Categories
мэдээ нийгэм цаг-үе

DNN-SPEAK OUT: Та юунд бухимдаж байна, бас юунд баярладаг вэ? DNN.mn

Энэ удаагийн “DNN-SPEAK OUT” булангаар Ялалтын талбайгаар зөрж өнгөрч буй иргэдээс юунд бухимддаг, юунд баярладаг талаар асуулаа.


Хан-Уул дүүргийн иргэн Б.Цэндмаа: “UBcab”-ийн хамт олонд их талархдаг. Машингүй бидний байнгын хэрэглээ байдаг даа. Мөн “CU” үйлчилгээний байгууллага, онлайн шопуудын хүргэлтэд баярладаг.

Ер нь тэгээд хүний цаг завыг хэмнэсэн хялбар үйлчилгээнүүдэд баяртай байдаг. Харин хүнийг дэмждэггүй өөнтөгчдөд бухимддаг. 

Нийгмийн даатгал нь цалингийн талыг нь авчихдаг. Шударгаар хөдөлмөрлөж яваа нэгний урдуур, арын хаалгаар, долиглосон нь илүү амьдардаг. Зээл л хийхгүй бол одоо байгаагаасаа илүү зүйл хийхэд энэ нийгэм нь хэцүү байна шүү дээ. Тэгээд зээлээ хуваагаад төлөхөд хүүг нь төлчихсөн байх жишээний. Ийм л байна.

Чингэлтэй дүүргийн IV хорооны иргэн Ч.Мягмарсүрэн: Манай улсад чинь тэгээд болдгоосоо болохгүй зүйл л их ярих юм даа. Үр хүүхдээ сайн сайхан нийгэмд амьдруулчих гээд л ажиллаж хөдөлмөрлөх юм. Томчууд нь идээд, дундаж амьдралтай иргэд нь зүтгээд, үлдсэн хэд нь халамждаа л амьдарч байна. Гуравхан сая иргэнээ сайхан аваад явчих толгойтой хүн гарч ирвэл баярлах зүйл нь тэр юм даа.

Иргэн З.Болдмаа: Үр хүүхэд, амьдралаа энгийн сайхан авч явж байгаадаа л баярладаг. Хувьдаа баярлах зүйл маань энэ. Ер нь гурван сая иргэнээ олигтойхон амьдруулж чадахгүй байгаад л маш их бухимдалтай явдаг. Энэ байтугай олон хүн амтай улс сайхан амьдраад л байна. Манайд бол ажилгүйдэл нэмэгдсээр. Улам л доройтоод…

Иргэн н.Доржханд: Сайхан сэтгэлтэй, ноён нуруу, буурьтай зан чанартай хүнтэй ярилцахад тэр өдөртөө л баяртай явдаг. Харин өөдгүй хулчгар, муу санаатай хорон хүнд хамгийн дургүй. Нийгмийн болж бүтэхгүй зүйлийг шүүмжилж суухаас яриагүй нь бараг дээр байх гэж боддог. Сүүлийн үед гадаад л явах мөрөөс боллоо.

Чингэлтэй дүүргийн иргэн н.Даариймаа: Нийгэм гэхээр захын хүн л шүүмжилнэ. Тиймээс би шүүмжлэхгүйгээр зарим нэг зүйлийг нь магтмаар байна. Хуучин автобусаа шинэчлэн шинэ автобус оруулж ирж байгаад мөн иргэн төвтэй байх гэж хичээж байгаад баярлаж байна. Саяхан төрийн ордны хашааг будсан байна лээ. Түүнийг фэйсбүүкээр бүгд л шүүмжлэх юм.

Нэг зүйл хийхээр бүгд л хошууран шүүмжилж байх юм. Тэгж өөрсдийгөө  бухимдуулж яадаг юм. Түүний оронд хааяа нэг магтчих хэрэгтэй. Хийх нь хийж л байна. 

Аливаа асуудалд хандах хандлага тань амьдралын чанарыг нь тодорхойлдог. Өөрийгөө хайрлаж халамжилж хамгаалж чаддаг хүн чанартай амьдралтай байна.

Categories
гадаад мэдээ нийгэм

Жо Байден ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө DNN.mn

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд улиран сонгогдохын төлөө өрсөлдөнө гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Ж.Байдендүрс бичлэгээр дамжуулан мэдэгдэл хийх үеэрээ “эхлүүлсэн үйл хэргээ дуусгах” боломжийг олгохыг сонгогчдоосоо хүссэн байна. Тэрээр 2020 оны сонгуулийн компанит ажлаа мөн дөрөвдүгээр сарын 25-ны өдөр эхлүүлж байсан аж.

