Эрүүл мэндийн сайд С.Чинзоригтой ярилцлаа.
-Манай улсад хавдрын өвчлөл замаа алдлаа. Хавдрын эмнэлэг ч ачааллаа дийлэхээ болиод удаж байна. Та өнгөрсөн долоо хоногт Хавдар судлалын үндэсний төв(ХСҮТ)-ийн нөхцөл байдалтай танилцах үеэрээ тус эмнэлгийг шинэ байртай болгох асуудлыг Засгийн газарт оруулна гэж байсан. Хамгийн ойрын хугацаанд биелэх боломжтой ямар хувилбар байна вэ?
-Ер нь хавдрын эмнэлгийг шинээр барих, өргөтгөх асуудал олон жил яригдаж байгаа. Шийдэл нь хүлээгдсээр л байна. Сүүлийн жилүүдэд хавдрын өвчлөл эрчимтэй нэмэгдсэн. Маш ноцтой нь, Монгол Улс хавдрын өвчлөлийн нас баралтаар дэлхийд тэргүүлдэг боллоо. Ийм цаг үед бид хавдрын эмнэлгийн асуудлыг яаралтай шийдэх ёстой. Хавдрын өвчлөл ихэссэнтэй холбоотойгоор ХСҮТ-ийн ачаалал маш хүнд байдалтай байна.
Миний хувьд Эрүүл мэндийн сайдын ажлыг авамагцаа энэ салбарт тулгамдаж байгаа асуудлууд тэр дундаа хавдрын эмнэлгийн барилгыг шийдэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Ерөнхий сайд энэ саналыг дэмжсэн бөгөөд судалж ажиллах чиглэл өгсөн. Ингэхдээ нэгдүгээрт, УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн Хөгжлийн банкны зээлээр барьсан хоёр блок барилгыг төр худалдан авч хавдрын эмнэлгээр авч ашиглах боломж байна уу.
Хоёрдугаарт, Сангийн сайд бид хоёрыг гадаадын зээл тусламжийн хүрээнд хавдрын эмнэлгийн шинэ барилгын асуудлыг шийдэх боломжуудыг судалж, танилцуулах чиглэл өгсөн л дөө. Энэ дагуу миний бие өнгөрсөн долоо хоногт ХСҮТ-д очиж, нөхцөл байдалтай танилцсан.
Хавдар цаг хугацаа хүлээхгүй. Өдрөөс өдөрт эмнэлгийн ачаалал нэмэгдэж байгаа энэ үед цаг хожихын тулд дээрх хоёр шийдлээс хамгийн ойрын хугацаанд биелэх боломжит хувилбарыг сонгох нь зөв. Шинэ эмнэлэг барья гэвэл багадаа 3-4 жилийн ажил болно. Тиймээс ХСҮТ-ийн хашаанд баригдсан Дөрөвдүгээр эмнэлгийг шинээр баригдаж буй өргөтгөлийнх нь хамт худалдаж авах хувилбарыг судалсан. Хөгжлийн банкны өрөнд байгаа уг хоёр барилгыг хавдрын эмнэлгийн зориулалтаар ашиглах бүрэн боломжтой гэж үзвэл улсын төсөвт дарамт болохооргүй хэлбэрээр худалдан авбал хугацаа хожиж чадна.
