Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Монголд 10 хүн тутмын 6 нь илүүдэл жинтэй байна DNN.mn

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас өнөөдөр (2023.03.20) “Энэ жилдээ эрүүл жиндээ” аяныг үндэсний хэмжээнд эхлүүлж буй талаараа мэдээллээ.


“ТАРГАЛАЛТ ЗАЛУУСЫН ДУНД ЭРЧИМТЭЙ НЭМЭГДЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА”

Эрүүл мэндийн дэд сайд С.ЭНХБОЛД:

-Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, шинжилгээг 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхэлж, 10 сарын хугацаанд улсын хэмжээнд нийт хүн амын 26.7 хувь буюу 900 гаруй мянган хүнийг хамруулаад байна. Энэ 900 гаруй мянган хүнд эхний судалгаа хийгдэж, урьдчилсан үр дүн гарсан.

Насанд хүрэгчдийн дунд хоол боловсруулах, амьсгал, зүрх судас, дотоод шүүрэл, тэжээлийн болон бодисын солилцооны өвчлөлүүд тэргүүлэх шалтгаан болж байна. 0-17 насны хүүхдүүдийн 61.5 хувьд нь шүд цооролт илэрч, хүүхдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж байна.

Манай улсын хүн амын дунд хувь хүний амьдралын хэв маяг, зан үйл, нийгмийн хүчин зүйлээс шалтгаалсан халдварт бус өвчин, түүн дотор зүрх судас, чихрийн шижин, хорт хавдар, осол гэмтэл давамгайлж, хүн амын нас баралтын шалтгаанд зонхилох байр эзэлж байна.

Монгол Улсын иргэдийн илүүдэл жин, таргалалт сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж, тархалт нь бүс нутаг, амьжиргааны түвшинг үл харгалзан бүх насны хүн ам тэр дундаа залуус, хүүхдүүдийг илүү хамарч байна.

15-69 насны хүн амын 31 хувь нь илүүдэл жинтэй, 15.5 хувь нь таргалалттай байна.

Илүүдэл жин, таргалалт залуусын дунд эрчимтэй нэмэгдэх хандлага ажиглагдаж, 15-34 насанд 2.3-2.5 дахин нэмэгдэж, 35-69 насны 10 хүн тутмын 6 нь илүүдэл жин, таргалалттай байна.

Таргалалт нь удамшлын болон дааврын шалтгаантай байж болох ч 90-95 хувь нь амьдралын буруу хэв маягаас шалтгаалдаг. Манай улсын 15-69 насны хүн амын 21.9 хувь нь хөдөлгөөний хомсдолтой, идэвхгүй суугаа байдалд хоногт дунджаар 3.4 цаг зарцуулдаг, 52.4 хувь нь ажлын байрандаа идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй гэсэн судалгаа гарсан байна.

Тиймээс эрт илрүүлгийн үр дүнд үндэслэн эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг хэвшүүлж, эрүүл мэндийн боловсрол олгосноор өвчин эмгэгээс сэргийлэх иргэдийн мэдлэг, хандлага, ойлголт нэмэгдэнэ. Энэ жилдээ эрүүл жиндээ” аянд нэгдэхийг уриалж байна.


“НИЙГМИЙН ЯДУУРАЛ ТАРГАЛАЛТЫН БАС НЭГ ШАЛТГААН БОЛДОГ”

Олон улсын хэмжээний мастер, дасгалжуулагч Ж.БАЯНМӨНХ:

-Би сүүлийн зургаан жилд олон нийтийн эрүүл мэндэд чиглэсэн эрүүл амьдрал болон таргалалттай тэмцэх хөтөлбөр хэрэгжүүлж байна. ЭМЯ-наас зохион байгуулж буй “Энэ жилдээ эрүүл жиндээ” үндэсний аян миний үндсэн зорилготой уялдаж байгаад маш их таатай байна.

Монголчуудын дунд таргалалт сүүлийн жилүүдэд маш их нэмэгдсэн. Насанд хүрсэн хоёр хүний нэг нь илүүдэл жинтэй. 100 хүн тутмын нэг нь чихрийн шижин өвчинтэй. Өсвөр насны хүүхдийн таргалалт мөн маш их нэмэгдсэн.

Хүн төрөлхтөн түүхэндээ хэзээ ч өнөөгийнх шиг таргалалттай байгаагүй. 1970-2010 онуудад дэлхийн хүн амын таргалалт огцом нэмэгдсэн. Энэ нь нүүрс усны хэрэглээ огцом нэмэгдсэнтэй холбоотой юм билээ. Нийгмийн ядуурал таргалалтын бас нэг шалтгаан болдог. Хамгийн бага өртгөөр цадах боломжтой хоол хүнс бол нүүрс ус агуулсан гурил, гурилан бүтээгдэхүүн байдаг.

Монголчууд хувьд эрүүл зөв хооллолтын мэдлэггүй, шим тэжээлийн талаар ойлголт дутмаг байгаатай холбоотой. Ихэнх хүмүүс турмаар байна, гэвч дасгал хөдөлгөөн хийх зав гарахгүй байна гэж хэлдэг. Бидний өдөр тутам хийдэг дасгал нийт энергийн 5-хан хувийг эзэлдэг. Гэхдээ дасгал хөдөлгөөн хийснээр цусны эргэлт сайжрах, дархлааг тэтгэх, сэтгэл санааг өргөх, зүрх судас, үе мөчний өвчнөөс сэргийлэх зэрэг олон талын ач холбогдолтой.

Таргалалтын дараагийн нэг шалтгаан нь стресс. Хүн стресстэй байвал кортизол дааврын хэмжээ өсч, таргалалтыг нэмэгдүүлнэ. Нийгмийн ядуурал таргалалтын бас нэг шалтгаан болдог. Хамгийн бага өртгөөр цадах боломжтой хоол хүнс бол нүүрс ус агуулсан гурил, гурилан бүтээгдэхүүн байдаг.

Буруу мэдээ мэдээлэл мөн таргалалтын шалтгаан болно. Өглөөний цай тогтмол уух нь таргалалтаас сэргийлнэ гэж үзэх нь бий. Энэ бол буруу ойлголт. Өглөөний цайндаа юу идэх вэ гэдэг нь чухал. Нүүрс усаар баялаг буруу хүнс хэрэглэвэл таргалалтыг нэмэгдүүлнэ. Миний хувьд аян хүрээнд эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөн хийх талаар Монголын нөхцөлдөө тохирсон контент бэлтгэн хүргэх болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өчигдөр манай улсад 1665 жуулчин иржээ DNN.mn

Монгол Улс энэ онд нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавиад буй.

