Өвөрхангай аймгийн Цагдан сэргийлэх хэлтсээс ажлын гараагаа эхэлж Монголын цагдаад 39 жил хоёргүй сэтгэлээр зүтгэсэн бэлтгэл хурандаа Б.Бэхбаттай ярилцлаа.
-1990-ээд он бол Монголын цагдаад хүнд он жилүүд байсан гэдэг. Ялангуяа энэ үед орон нутагт ажиллаж байсан цагдаа нарын хувьд нэлээд чанга үе байсныг дурсдаг. Та бол тэр хүмүүсийн нэг. Тиймээс орон нутгийн цагдаа тэр үед яаж ажиллаж байсан дурсамжаас ярилцлагаа эхэлье?
-Би 1983 оны долдугаар сараас Өвөрхангай аймгийн Цагдан сэргийлэх хэлтсийн мөрдөн байцаагчаар томилогдон ажиллаж эхэлж байлаа. 1983-1988 он хүртэл орон нутгийн цагдаагийн алба хэвийн үйл ажиллагаагаа явуулж байсан. Би 1988 онд ЗХУ-д Дотоод явдлын яамны Волгоград хот дахь Мөрдөн байцаагчийн дээд сургуульд суралцаж, 1991 онд төгсөж ирсэн. 1992 оноос Монголын цагдаа хүнд болсон шүү дээ. Дөнгөж зах зээлд шилжсэн, техник тусламж байхгүй, хувцас хангалтаа хийж чадахгүй. Дарга нар зайлуул, өөрсдөө дээшээ доошоо ярьж, хувийн аж ахуйн нэгжүүдэд хандаад л гүйнэ. Арьс ширийг бид өөрсдөө явж цуглуулж байж хойш урагш нь гаргаж хувцсаа бэлдэнэ. Хувцасгүй хүртэл болж байлаа. Хөвөнтэй дээлтэй ажилдаа ирдэг. Дүрэмт хувцас хийж чадахгүй болчихсон үе. Машин тэрэг ч муутай. Газар хэлтсийн дарга нарын ганц нэг машин байна. Зав чөлөөгөөр нь унаж холын хэргээ мөрддөг. Нэг явахаараа өдөржин шөнөжин ажиллана, жолооч ч унтахгүй, бид ч унтахгүй. Баахан хүний нэрс гаргаж аваад л сум дамжаад давхиж өгнө. Шаардлага ч өндөр байж, тэр үед.
-Мөрдөгч хэргээ заавал илрүүлэх ёстой гэдэг шаардлага…?
-Тийм ээ. Нэг удаа хоёр аймгийн 15 сумаар олон тооны адуу хулгайлсан хүний хэрэг мөрдөж таарлаа. Тэр үед унаа байдаггүй. НАХЯ-ны хэлтсийн даргын унааг гурав хоногийн томилолттой гуйж авч явлаа. Гэтэл би хэргээ мөрдөөд бүр 14 хоночихлоо. 140 гаруй хүний нэрс гаргачихсан, тэр бүртэйгээ уулзах ёстой. Буцаж ирээд нэгд, машины хугацааг хэтрүүлсэн, хоёрт, 140 хүний гурван хүнээс мэдүүлэг тайлбар аваагүй хэргээр надад арга хэмжээ авах болдог юм байна. Тийм л хатуу байсан цаг.
-Та бол Өвөрхангай аймгаас ажлын гараагаа эхэлсэн. ЗХУ-д мэргэжил дээшлүүлж ирээд нутагтаа ажилласан байдаг. Номын дуу сонсч ирсэн залуу цагдаа хэрхэн ажиллаж байв?
-Орон нутагт дагнасан мөрдөгч гэж байхгүй. Хүн ам, дээрэм, зам осол, хүчингийн гээд төрөл бүрийн хэргийг орон нутгийн мөрдөгч бүгдийг мөрддөг. Бүх хэрэг дээр оролцдог учраас сонирхолтой. Өөрөөр хэлбэл, олон талын мэдлэг шаарддаг, тэр хэрээр туршлагаждаг. Замын осол гэж өөр, хүчингийн хэрэг өөр, хулгайн хэрэг өөр. Ялангуяа малын хулгай дотроо нэлээд их. Тэр бүрт бидэнд мөрдлөгөө явуулахад том хувь нэмэр оруулж байсан хүмүүс бол нутгийн иргэд. Тэд маш их ажигч гярхай зантай. Одоо бол хүмүүс тийм биш болсон шүү дээ. Хэнтэй хэзээ тааралдсанаа мартчихдаг.
