Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Баян-Өлгий аймгийн баг шигшээ наймд шалгарлаа DNN.mn

МҮБХ, “SPS” телевизтэй хамтран зохион байгуулж буй Үндэсний “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны хоёрдугаар шатны хоёр дахь өдрийн барилдаанд Баян-Өлгий аймгийн баг Дундговь аймгийн багтай учраа тааран өрсөлдсөнөөс Баян-Өлгий аймгийн баг 14:11-ээр ялалт байгуулж, шигшээ найман багийн нэгээр шалгарлаа.

Баян-Өлгий аймгийн багт улсын заан Б.Серик сэлгээгээр орж барилдан /2/, өсөх идэр начин Н.Мустафа /3/, аймгийн хурц арслан У.Береке /3/, М.Еркебулан /3/, аймгийн арслан Э.Тамираа /0/, аймгийн заан Е.Көптилек /3/ даваа авсан бол, Дундговь аймгийн багт улсын начин А.Алтанхуяг /2/, Э.Даш /4/, Э.Ванданцэрэн /5/, аймгийн арслан Б.Доржсүрэн /0/, Д.Энхболд /0/, сэлгээгээр аймгийн заан Э.Мөнхболд/0/ даваатай барилдлаа.

Дундговь аймгийн багаас аймгийн заан Б.Анандпүрэв эмчийн магадлагаагаар барилдах боломжгүй болсон тул оронд нь улсын начин А.Алтанхуяг орж барилдсан юм.

Categories
мэдээ улс-төр

​ЧИНГИС бондыг үрж цацсан ЕСӨН ЖИЛИЙН ТӨГСГӨЛ DNN.mn


-Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн тавьсан өрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүрэн төлж барагдуулав. Гэхдээ нэг зүйлийг тодотгоход Чингис бондын өрийг Засгийн газар төлсөн ч, хуулиар хүлээлгэх хариуцлага нь эзэн холбогдогчдынх нь нэр дээр хаяглагдан үлдэж буйг хэлэх хэрэгтэй-

Монгол Улсын өрийн дээд хэмжээ таазандаа хүрч байгаа тухай Ардчилсан намын улс төр идэвхжиж, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг манлайд нь үүрэг хариуцлага нэхэх зуурт Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Чингис бондын үлдэгдэл төлбөр болох 136 сая ам.долларыг өнөөдөр төлж барагдуулна. Улс төрийн эрх ашиг, улстөрчдийн ашиг сонирхол хором секунт тутамд үржин төлжиж, тэр хэрээр улс орны эрсдэл өсөн нэмэгдэх болсон цагт Чингис бондын өрийг төлж барагдуулснаар үүрэг, хариуцлагыг нэхэхгүй өнгөрч боломгүй. Учир нь, 2012-2016 оны хооронд буюу Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын Засгийн газрын үед зөвхөн Чингис бондоор гэхэд 1.5 тэрбум ам.долларыг олон улсаас босгож, ирээдүйгээ зээлсэн. Энэ тухай Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Яахав, бидний үр хүүхдүүд яваандаа энэ төгрөг мөнгөө төлчихнөл дөө” хэмээн УИХ-ын чуулганы танхимд ил тод зарлаж, өөрийгөө түүхэн гавьяа байгуулсан гүйцэтгэх засаглалын тэргүүнээр зарлаж байв. Арга ч үгүй. Дэлхийн эдийн засгийн өсөлтийг дагаж Монгол Улсын эдийн засаг эерэг үзүүлэлт дээр энэ үед түр зогссоны зэрэгцээ Ардчилсан нам УИХ-ын амлалтаа биелүүлэх халгим цалгим мөнгөний урсгалыг Чингис бондоор идэвхжүүлж чадсан. Гэхдээ тэр цаг үеийн чадсан гэдэг дүгнэлтийн төлөөсөнд өдгөө Монголын Засгийн газрын өр 8.6 тэрбум ам.долларын өрөнд унаж, Хөгжлийн банкаар дамжуулан Чингис бондоор босгосон 1.5 тэрбум ам.долларынх нь 60 орчим хувь чанаргүй зээлийн ангилалд орчихоод унаж буй. Энэ тохиолдолд тухайн цаг үеийн “Бид чадлаа” гэх үг ердөө л цаг хугацааны үнэнд гүйцэгдэх дампуурлын эхлэл байсан бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2022 оны нэгдүгээр сард хийсэн “Хөгжлийн банкнаас гарсан нийт мөнгөний хэмжээ таван их наяд төгрөгт хүрсэн байна. Үүний 60 орчим хувь нь төлөгдөх боломжгүй болчихсон байна” гэдэг мэдэгдэл бодит үнэнийг тоон мэдээллийн хамт олон нийтэд ил болгосон байдаг.

Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарын зөвшөөрлөөр олгосон нийт зээлийн 70 гаруй хувь нь чанаргүй зээл болжээ

Тэгвэл асуудал хэрхэн эхлэв. Асуудал юунд байв. Энэхүү дараалсан хоёр асуултад хариулах эхний тайлбар бол Ардчилсан намын дарга асан Н.Алтанхуяг Монгол Улсын Ерөнхий сайд болсныхоо дараа Хөгжлийн банкийг дэлхийн улс орнуудын Хөгжлийн банкны жишгээр удирдаж байсан Өмнөд Солонгосын мэргэжилтнүүдийг хөөн гаргасан явдал. Үүнийхээ дараа тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярын зөвлөх гэгдэж байсан Н.Мөнхбатыг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилж, өөрөө Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар Бондын бодлогын зөвлөлийн дарга нь болсон байдаг. Мөн Засгийн газрын 2012 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 179 дүгээр тогтоолоор байгуулагдсан уг Бондын бодлогын зөвлөлийн орлогч даргаар Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, гишүүдээр нь тухайн үеийн Засгийн газрын бусад сайдууд болон Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Одхүү, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан нар томилогдсон. Эдгээр нэр бүхий улстөрчдийн удирдан зохион байгуулж, үүрэглэн чиглүүлж байсан Бондын бодлогын зөвлөлийн шийдвэрээр 2012-2016 оны хооронд Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн 80 гаруй хувь нь гүйлгээнд гарсан. Мөн тэдний цохолт зөвшөөрлөөр олгосон уг зээлийн 70 гаруй хувь нь чанаргүй зээлийн ангилалд орсон гэдгийг Хөгжлийн банкнаас удаа дараа мэдэгдсэн. Иймд Хөгжлийн банкийг дампуурлын ирмэгт очтол нь луу унжиж, зээлээ төлөхөөс татгалзан арав орчим жилийн турш хууль шүүхээс зугтаж, эргээд хууль шүүхтэй хуйвалдах замаар өдөр хоногийг хороон бултаж буй гол зээлдэгчид нь хэн бэ.