ХХЕГ-аас мэдээлснээр өчигдөр/2023.03.19/ 1,665 жуулчин манай улсад иржээ.

Тодруулбал, ОХУ-аас 850, БНХАУ-аас 430 иргэн аяллаар ирсэн нь хамгийн олон байна.

Түүнчлэн БНСУ, Энэтхэг, Япон, Тайланд, АНУ, Казахстан, Индонез, Франц, Австри, Аргентин, Дани, Герман, Норвеги улсын иргэд манай улсад зочилжээ.

/2023.03.19/

д/д Улсын нэр Жуулчлалын зорилгоор
орсон гадаад иргэд
1 Австрали 13
2 АНУ 30
3 Бельгийн Вант Улс 2
4 БНАвстри Улс 2
5 БНАргентин Улс 1
6 БНБеларусь Улс 3
7 БНИндонез Улс 12
8 БНИтали Улс 9
9 БНКазахстан Улс 36
10 БНКолумб Улс 1
11 БНЛиван Улс 1
12 БНПольш Улс 1
13 БНСВУ 2
14 БНСерб Улс 1
15 БНСингапур Улс 3
16 БНСловени Улс 1
17 БНСУ 72
18 БНУзбекистан Улс 1
19 БНФилиппин Улс 5
20 БНФинланд Улс 1
21 БНФранц Улс 6
22 БНХАУ 430
23 БНЭстон Улс 1
24 БНЭУ 36
25 Данийн Вант Улс 2
26 ӨАБНУ 3
27 ИБУИНВУ 9
28 Израйл Улс 1
29 Испанийн Вант Улс 2
30 Канад 15
31 Кувейт Улс 1
32 Киргизийн БНУ 1
33 Малайз 1
34 Нидерландын Вант Улс 2
35 Норвегийн Вант Улс 2
36 ОХУ 850
37 Тайландын Вант Улс 29
38 Украин 1
39 ХБНГУ 24
40 Шведийн Вант Улс 5
41 Швейцар 1
42 Шинэ Зеланд 1
43 Япон 45
Нийт 1,665

Хилийн боомтын тухайд Замын-Үүд 333, Алтанбулаг 376, Чингис хаан агаарын замын боомтоор гадаадын 713 иргэн тус тус ирсэн байна.

Харин он гарсаар өнөөдрийг хүртэл нийт 76,068 жуулчин ирсэн тоон мэдээлэл гарчээ.

Гурван сарын хугацаанд Монгол Улсад зочилсон жуулчдын тоо:

  • ОХУ 43,542
  • БНХАУ 12,971
  • БНСУ 6,258
  • Казахстан 2,100
  • Япон 1,712
  • Беларусь 1,216
  • АНУ 1,230
  • Тайланд 635
  • Турк 572
  • Бусад улсаас 5,832.
Categories
мэдээ нийгэм

ЭМГЭНЭЛ DNN.mn

Бадамсамбуугийн Баярсайхан

(1967-2023)

Барнууд овогтой Бадамсамбуугийн Баярсайхан нь 1967 онд Улаанбаатар хотноо төржээ. Б.Ббаярсайхан нь 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, хамт олонд нөхөж баршгүй хүнд гарз тохиосонд гүн эмгэнэл илэрхийлье.

Б.Баярсайхан нь нийслэлийн 1 дүгээр дунд сургууль, Анагаах ухааны дээд сургуулийг төгсөж, эмчийн мэргэжлийг эзэмшсэн ба оюутан цагаас асрагч, сувилагчийн чиг үүргийг гүйцэтгэн сайн дураар дадлагажиж байлаа. Тэрбээр 1992-1997 онд АУИС-ийн Биологи, удамзүй, дархлал судлалын тэнхимдГенетикийн багш, 1997-2000 онд ЭМНХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газарт Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 1998-1999 онд ДЭМБ-ын “Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжил” (WHO/WR/HRH) төслийн үндэсний зохицуулагч, 2000-2001 онд ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт Сувилахуйн тусламж, ядуурал, эмзэг бүлгийн эрүүл мэндийнасуудал хариуцсан мэргэжилтэн, 2001-2002 онд Филиппин Улс дахь ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн төвд Сувилахуйн стратеги боловсруулах ажлын хэсэгт зөвлөх, 2002-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын даргалсан Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, 2003-2005 онд ЭМЯ-ны “Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө” төсөлд Эрүүл мэндийн тусламж, эдийн засаг төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн, 2005-2008 онд ЭМЯ-ны “Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө, 2005-2015”-ний Хэрэгжилтийг Зохицуулах Албаны мэргэжилтэн, 2007-2023 он хүртэл “Сувилахуйн сургалт судалгааны төв” захирал, шинжээч, зөвлөх, 2012-2013 онд Франц Улс дахь Олон улсын хөгжлийн судалгааны төвд судлаач, 2013-2014 онд Молдав Улс дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газарт Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн, 2014-2023 он хүртэл Франц Улс дахь “Аувергены Монгол Андууд” ТББ-ын Ерөнхийлөгчөөр ажиллажээ.

Тэрбээр оюутан байхдаа мэдлэг, чадвар, сурлагын амжилтаараа онцгойлон тодорч “Д.Сүхбаатарын нэрэмжит цалин”, МХЗЭ-ийн Төв Хорооны “Онц сурлагатан” алтан медалиар шагнуулжээ. Б.Баярсайханы оюутан нөхдөө хошуучлан араасаа дагуулах, эвсэг хамт олныг бүрдүүлэх, удирдан зохион байгуулах ур чадварыг үнэлж АУДэС-ийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны даргаар 1989 онд сонгосон бөгөөд түүний ажиллах хугацаанд АУДэС-ийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороо нь Нийслэлийн тэргүүний хороо болж байжээ. Төр, засгаас явуулж байсан бодлогыг амжилттай хэрэгжүүлж, хамт олноо манлайлан удирдаж, үр бүтээлтэй ажилласныг нь үнэлж Б.Баярсайханыг БНАСУ-д 1989 онд зохиосон “Дэлхийн залуучууд оюутны XIII их наадам”-д төлөөлөгчөөр оролцуулжээ. Хожим Б.Баярсайхан АУИС-д Анагаах ухааны магистр”, Францын Аувергены Их Сургуульд Эрүүл мэндийн эдийн засаг, олон улсын хөгжлийн магистр цол тус тус хамгаалжээ.

