Түүхийн ухааны доктор Б.Эрдэнэбилэгтэй ярилцлаа.
-1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын 111 жилийн түүхэн ой өнөөдөр тохиож байна. Төрийн тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхэн өдрийн ой болж байна?
-“Өдрийн сонин”-ы эрхэм уншигчдад энэ түүхэн өдрийн мэндийг хүргэе. Энэ түүхэн өдрийг тэмдэглэхдээ болоод баяр ёслол, өнгөрсөн түүхэн үйл явц, үйл явдал гэхээсээ илүүтэй санаж, сэрэх, ухаарал сургамж, эх түүхээ танин мэдэх, эх оронч эцэг өвгөдөөрөө бахархах, тэдний үлдээсэн төр улсыг эзний ёсоор авч явах учир шалтгааныг өнөө үед танин мэдүүлэх түүхэн өдөр гэж харах нь зөв болов уу гэж судлаач хүний хувьд хардаг.
XX зууны Монголын түүх бол тэр чигтээ төрийн тусгаар тогтолоо олох, сэргээн мандуулах, хүлээн зөвшөөрүүлэх, баталгаажуулах, бүрэн эрхт улс болох тэмцлийн зуун байсан.
Энэ түүхэн үйл явц өнөө үед ч үргэлжилж, эдийн засаг, техник технологи зэрэгт суурилсан тусгаар байдлын ойлголтууд гарч ирж байна. Товчхондоо 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал бол Манж Чин гүрний эрхшээлд 200 гаруй жил оршиж, төрийн тусгаар тогтнолоо алдсан монголчууд эгэл ард, лам, тайж, ноёд бүгдээр эзний ёсоор өөрсдийн үйл хэргээ мэдэх язгуур эрх ашиг дээрээ нэгэн сэтгэлээр эвлэлдэж нэгдэж, Чин гүрний эрхшээлээс гарч, төрийн тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхэн үйл явдал юм.
1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхийн асуудал бол аав, охин шинжлэх ухааны доктор Л.Жамсран, Жамсрангийн Урангуа зэрэг тэргүүтэй олон судлаачид бүтээлүүдээ туурвисан, судалгааны маш өргөн агуулгатай, өргөн хүрээтэй сэдэв. Тэгэхээр энэ удаагийн ярилцлагаа төрийн тусгаар тогтнолоо сэргээн мандуулах үйл хэрэгт хүчин зүтгэсэн зарим эх орончдын тухай ярилцья гэж бодож байна.
-Тэгэлгүй яахав. Лам, хар, тайж, ноёд гэлтгүй хүчин зүтгэсэн гэж ойлгодог?
-1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалд хар, лам, тайж, ноёд бүгд нэгэн сэтгэлээр оролцож, төрийн тусгаар тогтнолоо сэргээн мандуулахад хүчин зүтгэсэн гэж дээр өгүүлсэн.
Шашны зүтгэлтнүүдийн төлөөлөл болсон түүхэн хүний нэг бол Их Хүрээний гавж лам, Богд хааны даалгавраар Орос болон Туркт тусгай үүрэг гүйцэтгэж явсан Намжилын Хаянхирваа. Тэрбээр хаант төрийн нууц ажлыг тодорхой мэддэг, Халимагт олон жил шавилан сууж, дараа нь Туркт явж тусгай үүрэг гүйцэтгэж байв. Үүнийг нотлох баримтууд эдүгээ архивын хуудаснаа хадгалагдан үлдэж. Тухайлбал: Тэрбээр Олноо Өргөгдсөн Монгол Улсын үед гадаадад тусгай үүрэг гүйцэтгэж байсан тухайгаа “… Олноо Өргөгдсөний хоёрдугаар оноос эхлэн эзэн хаан Жибзундамба хутагт, шанзудба Бадамдорж, чин ван лам Дашдэндэв нар сүм хийдийн дотор тагнуулын байгуулалт хийж, Да амбан, Магсар бээс харчуудын дотор тагнуулын ажил зохион байгуулж байхад Богдын дэргэд байсан Баатар захирагч тагнуулын ажилд товчлогчийн чанартай оролцож, гадаадаас ирсэн мэдээ зүйлийг Богдод нэвтрүүлэн өгөх ба Жибзундамба зэрэг дээд удирдагчдын гадаадад гарах ба дотоодын бүхий л бичиг хэргийг ерөнхийлөн эрхэлж байв. Баатар захирагч бүхий л мэдээг өөрийн гараар бичиж, Богдод өгдөг журамтай байв” хэмээсэн байдаг.
