Categories
мэдээ нийгэм улс-төр цаг-үе

Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг өнөөдөр хэлэлцэнэ DNN.mn

АТГ нүүрсний гэх хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг яллагдагчаар татаж, ерөнхий прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналаа УИХ-ын даргад хүргүүлсэн. Хуулийн дагуу асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэн шийдвэрлэнэ. Хамгийн эхлээд Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэх хуулийн зохицуулалттай. Тус дэд хороо өнөөдөр хуралдахаар төлөвлөөд байгаа юм.

Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Мөнх-Оргил “Дэд хороо хаалттай хуралдана. Яагаад гэхээр ерөнхий прокурор асуудлаа нууцын зэрэглэлтэй оруулж ирсэн. Мөрдөн байцаах ажиллагааны нууцтай холбоотой асуудлууд орж ирнэ. Ер нь энэ асуудлыг хаалттай хэлэлцдэг горимтой. УИХ ерөнхий прокурорын саналд ажлын тав хоногт багтаан хариу өгөх ёстой. Манай дэд хороо таван гишүүнтэй. Дэд хорооны дараа Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороо, эцэст нь чуулганаар хэлэлцэн шийдвэрээ гаргана. Нууц санал хураалт явуулж, олонхийн саналаар асуудлыг шийднэ. Хэлэлцэх явцад мөрдөн байцаагчид болон ерөнхий прокуророос асууж тодруулах зүйл гарна. Нэр холбогдсон гишүүд нь дэд хорооны хуралд оролцоно” гэсэн юм.

УИХ-ын тухай хуульд “Халдашгүй байдлын дэд хороо УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүнээс бүрдэнэ” гэж заасан байдаг. Үүний дагуу Халдашгүй байдлын дэд хороонд УИХ-д зургаан удаа сонгогдсон Н.Энхболд, таван удаа сонгогдсон С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, дөрвөн удаа сонгогдсон найман гишүүнээс С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нар багтдаг юм.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Номын баяр тавдугаар сарын 19-21-нд болно DNN.mn

Уламжлал болон зохион байгуулагддаг Номын баяр 2023 оны тавдугаар сарын 19-21-нд 33 дахь удаагаа Сүхбаатарын талбайд болно. 32 дахь удаагийн номын баяр “Илүү их уншъя” уриатайгаар есдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд болсон юм. Уг баярыг улс даяар зохион байгуулж, 150 гаруй аж ахуйн нэгж байгууллага, 250 орчим шилдэг хэвлэн нийтлэгч, зохиолч, яруу найрагч зэрэг уран бүтээлчид оролцож байсан. Мөн шинээр хэвлэсэн ном товхимлын үзэсгэлэнгээс гадна ховор нандин номуудыг олон нийтэд дэлгэсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Н.Тэгшбаяр: Монголын сайхан сэтгэлтэй хүмүүсийн хайранд өлгийдүүлж, сэтгэлийн дэм, итгэлийн гал, ШУ-ны хүчээр боссон доо DNN.mn

Физикийн ухааны доктор Норовын Тэгшбаяртай хорт хавдрыг даван туулж, элгээ солиулсан талаарх түүхийг хуваалцлаа.


БАГААСАА ТООНД ДУРЛАСАН ХҮҮХЭД


-Хүүхэд насны дурсамжаараа ярилцлагаа эхлэх үү. Та ямар сурагч байв?

-Би Увс аймгийн Өмнөговь суманд арван жилээ төгссөн. Сургуулиа төгсөөд конкурст орсон. Тэр үед одоогийнх шиг 800 оноогоор дүгнэдэггүй. Физик-20, математик-10, Орос хэл-8 оноо авах ёстой байсан. Орос хэл-6 оноо аваад нөгөө хоёрын Физик-20, математик-10 оноогоо авсан. Тэгээд аймгаасаа хоёрт орсон. Миний дээд талд Ганболд гэж хүү байсан. Тэр өөр газраас хуваарь амлаад, Физикээр нэгээр хуваарь амласан. Би математикийн багш амлая гэж бодож байтал оноолт дээр сууж байсан багш хэлсэн “Чам шиг агуу хүүхэд цэвэр физикийн анги л авдаг юм” гэхэд нь би агуу хүн болох гээд л авчихсан. Хүний үг хүнд ямар хүчтэй тусдагийг сүүлд нь ойлгосон. Амлах гэж юу байдгийг харчихаад, IT юмуу математикийн ангийг авъя гэж байтал тэр багш тэгж хэлээд Физикийн анги авчихсан. Өнөөдөр эргээд харахад тэр үг надад гэрэл гэгээ авчирсан. Яагаад гэвэл би математикт угаасаа дуртай. Физик, математик чинь нэг зоосны хоёр тал. Би математикаа ч насаараа судалж байна. Физикээ ч насаараа судалж байна. Тэр утгаараа би дан математикч биш математикч, физикч болох замыг тэр багшийн тэр үг олгосон. Ингээд бодохоор гайгүй сурагч байж дээ.

-Хүн болгон математикч болох албагүй. Харин аав, ээж болно гэдэг. Одоо математик суурьтай хүүхэд ховордоод байх шиг…

-Хүүхдэд ямар үг хэлэх үү, ямар үг хэлэхгүй байх вэ гэдгээ аав, ээж сайн анзаарах хэрэгтэй юм билээ. Дэлгүүрт ороод худалдаа хийсэн ч тэр чигээрээ л математик шүү дээ. Халаасандаа байгаа хэдэн төгрөгөө илүү төлчихгүй, дутаачихгүй, хүргэчихнэ гэдэг чинь тэр чигтээ арифметик. Гаднаасаа харагдахгүй болохоос математик физиктэй уялдаатай болчихоод байна. Түүгээрээ мэргэшээд доктор, профессор болохгүй байх нь тэр хүний асуудал. Гэхдээ түүнийг судлахгүй байна гэдэг нь хоцрогдол. Түүнийг судлаагүйгээр хоёр даль жигүүртэй байх байсан бол нэг л болно гэсэн үг.

-Та математикт яаж дуртай болсон юм бэ?

-Манай тооны багш И.Л.Бабинская гэж автортой “Задачи математических олимпиад- Москва” гэж номыг надад өгсөн юм. Хичээлийнхээ заваар, хонио хариулахдаа уншаад л байсан. Хөдөө мал дээр халуун хүйтэнд түүнийг бичээд байж чадахгүй шүү дээ.

Чадахыгаа цээжээр бодоод, чадахгүй бодолтыг нь хараад, юмыг олон талаас харах чадварыг тэр ном надад суулгасан. Хасбаатар багш маань намайг математикт дуртай болгосон гэж боддог. Математик гэхээр хүмүүс зөвхөн учиргүй эрээн тоонууд гэж төсөөлөөд байдаг. Энэ чинь учрыг олох ухаан суулгаж байгаа юм. Хүмүүс нэг зүйлийг уншаад “аа энэ шууд зөв” гэж ойлгодог. Харин тоонд дурласан хүн бол “Миний бодол зөв үү, буруу юу, миний ойлгосон зөв үү, өөр хүн яаж ойлгох вэ, судалдаг хүн нь яаж ойлгох вэ, түүхэнд юу гэж байсан юм, дэлхий нийт юу гэж үздэг юм” гэдгийг олон талаас нь ухаж ойлгодог. Үүний үнэ өртөг хэд, гарах үр дүн нь хэд гэх мэт маш олон юм байгаа. Энэ бүхнийг олон талаас харах, эргэлзэх чадварыг математик, физик суулгадаг. Ийм чадвартай болсон хүүхэд өөр ямар ч чиглэл рүү явах боломжтой.

