Categories
мэдээ нийгэм цаг-үе

Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсчээ DNN.mn

Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2023 оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар, өмнөх сараас 0.3 хувиар тус тус өссөн байна.

2023 оны 1 дүгээр сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.5 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 3.8 сая төгрөг байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цахим худалдаагаар 32 мянган тн нүүрс арилжлаа DNN.mn

Засгийн газрын 2022 оны тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсан. Үүний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын хөрөнгийн биржтэй хамтран экспортод гаргах нүүрсний анхны цахим арилжааг амжилттай зохион байгуулав.

Дуудлага худалдаагаар экспортод гаргах 5 багц буюу 32 мянган тонн хатуу коксжих нүүрсийг арилжсан бөгөөд дуудлагаар дуудах үнэ 0.28 хувиар нэмэгджээ. Өмнө нь “Эрдэнэс Тавантолгой” ХК БНХАУ-ын талд уурхайн амны үнээр нэг тонн нүүрсийг 109 ам.доллароор борлуулж ирсэн бол өнөөдөр хил нөхцөлөөр 1 тн нүүрсийг 179,1 ам.доллароор борлуулсан байна.

Тус компанийн экспортод гаргах 64 мянган тонн нүүрсний дараагийн арилжаа маргааш 10.00 цагт болох юм.

Нүүрс арилжсан мэдээлэл

Цахим арилжаа зохион байгуулагдсан огноо

2023-02-09 10:00

Нүүрс худалдагч этгээдийн нэр

“Эрдэнэс Тавантолгой” ХК

Нүүрс худалдагч этгээдийн албан ёсны хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо. Жигжиджавын гудамж-8 Финанс төв

Захиалгын бүртгэлийн дугаар

23/01-СО

Дуудах доод үнэ, валютын төрөл

178.60 ам.доллар /тн

Хэлцэл хийгдсэн үнэ

179.10 ам.доллар/тн

Гэрээний нийт үнийн дүн

5,731,200 ам.доллар

Хэлцлийн дугаар

2023.02.09-01

Үнийн өсөлтийн хувь

0.28 хувь

Арилжсан нүүрсний багцын тоо

5

Арилжсан нүүрсний төрөл, ангилал

Хатуу коксжих

Арилжсан нүүрсний чанарын үзүүлэлт

Ash (db): 14.49 (-2.3; +2.1)
Total moisture (ar): 4.2 (-1.3; +1.5)
Volatile (daf): 25.27 (-0.7; +1.0)
Total sulphur (db): 1.18 (-0.3; +0.5)
G-index (5:1): 81 (-8.0; +5.0)

CSN: 6.5 (-0.5; +0.5)

Худалдан авагчийн оршин байгаа улс

БНХАУ

Categories
мэдээ тоглолтын-хуваарь утга-зоxиол энтертаймент-ертөнц

“Poetry Night” төслийн ерөнхий продюсер Ч.Ууганбаяр: Гэгээн хайрын баяраар үе үеийн шилдэг 14 найрагч хайрын шүлгээ уншина DNN.mn

Poetry Night яруу найргийн төслийг санаачлагч,ерөнхий продюсер, Болор цом-ын болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Ч.Ууганбаяртай цөөн хором ярилцлаа.


– Зохиолын дуу, хошин шогоор биш яруу найргаар дамжуулан хүмүүст сэтгэлийн цэнгэл бэлэглэсэн, яруу найраг сонирхогчдын хүсэн хүлээдэг болсон энэхүү үдшийг зохион байгуулах санаа анх яаж төрсөн талаар эхлээд асууя?


