ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…………………….
Манай домогт хүмүүсийн нэг “Бум хурандаа” хэмээн олноо алдаршсан, Улсын бага хурлын тэрг үүлэгчдийн дарга агсан Г.Бумцэндийн хүү, ахмад сэтгүүлч Б.Эрдэнэтэй ярилцаж байна.
”Илжиг” Эрдэнэ гэхээр өөрөө ч баярлаж, өргөн олноороо танил болсон энэ хүний сураг сүүлийн хэдэн жил тасарч, үгүйлж сураглах хүн олон болсон. Эр хүний туулж л болох бараг бүх амьдралыг туулсан энэ буурлын яриа танд сонин болов уу.
-Та, Монгол Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн даргын албыг олон жил хашсан хүний хүү. Бид хоё- рын яриа мэдээж Бум хурандаагаас эхэлж таараа. Д.Сүхбаатар, Х.Чойбалсангийн ардын журамт цэрэгт хороо командалж явсан Г.Бумцэнд гуайн баатарлаг үйлсийн тухай түүхэнд тод томруун үлдсэн. Хурандаа цол гараагүй байхад аавыг чинь яагаад “Бум хурандаа” гэж нэрлэсэн юм бол?
-Ард түмний хайрласан алдар цол юм гэнэ лээ. Манайхан чинь Оростой хил залгаа. Орос цэргийн жанжнуудад олон янзын цол хэргэм байсан. Тэгээд л орос, буриадууд аавыг минь “Бум хурандаа” гээд нэрлэчихсэн юм гэсэн.
-Улсын бага хурлын тэргүүлэгчдийн дарга болсон түүхийг нь яриулж байв уу?
-Аав, Улсын бага хурлын тэргүүлэгчдийн дарга болсон тухайгаа сүүлд бидэнд ярьдаг байсан. Ардын хувьсгал ялсны дараа аав минь нутагтаа (Сэлэнгэд) хоршооны дарга хийж байсан юм билээ. 1940 оны намрын нэг өдөр хотоос суудлын тэрэгтэй хүмүүс очиж аавыг “Маршал дуудаж байна” гээд аваад явж. Яамны бололтой хүмүүс гэнэ. Баривчилгаа ид явагдаж олон хүнийг цаазлан хороосон үе. Аав муу л юм бодож явж. Өс хонзон, матаасын юм босч ирэв үү. Бодоод олохгүй дотроо л шаналж явсан гэдэг. Авч яваа хүмүүс огт дуугүй. Ингэж явсаар Дулаанханы орчимд “Бууж морь харъя” гэсэн чинь буулгасан байна. Зүгээр ч буулгасангүй жижиг сандал тавьж суулгаад, цай хөнгөн зуушаар дайлсан байна. Нэлээн хүндэтгэсэн байртай. Эндээс аав минь “Арай ч буудуулчихгүй юм байна” гэсэн бодол төрсөн гэдэг. Шөнөдөж ирээд буудалд хонох болсон чинь нойр нь хүрэлгүй үүр цайлгасан гэдэг.
-Маршал дуудсан нь үнэн болов уу?
-Маргааш өглөө нь Маршал Чойбалсанд бараалхах юм болж. Өглөө эртээ хар машин ирж аваад Засгийн газрын ордонд аваачиж. Шууд маршал дээр оруулсан чинь их сайхан угтаж авлаа гэнэ. Цай идээ болоод хэсэг ярьж сууснаа “Таныг Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн дарга болгохоор ярьж тохироод байгаа. Намын Х их хурал, Улсын VIII их хурал хуралдана. Маргааш Улсын VIII Их хурлаар таныг Бага хурлын тэргүүлэгчдийн даргаар сонгоно” гэв. Аав, Маршалд хүндэтгэл үзүүлсэнд нь баярласнаа илэрхийлээд “Бичиг үсэг, эрдэм чадлаар сул. Чадахгүй байх” гэж үнэнээ хэлсэн аж. Маршал Чойбалсан инээснээ “Та чадна. Ноён нуруутай тан шиг л хүн хэрэгтэй байна. Та төрийн тамга бариад л сууж бай. Дэргэд чинь эрдэм номтой залуучууд ажиллуулна. Бичиж төлөвлөсөн зүйл дээр нь та тамга дараад л байгаарай” гэж. Ингээд Улсын VIII Их хурлаас Улсын бага хурлын тэргүүлэгчдийн дарга, Намын Х Их хурлаас Намын төв хорооны удирдлагад багтсан гэдэг юм.
