Categories
мэдээ нийгэм

Хилийн боомтоор нэвтэрч буй тээврийн хэрэгсэл, ачаа шалгах төхөөрөмжийг АНУ-аас Монгол Улсад хандивлав DNN.mn

Монгол Улсын хилийн боомтоор нэвтэрч буй тээврийн хэрэгсэл, ачааг шалгах зориулалт бүхий мэргэжлийн хяналтын тоног төхөөрөмжийг АНУ-аас Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газар болон Гаалийн ерөнхий газарт арванхоёрдугаар сарын 9-ний өдөр хүлээлгэн өглөө. Шалгалтын төхөөрөмжийг АНУ-ын Төрийн департаментын Олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх товчооноос (ISN) Экспортын хяналт ба хилийн аюулгүй байдлын хөтөлбөрийн (EXBS) хүрээнд хандивласан байна. Монгол Улсад хууль бусаар оруулж ирж болзошгүй бүтээгдэхүүнийг илрүүлэхийн тулд тээврийн хэрэгсэл болон ачаа шалгах энэхүү тоног төхөөрөмжид CT40 стандартын иж бүрдэл, дагалдах хэрэгслүүдийн хамт багтжээ. Энэхүү хяналтын төхөөрөмжийг ашигласнаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлж, олон улсын экспортын хяналтын дэглэмийн хяналтад байдаг давхар хэрэглээ бүхий бүтээгдэхүүн хорон санаат этгээдүүдийн гарт орохоос сэргийлэх болно.

Экспортын хяналт ба хилийн аюулгүй байдлын хөтөлбөрийн зорилго нь үй олноор хөнөөх зэвсгийг үйлдвэрлэхэд ашиглаж болох давхар хэрэглээ бүхий барааны тархалтаас урьдчилан сэргийлэх явдал юм.

Categories
мэдээ нийгэм

Б.Солонго: Импортын савангийн оронд монгол савангаа аваач ээ гэж гуймаар, бас уриалмаар байна DNN.mn

Үндэсний үйлдвэрлэгч, “Моngol made” нэгдлийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Солонготой эдийн засаг, цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Монголын эдийн засгийн байдал доривтой өсдөггүй хамгийн том шалтгаан бол импортлогч орон гэх статус шүү дээ. Бид юм бүхнээ гаднаас валютаар авч байна. Валютын урсгал гадагшлах тусам эдийн засаг агшиж байдаг. Үүний эсрэг бид үйлдвэрлэгч орон болох ёстой. Энэ утгаараа танай нэгдлийн санаачилсан савангийн үйлдвэр саяхан ашиглалтад орлоо. Тус үйлдвэрийн хүчин чадал, гаргаж буй бүтээгдэхүүн импортыг үнэхээр орлож чадах эсэх талаар та ярихгүй юу?

-“Mongol Made” нэгдлийг бид жил хагасын өмнө үүсгэн байгуулж, өнөөдөр 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж, 100 гаруй хүнийг ажлын байраар хангаад байна. Монголын савангийн хэрэгцээний 50 хувийг дотооддоо үйлдвэрлэж, мянган эмэгтэйг ажлын байраар хангах маш тодорхой зорилгыг бид өмнөө тавьсан. Манай савангийн зах зээл 95 хувь импортоос хамаралтай. Дэлгүүрийн лангуу дүүрэн өрөгдсөн саван дунд хэдэн монгол саван байгааг тоолоод үзэхэд андашгүй. Нөгөө талаар инфляцид нөлөө үзүүлж буй хамгийн том хүчин зүйл нь импортын бараа бүтээгдэхүүн. Цар тахлын нөлөөгөөр хил гааль хаагдаж, импортын бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа нь нэг талаар бидэнд маш том давуу тал бий болгосон. Гаднаас нефтийн хаягдал тосоор хийсэн хямд үнэтэй савангууд бөөндөж суухын оронд бөөн бөөнөөр нь хаядаг малын өөх тосоо эцсийн бүтээгдэхүүн болгон гаргаж, ард нь эмэгтэйчүүдийг ажлын байраар хангая гэсэн нийгмийн ач холбогдлыг нь бид тэргүүн зэрэгт тавьсан. Сая ашиглалтад орсон савангийн автомат үйлдвэр бол нягтаршил өндөртэй, үнэ хямдтай саван гарах бүх нөхцөлийг бүрдүүлж байна. Бид нийт савангийнхаа 50 хувийг гар аргаар, 50 хувийг автомат үйлдвэрээс гаргахаар төлөвлөсөн. Гар аргыг хүчээр байлгаж байгаа нь ажлын байр олноор бий болгох зорилготой холбоотой.

-“Монгол мэйд” нэгдлийн тухайд тайлбарлахгүй юу. Дандаа эмэгтэйчүүдийн ажлын байрыг дэмжсэн төсөл гэж ойлгоод байгаа. Одоогийн байдлаар хэчнээн эмэгтэйчүүдийг ажлын байраар хангаж байна вэ?

-Саван гэрээрээ, гар аргаар хийдэг маш олон эмэгтэй байгааг бид олж харсан. Нөгөө талаар саван өөрөө өндөр технологи шаарддаггүй учраас хүсвэл нэг цехийг долоо хоногт үйл ажиллагааг нь жигдрүүлчих боломжтой энгийн ажиллагаатай салбар. Өөх тос маш ихээр хаягдаж байна. Энэ бүгдийг нэгтгээд харахаар түүхий эд нь ажиллах хүч нь хангалттай байхад бид гаднаас нефтийн хаягдал тосоор хийсэн, найрлагандаа хадгалагч бодис, хөөсрүүлэгч, цайруулагч, өнгө оруулагч, эмульгатор болгон хэрэглэдэг APE, Chlorine bleach, Formal­dehyde, Cocoamide dea, Tri­closan, Phosphate гэх мэт хорт хавдар үүсгэгч химийн нэгдэл бүхий хатуу саван, шингэн аяга таваг угаагч бодисыг ихээр аваад суух нь үнэндээ утгагүй санагдсан. Нэгдүгээрт, эдийн засаг, хоёрдугаарт, монгол хүний эрүүл мэнд, гуравдугаарт, байгаль орчны бохирдол бууруулах гэсэн том агуулгууд манай төслийн ард бий.

Эмэгтэй гэж тодотгохын учир нь саван өөрөө нягт, нямбай ажиллагаа шаарддаг эмэгтэй хүнд байдаг давуу ур чадвар ашиглагддаг учраас манай ажилтнуудын 90 хувь нь эмэгтэй. Одоогоор бид 100 гаруй ажилтантай, гурван жилдээ багтаад мянгуулаа болох төлөвлөгөөтэй.

-Саван, угаалга, ариун цэврийн бүтээгдэхүүний 80 орчим хувийг бид гаднаас авдаг гэсэн судалгаа бий. Үүнд багагүй ам.долларын урсгал гадагшаа гарч байгаа байх. Танай савангийн үйлдвэр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадах уу?

