Categories
мэдээ нийгэм

“Оюу толгой” ХХК-тай “нэг зуун сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин “Оюу толгой” компани зуун сая мод тарьж, ургуулах үүрэг, амлалт авсан. Уг амлалтаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний стратеги болон Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх, ингэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох, орон нутгийн засаг захиргаа болон иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, талууд шаардлагатай дэмжлэг, туслалцааг цаг тухайд нь авах, үзүүлэх зорилгоор БОАЖЯ, Ойн газар, “Оюу Толгой”ХХК хамтран ажиллах юм.

Зуун сая мод тарьж, ургуулах амлалтаа хэрэгжүүлэхдээ “Оюу толгой” компанийн зүгээс дараах үндсэн зарчмуудыг баримталж байна.
• Зөв газар, зөв модыг зөв зорилгоор тарьж, ургуулах
• Монгол орны ойн салбарын ирээдүйн хөгжилд бодит хувь нэмэр оруулах,
• Урт хугацаанд үр өгөөжтэй, тогтвортой үргэлжлэх,
• Талуудын оролцоог хангах зэрэг болно.
“Оюу толгой” компани зуун сая мод хөтөлбөрийг 60:40 гэсэн харьцаагаар буюу 60 сая мод тарьж ургуулах, 40 сая модтой дүйцэх ойн салбарын хөгжлийг дэмжих, үндэсний чадавхыг нэмэгдүүлэх үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцов.
Үүнд:
Үндэсний стратегийн зорилт тус бүртэй уялдсан мод тарих, ойжуулах ажлуудыг дараах байдлаар төлөвлөсөн.
• Ойн хомсдол, доройтлыг бууруулан, ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол орны сэрүүн бүсийн ойд 16,000 га орчим талбайг ойжуулах
• Цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр говь цөлийн бүсэд 2,600 га-д загийн ойг нөхөн сэргээх
• Агро-ойн зурвас, жимсний аж ахуйг хөгжүүлэх чиглэлд 160 га талбай бүхий жимсний аж ахуй, агро-ойн зурвас байгуулах
• Монгол орны томоохон голуудын татмыг ойжуулах замаар урсцыг хамгаалах, нэмэгдүүлэх чиглэлээр 1,280 га талбайд бургас тариж ургуулах
• Агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж иргэдэд эрүүл, ээлтэй амьдрах орчныг бий болгох чиглэлээр 200 га талбайд ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах
• Авто замын дагуу хамгаалалтын ойн зурвас байгуулах чиглэлд нийтдэ 360 га талбайд хамгаалалтын зурвас байгуулах
• Сэрүүн бүсийн ойн сан бүхий газарт хариуцлагагүй уул, уурхайн нөлөөгөөр эвдэрч, эзэнгүй орхигдсон газрыг нөхөн сэргээж, ойжуулах ажлыг 500 га талбайд хийнэ.
Үүний зэрэгцээ 40 сая модтой дүйцэх үйл ажиллагааг дараах байдлаар хийж, гүйцэтгэх юм.
• Орон нутгийн иргэдэд түшиглэсэн мод үржүүлгийн газруудыг шинээр барьж байгуулах, ургуулсан тарьц суулгацыг нь худалдан авч ойжуулалт хийх замаар орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, амьжиргааг дэмжих
• Үйл ажиллагаа явуулж буй мод үржүүлгийн газрын техник, тоног төхөөрөмжийг сайжруулах дэмжлэг үзүүлэх замаар тарьц, суулгац ургуулах тоо хэмжээ буюу жилийн хүчин чадлыг нэмэгдүүлэх
• Ойн салбарын чадварлаг мэргэжилтэн, мэргэжлийн ажилтан бэлтгэх чиглэлээр сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, туршлага судлах аялал зохион байгуулах, танхимын болон талбайн сургалтууд зохион байгуулах
• Ойжуулах, ойг нөхөн сэргээх, цөлжилтийг сааруулах чиглэлээр судалгаа хөгжүүлэлт (R&D and innovation), туршилтууд хийх юм.
Эх сурвалж: БОАЖЯ
Categories
мэдээ нийгэм

Газар хөдөлсөн тул эрэн хайх ажиллагааг түр зогсоолоо DNN.mn

БНТУ-д -үүрэг гүйцэтгэж байгаа байгаа Монгол Улсын Аврах баг өчигдөр буюу хоёрдугаар сарын 11-нд барилгын нурангиас 3 хүний цогцсыг илрүүлэн орон нутгийн сайн дурынханд байршлыг мэдээлж, 2 хүний (1 хүүхэд) цогцсыг гаргасан байна.

Түүнчлэн хоёрдугаар сарын 12-ны өдрийн 02:39 цаг /Анкарагийн цагаар хоёрдугаар сарын 11-ний өдрийн 21:39/-т хүчтэй газар хөдөлсөн тул эрэн хайх ажиллагааг түр зогсоолоо.

Аврах багийн эмнэлгийн бүлэг хоёрдугаар сарын 11-ний өдөр хээрийн эмнэлэгт нийт 92 хүнд /8 нь хүүхэд/ үзлэг, оношилгоо хийж эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэв.

Эдгээрээс ясны хугаралтай 8 хүний хугарлыг засаж, боолт тавьсан бол 34 хүнд өвчин намдаах, 11 хүнд шингэн сэлбэх эмчилгээг хийжээ. Мөн 45 хоногтой 2 нярай хүүхдэд үзлэг, эмчилгээ хийж, тэжээлийн дутагдалд орсон байсан тул дараагийн шатлалын эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зэрлэг амьтанд хөөгдөж, шархадсан бугын төлийг малчны хотонд тэжээж байна DNN.mn

Дорнод аймгийн Баян-Уул сумын хоёрдугаар багийн нутаг Улаан-Өндөр гэдэг газарт 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зэрлэг махчин амьтанд хөөгдсөн байх магадлалтай эрүүн доороо шархтай бугын илий буюу төлийг тус багийн нутагт өвөлжиж буй малчин н.Баасандорж тэжээн тэнхрүүлж байна.

Аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газар, сумын байгаль хамгаалагч газар дээр нь ажиллаж мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, тус амьтныг тэжээхэд шаардлагатай өвсийг хүргэж өгөв.

Бугын илийг хавар ногоо гарах үед буга ихээр өсөж буй газрыг сонгон малчин айлаас хол газарт зөөвөрлөн тавихаар шийдвэрлэсэн гэж Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Уулархаг нутгаар цас орно DNN.mn

Өнөө маргаашдаа уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 2-7 метр, Алтайн уулсаар секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -22…-27 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -14…-19 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4…-9 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 1-6 метр. -10…-12 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. -13…-15 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 1-6 метр. -12…-14 градус хүйтэн байна

Categories
мэдээ нийгэм

Хүнсний агуулахад гарсан галыг бүрэн унтраав DNN.mn

Нийслэлийн Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, “Алтай” хотхоны баруун талд хүнсний агуулах шатаж байна гэсэн дуудлага өчигдөр буюу 11-ний өдрийн 19:38 цагт ирсэн.

Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 18х36 метрийн хэмжээтэй агуулах /хүнс, гэр ахуйн бараа 60 тн орчим/, “Бонго”-3 автомашин шатаж байжээ.

Алба хаагчид 21:25 цагт гал түймрийн тархалтыг зогсоон, нийт 8 цаг ажиллаж 12-ны өдрийн 03:45 цагт бүрэн унтраалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монголын багийн ажиллаж буй Хатай муж бүрэн сүйдсэн DNN.mn

Монгол Улсын Эрэн хайх, аврах багийн үүрэг гүйцэтгэж байгаа БНТУ-ын Хатая муж нь Сири улсаас 30 км-ын зайтай.

Тус хот нь хоёр сая гаруй хүн амтай. Газар хөдлөлтийн улмаас нийт барилгын 90 орчим хувь нь нурсан.

Эрэн хайх, аврах баг Хатая мужийн Онцгой байдлын албаны зааж өгсөн барилгын нурангид ажиллаж, амьд үлдсэн хүмүүсийг аврах ажиллагааг зохион байгуулж байна.

Харин эмнэлгийн баг орон нутгийн эмнэлгийг түшиглэн хээрийн эмнэлгийг байгуулж, одоогоор 89 хүнд тусламж үйлчилгээ үзүүлээд байгаа бөгөөд ачаалал ихтэй ажиллаж байгааг мэдээллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хэнтийд 10 аймгийн мал отроор өвөлжиж байна DNN.mn

Өвөлжилт хүндэрсэн зүүн аймгуудад албаныхан ажиллаж байна. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан багийн отрын бүс нутагт 10 аймгийн 545 өрхийн хонин толгойд шилжүүлснээр 493 мянга гаруй мал отроор өвөлжиж байгаа аж. Үүнээс хамгийн хол нь Увс, Говь-Алтай, Завхан аймгийн малчид оторлож байна. Мөн Улаанбаатар хотын Налайх, Багануур, Баянзүрх, Багахангай дүүргийн малчид оторлож байгааг мэдээлэв.

Нийт нутгийн 50 орчим хувь нь отрын бүс нутаг байдаг учраас нутгийн иргэд зусахад хүндрэл учирдаг. Иймд 10 мянга га газрыг отрын бүсээс гаргах хүсэлтийг сум, орон нутгийн удирдлагууд Шадар сайд болон ХХААХҮ-ийн сайдад хүргүүлснийг Засгийн газрын хуралдаанаар оруулахаар төлөвлөсөн байна.

Дэлгэрхаан сумын хадлангийн нөөц газарт өвсний гарц тааруу байснаас тус аймгийн Баян-Адарга сумын нутгаас 90 тн байгалийн хадлан, 35 тн тэжээлийг сумын нөөцөд, малчид иргэд 1800 тн өвс худалдан авчээ.

Categories
гадаад мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Усан сараана цэцэгс DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……..

Францын импрессионист зураач Клод Монэгийн “Усан сараана цэцэгс” нэртэй цуврал бүтээл дэлхийн урлагийн шилдэг 50 бүтээлд багтдаг юм. Энэ нь 250 цуврал, тосон будгийн бүтээл билээ. Уг бүтээлд Парисаас баруунтаа 30 милльд орших Гиверни дэх нэрт зураачийн хувийн цэцэрлэгт хүрээлэн дэх цэцэгс янз бүрийн байдлаар тусгалаа олсон байдаг. Монэ амьдралынхаа сүүлчийн 30 жилийг энэ эдлэндээ өнгөрөөсөн бөгөөд уран бүтээлийнх нь гол сэдвүүд энэхүү цуврал бүтээлд дүрслэгдэн үлджээ.

Амьдралынхаа сүүлийн үест нэрт зураач катаракт буюу нүдний болор цайх өвчн өөр шаналж байсан ч тэр үедээ алдарт 250 цувралынхаа ихэнхийг зурсан байх юм. Энэ цуврал бүтээл дэлхий даяар, урлагийн музейнуудын ховор нандин үзмэр, нийтийн хүртээл болсоор байна. Энэ цуврал зургуудаас тавиагүй музей тун цөөн гэж болно. Тухайлбал, Парис дахь Мармоттаны музей, Нью-Иорк дахь Метрополитан музей, Чикагогийн урлагийн институт, Сент Луисийн урлагийн музей, Портландын урлагийн музей болон Карнегийн урлагийн музей гэхчилэн томоохон музейн нэрс үргэлжилнэ. 1920-иод оны туршид Францын төрөөс санхүүжүү- лэн “Де ли Оранжери” музейд хос зуйван танхимуудыг барьж байгуулжээ.