-Хэрэв гишүүн асан М.Билэгт зөвшөөрвөл шүү дээ…
-Тэр мэдээжийн асуудал. Дөрөвдүгээр эмнэлгийн барилгыг бариулсан М.Билэгт маань өөрөө Засгийн газарт худалдахыг зөвшөөрөх юм бол хууль журмын дагуу асуудал шийдэгдэнэ. Дөрөвдүгээр эмнэлгийн барилга Хөгжлийн банкны барьцаанд байгаагаас гадна АТГ-т шалгагдаж байгаа. Тэгэхээр тэндээс шинжээч томилоод барилгын үнэ өртгийг нь тогтсон байх. Дөрөвдүгээр эмнэлгийг төр худалдаж авбал 5-6 жилийн хугацаатай график гаргаад Хөгжлийн банкинд төсвөөс өр авлагыг нь барагдуулаад явах боломж бий. Гэхдээ энэ бол шүүхийн шатанд байгаа учраас бас шууд оролцоод авч болох эсэх дээр асуудал гарах байх. Барилгыг худалдаж авахдаа тулбал Хөгжлийн банкныхантай ярилцаж, ойлголтоо нэгтгэх асуудлууд байна. Нөгөөтэйгүүр энэ барилгыг бариулсан хүн нь хувийн хэвшлийнхэнтэй эмнэлгийн чиглэлээр ашиглана гээд гэрээ байгуулаад үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Иймд гэрээг нь цуцлах боломж бидэнд олдох уу, түрээслэгч, түрээслүүлэгч хоёр учраа яаж олох нь уу гээд жаахан ярвигтай зүйл байгаа. Энэ бүгдийг хууль номынх нь дагуу зөв шийдээд гарц гаргалгааг нь олчих юм бол төсөвт өндөр ачаалал өгөхгүйгээр хавдрын эмнэлэгтэй болж, хугацаа хожих давуу талтай. Өнөөдөр Засгийн газрын хуралдаанд энэ асуудлыг танилцуулна.
-Дөрөвдүгээр эмнэлэг хагалгааны оргүй юм биш үү?
-Хөгжлийн банкны зээлээр баригдсан хоёр блокийн нэг нь Дөрөвдүгээр эмнэлэг нэртэй ашиглалтад орчихсон байгаа шүү дээ. Хэвтэн эмчлүүлэх 100 ортой гэсэн. Шахвал 150 ортой болгох боломжтой гэж танилцуулж байсан. Нөгөө блок нь бүрэн баригдаж дуусаагүй. Барилгын ажил нь 50 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм билээ. Хагалгааны өрөөнүүд болоод оношилгоо шинжилгээний зориулалттай байр сав нь тэнд бий.
-ХСҮТ одоо байгаа хагалгааны найман ороо 20 болгоход энэ их ачаалал мэдэгдэхүйц буурна гэж Ж.Чинбүрэн гишүүн ярьж байсан. Үүнийг эхний ээлжинд шийдэх боломж байна уу?
-Ер нь хавдрын шинэ эмнэлэг барих юм бол 600 ортой байна гэж төлөвлөж байгаа. Ингэж чадвал хавдрын өвчлөл, эмнэлгийн ачаалал буурах боломжтой. Хэрэв хугацаа хожиж Дөрөвдүгээр эмнэлгийг худалдаж аваад ашиглах юм бол 500-550 ортой болно гэсэн тооцоо байгаа. шинэ эмнэлэг барьсан, одоогийн баригдсан байгаа хоёр блок барилгыг аваад ашиглана гэх юм бол ийм хэмжээний орны нөөц боломж гараад ачаалал буурна.
-Хэрэв шинэ эмнэлэг барих бол хөрөнгө санхүүгийн асуудлыг нь яаж шийдэх вэ?
-Улсын төсөв, гадны зээл тусламжийн алинаар нь ч шийдэх гэж хичээсэн хугацаа их орно. Өртөг ч их гарна. Нэг давуу тал нь Улаанбаатар хотоос зүүн тийш Чулуутын аманд газрын асуудал нь шийдэгдсэн юм билээ. Манай яаман дээр зураг төсөл нь хийгдэж байгаа. Урьдчилсан байдлаар 140 тэрбум төгрөгөөр баригдах тооцоотой. Үүн дээр тоног төхөөрөмжүүд нэмэгдээд нийтдээ 170-180 тэрбум төгрөгөөр хавдрын шинэ эмнэлэгтэй болох урьдчилсан прогноз байна. Гэхдээ үүнийг ирэх жилийн төсөвт тусгаад явах юм бол дахиад 3-4 жилийн хугацаа шаардана.
-ХСҮТ-д шаардлагатай тоног төхөөрөмж дутмаг байдгаас болж иргэд хувийн эмнэлэгт өртөг өндөртэй оношилгоо шинжилгээ хийлгэдэг. Сүүлийн үеийн оношилгооны тоног төхөөрөмжөөр хангагдах боломж байна уу?