-Савангийн автомат үйлдвэр ийнхүү ашиглалтад орсноор дотоодын хэрэгцээгээ бүрэн дүүрэн хангах боломж нээгдлээ. Цагт гурван мянган саван үйлдвэрлэх хүчин чадалтай. Хоёр ээлжээр ажиллахад сард сая гаруй саван автомат үйлдвэрээс гарна. Цаана нь бид гар аргаар цех бүр өдөрт хоёр мянга, сард 60 мянган саван үйлдвэрлэж 21 аймаг, есөн дүүрэгт салбарлахад улсынхаа хэрэгцээнээс давж экспортод гарах бүрэн боломжтой. Ийнхүү хатуу саван импортын хамаарлаас гарлаа.

-Хатуу саван импортын хараат байдлаас гарлаа гэж ойлгож байгаа зөв үү. Цаашид бусад нэр төрлийн ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортын хараат байдлаар гаргах зорилготой байна вэ?

-Импортын хараат байдал үүссэнийг сая хил гааль хаагдахад сүлжээ дэлгүүрүүдийн барааны савангийн нөөц тасалдаж манайд олноор хандахад мэдэрсэн. Хатуу савангаа 100 хувь дотоодоосоо хангах бүрэн боломжтой боллоо автомат үйлдвэр ашиглалтад орсноор. Түүнээс гар аргаар үйлдвэрлэж 100 хувь хангахад бол хүндрэлтэй. Малын өөх тос савангийн орц найрлагын 80 хувийг бүрдүүлж байгаа учраас түүхий эдийн дутагдалд орох магадлал бага.

-Үйлдвэрлэж байгаа савангийн төрөл, чанарын тухайд дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу. Гаднаас орж ирж байгаа энэ төрлийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад давуу чанар юу байна вэ?

-Бид малын өөх тосыг эмээлт дэх тос боловсруулах үйлдвэртээ 90 хувь цэвэршүүлж, арц, ганга, чацаргана, багваахай гэх мэт шим дэмтэй ургамлуудаа нэмж, шинжлэх ухаанд суурилсан судалгаа тооцооллууд хийсний үндсэн дээр үйлдвэрлэдэг. Шинжлэх ухаанд суурилсан үйл ажиллагаа учраас манай бүтээгдэхүүний чанар, үр нөлөөнд бүрэн дүүрэн итгэж болно. Саванг хүсвэл гэртээ ч хийчихэж болох нөхцөл нь хүн бүрд байгаа. Бид шинжлэх ухаанч үйл ажиллагаа, хямд үнэ, өндөр чанар стандартаар ялгарна.

-Үндэсний үйлдвэрлэгч гэхээрээ бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ өртөг өндөр байдаг гэсэн шүүмжлэл бий. Энэ асуудалд үндэсний үйлдвэрлэгчийн хувьд ямар бодолтой байдаг вэ. Танай бүтээгдэхүүний зах зээлийн үнэ хэдээс эхэлж байна вэ?

-Гар аргаар үйлдвэрлэгчид цөөн тоогоор гаргаж байгаа учраас бүтээгдэхүүний үнэ өндөр гардаг. Нөгөө талаар импортын бүтээгдэхүүнтэй сав баглаа боодлын дизайн, өнгө үзэмжээр өрсөлдөж чаддаггүй. Бидний хувьд олон тоогоор үйлдвэрлэж, автомат үйлдвэрт ашиглалтад орсноор бүтээгдэхүүний өртөг буурч бид барааны саванг 1300 төгрөгөөр худалдаалахаар төлөвлөж байна. Популяр саван одоо 1700 орчим төгрөгөөр борлуулагдаж байгаа. Гол нь төрийн болон хувийн хэвшлийнхэн, өрх айл бүрийн эх оронч хэрэглээ чухал байна энэ цагт.

-Үндэсний үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудал цөөнгүй. Танай нэгдлийн хувьд тулгамдаад байгаа асуудал юу байна вэ?

-Мэдээж шинээр үйл ажиллагаа явуулж эхэлж байгаад нь битгий хэл олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан компаниуд хүртэл ганхахад хүрч байгаа нь гадаад орчны сөрөг нөлөө өндөр байгаатай холбоотой. Гэхдээ зөвхөн монголчууд биднээс хамаарах зүйл ч бас яг үнэндээ бага байна. Дэлхий өөрөө шинэ сорилтод орж байна. Тиймээс зовлон тоочоод байлгүй эрвийх дэрвийхээрээ л өмнөх ажлаа алхам алхмаар урагшлуулах гэж үзэж байна.

-Монголд бизнес эрхлэхэд хэцүү байдаг гэлцдэг. Энэ бодитой юу. Төр, Засгийн зүгээс дарамт, шалгалт их байна уу?

-Татварын дарамтыг амтай болгон нь л ярьж байна. Хүн нэмэхийн хэрээр хүнс нэмэгддэг байтал өнөөдөр ажилтныхаа тоог нэмэх бүрд ирэх дарамт чанга байна. Ядаж гарааны компаниудаа хөл дээр нь зогстол эхний гурван жил ч юм уу татварын хөнгөлөлт эдлүүлмээр байна. Ялангуяа манайх шиг мянган ажлын байр бий болгоно гээд зорьчихсон компанид ажилтны тоо 100 давахад л нийгмийн даатгал өөрөө асуудал болж эхэлж байна. Энэ тал дээр ямар нэгэн дорвитой шийд гарах болов уу гэж найдаж байна, ойрноос.

-Хамгийн том дарамт татварын бодлого байх. Ер нь цаашид үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдээ төр засгийн зүгээс хэрхэн дэмжих ёстой юм бэ?

-Ядаж Анита гэдэг савангийнхаа оронд монгол савангаа аваач ээ гэж төрийн худалдан авах ажиллагааны газрынханд, Оюу толгой, Таван толгой зэрэг томоохон аж ахуйн нэгжүүдээсээ гуймаар, бас уриалмаар байна.

-Бизнес хийх боломж, нөхцөл ямар байна вэ?

Аливааг боломж болгож харах хувь хүмүүсийн хандлага цаашлаад хөдөлмөр чухал. Хөдөлмөрлөхгүй байж мянган боломж яриад нэмэргүй. Саван ч гэсэн өөрөө тэр чигээрээ боломж. Магад бизнесийн томчууд тоож харахааргүй жижиг салбар байж магад. Гэхдээ хаягдал өөх тосоо бүтээгдэхүүн болгоод 95 хувь импортоос хамааралтай салбарыг үндсээр нь өөрчлөх боломж байна гэдгийг бид олж харсан л хэрэг.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

У.Цогтбаяр: Би Зеленскийг дуурайхгүй DNN.mn

“Нүүрсний хулгайчдыг зарла” жагсаалд оролцож буй жүжигчин У.Цогтбаяртай ярилцлаа.


-Иргэд тайван жагсаалыг эхлүүлээд найм хоног өнгөрлөө. Жагсаалд та яаж яваад нэгдэв?