Энд Монэгийн “Усан сараана цэцэгс” бүтээлээс наймыг нь байнгын үзмэр болгосон байна. Хос зуйван танхимыг нэрт зураачийг нас барахаас хэдхэн сарын өмнө, 1927 оны тавдугаар сарын 16-нд олон нийтэд нээсэн байдаг. 1999 онд уг музей тусгай үзэсгэлэн зохион байгуулж дэлхийн өнцөг булан бүрээс Монэгийн цуврал бүтээлийг цуглуулан 60-аад зургийг нь нийтэд толилуулж байв. Өнөөдөр урлагийн бүтээл цуглуулагчид Клод Монэгийн бүтээлийг асар өндрөөр үнэлж байна. 2007 оны зургадугаар сарын 19-нд Лондонд болсон дуудлага худалдааны үеэр “Усан сараана цэцэгс” алдарт цувралын ердөө нэг нь 18 сая 500 мянган паунд хүрч худалдаалагдсан юм. Тэгвэл өнгөрсөн 2008 оны зургадугаар сард энэ цувралын бас нэг нь 41 сая паундын үнэ хүрсэн билээ. Энэх үү агуу том цуврал бүтээлийнх нь дүрслэл 1889 онд зурсан “Valley of the Creuse” 10 цувралаас нь эхтэй гэдэг.

Монэ дэлхий даяар алдар цуу нь түгсэн цуврал бүтээл олныг зурсан бөгөөд тэдний дотор “Нуруулдсан өвс” буюу “Haystacks” хэмээх цуврал бүтээл нь Франц орны хөдөө- гийн сайхныг нэвт шингээсэн гэгддэг. Дэлхийн шилдэг 50 бү- тээлд тооцогдож буй “Усан сараана цэцэгс” цуврал бү- тээл бол орчин үеийн урлагт өнгө, гэрлийн хослол, гэрэл сүүдрийн хувслыг нээсэн гайхамшигтай абстракт бү- тээл юм. Монэ эхэндээ өнгө, гэрлийн мөн чанарыг нээх гэсэн ямар ч зорилго агуулалг үй зүгээр л цэцгийн цувралаа зурж байсан гэж үздэг. Улмаар цувралын1903 оноос хойш зурагдсан бүтээлүүд нь импрессионист хэв шинжээрээ урлагийн ертөнцөд маш том орон зайг эзлэх болж, урлагийн бүтээл цуглуулагчид, залуу зураачдад асар хүчтэй нөлөө үзүүлсэн байна. Монэ уг цуврал бүтээлээрээ “Цэцгийн хүлэмжний төв дэх амар амгалангийн бясалгалын орогнох газрыг бүтээсэн юм” хэмээн зарим урлаг судлаач тэмдэглэсэн байдаг. Дэлхий нийтэд алдаршсан урлагийн агуу бүтээлүүд зохиогчийнх нь амьдралын адармаатай түүхтэй нарийн холбоотой байх нь нэн элбэг. “Усан сараана цэцэгс” хэмээх эл цуврал зураг чухам ийм түүхийн гэрч, Монэгийн амьдралын хүнд хэцүү үеэс эхлэлтэй билээ. 1870 оны Франц-Пруссийн дайны дараахан Монэ Англид хэсэг зуур суурьшжээ. Энэ үеэс Монэгийн өнгө шинэчлэгдсэн гэж үздэг.

Харин дайны өмнөхөн тэрбээр Камилла хэмээх бүсгүйтэй гэрлэж тэд Жеан, Майкл хэмээх хоёр хүүтэй болсон байна. Хоёр дахь хүүгээ төрүүлсний дараа Камиллагийн бие муудаж жилийн дараа өвчний улмаас өөд болжээ. Монэ хайрт гэргийгээ орон дээрээ хэрхэн хорвоогоос хальж буй тэр мөчийг ч зурсан байдаг. Эхнэрээ өөд болсны дараахь хүнд хэцүү үед уй гашууд автсан Монэ маш шаргуу зурах болсон гэдэг. Энэ үедээ тэрбээр XIX зууныг бү- хэлд нь төлөөлөх алдартай бүтээлүүдээ хийсэн.

Эхнэрийнх нь үхлээс хойш нэрт зураачийн уран бүтээлд эргэлтийн шинжтэй өөрчлөлт гарсныг хэн ч анзаарам. Тэрбээр энэ үедээ байгалийн араншин, түүний өнгө гэрлийн гайхамшгийг завсар чөлөөгүй зурсан байх юм. 1800-гаад оны турш Монэ байгалийн байдал, Францын хөдөөг зурж байв. Эхнэр нь өөд болохын өмнөх жил Монэгийн гэр бүл тухайн үеийн урлагийг ивээн тэтгэгч, их дэлгүүрийн эзэн Эрнест гэгч чинээлэг хүний эдлэн рүү түр хугацаагаар нүүжээ. Хоёр гэр бүл нэг байшинд зэрэгцэн амьдрах болов. Тэгж байтал эдлэнгийн эзэн Эрнест дампуурч, 1879 оны намар Бельги рүү явсан байна. Түүний эхнэр Алиса өөрийн зургаан хүүхэд, Клод Монэ, түүний хоёр хүүгийн хамт үлджээ. Тэр эмэгтэй Монэд хоёр хүүгээ асран өсгөхөд нь тусалж, өөрийн зургаан хүүхдийн хамт наймууланг Парист авчран хамтдаа амьдарч байсан гэдэг. 1880 оны хавар тэд Парисаас эргэн ирж Монэгийн хамт өнөр өтгөн ам бүл амьдран суух болжээ. Үүнээс хойш Алиса гэгч энэ эмэгтэй суут зураачийн амьдралд нэгэн түшиг тулгуур нь болсон аж. Гурван жилийн дараа тэд Гиверни рүү нүүж Монэ 8,100 ам метр газар, байшингийн хамт түрээслэн авсан байна.

