Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн тээврийн Ч:63 чиглэлд өөрчлөлт орно DNN.mn

Нийтийн тээврийн үйлчилгээний Ч:63 буюу “Хан хиллс хотхон-Ривер гарден-Баян монгол хороолол-МУБИС-Ард кино театр” чиглэлийг иргэдийн санал хүсэлт, зорчигчдын ачааллын судалгаанд үндэслэн богино эргэлтээр иргэддээ үйлчлэхээр боллоо. Тухайн чиглэл нь нөгөөдөр буюу хоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн Ч:63А “Хан хиллс хотхон-Ривер гарден-МУБИС-Ард кино театр”, Ч:63Б “Дүнжингарав худалдааны төв-Баян монгол хороолол-Төв номын сан” маршрутаар иргэдэд үйлчилнэ.

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ховдод үе тэнгийнхээ гурван охинд зодуулсан 15 настай сурагч амиа алджээ DNN.mn

Ховд аймагт наймдугаар ангийн 15 настай охин бусдад зодуулж нас барсан гэх мэдээлэл бидэнд ирлээ.

Тодруулбал, Ховд аймгийн хоёрдугаар сургуулийн сурагчийг үе тэнгийнх нь гурван охин нийлж зоджээ. Улмаар зодуулсныхаа дараа эмнэлэгт очиж үзүүлсэн ч “зүгээр, гайгүй” хэмээн буцааснаас долоо хоногийн дараа амиа алдсан гэх мэдээллийг эх сурвалж бидэнд өгсөн юм.

Эх сурвалжийн хэлж буйгаар, нас барсан охиныг задлан шинжилгээгээр “тархи нь бяцарсан” гэх хариу дүгнэлт гарсан гэв.

Мөн хамгийн ноцтой нь талийгч охины гар утсанд “Энүүгээр дахиж үзэгдэх юм бол үгүй хийнэ шүү” гэх утга бүхий заналхийлсэн зурвас ирсэн байсан тухай хэлсэн юм.

Одоогийн байдлаар холбогдох албанынхан энэ асуудлаар мэдээлэл хийгээгүй байгаа аж. Мөн зурвас илгээсэн утасны дугаараар тухайн хүүхдүүдийг олж тогтоосон бөгөөд хоёр нь талийгч охины таньдаг хүүхэд байсан гэх мэдээлэл байна. Гэвч хэрэгт холбоотой хүүхдүүдийг олоогүй, бариагүй байгаа гэлээ.

Categories
мэдээ нийгэм

ХОВД: 2022 онд шинээр 222 иргэн хавдартай гэж оношлогдсон DNN.mn

“Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр” жил бүрийн хоёрдугаар сарын 4-нд тохиодог. Монгол Улсын хувьд халдварт бус өвчний нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй хорт хавдрын асуудалд онцгой анхаарч, хүн амын дунд зонхилон тохиолдож буй хорт хавдрыг эрт илрүүлэх чиглэлээр эрүүл мэндийн байгууллагууд ажиллаж буй. Судалгаанаас үзэхэд, Ховд аймгийн нэгдсэн эмнэлэг буюу Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Хавдрын кабинетээр жилд 4000 гаруй иргэн үйлчлүүлж байна. Одоогийн байдлаар хавдартай гэж оношлогдсон 703 иргэн эмчийн хяналтад орж, эмчлүүлж байгаа аж2022 онд л гэхэд хорт хавдрын өвчлөлийн 222 тохиолдол шинээр оношлогдсоноос 35 хувь нь эрт шатандаа, 65 хувь нь хожуу үедээ оношлогджээ. Мөн 2023 он гарсаар 8 иргэн ходоод, элэгний хорт хавдартай гэж оношлогдсон байна. Сүүлийн үед элэг, ходоод, улаан хоолой, уушги, нойр булчирхайн хорт хавдар зонхилон бүртгэгдэх болжээ. Хавдрын оноштой иргэдэд мэс засал, химийн эмчилгээ болон хөнгөвчлөх эмчилгээ хийж байгаа. 2022 оны байдлаар давхардсан тоогоор 200 гаруй хүн химийн эмчилгээ, 350 гаруй хүн хөнгөвчлөх эмчилгээнд хамрагджээ. Онцлоход, Ховд аймагт химийн “бай” эмчилгээг шинээр нэвтрүүлснээр иргэд заавал Улаанбаатар хотыг зорих шаардлагагүй болж, орон нутагтаа хавдрын дахилт, үсэрхийллээс сэргийлэх эмчилгээ хийлгэх, цаг хугацаа, зардал хэмнэх, амьдралын чанараа сайжруулах боломж бүрсэн байна. Мөн элгэнд үүссэн хавдрыг тэжээх судсыг химийн тариа, эмээр бөглөж, тархалтыг бууруулах зориулалт бүхий судсан доторх мэс заслыг шинээр хийж байгаа юм. 2022 онд л гэхэд элэгний хавдрыг тэжээх судсыг химийн эмээр бөглөх мэс ажилбарыг зургаан хүнд, элэг, ходоод, бүдүүн гэдэсний хавдрыг мэс заслаар авах хагалгааг долоон хүнд амжилттай хийжээ.Судалгаанд тусгаснаар Ховд аймгийн хэмжээнд 2020 онд хорт хавдрын 167 тохиолдол бүртгэгдэж 132 хүн нас барсан. 2021 онд хорт хавдрын 166 тохиолдол бүртгэгдэж 130 хүн нас барсан байна. 2022 онд хорт хавдрын 222 тохиолдол бүртгэгдэж 136 хүн нас баржээ. Гурван жилийн өмнө хорт хавдрын тохиолдлын 80 орчим хувь нь хожуу үедээ оношлогдож байсан бол өнгөрсөн жил 65 хувь болж буурсан. Энэ нь иргэд өөрийн эрүүл мэнддээ сайн анхаардаг болсон. Нөгөө талаар эрт илрүүлэх үзлэгтэй холбоотой гэж мэргэжлийн эмч нар үзэж байна. Иймээс иргэд өвдсөн үедээ эмнэлэгт хандах бус урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэх шинжилгээнд тогтмол хамрагдаж байхыг эмч нар зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зам тээврийн ослын улмаас өнгөрсөн онд нийт 76 хүүхэд амь насаа алджээ DNN.mn