-Бас буруудаж явсан гэлүү?
-Аав, хүнд их итгэмтгий хүн байсан. Тэр дундаа өөрийнхөө албаны хүмүүст их итгэдэг. Ёстой л тамга дараад суудаг байж. 1950-иад оны үед аавын хамгийн ойрын ажилтан Баяр, Пагамжав хоёрыг баривчлаад шоронд хийчихсэн гэнэ. Тэд аавын итгэлийг далимдуулаад татвараас чөлөөлсөн баахан хуурамч бичиг баримтан дээр тамга даруулчихаж. Бараг хуйвалдсан шахуу юм болоод зарим удирдлагууд аавд тааламжгүй хандсан гэдэг. Ю.Цэдэнбал дарга л “Бумцэнд гуайд ямар ч буруу байхгүй. Та ажлаа чөлөөтэй хийж бай” гээд насан өөд болтол нь энэ өндөр албан тушаалд ажиллуулсан гэдэг юм.
-Өөрөө чинь Бумцэнд гуайг өндөр албан тушаалд томилогдоход хорвоод ирээгүй байж. Улсын бага хурлын даргынд улаан маамуу ирж, сүйд болоо байх даа?
-Тийм ээ, 1943 онд дээдсийн хүрээлэнд нэг “эрхийн тэнэг” нэмэгдэх нь тэр. Би арван нас хүртлээ Их тэнгэрийн аманд томчуудын хүүхэдтэй тоглож, зодолдож өссөн. Нийслэлийн II дунд сургуульд суралцаж, өглөө оройд тэргээр хүргүүлнэ. Манай комиссар, аавыг тө- дийгүй бид бүгдийг харж хамгаалах үүрэгтэй. Түүнийг аргалж хаашаа хамаагүй хэсч тэнэнэ. Тоглоно. Үеийнхэнтэйгээ хотоор тэнэж эрүүлнэ. Ийм нэг дураараа хүн өссөн дөө.
-Бумцэнд гуайг өөд болоход танайх хотын төв рүү орж ирсэн үү?
-Тэгсэн. Тавдугаар хороонд Янжмаа гуайн дэргэдэх хашаанд том цагаан гэр барьж, манай бүх хогшил хөрөнгийг тавиад ээж бид хоёр амьдарч эхэлсэн дээ. Аяга, таяг, сэлэм, буу гээд аавын өөрийнх нь хэрэглэж байсан зүйлийг музейд тавиад, бусад эд хогшил бид хоёрт үлдсэн. Машины нь нэг жил унуулаад буцааж авсан. Ээжид насан туршид нь сард 800 төгрөг, над хорин гурван нас хүртэл сар бүр 500 төгрөг, аавын эгч Цэрэнлхамд нэг удаа 10.000 төгрөг олгож байх тогтоол гарсан. Тэр үеийн 500 төгрөг гэдэг чинь мань мэтийн жулдрай бацаанд барж идэх хоол биш. Ийм бэлэн, цатгалан амьдрал дээр өссөнөөс л би гэдэг хүн насаараа томоожилг үй өдий хүрлээ дээ.
-Даргын унаж байсан машиныг яагаад буцааж авсан юм бол?