Тэндээ их зураач аварга том цэцэрлэгт хүрээлэн байгуулж авчээ. Тэр цэцэрлэгт хүрээлэндээ Монэ яг л амралтанд байгаа юм шиг амьдарч, маш их бүтээл хийсэн билээ. Дампуурч доройтсон нөхөр нь нас барснаар 1892 онд Алиса Монэтэй гэрлэжээ. Ийнхүү Гивернид ирж суурьшсаны дараахнаас Монэгийн бү- тээлүүд амжилттай борлогдож тэрбээр 1890 он гэхэд түрээслэн авсан газар, байшингийнхаа төлбөрийг төлж дуусгасан байна. Монэ амьдралынхаа сүүлийн он жилүү- дэд байгаль, цаг агаарын янз бүрийн дүр төрхийг харуулсан импрессионист бүтээлүүдээ туурвисан. Эдгээрийн дотор алдартай цуврал хэд хэдэн бүтээл байдгийн нэг нь 250 цуврал “Усны сараана” хэмээх энэ бүтээл юм.

Н.ПАГМА

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Батмөнх: УЕП-оос гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулбал ээлжит бус чуулган зарлаж, ажлын 5 өдрийн дотор шийдвэрлэдэг DNN.mn

Судлаач, хуульч Д.Батмөнхтэй ярилцлаа.


-УИХ-ын хоёр ч гишүүн бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлээд байна. Чуулган завсарласан энэ үед УИХ-ын хоёр болон түүнээс дээш гишүүн чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлсэн бол хуулиар хэрхэн шийдвэрлэдэг вэ. Ээлжит чуулган эхлэхийг хүлээх үү, эсвэл ээлжит бус чуулган зарлаж хэлэлцдэг үү?

-Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, 10 дугаар зүйлд УИХ-ын гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох гэсэн заалтуудад энэ талаар тодорхой тусгасан байдаг.

Тухайн УИХ-ын гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн, гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулсан бол УИХ чуулганы үеэр ажлын 5 өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэдэг. Харин УИХ чуулганы чөлөө цагт дээрх саналыг хүлээн авсан бол 24 цагийн дотор ээлжит бус чуулган зарлаж, чуулганы хуралдаан эхэлснээс хойш ажлын 5 өдрийн дотор хэлэлцэж шийдвэрлэх зохицуулалттай.

-Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нарын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх өргөдлийг хүлээж авахгүй байх боломжтой юу. Ямар тохиолдолд хүлээж авдаггүй вэ?

-Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан гишүүдийн хувьд УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн. Энэ тохиолдолд хугацаа заагаагүй. Мэдээж УИХ-ын гишүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-аар заавал хэлэлцдэг. Тухайн гишүүний гаргасан хүсэлтийг нь УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэн бол тухайн гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох заалттай. Хэрвээ хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй бол бүрэн эрхийн хугацаа дуусгавар болохгүй. Тиймээс тухайн гишүүн хүсэлт гаргаснаар гишүүний бүрэн эрх нь шууд дуусгавар болдоггүй. Жишээлбэл, өнгөрөгч дөрөвдүгээр сард болсон кейсээр жишээ дурдъя л даа. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулъя гэсэн. Нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүдийн олонх нь чөлөөлөгдөх саналыг нь дэмжээгүй. Энэ хүсэлтийн дараахан буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 25-нд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нарын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн. Энэ саналыг нь УИХ-ын гишүүд хүлээж аваагүй. Тиймээс энэ удаад ч үүнтэй адил тохиолдол гарахыг үгүйсгэхгүй.

-Уг асуудлыг ямар байнгын хороодоор хэлэлцүүлдэг вэ?

-УИХ-ын гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн, гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулсан тохиолдолд буюу гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороодын санал дүгнэлтэд үндэслэж чуулганы хуралдаанаар хэлэлцдэг. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны нууц санал хураалтаар түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэдэг. Харин гишүүн өөрөө хүсэлтээ өгч байгаа тохиолдолд бүрэн эрх нь дуусгавар болох гэдэгт хамаардаг.

-Засгийн газрын гишүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх асуудалд УИХ ямар шийдвэр гаргах эрх зүйн чадамжтай вэ?

-УИХ-ын Дэгийн тухай хуулийн 101.1-т зааснаар Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, огцруулах, түүнтэй холбогдуулан шинээр томилох асуудлыг УИХ-д танилцуулах тухайгаа УИХ-ын даргад мэдэгдэж товыг тогтоолгоно. Ингээд Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, огцруулах, томилох асуудлыг нэгдсэн хуралдаанд танилцуулдаг. УИХ-ын гишүүд Ерөнхий сайд болон томилогдох этгээдээс асуулт асууж, үг хэлж болдог. Харин УИХ-аас аливаа шийдвэр гаргахгүй. Өөрөөр хэлбэл, шийдвэр гаргах нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал гэсэн үг.

