Categories
мэдээ нийгэм

Архангайн баг Завханыг буулган авлаа DNN.mn

Монголын үндэсний бөхийн холбооны үндэсний “Pepsi” алтан цомын төлөөх шигшээ барилдааны нэгдүгээр тойргийн дөрөв дэх барилдаанд Архангай – Завхан аймгууд учраа тааран өрсөлдсөнөөс Архангай аймгийн баг 15:10-аар ялалт байгуулав.

Архангай аймгийн багт улсын гарьд М.Бадарч /4/, улсын харцага Б.Зоригтбаатар /3/ улсын харцага О.Мөнх-Эрдэнэ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, оронд нь орж барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва /2/, аймгийн хурц арслан С.Сүхбат /2/, аймгийн арслан Э.Мөнхжаргал /4/, нийт 15 даваа авсан бол Завхан аймгийн багт улсын заан М.Лхагвагэрэл /3/, улсын харцага Л.Лха-Очир /3/, улсын харцага Ш.Пүрэвгарьд /4/ улсын начин Б.Чимэдвандан /0/, улсын начин Т.Дүгэрдорж /0/, нийт 10 даваа авсан юм.

Улсын начин Т.Дүгэрдорж, аймгийн хурц арслан С.Сүхбат нарын гуравдугаар тойргийн барилдаан удааширч үндсэн цаг дууссан тул үндэсний бөхийн барилдааны дүрмийн дагуу Цэцүүд хэлэлцээд аймгийн арслан С.Сүхбатыг идэвхээр давсан гэж шийдвэрлэлээ.

Барилдсан бөхчүүд давааны мөнгөө авах бөгөөд ялсан баг гурван сая төгрөгийг Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал н.Энх-Амарт шууд гардуулж өгсөн бол хожигдсон баг хоёр сая төгрөгийг “Ихэр зүрхэнд амьдрал бэлэглэе” аянд хандивлах юм.

Архангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын гарьд Д.Рагчаа, улсын начин Ч.Ганзориг, Завхан аймгийн багийн дасгалжуулагчаар МУГД, улсын начин Б.Адъяахүү нар ажиллалаа.

Өнөөдөр 12:00 цагаас “Жем интернэшнл” группийн нэрэмжит “Улсын харцага цолны хүндэтгэл” Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.

Categories
мэдээ нийгэм

АНУ-ын ТНБД-ын орлогч өнөөдөр манай улсад ирнэ DNN.mn

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч /Иргэний аюулгүй байдал, ардчилал, хүний эрхийн асуудал эрхэлсэн орлогч/ Узра Зея айлчилна гэж Цагаан ордны хэвлэлээс мэдээллээ.

Тэрбээр хоёрдугаар сарын 5-8-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаад Япон улсыг зорих аж.

Узра Зея Монгол Улсад хийх айлчлал өнөөдөр эхлэх бөгөөд тэрээр ардчилал, хүний эрх, хууль сахиулах, хууль дээдлэх асуудлаар АНУ-Монголын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилгоор Засгийн газар, иргэний нийгэм, хүний эрхийн байгууллагын төлөөллүүдтэй уулзах юм байна.

Мөн АНУ-Монгол Улс хоорондын Хүүхэд хамгааллын Компакт түншлэлийн 5.5 сая ам.долларын дэмжлэгийн хүрээнд хүүхэд худалдаалах гэмт хэргийн хоригчдод дэмжлэг үзүүлэх, хүүхдэд ээлтэй орчныг ажиллуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Харцага цолны хүндэтгэлийн барилдаан өнөөдөр болно DNN.mn

Жем интернэшнл” ХХК-ийн нэрэмжит “Монгол улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх” бөхийн барилдаан маргааш буюу хоёрдугаар сарын 05-нд 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах гэж байна.

Тус барилдаан нь сар шинийн баярын өмнөх хамгийн том сорилго барилдаан гэдгээрээ онцлогтой бөгөөд Харцага цолтнууддаа хүндэтгэл үзүүлэхээр улс аймгийн алдар цолтой 256 бөх зодоглох юм.

“Монгол улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх” бөхийн барилдаанд хамгийн анх 2006 онд улсын харцага Г.Элбэг түрүүлж байв. Харин 2020 онд залуу аварга О.Хангай улсын харцага цолтой байхдаа түрүүлсэн түүхтэй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Он гарсаар 230 мянга гаруй толгой мал хорогджээ DNN.mn

Улсын хэмжээнд малчдын түвшинд өвс 1.1 сая тонн, сүрэл 15 мянган тонн, ногоон тэжээл 88 мянган тонн, үйлдвэрийн тэжээл 32.4 мянган тонн, гар тэжээл 47.9 мянган тонн, дарш 13.1 мянган тонн, хужир, шүү 92.2 мянган тонныг тус тус бэлтгэжээ. Өнөөдрийн байдлаар малчдын түвшинд бэлтгэгдсэн өвс, тэжээл 60 хувийн зарцуулалттай байна.

Аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц 2022 оны аравдугаар сарын 25-ны байдлаар 21.3 мянган тонн өвс, 8.4 мянган тонн тэжээлтэй байсан бол борлуулалтаас 27.3 мянган тонн өвс, 10.8 мянган тонн тэжээлийг нэмж татан авч өвсний 70 хувь, тэжээлийн 64 хувийг зарцуулжээ. Одоогийн байдлаар 8.1 мянган тонн өвс, 4 мянган тонн тэжээлийн нөөцтэй байна.

Малын хорогдол: Он гарсаар 233,213 толгой том малын зүй бусын хорогдол гарсан нь өмнөх 7 хоногоос 92,603 толгойгоор нэмэгдлээ. Энэ нь оны эхний 71.1 сая малын 0.3 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Архангай /33426/, Сүхбаатар /24809/, Завхан /23769/, Увс /21023/, Ховд /16229/ аймгууд байна.

Categories
мэдээ нийгэм

ӨМНӨГОВЬ: Соёлын төвүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангажээ DNN.mn

Соёл урлагийн байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор 223 ажилтан, албан хаагчдын дунд мэргэжил арга зүйн сургалтыг явууллаа.

Өмнөговь аймаг 2023 онд соёл урлагийн салбарыг мэргэжлийн хүний нөөцөөр ханганж, тэдний ур чадварыг сайжруулж, орон нутгийн уран бүтээлчдийн уран бүтээл, авьяас билгийг олон нийтэд сурталчлах ажлыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллахаар төлөвлөж “Нутгийн хишиг” хөтөлбөртөө тусгажээ.

Өнгөрсөн 2022 онд аймгийн соёлын салбарын хувьд түүхэн амжилтууд гарч шинэ уран бүтээлүүдээр урын сангаа нэмэгдүүлсэн, музейн үзмэрийг гадна, дотны олон зочид зорин ирж үзсэн, шинэ номын сангийн барилгын шав тавьж, хамгийн сүүлийн үеийн дизайн технологоор барьсан ХЖТ болон Говийн байгаль, түүхийн музейн барилгаа ашиглалтад оруулсан зэрэг онцлог үйл явдлаар дүүрэн жил байсан юм.

Мөн орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2022 онд аймгийн ХЖТ-ын тоног төхөөрөмж, Соёл урлагийн газар, Цогт-Овоо, Баяндалай, Ханхонгор зэрэг сумын Соёлын төвүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн ханган ажиллажээ.

2023 онд Хөгжимт жүжгийн театр, Ханхонгор, Баяндалай, Хүрмэн, Булган, Ноён зэрэг суманд 1 тэрбум 176 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг шийдвэрлэн ажиллаж байна.

Орон нутгийн 12 уран бүтээлчид 64 сая төгрөгийн дэмжлэг олгосон бол 5 уран бүтээлчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн мөнгөний ялгаварлалыг ҮХЦ дэнсэлнэ DNN.mn

Энэ 2023 оны улсын төсөвт нийт хүүхдийн 91 хувьд нь хүүхдийн мөнгө олгохоор 1.3 их наяд төгрөг төсөвлөсөн. Харин үлдсэн 9 хувийг нь 3 саяас дээш төгрөгийн орлоготой хэмээн хасч буй юм.

Энэхүү хасалттай холбоотойгоор өрх, гэр бүл, хүүхдийн бүртгэлийн мэдээлэлд алдаа гарсан нь нийгмийг бухимдуулсан. Бүртгэлийн завхралын улмаас олон мянган гэр бүл хүүхдийн мөнгө авч чадахгүй нь гэх ойлголтод хүрээд буй.

Тэгвэл нэр бүхий сэтгүүлч

  • Татварын нэмэгдэл
  • Хүүхдийн мөнгөний ялгаварлал
  • Хувь хүний дансны мэдээллийг шууд хардаг болсон

зэрэг нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд ҮХЦ-д гомдол гаргасан байна. Тэгвэл энэхүү гаргасан гомдол мэдээлэл тус бүр дээр маргаан үүсгэхээр болсон байна. Цаашлаад хянан хэлэлцэх хурлыг нээлттэй явуулах хүсэлтээ өгөх гэж буй аж.

