Эдийн засагч Р.Даваадоржтой ярилцлаа.
-УИХ-аас нүүрсний хулгайн асуудлаар иргэдийн дунд нээлттэй сонсгол зохион байгууллаа. Нээлттэй сонсголын үйл явцыг та хэрхэн дүгнэж байна?
-Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос 2022 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан “Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” ерөнхий хяналтын сонсгол эхнээсээ бужигнаантай эхэлсэн. Тус сонсголд оролцохоор ирсэн иргэд бухимдаж “Сонсголд оролцогчдыг хэд хэдэн танхимд хуваасан”, “Дарга нар нэг өрөөнд цугларсан”, “Иргэдийн оролцоог огт хангасангүй” гэх зэргээр тус арга хэмжээний зохион байгуулалттай холбоотой шүүмжлэл гарсан тул хэсэг завсарлаад 13:00 цагт Төрийн ордны Их танхимд эхэлсэн.
Ийм сонсгол урьд өмнө ганц хоёр удаа хийсэн төдий болохоор одоохондоо хүссэн үр дүн авчирч чадсангүй. Хэвлэл мэдээллээр явж буй мэдээллийн хүрээнд л бужигнаад өнгөрлөө. Эрх баригчид нь иргэдээ сонссон дүр эсгэсэн, ямар ч ач холбогдолгүй шахам сонсгол болсон гэж дүгнэж байна. Учир нь УИХ-ын гишүүдээс цөөн хүн оролцсон. Монгол Улсын түүхэнд байгаагүй данхар төрөөс хэдхэн сайд, тэр бүү хэл, төрийн агентлагуудынх нь дарга нар үзэгдсэн болоод газар, хэлтсийн даргаа үлдээгээд явсан. Тиймээс сонсголд оролцсон хүмүүсийн асуулт хариултгүй үлдэж байна лээ. Эрх баригчдын зүгээс өгч буй хариулт ч бүрхэг, хоёрдмол утга санаатай, тэр бүү хэл басамжилсан, дорд үзсэн өнгө аяс нэвт ханхалж байсныг нуугаад яахав.
-Сонсголд талуудын оролцоог бүрэн хангаж чадав уу?
-Тус сонсголын зохион байгуулалтыг хариуцсан УИХ-ын тамгын газрын албан хаагчид бүх оролцоог хангахын төлөө ажилласан нь анзаарагдаж байсан. Гэвч жагсагчдын зүгээс тэс өөр байр суурь илэрхийлж байгаа харагдсан. Миний хувьд “Бодь-Интернэшнл” ХХК болон М-Си-Эс группийн удирдлагаас илтгэл тавихыг хүлээж байсан. Харамсалтай нь ийм илтгэл тавигдсангүй. Нөгөө л эрх баригчдын улиг болсон хэдэн тоо баримт ярьж, “нүүрсний хулгай” гэх асуудлаа тойрч “давхисан”, тодорхой ямар нэгэн шийдэлд хүрэх нь бүү хэл тус асуудлыг нийтэд ойлгомжтой тайлбарлаж ч чадсангүй.
Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Чинзориг, Т.Доржханд нар тус сонсголыг дуусан дуустал идэвхтэй оролцсон гэдгийг хэлэхгүй өнгөрч болохгүй байх.
-Ер нь иргэдийн дунд ийм нээлттэй сонсгол явуулсан нь ямар ач холбогдолтой юм бэ. Үнэхээр нүүрсний хулгайн хэргийг илрүүлэхэд энэ сонсгол дэмжлэг болж чадах уу?
-Уул нь ерөнхий хяналтын сонсгол бол Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэх арга хэрэгслүүдийн нэг. Гэвч одоохондоо ач холбогдол багатай санагдсан. Миний хувьд, ийм том дүнтэй төр оролцсон хулгайг илрүүлэхэд УИХ-аас зохион байгуулж буй сонсгол жулдаж байсан.
-Нээлттэй сонсгол зохион байгуулснаар нүүрсний хулгайч нарыг шууд зарлах, илчлэх боломжийг бүрдүүлж чадсан болов уу?
-Огт үгүй гэж хэлье. Хууль хяналтынхан олон хүний асуултад “шалгаж байгаа хэргийн талаар ярих ёсгүй” гэдэг ганц үгээр ам таглаж байсан. Тиймээс би тэдэнд хоёр зөвлөгөө өгсөн. Нэгдүгээрт, “Эрх мэдэл, нууц хоёр сүлбэлдэж ард түмний өмч гэж энхрийлсэн төрийн өмч дээр сандайлсан учраас ийм хэрэг гарсан. Та нар хаа хамаагүй хоёр компанийн мөргөцгийн маргааныг шалгах шаардлагагүй, олон мянган жолооч нарыг шалгах шаардлагагүй. Тиймээс эрх мэдэл хэнд байсныг шалга, нууц гэрээ хэн үзэглэснийг шалга, төрийн өмч дээр хэн сандайлсныг шалга. Энэ хэргийн гол буруутныг сүүлийн зургаан жил хэт олонх болсон МАН-ын удирдлага дотроос хай” гэж хэлсэн.
Хоёрдугаарт, “Надад 2012 оноос хойш нүүрсний дэлхийн зах зээл дээрх ханшийн судалгаа байна. Эндээс харвал 2012-2016 онуудад 30 орчим ам.доллар болж унасан үед нууц гэрээ хийх битгий хэл нүүрс сонирхох бизнесмэн цөөрсөн. Харин 2021 оноос 300-400 ам.долларт хүрсэн үеийг онил. Энэ үед нууц гэрээнүүд хийгдсэн байх учиртай” гэж тодруулсан.
