.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Хөгжлийн Банкны гэх хэргийн шүүх хурал эхэллээ DNN.mn

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн 80 хүн, хуулийн дөрвөн этгээдэд холбогдох Хөгжлийн банкны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан “Шүүх хуралдааныг шүүхийн байрнаас бусад газарт хийх нийтлэг журам”-ын дагуу өнөөдөр 08.30 цагт “Улаанбаатар чуулга”-ын байранд эхэллээ.

Прокуророос байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийн нэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс зарласан билээ.

“хахууль авах” гэмт хэрэгт холбогдуулан

  1. Лхагвасүрэнгийн Аззаяа
  2. Жалавсүрэнгийн Бат-Эрдэнэ
  3. Базархүүгийн Даажамба
  4. Жамцын Ганхуяг
  5. Норслойн Сүхболд
  6. Цэндийн Баярсайхан

“эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан

  1. Цэвээндээгийн Билгүүн
  2. Дашжамцын Уянга
  3. Түмэн-Өлзийн Оюунчимэг
  4. Баасанхөхийн Чинзориг
  5. Тэлэнгэдийн Мөнхтулга
  6. Түмэндэлгэрийн Пүрэвсүрэн
  7. Чимэдцэрэнгийн Цоожсүрэн
  8. Сайнбаярын Батзориг
  9. Авирмэдийн Хүчитбаатар
  10. Ганбаатарын Гантогтох
  11. Балганы Батбаяр
  12. Чулуунбатын Энхбат
  13. Чогсомын Мөнхбаяр
  14. Даваагийн Цогтбаатар
  15. Батлутын Будхүү
  16. Лхачины Мягмаржав
  17. Дашзэвгийн Дэлгэрсайхан
  18. Дүгэрсүрэнгийн Бат-Очир
  19. Жамсрангийн Үхэртар
  20. Бадамын Махбал
  21. Жигжидийн Оюунчимэг
  22. Сандагийн Магнайсүрэн
  23. Мягмарсүрэнгийн Баярмагнай
  24. Бэгзсүрэнгийн Шинэбаатар
  25. Баттулгын Амгалан
  26. Отгонбатын Батбаатар
  27. Чулуунцэрэнгийн Отгочулуу
  28. Чулуунбатын Нэргүй
  29. Мягмарсүрэнгийн Баянмөнх
  30. Бадрахын Найдалаа
  31. Бядраны Лхагвасүрэн
  32. Рагчаагийн Батбаяр
  33. Магсарын Золжаргал
  34. Гантөмөрийн Дашзэвгэ
  35. Ганбатын Одонтуул
  36. Баасандоржийн Батзаяа
  37. Нанзадын Баярчимэг
  38. Хассуурийн Ганхуяг
  39. Огнонгийн Хуягцогт
  40. Батхуягийн Цолмон
  41. Далрайн Даваасамбуу
  42. Ганибалын Амартүвшин
  43. Нанжидын Мөнхбат
  44. Норовын Алтанхуяг
  45. Нямжавын Батбаяр

“хахууль өгөх” гэмт хэрэгт холбогдуулан

  1. Баяраагийн Чойжилжалбуу
  2. Энхнасангийн Эрдэнэ
  3. Хүрэлсайханы Баттулга

“мөнгө угаах” гэмт хэрэгт холбогдуулан

  1. Должидын Батбаяр
  2. Гомбын Цолмон

“гэрч, хохирогч зориуд худал мэдүүлэг өгөх” гэмт хэрэгт холбогдуулан

  1. Ёндонпэрэнлэйн Доржсумъяа
  2. Бэгзжавын Цэрэндаваа
  3. Цэрэндоржийн Цэвэгмэд
  4. Мөнхтөрийн Цэлмэг
  5. Баярын Баттөр

“хахууль өгөх”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан

  1. Цэрэндаваагийн Баатарбилэг
  2. Бат-Очирын Батбаатар
  3. Чулуундоржийн Өлзий
  4. Лацайн Ням-Очир

“эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан

  1. Шүхэртийн Бүтэд
  2. Гочоосүрэнгийн Санжмятав
  3. Гэндэнпилийн Батдорж
  4. Гонгорын Галсанням
  5. Пүрэвийн Мягмардорж
  6. Цогтжаргалын Ууганбаяр
  7. Энхболдын Эрдэнэбилэг
  8. Хадбаасангийн Бат-Эрдэнэ

“нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэрэгт холбогдуулан

  1. Төмөрбаатарын Болдмаа

“нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан

  1. Бэрэнбаралын Мөнхтөр

“хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах”, “мөнгө угаах”, “хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан

  1. Гочоосүрэнгийн Байгалмаа

“санхүүгийн баримт хуурамчаар үйлдэх” гэмт хэрэгт холбогдуулан

  1. Цогбаатарын Содхүү
  2. Ядмаагийн Батцэцэг

“эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “мөнгө угаах”, “нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан

  1. Оргойн Баяр

“улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих, улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах”, гэмт хэрэгт тус тус холбогдуулан

  1. Ёндонпэрэнлэйн Баатарбилэг

“хахууль өгөх”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан

  1. /2860597 регистрийн дугаартай/ “НВЦ” ХХК

“хахууль өгөх” гэмт хэрэгт холбогдуулан

  1. /2036754 регистрийн дугаартай/ “Инжир” ХХК,
  2. /4249305 регистрийн дугаартай/ “Хааны Харгуй” ХХК;

“хахууль өгөх”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан

  1. /4261097 регистрийн дугаартай/ “Ганхүдэр Орд” ХХК зэрэг байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ордны “шивнээ”: ерөнхийлөгчид загнуулсан гурван сайд, нэг гишүүн гомдолтой явна DNN.mn

Улс төр үе үе оволзож, тэгсхийгээд намжих аж. Наанаа ийм боловч цаанаа тун ширүүн, эвгүй улс төр өрнөж байгаа бололтой. Угаасаа Хөгжлийн банк, нүүрсний хэрэг, Мөнх-Эрдэнийн шүүх хурал, Монголхүүгийн баривчилгаа, АН-ын гэрчилгээ тамганы маргаан, МАН-ын “нүүрсний 19 гишүүн”-ий тухай, Сонгуулийн хууль, Улс төрийн намын хууль, Үндсэн хуулийн өөрчлөлт гээд улс төр дагасан сэдэв ч мундахгүй олон юм.

Энэ олон улс төрийн сэдвүүдтэй үйл явдлууд хөшигний ард тасралтгүй л үргэлжилж байна гэсэн үг. Сүүлийн өдрүүдэд Төрийн ордноор нэг яриа нэлээд газар авч яригдав. Ерөнхийлөгч ойрд тун их ууртай байгаа гэнэ.

Уг нь Ерөнхийлөгч ойрд олны өмнө гараагүй боловч тун ажил хэрэгч байгаа. Тэрээр өөрийн санаачилсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Тамгын газрын даргаараа өнгөрсөн баасан гаригт УИХ-д өргөн бариулсан. Энэ хууль батлагдвал улс төрийн намуудын эрх зүйн орчин сайжирна. Тэдгээрийн нийгэмд гүйцэтгэх үүрэг нэмэгдэнэ. Намууд цөөнх, эсвэл хэсэг бүлгийн эрх ашгийн илэрхийлэл болсон явцуу бүлэглэл бус, улс орны нийтлэг ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, нийгмийн өргөн давхаргын төлөөлөл бүхий бодлогын нам болно. Намууд нийгмийн өмнө үүрэг хүлээдэг, хариуцлагатай болсноор намд итгэх иргэдийн итгэл дээшилж, төрийн бодлого, шийдвэр гаргах явцад ард иргэдийн шууд оролцоог нэмэгдүүлнэ. Намд олгох төрийн санхүүжилтийн хувь хэмжээ, зарцуулалтыг нарийн тогтооно. Ингэснээр намуудад өрсөлдөөний ижил нөхцөл бий болгож, авлигын түвшнийг бууруулах зэрэг эерэг үр дүн авчирна гэж Ерөнхийлөгч үзэж байгаа юм байна.

Бас “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд аж ахуйн нэгжүүдэд очиж ажиллаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт ч үүнийгээ үргэлжлүүлсэн.

