Categories
мэдээ нийгэм

Нийслэлд 83 километрийн урттай “Шинэ тойрог зам”-ыг 1 жилийн хугацаанд барина DNN.mn

Засгийн газраас гаргасан шийдвэрийг хүргэж байна.

Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Шинэ тойрог зам” төслийн Туул голын эрэг дагуух авто зам, замын байгууламж болон тус авто замыг Улаанбаатар-Хөшигийн хөндийн нисэх буудлын хурдны авто замтай холбох авто зам, замын байгууламжийг нэг жилийн дотор барьж байгуулахаар зохион байгуулж, зохих арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайдад, “Шинэ тойрог зам” төслийн хойд хэсгийг мөн хугацаанд барьж байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгажээ.

“Шинэ тойрог зам”-ын нийт урт 83 км байна. Урд хэсгийн авто зам нь 31 км, Баянзүрхийн товчоо орчмоос эхэлж Маршалын гүүр, Зайсангийн гүүр, Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүр, баруун аймаг салдаг тойрог уулзвар хүрнэ.

Хойд хэсгийн авто зам нь 52 км, Улаанбаатар-Дархан чиглэлийн замаас Орбит-Найрамдал чиглэлд салах уулзвар, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Цагаан даваа, Улиастайн авто замыг дайран Баянзүрхийн гүүр хүрэх юм.

Эх сурвалж: ЗГХМОНХА

Categories
мэдээ нийгэм

Б.Жавхлан: Гашуунсухайт боомтоор 86 компанийн 2,527 тээврийн хэрэгсэл олон удаагийн давтамжтай ачаагүй гэсэн бүртгэлээр гарсан DNN.mn

Нүүрсний хулгайн гэх хэргийн дуусашгүй “цаг тоолол” улс төртэй хэрхэн  холбогдох вэ? ~ Toim.mn: Tодорхой тоймлоно

Нүүрсний асуудлаар зохион байгуулж буй Ерөнхий хяналтын сонсголд Сангийн сайд Б.Жавхлан оролцож, мэдээлэл өглөө.

Тэрбээр “Манай улс 1995 оноос хойш 336 сая тонн нүүрс экспортолсон байна. Үүний 80 хувь нь 2011 оноос өдрийг хүртэлх экспорт байгаа юм. 336 сая тонн нүүрс экспортлоод 45.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон байна. Үүний 43.5 их наяд төгрөг буюу 95 хувь нь 2011 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд хамаарна. 10 их наяд төгрөгийн татвар авсан.

Нүүрсний экспорттой холбоотой асуудлыг таван бүлэгт хувааж байна.

  1. Тээвэртэй холбоотой далд эдийн засаг үүссэн. Өөрөөр хэлбэл, орлогоо нуун дарагдуулсан байж болзошгүй байгаа юм.
  2. Офтэйк гэрээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй болсон.
  3. Хилийн хяналтын байгууллагад бүртгэлгүй эсвэл хоосон тээврийн хэрэгслийн тоо хэмжээ зөрсөн.
  4. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшлийн талбай дээрээс 340 мянган тонн нүүрс зөөсөн зөрчил бий.
  5. Офтэйк гэрээ болон бүтээн байгуулалтын хэт өндөр үнэлгээтэй холбоотой асуудал бий.

2011-2022 оны хугацаанд татварын байгууллагаас нүүрсний 177 компанид 239 удаа татварын шалгалтыг хийсэн. Улмаар 1.6 их наяд төгрөгийн зөрчил илрүүлж, 295 тэрбум төгрөгийн акт тавьсан байна” гэлээ.

Түүнчлэн Гаалийн байгууллага 2013-2018 онд дотоод хяналт шалгалт хийж, дараах үйлдлийг илрүүлэн хуулийн байгууллагад шилжүүлжээ.

  1. Гэрээгүй болон гэрээнээс илүү тоо хэмжээгээр экспортын бүрдүүлэлт хийсэн. 21 компани гэрээнд заасан хэмжээнээс нэг сая тонн нүүрс илүү экспортолсон бол 12 компани эх үүсвэр нь тодорхойгүй, гэрээгүй 515 мянган тонн нүүрс экспортолсон байна.
  2. Улсын хилээр хоосон гэж бүртгэгдэж гарсан тээврийн хэрэгсэл бий. Гашуунсухайт боомтоор 86 компанийн 2,527 тээврийн хэрэгсэл олон удаагийн давтамжтай ачаагүй гэсэн бүртгэлээр гарчээ.
  3. Экспортын гаалийн бүрдүүлэлтгүй улсын хилээр гарсан байж болзошгүй тохиолдол гарчээ. Тухайлбал, 3,758 тээврийн хэрэгслээр нийт 379 мянган тонн экспортолсон гаалийн мэдүүлэг олдоогүй байгаа гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан юм.
Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“The Hu” хамтлагийн “This Is Mongol” дууны клип шилдгүүдийн нэгээр шалгарчээ DNN.mn

“The Hu” хамтлагийн “This Is Mongol” дууны клип дэлхийн алдартай “Metal Hammer” сэтгүүлээс гаргасан “2022 оны шилдэг 10 хөгжмийн видео”-ний нэг болжээ.