Монгол хэл ч юм уу түүхийн анги төгсчихөөд, шаардлага гараад физик юм уу математикийн магистр болъё гэхээр ийм жишээ бараг байхгүй, амаргүй. Гэтэл физик, математикийн ангийг төгссөн хүүхэд өөр ямар ч чиглэлээр сурахад илүү амар хялбар байдаг. Тэр утгаараа өргөн боломж олгодог.

Оюутан болох ямар байв?

-Тэр үед улаан хамбан дээл мода болж байв. Би тийм зүйл мэдэхгүй шүү дээ. Ээж минь надад тийм улаан ханбан дээл хийж өгч явуулсан юм. Би аавын шляпан малгайд их дуртай. Ялу бакал ховор байх үед ээж минь авч өгөөд явуулж байлаа. Тэр үед амьдрал нийтээрээ л хэцүү байлаа. Ангидаа ортол ангийнхаа ах нь юм шиг улаан хацартай, овортой нөхөр байв. Нэг өдөр ангийн даргаа сонгох болоод, хуучин МУИС-ийн захирал асан доктор Ц.Ганцог гэж хүн манай ангийн багш байсан юм. Ангийн багш өөрөө нэг хүүхдийг ангийн дарга болгоно гээд, тэгтэл сургуулийн нарийн бичгийн дарга нэг хүүхдээ ангийн дарга болгоно гэнэ. Ингээд ангийн даргын сонгууль явуулахаар боллоо. Тэгсэн манай найз Завханы Баяраа гэж залуу бий. Одоо их сайн барилгын бизнесчин болсон.Тэр хүү нэр дэвшээд, Дорноговиос ирсэн Нямаа гэж охин нэр дэвшив. Би ч танихгүй юм чинь хэнд нь ч өгсөн яахав гээд сууж байлаа. Тэгсэн МУИС-ийн гүнзгийгээс урилгаар элссэн хүүхдүүд гэнэт шуугиад явчихлаа. Социализмын үе чинь өнгөрсөн. Бид өөрсдөө дотроосоо ангийн даргаа сонгоно л гэж байна. Би ч дотроо ардчилсан нийгэмд ч энэ буруу биш л дээ гэж бодлоо. Ингээд хэнийгээ сонгохоо дотроо ярья гээд буланд цуглаад одоо Канадын МакГилл их сургуульд ажиллаж байгаа доктор Ц.Гантөмөр, НАСА-д ажиллаж байгаа Др.Баярбадрах, Боловсролын яамны газрын дарга О.Хуягцогт, Оном сангийн тэргүүн Др. Д.Наранбаатар нар хуралдаж, хуралдаж Увсын Тэгшбаяр гэхээр нь би “Надаар тоглосон хайр боллоо” гэж л бодсон. Тухайн үед би улаан хацарласан, ялу гуталтай, хамбан дээлтэй овортой нөхөр их сургуулийн физикийн ангийн дарга хийнэ гэж юу байдаг юм гэж бодсон. Тэгээд нэр дэвшигч болдог юм даа. Тэгээд гурвуулаа үг хэлсэн. Би хамгийн сүүлд хэллээ. Нөгөө хоёрынхоо хэлж байгааг сонсч байгаад ганц л үг хэлсэн. “Ангийн дарга ангийн хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах ёстой. Би хүүхдүүдийн эрх ашгийн төлөө юу ч хийхэд бэлэн”гэж хэлээд л суулаа. Тэгсэн нийт хүүхдийн 68 хувийн саналаар ангийн дарга болж дөрвөн жил хийсэн дээ. Ангийн дарга хийхээр хүнтэй харьцах ур чадварыг их нэмдэг юм билээ. Тэр үед МУИС-ийн физикийн ангид бүх аймгийн нэг юмуу хоёрдугаар байрт жагссан хүүхдүүд л ирдэг байсан. Тийм өндөр потенциалтай хүүхдүүдийн дарга хийнэ гэдэг гахай тууж байгаатай адил хэцүү ажил байсан. Түүнээс хойш надад хаа нэг газарт удирдах ажил хийх тийм хэцүү биш болсон. Нэг түүх ярья. Намайг конкурст орохоор явах гэтэл аав “Чи коллеж ч байсан хамаагүй нэг юм аваад ир” гэсэн. Намайг сургуульд явалгүй хонь хариулаад байхаар л тэгж хэлсэн байх. Конкурсээ өгөөд эргээд иртэл ээж сумын төв явчихсан эзгүй. Аав ганцаараа сууж байна. Бэлэн байсан хоолыг халааж идчихээд, гарч хонио хотлуулаад орж ирлээ. Тэгсэн аав ямар сургууль авав л гэнэ. Таныг коллеж аваад ир гэхээр чинь коллеж л авчихлаа гэтэл дуугүй цаашаа хараад тамхи татаад л хэвтээд байна. Тэгэхээр нь тоглосон юм аа, би МУИС-ийн физикийн анги авсан. Хоёрхон байснаас нэгийг нь автал шар томилолт өгдөг юм байна гээд хэллээ. Тэгтэл аав дуудаж авчраад, татаж авч үнсээд “Миний хүү ийм хэмжээний хүн байсан. Коллеж авсан гэхээр чинь гонсойж байлаа. Аав нь буруу үг хэлээд хүүгийнхээ урмыг хугалчихав уу гэж бодлоо. Биеэ тоочих вий гэж бодоод тэгээд хэлчихсэн юм” гэж билээ. Настай хүмүүс тийм л гайхамшигтай. Сүүлд ангийнхан яагаад намайг дарга болгосныг бодсон харин би тэдний хажууд арай хөгшин хүн шиг намбатай л байсан юм билээ. (инээв)


ХҮҮХЭД БОЛГОН МАТЕМАТИКЧ БОЛОХ АЛБАГҮЙ ГЭЭД МАТЕМАТИК СУДЛУУЛАХГҮЙ БАЙНА ГЭДЭГ НЬ ӨӨРӨӨ НҮГЭЛ


-Хоёр жилийн өмнө хүнд өвчний улмаас хагалгаанд орж байсан тухай сонссон. Таныг олны дунд нээлттэй, хамт олонсог гэдэг. Одоо хүртэл ангийнхантайгаа харилцаатай байдаг. Хамт олныхоо хүч дэмээр боссон гэж хүмүүс ярих юм билээ?

