Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Шинжлэх ухааны олон улсын сэтгүүлд Монголын 4 бүтээл нийтлэгджээ DNN.mn

Дэлхийн шинжлэх ухааны мэдээллийн санд бүртгэлтэй шинжлэх ухааны олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд манай улсаас энэ онд 4 өгүүлэл нийтлэгджээ. Тодруулбал, “Web of Science” мэдээллийн санд бүртгэлтэй SSCI, SCI, AHCI индекстэй олон улсад нэр хүндтэй мэргэжлийн сэтгүүлүүдэд монгол эрдэмтэд ажлын бүтээлээ хэвлүүлснийг МУИС-иас танилцууллаа.

Манай улсаас 4 өгүүллийн нэгийг бие даасан байдлаар, гурвыг нь хамтран зохиогчоор хэвлүүлжээ. Өгүүллэгүүд нь агаарын болон хөрсний бохирдлын чиглэлээр, дэлхийн уур амьсгаын өөрчлөлттэй холбоотой судалгааны бүтээлүүд байна. Тухайн сэтгүүлүүд нь олон улсын чансаагаар тухайн салбартаа тэргүүлэгч зиндааны, бүрэн нээлттэй болон өндөр төлбөртэй, эрэлт ихтэй, ихэнх нь хэвлэмэл болон цахим сэтгүүлүүд байгааг МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч профессор Д.Бадарч тодотгож байна.

Тэрбээр, “Манай эрдэмтэн, багш нарын бүтээл олон улсад хэвлэгдэн гарч буй нь дэлхий биднийг илүү сонирхон үнэлж эхэлж байгаагийн нэг том илрэл болж, мэргэжилтнүүд үнэлж буй”-г хэллээ.

МУИС-д 660 орчим эрдэмтэн багш ажиллдаг. Тэдгээрийн 130-ынх нь эрдэм шинжилгээний бүтээл олон улсын шинжлэх ухааны томоохон сэтгүүлүүдэд хэвлэгдээд байна. Нийтлэл бүтээлүүдийг салбараар авч үзвэл хүрээлэн буй орчин, экологи, математик, инженерчлэл, хими, ургамал судлал, геологи, копьютерийн шинжлэх ухаан, биологийн олон янз байдлыг хамгаалах зэрэг чиглэлээр хамгийн олон өгүүлэл хэвлэгджээ.

Энэ нь сургууль дотоод дүрэмдээ багш нараа олон улсад бүтээлээ нийтлүүлэхийг тусгах болсон, хоёрт, сургуулийн удирдлага багш нарын бүтээлээ урамшуулдагтай холбоотой хэмээн МУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерийн тэнхимийн эрхлэгч н.Сономдагва тайлбарлаж байна.

Categories
мэдээ нийгэм

Узбекистан улс Монголоос импортлох махны хэмжээгээ нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ DNN.mn

Махны хэрэглээ зохистой хэмжээнээс 2.6 дахин их байна гэв

Узбекистан улс Монгол Улсаас 2022 оны эхний аравдугаар сарын байдлаар 500 тонн мах, дайвар бүтээгдэхүүн импортолжээ. Цаашид энэхүү тоо хэмжээг эрс нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа хоёр улсын ХХААХҮЯ болон мал эмнэлгийн байгууллагын удирдлагууд цахим уулзалт хийх үеэрээ илэрхийлжээ.

Энэ сард Узбекистаны талаас мах, махан бүтээгдэхүүн импортлох зөвшөөрлийг Монголын 9 аж ахуйн нэгжид олгосноор тус улсад экспорт хийх боломжтой аж ахуйн нэгжийн тоо 26 болсон байна.

Тус улс хамтарсан аж ахуй байгуулах замаар махны импортыг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд баруун гурван аймгийн “Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс”-д хамтран ажиллах нь үр дүнтэй гэж талууд үзэв.

Сайн чанарын жимс, жимсгэнэ, нарийн ногоо Монгол Улсад нийлүүлэх боломжтой. Урьдчилсан байдлаар зах зээлийн судалгаа хийсний үр дүнд үнийн хувьд өрсөлдөхүйц байж чадах дүгнэлт гарсан тухай айлын тал мэдээлжээ.