Хөгжлийн банкийг “сэхээний өрөө”-рүү чирсэн зээлдэгчид

Харамсалтай нь, тэд ганцаараа бус олуулаа. Гэхдээ олуулаа, олуулаа гэлээ гээд тэднийг Ардчилсан нам болон Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, түүний хүрээллээс холуур хайх шаардлагагүй. Гол зээлдэгч компаниудынх нь хөрөнгө оруулагчид Ардчилсан намын батлахтай байхын зэрэгцээ Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн тойрон хүрээллийн нөхөд байх нь их. Тиймээс ч Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн шийдвэрээр 2012 онд “Хөтөл” компанид 61,3 сая ам.доллар, 2013 онд “Төрийн орон сууцны корпораци”-д 168,3 тэрбум төгрөг, 2013 онд “Эрэл” группт давхардуулсан байдлаар тус бүр 13 сая евро, 23 сая ам.доллар, 2014 онд “Бэрэн” группт 38,9 сая ам.доллар, мөн онд “Мон лаа” ХХК-д 5,6 тэрбум төгрөгийг тус тус олгосон. Тэр ч бүү хэл баригдаж ашиглалтад орох нь бүү хэл, бүхий л цаг хугацааны турш байгуулагдах эсэх нь эргэлзээтэй байж ирсэн Эгийн голын усан цахилгаан станцад хүртэл 10,6 сая ам.долларын зээл олгосон байх бөгөөд өдгөө энэ зээл Засгийн газрын нуруун дээр ор мөргүй, буух эзэн буцах хаяггүй өр болон бичигдчихээд байгаа. Гайхмаар нь үүнд хариуцлага хүлээх эзэн бараг л үгүй гэх. Учир нь, Эгийн голын усан цахилгаан станц гэгч нь байхгүйн дээр уг зээлийн эх үүсвэрийг тайлж тайлбарлах албан тушаалтан ч үлдээгүй гэх. Ингэж Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүсэл сонирхол, эрх ашгаар олгогдсон эхэлсэн зээлийн урсгалыг Засгийн газрын Хэрэг эрхлэхийн дарга Ч.Сайханбилэг гүйцэтгэх засаглалын тэргүүнээр томилогдохтойгоо зэрэгцэн мөн л өөрийн дураар үргэлжлүүлсэн. Нэгэнт Ерөнхий сайд нь Бондын бодлогын зөвлөлийн тэргүүн байх тушаал нь байгаа хойно, яаж зүгээр байх вэ. Өөрийн шийдвэрээр 2015 онд “Шинэ Яармаг” төсөлд 50 сая ам.доллар, мөн онд Капитал банканд 59,6 тэрбум төгрөгийн зээл олгосон. Энэ бүх зээл өдгөө Хөгжлийн банкны чанаргүй зээлийн ангилалд багтах болсон бөгөөд бага, дунд төвшний зээлдэгчид нь эхнээсээ нэхүүлж шахуулан барин зээлээ төлж эхэлсэн бол дээр нэр дурдагдсан Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарын үзэгний үзүүрээр банк дампууруулахуйц хэмжээний зээл авсан зээлдэгчид ор мөргүй зугтах нь зугтаж, нуугдах нь нуугдаж, бүр хэнэг ч үгүй “Зээлээ төлж чадахгүй. Мөнгө байхгүй. Би буруугүй. Дэлхийн эдийн засаг буруутай” хэмээн хэдэрлэсэн хэвээрээ л.

Хөгжлийн банкны хоёрдугаар ээлжийнхний “хооллох соёл”

Монголчууд эртнээс муу юм бодон улбаатай гэж хэлдэг, ярьдаг, сургамжилдаг ард түмэн. Энэ нь аливаа нэгэн муу үйл, муу санаанаас хол явахгүй бол эргээд түүндээ ороогдож, түүндээ дөрлүүлээд зогсохгүй гарах гарцгүй хүлэгддэг тухай үг юм. Хөгжлийн банкны хувьд нөхцөл байдал яг л тэгж үргэлжилсэн. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарын сонирхлоос 2016 оны зургадугаар сард ангижирч чадсан ч дараагийн чанаргүй зээлдэгчид, зээл олгогчид хаалга тогшоод хүлээж байсныг гэрчлэх нөхцөл байдал 2017-2018 оны хооронд үргэлжилнэ. Үүнийг нь жаахан хэтрүүлэгтэй хэлбэл Хөгжлийн банкны хоёрдугаар ээлжийнхний “хооллох соёл” хэмээн нэрийдэж болох бөгөөд энэ хугацаанд 480 тэрбум төгрөгийн зээлийг олгосон. Ингэхдээ нэг алдааг залруулсан нь Бондын бодлогын зөвлөл гэгчийг татан буулгаж, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр зээл олгох журмын өөрчлөлт юм. Гэхдээ энэ нь нэг хүний ашиг сонирхлоор бус нэлээн олон хүний эрх ашгаар зээл олгох тухай хуйвалдааны онолыг тараан байршуулсан шинэ арга механизм байсан юм. Тиймээс ч олгосон зээлийн тоо нэмэгдэж, чанарын үзүүлэлт эсрэгээрээ улам бүр буурсан. Үүний баримт нь 2017 онд НВЦ компанид 21 сая ам.доллар, “Ачлал трейд” компанид 15 сая ам.доллар, “”Монгол драй милк” компанид 15 сая ам.доллар, “Promom trade” компанид 974,3 сая иень, “Пирамид орд” ххк-д 15 тэрбум төгрөг, “Монгема” ххк-д 419,3 иень, 2018 онд “Мондулаан трейд” ххк-Д 15 тэрбум төгрөгийг тус тус Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр олгосон явдал бөгөөд нийтдээ 29 компанид 480 тэрбум төгрөгийн чанаргүй зээл олгосон. Энэ дунд эрх мэдлийн аархлыг яахан барьж болох вэ гэсэн шиг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаярын шийдвэрээр олгосон 2017 онд “Хатант интернейшнл” ххк-д 138,9 сая иень, 2018 онд “Газ импорт” ххк 223,6 сая иень, “МОДУН” ххк-д 5,8 тэрбум төгрөгийн зээл мөн багтаж байгаа. Энэ бүх нөхцөл байдлын үнэн бодит баримт олон нийтэд нээлттэй болохтой зэрэгцсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүссэн нөхцөл байдлыг Засгийн газар хяналтандаа авч, зээлийг эргэн төлүүлэх яриа хэлэлцээрийг эхлүүлэхийг үүрэг болгохдоо тус банкны 20 гаруй албан тушаалтныг албанаас нь чөлөөлж, хууль хяналтын байгууллагад шалгуулах хүсэлтээ гаргасан. Гэсэн ч асуудал өдгөө сунжирсан хэвээр. Томоохон зээлдэгчид нь хил даван зугтаж, Монголдоо үлдсэн нь “Эдийн засаг хэцүү байхад зээлээ төл гэлээ” хэмээн хэвлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гомдлын үг тэрлүүлж, нулимс дуслуулах нь халгүй жүжиглэх болсон. Харамсалтай нь, тэдний хөнгөлөлттэй зээлээ зориулалт бусаар зарцуулж, хөрөнгөө царцааж, эргэн төлөхгүй мэт хувийн жаргалаа хөөн тансаглаж байх зуур Монгол Улс дефолт зарлахдаа тулж, Хөгжлийн банк дампуурлын ирмэгт хүрсэн. Гэсэн ч Монгол Улсын эрх ашиг зээлдэгчдийн хувьд өөрсдийнх нь эрх ашгийн үзүүр ёроол хавьд эрэмбэлэгдэж, нөхцөл байдлыг улам бүр ангал руу түлхэхийг хүссэн. Харин ачааг нь Монголын ард түмэн, Монголын Засгийн газар өнгөрсөн есөн жилийн турш үүрч, дүүрсээр өнөөдрийг хүрсэн.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Чингис бондын өрийг төлсөн ч хариуцлага үлдэнэ