Харин ууртай байна гэдгийн тухайд тэрээр өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын гурван сайд, УИХ-ын нэг гишүүнийг өрөөндөө дууджээ. Төрийн ордонд яригдаж байгаагаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар нар дуудагдсан гэнэ. Тэгээд загнасан байгаа юм. Чухам ямар шалтгаанаар, юунд бухимдаж уурлаад, юу гэж загнасан нь одоогоор тодорхойгүй байна. Харин гишүүд, сайд нар Ерөнхийлөгчид гомдчихсон яваа аж. Төрийн ордноор л нэг ярьж байна. Удахгүй тэд учрыг хэлэх биз ээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Түвшинбаяр гэж золгүй амьтныг уруудахад төр нь хүртэл хонзогнох юм DNN.mn

Засгийн газар өнгөрөгч долоо хоногт нэгэн журамд өөрчлөлт орууллаа. Тив, дэлхийгээс медаль авсан тамирчдаа урамшуулдаг журмаа өөрчилж, хэрэв тухайн тамирчин ёс зүйн болоод хуулийн хариуцлага хүлээсэн бол мөнгийг нь өгөхгүй байхаар шийдэв. Үүнд хамгийн түрүүнд өртөх нэг хүн байна. Тэр бол 2008 оны Бээжингийн олимпийн алт, 2012 оны Лондонгийн олимпийн мөнгө, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, Азийн аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, улсын заан Найдангийн Түвшинбаяр юм. Найр наадмын оройд залагдаж, магтаал сайшаалд булуулж, өнгө мөнгөнд даруулж явсан энэ хүн өдгөө хийсэн хэргийнхээ учир хоригдож байгаа. Хэцүү харамсалтай энэ үйл явдлын дараа эргээд харахад энэ залууг олуулаа нийлээд яасан ч их эвдээ вэ гэж халагламаар байсан. Бүр хүнийг нь байлгасан. Хүн бүрт л ийм харамсал ил далд байсан байх. Үлдэж хоцорсон үр хүүхэд, гэр бүлд нь төрөөс сар бүр өгдөг тэтгэмж нь хэрэг болох юм даа гэсэн өег бодол цээжний цаана байсныг ч нуух юун. Гэтэл золгүй амьтныг уруудахад төр нь хүртэл араас нь өшигчихийг харах гашуун л байдаг юм байна.

Олимпийн алт, мөнгөн медалийг дарааллуулаад эх орондоо авчирч, тив дэлхийн од содууд чуулсан тэр их өргөөнд төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлнэ гэдэг хэн хүний хүчрэх ажил биш ээ. Бөмбөрцгийн бүхий л камерууд тэр зургийг харуулж, хэдэн тэрбум нүд нэгэн агшинд монгол хүний ур чадвараар бахархаж, монголчуудыг харж байсан. Бахархам сайхан л байсан шүү. Энд дарга цэрэггүй л уйлж, ууж баярласан байдаг. Ядаж үүнийх нь төлөө төр өгдөг урамшууллаа хасамгүй л байсан юм.

Хүнийг хүн л эвддэг. Эвийлж, эрхлүүлж үг хэлэхгүй байхад хүүхэд хүртэл яаж эрхийн тэнэгтдэг билээ. Ухаан суусан том эрийг газар гишгүүлэхгүй, өнгө мөнгөөр өлгийдөж, магтаалын цагаан үгээр үг сүггүй булаад байхаар бусдын дээрээс хараад эхлэх нь тодорхой юм. Үүнд төр хамгийн их буруутай. Монгол Улс олимпийн аваргатай болсон нь “нийтээрээ цэнгэлийн манлайд хүрсэн мэт”, “улс орон маш өндөр хөгжилтэй болчихсон мэт”, “хатуу хэцүү бүх асуудлаа шийдэж өвчингүй жаргаж, ядуусгүй баян болчихсон мэт” л аашилсан шүү, манай төрийнхөн. Алдар гавьяаг нь үнэлсэн ч алдаа оноог нь хэлж өгсөнгүй. Үнэндээ жүдо бол хувь хүний амжилт, тамирчны бүхий л алдаа оноо хувь хүнд өөрт нь л хамаатай байдаг.

Алдар нэр, мөнгө төгрөг нь хувь хүндээ л шингэдэг. Энэ талаас нь хэлэх нь бүү хэл, хорвоод ганц хувь хосгүй төрсөн хүн мэтээр хөөргөн, дарга нар бүгд л дэргэдээ гоёо болгон авч давхидаг байв. Байж болох хамгийн том албан тушаалыг нь ч өгөв. Ингээд л хөөргөөд байсан, хөөргөж хөөргөж хөөс нь хагараад ирэхээр араас нь өшиглөх нь ч юув дээ.

