Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Алтны экспорт 29 хувиар өсчээ DNN.mn

Монгол Улс энэ оны эхний есөн сарын байдлаар нийт 156 улстай гадаад худалдаа хийжээ. Гадаад худалдааны тэнцэл 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум ам.доллар буюу 89 хувийн ашигтай үзүүлэлт юм.

Гадаад худалдааны бараа эргэлт нийт 15.1 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 8.8 тэрбум ам.доллар, импорт 6.4 тэрбум ам.доллар байна. Нийт бараа эргэлт 31 хувиар өсөхөд экспорт 37 хувиар, импорт 24 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Нүүрсний экспорт 3 тэрбум ам.доллараар өссөн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гурав дахин өссөн үзүүлэлт юм. Харин алтны экспорт 131 сая ам.доллар буюу 29 хувиар өсчээ. Биет хэмжээний хувьд алтны экспорт өмнөх оны мөн үеэс 25.5 хувиар, нүүрсний экспорт 53 хувиар, зэсийн баяжмалын экспорт 7 хувиар нэмэгдсэн байна. Боловсруулаагүй газрын тосны экспорт 62 хувиар, төмрийн хүдрийн экспортын биет хэмжээ 46 хувиар буурчээ.

Categories
мэдээ нийгэм

Нислэгийн үеэр бие нь муудсан жирэмсэн эмэгтэйд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлжээ DNN.mn

Арваннэгдүгээр сарын 01-ний өдөр Станбул-Улаанбаатар чиглэлийн Туркийн агаарын хөлөгт зорчиж явсан жирэмсэн эмэгтэй нислэг эхэлснээс хоёр цагийн дараа цус алдаж, эмнэлгийн тусламж яаралтай хэрэгтэй болжээ.

Энэ үеэр тус онгоцонд зорчиж явсан “Амгалан” амаржих газар, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Л.Долгоржав, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн чих, хамар хоолой, сонсгол судлалын ахлах эмч Ч.Саруул, ХӨСҮТ-ийн Тархвар судлаач зөвлөх эмч М.Цолмон нар эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй шуурхай үзүүлж, шаардлагатай эмчилгээг хийснээр жирэмсэн эмэгтэйн биеийн байдал тогтворжиж, нислэг хэвийн үргэлжилсэн байна.

Түүнчлэн нислэгийн үеэр жирэмсэн эмэгтэйн биеийн байдлыг зургаан цагийн турш тасралтгүй хянаж, эрүүл мэндэд нь анхаарсан дээрх эмч нарт онгоцны багийн нисэх бүрэлдэхүүний зүгээс талархал илэрхийлж, ажлын амжилт хүсчээ.

Одоогоор уг жирэмсэн эмэгтэйн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сөүл хотын Итэвонд осолд өртсөн монгол иргэн: Хэт олон хүний бөөгнөрлөөс болоод л осол болсон DNN.mn

БНСУ-ын Сөүл хотын Юнсан дүүргийн Итэвон хороонд Халловины (Hallow­een) баяр тэмдэглэх үеэр хэт их хүний бөөгнөрөл үүсч, амьсгалах боломжгүй болтлоо нэгнийгээ шахаж, дарсан тул 155 хүн харамсалтайгаар амиа алдсан. Энэ талаар тухайн үед баярт оролцож явсан монгол иргэнээс дараах торуулгыг авсан юм.


-Тухайн үед юу болсон юм бэ?

-Хэт олон хүний бөөгнөрлөөс болоод л тухайн осол болсон. Тэнд зүгээр л баярлахаар ирсэн хүмүүс байсан. Сүнс гэхээсээ илүү цасангоо, хүн аалз, үлэг гүрвэл, авакадо, банана, Харри Поттер, PUBJ гээд гоё ганган багт наадмын хувцастай залуус их байсан даа.

-Та бас осолд өртөж даруулсан гэсэн, яаж гарсан юм бэ?

-Азтай байсандаа л баярлаж байна. Хүмүүс зогсоогоороо байгаа хэрнээ бүгд ухаангүй болчихсон. Миний хөл дээр хоёр, гурван хүн дараад уначихсан намайг татаж сугалаж гаргасан. Тэгээд сандарсандаа нэг зай руу шургаад ортол оочер дайрлаа гэсэн. Гайхаад асуутал хүмүүс клубт орох гээд оочерлож байсан юм билээ. Хажууд хүмүүс юу болсныг ч мэдээгүй баярласаар л байсан.

-Тухайн агшинд юу бодогдож байв?

– Хүн ер нь гудамжаар алхаж яваад ч үхэж болох юм байна, дараа гэж хойшлуулалгүй байгаа цаг хугацаандаа жаргалтай амьдраарай. Хүнд бурууг бүү санаарай, эцсийн мөчид чинь бурхан амьсгалах агаар бэлэглэдэг юм байна гэж л бодсон. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй байна. Ослын талаар ямар нэгэн мэдээлэл өгөхгүй байхыг анхааруулсан хэмээв.