Тэгэхээр эргэлзээ, тээнэгэлзэл төрүүлээд буй хүүхдийн мөнгөний асуудлыг ямартай ч ҮХЦ нэг тийш нь шийдвэрлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Олзлогдсон 200 гаруй цэргийг солилцов DNN.mn

Орос, Украин дайны хоригдлуудаа солилцож, цэргүүд эх орондоо буцаж ирсэн гэж хоёр талын албаны хүмүүс Бямба гарагт мэдэгдэв.

Украины ерөнхийлөгчийн туслах Андрей Ермак 116 Украин иргэнийг сулласан гэж “Telegram” хуудсандаа мэдэгджээ. Түүний хэлснээр суллагдсан олзны цэргүүд нь Москвагийн бүслэлтийн үеэр Мариуполийг хамгаалсан цэргүүд, мөн Херсон мужийн партизаны дайчид, зүүн Бахмут хотын төлөө үргэлжилж буй ширүүн тулалдааны үеэр олзлогдсон мэргэн буучид аж.

Оросын батлан хамгаалах яамны мэдээллээр, Арабын Нэгдсэн Эмират улсын зуучлалын дагуу 63 цэргийн албан хаагчийг солилцсон авч ирсэн бөгөөд тэдний дотор зарим “тусгай ангиллын” хоригдлуудыг багтсан гэж мэдэгдэв.

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Бямба гарагт гаргасан мэдэгдэлд эдгээр “тусгай ангилалд” олзлогдсон хүмүүсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Украины телевизээр мэдээлснээр өнөө өглөө бүс нутгийн амбан захирагч нар Оросын арми тус улсын өмнөд, хойд болон зүүн хэсгийн есөн бүс нутагт цохилт өгсний улмаас сүүлийн 24 цагийн дотор Украинд наад зах нь гурван энгийн иргэн амь үрэгджээ.

Украины зүүн нутгийн Донецк мужид Оросууд пуужингаар буудаж, хоёр хүн амиа алдаж, 14 хүн шархадлаа гэж орон нутгийн захирагч Павло Кириленко “Telegram”-д мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол-Алтай, Хангайн уулсаар цас орно DNN.mn

Ойрын өдрүүдэд уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн байна.

2023 оны 02-р сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангайн уулсаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 3-8 метр, тал, хээрийн нутгаар секундэд 9-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -24…-29, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Орхон, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -11…-16 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4…+1 градус, бусад нутгаар -7…-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. -9…-11 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -13…-15 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -12…-14 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Элчин сайд Обрущанский Борбала Анна: Унгар, Монгол хоёр орны шинжлэх ухааны харилцаа улам өргөжин хөгжиж байгаад баяртай байна DNN.mn

Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд доктор, Обрущанский Борбала Аннатай ярилцлаа.


-Унгар улсад Бат хааны тухай түүхэн киноны зураг авалт хийгдэж байгаа гэсэн. Монгол жүжигчид оролцон тоглож байгаа юм билээ. Уг киноны талаар эхлээд сонирхох гэсэн юм?

-Тийм ээ, кино зураг авалт өнгөрөгч арваннэгдүгээр сарын эхээр Будапештэд эхэлсэн. Энэ кино маань “1242 он. Барууны хаалган дээр” нэртэй, үйл явдал нь Бат хааны Унгар улс дахь байлдан дагууллын эцсийн цэг Эстергом хотод өрнөдөг. Энэ хот Унгарын эртний нийслэл байсан. Түүхийн эх сурвалжуудад дурдсанаар монголчууд хотыг эзэлсэн боловч уулын орой дээрх цайзыг эзэлж чадаагүй. Энэхүү уран сайхны кино нь түүхэн баримтад тулгуурласан уран сайхны зохиол бөгөөд Монгол хаан Унгарын хаант улсын нутаг дэвсгэрээс цэргээ гаргах шийдвэр гаргасан 72 цагийн үйл явдлын тухай юм. Киноны бэлтгэл ажилд Унгар, Монгол, Англи, Австралийн хамтарсан уран бүтээлчид гурван жилийг зарцуулж, Унгарын талаас Унгарын үндэсний кино хүрээлэн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Кинонд Рэй Стивенсон, Майкл Айронсайд, Эрик Робертс зэрэг алдартай жүжигчид тоглож байна. Бат хааны дүрд Чоймболын Болд тоглож байгаа. IV.Бела хааны дүрд Матрой Ласло тоглож байгаа. Түүнчлэн тус кинонд Монголын бусад алдартай жүжигчид, каскадёрууд тоглож байна. Яг одоо үзэсгэлэнт Силвашварод тосгонд Монгол цэргийн хуарангийн зураг авалт хийгдэж байна. Монгол жүжигчид маш сайн бэлтгэгдэн, шаргуу хөдөлмөрлөж байгаад кино найруулагч Петер Шууш сэтгэл хангалуун байгаа. Тэд Унгар жүжигчдийн адил өөрсдийн түүх болон хаад язгууртнуудынхаа талаар дэлгэцэнд зөв зохистойгоор харуулахыг хүсдэг.Унгар, англи, монгол жүжигчид хамтран ажиллаж чадаж байгаа учраас кино багийн гишүүд маш их урам зоригтой ажиллаж, кино зураг авалт амжилттай явагдаж байна.