Өдгөө 80 настай Ж.Байден хэдийнээ АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр настай ерөнхийлөгч болсон юм. Хэрвээ тэрбээр 2024 оны 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялбал бүрэн эрхийн хоёр дахь хугацаа нь дуусах үед 86 нас хүрэх болно.

Categories
мэдээ нийгэм

УУХҮЯ: Нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 4.5 дахин өсчээ DNN.mn

Дөрөвдүгээр сарын 14-өөс 20-ны өдрүүдэд нүүрс экспортын 11,145 автомашин, 1,326 чингэлэг тээвэр, 981 AGV тээвэр хийгдсэн байна. Тухайн хугацаанд 1,455.8 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн 4 дахин өссөн. Оны эхнээс 17,888.3 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 14,633 мян.тн-оор буюу 4.5 дахин өссөн байна.

Харин 136 автомашин, 209 чингэлэг тээврээр зэсийн баяжмал экспортолсон байна. Оны эхнээс нийт 439.5 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 5 хувиар өсжээ.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 4 автомашин, 1,375 чингэлэг тээвэр хил нэвтэрсэн. Оны эхнээс нийт 1,595.3 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 77 хувиар өсөв. Тайлант 7 хоногт 97.2 мян.тн төмрийн хүдэр, баяжмал хилээр гарчээ.

Төв банк оны эхнээс энэ сарын 20-ны өдрийн байдлаар 3.16 тонн алт худалдан авсан байна.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 37 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 49%, зэсийн баяжмал 31.4%, төмөр 18.9%, алт 15.8%, газрын тос 22.1%, цайр 64.8%, хайлуур жонш 54.5% тус тус байна.

Categories
булангууд гадаад мэдээ шинжлэх-ухаан-технологи

​Японы эрдэмтэд уян дуран бүтээжээ DNN.mn

Японы судлаачид цусны судас, мэдрэлийн судлыг шинжлэн судлах дуслын тарианы зарим зүүнээс ч нарийхан голчтой уян дуран бүтээжээ. Энэхүү 1.25 мм-ийн голчтой дуранг ашиглан өвдөгний үе мөчний шинжилгээ хийхэд өвчтөнд өгөх ачаалал буурна гэжүзэж байгаа аж. Одоо ашиглаж буй технологиорэнэхүү шинжилгээг мэдээ алдуулагч хэрэглэн мэс заслын аргаар хийдэг. Харин уг дуранг маш жижиг хэмжээний нүхээр буюу тухайлбал, дуслын тарианы зүүгээр дамжуулан хүний биед оруулах боломжтой болсон гэнэ. “Энэ дуран бол маш нарийхан хэрнээ дамжуулж буй дүрсний чанар нь маш сайн байх тул өмнө нь харж чадахгүй байсан хэсгүүд буюу жишээлбэл судас, мэдрэлийн судлуудын дотор талыг харах боломжтой болно. Энэ дуранг зөвхөн үе мөчний холбоос төдийгүй, хүний биеийн бусад хэсгүүдийг шинжлэхэд ч ашиглах боломжтой” гэж судалгааны багийн гишүүн Кейогийн Их сургуулийн анагаах ухааны факультетын профессор Масая Накамура мэдэгджээ.

Энэхүү уян дуранг бүтээхийн тулд эрдэмтэд тусгай шилэн мяндасны шинж чанарыг ашигласан бөгөөд энэ нь линзтэй адилхан гэрлийн хугарлыг ашиглан дүрс дамжуулах боломжийг олгох аж. Ийм дуранг хуванцараар үйлдвэрлэж болох юм байна. Ингэснээр үйлдвэрлэлийн зардал багасаж, мөн өвчтөнд үзүүлэх сөрөг нөлөө маш бага болно гэж эрдэмтэд үзэж байгаа бөгөөд хэт нарийн энэ дуранг 2024 оноос хэрэглээнд нэвтрүүлэх ажээ.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Солонготын даваанд халтиргаа гулгаа үүсчээ DNN.mn

А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн авто замын Солонготын давааны хэсэгт цас орж халтиргаа гулгаа үүссэн тул анхаарал болгоомжтой зорчихыг “Завхан АЗЗА” ТӨХК-иас анхааруулж байна.

Цаг уур орчны шинжилгээний газраас өнөөдөр Дундговийн нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Булганы өмнөд, Архангайн зүүн, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэхийг анхааруулсан.
Мөн баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурч нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байх тул аль болох холын замд зорчихгүй байхыг анхааруулж байна.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Болормаа: Улс төрийн зорилготой дайралтууд ирдэг ч үүнд нь эмзэглэхээсээ илүү харамсдаг DNN.mn


Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Өнгөрсөн долоо хоногт төрийн тэргүүн болоод Их хурал, Засгийн газрын гишүүд танай аймагт ажиллалаа. Энэхүү албан томилолтын хүрээнд ямар асуудал шийдэгдэв. Энэ талаар та товчхон ярихгүй юу?