Тухайн ослын талаар Солонгост ажиллаж амьдардаг хүмүүс ямар мэдээлэлтэй байгаа талаар Сөүл хотод сурдаг иргэн н.Энхжингээс тодруулахад “Харамсмаар үйл явдал болоод Солонгосын ард түмэн цочролд орцгоосон. Энд шинэ хууль дүрэм гараад тухайн хэргийн талаар хувь хүн дур мэдэн мэдээлэл өгөх, элдэв зураг хийх зэргийг хорьсон. Одоо мэдээлэл өгөх хүн ховор байх даа. Ямартаа ч энд хэрэг болохоос өмнө сануулга маягаар хэд хэдэн хүн хүмүүсийн хөдөлгөөн их байгааг сануулж цагдаагийн 112 утсанд мэдэгдсэн юм билээ л дээ. Цагдаагийн газраас өчигдөр (уржигдар) мэдээлэл хийж ард түмнээс уучлалт хүсэж байсан” гэв.


Тус хэргийн талаар Солонгос улсын Инчеон хотод ажиллаж амьдарч буй иргэн Мандахтай холбогдон дараах мэдээллийг авав.


-Итэвоны ослын талаар танд мэдээлэл бий юү?

-Улсаас нь тэр хэргийн талаарх зураг, дүрс бичлэгийг онлайнд гаргахгүй байх талаар арга хэмжээ авч байгаа.

-Гашуудлын хоногуудыг хэрхэн даван туулж байна вэ?

-Аравнэгдүгээр сарын 5-ны өдрийг хүртэл гашуудал зарласан байгаа. Мэдээж тийм олон хүн нэг дор амь насаа алдахаар маш харамсалтай. Солонгосын ард түмэн их гашуудаж байна.

-Улсаас нь ослын дараа ямар арга хэмжээ авч байгаа бол?

-Улсаас нь эмгэнэл илэрхийлж, ослын нөхөн олговор ар гэрт нь олгоно гэсэн. Мөн бэртэж гэмтсэн хүмүүст олон талт арга хэмжээ авч байж болох бүх хэлбэрээр тусламж үзүүлж байгаа тухай мэдээллүүд их явж байна.

-Осол гарах үеэр хүн хүч дутмаг байгаа талаар мэдээлэл яваад байсан. Одоо ямар байгаа бол?

-Дутмаг гэхээсээ илүү маш олон хүний бөөгнөрөл үүсч, дарагдсан байсан учраас тэр гудамж руу орох асуудал нь хүнд байсан. Тухайн үед яаралтай онц байдал зарлаж, ойрхон хотуудаас эмнэлгийн нэмэлт хүч ирсэн. Та өөрөө төсөөлөөд үз л дээ. Наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацчихсан байсан, тийм их хүн шүү дээ. Эмнэлгийн машин байтугай хүн ч орох боломжгүй байдалтай байсан.

-Гэмтэж бэртсэн хүмүүс ямар байгаа талаар мэдээлэл явж байгаа болов уу?

-Яг ямар байгааг нь сайн мэдэхгүй ч ямартаа ч эмчилгээ хийгдэж байгаа гэсэн.

-Ослын газраас их хэмжээний эд зүйлс олдож ар гэрийнхэнд нь таниулж байгаа гэсэн. Бодит тоон мэдээлэл нь явж байна уу?

-Бодит тоон мэдээллийн зураг нь яваад байсан. Танд явуулъя. Та биччихнэ биз дээ.

-Ослоос болж нас барсан хүний тоо одоо хэд болсон бэ?

-Нийт 155 хүн болсон байна лээ. Гадаадын хэд хэдэн улсын иргэд бас амь нас хохирсон юм билээ гэв.

Түүний өгсөн мэдээллээр ослын газраас нийт 1.5 тн хувцас, хувийн эд зүйлс бүхий 124 цүнх, 258 хувцас, 256 хос гутал, 66 ширхэг өрөөсөн гутал, 156 электрон хэрэгсэл олдсоныг ар гэрийнхэнд нь таниулж, хүлээлгэн өгөхөөр дэлгэн тавьжээ. Тус ослын улмаас 155 хүний амь нас хохирсон. Үүнд хэд хэдэн гадаадын иргэд буй. Нас барсан гадаад иргэдэд Солонгосын иргэдтэй ижил ар гэрт нь сэтгэл санааны хохиролд зориулан 20 сая вон болон оршуулгын зардалд 15 сая вон хүртэлх мөнгөн тусламж үзүүлэхээр болжээ. Мөн Солонгост очих ар гэрийнхнийг нь байрлах буудлын 70 мянган вон олгох бөгөөд онгоцны билетийг нь олгох талаар агаарын тээврийн компаниудтай хэлэлцэж байгаа ажээ.

