Шашны нэр баригсад төр, засагт нь гарсан Иран, Афганистанд юу болж байгааг бид өнөөдөр харж байна. Гэтэл манайд УИХ болон тэмдэглэлт үйл явдлууд мухар сүсэг болох зурхайн цагаар нээгддэг, эхэлдэг боллоо. Энэ явдал гадны дэвшилт иргэдэд юу гэж ойлгогдохыг тодруулах үүднээс мухар сүсэг, шашин, шинжлэх ухааны түүхийг аль болох энгийн үгээр тайлбарлан уншигчдадаа хүргэж байна.
Бидний орчлон, ертөнц “Их тэсрэлт”-ээр 15 тэрбум жилийн өмнө, 4.567 тэрбум жилийн өмнө дэлхий, 3.8-4.1 тэрбум жилийн өмнө далайн усанд анхны нэг эст, 3.5 тэрбум жилийн өмнө олон эст, 1.5 тэрбум жилийн өмнө анхны сээр нуруутан амьтан бий болов. Харин хоёр тэрбум жилийн өмнө анхны ургамал бий болсон бол 425 сая жилийн өмнө нүүрстөрөгчөөр хооллон хүчилтөрөгч ялгаруулдаг анхны ногоон ургамал бий болж далайн усны төмөр исэлдэн ёроолд унан хуримтлагдаж орчин үеийн төмрийн хүдрийн уурхай төдийгүй эдгээр эртний амьд биетүүдийн үлдэгдэл болон нөлөөгөөр орчин үеийн хуурай газар, газрын доорх олон баялгийг бий болгов. Далайгаас 500 сая жилийн өмнө анхны сээр нуруутан амьтад ургамлын хойноос хуурай газарт гарсан бол бидний шууд өвөг болох анхны хөхтөн 220 сая жилийн өмнө бий болжээ.Ийнхүү солир мөргөснөөс үүсдэг их мөстөлт буюу галав, супер галт уулаас болдог жижиг мөстлөгүүдийг дамжин байгалийн шалгарлаар орчин үеийн амьтан, ургамал эцэст нь хүн бий болов. Динозавруудын үеийг халж хөхтөний ноёрхлыг бий болгосон сүүлийн их мөстлөг өнөөдрөөс 60-н сая жилийн өмнө дэлхийг бүрхэж, галт уулсын ачаар мөсөн бүрхүүл хайлж, үр дүнд нь гурван сая жилийн өмнө үетэн /өвс/ хэмээх ургамал шинээр үүсэж, улмаар энэ ургамлаар хооллодог тууртангууд бий болжээ.
Ингэж үетэнг тариалж суурьшмал, тууртанг гаршуулж нүүдлийн соёл иргэншил бий болов. Иргэншил бий болсноор хүн амын тоо эрс нэмэгдэж энэ олон хүний харилцааг зохицуулах зориулалтаар, байгалийн үзэгдэл болон бөө мэт мухар сүсгийг халж шашин бий болжээ. Түүхийн явцад шашин сүм, хийдээс шинжлэх ухаан үүсч удалгүй их сургуулиуд байгуулагдан бүрэн бие даасан мэдлэгтэн “үйлдвэрлэж” орчин үеийн иргэншлийн суурь тавигдав. Орчин үеийн иргэншил гэж “Аж үйлдвэрийн хувьсгал”-ын ачаар оюуны өмчид тулгуурлан хөгждөг, орчин үеийн хотжилт бий болж нүүдлийн болон суурин иргэншил нэгдсэнийг хэлж байгаа хэрэг.
Эрдэмтэд олон жил хайж байсан “Их тэсрэлт”-ийн радиацын долгионыг огт санаандгүй байдлаар 1965 онд олж нээн, энэхүү долгионы хурдыг дэлхийд ирсэн зайд нь хуваан манай орчлон ертөнц хэдийд үүссэнийг олж тогтоосон. Энэ нь аливаа зүйлд эхлээд таамаг дэвшүүлж түүнийгээ баталж байж сая шинжлэх ухаан болдог гэсэн үг. Харин шашны мяндагтангууд “Дэлхий нар, сартай адил бөөрөнхий. Нар дэлхийг бус дэлхий нарыг тойрдог” гэж хэлсэн эрдэмтэнг шонд хүлж, ил гал дээр амьдаар нь шатаагаад унахаар шашин шинжлэх ухаан хоёрын зам салахаас өөр арга байсангүй. Хүмүүс бидний тархины 85 хувь, биеийн 70 гаруй хувь уснаас бүтдэг бол сайн, муу бодлыг илэрхийлэгч үгнээс усны бүтэц хэрхэн, яаж өөрчлөгддөгийг Японы эрдэмтэд шинжлэх ухаанаар нэгэнт баталчихсан. Иймээс шашин шүтэхэд хүмүүн бидний 80 хувь болох усны бүтэц сайжирдаг учир хэдийгээр шүтэгчдийнх нь тоо жил бүр багасаж байгаа ч шашин өнөөдөр хүртэл оршсоор байна.