Ажиллах хугацаандаа хамт олон, бусад мэргэшлийн эмч нартай хамтран нэг баг болон идэвхтэй ажиллаж байсан түүнийг шударга, төлөв даруу зантай, хамт олныхоо дунд нэр хүндтэй, мэргэжлийн ур чадвар өндөр, ажилдаа дур сонирхолтой хэмээн мэргэжил нэгт нөхөд нь үнэлдэг билээ.

Түүний хүн нэг бүрийн эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг эдлүүлэх, тэгш, хүртээмжтэй, чанартай эрүүл мэндийн тогтолцоогоор дамжуулан адлал, ялгаварлал, гадуурхалгүйгээр олон нийтээрээ эрүүл байхын төлөөх эрүүл мэндийн салбарт оруулсан нөр их хөдөлмөр зүтгэл, үлгэр дууриалал, хийсэн бүтээсэн бүхэн, нямбай, уртай, ажилсаг, хичээнгүй гэгээн дүр нь бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

Ум сайн амгалан болтугай!

Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд нь

Categories
мэдээ нийгэм

Д.Амарбаясгалан: 1072 хувьцаа эзэмшигчийн гэрчилгээг хүүхдийг төрөхөд нь шууд олгодог болох хэрэгтэй DNN.mn


Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Таван “Ш” ажиллагааг зарласныг та бүхэн мэднэ. Хуулиудыг зөрчиж, төрийн албанд томилогдсон албан тушаалтнуудыг дөрөвдүгээр сарын 6-ны дотор чөлөөлж, тухайн сарын 10-ны дотор ЗГХЭГ-т хэрхэн яаж шийдвэрлэсэн талаарх мэдээлэл ирүүлэх учиртай. Ор үндэсгүй үүрэг өгч байгаа зүйл биш.

Төрийн албанд хууль зөрчиж томилогдсон 800 орчим албан хаагч бий талаар АТГ-аас мэдээлж байсан. Шүүр ажиллагааны хүрээнд эдгээр хүнийг ажлаас нь чөлөөлөх ажлыг хийнэ.

Авлигын улмаас хураагдсан хөрөнгийг цаашид тулгамдсан асуудлаа шийдвэрлэх салбарт ашигладаг байх зохицуулалтыг хийгээч гэж иргэд шаардаж байна. УИХ-ын гишүүдийн олонх нь ч тухайн хураагдан байгаа хөрөнгийг нийгмийн хэрэгцээ шаардлагатай зүйлд зарцуулаач гэсэн саналыг хэлж байна.

Энэ ажлыг хэрэгжүүлэхийн тулд хууль санаачлах шаардлага бий. Өнөөдрийн зохицуулалтаар хураагдсан мөнгө шууд төрийн санд ордог. Төрийн санд орсон мөнгийг өөр зориулалтаар ашиглах боломжгүй. Тэгэхээр тодорхой хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийнэ.

Гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд гадаад руу оргосонтой холбоотой “Шувуу ажиллагаа” хэрэгжүүлж байгаа. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүс олноор очиж оршин суугаад байгаад улс оронтой эрх зүйн харилцан туслалцааны яриа хэлэлцээрийг эхлүүлж байгаа.

Баялгийн сангийн хуулийн төслийг боловсруулж оруулж ирэхээр ажиллаж байна. Аялал жуулчлалын тухай хуулийг яаравчлан батлах шаардлагатай” хэмээв.

Аялал жуулчлалтай холбоотойгоор “БНСУ-ын агаарын тээврийн компаниудтай яриа хэлэлцээр хийсэн. Үүний үндсэн дээр энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас арваннэгдүгээр сарын 1-ний хооронд БНСУ-руу хийх долоо хоногийн нислэг 70-80 нислэгийн давтамжтай болсон. Нэг ёсондоо өдөртөө 10 орчим онгоц нисэж байх юм. Энэхүү ажлын үр дүнд бид энэ онд нэг сая жуулчин хүлээж авна гэсэн тооцоолол байна.

Аялал жуулчлал, үйлчилгээний салбарт орж ирж ажиллах гадаадын ажиллах хүчинд тавигддаг төлбөрийг тодорхой хэмжээгээр хөнгөлөх журмыг баталсан” гэсэн юм.

“Монголын иргэн бүр хувьцаа эзэмшигч байх ёстой”

Түүнчлэн “Гадаадын 16 орчим хөрөнгө оруулагч манай улсад үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсыг төлөөлж хийсэн гэрээ хэлцэлдээ үнэнч байна уу гэдэг асуудал яригддаг. Хуулийн байгууллага хөрөнгө оруулагч нарын эрх ашгийг хамгаалах тал дээр ажиллаж чадах уу гэдэг зүйл ч хөндөгддөг.

“Петрочайна Дачин Тамсаг” компанийг шалгаж байгаа ажлын хэсгийн зүгээс тодорхой хэмжээнд гэрээнд тусгагдах ёстой зарим төрлийн татвар төлөлттэй холбоотой заалт орхигдсон гэсэн дүгнэлт гаргасан.

Энэ асуудалтай холбоотойгоор БНХАУ-ын Элчин сайдын яамнаас миний нэр дээр бичиг ирсэн байна. Тус компанийн дансыг хаах шийдвэр гаргасан нь хэвийн үйл ажиллагаа явуулахад нөлөөлж байна гэдэг зүйлийг бичсэн байгаа юм” хэмээв.

Монголын иргэн бүр хувьцаа эзэмшигч байх ёстой. Цаашид хүүхэд төрөхөд 1,072 хувьцаа эзэмшигчийн гэрчилгээг шууд олгодог болох хэрэгтэй. Насан өөд болоход уг хувьцаа эзэмших эрх нь зогсдог байдал руу явах нь зүйтэй гэсэн зөвлөгөөг мэргэжилтнүүд өгч байгаа. Жил бүр ногдол ашгаа тогтмол авч байх нөхцөл рүү орох нь зөв гэж үзэж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Төв аймагт үхрийн ферм шатжээ DNN.mn

Төв аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 км, Борнуур сумын төвөөс баруун урд зүгт 3 км-т Өгөөмөр багийн задгайд үхрийн ферм шатжээ. Эл ахуйн гал түймэр өчигдөр 04:00 цагийн орчимд гарсан бөгөөд тус сумын Цагдаагийн хэлтсийн хэсгийн төлөөлөгчөөр ахлуулсан алба хаагчид 1 цаг 10 минут ажиллаж унтраасан байна. Уг үхрийн ферм нь иргэн А-ийн эзэмшлийнх байсан бөгөөд 12х8 метрийн хэмжээтэй байжээ.