-Та үүнтэй төстэй гэхдээ ИТХ-тай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд өнгөрөгч нэгдүгээр сард мэдээлэл гаргасан шүү дээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр УИХ-аас Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг баталсан. Энэхүү хуулийн 41.2-т хурлын төлөөлөгчийг энэ хуулийн… 41.1.3,…-д заасан тохиолдолд огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.. гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1.Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ…, Тавьдугаар зүйлийн 2.Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ… гэснийг тус тус зөрчиж байгаа юм. Тиймээс Цэцэд мэдээлэл гаргасан.

УИХ-аас баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41.1-т Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дараах үндэслэлээр хугацаанаас өмнө дуусгавар болно…, 41.1.3-т гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан тохиолдолд төлөөлөгчийн бүрэн эрх нь дуусгавар болохоор заасан ба тухайн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон ч тухайн асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэхээр заасан нь шүүхийн шийдвэр хэрэгжихэд саад учруулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтад тухайн шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолыг хэлэлцэхээр оруулахад төлөөлөгчид Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39.1.3-т хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт асууж хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал хураалгах эрхтэй байхаар заасан буюу энэ эрхийнхээ хүрээнд тухайн шүүхийн шийтгэх тогтоолтой холбоотой асуудлыг дурын төлөөлөгч санал оруулж хэлэлцэх асуудлаас хойшлуулах санал гаргаж үүний дагуу санал хураалт явуулж олонхын саналаар хэдэн ч удаа хойшлуулж болохоор нөхцөл үүсч байна.

Хэрэв төлөөлөгчдийн хурлаар тухайн төлөөлөгчийн огцруулах асуудлыг хойшлуулсаар байвал Монгол Улсын шүүхийн шийдвэр хэрэгжих боломжгүй болж, шүүхийн шийдвэрийг давсан хүчин чадалтай шийдвэрийг хурлын төлөөлөгчид гаргах боломжтой байдлаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийг шууд зөрчиж шүүх эрх мэдэлд халдсан зохицуулалт болсон байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Очирхуяг: Химийн шинжлэх ухаан оролцдоггүй салбар гэж байдаггүй DNN.mn


Монгол Улсын Их Сургуулийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн профессор Б.Очирхуягтай ярилцлаа.


-Ярилцлагын эхэнд химийн инженерчлэл гэж яг юу болох талаар та тодруулахгүй юу?

-Монгол Улсад өнөөдөр химийн технологи, химийн инженерчлэл гэсэн хоёр хөтөлбөрөөр химийн салбарын үйлдвэрлэлийн мэргэжилтнийг хангаж бэлтгэж байна. Манайд 1995 оноос өмнө зөвхөн химич, химийн багш гэсэн мэргэжилтнүүдийг бэлтгэж байгаад, 1995 онд анхны химийн технологич мэргэжлийн төгсөгчид төгссөн түүхтэй.

Химийн технологийг бэлтгэж ирсэн туршлагаар нь яривал хуучин хими суурьтай боловсруулах болон олборлолтын бусад үйлдвэрлэлийн технологийн суурь мэдлэгтэй мэргэжилтнүүдийг бэлтгэх шаардлага гарч тухайн үед бодлогын дэмжлэгтэйгээр хөтөлбөр үүсэж бэлтгэж ирсэн.

МУИС-ийн хувьд энэ хугацаанд зөвхөн химийн технологиор 400 гаруй мэргэжилтнийг бэлдсэн байдаг. Энэ нь тийм ч их тоо биш

Химийн технологичдын хамгийн том ажлын байр болох үйлдвэрлэл, олборлолт, уул уурхай, боловсруулалтын энэ бүх чиглэлд технологийн процесст хяналт тавьж, удирддаг, шинжилгээ хийж шийдвэр гаргадаг ажлын байр зайлшгүй шаардлагатай гэдэг утгаар бэлдэж байсан юм. Монгол Улсын хувьд нийт экспортын 90 гаруй хувь нь түүхий эд, гэтэл түүхий эдийн зөвхөн олборлолт нь явагдаж байна шүү дээ. Цаашдаа бид олборлолтыг дотооддоо боловсруулах, боловсруулж бүтээгдэхүүн болгох, нэмүү өртөг шингэсэн хоёрдогч бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргавал буцаад илүү үр ашигтай байх гэдэг шаардлагатай байгаа. Тэр утгаараа олборлолт, боловсруулалтын чиглэлээр ажиллахад нэн түрүүнд шаардлагатай мэргэжилтнүүд болох химийн технологичид, химийн инженерүүдийг бэлдэж байна. Технологич инженерүүдийн хооронд багагүй ялгаа бий. Технологичид нь процесс, технологийн горимын, шинжилгээ үйл ажиллагааг удирддаг бол химийн инженерүүд тухайн процесс, технологи явагдаж байгаа реакторын дизайны гол үндэслэлийг гаргаж өгдөг тооцооллын, загварчлалын инженерүүд юм. Тэгэхээр ирээдүйд химийн үйлдвэрүүд удахгүй баригдаж хэлнэ. Химийн процесст суурилсан реакторын дизайныг зөв удирдаж, зохион байгуулан хийх чадвартай мэргэжилтнүүд зайлшгүй байх шаардлагатай. Хамгийн сүүлд батлагдсан Засгийн газрын хөтөлбөр болох “Алсын хараа 2050” дээр ч гэсэн юун түрүүнд Монгол Улс 2050 хүртэл гурван шаттайгаар улс эх орны эдийн засгийн өсөлтийг төлөвлөсөн. Энэ төлөвлөлтийн эхнийх нь олборлолтыг нэмэгдүүлнэ. Олборлолтын хүрээнд харахад зөвхөн нүүрс, зэсээс гадна цахиур, газрын ховор элемент зэрэг нэлээн олон чиглэлүүдийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Энэ нь олборлолтын шинэ салбар нээж байгаа тухай л асуудал. Хамгийн гол зорилго нь хоёр дахь буюу боловсруулалтыг нэмэгдүүлэх тухай асуудал юм. 2050 он гэхэд зэсийн баяжмалын боловсруулах үйлдвэр, нефть, хими, кокос химийн үйлдвэр барьж, нүүрс угааж, алт, жонш боловсруулж, нефть тойрсон нэлээд хэдэн үйлдвэрийг Монгол Улсдаа барьж боловсруулалтын салбарын хэрэгцээг өргөтгөнө гээд зорилт тавьсан байна. Тэгэхээр химийн боловсруулалтад суралцсан үйлдвэрлэл, реактор, технологийн ойлголттой мэргэжилтнүүдийг улс орон зайлшгүй нэхээд эхэлж байна гэсэн үг. Тэдгээр мэргэжилтнүүдийг л бид бэлтгэх гээд байгаа юм. Боловсруулалтын үйлдвэр өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүний арав орчим хувь л байна. Гэтэл “Алсын хараа-2050” дээр дор хаяж 2.5 дахин хувь нэмэгдүүлнэ гэсэн. Боловсруулалт нь одоогоор олборлолтоос их болох гэж байна шүү дээ. Өнөөдөр олборлолт нь дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувьтай байдаг гээд бодоход 10 хувьтай боловсруулалтыг үүнээс ихэсгээд илүү гаргана гэсэн том зорилготой явж байна. Тэгэхээр энэ хэмжээгээр багтаамж нэмэгдэх шаардлага зайлшгүй байгаа юм. “Алсын хараа-2050”-д тусгагдсан зорилтын хүрээнд ойрын жилүүдэд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусахад Монгол улсад гучин хэдэн мянган инженер шаардлагатай байна гэж гарсан байсан. Түүний нэг хэсэг нь бол хими суурьтай, технологийн мэдлэгтэй, химийн инженер, технологич зайлшгүй бэлтгэх чухал болсон. Хуучин химийн технологичдоо химич суурьтай бэлтгэж ирсэн бол одоо цэвэр инженер дээр суурилан химийн боловсруулалтын технологи болоод химийн инженер гэсэн хоёр чиглэлээр хүмүүсээ бэлтгэж байна.