-Бэгзийн Явуухулан гуайн яруу найргийн үдэшлэг болж, Ш.Гүрбазар найрагч “Тэхийн зогсоол” шүлгийг уншиж буй ховор бичлэг байдаг даа. Түүнийг үзээд яруу найргийн ийм гоё үдэшлэг хийх юмсан гэж санаа анх төрсөн. Германд таван жил сурч байхдаа “Po­etry Slam” гэж манайхаар бол яруу найргийн наадамд оролцсон. Дэлхийн олон улсад яруу найргийн ийм үдэш, уншлага болдогийг мэдсэн. Ингээд Монголдоо хийх бодол төрсөн. Яг тухайн үед манай “Болор цом” нэр нь жаахан уначихсан, тэр ч байтугай утга зохиолын маань нэр нэлээн уначихсан, хүмүүс ном уншихаас илүү өдрийн хоолоо боддог эдийн засгийн хүнд цаг үе байсан. Тэр үед хошин урлаг, энтертайнмент илүү хөгжиж байсан. Энэ бүхэнтэй утга зохиолоо яаж хослуулж болох вэ, эдэнтэй яаж өрсөлдөж, олон хүнд хүргэх вэ гэдэг нь зохион байгуулах болсон бас нэг шалтгаан. Би өөрөө утга зохиолын салбарын хүн. Тэгэхээр энэ салбараа өөд нь татахгүй бол би өөрөө энэ салбартаа олигтой байж чадахгүй юм байна гэсэн бодол төрсөн. Та мэдэж байгаа, би өмнө нь “100 яруу найрагч 100 хайрын шүлэг”, “100 яруу найрагч 100 эх орны шүлэг” гээд л олон уншлага хийсэн. “Poetry night”- ийг Stand up Comedy хөгжиж байгаа энэ цаг үед шүлгийг ч бас Stand up хэлбэрээр найрагч нь өөрийнхөөрөө хүргэж байгаа байдлаар нь хөгжүүлэхийн сацуу мэргэжлийн тайз дэлгэцтэй, дуу хөгжим найруулгатай байх ёстой юм байна, мөн контент болгож авч үлдвэл би Б.Явуухулан найрагчийн бичлэгийг үзээд энэ ажлынхаа санааг олсон шиг хойч үе минь ч мөн адил одоо туурвиж байгаа сайхан хүмүүсийн залуу нас, дуу хоолой, уран бүтээлийг харах боломж гарах юм байна гэж харсан. Данзангийн Нямсүрэн найрагч шүлэг бүтээлээ өөрийнхөө хоолойгоор уншаад, тэр нь бидэнд үлдчихсэн зүйл байхгүй байна шүү дээ. Гэтэл бид ямар их дуртай билээ дээ. Тэгэхээр уран бүтээлчдийн шүлэг бүтээл, дуу хоолойг дэлгэцэнд мөнхөлж үлдээх нь маш чухал юм байна гэсэн санаа зорилготойгоор л хийж эхлүүлсэн.

Анхныхыг нь өөрийнхөө үеийн залуучуудаар хийсэн. Яагаад үеийнхнээрээ хийсэн бэ гэхээр ухаандаа, ерээд оныхонд юм уу, эсвэл танай үеийнхэнд, бүр Ардын уран зохиолчдод санал тавьсан бол зөвшөөрөхгүй байсан. Тэгэхээр өөрсдөө ийм болдог, ингэж хийх гэж байгаа юм гэдгээ харуулах хэрэгтэй байсан. Эхний үдэшлэгт маань үзэгчид ч цөөхөн ирсэн. Манай үеийнхэн ч зарим нь итгээгүй л дээ. Гэсэн ч эхнийх маань үнэхээр гоё болсон. Найруулга, гэрэл, дэглэлт, тайз, дэлгэц, хөгжим, дуу хуур гээд бүгд тансаг байсан. Би зориуд ойр дотныхоо шүлэг яруу найраг сонирхдоггүй хүмүүсийг хүртэл чирэх нь холгүй авчирч үзүүлсэн. Тэр хүмүүс маань би өөрийгөө шүлэг сонирхдоггүй гэж боддог байсан ч яруу найрагчийн өөдөөс харж суугаад шүлгийг нь сонсоход чих рүү биш зүрх рүү ордог юм байна гэж байсан.

-Дараа нь таван Ардын уран зохиолчоор Дахин давтагдашгүй гэж хийсэн. Тэд саналыг хэрхэн хүлээж авав?

