Хавдрын эмнэлгийн нүд халтирч, сэтгэл зүсэгдмээр нөхцөл байдлыг манай сонин олон удаагийн нийтлэлээрээ хөндөж байсан. Хавдар туссан иргэнтэй ч, хавдраас сэргийлээрэй гэсэн эмчийн ярилцлагыг, нөхцөл байдлын талаарх сэтгэл өвдөм сурвалжилгуудыг ч, хууль тогтоох байгууллагын гишүүд энэ чиглэлд ямар ажил хийж байгаа талаар ч нийтэлж байлаа. УИХ-ын чуулган дээр ХСҮТ-ийн нөхцөл байдал хүндэрч, ачааллаа дийлэхгүй байгаа талаар хөндсөн. УИХ-ын эмэгтэй гишүүд ХСҮТ дээр очиж ажиллах уриалгыг гаргаад байсан юм. Тэгвэл “Speak Out” булангийнхаа энэ удаагийн дугаарт “ХСҮТ-ийн эмнэлэгт очиж ажиллаж болох уу” хэмээх асуултад УИХ-ын эмэгтэй гишүүдээс хариулт авлаа.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: -Хавдар Судлалын Үндэсний төвд ойрын хугацаанд очиж ажиллахаар төлөвлөөд байна. Би 2021 аравдугаар сарын 7-ны өдөр ХСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасаг болон төвийн нөхцөл байдалтай танилцсан. Үнэндээ 36 жилийн настай ХСҮТ-ийн сантехник, агааржуулалт, цахилгаан, цэвэрлэх байгууламж гээд асар их хөрөнгө шаардсан иж бүрэн засвар шаардлагатай байгаа. Би 2022 оны төсөвт ганц тэрбум төгрөг хөөцөлдсөөр байж суулган нэн шаардлагатай засварууд хийгдсэн. Ер нь би ХСҮТ-өөр олон удаа очиж байсан болохоор бодит байдлыг маш сайн мэднэ. Яагаад гэвэл С.Ламбаа гишүүнийг 2008-2012 онд Эрүүл мэндийн сайдаар ажиллах хугацаанд зөвлөхөөр нь ажиллаж байсан. Тэр үед Хавдрын эмнэлэгт тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх хөрөнгийг төсөвт суулгах, өргөтгөл шинээр барих, гадаадын хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмжөөр хангах төсөл хэрэгжүүлэх, “Хавдрын эсрэг аян”-ыг орон даяар өрнүүлэх гээд маш их ажилд оролцож байсан.
Тэгээд 2012-2016 онд БГД-ийн Засаг даргаар ажиллаж байхдаа ХСҮТ-ийн ачааллыг бага ч гэсэн бууруулах үүднээс БГД-т хорт хавдраас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, “Хавдрын довтолгоон” цуврал товхимлуудыг гаргасан. Мөн хавдрын эрт илрүүлгийн үзлэг хийх “ЯВУУЛЫН АМБУЛАТОРИ АВТОБУС”-ыг иж бүрэн тоноглож дүүрэгтээ дөнгөж хүлээлгэн өглөө.
Ингэснээр Хавдрын эмнэлгийн ачаалал буурч, эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулж, цаг, мөнгийг нь хэмнэж, болзошгүй эрсдэлээс хамгаалсан жишиг ажил болсон гэж бодож байна. Саяхан ХСҮТ-ээс холбогдон 2022 онд суулгасан нэг тэрбум төгрөгөөр шаардлагатай засваруудыг хийж дуусгасан талаарх баяртай мэдээг дуулгасан юм.