-Таны хэлдгээр Монгол Улсын төрийн тэргүүн У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш анх удаа Ховд аймагт ирлээ. Гурван хоногийн хугацаанд манай аймагт ажиллалаа.

Ингэхдээ Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын үйл явцтай танилцлаа. Ховд эко цементийн үйлдвэрийн нээлтэд оролцож, манай аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн албан хаагч, эмч, ажиллагсадтай уулзалт хийлээ. Мөн шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлсэн.

Үүнээс гадна Ховд аймгийн үйлдвэр технологийн шинэ парктай танилцсан гээд Ерөнхийлөгчийн орон нутагт хийсэн томилолт үр дүнтэй болсон гэж үзэж байгаа.

-“Ховд эко” цементийн үйлдвэр ашиглалтад орлоо. Энэхүү үйлдвэрийн ач холбогдол Ховдод төдийгүй баруун бүс цаашлаад улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд хэрхэн нөлөөлөх бол?

-Цементийг барилгын салбарын талх гэж ярьдаг. Хөдөөгийн сэргэлтийн хамгийн чухал зүйл бол барилгажилт. Тэр утгаараа орон нутгийн иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, төвлөрсөн суурин хот, сумдын утааны асуудлыг шийдвэрлэхэд энэхүү “Ховд эко” цементийн үйлдвэр маш том нөлөө үзүүлнэ гэж харж байгаа.

Нөгөөтээгүүр энэхүү үйлдвэр ашиглалтад орсноороо баруун таван аймгийн цементийн хэрэглээг бүрэн хангахаас гадна үнэ ханшийн хувьд Улаанбаатар хотынхтой адилхан байна гэсэн үг. Магадгүй зарим цементээс өртөг бага ч байж мэднэ. Одоогийн байдлаар тус үйлдвэрийн зүгээс бидэнд ирүүлсэн мэдээллээр задгай цемент тонн нь 363 мянган төгрөгөөр борлуулагдана гэсэн.

Энэхүү үйлдвэр ашиглалтад орохоос өмнө буюу намайг өнгөрсөн жил Засаг даргаар томилогдон ирж байхад манай энд нэг тонн цемент 700 гаруй мянган төгрөгт хүрч байсан. Өөрөөр хэлбэл дээрх үнээс хоёр дахин илүү өндөр ханштай байсан гэсэн үг. Тиймээс энэ өртгийг хоёр дахин буулгаж ард иргэдэд борлуулах болсон нь бидний хувьд аль хэдийнээ тус үйлдвэрийн үр шимийг хүртэж эхэлсэн гэж ойлгож болно. Товчхондоо энэхүү үйлдвэр нь Ховд аймагт гэлтгүй баруун бүсийн хувьд томоохон бүтээн байгуулалт болсон.

-Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт энэ зунаас эхлэх гэж байна. Маргаантай олон асуудал бий. Эдгээр асуудлыг Засаг даргын хувьд хэрхэн шийдэж, иргэд олон нийтэд зөв ойлголт өгч ажиллаж байна вэ?

-Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын хувьд баруун бүс гэлтгүй Монгол Улсын хэмжээнд яригдаж байгаа стратегийн чухал төсөл өө. Та энэхүү төсөл дээр маргаантай олон асуудал байгаа гэж хэллээ. Миний хувьд энэ асуудалд тантай санал зөрөлдөж байна. Яг бодит байдал дээрээ баруун бүс тэр дундаа Ховдын ард түмэн энэхүү төслийг маш их дэмжиж байгаа. Үүнийг би хариуцлагатай хэлье.

Бүгд хоёр гараа өргөөд, бүр биднийг наад ажлаа хурдан хийгээч гэж шаардан дэмжиж байна. Өөрөөр хэлбэл Эрдэнэбүрэний усан цахилгаан станцыг бүтээн байгуулах ажлыг баруун бүсийн иргэдийн 95 хувь нь дэмжиж байгаа гэдгийг миний хувьд ямар ч эргэлзээгүй хэлж чадна. Учир нь үүнийг олон удаагийн судалгаа, баримтууд нотлох юм.

Өөрөөр хэлбэл тус төслийн багийн надад ирүүлсэн тайлан мэдээллийг үндэслэж би ингэж тодорхой хэлж байна гэж ойлгож болно. Мэдээж зуун хувь бүгдэд таалагдах, бүгдийнх нь дэмжлэгийг авна гэж байхгүй. Энэ бол дэлхийд байдаг практик. Хаана ч ямар ч том төсөл эхлүүлэхэд бүгд зуун хувь дэмждэггүй. Яг л үүнтэй адил зарчмаар энэхүү төсөл явж байгаа. Мэдээж 90 мвт-ын усан цахилгаан станц гэхээр урьд өмнө нь Монгол Улсад баригдаж байгаагүй бүтээн байгуулалт.