-Би жагсаалын хоёр дахь өдрөөс нэгдсэн. Мэдээж эхлээд бусдын адил хардаж байсан л даа. Ингээд хоёр дахь өдөр нь очоод урлагийнхантайгаа нэгдээд зураг хөрөг авахуулаад, залууст “Үзэл бодолдоо тууштай байгаарай” гээд уриалсан. Орой нь ажилтай байсан учраас яваад өгсөн. Гэтэл над руу маш олон мессэж, коммент ирсэн. Цогтоо чи очно биз дээ, ирнэ биз дээ гээд л. Би хүн юм чинь бодно биз дээ. Ямартаа ч очно, байж бай л даа. Би чинь Яармагт байдаг. Хүүхдүүдээ хүргэж байна гээд жаахан хошигнолтой бичсэн. Тэгээд ирсэн. Маш олон залуус ирсэн байсан. Хэвлэлийнхэн ч тэр. Надаас яриа авсан. Би өөрийнхөө үзэл бодлоо хэлсэн. Төрөөс төрсөн тэрбумтнуудыг шалгамаар байна. Дансыг нь шалга. Тэднийг цалингаараа амьдардаг гэдэгт итгэхгүй байна гэж хэлсэн.

Удалгүй Ерөнхий сайд хүмүүсээ дагуулж гарч ирээд мэдэгдэл хийсэн. Хүний хэлж ярьж байгаагаас ямар хүн бэ гэдгийг харж болдог. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг оюуны потенциальгүй, зарчимч, эх оронч хүн биш байна гэж харсан. Иргэдэд шаардлагатай, зөв мэдээллийг өгч чадаагүй. “Би юунаас ч айхгүй байна” гэж байна лээ. Тийм бол яагаад хулгайчдаа зарлахгүй байгаа юм. Шаардлагатай бол нэрс зарлана гээд гурван жил болсон. Яагаад тэр нэрсийг зарлахгүй байгаа юм бэ.

Энэ жагсаалд нэгдэх болсон миний нэг шалтгаан бол Солонгост санхүүгийн чиглэлээр ажилладаг монгол залуугийн пост байсан л даа. Солонгосын алдарт “Киа” компанийг худалдаж авах өртөг хэд болохыг тайлбарласан байсан л даа. 44 их наяд төгрөгөөр “Киа”-г худалдаж аваад, дээр нь 50.000 ажилчныг нь 50.000 ам.долларын цалингаар цалинжуулах хэмжээний өртөг гэсэн. Тэгээд би огшсон. Хэрэв төрд хулгайч байгаагүй, долларын тэрбумтангууд төрөөгүй бол бид утаагүй байх байсан. Маш олон хүн зуурдаар нас барахгүй байв. Монголын гурван сая хүний эрх ашгийн төлөө дуугарна гэдэг сайн зүйл биз дээ. Нүүрсний мөнгийг завшаагүй бол бид метротой байх байсан, хэзээ ч түгжрэлгүй, хэдэн давхар замтай гайхалтай Улаанбаатартай байх байсан.

-Таныг жагсаалыг толгойлох болсныг олон янзаар тайлбарлаж байна л даа. Буруутгах аргагүй…?

-Жагсаалд нэгдээд ирэхэд залуус “Алив Цогтоо чи” гээд доороос өргөчихсөн. Намайг арай олон хүн таньдаг учраас анхаарах байх гэж бодсон байх. Бид УИХ-ыг тар гээгүй, Засгийн газрыг огцор гээгүй, Ерөнхийлөгч өө та солигд гээгүй. Та нар дансаа шалгуулчих, хулгайч биш гэдгээ баталчих. Тиймээс нүүрсний хулгайчдаасаа эхэлчихье л гэж байгаа юм. Энэ нүүрсний 44 их наядын асуудлаар Хятадад холбогдох хүмүүсээ цаазаар аваад манай талд баримтаа өгчихсөн, хүмүүсийн нэрс илгээчихсэн гэж зарлаад байхад Хууль зүйн сайд өөрөөр тайлбарлаад байгаа. “Нэрс ирээгүй, зүгээр хууль эрх зүйн талаас туслалцаа үзүүлэхэд бэлэн шүү” гэсэн гэнэ. Ядаж л тэр тусыг авчихъя л даа. Тэглээ гээд арай ч бид Хятадын колони болчихгүй байлгүй дээ. Иргэнээ нэгдүгээрт тавьдаг орон болмоор байна.

-Таны цаана хэн нэгэн эрх мэдэлтэн байх вий гэсэн хардлага үргэлжилсээр байна. Та яаж батлах вэ?

-Намайг хүмүүс маш их хардаж байна. Зөв өө. Хардалтаа хадгалж байгаарай. Үүнийг цаг хугацаа харуулна. Хардалтыг буруутгахгүй. Манайхан төрдөө итгэхээ байчихсан. Хамт байгаа нэгэндээ итгэхгүй. Өмнөх бүх жагсаал ихэнх нь жүжиг байсан учраас хардаж байгаа юм.

-Жагсаал үр дүнд хүрч чадаж байна уу?

-Чимх чимхээр л хүрч байна. МАН-ын генсек Амарбаясгалан нууцын гэрээг ил болгож гэж мэдэгдэнэ лээ. Энэ бол “Бид ухаарсаан. Цаашдаа бид хулгай хийхгүй. Өмнө нь бол хийсэн” гэсэн үг шүү дээ. Мэдээж цаашдаа үр дүн гарна. Залуусыг тарааж чадахгүй. Үнэхээр энэ нийгэм болохоо байчихаад л зогсож байна шүү дээ. Уг нь байр орон сууцаа зараад зээлээ төлж дуусгаад гадаадад амьдарч чадна. Боломж чадамж байна. Би бүр төсөл бичээд иргэнийхээ эрхийг дээдэлдэг улсад иргэншил хүсч чадна. Гэхдээ надад Монголд амьдрах сайхан байна. Багын найзуудтайгаа, байрныхаа дүү нартайгаа, оюутан цагийн найзуудтайгаа, аав ээжтэйгээ зундаа хөдөө гардаг. Ийм л баймаар байна. Монгол дэндүү баян орон шүү дээ.

Би Мальтад дэлхийн 100 гаруй орны залуустай англи хэл сурч байсан. Би сайн сурч чадаагүй л дээ. Гэхдээ тэнд байгаа залуус Монголын талаар сонсоод хараад гайхдаг. Ямар өргөн уудам нутагтай юм бэ гэж. Бусад орнууд улсынхаа нэг хилээс нөгөө хил рүү явахад 30 минут, нэг цаг зарцуулдаг юм билээ. Гэтэл бид хэдэн өдөр явах уу. Ийм сайхан орон өнөөдөр ийм хүнд олон асуудалтай байх боломжгүй. Үр хүүхдүүдийнхээ төлөө тэмцэхээс аргагүй. Ээж маань намайг маш их хориглож байгаа. “Миний хүү битгий яваач. Шударга ёс ноёлсон нийгэмд хүүхдүүдээ аавгүй амьдруулснаас шударга бус нийгэмд хүүхдүүдээ аавтайгаа амьдруулсан нь дээр шүү. Хүмүүс чамайг юу гэвэл юу ч гэж хэлэг. Битгий яв” гэсэн. Би зөрүүдлээд л ирж байгаа.

-Таныг үндэсний телевизийн хэлэлцүүлгээс гараад явчихсанд олон нийт нэлээд шүүмжилж байна. Заавал гарах шаардлага байсан уу. Том зүйлийн төлөө явж байгаа хүмүүс ядаж бусдыг сонсох, хүлээцтэй хандах соёл байсангүй гэсэн шүүмжийг харсан байх?