Мөн “Music.mxdwn.com” хөгжмийн онлайн сэтгүүлээс гаргасан 2022 оны “Жилийн шилдэг 40 дуу”-ны 19 дүгээр жагсаалтад орсон байна.

Монголын “The Hu” хамтлаг Франц Улсын нийслэл Парис хотод байдаг НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО-гийн хүндэт шагнал дэлхийн Энх тайвны албан ёсны элч хамтлаг болсон. Ийнхүү тэд дэлхийн рок хөгжмийн урсгалаас анхны хамтлаг, Азиас хоёр дахь хамтлаг болж байгаа билээ.

“The Hu” хамтлаг энэ жилийн сүүлийн аялан тоглолтоо хийхээр Европыг зорьсон. Тэдний Европ дахь аялан тоглолт өнгөрсөн аравдугаар сарын 26-наас эхэлсэн бөгөөд энэ оныг дуустал үргэлжлэх аж. Тус хамтлагийнхан 2023 оны зургаадугаар сарын 15-18-нд болох хүнд метал рок хөгжмийн “Hellfest” фестивальд оролцоно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сарын эхний хагаст 2.1 сая тн нүүрс экспортолжээ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг танилцууллаа.

Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Засгийн газрын хуралдаанд тогтмол танилцуулж буй.

Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны өдрийн тус тогтоол хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иуд энэ сарын 20-ны байдлаар Монголбанканд 567.9 сая ам.доллар худалдсан байна.
Хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн, Булган, Ханги, Замын-Үүд, Бичигт боомтоор энэ сарын эхний хагаст нийт 18,065 тээврийн хэрэгслээр 2.1 сая тн нүүрс экспортолжээ. Энэ сард өмнөх арваннэгдүгээр сарын өдрийн дундажтай харьцуулахад тээврийн хэрэгслийн тоо 15 хувиар, нүүрсний хэмжээ 9.5 хувиар өссөн.

Categories
мэдээ нийгэм

Г.Жавхлантөгс: Ирээдүйн нүүрсний хулгайгаас сэргийлэхийн тулд төрийн өмчит компаниудыг олон нийтийн өмчит болгох ажлыг яаравчлах шаардлагатай DNN.mn

Монгол дахь Амеркийн Худалдааны Танхимын Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгстэй ярилцлаа.


-Амеркийн худалдааны танхим 2022 онд Монгол Улсад ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэв. Энэ жилийн ахиц дүгнэлтээсээ эхлээд ярих уу?

-Монгол дахь Амеркийн худалдааны танхим энэ онд маш идэвхтэй үйл ажиллагаагаа явуулсан. Ялангуяа хууль эрх зүй, бодлогын шинэчлэлийн асуудлаар зорьж ажилласан. Манай танхим сар болгон бодлогын асуудлуудаар зорилтот уулзалтуудыг зохион байгуулдаг. Оны эхээр бид бодлогын хувьд баримтлах тэргүүлэх чиглэлүүд буюу зорилтуудаа гаргадаг. АмЧам Монголын Өсөлтөд хүргэх Замын зураг 2022 нь энэ жилийн турш манай бодлогын бүх үйл ажиллагааг чиглүүлсэн бөгөөд сар бүрийн уулзалтын сэдэв болон илтгэгчид энэхүү замын зурагт тусгагдсан гурван үндсэн зорилттой нягт уялдаатай байв.Энэхүү гурван зорилтын эхнийх нь хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийн сэргэлт болон өсөлтийг дэмжих байсан.Хоёрдугаарт, АНУ болон Монгол улсын хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бүс нутгийн харилцаа холбоо, түншлэлийг бэхжүүлэх, Гуравдугаарт, манайх гишүүддээ үйлчилдэг байгууллагын хувьд гишүүдийнхээ ашиг сонирхолд нийцсэн дэмжлэг үзүүлэх, тэдний брэндийг сурталчлан таниулах, тулгарч буй асуудал, бэрхшээлүүдийг шийдвэрлэх гэсэн чиглэлээр ажилласан. -Энэхүү олон үйл ажиллагаануудаас онцлоод дурдах ажлууд нь юу байна вэ?