Тэр дундаа орон нутагт баригдаж байгаа учраас ойр орчимдоо буюу байгальд, соёлын өвд, бэлчээр зэрэгт хэрхэн нөлөөлөх үү. Мөн нүүлгэлт, шилжилт хийгдэж байгаа иргэдэд яаж нөлөөлөх вэ гэх мэт асуудлууд бий. Үүнийг би Ховд аймгийн Засаг дарга болоод Баруун бүсийн зөвлөлийн даргын хувьд бүсийнхээ иргэдтэй уулзаж, энэ талаар ойлгуулах. холбогдох албаныхантай хамт иргэдтэй уулзаж, танилцуулах ажлуудыг идэвхтэй хийж байгаа. Үүний үр дүнд тодорхой дэвшил гарсан.

Товчхондоо сошиал, зарим хэвлэл дээр гарсан шиг эсэргүүцэл Ховд аймагг on байхгүй гэдгийг би баттай хэлж чадна. Сошиалд явагдаж байгаа харлуулалтад манай иргэд битгий автаарай, бодит байдлаа ойлгож. аль аль талдаа зөв хандлагаар хүлээн аваарай гэдгийг уриалж байна.

-Эрдэнэбүрэний УЦС ашиглалтад орсноороо баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ найдвартай, хараат бус болно гэж ярьж байна. Үнэндээ Дөргөний УЦС-ын төсөл анх яригдаж байхдаа яг ийм байдлаар олон нийтэд ойлгогдож байсан. Гэвч бага хүчин чадалтайгаар одоо ашиглагдаж байгаа. Энэ утгаараа Эрдэнэбүрэний УЦС энэ замаар орчих вий гэсэн болгоомжлол хаа хаанаа байна. Таны хувьд энэ асуудлыг яаж харж байна вэ?

-Энэхүү усан цахилгаан станц ашиглалтад орсноороо одоогоор эрчим хүчнийхээ 70 хувийг импортолдог баруун бүсийг зуун хувь дотоодод хангах боломжтой болно. Өөрөөр хэлбэл баруун бүс эрчим хүчээ зуун хувь дотооддоо хангадаг болно гэсэн үг. Таны асуусан шиг зүйл байхгүй. Энэ асуудалд бага зэргийн буруу ойлголт нийгэмд явж байх шиг байна.

Дөргөний усан цахилгаан станцын хувьд 12 Мвт-ын хүчин чадалтай. Уг станцыг байгуулж байх үеийн баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ маш бага байлаа шүү дээ. Өөрөөр хэлбэл одоогоос бараг 10 гаруй жилийн өмнөх төслийг ярьж байна. Гэтэл өнөөдөр баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ хэрхэн өргөжсөн билээ дээ. Нөгөөтэйгүүр хорин жилийн өмнө манай улс ямар байлаа. Тухайн үед ухаалаг утас битгий хэл гар утастай хүн ховор байсан цаг.

Зам харгуй ямар байв, эрчим хүчний хэрэглээ ямар байлаа гэдгээ сайн бодох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл 200 гаруй сум төвлөрсөн эрчим хүчний шугамд холбогдоогүй байсан үеийг өнөө үетэй харьцуулж байна гэсэн үг. Тэгэхээр Эрдэнэбүрэний усан цахилгаан станц 90 Мвт-ын хүчин чадалтай гэдэг нь Дөргөний станцаас найм, ес дахин илүү гэсэн үг.

Дээрээс нь баруун бүсийг тэр чигээр нь сэргээгдэх эрчим хүчээр хангана гэсэн тооцооллыг төслийн багийн зүгээс удаа дараа гаргаж ирсэн. Тэгэхээр баруун бүсийн хувьд жил болгон долоон хувиар эрчим хүчний хэрэглээ өсдөг. Энэ графикаар тооцвол арван жилийн дараа гэхэд эрчим хүчний өнөөгийн систем хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр Эрдэнэбүрэний усан цахилгаан станц нь энэхүү тооцооллыг бүрэн хангана. Магадгүй бидний тооцоолсноос хурдтай эрчим хүч өсвөл тэр үед дахиад хоёр дахь Эрдэнэбүрэний төслийг ярихаас өөр аргагүй байдалд орно.

-Үндсэндээ Ховд аймагт дээрх хоёр том бүтээн байгуулалт эхэлснээрээ албан ёсоор баруун бүсийн тулгуур төв гэдгээ батлах шиг боллоо. Цаашдаа ямар том бүтээн байгуулалтыг эхлүүлэх бодолтой байгаа вэ. Нөгөөтэйгүүр Ховд аймагт тулгамдсан асуудал юу байна вэ?

