Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяртай ярилцлаа.
Хагас хуримтлалын тогтолцоонд шилжвэл тэтгэвэр өвлөгдөх асуудал яригдана
-Нийгмийн даатгалын шинэчлэл яригдаад багагүй хугацаа өнгөрлөө. Олон жил яригдсан нийгмийн даатгалын багц хуулийн төслийг та ахалж багцлаад УИХ-д оруулж ирлээ. Нийгмийн даатгалын шинэчлэл хийх тохиромжтой цаг үе мөн үү?
-Одоогийн мөрдөгдөж байгаа Нийгмийн даатгалын тухай хууль 1994 онд батлагдсан. Өнөөдрийг хүртэл нийт 30 гаруй удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Шинэчилсэн найруулга огт хийгдээгүй. Суурь өөрчлөлтийг биш жижиг засваруудыг хийж гал унтраах маягаар ажиллаж ирсэн нь нийгмийн даатгалын тогтолцоог улам тамирдуулахад хүргэлээ.
Энэ Засгийн газрын үед л зориглож нийгмийн даатгалын системийн буюу тогтолцооны өөрчлөлт хийхээр өргөн баригдлаа. Тэтгэврийн шинэчлэлийг хийхэд тохиромжтой нөхцөлүүд гэж бий. Тухайлбал, улс төрийн хувьд тогтвортой байх, өндөр настны нийгмийн хамгаалалд ДНБ-ий тодорхой хэсгийг зарцуулах хүсэл эрмэлзэлтэй байх, нийгэм, эдийн засгийн тэгш бус байдлыг арилгах, орлогын тэгш байдлыг хангах, эдийн засаг өсөлттэй байх, төсвийн тэнцэл эерэг байх, хүний болон санхүүгийн нөөцийн хувьд боломжийн байх, аудит хяналтын механизм сайн ажилладаг байх зэрэг нөхцөлүүд хангагдаж байвал тэтгэврийн шинэчлэл үр дүнтэй байдаг гэсэн дэлхийн жишиг бий.
-Хуульд яг ямар суурь шинэчлэлтийг санал болгов?
-Бодлогын хэд хэдэн хувилбарууд дэвшүүлсэн. Хуваарилалтаас хагас хуримтлал руу шилжих тогтолцооны буюу системийн шинэчлэлийг санал болголоо. Олон давхаргат тогтолцоог дэвшүүллээ. Хуримтлал үүсгэх, нийгмийн даатгалын хийсвэр бичилтийг мөнгөжүүлэх, тэтгэвэр өвлөгддөг байх асуудлыг оруулсан. Нийгмийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх зарим шийдлийг тусгасан. Олон жил ажилласан, өндөр шимтгэл төлсөн хүмүүс өндөр тэтгэвэр авдаг байх бодолтыг санал болгосон. Нийгмийн даатгалын харилцааг хэн эрх мэдэлтэй нь өөрсдийн салбарын эсвэл ажил мэргэжлийн олон хуулиар зохицуулж байгааг хязгаарлаж зөвхөн нийгмийн даатгалын багц хуулийн хүрээнд шийдвэрлэдэг болно. Сүүлийн жилүүдэд маргаан дагуулсан тэтгэвэр тогтоох дараалсан жилүүдийг долоо биш тав байх хувилбарыг дэмжсэн. Тэтгэврийг тухайн үеийн байдлаас шалтгаалж нэмдэг биш жил бүр автоматаар индексжүүлж өсгөдөг байх шийдлийг оруулсан. Нийгмийн даатгалын засаглал, менежментийг олон улсын жишигт нийцүүлэх хувилбарыг санал болгосон. Нийгмийн даатгалын сангуудаас олгох тэтгэмжүүдийн нөхцөлүүдийг зөөллөж, олгох хэмжээг нэмэгдүүлж, хугацааг уян хатан даатгуулагчдад ээлтэй байхаар шийдсэн. Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хуулиар хориглохоор орууллаа. Ажил олгогчийг дэмжсэн зарим зохицуулалтыг хуулийн төсөлд шинээр тусгалаа. Эцэст нь энэ бүх шинэчлэл, өөрчлөлтүүдийг нас болон нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхгүй байх бодлого баримталж хийнэ.
-Та энэ бүх шинэчлэлээс хамгийн түрүүнд хуваарилалтаас хуримтлалд шилжихийг нэрлэж байна. Энэ хамгийн чухал нь гэж үү?
-Тийм ээ. Та зөв анзаарсан байна. Даатгуулагчид нас, шимтгэлийн хэмжээ, тэтгэврийн бодолт гээд амьдралд шууд нөлөөлөх параметрүүдийг ярьж эхэлдэг. Үүнээс өмнө эдгээрийн суурь болсон тогтолцоог ярих ёстой юм. Тогтолцоо ямар байгаагаас шалтгаалаад нас, шимтгэлийн хэмжээ, тэтгэврийн бодолт нь өөр өөр байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн орны тэтгэврийн тогтолцооноос тэтгэврийн бодолт, тэтгэвэр тогтоох дараалсан жилүүд, шимтгэлийн болоод тэтгэврийн хувь хэмжээ шууд шалтгаалдаг. Манай улс ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийнхээ төлсөн шимтгэлээс ахмадуудынхаа тэтгэврийг өгдөг эв санааны буюу хуваарилалтын тогтолцоотой. Сайн тал нь бүх хүний нийгмийн хамгааллыг тодорхой түвшинд хангахыг зорьдог. Сөрөг тал нь тухайн даатгуулагч насаараа төлсөн шимтгэлийнхээ үр шимийг хүртэхгүй байх тохиолдол бий. Тухайн хүний шимтгэл өөр нэг ахмадын тэтгэвэр болоод гүйгдээд явдаг. Үүнийг сүүлийн үед ажил хөдөлмөр хийж байгаа хүмүүс, залуучууд ихээхэн шүүмжилж байна. Харин хагас хуримтлалын тогтолцоо гэдэг нь тухайн даатгуулагч даатгалын санд ямар хэмжээний хувь нэмэр оруулсан түүнтэйгээ дүйцэх тэтгэвэр авна гэсэн загвар юм. Хэрэв даатгуулагч насаараа шимтгэл төлөөд тэтгэвэр тогтоолгож чадахгүй, дөнгөж тэтгэврээ авч эхлээд нас барвал, нэрийн дансандаа үлдэгдэлтэй байвал өвлөгдөнө гэсэн үг юм.
-Тэгээд аль нь ард иргэдэд эсвэл ямар салбарынханд, хэдэн насныханд ашигтай вэ?
-Олон жил ажилласан, өндөр шимтгэл төлсөн хүмүүст бол хагас хуримтлалын тогтолцоо нь ашигтай. Харин цөөн жил ажилласан, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлдөг хүмүүст бол хуваарилалтын буюу одоогийн тогтолцоо л ашигтай болж таарна даа. Тэгэхээр малчид болоод багаар төлдөг бусад хэсгийнхний тэтгэврийн ачааллаас төр үүрэлцээд явах нь зөв болно.