-Хэлэхийг ч хүсдэггүй болсон?
-Тийм. Харин бидний үед бол нутгийн өвгөчүүл “Тэр үед тийм зүсний морьдыг ийм хувцастай хүмүүс ингэж туугаад явж байсан” гээд л дурангаар харснаа ярьдаг байв. Тэр нь ч хулгайн хэргийг илрүүлэхэд ихээхэн дэм болдог байлаа. Бусад хэрэг дээр ч тэр, адилхан.
-Орон нутагт ямар хэрэг голдуу гарч байв. Таныг мэргэжил дээшлүүлээд ирэхэд нэлээд их хэрэг шийдэгдээгүй дарагдсан байсан гэдэг шүү дээ?
-Орон нутагт тэр бүр онц ноцтой хэрэг гарах нь ховор. Голдуу бол хулгайн хэрэг гарна. Тэр дотроо малын хулгай, орон байрны хулгай их. Яршиг даа, үүний төлөө ч дээ гэмээр хэргүүд ч гарна.
-Мөрдөгч болоод илрүүлсэн анхны хэргээ санана биз?
-Саналгүй яахав. Би анх 1985 онд анхны хүн амины хэрэгт томилогдож таарлаа. Баруун Баян-Улаан сумын төвөөс 30 км Хөөвөр гэдэг газарт гарсан хэрэг. Ямар ч туршлагагүй дэслэгч анх удаа хүн амины хэрэг дээр томилогдсон нь тэр. Маш их айж байсан. Ийм том хэрэг дээр би ажиллах гэж гээд л. Тухайн үед манай газрын дарга Цэндсүрэн гэж мундаг хүн байлаа. Сүүлд Эрдэнэт үйлдвэрийн Отгонбаяр агсны хэрэгт хэлмэгдээд, сүүлд цагаадсан даа. Тэр дарга маань “Бэхбат аа, чи явах ёстой, чамд бид итгэж байна” гэж хэлэхээр хүн шал өөр болчихдог юм билээ. Ингээд л явсан.
-Нөхцөл байдал ямар угтав?
-Сумын төвөөс 30-аад км, ойр орчиндоо айл амьтан байхгүй зэлүүд газарт очиж таарлаа. Тэнд ёстой л А-гаас эхэлсэн. Биднийг очсон шөнө жаахан бороо дуслаад хоносон байв. Өглөө нь элсэн дээр хүний гутлын мөр янзын гоё тодорчихсон угтлаа. Мэдээж бидэнтэй хамт тусгай шинжээч явахгүй.
Өөрсдөө шинжээчээ хийнэ. Ингээд гутлын мөрийг бэхжүүлж байж хэргийг илрүүлж байлаа. Хохирогч Тарагт сумаас илгээлтээр ирсэн малчин залуу. Эхнэр нь сумын төвд төрөх болж, эргэхээр явах хойгуур хэрэгтэн гэрт нь хулгай хийхээр орсон байгаа юм. Хохирогч яг тэр үед гэртээ ирж таарчихсан. Ингээд л хулгайч гэрийн эзнийг цохиж хөнөөгөөд зугтаачихсан байдаг юм. Бүтэн 10-аад хоног мөрдөлт явуулж байж, гутлын мөрөөс эхлээд л янз бүрийн туршилт их хийсээн. Эрүүгийн төлөөлөгч, прокурортойгоо хамтарч байж илрүүлж байлаа даа.
-Орон нутагт хааяа бас ноцтой хэрэг гардаг. Илрүүлэхэд хүндрэлтэй ямар хэргийг мөрдөж байв?
-Аймгийн төвд ноцтой нэгэн хэрэг гарч байсан. Тухайн үед хэвлэлээр нэлээд шуугиан болж байсан санагдана. Төрсөн эгчийгээ таван настай хүүтэй нь хөнөөгөөд зугтаасан хэрэг. Түүн дээр бид ажилласан. Тухайн үедээ илрэхээргүй л ноцтой хэрэг байсан.
-Илрэхээргүй гэдэг нь?