-Зөвхөн энэ хоёр том бүтээн байгуулалт гэлтгүй өөр олон зүйлээрээ Ховд аймаг баруун бүсийн тулгуур төв гэдгээ баталдаг болов уу гэж би бодож байна. Цаашид хийгдэх том бүтээн байгуулалтын хувьд гэвэл Үйлдвэр технологийн паркийг босгох асуудал яригдаж байна. Энэ паркийн хувьд нийтдээ 3,000 орчим ажлын байрыг бий болгоно.

Мөн мал аж ахуй, дайвар бүтээгдэхүүний үйлдвэрийг энэхүү парк дээр байгуулахаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам дээр төсөл нь хэрэгжээд явж байна. Улсын төсвөөр дэд бүтцийг нь байгуулаад хувийн аж ахуйн нэгжүүд үйлдвэрээ барих төр, хувийн хэвшлийн зарчим дээр хэрэгжих төсөл юм. Цаашдаа зөвхөн энэ төсөл гэлтгүй хувийн хэвшил орж ирээд томоохон бүтээн байгуулалт хийхийг бид үгүйсгэхгүй. Үүнд бид нээлттэй байгаа.

-Том бүтээн байгуулалтаа дагаад Ховдод амьдрах иргэдийн урсгал нэмэгдэнэ. Тэр утгаараа Ховд аймагт ажиллаж, амьдрах бололцоо бүрэн шийдэгдсэн гэж үзэж болох уу?

-Засгийн газрын зүгээс Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Нээлттэй аймаг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлийг орон нутгийн удирдлагуудад өгсөн. Үүний хүрээнд аймаг, орон нутаг хүн амынхаа тоог 10 хувиар өсгө гэсэн чиглэл ирсэн. Энэ утгаараа Ховд аймгийн хувьд 90 мянга гаруй хүн амтай. Үүнийг 100 мянга болгох шаардлагатай гэсэн үг.

Тэр утгаараа хүн амаа нэмэх, иргэдийн урсгалыг татах нь Ховд аймгийн нэн тэргүүний зорилт байгаа. Учир нь хүн байж хөгжил явагдана. Хүн байж ажил хийгдэнэ. Ажил хийгдэж байж бүтээн байгуулалт, хөгжил бий болно гэсэн үг.

Тэгэхээр бидний хувьд үүнийг гурван шат дараатай төлөвлөгөөгөөр харж байгаа.

Эхнийх нь аялал жуулчлал. Ховд аймагт ирж үзээгүй хүн хэзээ нэг өдөр бүх зүйлээ баглаад нүүгээд ирэхгүй шүү дээ.

Хоёрт, аж ахуйн нэгж болон хөрөнгө оруулагчдыг татах. Энэ хүрээнд өнгөрсөн нэгдүгээр сард Ховд аймагт хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүд оролцсон том чуулга уулзалтыг зохион байгуулсан. Үүний үр дүнд өнгөрсөн нэгдүгээр сараас эхлээд шинээр 100 гаруй аж ахуйн нэгж нэмэгдэж, мөн Улаанбаатар хотын томоохон аж ахуйн нэгжүүдийн долоон төрлийн салбар манай аймагт нээгдсэн байна. Ер нь бизнесийн ээлтэй орчин гэдэг бол цэвэр тогтвортой засаглалыг л хэлдэг.

Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлснээр гурав дахь төлөвлөгөөний дагуу иргэд Ховд аймгийг зорин ирэх болно гэж тооцоолж байгаа. Ховд аймагт ажиллаж, амьдрах нөхцөл бололцоо бүрэн байгаа гэдэгт би итгэдэг. Миний хувьд Ховд аймагт амьдарч байна. Манай аймагт амьдралын чанар баталгаа өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа.

-Таны хувьд Засаг даргын албанд томилогдсон цагаасаа эхлээд улс төрийн хувьд зарим нэг гүтгэлэг дайралтуудыг авч байгаа. Үүнд та эмэгтэй улстөрчийнхөө хувьд эмзэглэдэг үү. Ямар байдлаар хүлээн авдаг вэ?

-Ямар нэгэн өөрчлөлт шинэчлэлт тодорхой хэмжээний өвдөлттэй ирдэг. Мөс хагална гэдэг бол маш том үүрэг хариуцлага. Тэгэхээр миний хувьд үүнийг сөргөөр хүлээн авахаас илүүтэй хүмүүс шинэ зүйлтэй нүүр тулж байна гэж ойлгодог.

Хэвлэлээр гарч байгаагаар бол миний хувьд анхны эмэгтэй аймгийн Засаг дарга гэж ойлгосон. Тэр утгаараа би ч гэсэн энэ ажлыг анх удаа хийж байна. Иргэд маань ч гэсэн эмэгтэй аймгийн даргатай байх ойлголтыг анх удаа авч байгаа. Ардчилсан орон учраас шүүмжлэл мэдээж хэрэгтэй. Гэхдээ гүтгэлэг, дайралтуудын хэм хэмжээ гэж байх ёстой.