Манай улсын аж ахуйн нэгжүүд сүүлийн жилүүдэд нядалгааны “Халал” стандартыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж байгаа нь Узбекистан, Казахстан Иран, Азербайжан зэрэг улсад мах нийлүүлэх боломжийг бий болгож байгаа аж.

Categories
гадаад мэдээ

Иранд хагас мянга орчим хүн амиа алджээ DNN.mn

Иранд есдүгээр сарын дунд үеэс эсэргүүцлийн жагсаал өрнөж эхэлснээс хойш 500 гаруй хүн амиа алдсан гэж АНУ-д төвтэй “HRANA” хүний эрхийг хамгаалах байгууллага мэдээлжээ.Тус байгууллагын мэдээллээр, амиа алдсан хүмүүсийн 69 нь 18-оос доош насныхан байсан бөгөөд 18400 гаруй хүн баривчлагдсан байна.

Өнгөрсөн ням гарагт эсэргүүцлийн жагсаалд үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүд оролцсоны дунд гал сөнөөгчид, Табриз хот дахь цементийн үйлдвэрийн ажилчид байжээ.Үүнээс гадна жагсагчдыг дэмжиж буйгаа илэрхийлсэн алдарт жүжигчин эмэгтэй Таране Алидустийг баривчлагдсан явдлыг эсэргүүцсэн жагсаал Техран хотын “Эвин” шоронгийн гадна өрнөсөн байна.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

АТГ: Эрүүл мэндийн салбар дахь дүрэм журам, тушаал шийдвэрүүдэд хяналт шалгалт хийж байна DNN.mn

АТГ 15 ЖИЛИЙН УЛС ТӨРИЙН СОРИЛТОО БАРАГ ДАВЛАА | Авлигатай тэмцэх газар

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 12 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд эрүүл мэндийн салбарт ажиллах удирдамжийн хүрээнд Улсын төв нэгдүгээр эмнэлэг, Хүүхдийн төв сувилалд авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, төсвийн зарцуулалт, худалдан авах үйл ажиллагаа, дүрэм журам, тушаал шийдвэрийн хэрэгжилт, өргөдөл гомдлын шийдвэрлэлт, ёс зүйн салбар хорооны үйл ажиллагаатай холбоотой бичиг баримтуудад хяналт шалгалт хийж ажиллав.

Өнгөрсөн долоо хоногт авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, хууль тогтоомжийг таниулан сурталчлах 3 удаагийн сургалтыг зохион байгуулж, нийт 387 иргэн, албан тушаалтныг хамрууллаа.

Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасан “Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх, авлигад өртөх боломжийг багасгах талаар Зөвлөмж боловсруулах” үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд 2022 онд төрийн байгууллага, албан тушаалтанд нийт 47 зөвлөмж хүргүүлсэн байх бөгөөд энэ нь 2021 онтой харьцуулахад 4.7 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Categories
мэдээ нийгэм

Ботгоны урамшуулалд 97.7 сая төгрөг олгов DNN.mn

Өмнөговь аймаг тэмээн сүргээ өсгөн үржүүлэх, ашиг шим, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр “Ботгоны мөнгө” олгодог.

2022 онд 2330 малчин өрхийн 19552 ботгонд 97,760,000 төгрөг олголоо. Ингэ нь өнжиж төллөдөг бөгөөд уг урамшуулалд төрсөн тоогоор бус эсэн мэнд бойжсон ботго хамрагддаг. Ингэхдээ нэг ботгонд 5000 төгрөг олгодог юм.

Түүчлэн “Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд гавилууд хонь, цогт-овоогийн улаан ямааг овог болгон баталгаажуулж, удам залгасан 30 малчин өрхөд таван ханатай гэр гардуулж, хөдөө аж ахуйн салбарт дутагдалтай мэргэжлээр сурч буй оюутан залуусыг тэтгэлэгт хамруулжээ.

