Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж эхэллээ DNN.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж эхэллээ.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг чуулганы хуралдааны эхэнд уг асуудлыг нээлттэй горимоор хэлэлцэх санал гаргасан. Гэвч уг асуудал албаны нууцад хамааралтай тул нээлттэй хэлэлцэх боломжгүй аж. Иймд эл асуудлыг УИХ-ын дарга Г.Занданшатар хаалттай горимоор хэлэлцэх болсныг гишүүдэд дуулгасан юм.

УЕПГ-аас оруулж ирсэн саналын дагуу УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг өчигдөр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороодын хуралдаанаар тус тус авч хэлэлцсэн. Эцсийн шийдвэр гаргах хуралдаан чуулганы танхимд үргэлжилж байна.

Categories
мэдээ улс-төр

Б.Жагар “Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам“-аа бүртгүүлэх хүсэлтээ дахин хүргүүлжээ DNN.mn

Иргэн Б.Жагараас Улсын дээд шүүхэд 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр өргөдөл ирүүллээ.

Уг өргөдөл нь “… зөрчлийг арилган Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам (САИНН) үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэхээр дахин өргөдөл, холбогдох баримтыг хүргүүлсэн” гэх агуулгатай байна.

Дээрх хүсэлтийн дагуу Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам (САИНН)-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг, холбогдох бичиг баримтын хамт буцаагаад байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл болон Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг унтраажээ DNN.mn

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сум болон Сэлэнгэ аймгийн Түшиг сумдад ойн хээрийн түймэр гарч, 408 га орчим талбай шатсаныг Онцгой байдлын алба хаагчид унтраажээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Шивэрт багийн “Өвөлжөөт” гэдэг газар Ойн түймрийн цэг www.icc.mn сайтад илэрсэн тухай мэдээллийг 03.28-ны өдрийн 19:14 цагт ОБЕГ-ын ГТТГ-аас Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт хүргүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Чандмань-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 18:43 цагт унтраасан. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 8 га ойн талбай шатсан.

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн “Боот” гэдэг газар Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 03.29-ний өдрийн 16:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0243 дугаар ангийн алба хаагчид, Түшиг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж, 21:25 цагт цурамд оруулсан. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 400 га талбай шатсан.

Эх сурвалж: ОБЕГ

Categories
булангууд мэдээ нийгэм нэг-ангийнхан

Уламжлалт анагаах ухаан бол миний нэрийн хуудас DNN.mn

Би 1995 онд АУИС-ийн Монголын Уламжлалт Эмчилгээний ангийг төгссөн даруйдаа Монгол Эмнэлэг Сувиллын Төв буюу одоогийн УАУТХүрээлэнд лабораторийн эмчээр орж, 25 жил үр бүтээлтэй, тууштай ажилласан. Тэр үед УАУ-ны тэнхим, сургууль маань манай эмнэлэг дээр байрлаж үйл ажиллагаагаа явуулж байсан. Энэ нь Эрдэмтэн багш нарынхаа хамт ойр байж, ажиллаж хөдөлмөрлөх, сурч хөгжих алтан боломж надад тохиосон билээ. 2006 онд Зөвлөх Д.Цэрэндагва, удирдагч С.Сэдэддулам нарынхаа удирдлагаар “Шээс шинжлэх уламжлалт ба лабораторийн аргуудын үр дүнг харьцуулсан судалгаа” сэдвээр АУ-ны магистрын зэрэг хамгаалсан.

Монгол Улсын Зөвлөх эмч, 2019 оны “Алтан чагнуурын эзэн” , “Монгол Увидас” эмнэлэг, сувиллын захирал Г.Саранцэцэг

Бидний судалгаа нь “Хий, шар, бадганы өвөрчлөлттэй хүний шээсэнд шээг, шээсний хүчил, шүвтэр, болон үлдэгдэл азот үзэж, шээсний биохимийг тоон үзүүлэлтээр гаргаж өгсөнөөрөө онол, практикийн ач холбогдолтой бүтээл болсон билээ. 2009 онд Клиникийн профессор цол, 2019 онд “УАУ судлал төрлөөр “Алтан чагнуурын эзэн”, 2021 онд Монгол Улсын Зөвлөх эмч болсон. Одоо докторантурт сурч, “Монгол Увидас” хувийн эмнэлэг, сувилалдаа захирлаар ажиллаж байна. Эрдэм шинжилгээ, судалгааны 30 гаруй бүтээлтэй, Монгол Улсын Оюуны Өмчийн Зохиогчийн эрхийн гэрчилгээ 3, Ашигтай загварын гэрчилгээ 1.

УАУТХ-ийн Эмнэлэгт ажиллах хугацаандаа 16533 хүнд эмчийн үзлэг, оношилгоо эмчилгээ хийснээс зүү эмчилгээг 7285 хүнд хийсэн байна.

УАУТХ-гийнхээ Сургалтын албанд 12 жил багшаар ажиллаж УАУ, Зүү судлалын хичээл 200 гаруй эмч нарт зааж сургаж төгсгөсөн. 2014 онд ЭМШУИС дээрээ багшлах мэргэшил эзэмшин, 2015 оноос Анагаах ухааны Ёс зүй хичээлийн хоёр кредит лекц орж, Төгсөлтийн дараах сургалтаар резидэнт эмч нарт хувь хүний хөгжил, хандлагын боловсрол олгох шинэлэг арга барилыг эхлүүлсэн. Ажиллах хугацаандаа Эрүүлийг хамгаалахын жуух, Эрүүлийг хамгаалахын Тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн Хүндэт медалиар шагнагдаж байсан.