Мөн Н.Хаярхирваа эсперанто хэлийг Монголд дэлгэрүүлж байсан анхны хүн бөгөөд нэрт эрдэмтэн Бямбын Ренчин Хаянхирваагаар эсперанто хэл ззалган сурсан тухайгаа дурсахдаа “Би Хаянхирваагаар багшлуулж, эсперанто хэл сурсан. Хаянхирвааг би 1923 оноос танина. Намайг 1927 онд Судар Бичгийн хүрээлэнд ирж ажиллахад ДХГ-ын даргаар ажиллаж байсан. Чингээд намайг “эсперанто хэл сурч үз. Маш хялбархан хэл” гэхэд нь заалгасан. Чингээд эсперанто хэлээр ярих, тэр хэл дээрх ном үзэх гэж уулздаг байсан. Хаянхирваа энэ хэлээр бичсэн ном орчуулж байсан” хэмээн өгүүлсэн байдаг.
Хожим 1926 оноос Дотоодыг хамгаалах газрын даргаар ажиллах хугацаандаа Зөвлөлтийн зөвлөх, сургагч нар их гүрний бодлогыг хэрэгжүүлж, Монголын улс төрийн зарим зүтгэлтэн, сэхээтнийг хэлмэгдүүлж, тус улсын бүх ажилд шууд хутгалдан оролцох болсныг хязгаарлах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаад өөрөө эцэстээ хэлмэгдэн хохирсон байдаг.
-1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалд алтан ургийн тайж, ноёд оройлон оролцсон байдаг. Энэ тухай өгүүлбэл?
-Яах аргагүй хувьсгалын манлайлагч удирдагчид нь алтан ургийн тайж, ноёд байсан. Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг ялалтад хүрэх урьдач нөхцөлийг бүрдүүлэх, Тусгаар Монголын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, түүхэн үүрэгтэй оролцсон хүмүүсийн нэг бол алтан ургийн тайж Жонон ван Ширнэндамдин. 1931 онд улс төрийн хэргээр баривчлагдах үедээ өгсөн мэдүүлэгтээ “… арван естэйгөөс эхлэн Манж амбан сайдын яамнаа алба гурван жил хааж, Чин Улсын эцсийн үед Хаалган хотноо Монгол-Дөрвөдийн албыг 40 жил шахам төлөөлж байсан. Ширнэндамдин би бол монгол овогтны үндсийг хамгаалах бодлогыг хэдийнээс бодож эрмэлзсээр ирсэн нь одоо хэвээр болой. Миний бие Ардын засаг байгуулсны дараа Холбоот улстай гэрээ байгуулах хэргээр явахдаа бид Тагна Тува, Дотоод Монгол зэргийг монгол овогтонд нэгтгэх тухай уул гэрээнд оруулах саналыг гаргаж байсан боловч уг саналыг бусдад эзэрхэх гэсэн бодлого хэмээн хэрэгсээгүй болой” гэсэн байдаг.
Бээжинд Манжийн хааны ордонд сууж байх үед нь1912 онд VIII Богдыг хаанд өргөмжлөх ёслолын үеэр Богд хаан болон Ханддорж ван тэргүүтэй алтан ургийн ноёдыг устгахаар “галт бөмбөг шидэхдээ гавшгай хэдэн хятад туршуул Хүрээ рүү гарсан”-ыг Хөлөнбуйрын төв Хайлаараас Монголын тагнуулчаар дамжуулан мэдээлсэн түүхэн баримт байдаг. Энэ нарийн мэдээллийг дээд түвшинд суугаа албан тушаалтан Ширнэндамдин тайжаас өөр олж чадаж, мэдээлэх хүн тухайн үед байгаагүй.