-Ангийнхантайгаа байнгын холбоотой. Манай ангийнхан гайхамшигтай толгойтой, сайхан сэтгэлтнүүд шүү дээ. Хорт хавдартай болоод элгээ солиулахаар Солонгос явахад хандивын голлогч нь манай ангийнхан, физикч нар, манай журмын найзууд л босгосон. Дээр нь намайг их олон хүн дэмжиж, Тэгшээ чи Монголд хэрэгтэй хүн шүү, сэтгэлийн хаттай байгаарай гэж ярьсан, бичсэн, дэмжсэн. Тэр чинь хүнд их урам өгдөг юм билээ. Миний онош вирусээс үүдэлтэй, онцгой байршилтай хавдар гэж гарсан. Монголд хагалгаа хийлгэх боломжгүй, гадаадад хийлгэх шаардлагатай гэсэн. Тухайн үед би тийм олон хүн намайг хүрээлдгийг анзаардаггүй, надад хайртай хүмүүс хичнээн олон байгааг мэддэггүй байж. Тэр үйл явдлаар ойлгож, мэдэрсэн. Монголын сайхан сэтгэлтэй хүмүүсийн хайранд өлгийдүүлж сэтгэлийн дэм, итгэлийн гал, ШУ-ны хүчээр боссон доо. Тийшээ явахдаа донор болох дүүтэйгээ, ханьтайгаа, ахтайгаа явсан. Нэг бодлын хүнд хорогдох юмгүй болчихдог юм билээ. Тийм үед сайн ханьтай, хүний хань дэргэд байна гэдэг дээдийн зол шүү. Хичнээн амьд үлдэх магадлалтай байлаа ч гэсэн амьдрал үхэл 50:50 хувьтай л байсан. Тэр өдөр гэнэт тог тасарчихвал, норкоз нь хэтэрчихвэл, тооцоогүй зүйл гарвал, дотроо судас нь хагарчихвал яах юм бэ. Дэвших буцах хоёр 50:50 хувь л юм билээ. Тухайн үед аав минь өнгөрчихсөн. Ээж нутагтаа. Том ах, эхнэр хоёрыгоо хажуудаа байлгаж, муу зүйл болбол тэр хоёроороо л толгойгоо түшүүлье гэж боддог юм билээ. Онгоцны буудал явах замд хашааны шон болгон утга учиртай, би үүнийг дахиж харах болов уу гээд нүдэнд жирэлзээд л өнгөрдөг юм билээ. Хагалгаанд орохын өмнө ч гэсэн үзсэн бүхий л амьдрал минь нүдний өмнө харагддаг юм байна лээ. Хагалгаанд орсны дараа мэдээгүйжүүлэлт сайн гараагүй нүд сайн нээгдэхгүй. Бүрхэг тэнгэр шиг бүүдгэр юм л харагдаад байсан. Гэдэс дотор дайн болж байгаа юм шиг нил өвчин. Эвгүй хөдлөхөөр, инээхээр, ханиахаар өвдөнө. Бүтэн 12 цаг мэдээгүй амьсгалахгүй хэвтчихсэн учраас уушги нил цэр. Түүнийгээ гаргах гээд дасгал хийхээр гэдэс дотор тэсэхийн аргагүй өвдөнө. Оёдол задарчих гээд их хэцүү. Хагалгааны дараах өвдөлт хүнд хатуужил суулгадаг юм байна лээ. Түүнээс 3-4 хоногийн дараа бүх бие жирвэгнээд, тогонд цохиулж байгаа юм шиг болоод, бүрхэг тэнгэрийн үүл замхраад, нар гарч байгаа юм шиг л нүд нилс гээд л гэрэл ороод ирсэн. Тэр бол цус бүрэн эргэлтэд ороод, хүчилтөрөгч бүрэн эргэлдэж эхэлсэн нь юм байна лээ. Хэт сүсэгтэй хүмүүс тэр үеийг сүнс буцаж ирлээ гэж ойлгодог бололтой юм билээ. Ерөнхийдөө тав хоногийн дараа тэгж гэнэт л нүд цэлмээд, үхлийн савраас саллаа гэдэгтээ итгэсэн.

Би өөрөө физикч хүн учраас байнгын шинжилгээ өгөөд хянаад явдаг байсан. АЛАТ, АСАТ нь буурч байна, өсч байна, элэгний хатуурал боллоо шүү гээд график гаргаад, хянаад тооцоод л явдаг байлаа. Физик, математик судалсныхаа үр шимийг тэгж хүртсэн гэж боддог. Өөрөөр хэлбэл, аливаа зүйлд шинжлэх ухаанчаар хандана гэдэг чухал гэдгийг ухаарсан. Цусны шинжилгээ аваад, шинжлэх чинь физик үзэгдэл. Шинжилгээний үр дүн нь тоогоор гардаг. Тоог эмч нар уншаад хагалгаа хийх үү, үгүй юу гэдгээ шийддэг. Хагалгаа хийсний дараа дахин хяналтын шинжилгээ авна. Физик үзэгдэл. Физикээ үр дүнгээ тоогоор гаргаад, тоогоо уншаад, бие нь сайн уу, муу юу гэдэг дээр хяналт хийдэг. Тэгэхээр математик, физик, хими бүгд холбоотой. Хүүхэд болгон математикч болох албагүй гээд математик судлуулахгүй байна гэдэг нь өөрөө нүгэл юм. Тэр хүүхдийн ирээдүйд хар толбо үлдэнэ. Харин хүүхэд болгон математикийн профессор, доктор болох албагүй.

-Хүүхдийг сургуульд оронгуут л үсэг, тоогоор нүдээд байдаг нь буруу юм шиг. Яаж тоонд дуртай болгох вэ?

-Дурлуулах ёстой. Манай тооны Хасбаатар багш хүүхдийг тоонд дурлуулдаг. Хүн юуны үр тарина, түүнийхээ жимс хураана. Хүүхэд математик давтвал заавал математиктаа сайжирна. Түүх заавал түүхдээ сайжирна. Тэгэхээр хүүхдийн цагийг зөв хуваарилаад алиныг нь сайжруулах вэ гэдэг урам зоригийн асуудал юм. Хүүхдийг хүчилж болохгүй. Дуртай зүйлийг нь хийлгэ. Нэг юмыг сайн хийгээд сурсан хүн нөгөө зүйлийг сайн хийх магадлалтай байдаг. Дуртай зүйл рүү нь түлхэж өгөөд, юм хийх арга барилыг нь олго. Нэг юмны учрыг олсон хүн нөгөө юмны учрыг олдог. Ажаад үзвэл чадалтай хүн юм юмны захтай байдаг гэдэг чинь тийм л учиртай юм шүү дээ. Хоёрдугаарт, хүүхэд хажууд байгаа хүнийхээ зан үйлийг өөртөө юүлж байдаг. Цагдаагийн хүүхэд цагдаа болдог. Физикчийн хүүхэд физикч болдог гэдэг шүү дээ. Дурлаж юмаа хийж байхад адерналин ялгаруулдаг. Хүүхдэд урам зориг өгнө гэдэг хүн бүтээдэг. Тэр бүтээсэн хүн нь хүнийг өөрийг нь авч явдаг.


УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ОРДОГ СОЁЛ БИЙ БОЛГОХООР ӨӨРИЙНХӨӨ ТУРШЛАГААС ХУВААЛЦАЖ БАЙГАА НЬ ЭНЭ


-Эргээд сэдэв рүүгээ оръё.Тухайн үед оношоо мэдээд гэр бүлдээ хэрхэн хэлэв. Хүүхдүүд нь мэдээд шоконд орсон байх даа?

-Гэр бүлээрээ уйлсан. Би уйлахгүй гэж бодсон ч дагаж уйлаад, тэгээд ямар үхэлтэй биш тэмцэнэ шүү дээ. Бавуугийн Лхагвасүрэн гуайн шүлэг байдаг шүү дээ. Ижийдээ очих томилолт (уншив) Гэр бүлтэйгээ уйлаад сууж байхад ийм л мөчийг хэлсэн юм байна даа гэж бодсон.

-Хүүхдүүддээ тухайн үед юу гэж захиж байв?