Юм гэдэг сонин. Энэ үгийг зөвхөн монголчууд гэлтгүй бүх дэлхийн хүн ард л хэлдэг байх. Тэртээ 2012 онд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн “Яахав, энэ өр зээлийг бидний хойч үе төлчихнө дөө” хэмээн хэлж байсан ёсоор түүний тараан цацсан өр зээлийн төлбөрийг өдгөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар төлж байна. Гэхдээ өр төлөх цаг хугацаа нь ирээдүй цаг буюу хойч үед шилжих гэхээс илүүтэй ердөө л дараа, дараагийн Засгийн газрынх нь ачаа, буулга болж дарамт, шахалт болох байсныг тэрбээр хөнгөөхөн шиг аргалж, хөөрхөөн хуурах гэсэндээ л энэ үгийг ашигласан байх. Заль мэхийн ухааныг нь та бид тухайн цаг үед яаахан таах. “Ерөнхий сайд Н.Алтанхуяг нээрээ марзан хүн шүү” гэх маягтай “Зо зо, бидний хүүхдүүдэд л өрөнд орж байгаа юм байна л даа” гээд ёстой л ирээдүйд даатгаад сулд нь орхисон. Гэтэл энэ үгнийхээ ард буюу 2012-2016 оны хооронд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарын Засгийн газар сүүлийн 30 жилийн түүхэнд хамгийн их өр тавьсан гүйцэтгэх засаглал болсон байдаг. Чингис боэдын 1,5 сая ам.доллар, Дим сан бондын 161,2 сая ам.доллар, Мазаалай бондын 500 сая ам.доллар, 12,2 тэрбум төгрөгийн дотоодын үнэт цаас, гадаад зээлийн 1,6 их наяд төгрөг.

Харин 2020-2024 оны үзүүлэлт эсрэгээрээ. Учир нь, энэ дөрвөн жилийн хугацаанд Монголын Засгийн газар хамгийн их өр төлсөн жил болж байгаа бөгөөд 2020 онд гэхэд Мазаалай бондод 500 сая ам.долларыг төлж, барагдуулсан. Мөн онд Чингис бондод 200,8 сая ам.доллар, 2021 онд Гэрэгэ бонд 266,9 сая ам.долларыг ч давхар төлсөн. Нийтдээ зөвхөн гадаад зээлийн эргэн төлөлтөд 2020 онд 691 тэрбум төгрөг, 2021 онд 746,7 тэрбум төгрөг, 2022 онд 532 тэрбум төгрөгийг төлсөн бол дотоод үнэт цаасны төлбөрт Засгийн газар 2020 онд 263 тэрбум төгрөг, 2021 онд 216 тэрбум төгрөг, 2022 онд 208 тэрбум төгрөгийг шилжүүлээд байгаа. Яг үнэндээ “Засгийн газар зээлийн шилжүүлэг хийжээ” гэж бичихэд ч халгам энэ мөнгөн дүн, энэ өр төлбөрийн ард дээр дурдсан чанаргүй зээлдэгчид, нэр дурдагдсан эрх бүхий албан тушаалтнууд “Монголын эдийн засаг сүйрлээ. Та нар хариуцлага хүлээ” хэмээн хашгирч суугаа. Тэдний хэн нь ч өнөөдөр “Чингис бондын 136 сая ам.долларын үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулснаар Хөгжлийн банк дампуурах эрсдлээс ангирч, Монгол Улс зээлжих зэрэглэлийнхээ чанарыг хэвээр авч үлдэж чадлаа” хэмээн алга ташихгүй. Ер нь таших ч ёсгүй л дээ. Гол нь тэд алдаагаа хүлээн зөвшөөрч, хариуцлагаа чимээгүй үүрэгүй. Харин Монголын Засгийн газар 2023 онд Гэрэгэ болон Самурай бондын төлбөрийг 2023 онд бүрэн барагдуулж байж өрийн дарамтаас тэргүүнээ өндийлгөх тэнхээтэй болно.

Өдгөө дэлхий нийтээрээ хүн төрөлхтөнийг хоёр жилийн турш эцээж, ядрааж, эмтэлж, зовоож, хагацал зовлонд шархлуулсанцар тахал ковид-19-ийн халдвар болон ОХУ, Украины дайн нөхцөл байдлын улмаас хөрөнгө оруулалт, мөнгө, түүнийг дагасан эдийн засгийн өсөлтийн эрэлд хатаж байна. Зүй ёсны гэж болохуйц энэ нөхцөл байдлаас Монгол Улс ч зугтах аргагүй. Хөрөнгө оруулалт, мөнгө, эдийн засгийн өсөлт бидэнд юу юунаас илүү хэрэгтэй болсон. Инфляцийн өсөлтийг даван гарах бүх талын хүчин зүйл, хүч тэнхээ ч дутагдаж буй. Гэсэн ч Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон түүний багийн учруулсан Чингис бондын өрийн дарамтаас Монгол Улс гарч чадлаа. Гэхдээ нэг зүйлийг тодотгоход Чингис бондын өрийг Засгийн газар төлсөн ч, хуулиар хүлээлгэх хариуцлага нь эзэн холбогдогчдынх нь нэр дээр хаяглагдан үлдэж буйг хэлэх хэрэгтэй.