Categories
мэдээ цаг-үе

Балчир гурван ес эхэллээ DNN.mn

Монголчууд өвлийн улирлын оргил хүйтний үеийг есөн ес 81 хоногоор тооцдог уламжлалтай. Сарны зурхайн ёсны 24 улирлын нэг, өвлийн туйл нар буцах өдрөөс эхлэн 81 хоногийг нялх гурав, идэр гурав, хөгшин гурав гэж хуваадаг. Ес, ес хоногоор тоолж, 81 хоногийн ард гарч монголчууд хаврын улиралтай золгодог билээ.

  • 1 ес, нэг есөд нэрмэл архи хөлдөнө /үргэлжлэх хугацаа 12 сарын 22 – 12 сарын 30 хүртэл/
  • 2 ес, хоёр есөд хорз архи хөлдөнө /үргэлжлэх хугацаа 12 сарын 31- 01 сарын 08 хүртэл/
  • 3 ес, гурван есөд гунан үхрийн эвэр хуга хөлдөнө /үргэлжлэх хугацаа 01 сарын 09 – 01 сарын 17 хүртэл/
  • 4 ес, дөрвөн есөд дөнөн үхрийн эвэр хуга хөлдөнө /үргэлжлэх хугацаа 01 сарын 18 – 01 сарын 26 хүртэл/
  • 5 ес, таван есөд тавьсан будаа хөлдөхгүй /үргэлжлэх хугацаа 01 сарын 27 – 02 сарын 04 хүртэл/
  • 6 ес, зургаан есөд зурайсан зам гарна /үргэлжлэх хугацаа 02 сарын 05 – 02 сарын 13 хүртэл/
  • 7 ес, долоон есөд довын толгой борлоно /үргэлжлэх хугацаа 02 сарын 14 – 02 сарын 22 хүртэл/
  • 8 ес, найман есөд нал шал болно /үргэлжлэх хугацаа 02 сарын 23 – 03 сарын 03 хүртэл/
  • 9 ес, есөн есөд ердийн дулаан болно /үргэлжлэх хугацаа 03 сарын 04 – 03 сарын 12 хүртэл/


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өвлийг шүд зуугаад давлаа гэхэд дараа нь хаврыг яаж туулна даа” гэх малчид олон байна DNN.mn

-АЛТАЙ, БУЛГАН, ҮЕНЧ СУМДАД 40-60 САНТИМЕТРИЙН ЗУЗААН ЦАСТАЙ, ЗУД БОЛЖ БАЙНА –


Хамгийн урт шөнө, хамгийн богино өдөр өнөөдөр тохиож байна. Маргаашнаас нар эргэж, цаг наашлах боловч малчдын хувьд одоо л өвлийн ид ажил эхэлж байгаа билээ. Өнгөрсөн зун гантай байсан аймгуудад өвөлжилт хүндэрч болзошгүй хэмээн албаныхан мэдээлж, анхааруулж байсан. Тухайлбал, ган гачгийн эрсдэл өндөр байгаа 10 аймагт эрсдэлийн үнэлгээ хийсэн байдаг. Үүнд, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Ховд аймгийн нутгаар бэлчээрийн ургац муу, гандуу, өвөлжилт хүндрэх эрсдэл өндөр гэж гарсан. Тэгвэл дээрх аймгуудад яг одооноос эхлээд өвөлжилт хүндэрч эхэллээ. Тэр дундаа баруун аймгуудын нутгаар өвөлжилт сайнгүй байгаа юм. Тиймээс өвөлжилт хүндэрч буй Ховд аймгийн иргэд, малчидтай холбогдож, нөхцөл байдлын талаар сурвалжиллаа.

