Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Ялгуусан бэйсийн нутагт уяруухан өвөл болж байна DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ 2013 ОНЫ АРХИВААС ДАРААХ НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


Хөдөө сайхан байна.
Зам дагуух цасан дунд харганын толгой туу­лайл­­жээ. Цагаан хэвнэг нө­мөрсөн зам
дагуух уул­сын өвөрт айлууд өвөл­жөөл­сөн харагдана. Өтгөн ца­гаан утаа гэрийн яндан­гаас
гогцоорон өндөр авуутаа салхины аясаар сарнин баруун хойноос зүүн урагш нүүнэ. Үдшийн
нарны бүүдгэр туяа тол­годын хормой үнсэх ахуйд үхэр, хонио туусан бараг нүцгэн
шахуу хоёр хүү замын машинууд руу хараа салгахгүй харах аж. Энэ өвлийн эхэн сарын
сүүлчийн өдрүү­дийн зураг ажгуу. Улаан­баатарын дэндүү гэмээр утаанаас холдсон да­руйд
утаанд дассан уушги, цээжиндээ нэг их уртаар амьсгаа авах ахуйд сэтгэл цэлмээнэ.
Улаанбаатараас Урьхан хэмээх хоолны газар өн­гөрүүт өнөө нэлийсэн цагаан цас тарлан
цоо­хортжээ. Үдийн наран жаргах үест Баруунха­раад ирэв. Цас багатай, утаа ихтэй
харагдана. Улаанбаатарт л утаа бай­даг гэж бодож явсан минь ташаа болохыг Сэлэнгэ
аймгийн Баянгол сум батлаад өгөв. Түүнээс цааш намрын сүүлч сар шувтарч байна уу
гэмээр сэрүүвтэр хэрнээ цасгүй байна. Цасгүй байх нь сайны дохио юу, муугийн дохио
юу гэдгийг мэдэх хүн хараахан таарсангүй. Хамт яваа хүмүүс маань хөдөө гадаа явж
сурсан тул аян замд ямархан аялгуу байгалийн зөнтэй нийлэн сэтгэлийн хөг хөн­дөхийг
мэддэг аж. Морин хуур, лимбэний аялгуу жаргах нарны улам бад­раах мэт тэнгэрийн
хаяа улаарах.

Бямба гаригийн өглөө Сэлэнгэ аймгийн Түшиг сум буюу Зэлтэрийн
сангийн аж ахуй руу явлаа. Найрамдал, Зүүнбүрэнгээр дайрав. Замд 10 гаруй Шведийн
Скана хэмээх том оврын ачааны машин зөрнө. Ачаагаа бризентээр дарсан байх агаад
түүн доор нүүрс байгаа нь илт. Үдээс өмнөх илч муутай нарны туяа Сэлэнгэ мөрний
эрэг дэх бургасны цантсан мөчирт ойн ер бусын гэрэл сацраана. Зэл­тэрийн наахна
Нам давааны ба­руун хормойд шар дурдан дэлгэ­сэн мэт тариан талбай шаргал­тана.
Юун өвлийн сүүл сар дуусах манатай байна шүү. Уулын өврөөр хус, нарс холилдон ургасан
нь торгоны хээ мэт сүлэлдэн байх жишээтэй. Бид явсаар Түшиг суманд ирлээ. Нам гүм
ноёлсон уг буйдхан газрын иргэд дор бүрнээ өөрсдийн ажлыг хийцгээх аж. Хав­рын тариалалтын
үеэр очсон би­дэнд урд уулын модод яагаад нүцгэрчихсэн юм бэ гэхэд зун дайн болсоон
гэцгээнэ. Учрыг лавлахад өнгөрөгч зун 20 минутын мөндөр хоёр тэрбум 100 сая төгрөгийн
хохирол учруулсан байна. Сумын төвийг дайрсан теннисний бөм­бөгийн чинээ мөндөрийн
зурвас айлуудын байшингийн төмөр дээв­рийг зад цохин, цонхыг нь хагалж хашаан дахь
ногоо, мод бутыг нүцгэлэн, машины гэрэл дохио, цонхыг хага цохьсон байгаа юм. Ийм байгалийн гамшигтай нүүр тулж байгаагүй сумын
иргэд 2-3 хоногтоо шокноосоо гарч чадалгүй балрах дөхсөн байна. Тухайн үед айлууд
гэртээ орохын аргагүй усанд автаж гэрийн тавилгууд уснаа хөвж байсан гэнэ. Баяр
наадмаа тэмдэглэх гэж байсан сумын иргэд хэд хоногийн дараа­гаас сумынхаа бүтээн
байгуулал­тад гар бие оролцжээ. Аймгийн Онцгой байдлын албаныхан ирж айлуудын хашаа,
саравчийг янзалж өгчээ. Байгалийн гамшигт тусламж үзүүлэн Засгийн газраас 400 сая
төгрөг, УИХ-ын гишүүн С.Баярцогт 25 сая төгрөг өгснөөр нь сум бүтээн байгуулалтаа
эр­чимжүүлэн дайны дараахь сумын төв өнгө засчээ.

Азаар хөдөөний малчид, газар тариалангийн бүсийг төдий л дай­раагүй
бололтой. Түшиг сум буюу Зэлтэрийнхэн ирэх онд 90 жилийн­хээ ойг тэмдэглэнэ хэмээн
хөл хөөрцөг болцгооно. Харин өнгө­рөгч сарын 22-нд ургацын баяраа нижгэр тэмдэглэсэн
сурагтай. Зэл­тэрийн САА 1959 онд байгуу­лагдсан анхны дөрвөн сангийн аж ахуйнуудын
нэг. Сумын төв нь жигтэйхэн цэвэрхэн, соёлын төвийнхөө үүдэнд 75 тракторын хөшөө
босгожээ.

Тус сум өнөө жил ургац хураал­таараа га-гаас 20.4 центнер ургац
хураасан амжилтаараа манлайл­сан тухай сумын Засаг дарга Ц.От­гонтүйн хэллээ. Мөн
Буриадский Алтай, Дархан 39 сортын тариа тариалжээ. Газар тариалангийн бүсэд тариалан
эрхлэгч, малчдын дунд маргаан дэгддэг. Уг асуудлыг тус сумынхан малчдаа тариалан­гийн
бүсийнхээ эсрэг тал руу нүүл­гэж эхэлснээс хойш уг ажил нам­даж эхэлжээ. Зэлтэрт
үйл ажил­лагааг явуулдаг Гацуурт компанийн Канадаас авч ирсэн 1000 гаруй үхэр орж
ирэхээрээ бэлчээр тахал­даг тул малчдын эсэргүүцэлтэй тулгардаг тул тусад нь газар
зааж өгсөн байна.

Түшиг сум хотгор газар сунаж тогтсон байдаг тул төдий л зуд турхан
болоод байдаггүй онцлог­той. Сумын төв Оросын хилээс 10 гаруй км-ийн зайтай тул
Буриадууд вагончигтойгоо хавар нүүж ирэн зусчихаад намар нь буцаад нүүдэг байж.
Гэнэтхэн хил хаах үед зарим айлууд нь Зэлтэртээ үлдэж нутгийнхантай гэр бүл болсон
нь ч бий аж. Хуучин Зэлтэрт атаршсан тал зонхилж Буриадын газар нутаг тариа будаандаа
шаргалтан ха­рагд­даг байсан бол одоо байдал эсрэгээрээ болсон тухай Ц.Отгон­түйн
өгүүлэв. Хилийн боомтын тухай хууль батлагдвал тус сум хөгжих их ирээдүйтэй юм билээ.
Оросууд хил нээлттэй болно гэсэн сургаар аль хэдийнэ бүтээн бай­гуулалтын ажлаа
эхэлсэн байлаа. Буриадын талаас Түшиг сумын нутаг дахь Улаан овоогийн нүүрс­ний
уурхайг сонирхож байгаа бөгөөд боомт нээгдвэл нутаг руугаа нүүрс татах сонирхолтой
байгаа гэнэ. Магадгүй үүндээ бэлдэж хилийн цаана бүтээн байгуулалт өрнүүлж байж
мэдэх юм. Улаан овоогийн нүүрсний уурхай 2011 оноос олборлолтоо эхэлжээ. Уур­хай
нээгдсэн сургаар нүүсэн иргэд нутгаа бараадах нь нэмэгдэх бол­сон юм байна.
2000 оны үед 2400 байсан сумын иргэд 1400 болтлоо цөөрсөн ч өнөөдөр 1700 гаруй хүн
уг нутагт амьдарч байгаа аж. Улаан овоогийн уурхай Канад эзэнтэй гэсэн. Зуны үед
борлуулалтгүй болчихдог тул тээвэрлэлт зогсож, уурхайн олборлолт үргэлжилдэг ажээ.
Одоогоор уурхайд зэргэлдээ сумдын болон Дархан-Уул, Орхон аймгийн 200 гаруй иргэн
байнгын ажлын байраар хангагдаад байгаа гэнэ билээ. Уурхайн ажилчид сүүлийн үед
захирлууддаа цалин нэмэгдүүлэхийг шаардаад хараа­хан амжилтад хүрээгүй тухай сумын
ИТХ-ын дарга Э.Төрбадрах шавилхан бор залуу хэлж байв. Уурхайн нүүрсийг шууд экспортод
гаргахад бэлэн гэсэн. Эл уурхай 260 сая тоннын нөөцтэй бөгөөд 60 жил ашиглах боломжтой.
Засаг дарга Ц.Отгонтүйн уурхайн захир­луудтай ярилцан нутгийн иргэд тонн нүүрсийг
20 мянган төгрөөг авахуулж байхаар болжээ. Хуу­лиараа уурхайн орлогын 10 хувийг
орон нутаг авна гэж заасан ч тэрхүү заалт одоогоор хэрэгжээгүй байна.

