Categories
гадаад мэдээ нийгэм

​Барууны танкууд Украинд ирэв DNN.mn


Удаан яригдсан Германы танкууд Украинд ирсэн гэдгийг Берлиний эрх баригчид мэдээлжээ. Энэ оны нэгдүгээр сарын сүүлээр Герман улс 18 ширхэг Leopard 2 танкийг Украинд нийлүүлэх шийдвэрээ зарлаж байсан юм. Мөн Европын бусад улсуудад Leopard 2 танкаа реэкспортлох зөвшөөрөл өгсөн. АНУ-ын засаг захиргаа бас өөрийн үйлдвэрийн 31 ширхэг M1A2 Abrams танкийг Украинд нийлүүлэх шийдвэр гаргаж байв. Португал улс гурав, Швед улс 10 ширхэг Leopard 2 танк илгээхээр болсон бол Польш улс Leopard 2 танкийн A4 хэмээх хуучин загварын нэг батальоныг илгээхээр болсон байсан билээ.

“Амласан ёсоор бид танкуудаа цаг хугацаанд нь Украины талд хүлээлгэж өглөө. Эдгээр танкууд фронтын нөхцөл байдлыг өөрчилж чадна гэдэгт би итгэлтэй байна” гэж Германы батлан хамгаалахын сайд Борис Писториус мэдэгджээ. Танкуудыг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Украинд хилээр нэвтрүүлсэн бөгөөд тэдгээртэй хамт явган цэргийн хуягт машин “Marder” 40 ширхэг, танк чирэгч машин хоёр ширхгийг нийлүүлжээ.

Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Украины цэргүүдийг Германы Доод Саксон мужийн Мюнстер дэхь Бундесвейрийн бэлтгэлийн талбайд сургасан юм. “Украины цэргүүд сургалтын үеэр гайхалтай урам зоригтойгоо нотлоод зогсохгүй шинэ технологийг түргэн эзэмшдэгээ харууллаа” гэж Бундесвейрийн командлагч Бёрн Шульц хэвлэлд ярьжээ. Мөн “Leopard 2”” танкаас гадна Их Британийн илгээсэн “Challenger 2” танкуудыг хүлээж авснаа Украины батлан хамгаалах яам баталсан юм.

Categories
мэдээ нийгэм

“Виз найдвартай гаргана” гэх залиланд өртөхгүй байхыг зөвлөв DNN.mn

Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд гадаад улс оронд ажиллаж амьдрах нь нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор залилах гэмт хэрэг жил ирэх тусам өсөх хандлагатай байна.

Залилах гэмт хэрэг улсын хэмжээд 2022 онд 11,839 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 5,281 буюу 80.5 хувиар, нийслэлийн хэмжээнд 9,810 бүртгэгдсэн нь 4,570 буюу 87.2 хувиар тус тус өсжээ.

Иргэд гадаад явах зорилгоор эд хөрөнгөө барьцаанд тавих, бусдаас мөнгө зээлэх, тусламж авч “Виз найдвартай гаргана” гэсэн хуурамч зарын дагуу хэн нэгэнд ханддаг. Гэтэл “найдвартай” хэмээх амласан этгээд иргэдийн мөнгийг авч залилсаар байна.

Мөн бэлэн мөнгө авсан, өгсөн баримт үйлддэггүй, тухайн хүнээ судлалгүй “аман гэрээ” хийж их хэмжээний мөнгө залилуулсан иргэд нэмэгджээ.

Хэрэв БНСУ руу зорчих бол визийг виз мэдүүлэгч өөрийн биеэр зөвхөн визийн мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх албан ёсны 10 байгууллагаар виз мэдүүлэх боломжтой юм хэмээн ЦЕГ мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг суллахаар болжээ DNN.mn

“Их бит” компанийн үүсгэн байгуулагч О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарын ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангиас суллахаар болжээ. Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр яллагдагч нарын өмгөөлөгчдийн хүсэлтийг хэлэлцэн, дээрх залуучуудыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж суллах шийдвэр гаргасан байна.

Тэднийг Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 2.1, 2.2 /Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах/-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байдаг.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: “Эрдэнэс Монгол” ХХК-иас 200 тэрбум төгрөг татан төвлөрүүлж, стратегийн ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж өндөрлөлөө. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулав.

Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг сайжруулах асуудлаар хэлэлцэж, шийдвэр гаргалаа. 2022 оны арваннэгдүгээр сарын 30-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийг нэгдлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах, 22 охин компанийн үйл ажиллагааг нэгдсэн төлөвлөгөөгөөр гаргадаг болох шийдвэр гарсан. Тэгвэл 2023 он гарч, шинэ дүрэм үйлчилж эхэлснээр 200 тэрбум гаруй төгрөг татан төвлөрүүлж, улсын хэмжээнд хэрэгцээтэй байгаа стратегийн ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжийг нээж байгаагаараа онцлогтой болж байна. Тухайлбал, энэ онд эхлээд Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол” ХХК дангаараа эхлүүлэх боломж бүрдсэн” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Аялал жуучлалын бүсэд байрладаг стандарт бус 982 нүхэн жорлонг буулгаж байна DNN.mn

Хөрсний бохирдлоос сэргийлэх болон ”Монгол зочлох жил” арга хэмжээний хүрээнд аялал жуучлалын бүсэд байрладаг стандарт бус 909 нүхэн жорлонг буулгажээ.

21 аймгийн аялал жуучлалын бүсэд стандарт бус 2,523 нүхэн жорлон байгаагаас одоогийн байдлаар буулгаад байгаа нь энэ аж.

Үргэлжлүүлэн 982 нүхэн жорлонг буулгахаар ажиллаж байна гэдгийг Байгаль орчин аялал, жуучлалын яам (БОАЖЯ)-наас мэдээллээ.

Мөн энэ сарын 31-ний өдөр “ЖОРЛОН – ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН-2023” болох бөгөөд чуулганд оролцох хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийг нээлттэй бүртгэж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ жилээс эхлэн 1500 оюутан “Оюутан цэрэг“ хөтөлбөрт хамрагдана DNN.mn

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө. Хуралдаанаар оюутан цэргийн асуудал яригдсан бөгөөд энэ жилээс эхлээд 1500 оюутан оюутан цэрэгт хамрагдах аж.

Энэ талаар, “Оюутан цэрэг хөтөлбөр нэг хэсэг арын хаалгаар оюутнуудаа хамруулдаг байсан бол өнгөрсөн жилээс И-Монголиагаар бүртгэл хийснээр ил тод болсон. Энэ жил улсын төсөв дээр 160 оюутны санхүүжилт шийдэгдсэн байсан бол Ерөнхий сайд оюутнуудтай уулзах үеэрээ квотыг 1500 болгон нэмэхээр болсон. Энэ жилээс эхлэн 1500 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдана” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

Д.Амарбаясгалан: Энэ жил зуны цагийн хуваарьт шилжихгүй DNN.mn

Зуны цагийн хуваарьт шилжих асуудлаар ЗГХЭГ-аас мэдээлэл өглөө.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Зуны цагийн хуваарьт шилжүүлэх асуудлаар яамдаас санал авсан. Нар мандаж, жаргаж буй цагтай тохируулан ажил хөдөлмөр эрхлэх байдалд анхаарлаа хандуулах ёстой. Эдийн засаг, ажлын бүтээмжид өндөр ач холбогдолтой гэж үздэг.

Яамдаас санал авахад, ЦХХХЯ болон Стандарт хэмжилзүйн газраас “Олон улсын байгууллагуудтай харилцаа үүсгэдэг техникийн зохицуулалтыг хийхэд хугацаа ордог” гэсэн тайлбар, санал ирсэн. Үүнтэй холбогдуулаад Засгийн газраас энэ асуудлаар шийдвэр гаргана. Гэхдээ энэ жилээс эхлэхгүй. Ирэх жилээс зуны цагийн хуваарьт шилжиж, мөрддөг байх нь манай улсын эдийн засагт үзүүлэх нөлөө болон бусад асуудлаар ач холбогдолтой гэж үзэж байгаа учраас Засгийн газрын тогтоолыг гаргах нь зүйтэй гэсэн санал яригдаж байна. Тогтоолыг УИХ-д танилцуулж, Олон улсын байгууллагуудад хандана. Ирэх жилээс тогтмол цагийн хөдөлгөөн хийгддэг болох нь ач холбогдолтой.

Амьдрал дээр 06:40 цагт нар мандаж байхад бидний ажил хоёр цаг 30 минутын дараа эхэлж байгаа байдал нь бүтээмжийг сулруулж байна гэж үзэж байгаа.

Ажлын цагийг 08:00 цагт эхлүүлдэг байж болно. Гэхдээ хүүхдийн хичээл 07:00 цагт эхлүүлдэг болох уу гэсэн асуудал хөндөгдөж байна.

Иймээс нийтээрээ цагаа хөдөлгөх нь хүндрэл учрахгүй гэж үзэж байгаа юм. Хүүхдийн амралтаар цагийг хөдөлгөөд дасгах боломж бий.

Хөгжилтэй орнуудын жишгийг харахад 99% нь цагаа хөдөлгөдөг байна.