-Мэдэхгүй. Тогтоол нь тийм л гэдэг байсан. Манай жолооч Цэвээндорж гэж хүн байсан. Нэг жил болоод явчихсаны нь дараа ээж хааяа гуйж унадаг л байсан. Нэг өдөр Цэвээндорж ахыг гуйгаад намайг сургуульд хүргүүлэх гэсэн чинь ээж хөдөлдөггүй. Тэгэхээр нь би “Тэгвэл илжиг тэрэг гуйж сургуульдаа хүрг үүлнэ” гээд гарч явсан юм. Санасандаа хүрч замаас нэг илжиг тэрэг бариад сургуульдаа очсон чинь хүүхдүүд тал талаас шавчихлаа. Шоолоод л, илжиг илжиг гэцгээж байна. Илжиг нэрийг анх би ингэж авсан юм. Энэ нэрэндээ би хайртай. Миний гадна төрх илжигтэй тун төстэй байх. Чих урт, толгой жижиг гээд л… Гол нь илжиг гэдэг амьтан эзэндээ туйлын үнэнч, хамгийн хөдөлмөрч амьтан гэдэг. Бас гомдомтгой, уйлж явдаг гэсэн. -Чамайг ангийнхан чинь их сахилгагүй хүүхэд байсан гэх юм билээ? -Тийм ээ тийм. Сурлагаар бол гурав, тав хоёр авч үзээг үй. Сахилгаар бол өртөхгүй зүйл байхгүй дээ. Самбарын алчуурыг чернильдээд дунд нь эвхээд тавьчихна. Багш самбараа нэг арчаад л гар нь дан черниль болно. Эрдэнээс өөр хүн ингэхгүй гээд, укаасгаа бариад намайг туучихна. Толгой дундуураа хэд гөвүү- лээд, орилсоор ээждээ очно доо. Ес аравдугаар ангид байхдаа пиво ууж сурсан. Түүндээ согтоно.
-Хэрэг төвөгт холбогдов уу?
-Есдүгээр ангид байхдаа пиво ууж согтоод хүүхэд зодчихсон. Цагдаа аваачиж хүлээлгэнд суулгаад Ерөө рүү ачих боллоо. Ерөөгийн хөдөлмөр хүмүүжлийн лагерьт явуулах тогтоол гарчихсан. Оргож мэднэ гээд Цагдаагийн дарга Рэнцэнхорлоо гуай машинаараа хүргэх гэж байлаа. Тэгтэл ээж минь машины нь арын суудалд надтай хамт суучихсан “Би хүүхэдтэйгээ явна. Тэр шоронд чинь хамт оръё” гээд суугаад байгаа. Дарга нарын хэн нь ч ээжид халдаж чадахгүй байсаар орой нар жаргахад бид хоёрыг суллаж явуулж билээ. Би олон газраас сануулга донго аваад сургуульдаа үлдэж “Ээж байгаа цагт би юу ч хийж болох юм байна” гэсэн нэг муухай бодолтой хоцорсон юм даа.
-Ингээд дунд сургуулиа хэл амгүйхэн төгсгөж чадав уу?
-Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, тос хийсэн ч сэгсэрнэ гэдэг бол, энэ удаа би харин сэгсрээгүй юм шүү. Овоо хүн шиг байгаад аравдугаар ангиа төгсчихсөн. Сайн төгсөөд “томоожсон” нэртэйгээр гадаадын хуваарь аван дээд боловсролын хорооны хурлаар орсон чинь Энэбиш дарга “Бумын Эрдэнэ шив дээ. Ийм сахилгагүй хүнийг гадаадад явуулчихаад юу бодож суух болж байна. Хасъя” гээд хасчихлаа шүү.
Сургууль хичээл эхэлчихсэн, би нуруугаа үүрээд л алхаж байлаа. Сарын 500 төгрөгийн тэтгэмжтэй шүү дээ. “Сургуультай сургуульгүй болно доо” гэж бодож яваа. Аавын буян овоо бий. Нэг мөнгөн аягыг нь аваад гарахад л хэд хоногийн хоол. Ингээд явж байсан чинь нэг өдөр Жаргалсайхантай гудамжинд таарлаа.
УИС-ийн сэтгүүлчийн анги гэж их сайхан ангид сурч байгаа. Чи хүрээд ирээч гэдэг юм байна. Хичээл эхлээд сар болчихсон. Орон тоо нь бүгд гүйцчихсэн. Очиж очиж намайг авдаг ч юу л бол гэж бодсоор ээждээ ирж хэллээ.
-Ээж чинь юу гэж байх юм?
-Ээж минь нэлээн бодож сууснаа “Өвгөний нэрнээс бас л огтолж үзье дээ” гэж байна. Тэгснээ шууд Содном ректор руу явлаа шүү. Бойнд орох гэж байгаа амьтан шиг, ээждээ хөтлөгдөөд л орж явчихлаа. Содном ректор ээжийг жигтэйхэн танимхайрч босч ирээд мэндэллээ шүү. Ээжтэй зэрэгцэж суугаад их хуучилж байна аа. Тэгснээ намайг аравдугаар сарын 01-нээс УИС-ийн сэтгүүлчийн ангид оруулах болчихдог юм байна. Гараад ээж минь над “За чи, өвгөн бид хоёрын нэрийг ч баасдаад дууссан. Энэ хүний нэрийг баллаж болохгүй шүү” гэж байна.