-Нэгдүгээр сарынхаа уулзалтаар бид Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар нартай гадаад вальютын нөөцийн хомсдол, төлбөрийн тэнцлийг яаж хэрхэн шийдвэрлэх, хувийн хэвшлийн зүгээс ямар оролцоо байх вэ гэдэг асуудлуудыг хөндөж ярьсан. Хоёрдугаар сарын уулзалтаараа сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгтэй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар ярилцсан. Мөн АНУ-аас Монгол Улс руу шууд нислэг үйлдэх асуудлаар АНУ-ын элчин сайдын яамтай хэлэлцүүлэг өрнүүлсэн. Түүнийг бид анх 2018 онд зохион байгуулсан. Энэ онд дахин зохион байгууллаа. Цар тахлын улмаас нислэгийн аюулгүй байдлын ажилчдын сургалт нь хойшилсон нөхцөл байдалтай байгаа ч гэсэн АНУ, Монгол Улсын хоорон дахь худалдаа эдийн засгийн асуудлыг өргөжүүлэх гол нөхцөл нь шууд нислэгтэй болох ажил байгаа. Энэхүү хэлэлцүүлгийн үр дүнд хоёр улсын хооронд агаарын тээврийн хэлэлцээр эхэлчихсэн. Түүнчлэн сая 10 сард Ерөнхий сайд АНУ-Монгол Улсын хооронд агаарын тээврийн гэрээ хэлэлцээрт гарын үсгийг зурах эрхийг Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт сайдад өгсөн. Иймэрхүү бодьтой үр дүн гарсан байна. Түүнчлэн бид 2022 оны зургадугаар сарын 21-23-ны өдрүүдэд гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчид, Монгол дах АНУ-ын ЭСЯ-тай хамтран Doorknock 2022 айлчлалыг амжилттай зохион байгуулж, төлөөлөгчид Монгол Улсын Засгийн газрын төлөөлөл, төрийн дээд байгууллагуудтай уулзаж санал солилцлоо.АмЧам Монголын төлөөлөгчид Doorknock 2022 уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхсан бөгөөд Монгол Улсад ГШХО-ыг хэрхэн нэмэгдүүлэх талаар УИХ-ын даргын асуултад Жэймс Лиотта хариулахдаа “Хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдын амжилтын түүх нь Монгол Улсын хувьд хамгийн сайн PR болох тул хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийн хөгжлийг дэмжсэн хууль тогтоомжийн эко тогтолцоог бүрдүүлэх нь чухал ач холбогдолтой” гэж хэлсэн. Уулзалтуудаар хувийн хэвшил, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлууд, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх буюу нэмэгдүүлэх, бизнесиийн орчинг сайжруулах, эдийн засгаа сэргээх, хүнд суртлыг арилгах, эдгээр асуудлыг даван туулахад нэн даруй хийх ажлууд, хууль, эрх зүйн орчны шинэчлэлийн талаар санал солилцсон. Айлчлалын хүрээнд АмЧам Монгол “Эерэг өөрчлөлтийн гурван тулгуур” нэртэй баримт бичгийг танилцуулсан. Өөр нэг онцлох явдал бол манай “Мэдээлэл, харилцаа холбоо ба дижитал эдийн засгийн хороо” 2022 оны зургадугаар сарын 2-3-ны хооронд “Цахим эдийн засгийн хөгжлийг тодорхойлох нь, Вэб 3.0” сэдэвт олон улсын чуулганыг зохион байгуулсан бөгөөд блокчэйн болон дижитал технологиор тэргүүлэгч Polygon, DLA Piper, BCW Group, TOKO зэрэг глобал компаниудын хөрөнгө оруулагчид Монгол улсад анх удаагаа ирж, технологийн дэвшил бизнесийн салбарт хэрхэн өөрчлөлт авчирч буй тэргүүн туршлага, түүнийг оновчтой интеграцичлал хийх, хууль, эрхзүйн орчинг боловсронгуй болгох, технологийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд авч хэрэгжүүлэх алхмууд болон тэдгээрийг хөхүүлэн дэмжих эко-системийг бий болгох тухай сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ. Чуулганы үеэр Монголын шилдэг гарааны бизнесүүд төслүүдийн танилцуулга бүхий экспо ажиллаж, олон төрлийн технологийн шийдэл, токенжуулалт, блокчэйн технологийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд, ил тод хэлбэрээр хүргэж чадсан. Мөн бид аравдугаар сарын 18-ний өдөр “Түгжрэлийн эсрэг нийтээрээ” сэдэвт хэлэлцүүлгийг Түгжрэлийг бууруулах үндэсний хороо, Нийслэлийн Засаг даргын тамгын газар (НЗДТГ), Монголын авто дистрибьютерийн ассоциаци (MАДА) -тай хамтран зохион байгууллаа. Миний хувьд “Автомашины түгжрэлтэй холбоотой тулгамдсан асуудлууд, шийдлүүд ба олон улсын сайн жишгүүд” сэдвээр илтгэл толилуулсан бөгөөд НЗДТГ-аас боловсруулсан төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах төлөвлөгөө олон улсын зарим сайн жишгүүд дээр тулгуурласан байгаа боловч одоо гол нь энэхүү төлөвлөгөөг яаралтай хэрэгжүүлж, түгжрэлийг дорвитой бууруулах зоригтой алхмуудыг хийх шаардлагатай байгааг онцолсон.

-Хувийн хэвшлийг дэмжих чиглэлээр ямар ажлууд хийв?