Эрүүл мэндийн салбарынхны цагийн хөдөлгөөнтэй холбогдуулан хийж байгаа судалгаа нь цагийн хөдөлгөөн хийгдээд хүний амьдралд дасан зохицохтой холбож судлаагүй, өрөөсгөл. ЭМЯ-ны судалгааг уншихад нэг цагийн өмнө боссон хүний биед өгч буй ачааллыг дүгнэсэн байсан.

Нийтээрээ цагийн шилжилт хийгээд амьдралын хэв маяг нэг цагийн хөдөлгөөнд ороход ямар өөрчлөлт орохыг эрүүл мэндийн салбар судалж чадах хэмжээнд хүрээгүй байна” хэмээн ярилаа.

Categories
мэдээ нийгэм

З.Бадмаараг: УИХ-ын ээлжит болон ээлжит бус, нөхөн сонгуулийг товлон зарлах эрх Улсын их хуралд бий DNN.mn


Сонгуулийн ерөнхий хорооны хэвлэлийн төлөөлөгч З.Бадмаарагтай ярилцлаа.

-Орон нутгийн нөхөн сонгуулийн тов гарчээ. Хэдэн аймаг, суманд зохион байгуулах вэ?

-Сонгуулийн ерөнхий хорооноос хуульд заасан чиг үүргийнхээ дагуу 2023 онд явагдах орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийн судалгааг 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс авсан. Өнөө жил 17 аймгийн 33 сум, нийслэлийн хоёр дүүрэгт нөхөн сонгууль явагдана. Сонгуулийн үйл ажиллагаа явуулах цаг хугацааны хуваарийг Сонгуулийн ерөнхий хороо 2023 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор баталсан. Батлагдсан хуваарийн дагуу бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна.

Орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн зургадугаар сарын гурав дахь долоо хоногийн ням гаригт улс даяар нэгдсэн журмаар явуулна гэж хуульчилсан байдаг. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа зургадугаар 18-ны ням гаригт Улаанбаатарын цагаар өглөө 07:00 цагт эхэлж, 20:00 цаг хүртэл үргэлжилнэ. Санал авах өдрийн өмнөх өдөр буюу 2023 оны зургадугаар сарын 17-нд 09:00-20:00 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагаа явагдана.

-Энэ удаагийн нөхөн болон дахин сонгуульд нийт хэдэн мандатад өрсөлдөх вэ. Нэр дэвшигчдийг хэзээнээс бүртгэж эхлэх юм бол?

-46 мандатад Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг сонгох нөхөн сонгууль явагдана. 46 мандатын 43 нь сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын, гурав нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн оронд гарсан суудал нөхөх зорилготой. Аймаг, сумдаар дэлгэрүүлбэл, Баянхонгор аймгийн Богд, Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд аймгийн ИТХ-ын, Архангай аймгийн Ихтамир, Баян-Өлгийн Буянт, Баянхонгор аймгийн Баянговь, Баян-Овоо, Богд, Заг, Булган аймгийн Хангал, Говьсүмбэр аймгийн Шивээговь, Дорноговь аймгийн Айраг, Эрдэнэ, Дорнод аймгийн Чойбалсан, Дундговь аймгийн Адаацаг, Баянжаргалан, Өлзийт, Хулд, Өвөрхангай аймгийн Хархорин, Өмнөговь аймгийн Ноён, Сүхбаатар аймгийн Уулбаян, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Сүхбаатар, Төв аймгийн Бүрэн, Заамар, Өндөрширээт, Увс аймгийн Давст, Түргэн, Ховд аймгийн Булган, Мөнххайрхан, Эрдэнэбүрэн, Хөвсгөл аймгийн Баянзүрх, Тосонцэнгэл, Хэнтий аймгийн Батширээт суманд сумын ИТХ-ын, нийслэлийн Сүхбаатар, Баянгол дүүрэгт дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль болно. Цаг хугацааны хуваарийн дагуу санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 19-нөөс өмнө тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх нам, эвслийн салбар байгууллага сонгуульд оролцох тухай хүсэлтээ тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлэх ёстой. Нэр дэвшүүлэх ажиллагаа үндсэндээ санал авах өдрөөс 45 хоногийн өмнө буюу ирэх тавдугаар сарын 4-нөөс эхэлж, долоо хоногийн хугацаанд дуусна. Нэр дэвшүүлсэн нам, эвсэл, бие даан нэр дэвшигч нь нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш гурав хоногт буюу тавдугаар сарын 13-ны дотор багтаан баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлэх хуультай. Орон нутгийн Хурлын сонгуульд 18 нас хүрсэн, тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй байдаг.