Ахуйн гал түймрийн гаралт бууруухгүй байгаатай холбогдуулан ОБЕГ-аас сэрэмжлүүлэг хүргэлээ. Үүнд

  • Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх, пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засч, хүүхэд хүрч, түлэгдэх, гэмтэхээс сэргийлэх, цахилгааны утас, залгуур, ил гарах зүйлс, шатах, тослох материалыг бага насны хүүхдээс хол байлгах,
  • Халуун үнс нурам, галтай хог хаягдлыг хогийн ил цэгт хаяхгүй байх, шингэрүүлсэн шатдаг хийгээр болон цахилгаанаар ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг баримтлах,
  • Цахилгаан халаагуур, халаагчийг ашиглахдаа цахилгаан ашиглалтын дүрэм, журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулах, холбогдох байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх,
  • Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зайн хэмжээг баримтлах,
  • Аж ахуй, нэгж байгууллагууд барилга байгууламжийн галын аюулгүй байдал, гал унтраах автомат тоног төхөөрөмж, дохиолол, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, хяналтын камер, харуул хамгаалалтыг сайжруулах, яаралтай үед холбогдох утасны дугаар жагсаалтыг тодотгох,
  • Гал унтраах тусгай зориулалтын автомашин хүрэлцэн очих зам, гарц, барилга байгууламжийн авралтын зам, гарцыг чөлөөтэй байлгах шаардлагатай.
Categories
мэдээ нийгэм

Б.Жавхлан: Дарханы замыг хоёр эгнээтэй болгоход ЕСБХБ-наас 20 сая ам.доллар олгохоор боллоо DNN.mn

Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкнаас/ЕСБХБ/ “Улаанбаатар хотын дулааны сүлжээ төсөл”-д 4.5 сая еврогийн, “Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал төсөл”-ийн 6.26 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлэхээр гэрээг баталжээ.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Улаанбаатар хотын дулааны шугамыг шинэчлэх төслийн гэрээг баталлаа. Ингэснээр 30-40 жил засвар хийгээгүй ил байдаг дулааны шугамуудыг газар доогуур хийнэ. Ингэснээр дулааны алдагдлыг бууруулах юм. Улаанбаатарын аваарын байдалд буй эрчим хүчний систем бүрэн шинэчлэгдэнэ. Үүнээс гадна ухаалаг тоолуурын систем рүү шилжүүлэх ажил амжилттай үргэлжилж байна гэсэн үг.

Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдлыг сайжруулахад буцалтгүй тусламж олгох гэрээг баталлаа.

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг хоёр эгнээтэй болгоход Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас нэмэлт санхүүжилт олгохоор боллоо. Уг замыг даацын зам болгоход 20 сая ам.долларыг шийдэж байна” гэв.

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз “Эдгээр төслүүдэд буцалтгүй тусламж олгосноор Монголын иргэдийн амьдралд томоохон өөрчлөлт гаргана гэсэн хүлээлттэй байгаа.

Буцалтгүй тусламж олгож буй төслүүдийн хувьд нэгдүгээрт, Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн болон халуун усны системийг сайжруулах төсөл. Нөгөө нь Эрдэнэт хотод хэрэгжиж байгаа үер усны аюулаас хамгаалах барилга байгууламжийг, даланг сайжруулах төсөл. Эрдэнэт хотод энэ төслийн үр дүнд 15,000 иргэн үер усны аюулаас хамгаалагдсан байна.

Улаанбаатар хотод төвлөрсөн дулаан хангамжаар дамжуулан нийтийн аж ахуйн үйлчилгээ авч буй иргэд илүү сайн үйлчилгээг авна. Дулааны системийг сайжруулах нь агаарын бохирдлыг бууруулахад багахан ч гэсэн хувь нэмэр оруулж байгаа гэсэн үг.

Бичил бизнесүүдийг уг төсөлд хамруулж, ажлын байр нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж байна” хэмээн ярилаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ҮСХ: Улсын хэмжээнд 567.6 мянган толгой мал хорогдсон байна DNN.mn

Том малын зүй бус хорогдол 2023 оны эхний 2 сард улсын хэмжээнд 567.6 мянга болж, өмнөх оны мөн үеэс 535.3 мянгаар өссөн байна. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, ямаа 259.6 мянга, хонь 221.3 мянга, үхэр 56.1 мянга, адуу 30.1 мянга, тэмээ 475 толгойгоор тус тус хорогдсон байна. Нийт хорогдсон малын 45.7 хувийг ямаа, 39.0 хувийг хонь эзэлж байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Мөнх-Эрдэнийг дахин хорьжээ DNN.mn

Д.Мөнх-Эрдэнийг өнгөрсөн долоо хоногт шүүхээс суллаж, зорчих эрхийг нь хязгаарлахаар шийдвэрлэсэн билээ. Харин прокуророос Д.Мөнх-Эрдэнийг сулласан асуудалд Ерөнхий шүүгчид гомдол гаргасан байна. Улмаар шүүгчийн гаргасан шийдвэрийг Ерөнхий шүүгч нь хүчингүй болгож, Д.Мөнх-Эрдэнийг дахин хорьжээ.

Түүнийг консулаар ажиллаж байх хугацаандаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, мөн Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Б, Богдхант Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан П нарт албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль өгсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

БНХАУ руу шууд нислэгээр зорчиход ПСР шинжилгээ шаардахгүй DNN.mn

Цар тахлын дараах нөхцөл байдал сайжирч байгаатай холбогдуулж энэ сарын 15-ны өдрөөс эхлэн БНХАУ зорчих хөдөлгөөний журамдаа өөрчлөлт оруулжээ. Тухайлбал, БНХАУ-аас гадаадын улс орнуудад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд гадаадын иргэдэд бүх төрлийн виз олгох үйл ажиллагаагаа сэргээсэн байна. Ийнхүү Монгол Улсаас БНХАУ руу шууд нислэгээр зорчиж буй зорчигчид коронавируст халдварын ПСР шинжилгээнд хамрагдах шаардлагыг цуцалсан байна. Улмаар коронавируст халдварын түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариугаар тус улсын агаарын боомтоор нэвтрэх боломжтой. Харин хилээр нэвтрэхдээ эрүүл мэндийн мэдүүлэг бөглөх шаардлага үйлчилж байгаа талаар Консулын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Овоо л эр юм, энэ Л.Оюун-Эрдэнэ! DNN.mn

Л.Оюун-Эрдэнийг Монголын улс төрийн сүүлийн хэдэн жилийн хамгийн адармаатай түүхийг мөрлөж яваа улстөрч гэдэгтэй маргах хүн олон гарахгүй. Яагаад гэхээр, өнгөрсөн хоёр жилд дэлхийд ч Монголд ч олон “ховор” үйл явдлууд боллоо. Цар тахал, дайн гээд л. Улбаа нь арилаагүй. Урхаг нь их хүнд тусах шинжтэй байна. Гэхдээ бид ямар ч байсан цар тахлыг амжилттай давчихсан. Дайны сүүдэр хичнээн удаан, хэр зэрэг хүйтэн тусахыг одоогоор хэн ч хэлж мэдэхгүй. Дулаан бүлээн байхгүй нь бол тодорхой болсон. Тиймээс Н.Багабанди гуайн үлдээсэн хэлц шиг “дангааршиж” тогтнох тал руугаа бодож сэтгэхгүй бол улсын хувь заяа гэрэл муутай үзэгдэх болоод байгаа юм.