Сайн чанарын уг нүүрсийг дотооддоо борлуулах гэхээр зах зээл нь
багадаад байгаа сураг байсан. Уг нүүрсний орд газар Зэлтэр голын хойхно талд байдаг
юм билээ. Зэлтэр голын урсац бүхий сав газрыг хамарсан хэдий ч уурхайн бараг тал
хувь нь голын­хоо урд хэсэг урсац газраар байдаг гэнэ. Улаан овоогийн уурхайнхны
хувьд урт нэртэй хуулиа барьж ажиллаж байгаа тул голын эргээс 200 метрээс цааш олборлолтоо
хийж байгаа юм билээ. Тус сумын­хан уурхайгаа түшиглэн орон нут­гийн Таван толгойг
бий болгон 10 хувийг нь ашиглавал бусад сум­даас тасраад явтлаа хөгжих боломж их.
Ш.Отгонбилэг агсан Эрдэнэт рүү зэс хайлуулахад нэн тохиромжтой хэмээн олон жилийн
өмнө хэлж байсан юм билээ. Улаан овоогийн ил уурхайн нунтаг нүүрс илч ихтэй бөгөөд
жирийн пийшин зуухны шүүлтүүр төмрийг хай­луул­чихдаг аж. Энэ нь 5000 ккал-аас дээш
илчлэгтэй хамгийн өндөр ча­нар­тай нүүрс хэмээн нэрлэгддэг гэсэн. Уурхай нээгдсэнээр
Зэлтэрт уурхайн ажил­чид шиг мөнгөтэй хүмүүс байсан­гүй. Ноднингоос уурхай жаахан
хумигдаад эхлэн­гүүт дэлгүүрийн орлого нь эрс ба­гас­сан гэнэ билээ. Тиймээс уурхай
тухайн орон нутагт тодорхой хэм­жээний хөрөнгө оруу­лалт хийдэг байсныг төвөггүй
мэдэж болно. Засаг даргын авч хэрэгжүүлсэн нэг санаачилга нь уурхайнхныг сумын төвийн
дэл­гүүрүүдтэй гэрээ хийл­гэж тэд дэлгүүрүүдээр үйлчлүүлдэг юм билээ. Бэлэн мөнгийг
сумандаа үлдээх нэг арга юм.

Сумаас холгүй алтны уурхай үйл ажиллагаа явуулдаг аж. Сумын иргэд
бүлэг болон олборлолт хийх талаар санал тавьсан ч тэдний аюулгүй ажиллагаа болон
нөхөн сэргээлтийн асуудлаас болоод зөвшөөрлийг нь өгөөгүй. Тэгээд ч хилийн ойрхон
тул хуулиа барим­талж байгаа нь тэр хэмээн сумын Тамгын газрын дарга Б.Уранчимэг,
Засаг даргын орлогч Э.Оюун нар хэлж байлаа. Тус сумын ЕБС, захиргаа, хүн эмнэлэг,
цэцэрлэгүүд нь өнөө жил төвийн шугамд хол­богд­сон тухай ярьцгаав. Сумын Засаг дарга
гаднаас ирсэн хүмүүст ан агнах болон мод бэлтгэн сумаас авч явахыг зөвшөөрдөггүй
гэсэн. Нутгийнхан аргагүй л модтой газрын иргэд гэсэн шиг бүхий л зүйлсээ модоор
хийсэн байсан бөгөөд айл өрхүүдийн тал хувь нь бараг хоёр давхар хаус байшинд амьдардаг
аж. Сумынхны онцол­сон өөр нэг асуудал нь сумын төвийн дэлгүүрүүд бүгд өөрөө өөртөө
үйлчлэх системтэй бөгөөд хяналтын камер суурилуулсан тухай ИТХ-ын дарга Э.Төрбадрах
хэлсэн юм. Бидэнтэй хамт явсан ИТХ-н дарга цахар Ялгуун баатар Лаварын Сумъяагийн
удмын хүн ажээ. Түшиг сум нь Богд хаант Монгол Улсын үед Түшээт хан аймгийн Эрдэнэ
хошой Чин Вангийн хошууны нутаг бөгөөд Монгол төрийн үйл хэрэгт онцгой гавьяа
байгуулсан тул Богд хааны зарилгаар Бүтээлийн нурууны өвөр бэлд цахар Сумъяад
үе улиран залгамжлах засаг, Улсын түшээ гүнгийн зэрэг олгож, Эрдэнэ Вангийн
хошуунаас нутаг таслан өгч, Богд Хан уулын аймгийн цахар Ялгуунбаатар бэйсийн хошуу
хэмээн нэрлэж байсан түүхтэй.

Ялгуун баатар Сумъяа бол Манжийн хаант улсын харьяанд байсан Ил
Тарвагатайн цахарын мужийн нэгэн хошуу дэд дарга билээ. Тэрээр 1910 онд хэсэг цахар
монголчуудыг удирдан Хятадын харгис цэргийн дарлалыг эсэргүү­цэн зэвсэгт бослого
гарган нутагтаа байсан гамин цэрэг ба түүний ноёдыг устгасан гэдэг. Удалгүй гамин
цэргийн том анги ирж Сумъяагийн удирдсан бослогыг дарж тэр нутгийн ард түмнийг хүйс
тэмтрэх байлдаан явуулсан бөгөөд Сумъяа нар хүч дутмаг тул аргагүйдэн 500 гаруй
өрх айл аваад оргон нүүж Оросын нутагт дүрвэж очоод хоёр жил орчим болж байтал Халх
Монгол Манжийн ноёрхлоос гарч тусгаар улс байгуулсан явдлыг сонсон гэдэг. Тэр даруй
дагаар орохыг хүсэн 1912 онд Оросын цэргийн хамгаалалттайгаар мон­гол нутгийн хойт
захад нүүдэллэн ирж Богд хаанд дагаар орохоо гуйн айлтгасанд ёсоор болгожээ.
Өмнө зүгээс довтолж байгаа Хятадын цэргийн эсрэг таван замын цэр­гийн ангиудыг явуулахад
Сумъяаг нэгэн отрядын даргаар явуулж, байл­даанд гавьяа байгуулсан тул Богд хаанаас
Сумъяад Ялгуун баатар цол, засаг улсын түшээ гүнгийн хэргэм шагнаж Сумъяаг даган
нүүн ирсэн Ил Тарвагатайн цахарын ардуудыг тусгай нэг хошуу болгон тэр хошуунд Хиагтын
зуун цэргийн нутгийг олгож Сумъяаг засаг ноён болгон захируулснаас хойш өөрийг нь
дагаж ирсэн ядуу тарчиг ардынхаа амьдрал ахуйг өөд нь татах их ажилд орсон байдаг.
Монголын төр тогтнох үгүйг шийдэх тэр бэрх цагт 270 хүнтэйгээ нүү­дэллэн ирсэн түүний
гавьяагаар Хиагтыг чөлөөлсөн гэхэд болно. Тус нутгийн Бооц, Зэлтэр, Жиргэ­дэй домогт
гурван харуулын Түшиг-Зэлтэр нутгаас Ардын хувьсгалын 62 партизан хувьсгалын үйл
хэрэгт оролцож байсан удаатай. Тэднээс 50 гаруй хүнийг нь их хэлмэг­дүүлэлтээр цаазалсан
гашуун түүх ч бий. Алтанбулагийн чөлөөлөх дайнд Сумъяа бэйс цэргүүдээ аван Ардын
журамт цэрэгт нэгдэхээр ирэхэд Д.Сүхбаатар жанжин ирж явааг нь хараад “Аав жанжин
ирж байна” гэсэн гэдэг.

Монгол улсад боловсрол, соёл, шинжлэх ухаан, нийгмийн хөгж­лийг
өөрсдийн гар бие оюун ухаа­наараа манлайлан гавьяат үйл хэрэг бүтээсэн Монгол Улсын
хөдөл­мөрийн баатар Санжаа, Монгол Улсын гавьяат багш Д.Гом­босүрэн, М.Насанбуян,
соёлын гавьяат зүтгэлтэн кино найруулагч Г.Доржпалам, нисэхийн гавьяат холбоочин
И.Дамба нар нутгийн унаган хүүхдүүд юм билээ.

Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөнөөсөө сумын төвдөө цэцэр­лэгт
хүрээлэн бий болгохоор ажил­лаж байгаа бөгөөд зургаан метр гаруй өндөр тариан түрүү,
гэрийн тооно бүхий хөшөөг барьсан нь шийдлийнхээ хувьд шинэлэг са­нагд­сан. Хөшөөний
гантиг чулуун дээр Сэлэнгэ аймгийн газрын зургийг сийлэн түүн дотор

“Ус мөрөн олон чиг Сэлэнгийг минь яаж гүйцэх вэ

Улс гүрэн олон чиг Монголыг минь яаж гүйцэх вэ” хэмээн
нэрт найрагч З.Түмэнжаргал агсны шүл­гийн мөрөөс мөнхөлжээ. Нутгийн иргэд ногоо
дарахаас гадна цагаан мөөг дарж, айл бүр кимчи хийж, Зэлтэр голынхоо загасаар шпроты
хийдэг юм билээ.