-Чиний паян дуусах биш. Их сургуулийн сэтгүүлчийн ангид бүр манаргаа биз дээ. Бидэнд хүртэл яриа хийж байсныг санах юм?
-Тэгэлгүй яахав. Бүр эсэрг үү болдог байгаа. Ангийнхаа хэдтэй нийлж “Хөх туг” нийгэмлэг байгуулж, “Уриа” сонин гаргаад, тухайн дэглэмийг шүүмжлэх гэж үздэг байгаа. НАХЯ-ныханд баригдаж, байцаагдаж эхлэх нь тэр. Сүүлд генерал болсон Дэчин гуай байцааж байгаад Жамбалс үрэн сайд дээр оруулж билээ. Жамбалсүрэн гуай “Эцгийнхээ байгуулалцсан нам, тө- рийн эсрэг ингэж ч явах гэж дээ” гээд толгой сэгсэрч билээ. Тэгээд намайг хүмүүжүүлэхээр МХЗЭ-ийн Төв хороонд шилжүүлж Товчооных нь хурлаар оруулсан. Ч.Пүрэвжав дарга “Эх орныхоо хөгжил цэцэглэлтийг дутуу үнэлсэн. Монгол-Зөвлөлтийн найрамдалд харш үйл ажиллагаа явуулсан” гэх мэтээр буруутган тогтоол гаргалаа. Нууц захидал гаргаж залуучуудын байгууллагуудаар хэлэлцүүлсэн.
Намайг МХЗЭийн Төв хорооны нарийн бичгийн дарга Батаа хариуцан авч, намын Төв хорооны дарга нар манай сургууль, курст очин яриа таниулга хийн сүртэй юм болсон сон. Манай курсийн намын үүр хатуу хяналт тавина. Үүрийн дарга нь сэтгүүлч Батын Гармаа.
-Сургуульдаа сурч л байсан биз дээ?
-Сурч байгаа. Гайгүй сайн сураад төгсчихсөн. Төгсөөд баруун хязгаарт, Ховдын сонинд хуваарилагдана. Эрдэнээг хотод ойр суулгаж болохгүй гэсэн юм билээ.
-Явахгүй гэж үзэв үү?
-Үгүй. Аав минь Зүүн хязгаарыг тохинуулж байсан юм. Би баруун хязгаарыг тохинуулна гээд онгоцонд сууж билээ.
-Тэгээд хэр зэрэг тохинуулав даа?
-Тэнд өөдтэй ажиллаж чадаагүй. Архи ууж хүн зодоод баривчлагдсан. Шүүх хурал болж нэг жилийн хорих ялаар тасалчихдаг байгаа. Ингээд Ховдын шоронд сууж байлаа. Таньдаг хүнтэй хуйвалдаж шоронгоос оргоод Хөвсгөлд хүрч ирлээ. Хөвсгөлийн сонины эрхлэгч Жүгдэрхүүтэй хамт хэд хоноод Улаанбаатарын онгоцонд суучихсан чинь Буянт-Ухаад төв хорихын төлөөлөгч хурандаа Цэрэндэжид тосч барьж аваад явдаг байгаа. Ингээд оргодлуудын байранд жинхэнэ том гаруудтай хоригдсон доо. Цэрэндондов, Ч.Дулмаа, Д.Чалхаа гэхчилэн. Тэгсэн чинь тэнд Самбуу гуайн Сүрэнжав, Намжилын Сүрэнжав, Чулуунх үү гээд танилууд маань ч байж байх юм. Шоронгоос, Дээд шүүхийн дарга Хорлоогийн Дамдинд өргөдөл бичлээ.
-Х.Дамдинг сайн таних уу?
