УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.
-Манай улсын гадаад худалдаа эерэг баланстай байгаа. Гэтэл ам.долларын ханшийн өсөлт хэвээр байна. Үүний үндсэн шалтгаан нь юунд байна гэж та дүгнэж байна вэ?
-Бүх орны Засгийн газар өөрийн орны валютын ханшийг сулруулах сонирхолтой байдаг. Учир нь ханш суларснаар төсвийн бүрдүүлэлт, орлого, татварын орлого нэмэгддэг.
Манай улс зүүний үзэл баримтлалтай бараг 30 гаруй жил явлаа. Яахав, эхний хэдэн жил барууны чиглэлтэй явсан. Үүний үр дүнд манайд хөрөнгө оруулалт хийгдсэн. Гадаад худалдаа либералчлагдсан. Одоогийн байгаа амжилтууд шууд тэр үетэй холбоотой. Үүнээс хойших үед зүүний болж ирсэн. Халамжийн мөнгө тараахын тулд орлогоо нэмэгдүүлэх шаардлага үүснэ. Гадаадын эх үүсвэрээ хааснаас ам.доллар байхгүй, зээл авна. Ийм л цикльд орчихсон.
Богино хугацааны асуудлыг харвал, төсвийн гадуурх төсөв төрийн өмчит компаниудад яваад байгаа юм. Хөрөнгө оруулалтын төсөв нь бараг улсын хөрөнгө оруулалтын төсвөөс өндөр дүн харагддаг. Тухайлбал, хоёр том компанийн хөрөнгө оруулалтын төсвийг харахад манай улсын төсвийн хөрөнгө оруулалтаас хэд дахин их байсан. Тэгэхээр ашгаасаа хөрөнгө оруулалт хийхгүй бараа бүтээгдэхүүнээр хөрөнгө оруулалт хийгээд эхэлж байгаа юм.
Бартер, оффтейк хийж түүгээрээ том төсөл хэрэгжүүлж байна гээд янз бүрийн юм бариад байна. Харахаар хэрэгжсэн төсөл байдаггүй. Бараа нь гараад байдаг. Бараа солилцоогоор хөрөнгө оруулалтаа тохирчихоор мөнгө нь орж ирэхгүй. Иймээс л төгрөгийн ханш унаад байгаа юм. Гол асуудал бол энэ л дээ.
-Энэ циклийг засахын тулд яах ёстой вэ?
-Бид халамжийн бодлогоо эргэж харах шаардлага үүсэн үү гэвэл үүссэн. Засгийн газрын тусгай зориулалт бүхий 13 сан бий. Бид юу юунд сан байх вэ гэдэгт судалгаа шинжилгээ хийж үзсэн үү, үзээгүй юу. Үзэл баримтлал нь яах юм бэ гэдэг талаас нь харах ёстой. Тухайлбал, экспортыг дэмжсэн сан байж болно. Тэгвэл аялал жуулчлалаар дамжуулж экспорт хийж болно. Буцаад төрийн өмчит компаниуд руу ороход төрийн өмчит компаниудаас татгалзах хувьчлах шаардлага үүссэн. Бид дутуу хийсэн. 1996 оны хувьчлалыг хийхдээ л гүйцэд хийх ёстой байсан. Тэрийг хийгээгүйгээс болж төрийн өмчит компаниуд нь улсын төсвөөс ч том төсөвтэй болчихож байгаа юм. Сүүлдээ гадаадаас зээл авахуулаад тэрийг нь төрийн өмчит компаниуд хувааж авдаг болчихсон. Ингэж яваад байхаар ханш суларна. Ингээд нөгөө цикль рүүгээ буцаад орчихож байгаа юм. Шийдлийг нь бүгд мэддэг. Харин төрийн өмчөөсөө татгалзаж чадахгүй байна. Салбарын сайдууд нь өөрийн салбарын төрийн өмчит компаниудыг татан буулгах, эсвэл хувьчлах асуудлыг ярихгүй байна.
-Чадахгүй байгаа шалтгааныг юу гэж харж байна. Зориг дутаад уу?
-Сайд бүр том төсөвтэй байх сонирхолтой байгаа шүү дээ. Тийм болохоор татгалздаггүй. Сайд болохоороо аваад үлддэг асуудал олон жил болж байна. Бүх хүний нүдэн дээр л ил байна шүү дээ. МИАТ-ийг хувьчилна гэсэн. Хувьчилсангүй. Хэдэн жил болов. Төрийн банкийг нээлттэй хувьцаат компани болгоно гээд шийдлийг нь гаргаад хуулийг нь баталчихаад байхад тавхан хувийг нь гаргаж байгаа байхгүй юу. Ингээд яваад байхаар бид өнөөх циклиэсээ гарч чадахгүй шүү дээ. Ийм байхаар улс төр, төр рүү орох сонирхол нэмэгдээд байна. Ийм сонирхол нэмэгдэх тусам үүнийг шалгадаг, хянадаг бүтэц асар том болдог. Харвал хотын төвөөр л дүүрэн хууль, хяналтын байшин сав босч байна. Хэдэн мянган хүн ажиллаж байна вэ. Байнга л тоо нь нэмэгдэж байна. Татвар төлөгчдийн мөнгөний том эргэлт байгаа болохоор шалгадаг бүтэц нь том байж л таарна. Тийм учраас хууль хяналтын байгууллага нь давхар том болдог. Ингээд төсөв нь данхайгаад байна. Ийм л асуудал руу бид орчихоод гарч, салж чадахгүй байна.
