Categories
мэдээ нийгэм

О.Мөнхжин нарыг цагдан хорих эсэхийг өнөөдөр шийднэ DNN.mn

Зах зээлд IHC койн гаргах замаар иргэдээс 24.7 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн “Их бит” ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг өнгөрсөн лхагва гаригт баривчлан, ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж эхэлсэн. Тэднийг 48 цагийн хугацаатайгаар саатуулсан бөгөөд уг хугацаа баасан гаригт дуусч, улмаар сулласан юм.

Харин цагдан хорих эсэх шүүх хурлын шүүгч нь өөр шүүх хуралдаантай давхцаж, ажлын цаг дууссан тул тэднийг цагдан хорих эсэх шүүх хурлыг өнөөдөр хэлэлцэхээр болсон.

Сануулахад, тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-2, 18.6-1-д зааснаар буруутган шалгаж буй юм.

“IHC” койны татан төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг хэрхэн зарцуулсан талаарх өнөөдрийн манай сайтын бэлтгэсэн нийтлэлийг энд дарж унших боломжтой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь DNN.mn

Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Газраас энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг танилцууллаа.

Тухайлбал,

  • нийгмийн халамжийн тэтгэврийг энэ сарын 14-нд
  • амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг мөн 14-нд
  • эцэг эх, олон хүүхэд өрх толгойлсон эцэг эхэд олгох тэтгэмжийг энэ сарын 16-нд
  • эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг энэ сарын 14-нд олгоно.
Categories
мэдээ цаг-үе

Нутгийн 70 гаруй хувьд их, 20 хувьд нь дунд зэрэг зудын эрсдэлтэй байна DNN.mn

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зургийг гаргажээ.

Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2022-2023 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон 12 дугаар сарын агаарын температур, хур тунадасны төлөв зэрэг мэдээллийг ашигласан юм.

Цаг уурын байгууллагын шинэчилж гаргасан (5 дахь удаагийн) зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 70 гаруй хувьд их (35% нэн их, 41% их), 20 гаруй хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байна.

Аймгийн дүнгээр үзвэл Увс, Завхан, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Архангай аймгууд нийтдээ зудын эрсдэл ихтэй гарлаа. Өмнөх зурагтай харьцуулахад зудын эрсдэл баруун аймгуудаар ихээхэн нэмэгдэж, хаваржилт илүү хүндрэхээр байна.

Энэ жил гандуу болон гантай байсан баруун болон говийн нутгаар бэлчээрийн ургац бага, даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу байсан бол хур бороо элбэг байсан төвийн бүс нутгаар ч зундаа сэрүүн, өдөр шөнийн температурын хэлбэлзлэл их, бэлчээрийн ургамлын төрөл зүйл өөрчлөгдөж доройтсон төлөвт байгаа (tsag-agaar.gov.mn), нэгжийн ургац бага, малын тоо ихтэй, цас эрт орж, хүйтэрсэн зэрэг нь зудын эрсдэлийг нэмэгдүүлсэн.

Ийнхүү зудын эрсдэл ихтэй бүс нутгаар нягтарч хатуурсан зузаан цастай, хүйтэн, малын тарга хүч муу, мал борлуулах зах зээл байхгүй, өвс тэжээл үнэтэй байгаа нь зудад эмзэг байдлыг улам бүр нэмэгдүүлж, зарим суманд мал хорогдож байна.

Categories
мэдээ цаг-үе

ЭЕШ-ын цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ DNN.mn

Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат дараах мэдээллийг өглөө. Боловсрол шинжлэх ухааны сайдын 2013 оны А/79 дүгээр тушаалаар батлагдсан оюутан элсүүлэх журам болон 2022 оны “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” А/47 дугаар тушаалын дагуу ЭЕШ-ын бүртгэл 2023 оны хоёрдугаар сарын 6-ны 10.00 цагт эхлэх ба 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний 18:00 цагт дуусна.
Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл 2023 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн 18:00 цагт дуусна.
Шалгуулагч нь Боловсролын үнэлгээний төвийн eyesh.eec.mn цахим хаяг руу хандан бүртгэлээ хийх ба бүртгүүлэхдээ дараах материалыг бэлтгэсэн байна. Үүнд:
Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /иргэний үнэмлэхийн лавлагаа, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх /
Өнгөт цээж зураг /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн гурван сарын дотор авахуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
Бүх банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт
Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ.
Монгол хэлбичгийн шалгалт нь үнэ төлбөргүй бөгөөд ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тусгай сургуулийн суралцагч ЭЕШ-д хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд ирүүлнэ.
Өргөдөл
Эмчийн магадалгаа
Сургуулийн тодорхойлолт
Categories
мэдээ цаг-үе

Хөгжлийн банкны хоёр дахь сонсгол болж байна DNN.mn

УИХ-аас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсголыг энэ сарын 6-8-нд Төрийн ордны Их Эзэн Чингис хаан танхимд зохион байгуулна.

Сонсголын эхний өдөр Монгол Улсын Хөгжлийн банкны хянан шалгах эрх бүхий байгууллагуудын шалгалтын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүн, Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-иас олгосон зээлүүдийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд үүнтэй холбогдуулан 59 гэрчийг дуудуулжээ.

Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол нь “Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын дүгнэлт, зөвлөмж өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн байдал, холбогдох гэрчээс мэдүүлэг авах” сэдвийн хүрээнд гурван өдөр үргэлжилнэ.