-Тийм сайн биш. Гэхдээ их сайн хүн шүү дээ. Одоо амьд сэрүүн байгаа. Мөн л нөгөө сайн аавын нэрийг нугалж яваа. Гэмшсэн гутарснаа ч бичиж байгаа. Тэгсэн чинь хэд хоногийн дараа Ховдын шүүхийн тогтоолыг хэрэгсэхгүй болгоод, намайг наранд гаргачихдаг байгаа. Намайг Ховд руу хуваарлиж явуулсан Намын төв хорооныхоо дарга нартай очиж уулзлаа. Үзэл суртлын хэлтсийн эрхлэгч Г.Очирбат (сүүлд МАХН-ын дарга байсан) ажилтан Төмөр нартай уулзлаа. (Сүүлд гудамжинд сонин зараад л байх болсон) Намайг хөдөлмөрөөр хүмүү- жүүлнэ гэнэ. АҮК-ын ноос угаах фабрикт ажилчнаар өглөө шүү. Хэдэн сар түүнийг нь хийлээ.
-Энд хүмүүжтэлээ ажиллаж чадав уу?
-Хэдэн сар болоод цэрэгт явчихсан. Ардын армийн 013- р ангид алба хааж Самбуугийн Баатарсүх нарын хүмүүстэй цэргийн албыг хаалаа. Армийн мөрдэс анх ингэж зүүж үзсэн юм. Тухайн үед Монголд мөрдэс зүүдэг таван алба байсан юм. Ардын цэрэг, хилийн цэрэг, НАХЯ, галын газар, цагдаагийн газар. Энэ таван албаны мөрдэсийг тавууланг зүүж үзсэн хүн надаас өөр байхгүй юм гэнэ лээ.
-Армид удав уу?
-Хоёрхон сар болоод байтал 1967 оны наадмаар Хилийн цэргийн удирдах газрын дарга генерал Цэдэн-Иш гуай дуудлаа гэнэ. Намайг их сайхан хүлээж авч байна. “Муу ээжийгээ мөн ч их зовоолоо доо. Одоо хүмүүжээ биз дээ” гээд тусгай хороонд алба хаа гэлээ. Ингээд хоёр дахь удаагийн мөрдэс, хилийн цэргийн мөрдэсийг бас л хоёрхон сар зүүж үзсэн юм.
-Бас л болохгүй болсон уу?
-Тусгай хороонд дажгүй ажилласан шүү. Цэдэн-Иш генерал ч “Эрдэнэ, хүн болох төрхөө оллоо” гэж байсан гэдэг. Нэг өдөр Намын Төв хорооны үзэл суртлын хэлтэст дуудлаа. Мөн л өнөөх “Хөдөлмөрийн хүмүүжлээ” яриад Аж үйлдвэрийн комбинатын ноос угаах үйлдвэрт ажиллуулах юм боллоо. Ажил сайн хийвэл цалин сайн авна л гэнэ. Ингээд тус комбинатын дарга, Намын Төв хорооны гишүүн Түвшинтөрийн Дангаагийн мэдэлд шилжүүллээ дээ. Тэнд харин илжиг шиг зүтгэсэн. Сайн ч цалин авлаа. Ажилчидтайгаа танилцаад, аяга амандахаа хуваагаад сайхан байлаа шүү. Хэдэн сар болж байтал мөн л нөгөөх Төмөр дуудлаа. Дээгүүрээ “Эрдэнэ хүмүүжлээ” гэж ярьсан юм шиг билээ.
-Мэргэжлээр нь ажиллуулах хэрэг үү?
-Төмөр намайг хөтлөөд Жалан-Аажав дарга дээр орсон. Төв хорооны нарийн бичгийн даргад бараалхаж байгаа нь энэ. Дарга намайг хоёр ном унш гэж байна. “Мич хүн болж хувирах процесст хөдөлмөрийн роль”, “Намын түүх” хоёрыг. Намайг л мичнээс хүн боллоо гэж бодож байгаа бололтой юм. Уншаад хэд хоногийн дараа Төмөртөө шалгуулсан чинь овоо инээж байна. 1967 оны арваннэгд үгээр сарын 01-нд намайг Монголын радиогийн үйлдвэрийн редакцид сурвалжлагчаар өгч, миний сэтгүүлчийн зам эхэлсэн юм.