Төр буй дор татвар буй гэдэгчлэн төр буй дор хариуцлага буй. Монгол Улсыг элгээр нь мөлхүүлэх үг, өгүүлбэр, нөхцөл байдал бүрт баярлан алга таших тэдний баяр хөөрт төгсгөл буй. Хууль үнэн оршиг.

Д.ЦЭНГЭЛ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Дарга нар гадаад явахаараа аймаар том юм ярьдгаа боль, ирээд хэдэн малчнаа дийлэхгүй байж… DNN.mn

Манай том дарга нар, шийдвэр гаргах түвшний хүмүүс гадаадад очихоороо том том юм ярьж, уул уурхай, уран, газрын ховор элемент, хагас дамжуулагч… гээд гадныхны сонирхож байгаа бүхнээр хамтран ажиллах гэрээ хэлэлцэж, гарын үсэг зурж, өнөө маргаашгүй Монголд том төсөл эхлүүлэх аятай аягалдгаа одоо боль оо. Дагаж яваа хэвлэлүүд нь ийм ч төсөл, тийм ч үйлдвэр, тэдэн тэрбумын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэлээ хэмээн нийгэмд уралдан мэдээлэх. Нээрэн ч тэгэх гэж байгаа юм бодож итгэх. Ирээд юу хийхийг нь харахаар “Байхгүй ээ, өнөө станцын чинь ажлыг яг эхлүүлэх гэтэл гурван малчин очоод эсэргүүцээд хэвтчихлээ, тэр үйлдвэрийн шавыг тавих гэтэл тэдэн малчин ирээд машин хаагаад хэвтчихлээ…” гээд зогсоцгоож байх. Уулын мухарт байгаа хэдэн малчнаа дийлэхгүй байж уул уурхайн том төслүүдийг гадныхантай ярихаа больчихооч. Ярьсан бүхэн чинь худлаа болдог болохоор эцэстээ үнэмших хүн дэлхийд олдохоо болилоо. Бүүр нэг тохуутайяа ярих Канадын компанийн захирлын дүр төрх нүдэнд харагдаж байна. Тэрбээр өнгөрсөн хавар Соал Монголиа-д оролцох үеэрээ “Та нар орон нутагтайгаа ойлголцож чаддаггүй шүү дээ, хэдэн хүмүүс ирээд машин доогуур ороод хэвтчихдэг, яаж ч болдоггүй…” хэмээн инээгээд, танай цэрэг цагдаа ч тэднийг дийлдэггүй, ийм байж энд том төсөл ярих хэрэг байгаа юм уу хэмээн УИХ-ын гишүүнтэй ярилцаж зогсохыг сонсож билээ. Эмгэнэлтэй нь Их хурлын гишүүн тэрбээр хэлэх үггүй байгаа харагдсан. Монголын төр ийм л байгаа шүү дээ. Орон нутгаа дийлж, захирч, хүчрэхээ байсан төр засагтай болоод удаж байна. Энэ талаар яагаад ярихгүй байгаа юм. Бодит кейсүүд олон. Монголын эрчим хүчний салбарт хэрэгжих өндөр магадлалтай байгаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц байна. ТЭЗҮ, хөрөнгө мөнгө, ажиллах хүч… тэнд дутуу юм юу ч алга. Хамгийн ихээр хэрэглэгдэх цементийн үйлдвэр нь хүртэл тэнд баригдчихсан, хэрэглэгчээ хүлээгээд дүнгэнэж байна. Гэтэл хэдэн малчин очоод хөндлөн хэвтчихсэн. Их хурлын дарга нь эхлээд очлоо, барсангүй. Ерөнхий сайд нь очиж уулзалт хийж, шагнал урамшил хүртэл өглөө барсангүй. Тэндээс сонгогдсон УИХ-ын гишүүд нь үг цухуйлгахаас айцгаан тойрч давхицгаах. Эцэст нь яав, эмэгтэй хүн аваачиж аймгийн Засаг даргаар нь тавилаа шүү дээ. Эрдэнэбүрэнгийн станцыг л малчдаас айлгүй хөдөлгөх үүрэгтэй 30 настай охин тэнд үзэж тарж байна. Бод доо, Монголын төрийг удирдаж байгаа эрчүүд, дарга нар Ховдын хэдэн малчныг барсангүй. Эцэстээ эмэгтэй хүн өмнөө бариад зогсож байна. Могойд барьдаг мод гэдэг шиг. Ийм байж элэнцгээ хийгээд том том уул уурхайн төсөл, уран, газрын ховор элемент, метан, занарын гэрээ хэлэлцээр, төсөл хөтөлбөр, мөнгөн дүнг гадаадынхантай яриад явдаг юм бэ. Ирээд энэ хэдэн малчнаа дийлж тэр төслөө хөдөлгөж чадахгүйг чинь монголчууд бүгд харж байхад.

Уран бол улс орны хөгжил. Үүнд төр засаг бүх анхаарлаа төвлөрүүлэхэд Монгол Улс эрчим хүчний диваажин болох нь батлагаатай. Үүний төлөө хэн явж, хэн эсэргүүцэж байна вэ. Хэдэн малчнаасаа айгаад хэн ч зүрхэлж дуугарахаа больчихсон 20 жилийн нүүрийг үзэж байна. Дорноговь-Улаанбадрах… гэнгүүт улсынхаа Ерөнхийлөгчөөс эхлээд УИХ-ын гишүүд нь, сайд дарга нарынх нь зүрх үхэж байна. Бодит үнэнийг хэлье, “Гадаадын хөрөнгө оруулалттай нэгэн компани Дорноговь аймагт ураны хайгуул эхлүүлснийг эсэргүүцэн зэвсэгт тэмцэл өрнөж, орон нутгийн иргэд нь газар орны байрлалаа

ашиглан тэмцдэг, төр засаг нь ч орж чадахаа байсан тусгай бүс, иргэний дайны талбар боллоо” гэсэн утгатай мэдээлэл гадна талд явдаг болсныг монголчууд мэддэггүй. Уул уурхайн эерэг, сөрөг мэдээллийн хамгийн том терминал дотор улаан тэмдгээр анхааруулагдсан газар Монголын Дорноговь болчихсон байна шүү дээ. Тийм

тэмдэглэгээтэй уул уурхайн бусад орд газрууд дэлхийд хаана гэхээр Африкийн отог омгийн дайнтай бүсүүд байдаг юм. Монголын хэсэгхэн газарт улаан тэмдэг байдаг нь Дорноговь дахь ураны ордын хэсэг. Ийм эмгэнэлт дүр зургийг юу ч мэдэхгүй малчид бий болгож байна. Монголын малчид нь Таван толгой, Оюу толгойгоос орж ирдэг мөнгөөр тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгө, хүнсний талон, ноосны урамшуулал, ямааны мөнгө… өөр юу юугаа ч авч байгаа билээ. Ийм эрүүл бус үзэгдэлтэй Монголын төр засаг яагаад хуулийн хүрээнд тэмцэхгүй байгаа юм. Яагаад хэдэн малчид машиных нь өмнө очоод хэвтчихээр хэдэн тэрбум долларын хөрөнгө оруулалт зогсчихоод байгаа юм.