Унгарууд болон монголчуудын талаар эерэгээр харуулсан олон улсын хэмжээний уран бүтээл болно гэж кино бүтээгчид найдаж байна. Кино зураг авалт 2023 оны нэгдүгээр сарыг дуустал Унгарт хийгдэх бөгөөд дараа нь Унгарын студидэд боловсруулалт хийгдэнэ. Урьдчилсан байдлаар кино ирэх арваннэгдүгээр сар гэхэд бэлэн болно. Кино бүтээгчид киногоо Будапешт, Лондон зэрэг хэд хэдэн дэлхийн томоохон хотууд болон улсуудад толилуулахаар төлөвлөж байна. Мөн Улаанбаатар хотод киноны нээлт болох бөгөөд тус киног Монголын кино театруудаар үзэгчдийн хүртээл болгоно.

-1241-1242 оны монголчуудын Европ дахь аян дайныг унгарууд хэрхэн хүлээж авдаг вэ?

-Манайд Бат хааны байлдан дагууллыг татарын байлдаан буюу татарын явдал гэж нэрлэдэг. Энэхүү түүхэн үеийн талаарх анхны томоохон ойлголтыг Унгарын Зичи Ладомер гэдэг судлаач түүхэн баримтуудыг судалсны үндсэн дээр 1930 онд хэвлүүлсэн номондоо, Унгарууд монголчуудыг олон газар (голчлон уулын цайз, цайзуудад) амжилттай эсэргүүцсэн хэмээн тэмдэглээд Өгэдэй хаан нас барсан учраас Монголчууд Унгараас гарсан гэсэн ойлголтыг үгүйсгэсэн. Би өөрөө энэ талаар чухал мэдээлэл олж уншсан. Их хааны нас барсан тухай мэдээ Бат хаанд хүрээгүй хэмээн тухайн үеийн Персийн түүхч Рашид-ад-дин бичсэн байдаг. Сүүлийн арваад жилийн хугацаанд Унгарын зарим түүхчид 1241-1242 оны үйл явдлуудыг дахин судалж үнэлсэн. Тухайн үеийн археологийн дурсгалт газрууд олноор шинээр олдсон.

Бат хаан ч Унгарын цэргээс болгоомжилж, Унгарын IV Бела хаантай дипломат хэлэлцээр хийхийг оролдсон нь тухайн үеийн тэмдэглэлээс тодорхой харагддаг.Сонирхолтой нь тэрээр 30 гаруй захидал илгээсэн бөгөөд үүний нэг нь бидний мэдэх захидал юм. Энэхүү захианд кумануудыг буцааж өгөхийг Унгарын хаанаас шаардсан байдаг.Мөн Унгарт довтлохоосоо өмнө тэрээр цэргийнхээ тоог нэмэгдүүлсэн байдаг.Весприми Ласло болон Унгарын олон түүхчдийн үзэж байгаагаар 1241 оны 4 дүгээр сард Унгарын цэрэг бүр мөсөн устаагүй бөгөөд цэргийн багахан хэсэг нь устсан. IV-р Бела хаан амжилттай зугтаж улсаа удирдсаар байсан.

Унгарын цэрэг ихэвчлэн цайзуудаар хамгаалагдан олон газар татаруудтай амжилттай тулалдаж байсан. Монголчууд 8 сарын турш Дунай мөрнийг гаталж чадаагүй нь унгарчуудын амжилттай эсэргүүцлийн баталгаа юм.

Хааны шилтгээнүүд болон олон цайзууд хүчтэй эсэргүүцэл үзүүлж байсан тул Бат хаан урт хугацааны дайныг үргэлжлүүлэхийг хүсээгүй тул буцахаар шийдвэр гаргасан бололтой. Гэсэн хэдий ч монголчуудын довтолгоон Унгарын хаант улсад аюул занал учруулсан хэвээр байсан тул Бела хаан дипломат арга замаар зохицуулж, “Татарууд” дахин тус улсад довтлохоос сэргийлсэн. Тус улсын томоохон их сургуулиудын нэг болох Еөтвөш Лорандын Шинжлэх Ухааны Их Сургууль дээр уг сэдвийг судлах судалгааны ажлын хэсэг байгуулагдаж, өнгөрсөн наймдугаар сард Унгарын судалгааны хүрээлэнгээс зохион байгуулсан олон улсын томоохон хуралд хамгийн сүүлийн үеийн үр дүнг танилцуулсан.