Монгол хүн болгон “Өөрт ашигтай эсэх, бусдад тустай эсэх, байгаль эхэд хор болох эсэх” гэсэн гурван бодлын үзүүрийг зангидаж байж шийдвэр гаргадаг байв. Ингэж гурван бодлын үзүүрийг зангидан байж амнаас гардаг монгол “за” хууль мэт хэрэгждэг байжээ. Энэ бүхнийгээ өвөг дээдэс маань маш товчоор “Санаа сайн бол заяа сайн” гэж бидэнд захиж үлдээсэн. Энэ нь буддын шашнаас ч өмнө гарсан, монгол хүн болгоны усны бүтцийг сайн байлгах төдийгүй нийгмээ зөв залж явах шилдэг арга байжээ. Бид үүнийгээ л буцаан сэргээхэд заавал лам, сүм хийд, шашин шүтэхгүйгээр монгол хүн болгон усаа байнга сайн бүтэцтэй байлгаж чадах бөгөөд ядаж л өвчлөл, үхэл эрс багасах болно. Энэ нь манай Хайрхан уул, ус тахих ёслол, эхчүүдийн цайны дээж, сүү өргөх ёс нь шашны үйлдэл гэхээсээ шинжлэх ухаан гэсэн үг. Харин цайны дээж, сүү, идээ будаа өргөж уул, ус тахисны нөлөөгөөр хүний болон уулсын усны бүтэц хэрхэн өөрчлөгдөж байгааг бид япончуудын гаргасан аргаар нарийвчлан тогтоох ёстой юм.
Өнөөдөр бид Аж үйлдвэрийн IV хувьсгалын үед амьдарч байна. Энэ үеийг товчоор “Хиймэл оюун ухааны хувьсгалын эрин үе” гэж нэрлэдэг. Гол онцлог нь өмнөх Аж үйлдвэрийн хувьсгалууд эдийн засгийн тодорхой салбаруудыг хамарч байсан бол энэ хувьсгал нь амьдралын бүх салбарыг хамарч байгаа билээ. Гэтэл өглөө бүр бид зурхай сонсож, харж, уншиж байна. Бас болоогүй академич, доктор, профессор тэрний зурснаар гэхийг яана. Аж үйлдвэрийн IV хувьсгалын үед байгаа манай зарим академич, доктор, профессорын үнэн дүр төрх нь энэ.
Бид л хоногийг 24 цагтай болгож хэрэглэхэд амар болгосон болохоос өдөр болгоны үргэлжлэх цаг хугацаа өөр байдаг. Иймээс хоног болгоныг яг адил 24 цагтай болгочихоор хором, цаг, өдөр, хоног улмаар сарын ялгаа хуримтлагдаад ирнэ. Үүнийг бидний өнөөдөр хэрэглэж буй нарны тооллоор сар бүрийг илүү дутуу хоногтой, өвгөдийн хэрэглэж байсан сарны тооллоор илүү сар нэмж байж аргалдаг. Иймээс бидний морин цаг үнэндээ бол морин цаг биш юм. Тэгээд ч од, гарагийн байрлалаас хүний амьдрал хамаардаг гээд үүнийгээ баталж чаддаггүй шинжлэх ухаан гэж ерөөс юу байх билээ. Харин сайн, муу өдөр, цаг гэдэг нь буудал дээр зогсож байгаа хүн болгонд суух гэсэн автобус нь ирэхгүй байгаа юм шиг санагдаад байдагтай агаар нэгэн зүйл юм. Суух автобус чинь хурдан ирвэл та огт анзаарахгүй суугаад явчихдаг атал хүлээх үедээ л автобус ирэхгүй байгааг анзаарч эхэлдэг учир танд тэгэж санагдаад байгаа хэрэг. Энэ нь мөрөө зөв гаргахгүй, өнцөгдсөн суудлаа огт засуулахгүй, өвчин эмгэг олох өдөр үсээ засуулж, хоосрох өдөр хол замд гарч, хэрүүл тэмцэл бүрдэх өдөр хуримаа хийдэг хүмүүс яагаад биднээс илүү урт насалж, удаан жаргаж, баян тансаг амьдраад байна гэдгийг ядаж ганц удаа ч гэсэн бодоод үз гэсэн үг. Иймээс зурхай нь зүгээр л луйвар бол зурхай, бөөд итгэгчид шашин шүтэгчид бус бүр мухар сүсэгтэн юм.
Ан амьтад төдийгүй мал, нохой, муур хүртэл газар хөдлөхийг урьдчилан мэддэг бас бидний харж чадахгүй “хий юмнууд”-ыг хардаг. Харин хүн бид энэ чадвараа гээчихсэн.Иймээс бөө нь судлах ёстой зүйл болохоос шүтэх ёстой зүйл огтхон ч биш юм. Ганц жишээ авахад, сайд байсан “бөө” бонд нэрээр өндөр хүүтэй мөнгө гаднаас зээлж, ойр тойрныхонтойгоо хуваагаад хүртчихсэнийг бид мэднэ. Сайндаа л бөө шоронд, бид өртэй үлдэнэ. Бодит байдал ийм л байна. Иймээс Аж үйлдвэрийн IV хувьсгалын үед мухар сүсэгтнүүдээр удирдуулах аваас бидний хувьд шашинд хөтлөгдсөн иран, афганчуудаас ч дор зүйл болно гэдгийг ойлгоод авахад буруудах зүйл үгүй. Төр шашин хоёр тусдаа, мухар сүсгээс хол байх ёстой гэж хуульчилдаг учир уг нь энэ юм.
Г.АМАРСАНАА