Categories
мэдээ улс-төр

Энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд… DNN.mn

УИХ-ын Намрын чуулганы энэ долоо /2022.11.03-04/ хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

· Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2022.06.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

· Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022.10.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/

· Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлийг барагдуулах, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын өмнө гэрээгээр хүлээсэн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангах, гадаад эх үүсвэрүүд хугацаанаас өмнө дуудагдах эрсдэл, урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар

10.00

“Их хуралдай”

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна DNN.mn

Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.

2022 оны 11-р сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор 8-13 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 7-12 хэм, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0 хэм орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 4-6 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 2-4 хэм хүйтэн байна.


2022 оны 11 дүгээр сарын 04-нөөс 11 дүгээр сарын 08-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

7-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 4-нөөс бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 6-11 хэм, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж эхэллээ DNN.mn

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2022.11.02) хуралдаан 17 цаг 59 минутад эхэлж, таван асуудал хэлэлцлэ

Засгийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав.

Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан.

Тэрбээр, олон улсын байгууллагууд дэлхийн эдийн засгийн хүнд сорилт, нөхцөл байдал 2024 он хүртэл үргэлжилнэ хэмээн төсөөлж байгаа энэ цаг үед Монгол Улсын Засгийн газраас төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, гадаад валютын нөөцийг хамгаалахад чиглэсэн мөнгөний хатуу бодлого болон төсвийн хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхийг зорьж байгаагаа дурдсан.

Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжих төсвийн бодлого, арга хэмжээний үр дүнд эдийн засгийн өсөлт таван хувьд хүрч, инфляцыг жилийн эцэс гэхэд 10 хувиас ихгүй түвшинд хүргэх боломж бүрдэнэ. Коронавируст халдвар “КОВИД-19”-ийн хүндрэл эхэлснээс хойш 2020, 2021 онуудад бид үе шаттайгаар буурах байсан төсвийн алдагдлын тусгай шаардлагыг нэг удаа түдгэлзүүлж, хэрэгжих хугацааг ахин нэг жилээр хойшлуулсан. Үүний улмаас ирэх жилийн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний -3.6 хувь буюу 1.9 их наяд төгрөг байхаар байна. Харин Монгол Улсын Засгийн газрын 2023 оны төсвийн тохиргоо хийснээр төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -1.5 их наяд төгрөг буюу тусгай шаардлагын 2024 онд хүрэх байсан түвшин болох 2.8 хувийг нэг жилээр наашлуулан төсвийн төслийг боловсруулсан гэдгийг онцлов.

Дараа нь Монгол Улсын 2023 оны төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Үндэсний аудитын газар нь аудитын явцад цуглуулсан нотлох зүйлс, аудитын дүнд үндэслэн гаргасан дүгнэлтээс тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хэсгийг онцолсон.

Аудитын дүгнэлтэд Монгол Улсын 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 18,921.9 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 34.7 хувь, нийт зарлага 20,475.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.6 хувь, тэнцвэржүүлсэн тэнцэл 1,553.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -2.8 хувьтай тэнцэж байгаа нь төсвийн тусгай шаардлагыг хангаж байна. Төсвийн төсөлд “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан тодорхой зорилт, үйл ажиллагаанд санхүүжилт тусгасан хэдий ч төсвийн ерөнхийлөн захирагч нарын хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн үзүүлэлтийг хөгжлийн бодлогын баримт бичигт нийцүүлээгүй, үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн эсэхийг үнэлэх боломж хязгаарлагдмал байгааг дурдсан байлаа.

Мөн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаагүй, судалгаа, туршилт тохируулга хийгээгүй, цахилгаан автобусны хэрэглээ, цэнэглэлт, цэнэглэх цэгүүдийн байршлыг оновчтой тодорхойлох, газар чөлөөлөх зэрэг нь тодорхойгүй байгаагаас хэрэгжилтэд эрсдэл үүсэхээр байна. Улсын төсвийн санхүүжилтээр бэлтгэсэн зураг, төсөл, техник, эдийн засгийн үндэслэлийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлээгүйгээс хөрөнгийн зарцуулалт, үр дүнд хяналт хэрэгжүүлэх боломжгүй байгаа тул нэгдсэн хяналтыг бий болгох шаардлагатай байна хэмээн дүгнэлтэд дурдсаныг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулгадаа онцлов.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хороодоос ирүүлсэн санал, дүгнэлттэй танилцав.

Үргэлжлүүлэн Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нар тус тус танилцуулсан.

Улсын Их Хурлын даргын 151 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг 32 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр нийтдээ дөрвөн удаа хуралдсаныг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцлов.

Мөн Байнгын хороо, Ажлын хэсэгт албан бичгээр ирүүлсэн нийт саналуудаас төсөвт зохицуулалт хийх төсөл, арга хэмжээний нэр өөрчлөх, мөн төсвийн ерөнхийлөн захирагчтай зөвшилцөн салбарт зохицуулалт хийх саналууд болон зураг төсвийн магадлал хийгдсэн, ирэх жилүүдийн улсын төсөвт бага ачаалал үзүүлэх, төсөвт өртөг нэмэгдүүлэх саналуудыг Ажлын хэсгийн санал болгон дэмжсэн гэж байлаа.