Түр хорооны дарга УИХ-ын Б.Энхбаяр энэхүү сонсголын талаар хэлэхдээ “Нэгдүгээрт, Хөгжлийн банкинд хяналт шалгалт хийгдэж байсан байдлыг хэлэлцэнэ. Үүнтэй холбоотой 21 хүнийг гэрчээр дуудна.

Хоёрдугаарт, Хөгжлийн банкны охин компани болох DBM лизинг компаниас санхүүжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, эргэн төлөлттэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ. Үүнтэй холбоотой 35 гэрч дуудагдана.

Гуравдугаарт, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн, төсөвт суусан Засгийн газрын төсөл, хөтөлбөрийн багц гэсэн асуудлыг хэлэлцэнэ. Энэ бол зээл биш. 2012-2016 онд Хөгжлийн банкнаас улсын төсөвт суулгаж эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлсэн 350 орчим төсөл арга хэмжээний үр дүнг сонсоно. Үүнээс тодруулах шаардлагатай 43 гэрчийг дуудна. Тухайлбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд асан Х.Баттулга, Зам, тээврийн сайд асан А.Гансүх, Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэн, “Түмэн хишигтэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Баттулгын Хүлэгт, Намуун, Номин нар сонсголд гэрчээр дуудагдана” гэсэн юм.

Хөгжлийн банкны хоёр дахь сонсгол өнөөдөр эхэлнэ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Батжаргал: экспортын орлогоо богино хугацаанд нэмэгдүүлэх чиглэлд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй DNN.mn

Санхүүч Г.Батжаргалтай ярилцлаа.

-Эдийн засаг улам л хүнд болоод байгааг хаа хаанаа мэдэрч байна. Монголд мөнгө орж ирэх ямар боломжууд байна вэ?

-Аливааг хугацааны хувьд богино, дунд, урт гэж харах шаардлагатай. Манайхан урт хугацаандаа харж, төлөвлөж, бодлогоо гаргаж чаддаггүй. Дандаа гал унтраах байдалтай асуудлыг шийддэг. Ингээд зогсохгүй гаргасан шийдвэрээсээ эргэж буцах нь энгийн үзэгдэл. Өнөөдөр мөнгө олж байгаа ганц салбар нь уул уурхай гэдгийг бүгд мэднэ. Уул уурхайд түшиглэсэн бүтээгдэхүүнүүдээсээ л доллар олох шаардлага бий. Тэгэхээр удирдлага, зохион байгуулалт, менежментдээ анхаарч дотоодоос хамаарч буй бүх хүчин зүйлийг гадны жишигт аваачих ёстой л доо. Сая нүүрсний хулгайтай холбоотойгоор Засгийн газраас БЭТ гээд баахан хүмүүс томилогдлоо. Үүнд найдаж л байна. Ер нь бид маш их хугацаа алдсан даа. Төмөр зам, ачаа тээвэр гээд эдийн засагт алдагдсан боломжуудыг тооцвол асар их. Одоо хариуцлага алдсан хүмүүст нь арга хэмжээ авахдаа удаан зууралдаад байх хэрэггүй. Доторх хэрүүлээ багасгаад урагшаа хармаар байна. Цаг хугацаа биднийг хүлээхгүй шүү дээ. Тиймээс менежментийн тогтолцоог яаж ашигтайгаар хийвэл илүү их нүүрс зарж, валют оруулж ирэх тал дээр анхаарах хэрэгтэй. Энэ бол богино хугацааны асуудал. Удахгүй Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт ашиглалтад орох гэж байна. Гадна, дотны хүчин зүйлд нөлөө багатайхан шиг үйл ажиллагааг нь саадгүй явуулчихмаар байгаа юм.

-Манай экспортын орлогод яаж нөлөөлөх вэ?

-Оюутолгойн далд уурхайн оргил үе нь 2028 он. Тэр үед бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлнэ. Шат дараалласан байдлаар явах болохоор одоохондоо экспортын орлогод тийм ч айхавтар нөлөөлөхгүй. Тэглээ гээд бид гараа хумхиад сууж болохгүй. Оргил үед нь тээвэр ложистик, худалдан авалтын дэд бүтцээ бэлдсэн байх ёстой. Дээрээс нь Оюутолгойд эрчим хүчний асуудал бий. Урд хөрш рүү зэсээ гаргачихаад зөрүүлээд эрчим хүч худалдаж аваад байна. Орж ирсэн долларынхаа тодорхой хувь буюу жилд бараг 200-гаад сая ам.доллар эрчим хүчинд өгчихөөд байгаа юм. Үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэх юм бол эрчим хүчний хэрэглээ нь ч дагаад өснө. Тэр үед илүү хэмжээний валют гарна. Эрчим хүчний асуудлыг зайлшгүй шийдэх асуудал байгаа. Уул уурхайгаас олсон орлогоороо эргүүлээд эдийн засгийг солонгоруулах бусад үйлдвэр, аж ахуйн нэгжийг нэмэгдүүлэх гэхээр эрчим хүчний асуудалд орчихоод байгаа юм. Бид дэд бүтэц байхгүй хэрнээ дахиж эдийн засгийг солонгоруулах хүнд, хөнгөн үйлдвэрүүдийг хөгжүүлэхэд хүндрэлтэй байна л даа. Дунд хугацаандаа бид эдийн засгаа солонгоруулъя гэвэл эрчим хүчний бие даасан байдлыг шийдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол дараагийн сонгууль болно. Дахиад л нүүрсний хэрүүл маргаан үүсч бахь байдгаараа л явах дүр зураг ажиглагдаад байгаа. Уул уурхай бол богино хугацаатай. Тэндээс олсон орлогыг халамжид биш, аль болох дэлхийтэй өрсөлдөхүйц бүтээгдэхүүн гаргахад зарцуулмаар байна. Энэ тал дээр эрдэмтэн судлаачдын гаргасан хэд хэдэн бүтээгдэхүүн бий. Түүнд нь зоригтой хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Жишээлбэл, Хятад Монголын ноолууран бүтээгдэхүүний харьцаа ойролцоо байгаа. Хэрэв бид ноолуураа бүрэн боловсруулаад гаргаж чадах юм бол дэлхийн ноолуурын зах зээлийн бараг 80-90 хувийг эзлэх бололцоотой. Дээрээс нь аялал жуулчлал гээд том зах зээл байна. Энэ мэтчилэн мөнгө олох салбаруудаа түшиглэн хөгжүүлэх ёстой. “2030 он гэхэд бид ийм хэмжээний долларын орлогыг эдгээр бүтээгдэхүүн үйлчилгээнээс олсон байна” гэдэг үндсэн зорилгоо тавиад түүндээ тууштай баймаар байна. Ямар ч улс төрийн хүчин гарч ирсэн бай, хөгжлийн том зорилтуудаа хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол өнгөрсөн 30 жилийн түүх чинь яг давтагдахаар харагдаад байгаа.