-Бид дөрөвдүгээр сарын уулзалтаа “Хувийн хэвшил тэргүүлсэн эдийн засгийн сэргэлт ба хөгжлийг дэмжих нь” сэдвээр зохион байгууллаа.Хэлэлцүүлэгт оролцогчид бизнес дэх төрийн оролцоо их байгаа нь хувийн хэвшлийн өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж, хэцүү нөхцөл байдал бий болгож байгаа тул төрийн өмчийн оролцоог хумих шаардлагатай байгааг онцоллоо. Тийм учраас төрийн өмчийн компаниудыг олон нийтэд ил тод болгох, үүнтэй холбоотой маш их авилга хээл хахуулийн асуудал сөхөгдөж байна. Үүнийг шийдвэрлэх шаардлагатай байна.

-Яаж шийдвэрлэх вэ?

-Засгийн газар тодорхой хугацаанд төрийн өмчит зарим компаниудыг хувьчилах, олон нийтийн болгох бодитой төлөвлөгөөг гаргаж ажиллах шаардлагатай байна гэдгийг бид аль хоёрдугаар сард гаргаж тавьж байсан.

-Сүүлийн үед анхаарал хандуулахаас аргагүй нэгэн үйл явдал талбай дээр болж буй жагсаал шүү дээ. Та бүхний зүгээс үүнийг хэрхэн харж байна вэ?

-Бидний хувьд ард иргэдийнхээ нэгэн адил үнэхээр бухимдаж, бас УИХ, Засгийн газраас энэхүү нүүрсний хулгайтай холбоотой этгээдүүдтэй бүрэн хариуцлага тооцохыг шаардаж байна. Төрийн өмчит аж ахуйн нэгж гэдэг нэрийн цаана хяналт сул, ямар их авилга хээл хахууль явагддаг, ямар их хэмжээний хууль бус ажиллагаа явагддаг вэ гэдгийг харж болж байна шүү дээ. Тиймээс бид үүнийг эртнээс сануулаад хэлээд, тодорхой төлөвлөгөө гаргаж энэ үйл ажиллагааг хэрэгжүүлээрэй гэж хэлж байсан. Үүний үндсэн дээр өнөөдөр Тавантолгойг олон нийтийнх болгох IPO гаргах гэх мэт ажлууд хийгдээд явж байна. Цаашид аль болох хувийн хэвшлээ дэмжсэн эдийн засгийн тогтолцоог л бүрдүүлж чадах юм бол манай эдийн засаг хурдан сэргэж, тогворжих боломж бүрдэн хөгжинө гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхгүйгээр бүх зүйл төрөөс хамааралтай, төр өөрөө бүх зүйлд оролцоотой, төр нэг талдаа зохицуулагч, нөгөө талдаа өрсөлдөгчийн үүрэг гүйцэтгээд байдаг. Хувийн хэвшилтэйгээ төр нь өрсөлдөөд байхаар яаж хувийн хэвшил нь хөгжих вэ. Яаж ч өрсөлдсөн төр өөрийн компаниуддаа давуу эрх олгоод байдаг. Хамгийн сүүлийн жишээг харахад банкуудын IPO дээрээс шууд харагдаж байгаа. Хамгийн эхэнд өгсөн банкуудын IPОбиш Төрийн банкны IPO эхэлж гарсан шүү дээ. Авлига хээл хахуулийн асуудал ерөөсөө л төрийн өмчтэй холбоотой байгаад байна. Тиймээс ирээдүйн нүүрсний г.м. бүх төрлийн хулгайгаас сэргийлэхийн тулд төрийн өмчид компаниудыг олон нийтийн өмчит болгох ажлыг яаравчлах шаардлагатай байна.

Хууль эрх зүйн орчинд та бүхэн ямар арга хэмжээг авав?

-“Уул уурхайн долоо хоног 2022” чуулганыг дэмжин ажиллаж, “Mine-golia-г хэн үгүй хийсэн бэ” сэдвээр хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Манай танхимын тэргүүн асан Жэймс Лиотта Монгол хэрхэн Mine-golia буюу уул уурхайд түшиглэсэн орон болсон, 2011 онд дэлхийн хамгийн өндөр өсөлттэй эдийн засагтай болсон боловч ямар шалтгаануудын улмаас энэ өсөлтөө хадгалж чадалгүй, өнөөгийн байдалд хүрсэн талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Үүнээс үндэслээд Хөрөнгө оруулалтын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, АМНАТ-ийн хууль зэрэг хуулиудыг яаралтай шинэчлэх асуудлуудыг хөндсөн. Эдгээр хуулийн шинэчлэлүүд ирэх хаврын чуулганаар хэлэлцэгдэх байх. Хөрөнгө оруулагчдад ямар ч ээлгүй хуулиас болж монголоос хэчнээн хөрөнгө оруулагчид гарав. Яаралтай эдгээр хуулиудыг шинэчилж, олон улсын жишигт нийцсэн болгох, ингэснээр Монгол улсын бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах шаардлагатай байна.

-Та бүхэн 2022 онд маш олон ажлыг хийж хэрэгжүүлжээ. Тэгвэл 2023 оны зорилтоосоо товч дурдах уу?