УАУ-ны гурав дахь төгсөлт, ангийнхныхаа тухай

1992 оны зун Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт дадлага хийж, амарчихаад намар нь хичээлдээ ирэхэд Уламжлалт Эмчилгээний ангид 24 оюутан авч байна гэж сонсоод яаран очиж бүртгүүлэн Эмчилгээний ангиа сольж, шинэ хамт олонтой болж билээ. Энэ бол 1990 онд АУИС -д шинээр нээгдсэн Монголын Уламжлалт Эмчилгээний Тэнхимийн гурав дахь төгсөлтийнхөн бүрдсэн түүх. Хоёр бүлэгт хуваагдан, нэг анги болсон бид бүгдээрээ л гурван жил хамт сурсан найз нөхдөө, анх элссэн Эмчилгээ, Хүүхэд, Шүд, Эмийн ангиа орхин чухамхүү Ардын эмнэлэг сурах хүсэл эрмэлзэлд хөтлөгдөн цугласан оюутнууд байлаа. Тиймээс ч бүгд л анхныхаа хичээлээс эхлэн урам зоригтой, идэвхтэй, баяр хөөртэй суралцацгаасан юм. Бидэнд анхны хичээлийн тус тэнхимийг үүсгэн байгуулагчдын нэг, Академич Ц.Хайдав гуай орж, Уламжлалт эм тангийн түүхий эдийн тухай орж, зааж эхэлсэн нь чухамхүү үлгэрийн мэт сайхан санагдаж, буурал түүхийн жимээр аялах шиг л онцгой санагдаж билээ. Ц.Хайдав багш маань бидэнд уламжлалт эм тангийн найрлагад ордог олон сайхан бодисыг орчин үеийнх нь нэр, олон улсын болон төвд, монгол, нутгийн нэршилтэй нь хэлж тайлбарлан, орлуулан хэрэглэж байсан зарим хэрэглээ, гарч байсан андуу ташаа хэрэглээ болон оновчтой зөв хэрэглээтэй нь тайлбарлан хэлж сэтгэлд хоногштол заасансан. Дэлхийн хэмжээний алдарт эрдэмтэн, тэр том эрдэмтэн судлаач хүн гэхэд найрсаг сайхан зантай, зочломтгой, хүнийг гололгүй мэдсэн, сонссон бүхнээ хуваалцаж, ярилцдаг, оюутан шавь биднийгээ эрдэм номын ажилд уриалан дуудаж, хөтлөн нэн дуртай агуу их хүн байж билээ. Биднийг эрдэм шинжилгээний ажил хийх, илтгэл тавин оролцохыг маш их дэмжиж, байнга урамшуулж, санаа оноо нэмэрлэн, зааж чиглүүлдэгсэн. Манай ангийн Л.Алтанхуяг, Л.Бадрал, Д.Өлзийбаяр гурав Шинжлэх Ухааны Академи дээр очин багшийнхаа ажилд тус нэмэр болон ажиллаж, зун нь зарим эмийн боловсруулалт дээр ч ажиллаж гүйсээр сургууль төгсөх жилээ гурвуул уламжлалт зарим эмийн бодисоор диплом хамгаалж байв. Хэдийгээр диплом заавал хамгаалах шаардлага байгаагүй боловч, сургууль төгсөх тэр олон шалгалтууд болон ачаалал дундуур нэмэлт зүйл хийх сэтгэл зүтгэл гаргатал тийнхүү хүнийг өдөөж, хөгжүүлдэг байж дээ. Багш маань биднийг дагуулан Гачуурт тосгоны цаад талд орших Хуандийн аманд аваачин анхны богино хэмжээний ургамлын дадлагад газарчилж, бамбайн үндэс түүлгэж, дараа нь түүнийг хатаах, боловсруулах, эмийн бодис, ханд гарган авах ажилд сургаж байсан нь одоо ч сэтгэлд тод санагднам. Академич багшийн маань хичээлийг үргэлжлүүлэн зааж, манай курсыг дааж авсан хүн бол Хүрэлчулуун багш минь билээ. 1993 оны зун биднийг дархан цаазат Хөгнө хан ууланд хоёр долоо хоног ургамлын дадлагат авч явж, тааралдсан ургамал, цэцэг навч бүрийг таниулан, хатаамал хийлгэж, дээж бэлдүүлж, мартагдашгүй сайхан дурсамж үлдсэн юм. Чухам л энэ аяллаар манай ангийнхан бие биенийхээ талаар улам сайн мэддэг болж, уламжлалт анагаахын эмч хүний зан чанар, ажил хөдөлмөрт хандах хандлага, тэсвэр хатуужил, нарийн нямбай чанарт суралцаж билээ. Хүрэлчулуун багшийнхаа зааж таниулсан эмийн ургамлуудыг бид монгол орны өнцөг булан бүрд явахдаа олж харж, таньж, хайрлаж, хэрэглэж явдаг бөгөөд тэр бүр тэдгээр сайхан өдрүүдийг дурсан санадаг. Багш маань биднийг эхийн хайр халамжаар ч дутаадаггүй нь бас сайхан. Идэх хоол, өмсөх хувцсыг маань хүртэл анхааран санаа тавьдагсан. Тэр цагаас хойш 30 шахам жилийн дараа уулзахад бидний өмссөн хувцасыг хүртэл санан ярьж байж билээ. Өглөөний цайгаа уучихаад үдийн хоол хүртэл уулаар явж, шинэ өвс ургамал хайн цуглуулж, бичиж тэмдэглэж явах үнэхээр тайван, сайхан байдагсан. Ер нь ангийн хамт олон дунд маань хөгжилтэй зүйл их тохиолдоно. Судас барих, шээсээр оношлох, зүү төөнө хийж сурах гэж бөөн юм болсон доо. Уламжлалт оношилгоо, Дотор заслын хичээл заасан н.Хажидсүрэн багш маань бидэнд өрнө, дорнын анагаах ухааныг хослуулан өвчнийг оношилж, эмчилж сурахад хамгийн их үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болно. Ажил мэргэжлийн асар их туршлагатай, хурц билэг ухаантай, хөгжилтэй сайхан зантай, шулуун шударга багш маань бидэнд юм сургах гэж үнэхээр уйгагүй ажилладаг байсан нь сэтгэлд хоногшжээ. Урд өдөр нь “сархад хүртэн” жаахан наргисан нэг нөхөр /Одоо нууцлахгүй… Төмөр/-ийг маань шээсийг нь үнэрлээд мэдчихэж билээ. Тэгээд бидэнд бүгдэд нь үнэрлүүлэн, судсыг бариулж, “шарын халуун хөөрсөн” үед шээс, судсанд ямар өөрчлөлт гардгийг насааараа мартахгүй болтол үзүүлж билээ.

Зүү төөнүүрийн хичээлийг 5-р курст Тэнхимийн эрхлэгч Н.Төмөрбаатар багш маань бидэнд азтай тохиолдлоор орж, зааж байгаа цэг болгоноо хятад, монгол нэр, утга, ханзтай нь цээжлүүлж, өөр дээрээ болон нэг нэгэн дээрээ цэг олж, тэмдэглэх, зүү тавьж сурахыг шаарддаг, заримдаа ангид маань түгжиж орхидог байж билээ. Тэр өндөр шаардлагад нь хүрэх гэж хэдэн хөвгүүд нь биеэ эрээн цоохор болтол зуруулдагсан. Зураг, үзүүлэн материал маш цөөхөн ховор байсан учраас өөрсөд дээрээ л туршиж, зурж тэмдэглэнэ. Охиддоо айж, өвдөж байгаагаа мэдэгдүүлэхгүйн тулд биеэ барин тэвчиж байгаад ухаан алдаж унах тохиолдол ч /Б.Эрдэнэбилэг/ гарч байж билээ. Хятад хэлээр мэндийн зөрүүгүй хэрнээ аль хэдийн зөндөө ханз тайлж уншдаг, мэддэг болчихсон биднийг хожим нь хятад, япон хэл сурч байгаа хүмүүс хүртэл гайхаж байсан нь санагдана. “Шавийн эрдэм багшаасаа” гэдэгчлэн М.Эрдэнэцэцэг, Т.Рэнцэнханд, Х.Балдансамбуу нар маань АНУ-д амьдарч, Зүү төөнүүрийн чиглэлээр “Олон улсын зүүний эмч”эрхтэйгээр мэргэжлээрээ ажиллаж, монгол эмнэлгийг дэлхий нийтэд таниулан, нэр алдраа дуурсгаж байна. Оюутан цагийн сайхан мөч бүхний дурсамж үлэмж үнэ цэнэтэй, багш нарынхаа тухай бодоход улам сайхан байдаг. Уламжлалт засал хичээл орж байсан Өлзийсайхан, Уламжлалт жорын хичээл заадаг С.Олдох нарын маань амар төвшин сайхан дүр сэтгэлд дурайна. Яаралтай тусламжийн хичээл заасан С.Сэдэддулам, анги хариуцан удирдаж байсан Хишигжаргал багш нар маань биднийг Эмчилгээний ангийн оюутнуудаас ч дутахааргүй мэдлэг чадвар төгс болгохыг хичээж, мэдлэг оюунаа уудлан зааж, өндөр шаардлага тавьдагсан. Бид мөн Төвд хэл ч үзэж, ном цээжилдэг байсан. “Ах нь сургаж, дүү нь сонсдог” гэгчээр манай ангийнханд дээд курсийн ах эгч нар маань багшилдаг байв. Уламжлалтын тэнхим маань шинэ тулгар, мэргэшсэн багш цөөн, тэдний маань цаг зав хүрэлцээ муутай байсан тул дээд курсийн шилдэг оюутнууд түрүүлж үзсэн, мэдсэнээ дүү нартаа заадаг байсан нь тэр. Өнөөдөр АШУҮИС-ийн Монгол Анагаахын Олон Улсын Сургууль хэмээх бие даасан сургууль болтол хөгжүүлсэн нэрт эрдэмтэн багш Д.Цэрэндагва, С.Сээсрэгдорж нар маань тэр үедээ 6-р курсийн оюутнууд байсан ч 4-р курсийн бидэнд хичээл орж, дадлага удирдаж, аль хэдийн мэргэшиж дадсан багш нар шиг буурьтай нь аргагүй хичээл зааж, сургадагсан. Ялангуяа төвд хэл, Уламжлалт анагаах ухааны түүх зааж байсан Л.Цэнд-Аюуш багш маань биднийг эртний судар бичгийг уншдаг, ойлгодог, түүх соёлоо үнэхээр сайн эзэмшсэн оточ маарамбын зэрэгт хүргэхсэн гэж их хичээдэг байсан. Анагаах ухааны язгуурын үндэс номыг бүтэн цээжлүүлж, гараар хуулан бичүүлж, үг бүрчлэн орчуулуулж, утга бүрийг таниулж байсныг нь одоо дурсан санаж багшаараа бахархдаг. Чухам л тийнхүү шахаж, өндөр шаардлага тавьж байсны дүнд хичээлийнхээ амтанд орж, илүү гүнзгий сурч, судлах хүсэл зориг төрж байсансан. Өрнийн Анагаах ухааны түүх соёлоор хүмүүжиж, материаллаг онол сургаал баримталж байсан бидэнд Дорнын философи, онол, хар шар таван махбодийн онолыг нэвтэртэл тусгаж авахад амаргүй байсан ба тэр хэрээрээ тайлагдаагүй нууц ихтэй, ид шидийн ертөнц шиг л санагдаж байсан юм. Манай ангийнхнаас төгссөнийхөө дараа эрдэм номын мөр хөөсөн, өөр нарийн мэргэжил эзэмшин ажилласан хүмүүс цөөнгүй бий. Х.Балдансамбуу, Монгол Улсын зөвлөх эмч асан С.Жаргалсайхан анд нар маань, төгссөн даруйдаа төрсөн нутаг Дархан хот, Дорноговь аймагт очиж, хөдөө орон нутагт анхны Уламжлалт эмчилгээний эмчээр ажиллан, анхны кабинет, тасаг байгуулж, Анагаах ухааны дунд, дээд сургуулиудад багшилж, олон сайхан шавь нар бэлтгэж, нэр хүндтэй ажилласан юм.