-Аав нь шинжлэх ухааны хүн. Эрт оношлоод эмчлүүлж чадвал элгээр хүн нас барахаа больчихсон. Тиймээс аавыгаа босоод ирнэ гэж итгээд урдах хичээлээ сайн хий гэж хэлсэн. Аавынх нь төлөө ямар олон хүн залбирч, тусалж, дэмжиж байна. Энэ хүмүүс шиг хүнд тустай хүн болоорой. Та нар ямар мэргэжил эзэмшинэ үү, ямар хүн болно уу тэр бол дараагийн асуудал л гэж захиж байсан. Нэгдүгээрт, би нэр төртэйгөөр босч ирээд маш олон хүнд хорт хавдрыг ялж болдог гэж харуулан урам зориг өгөхөөр, хорт хавдартай тэмцэж байгаа маш олон хүнд итгэл найдвар бэлэглэнэ гэж итгэж байсан. Нээрээ л түүний дараа маш олон хүн ялаад босч ирсэн. Би хагалгаанд орохоос айгаад орж чадахгүй байсан. Таны ачаар урам зориг аваад, амжилттай даван туулаад босоод ирлээ гэсэн маш олон хүн холбогдсон. Хоёрдугаарт, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамрагдаж байгаарай гэдгийг анхааруулахыг хүссэн. Эмнэлэгт очлоо, өвчингүй бол өөртөө итгэлтэй ажиллаж амьдар. Өвчтэй бол түүнийгээ эмчлүүлээд, өмнөх ажлаа хий. Өөрөөр хэлбэл, урьдчилан сэргийлэх үзлэгт ордог соёл бий болгохоор өөрийнхөө туршлагаас хуваалцаж байгаа нь энэ. Би урьдчилан сэргийлэх үзлэгт ордог байсан болохоор миний элгэнд асуудал байна гэдгийг мэдээд сүүлийн 5-10 жил өөрийгөө хянасан. Эрт мэдсэн учраас би амьд босоод ирж байгаа юм. Мэдэхгүй явсан бол би тэнгэрт дэвшчихсэн л байгаа.

-Хагалгааны өмнө юмыг яаж мэдэх вэ буцаж ирээ ч үү, үгүй ч үү гэж найз нөхөд рүүгээ мессэж бичиж байсан гэсэн. Эргээд найз нөхөдтэйгөө уулзахад ямар байв?

-Амьд явна гэдэг чинь жаргал шүү дээ. Би хорвоод ирэхдээ эртний сайхан ерөөлөөр хүн биеийг олжээ гэдгийг дэвшиж босохын зааг дээр ойлгож байгаа юм. Хорт хавдраар нас барах нь бага дунд боловсролтой, орлого буурай орнуудад тохиолддог гэж НҮБ-аас судалгаа гаргасан. Тухайн үед түүнийг уншиж байгаад хэрвээ тэгш баяртайгаар дэвшээд явчих юм бол гайхамшигтай амьдралд хамтдаа оршсон бүх найз нөхөд, хүмүүст баярлалаа гээд албан ёсоор пост бичээд үлдээж байгаа юм. Эргээд ирвэл агуу Монголынхоо төлөө, шударга ёс, иргэн бүхний чанартай энх амьдралын төлөө бүхнээ зориулъя гэж бодогддог юм байна лээ. Сэтгэл зүйгээ бэлдэж байхад хүний сэтгэл агуу юм байна лээ. Би урьд нь ТВ-ээр урлагийг уйлж хайлсан, дуулж хуурдсан юм байх юм аа гээд шүүмжилдэг байсан. Дэвшиж босохын зааг дээр урлаг гэдэг чинь хүний сэтгэлийг, нийгмийг эмчилдэг юм байна, физик, математик, байгалийн шинжлэх ухаан нийгмийг инженерчилж хөгжүүлдэг нэг юмны олон тал гэдгийг ойлгосон. Хагалгааны өмнө дуу дуулж суръя гэж шийдсэн. Тэгээд “Дөрвөн настай халиун”, “Хунт нуур” гэх мэт дуунууд сурсан. Одоо “Уяхан замба тивийн наран” зэрэг олон дуу сурч байна.

-Одоо эрүүл мэнд талаасаа ямар нэг асуудалгүй болсон уу?

-Харьцангуй гайгүй болсон. Эргээд ажилдаа ороод эрдэм шинжилгээний ном сонин редактор хэвлэдэг ажлаа хийгээд, дархлаа бууруулдаг эмээ уугаад л Монголын хөгжилд хувь нэмрээ оруулах гээд зүтгэж л явна. Сүүлийн үед элэг солиулах эмчилгээтэй хүмүүсийн зардлыг төрөөс санхүүжүүлдэг болсон, үүнийг бас хүмүүс мэддэг байгаасай.

-Та нэг дуу дуулж өгөөч, хэр сурч байна вэ?

-Дөрвөн настай халиун ээ

Дөрөө жийгээд дэргүүлнээ

Ай хө

Дөрвөлжлөн харагдах ар нь ээ

Дөтөлсөн амрагийн бараа юу даа

Таваар тавьсан гэзгээрээ

Талын бутууд шиг саглайна аа

Ай хө (дуулав). Ингээд харахаар дуу дуулахаар хүний сэтгэл их цайдаг юм байна лээ. Урьд нь би дуу дуулахдаа шүлгийг нь дагаж дуулдаг байжээ. Одоо бол тархиараа оруулаад зүрх, бие дээгүүрээ явуулаад ёроолгүй тэнгис шиг хаа нэг газарт аваачаад өвтгөхгүй байвал сайн гэж хүмүүст хэлдэг болж байна шүү дээ. Үүнд дуу их нэмэртэй юм байна лээ. Аливаа зүйлийн сайн талыг нь олж харж чаддаг нүд, сэтгэл гайхамшигтай сайхан. Би энэ гайхамшигтай сайхан гэж үгэнд дуртай. Амьдрал гайхамшигтай сайхан. Амьдрах өөрөө гайхамшигтай. Хүнийг уучилж чаддаг, уучлал гуйж чаддаг хүн гайхамшигтай. Өөрөөс хамааралтай зүйлээсээ уучлал гуйж чаддаг, хүнийг уучилж чаддаг сэтгэл гайхамшигтай. Сайхан сэтгэлээр хандаж ажил хийвэл үр дүн нь сайхан. Гэхдээ энэ сайхан сэтгэлийг эрдэм боловсролоор чимнэ. Эрдэм боловсролоор чимээгүй сайхан сэтгэл тэнхээ хүч сул.Тиймээс

Ай даа хүмүүс минь амьдрах сайхан

Амьдын хорвоод энэ л үнэн шүү дээ хэмээх дууг аяланхан дууланхан инээмсэглэл хайр энэрэл түгээн амьдарч байна. Сэтгэлийн хатаар мянгыг давна. Сэлэмний хатаар нэгийг ялдаг хэмээх эртний үгийг санан санан дуулсаар амьдарч байна. Хавдартай бүхэн тэнгэрт дэвшдэггүйг ойлгуулахын төлөө хичээж байна. Жил бүр иргэн бүр эрүүл мэндийн бүрэн шинжилгээ хийлгэдэг шинжлэх ухаанч дадалтай хорт хавдрыг эхний үед нь илрүүлж бүрэн эдгэх боломжтой гэдгийг хүн бүрт аминчлан хэлж, олон мянган эрдэнэт хүний алтан амийг аврахын төлөө тэмцээд эхэлсэн. Агуу их Монголынхоо төлөө, шударга ёсны төлөө, иргэн бүрийн чанартай амьдралын төлөө бүхнээ зориулах болно. Тусгайлан тэмдэглэхэд шинжлэх ухаан, эрдэм боловсролын хүчээр л Монгол минь хөгжинө гэдгийг бүхэнд ойлгуулахын төлөө хичээж явна.


ХАВДАР ЭДГЭДЭГ. ХАВДРЫГ ХАМТДАА ЯЛСАН ТҮҮХ


-Танд талархлаа илэрхийлэх олон хүн байгаа байх?