Хөнгөн гүтгэлэгт эмзэглэдэггүй. Улс төрийн зорилготой дайралтууд ирдэг ч үүнд нь эмзэглэдэг гэхээсээ илүү харамсдаг. Учир нь бид цөөхүүлээ. Ийм цөөхөн ард түмэн аль болох эв нэгдэлтэй, улс орныхоо хөгжлийн чигийг нэг сэтгэл зүрхээр хардаг байх ёстой. Аливаа зүйлд туйлширсан улс төржилт хэрэггүй. Гэхдээ аймаг, орон нутгийн хувьд улс төржилт улам ихэссэн байдаг. Энэ улс төрийн зорилготойгоор ирж байгаа гүтгэлэг, дайралтууд бодит байдал дээр хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байгаагаас л үүсэлтэй. Тиймээс үүнийг би заримдаа эергээр нь хардаг.

-Таныг баруун аймагт тэр дундаа Ховдод гэр бүлтэй болох гэж байгаа гэх юм. Үнэхээр Ховдод гэр бүлтэй болохоор төлөвлөж байгаа юу?

-Энэ асуудлыг би танаас л анх удаа сонсож байна. Миний мэдэхээр одоогоор ийм асуудал надад байхгүй байгаа. Олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл гардгийн жишээ юм. (инээв)

-Ховд аймгийн хувьд хаваржилт ямар байна вэ. Өнгөрсөн долоо хоногт ширүүхэн салхи шуургатай байлаа…?

-Хүндхэн өвлийг харьцангуй хохирол багатай давж чадсан. Малчдын бэлтгэл сайн байлаа. Аймгийн хэмжээнд өвс тэжээлийн нөөц хангалттай бэлдсэн байсан. Тэр утгаараа ширүүн өвлийг харьцангуй хохирол багатай тууллаа. Ховдын хавар ямар байдаг вэ гэдгийг ховдчууд бүгд мэднэ. Ховд нутагт хавар цаг угаасаа салхи шуурга ихтэй байдаг. Хаврын хавсарга гэж ярьдаг, тэр утгаараа гайхах зүйл биш болов уу.

-Хөшөөтийн уурхай Ховдын Дарви, Цэцэг сумдын нутагт үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ уурхай Ховдод болоод улсын эдийн засагт ямар ач холбогдолтой байна вэ?

-Ховд аймгийн эдийн засгийг бүрдүүлэгч томоохон төсөл бол Хөшөөтийн уурхай. Өнгөрсөн жил түүхэн дээд хэмжээнд хүрсэн нүүрсний экспортыг хийсэн. Үүний үр дүнд орон нутгийн хөгжлийн сангийн орлого төвлөрөлт нэлээд ихээр нэмэгддэг. Ер нь аймаг орон нутаг маань төсвөө яаж бүрдүүлдэг вэ гэдгийг товчхон хэлье. Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй бизнесүүдийн буюу аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувийг нь аймагтаа авч үлддэг.

Монгол Улсын хэмжээнд зургаан аймаг л төсвөө өөрсдөө бүрдүүлж чадаж байгаа. Харин үлдсэн аймгуудын хувьд дандаа улсаас татаас авдаг. Тэр дагуу манай аймаг ч гэсэн улсаас татаас авч байгаа. Бидний хувьд 2024 он гэхэд зуун хувь орлогоо өөрсдөө бүрдүүлдэг аймаг болох зорилтыг тавиад аж ахуйн нэгжүүдээ уриалаад ажиллаж байна. Үүний том нөлөөлөл бол таны асуусан Хөшөөтийн уурхай юм.

Эдийн засгийн хувьд ач холбогдолтой ч гэсэн тус уурхайг нийгэм, эдийн засгийн орон зайны хувьд илүү сайжруулах шаардлагатай байгаа. Төр, иргэн, хувийн хэвшил гэх гурван талд гэрээний хүрээнд ажлын хэсэг байгуулагдсан. Энэхүү ажлын хэсэг дээр тус уурхайн үйл ажиллагааг сайжруулах тэр дундаа хариуцлагатай уул уурхай болгох чиглэлд түлхүү анхаарч ажиллаж байгаа. Төр бол мэдээж бодлогоо тодорхойлоод явна. Мөн бодлогын хэрэгжилтийг хангах үүрэгтэй.

-Ховдын боомтуудын сэргэлтэд таны хувьд ямар бодлого барьж ажиллаж байна. Хил гааль, нүүрсний асуудал нийгэмд хурцаар яригдаж байна шүү дээ?