-Таны яриад байгаа хуримтлалын тогтолцоотой хуримтлалын сан байгуулах асуудал хамаатай юу. Хуримтлалын сан байгуулах асуудал энэ хуультай хамт яригдах уу?
-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулж ирсэн том зорилтын нэг бол Хуримтлалын нэгдсэн сан байгуулах юм. Энэ зорилтыг хэрэгжүүлэх үүднээс нийгмийн даатгалын багц хуульд хуримтлалын сан байгуулах зүйл бий. Гэхдээ тэр зүйлийг хуримтлалын сангийн тусгай хуультай холбогдохоор хийсэн. Хуримтлалын сангийн бие даасан хуулийн төсөл боловсруулах ажил үргэлжилж байна. Энэ намар гэхэд хэлэлцүүлж эхэлнэ. Одоо шимтгэл төлж байгаа ажил олгогч 8.5 хувиар, даатгуулагч 8.5 хувиар тэтгэврийн даатгалын шимтгэл төлж байгаа. Энэхүү 17 хувиас хоёр хувийг салган тусад нь хуримтлал үүсгэе. Нэмээд байгалийн баялаг болоод нийгмийн даатгалын санг мөнгөжүүлж уг хуримтлалыг нэмэгдүүлэх заалтуудыг багц хуульд тусгасан. Ингэж үүсгэсэн хуримтлалаасаа даатгуулагч боловсрол, эрүүл мэнд, орон сууцанд зарцуулж болох зохицуулалтуудыг ч оруулж өгсөн.
-Тэтгэврийн шинэчлэлээс насыг асуухгүй орхиж болохгүй. Нас нэмэгдэх үү?
-Нас нэмэгдэхгүй. Тэтгэвэрт гарах насны дөрвөн сонголт бий. Нэгдүгээрт, эрэгтэй хүн 60, эмэгтэй хүн 55 насандаа тэтгэврээ тогтоолгож болно. Хоёрдугаарт, жил бүр энэ насаа гурван сараар нэмэгдүүлэн тогтоолгож болно. Гуравдугаарт, нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас хэвээрээ байгаа. Дөрөвдүгээрт, хөдөлмөрийн хуулийн дагуу 65 нас хүртлээ ажиллаад тэтгэврээ тогтоолгож болно. Хүмүүсийн ажил амьдрал, хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхол өөр өөр байдаг учир бид тэтгэвэрт гарах насыг сонголттой болгосон. Бүх хүнийг адил насанд ижил нөхцөлөөр тэтгэвэрт гар гэж шахаж болохгүй. Тиймээс настай холбоотой ямар нэгэн маргаан гарахгүй.
-Тэтгэвэр бодолтын аргууд ямар байх вэ. Хүмүүс үүнийг сонирхох нь гарцаагүй?
-Бид шилжилтээс болоод даатгуулагчийн тэтгэврийн хэмжээг бууруулахгүй байхын тулд тэтгэвэр бодолтын гурван хувилбарыг санал болгож байна. Нэгдүгээрт, 1960 оноос өмнө төрсөн хүмүүс одоогийн уламжлалт хуваарилалтын буюу дараалсан таван жилийнхээ дунджаар тэтгэврээ тогтоолгоно. Хоёрдугаарт, 1979 оноос хойш төрсөн хүмүүс нэрийн дансны аргаар тэтгэврээ тогтоолгоно. Үүнд дараалсан таван жил гэсэн ойлголт хамаагүй болно. Эхний 20 жилийг 2.25 хувиар үржүүлээд, бусад жилүүдийг 1.5 хувиар нэмж боддог одоогийн бодолт ч хэрэггүй болно. Нийт төлсөн шимтгэлийн хэмжээг амьдрах дундаж хугацааны илэрхийлэлд хуваагаад авах тэтгэврийн хэмжээг тогтооно. Гуравдугаарт, 1960-1979 оны хооронд төрсөн хүмүүс энэ хоёр аргаар бодуулаад өөрт аль ашигтайг нь сонгож тэтгэврээ тогтоолгож болохоор оруулж ирлээ.
-Нийгмийн даатгалын багц хуулийн хэлэлцүүлгийн үеэр тэтгэвэр бодох 45 хувийг 40 болгон буурууллаа гэсэн шүүмжлэл иргэдээс ирж байсан. Энэ тал дээр та ямар тайлбар өгөх вэ?
-Хүмүүс аль болох урт хугацаанд ажилласнаар тэтгэвэр нь өндөр тогтоогдох хувилбарыг хуулийн шинэчлэлдээ оруулж ирж байгаа юм. Одоогийн тэтгэврийн бодолтын хувь маань даатгуулагчийг олон жил хөдөлмөр эрхлэхийг дэмждэггүй сул талтай. Өөрөөр хэлбэл, олон жил ажилласан даатгуулагчийн сүүлийн жилүүдийг буулгаж боддог томьёололтой. Үүнийг засах гэж оруулж ирсэн. Тухайлбал, 30 жил ажилласан даатгуулагч байлаа гэхэд эхний 20 жилийг нь 2.25 хувиар бодоод сүүлийн 10 жилийг нь 1.5 хувиар бууруулж боддог юм.
-45 хувиар боддог биз дээ?
-Тийм ээ. 20 жилийг нь 2.25 хувиар бодохоор 45 хувь гэсэн тоо гардаг юм. Өөрөөр хэлбэл, 20 жил ажилласан нэг сая төгрөгийн цалинтай хүн 45 хувиар бодоход 450 мянган төгрөгийн тэтгэвэр авна гэсэн үг. 30 жил ажилласан бол сүүлийн 10 жилийг 1.5 хувиар нэмэгдүүлэхэд 15 хувь нэмэгдэнэ. Ингээд 30 жил ажилласан нэг сая төгрөгийн цалинтай хүн бол 600 мянган төгрөгийн тэтгэвэр авна л гэсэн санаа юм. Харин бидний өргөн барьсан хуулийн төсөлд ажилласан бүх жилийг 2.0 хувиар бодох томьёоллыг санал болгосон. Энэ нь олон жил ажилласан даатгуулагчийг дэмжих, наслалтын бодлоготой уялдсан, олон улсын жишигт нийцсэн сайн бодлого юм. Хэрэгжих хугацааг 2029 оноос гэж оруулсан. Тооцоо хийгээд үзэхэд 2022 онд тэтгэвэр тогтоолгосон дундаж шимтгэл төлсөн хугацаа 26 жил байсан. Цаашид жил бүрээр нэмэгдэнэ. Мөн 1979 оноос хойш төрсөн хүмүүс энэ бодолтоор тэтгэвэр тогтоолгохгүй. Ажилласан жил бүрийг хоёр хувиар тооцох хувилбар бол илүү шударга, ойлгомжтой, дэлхийн тэтгэврийн системд нийтлэг ашигладаг хамгийн сайн параметрүүдийн нэг юм.