-Сан гэснээс Боловсролын зээлийн сантай холбоотой үүсээд буй асуудалд та ямар дүгнэлттэй байна. Ер нь тусгай сангуудыг яах ёстой гэж харж байна?
-Мэдээж хэрэг боловсролыг хэрэгжүүлэх нь чухал. Гэхдээ зээлийн сан гэчихээд зээлийн бус тэтгэлгийн сан болчихоод байна л даа. Боловсролын зээлийн сан гэж байгаа бол мөнгө нь эргэн төлөгддөг байх ёстой. Ийм учраас сан нэмэгдээд байгаа юм. Жишээлбэл, их сургуулийн багш нар тус сангаас зээл авч гадаадад мэргэжлээ дээшлүүлбэл энэ бол зөв хөрөнгө оруулалт гэж харж болохоор байгаа юм. Учир нь тухайн багш ирээд олон хүнд мэдлэгээ дамжуулна.
13 сандаа аудит хийж, алинаас нь татгалзах вэ гэдэг шийдлээ гаргах ёстой. Хөгжлийн банк гээд яриад л байдаг. Хөгжлийн банкинд төрийн өмчит компаниуд нь зээлээ төлөөгүй явж байгаа юм. Барьцаагаа өгчихсөн хувийн хэвшил ямар нэгэн байдлаар төлнө шүү дээ. Төлөөгүй нь олон шалтгаантай байж болно. Цар тахлын үед алдаг оног ажилласан. Бүгдээрээ л үүнийг мэдэж байгаа. Ковидын үеийг мартчихсан юм болов уу гэж бодоод байдаг юм.
-Буцаад валютын ханшны асуудал руугаа оръё. Ам.долларын өсөлт, үнийн хөөрөгдлийг бууруулах чиглэлд УИХ энэ хаврын чуулганаар нэн тэргүүнд ямар санаачилга гаргаж ажиллах ёстой гэж харж байна?
-Улс орны эдийн засгийн амин чухал цэг нь юу вэ. Улс орны эдийн засаг томроод байх нь чухал уу. ДНБ нь тоон үзүүлэлтээр өсөөд байгаа нь чухал уу. Эсвэл иргэдийн орлого өндөр байх нь чухал уу. Хэрвээ иргэдийн орлого өндөр байх нь чухал гэвэл төрийн төсөв том байх, олон төрийн өмчийн компанигүй байх гээд үзэл баримтлалаасаа шалтгаалаад шийдэл нь өөр. Хэрвээ төрийн өмчит компаниуд нь цөөн, янз бүрийн сангууд нь ч багасаад ирэхээр төр өөрөө цомхон болно. Ингэвэл иргэдийн орлого нэмэгдэх боломжтой гэсэн үг. Учир нь төгрөгийн ханш сулрах шаардлагагүй болж байна гэсэн үг шүү дээ. Төгрөгийн ханшийг сулруулах, инфляци өндөр байлгах сонирхол аль ч орны Засгийн газарт байдаг. Тэгэхээр маш товчхондоо төр нь цомхон байвал төгрөгийн ханш тогтвортой байна гэж ойлгож болно.
-Цомхон төртэй байхыг олон жил ярилаа шүү дээ. Ер нь ойрын хугацаанд төгрөгийн ханш өсөхгүй юм байна?
-Ер нь төгрөгийн ханш чангарсан тохиолдлыг та санаж байна уу. 32 жилийн хугацаанд чангарсан тохиолдол байхгүй биз дээ. Төр нь цомхон оронд буцаад чангардаг шүү дээ.
Солонгосын вон 1400 орчим төгрөг байснаа буцаад 1100 болчихсон байдаг. Японы иений ханш байнга л чангарч байдаг. Энэ чиглэлд ажил хийх ёстой. Улстөрчид нь ч тэр, салбар яамд нь ч тэр үүнийг ярихаас өөр аргагүй болсон. Авлигатай тэмцэнэ гэж байгаа бол үүнийг давхар хийх ёстой. Тэгж байж авлигал багасна. Түүнээс зөвхөн Эрүүгийн хуулийг чангатгаснаар авлига буурна гэж би бодохгүй байна. Эрүүгийн хууль чангатгаснаар авлига илрүүлэлт нь багасах юм болов уу. Тиймээс Засгийн газар татгалзах зүйлүүдээсээ татгалзаж, хувьчлах хэрэгтэй байна. Ингээд хувийн хэвшил том болж хөгжсөнөөр эдийн засаг тогтвортой болно. Манай улсын гурил, махны үнэ тогтвортой байдаг. Бусад ихэнх бүтээгдэхүүнээ импортолдог. Ханш сулрахаар инфляци өсдөг учраас үнийн хөөрөгдөл ч гэсэн дээр ярьсантай ижил. Манай улсад голцуу импортын инфляци зонхилдог.