-Унгар, Монголын хоёр талын харилцаа сүүлийн хоёр жилд нэлээд хөгжсөн. Унгар, Монголын соёлын харилцааны голлох ямар төслүүд байна вэ?

-Хоёр талын харилцааны үндэс нь соёлын харилцаанаас улбаатай гэдэгт би итгэдэг. Энэ нь бид бие биенийхээ соёлыг таньж, хүлээн зөвшөөрч, хүндэтгэх тухай юм. Ази тивийн олон улс орон тэр дундаа Монгол улс Унгаруудыг гарал үүсэл нэгтэй ард түмэн гэж үзэн, халуун дулаан сэтгэлээр онцгойлон хүлээж авдаг.

Элчин сайдын хувьд, хоёр улсын хоорондох соёлын харилцаан дээр тулгуурласан боловсрол, шинжлэх ухаан, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээж, бэхжүүлж хөгжүүлэх нь миний үүрэг юм. Өнгөрсөн жилүүдийн хоёр орны хоорондох эдийн засаг худалдааны амжилтууд нь соёлын харилцааны үр дүн юм.

Би хэдэн жишээ дурдмаар байна. 60 жилийн түүхтэй Унгар, Монголын хамтарсан археологийн экспедицийг 2021 оноос сэргээж, Хүннүгийн булшинд малтлага хийж, булшнаас олдсон яснаас генетикийн дээж авсан. Бидний зүгээс Үндэсний телевизүүдийн хамтын ажиллагааг бий болгох мөн соёлын байгууллагууд тэр дундаа киноны салбарын хамтын ажиллагааг дэмжих чиглэлд анхаарал тавин ажиллаж байна. Өнгөрсөн оны тавдугаар сард Улаанбаатар хотноо “Унгарын өдрүүд”-ийг анх удаа зохион байгуулсан нь маш үр дүнтэй арга хэмжээ болсон. Хоёр өдөр үргэлжилсэн уг ёслолын үеэр унгар ардын хөгжим, бүжгийг танилцуулан Оскарын шагналт уран сайхны киног театрт гаргаж, унгар хоол, хүнсний дээжээс амталгааг явуулсан. Унгарын Шинжлэх ухааны өдрийг бид хоёр дахь жилдээ Улаанбаатар хотноо зохион байгуулж, хоёр орны судлаачид ололт амжилтаа тайлагнаж, тавигдсан илтгэлүүдийг нэгтгэж, товхимол болгон хэвлүүлж байна. Үндэсний төв номын санд Унгарын яруу найрагч Петөфи Шандорын хүндэтгэлийн самбарын нээлтийг хийж, энэ үеэр Унгар улсаас хандивласан номыг гардуулан өгсөн. Өнгөрөгч аравдугаар сараас МУИС-д унгар хэлний хичээлийг эхлүүлсэн. Мөн бид саяхан, 1235-1236 онд Ижил мөрөнд аялахдаа монголчуудын тухай олж мэдэн Европт анх удаа тэмдэглэл бичиж үлдээсэн Юлианус хэмээх Унгар ламын тэмдэглэлийг монгол хэлнээ орчуулан хэвлүүлж олны хүртээл болголоо. Энэ тэмдэглэл бол Италийн лам Плано Карпинигийн тэмдэглэлээс найман жилийн өмнө бичигдсэн тэмдэглэл юм. Энд ташрамд, Унгар, Монгол, Австрали, Англи дөрвөн улсын хамтран бүтээж буй “1242 он. Барууны хаалган дээр” түүхэн уран сайхны кинонд Монгол талаас хөрөнгө оруулан хамтран ажиллаж буй “Mongol SAT net­works” ХХК-ний удирдлага, хамт олонд талархлаа илэрхийлье.

-Унгарууд өөрсдийгөө хүннүчүүдээс гаралтай гэж үздэг. Азийн хүннү нартай ямар холбоотой байж болох вэ?