-Эхний үед хэн үйлдсэн нь маш бүрхэг байсан. Хоёрт, ах дүүс нэгнийхээ аминд хүрэх тухай ойлголт тухайн үед байхгүй байв. Түүнд жаахан төөрөлдөж яваад сүүлд хэрэгтнийг олсон юм. Эгч, дүү хоёр аав ээжээсээ үлдсэн хөрөнгөөс болж маргалдсан. Түүнээс үүдэж дүү нь эгчийгээ таван настай хүүхэдтэй нь хамт боомилж алчихаад зугтаачихсан байсан. 20 гаруйхан настай залуус. Гэрт нь эмээ ээж нь гээд хараагүй хөгшин байсан юм. Тэр хөгшин үйл явдлыг сонссон байж. Бид хараагүй, хөгжлийн бэрхшээлтэй хүн учраас нэг их тоогоогүй. Гэтэл хамгийн гол гэрч болж таарсан. Эгч дүү хоёрыг хэрэлдэж маргалдаад байсныг сонссон байгаа юм. Тэгээд л хэрэг гарах үед дүү нь ирсэн байсан гэдгийг бүр сүүлд хэлснээр бид хэрэгтний мөрөөр явж олж байсан.
-Та Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын дарга хүртэл ажиллаад Улаанбаатар руу шилжсэн байдаг. Хотод ирээд мөрдөн байцаахаас илүү цагдаа нарын төлөө нэлээд ажилласан байх аа?
-Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын дэд дарга хүртлээ дэвшиж ажиллаад 1997 онд Улаанбаатар хотын Төмөр замын цагдаагийн хэлтсийн боловсон хүчин, хүний нөөц хариуцсан дэд даргаар ажиллаж эхэлсэн юм. Мөрдөн байцаах албанд ажиллаж байсан хүн шал өөр чиглэл рүү ороод ирсэн л дээ. Сонин ч байсан. Цагдаа нарыг сургаж хүмүүжүүлдэг, хүний нөөц хариуцдаг алба. Сүүлд ЦЕГ-ын Хангалт үйлчилгээний төвийн даргаар багагүй хугацаанд ажилласан. Тэр үед цагдаа нарыг хувцастай болгох, хувцасны хэв маягийг нь шинэчлэх, яавал дулаан чанартай, биед эвтэйхэн байлгах талаар нэлээд ажилласан. Гутлыг гэхэд хичнээн ч удаа шинэчлэв. Цагдаа нараас санал ихээр авна, тэгж байж дулаан хувцастай болгосон шүү дээ.
-Ард түмнийхээ аюулгүй байдлын төлөөх албанд 40 орчим жил зүтгэнэ гэдэг тэр бүр хүнд олдохгүй түүх юм. Цагдаа хүн ямар үед мэргэжлээрээ бахархдаг юм бэ?
-Хохирсон иргэдийн хувь заяаг шийдэж, эд хөрөнгийг олж өгөх, хүнээ алдсан хүний гомдлыг тайлаад өгөхөд л бахархал төрдөг байлаа. Нөгөө талдаа хүнийг хэлмэгдүүлэхгүй байх.
Зарим хэрэг хурдан илэрнэ, зарим нь зовж илэрнэ. Түүний төлөө явсан хугацаа, хүч хөдөлмөр нэлээд их. Өлсөж цангах бол мөрдөгч хүнд юу ч биш. Тэгж явсны эцэст хэргээ илрүүлчихээд урт амьсгаа авдаг байж билээ. Цагдаагийн албаараа, мэргэжлээрээ бахархаж байсан нэг түүх бий. Ард иргэдээс янз бүрийн гомдол ирнэ. Цагдаа бүгдийг шалгах үүрэгтэй. Гэтэл нэг удаа Уянга сумын Баараа гэж газраас нэг хөгшин унааны ганц морио алдсан гомдол ирдэг юм байна. Тухайн хүндээ том өмч шүү дээ. Түүнийг нь хөөцөлдөж өдөржин шөнөжин явж илрүүлчихээд шөнийн 04:00 цагт гомдол гаргасан өвгөнийхөө гэрт нь явж очлоо. Морийг нь олчихлоо гэдгээ дуулгахлаа. Гэтэл нөгөө хөгшин маань “Миний ганц морины төлөө төр явдаг юм байна” гээд л уйлж байсан. Тэгэхэд л их баярлаж байлаа. Хөгшин “Миний морь яах вэ. Ингэж явж байгаа чинь хамгийн гоё байна” гээд л умгар гэртээ шөнө дөлөөр босоод цай цүй идээ ундаа болоод л. Тийм сайхан сэтгэл үнэртсэн явдал санаанаас гардаггүй юм.
-Та мөрдөн байцаах албанд нэлээд удаан ажилласан хүн. Хэрэг мөрдөж дуусгаад прокурор шүүх рүү шилжүүлэхэд буцах тохиолдол хэр байв. Үүнийг асууж байгаа учир нь сүүлийн үед шүүх дээрээс хэрэг буцдаг явдал задгайрлаа шүү дээ?