Тэрбээр, Байнгын хороонд болон Ажлын хэсэгт албан бичгээр ирүүлсэн нийт саналуудаас төсөв нэмэгдүүлэх магадлал хийгдээгүй, төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал өөрчлөх болон бусад гишүүдийн тойрог, салбарын төсвөөс зохицуулалт хийж, хөрөнгө оруулалтын өөрчлөлт хийх саналуудыг Ажлын хэсгээс дэмжих шаардлагагүй гэж үзсэнийг тодотгосон.

Харин Байнгын хороо, Ажлын хэсэгт Улсын Их Хурлын зарим гишүүд, төрийн байгууллагуудаас албан бичгээр ирүүлсэн санал нэг бүрийг судалж үзээд, эдийн засаг, нийгмийн үр ашгийг харгалзан салбарын бодлоготой нь уялдуулан зайлшгүй тусгах шаардлагатай төсөл, арга хэмжээг төсвийн төсөлд эх үүсвэр олж тусгахаар санал бэлтгэсэн гэдгийг дурдсан.

Үүгээр Байнгын хорооны хуралдаан өндөрлөж, Монгол Улсын 2023 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг маргааш үргэлжлүүлэхээр боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

“Бухын юуг харж үнэг турж үхнэ” гэгчээр МАН-ын амласан сайдын албан тушаалаас болж АН нэгдэхгүй нь DNN.mn

Эрх баригч МАН-ын зүгээс УИХдахь АН-ын бүлэгт дөрвөн сайдын албан тушаал амласан гэж зүйл яригдаад удаж буй. Үүнд, Тэргүүн шадар сайд хэмээх албан тушаал нэмж С.Одонтуяаг, Боомт хариуцсан сайдаар Ш.Адьшааг, Эрүүл мэндийн сайдаар Ц.Тувааныг, Байгаль хот байгуулалтын сайдын албан тушаалыг Н.Ганибалд өгөхөөр амласан гэх. Гэвч эл томилгоо одоо хүртэл хийгдээгүй байна. Ер нь АН-ын бүлгээс эрх баригчдыг бүхий л тал дээр дэмжиж ирсэн учраас Засгийн газарт Шадар сайд, Боомтын сайд, хоёр яам авна гэсэн горьдлоготой байсан нь лавтай. Өнөөдрийг хүртэл Боомтын сайдаар ажиллах нэгэн тодроогүй байна. АН-д амласан дөрвөн сайдын албан тушаал АН-ынхныг улам бүр эвдрэлцүүлж хагаралдуулсан. Угтаа МАН-ын зүгээс тэдэнд АН-аа цул болгоод нэгдэж нийлүүлээд ороод ир гэсэн юм билээ. Тэд дотооддоо хөлөө жийлцэхээс сайдын суудлаа эв найрамдалтайгаар хуваарилж чадсангүй. АН-ынхан сайдын сургаар л хоорондоо суудлаа булаацалдаж зодолдож эхэлсэн. Эвлэлдэн нэгдэн нийлэх нь бүү хэл улам тарж унахдаа тулсан.

Ардчилсан намын бүлэг Үндсэн хуулийн хоёр удаагийн нэмэлт, өөрчлөлт, давхар дээлтэй сайдуудыг нэмэхээс эхлээд олон зүйл дээр МАН-ыг дэмжиж ирсэн. Ер нь МАНөөрт ашигтай акцуудыг хийхийн тулд УИХдахь АН-ын бүлгийн гишүүдийг ашигладаг болоод удаж байгаа. Тухайлбал, АН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон Ш.Адьшаа, Н.Ганибал нар “Засгийн газрын дөрвөөс илүүгүй сайд УИХ-ын гишүүнийг хавсран гүйцэтгэнэ” гэсэн Үндсэн хуулийн заалт нь Үндсэн хууль зөрчиж байна хэмээн Цэцэд гомдол гаргасан. Цэц Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгосноор Засгийн газрын бүх сайдууд УИХ-ын гишүүн байж болох нөхцөл бүрдсэн. Энэ бол эрх баригчид АН-ыг нэг акцдаа л ашигласан хэрэг. Мэдээж УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тал дээр АН-ын бүлгийн дэмжлэгийг ашиглах байх. Ер нь эрх баригчид дараа дараагийн удаа УИХдахь АН-ын бүлгийг акцууддаа хэрхэн ашиглахаа тодорхойлчихсон л суугаа. Эцсийн мөчид АНдотооддоо алалцаад “Бухын юуг харж үнэг турж үхнэ” гэдэг шиг л болж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зуслангийн бүс дэх гэр, орон сууцныхаа галын аюулгүй байдлыг бүрэн хангахыг анхааруулж байна DNN.mn

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Санзайн задгайд байшин татаж байгаа тухай дуудлага өчигдөр 18:37 цагт онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 10×12 метрийн хэмжээтэй хоёр давхар байшин шатаж байсныг хоёр цаг ажиллаж унтраасан байна.