Сумын хойно Түшигийн хоёр­ду­гаар застав бий. Өнөө алдарт Зэлтэрийн
гацааг манадаг бүс юм. Биднийг очиход “Монгол Улсын дархан хил тайван байна” хэмээн
цэргүүд нь хэлж байсан. Тус заставт Булганы цэргүүд ирдэг татагддаг юм байна. Хил л болсон хойно үе үехэн малын хулгай гардаг
аж. Биднийг очиход хилийн 595 дугаар тэмдэгтээр нутгийн малчин Ч.Алтангэрэл хүүхдийн
хамт хил зөрчин Оросын нутагт ан хийсэн тул сумын Засаг даргад албан тоот явуулах
гэж байлаа хэмээн заставын захирагч хэлэв. Тэд хилээр нэвтэрсний дараа хилийнхэн
араас нь мөрийг мөш­гин олж тогтоосон гэж байлаа. Зэл­тэрийн гацаа заставаас холгүй
юм билээ. Хиагтыг чөлөөлсөн Ардын журамт 400 цэрэг Зэл­тэрийн га­цаанд тулаан хийсэн
нь түүхнээ тэмдэглэн үлдсэн байдаг. Цагаан орсоор 500 гаруй зэвсэг­лэсэн цэрэг Зэлтэр
голын хойд хөвөөг даган уулын амаар орж ирсэн гэдэг. Тэдний орж ирэхийг мэдсэн Ардын
журамт цэргийнхэн Зэлтэр голын урд хөвөө, уулын өндөр таг болон цэргүүдийн явж буй
замын урд хойд хэсгээс бүслэлт хийн байлдаж 200 цэргийн амийг хороон 300 цэргийг
нь амь­даар олзолсон түүхтэй. Зэлтэрийн гацаа хийсэн энэ хэсэг­хэн газар голоос
уулын энгэр хүртлээ ердөө 4-5 метр. Энэ нарийн­хан зам дээр гацаа хийж дайснаа дарсан
байна. Хэрэвзээ тэгэхэд цагаан оросуудыг Зэл­тэрийн гацаанд хориглож дийлээ­гүй
бол нутгийн гүнд тэднийг хорих боломжгүй байсан тухай цэргүүд ч ярьцгааж байлаа.
Он жилүүдийн буурал түүхийг эргэн сөхөх мэт Зэлтэр гол эргээ цохин хүчит давалгаагаа
цацах. Энэ буйдхан газар шувуудын жиргээ­нээс өөр анир алдрах зүйл нэгээ­хэн ч алга.
Бид явсаар Орос, Монголын хил дээр ирэв. Хилийн баганын цаанаа модны захад хоёр
орос цэрэг ямар хүмүүс ирэв гэсэн мэт бидэн зүшт ихэд нухацтай дуран сунгаж харагдсан.
Тэд Улаан овоогийн нүүрсийг сонир­хож байгаа нь илт. Хилийн баганын цаанаас эхлээд
газар шорооны ажил эхэлсэн байв. Цаашаагаа хатуу хучилттай зам тавьж, тэр бүсдээ
бүтээн байгуулалт хийх гэж буй нь харахад л мэдрэгдэнэ.

Энэ мэтчилэн Зэлтэрийн бай­галийн үзэсгэлэн сайхныг дурдаад байвал
нэлээд хөврөх биз. Ямар­тай ч хилээ манасан Зэлтэрийн иргэдийн ирээдүй ихээхэн гэрэлтэй
харагдсан. Тэд боомтоо нээж чадвал нүүрсээ хойд хөршдөө гаргах боломж нээгдэнэ,
боомтоо жинхэнэ боомт хэлбэрээр нь хөг­жүүлж чадвал амьдрал ахуй хөгжиж дэвжих нь
дамжиггүй. Бай­галийн үзэсгэлэнт газруудаа түшиг­лэн аялал жуулчлалын бүсийг бий
болгож, өнөө Улаан овоогийнхоо нүүрсний уурхайгаасаа тодорхой хувийг сум өөрсдөө
эзэмшээд эхэлбэл нутгаасаа нүүсэн иргэд буцан ирж, хил дагуух цогцолбор хот бий
болох юм. Хөдөө сайхан байна. Тэр тусмаа Ялгуусан баатарын нутагт уяруухан өвөл
болж байна даа.

Э.ЭНХБОЛД

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Нийслэлийн 2023 оны төсвийг өмнөх оноос 2 хувиар өсгөж баталлаа DNN.mn

Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг НИТХ-д өргөн барилаа

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит XVI хуралдаан өнөөдөр болж, нийслэлийн 2023 оны төсвийг 67.4%-ийн саналаар баталлаа.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар төсвийн төслөө танилцуулахдаа “Ирэх онд нэг их наяд 742.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ.

Үүнээс нэг их наяд 549.9 тэрбум төгрөгийг татварын орлогоор, үлдэх орлогыг татварын бус орлогоор бүрдүүлнэ” гэж байв.

Тэгвэл уг төслийг хэлэлцэх явцад НИТХ дахь МАН-ын бүлгээс ирэх оны төсвөөс ₮10.6 тэрбумын зардлыг бууруулах саналыг гаргасан.

Тухайлбал, Сэлбэ гол төслийн ₮3.1 тэрбумын санхүүжилтийг эргүүлэн татах саналыг хэлэлцээд дэмжсэн юм. Сэлбэ гол төсөл санхүүжилтгүй болж байгаа тул төслийн нэгжийг татан буулгах албан тоотыг Сангийн яаманд хүргүүлэх аж.
Мөн Бодлогын судалгаа шинжилгээний газрын төсвийг ₮1.9 тэрбумаар, Сургалт, судалгаа олон нийттэй харилцах газрын төсвийг ₮2.8 тэрбумаар тус тус бууруулан төсөвт тусгалаа.

Түүнчлэн

  • Нийслэлийн ЗДТГ-ын үйл ажиллагааны зардалд 558.6 сая,
  • Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны үйл ажиллагааны зардалд 684.5 сая,
  • Боловсролын арга хэмжээнд 400 сая,
  • Эрүүл мэнд арга хэмжээнд 400 сая,
  • НИТХ-ын үйл ажиллагааны зардалд 1.2 тэрбум төгрөг,
  • Хэвлэл мэдээллийн зардалд 650 сая төгрөгийг төсөвлөх саналыг МАН-ын бүлэг гаргасныг дэмжсэн юм.
Categories
мэдээ цаг-үе

КАТАР-2022 шилдэг 16 баг тодорлоо DNN.mn

ДАШТ-ийг өнжих алдартай хөлбөмбөгчид

Хөлбөмбөгийн ДАШТ-ий H болон G хэсгийн сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа. Хэсгээ тэргүүлж буй Португалын шигшээг Өмнөд Солонгосын баг 2:1 харьцаагаар хожсоноор шөвгийн 16-д шалгарлаа. Нөгөө талд дэлхийн хошой аварга Уругвайн шигшээ Ганыг хожсон ч тэмцээнээс хасагдлаа. Энэ хэсгийг 6 оноотойгоор Португал тэргүүлж, Өмнөд Солонгос 4 оноотойгоор хоёрдугаар байраар гарч ирж байгаа юм.

G хэсэгт Бразилын шигшээ 0-1 харьцаагаар Камерунд хожигдсон ч тэд хэдийн шөвгийн 16-д хэдийнэ шалгараад байсан юм. Мөн энэ хэсэгт Серби болон Швейцарын шигшээ багууд хэсгийн сүүлийн тоглолтоо хийж 2-3 харьцаагаар Швейцар хожлоо. Энэ хэсгээс Бразил, Швейцарийн багууд адилхан 6 оноотойгоор хэсгээсээ шалгарч байна.

Ийнхүү Европын 8, Азийн 3, Африкийн 2, Өмнөд Америкийн 2, Хойд Америкийн 1 улс ДАШТ-ий хасагдах шатанд үлдлээ.

2022 оны ДАШТ-ий шөвгийн 16 багийн оноолт

Нидерланд vs. АНУ

Аргентин vs. Австрали

Франц vs. Польш

Англи vs. Сенегал

Япон vs. Хорват

Бразил vs. Өмнөд Солонгос

Марокко vs. Испани

Португал vs. Швейцар

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

“Чингисийн одон”-т Д.Доржготов: Хөрс байхгүй болбол хүнс байхгүй болно. Хүнс байхгүй болбол хүн, амьтан үгүй DNN.mn

Монгол орны анхны хөрсний зургийг зохион хэвлүүлж, сансрын гэрэл зурагт тулгуурласан хөрсний зураг зохиож, Монгол орны газар нутаг, хөрс, хөрсөн бүрхэвчийн талаар 50 гаруй суурь судалгаа хийсэн нэрт эрдэмтэн, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор, Чингисийн одонт Д.Доржготовтой ярилцлаа.


-Юуны өмнө Төрийн дээд шагнал Чингисийн одон хүртсэнд тань баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Шагнал авна гэдгээ өмнөх өдөр нь их тулгаж мэдсэн. Их сайхан байсан. Өмнө нь би гавьяат зүтгэлтэн, “Алтан гадас”, Хөдөлмөрийн гавьяаны одон, мөн газарзүйн эрдэмтдэд өгдөг Оросын газарзүйн нийгэмлэгийн шагнал С.М.Пржевальскийн алтан медаль хүртэж байсан. Чингисийн одон авна гэдгээ сонсоод хамгийн түрүүнд би юу хийлээ, юугаа үзүүлдэг билээ л гэж бодогдсон.