Анагаах ухааны доктор, дэд профессор Э.Дэлгэрмаа

Э.Дэлгэрмаа маань төгссөнийхөө дараа гурван жил сурч ажиллаад, 1998 онд Анагаах ухааны магистрийн зэрэг хамгаалж, 2016 онд “Олигомицинээр үүсгэгдсэн эмгэг загвар дээр Шингүн-5 ба Цагаалин хунчирыг судалсан үр дүн” сэдвээр Анагаах ухааны докторын зэрэг хамгаалж эрдмийн замд анги хамт олныхоо бахархал нь болж явна. 2017 онд Боловсролын Тэргүүний ажилтан, 2018 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, АУ-ны дэд профессор болж амжилт, алдрын оргил өөд манлайлсан ангийн анд маань одоо Ач Анагаах Ухааны сургуулийн УАУ-ны тэнхимд зөвлөх профессор, эрдмийн зөвлөлийн гишүүн багшаар ажиллаж байна. Э.Дэлгэрмаа нь 40 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлэл бичиж хэвлүүлэн, 2 магистр удирдан хамгаалуулж, өдгөө 2 магистрант, 2 докторант удирдаж байна.

Биднийг төгсөх үед олонхид маань сургууль, багш нартаа ойр ажиллах боломж олдоогүй, тухайн үед УА-ын эмчийн ажлын байр цөөн, хувиараа ажиллах боломж хомс байсан тул олон сайхан төгсөгч маань тэр үеийн монгол эмнэлгийн мэдлэг чадвар эзэмшсэн эмч нарын адил гадаад орныг зорьсон юм. Энэ нь нэг талдаа харамсалтай мэт боловч, нөгөө талдаа монгол эмнэлгийн тусламж үйлчилгээг олон улсын тавцанд мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэх, таниулан сурталчлах боломж олгосон.

Үүний нэг сайхан жишээ нь Польш улсад ажиллаж амьдарч байгаа манай ангийн тэргүүний төгсөгч Б.Сайнжаргал юм. Тэрбээр 1997 онд “Цөсний хүүдийн дискинезийг зүү төөнүүрээр эмчлэх” сэдвээр АУ-ны магистрын зэрэг, 2020 онд “Томуугийн вирусын халдвар тархалт ба вирусын шинж байдал “ (URN/RDNM/5910/349/D/m; ANZ-5910-59/19/12/2020 Warszawa) сэдвээр Анагаах Ухааны Докторын зэргийг Польш улсад хамгаалсан юм.

Зах зээлийн хүнд үед Польш улсыг зорьсон Б.Сайнжаргал маань Европын холбооны энэ улсад албан ёсоор эмчийн эрх авах, нарийн мэргэжлийн резидентэд суралцах, эмчийн резидэнтурт суралцаж төгсөөд улсын болон хувийн эмнэлгүүдэд амжилттай ажиллаж, аль хэдийн олны танил, нэр хүндтэй эмч болжээ. Монгол эмийн чанар үр дүнг баталсан эрдэм шинжилгээний ажлаараа олны танил болж баталгаажсан тэрээр гадаад дотоодын олон шагнал хүртэж, Польш дахь МУА-ны Эмч Судлаачдын Нийгэмлэг Польшид ажиллаж амьдарч буй эмч нарын зэрэг дээшлүүлэх болон лицeнзийн шалгалтыг Монгол Улсын ЭМЯ, МУА-ны Монгол дахь Төв Нийгэмлэгтэй хамтарч хоёр удаа зохион байгуулсан. МУА-ын олон улсын хамтарсан хурлуудыг МУА-ны Монгол дахь Төв Нийгэмлэгтэй хамтарч Варшав хотноо удаа дараа зохион байгуулцсан байна. Дорнын Уламжлалт Анагаах Ухаан, Зүү төөнүүр засал, Монгол ардын эмчилгээ арга барилын талаар сурталчлан дэлгэрүүлэх зорилгоор Польшийн үндэсний төв тeлeвиз, радио, хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа ярилцлага өгдөг.

Манай ангийнхнаас ОХУ-д Б.Энхбат, Польш улсад Л.Бадрал нар олон жил мэргэжлээрээ нэр хүндтэй ажиллаж амьдарч, монгол эмнэлгийг сурталчлан таниулж, нэр төрийг нь өндөрт өргөж явна. Зарим маань нарийн мэргэшил эзэмшин хөдөө орон нутагт олон жил үр бүтээлтэй ажиллаж байна. Тухайлбал, Увс аймагт Эрүүл мэндийн Төвийн мэдрэлийн эмч Нямжаргал, Баянхонгор аймагт дүрс оношилгооны эмч Л.Батцэцэг нар амжилттай сайхан ажиллаж, хөдөө нутаг орондоо нэр хүндтэй эмч нар болжээ. УБ хотод байгаа Д.Өлзийбаяр, Л.Ариунтунгалаг нар маань бидний дундаас төрсөн гэр бүлийн хос бөгөөд сургууль төгссөнийхөө дараа Баянгол, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгүүдэд олон жил, ёстой л мэргэжилдээ үнэнч сайн ажиллаж, ард түмэндээ хүндлэгдсэн, гавьяа зүтгэлтэй, Монгол улсын Тэргүүлэх зэрэгтэй эмч нар болж гурван үр хүүхэдтэй болон сайхан амьдарч байна. Манай ангийнхнаас бизнесийн салбарт хөл тавин амжилттай сайхан ажиллаж байгаа хэд хэдэн хүн бий. Тэдний амжилтын нууц нь мөн л эзэмшсэн мэргэжилд нь байдаг бөгөөд зарим талаараа гүнзгий нарийн холбогдсон байдаг.”FINE ЯПОН ЧАНАР” компанийн захирал Г.Дариймаа маань Япон улсад Хүнсний болон Эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр нарийн мэргэжил эзэмшээд, Эрүүл мэндийн биологийн идэвхит бодис, Хүнсний брэнд нэмэлт бүтээгдэхүүнийг анх удаа Монголд экспортлон оруулж, баталгаатай, дээд зэргийн сайн чанартай бүтээгдэхүүнээр ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө үйлчилж байна.