Онцгой байдлын албанаас иргэдэд хандан зуслангийн бүс дэх гэр, орон сууцны галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулав.

зураг

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Хуульч Ч.Өнөржаргал: Х.Нямбаатар сайдын үйлдэл хөрөнгө оруулагчдад ээлтэй гэдгээ харуулах биш, хуулийн байгууллагууддаа халдсан явдал боллоо DNN.mn


Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон 57 хэргийг олон нийтэд танилцуулсан. Энэ талаар хуульч, өмгөөлөгч Ч.Өнөржаргалаас тодрууллаа.


-Хууль зүйн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон нэлээд олон хэргийг ил болголоо. Хууль зүйн талаас харвал энэ хэр зөв үйлдэл вэ?

-Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гомдол гаргах эрхийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдад гомдол, мэдээлэл гаргасан байх. Сайд тэр мэдээллийн хүрээндээ нийтэд мэдээлэл хийж байгаа харагдсан. Учир нь ямар ч прокурор, шүүгч Хууль зүйн сайдын өмнө хэргийн талаар мэдээлэл өгөх эрхгүй.

Хуульч хүний хувьд Х.Нямбаатар сайдын энэ үйлдэл шүүх, прокурорын байгууллагын хараат бус байдалд халдаж байгаа субьектив дүгнэлт гэж үзэж байна.Өөрөөр хэлбэл, хуулийн байгууллагын үйл ажиллагаанд чиглэсэн субьектив дүгнэлт, үйлдлүүд гаргасан нь хууль болон хуулийн байгууллагуудын үйл ажиллагаанд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулахад хүргэх аюултай. Гомдолд дурдсан шийдвэрүүдийг гаргасан холбогдох этгээдүүдэд хуулийн ямар нэг хариуцлага тогтоогдсон болон тогтоогдох эсэх нөхцөл байдал үүсээгүй байхад гадаадын хөрөнгө оруулагчдыг татах нэрээр хууль, шүүх эрх мэдлийн байгууллага, тэнд ажиллаж байгаа төрийн алба хаагч нарын үйл ажиллагааг дураар тайлбарлах эрхгүй.

Сайдын мэдэгдлийн дагуу хаасан хэргүүдийг дахин нээж шалгах асуудал гарч болохгүй. Хэрэв ингэвэл Х.Нямбаатар сайд хуулийн байгууллагуудын хараат бус, бие даасан байдалд халдаж байгаа асуудал болно. Хууль зүйн салбарын бодлогыг тодорхойлж байгаа хүний хувьд гомдолд дурдсан асуудал дахин үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хууль тогтоомжийн шинэчлэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон эрүүгийн хуульдаа тусгах ёстой юм. Ер нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас өмнө Монгол Улсад амьдарч байгаа хүн бүрд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлэн ажиллах хамгийн чухал байна.

-Хууль зүй, дотоод хэргийн сайд хэргүүдийг ингэж зарлаж болдог байсан бол өмнө нь яагаад ил болгож болоогүй юм бэ гэдэг асуудал үүснэ. Үүнийг та хэрхэн тайлбарлах вэ?

-Сайдад иргэд гомдол мэдээлэл гаргах тохиолдолд ажлын алба нь хуулийн зохих байгууллагад нь гомдлыг шилжүүлдэг. Зарим тохиолдолд хариу мэдэгдэхийг шаардаж болох юм. Ихэнхдээ гомдолд дурдсан асуудлыг түүгээрээ шийдвэрлэх талаар албан бичиг явуулдаг. Энэ удаагийнх шиг хэвлэлд хандаад байсан тохиолдлуудыг санахгүй юм.

Одоо Төсвийн тухай хуулийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн бариад байгаа. 2023 оны Төсвийн тухай хуулийн төсөл болон үзэл баримтлалд гадаадын хөрөнгө оруулагчдад таатай эрх зүйн орчныг бүрдүүлэх тухай заасан. Үүнтэй холбогдуулан гадаадын хөрөнгө оруулагчдад анхаарал тавьж байгаа байдлаа хуулийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх байдлаар хэрэгжүүлж болохгүй. Харин ч энэ байдал нь хөрөнгө оруулагчдыг татах гэхээсээ илүүтэй үргээх хандлагыг үүсгэх аюултай. Гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын таатай, тогтвортой орчинд татагдахаас хэн нэгний сэтгэл хөдлөлд автахгүй.

-Тэгвэл цаашид ямар процесс өрнөх вэ. Нэгэнт ийм асуудлууд байна гэдэг нь ил болчихож байна шүү дээ?