-Төрөөс 10 хүн төлөөлнө гэсэн. Тэр өдөр хүний эрхийн өдөр байсан. Бид ч баярласан. Иргэдээ сонсох нь, бидний шаардлагын хариуг өгөх нь гэж хүлээсэн. Төрийн талаас МАН-ын генсек Д.Амарбаясгалан, Ч.Хүрэлбаатар гэх мэт 10 хүн ирнэ гэсэн. Бид ч судалгаа тооцоо, тодорхой зүйлтэй оръё гэж ярилцаад эдийн засагч, судлаач хүмүүстэй холбогдохыг хичээсэн. Гэвч хэлэлцүүлгийн цаг тулсан байсан учраас амжаагүй. Ингээд яваад орсон.

Гэвч нөхцөл байдал, орчин, хандлага өөр байсан. Ядаж л бидэнд ярих хугацааг тэгш олгоогүй. Бидний тавьсан шаардлага тодорхой. Нүүрсний хулгайчдын нэрсийг зарлах. Гэвч чадаагүй. Х.Баттулга нь байна уу, 76 гишүүн нь байна уу, хэн нь байх эсэх нь надад хамаагүй. Хэрэв холбоогүй бол өөрсдийгөө батал. Энэ тийм ойлгомжгүй байна уу. Би тийм л зүйл хүссэн. Тэр ярилцлагыг бүтэн харсан хүмүүс ойлгож байгаа байх. Гэтэл намайг хэлэлцүүлгийг орхиод гарчихлаа гэж маш их дайралт дарамт ирж байна. Х.Нямбаатар сайд ч залгаж байна. Хэрэв би хамтардаг байсан бол утсыг нь авна шүү дээ. Надад тэгэх шаардлагагүй. Би үзэл бодолдоо тууштай байсаар байна.

-Украин улсын ерөнхийлөгчийг та мэдэх байх. Хошин шогийн жүжигчин байсан хүн. Зеленский ерөнхийлөгч болоод Украин дайнтай байгаа. Та арай Зеленскийг дуурайгаад байгаа юм биш биз?

-Яг ийм хардлага яваад байгаа юм. Би жүжигчнээ хийгээд явж байтал улс төр надад сонирхолтой санагдаад, “Нээрээ ингээд яваад байвал Зеленский шиг болчих ч юм билүү” гэж явна гэж үү. Үгүй. Үнэхээр миний санаанд буухгүй байна. Би дөрөвдүгээр ангиасаа жүжгийн дугуйланд явсан. Миний мөрөөдөл хошин шогийн жүжигчин. Би чадсан. Би 10 инээдмийн кинонд тоглосон, 20 ангитай цувралын гол дүр бүтээсэн. Надад улс төрийн ажил хэзээнээсээ уйтгартай, үзэн ядмаар залхуутай, дэлгээд харахаас дургүй хүрдэг. Түүний оронд улс төрийн гэмт хэргийн тухай кино үзэх дуртай. Би тийм кино ч хийчихсэн. “Хэрмэл жүжгчид” гээд кино хийчихсэн. Одоо би бусдадаа тусалж байна. Одоо миний энэ үгийг баримтжуулаад аваарай. Би ямар ч албан тушаалд очихгүй. Хэрэв тэгвэл тэр цагт энэ бичлэг, зургийг гаргаад ирээрэй. Тэгвэл би үндэсний шившиг болж Монгол Улсын иргэн байх эрхээсээ татгалзъя. Үүнээс илүү яаж би итгүүлэх вэ?

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Иргэдийн 2,1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав DNN.mn

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 31, аврах ажиллагааны 2, нийт 33 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 2,1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн дуудлага 17%, аврах ажиллагааны дуудлага 23%-аар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Давс, бодис цацах, зам талбай цэвэрлэх ажил үргэлжилж байна DNN.mn

Улаанбаатар хот орчимд 2022 оны арванхоёрдугаар сарын 11-ний өглөөнөөс эхлэн цас орж, зам талбайд халтиргаа гулгаа үүссэн тул холбогдох байгууллагууд арга хэмжээ авч ажиллаж байна. Тодруулбал, хотын авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаанаас сэргийлэх зориулалтын давс, бодис цацах үүрэг чиглэлийн дагуу зам талбайн цэвэрлэгээ хариуцан ажилладаг 18 байгууллагын 878 алба хаагч 72 машин техниктэйгээр 13.2 сая ам метр талбайн цэвэрлэгээг хийж гүйцэтгэлээ.

Нийслэлийн алслагдсан зам болох Морингийн даваа, Айдсын даваа, Ар гүнт, Өвөр гүнт зэрэг замд одоогийн байдлаар халтиргаа гулгаа үүсээгүй, хөдөлгөөн хэвийн байгаа бөгөөд нийслэлийн томоохон замын уулзварууд, өгсүүр замд давс, бодисыг нэмэлтээр цацаж байна. Түүнчлэн хотын гол магистрал төв замуудад маршрутын дагуу давс, бодис цацах, зам талбайг цэвэрлэх ажил үргэлжилсээр байгаа юм.

Өчигдөр 15:00 цагийн байдлаар 71 тонн бодис, 161 тонн давс цацсан бөгөөд 2298.34 тонн бодис, 4582.57 тонн давс үлдэгдэлтэй байна. Мөн авто замын нуух, явган хүний зам, ногоон байгууламжийн түүвэр цэвэрлэгээ болон хогийн сав суллах, хөлдсөн мөсний цэвэрлэгээг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын ажилчин, албан хаагчид хийж гүйцэтгэж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Засгийн газар хуралдаж байна DNN.mn

Засгийн газар өнөөдөр /2022.12.12/ 09.30 цагт ээлжит бусаар хуралдах аж. Тэд хил, гаалиар бүртгэлгүй нүүрс нэвтрүүлсэн асуудлаар албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай хэлэлцэнэ гэх мэдээлэл байна.

Эргэн сануулбал, өнгөрөгч Баасан гаригт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж орон нутгийн өмчит Тавантолгой компанид БЭТ томилж, мөн нүүрсний есөн оффтейк гэрээг улсын нууцаас гаргасан.

Тодруулбал,

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэрэгжүүлж байгаа төрийн нууцад хамаарах “Ил уурхайн олборлолтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, шилдэг технологи нэвтрүүлэх төсөл”,
  • “Ил уурхайн аргаар ашиглах боломжгүй нөөцийг далд уурхайн аргаар ашиглаж, экспортыг нэмэгдүүлэх төсөл”,
  • “Загийн усны хоолойн газрын доорх усны ордоос Тавантолгой нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн төслийн ажил”,
  • “Богдхан төмөр зам”-ын суурь бүтэц барих төслийн ажил,
  • Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ажил болон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн дээд бүтэц дохиолол холбоо, эрчим хүч, гүүр хоолойн барилгын ажил, зураг төсөл гүйцэтгэх ажилд холбогдох есөн гэрээг нээлттэй болгосон юм.

Өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг эргэн мэдээлнэ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ард түмний элч УИХ-ын гишүүд маань аюулын сургаар биднийгээ хаях ч гэж дээ DNN.mn

Ням гаригт эхэлсэн нүүрсний хулгайч нарын нэрийг зарлахыг шаардсан ард түмний жагсаал үргэлжилсээр байна. Жагсаалын хүрээ өдөр ирэх бүр тэлж, олон улс, дэлхий нийтийн анхаарал, дуран авай Монголыг чиглэх боллоо. Дэлхийн томоохон агентлагуудын дамжуулж буй мэдээг харахад “Олон сая ам.долларын нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон улстөрчдийн нэрийг зарлахыг шаардсан ард түмэн төв талбайдаа жагсаж байна. Жагсаал олон хоног үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд шаардлагынхаа хариуг авахаас нааш жагсагчид гэртээ харихгүй бололтой” гэсэн мессэжийг өгсөөр байгаа юм. Нүүрсний хулгайтай холбоотой энэ асуудал дэгдсэнээс хойш хагас жилийн хугацаа өнгөрөөд сүүлдээ иргэдийн зүгээс шахалтад орж, улс орны хэмжээний эсэргүүцлийн жагсаал цуглаан бүрэлдэхэд хүргэлээ. Ерөнхий сайд энэ асуудал анх олны анхааралд гарч ирэхэд “Хулгайч нартай тэмцэнэ” гэж мэдэгдэж байсан ч өнөөдрийг хүртэл олигтой үр дүнд хүрээгүй нь олон хоног үргэлжилж буй энэ жагсаалаас харагдаж байна. Ганц итгэл найдвар гэгдэж байсан Ерөнхий сайд нүүрсний хулгайч нартай тэмцэнэ хэмээн эрс хэлдэг ч яг ажил хэрэг болгоод явахаар ганцаардаад байдаг юм болов уу гэж бодогдохоор. Засгийн газрын тэргүүн нь нүүрсний хулгайч нартай тэмцэнэ гэдэг битүү мухар юм яриад байдаг, ард түмэн нь “За, одоо л ил болгох нь дээ” гэсэн хүлээлттэй л өнөөдрийг хүргэсэн дээ. Явсаар жагсаал цуглаандаа тулж, ер нь ч тэгээд энэ асуудал дарагдах тийшээ л болж байна.

Жагсаал анхнаасаа органик байжээ гэдэг нь өдөр ирэх тусам нотлогдож байна. “Эх орон хэцүүдлээ”, “Төрдөө ийм хулгайч нартай байж болохгүй”, “Ийм улс байж болохгүй, ирээдүй бүрхэг болж эхэллээ” гэж залуус маань уриа лоозон барьж, үгээ хэлж ухаантай байна. Гэтэл энэ жагсаалыг бүлэглэлүүд өөр өөр рүүгээ татах гээд дотор нь хүмүүсээ шургуулж ажиллаж эхэллээ. Учир юун хэмээвээс, нүүрсний хулгайч нарын нэрсийг зарла гэсэн ард түмний зорилготой жагсаалын утга санаа, чигийг мушгин гуйвуулж “Засгийн газрыг огцруул” гэчихсэн “далийрцгааж” байна, зарим хэсэг бүлэг хүн. Жагсаал руу нэвтэрсэн бүлэглэлийн гар, хөлүүд үймээн самуун дэгдээх гэж оролдлоо. Залуусыг хууль бус, хуулиас гадуурх үйлдэлд турхирах гэж үзэцгээлээ. Төрийн ордон руу дайрууллаа, хашааг нь ганхуулж эвдүүллээ, хаалга энэ тэрийн жижиг сажиг шил цонхыг хагаллаа. Төрийн ордны хашаа, хаалгыг эвдэж буйд харамсахгүй байна л даа. Гол нь жагсагчдын эмх замбараа, мөрдөж буй дэг журмыг зориудаар эвдүүлэх гэж бүлэглэлүүд “ноход”-оо шургуулсанд л гол утга санаа байгаа юм. Жагсаалын үеэр төв талбайн эргэн тойрны замын хөдөлгөөнийг хаах гэж оролдсон нь жагсагчдын зорилго, үйлдэл биш байсан. Энэ бол мөн л бүлэглэлүүдийн “илгээсэн” хүмүүсийн хийсэн ажил. Түгжрэл бухимдал, уур хилэнг нь төрүүлэх замаар ард түмний амгалан байдлыг алдагдуулж, сэтгэлийн хөдөлгөөнийг нь овжиноор ашиглаж өөртөө хэрэгтэй улс төрийн тоглолт хийх гэсэн хорон технологи явж байсан даг. Төрийн ордон руу дайрсан, гацуур шатаасан, замын хөдөлгөөнийг хаасан гэх мэт энэ үйлдлүүд бол үнэндээ нүүрсний хулгайч нартай тэмцэж буй жагсаалтай ямар ч хамаагүй байсан шүү. Хаа ч очиж монголчууд тэмцэгч, зөв жагсаж чаддаг ард түмэн. Монголчууд наадам, Цагаан сараараа нэгддэг шиг жагсаалаараа нэгдэж чаддаг өвөрмөц онцлогтой үндэстэн шүү дээ. Тайвнаар жагссаар байгаад л нийгмээ өөрчилж ардчиллыг авчирсан түүхэн туршлагатай хүмүүс. Тэгтэл Төрийн ордон руу иргэд жаахан дөхөөд хашааг нь ганхуулаад иртэл ард түмний элч, иргэдээ төлөөлнө гээд УИХ-д сонгогдсон эрхэм гишүүд маань цахимаар чуулган зарлаж, хуралдсан нэр зүүгээд “Онц байдал зарла” гэж саналаа нэгтгэж биднийгээ Онц байдал гэдэг хүндхэн нөхцөлд оруулаад үхвэл үхэг гээд хаяад зугтчихсан байсан. Төрийн ордны ганц хаалганы шил хагарах төдийд шүү дээ, юу ч болоогүй байхад УИХ-ын

гишүүд маань “Наадуулаа бууд бууд” гээд ум хумгүй арилаад өгсөн нь гутмаар шүү. Ард түмэн та нарт итгээд, улсаа удирдуулъя гээд нэрийг чинь дугуйлаад сонгочихсон байдаг. Гэтэл та нарыг сонгож гаргаж ирсэн иргэд рүүгээ, үр хүүхдүүд рүү нь бууны хүйтэн ам чиглүүлэхийг зөвшөөрч,

галын шугам”-д биднийгээ хаяад урвах ч гэж дээ. Одоо та нарт бид яаж итгэх болж байна. Онц байдал зарлах хэмжээний юм юу ч болоогүй, ардчилсан оронд байдаг л нэг энгийн тайван жагсаал болж байхад ард түмнийхээ амь нас, эрх чөлөөг ҮАБЗ гэх тодотголтой гуравхан хүний мэдэлд шидчихээд сүүлээ хавчаад арилаад өгсөн дөг. Монгол Улсыг парламентын засаглалтай орон гэж хэлэхэд итгэл төрөхөөргүй болоод эхэллээ, хөөе гишүүд ээ. Хэцүү байна аа, УИХ-ын гишүүд ээ. Эгзэгтэй, шийдвэрлэх мөчид бүх ачааг өөрсдөөсөө түлхээд гуравхан хүнийг “Та нар наад ард түмнээ яавал яа” гээд хаяж зугтсан гурав дахь тохиолдол нь энэ боллоо. 2008 оны долдугаар сарын 1-нд УИХ-ын гишүүд яг ингэж гуравхан хүнд гурван сая хүний хувь заяаг нохойд шидэж өгч байгаа яс шиг хаячихаад зугтчихсан чинь юу боллоо? Хэдхэн жилийн өмнө