Зам тээврийн ослын улмаас нас барах бага насны хүүхдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Тодруулбал,

  • 2019 онд 49 хүүхэд
  • 2020 онд 64 хүүхэд
  • 2021 онд 51 хүүхэд
  • 2022 онд 76 хүүхэд амь насаа алдсан гэх харамсалтай тоон мэдээлэл байна. Иймд эцэг эхчүүд та бүхэн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох заавар зөвлөгөөг сайтар өгөхийг анхааруулж байна.
Categories
гадаад мэдээ

Европын холбоо-Украины дээд хэмжээний уулзалт Киевт болж байна DNN.mn

Энэхүү уулзалтаар Европын Холбооны эрх баригчид “Украин хүнд хэцүү цаг үеийг туулж байгаа ч гишүүнчлэлд элсэхээр чухал хүчин чармайлт гаргаж байгааг онцлон тэмдэглэх, Европын холбоонд элсэх замаа тууштай үргэлжлүүлэхийг уриалах, Украинд тодорхой боломж олгох, дэмжлэг үзүүлэх, урамшуулах” зорилгыг агуулж байна.

Европын Холбоо-Украины дээд хэмжээний уулзалт жил бүр болдог уламжлалтай ч дайн дажны улмаас өнгөрсөн оны уулзалт хойшлогдож өнөөдөр энэхүү 24 дэх удаагийн уулзалт болж байна. Өнөөдрийн уулзалт нь Орос-Украины мөргөлдөөн эхэлснээс хойш болон Киевт Европын Холбооны нэр дэвшигчийн статус олгосноос хойш анх удаагаа болж байгаагаараа онцлог юм.

Уулзалтаар Украиныг Европын Холбоонд элсүүлэх асуудлын өнөөгийн явц, ахиц дэвшил цаашдын төлөв, Украинд үзүүлэх тусламж дэмжлэг, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн мөргөлдөөнийг шийдвэрлэх энхийн төлөвлөгөө, Украины хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна. Улмаар Украиныг Европын Холбооны нэгдсэн зах зээлд нэгтгэх, Украины экспортын бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх, еврогийн төлбөрийн нэгдсэн бүсэд хамруулах, сэргээгдэх эрчим хүчний салбарт стратегийн түншлэл байгуулах төлөвтэй байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский 2022 оны хоёрдугаар сарын 28-нд Европын Холбоонд элсэх хүсэлтээ гаргаснаар Украин мөн оны зургаадугаар сарын 23-нд Европын Холбоонд элсэх нэр дэвшигчийн статусаа авсан билээ. Украин тус статусаа авснаас хойш Европын Холбооноос тавьсан тодорхой нөхцөлийг биелүүлэх зорилгоор Хэвлэл мэдээллийн тухай хууль, Үндэсний цөөнхийн тухай хууль, Украины Үндсэн хуулийн шүүхийн тухай хууль, Авлигын эсрэг хууль тогтоомж зэргийг батлан гаргаад байна. Учир нь Европын Холбоонд нэр дэвшигч улс бүр хууль дээдлэх ёс, ардчилсан байгууллагуудын үйл ажиллагаа, Европын Холбооны хуулийг дагаж мөрдөх зэрэг “Копенгагены шалгуур”-ыг заавал мөрдөх ёстой байдаг.