-Тухайн гомдолд дурдсан асуудал эрүүгийн гэмт хэргийн шинжтэй бол хуулиараа л шийдвэрлэгдэх ёстой. Шийдвэрлэж дууссан хэргүүдийн хувьд тухайн гомдлыг шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтан нь илтэд буруу, хууль бус шийдвэрийг бусдын нөлөөнд автаж, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж гаргасан нь тогтоогдвол шинэ илэрсэн нөхцөл байдлын дагуу сэргээн шалгах, шалгуулах нөхцөл байдал үүснэ.

Ер нь аливаа хууль, тогтоомжийн шинэчлэлийг оновчтой хийх, улстөрчдөөс хуулийн байгууллагын үйл ажиллагааг хараат бусаар ажиллах бүхий л механизмыг бүрэн хангасан нөхцөлд л гадаадын хөрөнгө оруулагчид орж ирнэ гэдгийг л хаа хаанаа бодмоор байна. Түүнээс хуулийн байгууллага, түүний алба хаагчдыг үе, үе нулимчихаар гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг авна гэсэн ойлголт өрөөсгөл юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ж.Дэлгэрсайхан: Валютын хомсдол үүсгэж ханшийг өсгөснөөр хүлээлтийг өөрчилж, долларжилт нэмэгдэж байгаа хэрэг DNN.mn

Санхүү эдийн засгийн их сургуулийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-Долларжилт хурдтай явагдаж байгаа нь ханш өсөхөд нөлөөлж байна гэх юм. Банкуудын харилцах хадгаламжийн 23 хувийг доллар бүрдүүлж ирсэн. Тэгвэл энэ нь 35 хувь болж, 600 сая ам.долларын шилжилт бий болсон. Энэ ямар шалтгаантай вэ. Цаашид нэмэгдээд явах уу?

-Долларжилт гэдэг нь тухайн орны эдийн засгийн харилцаанд долларын эзлэх хувь, нөлөөлөх нөлөөллийн тухай асуудал. Энэ нь ямар байх, цаашид хэрхэх нь тухайн улсын эдийн засгийн хүчин чадал, долларын урсгалын тэнцвэрээс шалтгаална. Эдийн засгийн хүчин чадал сайн байж, долларын орох урсгал нэмэгдэхийн хэрээр ханшийн өсөлт удааширч, цаашилбал тогтворжих нөхцөл бүрдэнэ. 2022 оныг хүртэл хоёр жил долларын ханш харьцангуй тогтвортой байсан. Энэ үед хэдийгээр эдийн засгийн томоохон эерэг үзүүлэлт байгаагүй ч ханшийн тогтвортой байдал нь долларын хадгаламж буурах, төгрөгийн хадгаламж нэмэгдэхэд нөлөөлсөн.

Өнөөгийн байдал яг түүний эсрэг болчихоод байна. Бидний хувьд гадаадын хөрөнгө оруулалт буурсан. Худалдааны тэнцлээс шалтгаалу орох урсгал буурч байна. Нөгөө талд гарах урсгал нэмэгдсэн. Валютын орох урсгал өмнөх хоёр дээр нэмэгдээд гадаад санхүүжилт, алт гэсэн цөөн эх үүсвэртэй. Харин гарах урсгал төр, хувийн хэвшлийн гэх байдлаар маш олон хэлбэртэй бөгөөд цаашид нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь оны эхний хагаст төлбөрийн тэнцлийн алдагдал 1.1 тэрбум ам.доллар болсноор батлагдаж байгаа хэрэг. Оны дүнгээр энэ хэмжээ хоёр тэрбум ам.доллар дөхөх таамаглалтай байна. Энэ нь валютын хомсдол үүсгэж ханшийг өсгөснөөр хүлээлтийг өөрчилж долларжилт нэмэгдэж байгаа хэрэг. Цаашид бид долларын орох урсгалыг нэмэгдүүлэх, гарах урсгалыг өдөөх, үр ашиггүй зардлуудыг танах байдлаар үүнийг зохицуулах шаардлагатай. Тэгэхгүй бол тэнцвэргүй нөхцөлд ханш өсөх нөхцөл хэвээр байсаар байна гэсэн үг. Энэ тал дээр Засгийн газрын зүгээс орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд ажлууд хийж байна гэж ойлгож байгаа.

-Тэгэхээр цаашид долларын хадгаламж өсөх нь ээ. Долларжилтыг яаж сааруулах вэ?