Миний 80 насны ойгоор манайхан надад нэг ном гаргасан юм. Тэр номоо нээгээд зөндөө харлаа хүн асуувал юу, юу хийлээ, ямар гол зүйлээ харуулах вэ гэж харж суусан. Олон ч жил их ч зүйлийг хийлээ. Би өөрөө хөрс судлаач мэргэжилтэй хүн. Москвагийн их сургуулийг 1962 онд төгсөөд, долдугаар сарын 1-нд Шинжлэх ухааны академийн газар зүйн тасагт ажилд орж байсан. Өнөөдөр яг 60 жил долоон сар болж байна /инээв/. Миний нийт хэвлүүлсэн, нийтлүүлсэн, үйлдвэрт шилжүүлсэн 310 гаруй ажил байдаг. Тэдгээрийг дотор нь дөрвөн бүлэгт хуваасан. Нэг нь цэвэр яг миний мэргэжлийн хөрс судлалын чиглэлийнх, хоёрдугаарт Монгол орны физик газарзүйн чиглэлийн судалгаанууд, гуравдугаарт танин мэдэхүйн чиглэлийн судалгаанууд, сурталчилгааны судалгаанууд, тэгээд дөрөвдүгээрт нь үндэсний атлас гээд дөрвөн төрөл бүлэг болгож хуваасан. Үндэсний атлас нь маш олон зуун хүний хүч хөдөлмөрөөр хийгддэг ажил. Сүүлийн үед экологийн чиглэлийн судалгаа бас хийсэн байна.

Монгол Оросын хил дамнасан нутгаа, Монгол орныхоо нутгаар, оросуудтай хамтарч, дангаараа хийсэн нь цөөхөн дөө. Ер нь шинжлэх ухааны бүтээл гэдэг том багийн хамтын ажил шүү дээ. Нэг нь удирдаад зөвлөөд хамт хийдэг. Нэг хүн судалгаа шинжилгээ хийх боломжгүй. Манайхан бол хөдөө багаараа явна. Доод тал нь 4-5 хүн явдаг. Зарим нь газраа ухахад тусална. Ном бичнэ, задлан шинжилгээ хийнэ. Би ганцаараа тэр зүйлсийг хийхгүй шүү дээ. Оростой хийсэн атласт 300 гаруй Орос, Монголын эрдэмтэд, хүмүүс оролцсон. Энэ ажил дээр би редакцийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажилласан. Аливаа том ажил судалгаа олон хүний хамтын бүтээл багш, шавь нарын хамтын бүтээл байдаг. Миний багш гэхэд Цэгмид, Баасанжав гээд том эрдэмтэн, Оросын олон сайхан эрдэмтэд байдаг. Одоо өөрөө багш нь болчихоод л явж байна /инээв/.

-Хоёр улсын хооронд судалгаа хийж явлаа гэсэн шүү дээ. Улс хоорондын хөрсний ялгаа байдаг уу. Газарзүйн онцлогоороо өөр байх уу?

-Ялгаа мэдээж байлгүй яахав. Монгол оронд өөр хаана ч байхгүй хөрс байна. Халуун орны хөрс Монголд байхгүйтэй адилхан юм. Нутаг нутагтаа өөр өөр өвөрмөц хөрстэй. Монгол хүн монгол үндэстэн гэдэг шиг Монгол оронд тархсан унаган хөрс байдаг. Ойролцоо хөрс бас байна. Манайхтай ижил төстэй уур амьсгал байгальтай газар Төв Ази дунд Азийнхан бас л ойролцоо хөрстэй байдаг.

-Газарзүйг судлахад үндсэн суурь нь юу байдаг вэ?

-Газарзүй гэж өөрөө их том шинжлэх ухаан шүү дээ. Манайхан мэддэггүй юм. Газарзүй нь хоёр том тулгууртай байдаг. Нэг нь байгалийн газарзүй буюу физик газарзүй гэж байдаг. Үүний дотор хөрс, уур амьсгал, ус, мөнхцэвдэг, амьтан ургамлын газарзүй, ус, нуур, гол мөрөн гээд бүгд физик газарзүйд багтдаг. Хоёр дахь нь нийгэм эдийн засгийн газарзүй юм. Тэр нь хүн амын, хотын, аж үйлдвэрийн, хөдөө аж ахуйн, аялал жуулчлалын газарзүй гэх мэт. Манайхан газарзүй гэхээр дандаа байгалийн гэж боддог нь буруу юм. Байгаль нийгмийн шинжлэх ухааныг хоёуланг нь судалдаг шинжлэх ухаан юм. Өнөөдрийн Монгол орны хотжилтын хотын газарзүй, хүн ам шилжих хөдөлгөөний асуудал, хөгжлийн төлөвлөлтийн асуудал, орон зай төлөвлөтийн асуудал гээд энэ бүхэн өөр шинжлэх ухааны биш газарзүйн шинжлэх ухааны судалдаг зүйл мөн юм. Манайхан дандаа буруу ойлгочихсон байдаг. Газарзүй гэхээр газар ухаад явдаг хүмүүсийг огт хэлдэггүй. Хоёр том багана нь тус тусдаа арван салбар нийлээд 20-иод том салбараа холбосон шинжлэх ухаан юм.

-Хөрсний бохирдол, доройтол үүслээ гэх юм. Үүнийг мэргэжлийн үүднээс нь тайлбарлаач?

-Хөрс гэдэг чинь бараг бохирддоггүй орчин юм. Миний бодоход дандаа буруу ойлголт яваад байдаг. Агаар бохирдоно, тэгээд амьсгалаар түгэж нөлөөлж болно. Ус бохирдоно уугаад нөлөөлж болно. Бид хөрсийг идэх үү, хөрсийг амсах уу. Хөрсний бохирдол гэдэг чинь өөр асуудал юм. Хөрсөнд ургаж байгаа ургамал хөрснөөс бохирдох уу гэвэл бараг үгүй юм. Хөрс хамгийн гол нь бохирддог орчин биш бохирддог байгалийн биет биш, бохирдлыг арилгадаг, илааршуулдаг, эдгэрүүлдэг эрүүл ахуйн том функцтай орчин юм. Үүнийг манайхан ерөөсөө мэдэхгүй хөрс бохирдоод байна гээд л асуугаад байдаг. Хөрс бохирдлоо гээд хөрсөө долоохгүй шүү дээ. Хөрсөнд ургаж байгаа ургамал хорыг барагтаа сорж авахгүй. Хүнтэй адилхан олдсон болгоноо долоодог, залгидаг амьтан биш шүү дээ. Хэрэгтэй зүйлээ хөрснөөс авна, авахгүй зүйлээ авахгүй.

-Тэгэхээр хөдөө орон нутгаар уран ухсанаас болж хөрс бохирдсон, мал амьтан хордсон гээд байдаг. Худлаа болж таарах уу?

-Яахав, цацраг идэвхит зүйл бол шал өөр асуудал. Цацраг хөрснөөс хамаарахгүй, хөрсөнд байдаг бодис биш шүү дээ. Олон сая жил бий болсон геологийн том бүтээгдэхүүн. Уран олборлоно гэдэг чинь газрын гүнээс дээш ухаж олборлоно. Хөрсөн дотор байдаг зүйл биш юм. Хөрс нь Монгол оронд бол 1 метр гаруй, гүндээ л 2 метр байдаг. Уран гэдэг чинь 50-60 метрийн гүнд байдаг. Хөрснийх биш шүү дээ. Газрын гүний ашигт малтмал юм. Хөрсөн дээр нь тэднийг хамгаалж байдаг. Бид бүх л муухай зүйлээ газарт булдаг. Хог новш, тарваган тахал туссан мал, мялзан, сүрьеэ, боом туссан малаа дандаа газарт булдаг. Нас барсан хүнээ хүртэл газарт булдаг шүү дээ. Хөрс бохирддог бол дээр нь ургаж байгаа ургамлыг мал иднэ, малаа бид иднэ. Хэрвээ тэр хөрс бохир бол яах вэ. Улаанбаатарыг тойрсон хичнээн их шарилын газар байна. Хөрс нь бохирддог бузартдаг орчин биш. Тэр муухай зүйлсийн бактериудыг ариутгадаг, өвчний нянгуудыг үгүй хийдэг тийм гайхалтай байгалийн орчин юм. Улаанбаатар хотын бохирдол чинь хөрс биш шороо шүү дээ. Гадаа байгаа энэ зүйл хөрс биш шороо юм. Хүний хөлийн шороо, машины дугуйн шороо хөрс биш шүү дээ. Энэ дотор харин бохирдол бий юү гэвэл байлгүй яахав дээ. Машины утаанаас ялгарч байгаа, машины дугуйнаас ялгарч байгаа гээд зөндөө юм бий. Гэхдээ энэ нь яг тэр хэвээрээ байдаг бол өдийд бид Улаанбаатарт нэг ч хором амьд байхгүй. Өнөөдрийг хүртэл 208 тэрбум хүн хорвоо дээр байсан. Одоо 8 тэрбум хүн амьд оршдог. Тийм их хөрсөн доор булагдсан хүмүүс янз бүрийн өвчтэй хүмүүс байгаа. Хэрвээ хөрсөнд ариусдаггүй байсан бол яах бол хамгийн гол нь тэрийг ойлгох хэрэгтэй. Хөрсний эвдрэл бол байна. Салхинд хийсэж, усанд урсаад хайран сайхан хөрс байхгүй болж байна. Манай оронд ч биш дэлхийн бүх газар ийм асуудал тохиолддог. Хөрс нь салхинд хийсээд, тариалангийн хөрс нь усанд урсаад эвдрээд алга болж байгаа. Улаанбаатар хот хөрс байхгүй дээр нь барилга бариад устчихсан. Уул уурхайтай газар хөрс байхгүй бүрмөсөн устана. Гэх мэт маш их хөрс элэгдэж хорогдоод устаж үгүй болж байна. Энэ бол байдаг асуудал юм. Харин бохирдоно гэдэг бол агуулах хэмжээнээсээ бодиснууд нь ихэссэн бол бохирдсон гэж авч үздэг. Тиймээс хөрс нь барагтаа бохирддоггүй.