Г.Ариунжаргал, А.Байгаль, З.Цэцгээ, Б.Эрдэнэбилэг, И.Бүжинлхам, Б.Оюунбилэг нар маань анагаах ухаан болон бусад чиглэлээр бизнес эрхэлж, амжилттай ажиллаж байна. Гадаадад гэр бүлээрээ амьдарч, Монгол орноо зөв сайнаар таниулан, нэр хүндтэй ажиллаж амьдарч яваа Д.Удвал, О.Оюунбилэг, н.Ванчин нар маань ч бас найз нөхөд бидэнтэйгээ байнга холбоотой байж, жаргал зовлонгоо хуваалцаж яваад нь бид баяртай байдаг. Ангийн дарга Л.Алтанхуяг мэргэжлээрээ 16 жил ажиллаж хөдөлмөрлөөд, Хөнгөвчлөх эмчилгээний чиглэлээр мэргэшиж, анхны “Хоспис эмнэлэг”-ийн дөрвөн салбарыг үүсгэн байгуулахад гар бие оролцсонд нь бид бахархдаг. Эрүүл мэндийн Удирдлага, бодлогын чиглэлээр магистрын зэрэг хамгаалж мөн Эмнэлгийн тэргүүний ажилтан болсонд баяр хүргэмүй.

Манай ангийнхан эзэмшсэн мэргэжил, хийсэн ажлаараа дор бүрнээ амжилтад хүрч, өдгөө Эрүүл хамгаалахын тэргүүний ажилтан-10, Клиникийн профессор-4,Монгол Улсын зөвлөх эмч-2, Тэргүүлэх зэргийн эмч-5, магистр зэрэгтэй-5, АУ-ы доктор зэрэгтэй-2, Дэд профессор 1 –тэй болж, төрийн дээд одон медалийг бүгд хүртсэн байна.

Сурсан эрдэм, эзэмшсэн чадвар гэдэг хамгийн сайхан зүйл юм. Хажидсүрэн багшийн маань хэлсэнчлэн “Хэзээ ч мартахгүй мэдлэг, хэнээр ч заалгахгүй чадвар, хүнээс гуйхгүй идэх талх” минь болсон энэ сайхан мэргэжлийг эзэмшүүлсэн төрөлх сургууль, тэнхим, багш нартаа гэгээн дурсамж, гэгэлгэн хайр хүндэтгэлээ илэрхийлье.

Categories
мэдээ спорт

FIBA 3×3: Сагсан бөмбөгийн ААШТ-д оролцох тамирчид Сингапурыг зорилоо DNN.mn

FIBA 3×3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 2-нд Сингапур улсад болох билээ. Зургаа дахь удаагаа зохион байгуулж буй тус тэмцээнд оролцох Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг өнөөдөр Сингапур улсыг зорилоо.

Монгол Улсын эрэгтэй багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, А.Ананд, О.Энхбаатар нар багтсан бол эмэгтэй багт Б.Ариунцэцэг, Ц.Болорцэцэг, О.Хулан, М.Цэрэнлхам нар багтжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ачааны автомашинуудад хяналт шалгалт хийх ажил нэг сар үргэлжилнэ DNN.mn

Нийслэлийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байгаа ачааны автомашинуудад хяналт шалгалт хийж эхэлжээ.

Тодруулбал, Тээврийн цагдаагийн алба, Нийтийн тээврийн газар, Нийслэлийн авто замын хөгжлийн газар, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ хамтран гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл ачааны машинуудад шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдалд хуулийн дагуу арга хэмжээ тооцох, зөрчлийг арилгуулах юм байна.

Ачаа, тээврийн үйл ажиллагаа эрхлэгч иргэн, хуулийн этгээд холбогдох стандартын шаардлагыг хангуулж тээврийн хэрэгсэлд ачаагаа ачиж тээвэрлэх ёстойг зөвлөв.

Замын хөдөлгөөний дүрмээс:

  • Ачааны жин болон тэнхлэгт ногдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байх
  • Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө болон замд явахдаа ачааны татлага, бэхэлгээ, даруулга, байрлал, битүүмжлэлийг сайтар шалгаж, шаардлага хангагдаагүй тохиолдолд хөдөлгөөнөө үргэлжлүүлэхгүй байх
  • Ачааг унаж, асгарч, чирэгдэхгүй, хөдөлгөөнд оролцогчдод аюул, саад учруулахгүй байхаар байрлуулж, шаардлагатай бол бэхэлж битүүмжилсэн байх
  • Ачааг жолоочийн харах боломжийг хязгаарлахгүй байдлаар ачих
  • Ачааг тээврийн хэрэгслийн тогтворжилтыг алдагдуулахгүй, жолоодлогыг хүндрүүлэхгүй байхаар ачих
  • Ачааг тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэл ойлгуур, эргэх чиг заадаг гэрэл болон гараар өгөх дохио, улсын бүртгэлийн дугаар, таних тэмдгийг халхлахгүй байхаар ачсан байх
  • Ачааг их хэмжээний дуу чимээ, эвгүй үнэр гаргахгүй, тоос шороо босгохгүй, зам ба орчныг бохирдуулахгүй байхаар тээвэрлэх
  • Ачааг суурин газарт 22:00 цагаас 06:00 цагийн хооронд дуу чимээ гаргаж ачих, буулгахгүй байх
  • Ачаатай буюу ачаагүй өндөр нь 4 м-ээс, өргөн нь 2.5 м-ээс, урт нь 20 м-ээс, ачаа нь тээврийн хэрэгслийн овроос арагшаа 2 м-ээс илүү, мөн хоёр чиргүүлтэй, эсхүл хүнд буюу аюултай ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам, стандартыг баримталсан байх.
Тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1 м, өргөөшөө 0.4 м-ээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт “Овор ихтэй ачаа” таних тэмдэг байрлуулахаас гадна харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд урд нь цагаан, ард нь улаан өнги
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Байгалийн цогцолборт газарт өмчлөх хэлбэрээр 1582 байршилд газар олгожээ DNN.mn

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн нийцэл, үр нөлөө, газар олголтод хийсэн Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайланг хэлэлцжээ.

Аудитад

  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам,
  • Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлага түүний харьяа хамгаалалтын захиргаад,
  • Богд хан уулын дархан цаазат газар,
  • Горхи-Тэрэлж, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар,
  • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар,
  • Татварын ерөнхий газар,
  • Ашигт малтмал, газрын тосны газар болон төрийн холбогдох эрх бүхий байгууллагуудын 2019-2022 оны гуравдугаар улирлын байдлаарх газар олголт, газар ашиглахтай холбоотой шийдвэр, үйл ажиллагааг түүвэрлэн хамруулжээ.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын мэдээллийн сангийн 2022 оны 10 дугаар сарын байдлаарх мэдээллээр улсын хэмжээнд дархан цаазат газар нутагт

  • өмчлөх хэлбэрээр 127 байршилд 1.5 га,
  • эзэмших хэлбэрээр 1407 байршилд 2364.5 га,
  • ашиглах хэлбэрээр 1775 байршилд (нийт 3309) 5848.3 га газар олгосон байна.

Байгалийн цогцолборт газарт

  • өмчлөх хэлбэрээр 1582 байршилд 361 га,
  • эзэмших хэлбэрээр 3659 байршилд 16109.9 га,
  • ашиглах хэлбэрээр 1870 байршилд 131285.3 га газар олгосон байна.

Тусгай хамгаалалттай газар нутагт 2021-2022 онд үйл ажиллагаа явуулсан 601 иргэн, хуулийн этгээдтэй газар ашиглах гэрээг байгуулаагүй, 436 иргэн, хуулийн этгээдийн гэрээний биелэлтийг дүгнээгүй байна.

  • Богд хан уулын дархан цаазат газарт 40853.5 сая,
  • Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 1089.9 сая,
  • Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт 35.5 сая төгрөгийн газрын төлбөрийг төвлөрүүлээгүй байна.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого жил бүр 10-13 хувь нэмэгдэж байгаа ч зориулалтын дагуу зарцуулж байгаа эсэх нь тодорхойгүй. Тухайн төсвийн жилд орон нутгийн төсөвт төвлөрсөн орлогоос хуульд заасны дагуу хамгаалах болон нөхөн сэргээх зардалд заасан хувиар санхүүжүүлээгүй байна. Тухайлбал, 2021 онд байгалийн нөөц ашигласны төлбөрөөс 46.6 тэрбум төгрөг зарцуулахаас хуулийн хэрэгжилт 26.2 хувьтай байна.