-Урт хугацаандаа ямар ажлуудыг төлөвлөх ёстой гэж харж байна вэ?

-Төмөр замыг яаралтай ашиглалтад оруулах шаардлагатай байна. Дандаа машинаар зөөгөөд байж болохгүй. Төмөр зам тавилаа гэдэг ч дандаа мухар байдаг. Тиймээс төмөр замаа анхаарах хэрэгтэй байна. ирээдүйд нүүрс гэдэг юм чинь хэрэглэгдэх үү гэдэг нь асуудалтай. Тэгэхээр нүүрсээ дахин боловсруулаад эрчим хүч, түлш гаргах технологи Герман, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудад нэвтэрсэн. Үүнийг судалж оруулж ирэх шаардлагатай байна.

-Төмөр зам гэснээс галт тэрэгний ачаа тээврийн үнэ буурсан гэж байна. Энэ салбараас орж ирэх мөнгөний урсгал хэрхэн нэмэгдэх вэ?

-Төмөр замын хувьд хоёр эгнээ замтай болох шаардлагатай. Манайх урдаасаа хойшоо нэг эгнээ төмөр замтай. Нэг эгнээ олон зөрлөгтэй. Тийм болохоор өөдөөс ирэх галт тэргээ өнгөрөөхийн тулд заавал хажуу тийшээ зогсч хугацаа их алддаг. Тэгэхээр төмөр замын урсгалаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Түүнд хөрөнгө оруулснаараа бид ази европын транзит тээврийг хэдэн хувь нэмэгдүүлж чадах юм. Тэр эрэлт хэрэгцээг нь тодруулахад эдийн засаг болон зах зээлийн судалгаанууд шаардлагатай болж таараад байна л даа. Ер нь нэмэгдэх боломжтой байгаа. Оросууд барууны хоригт орчихоод байгаа ч эдийн засгийн бүх үйл ажиллагаа нь Хятадтай идэвхжээд байдаг. Үүнийг бид давуу тал болгон ашиглах боломжтой. Төмөр замыг нь Монгол руугаа татах юм уу, эсвэл нэг эгнээг нь дан Монголын хөрөнгө оруулалтаар хийгээд явах юм уу гэдэг нь улс төрийн том асуудал болж таарна л даа. Манайх өөрөө далайд гарцгүй орон. Төмөр зам хамгийн хямд тээвэр болж таараад байгаа юм.

-Хоёрхон хөрштэй хиллэдэг манай орон цар тахлын үед орц, гарц хаалттай байхын зовлонг хангалттай амссан. Цаашид агаарын ачаа тээврийг хөгжүүлэх ямар боломжууд харагдаж байна вэ?

-Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотойгоор сонсгол явагдаж байхад “Изинис Эйрвэйз” компанийнхан орж ирж байсан. Зорчигч тээвэр зогсчихсон байгаа үед агаарын ачаа тээврийн онгоц оруулж ирээд тэрүүгээрээ нислэг үйлдэж, өр зээлээ төлөх менежментийг богино хугацаанд хийхэд зөвшөөрөл авах тал дээр тодорхой хугацаа ордог юм билээ. Тэгж хийгээд явахад болохгүй юм үгүй. Тээврийн зардал бол төмөр замыг бодвол үнэтэй. Зайлшгүй тохиолдолд агаарын тээврийг сонгох учраас энэ салбар цаашид хөгжих ирээдүй бий. Зөвхөн Монгол руу тээвэр хийгээд байлгүйгээр улс хооронд ачаа тээвэр зөөж, тэндээс валют олох боломжтой. Нисгэгчтэй нь нойтон түрээсийн үйлчилгээ үзүүлдэг жишиг байна. “Изинис Эйрвэйз” компани ийм арга хэмжээ авсан юм билээ. Яаж мөнгө олох маневрийг хувийн хэвшлийнхэн л харуулж чадаж байна шүү дээ. Энэ салбар яалт ч үгүй ковидод хамгийн өндөр цохилт авсан. Гэхдээ тодорхой хэмжээний дэмжлэг өгвөл энэ салбараас олон боломж харагдаад байгаа.

-Хөрөнгө оруулагчдыг татах тал дээр ямар ажлууд хийвэл үр дүнд хүрэх бол?