УИХ-ын гишүүд маань хамаг эрх мэдлээ ҮАБЗ-д өгчихсөн чинь юу боллоо. Монгол Улс хариугүй л Ерөнхийлөгчийн засаглалтай орон болохоо дөхөж билээ. Ард иргэдийн дунд “Ерөнхийлөгчийн засаглалтай болох уу, парламентын засаглалтай байх уу” гэдэг санал асуулга нэртэй луйвар явуулахдаа тулсан. Парламентын засаглалтай, парламент нь бүрэн бүрэлдэхүүнээрээ байхдаа нэг хүнд эрх мэдлээ алдаад “Орших уу, эс орших уу” даа тулсан нь арчаагүй параменттай байсны л гор байсан шүү дээ. Ийм хэврэг, доожоогүй, хулхины, зүрхгүй аймхай, амь тулсан үед үргэлж зугтсан парламент монголчуудад хэрэг байгаа юм уу. Эд нар ард түмний төлөөлөл, элч мөн юм уу тэгээд. Итгэлээ өгсөн ард түмнийхээ эрх ашгийг УИХ-ын гишүүд яагаад боддоггүй юм бэ. Гишүүд зөвхөн өөрсдийнхөө, дарга нарын эрх ашгийг боддог юм уу.

Манай парламент үнэхээр сул дорой, сульдаа байна. Ийм парламентын хэрэг алга. Бид ямар ч хамгаалалтгүй юм байна. Төрийн гурван өндөрлөг гэсэн гурван хүний эрх мэдэлд л байсаар ирлээ. Юм л болвол энэ гурван хүний эрх мэдэлд ард түмнээ юман чинээ бодолгүй шидэж өгдөг. Парламентыг томосгох буюу гишүүдийн тоог нэмэх. Эсвэл хоёр танхимтай парламенттай болох арга хэмжээ авахгүй бол одоогийн парламентын тогтолцоо бол үнэндээ ард түмэнд үйлчлэхгүй юм, гишүүд нь иргэдээ хамгаалахын төлөө юу ч хийхгүй юм. Энэ 76 гишүүн үнэхээр найдлагагүй юм байна. Биднийг өөр юуны ч аманд өгөөд зугтааж мэдэхээр аж. Иймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг яаралтай хийх хэрэгтэй болжээ. Гишүүдийн тоог нэмж, ард түмний төлөөллөө төрдөө оруулах, хоёр танхимтай парламенттай болох зэргээр парламентын засаглалаа хүчирхэгжүүлэхгүй бол хэдүүлээ юуны ч аманд очоод зогсож байж мэдэх нь.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Б.Лхагважав: Өнөөдрийн нийгмийг сайжруулахын тулд МАН-ын санхүү, сонгуулийн системийг эрүүлжүүлэх ёстой DNN.mn

ТҮРҮҮЧ НЬ 2022.12.09-НЫ ДУГААРТ...

Бизнесийн удирдлагын доктор, эрх зүйч Б.Лхагважавтай ярилцлаа.


-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар тогтолцооны өөрчлөлтийг хийх талаараа мэдэгдсэн. Энэ удаагийн парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломжтой болов уу?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг одоогийн УИХ хийж чадахгүй. Одоогийн парламентын гишүүдэд тийм ёс зүй, чадамж байхгүй. Учир нь 2019 оны арваннэгдүгээр сард бидний хэсэг нөхөд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар иргэдийн саналыг авч долоон зүйлд өөрчлөлт оруулсан. Гэтэл УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй нөхдүүд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтүүдээсээ хоёрхон жилийн дотор ухарлаа. Өнгөрсөн 30 жилд байгаагүй маш их хүчтэй Засгийн газрыг Л.Оюун-Эрдэнэд байгуулж өгсөн. Хэрэв Л.Оюун-Эрдэнэ хэн нэгний утсан хүүхэлдэй биш бол Үндсэн хуулиар асар их эрх мэдэлтэй болсон. Ард түмнээ төлөөлнө хэмээн 2020 онд МАН-аас сонгогдсон гишүүд дотроос одоогийн Засгийн газарт орж ажиллаж байгаа гишүүд анхнаасаа өөр зорилготой байсан. Тэд сайд болох, нийтийн мөнгөнд хуваарилалт хийх, төсвийн зарцуулалтад эзэн болох зорилготой байсан. Хоёрхон жилийн өмнө ҮХНӨ-өөр баталсан үзэл баримтлалаас буцсан этгээдүүдэд дахин Үндсэн хуульд дорвитой өөрчлөлт хийх ёс зүй, мэдлэг байхгүй. Тийм учраас болдог бол ард түмний хурлаа хийж одоогийн парламентыг тарааж, дахин сонгууль явуулмаар байна. Ингэхдээ мөнгөний сонгууль явуулахгүйгээр мэдлэг, чадвартай хүмүүсийг төрд оруулж ирж, шунал нь дийлддэггүй хүмүүсийг намаас нь цэвэрлэх хэрэгтэй.Гэхдээ улс төрийн намууд доторх сонгууль, санхүүжилтийг ил болгоогүй тохиолдолд түүгээр дамжин улс төрийн эрх мэдэлд очиж байгаа хүмүүс ялзарсан тогтолцоо, гажуудсан системийнхээ хүүхэлдэй л болно. Тиймээс эрх барьж байгаа МАН-аасаа эхлэх хэрэгтэй. МАН доторх сонгуулийн системийг, санхүүгийн системтэй нь ил болгосны дараа цаашаа цэвэршинэ. Бүгд жижиг том хулгайтай их бага хэмжээгээр холбоотой. Манай намын 2012, 2016, 2020 оны сонгуульд зарцуусан тэр их мөнгө хаанаас гарсан талаар нэг ч удаа тайлагнахгүй байгаа. Асар их мөнгөн дүн яригдана. Гэхдээ энэ мөнгөний хэмжээ дахин хуваарилагдаж байгаа газрын баялагтай холбоотой үнийн дүнгийн хажууд өчүүхэн зүйл. Манай улсын нийт ДНБ-ийг дөрвөн жилээр тооцоход 40 тэрбум ам.долларын дахин зарцуулалт дээр суух эрхийг сонгуулиар олж авч Сонгуулийн үр дүнд зөвхөн нийтийн баялгийг дахин хуваарилалт, төсвийн дахин хуваарилалт дээр очихын тулд 400-500 сая ам.долларыг аль ч нам бүлэглэл хаядаг болчихсон. Байдал энэ чигээрээ байвал 2024 оны сонгуулиар ч энэхүү байдал үргэлжилнэ. Тиймээс Төр нийтийн хамааралтай өмчийг дахин гаргаж, эзэмшиж, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхой болгох хэрэгтэй.