-Ханш уналт үргэлжилж байгаа, дээр нь инфляци өндөр байгаа нь төгрөгт итгэх итгэлийг бууруулах нөлөөтэй. Энэ нөхцөлд иргэд, аж ахуйн нэгжүүдэд ханшийн эрсдэлийг хэрхэн бууруулах, төгрөгийн үнэгүйдлээс хэрхэн хамгаалах вэ гэсэн асуудал тулгарч байгаа хэрэг. Үүний эсрэг хэрэгжүүлэх гол арга хэрэгслийн нэг нь доллараар тодорхой активтай байх сонголт болж байна. Нөгөө талд үл хөдлөх хөрөнгө, хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүнүүд байж болох боловч түүнд итгэх итгэл, хөрөнгө оруулалт хийх ойлголтын түвшин харилцан адилгүй тул хандах хандлага тийм өндөр биш байна. Ялангуяа бусад санхүүгийн хэрэгслүүдийн хувьд нийтээр хандах боломж бага. Иймд бид богино хугацаандаа долларын орох урсгалыг нэмэгдүүлэх шууд болон дам арга хэмжээг авах шаардлага гарцаагүй байна. Ингэж чадвал нийгэм дэх ханшид хандах хандлагыг өөрчлөх боломжтой. Ингэснээр долларжилтыг сааруулж чадна. Хэрвээ бид төлбөрийн тэнцэл, төсвийн өндөр алдагдалтай байгаад байвал энэ нь үргэлжлэх магадлалтай. Учир нь дээрх ханш, инфляцийн эрсдэлээс гадна бизнес, өрхүүдийн хувьд доллараас хамаарах хамаарал улам нэмэгдсэн нь бас нэг шалтгаан юм.

-Засгийн газраас долларын хашийг яавал барьж чадах вэ. Ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Долларын ханшийг хэн хэрхэн барих вэ гэсэн асуудал бий. Үүний эсрэг голлон тэмцэх субьект бол яах аргагүй Засгийн газар гэж хариулах нь зүйтэй байх. Бидний дээр дурдаад байгаа гадаадын хөрөнгө оруулалт, экспорт, гадаад санхүүжилтийг нэмэгдүүлэх нөхцөлийг хангахын тулд Засгийн газрын зүгээс богино хугацааны тактикийн шинжтэй, урт хугацаанд бодлогын зөв арга хэмжээг авах нь чухал. Ер нь бид ханшийн байнгын дарамтад байж түүнийгээ валютын нөөцөө ашиглах интервенц хийх замаар өнөөг хүртэл явж ирсний шалтгаан нь сүүлийн 30 жилд Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх, валютын урсгалыг нэмэгдүүлэх цогц, тогтвортой бодлого байхгүй байсан явдал. Иймд бид энэ алдаагаа дүгнэж, цаашид ийм нөхцөл байдлыг бууруулах талаар хүчтэй ажиллах хэрэгтэй. Үүний тулд богино хугацаанд төсвийн, хөрөнгө оруулалт, татварын зөв бодлого чухал. Урт хугацаандаа олон жил ярьсан экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох чиглэлд эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх нь чухал. Харамсалтай нь энэ тал дээр 1998 оноос эхэлж анхаарч эхэлсэн боловч шинжлэх ухаанч сайн бодлого байгаагүйн улмаас өнөөг хүртэл хэрэгжээгүйгээр барахгүй нөхцөл байдал улам дордож хэдхэн экспортын бүтээгдэхүүнээс валютын урсгал төдийгүй эдийн засгийн өсөлт хүчтэй хамааралтай болчихоод байж байна. Нэг жишээ дурдахад, 1998 онд Монгол Улсын экспортын 70 орчим хувь эрдсийн бүтээгдэхүүнээс хамааралтай болсон тухай, түүнийг бууруулж экспортыг төрөлжүүлэх талаар “бодлогын” түвшинд ярьж эхэлсэн байдаг боловч өнөөдөр эрдсийн бүтээгдэхүүн нь экспортын 90 орчим хувьтай тэнцүү болчихоод байгаа нь тун эмгэнэлтэй зүйл. Нөгөө талаар импортыг орлох асуудал ч орхигдсон нь өнөөдөр суурь салбар болох эрчим хүчний, хүнсний салбаруудаас тод харагдана. Тиймээс энэ шинэ сэргэлтийн гэж яригдаж байгаа бодлогын хүрээнд үүнийгээ илүү анхаарах шаардлагатай юм.

-Монголбанк бодлогын хүүгээ өсгөснөөр үр дүн байгаа юм уу. Зарим хүн үр дүн олохгүй гээд шүүмжлээд байх юм?