-Тэгвэл хүмүүсийн тэтгэвэр яагаад бага байдаг юм бэ. Та сая хоёр хувийн бодолтыг өндөр хувь гэлээ. Амьдрал дээр иргэд тэтгэвэр бага тогтоогдлоо гэх гомдол их байдаг юм билээ?
-Манай улсын тэтгэвэр бодох хувь нь бусад улс орнуудтай харьцуулахад өндөрт тооцогддог. Бага тэтгэвэр авч байгаа нь тэтгэврийн бодолтдоо байдаггүй. Цалин хөлсний системдээ байдаг юм. Бага цалин авч байгаа учир тэтгэвэр бага тогтоогдох нь ойлгомжтой. Тэгэхээр тэтгэвэр бодох аргачлалыг биш цалин хөлсний тогтолцоогоо өөрчлөх, хөдөлмөрийн бүтээмж, үнэлэмжийг нэмэгдүүлэх нь нэгдүгээр асуудал юм. Өндөр цалингаас өндөр л тэтгэвэр бодогдоно.
Нийгмийн даатгалын санд алдагдал үүрүүлэх улс төрийн шийдвэр, улстөрчдийн амлалтуудыг хатуу хориглоно
-Нийгмийн даатгалын сан алдагдалтай ажилладаг. Улсын төсвөөс байнга татаас өгсөөр ирлээ. Гэтэл та нийгмийн даатгалын багц хуулиудыг хэлэлцэх үеэр сан алдагдалд ороогүй гэж тайлбарласан. Энэ жил гэхэд улсын төсвөөс 500 гаруй сая төгрөгийн татаас өгөхөөр байхад улайм цайм алдагдалгүй гэж хэлж болох уу. Танай санд одоо мөнгө байна уу?
-Өнөөдөр нийгмийн даатгалын сангийн нэг их наяд гаруй төгрөгийн үлдэгдэл арилжааны банк болон төв төрийн сан дээр бий. Хугацаа хэтэрсэн шимтгэлийн авлага 400 орчим тэрбум төгрөг бий. Капитал банкнаас 69 тэрбум, Чингис хаан банкнаас 94 тэрбум төгрөгийн авлагатай байгаа. Дээр нь даатгуулагчдын 1995 оноос өмнөх жилд дүйцэх шимтгэлүүдийн мөнгийг төр нийгмийн даатгалын санд өгөх ёстой. Энэ мөнгө 8.9 орчим их наяд төгрөг болно. Бас одоо ажил хөдөлмөр эрхэлж байгаа даатгуулагчийн шимтгэлийг хий бичилт хийгээд шимтгэлээр нь ахмадуудын тэтгэврийг тавьдаг. Энэхүү хийсвэр бичилтийн мөнгө 24 орчим их наяд болж байгаа. Нэг жилийн улсын төсвөөс давсан мөнгө шүү дээ. Ийм санг хоосорсон гэж хэлж болохгүй байх. Нийгмийн даатгалын сан сүүлийн жилүүдэд улсын төсвөөс татаас аваагүй. Харин төр өөрийн өгөх ёстой мөнгөө өгч байгааг нийгмийн даатгалын сангийн алдагдал гэж тайлбарлаж болохгүй. Энэ жил улсын төсвөөс 545.3 тэрбум төгрөгийн татаас өгч байгаа. Үүний 273.0 тэрбум төгрөг нь төр тэтгэврийг нь хариуцах ёстой 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийн мөнгө. Харин 235.3 тэрбум нь цэргийн алба хаагчдын тэтгэврийн мөнгө. Төр зарим иргэний тэтгэврийг 50.000 төгрөгөөр нэмэгдүүлсний мөнгөнд 15.5 тэрбум төгрөг өгсөн. Шимтгэлийн буцаан олголтод 21.5 тэрбум төгрөг өгсөн. Ингээд салгаад үзэхээр нийгмийн даатгалын санд улс ямар ч татаас өгөөгүй. Сан өөрөө өөрийнхөө орлого, зарлагыг хариуцаад явж байна. Гэхдээ нийгмийн даатгалын сан хүнд байгааг хэлэх ёстой. Ийм байдлаар удаан явж болохгүй.
-Тэгвэл нийгмийн даатгалын сан хүнд байдалд ороход юу нөлөөлсөн бэ?
-Нийгмийн даатгалын сан яагаад хүндрээд байна вэ гэдэгт дүн шинжилгээ хийгээд үзэхээр улстөрчид, улс төрийн амлалтууд, улс төрийн намуудын поп шийдвэрүүд л байна. Ганцхан жишээ ярья. 2012 онд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг баталсан. Энэ хуулийн хүрээнд 1990-1994 оны хоорондох таван жилийг үнэгүй бичилт хийгээд, 1995-2000 оны хоорондох зургаан жилийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиар төлүүлсэн байдаг. Тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 96 мянган төгрөг байсан гэхээр даатгуулагч нэг сараа 960 төгрөгөөр төлүүлсэн. Нийт зургаан жилээ 78120 төгрөгөөр бөглүүлсэн. Ингээд таван жилээ төлбөргүй бичилт хийлгүүлээд, зургаан жилээ 78120 төгрөгөөр бөглүүлээд 11 жилээр сангаас тэтгэвэр авах эрх үүсгэсэн. Хуулийн энэ заалтыг 608.0 мянган хүн ашиглаж 37 тэрбум төгрөг санд төвлөрүүлсэн. Энэ 608.0 мянган хүнээс одоо 299.0 мянга нь тэтгэврээ тогтоолгосон. Энэ шийдлийн нийгмийн даатгалын санд үзүүлж байгаа алдагдал нь одоогоор 1.8 их наяд болсон. Цаашид энэ бүх хүмүүс тэтгэвэр тогтоолгож, насан туршдаа тэтгэвэр авахад Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах хуулийн санд үзүүлэх алдагдал хэдэн арван их наядаар хэмжигдэнэ. Ганцхан улстөрчийн сонгуульд санал авах гэсэн поп амлалтын үр дагавар ийм л байна. Хамгийн гол нь энэ олон их наядын хохирлыг улс гэхээсээ илүү ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн шимтгэлээр л нөхнө. Тэгэхээр нийгмийн даатгалын санд алдагдал үүсгэх амлалт бүрийг ажил хөдөлмөр эрхэлж байгаа даатгуулагчид анхаарч, санал бодлоо хэлж, засаж залруулахгүй, попыг нь дэмжиж дагаж санал өгөөд байвал өөрсдийн хөдөлмөрөөрөө л хохирлыг төлнө гэдгээ ойлгож үзэл бодлоо илэрхийлэх ёстой.