-Хөрс байхгүй болсноор байгальд ямар хор уршигтай вэ?

-Хөрс байхгүй болбол хүнс байхгүй болно. Хүнс байхгүй болбол хүн байхгүй болно. Хөрс нь хуурай газрын бүх амьтныг тэжээдэг. Хөрсөн дээр ургаж байгаа ой мод, бэлчээр, бут сөөг тэр бүх ургамал дотор нь амьдарч байгаа амьтад, хорхой шавж, хулгана, зурам, мэрэгч амьтад, 1 гр хөрсөнд хичнээн саяараа байдаг бичил амьтад, тэднийг хооллодог хүн араатан амьтад гээд бүгдийг хүнсээр хангадаг зүйл бол газрын хөрс шүү дээ. Тэгээд газрын хөрс алга болчихвол гээд бодвол хүн амьтан, мал байхгүй болно. Хуурай газрын амьдралын эх булаг нь хөрс юм. Манайхан бүгд тийм буруу ойлголттой байдаг. Хөрс бохирдлоо л гэх юм, хэн бохирдуулаад байгаа вэ. Бид л бохирдуулж байгаа шүү дээ. Хог новш, нус цэр, өтгөн шингэнээ гадагшлуулж, бүх хогоо хөрсөнд цацаж булдаг. Хамгийн гол нь тэр бохирдол нь хүнд тэр хэвээрээ ирдэггүй.

-Та 60 жил газарзүй судаллаа. Энэ бүх цаг хугацаанд хамгийн дурсамжтай, сэтгэлд үлдсэн ажил нь юу байсан бэ?

-Хийсэн болгон маань дурсамжтай байсан. Томоохон ажил ч бай, багахан ажил ч бай бүгд өөрийн түүхтэй. Байнга ширээний ард суугаад байдаг ажил биш учраас хөдөө гадаа машинтай, мориор, Хөвсгөлийн тайгад цаа бугаар ч явна. Монгол Алтайд мориор явж байсан гээд тэр болгон тухайн үедээ л том дурсамж шүү дээ. Хөдөө хээр явж байхад машин тэрэг саатах, бензин усгүй болохыг алийг тэр гэхэв дээ. Янз бүрийн сайхан муухай дурсамжтай үе их байсан. Гадаадын олон сайхан эрдэмтэдтэй явж байсан. Миний багш хүртэл Монголд ирж үзчихээд дахин ирж байсан. Оросын олон том эрдэмтэн, судлаачид үндэсний атлас хийгээд хөдөө гадаа явж байлаа. Экологийн атлас, эксистемийн атлас, байгалийн атлас гээд бүгдэд нь Оросын судлаачидтай ихэвчлэн явсан. Германаас олон судлаачид ирж, хамт явж байсан. Хамт бичсэн ном, зураг, шинжилгээ судалгааны ажлууд их бий. Польш, Унгараас Монголд ирж хамт судалгаа хийж байсан. Сүүлийн үед хятадууд, өмнөд монголчууд, япон, солонгосууд ирж байна. Манай орон нээлттэй болчихсон болохоор олон орны судлаачид сонирхон ирж байна. Тэр болгон өөрийн гэсэн өөр өөр дурсамжтай. Хамгийн сайхан дурсамж бол хамгийн анхны төсөл 1963 оны зургадугаар сарын 3-ны өдөр Төв аймгийн Жаргалан сумын аж ахуй, Загдалын голын хойд дэнж дээр хийсэн хамгийн анхны төслийг хэзээ ч мартахгүй. Хоёр сайхан шавь маань хамт явж байсан. Хамт ажилладаг Южмаа гээд эмэгтэй хоёр шавьтайгаа бид дөрөв морьтой явж байсан. Хамгийн анхны төсөл гээд бэлгэшээгээд сүү ууж байсан юм. Монгол орондоо хийж байсан хамгийн анхны төсөл байлаа.

-Гадаадаас эрдэмтэд их ирж судалгаа хийдэг гэсэн шүү дээ. Монголын онцлог юу байдаг болоод тэр хүмүүс судлахаар ирдэг вэ?

-Монгол гайхалтай байгальтай орон шүү дээ. Дахин давтагдашгүй өөр хаана ч байхгүй Төв Азийн хамгийн өндөрлөг газарт байрласан. Өндөр уул нурууд, өргөн тал хөндий, өргөн говь цөл гээд Монголд байхгүй зүйлгүй. Дөрвөн улирал 40 градус халдаг зунтай, 40 градус хүйтэрдэг өвөлтэй. Хавар, намар дөрвөн улирал эрс тэс ялгаатай ийм орон манайхаас өөр байхгүй. Дэлхийн хамгийн хуурай цөл Монголд байна гээд бод доо. Жилдээ хур тунадас 50-иас доош байдаг. Тийм цөл Алтайн өвөр говьд байна. Гэтэл манай Хөвсгөлийн тайга бол яг л тайга шүү дээ. Тийм эрс тэс байгальтай ийм газарт судалдаг хүн явахад гайхалтай орон юм шүү дээ. Тэгээд л энэ гадаадаас ирсэн хүмүүс юм үзэж, нүд тайлах гэж ном бичих гэж шинжлэх ухаанд бас нэг шинэ юм нээчих гээд ирж байгаа. Хөрсийг өвөл судалдаггүй. Хавар тавдугаар сарын сүүлчээс аравдугаар сарын эхэн хүртэл явж судалдаг. Бусад үед нь лабораторидоо суугаад хөрснийхөө дээжид задлан шинжилгээг хийдэг. Тэгээд дараа хавар нь дахиад хөдөө рүүгээ явцгаадаг. Зун нь хөдөө явна, өвөл нь лабораторидоо суудаг. Хоёр том цогц ажил юм. Лабораторигүй бол ямар ч судалгаа шинжилгээ хийх боломжгүй шүү дээ. Ямар найрлагатай, ямар давсжилттай, урвалын орчин нь ямар байгаа гээд бүгдийг лабораторийн шинжилгээгээр гаргана. Бид дандаа хамтын бүтээл хийдэг. Би хамгийн сүүлд 2003, 2004 онд хөдөө явсан. Арван хэдэн жил хөдөө явсангүй ээ, 70 гарчихаад хөдөө яваад байлтай биш. Бэртэж гэмтээд өвдөөд шавь нараа зовооно шүү дээ. Хааяа ойрхон зуур газар явна. Өмнө залуу байхад хавар ногоо цухуйнгуут л байж ядаад л хурдан явах юмсан гээд л машин олдоосой, бензин олдоосой гэж боддог байлаа. Тэр үед ачааны машинаар л явна 63, 51, 66 л олдоно. Монгол Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедиц гэж байдаг. Иж бүрэн гэдэг нь тэр дотроо амьтны судалгаа, ургамлын судалгаа, усны амьтдын судалгаа, хөрсний судалгаа бүгд ордог. Тэрэнд би 1970 оноос хойш хамт судалгаа хийж ирсэн. Арай боломж сайтай, унаа машин сайтай оросуудтай хамт олуулаа явдаг байв. Тэр экспедицийн ачаар би их зүйл хийсэн дээ. Дангаараа ч явдаг оросуудтай ч явдаг байлаа.

-Шинжлэх ухааны салбарт сүүлийн үед тулгамдаж байгаа асуудлууд юу байна вэ?

-Хэцүү тулгамдсан асуудлууд бий, бий. Төсөв зардлаас эхлээд хээрийн зам хоногийн зардал, мөнгө гээд хариугүй юм. Манай хуучны оросуудтай хийдэг байсан шиг хоёр, гурван сараар явах арга байхгүй. Хоёр долоо хоног, гурван долоо хоног яваад ирэхээс биш их олон хоногоор явах боломж маш хэцүү. Төсвийн асуудал маш их байна. Оросуудтай хамтарч явж байсан олон улсын экспедици гээд илүү боломжтой байсан. Одоо тийм зүйл байхгүй болсон. Шинжлэх ухааны салбартаа хөрөнгө мөнгө зарцуулах нь Монголд бага байдаг. Яахав, ирэх жилээс жаахан нэмэгдэхээр юм ярьж байна. Хүрээлэн болон өөр өөр үндсэн чиглэлүүдийн, судалгааны чиглэлүүд, тэр чиглэлийнхээ дагуу судалгаа шинжилгээ хийвэл шууд хүрээлэнгийн санхүүжилтийг нь өгчихдөг. Ямар ч давхцал байхгүйгээр шүү дээ. Ийм чиглэл саяхан Засгийн газраас гарсан. Эрдэм шинжилгээний ажилчдын цалинг нэмэх зэрэг шинжлэх ухаанд улсаас зарцуулах хөрөнгө нэлээд нэмэгдэх сайхан мэдээ дуулдаж байна лээ.