-2020 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр бол манай гэр бүлийн хувьд маш гайхамшигтай өдөр. Дэвшиж буцахын зааг дээр дэнжигнээд элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж байсан. Би алтан гарт эмч нарын урч чадвар, агуу их шинжлэх ухааны ололт амжилтын хүчээр ард олон, амраг хань, алаг үрс, анд нөхөд, ахан дүүсийн заяа түшиж, та бүхний залбирлын хүчээр буцаж ирээд эртний сайхан ерөөлөөр хүмүүний “алтан амь”-ийг дахин олж, хорвоод хоёр дахиа төрөөд, энэхэн дэлхийдээ эргэн ирсэн өдөр.Тэгшбаяртайгаар дэвшээд буцан ирж гайхамшигтай амьдрахад минь хамтдаа оршсон та бүхэнд гүн талархсанаа илэрхийлж, үргэлж ач тусыг тань санан хариулж, хичээж, зөвийн талд алхаж явах болно. Өдөр шөнөгүй дэргэд минь бөртийтөл сахиж хүн шиг хүн болгохын тулд хичээн зүтгэж буй хань Оюукадаа баярлалаа. Ахдаа донор болж аминаас амь тасалж, элэг бүтэн амьдрал бэлэглэсэн хамгаас хайртай бурхан сэтгэлтэй өгөөмөр зулай зулайгаа гишгэж төрсөн донор дүү Н.Мөнхбүрэндээ талархан сүсэлж, залбирч амьдарч байна. Энэ сайхан өдөр “Ko­rea University Hospital Inter­national Healthcare Center”-ийн хамт олондоо дахин дахин баярлалаа. Эмчлэгч Профессор Kim Dong-sik, Проф Yoo Young-dong болон ажилдаа хариуцлагатай, чадварлаг, сэтгэлтэй Монгол хариуцсан координатрууддаа баярлалаа. Тусгайлан тэмдэглэхэд “Далай дусал нэмэр”, “Олны хүч оломгүй далай” аяныг зохион байгуулсан, уужим өгөөмөр сэтгэлээр хандив өргөсөн та бүхэндээ талархаж буйг минь хүлээн авна уу. Миний чин сэтгэлийн энэ талархал миний төлөө залбирсан бүхэнд, миний халуун зүрхний булгилах цохилт болсон та бүхэнд минь хүрээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сонгуулийн сурталчилгааг сониноор явуулбал баримттай үлдэнэ DNN.mn

Энэ хаврын чуулганаар Сонгуулийн хуулийг өөрчлөн батлах нь тодорхой болж байна. Бид Сонгуулийн хуулийн өөрчлөлтийн хүрээнд нэмэр болох санаануудыг цувралаар дэвшүүлэн гаргаж байгаа билээ. Өмнөх нийтлэлдээ Сонгуулийн сурталчилгааг гадны хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулахыг хориглоё гэж бичсэн юм. Фэйсбүүк, твиттерийн хоёр том урсгалаар манай улстөрчид сурталчилгаагаа хийдэг, жил гаруйн дотор нэг хүн 100-гаад сая төгрөгийн сурталчилгаа цацуулсан талаар бичээд дотоодын улстөрийн үйл явдал, сурталчилгааг дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулж байя гэсэн үзэл санааг гаргасан юм.

Мэдээж, улстөрийн сонгуулийн хамгийн чухал зүйл бол сурталчилгаа. Сонгуулийн хуулийг шинэчлэн боловсруулахдаа энэхүү сурталчилгааг хэрхэн яаж хийх, хаагуур яаж дамжуулан сонгогчдодоо хүргэх талаар гойд анхаарч үзэх хэрэгтэй байна. Шуудхан хэлэхэд сонгуулийн сурталчилгааг сониноор голлон хийх нь хамгийн бодит баримт болж үлдэнэ. Өдөр тутмын сонинд ярилцлагаа гаргаж, хийх ажлаа сурталчлуулна гэдэг нэр дэвшигчийн хувьд нэр төрийн баталгаа юм. Сонгогчдод ч итгэл үнэмшил төрүүлнэ. Хамгийн чухал нь өдөр тутмын сониноор сурталчилгаа явуулах нь нийтэд хэрэгтэй байдаг. Яагаад гэхээр тухайн өдрийн сонин бүхий л номын сан, судалгааны байгууллагуудад архивлагдан хадгалагддаг. Сонины өөрийнх нь архивт цахим болон цаасан хэлбэрээр үлддэг. Нэг үгээр хэлэхэд сонинд сурталчилгаагаа гаргахад үрэгдэж алга болохгүй. Хувь хүмүүс ч өнөө сонины хуудсыг аваад ном завсар хийгээд хадгалчихна. Овор хэмжээ бага гэсэн үг. Дөрвөн жилийн дараа сонгогчид өнөө сонинг сугалж гаргаж ирээд л сонгосон гишүүнээсээ, намаас нь амлалтыг нь асууж болно. “Та ингэж ярьсан байна. Энэ биелсэн үү” хэмээн ам асуухад сонин үнэхээр бодит баримттай юм. Тухайлахад “За танай нам дөрвөн жилийн өмнө татвар нэмэхгүй гэж мөрийн хөтөлбөртөө оруулж байж. Мөрийн хөтөлбөрийн хамгийн гол заалт татвар өөрчлөхгүй гээд нэр дэвшсэн гишүүн Та үүнийг тайлбарлан ярьжээ. Гэтэл дөрвөн жилийн дараа буюу өнөөдөр татвар ингэж ингэж нэмэгдлээ. Үл хөдлөхийн татвар өслөө, бүр хотын төв рүү ороход татвар төлөх шинжтэй болж байна. Худлаа гэвэл энэ сонингоо хар” гээд баавартай асуугаад сууж байх нь. Цахимаас бол та юм хайгаад амар олдохгүй, тв нэвтрүүлэг үзье гэхэд тэгж санасны зоргоор гарын дор байж байдаг зүйл биш. Өдөр тутмын сонин бол өвгөртөл чинь хамт байж, нэр дэвшигчдийн амлалтыг сануулан сануулан дэрэн доор чинь байж байдаг.

Сонгуульд нэр дэвшигчид цахимд сурталчилгаа түлхүү гаргах хандлагатай байдаг. Сонгогчид хоёр жилийн дараа цахимд өнөө ярьсан хэлсэн зүйлийг нь хайхад зэрэглээ төдий л харагдана. Гурван жилийн дараа гэхэд бүүр харагдахаа ч болино. Судалгааны хэдэн байгууллагад л бүрэн эхээрээ хадгалагдана уу гэхээс ард түмэнд бол хүртээлгүй болдог. Цахим хувилбарт засвар хийдэг, устгадаг гээд яаж л бол яаж өөрчлөх боломж байдаг. Харин сонин бол өөрчилж ч болдоггүй, устгаж ч дийлэхгүй, яг ярьсан хэлснээр нь хадгалж байдаг баримт юм.

Сонгуулийн сурталчилгааны зардал маш өндөр байдаг талаар яригддаг. Аргагүй юм. Нэр дэвшигч бүр ухуулагч ажиллуулна. Түүнтэйгээ зэрэгцээд тус бүр зузаан сэтгүүл, сурталчилгааны сонин гарган хэдэн зуун мянган ширхэгээр хэвлүүлж тараана. Сайтуудаар баахан мэдээ гүйлгэнэ. Телевизээр төлбөр төлж ярина. Ингээд нэмэхээр төлбөр тооцоо нь талийхгүй яадаг юм. Ингэж байхаар гол сурталчилгаагаа нэр хүндтэй өдөр тутмын сонины хойморт залрангаа хийж, түүнээсээ илүү хэвлүүлж авах нь хавьгүй хямд зардал гардаг гэдгийг тэр бүр мэддэг болов уу.