-Эдийн засгийг сайжруулах эрмэлзэлтэй холбоотойгоор дараагийн Оюу толгой гэдэг ч юм уу том бүтээн байгуулалтын эрэлд гарч байх шиг байна…?
-Манай улсын хоолойн дээр тулчихсан байгаа гол асуудал бол эрчим хүч. Эрчим хүчний асуудлаа шийдэхгүйгээр дараагийн Оюу толгой гэж ярих боломжгүй. Том төслүүд эрчим хүчний хангамжаас шалтгаална шүү дээ. Тиймээс эрчим хүч дээр шийдлээ гаргаад эрчим хүчний эх үүсвэрээ нэмэгдүүлэх чиглэлд Засгийн газар яаралтай ажиллах шаардлагатай. Нүүрсээр ажилладаг цахилгаан станцын санхүүжилт дэлхийн зах зээлээс олдох боломжгүй болж байна. Сэргээгдэх эрчим хүч тогтвортой ажилладаггүй. Салхитай үед ажиллана салхигүй үед зогсоно. Тэгэхээр дараагийн шийдлээ гаргаж ирэх хэрэгтэй байна.
-Тэр нь?
-Цөмийн энерги гэж харж байна. Цөмийн энерги хаягдал маш багатай. Утаа гаргахгүй. Манай улсыг хангалттай хангаж чадна. Мөн богино хугацаанд биелүүлж болох зүйл л дээ.
-Та Аялал жуулчлалын хуулийн ажлын хэсгийг ахалж байгаа. Хуулийн ач холбогдол, гол зохицуулалтыг ярихгүй юу?
-Гол зорилго нь тоон үзүүлэлтээ тавьж төлөвлөгөө боловсруулж жуулчдын тоог нэмэгдүүлэх. Тийм ч учраас аялал жуулчлалын хуулиар аялал жуулчлалыг дэмжих сан байгуулагдана. Үүний ач холбогдлыг экспортын зориулалттай гэж ойлгож болно. Аялал жуулчлал хөгжихгүй байгаа шалтгаануудаас дурдвал нэгдүгээрт, нислэгийн тоо цөөн байна. Хоёрдугаарт, нислэг үнэтэй байна. Бусад орны туршлагыг судлахад жуулчдын тоотой уялдуулж аялал жуулчлалын компаниуд болон иргэний агаарын тээврийн компаниудтайгаа хэлцэл хийж тодорхой хэмжээний урамшуулал татаас өгөх байдлаар жуулчдын тоог нэмэгдүүлдэг юм байна. 3-4 цагийн нислэгт 100-150 ам.доллараар нисч байгаа шүү дээ. Манайхаас ч ийм бодлогоор жуулчид авдаг хотууд байна. Тухайлбал, Анталя эсвэл Хятадын Манжуур зэрэг хотууд ийм бодлогоор билетийн үнээ хямдруулж их хэмжээний жуулчин авдаг. Бид 14, 15 орны хуулийг судалж байна. Аялал жуулчлалыг дэмжих сангаар дамжуулж иргэний агаарын тээврээр дамжуулж жуулчдын тоог нэмэгдүүлэх. Хоёрдугаарт, улирлын хамаарлыг багасгах зорилгоор эвентүүдийг зохион байгуулах. Гуравдугаарт, сурталчлах. Монгол Улсад аялах сурталчилгаа хийх зориулалтаар мөнгө нь гарна. Аялал жуулчлалын энэ олон компанийг нэгтгэсэн төрийн бус байгууллага нь байгуулагдах байх. Мөн гадаадаас ирж байгаа жуулчдад НӨАТ-ын буцаалтыг олгодог болох хууль эрх зүйн зохицуулалт орж байна. Ирэх билет хямдарна. Энд хийх худалдан авалтад НӨАТ-ын буцаан олголтыг олгохоор тодорхой хэмжээний хөшүүрэг болох болов уу гэж бодож байна. Гуравдугаарт, зочид буудлуудын НӨАТ-ын буцаан олголтыг олгох эсэх асуудал яригдаж байна. Хэрвээ буцаан олголт олгохоор болчихвол ирэх нислэг хямдарна. Зочид буудлын НӨАТ-ын буцаалтыг хийхээр болчихвол зочид буудал нь тодорхой хэмжээнд хямдарна гэх зэргээр санхүүгийн хөшүүргүүд эрэлхийлэхээр судалгаанууд хийгдэж байна. Энэ долоо хоногт хуралдаж шийдлүүдээ гаргана.