-Ерөнхийлөгч танд “Чингисийн одон”-г гардуулж өгч байхдаа юу хэлж байв. Таныг тусад нь хүлээн авч уулзсан уу?

-Америкийн эрдэмтэнтэй хамт уулзсан. Олон юм хэлээгүй, баяр хүргэе гээд ажлын амжилт ерөөгөөд, шагналаа гардуулсан. Харин хамгийн сайхан хүндэтгэлтэй зүйл нь биднийг шагнал авсны дараа Их хурлын хүндэтгэлийн хуралдаан 40 минут гаруй болсон.

-Таныг Шинжлэх ухааны академи хүлээж авсан гэсэн үү?

-Би 40 гаруй жил багшилж байгаа хүн. Эрдэм шинжлэлийн ажлын хажуугаар хөрс судлалын хичээл, Монгол орны газарзүйн хичээлээ бас заана. Олон сайхан ахмад багш нар маань байхгүй болжээ. Би 1978 оноос хойш цагаар хичээл заадаг байсан. Сүүлдээ Монгол улсын Их Сургуулийн профессор багшаар зэрэг ажиллах болсон. Ажлынхаа хажуугаар 14-15 жил тэнхимийн эрхлэгч хийлээ. Их сургуулийн бас хамааралтай профессор хүн юм. Их сургуулийн хамт олон маань тав дахь өдөр намайг хүлээж авах гээд би очиж чадаагүй. Улсын багшийн их сургуульд бас багшилж байсан. Мөн манай академи өчигдөр хүлээж авсан. Хүрээлэн дээрээ бас очоогүй л байгаа. Хотын дарга баяр хүргэж хүндэтгэл үзүүлээд хоёр өрөө байрны батламж өгснийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан гардуулж өгсөн.

-Энд тэнд судалгаагаар явахад шавь нартайгаа хэр их таардаг вэ?

-Хөдөө зөндөө таарна. Би Өмнөговийн Ханбогд сум руу очиход байгаль орчны хүмүүс нь дандаа шавь нар минь байсан. Багшаа хэзээ ирэв ээ, хэлэхгүй яасан юм бэ гээд бүгд миний шавь нар тосч авч байсан. Одоо олон жил багшилчихлаа. Нас ч дээр гарч заримыг нь танихгүй будилна. Их л юм болно.

Categories
мэдээ цаг-үе

Улсын хэмжээнд өвөлжилт, хаваржилтын бэлтгэл 87 хувьтай байна DNN.mn

Завхан аймгийн 12 суманд өвөлжилт хүндэрчээ

Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд улсын хэмжээнд 87.4 хувьтай бэлтгэл хангагджээ.

2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд малчид

  • Өвс 1.2 сая тонн
  • Сүрэл 14.9 мянган тонн
  • Ногоон тэжээл 88.5 мянган тонн
  • Үйлдвэрийн тэжээл 57.4 мянган тонн
  • Гар тэжээл 88.6 мянган тонн
  • Дарш 13.1 мянган тонн
  • Давс, хужир шүү 116.9 мянган тонн бэлтгэхээр төлөвлөсөн байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 25.3 мянган тонн өвс, 12.5 мянган тонн тэжээл бэлтгэх үүрэг өгсөн.

зураг

Өвөлжилтийн бэлтгэл хүлээн авахад малчид

  • Өвс 1.1 сая тонн
  • Сүрэл 15 мянган тонн
  • Ногоон тэжээл 88 мянган тонн
  • Үйлдвэрийн тэжээл 32.4 мянган тонн
  • Гар тэжээл 47.9 мянган тонн
  • Дарш 13.1 мянган тонн
  • Хужир, шүү 92.2 мянган тонныг тус тус бэлтгэсэн. Энэ нь бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн 84.5 хувийг эзэлж байна.

Харин аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 21 мянган тонн өвс, 8.2 мянган тонн тэжээл бэлтгэсэн байна. Бэлтгэвэл зохих аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн өвсний 94 хувийг, тэжээлийн 69 хувийг бэлтгэжээ.

Газар тариалангийн үйлдвэрлэлээс тарьсан ногоон тэжээл, гурилын үйлдвэрээс гарах тэжээл, тэжээл рүү шилжиж буй улаан буудай зэргээс 220 мянган тонн хүчит тэжээл бэлтгэгдэнэ. Мөн баруун аймгууд жилд 25-30 мянган тонн хүчит тэжээл импортолдог бөгөөд энэ жилийн хувьд нэмэгдэх төлөвтэй байгааг Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Алтанзул: Приус машины нүүрсэн янданг хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулахаар ажиллаж байна DNN.mn

“Приус” автомашины нүүрсэн янданг ченжүүд дамлаж зардгаас улбаалж утаа шүүгчгүй автомашинууд агаарт 200 орчим төрлийн хорт бодис ялгаруулж байдаг. Ялангуяа хүний сэтгэцэд нөлөөлдөг хамгийн аюултай гэгддэг хар тугалга нүүрсэн яндангүй автомашинаас өндөр хэмжээгээр ялгардаг тухай “Өдрийн сонин” хөндөн бичсээр ирсэн. Тэгвэл энэ асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Цагдаагийн ерөнхий газарт хандан Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд нүүрсэн яндангүй автомашин оролцохыг хориглох талаар албан бичгээр ханджээ. Энэ асуудлаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Алтанзултай ярилцлаа.


-Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд нүүрсэн яндангүй автомашин оролцохыг хориглох талаар та бүхэн цагдаагийн байгууллагад хандаад байгаа юм байна. Яг ямар чиглэл, зорилгыг барьж байна вэ. Энэ талаар эхлээд тодруулахгүй юу?

-Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн 2022 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 20 дугаар тушаалаар тээврийн хэрэгслийн нүүрсэн яндантай холбоотой хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, түүнд тавих хяналтыг сайжруулах, Монгол Улсын хилээр гаргахыг хориглосон бараа бүтээгдэхүүний жагсаалтад оруулах тухай тусгасан.

Энэ хүрээнд бид мэргэжлийн байгууллагыг оролцуулсан ажлын хэсэг байгуулан өнгөрсөн хугацаанд ажиллалаа. Ажлын хэсэгт Гаалийн ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газар, цагдаагийн байгууллагуудын төлөөлөл оролцсон.

Ажлын хэсэг приус машины катализатор буюу нүүрсэн янданг иргэдээс өндөр үнээр худалдаж аваад улсын хилээр гаргаад байна. Ингээд яндангаа сольчихсон, эсвэл утааны шүүлтүүргүй автомашин хөдөлгөөнд оролцож, агаарт 200 орчим төрлийн хорт бодис ялгаруулдаг. Үүн дээр арга хэмжээ авах шаардлагатай гэж үзсэн. Шалгалтын явцад 2446 приус машин катализатор буюу нүүрсэн яндангүй байсан.

-Энэ бол нэг удаагийн шалгалтын тоо байх, тийм үү?

-Тийм. Магадгүй өөр олон машин нүүрсэн яндангүй замын хөдөлгөөнд оролцож байхыг үгүйсгэхгүй. Үүнийг зогсоох ёстой.

-Нүүрсэн янданг хилээр гаргахыг хориглох асуудал маш чухал. Гаалийн байгууллага ченжүүдтэй үзээд бүр аргаа барсан гэдэг. Хууль эрх зүйн орчин нь тодорхой бус учраас гаалийнхныг ченжүүд шүүхэд өгчихсөн хөгтэй тохиолдол байгаа шүү дээ. Энэ тал дээр ажлын хэсэг ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ-ын 1998 оны улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифан бус хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай 5 дугаар тогтоол батлагдсан байдаг. Энэ тогтоолын нэгдүгээр хавсралт батлагдсан. Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох бүлэг барааны жагсаалтын гурав дахь хэсгээс УИХ-ын 2006 оны тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай 92 дугаар тогтоолын бүтээгдэхүүн гэсэн үгийг хассан хэсгийг дээрх төсөлд тусгагдсан байсныг нэмж оруулахгүй байя гэсэн саналыг Гаалийн байгууллагаас гаргасан байдаг.

Мөн энэ тогтоолд автомашины нүүрсэн яндан, нүүрсэн яндангийн хаягдал гэж нэмэлтээр оруулах хэсэг дээр автомашины нүүрсэн яндан, нүүрсэн яндангийн катализатор, тэдгээрийн хаягдал гэж өөрчилж оруулъя гэдэг саналыг Гаалийн ерөнхий газраас гаргаад чиг үүргийнхээ хүрээнд Сангийн яам руу өнгөрсөн тавдугаар сард хүргүүлсэн юм билээ. Харамсалтай нь Сангийн яам одоо хүртэл хариу өгөөгүй байна.

Хэдийгээр хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад одоогоор ороогүй байгаа ч Ажлын хэсгээс түр түдгэлзүүлэх арга хэмжээг аваад байгаа. Өөрөөр хэлбэл, нүүрсэн янданг улсын хилээр гаргахгүй байгаа гэсэн үг. Цаашдаа энэ хууль эрх зүйн орчныг тодорхой болгож, улсын хилээр гаргахыг хориглох ёстой. Бид ч энэ хүртэл ажиллана.

-Нүүрсэн яндантай байгаа үгүйг мэдэх гол хүмүүс бол оношилгооны төвүүд байдаг. Гэвч тэд ажиллаж чадахгүй байгаа учраас та бүхний нэг удаагийн шалгалтаар 2000 гаруй машин агаарт хорт бодис ялгаруулсаар байна. Энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ?