Манай редакци Дамба даргатай, Оюунцэцэг, Харцага, С.Цэрэн нарын ажилтнуудтай сайхан хамт олон байлаа. Жилийн дараа Ө.Баасанжав даргатай Ш.Сүрэнжав, Ч.Дуламжав, Д.Нямаа нарын ажилтнуудтай уран зохиол, урлаг, соёлын редакцид шилжиж билэг авьяас төгс хүмүүстэй гар нийлж ажилласан даа. Энд З.Дорж, С.Цэдэв, Б.Цэдэндамбаа, Т.Очирхүү, Д.Хатанбаатар, Пүрэвдаш, Амбасэлмаа, Шагдар, Гомбожав нарын алдартнуудтай танилцаж, ахан дүүс шиг нөхөрлөж билээ.
-Жинхэнэ хүмүүжсэн сэтгүүлч болох нь энэ үү?
-Болоогүй ээ. Би чинь алтны дэргэд шарлаагүй гууль байгаа юм. 1977 онд манай редакцийнхан цагдаагийн нэг хурандаагийн цайллагад уригдлаа. Тэнд согтож зодолдоод цагдаагийн ажилтны малгайг авч гишгэсэн хэрэгт орлоо. Ингээд ажлаас халагдаж баахан байцаагдаад арай чүү шоронгүй өнгөрсөн юм. Ажилг үй лааз өшиглөөд явж байтал Дарханаас Дамдин ах маань хугацаагүй дуудаж байна. Намайг хотын архичдаас холдуулах, бас гайгүй ажил хийлгэх гэсэн хэрэг л дээ. Намайг Дарханы ҮЭ-ийн зөвл өлд зааварлагч болгочихлоо.
Дарга нь сүүлд ҮЭ-ийн соёлын төв ордны дарга байсан Пүрэвсүрэн. Дамдин ахын хяналтад овоо хүн шиг байсаан. Жилийн дараа Дамдин ах маань МБТСЭ-ийн Төв Зөвлө- лийн дарга болж Улаанбаатарт ирэхэд би “хяналтгүй хүн” болох нь тэр. Дамдин ах маань бас л ярьж байж хот оруулж ирээд нөгөөх МРТУХ-ны мэдэлд ажиллуулах боллоо.
-Буцаад сэтгүүлчийнхээ албанд уу?
-Үгүй дээ. Бас л хөдөлмө- рөөр хүмүүжиж дуусаагүй юмсанж. Аж ахуйн хашаанд мод хураалаа. Нэвтрүүлэгч В.Батбаяр, оюутан Г.Золжаргал нарын залуучуудтай тэнд ажиллаж сайхан танил болсон. Тэгж байтал намайг арай хөнгөн ажилд тавина гээд МРТУХ-ны боловсон хүчний бичиг цаас эмхлэх, архивын материал бүрдүүлэх ажилд томиллоо. Энд үе үеийн удирдлагуудын хамаг муу муухай баримтыг үзэх бололцоо таарсан. Надаас өөр, чангахан дотортой хүн бол тэр аймаар баримтуудыг аваад л хадгалчих байсан байх. Би, ийм сонин юм байх гэж дээ хэмээн дотроо бодоод л өнгөрсөн.
-Энд удаан ажиллав уу?
-Бас болоогүй ээ. Нэг өдөр гудамжинд согтуу явж байсан чинь хурандаа Чойжамцтай таардаг юм байна. Манай комиссар байсан хүн. Энэ залууг комиссар байхад нь аав хойшоо сургуульд явуулж, ирээдүйнх нь замыг засч өгсөн юм. Чойжамц хурандаа намайг гэртээ аваачлаа.
Хүний тусыг мартдаггүй хүн байж. Хууч хөөрч байна аа. “Аав чинь намайг, олон жил хүн маналаа. Намайг амьд дээр сургуульд яв гээд явуулж байж билээ. Чи ч яахав даргын эрх банди, хурган дотортой үйтэн хуар дээлэн дээр шээж, ааруул зажлуулж амандаа хийлгэдэг хүү байж билээ” гэж байна. Ингээд хурандаа Чойжамц надаар өргөдөл бичүүлж аваад өөрөө Ю.Цэдэнбал дарга дээр орж билээ. Нэг шөнө Нанзад гуай “Өөртэй чинь дарга утсаар ярина гэсэн шүү. Утсан дээрээ бэлэн байгаарай” гэнэ. Сэтгэл хөөрөөд унтсан ч үгүй, бараг утсаа тэврээд л суугаад байлаа. Шөнө дундаас хойно дарга ярьж байна аа.