Нэг үгээр хэлбэл Монгол Улс маань шударга ёсоор цангаж, баялгийн хуваарилалтаар өлсчихсөн. Учир нь, 1990-ээд оноос хойш улс төрийн тогтолцоогоор зэвсэг хийж, энэ улсыг хаанчилж, иргэдийг боолчилж ирсэн улс төр бизнесийн бүлэглэл бий. Харин тэдний системийг нурааж байгаа этгээд нь Л.Оюун-Эрдэнэ л дээ. Тэр хэрээр Л.Оюун-Эрдэнэ хэтэрхий олон дайсантай. Гэхдээ тэр маш их дэмжигчтэй. Түүнийг гол бүрдүүлэгч нь иргэд, олон нийтийн л дэмжлэг байна. Ерөөсөө, Монголд шударга ёс тогтож, нийгэм цэвэрших нь монгол хүн бүрийн хүсэл л дээ. Үүнийг хэн хийх нь чухал бус, харин хэн хийж байгааг нь дэмжих л маш чухал юм.

Ер нь бол хоёр жилийн өмнө Ерөнхий сайд болсон Л.Оюун-Эрдэнэд өөр сонголт байсан. Өмнөх Ерөнхий сайд нарын жишгийг дагаад л явчихаж болох байв. Хэнтэй ч муудахгүй, хэнийг ч гомдоохгүй. Байсныг байгаагаар нь үргэлжлүүлээд байж болох байсан. Тэгсэн бол тэр өнөөдрийнх шиг өмнөө баахан дайсан өрчихсөн, үйл хөдлөл бүрээ хянуулж, өө сэв болгоноо бүртгүүлж суухгүй байв. Харин баялаг бүрээс хувьтай, банк болгоноос хувьцаатай, баахан хөрөнгө хураачихаад сууж байхгүй юу. Тэгж тэгж,хамгийн ихдээ жил хагас ажиллаад огцорчихно биз. Тэгээд ч түүнийг Ерөнхий сайд болоход олон нийт нэг их зүйл хүсээгүй. Хүлээлт байгаагүй. Бусдын л адил, байдаг л нэг нам дагасан залуу гэж үзэж байв. Нисээд л гурван сар болоод буух биз гэж байв. Бас “поп подхийтэл ярьдаг поп улстөрч” гэцгээж л байсан. Хамгийн гол нь Монголын төр, Монголын баялгийг бялуу болгож хуваадаг бүлэглэлийнхэн ийм нэг бацаан гарч ирээд ингэтэл бужигнуулна гэж тооцоолоогүй гэдэг юм.

Харин Л.Оюун-Эрдэнэ “Шударга ёсны хүсэмжлэл”, “Баялгийн тэгш хуваарилалт” гэж ярьдгаа төрийн бодлого болгосон. Бас тэр нь төрийн үйл ажиллагаа ч болгож чадлаа. Хэдийгээр ингэлээ гээд Монголын бүх зүйл болж бүтчихээгүй ч гэрэлтэй гэгээтэй мэдээ цөөнгүй дуулдах болов. Нүүрсний болон Хөгжлийн банкны хулгайг ил болгож, үргэлжлүүлэн хулгайлах боломжийг нь хаалаа. Өөрөөр хэлбэл, нүүрсний хулгай зогсож, Хөгжлийн банкны зээлүүдийн эргэн төлөлт хийгдсэн. Тэгж Монгол Улс дефолтоос гарч, эдийн засагт тодорхой сэргэлтүүд ирж байна. Валютын орлого ч нэмэгдэж, эдийн засаг өсөж байгаа сайн мэдээ сонсогдсоор байна. 2023 оны эхний улиралд эдийн засаг 10.6 хувь өсчээ. Өнгөрсөн оны сүүлчээс нүүрсний хулгайн эсрэг Засгийн газар, хууль хяналтын байгууллагын хяналт чангарсан. Тэгэхээр наад зах нь, одоо нүүрсээ экспортолж л чадвал орлого нь хэвийн орж ирдэг болсон байгаа юм.

Гэхдээ хулгайч нарт хариуцлагыг хуулиар хүлээлгэх учиртай. Хууль хяналтын байгууллагынхан буруутай этгээдүүдийг шалгаж байна. Эцсийн шийдийг шүүх гаргана.

Хөгжлийн банкны зээл хуйтай холбоотой, тэдгээрийн цаадах баримт сэлтийг дэлгэсэн нээлттэй сонсгол гурван сар үргэлжлээд өнгөрсөн баасан гаригт дууслаа. Том компаниуд том улстөрчдийн нөмөрт том хулгайлж байжээ.

Дүнд нь Монгол Улс яагаад хөгжихгүй, иргэд нь яагаад ядуу байсны учрыг сүүлийн хоёр, гуравхан жилд бүгдээрээ ойлгож авлаа.

Гэвч нүүрс хулгайлдаг, Хөгжлийн банк тонодог бүлэглэлийг тэр чигт нь буулгаж авсан уу гэвэл үгүй. Товчхондоо, иймэрхүү улсаа тонодог, иргэдийнхээ боломжийг хулгайлдаг нөхдүүд Монголын улс төрд, улс төрийн намуудыг дагаж байршсан хэвээр байгаа юм. Тэд нэгдэж энэ хулгайтай тэмцэж буй улстөрчдийн эсрэг босчээ. Улстөрчид ч гэж дээ, Л.Оюун-Эрдэнэ, түүнийг дэмжиж ажиллаж буй тодорхой улстөрчид, хууль хяналтын байгууллагынхан юм. Тэдний эсрэг нүүрснийхэн, Хөгжлийн банкныхан, манайхан мартах дөхсөн бусад том хулгай луйврын ард байдаг нам дамнасан улстөрчид, тэдний нөөлөгт үйл ажиллагаагаа явуулдаг бүлэглэл ажиллаад эхэлсэн байна. Гэхдээ тэр нь ил биш далд үргэлжилдэгт учир бий. Байсгээд л зөрчил тэмцлийн сураг сонсогддог. Тэднийг дийлэх үү, үгүй юу гэдэг нь Л.Оюун-Эрдэнийн хамгийн том даваа юм.