Сонгуулийн хуулийг шинэчлэн батлахдаа сонгуулийн сурталчилгааны талаар ингэж гойд анхаармаар байгаа юм. Цахим сайтуудаар, телевиз, радиогоор сурталчилгаа явуулах нь нэр дэвшигчийн сонголтын асуудал. Явсаар ч ирсэн. Гэхдээ цахим орчин огт өөр тойргийн сонгогчид түүнийг нь үзсэн бол ямар үр дүн гарах вэ. Жишээ нь, Хан-Уулд нэр дэвшигчдийн мэдээллийг Чингэлтэйн иргэн үзээд нэмэргүйтэй адил юм. Өрсөлдөгчийнхөө цахим сурталчилгааны мэдээлэлд ийм тохируулга хийгээд сууж байдаг бүхэл бүтэн баг ажиллуулдаг хүмүүс бий. Телевизийн сурталчилгааны яриаг болохоор үзэгчид алгасах, гүйлгэх тохиргоон дээрээ тавьчихдаг гэхэд болно. Нэр дэвшигч өөрөө, түүний гэр бүл, садан төрлийнхөн, сурталчилгааны багийнхан нь л дуустал сонсох нь үнэн билээ. Харин өдөр тутмын сонин бол хэзээнээсээ л бодлого, агуулга тээж уншигчдад хүрдэг болохоор хавьгүй итгэл үнэмшилтэй байдаг юм. Сонинг эхний удаа уншихгүй байсан ч маргааш нь өөрийгөө сануулсаар ширээн дээр чинь байж л байна. Босон суун, хэвтэнгээ, хоолоо идэнгээ, бүр уйдахаараа аль нэг хуудсыг нь эргүүлсээр байгаад уншаад дуусгачихна. Зөвхөн нэр дэвшигчийн ярианаас гадна зэрэгцээд олон төрлийн бодит мэдээлэл сониноор түгдэг болохоор түүнийгээ унших гэж сонингоо хаялгүй байлгаад байдаг юм. Сонирхуулаад нэг зүйл бичихэд, цахим орчинд гарсан зүйлс дийлэнхдээ баталгаагүй байдаг болохоор хүмүүс эх сурвалж болгохоосоо эмээдэг. Цахимаас эш татаад ярьсан зүйлс буруудаад ирэхээр цахим нь дороо устгачихдаг. Түүнээс эшилж ярьсан хүн нь худалч болж үлдэнэ. Ярьж байгаа зүйлээ нягталж шалгадаггүй нимгэн мэдлэгтэй, хямдхан харагддаг. Тиймээс олны дагадаг имплюсерүүд, мэргэн цэцэн зүйл бичдэг эрхэмүүд өдөр тутмын сонин эргүүлж бичих санаагаа олж авдаг юм. Сайтууд, телевизүүдийн гол эх сурвалж ч сонин байдаг. Гэхдээ юу гээд л тэд үүнийгээ зарлаад байхав. За энэ ч яахав.Сонгуулийн хуульд сурталчилгааг анхаарах талаар манай сонин ингэж цувралаар бичээд байгаа нь нэр дэвшигч болон сонгогчдын хоёулангийнх нь тусын тулд юм. Өнгөц харвал өдөр тутмын сонинг онцолж байгаа мэт боловч үзэл санаа, бодлого, агуулга тээж явдаг тогтмол хэвлэлийн үнэ цэнэ, нийгэмд үзүүлдэг нөлөөллийг нь л харуулах гээд байгаа хэрэг. Өдөр тутмын сонин дээр гарсан нийтлэл, ярилцлага өнөөдөр ч, маргааш ч бүр жил, сарын дараа ч уншигдсаар байдаг. Түүнээс салаалсан яриа, эшлэл, жишээнүүд яригдсаар, бичигдсээр нэг, хоёр бүр гурван жилийн дараа төрийн бодлогод тусгагдчихсан явдаг. Үзэл санааг ингэж түгээдэг билээ. Мөн цаг хугацаа нисэн өнгөрч, юм бүхэн өтөлж өвгөрч хувирлаа ч нэгэн цагт хэлж ярьсан бүхэн чинь өдөр тутмын сонин дээр түүх болон үлддэг, баримт болон мөнхөрдөг гэдгийг сануулах гэснийх.

Г.Гэндэндарам

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ИЛ ЗАХИДАЛ: Монгол Улсын Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газарт DNN.mn


Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21.1.1-д “Захиалагч тендерийн урилгыг үндэсний өдөр тутмын сонин, худалдан авах ажиллагааны цахим систем болон хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ” гэж заасан байна. Хуулийн уг заалтаар өдөр тутмын сонинууд харилцагчдынхаа тендерийн материалыг хууль журмын дагуу зарлаж мэдээлдэг.

Өдөр тутмын сонинууд www.tender.gov.mn сайтаар дамжуулж тендерт оролцохдоо зах зээлийн үнээс асар бага буюу 25 дахин хямд үнээр оролцохыг Төрийн худалдан авах ажиллагааны газраас шаардаж, үнэ тогтоож өгч байгаа нь хэвлэлүүдийг алдагдалд хүргэж, хэвлэл мэдээллийн байгууллагууд цаашид оршин тогтноход хүндрэлтэй болоод байна. 250 мянган төгрөгөөр зарлагддаг тендерийг үнэ буулгаж 10 мянган төгрөгөөр мэдээлж байгааг шалгаруулж буй нь шударга бус. Гэтэл энэ байдал улам даамжирч Монгол Улсад хэрэгждэг олон улсын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг заавал www.tender.gov.mn сайтаар дамжуулж тендерийн шалгаруулалтаа зарлан мэдээл гэж байгаа нь төр хувийн хэвшлийг, тэр дунд чөлөөт хэвлэлийг шууд боомилсон үйлдэл болж байна. Учир нь, хэрэв уг тендерүүдийн шалгаруулалтыг www.tender.gov.mn сайтаар дамжуулж авбал мөн л зах зээлийн үнээс даруй 25 дахин бууруулсан үнээр авч нийтлэхээс өөр аргагүй болно.

“Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”, Сангийн сайдын тушаал зэрэгт өдөр тутмын сонинд тендер шалгаруулалт нийтлэхэд босго үнэ тогтоосон тухай зүйл тусгагдаагүй байна. Ямар хууль, дүрэм, журмыг баримталж ийн өдөр тутмын сонинуудад тендер шалгаруулалтыг мэдээлэхэд зах зээлийн ханшаас хэт доогуур босго үнэ тогтоох болов гэдэг нь эргэлзээтэй байгаа тул хардлага төрүүлж байна.

Энэ бүгдийг харахад, төр хэвлэл мэдээллийн зар сурталчилгаанаас олдог орлогыг нь булаан дарамтлах замаар хяхан боогдуулж, зах зээлийн эрүүл зарчмаар оршин тогтнож ирсэн чөлөөт хэвлэлийг бүрмөсөн дарах гэсэн оролдлого гэж үзэхээс өөр замгүй болж байна.

Сангийн яам болон Төрийн худалдан авах ажиллагааны газар холбогдох журам, тушаалуудаа эргэн харж, өдөр тутмын сонины үйл ажиллагааг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлнэ үү хэмээн хүсч байна.



Монголын өдөр тутмын сонинуудын холбоо

2023.03.29

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Д.Баярхүү: Атомын цахилгаан станцтай болсноор гурван сая иргэний эрчим хүчний хэрэгцээг хангах нь асуудал биш DNN.mn


Атомын цахилгаан станцын талаар олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүүтэй ярилцлаа. Тэрбээр энэ талаар Орос, Францад туршлага судалсан нэгэн юм.


-Монгол Улс атомын цахилгаан станцтай болох шаардлагатай гэдгийг сүүлийн жилүүдэд ярьж, бичиж ирлээ. Олон улсын харилцааны экспертийн хувьд гадаад улс орнуудад атомын цахилгаан станц ямар үр өгөөжтэй байдаг талаар ярьж өгөхгүй юу?