-Эхлээд Ш. Дулмаа гуайтай холбогдсон, Урнаа эгч их сайхан хүлээж авсан. Дараа нь П.Бадарч гуайн охин Бүжин эгч бас талархан хүлээж авсан. Настай хүмүүс учраас биеийн байдлыг нь харзнана аа л гэж байсан. Б. Догмид гуайд хэлэхэд намайг бүр гэртээ уриад, бид хоёр бүр дөрөв, таван цаг сууж яриад тайзан дээр ярих зүйлсээ бүгдийг нь нэг нэгээр нь тохирч байсан. Д.Цоодол гуай руу ярихад “Догмид орох юм уу, Бадарч байх юм уу, тэгвэл би орно шүү” гээд л. Тэр үед корона вирус яг сайн намжаагүй, дараагийн давлагаа омикрон хувилбар нь гараад ирсэн, настай хүмүүст халтай гээд бүгд санаа зовж байсан үе. Бас зохион байгуулах гэж байсан Corpo­rate маань байгууллагаараа тусгаарлагдчихсан ч байж таараад хойшлуулах гэж байтал Т.Галсан гуайн бие чилээрхээд. “Би энд л орохгүй бол дараа өөр юманд бараг орохгүй байх” гэхээр нь л зүтгээд Соёлын төв өргөөнд зохион байгуулсан. Сайхан болсон доо, үзсэн хүмүүс бүгд бахархалтай үг хэлж байсан. Догмид гуайн “Хонгорзул”алдартай шүлгийг Д.Сосорбарам гуай унших гэж байгаад амжаагүй. Харин Н.Батцэцэг гавьяат үзэгчдийн суудлаас гарч ирээд уншиж байсан. Батцэцэг эгч Догмид гуайн үнэнч шүтэн бишрэгч юм билээ. Төрийн соёрхолт Д.Болд “Гоо амраг” дууг нь дуулах байсан ч ирээгүй. Уг нь ихэнх уран бүтээлчид уриалгахан хүлээж авдаг ч Д.Болдыг урьсан ч ирээгүй нь тоогүй санагдсан.

-Дараа нь ерээд оны таван найрагчийнх бас л ганган болсон?

-Тийм ээ, Х.Чилаажав, Ц.Бавуудорж, Б.Ичинхорлоо, Ц.Хулан, Д.Галсансүх нарыг уриад “Ерэн он руу буцсан нь” нэрээр зохион байгуулсан. Хамгийн түрүүнд би Чилаажав ахыг бодсон. “ Эх орон”, “Аавдаа би хайртай”, “Бүсгүй” гээд “Хурд”-ын тэр олон гоё хит дууг зохиосон найрагч. Чилаа ахыг утга зохиол, сэтгүүл зүйн хүрээнийхэн л мэдэхээс ард түмэн тийм ч сайн мэдэхгүй шүү дээ. Тоглолт үзсэн хүмүүс “Алхааг чинь хүртэл мартаж чадамгүй Ариухан дурлалдаа шатаж явах нь дээ” гээд Хурдын Отгонбаяр ах, Дашнямтай, мөн Чилаа ах өөрөө дуулахад үнэхээр тансаг байсан. Дараа нь Б.Ичинхорлоо э г ч т э й холбогдсон. Их завгүй хүн шүү дээ. Эгч нь амжих болов уу гэ ж байсан . Тэгээд л Д.Галсансүх, Ц.Бавуудорж, Ц.Хулан найрагчид руу ярьсан. Ц.Хулан эгчтэй энэ үдэш л сайн танилцаж ярилцсан гээд бод доо.

-Одоо гэгээн хайрын өдрийг тохиолдуулан Хайр бол… хэмээх яруу найргийн үдэш болох нь ээ. Энэ тухайгаа сонирхуулаач?

-Тусгай дугаараа онцгойлсон нэг, хоёр найрагчаар юм уу, эсвэл нэг сэдвээр хийж байя гэж ярилцсан. Энэ удаагийн тусгай дугаарт дандаа хайрын шүлгүүд уншигдаж, хайрын дуунууд дуулагдана. Азийн тэргүүн найрагч Д.Урианхай, төрийн соёрхолт Ш.Гүрбазар тэргүүтэй ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл 14 шилдэг яруу найрагч энэ сарын 13-ны үдэш “UB палас”-ын тайзнаа шүлгээ дуудна. Жинхэнэ хайрын сонгодог үдэш болно. Ер нь Poetry Night нийтдээ арван цуврал хийгдэх төлөвлөгөөтэй . Гурван жилийн дотор арван цуврал хийхээс хоёр нь тусгай дугаар байх юм. Цувралын дөрөв дэхийг Б.Лхагвасүрэн, Ш.Сүрэнжав, Д.Пүрэвдорж, Д.Нямсүрэн, Р.Чойном нарын шилдэг найрагчдын бүтээлээр хийнэ.