Польш болон Балтын орнууд Украиныг Европын холбооны гишүүнчлэлд элсүүлэх асуудлыг яаравчлахыг шаардаж байгаа бол Франц, Герман, Испани, Нидерланд, Португал, Дани, Бельги зэрэг улс асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх бодлого баримталж байна.

Эх сурвалж: ISS.GOV.MN

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр дэлхийн “Хавдартай тэмцэх өдөр“ тохиож байна DNN.mn

Дэлхийн хавдартай тэмцэх өдөр жил бүрийн хоёрдугаар сарын 04-ний өдөр тохиодог.

Энэ өдөр дэлхий дээр хавдрын төрлийн өвчнөөр шаналж буй иргэдийн төлөө сайн санааны үйлс хийхийг уриалдаг. Учир нь жил бүр 8.2 сая хүн хавдар өвчнөөр хорвоог орхидог бол тэдгээрийн 4 сая нь 30-69 насандаа нас бардаг гэх тоо баримт бий.

Манай улс тус өдрийн хүрээнд “Чирэгдэлгүй хавдрын тусламж үйлчилгээ” хөтөлбөрийг 2022 оноос гурван жилийн хугацаатай хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ хөтөлбөр нь дэлхийн өнцөг булан бүрт хорт хавдрын тусламж үйлчилгээг авахад саад болж буй бэрхшээл, чирэгдлийг арилгахад чиглэж байгаа аж. 2023 оны зорилго нь хавдрыг даван туулж буй хүмүүс, тэдний хүрээлэл, нийгмийн бусад бүлгүүдийн дуу хоолойг нэгтгэх, эрх бүхий байгууллагуудад хавдрын асуудлыг чухалчлан авч үзэх нийтийн шаардлагыг таниулахад орших юм.

Categories
мэдээ нийгэм

Баруун аймгуудын зудын эрсдэл нэмэгджээ DNN.mn

Энэ оны хоёрдугаар сарын 1-ний байдлаар шинэчилж гаргасан (5 дахь удаагийн) зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 70 гаруй хувьд их, 20 гаруй хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байна.

Аймгийн дүнгээр үзвэл Увс, Завхан, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Архангай аймгууд нийтдээ зудын эрсдэл ихтэй гарлаа. Өмнөх зурагтай (XII/01) харьцуулахад зудын эрсдэл баруун аймгуудаар ихээхэн нэмэгдэж, хаваржилт илүү хүндрэхээр байна.

Энэ жил гандуу болон гантай байсан баруун болон говийн нутгаар бэлчээрийн ургац бага, даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу байсан. Хур бороо элбэг байсан төвийн бүс нутгаар ч зундаа сэрүүн, өдөр шөнийн температурын хэлбэлзэл их, бэлчээрийн ургамлын төрөл зүйл өөрчлөгдөж доройтсон, ургац бага, малын тоо ихтэй, цас эрт орж, хүйтэрсэн зэрэг нь зудын эрсдэлийг нэмэгдүүлсэн байна

Зудын эрсдэл ихтэй бүс нутгаар нягтарч хатуурсан зузаан цастай, хүйтэн, малын тарга хүч муу, мал борлуулах зах зээл байхгүй, өвс тэжээл үнэтэй байгаа нь зудад эмзэг байдлыг улам бүр нэмэгдүүлж, зарим суманд мал хорогдож байна.

Өнгөрсөн жил гантай болон гандуу газар нутгийн хэмжээ их байсан, эрт цас орсон, цасны зузаан нэмэгдсэн, өвлийн эхэн сард ихээхэн хүйтэрсэн зэргээс шалтгаалан зудын эрсдэлийн зургийг нийтдээ 4 удаа (X/20, X/31, XI/20, XII/01) боловсруулж гаргасан. Өөрөөр хэлбэл, зудын эрсдэлийг 10 дугаар сарын 20-оос эхлэн зураглаж, цас, хүйтний нөхцөл байдал өөрчлөгдсөн тухай бүрт зургийг шинэчилэн гаргаж, зудыг эртнээс сэрэмжлүүлж, мэдээлж байна.