-Хүн төрөлхтөн айдсаа аль хэдийнээ давчихсан. Дэлхий дахин атомын эрчим хүчийг сонирхож байна, тэр сонирхол нь ч өсч байна. Учир нь ашиг өгч байна шүү дээ. Нэг ам.доллар зарцуулаад гурван ам.доллар олох тийм технологийг бүтээчихсэн. Ерөөсөө тулхтай хөгжлийн үндэс нь атомын генерац болох юм байна гэдгийг бид бэлхнээ харж, мэдэрч байна. Дэлхийн түвшинд чөлөөтэй ярилцдаг сэдэв, даян дэлхийгээрээ атомын түншлэл явуулах дээрээ тулчихсан байна гэж л товчхон хариулах байна.

Нөгөө талаасаа геополитикийн ад биш шинэ нөхцөл байдал бид бүхнийг яалт ч үгүй атомын эрчим хүчний эрэл рүү шууд түлхэж байгаа юм. Олон улсын эрчим хүчний агентлагийн гүйцэтгэх захирал Фатих Биролын ярьсныг эшлэе л дээ.

Тэрбээр “Оросоос Украины эсрэг өдүүлсэн дайн дэлхийн эрчим хүчний үнэд шууд нөлөөлсөн.

Цэвэр эрчим хүч ашиглахад хүргэх нэг ёсны глобал хямралыг өдөөж байна. Тэглээ гээд олон улс орон эрчим хүчний өөр эх сурвалж эрэлхийлэх боллоо. Эрчим хүчний энэ хямрал түүхэнд шинэ эргэлтийг эхлүүлнэ. Орос 2022 оны хоёрдугаар сарын 04-нөөс өмнө олборлосон түлш–нефть, хий, нүүрсний дэлхийн тэргүүлэх экспортлогч байсан бол одоо хамгийн чухал гол худалдан авагч Европыг алдлаа.

Европ өмнө нь Оросын байгалийн хийн 75 хувь, нефтийн 55 хувийг худалдан авдаг байсан. Орос эдүгээ шинэ клиент олох гэж тун их зовно. Европын зах зээлийг алдсаныхаа нөхвөрийг хийж чадахгүй, цаг хугацаа их шаардана. Энэ нь эдийн засгийн хувьд ч, технологийн хувьд ч, улс төрийн хувьд ч тун хүнд байх болно. Газрын тос, хийн үйлдвэрлэл, экспорт Орост ойрын жилүүдэд унана. Үр дүнд нь Орос дэлхийн эрчим хүчинд багахан үүрэгтэй тоглогч болно. Бүр эрс багасна” гэж онцолсон байгаа юм.

-Монголд Монгол Улс атомын цахилгаан байгуулах боломж нөхцөл байна уу. Хэрэв байгуулж чадвал ямар үр өгөөжтэй байж болох вэ?

-Яг мэргэжлийн түвшинд, мөнгө санхүүгийн хувьд энэ талаар мэргэжлийн хүмүүс нь хариулах байх. Атомын цахилгаан байгуулах боломж нөхцөл бий гэж би хардаг. Нэгдсэн санаа зориг, нэгдсэн бодлого хэрэгтэй. Ураны одоо илрүүлсэн нөөцөөрөө дэлхийн топ10 улсын нэгд орох Монгол маань энэ талаар түргэхэн шиг хөдлөөсэй.

Илрүүлсэн нөөц гэдэг хязгаарлагдмал орон зайг хэлж байна. Нийт нутгаараа хайгуул хийгээд үзвэл “Топ-10”-аасаа бүр наашилна гэж боддог. Тэгэхээр атомын цахилгаан станц руу ороход түүхий эд нь бэлэн байна. Үр өгөөж талаасаа гэж яривал цөмийн технологи бол ганц эрчим хүчин дээр биш, оролцохгүй салбар бараг байхгүй болсон. Ахуй амьдрал, эрүүл мэнд, хүнс тэжээл дээр хүртэл цацраг үүсгэгч технологи их хэрэглэж байгаа. Тэр нь хямд төсөр, найдвартай, эмнэлгийн оношилгооны бүх техник тэр тал руугаа явж байна. Хоол хүнсийг хүртэл цацрагаар шарж хоргүйжүүлдэг. Портер дээр ачаад явах бага оврын цөмийн реактороор 4-5 сая хүн амын эрчим хүчний хэрэгцээг хангачихаж байна шүү дээ. Байгаль экологийг хамгаалахдаа цөмийн техник, технологийг ашиглан хүлэмжийн хий бага ялгаруулдаг эрчим хүчний эх үүсвэрүүд ашиглаж байна. Өндөр нарийвчлалтай цөмийн техникээр агаар, хөрс, усны бохирдуулагч эх үүсвэрүүдийг тодорхойлж урьдчилан сэргийлдэг.

Тун ойрын ирээдүйд далайн усыг цэнгэгжүүлээд хүн төрөлхтөн хэрэглэж барахгүй мөнхийн цэвэр устай болно, газрын тос, нефтийн бүтээгдэхүүнийг боловсруулахад ашиглана, авто тээврийн түлш болон хөдөө аж ахуйн салбарт бордоо үйлдвэрлэхэд шаардлагатай устөрөгч үйлдвэрлэнэ. Цөмийн эрчим хүч нь шинжлэх ухаан, техник технологийн хамгийн тэргүүний ололтуудыг өөртөө шингээсэн байдаг тул тухайн улс орон хөгжихөд зүтгүүр болж үйлдвэрлэлийн бусад салбарыг араасаа дагуулдаг, өндөр технологийн бусад чиглэл үүсч хөгжихөд чухал нөлөө түлхэц болдог гээд яривал барагдахгүй их аргумент бий дээ.

-Манайд уран хортой гэж үзэх хэсэг байдаг. Үнэхээр тийм хортой аюултай эд үү?

-Монголчууддаа хандан уриалъя. Уран гэхээр цөмийн зэвсэг, цөмийн дайн, Хирошиматай шууд холбон үздэг байх. Уран олборлоно гэхээр л Чернобыль, Фүкүшима нүднээ буудаг бол тэр айдсаас аль хэдийнэ салах цаг нь болсон. Мэдээж ураныг цөмийн түлш болгон үйлдвэрлэх нь маш төвөгтэй процесс. Олон шат дамжлагатай. Гэхдээ түүн рүү орохоос аргагүй. Дэлхийн хөгжлийн хурд, хурдны их сорилт эрсдэл биднийг хүлээхгүй. Миний ойлгож байгаагаар XXI зуунд францчууд энэ хэргийг аль хэдийнэ гартаа оруулаад авсан тул Францтай энэ салбарт хамтран ажиллахаас өөр зам алга. Шар нунтаг бол цөмийн түлш хийхэд бэлтгэсэн үйлдвэрлэлийн түүхий эд. Хор хөнөөл гээд байх юмгүй. Шар нунтагаас айгсдад би ингэж уриалмаар байна. Юу гэвэл “Монголд уран байна. Технологи ба үйлдвэрээ оруулаад ирвэл 3.5 сая хүний эрчим хүчний хэрэгцээг хангах нь асуудал биш” гэж хэлье.

-Нөгөө талаар цөмийн энерги, атомын цахилгаан станцын талаарх мэдлэг мэдээлэлтэй хүмүүс манайд ховор юм. Энэ нь энэ салбарыг хөгжүүлэхэд саад учруулж байж болох юм. Энэ салбарыг хөгжүүлэхэд төрөөс яаж анхаарах ёстой вэ?