-Орон нутгийн нөхөн сонгуульд хэдий хэмжээний зардал гарах вэ. УИХ-ын 2024 оны сонгуулийн жил ойртсон энэ үед орон нутгийн нөхөн сонгууль явуулах нь төсөвт зарлагатай гэж иргэд шүүмжилж байгаа харагдсан?

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль нь Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд тухайн нутгийн өөрөө удирдах байгууллагыг өөрсдийн төлөөллөөр бүрдүүлэх үндсэн арга юм. Энэ сонгуулиар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тогтоосон тооны орон нутгийн Хурлын төлөөлөгчийг сонгодог. Харин УИХ-ын сонгуулиар төрийн эрх барих дээд байгууллагыг өөрсдийн төлөөллөөр бүрдүүлдэг. Сонгууль бүр өөр өөрийн дахин давтагдашгүй онцлог, шинжүүдтэй тул нэгийг нөгөөгөөр орлуулах боломжгүй. Иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй өгөхөд нь хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглодог. Хүний эрхийн олон улсын гэрээ болон Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан эрхийн зөрчлийг арилгах үүднээс хууль тогтоогчдын зүгээс анхаарч, орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жилд нэг удаа, нэгдсэн журмаар улсын хэмжээнд зохион байгуулах шийдвэрийг гаргасан нь санамсаргүй, тохиолдлын, хэн нэгний дур зоргоос шалтгаалах зүйл биш юм. Аливаа сонгуулийн зарчим нь Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад үндэслэдэг.

-Сонгогчдын ирцийг хангаж, сонгуульд оролцох идэвхийг нь нэмэгдүүлэхийн тулд СЕХ-ноос ямар ажлууд хийх вэ?

-Маш олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, “Хариуцлагатай сонгогч” бэлтгэх хөтөлбөрийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэй эхлүүлж, 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг тус бүр хоёр сургагч багш бэлтгэн томилж, ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчид, их, дээд сургуулиудын оюутан залуус, 18-25 насныханд зориулсан албан бус сургалтууд явуулж 1500 гаруй оролцогчид сонгуулийн хууль тогтоомж, сонгуульд оролцож, саналаа өгөхийн ач холбогдол, мөрийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийх дадлага ажлыг хийсэн.

Ирэх долоо хоногт мөн сургагч багшийн сургалтууд эхэлж байна. Сонгуулийн мэдээллийг ил тод нээлттэй, хүртээмжтэй болгох, санал авах ажиллагаанд техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэх арга, туршлага судлах, сонгуулийн боловсролыг нэмэгдүүлэх, иргэдийг мэдээллээр хангах, чадавхжуулах чиглэлээр төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллагуудтай олон талаар хамтран ажиллаж байгаа.

-Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь чөлөөлсөн. Тэгэхээр Архангай аймагт УИХ-ын нөхөн сонгуулийг товлоно биз дээ?

-Ээлжит болон ээлжит бус, нөхөн сонгуулийг товлон зарлах эрх Улсын их хуралд бий. Сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг манайх баталдаг. Өөрөөр хэлбэл, гарсан шийдвэрийн дагуу, хуулийн хүрээнд зохион байгуулалтыг хариуцна гэсэн үг.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цас орж, цасан шуурга шуурна DNN.mn

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгийн баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар их төлөв цэлмэг. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруунаас 4-9 м/с. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -3…+2 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +6…+11 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас 2-7 м/с. Өдөртөө +12…+14 градус дулаан байна.

Төлөв байдал: 30-нд Алтайн уулархаг нутгаар, 31-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 04 дүгээр сарын 1-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 30-нд Алтайн салбар уулсаар, 31-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгаар, 04 дүгээр сарын 1-2-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 04 дүгээр сарын 1-нээс ихэнх нутгаар эрс хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -25…-30 градус, өдөртөө -11…-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -8…-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус, өдөртөө -3…-8 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Авлигыг мэдээлэх 110 утсаар 334 дуудлага хүлээн авав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны 3 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 93 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 53.9 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд хүний нөөц, томилгоотой холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 334 дуудлага хүлээн авчээ.

Тус алба “Гадаад улсын эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагаан дахь мөрдөгчийн хараат бус, бие даасан байдлын талаарх судалгаа”-ны чиглэлээр ОХУ, Сингапур, Финланд, Украин, Солонгос, Латви Улсын Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, Эрүүгийн процессын хууль, Цагдаагийн тухай хууль, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага, мөрдөгч, мөрдөгчийн эрх, үүрэг, мөрдөгчийн шууд удирдлага, шүүхийн өмнөх мөрдөн байцаах байгууллагууд, мөрдөн шалгах ажиллагааг дуусгавар болгох асуудал зэргийг Монгол Улсын эрх зүйн зохицуулалттай харьцуулан судлах ажлыг гүйцэтгэж байна.