Тусгай хамгаалалттай газар нутагт газрын ерөнхий төлөвлөгөөгүй, зохион байгуулалтгүйгээр газар олгосон нь газар нутгийг хамгаалах үндсэн зорилтыг хангаагүй.

Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай конвенцын зорилтыг хангаж чадахгүй байна. Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь улсын хэмжээнд газрын кадастрын бодлогыг хэрэгжүүлэх, улсын газрын мэдээллийн сан бүрдүүлэх, хөтлөх, газрын нэгдмэл сангийн бүх ангиллын газрын улсын бүртгэл, тоо бүртгэл, чанар, үнэлгээ, төлбөр, шилжилт хөдөлгөөн, газар хамгаалах талаар авсан арга хэмжээ зэрэг үзүүлэлтийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрээр тусгах ажлыг хэрэгжүүлдэг.

Ингэхдээ төрийн бусад байгууллагатай уялдаагүй ажилласнаас газрын мэдээллийн нэгдсэн санг бүрэн хөтлөөгүй, мэдээлэл зөрүүтэй байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль 1994 онд батлагдаж, 1997-2022 оны хооронд 15 удаа нэмэлт өөрчлөлт орсон ч холбогдох харилцааг бүрэн зохицуулж чадахгүй байна. Иймд нийгэм, эдийн засаг, хот төлөвлөлт, хүн амын өсөлт зэрэг өнөөгийн нөхцөлд нийцүүлэн хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай гэв.

Аудитын дүгнэлтэд үндэслэн Улсын Их Хуралд хоёр асуудал толилуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад 10 зөвлөмж өгчээ.

Үндэсний аудитын газрын Гүйцэтгэл нийцлийн аудитын газрын захирал Д.Энхболд хариултдаа, өмнө нь өгсөн аудитын зөвлөмжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлийг өгсөн. Хэрэв зөвлөмжийн дагуу ажил хийгээгүй нөхцөлд дараагийн шатны сахилгын арга хэмжээ авахаар Төрийн аудитын тухай хуульд заасан. Бид 41.9 тэрбум төгрөгийн актыг тавьсан бөгөөд төлбөрийн актыг заавал хэрэгжүүлэх хуулийн заалттайг онцолж байлаа.

Хуралдааны төгсгөлд Байнгын хорооны дарга Б.Саранчимэг байгаль орчны салбарын хууль эрх зүйн орчны хийдэл, зөрчлийг арилгах талаар салбарын яам Байгаль орчны багц хуулиа яаралтай өргөн барьж, хэлэлцүүлэхийг хүсээд аудитын дүгнэлттэй холбогдуулж Байнгын хорооны тэмдэглэлээр тодорхой үүрэг өгч, зөвлөмжийн хэрэгжилт хэр байгаа талаар дахин хэлэлцэж, хуралдахыг мэдэгдэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Сандуйжав: Хэдэн их наядын хохиролтой нүүрсний хэргийг яриагүй гаалийнхан иргэдийнхээ өвчиндөө хэрэглэх эм бэлдмэлийг хориглохоо зарлаж сууна DNN.mn

Монгол Улсын хилээр иргэд эм бэлдмэл, витамин оруулж ирэх эрхгүй. Гадаадад олон жил ажиллаж амьдарсан иргэд тэндээ хэрэглэж дассан эм бэлдмэлээ Монголд ирэхдээ авчрах, захиалах боломжгүй. Монголд амьдарч буй ээж аавдаа гадаадаас хүүхдүүд нь хэрэгтэй эм тариа, чанартай эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглүүлж чадахгүй байна. Монголын эмийн салбарын бүтээгдэхүүний чанар стандарт, үнийн асуудал маш ноцтой хэмжээнд хүрчихснээс иргэд баталгаатайг нь хэрэглэхийг хүсэх нь аргагүй. Гэвч үүнийг манай гаалийн байгууллага зөвшөөрдөггүй.

Байсхийгээд л гаалийн байцаагчтай холбоотой иргэдийн гомдол сошиал орчинд хөвөрдөг. Хилээр оруулж буй бараа таваар, илгээмжийг нь хайр найргүй задалж ухаж төнхөх энүүхэнд. Цаашлаад ихэнхийг нь хориглосон нэрээр оруулахыг зөвшөөрөхгүй, хурааж авдаг. Бөөн ажил явдал үүсгэж байж авсан барааг минь тоночихлоо гэх зэрэг бухимдсан иргэд олон бий. Эм бэлдмэл, витамин оруулж ирэх гээд чадахгүй байгаа иргэдийн цаана эрүүл мэндийн асуудал л яригдаж байдаг.

Саяхан Канадаас ханиадны эм бүхий бага оврын бараа захиалсан ахмад Б.Сандуйжав гааль дээрээс бараагаа хүлээж авах гэж бөөн бужигнаан болжээ. Энэ тухай түүнтэй ярилцлаа.


-Охиныхоо явуулсан эмийг хүлээж авах гэж гурав хоногийн ажил болсон гэв үү. Юу болсон талаар ярьж өгөхгүй юу?

-Хөгшин бид хоёр Канадад охин дээрээ нэлээд олон удаа ирж очсон. Ковидоос хойш явж чадаагүй. Канадад байхдаа эмнэлэгт үзүүлж, эм бичүүлж авч байсан. Аптекаар жоргүй зардаг эм ч байдаг. Түүнийг ч авч хэрэглэдэг байлаа. Д витаминаас эхлээд нэмэлт бүтээгдэхүүн ч чөлөөтэй. Гэтэл манайд тэр бүтээгдэхүүн байна уу үгүй юу, байлаа гэхэд баталгаатай юу, үнэ ханш нь ямар билээ. Хэд ч нугалж зардаг юм бэ. Үнэхээр хэцүү. Тэтгэврийн хөгшчүүл бид үр хүүхдээ бараадаж, жаахан эм захисан юм. “Теленол” гэж зунд уудаг, өвлийн хүйтний ханиаданд уудаг хоёр төрөлтэй эм бий. Шөнө, өдөр ч ууна. Маш сайн эм. Ийш тийшээ явдаг монголчууд маш сайн мэддэг юм билээ. Ердөө тэрнээс өвлийнхөөс нэг хайрцаг, зуныхаас нэг хайрцаг, нэмэлт витамин хоёр гурав, эрүүл мэндийн цай захисан. Хааш хаашаа 20 см хайрцагтай л бараа.

Ингээд Монгол руу илгээлээ гэсэн. Өмнө нь хоёр долоо хоноод ирдэг байтал хоёр гурван сар болоод ирсэн гэлээ. Баярлаад шуудан дээр очоод авах юм боллоо. Тэгсэн чинь гаалийн байцаагчид “Хориотой бараа ирсэн байна. Хураана” гэж байна. Би хэлсэн. “Ямар ч хориотой юм байхгүй. Хүний хэрэглэдэг эм л бий. Канадад байхдаа уудаг байсан, биед маш сайн таардаг эм” гэтэл “Эмчийн бичгээ үзүүл” гэж байна. Юу гэж канад эмчийн бичсэн резивтийг энд авч явах вэ дээ. Түүнийг гаалийнхан шалгах ямар ч эрхтэй юм бүү мэд. Тэгээд “Үүнийг зарж борлуулахгүй. Хөгшин бид хоёр л хэрэглэнэ. Үхвэл бид хоёр л хордож үхнэ. Хаяг нь тодорхой, охин маань явуулсан. Ээж аавдаа хор явуулах улс байхгүй” гээд ядлаа.

-Тэгээд авч чадаагүй байх нь?

-Тийм ээ. Ядаж эмийг маань өгчих. Нэмэлт бүтээгдэхүүнийг нь больё, хураалгая ч гэж хэлж үзлээ. Гаалийн тэр хүүхнүүд “Бүгдийг буцаана” гэлээ. Хөгшин бид хоёр нэлээд бухимдсан. Өгсөн ч үгүй. Буцаж таарлаа. Ингээд охиныхоо танил хил гаалиар бараа таваар оруулдаг хүмүүсээс лавлалаа. Тэгсэн “Гаалийнхан бараа буцаадаггүй юм аа. Тэр улс руу нь явуулах ч үгүй. Та ахиад хөөцөлд” гэсэн. Тэгэхээр нь маргааш нь өөр ээлж дээр нь явж очлоо. Учир явдлаа хэлсэн. Нөгөө ээлж рүүгээ ярьж байна. Өнөө хэд нь дургүйцсэн бололтой. Ахиад л өгөх шинжгүй болсон. “Та хэд маргааш ир. Өчигдрийн ээлжийн хүмүүс маргааш гарна. Тэр хүмүүстэйгээ учраа ол” гэнэ. Арга буюу маргааш нь ахиад явж очлоо. Хэдхэн эмээ авах гэж гурван өдрийн ажил болсон шүү дээ.