-Нэгдсэн санаа зориг, нэгдсэн бодлого хэрэгтэй гэж би дээр хэлсэн дээ. Цацраг идэвхит ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулсан ганц ч алхам бид хийгээгүй. Айж цэрвэсээр яваа. Харин түүнийг нийгэм эдийн засгийн хөгжилдөө ашиглаад толгой цохиж яваа Канад, Австрали, АНУ, ОХУ, Казахстан гээд эхний байрт явж байна.

Сонирхуулахад “Арева” гэх Францын цөмийн эрчим хүчний компани 1997-1998 онд Монгол, Казахстан хоёр руу шууд зэрэг явж орсон байдаг. Гадаадын шууд хөрөнгө оруулалт шүү дээ. Манайхан “Арева”-г юу болгож тавьчихаад байгааг уншигчид мэднэ. Харин өнөөх Казахстан нь эдүгээ цөмийн эрчим хүч ба ураны дэлхийн том тоглогч болчихсон, “Топ 5” дотор яваа нь энэ. 25 жилийн дараа Монгол нь нойл, нөгөөх нь дэлхийн “Топ 5”-ын нэг болчихсон. Бид тийм дор улсууд биш шүү дээ. Тэд 25 жилийн өмнө мөн л нойл үзүүлэлттэй байсан байж таарна.Иймд бид дэлхийд 10 дугаарт ордог нөөцөө эдийн засгийн эргэлтэд нэн яаралтай оруулах ёстой. Дэлхий дахины хандлагыг ч тусгаж авах хэрэгтэй. Хүн төрөлхтний мөнхийн хэрэглээ нь эрчим хүч. Бид тийм их эрчим хүчний нөөцтэй, том тоглогч байх бүрэн бололцоотой.

-Та ч өөрөө энэ салбар хөгжсөн улс оронд зочилж энэ салбарыг судалж байсан хүн. Энд онцолж ярих сонирхолтой зүйлс бий болов уу?

-Би Францад үзэж харснаасаа хуваалцъя. Дэлхий рүү хандуулсан Францын мессэж гэж байна. “Уур амьсгалын өөрчлөлт дэлхий даяар маш ноцтой асуудал боллоо”, “Нүүрсхүчлийн хий аль болох бага ялгаруулах тийм эрчим хүчний эх үүсвэр хэрэгтэй”, “Ухаалаг цөм-атом-уран-түлш”, “Түүнийг дэлхий даяар бүтээх” явдал юм байна, товчхондоо. Хумсны толион чинээ уранаар хэдэн арван вагон нүүрс шатаасантай тэнцэх эрчим хүч зовлонгүй үйлдвэрлэх боломжтой. Тэгж ч чадаж байна. Францын төрийн бодлого нь ердөө л ураны бизнес, ялангуяа цөмийн эрчим хүчний салбарыг сайтар хөгжүүлэх дээр суурилсан юм билээ. Францад XXI зууны шинэ үеийн жижиг, дунд хэмжээний цөмийн реакторт онц ач холбогдол өгч байна. Эл шийдэл дэлхийн олон орны сонирхол татаж, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрээр Франц толгой цохиж, Францтай түншилье гэсэн гадаад орнуудын бодлого энэ салбарт төвлөрч байна.

Үүнийг Монгол руугаа татаж авчраад сэтгэе л дээ. Тиймэрхүү жижиг, дунд хэмжээний реактор өргөн уудам газар нутагтай, эрчим хүчний дэд бүтцээ орон даяар бүрэн байгуулж амжаагүй Монгол Улсад маань гуравдагч хөршийн бодитой, баттай хөрөнгө оруулалт болж орж ирээсэй гэсэн хүсэл надад төрдөг. Ураны нөөцөөрөө Монгол Улс дэлхийн эрчим хүчний салбарын хүндтэй тоглогч болж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд олон улсын түвшинд олон улсын хамтын нийгэмлэгийн хамтаар бодитой бөгөөд томхон хувь нэмэр оруулах бүрэн боломжтой гэдгийг би сэтгэл огшин бодож явдаг юм.

Уран улс орон бүрд байдаггүй ч байгаа хэдэд нь дэлхийн зах зээлийн үнэ бага байсан нөхцөлд ашиггүй тусч байсан бол одоо энэ зурвас үед нөхцөл байдал шал өөр болсон байна. Ураны зах зээл тийм том хэмжээтэй биш бөгөөд цөөн хэдхэн тоглогчтой, хаалттай зах зээл гэдгээр бид анхаарлаасаа гаргаж огт болохгүй. Иймээс энэ цаг үеийг алдах л юм бол ямар том боломжуудыг бид ашиглаж чадахгүй өнгөрөөх эрсдэлтэйгээ тооцох учиртай. Төр засаг ч нэгдсэн дуу хоолойтой хөдлөх хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна DNN.mn

Аргын тооллын 3 сарын 29, Буд гариг. Билгийн тооллын 8, хэрцгий охин одтой, улаан нохой өдөр. Өдрийн наран 6:38 цагт мандан, 19:17 цагт жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Балжинням өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө нэмэх 14 хэм дулаан DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -7…-9 градус, бусад хэсгээр -2…-4 градус хүйтэн, өдөртөө +12…+14 градус дулаан байна.

Хур тунадас: Баруун аймгуудын нутгийн баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар их төлөв цэлмэг. Нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -16…-21 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр -11…-16 градус, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -5…-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1…+4 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -3…+2 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +6…+11 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -6…-8 градус хүйтэн, өдөртөө +10…+12 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө -8…-10 градус хүйтэн, өдөртөө +9…+11 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Шударга ёс тогтоох гэж байгаа бол аль аль тал шударга байх ёстой​” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Н.Наранбаатар “Намайг хэлмэгдүүлэх нөхцөл
бүрдчихсэн байна гэх болгоомжлол төрсөн
учраас л бүрэн эрхээсээ түдгэлзэхгүйгээр
шалгуулъя гэж байгаа юм” хэмээн ярьсныг IV нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Уул уурхайн үндэсний
ассоциацийн ерөнхийлөгч
асан Н.Алагаа “Гүний уурхайн
олборлолт
450 мянган
тоннд хүрэхэд
л өнөөдрийн
Оюу толгой,
Эрдэнэтийн
олборлолтыг
нийлүүлсэнтэй
тэнцэнэ” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Шударга ёс тогтоох гэж байгаа бол
аль аль тал шударга байх ёстой” нийтлэл хэвлэгдлээ.

“Улс төр” нүүрт Сонгуулийн
ерөнхий хорооны
хэвлэлийн төлөөлөгч З.Бадмаараг “УИХ-ын ээлжит
болон ээлжит бус, нөхөн
сонгуулийг товлон зарлах эрх
Улсын их хуралд бий” хэмээн ярилаа.

Эрхзүйч Ү.Амарбат “Өрх тусгаарлаж буй хүүхдэдээ
хөрөнгө өгөхдөө бичлэг хийж баримтжуулах нь
учирч болох эрсдэлээс сэргийлнэ” гэснийг I болон III нүүрээс үргэлжлүүлж уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Төв аймагт ноолуур 130-135 мянган төгрөгийн үнэтэй байна DNN.mn

Төв аймагт 3 дугаар сарын 28-ны байдлаар ноолуур килограмм нь 130-135 мянган төгрөгийн үнэтэй байна. Аймгийн хэмжээнд жилд 500-600 тонн ноолуурыг эдийн засгийн эргэлтэд оруулдаг байна. Цаашид ноолуурын үнэ нэмэгдэж 150 мянга хүрэх магадлалтай байгаа аж.

Энэ хаврын тухайд дунджаар 500 орчим тонн ноолуур авна. Ихэнх суманд өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор борлонгийн хорогдол их гарсан нь ноолуурын хэмжээ буурахад нөлөөлж байгааг аймгийн ХХААГ-аас мэдээллээ.