МАН-ын энэ эрх баригчдаас ийм нэг хүнлэг бус үйлдэл дандаа цухалздаг. Хуучин коммунизмын үеийнх шиг увайгүй, хүнийг үл тоосон хандлага нэвт ханхлаад байдаг юм. Одоо өрнөж байгаа үйл явдлыг жишээлээд хар л даа. Дийлдгээр нь дандаа эмгэд, өвгөдийг элэг барьж байх юм. Түүнийгээ ичихгүй зогсоо зайгүй пиардахыг нь яана. Бадамжунай өвгөнийг гадаадаас барьж ирээд өдөр шөнөгүй өөрсдийгөө сурталчлав. Багабанди, Бадамсүрэн нарын ажлыг авлаа гээд л оройжин телевиз, сошиал, сайтын бүх сувгаар уншив. За тэгээд Сарангэрэл, Соронзон гээд хариуцлага тооцож чаддаг цөөхөн хүн бий. Дандаа л тэтгэврийн наснаас хэтэрсэн хүмүүстэй хариуцлага тооцно. Ид задарч бадарч явахад нь өмнөөс нь эгц ч харж чаддаггүй байсан хүмүүсээ ийн насны буулганд орох үед нь яллана гэдэг арчаагүй л зангийнх. Настай ч гэсэн буруу зөвийг нь шүүж бололгүй яахав, гэхдээ дандаа өвгөд эмгэдийг “агнаад” байгаа нь тэдний аймхай хулчгарыг л харуулж байна. Зориг золбоотойхон шиг ажиллаад, жинхэнэ авилгачдыг илчлээд, адилхан шийтгэл өгөөд байвал ард түмэн хүрээлээд авах нь тодорхой. Одоогийн эрх баригчид нэг зүйл дээр алдаад байна. Мэдээж, тэд дорой буурай, үеэ өнгөрөөгсдийг баяр хөөртэйгөөр яллаж байна. Бас ард түмнийг хөрөнгө мөнгөтэй хүмүүсийг үзэн ядагчдын бөөгнөрөл гэж хардаг бололтой. Үгүй юм, нэг үеэ бодвол ард түмэн хар цагааныг ялгаж, салгах хэмжээний үзэл бодол нь төлөвшиж тогтсон.

Хамгийн сүүлд хэлэхэд энэ засаг “оймс шидэгч” Наба-г ажлаас нь халах биз. Гарз ч гүй юм даа, хүн нь. Үнэ цэнтэй ч юм биш. Засаг ийм л амар хялбар ажлыг шүүрдэн авч, сүржигнэн хийж байгаа харагдах юм.

Г.Гэндэндарам

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Энхбадрал: УИХ-ын тамгын газар гишүүдийн хууль батлахад өгсөн саналыг хууль зөрчин нууцалж байна DNN.mn

Социологич, улс төр судлаач М.Энхбадралтай мэдээллийн ил тод байдлыг хангах асуудал болон одоо ид яригдаж буй зарим хуулийн талаар ярилцлаа.

– УИХ-ын гишүүд аль хууль журам дээр ямар санал өгсөн нь нийтэд тодорхой байх ёстой гэдэгт олон нийт санал нэгддэг. Таны хувьд үүнийг тодорхой болгохыг шаардсан ажлуудыг хийж эхлээд байна. Ард түмнийг төлөөлж ажиллаж байгаа тэр хүмүүсийн санал яагаад нээлттэй байдаггүй юм бол?

– УИХ төлөөллийн байгууллага. Тэр утгаараа өөрсдийнхөө өмнөөс төлөөлж сонгосон УИХ-ын гишүүдийг ажлаа хэрхэн хийж байгааг иргэд харах, хяналт тавих ёстой. Харамсалтай нь, хууль, тогтоолууд батлахад УИХ-ын гишүүн тус бүр ямар санал өгсөн талаарх мэдээлэл хаалттай байна. Иргэдийг төлөөлж, УИХ-д сонгогдсон гишүүд хууль, тогтоол батлахад дэмжиж, эсвэл татгалзаж санал өгсөн талаарх мэдээлэл нээлттэй байх ёстой. Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн нь төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Мөн УИХ- ын тухай хуульд “УИХ-ын гишүүд саналаа илээр гаргаж, асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан байдаг.