-Тэгэхээр иймэрхүү сөрөг үр дагавартай хуулийн амлалтуудыг шийдвэрлэх шинэлэг зохицуулалт хуульд орсон уу?
-Нийгмийн даатгалын санд сөрөг үр дагавартай иймэрхүү хуулиуд, амлалтуудыг хориглох ёстой. Цаашид Нийгмийн даатгалын санд алдагдал үүсгэх үр дагавартай хуулийг хийхдээ эхлээд даатгуулагчдаас, ард иргэдээс асуух ёстой. Бусад улс орнуудын жишгийн дагуу олон нийтээс асууж байж шийдэх нь зөв. Яагаад гэвэл нийгмийн даатгалын мөнгө бол улсын төсвийн хөрөнгө биш. Энэ бол даатгуулагчдын мөнгө байдаг. “Ийм хууль батлагдвал Нийгмийн даатгалын санд ийм нөлөөлөл үзүүлэх юм байна. Үүнийг та бүхэн дэмжих үү” гэж бүх тооцоолол, судалгааг даатгуулагчдад танилцуулах ёстой. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд нийгмийн даатгалын сан алдаатай явж ирсэн нэг дутагдал бол олон нийтийг мэдээлэлтэй, ил тод нээлттэй байлгаагүйд асуудал оршиж байгаа. Сонгуулийн ийм, ийм амлалтууд Нийгмийн даатгалын санд алдагдал үүрүүлнэ шүү гэдгийг олон нийтэд ойлгуулсан бол тэд эсэргүүцэх нь мэдээж. Тэгэхээр манай яамны зүгээс Нийгмийн даатгалын багц хуулиар оруулж ирж байгаа нэг чухал зүйл бол бүх шийдвэрийг ил тод, нээлттэй болгохоос гадна олон нийтийг мэдээлэлтэй болгоно. Энэ бол хуулийн амин сүнс, чухал өөрчлөлт юм. Хамгийн сүүлд Швейцарийн холбооны улсад эмэгтэйчүүдийн тэтгэврийн насыг нэг жилээр нэмэгдүүлье гэдэг асуулгыг бүтэн жилийн турш олон нийтээр хэлэлцүүлсэн. Олон мянган хүн санал асуулгад нь оролцоод, хөрсөнд буусан шийдвэр гаргахад нөлөөлж байх жишээтэй. Нийгмийн даатгалын нэг санаачилга нэлээд олон хүнд таалагдахаар, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэгддэг ч нөгөө талаараа тэднээс дутуугүй олон хүний эрхийг хязгаарлаж, хөрөнгө мөнгийг боомилж байгааг бүгдээрээ ойлгодог болж байгаа нь сайн хэрэг юм.
-Нөхөн даатгалын хууль Нийгмийн даатгалын санд алдагдал үүрүүлсэн юм байна. Гэтэл улстөрчид оноо авахын тулд дахиад ийм хууль санаачлаад батална шүү дээ. Бүрмөсөн яаж хориглох юм бэ?
-Хүмүүс нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй явж байгаад улс төрийн сонгуулийн өмнө багаар төлчихнө гээд Нөхөн даатгалын хуулийг хүлээх хандлага байдаг. Ялангуяа орон нутагт малчид ийм хүлээлттэй байдгаас малчдын нийгмийн даатгалын хамралт бага байна. Цаашид нөхөн даатгалын хуулийг хориглосон заалтыг шинэ хуульдаа оруулж ирсэн.
Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр даана
-Нийгмийн даатгалд хамрагсдын тоо ямар байна. Үүнийг нэмэгдүүлэх тал дээр танай яам ямар бодлого баримталж байгаа вэ?
-Жил болгон 3000 орчим аж ахуйн нэгж, байгууллага, 25.0 мянга орчим иргэн Нийгмийн даатгалд шинээр хамрагддаг. Үүнийг нэмэгдүүлэх тал дээр тодорхой ажлууд хийгээд явж байгаа. Цаашид нийгмийн даатгалд хамруулах шаардлагатай гурван том бүлэг бий. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэд. Судалгаанаас харахад, өнөөдрийн байдлаар 400 орчим мянган иргэн нийгмийн даатгалд хамрагддаггүй, шимтгэл төлдөггүй. Эдгээрийн тэн хагас нь малчид. Тэднийг идэвхтэй хамруулахын тулд тав хүртэл жилийнх нь нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улсаас төлж өгье. Үлдсэн 50 хувиа малчин өөрөө төлөх болзолтойгоор хуульд өөрчлөлт оруулж ирж байгаа. Малчдад ноос, ноолуур, мах, сүүний гээд олон төрлийн урамшуулал төрөөс өгдөг. Тэр мөнгөнөөс нь Нийгмийн даатгалын шимтгэлд суутгаж аваад хамруулах юм. Таван жил нийгмийн даатгал төлчихсөн хүмүүс үргэлжлүүлэн төлснөөр НДС-гаас тэтгэвэр авах эрх нь нээгдэх бодлого зөв юм.
-Төр дандаа малчдыг дэмжсэн шийдвэр гаргах юм. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэд нийгмийн даатгалаа шударгаар төлж байхад малчид төрөөр даалгах нь шударга юм уу?
-Иргэдийн дунд ийм шүүмж байгааг ойлгож байна. Гэхдээ танд тоо бодож үзүүлье. Ер нь малчдыг таван жилд нийгмийн даатгалын шимтгэлд хамруулахгүй бол улсын төсвөөс ирээдүйд гарах зардал мөнгө бүр ч их болно. Энэ хүмүүс өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй бол ирээдүйд нийгмийн халамжийн тэтгэвэр авагчид болж хувирна. Өөрөөр хэлбэл, 200 мянган малчинд улсын төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгөөр халамжийн тэтгэвэр тавих болно шүү дээ. Иймд тэднийг даруйхан нийгмийн даатгалын тогтолцоонд татан оруулж, шимтгэл төлүүлэх нь улсад болон малчдад ашигтай. 200 мянган малчны нийгмийн даатгалын шимтгэлийг таван жилээр нь төлөөд явахад улсын төсвөөс урт хугацаандаа 3.2 орчим их наяд төгрөг л гарна. Хэрэв тэднийг ингэж хамруулахгүй бол нийгмийн халамжийн тэтгэвэр авагчид боллоо гэхэд улсын төсвөөс алсдаа 13 их наяд төгрөг зарцуулна. Нөгөө талдаа бүх малчдын төлсөн шимтгэлээс нийгмийн даатгалын санд 50 хувийнх нь буюу 900 орчим тэрбум төгрөгийн орлого орно гэсэн тооцооллууд бий.