-Бодлогын хүү гэдэг нь аль ч улс орнуудын Төв банкны зорилгыг хэрэгжүүлэхэд ашигладаг үндсэн арга хэрэгслийн нэг. Мөн хамгийн хүчтэй арга хэрэгсэл. Миний ойлгож байгаагаар бол ийм. Тэгээд ч миний хувьд өнгөрсөн оны мөн үед бодлогын хүүд тохиргоо хийж, ирж буй эрсдэлийг саармагжуулах талаар өөрийн саналыг хэлж байсан. 2022 оны нэгдүгээр сараас Монголбанк бодлогын хүүгээ өсгөснөөр мөнгөний нийлүүлэлтийг хүчтэй хязгаарлаж чадсан. Есдүгээр сарын дүнгээр мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеийн түвшинд байна. Гэтэл 2021 оны мөн үед мөнгөний нийлүүлэлт 20 гаруй хувиар өссөн байсан. Энэ нь долларын ханшийн гэхээсээ илүү инфляцид чиглэсэн бодлогын арга хэрэгсэл. Цар тахлын дараа нийгмийн амьдрал хэвийн түвшин рүүгээ ойртож байгаа нь энэ оны хавраас мэдрэгдэж хэрэглээний үнэ, валютын ханшид дарамт болсон. Үүний эсрэг зорилтынхоо хүрээнд бол тодорхой нөлөө үзүүлсэн. Зарим хүний хэлж байгаа нь ямар шалтгаантайг мэдэхгүй юм. Гэхдээ ханш болон үнийн өсөлтийг яг ийм эдийн засгийн өвөрмөц, мөн сөрөг орчинд дан ганц бодлогын хүүгээр зохицуулах боломжгүй. Мөн энэ нь эерэг нөлөөллөөс гадна эдийн засгийн идэвх, өсөлтийг сааруулах сөрөг нөлөөтэй тул цаашид хэт бодлогын хүүг өсгөх нь зохимжгүй гэж би хувьдаа үзнэ.

-Цаашид ам.долларын ханш өсвөл сайн, муу ямар таамаг байна вэ?

-Яг өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын хувьд валютын ханшийн өсөлт нь олон талаасаа бидний хувьд сөрөг нөлөөтэй нь тодорхой. Иргэн, аж ахуйн нэгж, төр гээд хэнд ч энэ нь сайнаар нөлөөлөх нөлөөлөл бага. Валютын төлбөртэй бизнес, валютаар цалин хөлсөө авдаг иргэд гэсэн цөөнхийг эс тооцвол. Үүний шалтгаан нь нөгөө л бидний эдийн засгийн дорой байдал, үүнээс хамааралтай иргэдийн амьжиргаа, орлого бага, хэврэг байгаа байдал. Иймд бидний зүгээс ханш өсөх нь сайн гэсэн өнцгөөр харахаас илүү цаашид бага өсгөх, үүгээр дамжиж ирэх сөрөг нөлөөллийг бууруулахад анхаарах нь зүйтэй.

-Арилжааны банкуудыг долларын гүйлгээгээр луйвар хийж ашгаа нэмж байна гэсэн шүүмжлэл дуулдах боллоо. Банкны хамааралтай доллараа данснаасаа аваад өөр дансанд хийхдээ монгол төгрөгөөр худалдаж аваад хийчхдэг. Энэ мэтээр зөрүүнээс нь ашиг олж байна гэх юм. Ингэж ашгаа нэмж байх боломжтой юу. Энэ тал дээр та байр сууриа хуваалцаач. Ер нь арилжааны банкууд долларын ханшийн өсөлтөөс ашиг хийх цоорхой хэр их бол?

-Арилжааны банк өөрөө ашгийн төлөө байгууллага. Иймээс валютын арилжаа, ханштай холбоотой тухайн байгууллага дээр ашиг, алдагдал бий болох боломжтой. Валютын ханшийн өсөлт банкинд ч бас байнга эерэг нөлөөлөхгүй. Банкууд улирал бүр тайлан гаргаж байгаа. Энэ тайланд валюттай хамаарал бүхий ажил, үйлчилгээний мэдээлэл багтдаг. Өөрөөр хэлбэл, тухайн банк валютын арилжаа, холбоотой үйл ажиллагаанаас ямар хэмжээний ашиг бий болгосон, хэрхэн гэдэг нь харагдах боломжтой. Үүнийг Монголбанкны зүгээс хяналт тавьдаг тусдаа хуультай өвөрмөц салбар. Тиймээс банкууд болон хяналт тавьж буй эрх бүхий байгууллагууд үүнд хариулах ёстой.

-Банкууд харилцагчдадаа валютын данс нээхгүй байна гэж иргэд нэлээд бухимдаж байсан. Энэ нь гадаад төлбөр тооцоо хийх, иргэн аж ахуйн нэгжүүд, гадагшаа явах хүмүүст эрсдэлтэй биш үү?

-Өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой валютын харилцаанд үүсээд байгаа нөхцөл байдлыг зөвтгөх аргагүй. Бас бүр буруутгаад бүх зүйлийг хэвийн үеийн байдлаар шийднэ гэвэл үүсэх гарз нь илүү байх магадлалтай. Иймд би үүнд хувь хүн болгон өөрсдийн өнцгөөс хандаж байгаад хүндэтгэлтэй хандана. Бухимдаж байгааг ч ойлгоно. Яг иргэдийн валютын харилцах данс нээхгүй байгааг би хувьдаа мэдэхгүй байна. Ямартаа ч өмнө нээлгэсэн дансаар гүйлгээ хийж болоод байгаа. Харин энэ нөхцөл байдалд хийж байгаа энэхүү хязгаарлалтууд нь валютын захын өнөөгийн нөхцөлд нийцүүлэхийг хичээсэн, цаашид гарч болзошгүй том эрсдэлийг хаах үүднээс болов уу.