-Нүүрсний хулгайд холбогдолтой гэх 17 хүний нэрийг зарлаад байна.Эдгээрийг нэр хэр бодитой гэж харж байна?
-Би дээр хэлсэн, нүүрсний хулгайд холбогдолтой гэж зарласан 17 хүн дотор эрх мэдлээс хол хүн байна, нууц гэрээнд огт хамаагүй хүн байна, төрийн өмчит компаниудтай огт холбоогүй хүмүүс байна. МАН-ын үед гарч буй жигшүүрт хэрэг хил даваад одоо дэлхий нийтийн сонорт хүрчихлээ. Эх орноосоо хулгай хийх нь хамгийн шившигт явдал юм. Хэрэв МАН ЖДҮ хулгайч нартаа хариуцлага тооцож чадсан бол ийм хэрэг гарахгүй байв. Хэрэв МАН Хөгжлийн банкны хулгайч нартаа хариуцлага тооцож чадсан бол ийм хэрэг гарахгүй байлаа. Оффтейк гэрээнүүдийг бүгдийг нь ил болго. Оффтейк гэрээ гэдэг нь компанийн үйлдвэрлэж хараахан амжаагүй байгаа бүтээгдэхүүнийг урьдчилан борлуулах гэрээ юм. Үүний гол утга санаа нь хөнгөлөлттэй нөхцөлөөр урт хугацаанд найдвартай санхүүжилт татах замаар бизнесийн тогтвортой байдлыг хангахад л чиглэгддэг.
-Өмнө нь ийм төрлийн гэрээг хэн хэн, хэзээ хийж байсан талаар мэдээлэл бий юү?
-Бүр 2011 онд сонгуулийн амлалтаа биелүүлэх зорилгоор Сү.Батболдын Засгийн газар, ЗГХЭГ-ын дарга Чимэдийн Хүрэлбаатар нар ажиллаж байх үед “Эрдэнэс Таван толгой” ХК БНХАУ-ын “Чалко” компаниас “Дараа нүүрсээр төлж барагдуулах нөхцөлтэй”-гөөр 350 сая ам.долларын зээлийн урьдчилгаа төлбөр авч байсан. Мөн энэ үед анх 600 сая ам.долларын Евро бондыг босгож байсан түүхтэй.Монгол Улсын Засгийн газар 2008 оны улстөрчдийн амлалт сонгогч бүрд 1.5 сая төгрөг бэлнээр тараахын тулд “Эрдэнэс-Таван толгой”-н нэрээр 350 сая ам.доллар, “Оюу толгой”-н нэрээр 250 сая ам.доллар, “Эрдэнэт”-ээс 200 тэрбум төгрөг гээд нийтдээ нэг тэрбум ам.долларыг зээлж бэлэн мөнгө хэлбэрээр тарааж өнөөгийн эдийн засгийн хямрал, өрийн эх үүсвэрийг Монгол Улсын эдийн засаг нэн таатай үед тавьж байжээ.
-Энэ гэрээ яагаад ил болов?
-2022 оны есдүгээр сард ОУВС-гийн гаргасан тайланд маш тодорхой зарласан юм. Тэрхүү тайланд, “Төрийн өмчит компаниуд БНХАУ-ын зарим компанитай, ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан байна. Ингэснээр Монгол Улсад орж ирэх байсан экспортын орлого буурсан. Эдгээр нь дэд бүтцийн төслүүд бөгөөд гэрээ улсын нууцад хамаарах тул бид илүү дэлгэрэнгүй мэдээлэлгүй байна. Эндээс мөнгө орж ирнэ гэж хүлээх хэрэггүй болжээ. Мөн эдгээр дэд бүтцийн төслүүд импортыг өсгөнө. Олон нийтэд эдгээр төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлж, яг одоо хэрэгжүүлэх ямар шаардлага байгааг сайтар тайлбарлах шаардлагатай” гэсэн байсан.
-Оффтейк гэрээ байгуулснаар эдийн засагт учруулсан бодит хохирол юу байна?
-Нэгдүгээрт, дэлхийн зах зээлийн нүүрсний ханшаас хэд дахин бага үнээр гэрээ хийж, хэт өндөр үнээр бүтээн байгуулалт хийсэн. Хоёрдугаарт, бизнест шударга бус өрсөлдөөнийг төрийн нууцад оруулах замаар бий болгосон. Гуравдугаарт, дэлхий нийтэд ил болсноор манайхыг зорих гадаадын хөрөнгө оруулагчид үгүй болно. Түүнчлэн валютын ханш чангарч, өргөн хэрэглээний бараа, хүнсний үнэ өсөж иргэдийн амьдралд аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд туйлын сөргөөр нөлөөлөөд зогсохгүй гадаад өрийн дарамтыг улам их болгосон.Оффтейк гэрээний хохирол нэг хоёр биш арван жилээр яригдаж, ард иргэдийн амьдрал, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд асар их сөрөг нөлөө үзүүлнэ.
-Ер нь цаашид нүүрсний болоод бусад төрлийн хулгай гаргахгүй байхын тулд юу хийх ёстой вэ?
-Эрх мэдлийг улс төрийн аль нэг нэг хүчинд хэт ихээр бүү өг, хяналтгүй болдог юм. Төрийн нууцыг аж ахуйн нэгжүүдийн хооронд хийгддэг гэрээнд бүү тавь, завхрал гардаг юм. Төрийн өмчийг цүнх баригчдаар бүү удирдуул, улсын чинь эдийн засаг дампуурдаг юм. Тиймээс төрийн өмчит компаниудаа хараа хяналттай болго. Нийтэд нээлттэй болго. Хувьчил гэж хэлмээр байна.