-Яг ямар үндэслэлээр өгөхгүй байсан хэрэг вэ. Гаалийн байцаагчид юу гэх юм?

-Хөгшин бид хоёр хэдхэн эмнийхээ төлөө ахиад явж очоод бүр загнуулсан шүү дээ. Хоёр гурван өдөр асуудал үүсгэж байна гэж их л дургүй байгаа бололтой. Ээлжийн ахлагч нь бололтой хүүхэн сэлбэлзээд “Та нар гаалийнхныг хооронд нь хагаралдууллаа, яс хаялаа” гэх зэрэг үг хаяж байна. Ашгүй хяналтын албаны нэг хүү эмийг маань нэлээд эргүүлж тойруулж харж байгаад “Гайгүй л юм байна. Ямар ч ноцтой юм алга. Хүний хэрэглэдэг цөөхөн тоотой юм байна” гэсэн бололтой өгөхөөр болсон. Өнөө хайрцгийг маань дөрөв задалж, дөрөв нааж бөөн юм болж байж арай гэж салгаж авсан даа.

Эндээс нэгдүгээрт, гаалийн байгууллагын ажилтнуудын харьцаа хандлагын асуудал яригдана. Хоёрт, хуулиа хэрэглэж сураагүйн илрэл шүү дээ. Хууль хэрэглэнэ гэж чухал юм байдаг. Би бол 1992 оны анхны Үндсэн хууль батлалцаж явсан, хууль эрх зүйн талаас гадарлахтайгаа хүн. Хуулийг зөв хэрэглэх ёстой байдаг. Ямар хүнд хаанаас ямар хүн юуг явуулсныг цаанатай наанатай бодох ёстой. Зүүн өмнөд Ази, Ойрхи Дорнодын Афганистан ч юм уу, эсвэл Латин Америкийн Колумбаас ирсэн бол хардах нь зөв. Канад бол өндөр хөгжилтэй улс, хилээрээ хамаагүй эд бараа гаргадаг улс биш.

Манайд бол хуульд тийм тийм барааг хувь хүн оруулж ирэхийг хориглоно гэдэг юм байна. Гэхдээ зарж борлуулахыг хориглодог. Харин угтаа бол тав арваар хэрэглээнд оруулж ирж байгааг ингэж хамруулж болохгүй. Ингэж хуулиа хэрэглэж мэддэггүй нөхөд байна. Манай улс өөрсдөө дэлхийн стандартад нийцсэн эм бэлдмэл гаргаж хэвшээгүй. Тэгсэн хэрнээ хуулиа түрүүлээд гаргачихсан. Хил гаалийн байцаагчид бидний хэдэн хөгшдийн эмийг онгичиж ухаж байхаар вагон вагон ачаагаа шалгаж, тэр нүүрсэн доор гаргаж байгаа Монголын үнэтэй зүйлсийг илрүүлж баймаар юм.

-Нүүрс гэснээс нүүрс тээврийн олон мянган машин гаалийн бүрдүүлэлтгүй хилээр гарсан хэрэг мандаж байгаа шүү дээ. Гаалийнхны л хийх ажил байсан?

-Тэр шүү дээ. Нүүрсний хэрэг гэж ямар лут хортой хэрэг мандаад байна. Улс орноо тоносон, хэдэн их наядаар хохироосон хэрэг гэж шуугиад байна. Монгол Улсын хилээр гарч байгаа тэр олон мянган машиныг гаалийн байгууллага шалгах ёстой байсан. Гэвч тэгээгүй. Тэр ноцтой хэргээ ярихгүй, чих нь дүлий, нүд нь балай өнгөрдөг хэрнээ хэдэн муу иргэдийнхээ эм тариаг хурааж аваад аархаж суух гэж дээ. Хуулийн хүмүүс ярина лээ. Олон мянган машины мэдээлэл алга боллоо, олон мянган машиныг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байна гэж ирээд зарлаад байгаа. Түүнийг нь сонсч л сууна. Гэтэл гаалийн байгууллага сая юу ярив даа, эм бэлдмэл оруулж ирвэл хураана шүү гэж сууна шүү дээ. Маш харамсалтай юм гэлээ.

Монгол Улсын гаалийн байгууллага өвчин зовлонтой иргэддээ ингэж л аархдаг. Үүнийг батлах хэвлэлийн хурлыг сая гурав хоногийн өмнө Гаалийн ерөнхий газраас зарлалаа. ГЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга Ч.Тамираа “Гаалийн байгууллага биологийн идэвхит бүтээгдэхүүн буюу витаминыг оруулахгүй байна гэх асуудал яригдаж байна… Иргэд хувийн хэрэглээнд витаминыг захиалж авч болох уу гэдэг асуудал үүсдэг ба хил дээр энэ төрлийн асуудал их гардаг…Хэрэв бүртгэлгүй эм, витамин, биологийн идэвхит бүтээгдэхүүн оруулж ирснээс үүдэн иргэн эрүүл мэндээрээ хохирсон байх эрсдэлтэй тул Гаалийн байгууллагаас үүнд хяналт тавих үүрэгтэй, хар тамхи мансууруулах бодисын найрлагатай байх вий, иргэдийн сайн сайхны төлөөх үйл ажиллагаа гэдгийг ойлгох хэрэгтэй” гэж ирээд иргэдийг буруутгалаа.

Гэтэл нүүрсний хэрэг мандахтай зэрэгцэн гаалийн байцаагчид хууль зөрчсөн ноцтой үйлдлүүдийг зарласан. Энэ тухай 2022 оны 11 дүгээр сарын 16-нд нүүрсний хэргийг шалгах ажлын хэсэгт багтсан ГЕГ-ын зөрчилтэй тэмцэх газрын дарга Б.Сүхбаатар дараах мэдээллийг өгсөн нь анхаарал татна. Тэрбээр “Нүүрсний экспорттой холбоотойгоор Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг дөрвөн удаагийн шалгалт хийсэн. Эхний шалгалтын үр дүнд нийтдээ 3758 тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн 379 мянган тонн нүүрсэнд экспортын гаалийн бүрдүүлэлт хийсэн мэдүүлэг Гаалийн мэдээллийн автоматжуулсан системд байгаагүй. Өөрөөр хэлбэл, бүртгэгдээгүй гэсэн үг. Энэ нь дээрх хэмжээний нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүйгээр экспортод гаргасан байж болзошгүй байгаа тул тухайн үеийн ажлын хэсгээс цаашид эрх бүхий байгууллагад шилжүүлж, шалгуулах саналтай байна гэсэн дүгнэлт гаргасан байгаа.

Хоёр дахь шалгалт, 2018 оны зургадугаар сарын 5-наас 31-ний өдрүүдэд явсан. 2013-2017 онд Гашуунсухайт боомтоор экспортод гарсан нүүрсний гаалийн бүрдүүлэлтийг хамруулсан. Шалгалтын явцад зарим аж ахуйн нэгжүүд Таван толгой ХК-иас худалдаж авсан нүүрснээсээ илүү тоо хэмжээтэй нүүрс гаргачихдаг. Зарим нь үлдэгдэлтэй байж байдаг гэх мэт эргэлзээтэй олон асуудал гарч ирсэн. Дээр дурдсан 2013-2017 оны хооронд нийтдээ 2527 машин 17 мянган удаагийн давтамжтайгаар хоосон гэсэн бүртгэлтэйгээр хилээр гарсан байж болзошгүй гэсэн мэдээлэл гарч ирсэн….” гэж мэдээлсэн байдаг. Үргэлжлүүлэн хоёр удаагийн шалгалт хийгдэж мөн л ноцтой үйлдлүүд илэрсэн байгаа юм.