-Өнөөдөр судлаачдын дийлэнх нь Европын Хүннү нарын өвөг дээдсийг Төв азиас гаралтай гэж хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ нь археологи, угсаатны зүй, филологи болон сүүлийн үеийн археологийн олдвор баримтуудаар батлагдаж байна. ХХ зууны үеийн археологийн малтлагын олдворуудаар Хүннү нарын Азиас Европ руу нүүдэллэсэн замыг тодорхойлсон. XVIII зууны дунд үед Францын номлогч Жозеф ДеГиньс Хятадын сурвалжид бичигдсэн Хүннү нарын тухай хэсгийг орчуулан нийтлүүлсэн нь Европын Хүннү нарын судалгаанд ихээхэн түлхэц болсон. Гэсэн хэдий ч Европын ихэнх судлаачид Европт зэрлэг гэж тооцогддог ард түмэн ийм урт түүхтэй гэдэгт эргэлзэж, Азийн Хүннү нарыг Европын Хүннүтэй адилтгахыг эрс эсэргүүцэж байсан. Тэд Унгарын түүхэн судар руу довтолж эхэлсэн нь Хүннү нарыг үзэн ядах явдалтай холбоотой. Хүннүгийн судалгааны эргэлтийн үе бол 1924 он бөгөөд тухайн жил Петр Козлов Монгол орны умард хэсэгт малтлага хийж, Ноён уулын орчмоос Хүннүгийн хаадын булш олсон юм. Үүгээр Хүннү нар бодитоор оршин тогтнож, материаллаг соёлын хувьд өндөр хөгжилтэй байсныг баталсан.

Дорнын нүүдэлчдийн судалгаатай эн зэрэгцэн өмнө нь гот, герман гэж тодорхойлогдсон олдворуудын нилээд хэсэг нь тал нутгийн (сармат, алан, хүннү) нүүдэлчдийн олдворууд болох нь тодорхой болсон.

Олон зуун жилийн нүүдлийн явцад эдлэл хэрэглэл болон соёлын хувьд ихээхэн өөрчлөгдсөн ч Ази, Европын Хүннү нарын дунд байдаг хэрэглээ, зан үйл, заншлын (жишээ нь, морьтой нь хамт оршуулдаг зан үйл) талаар судлах боломжтой хэвээр байна. Эдгээр олдворууд дээр үндэслэн бид зөвхөн Ази, Европын Хүннү гэлтгүй Азийн Хүннү, Арпадын Унгаруудын хооронд ижил төстэй зүйлсийг олж харж болно. Мөн угсаатны зүйн шинжлэх ухааны судалгаагаар Азийн Хүннү, Европын Хүннү, Монгол, Түрэг, Унгар үндэстний хооронд ижил төстэй олон зүйлийг олж илрүүлсэн.

Дундад зууны үеийн Унгарын түүх судруудад тэмдэглэгдсэн түүхүүд бодитой болох нь археологийн олдворууд болон угсаатны зүй, археогенетикийн судалгаагаар ч өнөөдөр батлагдаж байна.

Хүннү болон Арпадын Унгаруудын тухай эртний домог, баатарлаг туульсуудад илэрхийлэгдэж ирсэн нь дундад болон төв азийн ард түмний дунд өнөөдөр хүртэл оршсоор байна. Монголын Жангар тууль нь МЭӨ III зууны төгсгөлд хаан ширээнд суусан Азийн хүннүгийн хаан Модун Шаньюгийн тухай гэж үздэг. Харамсалтай нь, Унгарын хэл, утга зохиолын шинжлэх ухааны салбарын холбогдох төлөөлөгчид сүүлийн 70 жилийн хугацаанд бий болсон олон улсын эрдэм шинжилгээний үр дүнд хангалттай анхаарал хандуулаагүй, эсхүл анхааралдаа авахыг ч хүссэнгүй.

2020-иод он хүртэл Унгарын шинжлэх ухаанд дорно дахины судалгаа хязгаарлагдмал хүрээнд байсан. Унгарын Засгийн газрын дорно дахиныг нээх бодлогын үр дүнд сүүлийн арван жилд Азийн орнууд, тэр дундаа Монгол Улсыг сонирхох сонирхол нэмэгдэж, Унгарын судлаачид олноороо дорнын нүүдэлчин гаралтай ард түмнүүдийг сонирхох болсон. Унгарын Эрдэм шинжилгээний хүрээлэн хэмээх нэр хүндтэй шинжлэх ухааны байгууллага Монголыг илүүтэйгээр сонирхож, хоёр талын шинжлэх ухааны харилцаа улам өргөжин хөгжиж байгаад маш их баяртай байна. Археогенетикийн судалгаагаар эртний Ази, Европын Хүннү нарын ураг төрлийн холбоог улам тодорхой болгосноор Хүннү нарын гарал үүсэл болон тэдний үр удам хаана амьдарч байгааг олон улсын шинжлэх ухааны түвшинд батлагдана гэдэгт итгэлтэй байна. Унгарын анхны хаант улс болох Турул хаант улс буюу Арпад гэгддэг улс Хүннүгийн хаан Аттилатай ямар жимээр холбогдож байгаа тухай маш онцгой сэтгэл хөдөлгөсөн судалгаа юм.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ш.Оюунбаатар: Хакухо аваргын рекордыг эвдэх хүн ойрын 10 жилд гарахгүй DNN.mn

Хөдөлмөрийн баатар, мэргэжлийн сумогийн их аварга Хакухо Мөнхбатын Даваажаргалын зодог тайлах ёслолын ажиллагаа өнгөрсөн бямба гаригт Японд болов. Үйл ажиллагааны талаар, сумо бөхийн тайлбарлагч, Zogii.mn сайтын эрхлэгч Ш.Оюунбаатартай ярилцлаа.