-МУИС-ийн хувьд химийн инженерчлэлийн ангийг хэзээнээс эхлүүлсэн бэ?

-Монгол Улсад анхны химийн инженерчлэлийн ангийн төгсөгчид 2018 онд төгссөн. Химийн инженерийн ажлын байрыг хүүхдүүд сайн сонирхож байна. Ихэнх үйлдвэрүүд маань “Low” технологи гэж нэрлэдэг эхний түүхий эдээ олборлодог үйлдвэрүүд байгаа учраас нарийн мэргэжлийн дизайн, реакторын хүмүүс одоохондоо өнөөдрийн түвшинд эрэлттэй гэхээсээ технологичийн ажлын байр шаардлагатай. Цаашдаа химийн цэвэр үйлдвэр болон боловсруулах үйлдвэр баригдаад эхлэхээр жишээлбэл, зэсийн баяжмалууд, нефть химийн чиглэлийн үйлдвэр баригдаж эхлэхэд яалт ч үгүй процессын инженерүүд хэрэг болно л доо. Бид тэднийг өнөөдрөөс бэлдээд байна гэсэн үг.

-Химийн шинжлэх ухаан хүний амьдралд ямар ач холбогдолтой вэ?

-Арваннэгдүгээр сарын эхээр химичдийн үндэсний анхдугаар зөвлөгөөнд Монгол дахь бүх химийн салбарынхан нийлж чууллаа. Уг чуулганаар химийн салбар маань ойрын ирээдүйд яах вэ, одоо юу хийвэл зүгээр вэ гээд мэргэжлээрээ ажиллаж байгаа бүгд хамтарч хэлэлцүүлэг хийсэн. Дүгнэж хэлэхэд хими оролцдоггүй салбар гэж байхгүй болчихсон, зөвхөн уул уурхай, лаборатори, эрдэм шинжилгээний байгууллагуудаас гадна бүхий л салбарт химийн мэргэжилтнүүд ажиллаж байна. Химийн салбарын мэргэжилтнүүд уулзалт, зөвлөгөөн хийснээр давуу талууд гарч ирж байна гэж харсан. Монгол Улс маань түүхий эдээр баялаг орон. Түүхий эдийг боловсруулаад өөр бүтээгдэхүүн гаргана гэдэг нь хими суурьтай процесс юм. Ямар ч түүхий эдийг боловсруулах, дараагийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоход бүх төрлийн салбар хүнс, уул уурхай, эм, барилгын материал ч хамрагддаг. Эдийн засагт нэмүү өртөг аваачдаг боловсруулах үйлдвэрүүдэд химийн л процесс явагддаг. Эдгээр процесс бүр бүгд хяналттай, мэдлэгтэй байх ёстой. Тэгэхээр энэ процессыг лабораторид нь манай химичид шинжилж болж байна уу, болохгүй байна уу, шаардлага хангаж уу, үгүй юу, түүхий эд нь болж байна уу гэдэг шинжилгээ хяналтыг химич нь хийдэг, бүтээгдэхүүн болгодог процессыг хийдэг нь технологич инженерүүд юм. Тэгэхээр химийн салбарын хувьд “Алсын хараа-2050” дагуу Монгол Улс үйлдвэрлэгч орон болно, боловсруулалт, бүтээгдэхүүнээ өргөжүүлнэ, эдийн засгийн дийлэнх хэсгийг боловсруулалтын салбар болгоно л гэж үзэж байвал хүссэн хүсээгүй химийн салбарын хэрэгцээ нэмэгдэнэ. Үйлдвэрлэл гэхээр манайх том зүйлийг яриад байдаг л даа. Хамгийн энгийн жишээгээр үйлдвэрлэл гэдэг нь бүтээгдэхүүнээ түүхий эд болгох бүх процессыг хэлэх юм. Нэг бодис А-аас Б гэж өөрчлөгдөж байвал хими, энэ бүрд химичид оролцох шаардлага гардаг. Улс орны эдийн засгийн салбарын өсөлттэй уялдуулбал бүх салбарт бүтээгдэхүүн гаргах бүх процесст химичид оролцоно. Нөгөө талаасаа зөвхөн боловсруулж бий болгохоосоо гадна хэрэглээ гэж байгаа. Бид гаднаас маш их хэрэглээтэй, бензинээсээ эхлээд