-Улс төрийн тогтвортой байдал гадны хөрөнгө оруулагчдыг татахад том нөлөөтэй. Гэтэл сүүлийн үед хөрөнгө оруулагчдыг татахаас илүү үргээх бодлогууд их явсан. Учир байдлыг нь олохгүй янз бүрийн байлаар лицензийг нь авах, хохироох, хувь хувьсгалгүй хулхидсан асуудлууд гарлаа. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татъя гэвэл хайгуулынхаа нөөцийг тогтоох асуудал дээр яаралтай анхаарах хэрэгтэй. Одоо ажиллаж байгаа уурхайнууд арав, хорин жилийн дараа нөөц нь тасраад эхэлнэ. Хайгуулал явуулаад олборлолт эхлэхэд нэг том уурхай дээр дунджаар 10-15 жилийн хугацаа шаарддаг. Ойрхон жишээ нь, Оюутолгой байна. Нийт баялгийн 80 хувь нь байгаа далд уурхайг одоо л ашиглаж эхлэх гэж байна шүү дээ. Манайх лиценз олгохыг зогсоомогц гадны хөрөнгө оруулагчид байхгүй болсон. Урт хугацаандаа экспортын орлого олох боломж эрдэс баялгийн хайгуулын асуудал болчихоод байгаа юм. Үүнийгээ бид эхлүүлмээр байна. Хоёрдугаарт, улс төр тогтвортой баймаар байна. Сайд дарга нар солигдмогц хариуцсан газар хэлтсийн дарга нарын ажил үүргийн хуваарь нь өөрчлөгддөг. Энэ чинь бидний том эрсдэл болоод байгааг ойлгох хэрэгтэй. Хэн ч байсан ажил нь явдаг төрийн бүтцийг бий болгох ёстой.

-Сүүлийн нэг жилд доллар эрчимтэй өслөө. Энэ онд ямар байх төлөвтэй байна вэ?

-АНУ инфляцтайгаа хатуу тэмцэнэ гэдгээ мэдэгдээд 2022 онд бодлогын хүүгээ өсгөсөн. Дэлхий нийтээрээ долларын үнэ ханш нэмэгдээд байгаа. Нөгөөтэйгүүр манайд орж ирж байгаа долларын урсгалд ковидтой холбоотойгоор нэлээд тасалдал үүссэн. Тэгсэн хэрнээ хэрэглээнд байгаад байдаг. Доллар бол бусад орны валютын суурь. Доллар өсөхөд бусад валют нь дагаж өсдөг зүй тогтолтой. Японоос бид иен авлаа гэхэд төгрөгөөр биш доллараар худалдаж авдаг. Долларын ханш нь өсөхөөр иен дагаж өсч орж ирдэг. Тэгэхээр долларын ханшийг бууруулах ганц зам нь экспортын тогтмол орлоготой, эсвэл гадны хөрөнгө оруулагчдыг сайн татдаг, орох, гарах урсгалыг тэнцвэржүүлсэн байдалтай байх хэрэгтэй. Тэгэхгүй бол доллар манай улсын санхүүгийн том эрсдэл болж таараад байгаа юм. Долларын үнэ нэмэгдчихээр гаднаас орж ирж байгаа импортын бараа бүтээгдэхүүн бүгд дагаад өснө. Статистикийн тайлангаас харахад инфляцийн 50-аас дээш хувь нь импортлогдож орж ирээд байна. Гэтэл эсрэгээрээ төсөв дээр яаж суудаг вэ гэхээр нүүрс, зэсээ экспортлоод долларын орлого олж байгаа бол ханш өсөх тусам төсвийн алдагдлыг бууруулах асуудал гардаг. Энэ хоёрын тэнцвэрийг олох шаардлагатай. Төсөв талаасаа ханш нь нэмэгдээд байх юм бол экспортын орлого нэмэгдээд байгаа юм шиг харагдаад байдаг. Цаад утгаараа төгрөгийн үнэ цэнэ валюттай харьцах үнэлэмжээр унаад байна гэсэн үг. Энэ бол асар хортой.

-УИХ-аас “Эрдэнэс-Таван толгой”-н ногдол ашгийг нөхөж тараах үүргийг Засгийн газарт өгсөн. Компанид нүүрсний хулгай үүрлэчихсэн, санхүүгийн хүнд байдалтай байгаа үед ногдол ашиг тараах боломж бий юу. Эдийн засагт яаж нөлөөлөх бол?