-Өнгөрсөн амралтын өдөр мэргэжлийн сумогийн их аварга М.Даваажаргалын зодог тайлах ёслол боллоо. Энэ ёслолын ажиллагаанд та оролцсон. Хүндэтгэлийн арга хэмжээ ямар болов. Танд ямар сэтгэгдэл үлдэв?

-Өргөн цар хүрээг хамарсан сайхан арга хэмжээ боллоо. Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүгд цуглаж. Оролцож байгаа эрхмүүдийг харахад энэ цагийг эзэлсэн их аваргын зодог тайлах ёслол олон улсын анхаарлын төвд байгаа нь анзаарагдлаа. Монгол Улсаас 400 гаруй зочид зодог тайлах арга хэмжээнд оролцсон. Аваргын зодог тайлах үйл ажиллагааны үеэр Монгол Улсын төрийн дууллыг гавьяат жүжигчин Г.Ариунбаатар сумогийн ордонд эгшиглүүлсэн нь онцгой сэтгэгдэл төрүүллээ. Ордонд цугласан олон босож хүндэтгэл үзүүлж байгаа нь үнэхээр бахархмаар. Түүнчлэн аваргын охины хэлсэн үгс, сүүлийн барилдаанаа хүүтэйгээ хийгээд буусан мөч гэх мэтчилэн сэтгэл хөдөлгөсөн явдлуудаар дүүрэн үйл ажиллагаа болсон. Аваргын охин нь “Аавынхаа үсэнд хүрч болдоггүй байлаа. Одоо аав минь үсээ авахуулж байна. Толгойг нь илж эрхлүүлж болох нь” гэж хэлсэн нь ордонд цугласан олонд онцгой сэтгэгдэл төрүүлсэн.

-Энэ үйл ажиллагаанд Монгол, Японы талаас өндөр ач холбогдол өгч байна. Ерөнхий сайдын нэрэмжит цомыг М.Даваажаргал аваргад үүрд хадгалуулахаар дурсгаж байна лээ.

-Японы талаас ч, Монголын талаас ч өндөр ач холбогдол өгч байна лээ. Мэргэжлийн сумогийн түүхэнд дээд амжилт тогтоосон гэдэг утгаараа ийн хүндэтгэх нь зүйн хэрэг болов уу. Энэ үйл ажиллагаа олон улсын анхаарлын төвд байснаас харвал Мөнхбатын Даваажаргал гэдэг хүн олон улсад тод од гэдэг нь харагдлаа. Аваргын үсэнд хүндтэй хүмүүс хүрсэн. Яг энэ ажиллагаанд нь 280 орчим хүн оролцож байна лээ. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Б.Бат-Эрдэнэ сайд оролцож Ерөнхий сайдын нэрэмжит цомыг М.Даваажаргал аваргад үүрд хадгалуулахаар батламжийн хамт гардуулсан. УИХ-ын дарга, Ерөнхий сайд асан М.Энхболд, Сү.Батболд, Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров, Э.Бадар-Ууган нарын алдартай хүмүүс хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож байна. Ерөнхий сайдын нэрэмжит цомыг анх М.Энхболд санаачилж гаргаж байсан юм билээ. Нутгийн дүүдээ зодог тайлах ёслолынх нь үеэр гардуулсан нь сайхан сэтгэгдэл төрүүллээ. Цаашид өөр цом санаачилж түрүү бөхчүүдэд гардуулаад явах байх. Миний тухайд өмнө нь хоёр ч удаагийн зодог тайлах ёслолын ажиллагаанд оролцож байсан. Сумогийн ордон хөл гишгэх зайгүй дүүрч байхыг би хараагүй. Энэ удаагийн үйл ажиллагаанд олон хүндтэй эрхмүүд цугласнаараа онцлог байлаа. Түүнтэй нэг цаг үед барилдаж явсан манайхны танил бөхчүүд бүгд оролцсон.

-Та олон жилийн турш М.Даваажаргал аваргын барилдааныг тайлбарлаж монголчуудад хүргэсэн. Их аваргын зодог тайлах ёслолд оролцож байхад онцгой сэтгэгдэл төрсөн байх. Аваргыг анх гарч ирж байхад нь л та тайлбарлаж байсан шүү дээ.