-Манай аймгийн хэмжээнд гурван боомт бий. Баруун таван аймгийн есөн боомт байдгаас манайд гурав нь байдаг. Үүний хоёр нь хуурай газрын боомт. Гурав дахь боомт бол манай аймагт байрлах олон улсын нисэх буудал буюу агаарын боомт. Хил гааль, нүүрсний асуудлын хүрээнд яривал манай хуурай газрын боомт буюу Булганы боомтоор нүүрсний экспорт явагддаг. Улс орны хэмжээнд нүүрсний асуудал яригдаж байгаатай холбоотойгоор аймаг. орон нутагт ажлын хэсэг гаргаж, шалгалт оруулсан байгаа. Мөн УИХ- аас томилогдсон боомт болон нүүрсний асуудлыг шалгах түр хорооны ажлын хэсэг манай аймагт ирж Булган боомт дээр очиж ажилласан. Цаашид боомтын сэргэлтийн хүрээнд аймаг орон нутгийн хувьд Булганы боомт дээр түлхүү анхаарч ажиллаж байна. Булган боомтын хувьд нэг гарц, нэг орцтой. Тэр утгаараа хязгаарлагдмал боомт гэж хэлж болно.

Үүнийг өргөжүүлэх, шинэ гарцыг нээхээр Хятад улсын талтай аймаг, орон нутгийн хэмжээнд яриа хэлэлцээр хийж, тохиролцоонд хүрч байгаа. Одоогийн байдлаар энэхүү асуудлаа Засгийн газрын түвшинд уламжлах ажлыг хийгээд явж байна.

Байтаг боомтын хувьд улирлын чанартай. Өөрөөр хэлбэл тус боомт жилийн 45 хоногт л ажилладаг. Тус боомтын хувьд дэд бүтэцгүй. Тэр утгаараа нэлээд хоцрогдсон боомтуудын нэг гэсэн үг. Тиймээс бидний хувьд эхлээд Булганы боомтын өргөжилтийн ажлыг хийчхээд дараагийн ээлжид Байтагийн боомтын асуудлыг тавина гэсэн зорилготойгоор ажиллаж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ DNN.mn

2023 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо 54,363 иргэн хөрөнгийн татвараа төлжээ. Тодруулбал, эдгээр иргэн хөрөнгийн татварт 755 сая төгрөгийг төвлөрүүлжээ.

Харин буцаан олголтын мөнгөө авах иргэдийн хувьд энэ долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд данс руу нь шилжүүлэхээр төлөвлөж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ.

Энэ оны 1,2,3 дугаар сард хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгох юм.

Манай улс НӨАТ-ын буцаан олголтод жилдээ 200 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг байна.

“НӨАТ-ын баримт бүртгүүлж байгаа өрхүүдийн 70 орчим хувь нь сард 14-17 мянган төгрөгийн буцаан олголт авдаг. Хэрэв буцаан олголтын 2%-ийг 5% болгож нэмэгдүүлбэл нэг өрхөд очих мөнгө дунджаар 20,000 төгрөг болно” хэмээн Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн мэдээлж байв.

Categories
мэдээ нийгэм

Улсын хилээр 853.8 мянган зорчигч нэвтэрчээ DNN.mn

Манай улсын хилээр энэ оны эхний улиралд 853.8 (давхардсан тоогоор) мянган зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 703.1 (5.7 дахин) мянгаар өссөн байна.

Ийнхүү өсөхөд цар тахлын нөлөө суларч, дэлхийн улс орнууд хилийн боомтоо нээж, хөдөлгөөний хязгаарлалт суларсан нь нөлөөлжээ. Улсын хилээр орсон зорчигчдын тоо энэ оны эхний улиралд 424.8 мянга байв. Тэдний 29.4 хувь нь Чингис хаан, 17.8 хувь нь Замын-Үүд, 16.7 хувь нь Гашуунсухайт, 12.7 хувь нь Алтанбулаг, 5.6 хувь нь Шивээхүрэн, 17.8 хувь нь бусад боомтоор оржээ. Улсын хилээр орсон зорчигчдын 338.6 (79.7 хувь) мянга нь Монгол Улсын иргэн, 86.2 (20.3 хувь) мянга нь гадаад улсын иргэн аж.

Улсын хилээр 2023 оны эхний улирлын байдлаар гадаадын 86.2 мянган хүн орсон нь өмнөх оны мөн үеийнхээс 71.7 мянгаар буюу 5.9 дахин нэмэгдсэн байна. Тэдний 87 хувь нь 30 хүртэл хоног, 2.9 хувь нь 30-90 хоног, 10.1 хувь нь 90, түүнээс дээш хоногийн хугацаагаар ирснийг Үндэсний статистикийн хорооны нийгэм, эдийн засгийн мэдээнд тэмдэглэжээ.