Ховд аймгийн Алтай, Булган, Үенч суманд олон хоног дараалан цас орсны улмаас өвөлжилт хүндэрч эхэлжээ. Угтаа өнгөрсөн намар бусад сумдаасаа илүү өвсний гарц сайтай, ган багатай байсан. Зэргэлдээ сумдын малчид дээрх сумдын нутгаар оторлож, зарим нь хадлан, тэжээлээ бэлтгэж байж. Гэтэл өвлийн эхэн сар гараад өдийг хүртэл өдөр болгон цас орж, хүйтэрсэн учир ийнхүү өвөлжилт хүндэрч, зуд болж байгаа аж. Цасны зузаан одоогийн байдлаар дунджаар 40 гаруй сантиметрийн зузаантай байгаа бол зарим хэсгээрээ 60 орчим сантиметр болсон байна. Цасны зузаан цаашид нэмэгдэх хандлагатай байгаа нь гамшгийн хэмжээнд хүрч болзошгүйг албаныхан анхааруулжээ.

Ховд аймгийн Алтай сумын малчин Ө.Баяртогтох: -Манай суманд өвөлжилт хүндхэн л байна. Цас их орлоо, хүйтэн байна. Цас их дарсан учраас мал бэлчээрт гараад зулгаах өвсгүй боллоо. Тиймээс малчид бид муу, багахан шиг малаа ялган тэжээж байна. Манай нутагт ирсэн бусад сумдын отрын малчид буцаад нутаг руугаа явсан. Цаашид цас хаяж, цасны зузаан нэмэгдсээр байвал бид яах юм, бүү мэд. Энэ өвөл ч ёстой хэцүүхэн л болох шинжтэй байна шүү. Алтай, Булган, Үенч сумдаар цас ихтэй, зуд болж эхэлсэн. Харин Чандмань, Дарви, Зэрэг сумдын нутгаар цас багатай ч өвсний гарц муу учир багахан цас орсон ч зуд болчихоод байгааг малчид ярьж байна.

Ховд аймгийн Чандмань сумын малчин Т.Ганхуяг: -Энэ жил өвөлжилт хэцүүхэн байна.

Манай нутгаар цас багатай л байна, бусад сумтай харьцуулахад. Гэхдээ орсон жаахан цас нь гарсан өвсөө дарчихсан. Тиймээс бог малын бэлчээргүй л болчихоод байна. Манай мал бэлчээрт гарсан ч холгүйхэн яваад хэвтчихдэг болсон. Учир нь идэх өвс нь багахан орсон цасан дор дарагдчихаад байгаа юм. Бага зэрэг шуурчихвал ч уг нь бог зулгаах өвс гараад ирнэ. Гэхдээ л өвс тун тааруу, бараг байхгүй гэж хэлж болохоор л байна. Энэ долоо хоногийн эхээр энд айхавтар хүйтэн байлаа. Утасны цаг агаар хэмжигч хасах 35 хэмийг тогтмол заалаа шүү дээ. Тэгэхээр шөнөдөө бол бүр айхавтар хүйтэн хонож байгаа гэсэн үг. Тиймээс тамиргүй, тарга муутай мал ганц нэг үрэгдээд эхэлж л байна. Он гараад нэлээн хүйтэрч, цаг агаар эвгүйтэх юм гэсэн. Ирэх нэгдүгээр сарыг давчихвал ч цаг гайгүй уярах байх гэж санаж байна. Гэвч хаврын хавсаргыг яаж давна даа л гэж зовж сууна. Манай энд бол мал идэх өвс үнэндээ алга байна.

Чандмань, Дарви, Зэрэг, Манхан сумын нутгаар цас багатай ч өвсгүй байгаагаас болоод хар зуд тохиож байна гэж тус сумдын малчид ярьж байна. Эдгээр сумдад нэг боодол өвс 12-16, заримдаа 20 мянган төгрөг хүрчээ. Түүнээс гадна гантай байснаас болоод дээрх сумдын мал гүйцэд тарга авч чадаагүй байна. Үүнээс болоод малчид малаа олноор нь гаргахгүй, ганц нэг өөрсдийнхөө идэшний хэрэгцээнд зориулж л гаргаж байгаа гэв. Энэ талаар Ховд аймгийн Дарви сумын малчин Б.Хайдав “Малын үнэ энэ жил ёстой муу байна. Өмнө ингэж мал үнэгүйдсэн тохиолдол гарсан бил үү, мэдэхгүй. Малчид малаа нядлаад заръя гэсэн ч мах нь туранхай учир жин дарахгүй байна. Үүнээс болоод бөөнөөр нь нядалж, эдийн засгийн эргэлтэд оруулах сонирхолтой малчид ховор байгаа юм” гэлээ.