Бодит үнэн гэвэл малчдыг цаанаас нь өдөөн дэвэргэдэг хүч нь аймаг, сум, багийн удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгчид гэх хүмүүс. Тэд уг нь орон нутаг дахь Монгол төр юм. Гэтэл төр нь дотроосоо өтсөний том жишээ энэхүү малчдын турхиралт. Малчид орилж орилж хоолой нь сөөгөөд гэртээ харьцгаадаг. Үр дүнд нь төсөл хөдөлгөх гэсэн компанийн эзэд орон нутгийн удирдлагууд дээр очно. Ингээд авцаа өгцөө, авлига хахууль… яригдана. Улаанбаатар хотод таван орон сууцтай, 10 жил сумын Засаг дарга хийж байгаа хүнийг Монголын төр яаж ч чадахгүй байна. Тэр зуны наадмын өмнө ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ажлын хэсгийг ахалж очоод, хүчнийхнээр баривчлуулж авчирсан сумын Засаг даргыг УИХ-ын гишүүд босох шахан эсэргүүцэж суллуулсныг тодорхой хүрээнд мэднэ. Яахаараа сумынхаа малчдыг хамгийн ихээр тухирдаг, босгодог, нэг муу сумын Засаг даргыг дийлэхгүй буцаад ажилд нь тавьдаг юм. Ямар эрх ашгаар холбогдсон гэхээрээ сумын Засаг даргын төлөө Монголын парламент доргидог юм.

Ийм арчаагүй, өчүүхэн, жалгын мухарт байгаа хэдэн малчнаасаа дор Монголын дарга нар та бүхэн ОУ-ын хурал чуулганд оролцож, улс орны төр засгийн удирдлагуудтай уул уурхай, эрдэс баялаг, томоохон ордуудын гэрээ хэлэлцэл ярилцаж байхаасаа ичээч ээ. Гадныхантай ярьсан бүхэн чинь хэдэн малчдаас болж бүтэхгүй болохоор чинь Монголд итгэх хөрөнгө оруулагчид өдөр өдрөөр алсарч, бид өөрсдөө худалч, хулхи нэр зүүн төгсөж байна. Монгол Улс доройтож байна. Гадаадад очихоороо галзуурдгаа боль, дарга нар аа. Өөрсдийнхөө мууг маш сайн мэдэж байгаа хэрнээ Олон улсад ингэж солиорохыг чинь харахаар “Галзуурчээ” гэхээс өөр үг олдохгүй байна шүү дээ, үнэндээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Н.Дугар: Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайтай тэмцэж чадахгүй, дийлэхгүй DNN.mn

Улс төр судлаач Н.Дугартай ярилцлаа.


-Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо. Энэ гарцаар Оюу толгойн зэсийн баяжмал, Таван толгойн коксжсон нүүрс болон бусад экспортын бүтээгдэхүүнийг зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд тулгуурлан тээвэрлэж, говийн бүс нутагт буй 10 гаруй ашигт малтмалын ордуудын үнэлэмжийг өсгөж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдэнэ гэж байгаа.Энэ тухайд таны байр суурийг сонсъё?

-Зүүнбаян-Ханги мандалын төмөр зам бол эдийн засаг, стратегийн хувьд тун хэрэгтэй зам. Гэхдээ терминалын асуудал гарч ирнэ. Таван толгойгоос нүүрсээ ачих терминал нь алга. Терминалаа бариагүй учраас нэг хоёр жилдээ хэцүү.

Хүрздэж, эсковатороор ачих юм уу. Цаана нь холболтын цэг гэж асуудал бас байна. Оргүйгээс охинтой нь дээр гэдэг дээ. Ганц урсгалтай төмөр зам учраас жилд 70 сая тонн нүүрс зөөж чадахгүй. Энэ төмөр замыг тавих асуудал 2000 оны эхээр яригдаж байсан. Одоо бараг 20 жил болж байна. Хэрвээ 2005, 2006 онд энэ төмөр замыг тавьчихсан бол түүнээс хойш 15 жилийн турш үр шимийг нь Монголын ард түмэн хүртэх байсан юм. Түүх сөхье л дөө. 2006 онд М.Энхболд Ерөнхий сайд боллоо. Үүний дараахан надтай уулзъя гэхээр нь би орсон. Бид хоёр Таван толгойн асуудал ярьсан. Та олон юм хийх гэж юм, юм руу самгардах хэрэггүй. Оюу толгой, Таван толгой хоёр мега төсөл хөдлөх нь тодорхой болчихлоо. Бугатад маш том хүчин чадалтай гангийн үйлдвэр ашиглалтад орчихлоо. Коксжих нүүрсний хэрэгцээ асар их байна. Тиймээс та Таван толгойгоос Зүүнбаян хүртэл төмөр зам тавь. Үүгээрээ коксжих нүүрсээ зар гэсэн. Та энэ коксжих нүүрсийг зарахын тулд дээр байгаа эрчим хүчний нүүрсийг хуулах болно. Энэ нүүрсийг овоолж хаяхгүйн тулд Дөрөвдүгээр цахилгаан станцаас дутахгүй хүчин чадалтай цахилгаан станц барь. Тэгээд Оюу толгой, Таван толгойг эрчим хүчээр ханга. Хятадад эрчим хүчний хомсдол байна, тийш нь экспорт хий. Илүү гарвал төвийн эрчим хүчний систем рүү нийлүүлээд дотоодынхоо хэрэгцээнд ард түмэндээ үнэгүй ч хамаагүй түгээчих. Ингэж чадвал Улаанбаатар утаанаас сална. Ийм хоёр ажлыг бариад авчих юм бол та хоёрхон тоолуур хараад мөнгөө тоолоод сууж байна гэж хэлж байсан. Энэ ажлыг хийж чадвал та түүхэнд үлдэх Ерөнхий сайд байна гэхэд мань эр хөдөлж өгөөгүй. Сүүлд 2017 онд М.Энхболдыг Ерөнхийлөгчид нэр дэвшихээс нь өмнө би уулзаад “11 жилийн өмнө Таван толгой Зүүнбаян Ханги мандалын чиглэлийн төмөр замыг барь, цахилгаан станц барь гэж танд хэлж байсан. Түүнээс хойш 11 жил өнгөрсөн байна. Монголын төр 11 жилийн дотор 400 км төмөр зам, нэг станц барихгүй байна гэж хаашаа харсан юм байх вэ дээ” гэж хэлж байсан. Угтаа энэ хоёр бүтээн байгуулалтыг хийчихсэн бол М.Энхболд Ерөнхийлөгчөөс сонгогдох оноогоо кармалчих байсан юм. Тэгээд ч удаагүй Засгийн газар нь огцорч, С.Баяр Ерөнхий сайд болсон. М.Энхболд тодорхой юм хэлээгүй учраас энэ төслийг 2007 онд Х.Баттулгыг хэрэгжүүл гэж хэлж байсан юм. Мань эр тэр үед сайд ч байгаагүй байсан. Төмөр замын төслийг нь л хийсэн. Гэхдээ тэр нь ТЭЗҮ, геодизийн зураглал байхгүй зүгээр л төсөөлөл байсан. Төсөөлөл дүрслэх урлагийн дунд сургууль төгссөн гэсэндээ нэг макет хийсэн байсан шүү. Тэрийгээ хэрэгжүүлэхийн төлөө явсан хүн. Ингээд 2010 онд Төрөөс баримтлах төмөр замын бодлого батлагдсан. Энэ үед миний бие тухайн үеийн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Сү.Батболд нартай ярилцаж байж энэ бодлогыг дэмжүүлсэн. Төрөөс баримтлах төмөр замын бодлогоор өргөн цариг батлагдсан. Батлагдсаны дараа Д.Дэмбэрэл гуай надад хэлэхдээ хамгийн түрүүнд 267 км төмөр замаа эхлүүлээрэй гэсэн. Би Х.Баттулгад “Эхлээд энэ замаа өргөн царигаар тавьчих. Тэрнээс олсон ашгаараа дараа нь Таван толгой- Хангимандал, Таван толгой-Зүүн баянгийнхаа төмөр замаа барь. Юманд ээлж дараалал байх ёстой гэж хэлсэн”. Мань эр Гашуунсухайт-Таван толгойн төмөр замыг хэзээ ч бариулахгүй гэж хэлсэн.