-Гадаадад байгаа болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн даатгалын шимтгэлд хамруулах ажил хэр урагштай байдаг вэ?
-ХНХЯ-наас гадаадад байгаа иргэдийг болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг шимтгэлд хамруулах тал дээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлдэг. Нийгмийн даатгалын үйлчилгээг нь цахимжуулаад, ил тод болгоод, ач холбогдлыг нь ойлгуулаад явахад хамрагдалт нэмэгдэж байгаа. БНСУ-д гэхэд манай Нийгмийн хамгааллын төв ажиллаж байна. Тус улсад хөдөлмөрийн гэрээгээр 4000 гаруй монгол хүн хөдөлмөрлөж байгаа. Сар бүр 40 мянган вонныг нийгмийн даатгалын шимтгэлд төлөөд явж байна. Мөн тэнд гэрээгүйгээр оршин сууж, хөдөлмөр эрхэлдэг Монгол Улсын 30 гаруй мянган иргэн байна. Тэд манай төв дээр очоод сайн дураараа өөрийнхөө орлогын тодорхой хувиар нийгмийн даатгалын шимтгэл төлөх боломжууд нь нээлттэй. Бас цахимаар төлөх нь нээлттэй болсон. Сүүлийн жилүүдэд ХНХЯ монголчууд олноор оршин суудаг ОХУ, БНСУ, Польш, Унгар, Турк, Чех гэх мэт улс орнуудтай нийгмийн хамгааллын хэлэлцээрийг байгуулсан. Энэ жил Казакстантай гэрээ байгуулах ажил дуусна. Одоо АНУ, Швед, Япон улстай гэрээ байгуулахаар ярилцаж байна. Үүний үр дүнд эдгээр улсад ажиллаж байгаа иргэд тухайн оронд шимтгэл төлсөн хугацаагаа улсад ажилласнаар тооцуулах, хоёр улсаас тэтгэвэр авах боломжууд нээгдэж байна. ХНХЯ бусад орнуудтай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах гэж хичээдэг нь ийм ач холбогдолтой юм.
Хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгодгийг эргэж ярилцана
-Иргэд хүнд, хортой, хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгодог. Шинэ хуулийн төсөлд хүнд нөхцөлийг алга болголоо гэсэн шүүмжлэл байна. Яагаад ийм шийдэл гаргав?
-Өнөөдөр нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа 478 мянган хүний 44 хувь нь хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон. Энэ бол бидний санаа зовоосон асуудал мөн. Тиймээс зөвхөн хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгодог байдлыг олон улсын жишгээр болиулах саналыг дэвшүүлсэн. Харин хүүхдээр, малчнаар, хортой, газрын доор, халуун гэх мэт нөхцөлүүд хэвээр үргэлжилнэ.
-Яагаад анхнаасаа хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох боломжуудыг бий болгосон юм бэ?
-Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас “Хөдөлмөрийн хүнд нөхцөл гэж байх ёсгүй. Бүх аж ахуйн нэгж хөдөлмөрийн нөхцөлөө сайжруул” гэдэг зөвлөмжийг гишүүн орнууддаа өгч байгаа. Манай Үндсэн хуулиасаа эхлээд Хөдөлмөрийн хуульд ч хүнийг хөдөлмөрийн эрүүл аюулгүй ажлын байранд ажиллуулах агуулгатай заалтууд байдаг. Хуулийн энэ заалтаа хэрэгжүүлэхийг эрхэм болгож байна. Та бод доо, нийт тэтгэвэр авагчдын тал хувь нь хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгохоор энэ систем эрүүл байж чадах уу? Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох ажил мэргэжлийн жагсаалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд шийдвэрлэдэг. Үүнд 50 гаруй төрлийн ажил мэргэжлийг оруулах гэсэн өргөдөл, санал хүсэлтүүд манай яаманд ирсэн. Бараг мэргэжил бүрийг хүнд нөхцөлд оруулах лобби хийгдэж байна. Энэ бүхнийг шийдвэл жирийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоох ажил мэргэжил цөөхөн үлдэхээр харагдаж байна. Тиймээс ажлын байрны нөхцөлөө сайжруулах, хүнийг эрүүл аюулгүй ажлын байранд ажиллуулах, ажилтны ажил амьдралын тэнцвэрт байдлыг хангах үүргээ ажил олгогчид шийдвэрлээд явах нь зөв юм.
-Ажил мэргэжлийн онцлогоос хамаарч, ялангуяа хууль, шүүхийн албан тушаалтнууд эрт тэтгэвэрт гардаг. Гэтэл зарим нь тэтгэврийн насаа хүлээгээд байдаг нь зөв юм уу?
-Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн бас нэг гол зорилт бол шударга, ижил тэгш байхад чиглэгдсэн. Бид энэ хуулиараа Монгол Улсад ажил, хөдөлмөр эрхэлж байгаа бүх хүн нийгмийн даатгалын хуулиар тэтгэвэрт гардаг байх зарчмыг мөрдүүлнэ. Гэтэл өнөөдөр манай улсад 10 гаруй хуулиар тэтгэвэр тогтоолгож байна. Жишээлбэл, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байсан хүн 60 хувиар тэтгэврээ тогтоолгож байхад бусад хүн 45 хувиар бодуулдаг. Цэцийн гишүүнээр нэг сар ажилласан ч хамаагүй 60 хувиар тогтоолгодог хууль үйлчилсээр ирсэн. Энэ бол шударга бус явдал. Үүнийг л залуучууд шударга бус буюу “Дабл стандарт” гэж нэрлээд байгаа юм. Тэгэхээр бүх хүн адилхан тооцоогоор тэтгэврээ бодох асуудлыг оруулж ирж байгаа юм. Мөн бусад хуулиар зарим ажил мэргэжлийг эрт тэтгэвэрт гардаг, насыг зааж өгдгийг болиулна. Монгол Улсад тэтгэвэрт гарах нас нь зөвхөн Нийгмийн даатгалын сангийн тухай хуулиараа зохицуулагдана. Хэн лоббитой нь хуульд заалт оруулаад эрт тэтгэвэрт гарах давуу эрх эдэлдэг байж болохгүй. Цаашид бид нийгмийн даатгалын сантай холбоотой харилцааг зөвхөн одоо оруулж ирэх багц хуулиар зохицуулдаг болно. Шударга ёсны хувьд хүн болгонд нийгмийн даатгалын харилцаа ижил үйлчлэх нь чухал юм.
Инфляцитай уялдаад тэтгэвэр автоматаар нэмэгддэг болно. Ингэснээр тэтгэврийн зөрүү арилна
-Хүмүүс тэтгэврийн зөрүүг арилга гэж олон жил ярилаа. Тэгвэл энэ хуулиараа шийдэж чадах уу. Яагаад тэтгэврийн зөрүү үүсээд байдаг юм бэ?