-Ногдол ашиг тараахад санхүүгийн эх үүсвэр байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Өөрсдөө бонд босгочихсон, өр төлбөр ихтэй. Ихэнх төлбөрөө валютаар биш нүүрсээр бартердахаар мөнгөө урьдчилаад авчихсан. Авсан мөнгөөрөө төмөр зам, халамжтай холбоотой бодлогуудад “Эрдэнэс-Таван толгой” оролцсон. Тэгэхээр санхүүгийн эх үүсвэр нь хэрэгтэйхаана байгаа нь эргэлзээтэй. Хоёрдугаарт, ногдол ашиг тараах нь хувьцаат компаниудын хувьд байдаг л зөв зүйл. Хэзээ, яаж тараах вэ гэдэг нь цаг хугацааны асуудал. Гэхдээ “Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцааны ногдол ашгийг сонгууль дөхөөд ирэхээр улс төрийн сенсаацийг дарах зорилгоор өгөх гээд байгаа юм шиг харагдаад байна. Өмнө нь Засгийн газар вакцин тариулахад 300 мянга, нэмэлт тун хийлгэхэд 50 мянган төгрөг шууд бэлнээр тараасан. Тэгэхэд инфляцийн түвшин богино хугацаанд яаж хурдан нэмэгдлээ дээ. Яг үүн шиг эрэлтээс үүдэлтэй инфляцийг эргүүлээд хөөргөдчих аюултай. Яаж өгөх вэ гэхээр тодорхой хугацаанд бага багаар өгч болно. АПУ гэхэд хагас жил тутам ногдол ашгаа тараадаг. Ядаж эднийх шиг хагас жилээ байг гэхэд жил бүр тогтмол тараасан бол өөр л дөө. Тэгэхгүй хамтад нь аваачиж бөөн мөнгө тараах нь хоёр гурван жилийн өмнөх түүхээ давтах гээд байгаа хэрэг. Зарим компани эдийн засгийн хүндрэлтэй үед ногдол ашгаа тараахгүй байж болдог. Хувьцаа эзэмшигчдийнхээ хурлаар шийддэг л дээ. Тэгэхээр ногдол ашиг тарааж байсанд орвол яаралтай мухар төмөр замуудаа нээж, хүртээмжийг нэмэгдүүлье. Ачааны болон толгой вагоны хүртээмж тааруу байна. Тэгэхээр ногдол ашиг тараах мөнгөөрөө тээвэр ложистикийн асуудлаа шийдэж, богино хугацаанд экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд хөрөнгө оруулалт хийж болно. Ингэснээр ирээдүйд орж ирэх ногдол ашиг чинь өнөөдрийн тараах мөнгөнөөс илүү хэмжээтэй орж ирэх суурь дэд бүтцийг тавих бололцоотой. Гэтэл төр ийм боломжуудаа харахгүйгээр “Хавар жагсаал цуглаан болох нь, иргэд хэцүү байна. Засгийн газрын нэр хүнд унаж байна” гэдэг шалтгаанаар мөнгө тараах гээд байна л даа. Эргээд инфляц нэмэгдээд эхэлмэгц Мохнголбанк барьж чадсангүй гэж хэн нэгнээс буруутанг хайгаад улс төр хийдэг. Тамын тогооны үлгэр нь дахиад л үргэлжилнэ гэсэн үг.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

И.Жаргалтулга: Дээд шүүхээс АН-д нэг л шаардлага тавьдаг. Бүртгүүлэхдээ материалаа хоёр талаас битгий авчир. Нэгдээд нэг бичигтэй хүрээд ир гэж DNN.mn

Хуулийн фирмүүдийн нэгдлийн тэргүүн, хуульч, улс төр судлаач И.Жаргалтулгатай Ардчилсан намын асуудлыг Дээд шүүх эцэслэх эсэх талаар ярилцлаа.


-Юуны өмнө та улс төр судлаач хүний хувьд Ардчилсан намын асуудлыг хөндлөнгөөс ямар байдлаар харж байна вэ?

-Угтаа Ардчилсан нам бол Монголын улс төрийн хоёр дахь том хүчин. Энэ намын албан ёсны гишүүнчлэл 220 мянга хүрсэн юм билээ. Албан бус буюу намын дэмжигчид гэвэл 500-800 мянган хүн байна уу гэж харж байгаа. Гишүүнчлэл болоод дэмжигчдийн тоо цаашид ч өсөх хандлага уг нь байсан. Гэвч 2016 оноос хойш энэ нам дотоод асуудлаа шийдэж чадахгүй явсаар өдий хүрлээ. Асуудлаа яагаад шийдэж болохгүй байна гээд судлаад үзэхээр нэг л зүйл ажиглагддаг. Хоёр биш бүр дөрөв хуваагдчихсан тус намын аль нэг талд эрх баригч намын нөлөөлөл асар их байна.

Тиймээс л өдий болтол эв цавандаа орж өгөхгүй байгаа хэрэг. Хаана нь тэр нөлөөлөл яваад байгааг Ардчилсан намынхан өөрсдөө маш сайн мэдэж байгаа. Түүнийгээ ил тод зарлах хэрэгтэй. Тэр нөлөөллийг устгаж чадвал энэ нам улс төрийн үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадна.

-Тэгэхээр таныхаар бол аль нэг тал нь эрх баригч намтай нийлчихсэн хэрэг үү?

-Нийлэх гэхээс илүү тэдний нөлөөнд их орчихсон гэж ойлгох хэрэгтэй. Өөрсдөө хүлээн зөвшөөрдөггүй ч нөлөөнд нь орчихсон. Өөрөөр хэлбэл улс төрийн барьцаанд эсвэл албан тушаал, авлигалын хэргээсээ болоод эрх баригчдад бариулчихаад байгаа гэсэн үг.

-Тэр нь хэн байх вэ. Та мэдэж байна уу?

-Хуульч хүний хувьд нэр оноож ил болгох ёсгүй гэж бодож байна. Үүнийг А рдчилсан намынхан өөрсдөө ил болгож, зарлах хэрэгтэй. Тэр хүн, тэр талын Ардчилсан нам гээд байгаа нөхөд даргаасаа эхлээд жирийн гишүүд нь хүртэл эрх баригч намын нөлөөлөлд орчихсон гээд шууд хэлчих хэрэгтэй. Баримт байдаг бол түүнийг нь гаргаад ил болгох шаардлагатай. Үүнийг ил болгоогүй цагт Ардчилсан намын хэрүүл, маргаан үргэлжлээд л байна.

-Маргаанаа шийдчихээд, дарга тодруулаад Дээд шүүхэд бүртгүүлэх гээд яваад байгаа юм биш үү. Үүнийг нь харин Дээд шүүх бүртгэх эсэх асуудал л байгаа гэж ойлгодог. Ер нь Дээд шүүхээс тус намын асуудлыг өдий болтол яагаад хүлээж авахгүй хойшлуулаад байсан юм бол оо?