Бас дээрх том том хулгайд журмын нөхөд нь олноороо холбогдчихсон. Нэр ус нь эхнээсээ ил болж байгаа ч хууль, шүүхээр хариуцлага тооцуулсан нь одоогоор алга. Тэгэхээр олон нийт нүүрсний хулгай мэтийг шударгаар шийдэх эсэхэд эргэлзсэн хэвээр л байна. Өөрөөр хэлбэл, том хэргүүдийн хувь заяа хэрхэх нь Л.Оюун-Эрдэнийг хүлээж буй нэг том даваа болоод байна. Тэр “Өөрчлөлт өвдөлт өгнө” гэдэг. Нөхдөө хуулийн дор суулгахдаа өөрөө ч өвдөх нь ойлгомжтой. Дэлхийгээрээ мэддэг авлигатай тэмцэгчийн үг бий. Сингапурын эцэг гэгддэг тус улсын Ерөнхий сайд асан Ли Куан Ю “Авлигатай тэмцэхийн тулд чи маш хэрцгий байх хэрэгтэй. Хээл хахууль авсан л бол хамаатан садан, найз нөхдөө ч илчлэхэд бэлэн байх хэрэгтэй” хэмээн цаг үргэлж хэлдэг байжээ. Хэлсэндээ хүрч, хэд хэдэн сайд, төрийн өндөр албан тушаалтныг хахууль авсан хэргээр шоронд хийсэн. Тэр дунд Үндэсний хөгжлийн яамны сайдаар ажиллаж байсан өөрийнх нь дотны анд ч багтсан байдаг. Хятадын дарга Си Жиньпин ч “Авлигатай тэмцвэл нам маань сүйрнэ. Би мэдэж байна. Гэхдээ авилгатай тэмцэхгүй бол улс маань сүйрнэ, та нар бүгд мэдэж байгаа” гэж хэлээд олон том ажиллагаагаа явуулсан гэдэг. Л.Оюун-Эрдэнэ ч ийм агуулгатай үг хэлж байсан. Тэрбээр “Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид өөрөө өөрсөдтэйгөө, мөн намынхаа журмын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг” гээд хэлчихсэн шүү.

Эднээс гадна системийн шинэчлэл гэдэг зүйлийг хаа сайгүй ярих боллоо. Үндсэн хуульд гар хүрч, улс төрийн тоглоомын дүрмийг шинээр тогтооно гэсэн үг. Гэхдээ үүнийг хэрхэн, ямар арга замаар ирээдүйтэй, “эх эцэхгүй, тугал турахгүй”-гээр хийх вэ гэдэг ихээхэн чухал. Энэ бол Л.Оюун-Эрдэнийн давах бас нэг том даваа нь мөнөөс мөн.

2023 он гараад удаагүй байхад Засгийн газраас “5Ш” ажиллагаа явуулахаа зарласан. Сарын өмнө бодлого болгоод баталчихлаа. “Шүгэл”, “Шүүр”, “Шувуу”, “Шилжүүлэн авах”, “Шил” ажиллагаануудыг хэрэгжүүлнэ гэсэн. Ажиллагаа бүр нь маш их ажилтай. Бас гацаж, зогсох магадлал өндөртэй. Сонгууль дөхсөн ийм үед хийж чадахгүй бол шууд “хасах оноо” авчрах эрсдэлтэй. Тэр утгаараа “Ш” ажиллагаанууд ч яахын аргагүй томоохон даваа болж байгаа юм.

Оюу толгойгоор дамжуулсан

Л.Оюун-Эрдэнийн мессеж

Энэ сарын 13-нд Оюу толгойн гүний уурхай олборлолтоо эхлүүллээ. Монгол Улсын хувьд маш том, түүхэн үйл явдал болов. Энэ талаар манайхан хангалттай мэдээлэл хүртэцгээсэн. Эндээс иргэдийн түрийвч зузаарч, халаас түнтийх хүлээлт ч үүслээ.

Гэхдээ бидний анзаарахгүй явдлууд байна, бас. Оюу толгойн гүний уурхайн нээлтийг сурвалжлахаар гадаадын 30 гаруй томоохон мэдээллийн агентлагууд иржээ. Тэдэнд болон гадаадын бусад зочдод зориулж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ англиар товч мэдээлэл хийсэн байна. Тэрбээр “Монгол Улс дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх зэс үйлдвэрлэгч болж байгаагаа 100 гаруй метрийн гүнээс дэлхий дахинд ийнхүү зарлаж байгаадаа таатай байна. Энэ завшааныг ашиглан өнөөдрийн амжилтыг бий болгохын төлөө шаргуу ажилласан хүн бүхэнд талархал илэрхийлье. Энэ түүхэн арга хэмжээнд оролцож буй “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм танд баярлалаа. Өнгөрсөн оны нэгдүгээр сард бид хамтдаа гүний уурхайн эхний тэсэлгээг хийх товчлуурыг дарж байсан. Харин өнөөдөр олборлолтыг эхлүүлж байна. Би дөнгөж сая бүтээгдэхүүний дээжийг авлаа. Бидний туулсан зам дардан байгаагүй. Гэхдээ бид үүнийг хийж чадлаа. Юуны өмнө, зэс нь цахилгаан автомашин, өндөр технологийн шийдэлд нэн шаардлагатай бүтээгдэхүүн юм. Тиймээс Оюу толгойн зэс нь Монголд төдийгүй дэлхийн хөгжилд чухал гэдгийг онцлон тэмдэглэж байна. Энэ нь Монгол Улсын хувьд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэл юм. Оюу толгой төсөл нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Долоон жилийн дотор жилд 500 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх тооцоолол бий. Энэ төслөөс Монголын ард түмний хүртэх үр өгөөж нэмэгдэнэ гэсэн үг. Оюу толгойн гүний уурхайн олборлолтын дүнд манай улсын нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрнэ гэж тооцоолж байна. Оюу толгой төсөл нь Монгол Улсын хувьд хамгийн том гадаадын хөрөнгө оруулалтын болон төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны төсөл гэдгээрээ чухал түншлэлүүдийн нэг билээ. Энэ төсөл нь Монгол Улс итгэлтэй түнш гэдгийг дэлхийд нотлон харуулж байна. Монгол Улс бүх бизнест нээлттэй. Монгол Улс далайд гарцгүй ч оюун санааны хувьд нээлттэй. Бидэнд уул уурхайгаас гадна ноолуур, аялал жуулчлал, эрчим хүч, тээвэр логистик зэрэг салбарт хөгжлийн асар том боломж бий. Бид долдугаар сард “Монголын эдийн засгийн чуулга уулзалт”-ыг зохион байгуулна. Энэ хугацаа нь монголчууд бидний хувьд Үндэсний их баяр наадмаа тэмдэглэдэг хамгийн сайхан цаг байдаг. Та бүхэн манай улсад зочлон ирж, наадам үзэж, манай эдийн засгийн чуулга уулзалтад оролцохыг урьж байна. Долдугаар сард уулзахын ерөөл дэвшүүлье. Монгол Улсад тавтай морил” гэжээ. Л.Оюун-Эрдэнийн хэлэх гээд байгаа санаа нь эндээс тодорхой харагдаж байна. “Монгол Улс итгэлтэй түнш гэдгийг дэлхийд нотлон харуулж байна” гэдэг л Оюу толгой төслөөр дамжуулсан түүний гол мессеж аж. Монгол Улсын хувьд өнгөрсөн 30-аад жилд хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсан нь үнэн. Гадаадын хөрөнгө оруулалтыг дээрэмдэж үлдчихсэн өч төчнөөн жишээ бий. Энэ бол нотолгоо. Ийм байхад гадаад ертөнцөд биднийг юу гэж ойлгодог нь дэндүү тодорхой юм. Тэгэхээр энэ алдагдсан итгэлийг сэргээх нь одоо эрх барьж буй нөхдүүдийн хийх ажил мөнөөс мөн болж буй хэрэг. Тэр утгаараа дэлхийн нэр хүндтэй 30 гаруй мэдээллийн агентлаг Монголд ирнэ гэдэг бол алдаж болохооргүй боломж юм. Л.Оюун-Эрдэнэ ч ашиглаад авчээ. Учир нь тэрбээр “Рио Тинто” групптэй учраа олохын тулд олон улсын томоохон мэдээллийн агентлагуудтай ажиллаж, хоёр жил орчим “байлдсан” туршлагатай гэдэг юм.