Нүүрс тээврийн олон мянган машин гаалийн бүрдүүлэлтгүй хилээр орж гарна гэдэг бол гаалийн байцаагчийн эрх хэмжээний асуудал яригдсан гэсэн үг. Нэг ёсондоо олон мянган машин гаалийн бүрдүүлэлтгүй явахыг гаалийн байцаагч зөвшөөрсөн.

Өнөөдөр нүүрсний хэргийн хохирол хэдэн арван их наядаар яригдаж байгаа. Нүүрсний хэрэг ч хэдэн жилийн өмнөөс эхтэй. Тэр үеэс өнөөдрийг хүртэл гаалийн байгууллага улс эх орны төсөв, газрын доорх баялгийн хулгай явагдаж байгааг, түүнийг ажилтнууд нь хамжиж үйлдэж байгааг илрүүлж, зарлаж, үг дуугараагүй хэрнээ ард түмний өвчин зовлон дээр зоолж, эм бэлдмэл, витаминыг нь хамж хураах үйлдэл маш ёс зүйгүй харагдаж байгаа юм.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд DNN.mn

Цахилгаан эрчим хүчний шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийг УБЦТС ТӨХК-аас гаргажээ.

Тодруулбал, гуравдугаар сарын 30-н буюу өнөөдөр Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Налайх дүүргийн тодорхой объектуудад мөн Төв аймгийн зарим суманд 09:00 цагаас эхлэн засвар хийх юм байна. Засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулахыг санууллаа.

Өнөөдөр цахилгааны хангамж хязгаарлагдах газрууд:

зураг
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Алагаа: Гүний уурхайн олборлолт 450 мянган тоннд хүрэхэд л өнөөдрийн Оюу толгой, Эрдэнэтийн олборлолтыг нийлүүлсэнтэй тэнцэнэ DNN.mn

Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан Н.Алагаатай ярилцлаа.


-Оюу толгой ордын гүний уурхайг нээхтэй зэрэгцэн өнгөрсөн хугацаанд энэ компани юу хийж ирсэн юм бэ гэдэг асуултыг зарим хүмүүс хөндөх болсон. Нэг ёсондоо өнгөрсөн жилүүдэд Монгол Улсад ашиг өгч ирсэн юм уу гэж эмзэглэх хэсэг байна. Тиймээс хоёулаа өнөөдрийг хүртэлх “Оюу толгой”-н ордын түүхийг товч дурдаж болох уу?

-Эхлээд Оюу толгой нээгдэх боломжтой байсан уу, үгүй юу гэж ярья. 1997 оны Ашигт малтмалын хууль гарахад тэнд маш чухал заалтууд орсон байдаг. Хайгуулын лицензийг гурван жилээр олгоно. Хоёр жилээр хоёр удаа сунгана гэж заасан. Нийтдээ долоон жил гэсэн үг байгаа биз. Хэрэв энэ долоон жилийнх нь хугацаа дуусвал онцгой эрхээр ашиглалтын тусгай эрхийг нөөцгүй ч байсан авч болно. Ашиглалтын лицензээ аваад хайгуулаа үргэлжлүүлж дуусгах зохицуулалт байсан. Хоёрт, ашиглалтын лицензийг нь эхний удаа 40 жил, дараа нь 30, 30 жилээр хоёр удаа сунгана гээд 100 жилээр эзэмшиж болохыг заасан. Дээр нь тусгай зөвшөөрлийг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр шилжүүлэх боломжтой хууль байлаа.

Оюу толгойн лиценз эхлээд “Магма коппер”-т, дараа нь“Эрдэнэт” үйлдвэрт байлаа. Дараа нь BHP-д ирлээ. Зэсийн үнэ унахад “Айвенхоу” авч, нээсэн. “Айвенхоу майнз” энэ төслийг босгож чадахгүй. Том төслийг жуниор компаниуд олоод томд нь өгдөг. Ингэснээр энэ орд дээр Англи, Америк орж ирэх байсан уу, Рио орж ирэх үү. BHP нь эргээд ирэх байсан уу, хэн нэгэн үндэстэн дамнасан компани авч таарна. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл олгодог хязгаарлалт байхгүй, урт хугацаагаар олгогдож байсан нь Оюу толгой нээгдэх боломжийг бий болгосон. Нэг ёсондоо 1997 оны Ашигт малтмалын тухай хууль энэ боломжийг нээж чадсан гэж би хэлнэ. Түүхийг нь яривал Оюу толгой дээр эхлээд тогтвортой байдлын гэрээ байгуулах гэж миний санаж байгаагаар хоёр ч УИХ дамжаад явж байтал Оюу толгой 2006 онд стратегийн ач холбогдолтой ордод багтаад 34 хүртэлх хувийг төр эзэмшихээр болсон. Энэ хуулийн заалтын дор УИХ 2009 онд Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Түүнээс хойш Оюу толгой үндсэндээ бүтээн байгуулалтаа эхэлсэн.

Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхлээд явж байтал 2011 оны төгсгөлөөр гэрээ муу болсон гэх асуудал гарч, санхүүжилтийг зогсоосон. Ийм байдал нэлээд үргэлжилсэн байх. Ямартай ч эхлээд байсан далд уурхайн ажил гурван жил зогссон байдаг. Эхний хөрөнгө оруулалт 4 тэрбум гаруй ам.доллар шүү дээ. Сүүлд зургаа ч болсон байх. Тэр нь их боллоо, бага боллоо гэж маргаад байдаг. Ер нь гадаадын хөрөнгө оруулалт их байна гээд байдгийг би ойлгодоггүй юм. Орж ирж байгаа доллар болгоны цаана ажил үйлчилгээ, татвар, тэнд хүмүүсийн цалин, худалдан авалт нэмэгдэж байдаг. Их орлоо гээд гаслаад байдаг хэрнээ хөрөнгө оруулалт хэрэгтэй гэдэг. Яг тэр эхний бүтээн байгуулалтын хоёр гуравхан жилийн дотор орсон хөрөнгө оруулалт Монгол Улсын эдийн засгийг маш их томруулсан. Тэр эдийн засаг өнөөдөр яг хэвээрээ байна. Түүнээс хойш томорч чадаагүй. Тэр үед төгрөг чангарч, импортын байгууллагууд ашиггүй болж, англи хэлтэй ажиллах хүчин Оюу толгойн төсөл рүү явж, хүмүүсийн хэлдгээр Голланд өвчний шинж тэмдэг эхэлсэн шүү дээ.

-Тэгээд Дубайн гэрээний асуудал эхэлдэг…?

-2015 онд Сайханбилэгийн Засгийн газар хоёр гэрээний хүрээнд далд уурхайн санхүүжилтийн төлөвлөөг ямар хугацаанд, хэдэн төгрөгөөр, юу хийх вэ гэдгийг тодорхой болгосон. Түүн дээр өмнөх өрийн асуудлыг цайруулсан байдаг.

Ер нь манайд өр гэдэг их асуудалтай. Олон удаа ч хөндөгдлөө. Яагаад гадаадын хөрөнгө оруулалттай компани бүр дээр татварын өр гараад байна вэ гэхээр олон улсын бүртгэлийн стандарт манай улсын стандарт хоёр зөрүүтэй байдгаас үүдэлтэй. Тэр зөрүү л татварын өр болж гарч ирээд байгаа юм. Уг нь бид нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг мөрдөнө гээд зарлачихсан. Яг хууль хэрэгжүүлэх дүрэм журамдаа тусгаагүй. Тэр олон улсын стандартыг мэдэхгүй татварын байцаагч акт тавьдаг. Тэгээд л өр болдог.

За Оюу толгойн түүх рүү ороход үргэлжлүүлээд дунд нь баахан мэтгэлцээн үүссэн шүү дээ. Үнэхээр одоо Рио Тинтод олон монголчууд ажилладаг болсон байна. Дээд албан тушаалын түвшинд ч монголчууд орж чадсан. Монголын Засгийн газар баг гаргаад гэрээндээ тодорхой хэмжээгээр өөрчлөлт оруулаад, өрийн асуудлаа шийдэж, ямартай ч төслийг явуулъя гэснээр гүний уурхай сая ашиглалтад орлоо.