-Түрүүн ярианыхаа эхэнд хэлсэн. Оны эхээр бодлогынхоо гол чиглэлийг тодорхойлдог гэж. 2023 онд бодлогынхоо гол чиглэл буюу өсөлтөд хүргэх замын зураг хэмээх бичиг баримт баталж гаргадаг. Үүгээрээ бид 2022 оныхоо үндсэн чиглэлүүдийг хэвээр нь хадгалъя. Асуудлууд гүйцэд шийдэгдээгүй байна. Цар тахалын дараахь эдийн засгаа сэргээе. Эдийн засаг сэргэх гол үндэс нь хувийн хэвшлээ дэмжиж байж, хувийн хэвшлээ сэргээж байж эдийн засаг сэргэнэ. Хувийн хэшлийн бизнесийн үйл ажиллагаа нь сайжраад тэр чинээгээрээ орлого ашиг нь нэмэгдээд, олон хүн ажиллуулаад, цалин олгоод байвал Засгийн газраас тавьсан тэр олон зорилтуудад хүрнэ. Ажилгүйдлийг бууруулах, халамжаас хөдөлмөрт шилжих, ажлын байр бий болгох гэх мэт тэр олон ажлуудыг төрийн өмчийн газрууд шийдэхгүй юм байна. Төр бүх зүйлд оролцохоор ямар үр дүнд хүрдэгийг бид өнөөдөр бодитоор харж байна. Тиймээс хувийн хэвшлээ дэмжихийн тулд ямар ажлуудыг хийх вэ гэдэг гарц гаргалгааг олж, үйл ажиллагааг явуулах нь зүйтэй. Энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн хооронд хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах, хуулинд тодорхой нэмэлт өөрчлөлтүүдийг оруулах шаардлагатай. Тухайлбал, Татварын багц хуулинд хөрөнгө оруулагчдыг үргээсэн хэд хэдэн заалтууд бий. Аж ахуйн нэгжийн албан татвар, НӨАТ-тай холбоотой таван үндсэн асуудал бий. Тэр дотор жишээ нь, хувьцаа шилжүүлсний татвар гэх 20 хувийн татвар ногдуулдаг. Энэ заалтаас болоод маш олон хөрөнгө оруулагчид Монголоос дайжиж байгаа. Бид бусад худалдаа, аж үйлдвэрийн танхимууд болон Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоцаци зэрэг байгууллагуудтай хамтран Татварын багц хуулиудад оруулах нэн шаардлагатай өөрчлөлтүүдийн санал, үндэслэл, дүгнэлтүүдийг Сангийн Сайд, Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Сайд болон УИХ-ын байнгын хороодуудад аравдугаар сарын 13-ны өдөр хүргүүлсэн. УИХ, Засгийн газрын зүгээс татварын багц хуулиудад эдгээр өөрчлөлтүүдийг яаралтай тусгаснаар Монгол улсын бизнес, хөрөнгө оруулалтын орчин сайжирч, ГШХО нэмэгдэнэ гэж АмЧам Монголын зүгээс үзэж байгаа бөгөөд энэ тал дээр бүхий л байдлаар хамтран ажиллахад бэлэн гэдгийг дахин илэрхийлж байна. Мөн АНУ-Монгол улсын хоорон дахь худалдааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, Монгол Улс руу орох валютын урсгалыг нэмэгдүүлэх ямар арга хэмжээ авч болох уу зэрэг дээр дуу хоолойгоо өргөж оролцъё гэж бодож байна. Цар тахлаас болж хойшилсон арга хэмжээнүүдээ, тухайлбал Олон улсын хөрөнгө оруулалтын форумыг ирэх онд зохион байгуулж, гадаадын хөрөнгө оруулагчдад Монгол Улсаа зөвөөр таниулах, бизнесийн төслүүдийг танилцуулахаар төлөвлөж байна.

-Америкийн худалдааны танхимд одоогоор хэдэн гишүүн байгууллага байгаа вэ. Цар тахлын дараа нэлээд олон хувийн хэвшил үүд хаалгаа барьсан тоо баримт бий. Тэдгээр компаниудын үйл ажиллагаа эргэн сэргэх боломж бий юү?

-Одоогоор манайх 75 гишүүн байгууллагатай үйл ажиллагаагаа явуулж байна. Цар тахлын дараа маш хүндрэлтэй байсан. Бид аль болохоор уян хатан хандаж, зарим нэг төлбөр тооцоог хойшлуулах байдлаар ажилласан. Түүний хүрээнд гишүүнчлэлээ хадгалаад, шинэ гишүүд нэмэгдсээр байгаа.Ирэх онд эдийн засаг сэргээд явах юм бол компаниуд маань өргөжинө гэж бодож байгаа. Эдийн засгийн хувьд эхний нэг, хоёрдугаар улиралд бондын эргэн төлөлтөөс хамаараад маш их хэмжээний төлөлт хийгдэх ёстой. Ирэх оны эдийн засгийн нөхцөл байдал таагүй харагдаад байгаа ч бидний хувьд чиглэлүүдээ зөв гаргаад ажиллавал эдийн засаг таатай хэмжээнд сэргэх болов уу гэсэн хүлээлт байгаа. Гэхдээ бодит байдал дээр ямар байхыг одоо хэлэхэд эрт байна.