“Хад, далай, загас гурав” ба жижигхэн Монголын том үг

Оюу толгойн гүний уурхайн нээлтийн үеэр гаднын мэдээллийн агентлагууд Л.Оюун-Эрдэнээс ярилцлага, тодруулга авчээ. Түүнийгээ өөр өөрийн өнцгөөр дэлхий нийтэд хүргээд эхэлжээ.

Гаднын сэтгүүлчид, агентлагуудад жижигхэн Монголын том ордын олборлолтоос гадан, газарзүйн байршлын хувьд дэлхийн хоёр том тоглогч Орос, Хятадын дунд оршдог Монголын Ерөнхий сайдын байр суурь сонирхолтой байх нь тодорхой юм. Тийм асуултуудыг ч тавьсан байна. Тухайлбал, Английн “The Times”-т “Хүйтэн дайны үеийнх шиг нөхцөл байдал үүсэхээс Монгол Улс болгоомжилж байна” гэсэн гарчигтай тойм нийтлэгджээ.

Түүнээс нь онцолбол “Дэлхий хүйтэн дайны нөхцөл байдал руу шилжиж байна. Барууны улс орнууд зэр зэвсгийн зардалд зарцуулж буй төсвөө хөгжиж буй улс орнуудад чиглүүлсэн бол илүү утга учиртай” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Барууны улсуудтай геополитикийн болон цэрэг зэвсгийн сөргөлдөөнтэй байгаа авторитар дэглэм бүхий Орос, Хятад гэсэн хоёр их гүрний дундах ардчилсан Монгол Улсын эмзэг нөхцөл байдлыг ойлгож хандахыг тэрээр олон улсаас хүсэж байна. “Их гүрнүүдийн сөргөлдөөнөөс хамгийн их хохирч үлдэх нь хөгжиж буй жижиг улс орнууд байх болно. Гэр бүл салахад хүүхдэд хамгийн хүнд тусдагтай адил” хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд хэлсэн юм” гэж бичжээ.

За тэгээд л, үүнийг хальт ойлгосон зарим нь “Ерөнхий сайд Орос Хятадыг аав, ээжээ гэлээ” гэж байгаа нь харагдлаа. Угтаа энэ нь эндээ хэл амаа билүүдэж суудаг “улс төр”-өөс огт өөр зүйл шүү. Оронд нь “Бид хэн бэ” гэдгээ бодох хэрэгтэй юм. Олон улс, геополитикийн онолчдын үгийг харах нь зөв биз. Милан Кундер, Дэвид Вайтел, Маршал Зингер, Халук Гергер, Халук Гергер нарын дундаас шүүсэн тодорхойлолтоор “Манайх шиг улс нь ихэнхдээ газарзүйн таагүй байршилд оршдог. Түүхий эд, гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламж, олон улсын дэд бүтэц зэргээс эдийн засаг нь ихээхэн хамааралтай. Олон улсын харилцаанд эзлэх улстөрийн жин нөлөө багатай. Өөрийгөө хамгаалах хангалттай цэрэг-зэвсэгт хүчингүй. Олон улсын харилцааны цөм болсон тоглогчид” гэдэг.Мөн жижиг улсын хувьд анх олон улсын тавцанд гарч ирсэн тэр мөчөөс эхлэн өөрийн тусгаар тогтнолыг хангах явдлыг хамгийн гол сонирхол нь болдог байна. Тиймээс гадаад бодлогоо аюулгүй байдалд үндэслэн явуулдаг байна. Энэ талаас нь аваад үзвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ харин ч том сэдвээр под хийтэл дуугарчихсан байгаа юм.

Бас “Барууны улс орнууд Америк болон түүний холбоотнуудын талд орох уу, эсвэл Орос, Хятадын талд зогсох уу гэдэг шахалтыг жижиг улс орнуудад тулгаж байгаа нь тэднийг сонголтгүй, буланд шахаж хэцүү байдалд оруулж байна гэж Л.Оюун-Эрдэнэ үзэж байна” гээд “Монгол Улс В.Путинд эвгүй сэтгэгдэл төрүүлэхээс болгоомжилж Оросын түрэмгийллийг буруушаах санал хураалтад Хятад, Иран, Энэтхэг зэрэг улсын хамт түдгэлзсэн санал өгсө. Энэ нь НҮБ-ын өмнө өөрсдийгөө таагүй байдалд оруулсан юм.“Түдгэлзэнэ” гэдэг бол амаргүй шийдвэр ч гэлээ бид дипломат тэнцвэрийг хадгалахын тулд энэ цаг үед бидний хийж чадах хамгийн зөв алхам гэж тус улсын Ерөнхий сайд хэлж байна. “Монгол Улс далайд гарцгүй ч гэлээ Монголын ард түмэнд үзэл санааны хязгаар гэж үгүй. Монголчууд эрх чөлөө, ардчиллын талд тууштай зогсож, түүнийгээ хайрлан хамгаалдаг улс. Гэхдээ хэрэв та миний оронд байсан бол юу хийх байсан бэ” гэж тэр асуув” гэжэээ.