Энэ оны эхний улиралд улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 80 (92.8 хувь) мянга нь насанд хүрсэн хүн, 6.2 (7.2 хувь) нь хүүхэд байв. Нийт зорчигчдын 49 (56.8 хувь) мянга нь эрэгтэйчүүд, 37.2 (43.2 хувь) мянга нь эмэгтэйчүүд байлаа. Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 61.4 хувь нь Европ, 34.5 хувь нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг, 2.1 хувь нь АНУ, 2 хувь нь Ойрх Дорнод, Өмнөд Ази, Африк тивээс иржээ. Хилээр орсон гадаадын зорчигчдын 56.7 хувийг ОХУ-ын, 17.5 хувийг БНХАУ-ын иргэд, 8.9 хувийг БНСУ-ын иргэд, 2.5 хувийг Казахстан Улсын иргэд, 1.7 хувийг Беларусь улсын иргэд, 1.6 хувийг Канадын иргэд 11.1 хувийг бусад улсын иргэд эзэлж байв.

Хилээр нэвтэрсэн жуулчдын тоо энэ оны эхний улиралд 78.1 мянга болсон нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 65.8 (6.4 дахин) мянгаар өссөн байна. Энэ оны эхний улирлын байдлаар хилээр орсон жуулчдын тоог өмнөх оны мөн үеийнхтэй зорчсон улсаар нь харьцуулбал ОХУ-ын жуулчид 42.2 (10.2 дахин), БНХАУ-ын жуулчид 10.2 (7.6 дахин), БНСУ-ын жуулчид 5.7 (5дахин) мянга, АНУ-ын жуулчид 540 (1.9 дахин)-өөр нэмэгджээ.

Манай улсын 349.5 (давхардсан тоогоор) мянган иргэн энэ оны эхний улиралд гадаадыг зорьсноос 217.8 (62.3 хувь) мянга нь аялал жуулчлалын зорилгоор зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс 178.3 (5.5 дахин) мянгаар өссөн бол 131.6 (37.7 хувь) мянга нь ажиллах, суралцах, байнга оршин суух зорилгоор зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс 107.8 (5.5 дахин) мянгаар нэмэгдсэн байна.

Гадаадад зорчсон Монгол Улсын иргэдийн 330.2 (94.5 хувь) мянга нь насанд хүрсэн зорчигч, 19.2 (5.5 хувь) мянга нь хүүхэд, 247 (70.7 хувь) мянга нь эрэгтэй, 102.5 (29.3 хувь) мянга нь эмэгтэйчүүд байна. Тэдний 331.4 (94.8 хувь) мянга нь 30 хүртэл хоног, 4.8 (1.4 хувь) нь 30-90 хүртэл хоног, 13.2 (3.8 хувь) мянга нь 90, түүнээс дээш хоногийн хугацаагаар зорчжээ. Улсын хилээр энэ оны эхний улиралд 609.3 (давхардсан тоогоор) мянган тээврийн хэрэгслийг нэвтрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 355.6 (2.4 дахин) мянгаар өсжээ. Тэдгээрийн 48.7 хувийг ачааны, 8.1 хувийг суудлын машин, 40.9 хувийг ачааны вагон, 2.3 хувийг бусад тээврийн хэрэгсэл эзэлж байна. Нийт тээврийн хэрэгслийн 38.2 хувь нь Замын-Yүд, 23.3 хувь нь Гашуунсухайт, 7.9 хувь нь Шивээхүрэн, 6.7 хувь нь Алтанбулаг, 23.9 хувь нь бусад боомтоор нэвтэрсэн аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгээр 6-17 насныхан 8 төрлийн үзлэг, оношилгоонд хамрагдана DNN.mn

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн “Хүүхдийн багц-2” буюу 6-17 насанд дараах 8 төрлийн үзлэг, оношилгоо багтана.

Энэ багцын үзлэг, шинжилгээг товлолын дагуу зөвхөн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хийлгэнэ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар 0-18 насны хүүхдийн шимтгэлийг төр хариуцан төлж сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар тооцон ЭМД-ын санд шилжүүлдэг.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Өвөрхангай, Дундговийн нутаг, Баянхонгор, Булганы өмнөд, Архангайн зүүн,Төв аймаг болон Өмнөговийн баруун хэсгээр эсвэл нутаг салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2023 оны дөрөвдүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, Дорнод-Дарьгангын тал нутгаар 12-17 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 10-12 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 11-13 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. 10-12 хэм дулаан байна.


2023 оны дөрөвдүгээр сарын 27-ноос
2023 оны тавдугаар сарын 01-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн газраар, 30-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 27, 28-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, 30-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр секундэд 16-18 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. 29, 30-нд ихэнх нутгаар дулаарна.