Тав дахь ньҮржингийн Хүрэлбаатар, Шагдар сүрэнгийн Гүрбазар, Даваасүрэнгийн Ган-Очир нарын дууны уран бүтээлчдээр, зургаа дахь хип хоп төрлөөр, долоо дахь нь Мэнд-Ооёо гуайн үеийнхэн, найм дахь нь танай үеийнхнээр хийх юм. Гурван жилийн дотор ийнхүү 10 дугаар хийчихээд Улаанбаатарт “Poetry night Mongolia” гэдэг фестиваль хийхээр зорьж байна. Миний туйлын зорилго бол энэ фестиваль. Дэлхийн олон орноос зохиолч, яруу найрагчид, Нобелийн шагналтнууд Монголд ирээд Сүхбаатарын талбай дээр зүлэг дэвсч байгаад тухайн орных нь хэлээр шүлэг яруу найраг сонсоод тэдэнтэй уулзаад, талбайгаа тойруулж олон жижиг гэрүүд бариад, дотор нь нэг нэг яруу найрагч байрлаад, хүмүүстэй уулзаад зураг хөргөө авахуулаад хоёр, гурав хоногийн сайхан фестиваль зохиох мөрөөдөлтэй байгаа. Мөн үүний зэрэгцээ Их газрын чулуунд, эсвэл Мэнэнгийн талд бүгдийг нь аваачиж байгаад яруу найргийн задгай уншлага хийх бодолтой. Долоо хоногийн турш Монголд дэлхийн оюун санааны охь болсон уран бүтээлчдийг цуглуулах санаа зорилго бий. Үүнийхээ хүрээнд орчуулагч О.Чинбаяр ах, Г.Аюурзана ах гээд гадаад дотоодтой холбоотой хэлтэй устай, зөвлөгч нараараа гадагшаа холбогдуулж байна, мөн Ерөнхийлөгчийн ивээл дор ч юм уу, Гадаад харилцааны яамтай хамтраад төр засгийн хэмжээнд л хийх болно.

-Соёлын яам байгаад байвал бас хамтарч болох юм даа?

-Би бүх цувралаа хийхдээ Соёлын яаманд санал тавьдаг ч огт дэмждэггүй. Монголын ард түмэнд утга зохиолоо эргэн сэргээхийн тулд “Poetry Night”-ийг хийж байгаа, хоёрдугаарт энэ нэрийг Монголын гурван сая хүнээс ядаж тал нь мэддэг болчихоосой гэдэг үүднээс арван цуврал хийж байгаа. Бүх телевизээр үнэгүй цацаад байгаа шүү дээ. Дараа нь “Poetry night Mongolia”гэхэд монголчууд өөрсдөө тэрийгээ мэддэг байх хэрэгтэй. Монголд нэг удаа хийчихээд дараа жил нь өөр улс энэ “Poetry Night”-ыг хийдэг байгаасай гэж хүсч байгаа. Тэгээд сүүлд нь хэлэхэд, Монголын оюун санаа, монгол хэлт уран зохиолыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах , ялангуяа хүүхэд залууст зориулж бүтээж байгаа энэхүү төслийг маань төр захиргааны байгууллага болон аж ахуйн нэгжүүд бодлогын түвшинд, санхүүгийн хувьд дэмжээрэй хэмээн уриалж байна.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Гадаад валютын нөөц 4.17 хувиар өсөж, 3.5 тэрбум ам.долларт хүрэв DNN.mn

Манай улсын гадаад валютын нийт албан нөөц энэ оны эхний сард 3.5 тэрбум ам.долларт хүрч, 4.71 хувиар өсөв. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын эцсийн байдлаар гадаад валютын албан нөөц 2, 935.19 тэрбум ам.доллар байв. Оны эцэст 3.3 тэрбум ам.доллар болж мөн нэмэгдсэн юм.

Монгол Улсын Төв банкны тухай хуулийн 5 болон 21 дүгээр зүйлүүдэд заасны дагуу Монголбанк нь эзэмшин, удирдаж байгаа гадаад валютын улсын нөөцийн гадаад төлбөрийг түргэн гүйцэтгэх чадвар, найдвартай байдлыг хангах үүрэг хүлээдэг. Хуульд зааснаар Монголбанк дахь гадаад валютын улсын нөөц нь дараах төрлийн активаас бүрддэг. Үүнд:

  • Гадаад орны банк, санхүүгийн байгууллагад хадгалж байгаа мөнгөжсөн алт;
  • Бэлэн ба бэлэн бус хэлбэрээр байгаа чөлөөтэй хөрвөдөг гадаад валют;
  • Чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар чөлөөтэй төлөгдөх вексель;
  • Гадаад орны Засгийн газар, төв банк, олон улсын санхүүгийн байгууллагаас гаргасан буюу баталгаажуулсан чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар нэрлэсэн, түүгээр төлөгдөх бүх төрлийн үнэт цаас;
  • Олон улсын хэмжээнд гадаад валютын нөөцөд тооцогдох бусад актив.