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн: -Дэмжилгүй яахав. Манай оронд хавдар гэх аймшигт өвчинд зовж шаналж, өнчрөл хагацал үзээгүй өрх гэр бүл ховорхон байх. Би УИХ-ын гишүүн болохоосоо өмнө бизнес эрхэлж байсан учир нутаг орныхоо хавдраар өвчилсөн иргэдэд байнга дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэн. Ер нь манай иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт ордоггүй учраас өвчнөө хүндрүүлж, эмчлэх аргагүй болгочихдог юм билээ. Тийм учраас 2020 онд сонгуульд нэр дэвших үеэрээ С.Одонтуяа гишүүнтэй хамтран “Хавдрын эсрэг довтолгоон” товхимлыг боловсруулж, олон зуун хувь хэвлэж, Баянхонгор аймгийн иргэдэд хүргэж, хавдрын эсрэг аян өрнүүлж байсан. Өвчнөөс урьдчилан сэргийлэх нь нэн чухал гэдгийг ойлгосон учраас УИХ-ын гишүүнээр сонгогдоод Баянхонгор аймгийн иргэдийг өвчнөөс урьдчилан сэргийлж оношлоход нэн чухал шаардлагатай тоног төхөөрөмж, мобайл технологийн иж бүрдлээр нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийг хангах, автомашин, мотоцикл нийлүүлэх төслийг боловсруулж, 2021 оны төсөвт 802 сая төгрөг суулгаж, амжилттай хэрэгжүүлсэн. 2022 онд 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг төсөвт суулгаж дээрх төслөө үргэлжлүүлж байна. Цаашдаа Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт хавдрын өвчлөлийг оношлох, эмчлэх, мэс засал хийх ажлыг өргөтгөх зорилгоор ХСҮТ-ийн эмч нартай хамтран төсөл боловсруулахаар зорьж байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: -МАН 2020 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо “Хавдрын эсрэг хамтдаа” хөтөлбөр хэрэгжүүлнэ, хавдар, зүрх судасны өвчлөлийг эрт илрүүлэх оношилгоо, эмчилгээний шинэ арга зүй, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлнэ. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг үргэлжлүүлж, “Хавдрын эсрэг хамтдаа” хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэж ард түмэндээ амласан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд, эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулж, хорт хавдрын эрт илрүүлгийн тогтолцоог бэхжүүлэхээр зорин ажиллаж байна. 2022 оны арванхоёрдугаар сарын байдлаар эрт илрүүлгийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд 707.776 иргэн хамрагдсан гэсэн судалгаа бий. Ер нь хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжууд нэлээд бий. Цаашид хорт хавдраас сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж батлуулах, Хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн үндэсний сүлжээг Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагыг түшиглэн бий болгож үр дүнтэй, зөв зохион байгуулагдсан тогтвортой хяналтын тогтолцоог бий болгох, нийгмийн эрүүл мэндийн чиглэлд онцгойлон анхаарах шаардлагатай байна. Энэ тухайд хууль эрх зүйн шинэчлэл хийх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: -Эмэгтэй гишүүд энэ асуудлаар ярилцаж байгаа, удахгүй уулзах байх аа. Хавдрын өвчлөлийн асуудал, эмнэлгийг өргөтгөх тухай, мөн оношилгоо болоод эмч нарыг чадавхжуулах талаар Байнгын хороон дээр байнга асуудал тавьж байгаа.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: -Яагаад ганц эмэгтэй гишүүд гэж. Эрчүүд нь нүүрсний хулгай гээд бид болохоор өвчин зовлон, хүчирхийлэлтэй нүүр тулна гэж үү.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: -Элэг бүтэн Монгол хөтөлбөрийг гишүүдийн хамт санаачилсан. I, II, III эмнэлгүүдэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь үнэ төлбөргүй хавдрын оношилгоо, үйлчилгээ хийх боломжийг бүрдүүлж ажилласан. Миний хувьд ХСҮТ-д ойр ойрхон очиж ажилладаг. Ойрын хугацаанд очиж ажиллахаар ажлын төлөвлөгөөндөө оруулсан. Манай улс хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд дээгүүрт орж, 40-50 насныхан буюу ид хийж бүтээх насандаа хавдраар өвчилж байна. ХСҮТ өнөөдөр ачааллаа дийлэхгүй, үйлчлүүлж буй иргэдийн дийлэнх нь хүүхэд, залуучууд байгаа нь аюулын харанга дэлдсэний илрэл юм. Жилд 120-130 хүүхэд хорт хавдраар оношлогдож байгаад ээж хүн, эмэгтэй хүний хувьд сэтгэл эмзэглэж явдаг. Миний хувьд хорт хавдартай холбоотой асуудлыг дан ганц Эрүүл мэндийн яам бус салбар бүрт цогцоор нь авч үзэж, УИХ-ын чуулганаар яаралтай хэлэлцэх шаардлагатай гэдгийг хөндсөөр ирсэн. Хорт хавдрыг эмчлүүлэхэд иргэдэд санхүүгийн бэрхшээл тулгарч, өрхийн орлогод хүндээр тусдаг. Тиймээс иргэд хорт хавдрын зургаан сарын эмчилгээнд 4-80 сая төгрөг зарцуулж байгаа энэ үед эрүүл мэндийн даатгалын санхүүжилт хамгийн гол нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй агаар, хөрсний бохирдол, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатай байна.