Танай гишүүн байгууллага болсноор ямар давуу талуудтай, ямар боломжууд нээгдэх вэ?

-Манай гишүүн болохын тулд монгол компани 3000 ам.доллар, америк компани 4000 ам.долларын гишүүнчлэлийн татвар төлдөг. Гишүүн болсноор сар болгон бидний явуулдаг үйл ажиллагаанд оролцох боломжуудыг нээж өгдөг. Гишүүн болсноор тухайн компани үйл ажиллагаа бүрт тав хүртэлх ажилтнаа үнэгүй оролцуулах боломжтой. Чиглэл бүрээрээ компаниуд өөрсдийн төлөөллөө сонгоод явуулж болно. Мөн бид сар бүр гишүүн байгууллагууддаа зориулж үйл ажиллагаа явуулдаг. Тэрхүү үйл ажиллагаанд оролцоно. Компаниудын гол асуудал нь санхүүжилт, хөрөнгө оруулалтын асуудал байдаг. Түүнтэй холбоотой АНУ-ын Хөгжлийн санхүүжилтийн корпораци буюу DFC, АНУ-ын EXIM банк гэсэн байгууллагуудтай санхүүжилт олгох урт хугацааны бага хүүтэй бизнесийн хөрөнгө оруулах, зээл олгоход нь тусалж зуучилж өгдөг. Гишүүддээ АНУ-ын элчин сайдын яамтай хамтраад төслөө танилцуулах боломжуудыг олгодог. Дээр нь гишүүн байгууллагууддаа өдөр бүр Монгол Улсын эдийн засаг, улс төрийн хувьд юу болж өрнөж байгаа талаар англи хэл дээр мэдээллийг товч тодорхой явуулдаг. Долоо хоног бүр бодлогын асуудлаар хууль эрх зүйн орчинд ямар өөрчлөлт орж байна, цаашдаа ямар асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа мэдээллүүдийг гишүүддээ өгдөг.

Өөрөөр хэлбэл, гишүүдээ сүүлийн үеийн мэдээллээр байнга хангадаг гэсэн үг. Мөн гишүүддээ зориулж хувьчилсан бодлогын өмгөөллийг хийж өгдөг гэх мэтээр манай гишүүн байгууллагууд маш олон хөнгөлөлт, урамшуулал, үйл ажиллагаанд оролцох эрхтэй болдог. Жишээлбэл, энэ арванхоёрдугаар сарын эхээр манай танхим 11 жилийн ойн баяраа тэмдэглэх үеэрээ АмЧам Монголын компанийн нийгмийн хариуцлагын шагнал гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгуулж, дөрвөн компанийг хараат бус хөндлөнгийн шүүгчдийн хамтаар шалгаруулж, нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажлуудыг нь олон нийтэд таниулсан.

Categories
мэдээ нийгэм

Нэн шаардлагатай эмийг ЭМД-аас 100 хувь хөнгөлүүлж авах боломжтой DNN.mn

Эрүүл Мэндийн даатгал | Эрүүл Мэндийн даатгал

ЭМДEГ-ын удирдлагууд “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчидтэй цахимаар хуралдлаа.

Уулзалтын эхэнд ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн хэлэхдээ “ЭМДЕГ 2021 оноос Швейцарын Холбооны Улсын “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд даатгуулагчдыг санхүүгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг, хөхний хавдар, астма, хаван хөөх зэрэг 19 төрлийн гол нэрийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байгаа. Эдгээр эмийг орон даяар Новартисийн албан ёсны дистрибьютор, салбар 200 гаруй эмийн сангуудаар тэгш хүртээмжтэй хүргэж байна” гэв. Мөн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй ажлын явцын мэдээлэл сонсож, цаашид анхаарах асуудал 2023 онд хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.

Уулзалтад ЭМДEГ-ын удирдлагууд болон “Новартис Аккесс хөтөлбөр” -ийн Ази дахь төслийн дарга Шахзад Фурган, “Новартис Фарм”-ийн Монгол дахь бүсийн менежер М.Солонго, “Новартис Аккесс”-ийн төслийн менежер Д.Сувд-Эрдэнэ нар оролцлоо.

Categories
мэдээ цаг-үе

ШӨХТГ: Юнивишн ХХК үнэ тарифаа эцэслэн хянуулах хүртэл хэрэглэгч нэмэгдсэн төлбөрийг төлөх үүрэггүй DNN.mn

Univision

Юнивишн ХХК ХХЗХ-оор үнэ тарифаа эцэслэн хянуулах хүртэл хэрэглэгч нэмэгдсэн төлбөрийг төлөх үүрэггүй болохыг Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө газраас мэдэгдлээ.

Энэ тухай мэдээллийг албан ёсны цахим хуудсандаа нийтэлсэн байна.