-Тантай санал нэг байна. Гол хяналт тавих ёстой газар нь АТҮТ-ийн техник хяналтын оношилгооны төвүүд. Үүн дээр маш сайн хяналт тавьж ажиллах ёстой. Зам дээр зогсож байгаа тээврийн хяналтын байцаагч, замын цагдаа нар машины доогуур ороод нүүрсэн яндан байгаа үгүйг хэлэх боломжгүй. Бид ч үүн дээр гол анхаарлаа тавьж байгаа.

Нөгөө талаас хяналт шалгалтын ажлыг сайн явуулъя гэж ярилцаж байна. Иргэддээ бас сурталчилж ойлгуулах таниулах арга хэмжээг авах ёстой. Нүүрсэн яндангүй машин та биднийг, үр хүүхдүүдийг маань хордуулж байгаа. Болохгүй шүү гэдэг ойлголтыг иргэддээ сайн өгөх ёстой юм. Магадгүй тэд мэдээлэл дутмаг учраас санаатай, санамсаргүй худалдах асуудлууд байна.

-Танай ажлын хэсэгт эрүүл мэндийн байгууллага орж байгаа юу. Энэ асуудал дээр эрүүл мэндийн чиглэлийн нарийн судалгаа яригдах ёстой байх?

-Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнтэй хамтран ажиллаж байгаа. Нүүрсэн яндангүй автомашинаас ялгарч байгаа утаа нь хүний эрүүл мэндийг яаж хордуулж байгаа талаар нарийвчилсан судалгааг хийхээр ажиллаж байна.

Түүнээс гадна манай хорооноос ЦЕГ, Тээврийн цагдаагийн албанд хандаад байгаа. Дээр дурдсан нүүрсэн яндангүй 2446 автомашины эзэмшигчийн хаяг, нэр, машины марк дугаартай нь бид Тээврийн цагдаагийн алба руу алдбан тоотоор хүргүүлчихсэн. Эдгээр тээврийн хэрэгслийг хотын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг авахыг хүссэн байгаа.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос үүний хажуугаар хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлсээр байна. Хөдөлгөөнт хяналт шалгалтын постуудыг ажиллуулж байна. Дээр нь Улаанбаатар хот руу орж гарч байгаа төв замууд дээр шалгалт хийж, өнөөдрийн /өчигдөр/ байдлаар 1032 тээврийн хэрэгслийг шалгаж 600-гийнх нь гэрчилгээг хурааж авсан. Тэд бүгд стандартаас давсан утаа ялгаруулж байгаа тээврийн хэрэгслүүд гэсэн үг. 8.1 сая төгрөгийн торгууль оногдуулсан. Долоон аж ахуйн нэгжид техникийн бүрэн бүтэн байдал хангаж ажиллах талаар албан шаардлага хүргүүлсэн. Нийслэлийн нийтийн тээвэрт явж байгаа 1228 автобусыг ээлжит оношилгоонд нь яаралтай оруулж, шаардлага хангахгүй байгаа 87 тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээг хийлгүүлэх ажлыг эхлүүлээд явж байна.

-Нүүрсэн яндангүй машинаас ялгарч байгаа утаанд хар тугалга агуулагдаж байгаа. Хар тугалга хүний сэтгэцэд нөлөөлдөг. Цаашлаад бусад эд эрхтэнг ноцтой гэмтээдэг гэдэг. АНУ-д хар тугалгатай холбоотой нийгмийн ноцтой том кейс байдаг юм билээ. Нэг үе нийгэм нь маш эмх замбараагүй болж, дэлхийг цочроосон гэмт хэргүүд үйлдэгдэх болсон. Судлаачид судалж үзээд хар тугалгатай холбож тайлбарласан. Тиймээс бензин шатахууны чанарыг сайжруулж нийгмийн энэ асуудлаа цэгцэлсэн гэдэг. Өнөөдөр ч манайд ийм байж болзошгүй байна шүү дээ…?

-Ажлын хэсэг дээр ийм зүйл яригдсан. Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах бүсэд “Евро 5” шатахууныг хэрэглүүлье гэдэг санал санаачилга гарч байгаа. Энэ асуудлаар манайх Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай нэлээд сайн ойлголцон ажиллаж байгаа. Одоо манайд дийлэнх хэрэглэж байгаа “Евро 2” шатахуун бол өндөр насжилттай мотортой тээврийн хэрэгсэлд ашиглахаар агаарт ялгаруулах хорт бодисын хэмжээ маш өндөр байгаа. Энэ чинь нөгөө бидний сэтгэцэд нөлөөлдөг хорт бодисуудын нэгдэл. Үүнийг багасгах зорилгоор “Евро 5” шатахууныг Улаанбаатар хотын агаарын бохирдол сайжруулах бүсэд хэрэглүүлье. Үнийн хувьд “Евро 2”-ын үнэтэй дүйцэхүйц байхаар татварын бодлогоор улс дэмжих ёстой гэдэг асуудлыг бид хөндөж тавьж байгаа. Энэ асуудал шийдэгдэх байх.

Нэг судалгаа сонирхуулж хэлье. Агаарын бохирдолд автомашины утаа яаж нөлөөлж байгаа талаар хамгийн сүүлд 2018 онд “ЖАЙКА” судалгаа хийсэн байдаг. Тэр судалгаагаар Улаанбаатарын агаарын чанарт нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийн 10 хувийг автомашины утаа эзэлж байна гэж гарсан. Түүнээс хойш ямар ч судалгаа хийгдээгүй. Нөхцөл байдал ч улам дордсон. Одоо бол автомашины утаа 20-25 хувийг эзлэх магадлалтай гэж үзэж байгаа. Оны төгсгөлөөс энэ талаарх нарийн судалгааг эхлүүлэхээр ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч Б.Алтанзул: Яг ийм жишээгээр “Бэлтэс мөрөн”-гийн хохирогчид үүссэн DNN.mn

Загвар өмсөгч О.Билгүүн өөрийн инстаграм хаягтаа “400 ам.доллар оруулаад 2000 ам.доллар болгож үржүүлээд одоо 4.5 хоногийн дотор 552 ам.доллар суллаад авсан байна” хэмээн нийтэлжээ. Тэрбээр инстаграм хаягаараа хүмүүст хөрөнгө оруулалт хийгээд мөнгөө өсгөн авахыг санал болгожээ. Энэ талаар хуульч н.Энхмандах “Би хуулийн салбарт ажиллах хугацаандаа ийм боломжийг ашиглах гэж яваад эцэст нь эд мөнгө, нэр төр, амь насаа ч алдсан хохирогчидтой олон таарч, эдийн засагчийн хамт систем загварчлалуудыг нь судалж байв. Энэ ч мөн адил. Дэндүү танил технологи. Олон хохирогчтойгоос “Жи тайм”, “Бэлтэс мөрөн”-гийнхний нулимс ч хатаж амжаагүй байна. Компьютер дээр маань 20-иод койны white paper байна. Яг л чам шиг итгэж болохуйц залуусыг ашигласан байгаа. 158 мянган дагагчтай Билгүүн ээ, чамд понзи системийн талаар хуулийн хүнтэй уулзахыг зөвлөж байна.

Магадгүй та өгөөшөөр сонгогдсон бололтой. Энэ систем эхэнд орсон хүмүүсийн мөнгийг л өсгөж өгнө. Гэхдээ тэр ашиг гэх мөнгө бол дараа дараагийн орж ирээд мөнгөө алдах хүмүүсийн нулимстай мөнгө. Дараагийн шатанд орж ирэгсдийн цустай мөнгө. Зовж олсон мөнгөө алдаад амиа хорлочихсон хүнийг харсан бол чиний олсон ашиг, ашиг шиг санагдахгүй. Сүлжээ л бол сүлжээ. Понзи системийг бэлэн мөнгө хурааж хийнэ үү, технологи апп ашиглаж хийнэ үү ямар ч зарчмын ялгаа байхгүй. Хэлбэрээ өөрчилсөн “Бэлтэс мөрөн” хэмээн бичжээ.

Хуульч Б.Алтанзулаас энэ талаар тодруулахад “Мэдээлэл тарааж байгаа этгээд мэдээллийнхээ үнэн зөв байх эсэх дээр өөрөө хариуцлага хүлээнэ. Түүнээс гадна тухайн этгээдийн хувьд аваад үзэхэд өөрөө тодорхой хэмжээгээр инфлюнсэр буюу 158 мянган дагагчтай. Ийм олон хүнд мэдээлэл тарааж байгаа этгээд мэдээллээ шалгаагүй тараасны улмаас бусдад хохирол учирвал яах гэдэг зүйл Зөрчлийн тухай хуулиар яригдана. Мөн Эрүүгийн тухай хуулиар давхар хариуцлага тооцно. Зөвхөн энэ ч биш ийм байдлаар нийгэмд мэдээлэл тараагаад байгаа нь өөрөө хууль эрх зүйн орчинд ямар зохицуулалттай юм бэ гэдгийг бодох ёстой. Яг үүнтэй адил жишээ бол Хөвсгөл аймгийн “Бэлтэс мөрөн”-гийн асуудал байгаа. Яг үүнтэй ижлээр залилангийн шинжтэй үйлдэл явсан. Хохирогчийн тоо хэмжээ тухайн нөхцөл байдал анх үүсэн бий болохгүй. Хэд хэдэн хүмүүс харилцаанд ороод ашиг олоод, үйл ажиллагаа нь өргөжөөд ирэхээр эхний хохирогчид гарч эхэлдэг. Тэгж байж хэрэг бүртгэлтийн ашиг гарч ирдэг учраас цагдаагийн байгууллагад өнөөдрийн байдлаар ямар нэгэн хохирогч бүртгэгдээгүй байгаа нь зөв л дөө.