МАЛЫНХАА ТООНД БУС ЧАНАРТ НЬ АНХААРСАН МАЛЧИД ЗУД, ХЯМРАЛЫГ ЗОВОХ ЗҮЙЛГҮЙ ТУУЛЖ БАЙНА ГЭВ

Баруун аймгуудад өвөлжилт хүндрэх учраас малчдыг малаа зуданд үхүүлж байхаар нядлаад эдийн засгийн эргэлтэд оруул гэж албаныхан анхааруулж байсан. Гэвч малын тарга муу учраас махыг нь эдийн засгийн эргэлтэд оруулсан ч олигтой орлого олохгүй гэж малчид үзэж буй аж. Нөгөөтэйгүүр сум орон нутгийн зүгээс малчдын нөхцөл байдлыг ойлгож, малын махыг үнэд оруулах, худалдан борлуулах боломжийг гаргаж өгөх ёстой. Малчдад махыг нь зарах зах зээлийг нь зуучилж өгөх үүрэгтэй аж. Гэвч энэхүү үүргээ хэрэгжүүлэхгүй, малчдын төлөө ажиллахгүй байгааг сум орон нутгийн малчид, иргэд шүүмжлэлтэй хандаж байна.

Энэ талаар Ховд аймгийн Чандмань сумын иргэн Д.Дамба: -Өвөлжилт хүндхэн болохыг хэн бүхэн л мэдэж байсан. Тиймээс энэ өвлийг хэрхэн эрсдэлгүй давах вэ гэдгээ дор бүрнээ хайсан. Малчид малаа зарчихна гэж бодсон. Гэвч малын үнэ хямдхан дээр нь мал туранхай байгаа нь асуудал болж байна. Түүнээс гадна малыг нь борлуулах, зах зээл, эрэлтийг нь бий болгож өгөх ёстой албаныхан ажлаа хийхгүй, асуудалд хөшүүн хандаж байгаа нь өөр нэг онцлох асуудал болоод байгаа юм. Отрын асуудлыг ч сум орон нутаг, аймгийн хэмжээнд зохицуулчихаж болохоор. Гэтэл энэ чигийн асуудлыг шийдвэрлэх төрийн бодлого дутаж байна. Тэд сэтгэл гаргаж ард түмнийхээ төлөө ажиллахгүй байгаа нь малчдад болоод орон нутгийн иргэдэд энэ өвлийг давахад давхар нөлөө үзүүлж байна гэж хэлмээр байна. Нөгөөтэйгүүр өнгөрсөн жилүүдэд малын үнэ ханш боломжийн сайн байсан. Зарим үед малын үнэ тэнгэрт тултлаа өссөн. Малчид малаа байнга л үнэтэй байна гэж буруу боддог. Малын үнэ заримдаа өснө, заримдаа буурна. Тогтмол сайн байна гэсэн зүйл байхгүй. Манайхан нэг жил махны үнэ өндөр байхаар л дараа жилээс нь малаа эрчимтэй өсгөж эхэлдэг. Энэ бол малчдын алдаа. Жил бүр тогтмол малаа сэлгээж, тоог нь хэтрүүлэлгүй эдийн засгийн эргэлтэд оруулж байх учиртай. Олон мал маллалаа гээд амьдрал сайжрахгүй. Цөөн мал маллалаа гээд амьдрал муудчихгүй шүү дээ. Малын ашиг шим тоондоо бус малчдын өөрсдийнх нь ухаанд байдаг. Тиймээс аль болох эрчимжсэн мал аж ахуйг өөрсдөдөө нэвтрүүлэх хэрэгтэй. Одоо зуд болж байна. Малаа эртхэн зарж, тоо толгойд нь анхаарсан, малынхаа тоонд бус чанарт анхаарсан хэрсүү малчид одоо зовох юмгүй сайхан амьдарч байна. Харин илүүг харж, бусдаас илүү олон малтай болох гэсэн хүмүүс одоо малынхаа боол болоод зовж байна. Тиймээс цаашид манай малчид малынхаа тоонд бус чанарт нь түлхүү анхаарч, аливаа байгаль цаг уурын эрсдэл, эдийн засгийн ашиг тус, тооцооллоо бодож малаа өсгөх, хариулах асуудлаа бодох ёстой юм болов уу гэж ойлгож байгаа.