-Австрийн засгийн газраас хавдрын өвчлөлийг бууруулах чиглэлээр дэмжлэг үзүүлэх зорилттой 10 сая ам.долларын төсөл хэрэгжиж байгаа. Энэ төслийнхөө хүрээнд хавдрын эмнэлэгт шаардлагатай байгаа MRI, компьютер томограф, ангиограф зэрэг дөрвөн төрлийн тоног төхөөрөмж худалдан авч нийлүүлэх асуудлыг шийднэ. Мөн химийн эмчилгээний шинэ технологи оруулж ирж байгаа. Өөрөөр хэлбэл, шугаман хурдасгуур гээд яг хавдартай цэгийг оношлоод тэнд нь химийн туяа эмчилгээ хийдэг шинэ технологи. Иргэдийн зүгээс ХСҮТ улсын эмнэлэг байж зарим оношилгоо шинжилгээг хувийн эмнэлгээр хийлгэдэг гэсэн шүүмжлэл ирдэг. ХСҮТ-ийн амбулаторит 2019 оноос “Медпортал” гэдэг хувийн оношилгооны эмнэлэг 190 ам.метр талбайд түрээсийн гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулсаар ирсэн. ХСҮТ компьютер томографаар оношилгоо шинжилгээ хийх боломжгүй учраас иргэд бүх төлбөрөө хувиасаа гаргаж дээрх эмнэлгээр үйлчлүүлдэг. Төр нэгэнт тоног төхөөрөмжийн асуудлыг шийдэх учраас хавдрын урдаа барьдаг ганц төв нь оношилгоо, шинжилгээгээ өөрөө хийгээд эмнэлгийн тусламж үйлчилгээгээ үзүүлээд явах ёстой. Дээрээс нь эмнэлгийн байр сав хүрэлцээгүй, ачаалал ихтэй байгаа учраас “Медпортал” эмнэлэгтэй байгуулсан гэрээгээ цуцалж, зай талбайгаа чөлөөлж ав гэдэг үүргийг ХСҮТ-ийн удирдлагуудад өгсөн.
-Оношилгооны тоног төхөөрөмжүүд бэлэн болсны дараа талбайгаа суллах асуудал яригдана биз дээ?
-Тэгэлгүй яахав. Өнөө маргаашдаа хувийн эмнэлгийг гаргачихгүй. Манай төслийн хүрээнд ирэх тоног төхөөрөмж тендер зарлагдаад ямар хугацаанд эмнэлэг MRI-тай болохоор байна вэ, тэр хугацаатайгаа уялдуулаад хувийн эмнэлэгтэй байгуулсан гэрээг цуцалж, өрөө тасалгааг суллана.
-Тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай яригдаж эхэллээ. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юу?
-Монгол Улс дотооддоо оношилж, эмчилж чадахгүй 26 төрлийн өвчний жагсаалтыг Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталчихсан байдаг юм байна. Гэсэн атлаа тэдгээр өвчнөөр шаналж байгаа иргэддээ үзүүлдэг тусламж үйлчилгээ дэмжлэг гэж үндсэндээ байхгүй. Гадаадад эмчлүүлээд ирэхээр нь бичиг баримтыг нь үзэж байгаад эмчилгээний зардлынх нь гүйцэтгэлийн ердөө тавхан хувийг Эрүүл мэндийн сайдын багцаас өгдөг юм байна. Нэгэнт дотооддоо оношилж, эмчилж чадахгүй гээд төр өөрөө шийдвэр гаргачихаж байгаа бол тэдгээр өвчнөөр шаналж буй иргэддээ тодорхой хэмжээгээр дэмжлэг туслалцаа үзүүлдэг байх шаардлагатай. Би ажлаа авмагцаа яамны харьяанд ажилладаг томоохон төрөлжсөн эмнэлгүүдийн дарга нарт үүрэг өгсөн. Дотооддоо оношилж, эмчилж чадахгүй байгаа 26 төрлийн өвчнийг эмчлэх технологи, эмнэлзүйг нь оруулж ирвэл туршилтын хугацааны зардлыг ЭМДС-гаас гаргана. Нутагшаад үр дүнгээ баталгаатай өгдөг болсон нөхцөлд санхүүжилтийг ЭМД руу шилжүүлдэг байх юм. Тиймээс тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулъя гэж байгаа. Одоогийн мөрдөгдөж буй Тусгай сангийн тухай хуульд архи, тамхи, эмийн импортын гаалийн татварын 1-2 хувийг ЭМДС-д төвлөрүүлдэг. Энэ сангаасаа нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр сургалт, судалгаа хийхэд зориулж болно гэсэн заалт бий. Тэгэхээр ЭМДС-д жилд 11-12 тэрбум төгрөг төвлөрөхөөр байгаа. Гэтэл Сангийн яам жилд ердөө хоёр тэрбум төгрөг баталж суулгаж өгдөг юм байна. Өнөө жилийн төсөвт бас ЭМДС-д хоёр тэрбум төгрөг хуваарилсан. Энэ тухай Сангийн сайдтай уулзаж, нөхцөл байдлыг танилцуулахдаа “Монголдоо 26 төрлийн өвчнийг оношлох технологи, эмнэлзүйн аргыг оруулж ирэх шаардлагатай байгаа зардлыг ЭМДС-гийн зарцуулалтад нь өөрчлөлт оруулах замаар шийдэх хэрэгтэй байна. Харин та нар онцгой татварынхаа хуулийн дагуу ЭМДС-д 11-12 тэрбум төгрөгийг бүтнээр нь суулгадаг байх асуудлыг шийдэж өгөх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Сангийн сайд энэ саналыг дэмжсэн. Тиймээс бид Тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, ЭМДС-гаас 26 төрлийн өвчнийг оношлох технологи, эмнэлзүйг Монголд нутагшуулахад шаардлагатай зардлыг нь ЭМДС-гийн хөрөнгөөс зарцуулъя гэж байгаа юм.
-Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг зарим улсууд ЭМДС-гийн хөрөнгийг эмнэлгийн тусламж үйлчилгээнд зарцуулж болохгүй гэсэн байр суурь илэрхийлж байгаа харагдсан?
-Үүнийг буруу ч гэж хэлэхгүй. Гэхдээ эрүүл мэнд гэдэг бол нийгийн эрүүл мэнд болон урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний асуудал цогцоороо багтана. Тэгэхээр ЭМДС-гийн хөрөнгийг ганцхан нийгмийн эрүүл мэндийн асуудалд чиглүүлнэ гэсэн ойлголт байж болохгүй. Нөгөө талдаа эмнэлэгт тусламжийнхаа тодорхой хэсгийг зарцуулахад болохгүй юм байхгүй. Ер нь нийгмийн эрүүл мэндийн асуудал бол эрүүл мэндийн салбарын суурь асуудал. Бид өвчилсөн хойно нь оношилж, эмчлэх биш. Харин өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх арга хэмжээ авах ёстой. Манайд нийгмийн эрүүл мэндийн асуудал хамгийн их орхигдож байгаа гэдэгтэй санал нэг байна. Тиймээс Нийгмийн эрүүл мэндийн тухай цоо шинэ анхдагч хууль боловсруулж, хаврын чуулганд оруулахаар ажиллаж байна. Ер нь иргэн хүн өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавьж чадах юм бол урт удаан наслах боломж бий. Тэр утгаараа Нийгмийн эрүүл мэндийн тухай хууль бол манай яам дангаар хариуцах асуудал ч биш. Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Спортын яаманд ч хамаатай. Нийгмийн эрүүл мэндийн асуудалд орчны болоод агаарын бохирдол зэрэг асуудлууд ч орно шүү дээ. Салбар хоорондын зохицуулалт шаардсан суурь хуулийг хаврын чуулганд оруулахаар ажиллаж байна. Хоёрдугаарт, иргэний эрүүл мэндийн боловсролыг дэмжихэд нэлээд анхаарал хандуулах шаардлагатай байна. Тиймээс салбар хоорондын уялдаа холбоог зохицуулсан, иргэний эрүүл мэндийн боловсролыг дэмжих хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлье. Хүүхдэд аль багаас нь эрүүл мэндийн боловсрол олгодог байх асуудалд онцгой анхаарах бодолтой байна. Манай салбарт үгүйлэгдэж буй бас нэг чухал асуудал бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээний стандарт. Иймд эрүүл мэндийн салбарт баримтлах үйлчилгээний стандартыг боловсруулж, нэн даруй батлуулж мөрдүүлэх хэрэгтэй байна.
М.МӨНХЦЭЦЭГ