Categories
мэдээ нийгэм

Булган боомтын өргөтгөлийг дэмжлээ DNN,mn

Боомтын үндэсний зөвлөл өнөөдөр хуралдаж, Булган боомтыг өргөтгөх асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдаанд Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Х.Булгантуяа болон Боомтын үндэсний зөвлөлийн гишүүд, Ховд аймгийн холбогдох албаны төлөөлөл цахимаар оролцжээ. Булган боомт нь ачаа барааны эргэлт буюу экспорт, импортыг түлхүү нэвтрүүлдэг Ховд аймгийн иргэдийн амьжиргаанд чухал нөлөөтэй олон улсын зэрэглэл бүхий томоохон боомтын нэг юм.

Өнгөрсөн онд Монгол Улсын нийт ачаа эргэлтийн 4 хувийг нэвтрүүлсэн.

Түүнчлэн тус боомт нь өнгөрсөн жил гаруй хугацаанд амралтын өдрүүдэд ажилласан бөгөөд улсын төсөвт 66 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байдаг.

Сүүлийн жилүүдэд цар тахлын нөхцөл байдлаас үүдэн зөвхөн ачаа барааны экспорт, импорт түлхүү явж ирсэн. Харин цар тахлын нөхцөл байдал сайжирснаар боомтын ачаалал нэмэгдэх төлөвтэй байна.

Учир нь бүс нутгийн олон улсын транзит тээвэр, хил дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийг дэмжих ажлын хүрээнд цаашид амралтын өдрүүдэд ажиллуулж, боомтын үйл ажиллагааг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага бий.

Иймд уг асуудалтай холбогдуулан Ховд аймгийн Булган суманд байрлах Булган боомтыг өргөтгөх асуудлыг Боомтын үндэсний зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар дэмжиж Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр болсон аж.Булган боомтын өргөтгөлийн асуудлыг өнгөрсөн оны 11 дүгээр сард БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Засаг дарга болон Женнис Хадис болон бусад холбогдох албаны төлөөлөлтэй хийсэн уулзалтаар хэлэлцснийг Засгийн газрын түвшинд шийдвэрлэхээр болж байна.

Булган боомтын хүчин чадал нэмэгдэх нь улс орон, бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр үзүүлнэ гэж Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, анхны тусламж үзүүлэх сургалт зохион байгууллаа DNN.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хамтран “Хүүхэд-Аюулгүй орчин” сэдэвт аяны хүрээнд 2023 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн ЗДТГ-ын хурлын танхимд сургалт зохион байгууллаа.

Тус дүүргийн 25 хорооны нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч зэрэг нийт 102 ажилтан сургалтанд хамрагдсан бөгөөд ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа, ГССҮТ-ийн харъяа Түлэгдлийн эмнэлгийн Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч Ч.Нарантунгалаг нар нээж үг хэллээ.

Энэ удаагийн сургалтаар:
  • НЭМҮТ-ийн ЭМДӨУСА-ны эрдэм шинжилгээний ажилтан Г.Сэлэнгэ “Осол гэмтлийн өнөөгийн байдал, урьдчилан сэргийлэлтийн талаар”,
  • ГССҮТ-ийн харъяа Түлэгдлийн эмнэлгийн Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч Ч.Нарантунгалаг “Хүүхдийг түлэгдэлтийн гэмтэл, осголт, хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх, анхны тусламжийг зөв үзүүлэх нь”,
  • ГССҮТ-ийн НЭМА-ны нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Д.Энхбаяр “Хүүхдийг ахуйн ослоос урьдчилан сэргийлье”, “Хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлэх нь”, “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг эрт шатанд нь илрүүлэх, хариу арга хэмжээ авах нь”,
  • НЭМҮТ-ийн ТШУА-ны эрдэм шинжилгээний ажилтан Г.Номуунтуул “Химийн бодисын хордлого, авах арга хэмжээ, урьдчилан сэргийлэлт” сэдвээр мэдээлэл хүргэсэн юм.

Түүнчлэн ГССҮТ-ийн НЭМА-ны нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Б.Золжаргал “Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нарт чиглэсэн сургалтын модуль багц-”ыг танилцууллаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Нийт нутгийн 70 гаруй хувьд их, 20 хувьд нь дунд зэрэг зудын эрсдэлтэй байна DNN.mn

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зургийг гаргажээ.

Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2022-2023 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон 12 дугаар сарын агаарын температур, хур тунадасны төлөв зэрэг мэдээллийг ашигласан байна. Зуншлагын байдлыг 10 хоног тутамд үнэлсэн зургаас үзвэл 6 дугаар сарын 20-ноос 8 дугаар сарын 20-ны хугацаанд нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 40 гаруй хувьд дунд зэрэг, 10 орчим хувьд муу гэсэн үнэлгээтэй байв. Өөрөөр хэлбэл, нутгийн баруун болон өмнө зүгийн бүс нутаг зуны турш гандуу, гантай байдалтай байлаа. Мөн өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 60 гаруй хувьд буюу гандуу болон гантай байсан дээрх нутгийг хамарч ихээхэн хэтэрч гарсан байна.

Цасан бүрхүүлийн мэдээгээр 1 дүгээр сарын 31-ний байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 20 см-ээс их, Увсын Давст, Завханы Баянтэс, Тэс, Улаанбаатарын Багануур, Төв аймгийн Эрдэнэд 21-23 см, Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэс, Баруунтуруун, Малчин, Хяргас, Түргэн, Зүүнговь, Ховдын Булган, Алтай, Үенч, Завханы Улиастай, Баянхайрхан, Отгон, Яруу, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Тосонцэнгэл, Нөмрөг, Өвөрхангайн Бат-Өлзий, Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Алаг-Эрдэнэ, Орхоны Жаргалант, Баян-Өндөр, Сэлэнгийн Ерөө, Хүдэр, Түшиг, Хушаат, Төвийн Баян, Мөнгөнморьт, Цээл, Угтаалцайдам, Алтанбулаг, Жаргалант, Улаанбаатарын Налайх, Хэнтийн Норовлин, Батширээт, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Жаргалтхаан, Баян-Овоо, Сүхбаатарын Асгат, Халзан, Дорнодын Булганд 11-20 см, Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим, Баян-Өлгий, Говь-Алтай, Өвөрхангайн ганц нэг сумдын нутгаар 6-10 см, бусад нутагт 1-5 см, гуу жалга, хунгарласан газартаа 15-60 см зузаан цастай байна.

Ус цаг уурын улсын сүлжээн дээр цасны ажиглалт, хэмжилтийг 4 янзаар буюу өдөр тутам (цаг уурын ажиглалтын талбайд, өглөө бүр 08 цагт), 10 хоног тутам (хээрийн цасны хэмжилт, сар бүрийн 10,20,30/31-нд), өвлийн бэлчээрийн цасны явуул судалгаа (жил бүрийн 01 дүгээр сарын дунд арав орон даяар, багийн нутгаар), цаг үеийн нэмэлт ажиглалт (цас ихтэй хүндэрсэн газарт) гэсэн хөтөлбөрийн дагуу хийж байна. Эдгээр мэдээллээс үзэхэд зарим газраар зузаан цастай, цасны өнгөн хэсэг мөстөж хатуурсан (шилэн зуд), нягт ихтэй байгаа нь мал бэлчээрлэлтэнд таагүй нөлөөлж байгаа аж.

Зудын эрсдэлийн 2023 оны 2 дугаар сарын 02-ны байдлаар шинэчилж гаргасан (5 дахь удаагийн) зургаас үзвэл нийт нутгийн 70 гаруй хувьд их (35 хувь нэн их, 41 хувь их), 20 гаруй хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байна.

Увс, Завхан, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Архангай аймгууд нийтдээ зудын эрсдэл ихтэй гарчээ. Зудын эрсдэл өмнөх зурагтай (XII/01) харьцуулахад баруун аймгуудаар ихээхэн нэмэгдэж, хаваржилт илүү хүндрэхээр байгаа аж.

Эрт цас орсон, цасны зузаан нэмэгдсэн, өвлийн эхэн сард ихээхэн хүйтэрсэн зэргээс шалтгаалан зудын эрсдэлийн зургийг нийтдээ 4 удаа (X/20, X/31, XI/20, XII/01) боловсруулжээ. Өөрөөр хэлбэл, цас, хүйтний нөхцөл байдал өөрчлөгдсөн 10 дугаар сарын 20-ноос эхлэн зураглаж, тухай бүрт зудын эрсдэлийн зургийг шинэчлэн гаргаж мэдээлж ирсэн байна.

Энэ жил гандуу болон гантай байсан баруун болон говийн нутгаар бэлчээрийн ургац бага, даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу байсан бол хур бороо элбэг байсан төвийн бүс нутгаар ч зундаа сэрүүн, өдөр шөнийн температурын хэлбэлзлэл их, бэлчээрийн ургамлын төрөл зүйл өөрчлөгдөж доройтсон төлөвт байгаа нэгжийн ургац бага, малын тоо ихтэй, цас эрт орж, хүйтэрсэн зэрэг нь зудын эрсдэлийг нэмэгдүүлсэн байна.