-Бид нийгмийн даатгалын хуулийн шинэчлэлээрээ шийдэж байгаа чухал зүйл бол энэ. Тэтгэврийн итгэлцүүр гэдэг бол арван жилийн өмнө багшаар ажиллаж байсан хүний цалингийн хэмжээ өнөөдрийн багшаар ажиллаж байгаа хүний цалин хоёр тэтгэвэр бодоход адилхан үнэлэмжтэй байх ёстой гэсэн санаа юм. Тэгэхийн тулд арван жилийн өмнө ажиллаж байсан хүний цалинг тодорхой итгэлцүүр буюу тоогоор үржүүлээд өнөөдрийн үнэ цэнэд авчирч тэр дүнгээс тэтгэврийг нь боддог. Хамгийн сүүлд 2014 онд Монгол Улс 2011 оны суурьтайгаар тэтгэврийн итгэлцүүрийг шинэчилж байв. Түүнээс хойш тэтгэврийн итгэлцүүрийг батлаагүй учир тэтгэврийн зөрүү үүсээд байгаа юм. Тиймээс манай яамны зүгээс нэг удаа ахмадуудын тэтгэврийн итгэлцүүрийг шинэчилж тогтоогоод цаашид жил болгон тэтгэврийг инфляцийн өсөлттэй холбогдуулаад автоматаар нэмэгддэг байх саналыг хуулийн төсөлдөө оруулсан. Ингэснээр таны яриад байгаа тэтгэврийн зөрүүний хэл ам дахиж гарахгүй.
Ахмадуудын тэтгэврийг нэмэхгүй явж байгаад яг сонгуулийн өмнө огцом нэмдэг дээ. Ийм шийдвэр хэд хэдэн сөрөг байдлыг үүсгэдэг. Нэгд, тэтгэврийн нэмэгдлийг дагаж бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, тэтгэврийн худалдан авах чадварыг бууруулдаг. Хоёрт, нийгмийн даатгалын санд тооцоолоогүй их ачааллыг бий болгодог. Гурав, тэтгэврийн зөрүүг улам холдуулдаг. Энэ асуудлуудыг шийдвэрлэхийн тулд тэтгэврийг инфляцитай уялдуулан автоматаар нэмэгдүүлдэг байх хуулийн заалтыг оруулж ирж байгаа юм. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, өнгөрсөн жил ахмадуудын тэтгэврийн доод хэмжээ 500 мянган төгрөг болсонтой холбоотой зарим хүний тэтгэвэр багаар нэмэгдсэн тухай санал, гомдол манай яаманд ирсээр байгаа. Нийт 60-70 мянган хүний тэтгэвэр бага дүнтэй нэмэгдсэн. Энэ асуудлыг тэтгэврийн итгэлцүүртэй хамт хуулийн хүрээнд шийднэ гэж төлөвлөж байгаа.
-Тэтгэврийг бодохдоо сүүлийн таван жил дараалан төлсөн шимтгэлийн дүнгээр тогтоодог байсныг долоон жил болгосон. Энэ нийгэмд багагүй маргаан дагуулсан сэдэв. Шинэ хуульд ямар зохицуулалт орж байгаа вэ?
-Дараалсан 7 жилийг 5 жил болгохоор оруулж ирсэн. Гэхдээ дараалсан таван жил гэдэг ойлголт 1979 оноос хойш төрсөн хүмүүст хамаарахгүй. Тэтгэврийн бодолт өөр болно. Хагас хуримтлалын тогтолцоонд шилжвэл дараалсан жил, тэтгэвэр бодох хувь гэх мэт парамертүүд хэрэггүй болно. Дараалсан таван жилийг буруугаар их ашигладаг. Хамгийн багаар нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаад таван жилдээ огцом өндөр болгож, дээд таазанд хүргэж 5.5 саяаас шимтгэл төлдөг. Тэгээд энэ таван жилээ сонгож тэтгэврээ өндөр тогтоолгодог. Сангаас харахад жилд ийм огцом төлдөг 3000 орчим даатгуулагч байдаг. Төрийн албан хаагчид давхар ажил эрхлэх хуулиараа хориотой учир таван жилийг огцом өндөр төлж чадахгүй. Баян, мэдээлэлтэй, боломжтой хүмүүс л ашигладаг. Үнэндээ бол боломжтой хүмүүст илүү их боломж олгож байгаа хуулийн цоорхой л юм даа. Үүнийг хязгаарлах нэг заалтыг оруулж ирсэн.
-Ямар?
-Сайн дураар нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа хүмүүс дээд хязгаараа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлж төлдөг. Үүнийг долоо дахин болгон бууруулж байгаа. Хуулийн цоорхойг ашиглахгүй байлгах л гэсэн хязгаарлалт юм даа. Уг нь миний хүсэл бол даатгуулагч дараалсан таван жилээрээ ч биш бүх ажилласан жилийн дунджаар тэтгэвэр тогтоолговол илүү шударга болно л доо.
–Өнөөдөр Нийгмийн даатгалын санд итгэх иргэдийн итгэл улам л багасаж байна. Засаглалын тогтолцоо чинь зөв юм уу. Шинэ хуулиараа яаж шийдэх юм бэ?
-Тийм ээ, өнөөдөр Нийгмийн даатгалын сангийн засаглалын асуудлыг ярих цаг мөн. Засаглалын асуудлыг хөндөхөөс өмнө бас нэг зүйлийг анхаарах ёстой. Одоогийн хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжих үү. Хагас хуримтлалын сангийн хөрөнгийг санхүүгийн олон хэрэгсэлд оруулахыг Монгол Улс зөвшөөрөх үү, үгүй юу гэдгээ ярих нь чухал. Тухайлбал, Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг Засгийн газар, Монголбанкны үнэт цаас худалдан авах, банканд хадгалах гэсэн гурван сонголт л байгаа хуулиараа. Харин бусад орны жишгийн дагуу хагас хуримтлалын тогтолцоонд шилжсэнээр санхүүгийн өөр олон хэрэгсэлд мөнгө оруулах боломжууд нээгддэг. Тухайлбал, компаниудын хувьцаанд, гадаад, дотоодын үнэт цаасанд хөрөнгө оруулдаг. Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй нээлттэй хувьцаат компанийн хувьцааг худалдаж авч болно. Зээлжих зэрэглэл тогтоосон нээлттэй хувьцаат компаниудын хувьцаа, хөрөнгө оруулалтын сангуудад мөнгө оруулах боломжууд нь хагас хуримтлалын тогтолцоонд шилжсэн тохиолдолд яригдана. Бид найдвартай байдлыг нэгдүгээрт тавьсан хөрөнгө оруулалтын бодлогыг дэвшүүлсэн. Гэхдээ одоогийн хуваарилалтын тогтолцоогоор явбал засаглалын асуудал ямар байх вэ гэдэг нь өөр байна. Тэгэхээр засаглалын асуудал бол аль тогтолцоогоор явах вэ гэдгийг шийдсэний дараа тэрэнтэйгээ дүйцэж яригддаг сэдэв. Миний харж байгаагаар нийгмийн даатгалын шимтгэлийг мөнгөжүүлэх, хөрөнгө оруулалтын олон хэрэгсэлд оруулах, хуримтлал үүсгэх асуудал яригдвал санхүү, хөрөнгө оруулалтын мэргэжлийн баг энэхүү хөрөнгийг итгэмжлэн удирдах ёстой. Үүнээс гадна нийгмийн даатгалын нэр хүнд унахад өөр нэг зүйл ойлгомжгүй явж ирсэн нь засаглалтай холбоотой.