-Мөрдөгчид тэр хэргийг тултал явдаг. Бүх талаас нь бүрэн дүүрэн илрүүл гэж үүрэг өгдөг байлаа. Хэрэг буцах тохиолдол маш цөөхөн байв. Хэрэг буцаж байна гэдэг ажил дутагдалтай байна гэсэн үг. Мөрдөөд жин тан болоод шүүх дээр очиж байгаа хэрэг буцах ёсгүй. Хэрэг буцна гэдэг ойлголт тухайн үеийн цагдаагийн байгууллагын ажилд гологдол гэж үздэг байсан. Одоо бол буцахгүй хэрэг алга байна. Ингэснээр цаг хождог, ач холбогдлыг нь алдагдуулдаг арга хэрэгсэл болчихов уу даа гэж хардаг болсон.
Өөрийгөө магтаж байгаа юм биш, мөрдсөн хэргийг маань шүүгч уншихгүй тасалдаг байсан. Одоо ингэж ярьж болохгүй л дээ. /инээв/.
-Мөрдөгчийн чадварыг шүүгч мэддэг болоод тэр биз дээ?
-Тийм найдвартай мөрддөг байсан гэсэн үг. Энэ хүн хэлмэгдүүлэхгүй, тултал нь илрүүлчихсэн гэж үздэг байсан гэх юм уу даа. Тэр үед өмгөөлөгч гэж байдаггүй байлаа. Тийм үед хүн хэлмэгдүүлдэг байсан бол хэргийг яаж ч бичиж болно шүү дээ. Одоо бол өмгөөлөгч хүний эрхийг хамгаалж байна гээд хэргийг завааруулж, ашиг сонирхол оруулдаг болчихсон. Прокурор, шүүгчтэйгээ хуйвалдаад л Монголын цагдааг ажил хийлгэхгүй байна шүү дээ.
-Ний нуугүй хэлэхэд цагдаад ч ийм явдал байхгүй гэж хэлэх аргагүй шүү дээ?
-Хүмүүс тэгж яриад л байгаа юм. Би бол итгэдэггүй. Учир нь цагдаа, мөрдөн байцаагч хүн тийм ёс зүйтэй байх ёстой. Тэр ёс зүйд л итгэж байна. Одоо бол шинжээч томиллоо л гэнэ. Итгэхээ байчихсан. Хөнгөн гэмтлийг хүнд, хүндийг хөнгөн болгоод суллачихдаг. Тэгэхээр салбар бүрд шударга ёс байна уу үгүй юу гэж асуух болчихоод байна.
-Шударга ёсны асуудал яривал их хүнд юм. Онц ноцтой хэргүүд одоо яригдаж байна. Нүүрсний хэрэг, Хөгжлийн банкны хэрэг гээд л. Таны үеийнхээр бол хохирлын хэмжээгээрээ онц ноцтой хэрэг мөн биз?
-Ноцтой хэрэг байлгүй яахав. Ёстой цаазаар авах ялтай хэрэг.
-Эрх мэдэлтэй хүмүүс ард түмнийхээ боломжийг хэдэн их наядаар нь хулгайлж, төрөө тоносон онц ноцтой хэрэг үйлдэгдэж байхад Монголын цагдаа, прокурор, шүүх хаана явсан юм бэ. Тэд яагаад нүдээ аньчихав гэдэг асуулт гараад байгаа юм л даа?
-Үнэхээр хохирлыг нь хэлж барахгүй том хэргүүд гардаг болж. Таны хэлдгээр нүд чих болсон цагдаа яагаад ажилласангүй вэ гэж байна. Үнэн л дээ. Түүнийг зөвшөөрч байна. Уг нь цагдаад гүйцэтгэх ажиллагаа гэж байна даа. Бусдаас мэдээлэл авах, шалгах, тогтоох, тагнах, мөрдөх, нууц ажиллагаа явуулах эрхтэй. Энэ тал дээр цагдааг хүчгүйдүүлсэн дээ гэж хардаг. Дээрээс нь улс төрийн нөлөөлөл их ордог болж. Нэг хэргийг илрүүлэх гэхээр дээрээс цагдаагийн алба хаагчдыг зовоодог байх. Энэ мэтчилэн ард түмэн хууль сахиулах байгууллагууддаа итгэхэд хэцүү болсон нь үнэн.