Түүнчлэн Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн зохицуулалтаар ч нээлттэй хуралдаанд гишүүдийн өгсөн санал хураалтын дүн нь нээлттэй байх ёстой мэдээлэл юм. Гэвч хууль тогтоомж батлахад УИХ-ын гишүүдийн хэн нь дэмжсэн, эсвэл хэн нь татгалзсан, яг ямар санал өгснийг иргэд мэдэх боломжгүй байна.

-Танай “Цогц хөгжлийн үндэсний төв” “uih.mn” гэсэн платформд гишүүдтэй холбоотой мэдээллүүдийг нэгтгэдэг байх аа. Энэ чиглэлээрээ ч дээрх мэдээллийг авъя гэхэд олдохгүй байна гэж үү?

-Бидний сонгосон төлөөлөл ажлаа хэрхэн хийж байгааг иргэд харах, хяналт тавих боломж бүрдүүлэх зорилготойгоор гишүүдийн намтар, ирц, хууль батлахад өгсөн санал, санаачилж ажилласан хууль, хөрөнгө, орлогын мэдүүлэг, сонгуулийн түүх зэрэг мэдээллийг нэг талбараас авдаг болгохоор бид ажилладаг. Гэтэл бид 2020 оноос хойш УИХ-ын Тамгын газарт гишүүд хууль батлахад ямар санал өгч байгаа тухай мэдээллийг авахаар нийт дөрвөн удаагийн хүсэлт, хоёр удаагийн гомдол гаргасан ч мэдээллийг авч чадаагүй. Тиймээс иргэдийн мэдэх эрхийн зөрчилтэй холбоотойгоор Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргаад байна. Мөн бидний зүгээс “Мэдэх эрхтэй” аяныг эхлүүлж байгаа юм. Иргэний нийгмийн байгууллагын мэдээлэл авахыг хүссэн удаа дараагийн хүсэлтэд татгалзсан хариу өгч, нээлттэй байх ёстой мэдээллийг нууцалж байгаа нь хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллага өөрөө хууль зөрчиж байгаа үйлдэл болж байна. Уг эс үйлдэхүй нь ил тод байдлын эсрэг, УИХ нь ил тод байдлыг хангах сонирхолгүй байна гэж бид үзэж байгаа тул энэхүү аяныг эхлүүлсэн.

-Аян өрнүүлэх ажлыг хэн ч, хэзээ ч зарлаад явуулчихдаг. Гол нь үр дүн шүү дээ. Та бүхний энэ арга хэмжээ хэр үр дүнтэй болж чадах бол?

-Сонгогчид бид мэдэх эрхтэй. Биднийг төлөөл гээд төрд илгээсэн тэр хүмүүс нь өөрсдийнх нь асуудлыг шийдэх аливаа нэгэн хуулийг батлахад яг ямар санал өгч байгааг мэддэг болно. Дэмжсэн, татгалзсан, аль эсвэл оролцоогүй аль нь болохыг бид мэдэх боломжгүй байж ирлээ. Иргэний нийгмийн байгууллагууд нь нэхээд хөдөлдөггүй юм бол бүх нийтээрээ шаардаад үзэх хэрэгтэй. Үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Аяны хүрээнд иргэд, иргэний нийгмийн байгууллагуудаас хэдэн зуун өргөдлийг УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханд хаяглан хүргүүлнэ. Тодруулбал, 2020 оны сонгуулиар байгуулагдсан одоогийн парламентын баталсан бүх хууль, тогтоолын төслийг эцэслэн батлахад УИХ-ын гишүүд ямар санал өгсөн мэдээллийг нээлттэй болгож, УИХ-ын гишүүдийн хууль батлах санал хураалтад өгсөн санал тус бүрийн мэдээллийг ирүүлэх тухай өргөдлийн загвар гаргасан. Иргэд, иргэний нийгмийн байгууллагууд аянд нэгдэж, өргөдлийн нэгдсэн загварыг бөглөн УИХ-д хүргүүлэх юм. Ингэснээр нэгдүгээрт, мэдээллийг нээлттэй болгоход нөлөө үзүүлэх, хоёрдугаарт, иргэд төрийн байгууллагуудад тодорхой асуудлаар хандах, өргөдөл гаргаж, хариуг нь авдаг зөв хэвшилд суралцах ач холбогдолтой. Өргөдөлд нэгдэхийг хүсвэл “info@uih.mn” цахим шуудан болон “uih.mn” фэйсбүүк хуудсаар бидэнтэй холбогдоорой.