-Тэр юу вэ?
-Нийгмийн даатгалын систем даатгуулагчид, ажил олгогчдод хаалттай явж ирсэн. Нийгмийн даатгалд асар их хэмжээний алдагдал үүрүүлэх хуулийн заалтыг ганц гишүүн санаачлахад тэр хуулийн үр нөлөө санд ямар хэмжээний алдагдал үүрүүлэхийг тооцож даатгуулагчдад ч, ажил олгогчдод ч мэдээлэл өгдөггүй явдал юм. Тиймээс бид энэ удаагийн багц хуулиараа нийгмийн даатгалыг илүү нээлттэй, ил тод, олон нийтийн оролцоог хангасан, тэдний саналд тулгуурласан шийдвэр гаргадаг байхыг чухалчилсан. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлүүд аль банкинд хэдэн хувийн хүүтэй хадгалагдаж байгаа, хэн гэрээ байгуулсан, юуг үндэслэсэн гээд бүх мэдээллийг ил тод болгоно. Бас нийгмийн даатгалтай холбоотой хуулийн заалтууд санд ямар нөлөөлөл үзүүлэх актуар тооцоолол хийж даатгуулагчдад мэдээлж байх мэргэжлийн хороонууд ажиллаж эхэлнэ. Хөрөнгө оруулалт, аудит, эрсдэлийн хороод ч ажиллана.
ААН-үүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөхачаалал буурна
-Та ярилцлагынхаа эхэнд шинэ хуулиар нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхгүй гэж хэлсэн. Тэгвэл аж ахуйн нэгжүүдэд ээлтэй зохицуулалт бий юу?
-Өнгөрсөн хугацаанд Нийгмийн даатгалын сан алдагдалд ороход, тогтворгүй болоход хамгийн их нөлөөлөл үзүүлсэн зүйл бол шимтгэлийн асуудал байгаа. Нийгмийн даатгалын шимтгэлийг тав, зургаан удаа өсгөж, бууруулсан. Одоогийн байдлаар шинэ хуулийн хүрээнд шимтгэл нэмэхгүй. ҮОМШӨДСанд аж ахуйн нэгжүүдэд ээлтэй заалтууд олон орсон. Өмнө нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагад осол болсон байхад үйлдвэрлэлийн ослын шимтгэл авдаг байсан. Одоо үйлдвэрлэлийн осол болсон тухайн хугацаанд нь шимтгэл авахгүй байх зохицуулалт хийсэн. Мөн ҮОМШӨД-ын шимтгэлийг салбараар нь биш тухайн ажлын байрны онцлогт нь нийцүүлэн авдаг байх шинэ зохицуулалтыг оруулж ирлээ. Тухайлбал уул уурхай, бүтээн байгуулалтын компаниудыг эрсдэлтэй нөхцөлд ажилладаг гэж үзээд үйлдвэрлэлийн ослын даатгалын шимтгэлийг 2.8 хувиар тооцоод авдаг. Одоогийн өргөн барьсан хуулиар тухайн аж ахуйн нэгжийн ажилтнуудын хэд нь эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа вэ? Тэр хэсгээс нь л өндөр шимтгэл авна. Эрсдэлгүй нөхцөлд ажиллаж байгаа захиргааны гэх мэт ажиллагсдаас нь хамгийн багаар авна гэсэн заалт оруулж өгсөн. Хууль хэрэгжсэнээр аж ахуйн нэгжүүдийн энэ хэсгийн шимтгэл төлөх ачаалал буурна.
Хувийн нэмэлт тэтгэврийн сан иргэдийг олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломжийг бүрдүүлнэ
-Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоонд шилжинэ гэж та дээр хэлсэн. Гэтэл манай улсад хувийн тэтгэврийн сангууд үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Өндөр орлоготой хүмүүст зориулсан тэтгэврийн энэ тогтолцоог хуульчилснаар ямар үр дүн хүлээж байна вэ?
-Хэдийгээр манай улсад энэ харилцааг зохицуулах хууль байхгүй ч зарим байгууллага хувийн тэтгэврийн сангуудтай төсөөтэй үйл ажиллагаа явуулаад удаж байна. Иймд Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд зайлшгүй зохицуулах ёстой асуудлын нэг энэ юм. Монгол Улсад нийгмийн даатгалд төлөх шимтгэлийн дээд хэмжээг хуулиар зааж өгсөн байдаг. Энэ дээд хэмжээгээр шимтгэл төлж байгаа 20-30 мянган иргэн байна. Нөгөөтэйгүүр хувийн тэтгэврийн сангуудад тодорхой хуримтлал бий болгоод явж буй 18 мянган хүн бий. Эндээс дүгнэж үзэхэд, энэ зах зээлд хамрагдсан иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор хувийн нэмэлт тэтгэврийн санг хуульчлах шаардлагууд байна. Өндөр орлоготой хүмүүс эсвэл аж ахуйн нэгжийн удирдлагууд ажиллагсдынхаа нэр дээр хуримтлал үүсгээд хувийн тэтгэврийн санд хадгалуулаад тэндээсээ тэтгэвэр авах боломж нээгдэнэ. Өөрөөр хэлбэл, улсын тэтгэврийн сангаас гадна тусдаа тэтгэвэр авна гэсэн үг. Тэнд хуримтлуулсан мөнгөө санхүүгийн хэрэгсэлд оруулах, үүсгэх боломжууд нь нээлттэй байна.
-Хувийн тэтгэврийн сан хэлбэрийн хувьд албан журмынх уу. Сайн дурынх уу?