Тэгэхээр мэдээлэл цацаж байгаа этгээд мэдээллийнхээ үнэн зөв байдлыг хянаж байж мэдээллээ тавих хэрэгтэй. Олон нийтийн сүлжээнд мэдээлэл тавьж буй этгээд үүнийхээ үнэн зөв эсэх дээр үүрэг хүлээдэг гэдгийг илүү хөндөх нь зүйтэй. Иймэрхүү төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүс шүүхэд нэр төрөө сэргээлгэнэ гэсэн нэхэмжлэл гаргасныгаа нэр төрөө сэргээлгэлээ гэх мэтээр үнэн худал нь мэдэгдэхгүй бичээд байдаг. Үүнийг нь хуулийн мэдлэггүй хүмүүс үзээд зөв байсан юм байна гэж ойлгоод итгэж эхэлдэг. Үүнээс сэргийлэх мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагууд өгч баймаар байна” гэв.


АЛИВАА ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙГ НАРИЙН СУДАЛЖ ШИНЖЛЭЭГҮЙ ХАРААР ДҮГНЭЖ, НЭР ТӨРД ХАЛДАХ НЬ ӨӨРӨӨ ХУУЛИЙН ЗААЛТТАЙ


Энэ талаар загвар өмсөгч О.Билгүүнээс тодрууллаа.


-Та үүсээд буй нөхцөл байдалд тайлбар өгөөч?

-Бид БНХАУ-ын крипто зах зээл дээр хүч түрэн гарч ирж буй шинэ төрлийн блокчейн платформ дээр суурилсан крипто төслийг Монголын зах зээл рүү оруулж ирээд ажиллаж байна. Энэ нь TUR­ING SMART CHAIN (TSC) гэдэг блокчейн платформ юм. Уг платформ маань төвлөрсөн бус удирдлагын тогтолцоотой буюу DAO (decentralized au­tonomous organization) юм. DAO гэдэг тухайн төслийн ард хэн нэг тухайлсан этгээд хуулийн этгээд байж бүх зүйлийг удирдаж шийддэг зүйл биш юм. Өөрөөр хэлбэл, энэ төсөлд хөрөнгө оруулж хүн бүр энэ төслийн эзэн буюу хувьцаа эзэмшигч гэж ойлгож болно. Уг платформ маань БНХАУ-д үүсч 3-4 жилийн хугацаанд тогтвортой хөгжүүлэлт хийгдээд явж байгаа юм. Тэгэхээр энэ маань манай дотоодын крипто маркет шиг маш бага эзэлхүүнтэй буюу нэг төсөл дээр 1 мянгаас 5 мянга хүрэхтэй үгүйтэй цөөхөн тооны хэрэглэгчийн тухай ойлголт биш юм. Нөгөө талаас энэ дэлхийн хамгийн их хүн амтай, хүчирхэг эдийн засагтай, хөрөнгө оруулалтын сэтгэл зүй суучихсан тэр хүмүүсийн бий болгоод дотооддоо тэлэлт үүсгэж байгаад дэлхийд гарч ирж байгаа маш том платформын тухай ойлголт юм. Үүнийг дотоодын элдэв луйврын замаар хийсэн бусад төрлийн крипто төслүүд болон элдэв прамид понзитой харьцуулж харлуулж байгаа нь харамсалтай байна.

-Олон нийт, хуульчид шүүмжлэлтэй байгаа. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Аливаа төсөл хөтөлбөрийг нарийн судалж шинжлээгүй хараар дүгнэж нэр төрд халдах нь өөрөө хуулийн заалттай. Бид өөрсдөдөө мөнгө босгоогүй. Гадны төсөлд хөрөнгө оруулж ашиг авах боломжийг л санал болгож, сонирхуулж байгаа төдий. Энд заавал орох шаардлага байхгүй. Хувь хүний өөрийн л сонголт. Бид харин ч хөрөнгө оруулалт, санхүүгийн мэдлэг мэдээлэл дээр тулгуурлаж шийдвэр гаргах боломжийг олгож байгаа гэв.

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албанаас энэ талаар тодруулахад ямар нэгэн байдлаар хохирсон гомдол мэдээлэл бүртгэгдээгүй байна гэв. Тухайн постон дээр нь нэг скрийншот маягийн зүйл яваад байна лээ. Тэр нь хятад бичигтэй флатформ юм уу, аппликэйшний зураг яваад байгаа. Тухайн зүйл нь Монгол Улсын харьяалалтай зүйл яалт ч үгүй биш. Энэ талаар Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасаг болон эдийн засаг, залилах гэмт хэрэгтэй тэмцэх тасгуудаас холбогдон тодруулахад “Үүнээс болж хүн хохирсон тухай гомдол мэдээлэл ирээгүй. Иргэнээс гомдол ирээгүй байгаа тохиолдолд бид шалгах боломжгүй байна” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

2022.12.3, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 10

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ЦАГААГЧИН ГАХАЙ САР
НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААН БАР ӨДӨО

  • Аргын тооллын: 2022.12.3, Бямба гараг
  • Наран ургах шингэх: 08.23-17.01
  • Үс засуулбал: Эрч хүч ихэснэ
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө -19 хэм хүйтэн байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -34…-36 градус, бусад хэсгээр -27…-29 градус, өдөртөө -17…-19 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -39…-44 градус, Увс нуурын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -32…-37 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -19…-24 градус, бусад нутгаар -27…-32 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эхээр -26…-31 градус, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар -18…-23 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8…-13 градус, бусад нутгаар -14…-19 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -33…-35 градус, өдөртөө -18…-20 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -32…-34 градус, өдөртөө -18…-20 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Даваа гаригаас нийтийн тээврийн автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулах ажлыг эрчимжүүлнэ DNN.mn

Даваа гарагаас эхлэн автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулахад онцгой  анхаарна – www.murch.mn

Улаанбаатарын замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос “Арванхоёрдугаар сарын 5-н буюу ирэх долоо хоногийн Даваа гарагаас эхлэн нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр явуулах журмын хэрэгжилтэд онцгой анхаарч, шуурхайлан ажилдаа орно” хэмээн мэдэгдээд байгаа. Тэгвэл энэхүү зохицуулалт хэрхэн хийгдэх талаар холбогдох албанаас мэдээлэл авлаа.

Тодруулбал, Даваа гарагаас эхлэн замын цагдаагийн алба хаагч нарыг нэмэлтээр ажиллуулж, “чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ”-нд буюу авто замын нэгдүгээр эгнээний ачааллыг нэмэгдүүлээд байгаа тээврийн хэрэгсэлд хяналт тавихаар төлөвлөжээ.

Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн автобусны эгнээгээр явж байгаа машинуудыг Замын хөдөлгөөний дүрмийн 10.5-д зааснаас бусад үед/байр эзлэхээс/ нэгдүгээр эгнээгээр явуулахгүй байх нь. Дүрэм зөрчсөн буюу нэгдүгээр эгнээгээр явж байгаа тээврийн хэрэгслийг ₮20,000 төгрөгөөр, замын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг зөрчиж зүүн гар тийш эргэсэн, эсхүл буцаж эргэсэн бол ₮50,000-өөр торгох арга хэмжээг авна гэв.

Нийтийн тээврийн автобусанд явж байгаа 60-90 хүний эрх ашгийг бодож, эгнээгээрээ зорчиж байхыг жолооч нартаа ТЦА-наас уриаллаа.

Харин хэвлэл мэдээллийн байгууллагын логотой машиныг чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр явуулахгүй, харин дугаарын хязгаарлалтад хамаарахгүйг тодотгосон юм.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмээс:

1.2.48. “чиглэлийн тээврийн хэрэгсэл” гэж тогтоосон буудал бүхий чиглэлийн дагуу зорчигч тээвэрлэх зориулалтаар нийтийн үйлчилгээнд явж байгаа автобус, троллейбусыг;

1.2.49. “чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ” гэж чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулсан, 5.14 тэмдэг болон 1.22 тэмдэглэл бүхий эгнээг хэлнэ.

10.5. Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна.

11.9. Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ бүхий замд чиглэлийн тээврийн хэрэгсэл нь энэ дүрмийн 10.5-д заасны дагуу байр эзлэх, эсхүл саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд зөвхөн уг эгнээгээр явна.

11.10. Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ бүхий замд чиглэлийн тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгсэл энэ дүрмийн 10.5-д заасны дагуу байр эзлэхээс бусад тохиолдолд уг эгнээгээр байрлан явахыг хориглоно.
Тайлбар: Дээрх заалт нь суудлын такси болон “Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл”, “Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн» таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл, мөн энэ дүрмийн 25.4-т заасны дагуу зорчих хэсгийн баруун гар талын захаар байрлан явах унадаг дугуй, мопедод хамаарахгүй.

Нийслэл хотын иргэд нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлэх нь “зовлон” болчхоод байгаа. Юутай ч ирэх долоо хоногоос автобусны эгнээг чөлөөтэй байлгах ажлыг эрчимжүүлж, байдал сайжирсан эсэхийг иргэд дүгнэх нь.