Categories
гадаад мэдээ

​Сансрын бизнест их хэмжээний хөрөнгө оруулжээ DNN.mn

Хөрөнгө оруулагчид хоёр дахь жилдээ сансрын технологийн салбарын гарааны бизнест их хэмжээний хөрөнгө оруулаад байгаагИх Британийн “The Times” сонин мэдээлжээ. Өнгөрсөн онд сансрын технологийн төслүүд 8.9 тэрбум орчим ам.долларын санхүүжилт авсан нь өмнөх оныхоос бага боловч өнгөрсөн жилүүдэд авсан санхүүжилтээс хамаагүй их юм гэж тус сонинд бичжээ.

Сансрын технологийн хөрөнгө оруулалтын “Seraphim Space” компанийн шинжээчдийн үзэж буйгаар, хөрөнгө оруулалтын хэмжээ урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хэвээр байгаа бөгөөд эдийн засгийн байдал сайжрахын хэрээр улам өсөх аж. Сансрын технологид оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр АНУ тэргүүлсэн хэвээр байна. Их Британи, Энэтхэг, Австрали, Герман улсууд мөн энэ салбарт томоохон хөрөнгө оруулагчид болсон байна. “Сансрын технологи өдгөө үнэхээр олон улсын хэмжээнд хүрсэн, Ази, Европ байгуулсан гэрээ хэлцлийн тоогоор Хойд Америкийг гүйцэж байна” гэж “Seraphim Space”-ийн гүйцэтгэх захирал Марк Боггет хэлжээ. Түүний хэлснээр, өнгөрсөн онд Азид байгуулсан гэрээ хэлцлийн тоо 80 хувиар, Европын орнуудад 50 хувиар нэмэгдсэн байна.

Энэ оны хувьд хөрөнгө оруулалтын гол чиг хандлага сансрын судалгааны сүлжээ, сар руу нислэг хийхэд чиглэн арилжааны хэлбэрт орж байгаа аж. Украины мөргөлдөөнтэй холбоотойгоор улс орнуудын батлан хамгаалах төсөв өсөн нэмэгдэж буйг сансрын компаниуд ашиглах төлөвтэй байгаа аж.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Сар шинийн цуврал барилдааны хуваарь DNN.mn

Монголын үндэсний бөхийн холбооноос Сар шинийн цуврал барилдааны хуваарийг зарлалаа.

Хоёрдугаар сарын 14-нд 12:00 цагаас Цолгүй залуу бөхчүүдийн барилдаан,

Хоёрдугаар сарын 15-нд 12:00 цагаас Аймаг, цэргийн начин цолтнуудын барилдаан,

Хоёрдугаар сарын 16-нд 12:00 цагаас Тарвалин хийдийн нэрэмжит, Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан,

Хоёрдугаар сарын 17-нд 16:00 цагаас Ахмад бөхчүүдийн барилдаан /50-аас дээш нас/, Өсвөрийн бөхийн барилдаан /16 хүртэлх нас/,

Хоёрдугаар сарын 18-нд 12:00 цагаас Дашчойлин хийдийн нэрэмжит, АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан,

Хоёрдугаар сарын 19-нд 12:00 цагаас Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааны нэг, хоёрын даваа,

Хоёрдугаар сарын 20-нд 14:00 цагаас Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан гурвын даваанаас үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Эрээн чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээг маргааш эхлүүлнэ DNN.mn

“Монгол Улсын Улаанбаатар хот – БНХАУ-ын Эрээн хот” чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг 2022 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлж байна.

1. Сүүлийн 48 цагийн хугацаанд гарсан /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг үндэслэн зорчих тасалбарыг захиалах
2. Хилийн хяналт шалгалтаар нэвтрэхдээ /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариуг биедээ тогтмол авч явахыг анхаарна уу
3. /ПГУ/-ын шинжилгээний “сөрөг” хариу байхгүй тохиолдолд хил дээрээс буцах тул Иргэн та хариуцлагатай хандана уу. Үүнээс үүссэн асуудлыг иргэн өөрөө бүрэн хариуцна.
Зорчигч та тээвэрлэлтийн туршид халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж зорчино уу гэж АТҮТ-өөс мэдээллээ.
Categories
мэдээ цаг-үе

Монгол орны зүүн хагас газар хөдлөлтийн эрсдэл багатайд тооцогджээ DNN.mn

Саяхан Турк улсад тохиосон хүчтэй газар хөдлөлт маш их хэмжээний хохирол учруулж, байгалийн гамшгийн болзошгүй эрсдэлийг дэлхий дахинд сануулаад байгаа билээ.