Хожим Ардын Засгийн газраас түүнийг 1923, 1924, 1927 онуудад тусгай үүрэг гүйцэтгүүлэхээр Хятадад томилон илгээсэн бөгөөд Монгол Улсын гадаад байдал түгшүүртэй байсан тэр үед гадаад орны байдал, улс төрийн зүтгэлтнүүдийн санаа бодол, эрмэлзлэлийг тандан мэдэх даалгаврыг гурван удаа амжилттай биелүүлж, тухай бүр чухал мэдээ сэлт олж ирж байсны зэрэгцээ гадаадад амьдарч буй нөлөө бүхий монгол гаралтай хүмүүстэй холбоо тогтооход ихээхэн хувь нэмэр оруулсан.
-Эгэл ардуудын оруулсан хувь нэмрийг бас дурдах нь зүйтэй байх. 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалд гар бие оролцож, түүхэнд нэрээ үлдээсэн ард олон байсан гэдэг?
-1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын үйл хэргийг амжилтад хүрч, тусгаар тогтнолоо бусад улсад хүлээн зөвшөөрүүлэхэд эгэл ардаас эхлээд бүхий л давхаргынхан идэвхийлэн хүчин зүтгэсэн байдаг. Эгэл ардын төлөөлөл Ажвайн Данзан нь Богд хаант болон Ардын Засгийн хоёр төрийн нүүрэнд эх орныхоо үндэсний нэгдэл, тусгаар тогтнолын төлөө амь насаа хайрлалгүй зүтгэж явсан тагнуулч, “япон” хэмээн алдаршсан англи, япон, хятад, орос, төвд хэлний мэдлэгтэй, Москва, Бээжин, Токиод төрийн албаны өндөр зиндааны түшмэдээс эхлээд дипломатчид, худалдаачид хүртэл танигдсан Олноо Өргөгдсөн төрийн зүтгэлтэн байв.
1913 оны нэгдүгээр сард Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч яамны тэргүүн сайд Да лам Цэрэнчимэд “Японтой харилцаа тогтоох, Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх, Ар, Өвөр Монголыг хамаарсан тусгаар тогтнолын талаар Японы үзэл бодлыг лавлаж мэдэх”-ээр явсан хэрэг нь бүтсэнгүй буцан ирсэн байна.
Үүний дараа хэрэг явдлыг илээр явуулж болохгүйд хүрмэгц туршлагатай тагнуулч “япон” хэмээх А.Данзанг 1914-1915 оны үед Гадаад яамны сайд чин ван М.Ханддоржийн даалгавраар Харбинд явуулж, япончуудын Монголын талаарх байр суурь, Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх болон дипломат харилцаа тогтоох боломж нөхцөл буй эсэхийг тандан мэдэхээр явуулж байв.
А.Данзан Японд явсан тухайгаа 1932 онд мэдүүлэхдээ “Миний бие урьд автономит засгийн үед Япон Улсад хувийн хэргээр зугаацан явахаар зохих газар мэдүүлэхэд тэр үеийн Гадаад яамны сайд Цэрэндоржоос чиний явах гэсэн чинь зүйтэй. Ер нь Монголоос Японд явсан хүн байдаггүй хэмээн хүлээн зөвшөөрч, тус хотноо байсан Сато хэмээх хүний хамтаар Японы нийслэл Токио хотноо очиж, Гадаад яамны зэрэг газруудаар очсон ба өөрийн хэргээр зугаацан явсан атал Японоос намайг их л хүндэтгэн үзэж, Гадаад яамандаа хүлээн авч, элдэв олон үзэсгэлэн ба цэргийн хэрэглэл, зэр зэвсэг тэргүүтнийг бүгдийг үзүүлсэн… Хамт явсан Сато бол урьд монгол газар тагнуулаар ирж байсан бөгөөд дараа 17 (1927) онд Жанчхүү хотноо дахин учирсан” хэмээжээ. Үүнээс үзэхэд А.Данзан тэрхүү Сато гэгчийг Хүрээнд хэдэн жил суусан мэргэжлийн тагнуулч гэдгийг мэддэг байсан нь Богдын тагнуулын алба мэргэжлийн түвшингээр чамлалтгүй байсныг илтгэдэг.
Хожмоо 1921 онд Ардын хувьсгалыг ялалтанд хүргэх, тусгаар тогтнол, аюулгүй байдлаа сахин хамгаалах үйлсэд эдгээр хүмүүс ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байдаг.