-Яагаад?

-Нарийн царигаар нь барихгүй, өргөн цариг гээд байгаа юм бол эхлээд өргөн царигаа тавь гэж би хэлсэн. Ингээд ерөнхийдөө төмөр замын асуудал гацчихсан. Би төмөр зам гацсан учраас авто зам барья гэсэн.

-Автозамынхаа төслийн талаар тодруулаач?

-Энэ зам маань таван толгойгоос-Ханбогд-Хатанбулаг-Хангимандал гэсэн маршрут байсан юм. Үүнийг Бээжингийн авто замын зураг төслийн институт боловсруулсан. 430 орчим км-ийн урттай, 120 тн-ын хүнд даацын бүхий 1.2 метр зузаантай дөрвөн эгнээ зам барих төсөл байсан. Монголын талаас геодизи, газрын шинжилгээ, ан амьтад, малчдын нүүдэл, бэлчээр гээд бүгдийг судалж, тооцоолол гаргаж хийж байсан. Энэ зам дагуу хайгуулын болон ашиглалтын нийт 60 гаруй лиценз байдаг. Үүнээс 40 гаруй нөөц нь тогтоогдсон томоохон ордууд. Мал амьтдын нүүдлийн замыг тооцоод дандаа нүхэн гарцуудтай барихаар зураг төслөө боловсруулсан. Уг төслийг би Х.Баттулгыг Зам тээврийн сайд байхад нь оруулж танилцуулаад хэрэгжүүлье гэсэн. Бараг жил гаруйн хугацаанд шийдэгдээгүй байсаар концессын хууль батлагдангуут тийш нь шидчихсэн байсан. Энэ төсөлд Бугатын металлургийн үйлдвэр, Хөх хот, Бээжингийн гээд долоо, найман томоохон компани консерциум болж хэрэгжүүлэхээр байсан. Үүгээр жилд 40 орчим сая тонн нүүрс зөөнө гэсэн тооцоололтой байсан. Ингээд концессын шалгаруулалтад ороод манай төсөл эхнийхэд шалгарсан. Гэтэл арваад хоногийн дараа Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар намайг дуудаад “Чиний энэ тендерийн шалгаруулалтыг хүчингүй болголоо” гэсэн. Үүний дагуу гурван шатны шүүхээр явлаа. Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүхээс хүртэл манай компанийн талд шийдвэр гаргасан. Гурван шатны шүүхийн шийдвэр гарчихаад байхад концесс ч зарлаагүй. Тэрийг тэр чигээр нь орхисон.

-Тодруулбал?

-Цаад зорилго нь тэр замыг барихгүй байсан юм билээ. Нэгдүгээр сонирхол нь надад өгүүлэхгүй байх, хоёрдугаар сонирхол нь Дорноговийн Засаг дарга байж байгаад УИХ-д сонгогддог Ж.Батсуурь,“Монлаа”-гийн Энхсайхан нар хятадуудад тэр замыг авч өгөх гэж гацаасан байсан. Ж.Батсуурь, Энхсайхан нар хятадуудаас олон сая юанийн авлига авсан баримт нь надад байна. Би Хятадын компанид авч өгөх гэж гацаалаа гэж ойлгосон. Одоо ингээд харахаар өөрсдөө нүүрс хулгайлах гэж гацаасан юм биш байгаа гэж бодож байна.

-Нүүрсний хулгайтай тэмцэнэ гэдгээ Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Дорвитой шийдэл гарч байна уу?