-Өчнөөн амлалт өгөөд иргэдээс илгээлт аваад явчихдаг. Яг юу хийв гэхээр хэлэх юмгүй, иргэд ч мэддэггүй. Ер нь ил тод байдлыг хангаагүйгээс бид юуг алдсан гэж та хэлэх вэ?

-УИХ-ын чуулганы хуралдааны шууд дамжуулалтын дүрс бичлэгээс харахад хуулийг эцэслэн батлах үеийн санал хураалтын дүнгийн зөвхөн эхний хэсгийг дэлгэцэд харуулаад өнгөрдөг буюу саналын мэдээлэл бүрэн нээлттэй харагддаггүй. УИХ-ын чуулганы нэгдсэн тэмдэглэлд нээлттэй хуралдаанд гишүүн тус бүрийн санал хураалтад өгсөн саналын мэдээлэл ордоггүй нь хууль зөрчсөн, иргэдийн мэдэх эрхийг боогдуулж байгаа хэрэг. УИХ өөрийн баталсан хуулиа хэрэгжүүлэхгүй байна гэдэг нь байж болшгүй зүйл. Хуулийн биелэлтийг хангаж үлгэр жишээ болох институт нь УИХ, түүний Тамгын газар байх ёстой.

Уг мэдээллүүд ил тод болсноор УИХ-ын гишүүдийн хариуцлага дээшилж, сонгосон гишүүндээ тавих иргэдийн хяналт сайжирна. Нууц зүйлийн цаана заавал асуудал нуугдаж байдаг. Ил тод байдал нь ардчиллын тулгуур зарчим, баталгаа болохоос гадна ил тод байдлыг хангасан нийгэмд төрд итгэх иргэдийн итгэл нэмэгдэж, иргэд сонгогчдын боловсрол дээшилж, сайн засаглалын суурь болдог. Ардчилсан засаглалыг ил тод байдалгүйгээр хэрэгжүүлэх боломжгүй.

-УИХ-аар Сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэж байна. Таны хувьд эдгээр хуулиад олон нийтэд нээлттэй, ил тод байдлаа хангаж чадаж байгаа гэж үзэж байна уу?

-УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэллээ. Мөн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл удахгүй өргөн баригдана. Ийм чухал ач холбогдолтой хуулиудыг хэлэлцэн батлахад иргэний оролцоог хангах, хэлэлцэх процессыг нь нээлттэй байлгах ёстой. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл гэхэд иргэдэд нээлттэй бус байна. Уг нь ажлын хэсгийн гишүүдийнх нь мэдээллийг танилцуулж, төслийг нь ил тод болгож, иргэдээс ирүүлсэн аль саналыг төсөлд тусгасан талаарх товъёг нээлттэй байлгах ёстой.

-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлд жагсаалтын хэсэгт хүйсийн тэнцвэртэй байдлыг хангахад анхаарч, тавь тавин хувийн харьцаатай байхаар оруулж ирсэн нь дэвшилтэт зүйл боллоо гэж үзэх хүмүүс байна. Бас квот дээр янз бүрийн санал сонсогдох юм?

-Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах нь гайхаж, цочирдож хүлээж авах зүйл биш. Төлөөллийн зарчмын дагуу олон талын төлөөлөл шийдвэр гаргах түвшинд ажллах ёстой. Төлөөлөл тэнцвэртэй бус байгаа хэсэгт зохицуулалт хийх буюу квотыг ашиглах нь боломжит аргуудын нэг л хувилбар. Хүйсийн квотыг Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуульд тусгаж байгаа нь сайшаалтай. Харин үүнийг хэрэгжүүлэх механизм, хариуцлагын тогтолцоог хэрхэн тусгахаас хэрэгжилт үр дүн нь шууд хамаарна. Тухайлбал, улс төрийн намыг төрөөс санхүүжүүлэхдээ үүрэг хариуцлагыг санхүүжилттэй нь уях замаар хэрэгжилтийг хангах нь хамгийн үр дүнтэй нь батлагдсан. Түүнчлэн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хүйсийн төлөөллийг тэнцвэржүүлэх зорилгоор намын нэрсийн жагсаалтын хүйсийн харьцааг тавь, тавь байхаар тусгасан байна. Гэвч намаас гаргасан нэр дэвшичгдийн лист нь хөдөлгөөнгүй байсан тохиолдолд хүйсийн тэнцвэр хангагдана. Эс бөгөөс энэ нь урьдын л адил бэлгэ тэмдгийн шинжтэй зохицуулалт болох эрсдэлтэй тул олон нийт, сэтгүүлч, судлаачид үүнийг анхаарч, шаардлагаа тавих нь зөв.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр могой өдөр DNN.mn