-Нийгэмд дуулиан болсон олон хэргүүд ил болдог. Харамсалтай нь хууль, хяналтын холбогдох байгууллагууд нь шалгаж байгаа гэх нэрийн дор замхруулдаг. Үүний нэг жишээ нь С.Зоригийн хэрэг. Тэгвэл нүүрсний гэх тодотголтой хулгайн асуудал богино хугацаанд шийдэгдэх болов уу. Эсвэл жинхэнэ хулгайчийг зарлахгүйгээр жижиг загас жараахайгаар туг тахиад өнгөрөх болов уу?

-Л.Оюун-Эрдэнэ үнэхээр шударга ёс тогтоохыг хүсч байвал өөрийнхөө хажууд байгаа хулгайчдаа, нам доторх хулгайчдаа, хулгай хийж байсан хүмүүсийг зайлуулчихвал түүнийг үнэхээр дэмжинэ. Гэхдээ үүнд хөндлөнгийн хяналт тавих хүмүүсийг оролцуулах сонирхол байдаггүй. Тийм учраас өөрсдөө үүнд холбоотой юм болов уу гэж боддог.

Хамгийн наад зах нь МАН дотор эргэлдэж байгаа хэдэн тэрбум төгрөгийн санхүүжилтийг ил болгохгүй байгаа. Хоёрдугаарт, улс төрийн өндөр албан тушаалтнууд нийтийн санхүүгээс нэг төгрөг ч болов хумсалсан бол зайлуулдаг процессыг хуульд яаралтай суулгаж өгөх хэрэгтэй. Ингээд бодохоор ЖДҮХС-гаас зээл авсан Д.Амарбаясгалан, Хөгжлийн банкны зээлийг цөлмөсөн УИХ-ын гишүүд, газрын хэвлийн баялгийг зөөхөд оролцсон, тэднийг хамгаалж шоронд ороход бэлэн залуус Л.Оюун-Эрдэнийн хажууд, гол дүрд тоглоод явж байна. Ийм тохиолдолд эд нар шударга ёсыг тогтоож чадахгүй болов уу. Хэрэв үнэхээр системийн, тогтолцооны өөрчлөлтийг зоригтой хийе гэвэл би өөрийн чадах хэмжээгээр туслахад бэлэн байна.

-Манай улсад Оюу толгойгоос өөр гадаадын хөрөнгө оруулалттай үйл ажиллагаа явуулж байгаа томоохон төсөл хөтөлбөр одоогоор алга. Тиймээс гадаадын хөрөнгө оруулагчдыг Монгол Улсад хөрөнгө оруулахыг урьж байгаа. Энэ хэр бодитой үр дүнтэй ажил болох бол?

-Яг үнэндээ Монголын улстөрчдөд итгэх хүн байхгүй болчихлоо. Ялангуяа нүүрсний хулгайн асуудалтай холбоотойгоор дэлхий дахинд бид хулгайч гэдгээ зарлачихлаа. Энэ жагсаал цуглаан эсэргүүцлийг хараад гадаадын хөрөнгө орхуулагчид “Таны оруулсан хөрөнгийг бид хулгайлна” гэсэн мессэж өгч байгаа учраас бүгд айдастай байна. Дээр нь шүүх тогтолцооны гажуудлаас айж байна. Хамгийн ойрын жишээ хэлэхэд, Япон улсын иргэний оруулсан газрыг сайд дарга нар, УИХ-ын гишүүд гэх мэт өндөр албан тушаалтнууд хуваагаад идчихсэн. Одоо болтол гэм буруутай этгээдийг нь олж илрүүлж чадаагүй. Японд очиход айлчлал бүрээр энэ талаар асуудаг. Одоог болтол бид энэ асуудлыг шийдэж чадаагүй л байгаа. Харин ч бүр тэр газар дээр нь манай эрх мэдэлтнүүд байшин барьж байгаа. Нөхцөл байдал ийм байхад яаж манайх руу гадаадын хөрөнгө оруулагч орж ирэх юм бэ. Түүнчлэн манайд төрийн бодлогын залгамж халаа гэж байдаггүй. Залгамж халаагаа бэлдэхээс илүү хулгайч нараа бэлдсэн учраас үүн дээр гадныхан хөрөнгө оруулагчид манайхаас болгоомжилж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс гадны хөрөнгө оруулагчдад айдсын орон болчихсон байна. Энэ асуудлыг шийдэх ёстой. Өнөөдөр гадны хөрөнгө оруулагч бүү хэл дотоодын бизнес эрхлэгчид татвар, АТГ, МХЕГ гэх мэт төрийн институтийг ашиглаж өөрсдөд рүү нь дайрдаг байдлаас үнэхээр айж байгаа. Бид буцаад Монголын номер нэг даргаас том жижиггүй зөвшөөрөл авдаг тогтолцоо руу шилжлээ. Ийм байхад хүчтэй сөрөг хүчний байр суурь үнэхээр үгүйлэгдэж байна. Тийм учраас ирэд хэдэн арван мянгаараа талбай дээрээ гарч жагсаж байна.

-Нүүрсний хулгайг шалгах ажлын хэсэгт эрдэмтэн судлаачдын төлөөллийг оруулах нь зүйтэй гэдэг байр суурйиг илэрхийлсээр байна. Харин хэрхэн зохион байгуулах нь зүйд нийцэх бол?

-Энэ асуудалд нарийн мэргэжлийн эрдэмтэн, судлаачдын байр суурийг нэгтгэж оруулах нь зүйтэй. Гэхдээ нөгөө талаар улс төрөөс ангид эрдмийн ажлаа хийж байгаа хүмүүсийг ядаж төрийн ордонд болдог элдэв хэлэлцүүлэгтээ оруулдаг баймаар байна. УИХ-ын дарга Г.Занданшатар “Нээлттэй сонсгол нэртэй манай намыг дагасан эрдэмтэн, судлаач нэртэй нөхдийг суулгаад хэлэлцсэн дүр эсгэдэг. Үнэн хэрэгтээ салбараа мэддэг, ажлаа мэддэг хүмүүсийн орж ажиллах хэвийн үйл явцыг бүхэлд нь хааж боодог. Үүнийхээ хариуд эрх мэдэлтний 100 хувь буруу байсан ч “Таны зөв, дэмжиж байна” хэмээн магтан дуулдаг болсон нь нууц биш. Тиймээс хамгийн эхлээд Их сургуулиудыг автономит эрхтэй болгох ёстой. Шинжлэх ухааны байгууллагыг автономит эрхтэй болгох ёстой. Өөрөөр хэлбэл, ямар ч Засгийн газар байгуулагдсан түүнээс үл хамаарч бие даасан бүтэцтэй болгох тухай асуудал юм. Бусад орны Үндсэн хуульд уг асуудлыг албан ёсоор тусгаж өгсөн байдаг. Манай улсын их сургуулиуд автономит эрхээ эдлээд сургуулиасаа олон ургалч үзлийг сурч байх ёстой. Тэр дотор олон үзлийг заах ёстой. Ингээд оюун ухаан нь задгай хөгжиж байх ёстой. Гэтэл манай их, дээд сургуулийн удирдлагууд бүгд төрийн хараанд байгаа. Хамгийн наад зах нь МУИС автономит эрхгүй байхад хаанаасаа ямар бие даасан эрдэмтэн судлаачид гарч ирэх вэ дээ. Эрх барьж байгаа Засгийн газрын эсрэг асуудлыг шүүмжилмээр байвч зоригтойгоор, эрүүлээр шүүмжлэх хүнгүй болчихсон. Ийм арчаагүй эрдэмтдээр манайх дүүрчихсэн. Наад зах нь Шинжлэх ухааны академи бие даасан бодлого явуулж чадахгүй төсвөөс авдаг хэдэн төгрөгтөө барьцаалагдчихсан. Үүнийг дагаад 43 хүрээлэн бий. Цалин багатай, үхээнц эрдэмтдээр дүүрэн байгаа. Академич, эрдэмтэн, судлаачид, их сургуулиуд нь төрийн 100 хувийн санхүүгийн дарамтад байгаа тохиолдол хэн ч дуугарахгүй. Мэргэжилдээ үнэнчээр эрүүл шүүмжлэл, сэтггэгдэл хэлдэг мэргэжлийн хүмүүс улам цөөрсөөр байна.