-Миний бие иргэний хөдөлгөөнүүдтэй хамтарч Таван толгойг төрд өгүүлсэн. Харин энэ дээр Х.Баттулга, З.Энхболд хоёр “Бид хоёр Таван толгойг авч үлдсэн” гэж улс төрийн шоу их хийсэн шүү. Энержи ресурс гэсэн арваад гэр бүл тэр том ордын лизенцийг 350 сая ам.доллараар Хятадад зарах гэж байсан. Хээрийн чонотой нийлсэн гэрийн нохой аюултай гэдэг. Дүр эсгэсэн эх оронч улстөрчид тэрнээс илүү аюултай. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайтай тэмцэнэ гээд байгаа. Үнэндээ тэмцэж чадахгүй, дийлэхгүй. Дийлвэл нар баруунаасаа гарна л гэж хэлье. Ганцхан үүнийг асуудал болгож тавьж байгаа нь Бээжингийн шахаанд байгаа хэрэг. Бээжингийн өмнө авлига, нүүрсний хулгайтай тэмцсэн дүр эсгэж байгаа юм. Бээжин Монголын нүүрсний хулгайтай нийлсэн өөрсдийн хүмүүсдээ хуулийн хариуцлага тооцсон. Одоо манайхыг хэрхэхийг харж байгаа. Бээжингээс нүүрсний хулгайчдын нэрс, угаасан мөнгөө хааш нь яаж гаргасан баримтыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өгсөн байналээ. Түүнээс хойш жилийн хугацаа өнгөрлөө. Хуурай мэдэгдэл хийхээс цаашгүй л байна. Ил гаргаж ирсэн нь хаана байгаа юм. Нүүрсний хулгайчид бүгд Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүхийн хүрээллийн хүмүүс. Тийм болохоор нүүрсний хулгайчид илэрнэ гэдэг итгэл найдвар тун бүрхэг.

-Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрийн талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Зүүнбаянгийн нефтийн үйлдвэр 1970-аад он хүртэл Монголын нефтийн хэрэгцээг хангаж байсан. Ингээд Х.Баттулгыг сайд байх үед Германууд Зүүнбаянгийн нефтийн хуучин үйлдвэрийн ашиглаж ирсэн талбайгаас нефтийн дээжийг нь аваад Германд хэд хэдэн удаа шинжлээд маш сайн чанарын газрын тос байна гэж байсан. Түүнийг түшиглэж жижиг хүчин чадалтай нефтийн үйлдвэр барих төсөл боловсруулсан байдаг. Энэ хүчин чадал нь говийн гурван аймгийн нефтийг хангах байсан. Үүнийг бас л гацаасан. Монголын улстөрчид, эрх мэдэлтнүүд улс орноо хөгжүүлэх гээд байгаа юм уу. Өөрсдөө хөрөнгөжих гээд байгаа юм уу. Ойлгоход хэцүү. Одоо Зүүнбаянгийн нефтийн хуучин ашиглаж байсан үйлдвэрийн цооногийг ашиглах бүрэн боломжтой. Улстөрчид, эрх баригчид тэр үйлдвэрийг ашиглалтад оруулахыг хүсэхгүй байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ DNN.mn

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 5, Сумъяа гариг. Билгийн тооллын 13, Гоё хүүхэн одтой, хар луу өдөр. Өдрийн наран 8:25 цагт мандан, 17:00 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойд зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө -16 градус хүйтэн байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32…-34 градус, бусад хэсгээр -25…-27 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн баруун болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос секундэд 12-14 метр, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр байна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр -36…-41 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -30…-35 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -16…-21 градус, бусад нутгаар -23…-28 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр -25…-30 градус, Монгол-Алтай, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -18…-23 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5…-10 градус, бусад нутгаар -13…-18 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -30…-32 градус, өдөртөө -16…-18 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -30…-32 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Катар, Монгол хоёр баялгаа тоносон нь адилхан ч үр дүн нь тэнгэр газар шиг ялгаатай аж” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын дэд дарга
С.Одонтуяа “Оросын нөхцөл хүндэрч
байгаа үед бид дипломат болон
худалдааны оновчтой бодлого явуулж
чадахгүй, хий хоосон суусаар байна
хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Өлзийтийн өсөх
хоршооны дарга, малын
их эмч Д.Жаргалсайхан “Мал эмнэлгийн
анхан шатны нэгжүүдэд төрөөс
яаралтай арга хэмжээ авахгүй бол
хүнд байдалд орох нь
гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Катар, Монгол хоёр баялгаа тоносон нь адилхан ч үр дүн нь тэнгэр газар шиг ялгаатай аж” хэмээн өгүүллээ.

Нүүрсний хулгайч
нарт хариуцлага
тооцож, нэрсийг
нь ил тод болгохыг
жагсагчид шаардав.

Налайх дүүргийн иргэн Г.Энхцэцэг “Хордсон охидод
ирээдүйд үр тогтохгүй байх
магадлал өндөр гэсэн” гэлээ.

Улсын ерөнхий прокурорын
газрын Зөрчлийн хэрэг
бүртгэх хэлтсийн хяналтын
прокурор Б.Соёлсайхан “Машин ачилтын
компаниудын үйл ажиллагаа хууль
зөрчиж байгаа нь тогтоогдлоо
гэснийг “Баримт, үйл явдал”-ын VII нүүрээс уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал болов DNN.mn

Монголбанкны Хяналтын зөвлөл (МБХЗ)-ийн ээлжит хурал боллоо. Хурлаар Монголбанкны Дотоод аудитын газрын 3 улирлын тайлан, түүний үйл ажиллагааг боловсронгуй болгох олон улсын төсөл, Аудитын чанарын баталгаажуулалт сайжруулалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах дунд хугацааны төлөвлөгөөний явцыг хэлэлцлээ. Мөн Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх талаар олон улсын байгууллагуудаас өгсөн зөвлөмжийн хэрэгжилт, Монголбанкны Хяналт шалгалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн үйл ажиллагаа, Монголбанкны активын бүтэц, түүний төрөл, актив хөрөнгийн талаар болон Монголбанкны Хяналтын зөвлөлөөс гаргасан санал зөвлөмжүүд, тэдгээрийн биелэлт, явцын талаарх мэдээлэл сонсож, харилцан санал солилцов.

Монголбанкны Дотоод аудитын газарт хэрэгжээд дуусаж буй олон улсын төслийн хүрээнд аудитын үйл ажиллагааг олон улсын хандлага, өнөөгийн шаардлагад нийцүүлэх талаар хэд хэдэн чухал алхмууд хийгдсэнийг МБХЗ анхааралдаа авч тэдгээрийн хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллахаар тохиров. Эрсдэлийг урьдчилан тооцох, үнэлэх, улмаар түүнд суурилж аудит явуулах, мэдээллийн технологийн аудитыг нэвтрүүлэх, зөрчил дутагдалд шинжилгээ хийж, арилгах арга замыг тогтоож байх, Монголбанкнаас аливаа хууль, эрх зүйн ажилд оролцохоос эхлээд нийт ажлын дотоод үйл явцын мөрдөлтийн байдлыг тогтоох тухай ОУВС-ийн шаардлага, тайлан мэдээллийг агуулга талаас нь боловсруулах шинэ загвар, дотоод аудитын шинэчилсэн дүрэм, гадаадын зөвлөхийн санал зөвлөмж зэрэг ажлын сайн эхлэлүүдийг ажил хэрэг болгох зорилт тулгарч байна. Эдгээр ажлын үр дүн эцсийн дүндээ Дотоод аудитын газрын хараат бус, бие даасан байдал, ажлын чанараас хамаарах болно гэдгийг МБХЗ цохон тэмдэглэв.