ОРОН НУТАГТ ДИЗЕЛЬ ТҮЛШ 4450-4500 ТӨГРӨГ БАЙГАА Ч НӨӨЦ ТАСАЛДАЛТАЙ БАЙНА ГЭВ

Хөдөө, орон нутгийн иргэдэд бензин, шатахуун амьжиргаанд нь чухал нөлөөтэй байдаг. Тэр утгаараа нийслэлд ховордоод байгаа шатахууны нөөц, эрэлт, нийлүүлэлт орон нутагт ямар байгааг тодрууллаа. Ховд аймгийн Чандмань суманд бензин АИ-92 2400 төгрөг, харин дизель түлш 4450-4500 төгрөгийн ханштай байна гэв. Өнгөрсөн сараас эхлээд дизель түлш ховордож, заримдаа 2-4 хоног ирээгүй тасарсан тохиолдол ч гарсан аж. Харин сүүлийн үед нөөц тогтворжиж байгаа боловч үнэ нь өмнөхөөсөө нэмэгдсэн талаар нутгийн иргэд хэллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ: Дархан арьс ширний цогцолборын үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсоно DNN.mn

УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулган цахимаар хуралдаж эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Дархан арьс ширний цогцолборын үйл ажиллагааны талаар” тавьсан асуулгын хариуг сонсоно.

Categories
мэдээ цаг-үе

Нүүрсний хэрэгт нийт 2871 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 65549 хуудас баримтыг хураан авчээ DNN.mn

УРД ХИЛЭЭР “УРАГШИЛСАН” ГЭХ ХУЛГАЙН НҮҮРСНИЙ ХЭРГҮҮД ХААНА ЗАМХАРСАН БЭ

“Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” ерөнхий хяналтын сонсголд Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Баянжаргал танилцуулга хийв.

Тэрбээр “Прокурорын хяналтад 2013 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой нийт 36 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл шалгагдсан. Тэдгээрийн 32-т нь Авлигатай тэмцэх газар, дөрөвт нь Эрүүгийн цагдаагийн алба мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд тавд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзжээ. Хэрэг бүртгэлтийн шатанд эдгээрийн 16 хэрэгт 72 хүнийг яллагдагчаар татаж, 8 хэргийг хаасан байна.

Өчигдрийн буюу 12 дугаар сарын 19-ний байдлаар нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой нийт 39 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсны 22 нь хэрэг бүртгэлтийн, 17 нь мөрдөн байцаалтын хэрэг байна. Эдгээр хэрэгт нийт 76 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаны 73-т нь хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд хойшлуулшгүйгээр 15 хүнийг баривчилсан байна. Мөрдөн байцаалт явуулсан 17 хэргээс 23 хүнд холбогдох 4 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, одоо 53 хүнд холбогдох 13 хэргийг шалгаж байгаа ажээ.

Нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргүүдэд 83 мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 12 прокурор хяналт тавин ажиллаж байна. Шалгаж шийдвэрлэх ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Улсын ерөнхий прокурорын газрын шийдвэрээр Авлигатай тэмцэх газар, Цагдаа, Тагнуулын байгууллагын мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнаас бүрдсэн хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Тус хамтарсан ажлын хэсгийн мөрдөгчид өнгөрсөн хугацаанд нийт 2871 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 139 үзлэг, 71 нэгжпэгийн ажиллагаа явуулж, 65549 хуудас цаасан суурьт баримтыг хураан авах зэрэг ажиллагааг явуулжээ. Мөн дээр өгүүлсэн 39 хэргийн татгалзсан, хэрэгсэхгүй болгосон, хаасан хэргүүдийг сэргээгээд байна” гэв.