Амьдрал, ажил байдлын тухай 15 минут орчим ярилцаад маргааш өглөө ордонд хүрээд ир гэлээ.
-Очив уу, тэгээд?
-Яг л цагтаа очсон. Даргын туслах П.Ариунболд төрийн ордны гадна үүдэн дээр тосч аваад шууд дагуулж орсон доо. Даргын үүдний өрөөнд хэдэн сайд дарга нар байсан чинь босч гар бариад л, хөгийн юм болсоон. Намайг л том албанд томилогдох нь гэж бодсон юм уу. Тэдний чинь дэргэдүүр шурхийгээд л ордог юм байна.
-Дарга сайхан хүлээж авав уу?
-Орж очингуут Цэдэнбал дарга намайг тэвэрч үнссэн шүү. Ааваасаа хойш хүнээр тэгэж үнсүүлж үзсэн биш дээ. Хоёр нүднээс нулимс аяндаа урсч, нөгөө дээгүүр толгойтой Эрдэнэ чинь ч ёстой шалчийсан даа. Миний нэг онцлог бол хэнтэй ч биеэ барилгүй ярьж чаддаг явдал. Даргатай ний нуугүй ярилцсаан. Цэдэнбал дарга “Намайг Бум гуай, маршал хоёр л хоёр гараас минь хөтөлж хүн болгосон доо. Би чамд тус болох ёстой. Гадаадад сурмаар байна уу?. Хаашаа явмаар байна” гэсэн шүү. Бодож байснаа хэлийг нь овоо гадарладгаараа Орост явъя гэсэн. Тэр дороо Гадаад явдлын яамны сайд Мангалын Дүгэрсүрэнтэй утсаар ярьж, Намын төв хорооны боловсон хүчний хэлтсийн дарга Б.Ламзавыг дуудсан. Ламзав гуайд “Би Дүгэрсүрэнтэй ярьсан. Эрдэнээг Москвад суулгах шийдвэр гаргаарай” гэсэн. Ингээд би гэдэг хүн Москвад Монголын худалдааны төлөөлөгчийн газар өндөр цалинтай, дур зоргоороо амьдарч билээ.
-Гэр бүлээрээ очив уу?
-Тэгсэн. Манай авгай И.Дашаа их эмч хүн шүү дээ. Элчинд жижүүр хийж байлаа. Нэг өдөр Цэдэнбал-Филатова бидэнтэй уулзаж ний нуугүй ярилцсан. Намайг “Монголд анх удаа үзсэн монгол хүү- хэд” гэж магтлаа. Авгайг “Их эмч хүн жижүүр хийж болохгүй” гээд Моксвагийн нэг эмнэлэгт гэрийн ойролцоо ажилд оруулж өглөө. Тэгээд эхнэр маань ирэн иртлээ мэргэжлээрээ ажилласан.
-Москвад удав уу?
-1986 оны долдугаар сард нутаг буцаж ирлээ. Цэдэнбал дарга бие муудаад ажлаасаа хөндийрч, намайг гэх хүн ч үгүй боллоо. Ингээд буцахаас өөр аргагүй болсон. Ирээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөө- лөгч болж дөрөв дэх мөрдэсээ зүүх нь тэр. Дараа нь НАХЯны “Сонор сэрэмж” сэтгүүлд ажилтан болж тав дахь мөрдэсээ зүүсэн юм. Тэгээд 1990- ээд оны үеэс мэргэжлийн ажилдаа буцаж ирсэн.
-Сэтгүүлчдийн байгууллагын том дарга болсон байх аа?
-Юу нь том байхав. МСХны удирдлагад өрсөлдөөд баралгүй сэтгүүлчдийн холбооны даамал болсон. Дараа нь Радиодоо сурвалжлагч, Эрхүүд суух Монголын радиогийн төлөөлөгч, НАХЯ-ны хэвлэл мэдээллийн төлөөлөгч гэх мэтийн албыг тэтгэвэрт гартлаа хашсан даа.
-Өөрөө буруудаад л, хөөгдөж туугдаад явдаг хэрнээ хүмүүс их сайн, дандаа л Эрдэнээг ярьж, үгүйлж байдаг. Өөртөө ямар дүгнэлт хийж явдаг вэ?