Монголбанкны Хяналт шалгалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн ажлын мэдээллийг сонсож, олон улсын ээдрээтэй нөхцөл байдалд нийцүүлэн олон улсын төлбөр тооцоог саадгүй, эрх зүй, олон улсын хэм хэмжээнд явуулахад онцгой анхаарч, арилжааны банкуудаас шинэ зах зээл, найдвартай харилцагчдыг олж хамтран ажиллахад нь дэмжлэг үзүүлж байхыг МБХЗ-ийн гишүүд зөвлөв.

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх талаарх ажлын хувьд энэ ажлын чиглэл, зөвлөмжийг олон улсын хэмжээнд гаргадаг ФАТФ-аас авсан нааштай үнэлгээг ахиулах, Монголбанкны Санхүүгийн мэдээллийн алба бие даасан, орон тооны мэргэжлийн байгууллагын хувьд салбар, байгууллага хоорондын уялдааг хангах, ажлын явцыг Үндэсний зөвлөл, түүний бүрэлдэхүүн байгууллагуудад тогтмол мэдээлж, тэдний дэмжлэгийг авах, эрх зүйн болон бодлогын зарим баримт бичгийг эцэслэн батлуулах ажлыг түргэтгэх, олон улсын шинэ нөхцөлд үүсч болох эрсдэлийг урьдчилан тодорхойлох зэрэг ажлууд хийгдэж байгааг анхааралдаа авлаа.

Монголбанкны активын хөрөнгийн зарцуулалт, байршлын талаарх мэдээлэлтэй МБХЗ-ийн гишүүд танилцаад, актив хөрөнгө, зээлийн ашиглалт, үр өгөөжийг дээшлүүлж ажиллах зөвлөмж өглөө. Ялангуяа дотоодын үнэт цаасаарх хөрөнгө оруулалт, зарим авлагуудын эргэн төлөлтөд илүүтэй анхаарахыг сануулав.

Мөн Монголбанкны Дотоод аудитын газраас Монголбанкны Хяналтын зөвлөлөөс гаргасан санал зөвлөмжүүд, тэдгээрийн биелэлт, явцын талаарх мэдээллийг нэгтгэн танилцуулсан. Монголбанкны Хяналтын зөвлөл нь 2017-2022 оны хооронд Монголбанкны удирдлага болон холбогдох газар, нэгжүүдийн удирдлагуудад 10 удаагийн тогтоолоор нийт 31 санал, зөвлөмж, 6 удаагийн хурлын тэмдэглэл, мэдээгээр нийт 13 санал, зөвлөмж, 3 удаагийн албан бичгээр нийт 6 санал, зөвлөмжийг нийт 50 заалт бүхий санал, зөвлөмжийг хүргүүлсэн байна. Хэрэгжилтийн түвшин өндөр гарсан хэдий ч хэрэгжилт дутуу зарим зөвлөмжийг МБХЗ дахин авч үзэхээр шийдвэрлэв.

МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Нийслэлийн 2023 оны төсвийг батлав DNN.mn

2023 оны төсвийн орлогын төлөвлөгөө нь 2022 оныхоос 2.2 хувиар, хүлээгдэж буй гүйцэтгэлээс 13.1 хувиар, 2021 оны гүйцэтгэлээс 46.7 хувиар өссөн дүнтэй гарч байна. Харин зардлын хувьд Нийслэлийн 2023 төсвийн төсөлд урсгал зардлаас гадна нийтийн тээврийн парк шинэчлэл, тойрог замын бүтээн байгуулалт, дөрвөн байршлын 10.2 км гол гудамж, зам, 930 метр урттай гүүрний барилга, есөн байршлын 12.3 км туслах зам, 30 метр урттай гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалт, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд багтжээ.

Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг боловсруулахдаа татварын бүртгэлийг сайжруулах, цахимжуулах, цахим төлбөрийн баримтын системийг үе шаттай хөгжүүлэх замаар далд эдийн засгийг бууруулах, татварын суурийг өргөжүүлэх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үндсэн бодлогыг баримталсан байна. Мөн төсвийн бүх шатны байгууллага, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, санхүүгийн сахилга батыг мөдөнө гэв.

Мөн хуралдаанаар НИТХ-ын 2022 оны 65-р тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах, Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай, Хувьчлалын жагсаалтаас хасах тухай, Ашиг орлогын хуваарилалт тогтоох, газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах зэрэг асуудлыг хэлэлцэж, тогтоолын төсөл гарган шийдвэрлэлээ. Тухайлбал, Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд таван бүлгийн 23 дэд бүлэгт хамаарах 1369 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан. Арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар хэрэгжилт 91 хувьтай байна. Мөн Нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дөрвөн бүлгийн 19 дэд бүлэгт хамаарах 856 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн эзэмшиж буй газраас НЗДТГ-ын нэр дээр шилжүүлсэн 10.2 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг хэлэлцэн батлав.

Categories
мэдээ улс-төр

Ирэх 7 хоногт Байнгын хороод дараах асуудлыг хэлэлцэнэ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын ирэх долоо хоногт /2022.12.07/ хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

1

Эдийн засгийн байнгын хороо

· Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан нарын 3 гишүүн 2021.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Монголбанкны 2021 оны жилийн тайлан хэлэлцэх

· “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 91 дүгээр тогтоолын хэрэгжилтийн тайлан хэлэлцэх

09.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

· “Үйлдвэржилтийг хөрөнгийн зах зээлээр дамжуулан эрчимжүүлэх боломжийн талаар” Монголын хөрөнгийн биржийн ТӨХК-ийн мэдээлэл сонсох

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай/

· ““Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Төсвийн байнгын хороо

· Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2022.10.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүн 2022.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Төрийн аудитын байгууллагын 2023 онд гүйцэтгэх сэдэв батлах тухай/

11.00

“Их засаг”

4

Нийгмийн бодлогын байнгын хороо

· Байнгын хорооны 2022 оны 09 дүгээр тогтоолоор байгуулагдсан Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүргийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонсох

13.00

“Жанжин Д.Сүхбаатар”

5

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

· “Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, хаалттай/

14.00

“Их засаг”

6

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

· Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн 2022.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн удирдамж батлах тухай/

15.00

“Их Эзэн Чингис хаан”