маш олон төрлийн зүйлсийг гаднаас импортолж авдаг. Хүнсний аюулгүй байдал гээд маш том хөтөлбөр явж байна, нефть, бүтээгдэхүүн хортой, хоргүй гээд их ярьж байна. Ерөөсөө л хүний амьдралын өдөр тутмын хэрэглээг хянах ёстой хүмүүс нь химичид. Хүний идэж уудаг хэрэглэдэг бүх төрлийн шинжилгээг химичид хийдэг. Тэгэхээр зөвхөн боловсруулах бий болгох бүтээгдэхүүнээс гадна хүний өдөр тутам хэрэглэдэг хэрэглээг хянаж, шинжилж, аюулгүй болохыг нь баталгаажуулж, хамгаалж байдаг хүмүүс химичид. Энэ төрлийн мэргэжилтнүүд маань шинжилгээ хяналтаа хийхэд зайлшгүй лаборатори хэрэгтэй болдог. Хими оролцоогүй ямар ч салбар байхгүй. Нэг салбарын жишээ дурдахад саяхан л гэхэд нефть импортлогчид химичид нь хүрэлцэхгүй нефтийн шинжилгээний мэргэжилтнүүдийг нэхэж байна. Хуучин манайд нефтийн химич бэлтгэж байх үед жилдээ арав гаруй хүүхэд химичээр суралцан төгсдөг байсан. Одоо цэвэр хими болоод төгсөж байгаа хүүхдийн тоо эрс багасчихсан энэ үед төгсөж буй хүүхдүүд нэг салбартаа ч хүрэхгүй болсон. Энэ олон шатахуун түгээх станцууд, бензин оруулж ирж буй компаниуд бүгд л шинжилгээ хийдэг. Тэгэхээр үүнийг хийдэг хүмүүс л хэрэгтэй, салбар салбарт химичид хэрэгтэй байна.

Түүнчлэн химичид цуглаад ярьж байсан зүйл нь мэргэшсэн химичдийг үнэлдэг, химичдийг шинжилгээний лабораторийн чадавхаар нь мэргэжлийн зэрэг олгодог үйл ажиллагаатай болгох тухай юм. Ингэж байж бид химичдээ чадвартайгаар нь ангилж, ажлын байр ялгаатай байдлаар ажил олгогчид өгмөөр байна. Яг лабораторид шинжилгээ хийх чадвартай химич бас янз янз шүү дээ. Үүнийг зэрэг дэвтэй болгож өгвөл үнэлэмж өөр болно гэх зэргээр манай салбарт шийдэх асуудал олон байна. Ажлын байр нь зөндөө байдаг, хүн ордоггүй ийм асуудал химийн салбараар мэргэжилтэн бэлтгэж буй ШУТИС, ХААИС, МУБИС зэрэг сургуулиудад байна. Ерөнхийдөө л химичдийн эрэлт их, хүний нөөцийн хангалт бага байна. Манай сургууль байгалийн ухааны салбарын хүүхдүүддээ тэтгэлэг зарладаг, тэтгэлгээр урамшуулахад ч химийн эрэлт хангалттай нэмэгдэхгүй бага байна. Тэгэхээр ЕБС-ийн сургалтын системд химийн хичээл хэр сонирхолтой, зөв яваад байна вэ зэрэг асуудалд анхаарах хэрэгтэй. Улсын химийн олимпиад зохион байгуулах хороогоор дамжуулаад хүүхдүүдийг химид дуртай болгох үйл ажиллагаа хийж байгаа. Өөрөөр хэлбэл, олимпиадад алс дүүргийн, сумын хүүхдүүд ч орж болох цахим олимпиад хийж, оролцоод сонирхоод үзэх суралцагчдыг нэмэгдүүлэх хэлбэрээр явж байна. Дээр нь сайн багш, сонирхолтой химийн туршилт бүхий химийн хичээлийг л арван жилд зааж байж химийн сонирхол нэмэгдэнэ. Гол нь ирээдүй маань химийн салбарыг сонирхох хэрэгтэй болчихоод байгаа юм. Химиын чиглэлээр суралцагчдын тоо буурахад элсэлтийн бодлого ч давхар нөлөөлчихөв үү гэж хардаг даа.

-Өнгөрсөн жил МУИС-ийн химийн ангийг арав гаруй хүүхэд төгссөн. Энэ жил хэдэн хүүхэд төгсөх вэ?