1300 метрийн гүнд зөвхөн уул уурхайн олборлолтын ололтоос гадна тэнд өрмийн машин, авто зөөгч, бутлуур, юүлүүр гээд л ил явдаг бүх техник засварын багтайгаа ажилладаг боллоо. Мэдээж аюулгүй байдлын асуудал бүрэн хангагдсан. Бүхэл бүтэн үйлдвэр газар доор бүх тоног төхөөрөмжтэйгөө байгуулагдлаа шүү дээ. Ингэхдээ хамгийн орчин үеийн шийдлээр шүү. Маш олон монгол залуус уул уурхайн шинэ техник технологитой танилцаж, бизнесийн ёс зүй гэж юу болох, бизнес яаж хийдэг, хүмүүс яаж ажилладгийг харж сурч байна. Дэлхийн аль ч оронд ажиллах хэмжээнд шинэ мэдлэгтэй монгол хүмүүс бий болж байна. Хүн нь экспортод гарахад бэлэн боллоо. Үүнийг гайхамшиг гэхгүй бол юуг хэлэх вэ. Эрдэнэт үйлдвэр 20 дугаар зууны манлай үйлдвэр. Тэгвэл 21 дүгээр зуунд Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орсон нь Монголын уул уурхайн салбар дахь гайхамшиг гэж би хэлнэ.

-Эрдэнэт үйлдвэр гэж ярьсных Оюу толгойг Эрдэнэттэй жишиж харьцуулдаг. Эрдэнэт том хот байгуулаад байхад Оюу толгой яагаад байгуулахгүй байгаа юм бэ гэдэг…?

-Товчхондоо нийгмийн ялгаа шүү дээ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагт хувийн хөрөнгө гэж байгаагүй. Бүх хайгуул, уул уурхайн бүтээн байгуулалт, дэд бүтцийг бүгдийг төр засаг хийсэн.

Тэгвэл зах зээлийн бүх оронд эхлээд шууд бүтээгдэхүүн гаргах хөрөнгө оруулалтаа хийдэг. Харин хоёрдугаарт нийгмийн чанартай бусад асуудал яригддаг. Оюу толгойн алсын хараа бол Ханбогдыг 10-15 мянган хүнтэй хот болгож хөгжүүлэх. Хөгжүүлж ч байгаа. Ер нь өнөө үед заавал хот шинээр байгуулах албагүй болсон. Канад Австралид том уул уурхайг дагасан хот байдаггүй. Тэнд хувийн бизнес худалдан авалтыг хөгжүүлэхэд л дэмжлэг үзүүлдэг. 2003 онд Монгол телевиз, УИХ-ын гишүүдээс Зүүн Австралид “BHP”-гийн манай Таван толгой шиг уурхай ажилладаг бүс нутгийг үзүүлж байсныг санаж байна. Тэнд хот байхгүй,нутгийн удирдлагын төлөвлөгөөний дагуу хөрөнгө оруулагчийн дэмжлэгтэйгээр сургууль, цэцэрлэгтээ хөрөнгө оруулалт татаад л явуулж байсан.

Ер нь уул уурхайг дагасан том хот сүүлд нь уурхай зогсоход хүнд байдалд ордог. Барууны орнууд том хот байхгүй учраас уурхай зогсож хаагдахад нэг бол консерваци тавина, эс бол уурхайгаа буулгаад нөхөн сэргээлт хийдэг. Ажилчид нь өөрийнхөө амьжиргааг даагаад сурчихсан хүмүүс учир хэвийн амьдраад л явдаг.

-Тэгвэл гүний уурхайн үр өгөөжийн талаар ярья. Монголын эдийн засагт энэ гүний уурхай ямархуу үр өгөөж өгч чадах вэ?

-Оюу толгой компанийнхан ч өөрсдөө ярьсан байсан даа. Төслийн хүчин чадал гэж бий. Одоо л гүний уурхай нээгдэж байна. Төлөвлөсөн хэмжээнд хүрэхэд хугацаа орно. Одоо 170 мянган тонн зэсийн баяжмал гаргаж байгаа. Үүнийг 450 мянган тонн-д хүргэнэ гэж байгаа.Нээгдээд эхний малталт хийгээд л шууд хүрчихгүй. Аажмаар нэмэгдүүлнэ. Эрдэнэт гэхэд 1978 онд 4 сая тонн баяжмал гаргаж байсан. 16 сая болох хүртэл дөрвөн жил зарцуулсан байдаг. Оюу толгой 2030 он гэхэд төлөвлөсөн хүчин чадалдаа хүрчих болов уу. Тэгж чадвал өнөөдрийн Эрдэнэт үйлдвэр, Оюу толгой хоёроос гарсныг нийлүүлсэн хэмжээний зэсийн баяжмалыг дангаараа гаргах юм. Дээр нь алтны өндөр агууламжтай учраас зүгээр зэсийн баяжмалаас үнэлгээ сайтай байна.

-Тэр өгөөж нь эдийн засагт ямар үр дүн бий болгохыг энгийнээр тайлбарлахгүй юу?

-Доллар чангараад байна шүү дээ. Нэгд, өнөөдөр Монголд орж ирж байгаа ам.долларын хэмжээг 2.5 дахин нэмнэ гэсэн үг. Хоёрт, мэдээж худалдан авалт нэмэгдэнэ.

-Гүний уурхайн үйл ажиллагаа хэвийн явуулах тогтвортой байдлын асуудал чухал байх. Тийм үү?

-Хамгийн сүүлийн хэлэлцээрийг хоёр талаас их хүч гаргаж хийсэн. Одоо тогтворгүй байдал хөндөгдөх хэмжээнд яригдахгүй байх. Ядахдаа бид энэ үр дүнгээ үзэх хэрэгтэй биз дээ.

Ер нь манайхан үр дүнд хүрэхээс өмнө шуугиад л, сонсоод л төсөөллийн сэтгэхүйгээрээ явчихдаг ард түмэн. Төсөөллийн сэтгэхүй гэж нүүдэлчдэд голдуу байдаг. Европчууд бол логик аналитик сэтгэхүйтэй. Аливаа асуудлыг харьцуулж судалж ярьдаг. Манайх бол төсөөлнө. Муухай гэхээр өө тийм байна гэнэ. Нээрээ үнэн үү худал уу гэж харьцуулж шалгахгүй.

-Логик, аналитиктай асуудалд хандах нь их чухал гэдгийг өнөөдөр бид харж байна л даа. Тухайлбал, өнөөдөр газрын тосны “Петрочайна дачин тамсаг” компанийн асуудал хөндөгдөж байна. Үнэхээр тэр олон зээр үхсэн нь ноцтой асуудал. Харин эцсийн шийдвэр дүгнэлт гараагүй байхад газрын тосны үйл ажиллагааг зогсоох ёстой гэсэн хандлага давамгай болж байна шүү дээ. Үүнийг та юу гэж харж байна?

-Газрын тос Монголд хэрэгтэй юу, мэдээж хэрэгтэй. Бид нэг орноос хараат байгаа. Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу бид тодорхой бүтээгдэхүүн тэндээс авч болно. Түүхий газрын тос аваад Дорноговьд газрын тосны үйлдвэр барина гэж байгаа биз дээ. Тэр хэрэггүй юу.

Харин тэнд хууль бус үйл ажиллагаа байгаа бол мэргэжлийн хүмүүс тогтооно. Ажлын хэсэг гарчихсан ажиллаж байгаа юм гэсэн. Би фэйсбүүк, твиттер зэрэг сошиалаар гарсан мэдээлэлд үнэмшдэггүй. Хүлээцтэй хандана. Харин манайд мэргэжилтний үгийг хүлээж авахаа больж дээ. Бүгд мэддэг болчихож, мэдэхгүй сэдэв алга. Мэргэжилтэн хэлэхээр тоохгүй. Хүлээж авахгүй. Тэгсэн хэрнээ өөрсдөө мэдэхгүй. Энэ бол хөгжилд садаа болдог хортой хандлага юм.