-Дээд шүүхээс нэг зүйл хэлдэг. Бүртгүүлэх гээд байгаа материалаа битгий хоёр талаасаа авч ирээд бай. Нэгдээд нэг бичигтэй хүрээд ир л гэдэг шүү дээ. Өөр ямар нэгэн хуулийн шаардлага огт тавихгүй байгаа гэж ойлгож байна. Ардчилсан намын эрх барих дээд байгууллага бол Үндэсний бодлогын хороо. Тэр утгаараа энэхүү хороо хуралдаж, намын даргаа тодруулах ёстой. Энэ зарчмаар сая И х хурлаа зарлаж, намын даргаа сонгосон. Ингэхдээ бас л хоёр талдаа адилхан зарчмаар намын даргаа тодруулчихлаа. Хоёр даргатай, хоёр баримт бичиг Дээд шүүхэд дахиад л очсон. Дээд шүүх ажлын 14 хоногт хариу тайлбар өгөх ёстой. Мэдээж тайлбар нь адилхан байж таарна шүү дээ. Танай намаас хоёр бичиг ирлээ, тиймээс бүртгэх боломжгүй байна. Нэг бичигтэй болоод нэг даргын нэр өг л гэнэ. Ингээд нөгөө хуваагдал, маргаан нь алга болохгүй дахиад л үргэлжилнэ. Асуудал Дээд шүүхэд байгаа юм биш. Хаана байна вэ гэхээр Ардчилсан намд тэр дундаа эрх баригчдын нөлөөлөлд автсан тэр талдаа байгаа. Өөрөөр хэлбэл Ардчилсан намын асуудалд дээд шүүх буруугүй юм. Харин эрх баригчдын нөлөөлөлд автсан тал нь л буруутай гэсэн үг.

-Тамганы асуудал яригддаг. С.Эрдэнэ даргатай намд хууль ёсны тамга, гэрчилгээ нь байгаа. Тэр утгаараа Дээд шүүхэд Ардчилсан намыг төлөөлж харилцах эрх зүйн боломжтой гэж ойлгох уу?

-Тамга бол албан газрын л нэг хэрэгсэл. Тухайн баримт бичгийг баталгаажуулан өгч байгаа л зүйл. Ардчилсан намын эв нэгдэл, дарга, удирдлагатай болох асуудлыг ярьж байхад нэг хэсэг нь тамга, гэрчилгээ гээд байгууллагын асуудлыг ярьдаг. Тамгатай, гэрчилгээтэй л бол Ардчилсан намыг өмчилж болно гэж ойлгодог хүмүүс ч байна. Угтаа Ардчилсан нам гэдэг бол тамга, гэрчилгээ дээр оршиж байгаа зүйл биш шүү дээ. Ардчилсан нам бол түрүү нь хэлсэнчлэн 220 мянган гишүүний үзэл бодол дээр оршиж байгаа. Тэр утгаараа тамга барьсан ганцхан хүн энэ намын хувь заяаг шийднэ гэвэл арай л шударга бус байгаа биз дээ. Тиймээс Их хурлаараа хувь заяагаа шийддэг. Их хурлаас нь гарсан шийдвэр бүхэн хүчинтөгөлдөр байна. Үүнд тамга огт хэрэгггүй. Гэрчилгээ хэрэггүй. Тамга, гэрчилгээ банкнаас зээл авахад л хэрэг болох байх.

-Дээд шүүх Ардчилсан намын даргыг бүртгэхээс татгалзлаа гэж бодъё. Тэгвэл дараа нь нэг бичиг бүрдүүлж, нэг дарга бүртгүүлэх асуудлыг яаж хийх ёстой гэж та үзэж байна?

-Энэ асуудал л хамгийн чухал. Үүнийг л Ардчилсан намынхан тал талдаа маш сайн бодох ёстой. Ер нь та бүхэн ч гэсэн анзаарч байгаа биз дээ. Яагаад нэг тал нь Их хурал зарлаад даргаа сонгоод, Дээд шүүхэд бүртгүүлж байхад нөгөө тал нь яг адилхан зарчмаар ажиллаад яваад байна вэ. Тухайлбал, С.Эрдэнэ даргатай АН-ынхан Д.Ганбатыгаа хэдэн сарын өмнө тодруулчихгүй яасан юм. Яагаад саяны үйл явцтай давхцуулаад тодруулчихаж байгаа нь сонин. Үүнийг ажигллахаар аль нэг тал нь эрх баригч намын нөлөөлөлд орчихсон, зориуд иймэрхүү үйлдэл гаргаад байна уу гэж хардахаар байгаа юм. Өөрөөр хэлбэл зориудаар Ардчилсан намыг нэгтгэхгүй, даргаа бүртгүүлэхгүй ажлыг хийгээд байна гэж ойлгогдож байна.

-Тэгвэл яаж эвлэрүүлэх вэ. Яаж Дээд шүүхэд бүртгүүлэх вэ. Судлаач хүний хувьд асуудлыг энэ талаас нь бас харсан байлгүй?