Categories
мэдээ цаг-үе

Нийтийн тээврийн парк шинэчлэлийг ирэх оны есдүгээр сараас өмнө бүрэн хийж дуусгахаар боллоо DNN.mn

Улаанбаатар хот

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арванхоёрдугаар сарын 21-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тодруулбал, хуралдаанаар Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийг ирэх оны есдүгээр сараас өмнө бүрэн хийж дуусгаж, нийтийн тээврийн үйлчилгээнд үйлдвэрлэснээс хойш арваас дээш жил ашигласан тээврийн хэрэгслийг ашиглахгүй байх чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт үүрэг болголоо.
“Шинэ тойрог зам” төслийн 83 км замыг нэг жилийн хугацаанд барьж байгуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 17-нд Улаанбаатар хотын түгжрэл, төвлөрөл болон шинээр барьж байгуулах зам, замын байгууламжийн чиг (трасс)-ийн төлөвлөлттэй танилцсан. Тус арга хэмжээний дүнг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд хэлэлцүүлж дараах шийдвэрийг гаргалаа.
Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Шинэ тойрог зам” төслийн Туул голын эрэг дагуух авто зам, замын байгууламж болон тус авто замыг Улаанбаатар-Хөшигийн хөндийн нисэх буудлын хурдны авто замтай холбох автозам, замын байгууламжийг нэг жилийн дотор барьж байгуулахаар зохион байгуулж, зохих арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод, “Шинэ тойрог зам” төслийн хойд хэсгийг мөн хугацаанд барьж байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нарт тус тус даалгалаа.
“Шинэ тойрог зам”-ын нийт урт 83 км байна. Урд хэсгийн авто зам нь 31 км, Баянзүрхийн товчоо орчмоос эхэлж Маршалын гүүр, Зайсангийн гүүр, Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүр, баруун аймаг салдаг тойрог уулзвар хүрнэ. Хойд хэсгийн авто зам нь 52 км, Улаанбаатар-Дархан чиглэлийн замаас Орбит-Найрамдал чиглэлд салах уулзвар, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Цагаандаваа, Улиастайн авто замыг дайран Баянзүрхийн гүүр хүрэх юм.
“Богдхан төмөр зам” төслийг “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээр хариуцуулан гүйцэтгүүлэх, тус төмөр замын шугамыг ОХУ-тай эцэслэн тохирох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судалж, зохих арга хэмжээ авах, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахтай холбогдуулан боловсруулж байгаа хууль, тогтоомжийн төслийг холбогдох талуудад танилцуулах уулзалтыг ирэх оны нэгдүгээр сарын эхний хагаст багтаан зохион байгуулахыг холбогдох сайд нарт даалгав.

Олон улсын санхүүгийн төв байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын хүрээнд Олон улсын санхүүгийн төв байгуулах эрх зүйн орчны талаар Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан Олон улсын санхүүгийн төв байгуулах тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
Олон улсын санхүүгийн төвийг Хөшигийн хөндийн чөлөөт бүсийн бүрэлдэхүүн хэсэгт байгуулж, дотоодын хөгжлийн томоохон төслүүдийн хөрөнгө оруулалт, санхүүжилтын хэрэгцээг хангах бие даасан тусгай зохицуулалт бүхий төв болгон хөгжүүлэх боломж байна гэж үзэж байна.

Энэ сарын эхний хагаст 2.1 сая тн нүүрс экспортолжээ
Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Засгийн газрын хуралдаанд тогтмол танилцуулж буй.
Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны өдрийн тус тогтоол хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иуд энэ сарын 20-ны байдлаар Монголбанканд 567.9 сая ам.доллар худалдсан байна.
Хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн, Булган, Ханги, Замын-Үүд, Бичигт боомтоор энэ сарын эхний хагаст нийт 18,065 тээврийн хэрэгслээр 2.1 сая тн нүүрс экспортолжээ. Энэ сард өмнөх арваннэгдүгээр сарын өдрийн дундажтай харьцуулахад тээврийн хэрэгслийн тоо 15 хувиар, нүүрсний хэмжээ 9.5 хувиар өссөн.