“Иргэдээс ШӨХТГ-т ирүүлсэн Юнивишн ХХК нь хэрэглэгчдэд мэдээлэл өгөлгүй үнэ нэмсэн гэх гомдлыг хянаад хэрэглэгчдэд хангалттай мэдээлэл өгөөгүй гэх асуудалд нь ШӨХТГ-аас зөрчлийн хэрэг нээж, үнэ тарифаа хянуулаагүй нэмсэн асуудлыг нь харьяаллын дагуу Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсний хариуд ХХЗХ-оос дараах албан бичгийг ирүүлжээ.

Албан бичигт дурдсанаар ХХЗХ-оор хянуулж батлуулаагүй үнэ тарифыг хэрэглэгчдэд мөрдүүлэхгүй байх талаар Юнивишн ХХК-д мэдэгдсэн байна.

Тиймээс Юнивишн ХХК ХХЗХ-оор үнэ тарифаа эцэслэн хянуулах хүртэл хэрэглэгч нэмэгдсэн төлбөрийг төлөх үүрэггүй болно.

Өрсөлдөөний тухай хуулиар давамгай байдалтай болон зүй ёсны монопол ААН-үүдэд ШӨХТГ хяналт тавих зохицуулалттай ч 2016 онд хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр зохицуулалттай салбаруудын үнийг тухайн зохицуулах хороод нь өөрөө хянахаар өөрчлөн баталсан байдаг.

Иймд ШӨХТГ-аас өрсөлдөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг хүргүүлсэн бөгөөд 2016 онд орсон дээрх өөрчлөлтийг хасуулах саналыг тусгасан болно” гэжээ.

Categories
мэдээ цаг-үе

Нүүрсний хэргээр 15 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 73 хүнд таслан сэргийлэх арга хэмжээг авчээ DNN.mn

Өмнөх Ерөнхийлөгч, өнөөгийн УИХ-ын гишүүд багтсан 17 хүнийг “нүүрсний” гэх  хэрэгт шалгаж байгааг зарлав

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулж буй Ерөнхий хяналтын сонсголд Улсын ерөнхий прокурорын газрын төлөөлөл оролцож, Нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийн шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг хийлээ.

Прокурор байгууллага 2013 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой нийт 36 гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгасан байна. Хүлээн авч шалгасан байгууллагаар нь авч үзвэл, Авлигатай тэмцэх газар 32 гомдол мэдээлэл буюу 88.9 хувьд, Эрүүгийн цагдаагийн алба 4 гомдол мэдээлэл буюу 11.1 хувьд нь тус тус мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Нүүрстэй холбоотой гэмт хэргийн талаарх нийт гомдол мэдээллийн 5 буюу 13.9 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 31 буюу 86.1 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.

Өнгөрсөн хугацаанд нийт 32 хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулснаас 16 хэрэгт 72 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 8 хэргийг хааж шийдвэрлэсэн аж. Нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргүүдийг шалгаж шийдвэрлэх ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Улсын ерөнхий прокурорын газрын шийдвэрээр Авлигатай тэмцэх газар, Цагдаа, Тагнуулын байгууллагын мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнаас бүрдсэн хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. Энэ сарын 19-ний өдрийн байдлаар, нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой нийт 38 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсны 21 нь хэрэг бүртгэлтийн, 17 нь мөрдөн байцаалтын хэрэг юм. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нийт 38 хэргээс 2013 оны хоёр, 2015 оны нэг, 2017 оны хоёр, 2018 оны зургаа, 2019 оны нэг, 2020 оны зургаа, 2021 оны зургаа, 2022 оны 14 хэрэг ба хэрэг бүртгэлтэд нийт 21 хэрэг шалгагдаж, мөрдөн байцаалтын 17 хэрэгт нийт 76 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.

Нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргүүдэд хойшлуулшгүйгээр 15 хүнийг баривчилсан бөгөөд яллагдагчаар татагдан шалгагдаж буй 76 хүний 73-т нь хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээг авчээ. Үүнийг төрлөөр нь авч үзвэл, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 10, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 22, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 38, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 3 яллагдагч тус тус байна.

Мөрдөн байцаалт явуулсан нийт 17 хэргээс 23 хүнд холбогдох дөрвөн хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, одоо 53 хүнд холбогдох 13 хэргийг шалгаж байгаа юм. Нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэг дээр нийт 83 мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 12 прокурор хяналт тавин ажиллаж байна. Хамтарсан ажлын хэсгийн мөрдөгчид өнгөрсөн хугацаанд нийт 2871 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 139 үзлэг, 71 нэгжлэгийн ажиллагаа явуулж, 65549 хуудас цаасан суурьт баримтыг хураан авах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурор нийт 118 зөвшөөрөл олгосон аж

Categories
мэдээ нийгэм

Шинжлэх ухааны салбарт хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн дутмаг байна DNN.mn

БШУЯ, ШУА хамтран зохион байгуулж буй “Хүний нөөцийн удирдлага” сэдэвт сургалт өнөөдөр эхэллээ.