-Өнөөдрийн нийгмийг эрүүлжүүлэхийн тулд хамгийн түрүүнд ямар алхам хийх ёстой вэ?

-Товчхондоо, өнөөдрийн нийгмийг эрүүлжүүлэхийн тулд МАН-ын санхүү, сонгуулийн системийг эрүүлжүүлэх ёстой. Хэрэв энэ системээр дамжиж орсон хүмүүс мафын систем үүсгэж, төрийг бузарладаг тогтолцоо байсаар байвал ямар ч өөрчлөлт шинэчлэл хийгдэхгүй. Бид улс төрийн намаар дамжуулж, төрийн эрх мэдлийг авах ганцхан заалттай.Тийм учраас улс төрийн намын бүтцийг дахин харах шаардлагатай. Түүнээс хэдэн мянган хүн цуглуулахдаа гол биш. Гэхдээ бидний эвлэлдэн нэгдэх гэдэг бол хамгийн онцгой эрх. Өөрсдийн сайн дураар эвлэлдэн нэгдсэн хүмүүсийн нэгдлийг хүчээр тарааж болохгүй. Тиймээс институтээ эрүүл байлгах процессыг байнга хийж байх ёстой. Товчхондоо МАН-ын цагаан байшин болох Тусгаар тогтнолын ордоныг чөлөөл. Жинхнээсээ улс орны тусгаар тогтнолын багана болсон хүмүүсээ бүрдүүл. Нийтийн санхүүгээс жижиг томгүй хулгай хийсэн хүмүүсийг зайлуулах хэрэгтэй. Ингэж чадахгүй бол төр засаг бузарлагдана. Эргээд Монгол Улс бузарлагдана. Өнөөдөр олон улсын нөхцөл байдлаас харахад нэг хүний дарангуйлал руу орох процесс хурдтай явагдаж байна. Тиймээс нэг нам, нэг хүний дарангуйлалд орох эрсдэл, гажигаа засахын тулд ойрын үед Шинэ Үндсэн хууль бичиж, парламентыг тарааж, дахин сонгууль явуулахаас өөр аргагүй. Гэхдээ нийтийн санхүү, өмчөөс хумсалсан этгээдүүдийг өршөөхгүйгээр, бүгдэд нь ял өгөх хэрэгтэй. Шинэ Үндсэн хуулийг баталж чадна. Манайд эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын асуудлыг мэргэжлийн талаас нь хараад шийдчих хүн алга. Наад зах нь шүүгчид дотор эдийн засгийн мэдлэгтэй хүн алга. Тайлан уншиж чаддаг хүн Захиргааны хэргийн шүүх дотор цөөхөн байна. Тэр ч бүү хэл цагдаа, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн түвшинд эдийн засгаар мэргэшсэн хүн бүр ч алга. АТГ-т энэ чиглэлийн мэдлэгтэй хүн ховор байна. Ийм байхад бид зөвхөн эрх зүйч гэх хуулийн нэр томьёо цээжилсэн, 3-4 жил сурсан нөхдүүдээр эдийн засаг, санхүүгийн зөрчлүүдийг шийдүүлнэ гэдэг бол тогтолцооны алдаа. Тиймээс хууль шүүхийнхнийг шат шатанд нь эдийн засагжуулах хэрэгтэй байна. Тухайлбал, нүүрсний хулгайг жирийн нэг хүн хийчихгүй. Санхүү эдийн засгийн өндөр мэдлэгтэй хүн л хийж чадна.

-БНХАУ-ын талаас нүүрсний хулгайн асуудлыг илрүүлэхэд туслахад бэлэн гэх мэдээлэл цацагдсан. Ер нь хулгайн асуудалд хоёр орон хамтарч ажиллах боломжтой болов уу?

-Монгол Улс БНХАУ-тай харьцахад Өмнөд Монголоос цааш хэтрэхээ больчихсон. Үүнийг би БНХАУ-ын төрийн бодлого гэж хэлэхгүй. Гэхдээ Ар Монголыг Өмнөд Монголд нь даатгачихсан байна. Бид Хөх хотын хойд талын 70 хар уулнаас хэтэрч чадахаа больсон. БНХАУ-ын бусад хотууд манайхаас уул уурхайн түүхий эд авах хүсэлтэй байсан ч эцсийн бүлэгтээ Өмнөд Монголоос цааш энэ эрх олгогддоггүй. Манай улсын газрын хэвлийн баялаг Өмнөд Монголын 70 хар уулын наана очоод шингэдэг. Өмнөд Монголд манай баялаг дээр тулгуурлаж тэрбумтнууд төрсөн. БНХАУ-аас цаазаар авахыг нь аваад, шоронд хийхийг нь хийсэн. Тэднийг манай улстөрчид тэтгэсэн. Ямар сайндаа БНХАУ-д Өмнөд Монголынхоо идээ бээр болсон улстөрчдөөс салахын тулд Ар Монгол ажиллаад өгөөч гээд байхав. Үнэндээ бид Өмнөд Монголын хилийн мужийн хэмжээнд оччихсон жижиг улс шүү дээ. Бидэнд нэг их томроод цээжээ дэлдээд байх хэрэг байхгүй. Хойшоо ОХУ-д ч ялгаагүй. Буриад, Улаан-Үдээс хэтрэхгүй. Гэтэл биднээс хоцорч барианаас гарсан Узбекистан, Киргизистан биднээс өмнө нь явж байна. Энэ намагнаасаа хурдан гарахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой. Дахин хэлэхэд, энэ удаагийн парламент Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах чадамжгүй. Тийм учраас болдог бол УИХ-аа тарааж, дараагийн УИХ-ыг дахин бүрдүүлмээр байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учрах” хэмээх сайн DNN.mn

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 12, Сумъяа гариг. Билгийн тооллын 19, найралт эх одтой, шарагчин гахай өдөр. Өдрийн наран 8:32 цагт мандан, 16:59 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учрах” хэмээх сайн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө -20 хэм хүйтэн байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30…-32 градус, бусад хэсгээр -24…-26 градус, өдөртөө -18…-20 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -34…-39 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -29…-34 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -14…-19 градус, бусад нутгаар -21…-26 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -27…-32 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -22…-27 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -18…-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар -9…-14 градус, бусад нутгаар -15…-20 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -29…-31 градус, өдөртөө -19…-21 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -32…-34 градус, өдөртөө -18…-20 градус хүйтэн байна.