-Дээр хэлсэн. Хамгийн түрүүнд намын гишүүд, дэмжигчид нь эрх баригч намын талд үйлчлээд байгаа урвагчдаа олон нийтэд зарлах хэрэгтэй. Хоёрдугаарт, тамга, гэрчилгээ гэхгүйгээр олонх байгаа талдаа улам олон болох шаардлагатай. Гуравдугаарт, Дээд шүүхийн шийдвэр гарсны дараа буюу Дээд шүүхээс намын даргыг бүртгэхээс татгалзсан хариу өгсөн бол тэр дор нь дахиад Их хурлаа зарлаад намын даргаа тодруулчих. Ингэснээр нөгөө талтайгаа зөрж, Их хурлаа хийж, намын даргаа бүртгүүлэх гээд байна шүү дээ. Энэ бол арга ядсан хүний л ухаан. Гэхдээ Ардчилсан нам унаж болох хамгийн доод цэгтээ унасан гэдгээ одоо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ уналт чинь МАН-аас илүү гуравдагч хүчин гэх ХҮН намд ашигтай ч байж мэднэ шүү.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Муу талын баатрыг үхэхэд алга ташин баярладгаа больё оо, хэдүүлээ DNN.mn

Насан багаасаа сонсож өссөн үлгэр домог, уншсан ном, үзсэн кино маань бүгд тод томруун ялагчийн дүртэй байв. Үлгэр бүрд нэг том мангасыг дарж амар сайхан жаргаад төгсдөг. Мангасыг дарахын тулд манай талын баатар түмэн зовлон туулж, хүний хийж барахааргүй их баатарлаг гавьяа байгуулж ялалтанд хүрнэ. Ингэж дуусахад сая нэг санаа амарч, сэтгэл уужирдаг. Залгуулаад бичиг үсэгт тайлагдаж, уншсан номууд маань ч эерэг талын баатар зовж зовж нэг юм санаа муут хүмүүсийг дийлж байгаа үйл явдал өрнөнө. Хүүхэлдэйн кинонууд ч ялгаагүй дээ, “Ухаант туулайн үлгэр”, “Чамайг даа”, “Том ба Жэрри”-гээс эхлээд Цасан гоо, Үнсгэлжин хүртэл муу талынхнаа ялан дийлээд, жаргаж дуусна. Ийм нэг хэт сайн бас хэтэрхий муу дүрүүдийн зөрчил тэмцэлд мууг нь үхэхээр үнэнээсээ баярладаг хүмүүжилтэй болон өсчээ. Мэдээж, сайн талын баатар ялах нь зөв байлгүй яахав. Гэхдээ муу ч гэсэн тэр нэг баатрыг алга болоход ингэж их баярладгаа мэдээгүй л явжээ. Хүн сурсан үзэл хандлагаараа л амьдардаг, шийдвэр гаргадаг, үйл явдлыг өрнүүлдэг юм байна.

Өөрөө ч мэдэж анзаараагүй явсан энэ үзэл хүмүүжил маань орчин цагт арай л бүдүүлэг талдаа ороод явчихлаа, манайхаан. Үзэл хандлагаа өөрчлөхгүй бол таарч тохирохоо больж байна. Дайснууд үхэхэд баярлан алга ташиж суух биш, дайсан болж бие биенээ алж хядахаас нь өмнө учраа олдог ухаалаг хандлагыг өөр өөрсдөдөө төлөвшүүлж авах цаг үе ажээ.

Одоо цагт өрнөж байгаа том дайн, байлдаануудыг харж байхад өөрийн эрхгүй ингэж бодоход хүрэв. Уркаин Оросын дайн өнөөдөр ч үргэлжилсээр байна. Украиныг дэмжигчид сошиал орчинд янз бүрийн бичлэг оруулж, манай украинууд оросуудыг сүйдэлж байна аа гэсэн тайлбартайгаа явуулж байх юм. Өнөө бичлэгийг нь ороод харахаар өр өвдөм. Эвдэрч хэмхэрсэн байшин барилга, дайснууд нь бидний хүү мэт, дүү мэт залуухан орос хөвгүүдийн амьгүй бие. Хайрлам, халгам. Оросуудын дайралт ч ялгаагүй, украинуудыг ингэж л хядаж байгаа. Үүнд манай тал, танай тал гээд алга ташаад байх нь хэтэрхий утгагүй юм. Ингэж алалцахаас нь өмнө учраа олж, эцсийн найдлага алдагдахаас нь урьтаж ярилцаж хэлэлцэж, эв найртай болмоор.

Шинжлэх ухаан технологи өндөр хөгжсөн, хиймэл оюун ухааны энэ зуунд дайн гэдэг бахь байдаг XIII зууныхаараа байгааг бид харж сууна. Адилхан л бие биеэ хядаж, эвдрэл сүйтгэл, нус нулимс, өнчрөл хагацал дунд өрнөж байна. Ийм аймшигт үйл явдлаас татгалзахын тулд улс үндэстэн, ард түмэн, хүн бүр либерал үзэл баримтлалтай болох хэрэгтэй. Ядаж энэ талын ойлголт мэдлэгтэй байж л оршин тогтнох цаг үед бид амьдарч байна. Либерал үзэлтэй бол гээд аймаар том сургалтанд сууж, том онол үзэж, сурч судал гээд байгаа юм биш ээ. Бусдын амьдрал, биеэ авч явах байдал, ялангуяа зан заншил, амьдралын хэв маяг нь таныхтай эсрэг байхад нээлттэй, хүндэтгэлтэй, хүлээцтэй ханддаг хүнийг либерал үзэлтэй гээд ойлгож болно. Та өөрт чинь таалагддаггүй гээд хөршүүддээ дайсагнах биш хүлээн зөвшөөрөх үзэл санаа юм. Орчлон дэлхий дээр бие биенээ хүлээн зөвшөөрөхгүйгээс л хамаг зөрчил, дайн байлдаан эхэлдэг бол либерал үзэл хандлага давамгайлбал өмнө нь учраа олох, бие биенээ сонсох, эв найртай байх үндэс тавигдах учиртай ажээ.