Аргын тооллын дөрөвдүгээр
сарын 17, Сумъяа гариг.
Билгийн тооллын 27, шувуун
хошуут одтой, хөхөгчин могой
өдөр. Өдрийн наран 6:00 цагт
мандан, 19:44 цагт жаргана. Тухайн өдөр
үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд
эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур
хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал,
адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх,
газар лусын зан үйл хийх, өр барагдуулах,
гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын
ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь,
хонь, нохой, гахай болой. Хол газар яваар
одогсод баруун хойш мөрөө гаргавал
зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал
өлзийтэй сайн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна DNN.mn

Дөрөвдүгээр сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +5…+7 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -1…-3 градус хүйтэн, өдөртөө +6…+8 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -4…-6 градус хүйтэн, өдөртөө +5…+7 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “ҮХНӨ-ийг энэ хавар хэлэлцэж, УИХ 152 гишүүнтэй болж Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болно” хэмээн өгүүллээ DNN.mn


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Эрдэнэс Таван толгой” компанийн БЭТ,
Сангийн яамны Төрийн
нарийн бичгийн дарга Ж.Ганбат “Мухар төмөр замуудаа
яаралтай холбож байж нүүрсээ
амжилттай борлуулж чадна
гэснийг V нүүрээс дэлгэрүүлж уншаарай.

Элийрэгч буюу Ц.Уянга “Би сошиал орчин бодит
амьдрал биш гэдгийг
харуулахыг хичээдэг” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “ҮХНӨ-ийг энэ хавар хэлэлцэж,
УИХ 152 гишүүнтэй болж Ерөнхийлөгчийг
парламентаас сонгодог болно” хэмээн өгүүллээ.

Ордны “шивнээ”: ерөнхийлөгчид
загнуулсан гурван сайд, нэг
гишүүн гомдолтой явна

“Legal Service Center”-
ийн хуульч, өмгөөлөгч
Г.Жалбуу “Хэн нэгнийг үндэслэлгүйгээр баривчилж
хүний эрхийг зөрчих тохиолдол байсаар байна”
гэв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ-ын сугалааны тохирол ирэх лхагва гаригт явагдана DNN.mn

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол энэ сарын 19-нд буюу ирэх лхагва гарагт явагдана. Үүнд гуравдугаар сарын 1-31-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримтыг хамруулах юм.

Тохирлыг тухайн өдрийн 13:00 цагт Боловсрол суваг телевиз болон гар утасны Ebarimt аппликейшнаар орон даяар шууд дамжуулна.

Categories
мэдээ цаг-үе

Манай улсын тамирчид чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс есөн медаль хүртэв DNN.mn

Казахстан улсын Астана хотод чөлөөт бөх, сонгомол барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 9-14-ний өдрүүдэд болж өнгөрлөө.

Уг тэмцээнээс манай улсын чөлөөт бөхийн тамирчид нэг алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртэж, амжилттай оролцсон байна. Шигшээ багийн эрэгтэй тамирчид 120 оноогоор дөрөвдүгээрт, эмэгтэй багийнхан 117 оноотой багийн дүнгээр зургаадугаар байрт оров.

Азийн АШТ-ий медальтнууд:

  1. Мөнхтөрийн Лхагвагэрэл 125 килограммын жинд алтан медаль
  2. Төмөр-Очирын Тулга 65 килограммын жинд мөнгөн медаль
  3. Пүрэвдоржийн Орхон 62 килограммын жинд мөнгөн медаль
  4. Чинболын Отгонтуяа 55 килограммын жинд мөнгөн медаль
  5. Түмэнбилэгийн Түвшинтулга 61 килограммын жинд хүрэл медаль
  6. Олонбаярын Сүлдхүү 74 килограммын жинд хүрэл медаль
  7. Ганбаатарын Ганхуяг 92 килограммын жинд хүрэл медаль
  8. Бат-Очирын Болортуяа 53 килограммын жинд хүрэл медаль
  9. Энх-Амарын Даваанасан 72 килограммын жинд хүрэл медалийн эзэн болжээ.