-Цэвэр химийн чиглэлээр төгсөгч гэвэл сүүлийн үед үнэхээр санаа зовоож буй асуудал байгаа. ШУ-ны сургуулийн цэвэр химийн ангид маань шинжлэх судалгааны мэргэжилтнүүд, эрдэм шинжилгээний байгууллага, хувь болоод улсын лабораториудад ажилладаг цэвэр шинжлэх ухаан суурьтай төгсөгч бэлтгэдэг, ийм ангид маань хүүхдүүд их бага элсэж байна. Энэ жил хорь хүрэхгүй суралцагч төгсөх байх. Өмнөх жилүүдтэй харьцуулахад химийн эрэлт их багасчихаад байна. Энэ маань цаанаа ЕБС-д байгаа хими сонирхогчдын тоотой, хичээлийн агуулга, химийн хичээл заадаг багш нартай уялдаад багасчихаад байна. Тэгэхээр бид ЕБС-иас нь химид дуртай болгох ажиллагааг хийж эхлэхийг бодохгүй бол болохгүй юм. Химийн инженерийн ангийн хувьд энэ жил 20 орчим суралцагч төгсөж байгаа. Ерөнхийдөө сүүлийн жилүүдэд олборолт, боловсруулалтын нэмэгдүүлэлттэй уялдуулаад технологи, инженер суурьтай ангиудад хүүхдүүд орж сайн бэлтгэгдэж байгаа.

-Таны бодлоор арван жилийн хүүхдийг химийн шинжлэх ухаанд сонирхолтой болгож, энэ чиглэл рүү дуртай болгоход юу хийх хэрэгтэй вэ?

-Хамгийн эхэнд сайн багш, сайн лаборатори байх ёстой. Орон нутагт байгалийн ухаан, химийн багш нар хүрэлцэхгүй байна. Ялангуяа ахлах ангид хими заадаг багш нар ховор, нэг багш олон хичээл зааж байна. Орон нутагт хүн тогтохгүй байна шүү дээ. Ер нь багшаас маш их зүйл хамаардаг. Хоёрдугаарт, байгалийн ухаан чиглэлийн хүнд салбарыг хичээж сурахаас илүүтэй нийгэм хүмүүнлэгээр суралцах болсон хүүхдийн тоо их байна. Үүнийг ЭЕШ өгч байгаа байгалийн ухааны хүүхдийн тоог өмнөх жилүүдтэй харьцуулахад багасчихаад байгаагаас харж болно. Байгалийн шинжлэх ухааны чиглэлийн ялангуяа химийн хувьд сайн лабораторид суурилсан сонирхолтой туршилт дадлагатай байж хичээл сонирхолтой болж хүүхдүүд химийг ойлгож сонирхдог онцлогтой. Тиймээс сайн бодолцож анхаарахгүй бол болохгүй байгаад байна.

-Улсын хөгжлийг тодорхойлдог гол хүчин зүйлийн нэг бол дотоодын үйлдвэрлэл. Үйлдвэрийн гол тулгуур нь аливааг бүтээх инженерүүд байдаг гэдэг?

-Монголд химийн инженер бол шинэ салбар, химийн технологийг нь түрүүлж бэлтгэсэн. Химич, химийн технологич, химийн инженер гэсэн гурван мэргэжилтнийг бэлтгэдэг гэсэн үг. Монгол Улс дөнгөж 1995 оноос химийн технологичдыг бэлдэж ирсэн. Монгол Улсад боловсруулах үйлдвэрийг идэвхжүүлэх Засгийн бодлого хангалттай байхгүй байсан. Одоо л далайцтай хөдлөх гэж байна шүү дээ. Үүнээс өмнө мөнгө их амархан олдох хэлбэрээр буюу нүүрс, зэсээ олборлож шууд гаргаж байсан. Энэ бол сүүлийн 20, 30 жилийн түүх маань шүү дээ. Үүнээс өмнө байсан төрөл бүрийн үйлдвэрүүд болох барилгын материал, арьс ширний зэрэг үйлдвэрүүд бүгд нурсан, одоо л өндийж байна. Гэтэл барилгын материалын үйлдвэр гэхэд тэр чигтээ л химийн мэргэжилтнүүд ажиллана. Нүүрсээ эхнээсээ гаргахаа больё угаая, нефть үйлдвэр баръя, зэсийн баяжмал боловсруулъя гэж буцаад үүнийг бүтээгдэхүүн болгох шаардлагатай гэдэг бодлого эхэлж байна. Тийм учраас эдгээр хүмүүсийн ажлын байрны хомсдол мэдэгдэхгүй явсаар одоо гэнэт гарч ирж байгаа юм. Өмнө бэлтгэсэн 400 хүн чинь доороо шингэчихсэн шүү дээ. Үйлдвэрүүдэд технологийн хяналт тавьж чадах чадвартай хүмүүс цөөхөн байсан. Хүмүүс үйлдвэрлэлийг биш шууд худалдааг дэмжиж байсан жилүүд байлаа л даа. Бүгдээрээ олборлолт биш боловсруулъя гэдэг бодлого нь одоо эхэлж байна гэдэг чинь яалт ч үгүй хүн болгон үйлдвэрлэл рүү орно, ороод эхлэхээрээ технологи буюу процесс сонирхон шат дамжлагын ойлгодог технологич, инженерүүд хэрэг болно. Хими оролцдоггүй салбар гэж байдаггүй, ямар нэг аргаар, багаар ч гэсэн химичид хэрэгтэй байгаа. Тэгэхээр үүнийг л мэддэг хүмүүс хэрэгтэй болж байна гэсэн үг. Химигүйгээр цаад санаа, утгыг ойлгохгүй шүү дээ. Тиймдээ ч бидний хувьд химийн үндсэн болон үйлдвэрийн процессийн суурь мэдлэг сайтай, практик дадлага туршлага чадвартай химийн боловсруулалтын технологич, химийн инженерүүдийг бэлтгэхэд голлон анхаарч байна. Энэ мэргэжилтнүүд маань ч химийн инженерчлэлийн суурь мэргэжилтнүүд тул аль ч үйлдвэрлэлд ажиллах чадвартай байхаар бэлтгэгдэх юм.