Хэт далийхгүй байх энгийн нэг жишээ авъя. Баруунд гудамжаар явж байгаа нохойг хүүхдүүд гүйж очоод илж эрхлүүлдэг. Манай ноход шиг өнөө нохой уурлаж хаздаггүй, харилцан эв найртай эрхлэлдэж байгаад салдаг. Хүүхдүүд ч сэтгэл хангалуун, нохой ч амар амгалан. Өөр нэг жишээ. Хулгануудын явдаг зам дээр том тарган муур голлоод хэвтчихсэн байх. Зам хаалаа гэж уурлаж байгаа бололтой хулганууд зогсоо зайгүй шулганалдан загнаж байгаад хажуугаар нь хөдлөх ч үгүй хэвтэхийг яана. Хичнээн дургүй байсан ч бусдыг хүлээн зөвшөөрөх төлөвшлийг ингэж зүйрлүүлж болмоор санагдлаа.

Либерализмыг хүлээн зөвшөөрдөггүй, зүхдэг хүмүүс бий. Тийм хүмүүс эргээд нэг хардаггүй нь сонин. Ийм том дайн хийж, хамаг хүнээ хядуулж, улс орноо сүйрүүлж байхынхаа өмнө боломжит бүхий л хувилбараар хоёр тал хэлэлцэж сурах нь л илүү амар хялбар бөгөөд ашиг тустай. Нэг үзэл суртал, нэг хүний эрх ашгийн төлөө амиа өгдөг байдал аль эрт үеэ өнгөрөөжээ. Өнөөдөр Путины шийдвэрээр олон мянган орос эрчүүд дайнд явж, амь эрсдэж байна. Хэдийгээр эх орноо хамгаалж байгаа ч гэсэн украинчуудыг ч буруутгах өнцөг гарч ирнэ. Өргөн уудам дэлхийн хаана ч очоод амьдарсан амьд мэнд гараад явах юм. Тарган муур авгай тэднийг шоодож барьж идэхгүй, хазаж шидэхгүй ч аминдаа л хорлож байгаа бололтой зам дээр нь байх шиг жаргал хаана байх билээ.

Цаг үеэ дагаад одоогийн хүүхэлдэйн кинонууд агуулга үндсээрээ өөрчлөгдсөн байна лээ. Жишээ нь, Пороро хүүхэлдэйн киноны үйл явдал үнэн зугаатай. Бүх баатар нь сул талтай бас давтагдашгүй сайн чанартай. Тэнд дан сайн эсвэл тэр чигтээ муу талын баатар байдаггүй. Бүгд л ямар нэгэн буруу зүйл хийдэг, нэгийгээ хөнгөхөөн хорлодог. Тэглээ гээд Поророгийн найзууд муу зан гаргасан нэгнээ уучлаад эвлэрээд явдаг. Өнөөх нь ч дахиж ийм муу зан гаргадаггүй. Бүр хамгийн хэрэггүй гэмээр баатар ч хэцүү үед найзуудынхаа амийг аварч байх жишээтэй. Ийм кино үзэж өссөн одоогийн багачууд либерал үзэл хандлагатай өсөж төлөвших нь тодорхой юм. Харин “аргай аргай түг гээд аавыгаа алаад амар сайхандаа жаргадаг” үлгэр сонсож өссөн үеийнхний хандлага, харилцааг өөрчлөхийн тулд орчуулгын номуудын сонголтод анхаарч, орчин цагийн либерал кинонуудыг ч түлхүү гаргаж байх хэрэгтэй юм шиг. Манай зохиолч, найруулагчид ч энэ тал дээр нэгийг бодож хоёрыг тунгаах хэрэгтэй. Хамгийн их орлоготой нэрд гарч яваа найруулагчид ч үүнийг анзаарч харж байгаа гэж найднам.

Хүчирхийлэлгүй, амар амгалан нийгэмд амьдармаар байна гэж хүн бүр л ярьдаг. Ингэж ярьж байгаа Та өөрийнхөө үзэл хандлагыг анзаарч нэг хараарай. Бид муу талын баатрыг үхэхэд үнэнээсээ алга ташин баярладаг тэр зангаа гээж байж л арай эрүүл нийгмийг бий болгох юм. Зөвхөн өөр өөрөөс шалтгаалах бүхнээ өдөр бүр хийгээд хэрэгжүүлээд явахад амьдрал арай зөөлрөөд ирнэ.

Хахир хатуу сэтгэлтэй байж боломгүй цаг үед амьдарч байна даа, бид.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр хонь өдөр DNN.mn

Аргын тооллын хоёрдугаар
сарын 6, Сумъяа гариг. Билгийн
тооллын 16, их морь одтой,
хөхөгчин хонь өдөр. Өдрийн
наран 8:13 цагт мандан, 17:59
цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай
жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй
ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах,
угаал үйлдэх, мал худалдан авах, мал
түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй
уулзахад сайн. Сахил санваар авах, хануур,
төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих,
нохой худалдан авахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай,
могой, бич, нохой, гахай болой. Хол газар
яваар одогсод урагшаа мөрөө гаргавал
зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад
тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн DNN.mn

Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.

2023 оны 2 дугаар сарын 4-8-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 4-нд нийт нутгаар цас орохгүй, 5-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутгаар, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.

Салхи 6-нд нутгийн зүүн хэсгээр, 7-нд нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -18…-23 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -11…-16 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -9…-14 градус, өдөртөө -2…+3 градус, бусад нутгаар шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -5…-10 градус хүйтэн байна.