-Дэлхий дахинд хувийн тэтгэврийн сангууд албан журмын, сайн дурын, эсвэл албан журам сайн дур хосолсон хэлбэртэй байдаг. Манайх сайн дурын, нэмэлт хэлбэртэй байхаар оруулж ирсэн. Хувийн тэтгэврийн үйл ажиллагааг зах зээл дээр урт хугацааны даатгагч, хувийн тэтгэврийн сан аль аль нь эрхлэх боломжийг олгоно. Ингэхдээ хувь хүний болон ажил олгогчийн гэсэн хөтөлбөртэй байна. Үүн дээр санхүүгийн зохицуулах хороо хяналт тавиад явна. Хувийн тэтгэврийн сан үүсгэн байгуулагдахад ямар шаардлагууд тавигдах вэ гэдгийг ойлгомжтой болгож өгнө. Төр хувийн тэтгэврийн сангуудад зөвшөөрөл олгож, хяналт тавина. Бас юунд хөрөнгө оруулахыг эсвэл оруулж болохгүйг хуулиар нарийвчилна. Хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ нь хэд байх гэх мэт тодорхой шалгуур тавигдана. Үүнээс өөрөөр төр оролцохгүй, ямар нэгэн үүрэг хүлээхгүй.
-Хувийн тэтгэврийн сангаас иргэд тэтгэврээ яаж авах вэ?
-Хувийн тэтгэврийн сангууд тэтгэврээ гурван янзаар авах боломжтой. Нэг удаа, хуваарийн дагуу, насан туршийн гэсэн хувилбар яригдаж байгаа. Нэг удаагийнх гэдэг нь тэтгэврийн нас болонгуут тэтгэврээ нэг удаа бодуулаад бөөнд нь авчихаж болно. Эсвэл насан туршдаа сар болгон юм уу, улирал тутамд хуваагаад тогтсон дүнгээр авдаг байх хувилбарыг санал болгож байгаа.
-Хувийн тэтгэврийн санд оруулсан хөрөнгөө өөр зүйлд зарцуулж болох уу. Юунд хөрөнгө оруулахыг зөвшөөрөх юм бол?
-Үүнийг шинэ хуулиар тодорхой зааж өгнө. Дотоод болон гадаад зах зээлд хэрхэн хөрөнгө оруулах, ямар зүйлд хөрөнгө оруулахыг хориглохыг ч нарийн тусгана. Тухайлбал, эртний эдлэл, урлагийн бүтээл, койн гэх мэт зах зээлд бүртгэгдээгүй хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөд хөрөнгө оруулахыг хориглоно. Хэт өндөр ашгийн төлөө хөрөнгө оруулах нь хэтэрхий их эрсдэлтэй. Хамгийн сүүлд л гэхэд Канадын Онториагийн тэтгэврийн сангийнхан койнд хөрөнгө оруулаад хувийн тэтгэврийн сан нь 100 орчим сая долларын алдагдал хүлээсэн байна лээ. Тиймээс эрсдэлгүй хөрөнгө оруулалтыг чухалчилж үзэх нь зөв юм. Олон улсын жишгийн дагуу ажилтан нь хувийн тэтгэврийн санд оруулсан хөрөнгийнхөө 30 хүртэлх хувийг урьдчилаад боловсрол, эрүүл мэнд, орон сууц худалдаж авахаар зарцуулж болох зохицуулалтууд оруулсан. Мөн хувийн тэтгэврийн сангийн хөрөнгийг татварын бодлоготой уяж өгч байгаа. Тухайлбал, юуны татвараас чөлөөлөх юм, юунд татвар ногдуулах юм гэсэн бодлогуудыг хуулийн төсөлд олон улсын жишгийн дагуу нарийн суулгасан. Тэгэхээр хувийн тэтгэврийн санд улсын нийгмийн даатгалд хамрагдсан иргэд сайн дураараа нэмэлтээр хамрагдана. Даатгуулагчид олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломжтой. Цаашлаад хөрөнгийн зах зээл хөгжих боломжууд нээгдэнэ.
-Та сая зарим тэтгэврийн сан койнд хөрөнгөө алдсан гэлээ. Ковидын үед бусад орны тэтгэврийн сангуудын ашиг алдагдал ямар байв. Та бүхэн ийм тооцоолол хардаг уу?
-Нийгмийн даатгалаар мэргэшсэн актуарчид, судлаачдын блогууд, мэдээлэл, дүгнэлт, судалгаагаа оруулдаг сайтууд байдаг. Тэдний нийтлэл, дүгнэлтүүдээс харахад ковид даатгалын сангуудад нэлээд хэмжээний алдагдлыг бий болгосон. Тухайлбал, ковидоос болж олон хүн ажлын байраа алдсан, цалин нь буурсан. Үүнийг дагаад төлөх шимтгэл буурч дагаад хуримтлал нь багассан. Ажилгүй болсон иргэдэд нийгмийн даатгалын сангаасаа олон төрлийн тэтгэмжүүд өгсөн. Нийгмийн даатгалын сангуудын хөрөнгө буурсан. Мөн ковидын нөлөөллөөс шалтгаалаад хөрөнгийн зах зээлүүд уналтад орсон. Хөрөнгийн зах зээлд оруулсан тэтгэврийн сангуудын үнэлгээ буурсан. Бас койн гэх мэт эрсдэлтэй зүйлд оруулсан тэтгэврийн сангуудын алдагдал нэмэгдсэн гэх мэт олон сөрөг үр дагаврууд гарсан. Дэлхийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл сэргэвэл тэтгэврийн сангууд эргээд сэргэнэ л дээ.
-Ярилцлагынхаа төгсгөлд танаас Нийгмийн даатгалын сангийн багц хууль хэрэгжсэнээр ямар үр дүн авчрахыг асуумаар байна?
Нийгмийн даатгалын тогтолцоо маань хуваарилалтаас хагас хуримтлалд шилжих эхлэл тавигдана. Олон давхаргат даатгалын тогтолцоотой болно. Даатгуулагчид олон эх үүсвэрээс тэтгэвэр авдаг болно. Даатгуулагчид нэрийн дансны бодит хуримтлалтай болж, шимтгэлээр үүссэн хуримтлалын сангаасаа боловсрол, эрүүл мэнд, орон сууцандаа зарцуулдаг болно. Нэрийн дансны хөрөнгөө өвлүүлдэг болно. Тэтгэврийн зөрүү арилна. Тэтгэврийг дараалсан таван жилээр бодно. Олон жил хөдөлмөрлөхийг дэмжсэн бодолт хэрэгжинэ. Нийгмийн даатгалын засаглал олон улсын жишигт нийцнэ. Ил тод нээлттэй байдал хангагдаж, даатгуулагчид, ажил олгогчдын оролцоо хяналт шууд нэмэгдэнэ. Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг багасгах, сан бүрэн бие даасан байдалд хүрнэ. Нийгмийн даатгалын хөрөнгийг санхүүгийн найдвартай хэрэгсэлд оруулдаг болно. Нийгмийн даатгалын бүх үйлчилгээг дэлхийн хаанаас ч цахимаар хөнгөн шуурхай авдаг болно. Хамрагдалт нэмэгдэнэ. Энэ бүхэн амьдралын чанарыг дээшлүүлэх, нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлэх нийгмийн хамгааллын бодлогын нэг шийдлүүд юм.