Дэлхийн хүн амын гуравны нэг нь газар хөдлөлтийн өндөр эрсдэлтэй бүс нутагт амьдардаг гэсэн баримт бий.

АНУ-ын томоохон даатгалын компаниудын нэг FM Global 2021 онд газар хөдлөлтийн эрсдэлийг нарийвчлан харуулсан дэлхийн газрын зургийг танилцуулж байжээ.

Уг зургийг бүтээхдээ Global Earthquake Model Foundation, China Earthquake Administraion, U.S.Geological Survey байгууллагуудын цуглуулсан тоон өгөгдөл, загварчлал зэргийг ашигласан байна.

Ингэхдээ газар нутгуудын эрсдэлийн зэрэглэлийг өнгөөр ялгаж харуулжээ.

Тухайлбал хар хөх нь газар хөдлөлтийн давтамж 50 жилээс бага буюу хамгийн өндөр эрсдэлтэй, улаан өнгө нь 51-100 жилийн давтамжтай буюу өндөр эрсдэлтэй, улбар шар нь 101-250 жилийн давтамжтай буюу дундаж эрсдэлтэй, ногоон нь 251-500 жилийн давтамжтай буюу дунджаас бага эрсдэлтэй, цагаан нь 500-аас дээш жилийн давтамжтай буюу бага эрсдэлтэйг илэрхийлсэн байна.

Монгол орны газрын зургийг эндээс харвал баруун хагас нь тодорхой хэмжээний эрсдэлтэй, зүүн хагас нь эрсдэл багатайд тооцогджээ.

Ерөнхийдөө Алтайн нуруу, Их нууруудын хотгор, Хөвсгөл нуурын орчим газар нутаг газар хөдлөх эрсдэл илүү өндөр харагдаж байна.

Харин нийслэл Улаанбаатар хотыг оруулаад нутгийн зүүн хагас эрсдэл багатай ангилалд багтжээ.

Дэлхийн хэмжээнд газар хөдлөлтийн эрсдэл хамгийн өндөр бүс нутгуудыг жагсаавал:

  • Номхон далайг тойрсон хуурай газрууд болох Умард болон Өмнөд Америк тивийн баруун эрэг, Шинэ Зеланд, Индонез, Папуа Шинэ Гвиней, Филиппин, Тайвань, Японы арлууд
  • Ойрх Дорнодын бүс нутаг. Турк, Иран, Ирак, Газрын дундад тэнгисийн зүүн эрэг, Кавказ
  • Европ тивийн зүүн өмнөд хэсэг. Балканы хойг, Грек, Итали
  • Энэтхэгийн хойг. Хималайн нурууны дагуу газар нутаг, Пакистан, Бирм, Бангладеш улсуудын газар нутаг багтсан байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 1.2 хувиар өсөв DNN.mn

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 1 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 12.3 хувь, өмнөх сараас 1.2 хувиар өссөн дүнтэй гарсан талаар ҮСХ-ноос мэдээллээ. Үүнд:

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 14 хувь,
  • согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 8.7 хувь,
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 15.6 хувь,
  • орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад бүлгийн үнэ 14.6 хувь,
  • эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 12.2 хувь,
  • тээврийн бүлгийн үнэ 8.1 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Инфляцын түвшин 2022 оны 1 дүгээр сард 15.1 хувь гарч байсан бол 2023 оны 1 дүгээр сард 12.3 хувь болж, өмнөх оны мөн үеэс 2.8 нэгж хувиар буурчээ.

Инфляц оны эхний сард 12.3 нэгж хувь гарсны 5.8 (47.3 хувь) нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Categories
мэдээ нийгэм

УЕПГ: Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 361 гомдол, хүсэлтийг шийдвэрлэв DNN.mn

Прокурорын байгууллага 2023 оны 1 дүгээр сарын 30-наас 2 дугаар сарын 03-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 396 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1031 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 361-ийг нь шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 670 гомдол, хүсэлт хянагдаж байна.

Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 7 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой, 4 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах талаар байгаа бол 350 нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.

Дээрх хугацаанд Нийслэлийн Дүнжингарав, Мишээл төвүүдэд ажиллаж байгаа “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд нийт 8 иргэний өргөдөл гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, 32 иргэнд прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч ажиллав.

Эх сурвалж: УЕПГ