-Над өөрийгөө магтах юм байхгүй. Гэхдээ сайн аав, ээжээс өвлөсөн хэдэн чанараа гээгээгүй. Би хүнтэй амархан танилцана. Ижий ахаа болоод явна. Хүнд муу юм санадаггүй, цагаан цайлган сэтгэлээсээ болж л дандаа буруудна. Дэврүүн голдуу, дэндүү олон нөхөдтэй. Төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн Долгорын Нямаа над шинэ номон дээрээ “Түм олонтой, бум Эрдэнэд” гэж бичсэн байгаа юм. Энэ, нэг юм хэлж байгаа биз.
-Монголд анх удаа болсон өнөөх аюулт холерийг өөрөө л голомтоос нь сурвалжлаа биз дээ. Бас төрийн хишиг ч хүртлүү. Энэ тухайгаа сонирхуулаач?
-Тэгсээн. Холер өвчин Монголд түгшүүр зарласныг санаж байгаа байх. Олон хүн өвчилж хэдэн давхар хорио цээр тогтоосон байлаа. Вертолетоор 12 сэтгүүлч ачиж очлоо. Хараад л аймшиг төрс өн. Сэтгүүлчдийн нүд, гар хоёр л ил. Хамгаалалтын хувцастай.Онцгой байдал, эмнэлгийнхэн цаг наргүй ажиллаж байлаа.
-Сэтгүүлчдээс ганцаараа тэнд үлдчихсэн гэдэг билүү?
-Тэгсэн. Тэнд хувцсаа тайлалгүй 42 хоносон. Өдөрт гурван удаа радиог шинэ мэдээгээр хангаж байлаа. Энд, нээг их эх оронч дүр эсгэмээрг үй байна. Хоёр зүйл намайг энд татаж байсан. Би, ийм амь өрсөн сурвалжлага хийх их дуртай. Нэг үгээр хэлбэл эрэн сурвалжлах. Нөгөөтэйгүүр, энд ажиллаж байгаа хүмүүс цэвэр спиртийн нормтой. Хэтрүүлэхгүй, аятайхан халчихаад л ажил үүргээ гүйцэтгэж байна. Архийг эрж явдаг хүнд, өдөрт нормоор олгоно гэдэг сонин байхг үй юу. Ингээд л тэнд 42 хоносон доо. Радио, телевиз, хэвлэл үүд миний л мэдээгээр гол зүйлийг хүмүүст хүргэж байсан. Үүнээс гадна онгоцны хоёр том сүйрлийг газар дээрээс нь хамгийн түрүүнд сурвалжилж байлаа.
-Одоо амьдрал ямар байна?
-Эхнэр маань 16 жилийн өмнө таалал төгссөн. Хэдэн хүүхдээ хойд эхийн гар харуулахг үй гэж яваад эрийн цээнд хүргэсэн. 2004 онд цус харваж, тал бие мэдээгүй болсон. 1943 оноос эхлэн эмнэлгийн тусламжийг нь хүртсэн нэгдсэн II эмнэлэгт эмчлүүлж, таягтай ойр зуур хөдөлдөг. Баясгалан даргатай II эмнэлгийнхний ач буяныг мартахын аргагүй. -Өөрөө чинь МАХН-ын гишүүн биз дээ? -Аавынхаа намд элсэх гэж 15 удаа өргөдөл өгөөд намайг элсүүлээгүй юм. Хамгийн сүүлд С.Даваахүү даргатай намын үүр намайг саяхан элсүүлж авсан. Аавынхаа намын батлахыг өвөртлөөд үхье гэж бодсон юм.
-Төрийн хэн нэг удирдлагатай уулзаж, ямар нэг хүсэлт тавьж үзсэн үү?
-Уулзаж байсан. Н.Энхбаяр Ерөнхийлөгч “Тухайн үед нам засгийг хэн ч толгойлж байлаа гэсэн Монгол төрийн хүндтэй хүмүүсийнхээ үр ач нарыг ядарсан үед нь харж хандах үүрэгтэй. Аав чинь энэ улс орны сайн сайхны төлөө явсан. Иймээс танд тусална. Над дээр очоорой” гэсэн. Хаанаасаа хаалгач нь гэж наад хүмүүс нь уулзуулахгүй юм даа гэснээр бид хоёрын яриа өндөрлөв.