-Олон мянган жилийн түүхтэй энэ спортод үнэмлэхүй амжилт тогтоож, бүх рекордыг нь тогтоосон аваргаар бахархаж, омогшиж суулаа. 33 дахиа түрүүлж дээд амжилт тогтоосон өдөр нь аваргатай анх уулзаж өөрийн биеэр баяр хүргэж байлаа. 45 дахиа түрүүлээд зодог тайлж байна. Их бахархлаа. Аваргын барилдааныг олон жил тайлбарласан. Тайлбарлагч хүн бөхчүүдийн хэн нэгнийх нь талд орох нь зохимжгүй байдаг. Аваргын тухайд хэлэхэд бяр чадал, мэдрэмж төгс заяасан хүн. Барилдааны үеэр алдаа гаргана гэж бараг үгүй. Дээр нь тамирчны сахилга бат, ёс зүйн хувьд маш сайн. Тийм ч болохоор хатуу ёс жаягтай спортын оргилд гарсан гэж ойлгодог. Биеэ авч яваа байдал нь ч тамирчдад үлгэр жишээ болох тийм хүн гэж хувьдаа дүгнэдэг юм. Товчхондоо ингэж л тодорхойлно.

-Хүндтэй зочдын нэг нь Харүмафүжи М.Бямбадорж аварга байлаа. Ёслолын ажиллагааны үеэр аваргын чихэнд үг хэлээд нулимс унагаж байгаа харагдсан. Аваргууд юуны талаар ярьж дохё дээр нулимс унагав?

-Яг хажууд нь байгаагүй болохоор юу хэлсэн талаар нь хэн ч мэдэхгүй л дээ. Сүүлд Японы хэвлэлээс харахад Харүмафүжи “Нэгэн үед хамт барилдаж явснаараа бахархаж байна” гэж хэлсэн байна лээ. М.Даваажаргал, Д.Бямбадорж аваргуудын тухайд мэргэжлийн сумогийн дэвжээнд нэгэн цагт бие биенээ хурцалж явсан улс. Сайн өрсөлдөгч байсан тулдаа М.Даваажаргал аварга ийм хэмжээний амжилт үзүүлсэн болов уу. Сайн өрсөлдөгч байж өөрийгөө хурцалж илүү хол явсан биз ээ.

-М.Даваажаргал аварга сүүлийн барилдаанаа хүүтэйгээ хийгээд дохёноос бууж байна лээ. Энэ үйлдлийг та яаж харав?

-Ёслолын үеэр дохёд гурван хүүхэд гарч аваргатай барилдсан. Эхнийх нь дархан аварга Г.Өсөхбаярын хүү. Энэ хүү сумогийн ахлах сургуульд сурдаг. Хоёр дахь хүүхэд нь Хакухо аваргын төрсөн эгчийнх нь хүүхэд. Улсын начин Б.Батжаргалын том хүү нь л дээ. Ингээд хамгийн сүүлд ууган хүүтэйгээ барилдсан. Энэ үйлдлээс нь хүүгээ бөх болгох сонирхолтой байгаа юм болов уу гэж харсан. Хүүдээ мартагдахааргүй дурсамж үлдээсэн үйлдэл болсон байх.

-Аварга дэвжээнээс буухдаа юу хэлж байв?

-“Миний бөхийн амьдрал төгсгөл боллоо. Дараагийн амьдралдаа хөл тавьж байна. Энэ нь багш болж шавь бэлтгэх байх болно” гэж хэлж байна лээ. Аварга цаашид Мияагино дэвжээг удирдаж авч явна. Энэ дэвжээнээс олон залуус барилдаж байна. Сая нэг хүү макүүчита зиндааны 15-аас орж ирээд шууд түрүүлж байна лээ. Энэ бол мэргэжлийн сумогийн түүхэнд шинэ рекорд тогтоосон л үзүүлэлт болсон. Мияагино дэвжээнээс олон залуус сайн барилдах байх аа.

-М.Даваажаргал аварга 45 түрүүлж дээд амжилт тогтоогоод зодог тайллаа. Энэ амжилтад ойрын онд дөхөж очих бөх байна уу. Та яаж харж байна вэ?

-Ойрын хугацаанд ямар ч боломжгүй л дээ. Дараагийн хүн нь л 33 түрүүлсэн байгаа юм. Жилд зургаан тэмцээн болдог. Ингээд тооцоход 45 түрүүг гүйцэх хүн ойрын 10 жилд гарахгүй болов уу. Өрсөлдөөн ямар ширүүн болж байгаа билээ. Энэ дархалсан амжилтад ойртож очих хүн бараг л байхгүй болов уу даа.