Сургалтыг шинжлэх ухааны салбарын хүний нөөцийн удирдлага болон менежментийн чадавхыг сайжруулах, судлаачдын чадавхыг дээшлүүлж, хүний нөөцийг хөгжүүлэн бэхжүүлэх, чадварлаг эрдэмтдийг бэлтгэх, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилтын хүрээнд зохион байгуулж буй юм.

Тус сургалтад шинжлэх ухааны салбарын Эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, байгууллагын удирдах ажилтан, захирал, ЭНБД нар, хүний нөөц хариуцсан нийт 90 орчим ажилтан, албан хаагч хамрагдаж байгаа юм.

Энэхүү сургалтад сууснаар мэргэжилтнүүд байгууллагын стратегийг хэрэгжүүлэхэд гадаад орчны өөрчлөлттэй уялдуулан хүний нөөцөө хэрхэн зөв удирдан манлайлах, байгууллагын хүний нөөцийг тасралтгүй бэлтгэх, мэдлэгийг зөв хуваарилах, ажлын байран дахь сургалт хөгжил, үнэлгээ, урамшуулал, төрийн албаны шинэчлэлийн систем, салбарын эрх зүй, төрийн албан хаагчийн ёс зүй, харилцааны сэтгэл зүй зэрэг мэдлэг мэдээллийг олж авах юм.

“Мэргэжлийн өндөр ур чадвартай мэдлэг боловсролтой ажилтан, албан хаагч нь тухайн байгууллагын хамгийн үнэ цэнтэй хүмүүн капитал бөгөөд, байгууллагын хөгжил, стратегийн зорилтын хэрэгжилт, хүний нөөцийн хангамжийг тасралтгүй сайжруулахад шийдвэрлэх үүрэгтэй. Тэгвэл шинжлэх ухааны салбарын хүний нөөцийн удирдлага, манлайлал, боловсон хүчний хангамж, ажлын байран дахь сурч хөгжих боломж буюу давтан сургах хэрэгцээ шаардлага их боловч энэ чиглэлийн сургалт, чадавхжуулах үйл ажиллагаа дутмаг байна. Төрийн албаны өөрчлөлт шинэчлэлийг даган Шинжлэх ухааны салбарын удирдах ажилтны менежмент, хүний нөөцийн удирдлага, манлайллын ур чадварыг дээшлүүлэх замаар байгууллагын хүний нөөцөө тасралтгүй хөгжүүлж байгууллагын стратеги зорилгыг хангах, байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан орон тоо, албан тушаал бий болгох хэрэгцээ, шаардлага тулгарч байна” гэдгийг зохион байгуулагчид тодотгов.

Сургалт гурван өдөр үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: “Шинэ тойрог зам” төслийн 83 км замыг нэг жилийн хугацаанд барьж байгуулна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арванхоёрдугаар сарын 21-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 17-нд Улаанбаатар хотын түгжрэл, төвлөрөл болон шинээр барьж байгуулах зам, замын байгууламжийн чиг (трасс)-ийн төлөвлөлттэй танилцсан. Тус арга хэмжээний дүнг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд хэлэлцүүлж дараах шийдвэрийг гаргалаа.

Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Шинэ тойрог зам” төслийн Туул голын эрэг дагуух авто зам, замын байгууламж болон тус авто замыг Улаанбаатар-Хөшигийн хөндийн нисэх буудлын хурдны авто замтай холбох автозам, замын байгууламжийг нэг жилийн дотор барьж байгуулахаар зохион байгуулж, зохих арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод, “Шинэ тойрог зам” төслийн хойд хэсгийг мөн хугацаанд барьж байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нарт тус тус даалгалаа.

“Шинэ тойрог зам”-ын нийт урт 83 км байна. Урд хэсгийн авто зам нь 31 км, Баянзүрхийн товчоо орчмоос эхэлж Маршалын гүүр, Зайсангийн гүүр, Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүр, баруун аймаг салдаг тойрог уулзвар хүрнэ. Хойд хэсгийн авто зам нь 52 км, Улаанбаатар-Дархан чиглэлийн замаас Орбит-Найрамдал чиглэлд салах уулзвар, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Цагаандаваа, Улиастайн авто замыг дайран Баянзүрхийн гүүр хүрэх юм.
Мөн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийг ирэх оны есдүгээр сараас өмнө бүрэн хийж дуусгаж, нийтийн тээврийн үйлчилгээнд үйлдвэрлэснээс хойш арваас дээш жил ашигласан тээврийн хэрэгслийг ашиглахгүй байх чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт үүрэг болгов.
“Богдхан төмөр зам” төслийг “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээр хариуцуулан гүйцэтгүүлэх, тус төмөр замын шугамыг ОХУ-тай эцэслэн тохирох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судалж, зохих арга хэмжээ авах, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахтай холбогдуулан боловсруулж байгаа хууль, тогтоомжийн төслийг холбогдох талуудад танилцуулах уулзалтыг ирэх оны нэгдүгээр сарын эхний хагаст багтаан зохион байгуулахыг холбогдох сайд нарт даалгав.