Үнэхээр ч манай “Түдгэлзсэн” саналын дараа гадна, дотнын янз бүрийн дүгнэлтүүд хөвөрсөн. Тэр утгаараа Ерөнхий сайд Монгол Улсын байр суурийг ингээд илэрхийлсэн нь цагаа олсон, бүр боломжийг ашигласан хэрэг болов. Тэгээд ч олон улс судлаач, геополитикчид манайх шиг улсын гадаад бодлогод нөлөөлөх олон хүчин зүйлээс хамгийн тулгамдсан нь үндэсний бүрэн эрхийн аюулгүй байдал гэж үздэг. Энэ нь тухайн улсын тусгаар тогтнолын баталгаа болдог байгаа юм. Үндсэндээ их гүрнүүдтэй хил залгаа оршдог манай улсын хувьд гадаад орчиндоо хүчний тэнцвэрийг хадгалах, тусгаар тогтнолоо хамгаалахын тулд НҮБ дээр “түдгэлзсэн” нь гадаад бодлого, геополитик гадарладаг хэнд ч ойлгомжтой юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс их гүрний сонирхлын бүс, тойрогт өртөхгүйн тулд “түдгэлзсэн”-ээ ийн олон улсад тайлбарласан л хэрэг юм. Тиймээс ч “The Times”-ийнхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй ярилцсанаа “Орост тавьж буй барууны хоригийг буруутгахгүй ч Монголтой адил жижиг улс оронд тусч буй сөрөг үр дагаврыг анзаарахгүй өнгөрч болохгүй гэдгийг тэрбээр онцолж байна. Мөн тэрбээр энэ бүхэн биднээс үл шалтгаалах нөхцөл байдал боловч манай ард түмний аж амьдралд шууд сөрөг дагавар үзүүлж байдаг. Зүйрлэж хэлбэл, далайн эргийн шуургатай адил. Давлагаа эргийн хадыг алгадна. Далай байдгаараа, хад ч хэвээрээ. Гэвч хүчтэй давлагаанд шидэгдсэн загас, жараахай дунд нь үрэгдэж байдаг гэж жишээ болгон ярьсан” гэж “дуусгасан” байгаа юм.

Нэг талаас, Л.Оюун-Эрдэнэ үүгээрээ олон улсад Монгол Улсыг зөвөөр ойлгуулах, өөрөөр хэлбэл, хүйтэн дайны талаар, НҮБ дээр түдгэлзсэн санал өгсөн талаарзохих тайлбаруудыг өгчээ. Үүнийг гадаад бодлогын прагматик байр суурь гэж болно. Өөрөөр хэлбэл, энэ байр суурь нь өнөөдөр үйлчилж байгаа олон улсын харилцааны системийн бүтэц, их гүрнүүдийн хүчний харьцаа, бүс нутгийн улстөрийн нөхцөл байдал зэргийг өөрийн үндэсний ашиг сонирхлын үүднээс үнэлж, тухайн нөхцөлд ашигтай гэж үзсэн гэж уншигдаж байна. Харин нөгөө талаас урьд өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хэмжээнд ийм томоохон асуудлаар олон улсад байр суурь илэрхийлж байсан түүхгүй. Тэр утгаараа энэ удаад Л.Оюун-Эрдэнийн томоохон агентлагуудаар дамжуулсан байр суурь нь Монгол Улсын хувьд тун чухал юм. Ер нь бол түүнийг “Гадаад харилцаа, геополитикийн асуудлаар их сонин тоглолт хийдэг” гэж экспертүүд хэлдэг. Түүний НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерешийг Монголд ирэхэд хийсэн уулзалт, бас Япон, Хятад, Сингапур, Герман, сая Солонгост хийсэн айлчлал зэрэг хэд хэдэн үйл явдлаас гадаад харилцааны мэргэжилтнүүд ийм дүгнэлтийг хийсэн байдаг. Түүнчлэн Л.Оюун-Эрдэнийн тухайд олон улсад легитим бий болсон нь илтэд анзаарагдах болсон. Эдгээр экспертүүд ч хэлээд эхэлсэн.

Төгсгөлд нь

Ер нь бол Л.Оюун-Эрдэнийн хувьд Ерөнхий сайдаар ингэж хоёр жил ажиллахдаа ямар ч хэвлэлд ярилцлага өгөлгүй саяхныг хүрсэн. Харин Засгийн газрынхаа яг хоёр жилийн ойтой давхцуулаад, сая цагаан сарын өмнө МҮОНТВ-д бүх сэдвээр дэлгэрэнгүй ярилцлага өгсөн. Уг нь тэр Ерөнхий сайд болоогүй байхдаа үг, үйлдэл бүрээ тайлбарлаж явдаг улстөрч байсан. Гэтэл өнгөрсөн хоёр жилийн турш ам нээгээгүй нь элдвийн таамаг, ойлгомжгүй байдал үүсгэсээр ирсэн. Тэрээр энэ ярилцлагааараа тэр бүхэнд зохих хариултыг өгчээ.

Ямартай ч өнөөг хүртэл явж, Ерөнхий сайд, эрх баригч намын дарга болсон Л.Оюун-Эрдэнэ одоогоор хэлсэн, ярьснаасаа буцаагүй л байна.

Тэгэхээр Э.Бат-Үүлийн хэлсэн шиг “Овоо л эр юм, энэ Л.Оюун-Эрдэнэ” гэж дүн тавих хүмүүс нэмэгдсээр байгаа бололтой. Юу гэвэл, өнгөрсөн оны сүүлчээр нүүрсний хулгайг эсэргүүцсэн нийтийн жагсаал Сүхбаатарын талбайд болсон. Тэр жагсаал руу Л.Оюун-Эрдэнэ гарч очсон байдаг. Тэгэхэд Э.Бат-Үүл “Л.Оюун-Эрдэнэ овоо шүү дээ. Эр хурга. Уулзахыг шаардсан “хөөрсөн олон түмэн”-тэйгээ гараад уулзчихаж байна” хэмээн жиргэсэн байж билээ.